Categories
мэдээ нийгэм

2020 ОНЫ 05 ДУГААР САРЫН 15, 16-НД БОЛЖ ӨНГӨРСӨН ЦАГ АГААРЫН АЮУЛТ, ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ТОЙМ

15-нд Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 16-21 метр, зарим үед 20-29 метр хүрч, хүчтэй салхины аюултай үзэгдэл, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь Өмнөговь, Дорноговийн нутгаар алсын барааны харагдац 20-200метр хүрч, 1-8 цаг үргэлжилсэн шороон шуурганы гамшигт үзэгдэл, 15-ны өдөр Төв аймгийн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 12-16 метр хүрч, 4-6 цаг үргэлжилсэн цасан шуурганы гамшигт үзэгдэл, 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтийн нутгаар салхи секундэд 12-16 метр хүрч, 2-12 цаг үргэлжилсэн цасан шуурганы гамшигт үзэгдэл, Дорноговийн нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед 20-22 метр хүрч хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл, 16-ны өдөр Дорноговийн нутгаар хүчтэй салхи секундэд 16-18 метр, зарим үед 22-24 метр хүрч хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл болж өнгөрөв. Энэ үзэгдлийн үеэр салхины их хурд Баянхонгорын Баянцагаанд секундэд 29 метр, Өмнөговийн Гурвантэс, Сүхбаатарын Дарьгангад секундэд 28 метр, Өвөрхангайн Баян-өндөрт секундэд 26 метр тус тус хүрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНААС “ХУУЛЬЧ АЖИЛЛАГАА” АЯНЫ ХҮРЭЭНД ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын хэмжээнд “Өнгө нэмцгээе-2020” нөлөөлийн аяныг зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, алба хаагчдын хууль хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “Хуульч ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Бага хуралд Мөрдөн байцаах алба болон Прокурорын байгууллага, Дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд оролцсон юм. Шилдэг илтгэл шалгаруулах хурлыг Мөрдөн байцаах албаны хурлын танхимд цахим хэлбэрээр зохион байгуулж, тэргүүн байранд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ууганбаяр, дэд байранд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Алтанчимэг, гутгаар байранд Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Батгэрэл нар шалгарлаа.

Энэ үеэр шилдэг 10 илтгэлээр шалгарсан алба хаагчдад батламж үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байна. Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхимээс эрдэм шинжилгээний бага хуралд ирүүлсэн 42 илтгэлээс 8 заалт бүхий зөвлөмж боловсруулан мөрдөгч нарт хүргүүлллээ. Эдгээр илтгэлүүдээр эмхтгэл гаргахаар бэлтгэж байгаа талаар Мөрдөн байцаах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​ЭЕШ-ын дүн болон оноо, хуваарь

No photo description available.

2006 оноос хойш БҮТ нь улсын хэмжээнд нэгдсэн байдлаар ЭЕШ-ыг зохион явуулж байгаа бөгөөд шалгуулагчдын дүн оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг.

✍️ Анхны оноо гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. ЭЕШ-д шалгуулагчид хамгийн ихдээ 100 оноо авах ёстой. Анхны оноо хэмжээст оноог тооцоолох хамгийн чухал хамаарал юм.

✍️ Хэмжээст оноо гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг. Хэмжээст оноо 200-800 онооны хооронд гардаг.

✍️ Проценталь оноо нь шалгуулагч тухайн хичээлийн шалгуулагчдын жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм. Шалгуулагчийн проценталь оноо 98,2 гэсэн байвал тантай ижил буюу танаас их оноо авсан шалгуулагч нийт шалгуулагчийн 1,8 хувь байна гэсэн үг юм.

✍️ Амжилтын чанарын индекс нь хичээл сургалтын үр дүнд шалгуулагчийн хөгжүүлж чадсан мэдлэг ур чадварыг үнэлсэн үсгэн үнэлгээ. Улсын дунджаас өндөр эсвэл бага байгаагаас хамаарч А, -А, В, -В, С, -С, D, -D, F гэсэн 9 интервалаар хэмжинэ.

✏️✏️ Шууд засалтын машинд зөөлөн харандаагаар бөглөсөн материал уншихад тохиромжтой. Тиймээс шалгуулагчдыг нэгдсэн журмаар харандаагаар хангаж байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Танай нам, манай нам гэж талцсаар танхил үрсээ хөсөр хаяжээ, монголчууд

– СҮҮЛИЙН ХЭДХЭН ХОНОГТ 10 ХҮҮХЭД ЦАГ БУСААР ЭНДЖЭЭ –

Сүүлийн хэдэн сарын хугацаанд хөл толгойгүй л сонгууль ярилаа. Нийгэм тэр чигээрээ л улс төрийн мананд төөрч ар амьдралаа мартчихаад байх шиг. Гэтэл ердөө арваадхан хоногийн хугацаанд эцэг эх асран хамгаалагч, аж ахуйн нэгж байгууллагуудын хайхрамж, болгоомжгүй, хэнэггүй байдлын улмаас 10 орчим хүүхэд эндсэн харамсалтай тоо ар араасаа хөвөрч байна. Танай нам, манай нам гэж талцсаар танхил үрсээ хөсөр хаяжээ, монголчууд. Хамгийн эмзэглэмээр нь ой гарантай хоёр ч хүүхэд ахуйн хүрээний ослын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна.

• Тавдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд 8-12 насны дөрвөн хүүхэд живж нас барсан. Тус газарт ажил явуулж байсан “Хан талст” компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргаад байсан ч хэрэгжүүлж зөрчлөө арилгаагүйн хар гор гарч дөрвөн хүүхдийн амийг авч одсон.

• Зургадугаар сарын 1-ний өдөр буюу Эх үрсийн баяраар Баянгол дүүргийн XV хороо, 1000-н нэрийн барааны дэлгүүрийн зүүн талын 23 дугаар байрны гаднах тоглоомын талбайд 12 настай охин савлуурт даруулсан. Үүний улмаас охины тархины яс цуурч, цус хуралт үүсч хүнд гэмтэл авсан.

• Зургадугаар сарын 13-ны өдрийн 23:25 цагт Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 10 дугаар гудамжинд ой долоон сартай эмэгтэй хүүхэд таван метрийн гүн жолонд унаж амь насаа алдсан.

• Зургадугаар сарын 14-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг “Хар боом” гэх газарт сонгино түүхээр явсан 15-17 насны хоёр хүүхэд 600 орчим метр өндөр хадан хясаанаас унаж амь насаа алджээ.Тэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс Бүрэнтогтох суманд очоод байжээ.

• Зургадугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт нэг настай хүү шатахуун уусны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Сонгууль гэж шуугилдаж байх хооронд 10 хүүхэд амиа алдаад байна. Энд зөвхөн осолдож нас барсан, хүнд гэмтсэн хэдхэн жишээг л дурдлаа. Үүнээс гадна Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасаг хүүхдүүдийн хөлд битүү дарагдаад байна. Эцэг эх асран хамгаалагчийн хайхрамж болгоомжгүй, хэнэггүй зангаас болж жилд л 2500 орчим хүүхэд халуун тогоонд шалзлагдаж түлэнхийн тасагт хүргэгдэж ирдэг гэх тоон мэдээлэл байна. Тэдний дийлэнх нь сэхээн амьдруулах тасагт ирдэг талаар ГССҮТ-өөс мэдэгдлээ.

Өдөрт л нэг хүүхэд эндсэн гэх харамсалтай мэдээ олныг халаглуулж буй. Ийм хэрэг өдөр бүр шахуу бүртгэгдэж байгаа нь эцэг эх асран хамгаалагчид учирч болох аюулаас урьдчилан сэргийлэхгүй байгаатай шууд холбоотойг мэргэжилтнүүд онцолж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Ахуйн ослоос болж хүүхдийн амь нас хохирч байгаа хэргийн цаана олон асуудал байдаг. Хүнд тэр бүр анзаарагдахгүй хүүхдэд аюултай орчин үүсчихээд байна. Энэ асуудал дээр төр засгаас бодлого, зохицуулалт шаардахаас илүү иргэд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Та, би гэлтгүй хүн бүр амьдарч буй орчноо тойруулаад ажиглачих. Аюултай зүйл юу байна, анзаарчих хэрэгтэй. Өнөөдөр таны хашаан дахь жорлонгийн хаалганы түгжээг танаас өөр хэн хийх юм бэ. Хорооны Засаг дарга юм уу, хэсгийн цагдаа очоод “Жорлонгийнхоо хаалганд түгжээ хий” гэж хэлэхгүй биз дээ. Та ус буцалгачихаад ширээний буланд тавьж байгаагаас л энэ аюул осол эхэлдэг. Жаахан хүүхэд тань очиж татаад л түлэгдэнэ. Аж ахуйн нэгж байгууллагууд барилгаа тойруулаад хар. Цахилгааны утас ил байна уу анзаар. Хүүхэд тогонд цохиулаад нас барсан хэрэг түрүүхэн л бүртгэгдсэн шүү дээ. Орон сууц хорооллын иргэд ч анзаарах хэрэгтэй. Цонхондоо хаалт хийсэн байна уу, таны хүүхэд дамжиж авираад уначих юм биш биз гээд аюулыг илрүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Ийм хүүхэд ингэж нас барсан байна гэж халаглахаас илүү, сэрэмжлэх хэрэгтэй” гэсэн юм.

Олон улсад аюулыг илрүүлэх өдрийг тэмдэглэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлдэг жишиг байдаг. Энэ өдрийн хүрээнд эцэг эх асран хамгаалагчдад учирч болох аюул ослын тухай сургалт зохион байгуулж, нөлөөллийн ажил явуулж эрсдэлээс урьдчилан сэргийлдэг. Мөн амьдарч буй орчинд ямар аюул байгааг илрүүлж засч залруулж, сэрэмжлүүлдэг. Монголчууд баяр ёслол, найр наадмыг өндөр ач холбогдол өгч ёслол төгөлдөр тэмдэглэдэг ард түмэн. Аюулыг илрүүлэх өдрийн хүрээнд эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийг аюул ослоос урьдчилан сэргийлэх тухай жаахан ч гэсэн ойлголт өгчихвөл бага насны хүүхдүүдийг 600 метрийн өндөр хавцал руу сонгино түүгээд ир гэж явуулалгүй учирч болох эрсдэлийг урьдчилан тооцоолдог болох биз. Шөнийн 23:00 цагт ой гарантай охиноо анхааралгүй орхиж нүхэн жорлон руу мөлхүүлэхгүй байх. Нялх үрс хэдэн зуугаараа халуун тогоонд түлэгдэж, Түлэнхийн тасагт тарчлан хэвтэхгүй болов уу. Аюулыг илрүүлж, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авах талаар нөлөөллийн ажил явуулж эцэг, эх асран хамгаалагчдад багахан ч гэсэн ойлголт өгөхгүй бол сонгуульдаж байх хооронд дахиад хэдэн ч хүүхэд усанд осолдож, нүхэн жорлонд унаж тарчлан зовж нас барахыг таашгүй.

Өнөөдөр манайд хүүхдэдээ хайхрамжгүй хандаж үүргээ биелүүлэлгүй хүүхдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа эцэг эхчүүдэд хариуцлага тооцох эрхзүйн орчин дутмаг байна. Гэрийн гадаа шатахуун хаяж хүүхдийнхээ амийг авсан эцэг эхэд хүлээлгэх хариуцлага манайд алга.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал “Манай улсын нийт хүн амын 36 орчим хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Бидний зүгээс хүүхэд аливаа эрсдэлд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй тасралтгүй зохион байгуулах нь чухал учраас нийт ажлынхаа 60 орчим хувийг энэ чиглэл рүү хандуулдаг. Хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд салбар болон байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байдаг” гэв. Хүүхдийг эрсдэлд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж ажиллахад байгууллага хоорондын уялдаа холбоо сайн байх шаардлагатайг ГБХЗХГ-аас онцолж байна.

Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийг тус тус үндэслэн эцэг эх, асран хамгаалагч хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй осол, гэмтлээс хамгаалах чиглэлээр байнга анхаарал хяналт тавьж байхыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас анхааруулж зөвлөмж гаргажээ.

Зөвлөмжид

• Хүүхдийн чөлөөт цаг, зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр анхаарч, тэднийг юу хийж байгаа, ямар хүүхэдтэй үерхэж, нөхөрлөж байгаад нь байнгын анхаарал хандуулах

• Өөрийгөө болон бусдыг гэмтээх тоглоомоор (үрлэн сумтай буу, чавх гэх мэт) хүүхдийг тоглуулахгүй байх

• Ус буцалгагч, халуун индүү, будаа агшаагч, халуун савтай болон данхтай цай, савтай халуун ус, тос зэргийг хүүхдийн гар, хөлнөөс хол байлгах

• Тагт, цонхны бэхэлгээг заавал хийж, бага насны хүүхдийг цонх, тагтаар хэт тонгойж болохгүй, унаж болзошгүй гэдгийг тогтмол хэлж сануулах

• Гол усны ойр орчимд харгалзах насанд хүрсэн хүнгүйгээр тоглож байгаа хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, зөвлөмж анхааруулга өгөх, мэдээллийг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Цагдаагийн байгууллагын 102 утас, Онцгой байдлын газрын 101 дугаарт заавал мэдээлэх

• Хүүхдээ тоглуулахаас өмнө тоглоомын талбайг шалгаж тоглоомын тоног төхөөрөмж эвдэрсэн эсэх, хүүхэд гацах, хувцсаараа гогдох, гэмтэх зүйлүүдийг аюулгүй болгох, урьдчилан сэргийлж, тоглоомын талбайн гадаргууд хурц ирмэгтэй, хагарсан шил зэрэг зүйлүүд байвал зайлуулсны дараа хүүхдээ тоглуулах” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард тусгай үүргийн таван удаагийн нислэгээр иргэдээ татна

89656212_146039886878047_1254369353692872704_o-6ua02ed3f7gho21xepvblv07slryfuhzamzxdytl8hs-6urser56uje6wu7zch4r8xh060ni799177ajexv5j5s-3.jpg

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх долдугаар сард тусгай үүргийн таван нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Үүнд:

  • 07 дугаар сарын 02-нд Сөүл,
  • 07 дугаар сарын 05-нд Токио,
  • 07 дугаар сарын 07-нд Сөүл,
  • 07 дугаар сарын 09-нд Истанбул,
  • 07 дугаар сарын 15-нд Сөүл /транзит/ хотруу нислэг үйлдэнэ.

Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтоор татан авах юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт үнэлгээний газрын дарга Бригадын генерал Пүрэвийн Доржсүрэнд Хошууч генерал, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал, хурандаа Пүрэвсүрэнгийн Жаргаланд Бригадын генерал цол тус тус олголоо.

Зарлигийг танилцуулж, цол олгох ёслол Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, бүтээн байгуулалтын ажилд оролцож буй бие бүрэлдэхүүн оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын трассын дагуу ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

(COVID-19)!!! СЭТГЭЛЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААРХ ЗӨВЛӨГӨӨ

ЭМЯ-наас COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс курс ...

Коронавируст халдварын цартахлын үед сэтгэл түгших, санаа зовних, хэт мэдрэмтгий болох, сэтгэлээр унах, айж түгших, уурлаж бухимдах зэрэг сэтгэлзүйн асуудал гадаадын улс орнуудад элбэг тохиолдож байна. Энэ нь түр зуурынх бөгөөд “Айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандаж” КОВИД-19-ийн цартахлыг давж гарна гэдгийг ДЭМБ-аас уриалсаар байна.

Дараах зөвлөгөөг хэрэгжүүлж Хамтын хүчээр халдвараас сэргийлье!

• Эерэг хандлагатай байх
• Инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх
• Аливаад уур уцааргүй, тайван хандах
• Бие биендээ урам өгөх
• Коронавируст халдварын мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах
• Хэт их мэдээллээс зайлсхийх
• Сөрөг мэдээлэлд автахгүй байх
• Цахим орчинд цаг бага зарцуулах
• Өдрийн тэмдэглэл хөтлөх
• Сэтгэл санаа зовоосон, таагүй бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах
• Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэй цахим болон утсаар холбоотой байх
• Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх (кино үзэх, дуулах, бүжиглэх, ном унших, шинэ зүйл сурах, гэрийн тавилгын байршил өөрчлөх гэх мэт)
• Стресс тайлах энгийн аргаар (йог, амьсгалын дасгал, ууланд алхах..,) сэтгэл санаагаа тайван байлгах
• Өөртөө илүү их анхаарал тавих (шинэ дүр төрх бүрдүүлэх..,)
• Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтах
• Архи, тамхи хэрэглэхгүй байх
• Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө авах

Categories
мэдээ цаг-үе

Д.Шагдарсүрэн: Ихэнх нутаг гантай байхад орон нутгийн засаг захиргаа нь хэдэн намдаа хуваагдаж давхиад малчдын талаар анхаарах сөхөө алга

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэнтэй ярилцлаа.


-Энэ зун ихэнх нутгаар ногооны гарц муу, гантай байна. Гэвч сонгуулийн шуугианд дарагдаж малчдын зовлонг хэн ч тоохгүй байна уу даа?

-Нэгэнт ган болж байхад хэн хэн нь мэдээд, анхаараад яаж ч чадахгүй. Агаарт зориуд нөлөөлөөд, хур бороо оруулаад ган тайлъя гэж бодъё. Гэвч угаасаа үүл нь гарч ирэхгүй болохоор яаж ч нөлөөлөөд бороо орохгүй. Гарсан үүлнийх нь услаг бага байдаг болохоор яаж ч нөлөөлөөд бороо орохгүй. Үүл буудах гэж яриад байгаа шүү дээ. Энэ чинь тодорхой хэмжээний услагтай байгаа, бороо нь доошоо газрын гадарга дээр унаж чадахгүй байгаа үед л чийг шингээгч бодисыг пуужингаар аваачиж үүлэн дунд цацаад үүлний дуслыг томруулаад тэр нь доошоо бороо болж орох энэ процессыг дэмжиж байгаа юм. Тэгэхээр тарваганд явж буй хүн хэдийгээр буутай сумтай явлаа ч гэсэн мөндөл гарч ирэхэд бууддаггүй. Нэлээд таргалсан бүдүүн бурхи, тарвагыг олж байж л буудахыг бодно. Түүн шиг гарсан үүл болгон руу пуужин харваад байдаг юм биш. Тийм учраас зарим газарт үүл буудаж өгөхгүй байна гэж гомдол мэдүүлж байгаа. Энэ жилийн агаар мандлын процесс өөрөө яг энэ Төв Азийн хэсэг дээгүүр өндрийн фронтын бүс гэж ярьдаг газрын гадаргаас таван км орчим өндөрт байгаа ба агаарын асар хүчтэй тийм урсгал явж байгаа юм. Байнга явж байгаа. Энэ жил давтагдаж байна. Өдөр болгон шахуу явж байна. Тийм учраас тэрний нөлөөгөөр үүл ирлээ ч гэсэн маш хурдан хөөгдөж явах, газрын гадарга дээр маш хүчтэй салхи гарах, шороон шуурга тавих зэрэг нөхцөл бүрдээд байгаа юм. Би энэ тухай бол хоёрдугаар сарын 15-наас эхлэн ярьсан. Би яагаад энэ хугацаанаас эхлэн ярьсан бэ гэхээр энэ оны хоёрдугаар сарын 05-ны өдөр хуучны тэнгэр хангай шинжих ардын уламжлал ёсоор бол энэ хулгана жилийн хаврын улирал эхэлсэн өдөр байгаа юм. Тэр өдөр улаан улаагчин, шар шаргачин өдөр өнгө учирвал ган болдог гэж үздэг. Сударт тэгж бичсэн байдаг. Энэ жил шаргачин үхэр өдөр таарсан. Тийм учраас хоёрдугаар сарын 5-нд хаврын урь ороход тийм өдөр таарсан юм чинь би хоёрдугаар сарын 15-нд гэж яриад байгаа нь аргын тооллын сар болгоны 15-нд тухайн сарынхаа сүүлийн хагасын цаг агаарын байдлын тухай нэвтрүүлэг бэлтгэж олон түмэнд хүргэдэг юм. Радиод байхдаа ч тэгдэг байсан. Малчин телевизэд ирээд ч тэгж хийж байна. Сарын хуучин тэнгэр гэж тухайн сарын хэмжээний цаг агаарын прогнозыг ярихаараа шинэ сарын шинж гэж эхэнд нь хэлдэг юм. Тэр нь юу гэхээр аргын тооллын тухайн сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт.

-Ер нь юунаас болж ган болдог вэ. Сүүлийн жилүүдэд ганших үзэгдэл ажиглагдаж байна уу?

-Ган болох гэдэг чинь урдах шинжээсээ хамаардаг юм. Зуд болно гэдэг нь энэ жил ган болсон бол ирэх өвөл зуд болно. Яагаад гэхээр угаасаа газар ногоо гараагүй учраас. Газар ногоо гарна гэдэг маань өвс ургамал ургах. Тийм байхгүй учраас өвөл нь хатуу болох нь тодорхой. Харин өвөл нь өнтэй сайхан болсон бол зун нь ган болох магадлал багатай байдаг. Тухайн жилийн агаар мандалын процессоос хамаарна. Хуучны юм гэж яриад байгаа нь хаврын урь орох өдөр шаргачин үхэр өдөр таарсан учраас хулгана жилийн зун ер нь ялангуяа төвийн бүс нутгаар гандуу болж магадгүй юм. Ган нь болоод л байна. Хүмүүс отор нүүдэл хийгээд л байна. Үүнийг улс төрийнхөн яаж тоохов дээ. Улс төрөө яриад л харин малчид юун улстөр, сонгууль манатай л байна.

-Ихэнх нутгаар гантай байгаа нь малчдад ихээхэн хүндрэлтэй байна. Малчдын зүгээс авч хэрэгжүүлж чадах арга хэмжээ нь юу вэ?

-Юу ч байхгүй. Авч хэрэгжүүлж болох ганц арга хэмжээ нь нүүх. Энэ тэнд жоохон торгоны хээ шиг, морин цоохор ногоо ургасан газраа л очиж бөөнөөрөө шавж л өрсөж идэж, өндийж цохихоос өөр ямар ч арга хэмжээ байхгүй.

-Байгалийн үзэгдэл учраас уу…?

-Яг тийм. Байгалийн үзэгдэл учраас. Мөн орон нутгийн төрийн байгууллага, засаг захиргааны байгууллага үүн дээр ямар ч арга хэмжээ авч чадахгүй. Чадах хүсэл ч байхгүй байна. Одоо бол нөгөө хэдэн намдаа хуваагдаад л давхиж байгаа учраас малчдын талаар анхаарах боломж, сөхөө байхгүй байна. Тэгээд одоо хүртэл айлууд нүүгээд л явж байна ш дээ. Надад ирсэн мэдээллээр бол Төв аймгийн Жаргалант сумын нутагт өвөлжсөн айл зуны дунд сар гарч байхад Өндөр ширээтийн нутагт нүүдэллэн явж байна. Жаргалант сумынх нь Засаг дарга жийп машинтайгаа очоод мал хунаргүй хөөгөөд зүдрээж байна гэнэ. Энэ бэлчээр ашиглалт малчдыг танай манай болгоод хуваачих юм. Орон нутгийн засаг захиргааны хуваарилалтад малчдын тухай асуудлыг огт авч хэлэлцэхгүй хаячихсан байна. Чи бид хоёрын дундуур хөшиг татчих юм бол наад тал нь минийх цаад тал нь чинийх болно. Хоёулаа нэг өрөөнд сууж байгаад бидний дунд хөшиг татсан ч энэ манай л өрөө шүү дээ. Яг тэрэн шиг орон нутгийн засаг захиргааны хуваарилалт дэндүү жижигхэн байгаа учраас нэг малчин нөгөө малчны нутагт очихоор хөөгддөг. Энэ бол малчдыг хамгийн их зовоож байгаа, хамгийн их тарчлааж байгаа асуудал.

-Тэгвэл тухайн орон нутгаас авч хэрэгжүүлж болох арга хэмжээ нь таны бодлоор юу байж болох уу?

-Хоёр сумын Засаг дарга хоорондоо ярилцаад танай нутаг гайгүй зуншлага сайтай юм байна. Манайх их хэцүүдэж байна. Хэдэн зуун мал танайд оруулъя гээд хоорондоо ярьж тохиролцон гэрээ хийх ёстой гэж ярьдаг юм. Гэвч амьдрал дээр тэгж байгаа юм тун бага. Өнгөрсөн өвөл хаврын зудтай байсан. Дээр нь газруудыг өлийн цагаан оготно идчихсэн байсан. Энэ жил эдгээр газрууд маш хэцүү байдалтай байна. Өвөрхангай аймгийн зүүн хагас, Дундговь аймгийн хойд хагас гээд. Бүгд л отор хийгээд явчихсан. Манай сумаас төчнөөн малчин тэнд байгаа гэдгийг нарийн тодорхой мэдэж байгаа Засаг дарга цөөхөн байдаг. Малчид маань олон зуун жилээр нүүдэллээд ирчихсэн. Тэр уламжлалаа дагаад л яваад байгаа болохоос биш зохион байгуулалт гэж байхгүй. Хамгийн гол нь бэлчээр ашиглалтын тухай орон нутгийн засаг захиргааны хууль бил үү? Тэр хуульд заасан одоо энэ 360 сумтай байх гэж хуульчилж өгснийгөө засаж чаддаггүй юм бол бэлчээр ашиглалтын тухай тусад нь хууль гаргамаар байгаа юм. Тэрэн дотор юу хийх хэрэгтэй гэхээр ган болвол хангай руугаа нүүдэг, ямар ч үнэ төлбөргүй, торгууль тооцоогүй дуртай газраа очдог. Зуд болбол говь руугаа явдаг, үүнийг хуульчилж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол бэлчээрийн маргаан гэдэг сүүлдээ буудалцаан болдог. Тээр жил Увсад буудалцаан болсон ш дээ. Тэрүүн шиг төрөөс үүнд олигтой оролцож үүргээ биелүүлж чадахгүй байна. Миний хүсээд байгаа юм бол бэлчээр ашиглалтын тухай хууль гэж орон нутгийн засаг захиргаа удирдлагын хууль гэдгийнхээ хажууд бэлчээр ашиглалтын тухай хууль гэдгийг тусад нь гаргах ёстой. Хэрвээ би УИХ-д сонгогдсон байсан бол, гишүүн байсан бол хамгийн түрүүнд энэ хуулийн төслийг боловсруулаад өргөн барих ёстой хүн байгаа юм. Даанч тийм ухаантай хүн энэ УИХ-д алга байна. Цаашдаа ч гарч ирэх шинж алга. Би “алсын хараа 50” гэдэг ном эргүүлээд сууж байна. 2050 он хүртэл Монгол Улс яаж хөгжих вэ гээд төсөл боловсруулсан байна л даа. Засгийн газар батлаад УИХ-д өгчихсөн дараагийн парламент энийг хэлэлцэх юм гэнэ. Энэ дотор улсын эдийн засгийн тэргүүлэх салбар нь уул уурхай гээд заагаад өгчихсөн байж байна. Тэгэхээр цаашдаа бэлчээрийн мал аж ахуй гэдгийг ер нь эд нар хаях шинжтэй юм байна гэсэн ойлголт төрөөд байж байна. Хүн ирвэл хэрүүл өдье гэж бодоод (инээв).

-Та олон жил цаг уурын талаар судалгаа хийж хүмүүст мэдээлэл, нэвтрүүлгүүдийг хүргэсэн. Монголын цаг уурын нөхцөл байдал сүүлийн жилүүдэд ямархуу байна гэж хэлэх вэ?

-Ер нь ганц Монголын цаг уур биш. Ерөөсөө дэлхийн цаг агаарын нөхцөл байдал жилээс жилд улам муудаж байна. Муудаж байна гэдэг нь дэлхийн уур амьсгалын дулааралтай холбоотой. Хур тунадас орох магадлал багассан. Орлоо гэхэд эрчим нь ихэсч байна. Өөрөөр хэлбэл их догшин ширүүн ордог болж байна. Дээр үед зөөлөн, тогтуун, шиврээ, намираа бороо ордог байсан бол одоо орвол ёстой пар пүр хийгээд л бөөн шороотой нь холиод л орж байна. Цас ч байсан ялгаа байхгүй. Элс шороотой нь холиод л шуураад гуу жалга руу чихчихэж байна. Бороо ч орлоо гэсэн жигтэйхэн тачигнаж дуугарч байгаад л жигтэйхэн улаан хуй салхи тавина. Тэгснээ үер болоод л бууна. Энэ зөвхөн Монголд байгаа юм биш. Монголын газар шороо их эмзэг учраас эрчимтэй ажиглагдаж байгаа юм.

-Таныг Монголын цаг уурыг алган дээрээ байгаа юм шиг мэддэг, номер нэг цаг уурч гэж ярьдаг. Таны үндсэн мэргэжлийн онцлог байв уу. Өнөөг хүртэл цаг ууртай салшгүй холбоотой явж ирсэн талаараа яриа дэлгэхгүй юү?

-Хаанаас даа. Чи ингэж ойлговол зохино. Би бол Монголын номер нэг цаг уурч гэдэг хүн биш. Би 1970 онд МУИС-ийн цаг уурын ангийг төгссөн инженер хүн. Би цаг агаар, байгаль орчныг шинжих, ажиглах ардын уламжлалыг бусдаас арай илүү уншчихсан, судалчихсан, одоо ч үзсээр уншсаар суугаа хүн. Тэгээд орчин үеийн арга ухааны арга дүгнэлтийг ардын уламжлалт аргатай уялдуулаад шинэ хуучин аргыг хольж, сайнаар хэлбэл хослуулж ард түмэндээ хүргэдэг, ойлгуулдаг. Тэгээд л намайг нэгдүгээр зэргийн цаг уурч гэж байна. Ерөөсөө цаг уурч дотор тийм зэрэг дэв ч байдаггүй юм. Онц сурлагатан гэдэг шиг хүн байдаггүй юм. Энэ чинь хамтын бүтээл, хамтын оюун ухаан дэлхий дахины бүтээл шүү дээ. Монголын цаг уур гэхэд чинь дэлхийн долоон том төвөөс агаар мандлын орчил урсгалын прогноз, зургийг хүлээн авдаг байсан. Одоо дээрээс нь нэмээд хичнээн олон болсныг мэдэхгүй. Тийм математик загварчлал байдаг. Тэрнийг аваад Монголынхоо газар нутаг дээр зохицуулаад тэгээд прогнозоо гаргадаг юм. Агаар мандлын динамик гэдэг ийм шинжлэх ухаан. Тэрний үр дүнд өнөөдөр бид нар телевизүүдээр буруу зөрүү яриад сууж байна. Ер нь дэлхийн цаг уурын прогноз зураглал, уламжлалт арга барил хоёр аль аль нь туйлын үнэн гэж байхгүй.

-Та цаг уурыг шинжих талаар олон жил судаллаа. Тухайлбал, ямар шинж тэмдэг илэрвэл байгалийн гамшигт үзэгдэл болдог вэ гээд тэнгэр шинжих нууцаасаа сонирхуулахгүй юу?

-Барагдахгүй.

-Жишээ нь…?

-Хаврын урь орох өдөр улаан улаагчин, шар шаргачин өнгө учирвал зун нь ган болно. Монголчууд жилд 24 улирал тоолдог байсан. Хаврын урь орох өдрөөс эхлээд их хүйтэн гэдэг улирал хүртэл 24 улирал. Сард хоёр улирал тоолно гэсэн үг. Зургаан сарын 21-нд зуны туйл улирал эхэлнэ. Зөвхөн түүгээр шинжихэд зургаан сарын 21-нд тунгалаг байх юм бол ган болно. Тариа төмсөнд муу гэж бичсэн байгаа. Зургадугаар сарын 21-нд хур бороотой байх юм бол цаашдаа ган тайлагдана гэсэн үг. Хэрэв хур бороогүй цэлмэг өдөр байх юм бол ган үргэлжлэх магадлалтай гэж ойлгож болно.

Б.МЯГМАРБОЛОР

Categories
мэдээ нийгэм

Таван удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг илрүүлжээ

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид таван удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт оршин суух иргэн “Б”-ийн гэрт энэ сарын 13-ны өдрийн 23:00 цагийн орчимд хулгай оржээ. Улмаар 8 ширхэг мөнгөн аяга, бусад эд зүйлийг иргэн “Т” хулгайлж байхад нь гэрийн эзэн ирсэн байна.

Гэмт этгээд хэргийн газраас зугатахдаа хохирогчийн цээжин тус газарт 6 удаа хутгалж оргон зайлжээ. Уг хэргийн талаарх дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт тус өдрийн 23:30 цагт ирсний дагуу бие бүрэлдэхүүнийг хэсэгчилсэн байдлаар түргэн цугларалтаар дуудаж, шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулжээ.

Шуурхай ажиллагааны үр дүнд дээрх хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын харъяат, урьд нь 2 удаагийн ял шийтгэлтэй иргэн “Т” үйлдсэн болохыг тогтоосон байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь Ховд аймагт энэ оны зургаадугаар сарын 10-ны өдөр нийтийн тээврийн хэрэгслээр ирсэн. Гурав хоногийн хугацаанд Жаргалант сумын гэр хороололд оршин суух иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайн 5 удаагийн гэмт хэрэг үйлдсэнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд илрүүлэн шалгаж байна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Иргэд орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, гэр орон сууцаа удаан хугацаанд эзэнгүй орхихгүй, мөнгө, үнэт зүйлсээ нэг газар төвлөрүүлж хадгалахгүй байх, хөршийн хяналтаа сайжруулах, ил задгай цоожноос татгалзах, далд найдвартай цоожоор хаалга үүдээ цоожлохыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд алдартай титэмнүүд

Английн ханхүү Чарльз корона вирусын халдвар авсны дараа дэлхий нийт сошиалаар “Ханхүү Чарльз олон жил хүлээсэн титмээ авах нь ч авлаа,харамсалтай нь буруу титэм авчихлаа” хэмээн жиргэцгээж байсан билээ.Тэгвэл ханхүү Чарльзын олон жил хүлээсэн жинхэнэ хаан титэм хэдийд үүссэн юм бол.

Титэм буюу корона нь латин үг бөгөөд толгойдоо зүүх навчин хэлхээ буюу титэм гэсэн үг аж. Ромын эзэн хаад буюу Цезарууд алтаар хийсэн навчин титэм өмсдөг байсныг бид мэднэ.

Титэм нь маш эрт дээр үеэс буюу бусдаасаа илүү эрх мэдэлтэй удирдагч, ноёд, хаад бий болсон үеэс үүсэн өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа билээ. Тухайлбал, Америкийн индианчуудын удирдагчид шувууны өдөөр чимсэн том “титэм” өмсдөг байсныг бид мэднэ. Эртний Египетийн хаад бусдаасаа ялгарах босоо, шомбогор титмэн малгай өмсдөг байсан нь түүхэн дурсгалуудад хадгалагдан үлдэж өнөөдрийг хүрсэн байна. Манай хаад ч бусдаасаа ялгарах титмэн малгай өмсдөг байсан байж таарна. Харин түүхэн баримтаас үзэхэд IV зуунд хүчирхэг байсан Византийн гүрний эзэн хаан Диоклетианом титэм өмсөж байсан нь тэмдэглэгдэн үлджээ.

Феодалын үе гэгддэг X-XI зуунд Европ тивд титэм жинхэнэ моод болж байжээ.Хаанаас гадна пап лам, ноёд, гүн,герцог цолтнууд хүртэл өөр өөрийн титэмтэй байв.Харин XIV зуунаас эхлэн пап лам нар хааны титмээс өөр хэлбэртэй титэм хэрэглэх болсон тул папын тиар хэмээн нэрлэх болсон байна. Хамгийн сүүлд буюу 1963 онд пап ламын тиар өмсөх албан ёсны ёслол болсон бөгөөд үүнээс хойш ийм ёслол хийхийг зогсоож зөвхөн хаан, хатан хаан титэм өмсөх ёслол хийдэг болж өөрчлөгджээ.

Өнөө үед олон алдартай титэм хадгалагдан үлджээ. Хэдийгээр эдгээр титмийг шар, цагаан алт болон хамгийн үнэтэй чулуугаар хийсэн боловч түүхийн нэгээхэн хэсгийн гэрч гэдгээр нь үнэлж болшгүй үнэт зүйл хэмээн үздэг байна.

Зураг 1-т байгаа титэм бол Х зуунд бүтээгдсэн Аугаа Карл хааны Вене хотод хадгалагдаж буй титэм.Дундад зууны үед Германы бүх эзэн хаад энэ титмийг өмсөх ёслол хийн хаан ширээнд заларч байжээ. Зарим титэм нь өмсөж байсан эзнээсээ илүү алдартай болсон гэнэ. Тухайлбал, Зураг 2-т байгаа 1370 онд бүтээгдсэн Английн хатан хаан Бланшийн титэм. Үүнийг бас Палатины титэм гэж нэрлэдэг бөгөөд одоо Мюнхений эрдэнэсийн санд хадгалагдаж байна.

Харин Зураг 3-т буй титэм бол Их Британийн түүхийн хэмжээлшгүй үнэт зүйлд тооцогддог 1661 онд урласан гэгээн Эдуард хааны титэм. Анх II Карл хаан ёслол үйлдэн энэхүү титмийг өмсөж хаан ширээнд заларч байжээ. Түүнээс хойших Английн хаадад энэ титэм шилжсээр иржээ. Энэхүү титмийн жин 2,155 кг. Одоо Лондон Тауэрийн Эрдэнэсийн сан-музейд хадгалагдаж байна.

Дунд талд, Зураг 4-т байгаа нь Оросын Эзэнт гүрний их титэм. Энэхүү титмийг II Екатерина хатан хаанд зориулан 1762 онд урлажээ.Одоо Кремлийн Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа бөгөөд гадагш гаргахыг хатуу хориглодог хуультай.

Хамгийн сүүлд байгаа нь Их Британийн Эзэнт гүрний титэм. Энэ титэмийг саяхан буюу 1911 онд гэгээн Эдуард хааны дурсгалд зориулан бүтээжээ. Одоогийн Английн хатан хаан II Елизавета энэхүү титмийг жилд нэг удаа Парламентын нээлтийн ёслолд оролцохдоо өмсдөг бөгөөд бусад үед Лондоний Тауэрийн Эрдэнэсийн музейд хадгалагдаж байдаг аж. Харин титэм өмсгөх албан ёсны ёслолыг өнөөдөр Европ тивд зөвхөн Англид л үйлддэг байна. Өөрөөр хэлбэл Английн хатан хаан II Елизавета нь титэм өмсөх ёслол үйлдэж хаан ширээнд заларсан ганц хүн гэсэн үг. Харин Ази, Ойрхи Дорнодын зарим орнуудад энэхүү ёслолыг хийсээр байна. Тухайн үедээ титэм болон титэм өмсөх ёслол нь хэмжээлшгүй эрх мэдэлд хүрч, бурхны ивээлд багтсан дээд угсааны жинхэнэ бэлгэ тэмдэг болдог байсан бол одоо үед ёс төдий бэлгэ тэмдэг, түүхийн үзмэр төдий зүйл болон үлдсэн ажээ.

Г.АМАРСАНАА