Categories
мэдээ

“The Voice of Mongolia-2”-ын ялагчаар Х.Ядам тодорлоо

Үндэсний шилдэг дуучин шалгаруулах “Монгол HD” телевизийн “The Voice of Mongolia-2” нэвтрүүлгийн оролцогч Х.Ядам санал хураалтад оролцсон үзэгчдийн 58 хувийн саналыг авч ялагч боллоо.

Нэвтрүүлгийн төгсгөлийн шатанд Х.Ядам, Г.Эрмүүн, Э.Дашням, Б.Оюу нар шалгараад байсан. Эдгээр оролцогчид өчигдөр үзүүлбэрээ толилуулсны дараа үзэгчдээс санал авахад Б.Оюу, Х.Ядам нар шалгараад байв. Үүний дараа дахин санал хураах шугамыг нээхэд Х.Ядам үзэгчдийн саналаар тэргүүлж үндэсний шилдэг дуучнаар тодров.

Ялагч Х.Ядамд нэвтрүүлгийн багтай уран бүтээл туурвих гэрээ байгуулах эрхээс гадна Renault Kaptur загварын автомашин бэлэглэх аж.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүйгээр ойгоос зулзаган нарс бэлтгэж, 113 сая төгрөгийн хохирол учруулжээ

Зөвшөөрөлгүйгээр зулзаган нарс бэлтгэсэн этгээдүүдийг илрүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ойн сан бүхий нутаг дэвсгэрээс 400 ширхэг зулзаган нарс мод авч, бусдад худалдахыг завдсан хэрэг гарчээ.

Шалгалтын явцад, хэргийг “С” гэх компани үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тус компани Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ойн сан бүхий нутаг дэвсгэрээс 400 ширхэг зулзаган нарс модыг “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр тогтоосон үнээс бага үнээр буюу нэг бүрийг нь 10,000 төгрөгийн төлбөр төлж авсан аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалаар батлагдсан “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр 1-2 метрийн өндөртэй нарс модыг 283,368 төгрөгөөр үнэлсний дагуу тооцоход 113,347,200 төгрөгийн хохирол учирсан байна.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэгт ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 340,041,600 төгрөгийн нөхөн төлбөр тавигдана.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байна гэж ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашинууд мөргөлдөж, дөрвөн хүн хавчуулагджээ

Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Туул”-ын голын шинэ гүүрээс зүүн хойд зүгт 1 км-т автомашинууд мөргөлдөж төмөр хийцэд 4 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өчигд 20:33 цагт хүлээн авсан байна.

“Тэрэлж” амралтын газрын чиглэлд Налайх дүүргийн харьяат иргэн Д-ийн жолоодож явсан “Тоёота Аксио” загварын суудлын автомашиныг иргэн Х жолоодож явсан “Верна Аксент” загварын суудлын автомашин мөргөжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид иргэн Х, З, М, К нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг тэлэгч багаж ашиглан 20 минут ажиллан гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байууллагад хүлээлгэн өгсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Халдвар авсан 10 хүн эдгэж эмнэлгээс гарлаа

ХӨСҮТ-ЫН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

Өнгөрсөн 24 цагийн дотор 258 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Эдгэсэн хүмүүсийн найм нь оюутан, 49-65 насны хоёр хүн 17-55 өдрийн турш эмчлэгдэж, гарлаа. ХӨСҮТ-т эмчлэгдэж байсан элэгний хавдартай хүн коронавирусийн халдвар авсан байсан нь эмч нарын санааг зовоож байсан ч өнөөдөр эдгэрч, гарсанд их баяртай байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 132 хүн тандалт, хяналтад байна.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Хүнс эрхлэгчдэд анхааруулсан зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсан. Мах, махан бүтээгдэхүүн борлуулдаг худалдааны төвүүд халдвараас сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Иргэдээ тусгай үүргийн үүргийн онгоцоор татан авах ажлыг УОК-ын шуурхай штабаас зохион байгуулж байгаа. Гэрийн тусгаарлалтад гарсан хүмүүс сонгууль өгнө.

ЭМЯ-НЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА Б.ЯНЖМАА:

“АНУ-д өчигдөр 25 мянга 400 гаруй хүн шинээр халдвар авч 645 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. ОХУ-ын хувьд нийт халдварын өссөн тоогоор 528 мянга 900 гаруй хүн халдвар авсан байна. Энэтхэг улсад 11900 гаруй шинэ халдвар бүртгэгдэж нийт халдвартай иргэний тоо 320900 гаруйд хүрсэн байна. Мөн өчигдөр 310 гаруй нас баралт шинээр бүртгэгдсэн.

БНСУ-д ням гарагт 37 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 24 нь тус улсын дотоодын халдвар бөгөөд дийлэнхи нь Сөүл хотод бүртгэгджээ. БНХАУ-д ням гарагт 49 тохиолдол шинээр бүртггэдсэнээс 39 нь дотоодын халдвар байна” гэж мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БСШУСЯ-наас Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийлээ

Их, дээд сургууль коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэсний хэмжээнд 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв бэлтгэлийг ханган ажиллаж байна.

2020 онд Улсын хэмжээнд 30,902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийт шалгуулагчдын 27,999 нь энэ онд Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй, 2,903 нь өмнөх онуудад ЕБС төгссөн шалгуулагчид байна.

Коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан заавар зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж шалгалтаа өгөх бөгөөд, 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдэж байна.

ЭЕШ-д шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр анги танхим суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-д нэвтэрч өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан хэвлэж авна. Уг хуудсан дээр шалгуулагчийн шалгалтын төвд ирэх хугацаа нэвтрэх хэсэг”-ийн дугаарыг зэргийг нарийвчлан заасан байна.

Шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг”-т шалгуулагчдын халууныг хэмжих, гарын ариутгал хийх, биед үзлэг хийх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагааны дараалал, шалгалтын орчинд тавигдах шаардлага, заавар зөвлөмжийг боловсруулан холбогдох газар, хэлтсүүдэд хүргүүлсэн байгаа.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг \Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ./
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг.

Дүн оноо гаргах. засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр тус бүрээс тусгай цахим хаягаар ’LIVE”-aap мэдээлнэ. Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжтой. Ингэснээр шалгуулагчид цаг алдалгүй дүнтэйгээ танилцах боломжтой юм.

Боловсролын үнэлгээний төв нь дүн оноог www.eec.mn цахим хуудсанд байршуулна.

Шалгуулагчид заавал бүрдүүлэх материал:

  • Суудлын хуваарь,
  • иргэний үнэмлэх
  • Бүртгэлийн хуудас
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэргийг авчирна.

Эдгээр өдөрт ямар хичээлээр шалгалт авахыг Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат танилцууллаа.

Долдугаар сарын 2-нд

  • Монгол Улсын түүх /10:00-11:20/
  • Англи хэл /14:00-15:20/

Долдугаар сарын 3-нд

  • Хими /10:00-11:40/
  • Газар зүй /13:00-14:20/
  • Нийгэм /16:30-17:50/

Долдугаар сарын 4-нд

  • Биологи /10:00-11:20/
  • Математик /14:00-15:40/

Долдугаар сарын 5-нд

  • Физик /10:00-11:40/
  • Орос хэл /13:00-14:20/
  • Монгол хэл /16:00-17:20/
Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулав

Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр Засаг дарга захирамж гарган нутаг дэвсгэрийн хэмжээнд өнгөрсөн бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Энэ удаагийн их цэвэрлэгээнд 1505 аж ахуйн нэгж, 4241 иргэн оролцжээ.

Цар тахлын улмаас үүссэн онцгой нөхцөл байдлын үед коронавирусын халдвар тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, онцгой үед дагаж мөрдөх дүрэм, журам заавар, зөвлөмжийн хүрээнд их цэвэрлэгээг зохион байгуулсан юм.

Цэвэрлэгээний ажлын гүйцэтгэлд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албан хаагчид, Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Эмэгтэйчүүдийн эрх хамгаалал” ТББ хяналт тавин ажиллалаа.

Мөн “Сүхбаатар тохижилт” ХХК, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэлт” ХХК-иудын 31 хог тээврийн машин 120 рейс буюу 420 тн хог хаягдлыг тээвэрлэж, 100,000м2 талбайг ариутган халдваргүйжүүлжээ.

28

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг настай хүүхэд нүхэн жорлонд унаж энджээ

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг зургаадугаар сарын 13-ны 23:22 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан 23:25 цагт очиход 1 нас 7 сартай, эмэгтэй хүүхэд 5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж осолдсон байсныг 5 минут ажиллан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Зуны амралт эхэлж хүүхдүүд зусланд гарсан энэ үед бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, нүхэн жорлон худаг зэрэг хүүхэд унаж, бэртэх зүйлсийг хааж таглах зэргээр хариуцлагатай байхыг эцэг, эх асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Санал тоолох машин болон саналын хуудсуудыг аймгууд руу тарааж эхэлжээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д 6-р сарын 7-ны өдрөөс, “Таван богд менежмент” ХХК-д 6-р сарын 8-ны өдрөөс эхлэн хэвлэж эхэлсэн билээ.

Саналын хуудасны хэвлэх ажил дуусаж, хуульд тавигдсан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, шалгах, хэвлэгдэн бэлэн болсон саналын хуудсуудыг хайрцаглан битүүмжлэх ажил хийгдээд 6 дугаар сарын 11-нээс эхний аймгууд руу түгээх ажил эхэлжээ.

Сонгуульд оролцож буй нам, эвслийн ажиглагчид саналын хуудас хэвлэх, хүлээлгэн өгөх ажлыг ажиглаж, хэвлэх саналын хуудасны эхийг ажиглагчдаар хянуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

Саналын хуудас хэвлэх ажилтай зэрэгцэн санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээжүүлэх ажил хийгдэж байгаа юм. Уг ажлыг төрийн байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэж, сонгуульд оролцож байгаа нам, эвслээс томилогдсон ажиглагчид ажиглахаас гадна “МИДАС” төрийн бус байгууллага хөндлөнгийн хяналт хийж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Н.Энхбаярт холбогдох шүүх хурал эхэллээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн Ерөнхий хороонд /СЕХ/ холбогдох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.06.15/ 09.00 цагт эхэллээ.

Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд зургадугаар сарын 4-ний өдөр болсон ч нэхэмжлэгч талаас шинэ нотлох баримт гаргуулах, ЦЕГ-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хоёр давхар цахилгаан автобус удахгүй нийтийн тээврийн үйлчилгээнд гарна

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг энэ сараас эхлэн туршиж байгаа билээ. Уг автобусаар хотын Захирагч С.Амарсайхан зорчиж, аюулгүй, тохилог, тав тухтай нийтийн тээврийн үйлчилгээг 7 сард багтаан иргэдэд хүргэхээр болсныг дуулгалаа.

Тэрбээр энэ үеэр “Эдийн засаг, экологид ээлтэй, иргэдийг ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, өвөл цантахгүй зэрэг олон давуу талтай энэ автобусыг ашиглах нь хотын бидний давуу тал. Эхний удаад ийм төрлийн 10 автобус орж ирсэн. Ирэх жил 40 ширхэг орж ирнэ. Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэхийн тулд бид парк шинэчлэлтийг хийхээр зорьж ажиллаж байна. Цаашид ч гэсэн энэ хүрээнд олон ажил хийгдэх болно. Эдгээр автобусын төлбөрийн хувьд улс, нийслэлийн төсөвт дарамт учруулахгүйгээр бидний одоо нэг нийтийн тээвэрт гарч байгаа зардлыг 90 хувь хэмнэх байдлаар өөрийн төлбөрөө өөрөө олох боломжтойгоороо давуу талтай” гэсэн юм.

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон “Хоёр давхар, эко автобус нь удахгүй нийтийн тээврийн үйлчилгээнд маршрутын дагуу явж эхэлнэ. Энэ нь 100 хувь цахилгаанаар ажилладаг автобус. Нэг цэнэглэлтээрээ хоёр өдрын рейст гарах боломжтой буюу 400 км явах хүчин чадалтай. Жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчлэх боломжтой, зундаа сэрүүцүүлэгчтэй, өвөлдөө халаагууртай юм. Хоёр давхар автобусны тухайд нийт 70 хүний суудалтай” гэсэн мэдээллийг өгөв.

Эхний ээлжинд ийм давхар эко автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, дөрвөн ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.