Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Хоёр хүнд коронавирусийн халдвар шинээр илэрч, долоон хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа

Д.Нямхүү: Сайхан мэдээ дуулгая. Монгол эмч нар Франц иргэнийг ...

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборторид 314 хүн шинжилгээ хийгдсэнээс 312 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Хоёр хүнд нь илэрсэн.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй зорчигчид коронавирус илэрсэн. Бусад шинжилгээний хувьд зургаадугаар сарын 20-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээ хийгдсэн байна. Мөн тандалтын зорилгоор санамсаргүйгээр сонгон авч 13 сорьцод хийсэн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүний давтан шинжилгээ хийсэн. Короанвирус илрээгүй. Алтанбулагаар орж ирсэн 23 авто тээврийн жолоочийн шинжилгээг хийсэн. Бидэнд бас сайн мэдээ байна. Өнөөдөр долоон хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шат руу шилжлээ. Эдгээр хүмүүс маань 20-37 хоног эмчлэгдсэн ба ихэвчлэн Алтанбулагийн боомтоор орж оюутнууд болон ОХУ-аас орж ирсэн оюутнууд байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

М.Болдсайхан: Хүүхдүүд хугацаандаа ирж, суудлын хуваарьт заасан хэсгээр нэвтэрчихвэл хүндрэл үүсэхгүй

Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулагдах тов гараад байгаа. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтан М.Болдсайханаас зарим зүйлийг тодрууллаа.


-Энэ жилийн ЭЕШ өмнөх жилүүдийнхээс онцлогтой болох болов уу?

-Энэ жилийн ЭЕШ-ын хувьд манай элсэгчдэд болон шалгалтыг зохион байгуулж байгаа Боловсролын үнэлгээний байгууллагын хувьд их өөр сорилт дагуулсан онцлог шалгалт болж байгаа юм. Энэ жилийн шалгалтыг бид ариутгал халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйн их өндөр дэглэмийн дор зохион байгуулахаар ажиллаж байна.

-Улсын хэмжээнд ЭЕШ өгөх нийт хичнээн хүүхэд байна вэ?

-Улсын хэмжээгээр бүртгэлийг бид хоёрдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлүүлсэн. Бүртгэл дуусахад нийтдээ 30900 хүүхэд бүртгүүлсэн байна. Эдгээр хүүхдүүдийн 28 мянга нь энэ жил ерөнхий боловсролын сургуулийг төгсөж байгаа бол 2900 нь өмнөх онуудад ЕБС-ийг төгссөн боловч их дээд сургуулиудад хараахан элсч амжаагүй хүүхдүүд юм. 30900 хүүхэд давхардсан тоогоор 100 мянган шалгалт өгөхөөр байна.

-Суудлын хуваарилалтыг хэрхэн хийсэн бэ?

-Энэ жилийн шалгалтад зориулсан суудлын хуваарилалтыг өнөөдрөөс (өчигдрөөс) хүүхдүүдэд хүргээд явж байна. Энэ жилийн шалгалтын суудлын хуваарилалт өмнөх жилүүдээс илүү онцлогтой болсон. Жишээлбэл, тухайн хүүхдийн шалгалтад ирэх цаг, хугацааг нарийвчлан зааж өгөхөөс гадна яг шалгалтын байранд ирэх цагийг тусгайлан зааж өгсөн. Мөн шалгалтын байранд нэвтрэх хэсгийг зааж өгсөн байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу нэг дор олон хүүхэд бөөгнөрүүлэхгүй байх үүднээс шалгалтын байр руу нэвтрэхэд илүү хялбар, илүү хурдан нэвтрэх энэ боломжийг сонгоход нэвтрэх хэсгүүдийг нээж өгч байгаа юм. Зарим сургуулиуд дээр хүүхдийн тооноосоо хамаараад гурван нэвтрэх хэсэгтэй байх бол зарим нь хоёр нэвтрэх хэсэгтэй байна. Нэвтрэх хэсэг дээр ирэхэд нь эрүүл ахуйн үзлэгт хамруулах нэг хэсэг байна. Энэ нь хүүхдийн халууныг хэмжихээс гадна хүүхдийн гаранд ариутгал хийгээд амны хаалт зүүсэн эсэх дээр хяналт тавина. Амны хаалт зүүгээгүй бол зүүлгэх зэрэг ажлыг хийгээд сургууль руу нэвтрүүлэх эхний алхам нээгдэж байгаа юм. Хүүхэд эрүүл ахуйн хэсгээс гараад метал илрүүлэх буюу шалгах хэсэгт очно. Энэ хэсэгт хүүхдүүд маань шалгалтын журмын дагуу хориглогдсон зүйлс, өөр бусдад саад болж болзошгүй эд хэрэгсэл байгаа эсэхээ шалгуулна. Үүний дараагаар шалгалтад ороход шаардлагатай дөрвөн төрлийн бичиг баримтыг бүрдүүлсэн эсэхийг, тухайн хүүхдийн зураг нь тохирч байгаа эсэх зэрэг илүү нарийн шалгалтуудыг хийнэ. Хэрвээ тухайн нөхцөл байдал дээр хүүхэд маань ямар нэгэн байдлаар халуурсан ч юм уу эсвэл ханиадны шинж тэмдэг илэрвэл шалгалтын байран дотор урьдчилан бэлтгэсэн тусгаарлах байранд оруулна. Тухайн хүүхдийг огт шалгалт өгүүлэхгүй биш тэр сургууль дотор ажиллаж байгаа эмчийн хяналтан доор тусгаарласан анги танхимд шалгалт өгөх юм.

-Нэг хүүхдийг шалгалтын байранд нэвтрүүлэхэд ойролцоогоор хэдий хэмжээний хугацаа зарцуулахаар байна?

-Бид ачааллыг тооцож үзсэн байгаа. Тухайлбал, дор хаяж гурван нэвтрэх хэсгээр хүүхдүүд орно. 10:40 цагт нэгдүгээр хэсгээр хүүхдүүд нэвтрүүлж байхад тухайн цагт хоёрдугаар хэсгээр хүүхдүүд нэвтрүүлж байж болно. Энэ бол нэг цагийн дотор хүүхдүүдийг олон сувгаар дамжин ороход л зориулан хийгдэж байгаа юм. Мөн бид шалгалт хоорондын хугацааг тооцож үзсэн. Энэ жилийн шалгалтууд дор хаяж хоорондоо зургаан цагийн зайтай байгаа. Тэгэхээр энэ шалгалт хоорондын хугацаа маань бүх үзлэг шалгалтыг явуулахад хүрэлцэхүйц хугацаа гэж үзэж байна.

-Хэрвээ хүүхэд ямар нэгэн байдлаар тусгаарлалтад орвол нэг хүүхэд нэг ангид нэг эмчтэй байна гэсэн үг үү? Тусгаарлалтад орвол нэг ангид ойролцоогоор хэдэн хүүхэд байх вэ?

-Бид нэг ангид ширээ хоорондын зайг 1,5-2 метрийн зайтай байхаар тооцож үзсэн. Тусгаарлах ангидаа ямар ч байсан дөрвөөс хэтрүүлэхгүй хүүхэд байлгахаар зорьж байгаа. Стандартын хувьд. Магадгүй нөхцөл байдал хүндрээд дахиад хүүхэд нэмэгдэхээр байж болзошгүй. Тийм учраас нөөц хоёрдугаар ангийг бэлтгэсэн байгаа. Үүнийг тусгаарлах нөөц анги гэж нэрлэсэн ба нийт тусгаарлах хоёр анги байгаа гэж ойлгож болно. Ямар ч байсан эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн асуудлыг гайгүй шийдвэрлэчихэж болох байх гэж үзэж байна.

-Энэ жил цахимаар суудлынхаа хуваарийг авч байгаатай холбоотойгоор элсэгчид яг юуг анхаарах ёстой вэ. Ямар заавар зөвлөмжийн дагуу ЭЕШ-д оролцох ёстой вэ?

-Хүүхдүүд шалгалтад ирэхдээ нэгдүгээрт, суудлын хуваарь дээр заасан хугацааг маш сайн баримтлах шаардлагатай.Үүнд манай эцэг эхчүүд сайн оролцох хэрэгтэй. Суудлын хуваарь дээр тухайн хүүхдийн шалгалт өгөх цагийг заахаас гадна аль ангид ямар ширээ сандал дээр суухыг заасан байгаа. Тэгэхээр хүүхдүүд яг энэ хугацаандаа ирж, хүүхэд болгон өөрийнхөө суудлын хуваарьт заасан нэвтрэх хэсгээр л нэвтэрчих юм бол бидний хувьд нэг их ачаалал, хүндрэл үүсэхгүй юм. Тэгэхээр нэгдүгээрт, аль аль талдаа ачаалал үүсэхгүй гэсэн үг. Хоёрдугаарт, хүүхдүүд шалгалтын байранд ирэхдээ дөрвөн төрлийн бичиг баримтыг бүрдүүлж ирэх ёстой. Өмнөх жилүүдийг ажиглаж байхад хүүхдүүд бичиг баримтаа орхиж ирэх, үрэгдэж гээгдүүлсэн асуудал их гаргадаг. Тиймээс үүн дээр манай эцэг эхчүүд, анги удирдсан багш нар анхаарах хэрэгтэй. Хүүхэд болгон амны хаалт зүүж орох ёстой. Шалгалтын анги танхимд хүүхэд болгонд нэг удаагийн бээлий тавьж өгнө. Хүүхдүүдийн ашиглах балын харандаа, баллуурыг Боловсролын үнэлгээний төвөөс тавьж өгч байгаа. Мөн шалгалтын байр болгон дээр сургуулийн эмчээр ахлуулсан ажлын баг, хэсэг ажиллана. Давхар болгон дээр хоёр үйлчлэгч ажиллана. Ингээд сургууль дээр эрүүл ахуйн ариун цэвэр, ариутгал, нийтийн талбай, бие засах газар, анги танхим зэргийг цэвэрлэх, хаалганы бариулыг ариутгах, янз бүрийн дараалал үүсгэхгүй байх талаас нь ажиллах, дотоодын эрүүл ахуйг хангах цоо шинэ баг ажиллаж байгаа юм. Үүн дээр л гэхэд 85 эмч энэ жил шинээр ажилд хуваарилагдаж байна. Мөн 410 гаруй үйлчлэгч улсын хэмжээнд ажиллаж байна. Ингээд 600 орчим хүмүүс зөвхөн эрүүл ахуйн чиглэлээр ажиллаж байна. Сургуулийн гадна талд буюу зохион байгуулалтын хэсэг дээр 12-16 эмч эмнэлгийн ажилтан, зохион байгуулагч нар ажиллана. Энэ хүмүүсээс 500 орчим хүн зөвхөн хүүхдийн биеийн халууныг үзэх, гарын ариутгалыг хийх хэсэгт ажиллана гэсэн үг юм. Үлдсэн 10 орчим багш бичиг баримтыг шалгах, сургууль дотор чиглүүлэг зохион байгуулах, хүүхдэд зөвлөх, туслах ажлыг гүйцэтгэнэ.

-Элсэгчид ямар бичиг баримттай ирэх ёстой вэ?

-Иргэний үнэмлэх, түүнтэй дүйцэх бичиг баримт, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суудлын хуваарь, бүртгэлийн хуудастай ирнэ.

-Шалгалтын сэдэв даалгаварт өөрчлөлт гарсан уу. Зарим хэсэг хасагдсан гэж байсан?

-Зөвхөн шалгалт зохион байгуулалтаас гадна шалгалтын сэдэв, даалгаварт коронавирус нөлөөлж өөрчлөлт гарсан. Учир нь хичээл, сургалтын үйл ажиллагаа үндсэндээ хоёрдугаар сарын 20-ноос хойш хагас жилийн турш завсардсан. Тиймээс энэ жилийн шалгалтын сэдэв, даалгавар дээр бид сурагчдын 10, 11 дүгээр ангийн агуулгыг бүтнээр нь хамруулах, 12 дугаар ангийнх нь судлаагүй агуулгыг хамруулахгүйгээр зохицуулсан. Мөн энэ жилийн англи, орос, монгол хэлний хичээлүүдийн сонсоод ойлгох даалгаврууд хасагдана. Мөн монгол хэл, бичгийн шалгалтыг хассан. Монгол хэл, бичгийн шалгалт нь задгай даалгавартай учир машинаар засах боломжгүй, заавал багш нар гараар засдаг тул цаг их орох байсан. Гэтэл ЭЕШ долдугаар сарын 5-нд дуусаад их, дээд сургуулиуд 8-9-ний өдрүүдэд элсэлтээ зохион байгуулах урьдчилсан товтой байсан тул цуцлах нь гарцаагүй байсан.

-Танай төвөөс элсэгчдэд зориулаад зөвлөгөө заавар гаргасан уу?

-Бидний хувьд долоо хоног бүрийн лхагва гаригт бүртгэлд хамрагдсан хүүхэд болгоныхоо и-мэйл хаяг руу нь захидал бичиж байгаа. Энэ нь ЭЕШ-д хэрхэн бэлдэх зөвлөмжүүд, видео хичээлүүд, онлайн давтлагууд, сүүлийн 2017, 2018, 2019 оны сэдэв даалгавруудыг зөв хариу, бодолтынх нь хамт явуулж байгаа юм. Долоо хоногийн гурав дахь өдөр болгон хүүхдүүдэд зөвлөмж, туслах арга хэмжээнүүд байнга явагдаж байна. Түүнээс гадна help.eec.mn шинэ цахим хаягийг нээж ЭЕШ-тай холбоотой бүх мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн байгаа. Мөн тухайн сайт руу хүүхдүүд дата ашиглалгүй орох боломжтой.

Б.МЯГМАРБОЛОР

Categories
мэдээ нийгэм

Зүүн өмнөд азийн 8 орноос 265 иргэн эх орондоо ирлээ

C8454837-BAE9-41BA-B1A9-38F13752DFCD.jpeg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг 02:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Зүүн өмнөд Азийн 8 орноос 265 иргэн эх орондоо ирлээ. Үүнд;

Хөгжлийн бэрхшээл 4,

Оюутан 17,

Өндөр настан 15,

Эрүүл мэндийн шалтгаантай 26,

Бага насны хүүхэдтэй гэр бүл 102,

Жирэмсэн 3,

Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, госпитал болон Тоёоко Инн зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөлтөнд хамруулан барих шинэ байрны шав тавих ёслол боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөлтөнд хамруулах ажлыг эхлүүлэхээр иргэд оршин суугчидтай уулзаж байсан. Тэгвэл өнөөдөр Налайх дүүргийн 2 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 26, 27 дугаар орон сууцны дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлж шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, “Стандарт холдинг” ХХК-ны захирал О.Мягмардорж болон иргэд оршин суугчдын төлөөлөл оролцов.

Дахин төлөвлөлтийн хүрээнд 126 айлын 2 орцтой 10 давхар бүхий орон сууцуудыг шинэчлэн барих бөгөөд эхний ээлжинд 75 айлын орон сууц ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орох юм. Хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Орон сууцны корпорацид үүрэг болгосны дагуу ийнхүү Налайх дүүрэгт анх удаа ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж барилгын ажлыг эхлүүлж байна.

Дахин төлөвлөлтийг “Стандарт холдинг” ХХК гүйцэтгэх бөгөөд нийт 6145,84 м.квадрат талбайд төслийг хэрэгжүүлэх аж.

Цаашид улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар онцлон хэлж байв. Тэрбээр “Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахүй 344 орон сууц бий. Үүнээс 88 орон сууцыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлээд байна. Алслагдсан дүүрэгт анх удаа ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин төлөвлөх ажлыг эхлүүлж байна.Цаашид иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулах чиглэлээр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг шинэчилэх, түрээсийн орон сууцыг хэрэгжүүлж ажиллах болно” хэмээсэн юм.

Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ж.Баярням хэлэхдээ “Би 13 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж өгөөч гэж уйгагүй явсан. Олон ч хотын даргын нүүр үзсэн. Асуудлаа хэлдэг боловч хотын дарга нар сонсоод л өнгөрдөг байсан. Харин өнөөдөр хотын дарга С.Амарсайхан бидний үгийг сонсож, эхний ээлжийн орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэлж байгаад баяртай байна. Энэ байрандаа бараг 40 жил амьдарч байна. Барилгад нуралт үүссэн, дусаал гоождог, амьдрахад үнэхээр хүндрэлтэй байгаа. Нийслэлийн удирдлагууд маань бидний энэ асуудлыг шийдвэрлэж, өнөөдөр шав тавьж байгаад маш их баярлаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

COVID-19: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ -22

1. Улиас модны хөвөн буюу унгирал коронавирусийн тархалтыг нэмэгдүүлж болзошгүй учраас Энэтхэгийн Кашмир мужийн эрх баригчид мод тайрах шийдвэр гаргажээ. Энэ модны хөвөн харшил сэдрээн ханиаж найтаахыг нэмэгдүүлж улмаар халдвар тараах эрсдэлтэй гэж үзжээ. Кашмир мужийн хүн амын 92% нь тоос, 73% нь ургамлын харшилтай гэж судалгаанд дурджээ. Улиас модны хөвөнгийн харшил нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй адил тул Ковид-19-тэй андуурагдаж болзошгүй гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Улиас мод 6-р сарын сүүлээс эхлэн хөвөнгөө хаядаг байна.

2. БНХАУ-д хийсэн судалгаагаар коронавирус нохой, гахай, тахиа, галуу зэрэг гэрийн тэжээвэр амьтдаас мууранд илүүтэй халдварлаж байна гэж үзжээ. Тиймээс муур коронавируст халдварыг амьсгалын замаар тарааж болзошгүй гэж анхааруулжээ.
3. Кембрижийн их сургуулийн эрдэмтэд амны хаалт зүүж, хөл хорио тогтоох нь коронавируст халдварын дараагийн давалгаа гарахаас сэргийлнэ гэж мэдэгджээ.
4. Шведийн эрдэмтэд Ковид-19-ийн халдвараар өвчилж эдгэрсэн хүний цусны ийлдсийг эмчилгээнд хэрэглэхэд залуу хүмүүс 7 хоногт эдгэрсэн бол 60-аас дээш насны хүмүүст энэ хугацаа илүү урт байжээ.
5. Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд коронавируст халдвар авсан өвчтний цээжний рентген зургийн оношилгоо, эмчилгээнд 2D, 3D ухаалаг аппарат ашиглахаар болжээ. Үүний үр дүнд оноштой уялдсан эмчилгээг энэ аппарат шууд санал болгоно.
6. АНУ-д хийгдсэн судалгаагаар усан тамхи хэрэглэх нь Ковид-19-ийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн дүн гарчээ.
7. 16 оронд хийсэн 172 судалгаагаар амны хаалт 85%, нүүрний хаалт 78% Коронавируст халдвараас сэргийлнэ гэж үзжээ.
8. БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн судлаачид Бээжингийн Шинфади хүнсний захад илэрсэн коронавирус Уханьд гарсан вирустэй харьцуулахад халдварлах чадвар өндөр байна гэж мэдэгдлээ.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

DDOS ХАЛДЛАГЫН ИДЭВХЖИЛ

Зураг 1. DDoS халдлага

Дэлхий дахинд коронавирусын халдварын эсрэг хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа энэ үед хүмүүс цахимаар хувийн ажил болон бизнесээ үргэлжлүүлэх, хичээл сургалтад хамрагдах, хурал зөвлөгөөнд оролцох, мэдээ мэдээлэл авах болсноор интернет орчны хэрэглээ эрс нэмэгдсэн. Гэвч үүнийг дагаад кибер халдлагууд ч идэвхжиж энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 82.5 хувиар нэмэгдсэн байна.

Халдлага үйлдэгчид хувь хүн рүү чиглэсэн халдлагуудад спам, фишинг, сошиал инженеринг буюу хуурамч цахим шуудан илгээх, хуурамч холбоосоор дамжуулан хортой код тарааж хэрэглэгчийн хувийн мэдээлэлд халдах зэрэг аргыг голлон ашиглаж байгаа бол аливаа байгууллага руу халдахдаа DDoS халдлага үйлдэж, улмаар хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн сангаа ашиглах боломжгүй болгож, байгууллагын үйл ажиллагаа зогсоход хүргэж байна.

Касперски компанийн 2020 оны эхний улирлын тайланд дурдсанаар DDoS халдлагын тоо хэмжээ 2019 оны мөн үеийнхээс 80 хувиар нэмэгдсэн ба халдлагын хугацаа уртсаж, 2019 оны сүүлийн улиралтай харьцуулахад 2 дахин өссөн байна. Ухаалаг дайралтын хувьд мөн ижил өсөлттэй байгаа бөгөөд энэ нь мэргэжлийн хакер болон сонирхогчдын зүгээс DDoS халдлагыг сонирхох хандлага нэмэгдэж байгааг харуулж байна. Коронавирусын дэгдэлтийн үед ихэвчлэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүргэлийн үйлчилгээ болон боловсролын байгууллагын цахим хуудсууд DDoS халдлагад өртөж байна.

Технологийн хөгжил хурдасч, халдлага үйлдэгчдийн ур чадвар нэмэгдэхийн хирээр DoS буюу Denial-of-Service төрлийн халдлагууд улам бүр нарийн зохион байгуулалттай болж, зөвхөн серверийн ажиллагаа болон бизнесийн үйлчилгээг тасалдуулаад зогсохгүй олон талаар дайралт хийж, сүлжээний эмзэг цэгүүдийг эрэлхийлж байна.

DoS халдлага нь их хэмжээний хэрэглэгчийн хүсэлтийг хост эсвэл сүлжээ рүү илгээснээр уг машин ачааллаа дийлэхгүйд хүрч, хэрэглэгчиддээ хариу өгөх, тэдэнд үйлчилгээ үзүүлэх боломжгүй болдог. Хэрэв сүлжээн дэх цор ганц хоструу нэг халдагчаас чиглэж байвал DoS халдлага гэнэ. Цаашлаад олон тооны хостууд тухайн хохирогч руу дээрх төрлийн их хэмжээний халдлагын шинж чанар бүхий хүсэлтүүдийг илгээж байгаа бол DDoS буюу Distributed-Denial-of-Service халдлага гэнэ.

Халдлага үйлдэгч нь Zombies буюу botnets – тусгай Троян вирусын халдвар авсан компьютерын сүлжээ үүсгэн тухайн компьютеруудын эзэмшигчийн мэдэлгүйгээр алсаас хянан удирдаж, цаашид DDoS халдлага үйлдэхэд шаардагдах өндөр урсгалыг бий болгох зорилгоор тэдгээрийг бэлтгэдэг ба өөрөөр хэлбэл зорилтот сервер, сүлжээ рүү өөрөө шууд дайрахгүй харин zombie компьютеруудаар дамжуулж өөрийгөө халхалдаг. Ингэснээр zombie компьютерууд л ил харагдах бөгөөд жинхэнэ халдагчийг илрүүлэхэд төвөгтэй юм.

Эдгээр botnet сүлжээг спам болгон ашиглагдаж болох бөгөөд зарим нь хортой код татаж авах сайт болох, фишинг залилан болон дээр дурдсан DDoS халдлага үйлдэх зэрэг өөр өөр зорилготой олон гэмт хэрэгтнүүдийн хяналтанд байж болно.

Хэрэв таны сервер компьютер троян вирусээр халдварласан бол халдлага үйлдэгч DDoS комманд өгөх хүртэл удаан хугацаагаар унтаа байх бөгөөд вирус, хортой код илрүүлэх программаар тогтмол шалгаж ботнет болохоос сэргийлэх боломжтой. Халдагчийн тушаалаар ботнетууд нэгэн зэрэг зорилтот сервер буюу сүлжээ рүү халдахад ачаалал үүсч үйлчилгээ хэвийн явагдах боломжгүй болдог. Сүлжээ доторх bot бүр нь халдлагыг далдалдаг тул энэ төрлийн халдлагуудыг тодорхойлоход хэцүү бөгөөд том хэмжээний DDoS халдлага үйлдэх чадамжтай ботнет байгуулахад цаг хугацаа их шаарддаг байна.

DDoS халдлагын төрөл. Гэмт хэрэгтнүүд хэд хэдэн аргыг ашиглан DDoS халдлага үйлддэг ба ихэнх нь зорилтот сервер эсвэл сүлжээнд нэвтрэхэд чиглэдэг боловч ерөнхийдөө гурван төрөлд хувааж болно.

  • Аппликейшн дайралт нь тодорхой үйлчилгээ эсвэл програм дээр төвлөрдөг ба ихэвчлэн вэб хуудас бүхий аппликейшнууд руу чиглэдэг. HTTP flood бол энэ төрлийн халдлагуудын нэг бөгөөд олон тооны HTTP хүсэлтийг ашиглан ердийн хэрэглэгчдийг вэб програм руу нэвтрэх боломжгүйд хүргэдэг.
  • Багтаамжны дайралт нь зорилтот сүлжээний дамжуулах чадварыг өндөр хүчин чадлаар ачааллуулах зорилготой. Энэ төрлийн халдлагын хэмжээ нь халдлага үйлдэгчээс хамаардаг бөгөөд ихэвчлэн 100Gbps-аас 1 Tbps хүртэл хэлбэлздэг.

Протоколын дайралт нь олон төрлийн протоколын сул талыг ашиглан вэб программын серверүүдийн хүчин чадлыг дээд зэргээр ачааллуулах, галт хана, ачаалал тэнцвэржүүлэгч гэх мэт хамгаалах хэрэгслүүдийн нөөцийг шавхахад төвлөрдөг. SYN flood бол протоколын дайралтын нэг хэлбэр бөгөөд хуурамч IP хаяг ашиглан ердийн синхрончлох – танин баталгаажуулах солилцоог эвдэх замаар зорилтот серверт хуурамч холболтын дараалал бий болгож, үндсэн хэрэглэгчдийн баталгаажуулалтыг их хэмжээний хүлээлтэд оруулдаг байна. Зураг 2. DDoS халдлагын төрлүүд

2020 оны эхний улиралд үйлдэгдсэн нийт DDoS халдлагын 92,6 хувийг SYN flood төрөл эзэлсэн бөгөөд энэ нь өнгөрсөн улирлаас 8 хувиар өссөн байна.

DDoS халдлагын хамгаалалт

DDoS халдлагын үр нөлөө нь халдлагын цар хүрээ, түүнд өртөхөөс сэргийлж авсан арга хэмжээ, бэлэн байдлаас хамаарах ба ерөнхийдөө хамгаалалтын хэрэгслүүдээс гадна интернетийн дэд бүтцийн шийдэлд тулгуурладаг.

  • Хязгаарлалт – Нэг үйлчлүүлэгчийн нээж болох холболтын тоог хязгаарласнаар DDoS-ийн халдлагаас урьдчилан сэргийлэх боломжтой. Ердийн хэрэглээнд вэб хөтөч нь нэг вэбсайтад 5-7 TCP холболтыг нээж өгдөг ба DDoS-ийн дайралт нь өндөр ачаалал өгөхийн тулд үүнээс давж гардаг.
  • Галт хана – DDoS халдлагаас урьдчилан сэргийлэх өөр нэг арга бол Вэб Аппликейшн Галт хана буюу WAF-ийг тохируулах юм. Урвуу прокси болгон ашиглавал WAF нь серверийг олон төрлийн хортой код, халдлагаас хамгаалахад туслах болно.
  • Blackhole буюу хар нүх – DDoS-ийн дайралтыг бууруулах хамгийн энгийн арга бол бүх холболтыг “хар нүх” рүү чиглүүлдэг. Хар нүхний шүүлтүүрийг тодорхой хязгаарлалт шалгуургүйгээр хэрэгжүүлэх тохиолдолд хууль ёсны болон хортой сүлжээний урсгал хоёулаа хар нүх рүү чиглэгдэж, сүлжээнээс хаягддаг. Үүнийг сүлжээний администраторууд түлхүү ашиглах боломжтой бөгөөд ихэвчлэн ISP компаниуд ашигладаг.
  • DDoS хамгаалах үйлчилгээ – Аюулгүй байдлыг ханган, халдлагаас хамгаалах бүтээгдэхүүн хөгжүүлж, нэвтрүүлдэг олон компаниуд байдаг ба тэд сүлжээний ачаалал, нууцлалын протокол, хэрэглээний зан төлөв зэрэг олон төрлийн үзүүлэлтийг тогтмол шинжилж шаардлагатай хамгаалалт, зохицуулалтыг автоматаар тохируулдаг учир их хэмжээний халдлагыг хохирол багатай даван туулахад тусалдаг.

“COVID-19” цар тахлын улмаас техник технологийн хөгжил хурдасч байгаа ч мэдээллийн аюулгүй байдлаа хангах, кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлаа орхигдуулаад байна. Албан байгууллагын хувьд мэдээллийн системийн аюулгүй байдлыг найдвартай хангаж чадахуйц вирусний эсрэг баталгаатай программ хангамж ашиглах, хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын шинэчлэл тогтмол хийхээс гадна сервер администраторуудын хийх ёстой хамгийн чухал алхам болох стресс тестийг өөрийн сервер дээр туршин, шинжилгээ хийж, DDoS халдлагад өртөхөөс сэргийлэхийг кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.

Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн 80 гаруй хувь нь хувь хүний мэдлэг, хариуцлагаас шалтгаалдаг тул хичнээн өндөр өртөгтэй хамгаалалт, хяналтын систем байгаад ч бүрэн хамгаалж чадахгүй. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахад иргэдийн мэдээлэл технологи, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, зөв хэвшил олгох сургалт арга хэмжээ, анхааруулгыг тогтмол зохион байгуулж, хэрэгжүүлэхэд төр болон хувийн хэвшил, иргэдийн оролцоо чухал юм.

ТЕГ

Categories
мэдээ нийгэм

​КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! УЛАМЖЛАЛТ АРГА УХААНААР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

• Аливаад уужуу тайван хандах
• Ширгээсэн халуун, бүлээн ус ойр ойрхон уух
• Гоньд, хөмүүл, халиартай зутан, шөлтэй хоол түлхүү хэрэглэх
• Халуун аарц, чацаргана, аньс, нэрс, барагшун ууж дархлаагаа дэмжих
• Биеийн илч сайжруулдаг 07:40-11:40 хооронд дасгал хөдөлгөөн хийх
• Хүний ходоод гарын хоёр алгыг тосоод нийлүүлсэнтэй адил хэмжээтэй байдаг. Ходоодны 2/4 нь бүхэл, 1/4 нь шингэн, 1/4 хоосон байхаар тооцож хооллох
• Сүү, цагаан идээ түлхүү хэрэглэх
• Хайрч, шарсан, түргэн хоол, чихэр, хийжүүлсэн ундаанаас татгалзах
• Сүүлний болон шар тостой цэгэн иллэг хийх
• Айраг, шар сүүгээр биеэ шавшиж өглөөний наранд ээх
• Хар цай, ясны шөлөнд орох
• Нойтон чийгтэй газар суухгүй, голын хүйтэн усанд орохгүй байх
• 22 цагаас өмнө унтаж амрах
• Эмчийн заавраар уламжлалт эм хэрэглэх (Мана-4, Норов-7, Лидэр-7, Ложон үрэл гэх мэт)

Зөвлөмжийг ЭМЯ-ны https://covid19.mohs.mn/ цахим хуудаснаас авна уу.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ, Японы ЖАЙКА байгууллага хамтран хэрэгжүүлэх төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар “Монгол Улсын эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” чиглэлээр 2021 оноос 4 жилийн хугацаатай хэрэгжүүлэх 2 дахь шатны төслийн санамж бичигт 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурж, баталгаажууллаа. Тус арга хэмжээнд тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, мэргэжилтэн Д.Баярмаа, Б.Туяа, ЖАЙКА-ийн эрүүл мэндийн салбарын төсөл хариуцсан суурин төлөөлөгч Сакамото Ёшимаса, төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобүаки, Эрүүл мэндийн хөгж Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн төгсөлтийн дараах сургалт, орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор анх 2012 онд Эрүүл мэндийн яамнаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагад бүс нутгийн эрүүл мэндийг сайжруулах, чадавхийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх хүсэлт тавьсанаар “Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чадавхийг сайжруулах төсөл”-ийг 2015 оны 5 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаанд хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.лийн төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нарантуяа, мэргэжилтэн П.Эрхэмбаяр, Д.Баярхүү болон холбогдох албан тушаалтнууд байлцлаа. Эхний шатны төслийн хүрээнд хэрэгжсэн үйл ажиллагаануудаас дурдвал:

  • Монгол Улсын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг дэлхийн стандартад нийцсэн чадамжид суурилсан хөтөлбөр болгох эхлэлийг тавьж, “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн хөтөлбөрөөр улсын хэмжээнд анх удаа орон нутагт Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд төгсөлтийн дараах сургалтыг явуулж байна.
  • Япон Улсын төгсөлтийн дараах сургалтад хэрэгжүүлдэг стандарт сургалтын хөтөлбөрийг судалж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт амжилттай нутагшуулан, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг улсын хэмжээнд албан ёсны удирдах эрх олгох “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт”, “Эмнэл зүйн чиглүүлэгч үндэсний сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2015 оноос, “Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2019 оноос үе шаттай зохион байгуулж, 2020 оны 6 дугаар сарын байдлаар 747 эмнэл зүйн сургагч багш, үүнээс 91 чиглүүлэгч багш, 41 сувилахуйн сургагч багштай боллоо.
  • Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагуудад олон улсын жишгийн дагуу явцын үнэлгээ тогтмол хийж, зөвлөмж өгч, үйл ажиллагааг нь тасралтгүй сайжруулах механизмыг бүрдүүллээ.
  • Яаралтай тусламжийн сургалтуудыг олон улсын жишгийн дагуу монгол эмч нар бие даан удирдан явуулах чадавхи бүрдсэний зэрэгцээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ёс зүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал, халдвараас сэргийлэх сургалт явуулж байна. Тухайлбал амилуулах суурь тусламжийн сургалтад 545 эмч хамрагдаж, тэдний 33 нь үндэсний чиглүүлэгч багшаар үргэлжлүүлэн ажиллаж байна.
  • 2015 оноос хойших 5 жилийн хугацаанд Япон талаас 55 эмч, мэргэжилтэн (давхардсан тоогоор) Монгол Улсад богино хугацаагаар ирж ажиллан, монгол эмч, сувилагч нарт сургалт явуулж, мэргэжил арга зүйгээр хангасан бол нийт 56 монгол эмч, мэргэжилтэн Япон улсад богино хугацаагаар очиж суралцжээ. Япон Улсад суралцсан 56 монгол эмч, мэргэжилтний 36-ын сургалтыг зардлыг ЖАЙКА бүрэн хариуцаж, бусад 20-ын зардлыг Монгол, Япон 2 талаас хамтран хувааж гаргаж амжилттай зохион байгуулсан бөгөөд 2020 онд дахин 20 эмч, мэргэжилтнийг Япон Улсад суралцуулахаар төлөвлөөд байгаа билээ.

“Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл” 2020 оны 12 дугаар сард дуусгавар болох тул төслийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, цар хүрээг өргөжүүлэх үүднээс дараагийн шатны шинэ төслийг “Монгол Улсын эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” чиглэлээр хэрэгжүүлэх хүсэлтийг Эрүүл мэндийн яамнаас гаргасныг Япон Улсын Засгийн газраас дэмжиж, одоогийн төслийн 2 дугаар үе шат болгон хэрэгжүүлэхээр боллоо.

2021-2025 онд 4 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэх шинэ төсөл нь Монгол Улсын эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулах арга барилыг орон даяар өргөжиж нэвтрүүлэхэд чиглэх бөгөөд эмчийн төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулж,“Ерөнхий мэргэшил судлал” сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох тогтолцоог бүрдүүлэн улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулж, “Шинэ сувилагч” жишиг сургалтын хөтөлбөрийг шинээр нэвтрүүлэх, эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын хяналтыг сайжруулж, 3-5 жил тутамд үнэлэх, боловсронгуй болгох, бэхжүүлэх тогтолцоо бүрдүүлэх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

49d054_MPA_PHOTO_2017_-2058_x974-6usqw1fcq7acdfenvz0uh31lvqaiaayh5nuryyycv9c-6vdmelkaa8ltln1evhdonrl51lx8wlql5yr57a40tvk.jpg

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ зургадугаар сард эх орондоо ирэх иргэдийн анхааралд:

• Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

  • Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

• Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.

• Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10.000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Онцгой байдлын албаны өдөр тохиож байна

Picture2-1024x589-1.jpg

Одоогоос 17 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулахаар заасан байдаг. Энэ дагуу 2004 оны Засгийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор тус газрыг байгуулж, 2005 онд Гамшгаас хамгаалах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор Онцгой байдлын ерөнхий газар болж өөрчлөн зохион байгуулагдсан юм.

Энэ хугацаанд гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, Онцгой байдлын байгууллага, түүний харьяа анги, салбарыг олон улсын байгууллагын жишигт ойртуулан орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх, эрх зүйн орчин бүрдүүллээ.

Онцгой байдлын албаныхан хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж 17012 эрдэнэт хүний амь нас, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн энэ хугацаанд аврах, гал түймэртэй тэмцэх материаллаг бааз, хүч хэрэгслийн хувьд өсөн бэхжиж, гамшгаас хамгаалах техник, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт 21.1 хувиар өсөж, парк шинэчлэлт 60-70 хувьд хүрэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 40 гаруй анги, салбар шинээр байгуулагдаж тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн хүний нөөцөөр эгнээгээ тэлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.