Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

“​Бэтмэн” киноны найруулагч Жоел Шухамер таалал төгслөө

Холливүүдийн алдарт найруулагч Жоел Шухамер хорт хавдрын улмаас 2020 оны зургадугаар сарын 22-нд 80 насандаа таалал төгслөө.

Жоел Шухамер нь Elmo’s Fire (1985), The Lost Boys (1987), Flatliners (1990) гэсэн гурван хит киног найруулснаар кино урлагийн салбарт алдар нэрд гарчээ.

1993 онд тэрээр Бэтмэн киноны цуврал болох “Batman Forever” (1995) ба “Batman & Robin” (1997) киноны дараагийн хэсгүүдийг удирдан ажиллахаар гарын үсэг зурч байв. Бэтмэн киноны дараа Шумахер “Tigerland” (2000), “Phone Booth” (2002) зэрэг минималист кинонууд хийж эхэлсэн бөгөөд тус кинонууд хоёулаа эерэг үнэлгээ авсан байдаг. Мөн тэрээр “The Client” (1994), “A Time to Kill” (1996), “The Phantom of the ophera” (2004), “Дугаар 23” (2007), “House of Cards”-ийн хоёр ангийг найруулсан юм.

Түүний “Falling Down” (1993) болон “8 mm” (1999) кинонууд нь Palme d’Or болон Golden Bear Award-д өрсөлдөж байжээ.

А.ЗОЛЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Ковид-19-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм -23

1. Сингапурын үндэсний их сургуулийн судлаачид коронавируст халдвараар өвчилсөн 11 хүүхдийн завьжнаас авсан сорьцны 9-д нь коронавирус илрүүлсэн байна. Хоол ундыг ам дамжуулан хувааж хэрэглэх нь халдвар авах эрсдэлтэй гэдгийг судлаачид анхааруулжээ.

2. Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-тэй 1099 өвчтний 9%-д нь нүдний салст улайж үрэвссэн нь тогтоогджээ. Өвчтний нулимсанд коронавирус илэрсэн бөгөөд нүднээс ялгарах шүүрлээр халдвар дамжих магадлалтай гэжээ. Тиймээс гоёлын контакт линз, нүдний шил сольж зүүхгүй байхыг зөвлөжээ.

3. АНУ-ын Дрексель их сургуулийн эрдэмтдийн багц судалгаагаар коронавируст халдвартай хүний 53% нь үнэрлэх мэдрэмж, 43% нь амтлах чадвараа түр алддагийг тогтоожээ. Эрдэмтэд үнэрлэх болон амтлах мэдрэмжид өөрчлөлт орох нь коронавируст халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж байна.

4. Израилын судлаачид цахилгаанаар цэнэглэж өндөр хэмээр халдваргүйтгэдэг амны хаалт бүтээжээ. Энэ цэнэглэгч 30 минутад нян, бичил биетийг устгадаг ажээ.

5. КОВИД-19-тэй өвчтөнтэй ойр байгааг мэдээлдэг гар утасны аппликейшнийг олон оронд хэрэглэж эхэлсэн бөгөөд Герман, Япон улсад ч нэвтрүүлжээ. Сүүлийн дөрвөн хоногт Германд 10 сая хүн энэ апликейшнийг утсандаа суулгажээ.

Categories
мэдээ нийгэм

Усны ослоос урьдчилан сэргийлэх хамтарсан эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

НОБГ-ын Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газартай хамтран иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Алба хаагчид Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн гүүрнээс 8 дугаар хороо Сонсголонгийн гүүр хүртэл Туул голын эрэг дагуу үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг өгч, гарын авлага, зөвлөмжийг тараан, голын ногоон бүсэд байгаа автомашинуудыг холдуулах ажлыг хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.Энэ үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэлх голын эрэг дагуу зургаан ширхэг сэрэмжлүүлэг бүхий самбарыг байршууллаа гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Борооны улмаас 20 тэмээ, 70 бог мал осгож хорогджээ

Увс аймгийн Завхан сумын Шарбулаг багийн “Нуурын бураа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т/ 06.21-ний өдрөөс 06.22-ны шилжих шөнө хүчтэй аадар бороо орсны улмаас 6 айлын 20 тэмээ, 5 айлын 70 орчим бог мал осгож хорогджээ.

Мөн 35 тэмээ “Завхан” голын сав газарт шаварт шигдсэн тухай мэдээллийг 06.22-ны өдрийн 19:20 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Тамир аймгийн Онцгой байдлын газарт өгсөн байна. Тус сумын Шар булаг багийн Засаг дарга Б.Эрдэнэтогтохоор ахлуулсан Засаг даргын Тамгын газрын 10 ажилтан, 2 автомашинтай тухайн газар очиж ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Оюумаа: Нэг намын хүмүүсийг дугуйлахгүй бол саналын хуудас хүчингүй болно гэдэг ташаа мэдээлэл

Энэ жилийн сонгуулийн санал авах өдөр “Ковид-19” халдвараас сэргийлэх зорилгоор амны хаалт, бээлий зэргийг тараах бөгөөд бөөгнөрөл үүсгэхгүйн тулд хүн хооронд 1.5 метрийн зай баримтална. Иргэд саналаа өгөхөөр очихдоо 18-аас доош насны хүүхэд дагуулж ирэхгүй, аль болох эрт ирж саналаа өгөхийг Сонгуулийн ерөнхий хорооноос зөвлөж байна. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай ярилцлаа.

-2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр болох гэж байна. Найм дахь удаагийн сонгууль цар тахлын үед болж байгаагаараа онцлог. Тиймээс сонгогчид санал өгөх үйл явц өмнөхөөс өөр байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар Засгийн газрын 188 дугаар тогтоолоор баталсан УИХ-ын сонгуулийн 2020 оны сурталчилгааны үеэр болон санал авах ажиллагааны үеэр ямар дэглэм баримтлах талаар журам батлагдсан. Үүнд олон нийтийг үймүүлэхгүй байх, хүн хоорондын зайг баримтлах, бүгд амны хаалттай байх, арга хэмжээнүүдэд болон санал авах ажиллагаанд 18 нас хүрээгүй хүн орохыг хориглосон заалтууд бий.

Маскаа зүүгээд санал өгөх байр руу орохоор хурууны хээ уншуулах төхөөрөмж бий. Иргэний бүртгэлийн ажилтан дээр очоод хурууны хээгээ уншуулах үед сонгогчоо танихын тулд дэлгэцэн дээр тухайн сонгогчийн зураг гарна.

Өөрийгөө мөн эсэхийг танихын тулд түр хугацаанд сонгогч маскаа авна. Тухайн сонгогч мөн байвал маскаа буцааж зүүнэ. Хэсгийн хорооны гишүүн бүртгэлийн хуудсыг авч буцаагаад саналын хуудсыг тусгай зориулалтын хавтасны хамт өгнө. Энэ үед иргэдэд хэсгийн хорооны ажилтан нэг удаагийн бээлий өгнө. Сонгогчид санал авах байр руу очихоосоо өмнө иргэнийхээ баримт бичгийг авах ёстой. Үүнийг хуульд заачихсан байгаа.

-Иргэний үнэмлэхийн хугацаа дууссан аль эсвэл гээсэн тохиолдолд яах вэ?

-Тэр тохиолдолд түц машины лавлах хуудастай ирэх ёстой. Санал өгөхөөр орохын өмнө гараа ариутгаж санал өгөх байрны гадаа байрлах заавар зөвлөгөөтэй сайтар танилцах, дагаж мөрдөх шаардлагатай юм. Саналаа бөглөж дуусаад тусгай тараасан хавтсанд хийж, автомат машинд уншуулна. Сонгогч тухайн тойргийн мандатын тооноос илүү эсвэл дутуу бөглөсөн тохиолдолд сонгогч дахин нэг удаа саналын хуудас бөглөх эрхтэй. Сонгуулийн хороодын зүгээс сонгогчийн саналын нууцлалыг хадгалах үүднээс тал талын арга хэмжээнүүдийг авч байгаа. Тиймээс сонгогчид өөрөөсөө шалтгаалах зүйлсийг сайн хийх хэрэгтэй.

-Сонгуулиар сонгогчийн саналын нууцлалыг хангахад яаж анхаарч байна вэ?

-Сонгогчийн саналыг нууцлах бүх талын арга хэмжээг бид авч байна. Энэ үеэр иргэдийг төөрөгдүүлэх асуудлууд ч их гардаг. Жишээ нь, таны саналын хуудсыг бид олоод мэдчихнэ гэх зэргээр. Ингэх ямар ч боломжгүй гэдгийг хэлье. Та бүхээгний ард сууж саналаа өгөөд, саналын хуудсаа хавтсандаа хийж, уншуулна. Бүх саналын хуудас автомат машинд ороод хөзөр шиг холилдох учраас хэддэх саналын хуудас гэх зэргээр тоолж эрэмбэлэх боломжгүй.

-Иргэд сонгуулиа өгөх дөө юуг анхаарах ёстой вэ?

-УИХ-ын Сонгуулийн тухай хууль сонгуулийн тогтолцоогоо олон мандаттай томсгосон тойргоор мажоритар тогтолцоогоор явуулахаар хуульчилсан. Үүнтэй уялдаад бэлтгэл ажлууд нэлээд нэмэгдсэн. Сонгогчдын зүгээс онцлог нөхцөл байдалд болж байгаа. Бид энэ нөхцөлд саналаа хэрхэн өгөх вэ гэдэг дээр анхаарах ёстой. Олон мандаттай томсгосон 29 тойрог байгуулсан. 29 тойрог нь 2-3 мандаттай. Хэдэн мандаттай тойрогт би амьдран суудаг вэ гэдгээ сонгогч мэдэхийн тулд та бүхний гар дээр очиж байгаа тараах материалуудтай танилцаарай. Мөн СЕХ-ны сайтад байршуулсан сонгуулийн хуудасны загвар байгаа. Саналын хуудасны загварыг бүх тойргоор буюу 29 тойргоор гаргаж тавьсан. Тиймээс сонгогч манай сайт руу орж өөрийнхөө тойргийг хэдэн мандаттай гэдгээ мэдэж авах боломжтой. Иргэд саналын хуудасны зааврыг дагуу саналаа тэмдэглэхэд хүндрэл гарахгүй. Бид өмнө нь энэ системээр 2008 онд сонгуулиа явуулж байсан. Онцгой нөхцөл байдлын хувьд бид УОК-оос өгч байгаа заавар, зөвлөмж, халдвар хамгааллын асуудал дээрээ анхаарлаа хандуулахад хүндрэл гарахгүй гэж бодож байна.

-Нэг намаас нэр дэвшсэн хүмүүсийг л дугуйлахгүй бол саналын хуудас хүчингүй болно гэсэн ташаа мэдээлэл гадуур яваад байна. Энэ дээр та тайлбар өгөхгүй юу?

-Энэ бол худлаа. Сонгогч өөрийн сонгохыг хүссэн хүмүүсээ нам харгалзахгүй дугуйлаад явна.

-Сонгогч саналын хуудас дээрээ буруу тэмдэглэгээ хийсэн тохиолдолд яах вэ?

-Гурван мандаттай тойрог дээр хоёр нэр дэвшигчийн төлөө саналаа өгвөл санал тоолох саналын хуудсыг төхөөрөмж буцааж гаргана. Дутуу тэмдэглэгээ гээд тоолохгүй учраас үүнд сонгогч хүлээж зогсож байгаад дутуу тэмдэглэгээ гэвэл саналын хуудсаа буцааж аван бүхээгтээ очин гурав хүртэл болгоод нэмж тэмдэглэх боломжтой.

Хэрвээ гурваас илүү тэмдэглэгээ хийсэн тохиолдолд санал тоолох төхөөрөмж мөн буцааж гаргана. Гэхдээ дэлгэц дээр илүү тэмдэглээ гэсэн мэдээлэл гарна. Тэр тохиолдолд сонгогч хэсгийн хороонд мэдэгдэн нэг удаа саналын хуудас дахин авах боломжтой. Энэ бол хуулиар олгогдсон эрх. Сонгогч саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид уншуулсныхаа дараа хэдэн секунд хүлээх хэрэгтэй. Саналын хуудас амжилттай уншигдлаа гэсэн тохиолдолд та зөв тэмдэглэжээ гэсэн үг.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд МХЕГ, ОБЕГ-аас санал хураах байрууд дээр бэлэн байдлыг тавьж ажиллах уу?

-УОК-оос үүрэг чиглэл өгч, онцгой комиссын албан хаагчдыг санал авах байрууд дээр нэмэлтээр ажиллуулж байгаа. Мөн иргэдийн халууныг үзэх, эрүүл ахуй халдваргүйжилтийн ажил дээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Хэсгийн хорооны есөн гишүүн, эрүүл мэнд, онцгой комиссын ажилтнууд гээд 10 гаруй хүн ажиллана. Мэргэжлийн хяналтын байгууллага хэсгийн хороодуудад заавар, зөвлөмжөө өгнө.

-Улсын хэмжээнд хичнээн хэсгийн хороодыг байгуулаад байна вэ?

-Сонгуулийн 2070 хэсэг байгуулан ажиллаж байна. Аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, 336 сум, дүүргийн сонгуулийн хороо байгуулагдсан. Сонгуулийн хороодын ажилтнуудаас гадна Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн алба хаагчид гээд нийт 30 орчим мянган хүн энэ удаагийн сонгууль дээр ажиллана.

-Сонгуулийн үр дүнг мэдээлэхэд СЕХ-ноос технологийн ямар шийдлийг ашиглах вэ?

-Бид дүн дамжуулах үйл ажиллагаагаа 2016-2017 оны сонгуулиудад зохион байгуулж байсан шиг ээ дэлгэцээр дамжуулна. Дэлгэцийнхээ мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд ямар сувгаар дамжуулахаа эцсийн байдлаар ярилцаж байна. Мэдээж нэг газар олон сэтгүүлчдийн бөөгнөрүүлэх боломжгүй. СЕХ-ны нэг болон хоёрдугаар давхартаа том дэлгэц засна. Олон хүн бөөгнөрүүлэхгүй байх хүрээндээ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах талаар шийдлүүдийг боловсруулж байна. Өнөө маргаашгүй бэлэн болно. Алслагдсан сүлжээ муутай газруудаас дүн үл ялиг хоцрогдолтой ирдэг. Тэр асуудал дээр сонгогчид маань хүлээцтэй хандаарай. Тухайлбал, баруун аймгуудад уул хад өндөртэй, алслагдсан, сүлжээ муутай 300 гаруй хэсгийн хороо байдаг юм. Тэд нарынхаа 200 орчимд нь төхөөрөмж суурилуулна. Үлдсэн зууг нь зөөвөрлөж, хамгийн ойрын сүлжээтэй газраас дүнгээ дамжуулдаг ийм зохицуулалттай.

-Сонгогчдын ирцийн асуудал ямар байна. Өмнөх сонгуультай харьцуулбал сонгогчдын тоо нэмэгдсэн статистиктай байгаа?

-Сонгогчийн ирцийн босгыг хуульд заасан байгаа. Тухайн тойргийн сонгогчдын 50-иас дээш хувь нь ирсэн тохиолдолд тойргийн сонгууль хүчинтэй болсон гэж тооцно. Ирц 50 хувь хүрэхгүй тохиолдолд тухайн хэсэг тус бүр дээр нэмэлт санал хураалт явагдана. Өөрөөр хэлбэл, өмнөх зургаан сарын 24-ний өдөр сонгуульд ирж оролцоогүй сонгогчид дараагийн нэмэлт санал хураалтаар ирж саналаа өгнө гэсэн үг. Ирцийн хувьд энэ жил харьцангуй залуучуудын байгууллага их идэвхтэй ажиллаж байгаа. Маш олон жижиг төслүүд явж байна. Залуучуудын идэвхийг нэмэгдүүлэх тал дээр манайхтай хамтран заавар зөвлөгөө аваад хийж байгаа олон ажил байна. Олон санал, санаачилга гаргаж байгаад СЕХ талархан хамтран ажиллаж байна. Тиймээс залуусын зүгээс сонгуулийн ирц харьцангуй гайгүй байх болов уу гэж бодож байна. Хэрвээ ирц хүрэхгүйд хүрвэл нэмэлт санал хураалт зайлшгүй явуулах хэрэгтэй болно. Тухайн тойргийн ирцийг 50 хувьд хүргэж байж сонгууль хүчинтэй болно. Дахин сонгууль явуулбал үргүй зардал нэмэгдэнэ. Иргэд маш ухамсартайгаар сонгуульдаа оролцох хэрэгтэй. Сонгогчийн халууныг хэмжих, гар ариутгана гээд онцгой нөхцөл байдалд саналаа өгөх тул нэг сонгогчид ногдох хугацаа урт байх магадлалтай. Тиймээс сонгогч эртхэн очоод саналаа өгөөд хоорондын зайгаа баримтлан мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөгөөг сайтар мөрдөх хэрэгтэй гэж зөвлөх байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Я.Буянжаргал: Замын-Үүдийн боомтод 500 гаруй жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Я.Буянжаргал, Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2274 иргэн тусгаарлах байранд байна. Үүнд тав хүртэлх насны хүүхэд 115, жирэмсэн 49 хүн байна.

Бээжин хотод манай улсын нэг иргэний бие маш хүнд байгаа. Хятадын талаас зөвшөөрөл өгвөл бид иргэнээ татаж авч, эмнэлгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. 29 тусгаарлах байранд 36 эмч, 58 дадлагажигч эмч, 74 эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Замын-Үүдэд ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори ажиллаж, тээврийн жолооч нарт шинжилгээ хийж байна. 500 гаруй жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Нэмж хоёр хүнд коронавирус илэрч, таван хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж 9,186,000 хүн өвчилж, 473000 хүн нас барсан бол 4.9 сая хүн эдгэрч, 3.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Зургадугаар сарын 22-ны өдөр 426 хүнд шинжилгээ хийснээс 424 хүнд коронавирус илрээгүй харин Нур-Султан-УБ-ын онгоцоор ирсэн 2 хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Мөн өнөөдөр 5 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч дараагийн шатны сувилалд шилжлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

АНУ өмнөд Ази болон бусад өндөр хөгжилтэй орнуудад тархалт өндөр хэвээр байна. Ялангуяа АНУ-д халдвар залуучуудын дунд голомтлон тархаж байгааг онцгой анхаарах ёстойг ДЭМБ-аас анхаарууллаа. ОХУ-д 7600 хүн шинээр халдвар авч, 95 хүн нас барлаа. Буриад, Тува, Чита хотод 40-150 хүн шинээр халдвар авлаа. Иргэдээс гадуур болон автобусанд хүмүүс амны хаалтгүй явж байгааг анхааруулж, ЭМЯ-д гомдол гаргасан.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн санал авах байруудыг шалгахад 122 зөрчил илэрчээ

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутагт дэвсгэрт байршилтай УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах байруудад шалгалт хийхэд 122 зөрчил илэрчээ.

Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх уг төлөвлөгөөт шалгалтаар дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай сонгуулийн санал авах хэсгийн хороодын нийт 44 барилга, байгууламжийг шалгасан байна.

Хяналт, шалгалтын явцад 38 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад 84 зөрчлийг арилгуулах талаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл-44, дүгнэлт-1 бичиж холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.

Мөн сонгуулийн санал авах 44 хэсгийн хороодын бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт хэрэгжилтийг хангаж ажиллах талаар цахим сургалт зохион байгуулж, заавар, зөвлөмж өгч ажилласан байна.

Categories
гадаад мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​Дуучин Justin Bieber бэлгийн хүчирхийллийн талаарх мэдээллийг няцаав

Жастин Бибер өнгөрсөн амралтын өдрүүдэд үл мэдэгдэх аккаунтаар твиттерт өөрийг нь хүчингийн хэрэг үйлдсэн гэж жиргэснийг няцаав.

Тэрээр хуурамч хоёр аккаунтаар 2014, 2015 онд болсон гэж үзсэн бэлгийн хүчирхийллийн талаар твиттер хуудсандаа бичжээ. Нэг нэргүй аккаунтын бүртгэлийг твиттерээс устгасан боловч Жастин Бибер үүнд хариу өгч “Энэ түүхэнд үнэн зүйл алга” гэжээ. Хоёр дахь аккаунт нь устгагдаагүй бөгөөд нэрээ нууцлаагүй байна. “Зөвхөн Даниэлле гэгддэг эмэгтэйн аккаунт 2014 оны гуравдугаар сарын 9-нд Техас мужийн Хьюстон хотод болсон үйлдлийн талаар дэлгэрэнгүй мэдүүлжээ. Даниэлле бааранд байгаа хүмүүсийн өмнө гэнэтийн тоглолт хийсний дараа Жастин Бибер түүнийг болон хоёр найзаа дагуулан Техасын Остин дахь “Four Seasons” зочид буудалд урьсан бөгөөд түүнийг бэлгийн хүчирхийлэл болсон өрөөнд аваачсан гэжээ. Тэрээр олон жилийн турш хэнд ч хэлээгүй боловч одоо олон төрлийн эмчилгээ хийлгэж, дотны найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярьсан” гэж хэлсэн байна.

Жастин Биберийн хэвлэлийн төлөөлөгч нь тэдэнд тайлбар өгөөгүй бөгөөд дуучны твиттерт нэмж оруулах зүйл байхгүй гэж мэдэгджээ. Жастин Бибер өөрийнхөө твиттер хуудаснаа “Бэлгийн хүчирхийллийн тухай нэхэмжлэл бүрийг нухацтай авч үзэх ёстой бөгөөд би хариу арга хэмжээ авах шаардлагатай болсон. Гэсэн хэдий ч энэ түүх үнэхээр боломжгүй учраас би твиттер болон эрх баригчидтай хамтарч хуулийн дагуу арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгджээ. Тэрээр өөрийнхөө твиттер хуудаснаа тухайн үед “Four Seasons” зочид буудалд биш, харин зарим найзуудтайгаа AirBnB гэх газар байсан гэж хэлэн, халдлага үйлдсэн гэх өдрийн маргааш буюу гуравдугаар сарын 10-нд “Four Seasons” зочид буудалд очсон гэж мэдэгдэн твиттертээ зураг хуваалцжээ. Энэ мэтчилэн дуучин Жастин Бибер энэхүү мэдээллийг худал хэмээн няцааж холбогдох нотолгоог өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн гурав хоног согтууруулах ундаа худалдахгүй

Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн энэ сарын 23-25-ны хооронд нийт гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Сонгуулийн тухай хуулиар санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг.

Энэ дагуу дээрх захирамжийг гаргаж, тухайн өдрүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчилж, худалдан борлуулахыг хориглох бөгөөд үүнд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана гэж заасан байдаг.