Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-18-ны байдлаар

Categories
мэдээ нийгэм

Булган аймгийн гурван түймэрт таван аймгийн Онцгой байдлын алба хаагчид дайчлагджээ

Булган аймагт өнгөрсөн хоёр хоногт гарсан гурван түймэрт Булган, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дайчлагдаад байна. Тус аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Уураг, Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн Хустайн гурван даваа, Тэшиг сумын Хужирт багийн Шар чулуут гэдэг газар ойн түймэртэй байгаа юм.

– Ойн түймрийн тархалтыг зогсоож байна. Түймрийг цурманд оруулж бүрэн унтраах шуурхай арга хэмжээ авч байна. Ойн түймэр учир унианги мод их шатаж хөрсний гал, нурмыг бүрэн унтраахад ажиллагаа их шаардаж байгаа. Ойрын өдрүүдэд цаг агаар их халуун байгаа нь түймрийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр ярилаа.

Хутаг-Өндөр сумын Хантай багийн Уураг гэдэг газар гарсан ойн түймэрт тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Хангал сумын Хялганат тосгон дахь гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын ажилтнууд ажиллаж, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлж ирж байна.

Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн Хустайн гурван даваа гэдэг тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Сэлэнгэ, Хангал сумын иргэд, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байна.

Тэшиг сумын Хужирт багийн Шар чулуут гэдэг газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийн тархалтыг зогсоож, унтраахаар ажиллаж байна. Уг түймрийг бүрэн унтраахаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид ирж байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Сандуй: Намайг хорьж, хэлмэгдүүлж, хааж боож байгаа ч миний зарчим, үнэт зүйлийг ялж чадахгүй

Ц.Сандуйтай ярилцлаа.


-Бид ярилцлага хийгээд жил гаруй болжээ. Түүнээс хойш их олон үйл явдал боллоо. Одоо таныг сонгуульд нэр дэвших нь гэсэн мэдээллүүд гарч байна. Юу болоод байна вэ?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы хамт олондоо талархлаа илэрхийлье. Намайг хүнд байдалд байх үед танай сонин ярилцлага авч ард түмэн, олон нийт, уншигчдадаа үнэн зөв мэдээлэл хүргэсэн. Ингэснээр хүмүүсийн бодож байсан буруу зөрүү ойлголт эерэг болж, зөв мэдээлэлтэй болсон байна лээ. Түүнээс хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Их ч юм боллоо. Хэцүү нэртэй газар хилс хэргээр 146 хоног суугаад гарч ирсэн.

Улс төрийн зохиомол хилс хэргээр хүнийг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлж, шорон хэсүүлж болдгийг биеэрээ тууллаа. Үнэхээр харамсалтай байна. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 30 жил болж байна, сайхан нийгэм байгуулж байгаа гэж бодож байсан нь эндүүрэл байж. Шударга бусын хонгил гэж ярихад тэр болгон хүн итгэж анзаардаггүй юм билээ. Өөрийн биеэр туулаад ирэхээр хувь хүний хувьд ч, гэр бүл, хамт олон, ойр дотныхны хувьд ч маш хүнд тусдаг юм билээ. Шударга бусын хонгилын анхны хохирогч нь би. Яг үнэндээ би хувь хүнийхээ хувьд бол ямар ч бэрхшээлийг даваад гарна.

-Таныг төрийн эрхийг хууль бусаар авах, мөн сонгууль будилаантуулсан гэсэн ял тулгаж байсан. Хэрэгсэхгүй болсон уу?

-Шүүхийн шийдвэрийн талаар би огт яриагүй байгаа. Яг юу болоод өнгөрсөн бэ гэвэл төрийн эрхийг хууль бусаар авах, авлига албан тушаалын хэрэг, сонгууль будилаантуулсан гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн албан тушаалтанд оноож болох бүх зүйл ангиар зүйлчилсэн. Прокурор дээр авлига албан тушаалын хэргээр гурван удаа хэрэг үүсгэн шалгасан ч нотлогдоогүй учраас тухай бүр хэрэгсэхгүй болсон. Дараа нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэж тагнуулаас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ бол яахав, манай намын нөхдийн улс төрийн шоу байсан гэдгийг бүгд мэддэг болсон. Энэ нь явсаар шүүхэд очсон. Хамгийн инээдтэй нь хүчингүй болсон Эрүүгийн хуулийн зүйл ангиар намайг ялласан. Шинэ хуучин хоёр хууль байлаа гэхэд хуулинд зааснаар шүүгдэж байгаа хүнд аль ашигтай заалтыг (хөнгөрүүлсэн) нь ашиглах ёстой байдаг. Шинэ хуульд надад өгөөд байгаа зүйл заалт байдаггүй. Тэгэнгүүтээ хүчингүй болсон хуулийн зүйл ангиар ялласан. Шүүх хурал болоход авлига албан тушаал, төрийн эрхийг хууль бусаар авах зүйл бүрдэл алга гээд шүүгчид хүчингүй болгосон. Гэтэл шүүх хурал завсарлаад хоёр цаг гаруй алга болсны эцэст намайг “Заавал ялла” гэж манай намын нөхөд, мөр зэргэцэж явсан хүмүүс ярьсан шиг байгаа юм. Тэгээд шүүх байгууллагад намаас маш их дарамт ирсэн болов уу. Шүүгчид удаж удаж орж ирсэн. Өмнөх ялласан хэргийг хүчингүй болгосон хэрнээ огт хаа хамаагүй “Сонгууль будилаантуулсан” гэсэн үндэслэлээр дөрвөн жилийн ял өгсөн.

-Гэнэт огт өөр зүйл ангиар уу?

-Тийм. Мөрдөн байцаалт ч огт явуулаагүй, шүүх дээр мэтгэлцээн ч болоогүй, шууд л ялласан. Хүмүүс 60 тэрбумтай холбоотой хэргээр шийтгэлээ гэж бодоод байх шиг байгаа юм. Тийм биш ээ. Зүгээр зохиомол хэрэг тохож, Ц.Сандуйг нийгэмд ялтан болгож харагдуулах үйл ажиллагаа явсан юм билээ. 55 хоног 409 дүгээр ангид хоригдсон. Би давж заалдсан, шүүх надад өгсөн ялыг хэрэгсэхгүй болгосон. “Сонгуул будилаантуулах ямар нэгэн үйл, үйлдэл алга. Харин Анхан шатны шүүх дээр би энэ схемийг хийсэн гэж мэдүүлсэн Доржзодовыг тат. Гол буруутан энэ хүн байна” гэсэн шийдвэр гарсан. Уг нь хэрэг хэрэгсэхгүй болоод шууд шоронгоос гаргах ёстой юм. Гэтэл дахиад л манай намын нөхөд “гаргаж болохгүй” гээд өөр хорих руу шилжүүлж, нийтдээ хагас жил орчим хорьсон.

-Танд тулгасан бүх хэргийг хэрэгсэхгүй болгосон ч гэсэн хориод байсан гэж үү…

-Тэгсэн. Хорих үндэслэлгүй байхад л хориод байсан. 2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт буюу 27 дугаар тойрогт Сандуй нэр дэвших учраас гаргаж болохгүй гэж, тэнд нэр дэвших хүний захиалгаар л хийсэн ажил. Тэгээд яахав, надад тохсон хэрэг хэрэгсэхгүй болсон учраас шоронгоос гарсан.

-Хэзээ гарсан билээ…

-Гуравдугаар сарын 24-нд гарсан. Гараад хэсэг нам жим байсан. Тэгсэн хорь ч хоноогүй байхад прокурорт дахиад хэрэг үүсгэсэн. Ерөөсөө л намайг 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшчих вий гээд тэр боломжийг хаасан юм билээ. Бие даагчийн мөрийн хөтөлбөр өгөх хугацаагүй болгосон. Бие дааж нэр дэвших боломжгүй болонгуут би ер нь аль нэг намаас нэр дэвших нь зүйтэй юм байна гэж шийдсэн.


-Яагаад заавал нэр дэвшинэ гэж…

-Ц.Сандуй гэдэг хүн заавал УИХ-ын гишүүн болох гээд байгаадаа учир нь байгаа юм биш ээ. Улс төр дэх бузар булайг илчилж, үнэн ялахын төлөө л би явж байна. Өнөөдрийн байдлаар сонгуулийн сурталчилгаа дуусахаас гурав дөрөвхөн хоног дутуу байхад би нэр дэвших эрхээ авахаар хүлээж байна. Миний хувьд сонгуульд ялж, УИХ-ын гишүүн болно гэхээсээ илүү үнэн зөв ялах, шударга ёс тогтоохын төлөө л гол зорилго маань байна. Үнэн гутлаа үдэж байхад худал аль хэдийнэ хөтөл даваад явсан байдаг гэж монголчууд ярьдаг. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ ч гэдэг. Удаан ч гэсэн үнэний төлөө тууштай явна. Зохион байгуулалттайгаар намайг хэрэгт хийсэн энэ улс төрийн хар технологи нь өдрөөс өдөрт ил болсоор байна, бүр ил тод болно гэдэгт итгэлтэй байна.

-Та аль намаас нэр дэвшиж байгаа вэ?

-Сүүлийн 10 гаруй жил улс төрд идэвхтэй явсны хувьд надад олон нам, олон хүн санал тавьсан. Уулзалтууд ч хийсэн. Тэгээд би хэт улстөрждөггүй, үзэл баримтлалын хувьд ч тогтвортой Ногоон намыг сонгож, энэ намаас нэр дэвшихээр болсон. Сонгуулийн хуулийн дагуу Ногоон намаас нэр дэвшигчдээ тодруулж, тавдугаар сарын 16-нд нэрсээ өгөөд нэр дэвших бэлтгэлээ хангаад явж байсан. Гэтэл дахиад саад тотгор гарсан. Би ялтай хүн биш. С.Баярцогт, Д.Эрдэнбат, Ж.Эрдэнэбат, Э.Бат-Үүл нар шиг л статустай, шалгуулж л байгаа хүн. Хуулийн дагуу нэр дэвших бүх бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. СЕХ-ноос тав хоногийн дотор Ногоон намаас нэр дэвшигчдийн бичиг баримтыг өгөөд минийхийг аваад үлдсэн. Дээд шүүх болон бусад бүх хуулийн байгууллагаас “Энэ хүн нэр дэвших боломжтой” гэсэн тодорхойлолт ирчихээд байхад СЕХ-ны есөн хүн дотроо санал хураагаад хуулиас дээгүүр шийдвэр гаргасан нь “намайг нэр дэвшүүлэхгүй” гэж нэрийг минь татсан. Сонгуулийн хуульд тухайн хүнийг нэр дэвшүүлэхгүй байх хэдхэн заалт байдаг. Тэрний аль нь ч надад хамааралгүй байсан. Энэ бүхэн МАН-ын удирдлага, тэр тойрогт нэр дэвших гэж байгаа нөхдийн оролцоотойгоор хийгдсэн ажил гэдэг нь дуулдаж л байна.

-Шүүхээс нэр дэвших боломжтой гэсэн тогтоолоо саяхан авсан гэсэн үү?

-Би тавдугаар сарын 28-нд Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүх хэргийг хэлэлцэх гээд, хэд хэдэн удаа хойшлуулж байж зургадугаар сарын 5-нд урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Сая 12-нд хуралдсан. Тэгж тэгж сунжирсаар байгаад сонгуулийн сурталчилгаа дуусах гэж байхад буюу зургадугаар сарын 17-нд (өчигдөр) л шүүхийн шийдвэрээ гар дээрээ авч байна. Захиргааны шүүх шийдвэрээ гаргах гэж тав хоносон. СЕХ шийдвэрээ авах гэж гурав хоносон.

-Ямар нэгэн байдлаар сонгуулийн сурталчилгааны хугацааг дуусгах гэж сунжраад байгаа юм биш үү?

-Нэг хоног ч гэсэн удааж уях сонирхол байна. Намайг сонгуульд оруулахгүй, эсвэл сонгуульд сурталчилгаагүй оруулах гэж их хичээж байна. Үндсэн хуульд заасан миний сонгох, сонгогдох эрхэнд улс төрийн зорилгоор шууд халдаж байна. Энэ бол эвлэр шгүй юм. Хүний эрх, эрх чөлөөг ингэж хааж болохгүй. XX зуунд Монголд улс төрийн хоригдол байсан, харин энэ зуунд улс төрийн хоригдол байх ёсгүй. Үүнийг далимдуулаад хэлэхэд Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль бол монголчуудыг шоронжуулах, дарамтлуулах хууль гарчээ. Албан тушаалтнуудад маш ээлтэй. Би тэнд хагас жил болохдоо маш олон хүнтэй уулзаж ярилцаж байлаа. Хүний л амьдрал хойно, алдах эндэх юм байлгүй яахав. Гэхдээ тэнд хоригдож байгаа хүмүүс энэ хоёр хуулийг үнэхээр шүүмжилж байна. Баталсан хүмүүс нь үнэхээр дарангуйллын систем тогтоох хууль хийжээ. Тухайлбал, нэг гар утас хулгайлсан хүн 1,5 жил хоригдох ял авсан байхад тэрбум төгрөгийн хахууль авсан хүн торгуулаад гарч байх жишээтэй. Монголын шорон залуусаар дүүрсэн байна. Монголын сор болсон залуус амьдрахын эрхээр нэг хэсэг нь гадагшаа гарсан бол нэг хэсэг нь шоронд байна. Залуу насны ааг омгоор санаандгүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон хүмүүс их байна. Ажилгүй, амьдралын ядуу байдлаас болж хулгай хийж баригдсан залуус байна. Гарч ирээд би бас судаллаа. Улаанбаатарын хэмжээнд шоронд орж байгаа залуусын дийлэнх нь гэр хорооллынхон байна. Улаанбаатар хотод байгаа айл болгонд шоронгийн асуудал байна. Уг нь хүмүүсээ хөгжүүлэх, амьдралыг нь сайжруулах талаас нь бодлого гаргаж, хууль баталдаг болохоос хуйгаар нь шоронд суулгах ийм хууль гаргана гэдэг эмгэнэлтэй. Өөрчлөх л хэрэгтэй. Би өөрөө хилс хэргээр орсон учраас ийм хүмүүсийн зовлонг ойлгож байна. Ер нь анх удаа санаандгүй гэмт хэрэгт холбогдсон залууст зориулсан өршөөлийн хууль гаргах зайлшгүй шаардлага байгааг тэнд харлаа. Тэднийг халтирсан дээр нь түлхэх биш, дэмжээд өгөх бодлого хэрэгтэй байна.

-Та Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших юм уу?

-1992 онд анх Сонгинохайрхан дүүрэг байгуулагдахад аав маань анхны Засаг даргаар нь ажиллаж байсан. Би 2004 оноос энэ дүүрэгт сонгууль удирдаж, өөрөө нэр дэвшиж гарч байсан. Тиймээс би Сонгинохайрхан дүүргийн амьдрал ахуйг сайн мэднэ. Би үнэнийг тогтоохын тулд сонгуульд оролцохоор шийдсэн. Нэр дэвшихийг минь дуулаад маш олон хүн дэмжиж ярьж байна. Яагаад гэхээр би МАН-ыг цөөнх, сөрөг хүчин байхад нь ялалтанд хүргэж өнөөдрийн хүмүүсийн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх боломжийг нь олгож, албан тушаалын ширээ сандлыг нь бэлдэж өгсөн хүн. Албан тушаалтнууд намайг ингэж хэлмэгдүүлж байхад, намын жирийн иргэд намайг дэмжиж байгаа.

-Одоо Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, сурталчилгаагаа хийхэд юу дутуу байгаа юм бэ?

-Хуулиараа СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаар сурталчилгааны ажил эхэлдэг. Би үнэмлэх гарахыг хүлээгээд сууж байна. Сонгинохайрханы жирийн иргэд бүгд намайг мэднэ. Үнэний төлөө явж байгаа надад тэд маань санал өгнө гэж найдаж байна.

-Үнэмлэх хэзээ гарах вэ?

-Мэдэхгүй. СЕХ хуралдахгүй байна. Хуралдах юм бол шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэр дэвших үнэмлэх өгөх ёстой. Үнэмлэхээ аваад л сурталчилгааны ажилдаа орно.

-Арай л хүч тэнцвэргүй өрсөлдөөн биш үү. Сонгууль дууслаа шүү дээ?

-Сонгууль дуусахад зургаа хоног, сурталчилгаа дуусахад дөрөв хоног үлдэж байна. Ийм л байдалд байна.

-Энэ хугацаанд танд нэр дэвшигчийн үнэмлэх олгохгүй ч байж болох юм биш үү?

-Эргэлзээтэй. Би МАН-д удирдах ажил хийж байсны хувьд арай ч ийм дарангуйлалд орчихсон гэж бодсонгүй. Өнөөдөр би үнэний төлөө, шударга бусын төлөө зарчим дээрээ бат зогсоно. Намайг хорьж, хэлмэгдүүлж, хааж боож чадаж байгаа ч миний зарчим үнэт зүйлийг ялж чадахгүй.

-Энэ удаагийн сонгууль дуулиан шуугиан ихтэй байна. Таны хувьд сонгууль дуусах гэж байхад нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаар хүлээж байна. Номтойбаяр шоронд байгаа хэрнээ сурталчилгаа нь үргэлжилж байхад Ж.Эрдэнэбат гишүүнийг бариад хорьчихлоо…

-Хүмүүсийг айдаст автуулах ажиллагаа. Намайг хилс хэргээр барьж хориход хүмүүс халаглаад л өнгөрсөн. Тэр тестээ шинэ хонгилынхон над дээр амжилттай туршсан. Дараагийн тестээ Номтойбаяр дээр хийлээ. Гишүүнээс нь татгалзуулаад, нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаас нь өмнөхөн хорилоо. Дараа нь УИХ-ын гишүүн байсан ч хамаагүй шүү гэж Ж.Эрдэнэбат гишүүнийг хорьж байна. Энэ бол ард түмнийг айдаст автуулах, үе шаттай технологи, оролдлого. Хамгийн эмгэнэлтэй нь, одоогийн дарга нарыг гадаадад гэдсээ илээд хэвтэж байхад би гэдэг хүн намынхаа төлөө зүтгэж байсан шүү дээ. Одоо гишүүдээ сорчилж намнаад байгаа нь эмгэнэл юм. Би энд нэг л юм хэлж уриалъя. Нийслэлийн намынхан, Сонгинохайрхан дүүргийнхэндээ хандаж хэлэхэд “Үнэний төлөө надад нэг саналаа өгөөч ээ” л гэж уриалж байна. Түүнээс Ц.Сандуй хувь хүнийхээ өмнөөс албан тушаалын төлөө зүтгээд байгаа юм биш. Би албан тушаалтай байсан, тэр бүгдийгээ өөрөө өгөөд шалгуулж, нэр төрөө сэргээлгэсэн. Надад тохсон бүх хэрэг өнөөдөр хэрэгсэхгүй болсон. Би өнөөдөр Монголд байгаа бүх шүүхээр орсон. Сайн муу бүгдийг нь үзлээ. Шүүх, шүүгчид тэр чигээрээ муу биш юм байна. Шүүгчид хуулиа барихыг их хичээдэг юм байна. Харин эрх баригч улс төрийн хүчин өөрсдөдөө тааруулан шүүхэд нөлөөлдөг юм байна.

-Ийм үед хүний мөн чанар их танигддаг гэдэг ?

-Улс төр хийж болно. Өгөөтэй, аваатай, ялж ялагдах зүйл байна. Бүх юм өнгөрнө. Харин хүн чанар, эргэж уулзах нүүртэй байна гэдэг хамгийн гол зарчим. Хүнийг хохироож, зовоогоод байгаа энэ бүх зовлон өөр дээр нь ирнэ, бүр хэд дахин илүү ирнэ гэдгийг бодож ажиллаж амьдраасай л гэж бодож байна. МАН өмнөх сонгуулиар эв эетэй байсан учраас 65 суудал авсан юм шүү. Тэр үед АН дотроо зөрчилтэй бужигнаж байсан, үр дүн нь ялагдал. Одоо бүх юм эсрэгээрээ байна. Эвдрэх амархан, маш амархан. Буцааж эвлүүлэх хэцүү.

-Одоо та нэр дэвшиж чадахгүй бол яах вэ?

-Монгол Улс хуультай юм чинь би хуульдаа захирагдана. Гэхдээ би зарим нэг хүний үнэнг тойрог дээр нь очиж ярьж өгөх л байх даа.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Үнэний төлөө Сонгинохайрханчууд миний төлөө саналаа өгөөрэй гэж уриалмаар байна.

Categories
мэдээ нийгэм

​О.Ариунтуяа: Dexamethasone эмийг COVID-19-ийн хүнд өвчтөнд хэрэглэхэд үр дүнтэй болохыг ДЭМБ баталлаа

“Нөхцөл байдал хүнд байгаа ч хамтын хүчээр цар тахлыг даван туулна гэсэн найдвар төрүүлсэн зарим өөрчлөлт гарч байна. Халдварыг эрт илрүүлж, хавьтлыг судлан, шинжилгээ хийн тусгаарласнаар олон орон халдварын тархалтыг тогтоон барьж байгаа сайн туршлага бий. Мөн зарим мэдээллийн технологийн компани хавьтлыг тогтоох аппликэйшн гаргаж байгаагаас гадна судалгааны чиглэлээр нэлээд дэвшил гарч байна. Өчигдөр ДЭМБ Их Британи улсын судлаачдын судалгааны үр дүнг хүлээн авсан.

Судалгааны эхний дүнгээр өргөн хэрэглээний Dexamethasone эм нь хүнд болон маш хүнд өвчтэй хүний эмчилгээнд маш үр дүнтэй болох нь батлагдлаа.

Тус эм нь хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэж буй болон амьсгалын аппаратад орсон өвчтөнүүдийн нас барах эрсдлийг бууруулсан дүн гарсан. Энэ судалгааны дүн нь хүнд хэлбэрийн өвчтөнийг эмчлэх боломжтой болсон нааштай үр дүн авчирлаа.

Гэхдээ энэхүү эмийг эмчийн нарийн хяналт дор хэрэглэнэ. Эмнэл зүйн удирдамжид нь ч үүнтэй холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж байна.

Харин цаашид бидэнд хөнгөн өвчтөний эмчилгээнд хэрэглэх үр дүнтэй эм шаардлагатай болж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: БНСУ-аас транзит нислэгээр ирсэн таван хүний ХӨСҮТ-д тусгаарлаад байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнөөдрөөс эхлээд хоёроос дээш ...

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Дэлхий даяар 8 383 000 хүн коронавируст халдвараар өвчилж, 450,000 гаруй хүн нас барж, 4.3 сая хүн эдгэрч 3.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 131,000 хүн энэ өвчнөөр өвчилж, 5,000 гаруй хүн нас барлаа. Бээжинд гарсан халдварын тархалт, өргөжих хандлагатай байна. Одоогийн байдлаар 158 хүн хүнсний захтай холбоотойгоор өвчилсөн гэж үзэж байгаа бөгөөд зургаан хүн хүнд хэлбэрээр өвчлөөд байгаа. ОХУ-д сүүлийн 24 цагт 7,843 хүн шинээр халдвар авсан. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл тогтвортой өссөн хандлагатай байгаа.

Манай улсын хувьд өчигдөр 270 хүн ажиглалтад орж, 362 хүн гэрийн тусгаарлалт руу шилжин, 1 632 хүн тусгаарлан ажиглах байранд байна. БНСУ-аас транзит нислэгээр ирсэн 257 хүний тавыг нь ХӨСҮТ-д, 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүнийг буудлуудад тусгаарласан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Беларусь улсын дөрвөн иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ

Д.Нямхүү: Сэжигтэй 20 тохиолдлын 1 хүнээс халдвар илэрлээ |

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “VI сарын 17-нд гурван лабораторид нийт 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 359 тохиолдолд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн дөрвөн жолоочид халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь 33, 36, 40, 59 настай Беларусь улсын иргэд” гэв. Мөн өнөөдөр 16 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгээр хүмүүс 18-66 хоног эмчлэгдээд гарч байгаа. Эдгэрсэн хүмүүсийн насны ангилалыг харвал, 15 нь 19-23 настай, нэг нь 35 настай иргэн байгаа юм. Тэд бүгдээрээ оюутан бөгөөд хоёр нь эмэгтэй, 14 нь эрэгтэй.

Ингээд батлагдсан нийт 201 тохиолдол болж, 127 хүн эдгэрлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээ хийлгэж байгаагийн 69 нь хөнгөн, тав нь хүндэвтэр байна. Бид давтан шинжилгээнүүдээ хийнэ. Мөн дараагийн онгоцуудаа хүлээн авахаар бэлтгэлээ ханган ажиллаж байгаа” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Үндэсний бөхийн салбар хорооноос чиглэл гаргажээ

Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооноос, цар тахлын үед наадам зохион байгуулахтай холбоотойгоор Монгол Үндэсний Бөхийн холбоонд чиглэл хүргүүлжээ.

Улсын их баяр наадамд барилдах 512 бөхийг зургадугаар сарын 26-28-ны өдрүүдэд цахимаар болон шаардлагатай тохиолдолд зарим бөхчүүдийг биечлэн байлцуулан бүртгэх. Барилдах бөхчүүд наадмын өдрүүдэд хэрэглэх хүнс, сандал, нарны хаалт зэргийг хувийн зүгээс бэлтгэх, харин ажиллах цэц, засуул, жаяг дэгийн багийн өдрийн хоолыг бөхийн салбар комиссоос гаргах. Мөн барилдах бөхчүүд гэр бүл, ойр дотны найз нөхөд, багш, дасгалжуулагч, шавь зэрэг ямар ч хүнийг наадмын талбай руу явах автобусанд дагуулж орохгүй байх гэх зэрэг зааврыг гаргажээ.

103980271_569060230421960_8503408568941335474_o

103818980_569060290421954_8208192248953315892_o

Харин бөхчүүд, аймгийн галуудад хандан үндэсний бөхийн барилдаан, уламжлагдан ирсэн жаяг дэг, хүчит бөх, бөхийн гараа дэвээ, ам угтуул авах ёс, бөхийн өмсгөл хувцас хэрэглэл, бөхчүүд хоорондын эерэг сайхан харилцаа зэргийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх гэх зэрэг доорх чиглэлүүдийг өгчээ.

104664430_569046097090040_7361770511613890346_n

104290421_569046123756704_4064774120675600551_n


Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​Кристен Стюарт “Диана гүнжийн тухай” кинонд гол дүр бүтээнэ

“Peaky Blinders” киноны зохиолч Стивен Найт, Диана гүнжийн тухай шинэ кино зохиол туурвижээ. Уг кинонд гүнжийн ханхүү Чарльзтай гэрлэхээс өмнөх болон гэрлэснээс хойшхи амьдралыг харуулах аж. Кино багийнхан Диана гүнжийн дүрд Кристен Стюартыг тоглуулахаар болжээ. Тус киноны найруулагчаар Пабло Ларрейн ажиллаж байгаа ба тэрээр Стюартыг “Өнөөгийн гайхалтай жүжигчдийн нэг” хэмээсэн байна.

Кристен Стюарт нь 2008-2012 онд “Twilight” цуврал киноны Белла Свингийн дүрээрээ олонд танигдсан бөгөөд 2014 онд “Snow white and Huntsman”, 2019 онд “Charlie’s Angels” зэрэг кинонд тоглосон юм.

А.ЗОЛЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Согтуурсан үедээ усанд осолдсон эрэгтэйн цогцсыг олжээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Бага нуга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ Орхон голд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат иргэн Б/50 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ осолджээ.

Ослын тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 14:03 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.17-ны өдрийн 09:00 цагт “Бага нуга” гэдэг газраас усаар 12 км-т урсаж, “Эрхэт нуга” гэдэг газраас иргэн Б-ийн цогцсыг тус голын салаанд хайргадсан байсныг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

37 албан тушаалтны ХОМ-ийг хянаж байна

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт 7 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 47 мэдүүлгийг хянан шалгажээ. Хянан шийдвэрлэсэн 12 мэдүүлгээс зөрчилтэй 2, зөрчилгүй 2, зөрчилд тооцохгүй анхааруулсан 8 байв.

Түүнчлэн зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна.

Одоогоор ажиллагаанд 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.