Categories
мэдээ цаг-үе

Э.Эрдэнэбаатар: Сэрэмжлүүлэх самбар байсаар байтал иргэд үл тоомсорлон ус руу ордог

Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатартай ярилцлаа.


-Он гарсаар гол усанд живж эндсэн хүний тоо хэд хүрээд байна вэ?

– Он гарснаас хойш нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд усны ослоор долоон хүн эндэж нас барсан. Дөрвөн хүүхэд, гурван том хүн. Дөрвөн хүүхдийг та бүхэн мэдэж байгаа байх. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны газар нутагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд нуурын усанд 11-13 бага насны хүүхдүүд усанд тоглож байгаад осолдсон. Гурван том хүний хувьд 24-49 настай хүмүүс байсан.

-Нийслэлийн хэмжээнд гол устай холбоотойгоор өдөрт хичнээн дуудлага ирдэг вэ?

-Ер нь бол усанд осолдлоо гэсэн дуудлага ирвэл бид дуудлагаар шуурхай очно. Бид иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлж Нийслэлийн засаг даргын захирамж гаргаад зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу завьт, болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Яагаад ажиллуулж байна гэхээр сүүлийн хэдэн жил уламжлал болоод гарчихсан, урьдчилан сэргийлэх байдлаар иргэддээ анхаарал тавьдаг. Ялангуяа зуны улирал эхэлчихсэн, өдөрт 25 хэмээс дээш халсан үед бол иргэд ихэвчлэн гол руу явдаг. Тэнд очиж сэрүүцэх гэж, зарим нэг нь зугаалгаар явдаг. Мөн бага насны хүүхдээ салхинд гаргах нэрийдлээр дагуулж явна. Тийм болохоор бид урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Үүнийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон манай НОБГ хамтран хөдөлгөөнт эргүүлд ажиллаж байна. Завьт эргүүлд Нийслэлийн аврах 105 дугаар ангийн хөдөлгөөнт эргүүлийн хоёр бүлэг ажиллаж байгаа. Хар усан тохойгоос Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Хадан хясаа гэсэн ийм маршрутаар Туул гол дагуу, Хэрлэн гол дагуух 25 км орчим, Тэрэлж голын 25-35 км орчим газарт хөдөлгөөнт, завьт эргүүлүүдийг ажиллуулж байна. Өмнө нь бол ялгаа байгаагүй. Сүүлийн таван жил ингэж явж байгаа юм. Захирамж гараад урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдээ хөдөлгөөнт болон завьт эргүүлээр хянана. Амарч байгаа хүмүүстээ урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгээ өгнө. Чанга яригчаар урьдчилж хэлнэ. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй байлгахгүй, голын усанд оруулахгүй шүү гэх зэргээр хяналт тавин ажиллаж байна. Энэ жилийн хувьд бид нэмэлтээр урьдчилан сэргийлэх самбарыг тодорхой цэгүүд дээр нэмж байрлуулж байгаа. Энэ нь хүмүүс осолдож байсан хэсэг болон цүнхээл гүнзгий хэсгүүдээрээ яг метрийг нь заагаад ойролцоогоор 2,80 метр гэдэг юм уу, эсвэл 2,70 метр ч гэдэг юм уу хэмжээг нь тавьж байгаад 10 ширхэг самбарыг өмнөх самбарууд дээр нь нэмэлтээр байрлуулна . Үүн дээр нэмэлтээр дүүргүүд мөн тодорхой хэмжээний самбарыг байрлуулахаар ажиллаж байна. Ямар ч байсан бид сонгуулийн өмнө амжуулна. Амжихгүй бол сонгуулийн дараа долоодугаар сарын нэгнээс өмнө бүх самбаруудаа байрлуулахаар төсөв мөнгийг нь шийдүүлэх гээд байж байна.

-Хүмүүсийн гол усанд ихээр эндэж буй шалтгаан юу байна вэ? Өөрсдийнх нь хэнэггүй байдалтай холбоотой байна уу?

-Олон шалтгаан байгаа. Голын усанд орж буй хүмүүс зугаалгаар, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө мөн сэрүүцэх гэж явж байна. Тэнд ихэвчлэн том хүмүүс очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Энэ үедээ бага насны хүүхдийнхээ хараа хяналтыг алддаг. Бага насны хүүхдүүд тэнд тоглож байгаад голын их ус руу орчихдог. Тэгээд усанд живэх асуудал гардаг. Мөн хүүхдүүд бөөнөөрөө нийлж буюу найзууд нийлээд гол руу очиж байгаа асуудал байна. Сүүлд осолдсон хүүхдүүдийн хувьд ерөөсөө л Дэнжийн мянгаас Цэцэрлэгт хүрээлэн рүү очиж урдах нуурын усанд нь тоглох гэж байгаад л осолдсон. Мөн сэрэмжлүүлэг самбар байсаар байтал иргэд өөрсдийн хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж, үл тоомсорлон ус руу ордог. Усанд би сэлж чаддаг гэж эрдэж гүнзгий хэсэг рүү шумбан гарч ирэхийн тулд орж байна. Гэтэл тухайн газрууд нь харагдаж байгаагаасаа огт өөр байх тохиолдол зөндөө байдаг. Эдгээр зүйлсээс болж осолдож байсан нөхцөл байдал бага гэлтгүй байгаа. Нийт ослын 80 орчим хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ усанд осолдсон байдаг.

– Хүүхдүүд бөөнөөрөө явж байгаад усанд осолдож байна. Хүүхдүүдэд усанд сэлэх арга техник, наад захын мэдлэг дутмаг байх шиг. Үүнд хэрхэн анхаарч болох вэ?

– Арван жилийн хүүхдүүдэд “Аюулгүй амьдрах ухаан” гээд 1,2,3 боть ном гарчихсан, манай ОБГ дээр энэ ботийг хүүхдүүдэд заагаад, хичээлийнх нь хөтөлбөрт орчихсон явж байгаа. Усанд осолдож болохгүй гэдэг юм уу, энэ байдлыг нэгдүгээрт эцэг эх нь өөрсдийнхөө хэмжээнд анхааруулах ёстой. Эцэг эх нь хүүхдүүддээ зааварлаад, хэлээд хараа хяналтаа сайжруулна гэсэн үг шүү дээ. Өглөө ээж аав нь гараад явдаг. Хүүхдүүд нь гэртээ үлддэг. Тэгээд хоорондоо нийлж дарвиад “За ийшээ Туул гол гаръя, тэнд очиж сайхан голын усанд оръё” гэдэг энэ хугацаанд л осол болоод байгаа юм. Ер нь бол голын усанд орж болохгүй гэдгийг л ойлгуулах ёстой. Хүүхдүүд ч гэсэн өөрсдийгөө гол усны ослоос сэргийлж усанд орж болохгүй, аюултай гэдгийг арван жилийн “Аюулгүй амьдрах ухаан” гэдэг хичээлээрээ дамжуулан тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан байх ёстой.

-Дээрх сэрэмжлэгүүдээс өөр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бид бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүргэж байна. Энэ нь улсын хэмжээнд явагдаж байгаа. Би зөвхөн гол ус гээд нийслэлийн хэмжээнд ярьж байгаа ч улсын хэмжээнд энэ ажил бүрэн утгаараа явагдаж байгаа юм. Нуур цөөрөм юу л байдаг юм, тэр болгонд бүх онцгой байгууллага, мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Бидний хувьд энэ урьдчилан сэргийлэх ажлыг хийснээрээ өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Адам и евагийн загас үржүүлгийн тэнд 17-20 насны хоёр эмэгтэй яг усанд осолдож байхад нь манай завьт эргүүлийнхэн очиж амь насыг нь аварсан. Тухайн хоёр иргэнээс юу болсон талаар асуухад зүгээр л тоглож байсан гэж байгаа юм. Тийм л болгоомжгүй байдлаас болж өөрсдийгөө эрсдэлд оруулж байна. Бүр цаашлаад амь насаа алдах нөхцөл байдлыг үүсгэж байна. Бид голын дагуу урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа нь иргэдээ аль болохоор голын ус руу оруулахгүй байх, голын усанд орсон байвал буцаагаад гаргах, дуудлага ирсэн үед яаралтай түргэн шуурхай очиж аврах үйл ажиллагааг явуулах зорилготой байна.

-Хөл хориотой холбоотойгоор хүмүүсийн очих газар нь гол л болж байна. Гол дагасан архидалт их байна уу?

-Үүнийг цагдаагийн байгууллага л мэдэх байх даа. Бид зөвхөн урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлгээ өгөөд явдаг. Осол болсон үед аврах ажиллагааг л зохион байгуулна. Хэдэн хүн архидсан, хаана хаана архидсан гэдэгт цагдаагийн байгууллагын хөдөлгөөнт эргүүлийнхэн тодорхой хэмжээний судалгаа хийгээд явдаг.

Б.МЯГМАРБОЛОР

Categories
мэдээ цаг-үе

Таксины жолооч Т.Наранбаатар: Хүүхэд гарч ирээд, хоёр гараараа бариад авахад нүдний нулимс урсаж байсан

Таксины жолооч эх барьж авсан тухай мэдээ цахим сүлжээнд тараад байсан. Жолоочийг Т.Наранбаатар гэдэг бөгөөд тэрбээр Барилгын политехник коллежид жижүүр багш хийдэг байна. Түүнтэй уулзаж юу болсон талаар сонирхлоо.


-Сайн байна уу. Таныг машиндаа нярай хүүхэд эх барьж авсан гэх мэдээлэл сошиалаар түгээд байна. Энэ үйл явдал болох үед та хаанаас хаа хүрч явсан бэ?

-Өчигдөр оройн (уржигдар) 20 цагийн үед Гэмтлийн эмнэлгээс хүүхэн, залуу хоёр таксинд маань суусан юм. Гэтэл эмэгтэй нь жирэмсэн байж таараад эмнэлэг явж хүрэлгүй машинд төрлөө. Дэнжийн мянгаас Хайлааст руу явдаг зам дээр зогсоод хүүхдийг эх барьж авлаа. Тухайн үедээ тэр эмэгтэй ажлынхаа залуутай явж байсан байна. Жирэмсэн байсныг нь хамт явсан залуу нь ч мэдээгүй гэсэн. Өөрөө ч хэлээгүй аж. Мэдэгдэхээргүй бага л гэдэстэй байсан юм байна лээ. Өнөөдөр эх охин хоёрыг эргэж очиж уулзчихаад ирсэн. Хоёулаа сайн байна.

-Таксинд анх суухдаа төрөхийн өвдөлт эхэлсэн байсан уу?

-Төрөх гэж байгааг нь мэдээгүй. Ёстой анзаараагүй. Ажлын газрын залуу нь гэрт нь хүргэж өгөх гээд такси бариад явж байсан юм байна лээ. Гэмтлийн эмнэлгийн хойд талд гар өргөөд би зогссон. Залуу нь “Ах аа Чингэлтэй дүүргийн Зүрх уул руу явах гэсэн юм. Хүний бие муудаад болдоггүй ээ. Та хүргээд өгөөч” гэхээр нь харсан чинь бөөлжиж байгаа бололтой нэг охин сууж байсан. За тэг тэг гээд суулгатал харин замдаа өвдөөд, төрөхөөр болоод. Тэр хавьд машин тэрэг ч зогсохгүй юм. Одоо яах вэ дээ, тэгээд гадуур өмсөж байсан курткандаа ороож эх барьж авсан даа. Хүйг нь харин жижигхэн хутгаар тасалсан. Хүүхэд эх барьж авах тухай мэддэг юм юу ч байгаагүй. Анх удаа л хүүхэд төрж байхыг харлаа, тийм нярай, хөөрхөн амьтныг эх барьж авлаа. Хүүхэд аяндаа л өөрөө гарчихдаг юм билээ. Ээж нь өөрөө мэдээд дүлж байсан. Эмэгтэй хүн төрөхөд янз бүрийн хүндрэл гардаг тухай улсууд яриад л байдаг юм. Хүндрэл гараагүй нь аз л байх даа. Миний аз ч юм уу, хүүхдийн аз ч юм уу /инээв/ .Хорвоод мэндэлсэн тэр нялх амьтныг дээрээс харж үзсэн байх аа л гэж бодож байна.

-Их сандрав уу. Юу бодогдож байсан бэ?

-Их айж сандарсан. Ер нь аймар юм байна лээ. Хаашаа хандахаа мэдэхгүй л болчихдог юм байна. Хажууд байсан ажлынх нь залуу сандарч, машин тойрч, зугтаж гүйгээд. “Би орохгүй ээ. Та ор” гээд байсан /инээв/. Ээж охин хоёр эсэн мэнд амаржсаны дараа 103 руу ярьсан чинь Чингэлтэй дүүргийн харьяа юм байна. Нэгдүгээр эмнэлэг дээр авч ирж өг гэсэн. Хайлаастын замаас Нэгдүгээр эмнэлэг рүү битүү түгжрэл. Урсгал сөрөөд, 32 дугаар тойрог хавьд явж байтал араас түргэний тэрэг ирж байна гэж залгаад тэндээ хүлээсэн.

-Таныг гараад тусламж дуудах үед ойр орчимд байсан хүмүүс их уурлаж, ундууцсан гэсэн үү?

-Тийм тийм. 32 дугаар тойргийн автобусны буудал дээр түргэний машин ирж байна уу, үгүй юү гэдгийг харах гээд гадагшаа гараад, машин дотор хүн төрчихлөө, түргэний машин ямар удаан ирдэг юм бэ гээд орилтол өөдөөс “чи согтуу юм уу” гэж байсан. Уг нь нас тогтсон л хүмүүс байсан. Хүүе, яав ийв гэмээр л юм. Түргэний машин ирсний дараа л хүмүүс үнэмшиж, зураг хөрөг авч эхэлсэн. Түүнээс өмнө бол хэн ч туслаагүй. Ганцхан цагийн дотор л ийм их юм болж өнгөрлөө дөө /инээв/. Ээж нь хүүхдээ төрүүлэх гэж 30 гаран минут болсон. Орой гэртээ ирээд машиныхаа ард талын суудлыг цэвэрлээд шөнө бараг хоёр цагт л унтсан даа. Өглөө нь би эх, охин хоёрыг эргэх гээд 103 руу ярьж байсан юм. Найм, есөн цагийн үед энд тэндээс утасдаад “та хүүхэд эх барьж авсан уу?”, “чи фэйсбүүк дээр од болжээ” гэж найз нөхөд залгаад эхэлсэн дээ /инээв/.

-Өмнө нь та эмэгтэй хүн төрж байхыг харж байсан уу?

-Өө үгүй. Огт харж байгаагүй. Нулимс бол өөрийн эрхгүй л гардаг юм билээ. Эх хүн гэдэг их хэцүү байдаг юм байна гэдгийг л биеэрээ ойлголоо. Хүн хорвоод мэндэлнэ гэдэг ер нь л их хэцүү байдаг юм байна. Хүүхдээ төрүүлэх гээд хичээж байгаа эх хүнийг харахаар нүд халтирмаар л байдаг юм билээ. Яахаа ч мэдэхгүй. Бушуухан машинаа зогсоочихоод, курткаа шүүрч аваад хүүхдээ эх барьж, хүйг нь тасалсан даа. Дээр үед хүмүүс ярьдаг байсан шиг нь хүйг нь уртхан авдаг юм гэсэн шүү юм бодоод л авсан.

-Эх, охин хоёртой уулзах үед ямар санагдсан?

-Уулзсан уулзсан. Эмнэлэг дээр очиж цэцэг өгсөн. 3кг 100гр охин төрсөн. Хоёр дахь төрөлт нь гэсэн шүү. Ээжид нь би хэлсэн юм. Онгоцонд хүүхэд төрвөл 18 нас хүртлээ тэр хүүхэд онгоцонд үнэгүй явдаг гэсэн. Галт тэргэнд төрсөн бол ч адилхан. Таксинд төрсөн юм чинь хэрэгтэй үед нь очиж үйлчилнэ дээ /инээв/.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Танайх ам бүл хэдүүлээ вэ?

-Би 1961 онд Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн хүн байна. Одоо Налайх дүүргийн зургадугаар хороонд харьяалагддаг. О.Тлейханы нэрэмжит Барилгын политехник коллежийн оюутны байранд гурав дахь жилдээ жижүүр багш хийж байна. Гэр бүлийн хүн маань тэтгэвэртээ гарсан. Үр хүүхэд, ач зээ нараа хараад гэртээ байгаа. Би таван хүүхэдтэй. Гурав нь охин, хоёр нь банди. Бас есөн зээтэй. Өнөөдөр бас давхар баяр болж байна. Отгон хүү маань өнөөдөр 12 дугаар ангиа төгсөөд, гэрчилгээгээ сая аваад ирлээ. Давхар давхар баяртай л сууж байна. Ер нь бурхан цаанаас нь харсан байхдаа л гэж бодож байна. Би ч өмнө нь нялх хүүхдэд ойртож үзээгүй байсан юм. Олон хүүхэдтэй ч нярай хүүхдэд ойртож байгаагүй. Хүүхдүүдийг маань миний хань л өсгөсөн. Ой гарантай болоод ирэхээр нь л хүрдэг юм. Гэтэл биеэрээ мэдэрч үзлээ. Ер нь эмэгтэй хүн төрнө гэдэг маш их тэвчээр хатуужил шаарддаг аж. Гурван охинтой учраас охидоо л их бодлоо. Яг хүүхэд гарч ирээд, хоёр гараараа бариад авахад нүдний нулимс асгарч байсан шүү. Надад чинь хоёр ихэр хөөрхөн зээ бий. Найман эрэгтэй зээ, ганцхан охин зээтэй. Ганц охин зээ маань энэ гэрийн дагина, энэ айлын бурхан шүү дээ. Өнөөдөр миний машины дугаар явдаггүй өдөр. Тээврийн цагдаагийн албаныхан намайг эмнэлгээс машинаа унаад харихыг зөвшөөрсөн. Буянтай үйл хийсэн болохоор тэгсэн байх. Дэм дэмэндээ тэгээд болно доо.

Б.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ нийгэм

ТЦА: УБ-Төв аймгийн чиглэлд болгоомжтой зорчихыг анхааруулж байна

Бороо их орсны улмаас Улаанбаатар-Төв аймгийн чиглэлийн замыг түр хаагаад байсан 13.00 цагийн байдлаар нээв. Хүчтэй бороо, уулын ус бууснаас дээрх чиглэлийн замын далан сэтэрч нуржээ. Тиймээс Улаанбаатараас Төв аймгийн чиглэлийн замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой зорчихыг ТЦА-наас анхааруулллаа.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-21-ний байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримтаа бүртгүүлээд сугалаанд хамрагдана уу

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 06 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны 05 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны VI сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТОЙМ

Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлт – NewsWall

COVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх долоо хоног тутмын гадаад орчны тойм мэдээллийн 13 дахь дугаарыг хүргэж байна.

Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд 6-р сарын 4-өөс 6-р сарын 11-ний байдлаар гарсан өөрчлөлтийн тоймыг эндээс татаж авна уу.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ДУРСГАЛЫН ЗООСНЫ ҮНЭ ШИНЭЧЛЭГДЭЖ, ОНЛАЙНААР ХУДАЛДААЛЖ БАЙНА

Монголбанк төлбөрийн хэрэгсэл, дурсгалын зоос судлаач, цуглуулагч, сонирхогчдын цуглуулгыг дэмжиж, бэлэг дурсгалын зориулалтаар худалдаалж байгаа дурсгалын алтан зоос, мөнгөн зоос, алтан гулдмайн үнийг шинэчлэн тогтоогоод байна. Иймд Монголбанкнаас гаргаж буй дурсгалын зооснуудыг онлайнаар худалдаж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудсанд байршууллаа.

Алтан зоос, алтан гулдмайн талаарх нэмэлт мэдээллийг Эрдэнэсийн сангийн 11-329677 дугаарын утсанд хандаж авна уу.

Мөн худалдаанд шинээр 3 унцийн 999 сорьцтой “Хот Мандал” алтаар бүрсэн мөнгөн зоос, 1 унцийн 999 сорьцтой “Мажестик Бүргэд” мөнгөн зоосыг гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

49d054_MPA_PHOTO_2017_-2058_x974-6usqw1fcq7acdfenvz0uh31lvqaiaayh5nuryyycv9c-6vdmelkaa8ltln1evhdonrl51lx8wlql5yr57a40tvk.jpg

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ зургадугаар сард эх орондоо ирэх иргэдийн анхааралд:

• Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

  • Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

• Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.

• Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10.000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

АНУ-ын Засгийн газар, ард түмэнд “Андын сэтгэл алсдахгүй” нэртэй тусламжийг илгээжээ

Дэлхий нийтийг цочроосон “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан АНУ-д тусламж үзүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Энэ шийдвэрийн дагуу 2020 оны зургаадугаар сарын 21-ний өдөр АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хүргэх “Андын сэтгэл алсдахгүй” нэртэй тусламжийг хүргэхээр Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компанийн 7801 дугаартай шууд нислэг АНУ-ын Сиэтл хотыг зорилоо.

Тусламж хүргэх ёслолыг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Клечески нар үг хэлэв. Сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ дэлхий нийт урьд өмнө тулгарч байгаагүй ийм хүнд сорилттой нүүр тулж буй үед улс орнууд нэгдэж, бие биедээ харилцан дэмжлэг үзүүлэх учиртай. Энэ хүнд үед манай улс бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж, та бүхэндээ сэтгэлийн дэм үзүүлж байна. Та бүхэн биднийг үргэлж дэмжиж ирсэн.

Өнөөдөр Монгол, Америкийн хооронд анхны шууд нислэг үйлдэх гэж байна. Манай онгоц буцаж ирэхдээ өөрийн 250 орчим иргэнээ авч ирнэ. Энэ бол манай хоёр орны хамтын ажиллагааны бас нэгэн шинэ эхлэл юм хэмээн тэмдэглэлээ. Энэ арга хэмжээг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын санаачлага, дэмжлэг нэн чухал байсныг Сайд Д.Цогтбаатар онцлов.

МОНГОЛЧУУДЫН ТҮНШЛЭЛ, НӨХӨРЛӨЛ, УЛМААР ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ХАМТЫН ХҮЧ ЧАРМАЙЛТАД ИЙНХҮҮ ТУС ДЭМ БОЛЖ БАЙГААД МАШ ИХ БАЯРЛАЛАА”

Элчин сайд хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газрын тусламжийг АНУ нэн талархан хүлээж авч байгаа гээд, тусламжийг хүлээн авах болон Монголоос очиж буй анхны нислэгтэй холбоотой нарийн төвөгтэй зохицуулалтуудыг хийхэд хоёр талын холбогдох байгууллагууд шуурхай, амжилттай хамтран ажилласанд талархал илэрхийлэв.

Тэрбээр Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа удаан хугацаанд өндөр түвшинд хөгжиж ирснийг тэмдэглээд, монголчуудын түншлэл, нөхөрлөл, улмаар цар тахалтай тэмцэх хамтын хүч чармайлтад ийнхүү тус дэм болж байгаад маш их баярлалаа гэв.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Онцгой байдлын Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуян, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МИАТ компанийн төлөөлөл оролцов. Мөн нэг удаагийн хамгаалалтын өмсгөлийг үйлдвэрлэсэн “Мөнхийн тун”, “Эксклүсив” компанийн удирдлага оролцож, бүтээгдэхүүнийхээ дээжийг Элчин сайд М.Клеческид гардуулав.

Тусламжаар илгээж буй 60 мянган ширхэг нэг удаагийн хамгаалалтын өмсгөлийг АНУ-ын Онцгой байдлын Холбооны албанаас хүлээн авах юм.

Categories
мэдээ нийгэм

СОЁЛЫН ӨВ

Монголын археологи on Twitter: "Буган хөшөө ашиглан босгосон ...

Үндэсний Төлөөллийн соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад:

-Морин хуур хөгжммийн уламжлалт урлагийг 2003 онд,-Монгол ардын уртын дууг 2005 онд, -Монгол үндэсний хөөмэйг 2010 онд,-Монгол үндэсний уламжлалт баяр-наадамыг 2010 онд,-“Шувуучлахуй” буюу Бүргэдийн анг 2010 онд тус тус;

Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад:

-Монгол ардын уламжлалт бүжиг-бий,биелгээг 2009 онд-Монгол туулийн урлагийг 2009 онд,-Үндэсний цуур хөгжмийн урлагийг 2009 онд,-“Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх арга барил-битүү амьсгаа” /нийт 9 өвийг/ тус тус бүртгүүлэн тунхаглуулсан.
· ЮНЕСКО-гийн Дэлхийн баримтат өвийн жагсаалтад Лувсанданзаны “Алтан Товч”, “Монгол Шунхан Данжуур”-ыг 2011 онд бүртгүүллээ.-“Увс нуурын байгалийн ай сав газар”-ыг 2002 онд дэлхийн байгалийн өвд,-“Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ыг 2004 онд,-“Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ыг 2011 онд.

Эдгээр өвийг бүртгүүлсний ач холбогдол нь:

1. Монгол үндэстэн, угсаатан, ястны эрт дээр үед бүтээж, олон зуун жилээр өвлөн эзэмшиж, хөгжүүлж ирсэн соёлын өвөрмөц, гайхамшигт өвүүд нь хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг нотолж, дэлхий дахинд баталгаажуулсан
2. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэсний хөөмэй, Монгол үндэсний уламжлалт баяр-наадам,”Шувуучлахуй” буюу Бүргэдийн ан нь монгол үндэстний аман болон соёлын биет бус өвийг дэлхий дахинд бүрэн төлөөлнө гэдгийг нотлон харуулсан
3. Монгол ардын уламжлалт бүжиг-бий, биелгээ, Монгол туулийн урлаг, Үндэсний цуур хөгжмийн урлагийг яаралтай хамгаалах шаардлагатай өв мөн болохыг баталгаажуулж, хадгалж хамгаалах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг анхааруулсан
4. Монгол Улсын Засгийн газар дэлхийн өвд бүртгэгдсэн Үндэсний төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвүүдийг хадгалж хамгаалах, уламжлан эзэмших,сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх талаар өөрийн улс, олон улс, ЮНЕСКО-гийн өмнө тодорхой үүрэг, хариуцлага хүлээх болсонд оршино.