Categories
мэдээ нийгэм

Зуслангийн бүсээс тархац нутаггүй болсон 32 тарвагыг шилжүүлэн нутагшуулжээ

Хөдөө аж ахуйн их сургууль, “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран айлын хашаанд хамгийн ойр тархсан зуслангийн бүсээс 32 толгой тарвагыг барьж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж байна. Айлын хашаанд хамгийн ойр тархсан Хуурай мухар, Шарга морьтын амны тарвагыг барьж, ЗӨСҮТ-ийн түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шинжилжээ. Түүнчлэн шинэ орчинд дасан зохицож буй эсэхэд ажиглалт хийж байна.

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы /Marmota sibirica/ тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна.

Иймд нийслэлийн Байгаль орчны газраас анх 2017 онд Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шаргаморьтын амны зуслангийн бүсээс нийт 102 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, зөөвөрлөх журам”-ын дагуу барьж голомтгүй бүсээс голомтгүй бүс нутагт хуучин тарвага нутагшиж байсан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлж, тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэхэд байгаль хамгаалагчийн оролцоотойгоор судалгаа хийж буй юм.

Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдлууд

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

11.30 цагт Ардчиллын өргөөнд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Эрхэм саналынхаа нэгийг эмэгтэйчүүддээ” уриалгаа танилцуулна.

13.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос тус үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудал, ажиллах нөхцөл, цалин хөлсний асуудлаар мэдээлнэ.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газар. Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 6 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 66 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 487 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор ажиллагаанд 472 хэрэг шалгагдаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Би гайхаад байгаа юм

Би гайхаад байсан юм. Яагаад,1911 оны хувьсгалыг хийсэн улс арван жилийн дотор бүгдээрээ үхсэн юм бэ гэж. Тэрийг нь яагаад бидэнд “Богд хаан нь хор өгөөд алчихсан юм” гэж итгүүлсэн юм бол гэж гайхаад байсан юм. Богд хаан гэдэг хүн чинь“хамтдаа тусгаар тогтнолоо сэргээе” гэж бусдыгаа дагуулчихаад, дараа нь тэднийгээ яагаад алсан юм бол гэж хэзээ ч манайхан эргэлзэж яваагүйд бүр их гайхсаар ирсэн юм.

Би гайхаад байдаг юм. Яагаад, 1921 оны хувьсгалын удирдагчид, яасан гэж цөмөөрөө хориод жилийн дотор алуулаад дууссан юм бэ гэж. Тэрийг нь яагаад бидэнд “Хувьсгалаасаа урвасан учраас цаазлуулсан” гэж итгүүлсэн юм бол гэж гайхаад байдаг юм. Манайхан “Ардын хувьсгалын анхны долоогийн тав нь, яагаад хамтдаа хувьсгал хийнэ гэж тангараглаад тэрнээсээ урвасан юм бол” гэж хэзээ ч эргэлзэж яваагүйд бүүр ч их гайхдаг юм.

Хувьсгалчид бүгд урваад, ганц Сүхбаатар нь үнэнч байсан учраас тэдэндээ алагдаад, Чойбалсан азаар аврагдаж, хувьсгалаа үргэлжлүүлсэн гэж бидэнд хэлсэн. Үнэндээ, Чойбалсанг ч зөвлөлтүүд авраагүй. Харин алах ялаа гүйцэтгэлгүй хүлээсээр 1952 оныг хүргэсэн юм билээ.

Азаар үлдсэн гэх Чойбалсан суманд биш, мэс зэслын хутганд “алагдаж”, азаар тодорсон гэх Цэдэнбал гуай шоронд биш, гадаадад гэрийн хорионд эцэслэсэн гээд бодохоор “Монгол аз” ерөөсөө эз ч юм уу, гайхаад байгаа юм.

Би одоо ч гайхаад байна. 1990 оны ардчилсан хувьсгалыг удирдсан долоон хүнийг гучин жилийн дотор багтаагаад, бүгдийг урвагч гэж нэрлээд байгаад гайхаад байгаа юм. Урваагүй байж болох С.Зориг нь яг л Сүхбаатарын жишээгээр алагдаж. Одоо “хоёрдугаар Чойбалсан” нь л азаар үлдээд, Ардчилсан хувьсгалаа үргэлжлүүлэх маягтай болоод ирснийг гайхаад байгаа юм. Бат-Үүл, Элбэгдорж, Энхсайхан…бүгд дайсан болсоон. Одоо цаазын ялыг сэргээе гэх болж. Тэр хэдийнхээ толгойг залгиад “азтай” ганц л амь үлдэх нь ээ дээ, янз нь.

С.Зориг гэснээс, Ардчилсан хувьсгалын удирдагчийн нэгнийг“хэн хороосон” болохыг мэдэх хүн байхгүй ч, “хэн алаагүй вэ” гэдгийг мэддэг улс байгаад байдагт мөн л гайхаад байдаг юм.

Би гайхаад байдаг юм. Манайд, яагаад урвагч, аврагч хоёрын байр солигдоод ирсэн юм бол гэж. 1911 оны тусгаар тогтнолын эцгүүдийн нэг, хамгийн сүүлчийн боломжоо хүртэл түүндээ үнэнч явсан, Ерөнхий сайд Бадамдоржийг яагаад урвагчаар нь дуудуулж, хоногшуулсан юм бол гэж гайхдаг. Хамгийн сүүлд хүрээг эзлэсэн гамин цэргийн жадан дор Автономио устгуулаад “Ингэсэнд орвол үхсэн минь дээр” гэж хэлээд, үнэхээр ч үхэхээр явсан түүнийг биднээр яах гэж хараалгасан юм бол гэж гайхдаг.

Харин яагаад, Хятад улсын суурин төлөөлөгч дээр байн байн очиж “Одоо гамин оруулах болсон, одоо л автономийг устгах болсон” гэж ятгаж явсан нөгөөхийг нь эх оронч хэмээн тахисан юм бол? Гайхаад байдаг юм. Тэрнээс хойш их гүрний тулгалтад орж, газар нутгаа тасалсан удирдагч нараа бид зүгээр л ойлгож уучилдаг юм бол гэж өөрсдийгөө бас л гайхдаг. Биднийг зүгээр нэг хуурахын оронд, яагаад заавал урвагч, эх оронч хоёрынх нь байрыг солиулан тохуурхсан юм бол гэж бүүр ч их гайхдаг.

Би гайхаад байдаг юм. Монголыг эдийн засгийн талаар тусгаар тогтнуулах гэсэн, гадаад улсаас хараат биш болгох гэсэн болгон “Улсын дайсан” болоод байгааг гайхдаг. Шинэ үеийн хамгийн том бүтээн байгуулалт, Оюу толгойг ашиглалтад оруулж, Монголын эдийн засгийг Орос-Хятадын хараат байдлаас гаргах алхам хийсэн С.Баяр, С.Баярцогт нар яагаад “Үндэсний дайсан” болоод байгааг гайхдаг юм.

Оюу толгойгоос өмнө Монголыг тэжээж ирсэн БНМАУ-ЗСБНХУ-ын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг нэмж 51 болгоод Монголын талыг илүү хөрөнгөтэй болгосон Ш.Отгонбилиг онгоцны ослоор үхчихсэнийг. Харин Зөвлөлт-Монголын хамтарсан Төмөр замыг улсдаа бүгдийг нь авах боломжийг “айгаад” алдсан хүн Хөдөлмөрийн баатар болчихсныг. Сүүлд нь Оросын талын 49 хувийг худалдаж аваад ирсэн хүмүүсийг “луйварчин” болгож түрүүчээс нь шоронд хийснийг. Энэ бүгдийг ухаарч хүчрэхгүй гайхаад байгаа юм.

Яагаад Оросоос хөрөнгө аваад ирж байхад нь Монголын эрх ашгийг хохироолоо гээд байгааг бүүр ч ойлгохгүй байгаа юм. Монголын эрх ашиг гэж яг монголд байгаа бидний эрх ашгийг хэлээд байна уу, үгүй юү бүр ч ойлгохоо байгаад байгаа юм.

Жишээлэхэд, Оюу толгойн үлдсэн 60 хувийг Рио Тинто-гоос Монгол руу аваад ирвэл гарцаагүй л шоронд орох болчоод байгаад гайхаад байгаа юм.

Монголын эрх ашиг гэснээс, Монгол-Оросын их өрийг цайруулсан, зөвхөн монгол хүн л Монголдоо газар эзэмших хууль батлуулсан Н.Энхбаяр одоо болтол яаж үйлээ үзэж байна. Монголын эрх ашиг гэж монголчуудын эрх ашгийг хэлээд байна уу, Монгол руу чиглэсэн өөр эрх ашгийг энэ нэрээр хучаад явна уу, ойлгохоо байсаан.

Эх орондоо тус хийсэн хүнийг эх орондоо тус хийсэн гэж яллаж болохгүй. Иймээс, оффшор бүст мөнгөө хадгалуулсан, олон байшинтай болсон гэж яллаж байгааг гайхаж байна. Оффшор гэдэг нэрийг дуулаад бөөлжих хүн олонч, яг юу болохыг мэдэх хүн хэтэрхий цөөн. Олны бодлоор бол “Зөвхөн хулгайн мөнгө хүлээн авна. Өдөр бүр 09-21 цаг хүртэл ажиллана” гэсэн бичигтэй нэг үл бүтэх газар байх шиг байгаа юм. Үнэндээ энэ бол хүний хөрөнгийг татахын тулд татвар бараг авдаггүй бүсийг л Офшор гэж хэлдэг юм. Үнэхээр хулгайн мөнгө нуудаг бол хулгайлсан мөнгөө “Нээрээ би хулгайч” гэх шиг тийм, тэмээнээс тэмдэгтэй газарт аваачих тэнэг гарах уу? Ер нь юмыг “Хэрвээ би байсан бол ингэж тэнэгтэх үү, үгүй юү” гээд бодчихож байх хэрэгтэй.

Хулгайн мөнгийг баргийн луйварчин дансанд хийдэггүй, гараашиндаа, эсвэл нүхэнд булдаг гэдэг юм. (Хулгай хийе гэж бодож байгаа хүн бол мэдээд авчихад илүүдэхгүй). Харин “Оффшор” бүсэд хадгалвал дэлхий даяараа олоод, мөрөөр нь хөөгөөд шиншилж гарна шүү.

Би гайхаад байгаа юм. Төрийн албан хаагчийн цалингаараа тэрбум, тэрбумын хадгаламж нээсэн улс төрчдийнхийг огт сэжиглэхгүй. Бизнесээс олсон мөнгө “оффшорт” хийсэн гэхээр “хулгай мөөн” гээд байгаа юм. Гадаадад байгаа мөнгийг л ингэж хардаад байгаа юм уу, гэхээр үгүй. Хятадад, Орост хадгалуулсан, нуусан мөнгийг бол ариун гээд, харалтгүй, эргэлзэлтгүй итгэдэг явдлыг бас гайхаад байгаа юм.

Бас С.Баярыг олон байшинтай юм байна, яг л хулгайнх л гэж итгээд явдаг эх орон нэгтнүүдээ гайхаад байгаа юм. Цаад нэр дэвшигчдийнхээ ХОМ-ийг хар. Захын нэг нь л хэдэн тэрбумын, хичнээн харштай байгааг гүйлгээд нэг харчих. Оюу толгойг ашиглалтад оруулсан хүний байшин бол хулгайнх, харин Оюу толгойг хөөсөн хүний харш бол цэвэр орлогынх болоод байгааг гайхаад байгаа юм.

Би гайхаад байгаа юм. Өмчийг нь хурааж авч байгуулсан нэгдэлжих хөдөлгөөнийг магтсан хэвээр мөртлөө, өмчийг нь эргүүлж өгсөн Да.Ганболдыг хараагаад байгааг гайхаад байгаа юм. Богийн толгойд шилжүүлсэн 75 малаас илүүг өмчлөх эрхгүй явсан малчид, мянга мянган хонио бэлчээнгээ Да.Ганболд руу нулимахыг хараад гайхаад байгаа юм. Найзаасаа тамхины мөнгө, хуушуурын үнэ, хөршөөсөө чимх давс, атга элсэн чихэр зээлсээр амьдрал залгуулж явсан үеийнхэн “Ланд 200”-гийнхаа жолооны араас түүнийг зүхээд явааг гайхаад байгаа юм.

Би гайхаад байна. Яагаад, Монголын төр зүтгэсэн хүнээ хөнөөгөөд, самарсан хүнээ ивээгээд яваа юм бол гэж. “Монголын төр гэж монгол улсын төр яг мөн” гэж, “Монголын эрх ашиг гэж монголчуудын өөрсдийн эрх ашгийг хэлнэ” гэж ойлгоод байгаа маань зөв үү гэдгийг бүүр ойлгохоо байчихаад гайхаад байгаа юм.

Монгол хүнээ бас гайхаад байгаа юм. “Эхлээд эргэлз, Бурхан өөрөө хэлсэн ч байг, Бурхны сударт гарсан ч байг. Эхлээд эргэлз” гэсэн удиртгалтай Буддын шашныг дөрвөн зуунаар шүтсэн атлаа эргэлзэх, тунгаах чадвараа эгнэгт гээсэн мэт болсныг гайхаад байгаа юм.

Монголчуудын нэгэн болох өөрийгөө ч гайхаад байгаа юм. Үг хэлэхгүй дагаад, үнэнийг нь хэлэхгүй бараадаад, хуссанаас нь хуваагаад, худагнаас нь балгаад яваад л болоод байхаар байхад “Хааншалдан байгаа нь яах вэ, Харин чи бид хоёр өөрснөө шалдан байгаа”-г хэлж амьтны уурыг бардагийгаа бас гайхаад байгаа юм.

Монгол хүнийг байтугай малыг нь хүртэл гайхаад байгаа юм. Дорнодын Мардайд Зөвлөлтүүд урааны үйлдвэр бариад, олзворлоод байхад энх тунх гялалзаж явсан монгол мал, одоо Францын Арева компани зүгээр л “ураан байна уу, үгүй юү” гээд хайгуул хийхэд нас бараад, хурга нь хоёр гурван толгойтой төрөөд байгаад гайхаад байгаа юм.

Би гайхаад байгаа юм…

2020.06.10

Categories
мэдээ цаг-үе

О.Билгүүн: Эмээ, өвөө минь намайг эд хөрөнгөнөөс илүү амьдралын ухаанд сургасан

Азийн топ модель шалгаруулах олон улсын уралдааны Гран при шагналт, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч О.Билгүүнтэй ярилцлаа.


-Таныг загвар өмсөгч гэдгээр хүмүүс сайн мэддэг шүү дээ. Ингэхэд өөрийн тань үндсэн мэргэжил юу юм бэ?

-Би олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр төгссөн. Дипломатч мэргэжилтэй. Урлаг уран сайхны тухайд бол багаасаа мэдрэмжтэй, дуулж, бүжиглэдэг хүүхэд байсан. Жүжигчин болно ч гэж мөрөөддөг байлаа. Ер нь түүндээ тууштай, дуртай байсан болоод ч тэрүү боломжууд бий болж урлагт орсон гэх үү дээ. Харин намайг загвар луу чиглүүлж өгсөн хүн бол загвар өмсөгч Э.Энхболд. Загварын ертөнцтэй холбогдоод арванхоёр жил болж. Анх дизайнаруудын холбоонд явж байгаад “Монгол модель” агентлагт орж одоо хүртэл ажиллаж байна.

-“Гурван найз”, “Хөөрхөн ээжтэй охин” сүүлд “Бүтэн амьдрал” гээд цөөнгүй кинонд тоглосон. “Бүтэн амьдрал” киноны сайн залуугийн дүр үзэгчдэд тэр дундаа бүсгүйчүүдэд их таалагдсан?

-Нийт таван уран бүтээл дээр ажилласан байна. Бүгд туслах дүрүүд л дээ. Гэхдээ миний хувьд аль чадахаараа хичээж ажилласан. “Бүтэн амьдрал” киноны Золбоо бол хайртай хүнийхээ төлөө санаачилгатай, зоригтой тэмцэж, сэтгэлээ илчилж бас гэрчилж байгаа залуу. Киноны зохиолын хувьд нэлээн ээдрээтэй, нууц амраг, гэр бүл салалт, үл ойлголцол бүхий саарал харилцаанд гэгээ нэмсэн эерэг дүр. Ер нь дэлхий дахинд тулгамдаад байгаа гэр бүл дэх олон асуудлыг уг кино хөндсөн. Гэр бүл, хамтын амьдрал, хайр сэтгэл, хүн хүнийхээ төлөө дуусахын үнэ цэнийг мэдрүүлэх нь “Бүтэн амьдрал” киноны уран бүтээлчдийн зорилго.

-Билгүүн бодит амьдрал дээр хэр романтик вэ. “Золбоо”, “Билгүүн” хоёр хэр ялгаатай вэ?

-Билгүүн, Золбоо хоёр их адилхан. Би их романтик хүн шүү дээ. Дүр, хувь хүн хоёр маань багахан л ялгаатай. Золбоо надаас арай даруухан. Кинондоо хувийнхаа машиныг ашигласан болохоор гадуур явахаар хүмүүс дүрийг минь илүү бодитоор хүлээж аваад байх шиг санагдсан.

-Ямар эмэгтэй таалагддаг вэ?

-Биеэ зөв, сайхан авч явдаг эмэгтэй таалагддаг. Үйл хөдлөл, гадаад үзэмж, арьс арчилгаа, биеийн галбирыг нь хардаг. Би эмэгтэй хүнийг гоё байгаасай гэж хүсдэг. Зөвхөн сэтгэл сайхан байхад болно гэдэг учир дутагдалтай. Өмнөө зорилготой, ухаалаг эмэгтэй сайхан харагддаг.

-Таныг жаахан хурдан шулганаж ярьдаг учраас яриаг чинь ойлгохгүй байна гэж “Бүтэн амьдрал”-ын үзэгчид хөгжилдсөн. Ер нь шүүмжлэлийг та хэр хүлээж авдаг вэ?

-Би шүүмжлэлийг маш сайн хүлээж авдаг. Ер нь шүүмжлэлээс тэгж их айдаггүй. Намайг гүтгэж байгаа зүйлүүдийг ч тоодоггүй. Худлаа учраас түүнд зовох шаардлагагүй. Хэрвээ зовох юм бол өөртөө л сэтгэлийн дарамт стрессийг бий болгоно. Тэрийг мэдчихсэн учраас шүүмжлэл, хар пиард огтоосоо сатаардаггүй.

-Гэрэлт гудмын төслийг санаачилсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ. Өөрийгөө тал бүрээс нь хөгжүүлж, олон ажил оролдож явдгаас харахад нэлээн шинийг эрэлхийлэгч байх?

-Өөрийгөө сорьсон шинэлэг зүйлд дуртай шүү. Багын л тийм хүүхэд байсан. Өвөө эмээ дээрээ өссөн болоод ч тэр үү хүмүүжил бий бий. Манайх энгийн л айл. Эмээ өвөө минь намайг эд хөрөнгөнөөс илүү амьдралын ухаанд суралцуулсан. Амьдралын шаардлагаар ч бизнес, урлаг соёл гээд олон талын туршлага хуримтлуулсан.

-“Сонголтоо баталгаажуулъя” гээд өөрийн тань нэвтрүүлгийн анхны дугаар фэйсбүүкт тавигдсан байна лээ. Улс төрийн нэвтрүүлэг үү. Зорилго нь юу вэ?

-Тийм шүү. Өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болж байгаа. Улс төр гэдэг бидний хувьд чухал зүйл. Улс төрийн шийдвэрээр бидний ирээдүй тодорхойлогдоно. Энэ жил сонгууль ч болж байна. Зөв хүнээ сонгох хэрэгтэй. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн гол зорилго бол нэр дэвшигчид залуу үедээ, ард түмэндээ яг юу гэж амлаж байна. Дөрвөн жилийн дараагаар бид яаж энэ бүхнийг хянадаг болох вэ. Яаж сонгох сонголтоо баталгаажуулж эхлэх вэ гээд бодож эхэлнэ. Тэр ч утгаараа “Сонголтоо баталгаажуулъя” гэсэн контент хийж эхэлсэн. Тэдний хэлсэн ярьсан зүйлийг баталгаажуулж ам асууж авна. Энэ бол жинхэнэ залуу үед хүрэх контент.

-Цэвэр өөрсдөө сэтгэж контентоо эхлүүлсэн гэсэн үг үү?

-Тийм. Нам эвсэл ямар ч хамаагүй.

-Гадаадад амьдарч байсан хүний хувьд Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн талаар нэлээн боддог байх. Үүнд залуусын оролцоо ямар байгаа бол? /залуус ихэнхи нь гадаад руу явдаг болчихсон/

-Залуу хүн хөгжих нь зөв. Гэхдээ хөгжихийн хажуугаар хийх хэрэгтэй. Дараа үеийнхэндээ өөрийнхөө сурсан мэдсэнийг байнга хуваалцаж явах нь зүйтэй. Миний хувьд Солонгос, Азийн орнуудаар явсан. Мэдлэгтэй, боловсролтой маш олон залуучууд байна. Үүнээс олон шинэ санаа, сэдэл төрдөг. Залуучууд байнгын хөгжиж байх хэрэгтэй, өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Юунаас ч битгий ай. Амь биш заяа биш. Аминаас илүү асуудал гэж байдаггүй. Амьд л байгаа бол тэрийг шийдэх гарц гаргалгаа заавал байдаг. Оролдож хөдөлмөрлөж байж л хүнд боломж бий болно.

-36 бизнес эхлүүлснээс 33 нь бүтэлгүйтсэн гэж нэг ярилцлагадаа дурдсан байсан. Нэг л бүтэлгүйтсэн бол тэр чигт нь хаядаг шантрамтхай хүмүүс байдаг шүү?

-Би зорино,хүрнэ гэсэндээ заавал хүрэхийг хүсдэг. Миний зорилго мөрөөдөл том л доо. Урлагт бол Холливудад гарна, бизнес тал дээрээ тэрбумтан, карьер талдаа улсдаа хэрэгтэй нөлөө бүхий хүн болно гэсэн зорилго бүхий. Тэгэхээр миний жижигхэн бүтэлгүйтэл бол миний зорилгын хажууд юу ч биш. Бага багаар бүтэлгүйтэж байж дараа дараагийнхаа шатыг ахина. Тийм учраас огт зүгээр сууж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Нэгэнт шийдэгдэх асуудал бол түүнд бухимдах ямар ч шаардлага байхгүй. Эсрэгээрээ шийдэгдэхгүй асуудал гарсан ч бас л түүнд бухимдах ямар ч шаардлага үгүй. Дараагийн шийдэл, санаа, гаргалгааг ол, тэгээд хөдөл.

-Тархи дурсамж дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг гэдэг. Тийм ч учраас их зүйлийг үз, хар гэж хүмүүс захидаг шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Тэр дурсамж бүр чинь ердөө туршлага шүү дээ. Жишээ нь, би долоон кафе, паб ажиллуулж байсан. Машин угаалгын газар, гутал засвар, барилгын материал гээд олон бизнес оролдсон. Энэ мэтчилэн гадаад худалдааны бизнесүүд хийж байсан. Тийм ч учраас залуус минь тууштай бай. Үнэн ч бай. Эх орон ч бай. Эх орноо хайрлана гэдэг бүх зүйлийг хайрлаж байгаа хэрэг л дээ.

С.ЛХАМСҮРЭН

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ цаг-үе

Булган аймгийн Хоёрдугаар сургуулийн бүтээлч 10а ангийнхан

“Нэг анги” булангийн энэ удаагийн зочноор Монголын анхны олимпийн аварга Н.Түвшинбаяр, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нарын сурч байсан Булган аймгийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийн 1992 оны төгсөлт 10а ангийнхныг урьлаа. 10а ангийнхан 1982 онд анх сургуулийн босго алхан оржээ. Анх Г.Оюун багштай 1а болон Д.Цэцгээ багштай 1б гэсэн хоёр бүлэг байсан бөгөөд наймдугаар ангийг Ж.Даваасүрэн, Г.Алимаа багш нар төгссөн байна. Улмаар 1992 онд хоёр ангийг нийлж 10а болоход нь Б.Галя багш удирдан төгсгөж амьдрал хэмээх их далай руу хөтлөн оруулсан дурсамж саяхан мэт санагдана. Бага ангидаа хэдий хоёр бүлэг байсан ч цөөхөн хүүхэдтэй учир нэг анги мэт ижилдэн дасч, их л дотно нөхөрлөдөг байж. Тиймээс анги дэвших тусам нэгэн цул болж хамтдаа хичээл сурлага, тэмцээн уралдаан, спортын наадам, урлагийн тэмцээнд ихэвчлэн тэргүүлдэг болжээ. Үүний нэг тод жишээ бол хоёрдугаар ангид байхдаа “Уриа” хамтлаг байгуулан дуу, шүлэг, жүжиг бэлдэн багшийнхаа оролцоогүйгээр өөрсдөө Булганы цэцэрлэгүүд болон хорооллын айлуудаар явж хүүхэд хөгшдөд концерт тоглож өгдөг байж. Мөн аймгийн төвийн байшингууд дээр хүмүүсийн сараачсан зүйлсийг шохойдож арилган, сургууль дээрээ сурагч нөхөрлөл байгуулан ангиудаар явж ариун цэвэр шалгадаг, бага ангийн дүү нарынхаа хичээлийг давтуулдаг байв. Сурлага, урлаг спортын олон тэмцээн уралдаанд сургуульдаа төдийгүй аймаг улсдаа амжилт гаргаж байжээ. Тухайлбал, зургадугаар ангидаа монгол хэл, бичгийн улсын олимпиадад ангиараа III байр, есдүгээр ангидаа орос хэл, бичгийн улсын XI олимпиадад ангиараа мөн III байр эзэлж аймаг, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явсан нь түүх болон үлджээ. Түүнчлэн Э.Сундуй, Д.Хосбулаг, Ц.Тэмүүлэн, Ч.Мөнхөө, Д.Алтанзагас, Р.Ариунбилэг, Д.Лхагвасүрэн, Ч.Төмөрбаатар, Б.Баярмаа нар анги хамт олон, сургууль, аймгаа төлөөлөн математик, хими, физик, орос хэл, цана, тэшүүр, хөнгөн атлетикийн аймаг, улсын олон тэмцээн уралдаан, олимпиадад амжилттай оролцдог байжээ. Тэр үед сургууль, анги танхим маань их л өнгөлөг, багш нар маань маш чадварлаг, хичээл номын зэрэгцээ урлаг, спорт, нийгмийн маш олон гоё арга хэмжээ байнга зохиогддог, ёстой л эрдэм ажил буцалсан их өргөө байсан даа хэмээн ангийнхан дурсана.

Он жил өнгөрч, хүмүүний амьдрал өөрчлөгдсөн ч багын дурсамж сэтгэлээс хэзээ ч гардаггүй, эргээд санахад өчигдөрхөн юм шиг л тодхон байдаг. Энэ дурсамжуудын нэгээхэн хэсэг бол яахын аргагүй тухайн үеийн намрын ургацын ажилд оролцох билээ. 10а ангийнхан зургадугаар ангиасаа намрын ажилд явж, тариа хураалт, төмс хураалт, барилга барихад хүртэл ажиллаж байв. Хишиг-Өндөр сумын дэлгүүрийн барилгыг барихад хүртэл оролцож байсан гэнэ. Хамтдаа намрын ажилд явна гэдэг сурагчдын хүсэн хүлээдэг ажил байв. Есдүгээр ангид ордог 1990 оны намар бид Бүрэгхангай суманд төмс хураалтанд явлаа. Үйлчлэх хөдөлмөрийн багшаар шинэ төгсөж ирсэн Оюунчимэг гэж залуухан багш болон түүхийн Дашцэрэн багш сурагчдыг удирдаж явжээ. Дашцэрэн багш сурагчдад олон сонирхолтой түүх ярьж өгнө. Төмс хураалтад өдөрт тэдэн шуудай гээд норм тогтооно. Нэг хөвгүүн нэг охин нийлж нэг баг болоод уралдана. Гэрээсээ авчирсан боов боорцог, ногоо голдуу шөлтэй хоолоо идээд, өдөржин ажилласан ч ядрахыг мэдэхгүй оройжин инээлдэж тоглодог балчир насныхаа тухай ярьцгаана. Дашцэрэн багш үг үсэг холбож ярьж хүүхдүүдийг хөгжөөнө. Төмсний талбай дээр ажиллаж байхад “Амыг нь онгойлгоод үзэхэд, аргагүй том төмс байвал аваад ирцгээ хүүхдүүд ээ!” гэх юмуу, эсвэл орой майхныхаа урд гал түлээд сууж байхад “Урдаасаа салхитай байхад учиргүй гал өрдөөд боль наадахаа” гэж хөгжөөнө. Сурагч О.Бат-Эрдэнэ нэг өглөө түрүүлж босч цай чанах жижүүртэй, цайгаа чанаад майхны гадаа сууж байтал, багш нь “Болсон уу цай?” гээд хашгиртал О.Бат-Эрдэнэ багшийнхаа ярианы өнгөнд тааруулан “Болоогүй байна цай” гэж хашгирахыг сонсоод майханд байсан хүүхдүүд нирхийтэл инээлдсэн нь одоо ч мартагддаггүй байна. Хаа нэг бороотой өдрөөр нэг их дуу хуур гээд байдаггүй Лхагвасүрэн гитар даран

“Суусрын гүйдэл салхинд шанхаар наадан сэвэлзээд

Суурь хөлгөн асрын шашдир цэцэг дэрвээ юү

Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос

Суран жолоо атгуулан өнгийн цэцэг дэрвээ юу” гээд дуулахад охид хөнгөн гунигтай сонсон суух нь одоо ч тодхон хэмээн ангийн хөвгүүд нь дурсах. За тэгээд намрын ажлаа дуусгаад харих үед Д.Бат-Эрдэнэ хэзээний шооч зангаар “Охид оо, та нарын наад хацрын сайр сар болсон ч арилахгүй гэж мөрийцье” хэмээн бөөн инээдэм болгоно. Бас ажлын хөлс гэж хэдэн төгрөг аваад Боко буюу Болорын ээжийн ажилладаг ресторан руу гүйж том улаан боорцог аваад идчихнэ. 10а ангийнхан намар, өвлийн спартакиадад их идэвхтэй, зохион байгуулалттай оролцоно оо. Дээгүүр ч байр эзэлнэ. Манай Төөмөө (Төмөрбаатар), Баярмаа, Оёко (Оюунтуяа), Эрдэнэбаяр, Бадингоо (Батмөнх), Хосоо (Хосбулаг), Жанчив, Загасаа, Мөнхөө нар маань цана, тэшүүр, хөнгөн атлетикийн ганцаарчилсан төрлүүдэд оролцоно.

Хосоо тэшүүрээр, Баярмаа цанаар улсын чанартай олон тэмцээнд амжилттай оролцсон байна. Түүний зэрэгцээ сурагчид Ачуутын голынхоо урд уулан дээр амралтын өдөр бүр л цана чаргаар гулгана, цасаар байлдаж тоглоно.

Сурагчдыг долдугаар ангид ордог жил буюу 1989 онд Халхын голын ялалтын 50 жилийн ой болж, улс даяар өргөн арга хэмжээ болж. Үүнтэй холбоотойгоор

Орос хэлний баяр болох гээд ангиараа Б.Галя багштайгаа шаргуу бэлдэв. Гэтэл нэг өдөр Тулгаа (Баттулга) гэнэт шалан дээр подхийтэл ухаан алдаад уначихаж. Хэт их ачаалалттай бэлдсэн нь тэр байж. Хүүхэд болохоор ядрахаа ч мэдээгүй биз. Тэр жил ангиараа Халхын голын дайнд оролцсон, Булганд амьдардаг ахмад дайчин Шаравжамц гэдэг өвөөд тусалж хүүхэд бүр нэг, нэг төгрөг нийлүүлэн гурил, будаа, сахар, тос гэх мэт хүнс авчээ. Ингээд ангиараа гэрт нь очиж, хөвгүүд түлээг нь хөрөөдөж хагалаад, охидууд олон жил ганц биеэрээ амьдарч утаа угаарт идэгдсэн бор гэрийг нь цэмцийтэл угааж цэвэрлэн өгчээ. Өвөө их л баярлан хоймрынхоо авдарнаас Халхын голын дайнд оролцож байсан гэсэн үнэмлэх, өөрийнхөө болон бурхан болсон охиныхоо зургийг үзүүлэн, дайнд оролцож явсан тухайгаа хуучилж өгч байжээ. Мөн энэ жил зочид буудлын арын сааданд, тэр үед дөнгөж баригдаад байсан баатруудын хөшөөний яг дэргэд таван хошуу хэлбэртэй цэцгийн мандал байгуулан, хаанаас ч юм олсон сумны хонгионууд, цэргийн малгай, усны сав гэх мэт зүйлсээр баяжуулан ангидаа Халх голын дайны тухай танин мэдэхүйн түүхэн булан байгуулан, төв сааданд Булганы бүх ахмад дайчдыг урьж авчран хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж байсан зураг нь одоо ч байдаг аж. Хамгийн гол нь энэ бүхнийг бид ямар ч багшийн шахалт шаардлагаар биш, өөрсдөө санаачлан зохион байгуулдаг байсан нь нөгөө талаас сургууль багш нарын маань биднийг багаас нь идэвх санаачилгатай, чадвартай, биеэ даасан хүүхдүүд болгож хүмүүжүүлж байсны ач гавьяа юм шүү хэмээн ярьцгаана. Ангиараа хот явж үзэхээр өөрсдөө хөдөлмөрлөж мөнгө олжээ. Ингээд 1991 оны хавар Улаанбаатар хотод ангиараа аялж мөрөөдлөө биелүүлжээ. ПАЗ автобусыг хөлсөлж аваад Б.Галя багштайгаа Улаанбаатар хотод ирж. Улаанбаатарт ирээд Зайсан толгой, Сүхбаатарын талбай гэх мэт хотын бүх л сайхан газруудыг үзэж кино театрт кино үзэн, Залуучуудын холбоон дээр тухайн үеийн хит болж байсан “Харанга” хамтлагийнтай уулзалт хийн, зургаа хамт авахуулсан нь сурагчдын хувьд хэзээ ч мартагдашгүй сайхан аялал болжээ. 1992 оны хавар сургуулиа төгссөнөөс хойш өөр өөрийн амьдралын зам мөрөөр жигүүрлэж явсан хэдий ч ижилдэн дассан нэг ангийнхан гэдэг нэг насны нөхөрлөл учир өнөө ч уулзахаараа биесээ багын хочоор нь дуудаж, инээж хөөрдөг гэнэн томоогүй зан нь хэвээрээ ажээ. Одоо уг ангийнхан Д.Лхагвасүрэн, С.Жанчив, М.Тунгалаг, Д.Хосбулаг, Л.Ганчимэг, Б.Баттулга, Д.Батхүрэл, Ч.Мөнхөө, Н.Хонгорзул, М.Болормаа, М.Сүнжидмаа, Л.Дэжид, Д.Пүрвээ нар маань Булган нутгийнхаа голомтыг манан аймаг орон нутагтаа ажиллаж амьдарч байна. Харин Б.Баярмаа, Д.Сувдаа хоёр Өвөрхангай аймагт, Ц.Саранчимэг, Ш.Бат-Эрдэнэ нар Эрдэнэт хотод, Ц.Цэцэгсайхан Сэлэнгэ аймагт, Энх. Ганзоригт Өмнөговь аймагт, Б.Үүрдмөнх Дархан-Уул аймагт, Н.Ганчимэг (АНУ), Ц.Тэмүүлэн (АНУ), Э.Сундуй (Африк), Н.Түвшинбаяр (Испани) нар гадаадад амьдарч байгаа аж. Д.Болор, Д.Бат-Эрдэнэ, Ч.Төмөрбаатар, Ц.Төмөрчөдөр, Д.Доржпүрэв, Р.Ариунбилэг, Д.Алтанзагас, Г.Хишигдэлгэр, Б.Алимаа, Г.Цэнджав, Ц.Эрдэнэсайхан, О.Бат-Эрдэнэ, М.Золзаяа, Д.Оюунтуяа, Д.Батмөнх, С.Отгонбаяр, О.Уянга, Д.Эрдэнэбаяр, Н.Буянзаяа, Энэ.Ганзориг нар Улаанбаатар хотод хань ижил, үр хүүхэд, ажил албатай түвшин сайхан амьдарцгааж байна. Тус ангийнхан 2017 онд төгсөлтийнхөө 25 жилийн ойг Булган аймгийн төвийн сургуулиудын 1992 оны нийт төгсөгчдийн нэгдсэн уулзалт болгон тэмдэглэхдээ хамтын хүчээр Булган хотдоо “Сургууль төгсөгчдийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг санаачилжээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажил өнөөдөр үе үеийн төгсөгчдийн хүчээр өргөжин дэвжиж, цэцэрлэгт нь хүүхэд залуусын очих дуртай газар болжээ.


Categories
мэдээ нийгэм

“Ахмадын хотхон”-ы хоёр байрыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд хуваарилах хуваарилах асуудлыг шийдвэрлэнэ

Орон сууц хуваарилах ажил зохион байгуулах тухай хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана. Хурлаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт байрлах халамжийн түрээсийн “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байр болон Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны нутагт байрлах энгийн түрээсийн 63-1, 63-2 дугаар байруудыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд хуваарилах асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх юм байна. Түрээсийн орон сууцуудыг түрээслээд өмчлөх хэлбэрт оруулснаар зорилтод бүлгийн иргэдийг өөрийн өмчлөлийн хямд өртөгтэй орон сууцаар хангах боломж бүрдэх онцлогтой.

Мөн тус хурлаар Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг Баянхошуу, Хөтөл орчмын дэд бүтцийн төвийн барилга байгууламж, шугам сүлжээ, Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга болон сургууль, цэцэрлэгийн 14 өргөтгөл, спорт заалыг нийслэлийн өмчид бүртгэх тухай хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

“Драгон” төвийн орчныг сайжруулж, зогсоолыг нэмэгдүүлнэ

Драгон төвд хот хоорондын ачаа, тээвэр, төрөл бүрийн үйлчилгээг 20 гаруй жил иргэдэд үзүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд хот хоорондын зорчигч тээврийн голлох үйлчилгээ үзүүлдэг Драгон төвийн ачаалал нэмэгдэж авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй, эмх замбараагүй байдал үүссэн учраас хотын Захирагч С.Амарсайхан газар дээр нь ажиллаж Драгон төвийг дахин төлөвлөж, шинэчлэх, ногоон байгууламж бий болгож, иргэд зорчигчдын ая тухтай байдлыг бүрдүүлэх үүрэг чиглэл өглөө. Мөн хотын Захирагч С.Амарсайхан Драгон төвийн удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг сонсож хамтран ажиллахаар болов. Тус төвөөр өдөрт 5000-6000 иргэд үйлчлүүлж, 500 гаруй авто машин тогтмол зорчдог байна. Драгон төвөөс 17 аймаг 240 гаруй сум руу тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм. “Драгон холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Баярт “Драгон төв үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Баруун аймгуудад үйлчилдэг хот хоорондын тээврийн үйлчилгээг үзүүлж хөгжлийнхөө хугацаанд өнгө төрх өөрчлөгдөж байна. Гэхдээ энэ төв орчин цагийн шаардлагад нийцэхгүй болсон. Жишээлбэл зогсоол хүрэлцэхгүй, хөл хөдөлгөөн ихтэй, эмх замбааргүй гэх мэт. Харин анх удаа Нийслэлийн Засаг дарга манай төвийн үйл ажиллагаатай танилцаж шаардлагатай арга хэмжээг авахаар болсонд талархалтай байна. Бидний зүгээс төвийнхөө орчныг тохижуулж нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, Драгон төвийг орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан олон улсын терминаль болгон хөгжүүлэх зорилготой” гэв. Хотын Захирагч С.Амарсайхан Драгон төвд ажиллах үеэрээ тус төвийг дахин төлөвлөж шинэчилж, тохижуулж олон улсын стандартад нийцүүлэх асуудлыг бүх талаар дэмжиж хамтран ажиллахаар болов.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

BTS хамтлаг онлайн тоглолтоороо дахин нэг шинэ амжилт тогтоолоо

Дэлхийд алдартай BTS хамтлаг өчигдөр буюу зургадугаар сарын 14-ний өдөр фэнүүддээ зориулан “Bang Bang Con the Live” онлайн тоглолтоо хийлээ. Тус хамтлаг долоон жилийнхээ ойг тохиолдуулан энэхүү онлайн тоглолтыг зохион байгуулсан билээ. Тоглолт Big Hit Entertainment компанийн бүтээсэн Солонгос апп болохWeverse дээр тавигдсанюм. Уг тоглолт нь төлбөртэй тоглолт бөгөөд тасалбарыг урьдчилан захиалахад 35 доллар эсвэл BTS армигийн гишүүнээр элссэн тохиолдолд 26 долларын үнэтэй байжээ.Weverse дээр мэдээллэснээруг концерт нь зургаан дэлгэц бүхий камерыг санал болгох бөгөөд үзэгчид өөрсдөө сонгох юм.Мөн Солонгос, Англи, Япон, Хятад хэл дээр хадмал орчуулгыг хүргэх болно. Фэнүүд албан ёсны тасалбарыг авсны дараа тоглолтыг дараа нь дахин үзэх боломжтой. Энэхүү онлайн тоглолтыг 107 улсаас 756,600 хүн үзсэн ба ойролцоогоор 67 тэрбум 500 сая төгрөгийн ашиг олсон байна.Ийм хэмжээний үзэгчдийг цуглуулж онлайн тоглолт хийсэн уран бүтээлч байхгүй бөгөөд BTS хамтлаг нь дахин нэг шинэ амжилт тогтоолоо.

Х.ЕСҮ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

5G сүлжээг нэвтрүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байна

Өнгөрсөн оны хоёрдугаар сард “Qualcomm” компани 5G сүлжээний нэвтрүүлхээ зарласан. Хэдий тийм боловч 5G сүлжээ нэвтрүүлэхэд багагүй хугацаа шаардлагатайгаас гадна олон тэрбум ам.долларыг зарцуулж байгаа аж. Үүнээс нэг жилийн дараа БНСУ анх удаа арилжааны зорилгоор 5G технологийг танилцуулсан. Харин дараа нь БНХАУ хамгийн өргөн хүрээ хамарсан сүлжээг нэвтрүүлээд байна. Дэлхий даяар аль хэдийн олон сая 5G сүлжээ дэмжих гар утас борлуулагдаад байгаа ч энэхүү технологийг хүмүүс хараахан ашиглаж эхлээгүй байна.“Samsung”, “Huawei”, “Xiaomi” зэрэг ухаалаг гар утас үйлдвэрлэгчид энэ чиглэлд идэвхтэй оролцож, 5G дэмжих шинэ төхөөрөмжүүдээ энэ онд танилцуулахаа зарлаад байна.

Х.ЕСҮ