Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс номын сан, музейн үйл ажиллагааг нээнэ

Үндэсний номын сангийн үнэн төрх

Нийслэлийн эдийн засгийг дэмжих үүднээс үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээх талаар хуралдаж байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдэгдэв. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 11 номын сан, 12 музей үйл ажиллагаагаа явуулдаг байна.

А.ЗОЛЗАЯА

Categories
гадаад мэдээ

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг олны хүртээл болгожээ

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны 19 дүгээр хуралдаан зургадугаар сарын 18-20-ны хооронд болж өндөрлөв. Синьхуа агентлаг бямба гаригт тус байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай текстийг бэлдэж, олны хүртээл болгосон талаар мэдээлжээ. Энэхүү хууль эрх зүйн актаар Хятадын төв засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хороо байгуулахыг Хонконгийн эрх баригчдад үүрэг болгосон байна. Энэ хороог Хонконгийн засаг захиргааны тэргүүн удирдана. Тус хороонд сайдын эрхтэй санхүү эдийн засаг, хууль зүй, шилжилт хөдөлгөөн, гаалийн албаны дарга, цагаачлалын албаны тэргүүн, гаалийн албаны дарга нар багтана. Түүнчлэн хороонд мөн бичиг хэрэг хариуцсан зөвлөхийн албан тушаалыг бий болгох юм. БНХАУ-ын төв Засгийн газраас уг албан тушаалд томилогдох хүн засаг захиргааны онцгой бүс болон үндэсний байгууллагуудын эрх баригчдын үйл ажиллагааг уялдуулах аж. Мөн Хонконгийн цагдаагийн газар үндэсний аюулгүй байдлын хүрээнд хууль сахиулах тусгай анги байгуулах юм. Түүнчлэн Хонконгийн Хууль зүйн яамны бүрэлдэхүүнд үндэсний аюулгүй байдалд аюул учруулж, хууль зөрчиж буйтай холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хариуцах газрыг ч бас бий болгох талаар тусгасан байна. Ингэхдээ хууль тогтоогчид үндэсний аюулгүй байдалд аюул учруулсны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх дөрвөн төрлийн гэмт хэргийн нарийн тодорхойлолтыг оруулжээ. Тухайлбал, салан тусгаарлах үзэл, төрийн эрх мэдлийг гутаах, террорист үйл ажиллагаа явуулах, гадны улс эсвэл хүчинтэй үгсэн тохиролцох хэргүүд багтсан байна. Дашрамд хэлэхэд, өнгөрсөн тавдугаар сарын 28-нд Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын гуравдугаар чуулганы хуралдаан Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо гүйцэтгэх механизмыг сайжруулах шийдвэрийг хэлэлцэн баталсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр үерийн улмаас хоёр хүн амь насаа алдлаа

2020 оны зургадугаар сарын 21-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын зарим нутгаар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-69.0 мм бороо орсны улмаас Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үер бууж, үерийн улмаас айлууд болон авто зам усанд автаж, иргэд усанд боогдсон дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллажээ.

Үерийн улмаас 2 хүн амь насаа алдаж, 4,400 орчим мал хорогдож, 381 айл үерт автаж, 19 гэр үерт урсаж, 83 хашаа нурсан байна.

ОБЕГ-т ирсэн дуудлагууд:

  • Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Жаргалантын булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/ нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн У /13 настай, эрэгтэй/, Хайрхан багийн “Тэрвий” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 77 км-т/ Дундговь аймгийн харьяат иргэн С /23 настай, эрэгтэй/ үерийн усанд осолдож нас барсан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
  • Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Довын хайрхан”, “Ширээгийн булаг”, Баян сумын “Их-Элгэн” гэдэг газар нутаглаж байсан малчин М-ын 900 бог, 4 бод, Б-ийн 700 бог, Б-ийн 800 бог, М-ийн 1,000 орчим бог мал үерт өртөж хорогджээ.
  • Төв аймгийн Зуунмод суманд 181 айлын гэр, 4 орон сууцны барилгын зоорийн давхар усанд автаж, 6 гэр урсаж, 53 хашаа нурсан, мөн аймгийн Алтанбулаг суманд 200 өрх айл усанд автаж 30 хашаа нурж, 10 гэр урссан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 7 хүүхэд, 17 том хүнийг үерийн уснаас эсэн мэнд аварч, 4 орон сууцны барилгын зоорийн давхрын усыг соруулж, 57 автомашин уснаас татан гаргасан байна.
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн “Мухар” гэдэг газар уруйн үерийн улмаас тус сумын иргэн А-ын 4 ханатай гэр, 1,000 орчим бог мал, бага оврын ачааны автомашин, мөн багийн “Банзарын хоолой” гэдэг газар иргэн Д-ийн 6 ханатай гэр, 2 мотоцикл, мөн багийн Баянбулаг гэдэг газар иргэн Г-ийн 5 ханатай гэр үерт урсжээ.
  • Говьсүмбэр аймгийн төвөөс хойд зүгт 75 км-т “Ланд круйзер” загварын суудлын автомашинтай БНХАУ-ын харьяат 2 иргэн, Малх багийн “Банзарын хоолой” гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин усанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно.

Мөн хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэж байна.

Иймд гол мөрний сав эрэг дагуу суурьшиж нутагшиж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа иргэдэд үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
  • Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

А.ЗОЛЗАЯА

Categories
мэдээ спорт

Маргааш орчин үеийн олимпын хөдөлгөөний түүхт 126 жилийн ой тохионо

Орчин үеийн олимпын хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 126 жилийн ой 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тохиож байна.

Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ноос “Олимпын өдөр”-ийн хүрээнд олимпын аваргатай цахимаар уулзах уулзалт, олимпын наадмын тухай нэн сонирхолтой мэдээллүүдийг хүүхэд залуус, олон нийтэд хүргэх цахим орчны олон уулзалтыг зохион байгуулна. Олимпын их гэр бүлийн гишүүд, спорт сонирхогчид, болон хүүхэд, залуусыг энэхүү цахим уулзалтад өргөнөөр оролцохыг МҮОХ-ноос уриалж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, Орчин үеийн анхдугаар олимпын наадам Грек улсын нийслэл Афин хотноо 1896 оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Барон хэргэмт Пьер де Кубертин хэмээх хүний санаачилгаар 1894 онд Олон улсын олимпын анхдугаар чуулган Парис хотноо зохион байгуулагджээ. Энэ чуулганаас олимпын анхдугаар наадмыг 1896 онд Афин хотноо зохион явуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэр Грекийн хүн амын олонхийн дэмжлэгийг авсан ч, Грекийн засгийн газар, Афин хотын захиргаа: “Спортын барилга байгууламж, хөрөнгө санхүүгийн боломж муутай” зэрэг шалтгаанаар нааштай хариу өгөөгүй юм байна.

Энэ байдал нь Пьер де Кубертинийг “Олимпийн анхдугаар наадмыг нутаг дэвсгэр дээрээ зохион байгуулна уу” гэсэн захиаг Унгарын Засгийн газарт бичихэд хүргэж байжээ.

Олимпын наадмын талаар янз бүрийн саналтай улс орнууд, тухайн үеийн улс төрийн харилцааны бүх талыг зохицуулж, Зуны олимпын анхдугаар наадмыг олимпын өлгий нутаг Грекийн Афинд зохион байгуулж чадсан нь Барон Пьер де Кубертинийн онцгой гавъяа гэж үздэг. Улмаар Афин хотын цэнгэлдэх хүрээлэнд 80 мянган үзэгчид, хөгжөөн дэмжигчид хуран цугларч 1896 оны 4 дүгээр сарын 6-нд Грекийн хаан, Орчин үеийн олимпын хөдөлгөөний хамгийн чухал үйл явдлын эхлэл болсон Зуны олимпын анхдугаар наадам нээснийг зарласан түүхтэй. Харин 80 мянган үзэгч, хөгжөөн дэмжигчид цугларсан олимпын наадам, 1932 оны Лос-Анжелесийн олимпын наадмыг хүртэл давтагдаагүй юм байна.

Анхдугаар наадамд дэлхийн 13 орны 311 тамирчин, 9 спортын 44 төрөл, зайд 132 медалийн төлөө өрсөлдөн олимпын аваргуудаа шалгаруулж байжээ. Зөвхөн эрчүүдийн дунд зохион байгуулсан олимпын наадмын уралдаан, тэмцээнд гимнастик, хөнгөн атлетик, сонгомол бөх, дугуй, буудлага, усанд сэлэлт, теннис, хүндийн өргөлт, туялзуур жадны спортын төрлүүд багтсан байна.

Грекийн Афин хотноо “Гантиган” цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийсэн орчин үеийн олимпын анхны наадамд Австрали, Австри, АНУ, Болгар, Герман, Грек, Дани, Их британи, Унгар, Франц, Чили, Швейцари, Швед улсын баг тамирчид олимпын анхны аваргуудын төлөө өрсөлджээ. Энэхүү анхдугаар олимпын наадмын хамгийн олон медалийг Грекийн тамирчид авч тэргүүлсэн юм байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар зарлигаар Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томиллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон Ажлын албанд өнөөдөр /2020.06.22/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Тамгын газрын дарга С.Билгүүн уншиж сонордууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайханд баяр хүргэж, ажлын амжилт хүсээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн болон Шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа хариуцлагатай үед олон жил шүүгчээр ажилласан туршлагатай хуульч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсонд баяртай байна.

Хуульчдаас шүүгчийг шилж сонгох болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Таныг үнэтэй хувь нэмрээ оруулна гэж итгэлтэй байна” гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан талархал илэрхийлээд “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах Үндсэн хуулийн чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны байгууллагын бүрэлдэхүүнд ажиллах мөрийн хөтөлбөрийг маань Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн олонх нь дэмжиж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар санал болгож, Монгол Улсын Ерөнхийлөгч томилсонд баяртай байна.

Үндсэн хуульд заасан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэг болон Монгол Улсын шүүх, хэргийн хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр өөрийн мэдлэг боловсрол, туршлагаа дайчлан ажиллана” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Борооны улмаас Төв аймагт 400 айл цахилгаангүй болсон


ОБЕГ-ын Гамшгийн шуурхай байдлын удирдлагын хэлтсийн дарга Тамир:

2020 оны зургадугаар сарын 21-ний өдөр Төв болон Говьсүмбэр аймгийн нутгаар усархаг аадар бороо орсон. Төв аймгийн Зуунмод суманд 51 мм, Баян суманд 19 мм, Алтанбулаг суманд 15 мм-ийн хур тунадас орсон байна. Үүний улмаас 6067 мал хорогдож, 409 өрх, 53 хашаа, 10 орчим авто машин үерт өртсөн гэх дуудлага мэдээллийн дагуу, онцгой байдлын алба ажиллалаа.

Нийслэлийн онцгой байдлын байгууллагаас 81 албан хаагч, 20 техник хэрэгсэл, орон нутгаас 32 хүн, 6 техник хэрэгслийн баг бүрдүүлэн 3 ажлын хэсэг гарган ажиллаж, 30 иргэний амь насыг авран хамгаалсан. Гэвч Төв аймгийн Сэргэлэн суманд хоёр иргэн мал явж байгаад үерийн усанд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Зуунмод суманд үер усанд автсан орон сууцны 600 м.куб усыг соруулсан. Мөн Төв аймагт гурван дэд станц үерийн усанд өртсөнөөс үүдэн 400 өрх айл цахилгаангүй болсон. Одоогийн байдлаар хоёр станцийг засаж хэвийн үйл ажиллагаанд оруулсан, үлдсэн станцийг засварлах ажил хийгдэж байна.

Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн 14-р зөрлөгт 18 настай иргэн малдаа яваад сураггүй алга болсон мэдэгдэл ирсэн. Тус аймгийн онцгой байдлын албанаас эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж байна.

А.ЗОЛЗАЯА

Categories
мэдээ нийгэм

​Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт Эрүүл мэндийг дэмжих төвийг нээлээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ Олон Улсын стандартад нийцсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд чиглэсэн нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төв болох “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны сайд Д. Сарангэрэл, УНТЭ-ийн Ерөнхий захирал Т. Мөнхсайхан болон бусад албаныхан оролцов.

Эрүүл мэндийг дэмжих төв нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тал дээр мэдлэг, мэдээлэлтэй болгох, хувь хүн, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо,шинжилгээ, үйлчилгээг үзүүлэх иж бүрэн төв юм. Уг дэмжих төв нь амбулаторийн тусгай үйлчилгээрүү чиглэсэн 20 орчим төрлийн багажийноношилгоо, шинжилгээ, зөвхөн УНТЭ дээр хийгддэг арав гаруй төрлийн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог мэргэшсэн 20 орчим эмч, мэргэжилтнүүд хийж үйлчилнэ. Эрүүл мэндийг дэмжих төвд ЭМЯ-наас рентген аппарат, эхо аппарат, зүрхний цахилгаан бичлэг, мэдрэлийн цахилгаан бичлэг, монитор зэрэг багаж төхөөрөмжийг өгчээ. Мөн УНТЭ-ээс нэмэлтээр нарийн мэргэжлийн аппарат, тоног төхөөрөмжүүдийг бүрэн хангаж байна.

Нээлтийн үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Т. Мөнхсайхан “Бид энэ төвөөрөө дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог цогцоор нь хийхийг зорьж, аливаа өвчлөлийг эрт илрүүлээд зогсохгүй, эмчлүүлэх, эрүүл зөв амьдрах зөвлөгөө, зааврыг өгөх үйлчилгээг үзүүлэхийг зорьж ажиллаж байна. Бид дөрвөн төрлийн тусгай багцын үйлчилгээг гаргасан. Үйлчлүүлэгч өөрт хэрэгтэй аль ч багцыг сонгон, ажлын болон амралтын өдрүүдэд ажлын цагаар үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн бид энэ төвийг ашиглалтад оруулснаар эмч, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин, урамшууллыг нь нэмэх боломж бүрдэж байгаа юм” гэлээ.

ЭМЯ-ны сайд Д. Сарангэрэл “2018 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн ЭМД-ын сангаас санхүүжүүлэн ард иргэдийнхээ эрүүл мэндэд урьдчилан сэргийлэх үзлэг явуулах шийдвэрийг ЭМД-ын зөвлөлөөс гаргасан. Энэ бол 18-34 нас, 35-45 нас, 46-64 нас, 65-аас дээш насныханд эрүүл мэндийн эрсдэлд суурилсан дөрвөн багцыг санал болгож байна. Манай ард иргэд болон бололцоотой хүмүүс гадагшаа явж, үзлэг,шинжилгээ, оношилгоо хийлгэх сонирхолтой байдаг. Одоо тэгэх шаардлагагүй, ялангуяа коронавирусын үед гадагшаа явах шаардлагагүй хэмээн уриалж байна. Бүх эмнэлгүүд тэр дундаа хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлэг болон бүсийн ортой эмчилгээний төвүүдэд урьдчилан сэргийлэхийг үндэслээд Эрүүл Мэндийг Дэмжих төвүүдийг байгууллах бодлоготой байна. Улсын томоохон эмнэлгүүд, тэр дундаа улсын ууган эмнэлэг ингэж бусаддаа үлгэр дуурайлал болсон, оройлон оролцож үлгэр жишээ болж байгаа бодит үйл ажиллагаа хийж байгаад Эрүүл мэндийн сайдын хувьд, салбарынхан, ЭМЯ талархалтай хандаж байна” гэв.

УНТЭ-ийн Эрүүл Мэндийг дэмжих төвийн дарга Анагаах ухааны доктор Э. Баясгалангаас уг төвийн талаар асууж тодрууллаа. “Манай Эрүүл Мэндийг дэмжих төв нь 17 кабинетад, Багажийн шинжилгээ, Лабаротарийн шинжилгээ, Дүрс оношилгооны шинжилгээ гэх мэт есөн төрлийн шинжилгээтэй. Өдөрт дунджаар 120-130 хүнд бүрэн үйлчлэх хүчин чадалтай хэмээн тооцоолж байна. Манай дэмжих төв дээр ажиллах эмч нар бол үндсэн дөрвөн эмчтэй, бусад техникч, сувилагч гээд арван зургаан орчим байна. Энэхү төвд ажиллах эмч нар УНТЭ-ийн Ахлахаас дээш зэрэгтэй, доод тал нь таваас дээш жил ажилласан эмч нар зөвлөгөө өгөх юм. Энэ төвийг бид байгуулснаар Нэгдүгээр эмнэлгийн амбулотарийн ачааллыг 10-15 хувиар бууруулна хэмээн тооцоолж байна. Манай амбулотарт бол өдөрт 2500-3000 хүн хүлээж авдаг. Ямар ч байсан төлбөрт үйлчилгээ авъя гэсэн 1000 орчимбайдаг гэж үзэж байгаа. Тиймээс иргэн, хувь хүн өөрөө хүсэлтийн дагуу хүссэн багцаа, шинжилгээ, эмчилгээ, зөвлөгөө, үзлэг үйлчилгээ авах бүрэн боломжтой” гэв.

Мөн Эрүүл мэндийг дэмжих төвийн багц эмчилгээний талаар Эрүүл Мэндийг дэмжих төвийн хариуцсан менежер Н. Наранзаяагаас асууж тодрууллаа. “Эрүүл мэндийг дэмжих төв нь Үндсэн, Тусгай, Энгийн, Тусгай сонгогч болох гэх дөрвөн багцыг санал болгож байна. Үндсэн багц нь үндсэн юман дээр суурилаад лабораторийн шинжилгээ, эмчийн үзлэг, багаж тоног төөхөрөмжийн оношилгоо багтана. Үндсэн багцан дээр нь энгийн багц нь нэмэгдээд нэмэлт лабораторийн шинжилгээ, үзлэг оношилгоо, эмчийн зөвлөгөө нэмэгдэнэ.Тусгай багц нь дэлгэрэнгүй, эрэгтэй, эмэгтэй гэдгээрээ ангилагдаад, эрэгтэй хүмүүсийн нарийн шинжилгээ, үзлэг, оношилгоон дээр үндэслэсэн. Эмэгтэй хүмүүс ч мөн адил эмэгтэйчүүд дээрээ суурилсан нарийн лабораторын шинжилгээ, багаж тоног төхөөрөмжийн үзлэг оношилгоо зэрэг багтана. Тусгай сонгогч болох багц нь хавдрын маркер, хавдрын маркер нь болохоор эрэгтэй, эмэгтэй гэдгээрээ ялгагдана” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр жилийн хамгийн урт өдөр, богино шөнө

Өнөөдөр жилийн хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө тохиож байна. Зурхайч Л.Тэрбишийн хуанлид тэмдэглэснээр бол өнөөдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Энэ өдөр нар хамгийн өндөрт мандаж, маргаашнаас эхлээд хөөрөх цэг нь доошилдог. Монголчууд энэ өдрийг нар буцна гэж ярьдаг.

Харин шинжлэх ухааны ойлголтоор бол зургадугаар сарын 22 буюу энэ өдөр дэлхий нарнаас хамгийн хол, 152 сая км зайд хүрдэг бөгөөд дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар руу хазайж, үд дундын нар Мэлхийн зам дээр эгц тусдаг байна. Тиймээс дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж, хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог. Энэ өдөр хойд туйлын цагираг дээр нар жаргахгүй, бүтэн хоногийн туршид мандана. Иймд зургаадугаар сарын 22-ны өдрийг зуны туйлын өдөр гэж нэрлэдэг аж. Тэгвэл энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст эсрэгээр нар хамгийн доор мандаж, Экватороос өмнөд туйлын цагираг хүртэл бүх өргөрөгт шөнө нь өдрөөсөө урт болдог байна.

Б.МӨНХДУЛАМ

Categories
гадаад мэдээ

Нарны ховор хиртэлт боллоо

Баруун Африк, Арабын хойг, Өмнөд Азийн орнууд, БНХАУ-ын Өмнөд хэсэг, Тайваньд нарны ховор хиртэлт үзэгдлээ.

Дэлхий, Нар хоёрын хооронд Сар орж, Нарны зарим хэсгийг халхлах буюу “галт цагариг” хэмээн нэрлэгддэг энэхүү үзэгдлийг гэрэл зурагчид камерынхаа дуранд буулгажээ.

Сонирхуулахад, энэ удаагийн хиртэлт нар буцах үетэй давхацсанаараа онцлог ажээ.

Жил тутмын нар хиртэлт нэг юм уу хоёр жилд нэг удаа тохиодог бөгөөд манай гаргийн зарим хэсгээс харагддаг юм. Ням гарагт тохиосон нарны хиртэлт 90 орчим секунд үргэлжилжээ.

Сансрын нисгэгчид энэ удаагийн нарны хиртэлтийг 500 ваттын чийдэн 30 ватт болж буйтай зүйрлүүлэн тайлбарласан байна.

БНХАУ, Гуанжоу хот


Филиппин, Манила хот


Тайвань, Чяи хот


Энэтхэг, Мумбай хот


Пакистан, Карачи хот

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуучин Beyonce “Black Parade” нэртэй шинэ дуугаа цацлаа

2020 оны 6-р сарын 20-нд дуучин Beyonce өөрийн youtube сувагтаа “Black Parade” нэртэй шинэ дуугаа цацжээ. Энэхүү дуугаа жил бүрийн 6-р сарын 19-нд тэмдэглэгддэг “Juneteenth” баярын төгсгөлд анхны сонсогчиддоо хүргэсэн байна. Уг баяр нь техас мужийн бүх боолыг боолчлолоос чөлөөлсөн өдөр юм.

“Black Parade” дуу нь Tidal урсгалын платформ дээр хийгдсэн ба хар арьстануудын бахархалыг төрүүлсэн бүтээл юм.

Мөн дуучин Beyonce уг баяртай холбогдуулан өөрийн инстаграм хаяг дээрээ “Зургаадугаар сарын баярын мэнд хүргэе. Бид тэмцлийн дунд байсан ч гэсэн баяр баяслаа хуваалцаж, бие биентэйгээ тэмдэглэх болно гэж найдаж байна. Бидний гоо үзэсгэлэн, хүч чадал үргэлжлүүлэн санаарай” хэмээжээ.

А.ЗОЛЗАЯА