Categories
мэдээ нийгэм

“National cashmere silk” ХХК-аас хандив өргөв

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад зориулж “National cashmere silk” ХХК-аас хандив өргөлөө.

Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлээд 21 жил болж байгаа тус компаниас 5 сая төгрөгийн өртөг бүхий 167 ширхэг бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн юм.

Энэ үеэр эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажилладаг нийт алба хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дахин таван гарц ногоон гэрэл асаах товчлууртай боллоо

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их, явган хүний хөдөлгөөн бага байдаг гарцуудад “Хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио” буюу ногоон гэрэл асаах хүсэлт гаргах товчлуур суурилуулах ажил үргэлжилж байна.

Тодруулбал, Замын хөдөлгөөн удирдлагын төв өнгөрсөн долоо хоногт Чингэлтэйн өргөн чөлөөн дэх Таван буудлын гарц, Цагдаагийн академийн өргөн чөлөөн дэх Амгалан авто вокзалын урд гарц, Гачууртын зам дагуух 62 дугаар цэцэрлэгийн урд гарц, мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд гарц, 102 дугаар сургуулийн зүүн гарц зэрэг нийт 5 байршилд суурилуулж дууссан тухай ТЦА-аас мэдээллээ. Явган зорчигч зам хөндлөн гарахдаа гарцанд байрлуулсан товчлуурыг дарснаар 10 секундийн дараа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох улаан гэрэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл тус тус асах юм. Зорчигч хөдөлгөөнд оролцож буй тээврийг хэрэгслүүд бүрэн зогссон эсэхийг нягталж харах хэрэгтэй бөгөөд зорчигчийн ногоон гэрэл анивчих нь тухайн гэрэл унтрах дөхснийг илтгэж буй юм.

Харин товчлуур дараад удаагүй байхад дахин дарсан тохиолдолд гэрлэн дохио нь энгийн горимоор ажиллах буюу явган зорчигчийн ногоон гэрэл 50-70 секундийн дараа асах юм байна.

Ташрамд дурдахад, 2019 онд Наадамчдын зам буюу Нисэх, Яармагийн зам дагуух долоон байршилд суурилуулсан нь амжилттай хэрэгжиж, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, шатахууны үргүй зардлыг бууруулах, явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэг үр дүн гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Кувейтийн буцалтгүй тусламжаар Түлэнхийн эмнэлэг барих, Өндөрхааны нисэх буудлыг шинэчлэх төслийг хэрэгжүүлж байна

Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Кувейт Улсын Гадаад хэргийн сайд Шейх Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабах нар харилцан баяр хүргэж, захидал солилцов.

Сайд нар захидалдаа, өнгөрсөн он жилүүдэд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбар чиглэлээр өргөжин бэхжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааны хүрээг тэлж, улам бүр бататган ажиллах эрмэлзэлтэй байгаагаа харилцан нотолжээ.

Өнгөрсөн хугацаанд Кувейт Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар Тайширын Усан цахилгаан станц, Дархан-Эрдэнэт-Булган-Уньт- Тариалангийн чиглэлийн нийт 415 км авто замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн бол одоо тус улсын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төв эмнэлэг барих, Өндөрхааны нисэх онгоцны буудлыг шинэчлэх төслүүдийг хэрэгжүүлж байна.

Баярын захидлыг Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг Кувейт Улсын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн Туслах сайд Али Сулейман Аль-Саидад гардуулж өгөв.

Монгол Улс Булангийн орнуудаас Кувейт Улстай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

​МҮОНРТ-ийн шинэ бүтээл “ГЭРГИЙ” уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болно

МҮОНРТ-ийн шинэ бүтээл “ГЭРГИЙ” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт зургаадугаар сарын 20-ны 18:30 цагаас MNB сувгаар цацагдаж, киног 21 цагаас үзэгчдийн хүртээл болгохнээ. “Гэргий” уран сайхны киноны зохиолыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, МҮОНРТ-ийн сэтгүүлч Магваны Эрдэнэбат бичсэн бөгөөд бодит түүхээс сэдэвлэсэн ажээ. Гол дүрд, Галтын дүрийг УДЭТ-ын жүжигчин, МУСТА Ц.Цэрэнболд, Гэрэлийн дүрийг УДЭТ-ын жүжигчин, МУСТА Н. Баярмаа нар бүтээжээ.

“Гэргий” уран сайхны киноны үйл явдлаас товч өгүүлбэл, Галт бол ажил нь амжилттай яваа бизнесмен эр. Харин түүний гэргий болох Гэрэл дүрслэх урлагийн сургуулийн багш. Тэд Тэлмүүн хэмээх есөн настай хүүтэйгээ аз жаргалтай амьдарна. Гэтэл нэг л өдөр ходоодны хорт хавдар хэмээх өвчинтэй нүүр тулснаар амьдрал нь орвонгоороо эргэнэ. Ингэснээр киноны үйл явдал өрнөх аж. Кино эмгэнэлт драм жанрынх.

“Гэргий” уран сайхны киноны зөвлөх эмч, Хавдар судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх “Хавдрын салбарт нэлээд түлхэц өгсөн, урьдчилан сэргийлэхэд зориулагдсан кино болж чадсан. Хувь хүн болон албан байгууллага, бүхий л улсууд энэ киног үзсэнээр хавдрыг яаж эрт илрүүлэх вэ, яаж хавдраас урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаар зохих хэмжээний ойлголтыг үзэгчдэд өгсөн кино болсон. Хүмүүс энэ дээр санаа тавьдаг болох байх гэж найдаж байна” гэжээ.

Сонирхуулахад, 2018 оны статистик үзүүлэлтээр Монгол Улсад 6000 гаруй хорт хавдар шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс 4000 гаруй нь нас барсан гэх тоон үзүүлэлт гаржээ. Хорт хавдрын нас баралт нь бүх өвчлөлийн хоёрдугаар байрт бичигддэг аж.

Б. МӨНХДУЛАМ

Categories
гадаад мэдээ нийгэм

Сүүн замд 36 орчим ухаалаг харь гарагийн соёл иргэншил байх магадлалтай

Малайзын Ноттингемийн их сургуулийн эрдэмтэд Сүүн зам галактикт дор хаяж 36 ухаалаг харь гарагийн соёл иргэншилтэй харьцдаг гэсэн шинэ судалгаа гаргасан байна.

Өмнөх харь гаригийн тооцооллыг 1961 онд Дрейкийн тэгшитгэл дээр үндэслэн гаргасан байдаг ба энэ нь маш өргөн хэмжээний тооцооллыг хамарч байжээ. Тодруулбал, хэдэн тэрбум хүртэлх соёл иргэншил байх магадлалтай гэж тооцоолсон байдаг аж. Харин Ноттингемийн судлаачдын баг шинэ өгөгдөл, таамаглалыг ашиглан энэхүү тэгшитгэлийг сайжруулснаар тэд бусадтай харилцах чадвартай 211 соёл иргэншил байх магадлалтай ба хамгийн магадлалтай нь 36 соёл иргэншил бий хэмээжээ.

Б. МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Дурсгалын зоосыг онлайнаар худалдаалж байна

Монголбанк төлбөрийн хэрэгсэл, дурсгалын зоос судлаач, цуглуулагч, сонирхогчдын цуглуулгыг дэмжиж, бэлэг дурсгалын зориулалтаар худалдаалж байгаа дурсгалын алтан зоос, мөнгөн зоос, алтан гулдмайн үнийг шинэчлэн тогтоожээ. Монголбанкнаас гаргаж буй дурсгалын зооснуудыг онлайнаар худалдаж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудсанд байршууллаа. Худалдаанд шинээр гурван унцийн 999 сорьцтой “Хот мандал” алтаар бүрсэн мөнгөн зоос, нэг унцийн 999 сорьцтой “Мажестик бүргэд” мөнгөн зоосыг гаргажээ.

Мөн алтан зоос, алтан гулдмайн талаарх нэмэлт мэдээллийг Эрдэнэсийн сангаас авч болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

COVID-19”-ийн цар тахлын үед ажиллах арга зүйд сургаж байна

“COVID-19” цар тахлын үеийн бэлэн байдлыг хангуулах, Эрүүл мэндийн байгууллага, ажиглах байр, хилийн нэвтрэх цэгийн бэлэн байдалтай танилцаж, цаашид авах хариу арга хэмжээг боловсронгуй болгох зорилгоор МХЕГ, ОБЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, салбар дундын хамтарсан баг Увс аймагт ажиллаж байна.

Тус ажлын баг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болох 40 гаруй алба хаагчдад цар тахлын үеийн удирдлагын тогтолцоогоор ажиллах бүтэц, үйл ажиллагааны талаар сургалт зохион байгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

“COVID-19”-ийн цар тахал тархах магадлал хамгийн өндөртэй аймгаар Увс нэрлэгдсэн байна. Учир нь ОХУ-ын Тува улстай Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Сагил, Тэс, Зүүнговь, Баруунтуруун сум хиллэдэг бөгөөд Тува улсад COVID-19”-ийн цар тахал эрчимтэй тархаж байгаа аж. Иймээс аймгийн эрүүл мэндийн салбарын болон онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтнуудыг цар тахлын үеийн удирдлагын тогтолцоогоор ажиллах арга зүйд сургаж, дадлагажуулж байна.

Categories
гадаад мэдээ

Энэтхэг, Хятадын маргаантай бүсэд мөргөлдөөн болж 63 цэрэг амиа алджээ

Энэтхэг-Хятадын хилийн маргаантай бүс нутаг болох Ладак мужид мягмар гаригт шилжих шөнө мөргөлдөөн гарч 63 цэрэг амиа алджээ. Тодруулбал, Галван хөндий дэх Пангонг-Цо нуурын орчимд гарсан тулааны үеэр Энэтхэгийн 20 цэрэг амиа алдаж, 17 цэрэг хүнд шархаджээ. Хятадын талаас ямар ч хохирол учраагүй гэж мэдэгдэв. Харин “ANI” сонины онцолсноор Хятадын талаас 43 цэрэг амь үрэгдсэн гэж мэдээлжээ. Энэтхэгийн эрх баригчид Хятадын талыг хоёр улсын хоорондын Хилийн хяналтын шугамын тухай зөвшилцлийг зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. Мөргөлдөөн гарсан бүс нутаг нь Энэтхэгийн талаас Ладах муж, Хятадын талаас Аксайчин мужийн дунд оршдог. Тус хоёр улсын хооронд газар нутгийн маргаанаас үүдсэн хэд хэдэн удаа зэвсэгт мөргөлдөөн гарч байв. 1961-1962 онд болсон ширүүхэн тулаан нь дайнд хүргэж байжээ. Энэхүү маргааны гол учиг нь Британийн колоничлогчдын 1914 оны үед Энэтхэг, Хятадын хил орчимд татсан “Мак Махоны шугам” гэгчээс үүдэлтэй. Хятадууд “Энэ шугамыг татсанаараа энэтхэгчүүд анхнаасаа Хятадын мэдэлд байсан Өмнөд Төвөдийн нутгийг авсан” гэж гомдоллодог аж. Энэхүү шугамын дагуу 700 км үргэлжилдэг нутгийг өөрийн эзэмшлийнх гэж тооцсоор ирсэн. Энэ нь 80 мянган ам хавтгай км талбай бүхий нутаг дэвсгэр юм. Харин өнгөрсөн тавдугаар сараас БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми Галван хөндий дэх цэргийн тоогоо огцом нэмэгдүүлж эхэлсэн нь бүс нутгийн асуудлыг хурцатгасан юм. Хятадын цэргүүд Пангонг-Цо нуурын орчимд төвлөрч цэргийн харуулын байгууламж, нуувч, онгоц газардуулах зурвас зэргийг байгуулсан. Харин Энэтхэгийн зүгээс газар нутгийг нь булаан эзлэх гэсэн түрэмгийлэл хэмээн буруутгасан юм. Улмаар сүүлийн нэг сарын хугацаанд маргаантай бүсэд тогтворгүй байдал өрнөөд байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сарын 7-нд хилийн цэргүүд хоорондоо зөрчилдөн, гардан тулаан хийж байв.

Талууд хилийн маргааныг энхийн замаар шийдвэрлэх зорилгоор хилийн бүсэд нэг бус удаа уулзалт зохион байгуулж байв. Хамгийн сүүлд, өнгөрсөн ням гаригт харилцан хил зөрчихгүй, зэвсэгт мөргөлдөөн гаргахгүй байх тохиролцоонд хүрээд байсан нь талаар ийнхүү болсон байна. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр Хятадын цэргүүд түрүүлж хил зөрчсөн гэжээ. Одоогоор талуудын аль аль нь хэн түрүүлж гал нээсэн талаар мэдэгдээгүй байна. Ажиглагчдын үзэж буйгаар мөргөлдөөн гарсан бүсэд цаашид ч тогтворгүй байдал удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй” гэж тодотгосон байна. Дашрамд хэлэхэд, Ладак муж дахь хоёр улсын Хилийн хяналтын бүсэд олон тооны гол, нуур, уулс элбэг байдаг тул хоёр улсын хилийн шугам нь одоо ч тодорхой бус хэвээр. Тиймээс хоёр улсын хилийн цэргүүд олон удаа зөрчилдөж байсан ч өнгөрсөн долоо хоногуудад нөхцөл байдал улам хурцадсан юм. Энэтхэгийн зүгээс БНХАУ-ыг Ладак дахь хилийн бүсэд мянга мянган цэрэг байршуулж, Энэтхэгийн эзэшмлийн 38 ам хавтай км талбай бүхий газар нутгийг хууль бусаар эзэмшсэн гэж буруутгасан удаатай аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Хөлбөмбөгчид Улсын онцгой комисст хандив өргөв

Монголын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбооноос хүртсэн нийгмийн хариуцлагын “Dream Asia Awards”-ийн шагналын мөнгөөр 3 давхар хамгаалалт бүхий амны хаалт, иж бүрэн хамгаалалтын хувцас, зайнаас халуун хэмжигч зэрэг нийт 20 сая төгрөгийн үнэ бүхий зүйлсийг УОК-т хандив болгов.

Лхагва гарагт МХБХ-ны Ерөнхийлөгч, АХБХ-ны Дэд ерөнхийлөгч А.Ганбаатар, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Болд, МХБХ-ны ЕНБД-ийн үүрэг гүйцэтгэгч, АХБХ-ны Нийгмийн хариуцлагын хорооны гишүүн Ч.Мөнхзул, АХБХ-ны тоглолт зохион байгуулагч С.Жаргал нар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд бараалхаж хандивын дээжийг гардуулав.

Уг уулзалтын үеэр АХБХ-ны Дэд ерөнхийлөгч А.Ганбаатар Монголын хөлбөмбөгийн ололт амжилтууд, тун удахгүй хийх олон улсын тоглолтууд, ирээдүйд гаргах боломжтой амжилтууд, үндэсний шигшээ баг ДАШТ-ний урьдчилсан шатны II шатанд шалгарч, Азийн АШТ-д оролцох боломжтой байгаа нөхцөл байдлын талаар товч танилцууллаа. Тэр ч үүднээс шигшээ багийн тоглогчдыг тогтмол бэлтгэлтэй байлгах чухал тэмцээнүүд болох хөл бөмбөг болон футзалын дээд лиг, хөл бөмбөгийн нэгдүгээр лигийг үзэгчгүй зохион байгуулах хүсэлт тавьж, зөвшөөрөл хүслээ.

Мөн МХБХ тивийнхээ шилдэг холбоодтой мөр зэрэгцэн өрсөлдөж, тэргүүлэх байр суурьтай болон нийгмийн хариуцлагаа сайтар хэрэгжүүлдэг холбоо гэж үнэлэгддэг тул АХБХ-ноос дэмжлэг авч эх орондоо хэрэгтэй, нийгмийн сайн сайханд чиглэсэн олон ажил хийж байгаагаа танилцууллаа. Тухайлбал АХБХ-ны Ерөнхийлөгч Шэйх Салманы дэмжлэгтэйгээр 79 дүгээр дунд сургуулийн талбайг шинэчлэх, хувцас солих байр барих ажил хийгдэж есдүгээр сард дуусахыг мэдээлж нээлтийн үйл ажиллагаанд оролцохыг урив. Мөн АХБХ-ны дэмжлэгтэйгээр МХБХ, МУЗН хамтран дунд сургуулийн биеийн тамирын багш нар, өсвөрийн багийн дасгалжуулагч нар анхны тусламжийн цуврал сургалтыг зохион байгуулж буйг танилцуулав.

Эцэст нь 2019-2020 оны хичээлийн жилд Унгарын хөл бөмбөгийн нэр хүндтэй Пушкаш академид суралцан амжилттай төгссөн 15 настай Г.Буяннэмэх, Э.Саруул нар цар тахлын улмаас Будапешт хотод байгааг уламжлахад Шадар сайд Ө.Энхтүвшин хөл бөмбөгчин хүүхдүүдийг дараагийн тусгай нислэгт багтаан авчирахад анхаарна гэдгээ илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 17-ны өдөр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг утсаар зохион байгууллаа.

Иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авсан бөгөөд нийт 4 өмгөөлөгч, 125 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.