Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын тохирол ням гарагт болно

НӨАТ-ын урамшууллын 6 дугаар сарын сугалааны тохирол ням гарагт болно. Тохирлын нэвтрүүлгийг “Боловсрол” телевизээр орон даяар шууд дамжуулна.

Тиймээс иргэд энэ оны 5 дугаар сарын 1-31-н хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 6 дугаар сарын 20-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 50 сая төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

ТАНИЛЦ: ​Үйл ажиллагаагаа явуулж буй рашаан сувиллууд

Дэлгэр зуны улирал эхлэхээр иргэд ажлын ядаргаагаа тайлж, амралт, рашаан сувиллын газраар үйлчлүүлэх нь ихэсдэг. Өнөө жилийн хувьд цар тахлаас үүдэн хөл хорио тогтоож хилээ хаасан учраас дотоодын аялал тэр дундаа амралт, рашаан сувилал хөгжих боломжтой юм. Үйл ажиллагаагаа явуулж байгаа рашаан сувиллуудыг танилцуулж байна.

Рашаан сувиллын нэрс

Онцлог

Эмчилгээ

Байршил

Холбогдох утасны дугаар

Ар жанчивлан рашаан сувилал

Ар жанчивлан рашаан сувилал нь дотор ходоод, элэг, цөс, бөөр, үе мөч, тулгуур эрхтэн, булчин шөрмөсний өрөвсөл, мэдрэлийн системийн сульданги, төв болон захын мэдрэлийн судлын үрэвсэл зэрэг өвчнүүдийг үр дүнгтэй эмчилж сувилж байна. Олон жилийн ажиглалт судалгаанаас үзэхэд эмчилгээний үр дүн 94-96%-ийн сайжиралттай байдаг.

Сувилалд ашигладаг рашаан нь ходоод, элэг, цөс болон цусны даралт ихсэх ба багасах, үе мөч, ууц нурууны архаг өвчин, мэдрэлийн системийн төрөл бүрийн өвчтэй хүмүүсийг эмчлэх бололцоотой нүүрс хүчлийн хийтэй, хүчилтөрөгчийн давхар исэлтэй хүйтэн рашаан юм.

Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р багийн нутагт, Нийслэл Улаанбаатар хотоос 60 км, Төв аймгаас 57 км, Налайх дүүргээс 26 км-т байрладаг. Хан Хэнтий нурууны баруун урд үзүүрт , Туул голын урд, Баянцогт уулын ард далайн түвшнээс дээш дунджаар 1000-1500 метрт оршдог.

99176806, 89267061

Хужирт рашаан сувилал

Эмчилгээ үйлчилгээний байгуулгуудаас анх удаа тохирлын тэмдэг хэрэглэх эрх 2 удаа авсан байгууллага

Магадлан итгэмжлэгдсэн сувилал тул халамжаас хөнгөлөлт эдлэх боломжтой

Монгол улсын төв хэсэгт байрладаг тул Улаанбаатар хот болон аймгуудтай ойр байрладаг, засмал замаар холбогдсон

Эмчилгээний шавар, рашаан, физик, хөдөлгөөн засал зэрэг 20 гаруй эмчилгээг таныг биеийн байдалд тохируулан эмчилдэг.

“Хужиртын хөх сувд” Рашаан эмчилгээ : Дулааны болон эрдэс бодисын солилцоог сайжруулж, биеийг шимжүүлэн тунгалагийн эргэлт,хий цусны гүйдлийг сайжруулах, булчин шөрмөсийг сулруулах, шар усны гэмийг арилгана “Хужиртын хар сувд” Шавар эмчилгээ: Арьсан дахь мэдрэлийн судлын төгсгөлд цочрол үүсгэж улмаар төв мэдрэлийн систем, тархины бор гадаргад нөлөөлснөөрөө хариу урвал бүх эрхтэн системд дамжин бие махбодийн үйл ажиллагаа идэвхжиж нөхөн сэргээх явцыг эрчимжүүлнэ. Үүний үр дүнд хүний биеийн бодисын солилцоо эрчимжиж цусан хангамж сайжирснаар эмгэг хууч эдгэрэх явцыг түргэсгэнэ.

Нийслэл Улаанбаатар хотоос 390 км, Өвөрхангайн төв Арвайхээрээс 88км, Хархориноос 54км зайдӨвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, Орхон голын сав газар, Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн түвшнээс 1660 метрийн өндөрт оршдог.

7711-5858
9191-3860
9919-4229
8083-8089

Шаргалжуут рашаан сувилал

Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой

Халуун рашаан, шавар эмчилгээ замаг эмчилгээ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 650 орчим километр зайтай оршдог.

77437777

Өөш манхан-элсэн сувилал

Өөш манханы элс нь бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээдэг увидастай.

Эмчилгээг хийхдээ байгалийн хүчин зүйл болох нар, агаар, элсийг ашиглан наран шарлага, элсэн хучлага хийх болон ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг. Мөн нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг хөөж эмчилдэг.

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт УБ хотоос 420 км зайтай оршдог.

99118166 , 99038736 , 99274746 95999969

Хайрын бэлэг-2

Уул усны цэнгэг агаар хүний биеийн хүчил төрөгчийн хэрэгцээг хангаад зогсохгүй агаарын бохирдлоос үүсэх хордлогыг тайлах үйлчилгээ үзүүлдэг

Аарцаг нурууны бүтэн бариа

Чилээ гаргах

Бүтэн биений тосон бариа

Толгой, хүзүү, нурууны бариа

Бумба, Гулгуур бумба

Хор тайлах аппарат

Нүүрсэн, Цахилгаан халуун жин

Дижитал татлагын аппарат

УВЧ-шарлага

Улаан гэрэл

Нүдний алжаал тайлах аппарат

Зөгийн балтай татлага

Эмчилгээний биеийн тамир

Цонжинболдог дахь Чингис хааны морьтой хөшөөнөөс хойш 4.5 км-т Хатан туул голын хөвөөнд

95113030, 89353030, 70130099

Аварга тосон сувилал

Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.

Арьсны эмгэгүүд

Харшил, хордлогын нөлөөтэй эмгэгүүд

Сахарын диабет

Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг

Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд

Үе мөчний хэрх өвчин

Хамар хоолойн эмгэг

Гэмтэл бэртлийн дараах үе

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 250 километр зайтай орших ба Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг өнгөртөл 230 км засмал замаар, Жаргалтхаан сумаас Аваргатосон рашаан сувилал хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж очно.

77437777, 9582-9918, 9636-3032

Оргил рашаан сувилал

Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд сайн үйлчилгээтэй.

Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм.Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй.

Богдхан уулын ар хормойд, Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Удирдлагын Боловсролын Академийн хажууд байрладаг.

341152, 342093, 342096, 342092

Цагаан голын рашаан амралт

Цагаан голын рашаан нь хоолой, элэг, цөс, ходоод, үе мөч, зүрх судасны өвчинг анагаах зорилгоор эрт үеэс ууж, орж хэрэглэж ирсэн.

Рашаанд орохдоо эхлээд бага багаар ууж дасгах, аажмаар рашааныхаа уух ба орох хэмжээ, хугацааг ихэсгэж, дараа нь буцааж багасгах байдлаар хэрэглэдэг.

Булган аймгийн Баян-Агт сумын нутагт Цагаан голын рашааны дэргэд (Эмгэн булгийн рашаан) байгалийн үзэсгэлэнт газар оршдог

99356789

Отгонтэнгэрийн рашаан сувилал

Тулгуур хөдөлгөөний эрхтэний өвчин, зүрх судас, цусны эргэлтний дутмагшил, 1 үеэс хэтрээгүй үед, зах мэдрэлийн системийн өвчин, судасны өвчин, арьсны өвчин, (хайрст үлдийн эдгэрэлт, хязгаарлагдмал нейродермит, намарс, арьсны загатнаат өвчнүүд, харшлын гаралтай арьсны үрэвсэлт өвчний хурц биш үе), гуурсан хоолойн архаг үрэвсэл, дунд чихний архаг үрэвсэлд хэрэглэнэ

Рашаан уух, рашаанд орох, шавар тавих

Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 километр, Улаанбаатар 1210км алсад, Отгонтэнгэр уулнаас зүүн хойш, бага Отгонтэнгэр уулын ар хормойд, ойн бүсийн дээд хязгаарт, Рашаан голын хөндийд мөнх цаст мөсөн голт сүрлэг уулсын хооронд далайн төвшнөөс дээш 2500 метрт байдаг.

99059022, 99468182, 99051478, 93036701

Өвөр Жанчивлангийн рашаан сувилал

Жанчивлангийн рашаан нь ходоод гэдэсний архаг үрэвслүүд, элэг, цөс, нойр булчирхайн зарим өвчнүүдийг анагаах чадалтай эрдэс бодисоор баялаг болох нь шинжилгээ судалгаа болон олон жилийн практик үйл ажиллагаагаар батлагдсан.

Тус рашаан сувилал нь ходоод гэдэсний архаг үрэвсэл, элэг, цөс, нойр булчирхайн архаг үрэвсэл, цөсний хагалгаа хийлгэсний дараах үе зэрэгт жанчивлангийн рашаан уулгах, цөс, ходоод, гэдэс угаахаас гадна шавар эмчилгээ, усан эмчилгээ, гэрлэн болон цахилгаан эмчилгээ, иллэг, бариа засал, биеийн тамир эмчилгээ, бумба, зүү төөнүүр, хүчилтөрөгчийн коктейл уулгах, зуны улиралд гүүний саам , цагаан ямааны сүү уулгах зэрэг эмчилгээнүүдийг хийж мөн эмчилгээний хоолоор үйлчилдэг.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт далайн түвшнээс дээш 1300 метрийн өндөрт ой хээрийн бүсэд оршдог. Улаанбаатар хотоос шууд замаар 75 километр засмал замаар 105 километр Төв аймгаас 70 километр зайд оршдог.

80850888, 322075

Дашрамд дурдахад ЭМЯ-наас амралт, рашаан сувиллын газрууд болон амрагчдад дараах зүйлсийг анхаарууллаа. Үүнд:

Амралт, сувиллын газарт:

  • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
  • Маск, тусгай амны эсвэл нүүрний хаалт зүүх
  • Нэг удаагийн бээлий хэрэглэх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Гар угаах орчинг бүрдүүлэх, гарын цаас, саван тогтмол байлгах
  • Хоолны ширээ, орыг 1-1,5 метр зайтай байрлуулах
  • Нэг дор олноор хооллохгүй, ээлжлэн оруулах
  • Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
  • Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор угааж, цэвэр усаар сайтар зайлах
  • Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах
  • Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах
  • Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх
  • 1л усанд 25мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
  • Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
  • Хүн хүлээж авахын өмнө өрөөг сайтар халдваргүйжүүлэн цэвэрлэх
  • Саун, бассейнд халдваргүйжүүлэлт байнга хийх
  • Шавьж, мэрэгчгүйтгэл хийх
  • Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах

Амрагч нарт:

  • Амны хаалт тогтмол зүүх
  • Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
  • Хүн хоорондын зай барих
  • Хоол унд хувааж идэхгүй байх
  • Гүйцэд болгосон хоол хүнс хэрэглэх
  • Тамхи дамжуулан татахгүй байх
  • Нэг өрөөнд бөөгнөрөхгүй байх
  • Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

​КОВИД-19-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ -22

Ковид-19 халдварын эргэн тойронд: тандалт, судалгааны тойм–15 ...

1. Улиас модны хөвөн буюу унгирал коронавирусийн тархалтыг нэмэгдүүлж болзошгүй учраас Энэтхэгийн Кашмир мужийн эрх баригчид мод тайрах шийдвэр гаргажээ. Энэ модны хөвөн харшил сэдрээн ханиаж найтаахыг нэмэгдүүлж улмаар халдвар тараах эрсдэлтэй гэж үзжээ. Кашмир мужийн хүн амын 92% нь тоос, 73% нь ургамлын харшилтай гэж судалгаанд дурджээ. Улиас модны хөвөнгийн харшил нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй адил тул Ковид-19-тэй андуурагдаж болзошгүй гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Улиас мод 6-р сарын сүүлээс эхлэн хөвөнгөө хаядаг байна.

2. БНХАУ-д хийсэн судалгаагаар коронавирус нохой, гахай, тахиа, галуу зэрэг гэрийн тэжээвэр амьтдаас мууранд илүүтэй халдварлаж байна гэж үзжээ. Тиймээс муур коронавируст халдварыг амьсгалын замаар тарааж болзошгүй гэж анхааруулжээ.
3. Кембрижийн их сургуулийн эрдэмтэд амны хаалт зүүж, хөл хорио тогтоох нь коронавируст халдварын дараагийн давалгаа гарахаас сэргийлнэ гэж мэдэгджээ.
4. Шведийн эрдэмтэд Ковид-19-ийн халдвараар өвчилж эдгэрсэн хүний цусны ийлдсийг эмчилгээнд хэрэглэхэд залуу хүмүүс 7 хоногт эдгэрсэн бол 60-аас дээш насны хүмүүст энэ хугацаа илүү урт байжээ.
5. Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд коронавируст халдвар авсан өвчтний цээжний рентген зургийн оношилгоо, эмчилгээнд 2D, 3D ухаалаг аппарат ашиглахаар болжээ. Үүний үр дүнд оноштой уялдсан эмчилгээг энэ аппарат шууд санал болгоно.
6. АНУ-д хийгдсэн судалгаагаар усан тамхи хэрэглэх нь Ковид-19-ийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн дүн гарчээ.
7. 16 оронд хийсэн 172 судалгаагаар амны хаалт 85%, нүүрний хаалт 78% Коронавируст халдвараас сэргийлнэ гэж үзжээ.
8. БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн судлаачид Бээжингийн Шинфади хүнсний захад илэрсэн коронавирус Уханьд гарсан вирустэй харьцуулахад халдварлах чадвар өндөр байна гэж мэдэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Харанхуй дахь гол

Умард Солонгосоор хэд хоног аялах боломж гарсан юм. Аялал ч боломжийн болсон. Аяллаас ирсний дараагаас тэрхүү орны талаарх сонирхол улам нэмэгдсэн гэхэд болно. Умард Солонгосын тухай ном тэр бүр байдаггүй. Байгаа хэд нь голдуухан тэндээс оргосон, зугтаасан хүмүүсийн дурсамж, бас мэр сэр жуулчдын үзсэн харснаа бичсэн нь голдуухан байх. Монголд орчуулагдан гарсан, олны анхаарал татсан Барбара Демик гэдэг хүний “Атаархах зүйл үгүй”, умардаас зугтаасан нэгэн хоригдлын “14-р хорих ангиас оргосон нь” зэрэг номууд байна. Тэгвэл саявтархан Ишикава Масажи гэгч япон ээж, солонгос эцэгтэй нэгэн хүний бичсэн “Харанхуй дахь гол” ном орчуулагдан гарсныг авч уншлаа. Уг ном анхлан 2000 онд Японд хэвлэгдэн, 2018 онд англи хэлнээ орчуулагджээ. Англи хэлээр хэвлэгдэн гармагцаа “Нью-Йорк таймс”-ын бестселлер, Амазоны хамгийн их уншигчтай ном, Америкийн хамгийн их борлогдсон номоор тус тус шалгарсан алдартай бүтээл юм байна. Номыг монгол хэлнээ Д.Амарбаясгалан орчуулан гаргажээ. Уг номын үйл явдал бүхэлдээ хүнд хэцүү амьдралын тухай, ямагт өлсгөлөн байдаг ходоодоо юугаар ч хамаагүй яаж дүүргэх вэ, жаахан ч гэсэн юм хаанаас олоод идчих вэ гэсэн бодолд автах хүмүүсийн тухай өгүүлнэ. Номыг бичигч умардад 1960 онд 13 настайдаа аав, ээж, гурван дүүгийн хамт нүүн очих бөгөөд өөрөө оргон зугтах хүртлээ тэнд өнгөрүүлсэн 36 жилээ зөвхөн өлсөж л өнгөрүүлсэн тухайгаа бичсэн юм. Масажигийн аав нь Японд ажиллаж амьдардаг байхдаа танхай нь хэтэрсэн, зодоон цохионоороо зартай “Чоно” гэх хочтой нэгэн байсан бол эх нь тухайн үедээ боловсролтой эгэл жирийн япон эмэгтэй байж. Хувь заяа нь гэхээсээ илүү эцгийнх нь тэнэг шийдвэрээс болж тэд үлдсэн бүх амьдралаа өлсгөлөн дунд өнгөрөөх гунигтай, хар дарсан ирээдүй рүү нүүн очицгоосон юм. Умардад очсон өдрөөсөө л гадуурхал, хавчлага дунд орж буйгаа мэдэрсэн тэднийг нутгийн иргэд гээд ер нь хэн ч хүн гэж эс тоож байгаа нь гунигтай. Гагцхүү “Япон новш” гэх үзэн ядалт бүх л амьдралынх нь турш дагалдах болно гэдгийг нүүж очих хүртлээ эс мэднэ. Нэгэн цагт ойр хавийнхнаа азаргалж байсан эцэг нь цагдаад баригдаж үхтэлээ зодуулснаас хойш нурмайсан, энгийн сул дорой нэгэн болж байгаа, эх нь зөвхөн өл дарахын тулд ой руу явж, чанаж идэж болох л бол юу ч байсан түүж авчирч байгаа, өлсгөлөнгөөр ойр дотных нь хүмүүс харамсалтайгаар амиа алдах авч тэдний төлөө юу ч хийж эс чадах зэрэг бидний хэзээ ч төсөөлөхгүй зүйлсийг “Харанхуй дахь гол” номоос уншиж болох юм. Ер нь бурхны аврал гэж байдаг уу. Байдаг бол тэднийг аврах ёстой бурхан нь мартсан байх гэмээр үйл явдлууд уг номонд өрнөнө. Яаж ч хичээсэн, яаж ч ажилласан сэжигтэй давхаргын нэг муу “япон новш” байх хувь заяа нь энэ хүнд бүүр хэтэрхий хатуу хандаж дээ гэж уншсан хэн ч бодохоор. Яалт ч үгүй ирээдүй нь зөвхөн өлсөж л үхэх тавилан угтах тэрээр 1996 онд өөрийнх нь нэрлэснээр “Дэлхий дээрх тамын нүх”-нээс оргон гарсан. Гэвч түүний эхнэр хүүхдүүд үгээр хэлэхэд ч бэрхтэй мөнхийн өлсгөлөн, гадуурхлын дунд үүрд үлддэг. Хэдийгээр тэр ар гэр, үр хүүхэд, эхнэртээ санаа зовох хэдий ч яаж ч хичээгээд тэднийгээ хажуудаа авчирч чадаагүй. Магадгүй хэзээ нэгэн өдөр тэднийгээ авчирна даа гэх горьдлого байх авч хэзээ ч биелэхгүй хүсэл байж ч магад. Учир нь түүнийг Японд хөл тавиад төдийлөн удаагүй байхад охин нь өлсгөлөнгөөр 20 гаруйхан насандаа өөд болно, эхнэр нь ч мөн адил. Өөрийн хэрээр ажиллаж охиндоо мөнгө илгээсэн авч хожимдсон байж. 1998 онд түүний хүү нь хүүхдүүдийнхээ хамт нүүрсний уурхайд ажил хайж байсан гэх там тум мэдээ л олж сонссон байдаг. Одоо харин хүү нь амьд эсэхийг тэр мэдэхгүй. Ер нь энэ номыг уншаарай гэж зөвлөх байна. Бас ч нэгийг бодуулах байх аа.

Categories
мэдээ цаг-үе

Адуугүйгээр өөрийгөө төсөөлдөггүй сумын алдарт уяач А.Чинбаатарын хурдан хүлгүүд өнгөтэй байна

Төв аймгийн Зуунмод сумын алдарт уяач А.Чинбаатарын уяан дээр өнгөрсөн баасан гаригт очлоо. А.Чинбаатар отрын адуучин учир нутаг усныхан нь “Хаагуур нутаглаж байгаа бол сайн мэдэхгүй юм. Сэргэлэнгээс урагшаагаа буусан дуулдсан”, “Бөхөгийн хөндийд байж магад” гэж багцаа хэлж өгөв. Тус сумын III багийн Засаг дарга Ш.Цэндсүрэн замчилж Сумын алдарт уяачийндаа хүргэлээ. Эхнэр нь аймгийн төв орсон учир А.Чинбаатар гэртээ ганцаараа байгаа аж. Айлсаж буусан Р.Эрдэнэсүрэнгийн хүүхэд нь хотод мэс засалд орж буй учир А.Чинбаатар гуай хоёр айлын мал хуй, гэр бараагаа ийн сахиж, хонины ээлжтэй байлаа. Тэрээр жижиг дөрвөн ханатай отрын гэрээ жилдээ тоймгүй олон буулгаж, барина. Байсхийгээд л нүүгээд явчихдаг учир улс амьтан ч тэр болгон олоод очдоггүй ажээ. Харин наадам дөхсөн учир аймгийн төв рүүгээ саяхан дөхөж буусан нь энэ. Бараат уулын баруун бэлээр нутаглаж байна. А.Чинбаатар гуай гурав дахь үеийн уяач. Социализмын үед мал маллаж, морь уяхын хажуугаар Нэгдэл дундын үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1993 оноос мал дээр гарчээ. А.Чинбаатар “Маргааш морь ёсолно. Энэ жил гурав, дөрвөн насанд морь уяна аа. Манайх хоёр азарга адуутай. Нэг нь энэ урд бий. Хэдүүлээ тийшээ очъё. Харин нөгөө азарга адуу маань хойшоо л бий. Дөрөв, тав хоногийн өмнө хойно л харагдсан. Очих зав олдсонгүй. Өнөө орой адуу руугаа давхина даа. Манай энд чинь сайхан шүү дээ. Хулгай зэлгий гэж байхгүй, сайхан газар ш дээ” хэмээлээ. Өврийн радионы долгионоо Үндэсний радио дээр тааруулчихсан учир 11 цагийн коронавирусийн мэдээгээ сонсчихно. 15 цагт 10 минутаас цаг агаарын мэдээндээ чих тавина. Хонины бэлчээрт энэ радио нь л хань болно. Харин маргааш (бямба гариг) морь ёсолбол А.Чинбаатар гуайн хувьд ажил нэмэгдэнэ гэсэн үг. Гэвч тэрээр наадам, адуу ярихаараа нүд нь сэргээд, инээд алдаад баярлах юм. “Наадмын тухай өчигдөр орой зурагтын мэдээгээр сонссон ш дээ. Ер нь хийнэ. Хийхдээ цахим хэлбэрээр хийнэ гэсэн. Олныг нэг дор бөөгнүүлэхгүй. Улс нь улсдаа, аймаг нь аймагтаа, сум нь сумандаа дор дороо хийнэ гэсэн. Уг нь өнөөдөр морь ёслох өдөр байсан. Хонины ээлжтэй байгаад чадсангүй. Маргааш ёсолно доо. Морь ёсолно гэдэг чинь морио уяхыг хэлж байгаа юм. Нэг ёсондоо миний хувьд наадмын бэлтгэл эхэллээ гэсэн үг л дээ” хэмээгээд “Хүй долоон худагт наадам хийдгээс өмнө Яармагт уралддаг байхад би олон жил морио уралдуулсаан. Арваадаар, 20, 30-аар зөндөө давхиулсаан. Би чинь бараг дөчөөд жил морины сүүл уяж байна даа. 1978, 1979 оноос л морь уяж эхэлсэн хүн. Би чинь өөрийгөө адуугүйгээр төсөөлдөггүй хүн шүү дээ. Адуугүй бол малын ч хэрэг байхгүй. Хар багаасаа л адуу дагасан. Өвөг дээдсээсээ л өвлөсөн хобби юм даа. Тийм болохоор сонирхлоороо явчихаж байгаа юм. Манай өвөө, эмээ нар бүгд Сэргэлэн сумын хүмүүс. Авдар хайрхан хавиар нутагладаг хүмүүс байлаа. Тод манлай уяач Онон бид чинь төрсөн ах дүүсийн хүүхдүүд шүү дээ. Сэргэлэн сум чинь анх аймгийн төв дээр байсан юм. Гандангийн хойно байснаа урагшаа нүүсэн юм. Тэр үед нь манайх хоцорсон юмдаг. Тийм л улс байгаа юм” гэлээ. Отрын гэр нь 1940-өөд оны үед байсан гэр гэнэ. Өвлөгдөж ирсэн хөрөнгө. Анх А.Чинбаатар эхнэр Б.Даваадулам, хүүхдүүдтэйгээ тавуулаа энэ гэртээ амьдраад, нүүгээд болоод л байдаг байж. Хүүхдүүд нь тусдаа гарч, эхнэртэйгээ хоёулаа үлджээ. Зуны дэлгэр цагт үр хүүхэд ач зээ нар нь цуглана. “Удахгүй зусландаа буухаар бүгд ирцгээх биз” гэж байлаа. А.Чинбаатар “Гэхдээ тэнгэр хангай ингээд хавсарга тавиад байхаар чинь зусландаа буулгахын янз алга. Бороо хур яах нь уу, ногоо цагаа хаашаа байх нь уу тэрийг харж байгаад зуслангаа сонгоно доо” гэж хаалгаар гадагшаа харж эрүүгээрээ тэнгэрийн хаяа руу заав.

Багийн Засаг дарга Ш.Цэндсүрэнгийн хамт

Өнөө жилийн хувьд коронавирустэй холбоотойгоор наадмыг цомхон тэмдэглэх шийдвэрийг төр засгаас гаргасан. Тийм ч болохоор хүмүүсийн хувьд төдийлөн наадам гэж ярихгүй байгаа. Гэтэл уяачдын хувьд үгүй бололтой. Их догдлолтой хүлээж байгаа аж. “Наадам хүлээлгүй яахав. Хүлээж байгаа болохоор л би адуу, малаа хариулаад отроор ингээд ганцаараа явж байхав дээ” гэж уяач А.Чинбаатар инээгээд “Долдугаар сарын 11, 12-нд улсын баяр наадамтай зэрэг наадамлана гэсэн. Одоогоор наадам дээр ямар байр байдалтай очихыг хэлээгүй байна. Сунгаан дээр маск зүүж, гараа ариутга гэж хэлэх юм байгаа биз. Би чинь коронатай коронагүй дандаа маск зүүдэг хүн байгаа юм. Хаврын хавсарганд ч тэр зүүнэ. Адаглаад л салхи хавсарганд уруул ам хуурайшиж хорсохгүй. Бууц шороотой ноцолдоно. Тэр болгон маск л хамар, амыг тоос шорооноос хамгаалдаг” гэж багананаас уясан хэцэнд тохсон даавуун маск руугаа заалаа. Гэрийн эзэн “Маргааш морь ёсолно гэж бодохоос өнөө шөнө нойр хүрэхгүй дээ. Наадамд догдолж байна. Морио л уячихад бусад нь бэлэн дээ бэлэн” хэмээн инээмсэглэнэ. Уяачдын хувьд наадам дөхөхөөр сэтгэл нь тогтохоо байж адаглаад л морио барина гэхээс шөнө нь нойр нь хулжаад байдаг гэнэ. Урьд жилүүдэд зургадугаар сарын хорьдоос эхэлж гүүгээ барьдаг байсан бол өнөө жил оройтож мэдэхээр байгаа аж. Гэтэл айраг цагаа, хуушуур, бууз заруулахгүй, хүн цуглуулахгүй, наадмын талбайд уяач, унаач хүүхэд хоёр л очно гэж байгаа болохоор гүүгээ бариад хэрэг байна уу хэмээж байлаа. Энэ өвөл Төв аймгийн төв, Сэргэлэн сумын нутгаар цас харьцангуй их унаж, хавар өвсний гарц дөмөгхөн байсан ч хавартаа хүйтэн, зуны сар гарснаас хойш халуун хавсарга тавиад байгаа болохоор цаашид газар гандаж мэдэхээр байгаа аж. Уяач А.Чинбаатар “Энэ жил наадмаа цахим хэлбэрээр гэр гэрээсээ үзээд сууж байх нь ээ. Тэгж юм үзэх чинь муухай нь ч муухай юм билээ. Сая хавар Чулуунхүү, Бямбажав хоёрын тоглолт болоогүй бил үү. Бас л тийм цахим хэлбэрээр үзсэн. Биднийг ч бас тэгж харах нь дээ, наадамчид” гээд инээлээ. Наадамчдын шуугиан, моринд дуртай, морины хорхойтнуудын уухайн дор морио уралдуулаад сурчихсан болохоор энэ жил үзэгчгүй наадам хийнэ гэхээр эвгүй байгааг уяач маань нуусангүй. “Монголын түүхэнд байна шүү дээ” гээд радио руугаа заагаад “Энэ л хэлж өгч байгаа юм. Хонин дээр байхад хэлж байна лээ. Монголын сүүлийн 99 жилийн түүхэнд наадмаа хийхгүй, тасалдуулж байсан удаа байхгүй. 39, 45 оны Халхын голын дайн. 37 оны лам нарын харгислалтай байсан янз янзын үеүдэд хүртэл хийдгээрээ л хийж байсан гэж Улсын онцгой комисс ярьж байна лээ. Тийм болохоор наадмаа хийсэн нь зөв. Тэгэхгүй бол 99 жилийн түүх тасарна” гээд “Наадам, Цагаан сар хоёр чинь үндэсний баяр шүү дээ. Хоёр он солигдож байгаа учир Цагаан сарыг тэмдэглэхээс аргагүй. Улсын баяр ч ялгаагүй, өдий олон жил, өвөг дээдсээсээ эхэлж тэмдэглэж ирсэн баяр. Хоёуланг нь тэмдэглэж байх хэрэгтэй” гэв.

Төв аймаг 1984 оны наадам. Гэргийнхээ хамт

Сумын алдарт уяач А.Чинбаатарын сүрэгт хүрэн азарга, зээрд, цавидар морьд, хусран даага гээд олон хурдан хүлэг байгаа аж. “Сэргэлэн сум уяачдаараа алдартай. Угаасаа л уяач олонтой, адуу сайтай газар. Одоо чинь тэжээл, тариагүй бол морь явах ч үгүй. Би бол тэр тариа мариаг нь мэдэхгүй ч үгүй ээ. Тэжээл дээр нь л анхаардаг юм. Маргааш морьдоо уячихаар гэртээ сэтгэл хорогдоод холдож чадахгүй болчихно. Орж гарахдаа л хараад” хэмээн баясгалантай өгүүлснээ “Залуу ч байлаа морь ч аюулын давхиж байхад нойр хүрдэггүй байжээ. Одоо ч нас хөөрхөн явж байна. Ядраад байдаг болж. Хөгшрөөд бүр ч нойргүй болох шинжтэй. 20, 30 настай байхад минь морь аюулын сайхан давхидаг байлаа. Тэр үед тооноор бүдэг бадаг гэгээ оров уу үгүй юү, тип тап гээд л босч аваад мордоод алга болдог байлаа. Тийм л байдаг байлаа. Би чинь хажуугаар нь ажил хийдэг байлаа. Албаны ажилтай. Тэрэндээ явна. Адуу малдаа явна. Морио уяна. Зун болно. Хагас жилийн тайлан баланс гарна. Ёстой хэцүү ажил. Долдугаар сарын нэгэнтэй уралдана. Өдөр нь морины ажлаа хийнэ. Шөнө нь тайлан тооцоон дээрээ сууна. Долдугаар сарын нэгэнд ажлаа хумхиж хаячихаад л арилаад өгдөг байлаа. Тэгж л байлаа шүү” хэмээн бага залуугийнхаа наадмын бэлтгэлийн тухай, есдүгээр сарын нэгэнд Сэргэлэн суманд жил бүр болдог 100 дааганы уралдаанд даага уралдуулж байснаа, 1983 онд аймгийнхаа 60 жилийн ойгоор амьдралдаа анх удаа 953 морь барианаас гарч байхыг харсан тухайгаа сонин болгон хуучиллаа. Ингээд А.Чинбаатар гуай адуундаа мордлоо. Сүргийн бэлчээрт нь очвол атар тарган адуун сүрэг тогтож ядан давхилдана. Уурга суналзуулсан эзнийхээ хөдөлгөөнийг дагаж, уургалах нь уу дээ гэсэн аятай үргэж зугтах аж. Отрын адуучны адуун сүрэг өнгөтэй, наадмаа хийнэ, морьдоо уяна гэсэн сэтгэл нь тогтож ядан нүүрэнд нь баяр жаргалын гал асчээ. Сумын алдарт уяач А.Чинбаатар “Маргааш үдээс хойно морь ёсолно. Дахин ирээрэй дээ” хэмээн уриад адуугаа услахаар уургаа суналзуулсаар салхи сөрөн давхиж одов.


Categories
мэдээ цаг-үе

Г.Ганзориг: Иргэдэд богино хугацаанд мөнгөн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй, гэхдээ түүнийгээ онилж хийх нь зөв

Эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.


-“Covid-19” цар тахал гарсан энэ үед дэлхийн улс орнууд эдийн засгаа тогтвортой байлгахын тулд яг ямар арга хэмжээнүүд авч байна вэ?

-Цар тахлын үед улс бүр хүндхэн байдалд орсон нь үнэн. Мэдээж бодлого боловсруулагчдын хувьд энэ цаг үеийг хэрхэн хохирол багатай даван гарах вэ гэдэг том асуулт ирээд буй. Улс, орнуудын нийт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үндсэн гурван бүлэгт хуваан харж болно. Үүнд сангийн бодлогын дэмжлэг, мөнгөний бодлогын дэмжлэг,валютын ханш ба төлбөрийн тэнцэл орно. Улс бүр өөрийн эдийн засгийн онцлогоосоо хамаараад эдгээр гурван төрлийн арга хэмжээнүүдийг авсаар байна. Дийлэнх улс зах зээл дээрх хүүг буулгасан буюу зөөлөн мөнгөний бодлого баримталж байна. Түүнчлэн засгийн газар тодорхой татваруудыг хойшлуулсан бөгөөд шууд мөнгөн дэмжлэг ч үзүүлсээр байна. Гадаад худалдаанаас хэт хараат, валютын ханш нь хэврэг зарим нэг улсуудын хувьд төлбөрийн тэнцэл, валютын ханш дээрээ тодорхой бодлогууд гарган ажиллаж байна. Гэсэн ч байдал сайнгүй л байна. Олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2020 онд гурван хувиар агшина гэсэн тооцоо гаргасан. Харин өндөр хөгжилтэй орнуудын хувьд тахалд хүчтэй нэрвэгдсэн гэдэг утгаараа дэлхийн дунджаас даруй хоёр дахин их агшихаар байгааг дурдсан. Мэдээж саарын хажуугаар сайн ч мэдээ байна. Тархалт саарч буйтай холбоотойгоор тавдугаар сараас хойш хэд хэдэн улс карантиныг зогсоож эдийн засгийн нөхцөл байдлаа хэвийн болгохоор зорин ажиллаж байна.

-Англи улс эдийн засгаа сэргээхийн тулд иргэддээ 2500 фунт стерлинг өгч байгаа. Хэрэв энэ нь амжилттай болбол 5000 фунт стерлинг болгоно гэнэ. Монголд ийм арга хэрэглэж болох уу?

-Англи улс болон Монгол Улсын хувьд эдийн засгийн бүтэц, хөгжил зэрэг нь шал ондоо л доо. Английн Фунт стерлинг бол хамгийн үнэтэй валют. Түүнчлэн үйлдвэрлэл хүчтэй хөгжсөн орон. Харин манай валют маш хэврэг, жаахан л байдал эвгүйтэхэд 20-30 хувиар ч сулардаг эд. Тэгэхээр манайд хамаагүй мөнгө тараах нь илүү том асуудлыг дагуулж мэднэ. Ер нь эцсийн дүндээ мөнгөн дэмжлэг үзүүлэх нь эдийн засгийн эргэлтийг зогсоохгүй байх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Тэгэхээр манай эдийн засагт бүх хүнд жигд тараах гэхээсээ илүүтэйгээр тодорхой бүлгүүдийг онилон дэмжлэг үзүүлбэл зохилтой. Английн энэхүү хөтөлбөр ч бас зорилтот бүлэгт өгч байгаа дэмжлэг шүү. Түүнчлэн зах зээлд мөнгө нийлүүлэхдээ бас нөгөө талдаа төлбөрийн тэнцэлд тодорхой бодлогууд гарган ажиллах хэрэгтэй. Ийнхүү валютын ханшаа хамгаална шүү дээ.

-Цар тахал бидний эдийн засагт хүндээр тусч, тэр нь үргэлжилж байгаа. Эдийн засаг талаас нь харвал онцгой нөхцөл байдлыг сулруулах нь зүйтэй юү?

-Энэ бол миний хариулах асуулт гэхээсээ эрүүл мэндийн чиглэлийн хүмүүсийн ярих ёстой зүйл байх. Хэрэв би хариулбал шат дараалалтайгаар, хяналттайгаар сулруулах нь зүйтэй л гэж харж байна. Эс бөгөөд маш олон аж ахуйн нэгж хаалгаа барьсаар л байх болов уу. Өмнө нь хэлж байсанчлан тавдугаар сараас хойш маш олон улсууд шат дараатайгаар эдийн засгаа нээхээр ажиллаж байна. Тэдгээрээс ч гэсэн суралцах л ёстой болов уу.

-Иргэдийн амьжиргааг халамжийн бодлого, зээл төлөлтийг хойшлуулах аргаар удаан барьж чадах уу. Тийм хэмжээний нөөц, хуримтлал бий юү?

-Эдийн засаг гэдэг нэг талдаа бүтээмж, бодит үйлдвэрлэл, нөгөө талдаа түүнтэй зэрэгцэн орших мөнгө, санхүү байдаг. Нэгэнт өнөө цаг үед хүнийг хүчээр ажил хийлгэж, бүтээмжийг нь нэмэгдүүлдэггүй болсон тул удирдах байгууллагууд бүтээмжийг сайжруулах зорилгыг мөнгө, санхүүгээр нь л дамжуулж хийдэг болсон. Үүнийг дамжиж буй сувгаар нь ялган мөнгөний, сангийн бодлого гэх зэргээр нэрлэдэг. Аль ч утгаараа бай хамаагүй ийнхүү мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх, богино хугацааны хүндрэлийг даван туулахад зориулсан мөнгөний дэмжлэг зэрэг нь урт үргэлжлээд байх боломжгүй зүйл. Эцсийн дүндээ бүтээмж, бодит үйлдвэрлэл нь өөрчлөгдөхгүй бол тэгээд хямрал л болно. Удаан хугацаанд мөнгөн дэмжлэг үзүүлсээр байвал сүүлдээ мөнгө үнэгүй болж, үйлдвэрлэл зогсож утгаа алдана. Бүтээмжид бүр сөрөг нөлөөг үзүүлнэ. Эцэст нь дүгнээд хэлэхэд богино хугацаанд мөнгөн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй, гэхдээ түүнийгээ онилж хийх нь зөв. Үүнтэйгээ зэрэгцүүлэн валютын урсгалаа удирдах, шаардлагагүй валютын гадагшлах урсгалыг бууруулах, тариф нэмэгдүүлэх, зарим валют олж ирж буй бүтээгдэхүүнээ дэмжих нь зүй. Ингэж үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдэхээс хамгаална. Харин урт хугацаанд энэ байдлаар удаан тэсэхгүй, шат дараалан онцгой нөхцөл байдлыг сулруулах нь зүй. Манайх ч биш бүх улс л эдийн засгийн бүтцээсээ шалтгаалаад эдгээр арга хэмжээг авч байна шүү дээ.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ

Д.Нямхүү: Сайхан мэдээ дуулгая. Монгол эмч нар Франц иргэнийг ...

ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “VI сарын 19-нд нийт 62 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгэрсэн долоон хүний зургаа нь оюутан. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 240 байгаагаас 139 хүн эдгэрч, 65 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдээс 57 хүний биеийн байдал хөнгөн, 8 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Шоколад идээд л хорин саяыг халаасалдаг Федерер

Бас гоймон сорж, кофе ууж, машин унаж, цаг зүүвэл бүр ч илүү баяжиж дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар зарлуулна гэдгийг Швейцарийн теннисчин Рожэр Федерер энэ жил баталсан. Forbes жилийн орлогоороо тэргүүлсэн дэлхийн тамирчдын эхэнд Федерерийг жагсаасныг спорт сонирхогчид сонссон гэдэгт итгэлтэй байна. Харин яаж яваад тэр Рональду, Месси, Леброн Жэймс нараас илүүг олчихдог билээ. Агуу теннисчин Рожэр Федерер 38 насандаа анх удаагаа Форбесын жагсаалтыг тэргүүлсэн нь анхаарал татах асуудал яах аргагүй мөн юм. Учир нь уг жагсаалтыг гаргахдаа тамирчны замналынхаа хугацаанд олсон орлогоор бус зөвхөн тухайн жилдээ л хэдийг олсноор нь эрэмбэлдэг тул нэлээн хэвийх насандаа яваа, амжилт нь буурч буй хүн уг сунгаанд түрүүлнэ гэдэгт итгэхэд хэцүү. Рожэр Федерер бол яах аргагүй эрэгтэйчүүдийн теннисний манлайлагч мөн агаад хорь гаран жил талбайг чимэхдээ олимпийн аварга, Дэвисийн цомын аварга, АТР-ын 111 тэмцээний аварга, эцэст Их Дуулгын хорин удаагийн аварга гээд өмнө нь хэн ч гишгээгүй амжилтуудыг эзэмшдэг “тасарсан” аварга билээ. Гэхдээ… Теннисчид хичнээн мундаг, авьяастай, нэр хүндтэй байгаад дунд зэргийн сагсан бөмбөгчин, хөлбөмбөгчөөс илүү цалин авч чаддаггүй. Ер нь тэдэнд цалин гэж ч байхгүй, жилдээ гуч гаруй тэмцээнд оролцож тэндээсээ олох шагналынхаа нийлбэрээр цалингаа бүрдүүлдэг агаад Рожэр Федерерийн энэ жилийн орлого 6.3 сая ам. доллар болжээ. Жишээ татаад харьцуулахад энэ жил талбайд огт гаралгүй “Мемфис Гриззлис”-ийн сэлгээний сандалд суусан “тэтгэврийн насны” Андре Игудалагийн цалин 11 сая ам.доллар байсан гэхээр Рожэр хэзээ ч Форбест бичигдэхээргүй мэт. Гэтэл үгүй юм аа. Түүний орлогын нууц нь реклам зар сурталчилгаандаа бий. Дээр хэлсэн дээ, Рожэр өнгөрсөн жилийн хавраас өнөө жилийн хавар хүртэлх жилийн хугацаанд гуч гаруй тэмцээнд оролцоно гэж бүртгүүлсэн, оролцсон гэж. Тэрийг нь бас өөрөөр тайлбарлавал гучаад улсад очсон гэсэн үг. Теннисийг ихэвчлэн хөрөнгө чинээтэй, баян цатгалан талдаа хүмүүс үзэж таалдаг гэдгийг бид мэднэ. Тийм хүмүүст зориулсан Uniqlo, Rolex, Mercedes-Benz, Credit Suisse, Jura, Moet & Chan­don, Barilla, Lindt, Wilson, Netjets Sunrise гээд аймшигтай үнэтэй брэндүүд бүгд Федерерийнх. Ер нь Федерер бол алхаж яваа зар сурталчилгааны самбар гэхэд нэг их буруудахгүй. Хорвоод түүн шиг олон төрлийн пүүсүүдийн нэрийн хуудас болон тоглож буй тамирчин байхгүй гэдэг юм билээ. Тэр дандаа үнэтэй, цэнэтэй компаниудын жирийн хүн худалдаж авах гээд хүчирч үл барам брэндүүдийг рекламдаад гүйж явдаг гэвэл бас үнэнд нийцэхгүй. Түргэн хоолны чанадаг гоймон, Швейцарь шоколад, итали жортой улаан лоолийн сүмс гээд жирийн иргэд хүртэх боломжтой өргөн хэрэглээний барааны рекламд тоглоод мөнгө цохиод гүйж л байдаг. Иймэрхүү реклам зар сурталчилгаанаас нийтдээ зуун сая ам.долларыг Федерер энэ жилдээ “зуужээ”. Харьцуулахад гуравдугаар байрт орсон Лионель Месси 104 саяыг олсны 72 сая нь цалин, хоёрдугаар байрт бичигдсэн Криштиану Роналдугийн орлогын 105 саяын жаран сая нь цалин нь байх юм. Дэлхийн нэртэй цуутай хөлбөмбөгчид, хүүхэд залуучуудын амьд шүтээнүүд жилдээ “дөнгөж” гуч орчим саяыг олж байна гэхээр Федерер яах аргагүй рекламны “мангас” байгаа биз. Мэдээж энд бас хувь хүнийх нь соёл, бие зөв авч явах байдал, гэр бүлийн тогтвор суурьтай амьдрал гээд ямар ч хэрэг төвөг, гаж буруу зүйлд орооцолдоод байдаггүй чанарууд нь нөлөөлнө л дөө. Тэр тал дээрээ Рожэр болон тэдний гэр бүл дэндүү төгс. Тийм л учраас дэлхийн том пүүсүүд Федерерийг зай өгөлгүй дагадаг. Ганц жишээ татъя. 2008 онд спорт хувцасны NIKE пүүсийнхэн Рожэртэй арван жилийн хугацаатай 100 саяын гэрээ үзэглэж тухайн үеэ цочроож байлаа. Арван жил бол их хугацаа, тэр он жилүүдийн дараа швейцарь теннисчин 37 хүрчихээд аль эрт зодог тайлчихсан байх магадлалтай гэж үзсэн ч гэлээ арван жилээр гэрээ хийхгүй юу. Гэтэл Рожэр арван жилийн дараа юун зодог тайлах, улам л өнгө ороод тэмцээнд гялалзтал тоглоод, түрүүлээд гүйж л байдаг. Тэгээд гэрээгээ сунгаад шинэ нөхцөлтэй баримт үзэглэе гэхнээ сэргэлэн япончууд түрүүлээд 300 саяар Uniqlo-тойгоо хамтарч ажиллах гэрээ байгуулчихаж байгаа юм. Арван жилийн хугацаатай шүү. 47 настай Федерер яах аргагүй зодог тайлчихсан байх ч гэлээ япончууд эмээгээгүй, цохиуртай, цохиургүй ч бай Федерер гэдэг нэр өөрөө хүмүүсийн анхаарлыг татсаар байх болно гэдгийг анзаарсан л байна лээ. Энд ч гэлээ Федерерийн гүйлгээ ухаан ажилласан л байна лээ. Японы Uniqlo зөвхөн спорт хувцас үйлдвэрлэдэг пүүс учраас Федерер гэрээгээ зөрчилгүй тэдний хувцсыг өмсөнө, харин пүүз үйлдвэрлэдэггүй тул NIKE-гийн гутлыг рекламдаад явчихаж байгаа юм даа. Жилдээ нэг удаа шинэ загварын Mercedes машины хаалгыг онгойлгож зургаа татуулаад таван сая, Rolex цагийг оролцсон тэмцээнийхээ дараа зурагтын камерын өмнө нэр төртэй гаргаж ирээд зүүвэл 15 сая, Credit Suisse-д мөнгөө хадгалуулж, үйлчлүүлбэл 18 сая, Lindt chocolate идвэл бүр хорин сая ам.доллар авдаг гээд цувах юм билээ. “Би мориноос айдаг, товлосон хугацаанаасаа хоцорч ирдэг хүмүүст дургүй, эерэг төгсгөлтэй кино үзээд гайхалтай таашаал авдаг, гэхдээ хамгийн их хүсдэг зүйл нь дэлгүүрт ороод хүнс худалдаж авахад хэн ч танихгүй байгаасай гэдэг мөрөөдөл” гэж ярих Федерер жилийн дараа спортоос төрсөн тэрбумтаны жагсаалтыг нэмэх юм билээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоц газардаж, 256 иргэн эх орондоо ирлээ

89656212_146039886878047_1254369353692872704_o-6ua02ed3f7gho21xepvblv07slryfuhzamzxdytl8hs-6urser56uje6wu7zch4r8xh060ni799177ajexv5j5s-3.jpg

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 256 иргэн эх орондоо ирлээ. Үүнд:

Эрүүл мэндийн шалтгаантай – 51
Өндөр настан – 33
Жирэмсэн – 2
Бага насны хүүхэдтэй гэр бүл – 50 Оюутан, ар гэрийн гачигдалтай, амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай – 120 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Кентавр, Корпорейт зочид буудал, Энхсаран сувилалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Налайхын 4,4 км авто замын хэсгийг мягмар гаригт нээнэ

Налайхын 4,4 км авто замын хэсгийг Мягмар гаригт нээнэ

Нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн Налайх дүүрэгт хийгдэж буй “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил” эрчимтэй үргэлжилж байна.

Ажлын хүрээнд трасст өртсөн инженерийн шугам сүлжээ, авто замын газар шорооны ажил бүрэн дуусч, эхний хэсгийн 2,3 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээлээ.

Өнөөдрийн байдлаар 2-р хэсэг буюу үлдсэн 1,2 км авто замын хашлага суурилуулалт болон асфальтбетон хучилтын бэлтгэл ажлууд хангагдаад байна.

Авто замын хоёрдугаар хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээхээр төлөвлөөд байна.

Тус ажлыг гэрээт хугацаанаас нь өмнө 30 гаруй техник хэрэгсэл, 85 инженер техникийн ажилчид шахуу график төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байна.