Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Шороон гахай жилийн шинэ цолтнууд”

Өнгөрсөн онд улс, аймаг, цэргийн цол шинээр хүртсэн бөхчүүдийн тухай өгүүлсэн “Шороон гахай жилийн шинэ цолтнууд” хэмээх ном энэ хавар уншигчдын хүртээл болсон юм. Бөх судлаач, үндэсний бөхийн улсын гарын даа Т.Түмэндэмбэрэлийн бие даан хэвлүүлсэн хоёр дахь ном нь энэ бөгөөд шинэ номоо цаашид жил бүр хэвлүүлэх ажээ. “Шороон гахай жилийн шинэ цолтнууд” номд өнгөрсөн жилийн төрийн баяр наадмын түрүү бөх Энхтөгсийн Оюунболдоос эхлээд баяр наадмын чимэг Баярсайханы Орхонбаяр начны тухай шинэ соргог мэдээлэл, үнэн баримт түүхүүд багтсан байна.

Улсын аварга Э.Оюунболдын 20 настайдаа улсын харцага цол хүртэж, үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд хол тасархай түрүүлж байсан зэрэг сонирхолтой баримтуудыг оруулжээ. Мөн 2015 онд анх удаа улсын наадамд түрүүлж, дархан аварга Ж.Мөнхбатын 22 насандаа улсын наадамд түрүүлсэн амжилтыг 52 жилийн дараа давтсан зэрэг сонирхолтой баримтуудыг хавсаргаж өгчээ.

Улсын начин Б.Орхонбаяр үндэсний бөхийн өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд ямар амжилттай барилдаж байсан зэрэг төдийлөн хүмүүсийн мэддэггүй баримтуудыг энэ бүтээлээс уншиж болно.

Түүнчлэн 21 аймаг, хотын статустай хоёр дүүрэг болон бүх цэргийн баяр наадамд шинэ цолд хүрсэн 100 гаруй бөхийн үүх түүх, барилдааны амжилт, гэрэл зураг, удам судрыг багтаажээ.

Уг номыг уншсанаар монгол бөхийн дэвжээнээ суу алдраа мандуулж, цолоо ахиулж, шинээр цол чимэг хүртсэн залуу хүчтэнүүдийн талаар сонирхолтой, баримттай мэдээллийг авч, мэдлэг нэмэх бүрэн боломжтой юм. Зохиогчийн хувьд уг номоо бөхийн хорхойтон уншигчдад хүргэхийн сацуу энэ номд багтсан, шинээр цол чимэг хүртсэн залуу хүчтэнүүдэд урам нэмэх, ойр тойрны хүмүүст нь итгэл өгөх, дэмжигчдэд нь бахдал төрүүлэхийг зорьжээ. Тиймийн тул тухайн бөхийн гол сайн чанар, онцлог шинжийг тулгуурлан бичсэн байна.

Мөн олны танил болж амжаагүй цаашид сайн барилдах өсөх ирээдүйтэй шилдэг залуу бөхчүүдийн барилдааны онцлог давуу тал, удам судар зэргийг энэхүү номноос уншиж мэдлэгээ арвижуулж болно.

Үндэсний бөхийн үнэн бодит баримтад тулгуурлаж бүтсэн энэ ном бөх судлаач, сонирхогч хэн бүхний ширээний ном болох нь дамжиггүй. Түүнчлэн баримтад тулгуурласан тус бүтээл үндэсний бөхийн үнэн бодит мэдээллийг хойч үед өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой юм.


Categories
мэдээ нийгэм

БНЭУ-аас 251 иргэн эх орондоо ирлээ

98086576_2393738894252372_1484901048995807232_n-6v58ex9ev73ozj34zk3aea1jycoxtcrx2645ibzhxkw-1.jpg

Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:58 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 251 иргэн ирсэн бөгөөд Лаос улсаас 10, Энэтхэгээс 6 иргэн, 6 лам багш, Лао хотоос 229 ламхай багтаж байгаа юм.

Иргэдийг ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэнтий”, “Оринтал” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана. Лам хүүхдүүдийн тусгаарлах байранд байх хугацааны зардлыг Хүүхэд хамгааллын сангаас гаргахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн билээ гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Сүү, цагаан идээгээ түлхүү хэрэглэцгээе

Монголчууд эрт дээр үеэс зун, намрын улиралд сүү цагаан идээг, өвөлдөө мах хэрэглэж ирсэн нь цаг агаарын нөхцөл, нутгийн онцлогт тохирсон зөв хооллолт байжээ. Харин сүүлийн жилүүдэд хүмүүс цагаан идээний хэрэглээгээ багасгасан нь ясны сийрэгжилт, шүд цооролт ихсэх шалтгаан болоод буй. Тиймээс байгалийн эм болсон органик бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалцгаая. Сүү цагаан идээ нь шим тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, биед хялбар шингэдэг. Ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Мөн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач тустай. Тэр дундаа тараг, айраг зэрэг исгэлэн бүтээгдэхүүн нь ялзруулагч нянгийн үйл ажиллагааг саатуулдаг тул эмчилгээ сувиллын зориулалтаар өргөн хэрэглэх нь бий. Тараг нь аминдэм, пептид, амин хүчил, глюкоз, лактулоз зэрэг биед тустай нэн хэрэгцээтэй олон төрлийн биологийн идэвхт бодисыг агуулдаг тул яс бэхжүүлэх, хоол шингээх, нойр хүргэхэд тустай. Нэг гэм нь цагаан идээ хэрэглэх үед өтгөн хатах талтай. Энэ нь монголчуудын хоол хүнсэнд магни бага агуулагддагтай нь холбоотой юм. Тиймээс үүнийг нөхөх зорилгоор зэрлэг жимс, сонгиныг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг байж. Өтгөн хатахгүй байх нэг шалтгаан шингэн ихээр уух. Гэхдээ уухад учир бий. Нэг дор ихээр биш, шимж уух хэрэгтэй. Түүнчлэн цагаан идээ нь уураг, өөх тосоор баялаг тул зуны улиралд махыг орлох боломжтой аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ цаг-үе

Дуут дохионы замбараагүй хэрэглээнд хяналт тогтооё

Улаанбаатар хотод хөрсний, агаарын бохирдол гээд асуудал бий. Үүн дээр нэмээд дуу чимээний бохирдол гэж нэг томоохон асуудал гарч ирсэн. Дуу чимээний бохирдол нь хүнийг маш ихээр ядраадаг, стресстүүлдэг нь нэгэнт батлагдчихсан зүйл. Хотын гудамжаар хөлхөх олон мянган машины хөдөлгүүрийн чимээ, дуут дохио зэрэг нь дуу чимээний бохирдлын багагүй хэсгийг эзэлдэг. Гэрлэн дохион дээр зогсож байгаа автомашинуудыг анзаарч байхад ер нь дийлэнх нь дуут дохиогоо заавал дуугаргаж байна. Зарим нь хүн цочихоор чанга сигнальтай. Гэрэл дохио дөнгөж солигдох агшинд урдах машиндаа анхааруулж байгаа нэрээр дуут дохиогоо арай л гэмээр дарна. Сигналиа орилуулах нь ихэнх жолооч нарт нэг төрлийн зуршил болчихсон бололтой юм. Эгнээ байр солих гээд дохиогоо өгчихөөд байхад бүүр хэргээр сигналиа байдгаар нь дарж орилуулдаг жолооч нар ч олон байна. Машиндаа суугаад сигналиа орилуулж байгаа жолоочид төдийлөн чанга сонсогддоггүй байж болох ч гудамжинд явж байгаа явган зорчигчид ямар чанга, хэцүү сонсогддог гэж бодно. Уг нь дуут дохиог тэгж чарлуулах хориотой. Гэсэн ч энэ хориг огт хэрэгждэггүй. Тиймээс ямар нэгэн онцлох шалтгаангүйгээр дуут дохио орилуулаад байдаг жолооч нартай олон юм ярихгүйгээр шууд эдийн засгийн байдлаар хариуцлага тооцох хэрэгтэй байна. Яагаад заавал дуут дохиог тэгж орилуулж байх ёстой гэж. Дуут дохио ослын нөхцөлд л анхааруулга болгож дуугаргах ёстой болохоос гэрэл дохион дээр, эгнээ байраа солиход, явган хүний гарцан дээр дураараа чарлуулдаг хэрэгсэл биш. Дуут дохионы замбараагүй хэрэглээг тодорхой хэмжээнд хязгаарлаж чадвал дуу чимээний бохирдол ч төдий хэрээр буурах нь маргаангүй.


Categories
мэдээ цаг-үе

Б.Хаш-Эрдэнэ: Тусгай сангуудад төвлөрсөн мөнгөнүүдийг зах зээл рүү гаргаж, бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй байна

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.


-Монголын бизнесийн орчны тухай ярихад яалт ч үгүй “Covid 19”-тэй холбогдож таарах нь. Нөхцөл байдал хүнд байгааг хэн бүхэн харж байна?

-Коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоосон эхний нэг, хоёр сард аж ахуйн нэгжүүд хүлээлтийн байдалтай байсан. Удахгүй нээгдчих байлгүй дээ гэсэн байдалтай. Ерөнхийдөө өөрсдийнхөө дотоод хүч, нөөц боломжоороо бизнесээ үргэлжлүүлээд ажилчдаа цалинжуулаад явж байсан. Гэтэл гурав, дөрөв дэх сараасаа үнэндээ компаниудын хувьд ойрын үед хэвийн болохгүй гэдгийг мэдэж, хүлээлтийн байдлаасаа гарч дараагийнхаа арга хэмжээнд орж эхэлж байна.

-Тэр нь ямар арга хэмжээ вэ?

-Өмнө нь ажилчдаа цөөлөх нь бага байсан бол одоо цөөлөх нь нэмэгдэж байна. Манай бизнес эрхлэгчид төдийгүй ихэнх аж ахуйн нэгжүүдийн орлого харьцангуй сайн олдог үе нь Цагаан сар, ноос ноолуурын үе, наадмын үеэр байдаг. Цагаан сарын үеэр бүх үйл ажиллагаа нь хоригдоод орлогоо олж чадаагүй. Ноос ноолуурын үеэр ноолуураа аваад үйл ажиллагаагаа явуулъя гэхээр дэлхийн зах зээл нь хаагдчихсан, худалдан авагч үгүй болчихсон. Тиймээс хэдэн тэрбумаар нь мөнгө гаргаад юмаа үйлдвэрлэх боломжгүй болсон. Энэ бол зүгээр нэг жишээ. Ингэж эргэлт, орлого багассан учраас ажилчдаа цөөлж эхэлж байна. Цаашид сайжирна, ойрын хугацаанд сайжирна гэсэн хүлээлтгүй болчихсон учраас ийм шийдвэрийг бизнес эрхлэгчид гаргахаас өөр аргагүй болж байгаа юм. Тэгэхгүй бол бизнесүүд дампуурах гэж байна.

Үүн дээр нь манай төр засгийн зүгээс аливаа шийдвэр гаргахдаа нэг тийм сюрприз барьж байгаа мэт байдлаар гаргаад байх юм. Манай танхимаас хэд хэдэн санал гаргаад хүлээж авахгүй болохоор хэвлэлийн бага хурал хүртэл хийсэн. ХАОАТ, нийгмийн даатгалыг суутгахыг болиулаач ээ, бизнес эрхлэгчдэдээ хөнгөлттэй зээл олгооч ээ, тэгэхгүй бол Монголын бизнес эрхлэгчид дампуурахад бэлэн байна гээд нэлээд олон санал гаргасан. Гэтэл гэнэтхэн маргааш Ерөнхий сайд гарч ирээд л “Нийгмийн даатгалын шимтгэл, ХАОАТ-ыг суутгахаа болилоо. 200 мянган төгрөг өгнө” гэж долоон арга хэмжээ авна гэж зарласан шүү дээ. Үүнийг сонсоод л маргаашнаас бүгд дахиад хүлээлтийн байдалд орчихсон. Гэтэл Засгийн газар тэр зарласан арга хэмжээгээ яаж шийдэх, яаж хэрэгжүүлэх, ямар ч дүрэм журмаа гаргаагүйгээс болоод тэр 200 мянган төгрөгийн асуудал долоо хоногийн өмнөөс л шийдэгдэж эхэлж байна шүү дээ. Гэхчлэнгээр урьдчилж судалгаа тооцоогоо хийгээгүй, гэнэтхэн санаанд оромгүй бэлэг барьж байгаа юм шиг зарласнаас болоод ард иргэд, бизнес эрхлэгчдийн хооронд үл ойлголцлыг бий болгож байна. Хамгийн эхэлж “Зээлийг чинь царцаалаа, зээлээ төлөхгүй байж болно оо” гэж мэдэгдсэн. Тэр дагуу ард иргэд банкин дээр очоод зээлээ зогсоолгох гэтэл банк нь өөдөөс нь “Ямар ч дүрэм журам, бодлогын бичгүүдээ хүлээж аваагүй байна” гэж тайлбар хэлж буцааснаас бөөн сенсаци болсон. Ийм учраас төрөөс хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээгээ цогцоор нь гаргаад, урьдчилан тодорхойлж, бэлтгэлтэйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Улаанбаатар хотын захиргаанаас шийдвэр гаргаж баар, караокег нээчихээд хоёр хоногийн дараа хаасан. Баар, караокег ихэвчлэн жижиг аж ахуйн нэгжүүд ажиллуулдаг. Бид сая судалгаа хийж үзсэн. Зөвхөн тэр хоёр хоногт баар, караоке нэгээд хаахад нэг аж ахуйн нэгж дунджаар 15-20 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ мэтээр бидний судалгаагаар янз бүрийн л юм гарч ирж байна даа.

-Монголын бизнес эрхлэгчид маань төр засгаасаа ямар шийдвэр хүлээдэг?

-Дэмжихээсээ илүү юмаа илүү тодорхой байлгаж байгаач ээ. Мэдээллээ ил тод байлгаач ээ гэж байна. Тодорхой дүрэм, журам гаргангуутаа “Нээхээр боллоо, хаахаар боллоо” гэдгээ сошиалаар мэдэгдчихдэг. Бизнес эрхлэгчдэд ямар ч урьдчилгаа заавар, зөвлөмж өгөхгүйгээр гэнэт шийдвэрээ зарладаг. Өөрөөр хэлбэл, манай төрийн бодлого, гаргаж буй шийдвэрүүд дандаа сошиалаар яваад байна. Энэ чинь албан бус. Албан бус энэ байдлаас болоод үл ойлголцол хаа хаанаа их үүсч байна. Зургаа, долдугаар сар, энэ оны эцэст эдийн засгийн байдал нэг иймэрхүү болох нь байна шүү, бид ийм ийм цогц арга хэмжээ авах гэж байгаа шүү, үүнийгээ ийм ийм шат дараалалтайгаар хэрэгжүүлэх юм шүү гэж урьдчилж хэлэхгүй болохоор бизнес эрхлэгчид маань сайд дарга нарын сюрпризэд тааруулж үйл ажиллагаагаа явуулах гэж маш их алдагдалд орж байна.

Энэ олон хүнд суртал, шат дамжлагаа багасгаад мэдээллүүдээ ил тод байлгаж байгаач ээ. Бид урьдчилж юмаа мэдэж, тэрэндээ бэлдэж баймаар байна гэдэг хүсэлтийг бизнес эрхлэгчид гаргаж байгаа. Хоёрдугаарт, хөнгөлөлттэй зээл олгооч ээ гэж байгаа. Түүнээс биш үнэгүй юм, зүгээр мөнгө өг гээгүй. Хөнгөлөлттэй зээл олгооч ээ. Бид ажилчдынхаа цалинг тавихад хэцүү болж байна. Түүхий эд материалаа татахад хэцүү болж байна. Борлуулалтын орлого, эргэлт багассан учраас. Тиймээс хөнгөлөлттэй зээл л олгоочээ гэдэг асуудлыг бизнес эрхлэгчид ихээр тавьж байгаа.

-“Covid-19” халдвар гарахаас өмнө жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид “Төрийн хамгийн том тус бол бидний ажилд оролцохгүй байх явдал” гэж ярьж байсан. Бизнесийн салбарт төр оролцохоороо л болохоо байдаг гэдэг юм билээ?

-2020 оны эхээр, энэ халдвар дэгдэхээс өмнө Монголын бизнес эрхлэгчид ирээдүйгээ, цаашдын зорилгоо өөдрөгөөр харж байсан. Одоо харин өөдрөгөөр харах боломжгүй болчихоод байна. Яах нь тодорхойгүй, төрийнхөн маань ч, бизнесийнхэн маань ч энэ их эрсдэл яахыг мэдэхгүй байгаа учраас, мөн дээрээс нь нөхцөл байдал өдөр болгон өөрчлөгдөж байгаа болохоор хүлээлт дунд яах бол гэсэн байдалтай л байна.

-Монголын бизнесийн салбар эргэж хөл дээрээ босоход гурван жил шаардагдана гэж байгаа. Бизнес эрхлэгчдийн ойр ирээдүйн төлөв ямар байх бол?

-Ямар ч байсан ийм хүнд нөхцөлийг удаан туулчихсан, цаашаа яах нь мэдэгдэхгүй байгаа учраас дараа жилийн өдий хүртэл хүнд хэвээрээ л явах байх. Тиймээс энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг улам хүндрүүлэхгүйн тулд урьдчилсан арга хэмжээнүүдийг авах шаардлагатай.

Төр засаг нь хөнгөлөлттэй зээл гаргаж өгч чаддаггүй юм бол бонд гаргахыг нь зөвшөөрөх хэрэгтэй. Хувьцаа гаргахыг нь зөвшөөрөх хэрэгтэй. Санхүүгийн бусад эх үүсвэрүүдээс санхүүжилт хайж олох, тэрнийг авахад нь туслалцаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Мөн төр засагт олон тусгай сан бий. Тэр сангуудад маш их хэмжээний мөнгө төвлөрчихсөн байж байдаг. Тэр төвлөрсөн мөнгөнүүдийг зах зээл рүү гаргах хэрэгтэй. Жишээ нь, Тэтгэврийн сан, Нийгмийн даатгалын сан дээр төвлөрсөн мөнгөнүүдийг хөрөнгийн зах зээл дээр гаргадаг ч юм уу, хувьцаа хулдаж авдаг ч юм уу, шинээр бонд гаргаж өөрийгөө санхүүжүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүдийн бондыг худалдаж авдаг ч юм уу, ямар ч байсан мөнгөжүүлэх арга хэмжээ яаралтай авах шаардлагатай.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: 326 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй

Д.Нямхүү: Шинээр таван тохиолдол нэмэгдэж, батлагдсан тохиолдол ...

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “VI сарын 12-нд дөрвөн лабораторид нийт 326 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 95 хүн байгаа. Эмчилгээнд байгаа 102 хүний биеийн байдлыг үнэлбэл 91 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар 146 хүн ХӨСҮТ-д тандалт, эмчилгээнд байна. Энэтхэгээс ирсэн шашины сургуулийн суралцагч ламхай нар болон Лаос улсаас замаас нь суусан 10 иргэний шинжилгээний сорьцыг цуглуулах ажил эхлээд, үргэлжилж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Ажиглалтад 535 хүн шинээр орсон бол 157 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжлээ

Д.Нарангэрэл: Гадны оронд манай улсын 30 хүн халдвар авч, 13 нь ...

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Дэлхий дахинд 7,727, 000 хүн өвчилж, 427,000 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагт өвчлөл 11 мянгаар нэмэгдсэн ч нас баралт буурсан үзүүлэлттэй байна. Улс орнууд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн бэлэн байдлаа хангах мөн халдварын хоёр дахь давалгаанаас сэргийлэх шаардлагатайг ДЭМБ-аас анхаарууллаа.

ОХУ-д өвчлөлийн хурд тархац эрчимтэй хэвээр байна. Өнөө өглөө БНЭУ-аас өнөө өглөө тусгай онгоц ирсэн. ЗӨСҮТ-ийн баг онгоц, зорчигчдын ачаа, автобусанд эцсийн халдваргүйжүүлэлт хийгээд байна. Ажиглалтад 535 хүн шинээр орсон бол 157 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжлээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-12-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Гарсан төлийн 95.9 хувь буюу 21.7 сая төл бойжиж байна

Төл бойжилт 99.7 хувьтай байна

Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний таван сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулав. Улсын хэмжээнд 2019 оны эцэст төллөх насны нийт 31 сая хээлтэгч мал тоолжээ. Хээлтэгч малын 22.6 сая буюу 72.9 хувь нь энэ оны эхний таван сард төллөсөн байна. Эм хонины 78.4 хувь, эм ямааны 71.6 хувь, үнээний 60 хувь, гүүний 48.8 хувь, ингэний 43.6 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 95.9 хувь буюу 21.7 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 159.1 мянгаар буурсан аж. Том малын зүй бус хорогдол энэ оны эхний таван сард 1.2 сая болж, өмнөх оны мөн үеэс 590 мянгаар нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Нийслэл хотыг хөгжлийн дараагийн шатанд гаргах бодлогын баримт бичгийг Засгийн газраар батлууллаа

Энэ сард ипотекийн зээлд 48 тэрбум төгрөг зарцуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” үзэл баримтлал, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг болон авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны төлөвлөгөө, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түрээсийн орон сууцанд орж буй иргэдэд тавьдаг байсан шаардлагуудыг хөнгөвчилжээ. Ингэснээр иргэдэд түрээсийн орон сууцтай болох таатай боломж нэмэгдэж байна.

Төрөлжсөн хөгжилтэй хотуудыг бий болгоно

УИХ Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичигт “Улаанбаатар ба дагуул хот”-ын асуудлыг тусгахдаа Х.О.Т буюу Хүн төвтэй хотын бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил, Сайн засаглал, Дагуул хот бодлогыг баримталжээ.

Ирэх жилүүдэд Налайх, Багануур, Багахангай, Гачуурт, Хонхор, Майдар, Аэросити зэрэг хотуудыг бий болгох байдлаар төрөлжсөн хөгжилтэй хотуудыг хөгжүүлнэ. Харин Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор соёл, боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий хотын төв, дэд төв, төрөлжсөн төв, олон нийтийн төвүүдийг шинээр байгуулж олон төвт хотын тогтолцоог бүрдүүлэх аж. Орон сууцны бодлогын тухайд гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцны хороолол, тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлж, орон сууцны хангамжийг төвлөрсөн шугам сүлжээнд 70 хувь, инженерийн бие даасан эх үүсвэрт 30 хувийг холбон хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэл хотын хувьд хамгийн чухал асуудал болох нийтийн тээврийг хөгжүүлэх асуудлыг ч үүнд тусгасан. Олон төрөлт ухаалаг тээврийн сүлжээг бий болгож, тусгай замын автобус, агаарын дүүжин тээвэр, цахилгаан соронзон тээвэр, газар доорх тээвэр зэргээр төрөлжүүлэн хөгжүүлнэ.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх баримт бичгийг Засгийн газраар батлууллаа

Нийслэлийг төрөлжсөн эдийн засаг, дагуул хот, дэд төвүүдтэй, хүн амьдрахад таатай орчин бүхий хот болгон хөгжүүлэх урт хугацааны үзэл баримтлалыг Засгийн газраар батлууллаа. Энэхүү баримт бичгийг Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх бодлоготой уялдуулан боловсруулсан юм. 2013 онд боловсруулсан нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхэд 29.6 хувьтай гарчээ. Биелэлтэд улс төр, эдийн засгийн гээд олон хүчин зүйл нөлөөлсөн хэдий ч цаашид энэ алдааг давтахгүй байх үүднээс нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх баримт бичгийг боловсруулан ажиллажээ. 2040 оны төсөөллөөр нийслэлийн хүн амыг 2.2 сая байх аж. Шинээр 495 мянган орон сууц ашиглалтад орж, нэг сая 50 мянган ажлын байр бий болно гэсэн төсөөллийг гаргасан байна. Энэхүү төсөөллийн дагуу амьдрах таатай орчноор хүрээлэгдсэн, өндөр боловсрол, идэвхтэй амьдралын хэв маягтай, улсын ирээдүйн цөм болсон иргэнийг хөгжүүлэх юм. Байгаль орчны чиглэлээр экологийн коридорыг бий болгох бөгөөд Улаанбаатар хотын суурьшлын хилийг дагуулан 50 метр өргөнтэй суурьшлыг хязгаарлах ногоон бүсийг байгуулна. Мөн одоогийн байгалийн унаган төрхөөрөө байгаа газруудад болон төлөвлөлтийн дэд төвүүдэд цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулах аж.

Улаанбаатарыг 2040 он хүртэл хөгжүүлэх энэхүү баримт бичигт инженерийн хангамж, зам тээврийн сүлжээ, орон зайн төлөвлөлт зэргийг тусгаж өгчээ.

Орон сууцны санг бүрдүүлж эхэллээ

Нийслэл хот иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг боловсруулсан. Орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхдээ үнэт цаас гаргаж, түрээслээд өмчлөх хэлбэрээр зах зээлд бэлэн байгаа орон сууцыг худалдан авах замаар иргэдээ орон сууцжуулж, нөгөө талаар аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна. Нийслэлд 5301 айлын орон сууц бэлэн байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, иргэдээ орон сууцжуулах боломж бүрэн байна. Одоогийн байдлаар орон сууцны сангаа бүрдүүлж байгаа аж. Орон сууцны сан бүрдүүлэлтэд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулах байдлаар зохион байгуулах юм байна.

Засгийн газар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Өмнө нь иргэн орон сууцаа тав хүртэлх жилийн дотор түрээслээд энэ хугацаандаа үлдсэн төлбөрөө гүйцээн төлж өмчлөлдөө авдаг байсан бол хугацааг 15 хүртэлх жил болгон сунгажээ. Мөн өмнө нь зөвхөн улс, орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнаас сонголт хийх болзол тавьдаг байсан. Харин одоо гадаад, дотоодын зээл, тусламж болон хувийн аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр барьсан 100 хувь ашиглалтад орсон байрнуудаас сонгох өргөн сонголтыг боломж бүрджээ. Түүнчлэн 30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг байсныг цуцалж, урьдчилгаагүй шууд орон сууцандаа орох зохицуулалтыг хийжээ. Ингэснээр иргэдийг орон сууцжуулах, аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих боломж бүрдэж байна.

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө болон иргэдийг орон сууцжуулах бодлого төлөвлөлтийн талаар мэдээлсэн юм. Өнөөдрийн байдлаар авто замын сүлжээний нягтрал 2.1 км байгаа бол 2030 он гэхэд 3.6 км байхаар төлөвлөжээ. Хүн амын нягтралтай уялдуулан авто замын сүлжээний ирэх жилүүдийн төлөвлөгөөг гаргасан байна. Авто замын сүлжээний төлөвлөгөөнд Улаанбаатар хотод энэ онд 52 км дугуйн замыг барих ажлыг эхлүүлээд байгаа юм.