Categories
мэдээ соёл-урлаг

Ирэх саруудад нээлтээ хийх гадаад киноны нэрс

Урлагийн томоохон хэсэг болох кино нь үзэгчидэд нарийн утга санаагаар дамжуулан ухаарал, сэтгэл хөдлөл, түүхэн баримтыг хүргэдэг. 2020 оны байдлаар гадны орнуудад олон сонирхолтой кинонууд нээлтээ хийхээ мэдэгдэж байсан нь саяхан.Тэгвэл ирэх сард ямар кинонуудын нээлтийн үйл ажиллагаа болох талаар доор дурдъя.

Долоодугаар сар:

  • 2020.07.10-ны Баасан гарагт “The broken hearts gallery”
  • 2020.07.24-ний Баасан гарагт “Mulan”
  • 2020.07.31-ний Баасан гарагт “Tenet”

Наймдугаар сар:

  • 2020.08.07-ны Баасан гарагт “SpongeBob: Sponge on the Run”
  • 2020.08.14-ний Баасан гарагт “Bill & Ted Face the Music”, “Greenland”, “The secret garden”
  • 2020.08.21-ний Баасан гарагт “Let him go”, “Аntebellum”
  • 2020.08.28-ны Баасан гарагт “Spell”

Есдүгээр сар:

  • 2020.09.04-ний Баасан гарагт “Monster Hunter”, “A Quiet place part II”
  • 2020.09.11-ний Баасан гарагт “The Conjuring: The Devil made me do it”
  • 2020.09.18-ны Баасан гарагт “Tom Clancy’s without remorse”, “The King’s man”
  • 2020.09.25-ны Баасан гарагт “Candyman”, “Praise This”, “The Trial of the Chicago 7 (limited)”

А.ЗОЛЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Орон сууцанд орох батламжаа гардан авлаа

Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан.

Тус төслийн хүрээнд Монгол Улсын Шадар Сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр Онгой байдлын байгуулллага, мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуул, хил хамгаалах зэрэг таван байгууллагын албан хаагчдын 25 төлөөлөлд түрээслээд өмчлөх нөхцөлөөр батламж гардууллаа. Албан хаагчид энэ сарын 21-ний өдрөөс байрны сонголтоо хийх юм.

Батламж гардуулах үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Засгийн газрын хуралдаанаар түрээсийн хугацааг 15 жил болгосон. Энэ бол илүү хөнгөвчилсөн нөхцөлтэй болгож байгаа юм. Энэ дагуу НОСК-аас аж ахуйн нэгжүүдэд зарыг хүргэсэн. Компаниуд бэлэн барьсан орон сууцаа нийлүүлэх саналыг өгч байна. Бидний тавьж байгаа шаардлага бол тухайн орон сууц нь 100 хувийн гүйцэтгэлтэй, чанарын шаардлагыг бүрэн хангасан байна.

А.ЗОЛЗАЯА

Орон сууцанд орох батламжаа гардан авлаа

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасах, Аварга цолыг хураах саналыг хуульд нийцсэн гэж шүүхээс үзлээ

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хурал, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.

Шүүх хурлаар Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн болох нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд хариуцагч Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд:

  • Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох,
  • Барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах,
  • Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах,
  • Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ.

Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэв.

А.ЗОЛЗАЯА

Categories
мэдээ нийгэм

30 төрлийн 3308 ширхэг тэсэрч дэлбэрэх сум, хэрэгслийг аюулгүй болголоо

30 төрлийн 3308 ширхэг тэсэрч дэлбэрэх сум, хэрэгслийг аюулгүй болголоо

Энэ оны 05 дугаар сард Дорнод аймгийн цагдаагийн газар, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран үзлэг хийсний үр дүэд тус аймгийн нутаг дэвсгэрээс 300 гаруй ширхэг цэнэгтэй сум, зенитийн пулемёт ОПЗ сум, 37мм хошуу 85 ширхэг, сургалт дадлагын хонгио 8 ширхэг, задрах дэлбэрэх сум 56 ширхэг, хуяг нэвтлэгч шатаагч сум 72 ширхэг, Т-62 танкийн 115мм цоргих үйлчилгээтэй сум, задран дэлбэрэх сум 42 ширхэг олдсон билээ.

Үүнтэй холбоотой иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дорнод аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар томилогдсон хайгуулын бүлэг, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдтэй хамтран Дорнод аймгийн хоёр сумд газар орны үзлэг, шалгалт хийж цэргийн зориулалттай сум, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх зүйлсийг эрэн хайж, олж тогтоон, устгах ажлыг зохион байгуулан ажиллажээ.

Энэхүү хойшлуулшгүй ажиллагааны явцад нийт 30 төрлийн 3308 ширхэг байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх сум, хэрэгслийг олж илрүүлэн Зэвсэгт хүчний 0327 дугаар ангийн цэргийн мэргэжилтнүүдийг байлцуулан тогтоосон заавар, журмын дагуу аюулгүй болголоо.

Иймд иргэд та бүхэн сум, тэсэрч дэлбэрч болзошгүй эд юмс олсон тохиолдолд яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж хүний амь нас, мал амьтан эд зүйлс хохирох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​BTS хамтлагийн түүхийг харуулсан кино хийнэ

Big Hit Entertainment нь BTS-ийн түүхийг харуулсан “Blue Sky” буюу “Цэнхэр тэнгэр” нэртэй олон ангит киног гаргах гэж буйгаа мэдээллээ. Хүлээгдэж буй тус киноны ажлын эхний алхмууд хийгдэж, киноны найруулагч, продакшны ажилтнууд уулзалджээ.

“Цэнхэр тэнгэр” кино нь BTS-ийн гишүүдийн амьдралаас урам зориг авах зорилгоор хийгдэж байгаа бөгөөд сургуульд байхаасаа өдрөөс эхлэн хамтлагийг бүрдүүлж, дебют хийж, одоогийн өндөрлөгт хүрсэн хөвгүүдийн аялалыг бүрийг дүрслэн харуулна. Ерөнхий зохиол нь BTS-ийн түүхийг багтаах боловч хамтлагийн гишүүд тус кинонд тоглохгүй юм. Тиймээс дүрийн нэр өөрчлөгдөж, үзэгчид кинонд өгүүлж буй түүхийг гишүүдийн хэн нь болохыг киноны дүрээс үндэслэн таах хэрэгтэй аж.

“Цэнхэр тэнгэр” киноны зураг авалт энэ оны есдүгээр сараас эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Одоогоор дүрүүдэд зориулсан шалгалтыг бүрэн нууцлалтайгаар хийж байгаа бөгөөд хуваарийн дагуу явбал уг кино 2021 оны эхээр цацагдаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Б. МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

​ЭЕШ-ЫН ДҮН ОНООНЫ ТУХАЙ

2006 оноос хойш БҮТ нь улсын хэмжээнд нэгдсэн байдлаар ЭЕШ-ыг зохион явуулж байгаа бөгөөд шалгуулагчдын дүн оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг.

✍️ Анхны оноо гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. ЭЕШ-д шалгуулагчид хамгийн ихдээ 100 оноо авах ёстой. Анхны оноо хэмжээст оноог тооцоолох хамгийн чухал хамаарал юм.

✍️ Хэмжээст оноо гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг. Хэмжээст оноо 200-800 онооны хооронд гардаг.

✍️ Проценталь оноо нь шалгуулагч тухайн хичээлийн шалгуулагчдын жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм. Шалгуулагчийн проценталь оноо 98,2 гэсэн байвал тантай ижил буюу танаас их оноо авсан шалгуулагч нийт шалгуулагчийн 1,8 хувь байна гэсэн үг юм.

✍️ Амжилтын чанарын индекс нь хичээл сургалтын үр дүнд шалгуулагчийн хөгжүүлж чадсан мэдлэг ур чадварыг үнэлсэн үсгэн үнэлгээ. Улсын дунджаас өндөр эсвэл бага байгаагаас хамаарч А, -А, В, -В, С, -С, D, -D, F гэсэн 9 интервалаар хэмжинэ.

✏️✏️ Шууд засалтын машинд зөөлөн харандаагаар бөглөсөн материал уншихад тохиромжтой. Тиймээс шалгуулагчдыг нэгдсэн журмаар харандаагаар хангаж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Ус зайлуулах шугамын өргөтгөл засвар, шинэчлэлтийн 15 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ

2020 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн 6 дүүрэгт авто замын борооны ус зайлуулах шугамын өргөтгөл засвар, шинэчлэлтийн 15 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:

  • Авто замын борооны ус зайлуулах шугам болон насост худгуудын засвар
  • 3 болон 4 дүгээр төв коллекторын засвар шинэчлэлт
  • Зайсангийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын холболт
  • Монелийн авто замын борооны ус зайлуулах шугам угсралт, шүүрт болон үзлэгийн худгийн засвар нөхөн сэргээлт 11 хэсэгт тус тус хийгдэнэ.

Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 1а байрны ард талын авто замын борооны ус зайлуулах шугам худгийн угсралтын ажил бүрэн дууслаа.

Харин Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, орон сууцны хороолол доторх авто замын борооны ус зайлуулах шугамыг Нарны замтай холбох хэсэг, Монелийн авто замын борооны ус зайлуулах шугамын ажлууд хийгдэж байна. Мөн жил бүр тогтмол хийгддэг борооны ус зайлуулах шугам, шүүрт болон үзлэгийн худгийн засвар нөхөн сэргээлт, урсгал засварын ажлууд Нийслэлийн зургаан дүүрэгт хийгдэж байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ сэрэмжлүүлэг: Эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

ОБЕГ: Өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа гээд хүнсээ нөөцлөх ...

Дархан-Уул аймгийн Орхон сумын “Энхтал” гэдэг газар /аймгаас төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ “Орхон” голд хүн осолдсон тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 15:50 цагт очиход Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Бага нуга” гэдэг газар иргэн Б /50 настай, эрэгтэй, нийслэлийн Хан-Уул дүүрийн иргэн/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ загас барихаар голын усанд орж, осолдсон байсан тул тухайн газарт 3 удаагийн шумбалт хийж, осолдсон газраас 12 км-т завьтай голын эрэг дагуу самнаж, үр дүнд хүрээгүй тул 19:31 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, ар гэрийнхэн хамтран ажилласан. 06.17-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Халаасны хулгайн бүлэг этгээдийг баривчилжээ

Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, эмнэлэг, үйлчилгээний газруудаар үйлчлүүлж байгаа иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг Б, Ж, Х нарын бүлэг этгээдийг баривчилжээ.

Дээрх этгээдүүд өмнө нь халаасны болон орон байрны хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж, ял шийтгэгдэж байсан. Одоогийн байдлаар 5 удаагийн үйлдлээр иргэдэд таван сая төрөгийн хохирол учруулжээ. Тэд хулгайлсан эд зүйлээ Улаанбаатар хотод борлуулдаг болох нь тогтоогдож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Японы Засгийн газраас 1 тэрбум иенийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүллээ

Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар хэрэгжих “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих төсөл”, буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн талаарх “Засгийн газар хоорондын солилцох ноот бичиг”-үүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар, Японы Улсын Засгийн газрыг төлөөлж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Сайд Д.Цогтбаатар дэлхийн улс орнууд “COVID-19” коронавируст халдварын тархалттай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед манай Стратегийн түнш Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бодит дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлээд эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иенийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж байгаа нь цаг үеэ олсон тусламж болохыг онцлов.

Япон Улсын Засгийн газрын “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” нь зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд улс орны хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйтэй залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их дээд сургуульд суралцуулж, мэдлэг олгодог нэн ач холбогдолтой хөтөлбөр юм.

“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2020-2024 онуудад хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулж 2020 оны санхүүгийн жилд 249.0 (хоёр зуун дөчин есөн) сая иенийн буцалтгүй тусламж олгоно. Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд хууль, эдийн засаг, төрийн удирдлага зэргийн мэргэжлүүдээр 16 төрийн болон хувийн хэвшлийн албан хаагч магистр, докторын сургалтад хамрагдах юм.

Монгол Улс энэхүү хөтөлбөрт 2001 оноос хамрагдаж эхэлсэн бөгөөд нийт 20 төсөл хэрэгжиж, 360 оюутан Япон Улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад хууль, эрх зүй, төрийн удирдлага, эдийн засаг, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, мэдээллийн технологийн зэрэг чиглэлээр суралцаж, эх орныхоо хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна.

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүс байлцав.