Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдал

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар цахимаар мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Бизнес эрхлэгчдийн нэгдлээс цар тахлын үед бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэлийн талаар мэдээлнэ.

12:00 цагт Төрийн ордонд УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.30 цагт Нийслэлийн цагдаагийн удирдах газарт ТЕГ, ЦЕГ-аас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны талаар мэдээлнэ.

14.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно. Утас: 99122141, 96664674, 99047909

Categories
мэдээ цаг-үе

Өдрийн сонины комикс ингэж өгүүлжээ

КОМИКС: ТӨРИЙН ХАМГААЛАЛТ


Categories
мэдээ цаг-үе

А.Миеэгомбо: “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгээс илүү үзэлттэй байгаа

Кино найруулагч, зохиолч, “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн хөтлөгч А.Миеэгомботой ярилцлаа.


-Арван жилдээ их ноомой хүүхэд байсан гэж ярьсан байсан. Ер нь яаж яваад СУИС-ийн жүжигчний ангид орчихов?

-Тийм шүү арван жилдээ дуугай, ном уншдаг, хажуугаар нь маш их кино үздэг хүүхэд байсан. Уншсан ном, киногоо найзууддаа ярьж өгнө. Ангийнхан намайг үзсэн киногоо өнгөтөөр ярьж өгдөг гээд л шавчихна. Энэ нь сүүлд телевизэд ороход их дөхөм болсон шүү. Арван жилийнхнээс урлагаар явсан нь Дуучин Quiza, “Содура” киноны найруулагч Б.Жаргалсайхан байна. Арван жилээ төгсөөд Б.Жаргалсайхан бид хоёрыг СИУС-ийн жүжигчний ангид орно гэхэд манай ангийнхан бүгдээрээ их гайхаж байсан.

-Яагаад тэр вэ?

-Манай найз Жагаа угаасаа их хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд. Харин би бол олон нийтийн ажилд их оролцдог мөртлөө нээлттэй биш, бүрэгдүү хүн. Намайг жүжигчин болно гэхэд хүмүүсийн нүд нь орой дээрээ гарсан гэж байгаа. Нийгэм даяараа жүжигчин хүн нүүрэмгий, хөдөлгөөнтэй байдаг гэсэн ойлголттой. Гэхдээ миний орсон зорилго бол найруулагч болох. Тухайн үед найруулагчийн анги хоёр жилийн өмнө авчихсан, одоо хоёр жилийн дараа элсэлт авна гэдэг байгаа. Эсвэл жүжигчний ангид ороод яваандаа найруулагчийн мэргэжлээр давхар сураад төгсөх боломжтой юм билээ. Ингээд СУИС-д ороод яваандаа “нүүр хагарсан” юм шиг байгаа юм.

-2011 онд “Сайн, муу, хэрцгий 1” киногоо найруулж олны хүртээл болгосон. Түүнээс хойш олон ч уран бүтээл гаргалаа. Ер нь кинонуудынхаа талаар тэр болгон ярилцлага өгөөд байдаггүй юм байна лээ?

-Тийм шүү. Ер нь ярилцлага өгч байгаагүй. Миний зохиол бичсэн кинонууд бол 100 хувь гэж бодоход 70 хувь нь хит болдог. Үүнийг бардам хэлнэ. Их сайн продюсер, найруулагчидтай ажилласан нь амжилт гаргахад нөлөөлсөн болов уу.

-Таны найруулсан кино, бичсэн зохиолууд ихэвчлэн адал явдалт, гэмт хэргийн драм байдаг. Энэ жанраа өөрчилье гэсэн бодол бий юү?

-Найруулсан кино, зохиол бүхэнд минь миний онцлог бий. Мэдээж адал явдалт, мт хэргийн төрөл жанрт би дуртай. Жишээлбэл, “Сайн муу хэрцгий 1, 2” кинонд эргэлтийн цэг олон бий. Үзүүштэй. Миний сүүлд хийсэн “Тэрбумын хэрэг” кино ч мөн улс төрийн агуулгатай мөртлөө гэмт хэргийн драм. Одоогоор гэмт хэргийн драмаар кино хийдэг найруулагчид цөөхөн байна. Жилдээ 32 кино гарлаа гэхэд нэгээс хоёр нь л энэ чиглэлийн кино гэсэн үг. Харин одоо бол сонирхол өөрчлөгдөж байна. Илүү тулхтай, даацтай бүтээл хийнэ гэсэн бодолтой байна. Даацтай гэхээр хүмүүс түүхэн кино гэж ойлгоод байдаг. Үгүй. Бидний хэлдгээр фестивалийн чанартай бүтээл. Нөгөөтэйгүүр монгол уламжлалын талаар кинонууд хийх юмсан гэсэн мөрөөдөл байна. Энэ мөрөөдлөө ажил хэрэг болгох гээд хоёр ч зохиол эхлүүлчихсэн явж байгаа.

-Ямархуу зохиол бол. Сонирхуулж болох уу?

-Хоёр том төсөл бий. Гэхдээ эхлээгүй, дөнгөж бэлтгэл шатандаа явж байгаа учраас хамаагүй зарлаад хэрэггүй байх. Энэ хоёр кино гарах юм бол нийгэмд нэлээн дуулиан, шуугиан үүсгэнэ. Хүмүүсийг бараг шоконд оруулж ч магадгүй./ инээв / Шуугиан үүсгэнэ гэхээр гэмт хэргийн төрлийн кино болов уу гэж бодох байх. Үгүй. Ер нь гэмт хэргийн шинжтэй кино хийж олны хүртээл болгоно гэдэг амар ажил биш л дээ.

-Гэмт хэргийн шинжтэй гэснээс та саяхан нээлтээ хийсэн “Зура” киноны талаар фэйсбүүктээ шүүмж оруулсан байсан?

-Нэгдүгээрт, манай нийгэм хүмүүсийг далдаар тагнадаг, чагнадаг. Ялангуяа цагдаа хүчнийхэн, төрийн тусгай чиг үүргийн ажлыг хувийн ажил мэтээр хийдэг. Үүнийг нэлээн даацтай хөндөж гаргаж ирсэн бүтээл болсон байна лээ. Хоёрдугаарт жүжигчдийн багийг сайн бүрдүүлсэн. Гурван үеийн төлөөллүүдийг маш сайн хослуулсан. Нэг том шүүмжлэл нь сэтгүүлчийн дүрд тоглосон С.Идэрмаагийн дүр. Тэр дүр үнэн бодит баримтыг гаргаж, шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлчийн дүрийг гаргаж байна гэж ойлгосон. Гэхдээ С.Идэрмаагийн дүр кинондоо жаахан жулдсан. Жүжигчний хувьд ч залуудсан. Магадгүй энэ дүр дээр Б.Одончимэг тоглосон бол нэлээн даацтай хүрэх байсан байх. Мөн жүжигчний дүрийн судалгаа эрэл, хайгуул тал дээр жаахан дутуу ажилласан юм уу гэж харагдсан. Харин найруулга дээр маш сайн анхаарч ажилласан байна лээ. Зохиол дээр ганц хоёр газар үсрэлттэй. Дүрүүдийн зорилго жаахан дутуу гаргасан. Ялангуяа манай Можухын тоглодог мөрдөгч Алтанцоожийн дүр байна. Тэр дүр өнөөгийн нийгэмд байгаа цагдаа нарын дүрээс арай жаахан дутуудчихав уу даа. Захын нэг цагдаатай уулзахад тийм аймхай байдаггүй. Үүнийг илүү уртай хийх байсан байна л гэж бодсон. Зовлон байгаа мөртлөө зовлонгоо нууж тоглож болно. Багш маань “Хааны дүрд хаан өөрөө тоглодоггүй. Харцууд нь тоглодог” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, би хаан байна гэж орилдоггүй. Тэгэхээр дүрээ нуугаад дараа нь зангилаагаар тайлагдсан бол их уртай байсан болов уу гэж бодсон. Гэхдээ манай залуучууд “Зура” киног маш сайн хийсэн. Би хэтэрхий мэргэжлийн талаас нь буюу хэрвээ би хийсэн бол гэсэн өнцгөөс хандаад байна л даа./инээв/

-Олон ч телевизийн киноны албанд ажиллаж байсан. Энэ туршлагууд тань кино зохиол бичих, найруулахад дөхөм болсон болов уу?

-Дуу оруулалт бол миний хамгийн анхны ажил л даа. 2001 он буюу гуравдугаар курсдээ МҮОНРТ-д шалгуулахаар найзтайгаа очсон. Тухайн үед Д.Батцэцэг багштайгаа учирсан. Ингээд шалгуулахад “үгүй ээ, яахав дээ, болвол болох л юм гэхдээ та хоёр цалингүй хагас жил дагалдангаар явж чадах юм уу” гэсэн. Чадна гэж хэлээд зуны гурван сар ажилласан. Ус, цай, кофендоо гүйнэ. Ний нуугүй хэлэхэд заримдаа томчуудын ганц шил архинд ч гүйнэ. Энэ мэт дурсамж их бий. Дөрөвдүгээр курсдээ ороод гэрээт ажилтан болсон доо. МҮОНРТ бол буянтай сайхан газар. Гурван үеийнхэн цуг ажилладаг байсан учраас маш их ч зүйл сурсан.

-2017 оноос 2019 оны хооронд “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийг хөтөлсөн шүү дээ?

-2017 онд NTV телевизээс Канадын франчайз контентэд хөтлөгчөөр ажиллах санал тавьсан. Журам нь бол Канадаас хөтлөгчөө сонгон шалгаруулдаг гэнэ. Энэ дагуу шалгаруулалтад оролцсон. Тэгсэн би шалгарсан. Франчайз шоу гэхээр “Авяаслаг монголчууд”, “The Voice of Mongolia”,”Яг түүн шиг” гээд байна шүү дээ. Эдгээр шоунууд цаанаасаа “библи” буюу номлол заавар маягийн маш их дүрэмтэй ирдэг. Ингээд ажиллаад эхний хоёр гурван дугаар бичсэн их боломжийн. Гарч эхлээд л шууд хүмүүсийн анхаарлын төвд орсон.

– Хүмүүс сандарч ядаж байхад та бяцхан садаа болоод байдаг шүү дээ. Тэгж садаа болох нь дүрэм үү?

-Бас яг ёстой биш. Хүмүүсийн сандраад гүйж байгааг харж байгаад яг эгзэгтэй үеийг нь тааруулж очоод хорлодог байхгүй юу. Манай найзууд “ Дугаар гарах болгонд чиний хоролмааддаг улам л төгсрөөд байна уу даа” гэж хөгжилдөнө./инээв/

-Хоёрдугаар улирлыг өөр хөтлөгч хөтлөөд байсан нь ямар учиртай юм бэ?

– Хоёрдугаар улиралд NTV телевиз өөр хөтлөгч сонгоод ажиллуулсан. Тэгсэн судалгааны дүнгээр үзэгчид эрс саараад ирэхгүй юү. Тэгсэн үзэгчид буцаад Миеэгээр хөтлүүлмээр байна гэсэн хүсэлт их тавьсан юм билээ. Тэгээд гуравдугаар улирлаас дахин хөтөлж өгөөч гэсэн санал ирээд нэг, гурав, дөрөвдүгээр улирлын дугааруудыг тасралтгүй хөтөлсөн. Ингээд байж байсан шинэ санал орж ирсэн. Тэр нь “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг.

-“Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг үзэгчдийн хүлээж үздэг шоу боллоо. Хосууд хоорондоо өрсөлдөж байгаа учраас үнэхээр хөгжилтэй юм аа?

-Тэгэлгүй яахав. “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэгтэй төстэй мөртлөө олон өрсөлдөгчтэй. Ер нь “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг илүү их үзэлттэй байгаа шүү. Нэвтрүүлэг цацагдаад 14-15 цагийн дараа фэйсбүүкээр 240 мянга гаруй хүн үзчихдэг. Манайхан амьдралтай шоунд их дуртай. Нөгөөтэйгүүр хүний мууд жаахан дуртай. Хүмүүсийг загнуулах, сандрах, тэвдэх тийм зүйлийг их дуртай үздэг. Хөгжиж л үздэг шоу л даа. Харин хүмүүс уралдаж байгаа тохиолдолд хөтлөгч саад болох ёсгүй. Гэхдээ нэвтрүүлгээ хөгжилтэй хөнгөн болгохын тулд ажиллаж, чиглүүлж л явна.

-“Эхнэрийн заавраар” шоуны анхны дугаарт жүжигчин Н.Нэргүйбаатар гуайн орсон дугаар их хөгжилтэй байсан шүү. Олон ч хүмүүст хүрсэн?

-Хүмүүс хөгшин хүмүүсийг орууллаа гээд шүүмжлээд байгаа юм. Би бол эсрэгээрээ. Би ч гэлтгүй манай нэвтрүүлгийн продюсерийн баг тэр чигээрээ гурван үеийн төлөөлөл байвал их зүгээр юм байна гэж үзсэн. Тэр үүднээсээ жүжигчин Н.Нэргүйбаатар ахыгаа эхнэртэй нь оруулсан. Нэргүй ахын хувь хүний зан характерийн хувьд жаахан зөрүүд. Зөрүүд дээрээ хааяа их алиа хошин зан гаргана. Нэвтрүүлэг эхлээд цагийн дотор хоол хийх ёстой. Эхний 30 минут харьцангуй их аятайхан явагдана. Цаг хойшлох тусам бүх хүн нервтэж эхэлдэг. Ялангуяа эмэгтэйчүүд их стресстэнэ. Эмэгтэйчүүдийн аравхан секундын дотор хийх ажлыг эрэгтэй хүн нэг минутад хийхээр аргагүй биз ээ. Тэгээд загнаад манай Нэргүй ахын зөрүүд зан нь хөдлөөд. Ямар сайндаа тэр хэсгийг нь монтажаар хассан, хөгжилтэй. “Би байна шүү дээ, залуудаа ч чиний үгэнд орж яваагүй, одоо ч орохгүй” гэж хэлээд авсан. /инээв/ Тэгсэн нөгөө талд хоол хийж байсан хоёр залуу савж унатлаа инээгээд болдоггүй. Эхнэр нь “чи ямар сонин юм бэ, чи телевизээр гарч байна” гээд л. Настай хүмүүсийн хувьд ингэчих болов уу, тэгчих болов уу гэсэн болгоомжлол байхгүй их чөлөөтэй байдаг юм байна. Харин залуучууд тийм биш. Нэгнийгээ гомдоочихвий гэсэн болгоомжлол ихтэй. Тэр ч утгаараа манай Нэргүй ахын оролцсон дугаар маш их үзэгчидтэй байсан. Нэргүй ахын тоглолт асар өндөр нөлөөлсөн хэрэг. Нөгөө хоёр маань эхэндээ жаахан маргалдаад байсан сүүлдээ учраа олсон уу яасан жаахан аргадаад ирсэн. Даалгавраа ч амжилттай гүйцэтгэсэн.

-“Ахлах тогоочийн заавраар”, “Эхнэрийн заавраар” хоёр шоуны аль нь танд илүү таалагдав?

-Найруулагч хүний үүднээс бол “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг таалагдана. Яагаад гэхээр зургаан хүн нэгдүгээр байрны төлөө өрсөлддөг. Тэрийг дагаад нэвтрүүлэг их ритмтэй болчихно. Харин “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийн гол онцлог нь мэргэжлийн тогооч нар хоорондоо өрсөлддөг. Хэдийгээр шоу ч гэсэн үнэн сэтгэлээсээ өрсөлддөг байхгүй юу. Бачуурна, өөрийнх нь оролцогч авхаалж самбаа муутай хүн байвал бүр шатдаг. Ялгаа нь энэ. Гэхдээ ритмийн хувьд бол дутахгүй хоёулаа адилхан. Харин олны танил хос өрсөлдөж байгаа урчаас “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг маш их үзэгчидтэй байна.

-Ингэхэд танд бүтэлгүйтэж байсан кино, контент, зохиол бишгүй л тааралдаж байсан байх. Тэрийгээ яаж давж байв?

-Миний дэлгэцэнд гаргасан 18 бүтээл бий. Энэ 18 бүтээл чинь цаанаа их зовлон туулж ирсэн. Дахиад дэлгэцэнд гараагүй арав гаруй зохиол бий. Хүмүүс мэддэг бол би кино зохиол бичих курс ажиллуулдаг. Манайд мэргэжлийн кино зохиолчид дутмаг байгаа. 1990 оноос өмнө Монголын кино урлаг маш сайн хөгжиж байсны гол учир нь зохиолчидтой холбоотой. Түүнээс гадна цаг үеэсээ хоцрогдоно гэсэн нэг зүйл байна. Оюун сэтгэлгээ нь хуучирна л гэсэн үг. Ялангуяа уран бүтээлч хүнд тэр хамгийн хэцүү мэдрэмж.Энэ үзэгдэл надад ч гэсэн тохиолддог. Залуучуудын үздэг кино илүү хэлбэр тал руугаа. Харин бидний үед үзэж өссөн нь агуулга чухал байсан. Залуучууд хөнгөн контент, кинонд их дуртай. Би ч залуудаа “Ийм нэгэн дурлал, “Миний хөрш чөтгөр” “Single ladies” гээд хөнгөн төрлийн кинонууд хийсэн. “Ийм нэгэн дурлал 2”-оо бичиж байхдаа үнэхээр бүтэлгүйтэж байсан тохиолдол бий. Найман удаа зохиолоо бичиж байсан. Продюсер бүгдийг шийддэг. Ирж үзчихээд л зохиолоо уншсанаа таалагдахгүй байна, дахиад янзал гэнэ. Ингэж явсаар ес дэх засвар дээрээ батлагдаад кино хийгдсэн. Найман жилийн өмнө “Түлхүүрчин” нэртэй гэмт хэргийн зохиол бичиж байсан. Сая гарсан “Зура” кинотой их төстэй. Тухайн үед мөнгө нь олдоод хийсэн бол энэ кино хит болох байж дээ гэж бодож байлаа.

-Таны үг, үйлдэл хийж бүтээсэн зүйлүүд залуучуудад их үлгэр дуурайл үзүүлдэг шүү дээ?

-Миний уриа бол тууштай байх. Эргээд харахад би киноныхоо салбарт тууштай явж ирсэн, тууштай амьдарсан, дундаас нь хаяагүй. Харин сүүлийн үед намайг найзууд “улс төрд орох хэрэгтэй” гэж их шөвөгдөж түлхдэг болсон./инээв/

-Улс төрд орох уу?

-Яахав, бодож л байна. Гэхдээ одоохондоо бэлэн биш байна. Миний үеийн залуучууд дуучин, сэтгүүлч, яруу найрагч сонсогдоод явж байгаа хүмүүс төдийлөн олон түмнийхээ төлөө ажил хийж чадахгүй байна. Хийж байгаа ч гэсэн их сул байна гэж харж байна. Хэрэв улс төрд орох юм бол орсон шиг ороод, ард нийтийн төлөө амьдралаа зориулах шаардлага гарна. Чадна гэвэл чадсан шиг чадах хэрэгтэй. Манай элэнц, хуланц дээдсүүд дандаа төрийн хүмүүс байсан. Тухайлбал, Гадинбалын Чагдаржав гээд наймдугаар Богдын сангийн яамны сайд байсан. Түүний хүү бол миний эмээгийн аав. Тэгэхээр өвөг эцэг, өвөө ааваас захидаг, хэлдэг зүйл нь “төр бол дуртай хүнийх нь тоглодог тоглоом биш. Хэрвээ төрд ажиллана гэж зоривол амьдралаа зориулах хэрэгтэй” гэдэг байсан.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ө.Чойжинсүрэн: Нэгэн жарны турш хамтдаа амьдарч байна

Ө.Чойжинсүрэн, Н.Аюуш нарыг “Гэр бүл” булангийнхаа анхны зочдоор урьж ярилцлаа.


-Та хоёр өөрсдийгөө танилцуулна уу?

Нөхөр Ө.Чойжинсүрэн:-Би Говь-Алтай аймгийн Цогт сумын “Далан” бригадын Өлзийдамдингийн Чойжинсүрэн гэж хүн байна аа. 1936 онд төрсөн, хулгана жилтэй.

Эхнэр Н.Аюуш:-Би мөн Говь-Алтай аймгийн Нүдэнхүүгийн Аюуш гэдэг хүн байна. Бид хоёр нэг нутаг, нэг довны хоёр оо.

-Та хоёр хэдэн онд нэг гэрт орж байв даа?

Ө.Чойжинсүрэн:-1960 онд.

-1960-2020 он гэхээр та хоёр хамтдаа амьдраад 60 жил болж байгаа юм байна. “…Жаран жилийг туулавч хайрын гал нь хэвээрээ” гэдэг шиг?

Ө.Чойжинсүрэн:-Нэгэн жарны турш хамтдаа амьдарч байна. 1960 онд бид хоёр 25-тай байсан юм. Бид хоёр чацуу юм. Тэрнээс хойш 60 жил болж байна. 60 жил хамт амьдарч, жаргал зовлонгоо хуваалцаж, найман хүүхэд төрүүлж өсгөсөн. Нас 85 хүрч байна. 1953 онд нэгдэлд орж нэгдлийн малчин байлаа. Манай нэг охин Эвлэлийн төв хорооны Алтан медалиар шагнагдаж Илгээлтийн эзэн болж байлаа. Тэрний ах нь илгээлтээр гарч Улсын залуу аварга малчин болж ЗХУ-д нэг сар жуулчлах эрхийн бичгээр шагнагдаж байсан юм.

-Та хоёр одоо хаана амьдарч байгаа вэ?

Н.Аюуш:-Бид хоёр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд амьдарч байна. 11 дүгээр хороололд хүүхдийн гэрт амьдарч байна. Хүүхдийндээ хамтдаа, цуг байна аа, нэг гэрт.

-Ач, зээ нар тоймгүй олон биз?

Н.Аюуш:-Байна аа байна. Зарим нь Өмнөговьд байна. Хүүхдийн хүүхдүүд ач, зээ нар гээд зөндөө олуулаа байна.

-Монголчууд их гэрсэг, бүлсэг ард түмэн шүү дээ. Та хоёр гэр бүл гэдгийг хэрхэн ойлгодог вэ?

Н.Аюуш:-Гэр бүлээрээ салж, сарнидаггүй, элдэв шалдав юм болдоггүй, нэгэндээ туушдаа, хамтаараа эрүүл сайхан амьдарч явах шиг сайхан юм хаа байх билээ. Хойдох үр хүүхдүүд минь гэр бүл болсон бол гэр бүлээрээ үр хүүхдээ өсгөөд ач, зээ нартай болоод өсөж үржээд явж байна. Сайхан амьдрал сайхан шүү дээ. Бид залуудаа мал маллаж байлаа. Хоёр удаа Улсын аварга малчин болж байлаа. Улс, аймаг, сумдаа нэртэй, төртэй сайн л малчин явлаа.

Ө.Чойжинсүрэн:-1960 онд гэр бүл болчихоод цэрэгт явж байлаа. Би Хотын комендатад 1960 оны есдүгээр сараас 1963 оны есдүгээр сар хүртэл цэргийн алба хааж байлаа. Хотын комендатын дарга нь “Рапорт” Ёндон гэж хүн байсан юм. Комендатын цэргээр эргүүлд явдаг, харуулд гардаг, Жанжин штабт жижүүрийн туслахаар харуулд гардаг байсан юм. Гурван жил болж халагдаад очиход манай аав, миний гэр бүл хоёр нэгдлийн мал маллаж байсан. Манай аав намайг цэрэгт байхад Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнуулж байсан, 1962 онд. Цэргээс халагдаад одоход аав минь тийм гоё одонтой болчихсон байсан.

Н.Аюуш:-Цэргээс ирэхэд нь би хадамтайгаа тийм л гавьяатай угтаж байлаа (инээв). Ажил хөдөлмөртэй, алдар гавьяатай сайн явсаан.

Ө.Чойжинсүрэн:-Нэгдлийн малыг манай эмгэн маллаж, манай аав тус дэм болж тэгээд сайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнуулж байсан.

-Ам мурийхгүй хос гэж хаа байхав. Зөрөлдөх юм гарна. Ер нь хосууд хэдэн нас хүртлээ ингэж зөрөлддөг юм бэ?

Н.Аюуш:-Та ярь л даа (Нөхөртөө хандаж ингэж хэлэв.сурв). Бид хоёрын хувьд тэгж хэрэлдэж, хэлцэж, муудалцаж хатуу үг хэлж үзээгүй ээ. Нэгэн жигдийн явж ирсэн.

Ө.Чойжинсүрэн:-Гэр бүл бутрахаар, салахаар хэрүүл, зодоон цохион байгаагүй. Бид хоёр Баянгол дүүрэгт найм, есөн жил амьдарсан. Тэгэхэд нэг уулзалтад очсон. Бид хоёрыг “Өнөр бүл” гээд, тийм тууз мууз эмгэнд зүүж өгсөн. Ном гаргасан. Сүүлд 100 айлын энд Нутгийн зөвлөлийн уулзалт болсон.

Н.Аюуш:-Бас л урьсан.

Ө.Чойжинсүрэн:-Бас уригдаж оролцоод. Эмгэнд “Өнөр гэр бүл” гэдэг тэмдэг өгч байсан.

Н.Аюуш:-Манай нутагт Ээж уул гэж уул байдаг. Тэр уулын зургийг бид хоёрт дурсгасан. Ер нь сайн л юм хийж явсан дөө (инээв).

-Хос хоёр хэдэн нас хүрээд нэгнээ үггүйгээр, харцаараа шууд ойлголцдог болдог юм байна?

Ө.Чойжинсүрэн:-Бид хоёр чинь 25-тайдаа гэр бүл болоод…

Н.Аюуш:-24-тэй шүү дээ. 24-тэй байсан юм. Та бид хоёрын айл болохын хавар….

Ө.Чойжинсүрэн:-Жаран оны өвөл юм чинь…

Н.Аюуш:-Жаран оны хавар л үгүй билүү…

Ө.Чойжинсүрэн:-Өвөл билүү?

Н.Аюуш:Өвөл билүү?

-Та хоёр одоо ч маргалддаг л юм байна шүү дээ?

Н.Аюуш:-(Инээв).

Ө.Чойжинсүрэн:-Ийм маргалдаан байлгүй яадаг юм.

-Танай гэр бүлийн гол зарчим юу вэ. Гэр бүлдээ, харилцаандаа юуг эрхэмлэдэг вэ. Танайхыг бусад хүмүүс ямар онцлогтой айл гэдэг вэ?

Ө.Чойжинсүрэн:-Нэгдлийн малчин байлаа.

Н.Аюуш:-Сайн малчиндаа л орж явсан, ерөөсөө л.

Ө.Чойжинсүрэн:-1953-1992 он хүртэл Нэгдэл татан буугдах хүртэл нэгдлийн мал маллаж, Нэгдлийн сайн малчин гэгдэж л явлаа. Нэгдлийн малыг төлөөр нь түм, бум хүргэж, нэгдэлд 500 ямаанаас хориод мянган ишиг бойжуулж, манай хүү Улсын залуу аварга малчин болж байлаа.

Н.Аюуш:-Бүх юм 100 хувь байж байж л юманд хүрнэ.

-Эрэгтэйчүүд эхнэртэйгээ, хань ижилтэйгээ хэрхэн харьцах ёстой байдаг вэ. Та эрчүүдэд хандаж юу хэлэх вэ?

Ө.Чойжинсүрэн:-Бид хоёр чинь үе тэнгийнх. Хүүхэд бол зөвлөгөө өгөөд сургаад байхсан. Үе тэнгийн хоёр хүн чинь нэг нэгэндээ сургамж өгөөд байх нь ч юу юм. Зүгээр, тэгж баймаар байна, ингэж баймаар байна гэж зөвлөлдөх маягтай л юм ярина уу гэхээс. Хоорондын зохицолдолгоо гэж нэг юм байна шүү дээ. Тэгвэл тэгмээр байна гэж ярилцаж, тохирдог, зөвлөлддөг л байлаа.

-Та эмэгтэйчүүдэд, бүсгүйчүүдэд хандаад юу гэж хэлмээр байна?

Н.Аюуш:-Алсаасаа хоорондоо эв найрамдалтай байдаг бол тэгээд нэг их онцгойроод байх ч юу байхав. Нэг л гэрийн улс шиг айван тайван сайхан, үр хүүхдээ өсгөж бойжуулаад л, хийсэн ажилдаа эзэн болж, сайн л явах хэрэгтэй дээ.

-1960 он, 2020 оны гэр бүлүүдийн хооронд асар их ялгаа бий шүү дээ. Та бүхэн орчин үеийн гэр бүлүүдийн байдал, эхнэр нөхрүүдийн хоорондын харьцааг ажигладаг л байх?

Н.Аюуш:-За одоо тэгээд л сайн саараараа янз бүр л байдаг болсон байна л даа. Манай хүүхдүүд гэр бүл болсон тохиолдолд бид хоёрын л ижил салахгүй, сарнихгүй, цаана уу, наана уу гэх юм байхгүй. Зарим нь айл гэр болтлоо хэсэг ганцаараа явж байгаад ханьтай болчихдог юм. Одоо бүгдээрээ хань ижил, үр хүүхэдтэй тийм улсууд л байгаа.

Ө.Чойжинсүрэн:-Эрэгтэй хүн нь архи уугаад эмэгтэйгээ дээрэлхдэг, зоддог. Тэрнээсээ болж гэр бүл салдаг явдал одоо их өрнөж байгаа юм шиг харагдаад байгаа юм. Тийм явдал байна. Дээр үед чинь тийм юм их гайгүй байсан юм шүү дээ. Одооны залуучууд чинь архи, тамхи хоёрт орчихсон. Бараг авгайгийнхаа үгэнд ордоггүй. Хүмүүжил муутай. Танхай гэж хэлэхэд хилсдэхгүй болчихсон.

Н.Аюуш:-Нөхрөө дарамталдаг авгайцуул ч байна. Янз янз л байна.

Ө.Чойжинсүрэн:-Зарим хүүхнүүд нөхрөө дээрэлхээд, архи уулаа, тамхи татлаа гээд тэрнээсээ болоод салаад явдаг явдал их гарч байна. Дээхнэ үед их гайгүй гардаг байсан юм даа.

-Дээр үед гэр бүл сална гэдэг чинь маш том асуудал, хүн бүр цочирдож хүлээж авдаг байлаа. Харин одоо өөр болжээ. Өнөөдөр саллаа, маргааш нь өөр хүнтэй нийлээд явчихдаг. Олон салж нийлсэн хүн ч элбэг болжээ?

Н.Аюуш:-Тэгэлгүй яах юм. Тэр үед салдаггүй байлаа. Одооны энэ явдал эвгүй л байна, муухай л байна. Энэ сайхан эрдэмтэй, соёлтой, ёстой л арав, хорин жил суралцаж гэгээрч явсан тийм ухамсартай мундаг улсууд чинь яачихаад байдгийг нь бүү мэд ээ. Салах сарних нь их л байх бололтой юм байна шүү дээ.

Ө.Чойжинсүрэн:-Сүүлийн үеийн эцэг, эх хүүхдээ зөв сургадаггүй, зөв хүмүүжүүлдэггүй учраас сайхан гэр бүл болчихсон мөртлөө архи ууна, тамхи татна. Тэрнээсээ болоод гэр бүл салалт их үүсч байгаа юм.

Н.Аюуш:-Архийг уусан хүн зөв явахгүй ээ.

-Гэр бүлүүддээ, залуу гэр бүл, гэр бүл зохиох гэж байгаа залуустаа хандаж та хоёр юу хэлэх вэ?

Н.Аюуш:-Амар амгалан, сайн сайхан, үүрдийн, салж бутрахгүй тийм сайхан, хоёр биедээ ээлтэй, үр хүүхдээ сайхан өсгөж бойжуулж, сайн сайхан айл болж яваарай гэж л хэлэхээр байна даа, миний хувьд.

Ө.Чойжинсүрэн:-Дээр үеийнх шиг мал маллаад, хүүхдээ өсгөөд, Улсын аварга малчин болж байгаа хүмүүс зөндөө. Манай нутагт миний садангийн хүн дээ, манай аавын дүү Дарамширын Цэрэндондог гэж хүн байна. Урд гол, Хойд гол руу нэгдлийн ямаа маллаж байгаад Хөдөлмөрийн баатар боллоо. Улсын аварга малчин хоёр удаа болж, “Алтан ишигний эзэн” ч болж байлаа. Одоо нас нь 83 хүрсэн ийм өвгөн одоо Говь-Алтай аймгийн Цогт сумын Бургаст гэдэг газар амьдарч байна.

Н.Аюуш:-Ямар ч үеийн хүн сайн л явбал сайн, нэр алдраа цуурайтуулна. Тэр яриад байгаа Хөдөлмөрийн баатар чинь манай л садангийн хүн дээ. Байсхийгээд л зурагтаар гарч байдаг, та нар харсан байх. Цэрэндондог гэж мундаг хүн бий. Гарч л байдаг шүү дээ, зурагтаар.

Categories
мэдээ нийгэм

Б.Амгаланбаяр: ЗӨСҮТ Өнгөрсөн 24 цагт 137 хүнд шинжилгээ хийлээ

ЗӨСҮТ 105 удаагийн ариутгал хийжээ

Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ) энэ оны нэгдүгээр сараас хойш нийт 1575 иргэнд коронавирусний шинжилгээ хийсэн байна. Тус төвийн дэд захирал Б.Амгаланбаяр, “Манай төвийн ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Өнгөрсөн 24 цагт 137 хүнд шинжилгээ хийлээ” гэсэн юм. Мөн тус төв коронавирусний эрсдэлээс сэргийлэх үүднээс 500 мянган ам дөрвөлжин талбайг ариутгажээ. Үүнд тусгаарлан ажиглах байрны 271 өрөө, тусгай нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн 11 мянга 631 гар тээш, хувийн эд зүйлс, 296 мянга 30 кг ачаа тээш багтаж буй юм. Мөн давхардсан тоогоор 104 агаарын хөлөг, 320 тээврийн хэрэгсэл, 13 чингэлэг, 31 галт тэрэг зэрэг 500 мянган ам дөрвөлжин метр талбайг ариутгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төв нүүж, Сүхбаатар дүүрэгт байрлаж байна

Бүртгэл хяналтын төв нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр тушаалаар “Лицензийн төв” нэртэйгээр байгуулагдсан юм. Энэ үеэс Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, Доржийн гудамж “Иргэн таны төлөө төв” буюу Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо Бүртгэл Хяналтын төв нэртэйгээрээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс иргэдийн нэрлэж заншсанаар хүнсний 50 дугаар дэлгүүрийн арын байр буюу Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд байрлан нүүж, ажиллаж байгаа юм. Иргэд та бүхэн Бүртгэл хяналтын төвөөр үйлчлүүлэхдээ энэ хаягийн дагуу очиж үйлчилүүлнэ үү?

Харилцах утасны дугаар: 70191515

Categories
мэдээ нийгэм

(Covid-19)!!! Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө

COVID-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төв дотор явахдаа олон ...

Байгууллагад:

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
• Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
• Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
• Амталгаат худалдаа хийхгүй байх
• Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
• Сав, баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Агаар сэлгэлт тогтмол хийх
• Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг өдөрт 3-аас доошгүй удаа арчиж цэвэрлэх
• Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
• Бие засах газрыг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
• Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
Албан хаагчдад:
• Амны эсвэл нүүрний хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Гараа сайтар угаах
• Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгч нарт:

• Амны хаалт зүүх
• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
• Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
• Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
• Амталгаа хийхгүй байх
• Олон бараанд хүрэхгүй байх
• Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
• Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
• Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
• Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях
• Гараа савандаж угаах

Эрүүл мэндийн яам

Categories
гадаад мэдээ эдийн-засаг

Мөнгө угаахтай холбоотойгоор биткойны АТМ-ууд чанга зохицуулалттай болно

Шинжээчдийн үзэж байгаагаар биткойны АТМ-уудын эрх зүйн зохицуулалт дэлхийн дахинд улам бүр чанга болох бөгөөд Канад, Герман улсууд мөнгө угаахтай тэмцэх зорилгоор аль хэдийнээ холбогдох зохицуулалтыг улам бүр чангаруулаад байна.

“CipherTrace” компаниас 6 дугаар сарын 2-нд гаргасан тайланд дурдсанаар 2019 онд АНУ дахь биткойн АТМ-уудаас хийгдсэн гүйлгээний 74 хувь нь тус улсаас гадагш хийгдсэн байна. Мөн АНУ дахь крипто АТМ-уудаас виртуал валютын арилжаа солилцоонд орсон мөнгөний 88 хувь нь гадаадад шилжсэн болохыг тайланд дурдсан байна. Энэхүү дүн нь сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд 2017 оны жилийн дүнгээс хоёр дахин нэмэгдсэн байна.

“CipherTrace” компанийн технологийн ахлах ажилтан Жон Жеффригийн үзэж байгаагаар биткойны АТМ-ууд нь “илүү зохицуулалт шаардах” бөгөөд цаашид крипто АТМ-уудтай холбоотой “жигд зохицуулалт болон хяналтыг бий болгох шаардлагатай” байгааг онцолсон байна.

Канад Улс биткойны АТМ-уудтай холбоотой зохицуулалтаа чангаруулав. Канад Улс виртуал валюттай холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа компаниудынхаа талаар шинэ зохицуулалт гаргаснаас хоёр өдрийн дараа “CipherTrace”-ийн тайлан гарсан юм.

Канадын биткойны холбооны ажилтан Фрэнцис Пулиот болон орон нутгийн криптовалют арилжааны “BullBitcoin” компанийн үзэж байгаагаар дээрх шинэ зохицуулалт нь криптог бэлэн мөнгө болгож буй компаниудад голлон нөлөөлөх бөгөөд ялангуяа биткойн АТМ-ны операторуудад ихээр нөлөөлөх аж. Биткойн АТМ-ны операторууд 10000 болон түүнээс дээш дүн бүхий канад доллартай тэнцэх бүх гүйлгээг мэдээлэх ёстой болсон.

Мөнгө угаах асуудалтай холбоотойгоор биткойны АТМ-уудыг хотын хэмжээнд хориглох тухай Ванкувер хотын захирагчийн уриалгатай зэрэгцэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 6 дугаар сард баталсан билээ.

“CoinATMradar”-ийн үзэж байгаагаар одоогийн байдлаар Канад Улсад 778 крипто АТМ ажиллаж байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт 7958 АТМ-уудын бараг 10 хувьтай тэнцүү байгаа юм.

Бусад улсын зохицуулалт

2019 оны 7 дугаар сард Испанийн цагдаа нар орон нутгийн нэгэн гэмт бүлэг Биткойны АТМ-уудыг ашиглан 10 орчим сая ам. доллар угаасны илрүүлсний дараа Европын мөнгө угаахтай тэмцэх зохицуулалтад крипто АТМ-ууд нь сул цэг болж байгааг онцолсон байдаг.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Дотоод орлогын албанаас криптовалютын хууль бус ашиглалтад шалгалт хийсэн нь Биткойн АТМ-уудыг ашигласнаас үүдэлтэй татварын асуудал байгааг харуулсан.

Германы Санхүүгийн зах зээлийн байгууллага (BaFin) энэ оны 3 дугаар сард зөвшөөрөлгүй Биткойны АТМ-уудын эсрэг арга хэмжээ авсан. Тус улсад өмнө нь хэрэгжиж байсан криптовалютын зохицуулалт дахь сул орон зайг арилгах зорилгоор мөнгө угаахтай тэмцэх шинэ зохицуулалтыг бий болгосны дараа уг арга хэмжээг авсан байдаг.

АТГ

Categories
мэдээ нийгэм

Б.Янжмаа: Халдвар авсан хүмүүс Бээжингийн “Шиньфади” хүнсний захтай холбоотой байжээ

Б.Янжмаа: БНСУ карантины дэглэм зөрчвөл нэг жил хорих ялаар шийтгэнэ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийсэн Энэ үеэр тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэхдээ, “БНХАУ-д өчигдөр буюу энэ сарын 13-нд коронавирусний 57 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 38 нь дотоодын халдвар бөгөөд 36 нь Бээжин хотод байгаа юм. Үлдсэн 2 иргэн нь Янина мужид бүртгэгдсэн хэдий ч Бээжин хотод коронавирусээр халдварласан байжээ. Дээрх халдвар авсан хүмүүс бүгд Бээжингийн Фөнтай дүүрэгт байрладаг “Шиньфади” хүнсний захтай холбоотой байжээ. Тиймээс БНХАУ-аас уг зах болон түүний ойролцоох 11 байрыг хааж, 10 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулах болсон” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ковид-19-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм -21

AMLCFT.MN

1. Сингапурын эрдэмтдийн судалгаагаар Ковид-19-ийн халдвартай өвчтнүүдийн өрөөнд цагт 12 удаа агаар сэлгэлт хийж байсан ч гар байнга хүрдэг хэсгүүд болон өрөөний агаараас коронавирус илэрчээ.
2. Бостоны хүүхдийн эмнэлгийн судлаачид Ковид-19-ийн эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө өвчтнөөс коронавирус их хэмжээгээр ялгарч байгааг тогтоожээ. Иймээс шинж тэмдэг илрэхээс өмнө өвчтөн хамгийн их халдвар тараах эрсдэлтэй гэж үзжээ.
3. Францын мэргэжилтнүүд коронавируст халдвартай 3 өвчтөнд гахайн хавдар төст эмнэлзүйн шинж тэмдэг илэрснийг мэдээлжээ.
4. Италид сүрьеэтэй өвчтнүүдийн дунд тархсан Ковид-19-ийн халдварыг судлахад ихэнх тохиолдлуудад халуурах шинж тэмдэг түгээмэл байсан бол бусад хүндрэл бага ажиглагджээ.
5. Европын судлаачид 1-р бүлгийн цустай хүмүүс бусад бүлэгтэй харьцуулахад Ковид-19-ийн халдварт өртөх эрсдэл бага бол 2-р бүлгийн цустай хүмүүс эрсдэл өндөр гэж үзжээ.
6. Хөл хорио тогтоосны үр дүнд Европын орнуудад 3.1 сая хүнийг Коронавируст халдвар авч нас барах эрсдэлээс хамгаалсан гэж Лондонгийн Империал коллежийн эрдэмтэд тооцоолжээ.
7. АНУ-д шүлсэнд эсрэг бие илрүүлэх оношлуур үйлдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлжээ. Уг оношлуураар хүн өөрийгөө оношлох боломжтой болно. Мөн Иллумина компанийн үйлдвэрлэсэн коронавирусийн мутацыг илрүүлдэг анхны оношлуурыг Хүнс, эмийн агентлагаас баталгаажуулжээ.
8. БНХАУ-ын тэргүүлэх зэргийн эрдэмтэн, академич Жун Наншань: “Одоогоор тус улсын хэмжээнд Ковид-19 өвчний 6 вакцины клиник туршилт хийгдэж байна. Иргэд ирэх оны эхээр вакцинд хамрагдана” гэж хэвлэлд мэдэгджээ.
9. Англи улс гаднаас ирэх зорчигчдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Энэ журмыг зөрчсөн, гэрийн хаягаа бүртгүүлээгүй тохиолдолд 1200 ам.доллараар торгох арга хэмжээ авна.