Categories
мэдээ нийгэм

Явган зорчигчид зам тавьж өгөөгүй 365 жолоочид арга хэмжээ тооцжээ

2020.06.20-21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 313 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 16 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Түүнчлэн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 365 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.06.20-ны өдрийн 17:00 цагийн орчим Увс аймгийн Өмнөговь сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 55 настай, эрэгтэй Ч-гийн амь нас хохирсон,
  • 2020.06.21-ний өглөөний 06:40 цагийн орчим Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 24 настай, эрэгтэй Л-ийн амь нас нь хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

• Явган зорчигч мөргөх хэлбэрээр-10
• Мөргөлдөх хэлбэрээр-1
• Онхолдох хэлбэрээр-4
• Унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-1 хүн бэртжээ.
Иймд жолооч нар хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай хэсэгт явган зорчигч нарт зам тавьж өгөх болон замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлан хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Categories
мэдээ нийгэм

Д. Нямхүү: Долоон хүнд халдвар илэрч, долоон хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжсэн

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус 216 улс орон, нутаг,дэвсгэрт бүртгэгдэж,9310000 хүн өвчилж, 469000 нас барсан байна.

ХӨСҮТ-ийн захиралД.Нямхүү: “Зургаадугаар сарын 21-ний өдөр гурван лабораторид нийт 359 шинжилгээ хийхэд 352 хүний шинжилгээнд коронавирус илэрээгүй. Харин долоон хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрлээ. Халдвар илэрсэн иргэд 6, 11, 12, 29, 38, 39, 63 настай” гэв.

ХӨСҮТ-өөс эмчлэгдэн гарч байгаа хоёр жирэмсэн эмэгтэйн нэг нь төрөх тун дөхсөн учраас сувилал руу шилжихгүй. ХӨСҮТ-д хүүхдээ төрүүлнэ” гэв.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: “Коронавирус чийглэг, харанхуй, агаар муутай орчинд илүү их өсөж, тархдагийг БНХАУ-ын эрдэмтэд тогтоожээ. Сүүлийн 24 цагт 123,000 хүн шинээр халдвар авсан бөгөөд АНУ-д 23 мянга, БНЭУ-д 15 мянга, Бразилд 14 мянган шинэ тохиолдол бүртгэдэж, халдварын тоогоор тэргүүлж байна. БНХАУ-ын Бээжин хотын хүнсний захаас үүдэлтэй халдварын тоо 220 гаруй бол ойр орчмын гурван хүнсний захад халдвар илэрчээ. Шимфади захаас авсан 200 гаруй дээжид халдвар илэрсэн бөгөөд зөвхөн мах төдийгүй жимс ногооноос илэрсэн байна. Тус улсын Өвчин судлалын төвөөс коронавирус чийглэг, харанхуй, агаар муутай орчинд илүү их өсөж үрждэг болохыг анхааруулжээ.

ОХУ-д сүүлийн 24 цагт 7,728 хүн шинээр халдвар авч, 109 хүн нас барсан байна. Манай хил залгаа бүсүүдэд өвчлөл мөн өссөөр байгаа. Эрхүү мужид 191 хүн шинээр халдвар авч, 40 хүн энджээ. Тувад халдвар тасралтгүй нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдоход хүрээд байгааг мэдээлсэн байна. Манай улсын хувьд өчигдөр 2 хүн шинээр ажиглалтад орж, 6 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Тусгаарлан ажиглах байранд нийт 2,183 хүн байна. Монгол Улсын хэмжээнд 2183 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд 1-5 насны 115 хүүхэд, 45 жирэмсэн эх байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн эмгэгтэй 95 хүн байна. Үүнээс найман хүний бие хүнд байгаа бөгөөд голдуу ахмад настнууд хүнд байна. Швед улсад эрчимт эмчилгээнд байсан эмэгтэй бие сайжирч байна.”

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: “Дэлхийн хэмжээнд нийт хүн амын 22 хувь буюу 1.7 тэрбум хүн архаг суурь өвчтэй байна. Хоёр сарын дараа улирлын томуугийн улирал эхлэх гэж байгаатай холбоотой томуугийн бэлэн байдлыг хангахыг ДЭМБ-аас улс орнуудад анхаарууллаа.”

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дорноговь чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоолоо

Өчигдөр орой Төв, Говьсүмбэр аймгийн зааг Баян, Баянтал сумын хооронд 17:15-18:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо оржээ. Аадар борооны улмаас үер бууж Агуйт, Наран-Элгэн зөрлөг орчим 572-592 дугаар км-д төмөр зам үерийн усанд угаагдаж, галт тэрэг явах боломжгүй болжээ. Тиймээс тодорхойгүй хугацаагаар энэ чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн хаагаад байна. Засварын бригадууд үзлэг шалгалт хийн сэргээн засварлах ажил эхэлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Мөнхсайхан: Олон жил үйлчилсэн хуулийн илэрхий заалтыг үл тоосон нь шүүхийг илүү хараат бус болгох шаардлагатайг харууллаа


МУИС-ын Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Нэр дэвшиж буй зургаан ч хүнийг цагдан хорьсон. Энэ нь хуульд хэр нийцэж байна вэ?

-Сүүлийн хэдэн өдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нийт зургаан хүнийг цагдан хорих шийдвэрийг шүүх гаргав. Эхнийх нь нэр дэвшигчийг цагдан хориход хуулийн ямар шаардлага хангасан байх юм бэ гэдэг асуудал яригдана.

2019 оны сүүлээр батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг цагдан хорихтой холбоотой маш тодорхой зохицуулалт бий.

Тус хуулийн 35.2-д зааснаар гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг баривчлах, саатуулах, цагдан хорих зэрэг ажиллагаа явуулахын өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос заавал зөвшөөрөл авна.

Үүнээс бусдаар дээрх ажиллагааг хориглосон. 2019 төдийгүй 2011, 2015 оны сонгуулийн хуулиудад яг ийм хориглолт тусгагдаж олон жил үйлчилж байгаа.

-Тэгвэл дээрх нэр дэвшигчдийг хорихдоо ямар нэгэн байдлаар зөвшөөрөл аваагүй гээд байгаа. Шүүх энэ ажиллагааг хэрхэн тайлбарлаж байгаа вэ?

-Шүүх нэр дэвшигчдийг цагдан хорих шийдвэрүүдээ ил гаргасныг хайж олсонгүй. Саяхан Сүхбаатар, Чингэлтэйн эрүүгийн анхан шатны шүүхээс мэдэгдэл гаргасан байхыг харлаа.

Мэдэгдэлд Сонгуулийн тухай хуулийн түрүүний 35.2 заалтыг юу гэж тайлбарласан байна вэ гэхээр “Уг баталгаа нь сонгуульд нэр дэвшсэнээс хойш эрүүгийн хэрэг үүсгэх, түүнтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа эхлүүлэхийг хориглож, ийнхүү эхлүүлэх тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах асуудалд хамааралтай байна.

Харин нэр дэвшихээс өмнө мөрдөн байцаалт, прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, шүүхэд хэрэг нь шилжиж ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа нэр дэвшигчийн хувьд хууль хэрэгжүүлэгчид урьд эхэлсэн ажиллагаандаа зөвшөөрөл авах асуудлыг зохицуулаагүй” гэжээ.

Тэгэхээр шүүх эдгээр цагдан хоригдоод байгаа хүмүүсийн хэрэг нэр дэвшихээс нь өмнө үүсгэгдээд процесс явж байсан учраас Сонгуулийн тухай хууль үйлчлэхгүй гэсэн тайлбар хийж байгаа. Гэтэл, яг Сонгуулийн тухай хуулийн 35.2 заалтыг уншихаар нэр дэвшигчийг баривчлах, саатуулах, цагдан хорих тухайд заавал нэр дэвшихээс өмнө эсвэл дараа нь гэж ерөөс ялгаагүй, аль алинд нь үйлчлэхээр бичигдэж.

Шүүх хуульд огт байхгүй зүйлийг байгаа мэтээр гуйвуулж байгаа нь харамсалтай. Нэр дэвшигчийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, цагдан хорих зэрэг ажиллагаа хийхийг хориглоно л гэж хуулийн 35.2-т заасан байх бөгөөд үүнд нэр дэвшихээс өмнө, хойно гэсэн ялгаатай гэж бичигдээгүй.

Энэ 35.2 заалтын цаад учир утга нь юу гэхээр иргэний сонгогдох, сонгох эрх, ардчилсан сонгуулийг шударгаар явуулах баталгаа юм. Сонгуулийн үеэр улстөрчид, намуудын дунд маш ширүүн өрсөлдөөн явдаг. Энэ өрсөлдөөндөө шүүх, хууль сахиулах байгууллагыг ашиглаж сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөс сэргийлсэн нэг төрлийн хамгаалалт.

Ялангуяа манайх шиг шүүхийн хараат бус байдлыг бүрэн хангаж чадаагүй улсын нөлөөлөх замаар иргэдийн төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ эдлэх, өөрсдийн элчээ илгээж парламентыг бүрдүүлэхэд саад учруулах эрсдэлтэй.

-Тэгвэл цагдан хоригдсон хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат бий. УИХ-ын халдашгүй бүрэн эрхээр хамгаалагдсан хүнийг цагдан хорьсон явдлыг юу гэж ойлгох вэ?

-Цагдан хоригдсон зургаан хүний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат. Энэ хүний хувьд нэр дэвшигчийн төдийгүй гишүүнийх нь хамгаалалт бий. Монгол Улсын Үндсэн хуулийн 29.2-т “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан.

Үүний дагуу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2006 оны УИХ-ын тухай хуулийн 6.9.1-ээр УИХ-ын гишүүнийг “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж” эсхүл 6.9.2-ээр “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж,” улмаар Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэж заасан.

Мөн хуулийн 34.7-д “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэж тодорхой заасан. УИХ-ын гишүүн гэдэг чинь иргэдийн төлөөлөл, ард түмний элч учраас ийм халдашгүй байдлын баталгааг анх 1997 оны УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд тусгаж 2006 оны УИХ-ын тухай хуульд уламжлан шингээсэн.

Энэ 23 жилийн хугацаанд хуулийн энэхүү заалтын хэллэгүүд нь маш тодорхой байж ирсэн төдийгүй энэ хугацаанд УИХ-ын гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд түүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УИХ-аар шийдвэргүйгээр баривчлах, цагдан хорих зэрэг ажиллагаа явуулж болохгүй гэж л ойлгож хэрэгжүүлж ирсэн юм.

Тухайлбал, яг адилхан 2006 оны УИХ-ын тухай энэ хууль үйлчилж байх хугацаанд өөр гишүүдийг баривчлах, цагдан хорих асуудал дандаа УИХ руу орж хэлэлцэгдэж байв.

Хамгийн ойрын жишээ бол УИХ-ын гишүүн Б.Батзориг, Н.Номтойбаяр, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор УИХ-д оруулж байсан. Энэ асуудал нь заавал түдгэлзүүлэх байдлаар биш харин хувь гишүүн нь өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж УИХ-аар шийдвэрлүүлж байв.

Гэтэл 23 жил тогтсон практик, олон жил үйлчилсэн хуулийн илэрхий зохицуулалтыг шүүх сахихгүй байгаа тул шүүх хараат бус байна уу гэдэгт эргэлзэж буй хүмүүсийг буруутгахгүй ээ.

-УИХ-ын гишүүнийг цагдан хорихдоо шүүхээс өөр ямар үндэслэл ярьсан бэ?

-Парламентын гишүүний халдашгүй байдал гэдгийг явцуу эсхүл өргөн утгаар ойлгодог. Парламентад хэлсэн үгнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн явцуу утгаар Вестминстер загвартай улсуудад хэрэглэх нь түгээмэл.

Франц зэрэг улсад энэ утга дээр нэмээд парламентын гишүүнийг парламентын зөвшөөрөлгүйгээр баривчлах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татахыг хориглох гэсэн өргөн агуулгаар хэрэглэдэг. Гишүүний халдашгүй байдал нь онолын хувьд ийм боловч улс бүр өөр өөрийн хуулиараа үүнийг зохицуулдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 29.2-т‘УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан.

УИХ-ын тухай хуульд хоёр янзаар энэхүү халдашгүй байдлыг хамгаалсан.

Нэгд, уг хуулийн 34.3-т “Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, бусад шийдвэрийн төсөл, хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэж заасан.

Хоёрт, УИХ-ын тухай хуулийн 34.7-д гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд гишүүнийг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих зэргийг хориглосон.

Ийм хоёр агуулга хуульчлагдсан байхад анхан шатны шүүх зөвхөн эхнийхээр нь явцууруулсан тайлбарыг мэдэгдэлдээ хийсэн. Тодруулбал, шүүхийн мэдэгдэлд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг “ард түмнийг төлөөлөх үндсэн үүрэгтэй нь холбоотойгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүмжлэх, санал өгөх эрхийг нь хамгаалж олгодог. Зөвхөн эдгээр онцгой чиг үүрэг, үйл ажиллагааг явуулсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн хязгаар нь бусад гэмт хэрэг, зөрчил, захиргаа, иргэний маргаанд бусдын адил татагдаж, хариуцлага хүлээхэд хамгаалалт болдоггүй” гэжээ.

Шүүх ингэж УИХ-ын тухай хуулийн 34.3, 34.7-д заасан зохицуулалтыг хольж хутган, нэгийг нь нөгөөгөөр нь үгүйсгэж буйд гайхаж байна.

-Цагдан хоригдсон хүмүүсийг буруугүй, буруутай гэж энд ярихгүй. Гол нь сонгуулийн үеэр нь хуулиа зөрчин байж гэнэт баривчилгаа явуулсан нь цаанаа ямар нэг улс төрийн санаа байна уу. Бүр цаашилбал шүүх, хуулийн байгууллагын томилгоог гартаа авсан Ерөнхийлөгчийн нөлөөлөл ч гэж хардах хүмүүс байна…?

-Судлаачийн хувьд шууд шүүхэд нөлөөлсөн гэж би хэлж чадахгүй. Гэхдээ явж байгаа процесс нь өөрөө их сонин. Юуны өмнө, нэр бүхий зургаан хүнтэй холбоотой хэргүүдийн хянан шийдвэрлэх ажиллагаа нэлээн удаан явагдаж байгаа.

Гэтэл, гэнэт сонгуулиас хэдхэн өдрийн өмнө эдгээр хэрэг шүүх дээр зэрэг зэрэг хэлэлцэгдээд байгаа нь тохиолдол уу? Хоёрдугаарт хэргийг өөр өөр шүүгчид шийдэж байж яагаад хуулийн илэрхий зохицуулалт, тогтсон ойлголт, өмнөх практикийг илт үгүйсгэсэн тайлбарыг нэгэн зэрэг хийж гайхаш төрүүлээд байна.

Гуравдугаарт Монголын эрх зүйн түүхэнд байгаагүй өндөр барьцаа тавьж үүнийгээ байрлуул, чадахгүй бол цагдан хорино гэсэн шаардлага тулгав уу? Ж.Эрдэнэбат гишүүн дээр ч, бас өөр хоёр нэр дэвшигч дээр ч яагаад яг адилхан 10 тэрбум төгрөгийн адил барьцааны хэмжээ тавив? Эдгээр нь арай сонгуульд нөлөөлөх зорилготой биш байгаа, сонгогчдын санал өгөлтөд нөлөөлөх, магадгүй цаашаа парламентыг хүчгүйдүүлэх зорилго байна уу гэж иргэд хардаж байгааг оргүй гэж бодохгүй байна.

-Ийм хардлага үүсэх шалтгаан нь юу вэ?

-Өмнөх Ерөнхийлөгчийн үед 5-6 жилийн өмнө ч бид ярьж байсан. 1992 оныхоо Үндсэн хуулиар Монголд анх удаа хараат бус шүүхийн тогтолцоог бий болгох суурийг тавьсан, эрх зүйн шинэтгэлүүд хийгдсэн, олон алхам урагшилсан. Гэхдээ маш том алдаа нь юу байсан бэ гэхээр Ерөнхийлөгч гэдэг институтийн зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлийг бий болгочихсон.

Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээс нь гадна маш олон бүрэн эрхийг Ерөнхийлөгчид ердийн хуулиар өгсөн нь шүүх эрх мэдэлд шууд нөлөөлөх эсхүл тэгж ойлгогдох байдлыг үүсгэсэн. Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор шүүгчийг томилох, Дээд шүүхийн санал болгосноор дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох л бүрэн эрхтэй.

Гэтэл Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид огт олгоогүй бүрэн эрхийг хуулиудаар нэмээд өгчихсөн нь одоог хүртэл үйлчилж байна.

Жишээлбэл, Ерөнхийлөгч Дээд шүүхээс бусад бүх шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, шүүгчийг огцруулах, чөлөөлөх, түдгэлзүүлэх шийдвэр гаргах хуулийн зохицуулалт Ерөнхийлөгч П.Очирбатын үеэс буюу 1993 оноос хойш үйлчилж байна.

Н.Багабанди Ерөнхийлөгч байхад 2002 онд батлагдсан хуулиас хойш Шүүхийн сахилга, ёс зүйн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч томилдог болсон.

2012 онд гарсан хуулиас хойш Ерөнхийлөгч шүүгчдийг томилоод зогсохгүй хуульчдаас шүүгчдийг шилж олох чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг бүгдийг нь томилдог болчихсон бөгөөд үүнийг санаачилж хийсэн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө. За тэгээд Ерөнхийлөгч бол Шүүгч сонгон шалгаруулах журам, Шүүхийн ёс зүйн хорооны дүрэм гээд маш олон эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгсөн.

“Дайран дээр нь давс” гэгчээр өнгөрсөн жил буюу 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилж батлуулсан хуулиар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах тухай зөвлөмж гарах юм бол Шүүхийн ерөнхий зөвлөл санал болгон Ерөнхийлөгчид өөрт нь уламжилдаг болчихсон. Энэ зөвлөмжид үндэслэл дурдахыг ч хууль шаардаагүй нь өөрөө шүүгчдэд маш том айдас үүсгэчихсэн.

Хэрвээ энэ хүчтэй институтээс ямар нэг зүй бус нөлөө ирэхэд үгүй гэж хэлэх юм бол Ерөнхийлөгчийн өөрийнх нь тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өөрийнх нь томилсон Ерөнхий зөвлөлд зөвлөмж очоод, улмаар Ерөнхийлөгчид өгч хугацаагүй түдгэлзүүлчихнэ, огцруулчихна.

Мөн, дөнгөж томилогдоод нэг жил болж байсан Дээд шүүхийн ерөнхий шүүгч шалтгаанаа нийтэд мэдэгдэлгүйгээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь энэ мэт эрсдэлтэй холбоотой биш биз гэж яригдсан. Эндээс харахад хэвийн юм шиг боловч шүүгчдэд айдас үүсгэчихэж байгаа байхгүй юу.

-Товчхондоо, шалгадаг, хянадаг, хариуцлага тооцдог эрх бүхий байгууллагууд хуулийн дагуу ажиллахаа байж ганцхан хүний эрх ашгийн төлөө ажиллаж байна гэж хэлж болохоор байна. Тийм үү?

-Ерөнхийлөгчийн нөлөө зөвхөн шүүхээр хязгаарлагдахгүй. Үндсэн хуулийн дагуу тэрбээр Ерөнхий прокурор, түүний орлогчдыг УИХ-тай зөвшилцөн томилдог. Ардчилсан Улсуудын ерөнхий прокуророос ялгаатай нь манай Ерөнхий прокурор бараг л “хаан” шиг эрх мэдэлтэй: доод шатны прокурорыг томилох, шилжүүлэх, тушаал дэвшүүлэх, түдгэлзүүлэх, огцруулах эсэхийг бараг л үзэмжээрээ шийддэг төдийгүй хүссэн хэргээ татаж хянах боломжтой.

Тэгэхээр Ерөнхий прокуророор дамжуулан ямар ч прокурорт нөлөөлөх эрсдэл бий. Үүн дээр нэмээд 2006 оноос хойш АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог болсон бөгөөд энэ хууль нь Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед батлагдсан. Дээрээс нь ахиад өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргавал Улсын ерөнхий прокурор, АТГ -ын дарга, дэд даргын бүрэн эрхийг дуусгавар болгодог болчихсон.

Ерөнхийлөгч өмнө нь шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагыг шууд томилох буюу санал оруулж томилуулдаг байсан бол одоо хүссэнээрээ огцруулах, түдгэлзүүлэх бүрэн эрхтэй болсон.

Шүүгчийг сонгон шалгаруулах, томилох, түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын шийтгэл ногдуулах гэх мэт ажиллагаа болон үүнийг хийх бүрэлдэхүүн тэр чигээрээ Ерөнхийлөгчөөс хамааралтай тухай түрүүн хэлсэн.

Энэ бүхнээс үүдэн авлигын хэргийг мөрдөн шалгадаг АТГ ч, түүнд хяналт тавьж ялладаг прокурор ч, түүнийг хянан шийдвэрлэдэг шүүх ч Ерөнхийлөгчийн нөлөөнд орох эсхүл тэгж ойлгогдох эрх зүйн орчин байсаар байна. Хэрэг маргааныг хараат бусаар, шударгаар хуулийн дагуу хянан шийдвэрлэж буй эсэхэд үүсгэж буй энэхүү эргэлзээг “шударга бусын хонгил” гэж нэрлээд байгаа.

-Шүүгчдэд хэрэг хуваарилах талаар та түрүүн хэлж байсан. Манайд ер нь хэрэг хуваарилах процесс хэрхэн явагддаг бол?

-Монголд 550 гаруй шүүгч бий. Тэдний олонх нь шударга, зарчимч, маш сайн ажилладаг гэдэгт итгэдэг. Гэвч, шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлүүд манайд өнгөрсөн 28 жилийн хугацаанд үүссэн талаар сая ярилаа.

Манайд төдийлөн сөхөгддөггүй боловч иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх хэрэгжихэд маш чухал нэг зүйл бол хэрэг хуваарилах журам юм. Гэтэл энэ манайд учир дутагдалтай явж ирсэн. Шүүхийн тухай 2012 оны хуулийн 25.2.8-д шүүгчдийн зөвлөгөөн “хэрэг хуваарилах журам”-ийг батална гэж заасны дагуу шүүх бүр энэ журмаа өөрөө тогтоож буй нь тодорхойгүй байдлыг үүсгээд зогсохгүй авлига, зүй бус нөлөө орох эрсдэл үүсгэдэг.

Шүүхийн ерөнхий зөвлөл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад хандан Монголын шүүхийн хууль тогтоомжид хөндлөнгийн дүгнэлт хийгээд өгөөч гэсэн хүсэлт тавьсан байдаг. Үүний хариу өнгөрсөн гуравдугаар сард ирсэн. Үүнд манай шүүх хэргийг хуваарилах журмаа өөрөө тогтоодог нь урьдчилан тогтоосон, тодорхой, ил тод, объектив эсвэл тохиолдлын шалгуураар хуваарилагдаж байх ёстой гэсэн эрх зүйт төртэй улсын зарчим хангагдахгүй байна гэсэн зөвлөмж ирүүлсэн.

Энэ яагаад чухал вэ гэхээр шүүх маргаанд ямар нэг ашиг сонирхолтой этгээд тэр хэргийг хэн шийдэх вэ гэдгийг сонгож эсхүл нөлөөлж болохгүй. Хүн, хуулийн этгээд өөрийнх нь ашиг сонирхолтой холбоотой хэргийг хүссэн шүүгчээрээ шийдүүлж болохгүй.

Шударга шүүхийн хамгийн наад захын баталгаа бол хэргийг тохиолдлын журмаар эсвэл урьдчилан тогтоосон объектив шалгуураар ямар нэг хувийн ашиг сонирхолгүй, хөндлөнгийн шүүгчид хуваарилуулах явдал юм. Манайд хуулийн ийм зохицуулалт алга.

-Шүүхийг хараат бус болгох гарц нь хуулиа сайжруулах гээд байгаа. Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн шүүхтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг хариуцсан ажлын дэд хэсгийг ахалж байсан. Энэ юу болсон бэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд батлагдсан. Шүүхийн асуудал нэлээд зовж байж батлагдсан. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд уг нь шүүхийг хараат бус, хариуцлагатай болгох есөн заалт байсан. Нэг хүнд эрх мэдэл хэт төвлөрч үүссэн эрсдэл буюу “шударга бусын хонгил”-ыг задлах агуулга цогцоороо орсон байсан.

Гэвч, өнгөрсөн жил наадмын дараа Ерөнхийлөгч энэ есөн заалтыг бүгдийг хас гэсэн санал өгсөн. Тухайн үеийн ЕТГ-ын дарга З.Энхболд хэлэлцүүлгийн үеэр гурван ч удаа “Ерөнхийлөгчийн саналыг авч шүүх дэх эрх мэдлийг нь үлдээхгүй бол Ерөнхийлөгч шинэ Үндсэн хуулийг дэмжээд явна шүү” маягийн ийм сүрдүүлэг мэт зүйл хэлсэн нь протоколд ч бий. Хоосон үг байгаагүй нь Ерөнхийлөгчийн засаглалаар ард нийтийн санал асуулга хийе гэсэн саналыг Ерөнхийлөгч хожим гаргаснаас харагдсан.

Гэхдээ, “чамлахаар чанга атга” гэснээр УИХ шүүхийг хараат бус, хариуцлагатай болгох дөрвөн чухал заалтыг Үндсэн хуульд оруулсан бөгөөд эдгээрийг хүлээн зөвшөөрч Ерөнхийлөгч зөвшөөрч өөрөө гарын үсэг зурсан.

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 33.4-д заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд нь л Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрх хуулиар олгож болно гэж заасан. Үндсэн хуулиар олгосноос гадуур бүрэн эрхийг Ерөнхийлөгчид хуулиар нэмж өгөхийг ийнхүү хориглосон нь шүүхийг хараат бус болгоход шийдвэрлэх үүрэгтэй. Тиймээс, Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид шууд олгоогүй бүрэн эрхийг нь ердийн хуулиас хасах ажлыг яаралтай хийх ёстой.

Жишээлбэл, АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүнийг томилох, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчдийг томилох зэрэг бүрэн эрхийг хуулиас хасаж зохистой зохицуулах нь чухал. Ингэж байж Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэсэн Үндсэн хуулийн байрандаа ирнэ.

Хоёрдугаарт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч томилохыг болиод, түүний 10 гишүүний тав нь шүүгчид дотроосоо сонгогдсон гишүүн, нөгөө тавыг нь нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно гэсэн заалт Үндсэн хуульд шинээр тусгагдсан.

Даргаа дотроосоо сонгох, гишүүдийн талыг нь шүүгчид сонгохоор заасан нь уг зөвлөлийг улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид байх нэг баталгаа. Шүүгчийн сонгон шалгаруулалтад шүүгчдийн явцуу ашиг сонирхол хэт ноёлохоос сэргийлэх үүднээс бүрэлдэхүүний тал нь шүүгч биш байна. Шүүгч биш таван гишүүнийг нь нээлттэйгээр нэр дэвшүүлэх, тал талын оролцоотой, тэнцвэртэйгээр сонгон шалгаруулах, нийтийн сонсгол хийсний үндсэн дээр томилох нарийвчилсан зохицуулалтыг хуульчлах шаардлагатай.

Гуравдугаарт, Шүүхийн сахилгын хороо гэж шүүгчид огцруулах хүртэл сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй байгууллагыг байгуулсан. Шүүгчийн сахилгын тогтолцоонд Шүүхийн ерөнхий зөвлөл ордог байсныг болиулаад бие даасан болгох зохицуулалт оруулсан. Ерөнхий заалт учраас мөн л бүрэлдэхүүнийг нь тал талын оролцоотой, тэнцвэртэй, ил тод байлгахаар хуульчлах, үйл ажиллагааны журмыг нь шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэрийг олж нарийвчлан хуульчилж байж энэ өөрчлөлт амилна.

Дөрөвдүгээрт шүүхийг тойргийн журмаар байгуулах. Дүүргүүдийг эсхүл аймгуудыг хамарсан тойргийн шүүх байгуулах, улмаар шүүхийн хүртээмж, чанарыг сайжруулах зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ дөрвөн зохицуулалтыг хуульд зөв буулгаад тууштай хэрэгжүүлбэл шүүхийг нэг талаас хараат бус, нөгөө талаас хариуцлагатай болгох боломжтой.

-Шүүхийн тухай хуулийг одоогийн УИХ баталчих боломж байсан хэдий ч зориуд гацаачихав уу?

-Хууль зүйн яам Шүүхийн тухай хуулийн төсөл боловсруулж ергөн барьсан.

Өргөн барихаасаа өмнө төслөө нээлттэй тавьж хуульчид, судлаачид, шүүгчдийн саналыг тусгаж харьцангуй чамбайруулсан байсан. Энэ төслийг засаж сайжруулаад энэ УИХ баталчихаасай гэж найдаж байсан. Гэтэл Ерөнхийлөгч Монголын хуульчдын холбоонд даалгавар өгч Шүүхийн багц хуулийн тусдаа төсөл бичүүлсэн.

Энэ төсөлд авчихмаар зарим заалт оруулсан боловч харамсалтай нь Дээд шүүхээс бусад бүх шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэхэд оролцох зэрэг өнөөх Үндсэн хуульд байхгүй бүрэн эрхийг өөрт нь Ерөнхийлөгч үлдээх агуулгатай байсан. Хуульчдын холбоо өмнө нь хуулийн төсөлд саналаа өгөхдөө дандаа нээлттэй хэлэлцүүлж хуульчид, судлаачдын саналыг тусгадаг байсан ч энэ удаа тэгээгүйд гайхсан.

Тэгээд Ерөнхийлөгч энэ төслөө өргөн барьсан. Ингээд УИХ дээр хоёр төсөлтэй болчихож байгаа юм. Ерөнхийлөгчийн төсөл хууль тогтоомжийн хувьд олон нийтээр хангалттай хэлэлцүүлээгүй, цаг хугацааны шаардлага хангаагүй зэрэг асуудлаас болоод Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхээс татгалзсан ч нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэлгүй зогссон.

-Таныхаар бол Хууль зүйн яамнаас боловсруулсан төслийг одоо шинэ парламент гарч ирэхдээ даруй хэлэлцэж батлах л ганц найдвар гэх гээд байна уу?

-Шинэ УИХ, түүний байгуулах Засгийн газар нэгэнт өргөн баригдсан Шүүхийн тухай хуулийн төслүүдийг цааш хэлэлцээд явах уу, эсхүл татаж аваад шинээр боловсруулж ергөн мэдүүлэх үү гэдгээ шийднэ.

Энэ нь аль нам, эвсэл олонх болохоос хамаарах байх. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Шүүхийн тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсхүл шинээр батлахаас өөр аргагүй.

Өмнө хэлсэнчлэн үе үеийн Ерөнхийлөгч нарт эрх мэдэл төвлөрч шүүхэд хэт нөлөөтэй болчихсон. Уулнаас буусан цас доошоо уруудаж томорсоор өнөөдөр бид барьж дийлэхгүй хүчтэй болчихсон. Зарим ерөнхийлөгч нь өөрөө хуулийн төсөл санаачилж бүрэн эрх олж авсан байхад заримдаа бусад этгээд тал засаж эсхүл төрийн тэргүүн гэж хүндэтгээд эрх мэдэлжүүлсэн.

Ерөнхийлөгч бол улс төрч, маш идэвхтэй тоглогч тул бид түүнийг төвийг сахисан этгээд мэтээр төөрөгдөж болохгүй. Үүнийг шийдэх гарцыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нээсэн. Одоо зоригтой, тууштай хэрэгжүүлэх л чухал, тэгж чадвал шүүхийг бид хараат бус, бие даасан болгож чадна. Тиймээс дараагийн парламентад энэ хариуц-лагатай ажил шилжиж байна.

Нөгөө талаар улс төрийн, эдийн засгийн том ашиг сонирхол маргаан шүүхээр орж ирдэг. Ийм маргаан дээр жирийн иргэд энэ том ашиг сонирхолтой тулбал хуулийн хамгаалалтгүй хэрчүүлээд л өнгөрөх магадлал байна уу гэж бодогдох үйл явдал манайд гарч байсан.

Бид үр хүүхдэдээ, ирээдүй хойч үедээ сайн хүмүүжүүлж, мэдлэг боловсрол олгож, жаахан ч гэсэн хөрөнгө өвлүүлж болно. Гэвч, хараат бус, хариуцлагатай шүүхгүй бол ямар ч баталгаагүй, амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө гэх мзт үнэтэй цэнтэй бүхэн нь том ашиг сонирхлын өмнө хүчин мөхөстөх эрсдэлтэй байсаар байна.

Дийлэнх улстөрчид эрх мэдэлтэй, нөлөөтэй байхдаа шүүхийн шинэчлэл ярихаар тоодоггүй. Энэ талаар ярьсан ганц нэгнээ шахаж зайлуулна. Ерөнхий сайд, сайд, гишүүн байхдаа яг ийм байдлаар хандаж байсан зарим хүн үүнийхээ горыг нь өөрөө амсаад ирэхээр “хараат бус, шударга шүүх” гэж яриад эхэлж байгаа байхгүй юу. Зарим нэг нь “шударга бусын хонгил” гэж хашхираад өөрийнхөө гэмт буруутай үйлдлийг хаацайлж байхыг ч үгүйсгэхгүй.

Ирээдүй хойч үеийнхээ төлөө шүүхийг илүү хараат бус, хариуцлагатай болгохын тулд бид ойлголцож засаж сайжруулах ёстой. Шүүх бол хүний эрхийн баталгаа. Иргэн, хуулийн этгээд амьдралынх нь хамгийн чухал асуудал хөндөгдөхөөр шүүхэд ханддаг. Шүүх хуулийг хэрэглээд яг нотлох баримт, үндэслэлээрээ аль нь илүү байна, тэр талд нь шийдэх ёстой. Энэ хариуцлагатай, ёс зүйтэй тогтолцоогоо бид бүрдүүлж чадахгүй бол хэцүү.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин” “Ebarimt” сугалааны тохирлыг нийтэллээ

Монгол Улсын Сангийн яам, Гааль татварын ерөнхий газар, Гааль татварын мэдээлэл технологийн төв хамтран зохион явуулдаг “Ebarimt” сугалааны 2020 оны 5 дахь тохирол өчигдөр болсон юм.

2020 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд татварын нэгдсэн системээс хэвлэгдсэн системд бүртгэгдсэн баримтуудын эхний удаагийн азтанууд тодорлоо.

Энэ удаагийн супер шагналын сан 50 сая төгрөг. Уг сугалааны тохирлыг үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин” уншигч олондоо хүргэж байгаа билээ. Ингээд 2020 оны 5 дахь тохирлыг хүснэгтээр хүргэе.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Чойр чиглэлийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа

Хүчтэй аадар борооны улмаас автозам, зам байгууламжууд үерт эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам, замын байгууламжийг 06 дугаар сарын 22-ны өдрийн 00:00 цагаас мөн өдрийн 15:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Веб сайт, цахим үйлчилгээ эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүлэв

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос вэб сайт болон цахим орчны үйлчилгээ эрхлэгч нар мэдэгдэл хүргүүллээ.

Үүнд, УИХ-ын ээлжит сонгуульд оролцогч нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сурталчилгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39.1-д зааснаар санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас (өнөөдөр 6 дугаар сарын 22-ны 23:59:59) өмнө зогсоно. Ийм вэб сайт болон цахим орчны үйлчилгээ эрхлэгч нарыг хуульд заасан үүргээ хэрэгжүүлж, сонгуулийн сурталчилгааны талаарх аливаа мэдээлэл нийтлэхгүй байх, сурталчилгааны хугацаанд нийтэлсэн нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг устгах эсхүл хязгаарлах арга хэмжээ авч ажиллахыг мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ хайлтын “What3Words” системийг нэвтрүүлнэ

ОБЕГ байгууллагынхаа хэмжээндээ хайлтын, байршил тогтоох “What3Words” системийг нэвтрүүлэхээр боллоо.

Тус байгууллага “what3word” программыг нэвтрүүлэх зорилгоор “What3Words лимитэд” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд тус системийг нэвтрүүлж ашиглах талаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын мэргэжилтнүүдэд цахим сургалт явуулав. Сургалтаар “What3Words” системийг ашиглан дуудлагаар ирүүлсэн 3 үгээр тусгайлсан хаягаар байршлыг тогтоож ажиллах талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Шадар сайдын 3 дугаар сарын 12-ны 22 тоот тушаалаар баталсан “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол хэрэгцээг үнэлэх заавар, аргачлал”-д гамшиг аюулт үзэгдэл, ослын дуудлагыг хаягийн бүртгэл, координат, 3 үгт хаягийг ашиглах талаар заажээ. Энэхүү системийг нэвтрүүлснээр аливаа аюул, ослын голомтыг шуурхай тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах боломж бүрдэнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

WHAT3WORDS СИСТЕМ ТУХАЙ

“What3words” систем нь гурван метрийн нарийвчлалтай байршлуудын харилцаа холбооны геокод систем юм. Энэ нь газарзүйн координатыг 3мx3м хэмжээтэй квадрат бүрт дахин давтагдашгүй 3 үгт хаягт хуваарилсан байдаг. iOS болон Android-д зориулсан програм юм. Өргөрөг, уртрагийн координат хоорондын чиглэлийг хоёр дахин хувиргах боломжтой API. Дэлхий дээрх байршлын томоохон мэдээллийн сангаас илүү тогтмол алгоритмд тулгуурладаг тул хязгаарлагдмал хадгалах төхөөрөмжтэй, интернет холболтгүйажилладаг. Оршин суудаг эсвэл ажилладаг газраа хүргүүлэхээр нарийвчилсан байршлаа хуваалцах,уулзалтын тохиромжтой цэгийг товлох, аяллын явцад олоход хүндрэлтэй газрыг нарийн заахдаа what3words-ийг ашиглах боломжтой ажээ.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Үндэсний Их баяр наадмын бөхийн барилдааныг 5 телевиз шууд дамжуулна

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсыг байгуулсны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний Их баяр наадмын бөхийн барилдааныг МҮОНТ, Монгол HD, Тв9, ТВ5, Боловсрол телевиз шууд дамжуулна.

Монгол Үндэсний Бөхийн холбооноос “Ковид 19” цар тахлын үед наадам зохион байгуулахтай холбогдуулан бөхчүүд, бөхийн галуудад чиглэл хүргүүлсэн байна.

Улсын их баяр наадамд барилдах 512 бөхийг зургаадугаар сарын 26-28-ны өдрүүдэд цахимаар болон шаардлагатай тохиолдолд зарим бөхчүүдийг биечлэн байлцуулж бүртгэнэ. Барилдах бөхчүүд наадмын өдрүүдэд хэрэглэх хүнс, сандал, нарны хаалт зэргийг хувиасаа бэлтгэх, харин ажиллах цэц, засуул, жаяг дэгийн багийн өдрийн хоолыг бөхийн салбар комиссоос гаргах юм байна.

Мөн бөхчүүд гэр бүл, найз нөхөд, багш, дасгалжуулагч, шавь зэрэг ойр дотны ямар ч хүнийг наадмын талбай руу явах автобусанд дагуулж оруулахгүй байх журам, зааврыг дагаж мөрдөхийг сануулжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа дуусна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль нэр дэвшигчдин сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 23.59 цагт өндөрлөнө.

УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, 4 эвслээс 485 иргэн нэр дэвшсэн бол 137 иргэн бие даан нэр дэвшээд буй юм. Нэр дэвшигчид үнэмлэх авсан өдрөөсөө буюу энэ сарын 2-ноос сурталчилгаагаа эхлүүлсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.1-т “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” хэмээн заасан.

Тиймээс нэр дэвшигчид өнөөдөр 23.59 цагаас хойш ухуулах хуудас, сонин, сэтгүүл тараахаа зогсоож, сурталчилгааны самбараа буулган СЕХ болон ХХЗХ-нд бүртгүүлсэн албан ёсны цахим хуудсаа хаах ёстой юм.