Categories
мэдээ нийгэм

Төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх вэ

УИХ-ын сонгуулийн санал хураалтын ажиллагаа өнөөдөр буюу зургадугаар сарын 24-нд Улаанбаатарын цагаар 07.00 цагаас орон даяар эхлээд байна.

Төрийн өндөрлөгүүд хаана, хаана саналаа өгөх вэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 48 дугаар ЕБС-ын спорт зааланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө. Цаг нь тодорхой бус байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 11.40 цагт 48 дугаар ЕБС-ын спорт заланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: УИХ-ын 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймагт саналаа өгнө.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

М.ЭНХСАЙХАН: Эрх мэдлийг шүүрч аваад тэндээ бугших санаархлыг эсэргүүцэн дуугардаг зоригтой улстөрч л хэрэгтэй байна

-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН М.ЭНХСАЙХАНЫ ШОРОНГООС БИЧСЭН ЗАХИДАЛ-

Монгол Улсын Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайхан өмгөөлөгчөөрөө дамжуулж, манай сонины редакцид хаяглан захидал илгээжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэе.


ХЭНД ЮУНЫ ТӨЛӨӨ ГЭЖ САНАЛ ӨГӨХ ВЭ?

Орос, Хятадын дунд “Ардчиллын баян бүрд” болон торойх Монгол орон минь ээлжит сонгуультайгаа золгож байна. Тэртээ 30 жилийн өмнөх анхны ардчилсан сонгуультай харьцуулбал их зүйл өөрчлөгджээ. Дэндүү гэж хэлж болох эрх чөлөөнд дасал болчихоод ардчилал байж л байдаг зүйл гэж бодох шинэ үеийнхэн олонх болсон байна. Тэдний санал өгөхөөс өөрсдийнх нь болон бидний эрх чөлөөт амьдралын загвар өөрчлөгдөх цаг үе дээрээ ирсэн шиг байна. Хорьдугаар зуун дарангуйлагчдын мандаж мөхсөн, хүн төрөлхтнийг харанхуй нүхэнд унагасан зуун байлаа. Хорьдугаар зуунд коммунистуудын бусдын хөрөнгийг хураахаас айсан Европын дундаж давхарга фашист дарангуйллыг хүссэнээрээ ардчиллыг доройтуулсан байдаг.

Хориннэгдүгээр зуунд хүмүүс аливаа дарангуйлал зөвхөн хувийн өмчид халдах биш, эрх чөлөөг устгаж, олон сая хүний амь насыг авч явдгийг мэдэж авсан. Дарангуйлах үзэл дарангуйлагчтайгаа хамт үхдэггүйг ойлгохын дээдээр болсон. Цагийн эрхээр эмчлэгдэх энэ эмгэг зарим оронд байсаар л байна. Монголд ч мөн адил. Тэр тусмаа “Том ах”-тай байх синдром арилаагүй л байна.

Төрийг ардчилахын тулд эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хувааж тэнцвэржүүлэх, харилцан хяналт тавьдгийг дэлхийгээрээ хүлээн зөвшөөрдөг. Угтаа хууль тогтоогчид нь “Сонгогдох эрх мэдэл”, Засгийн газар, шүүх нь “Томилогддог эрх мэдэл” юм. “Томилогддог эрх мэдэл” нь “Сонгогддог эрх мэдэл”-ээс улс төрийг булааж , хууль ёсыг гажуудуулж, баривчилгаа, хэлмэгдүүлэлт зохион байгуулж байгаа нь ардчиллыг завхруулж буй үйлдэл юмаа. Ийм завхрал гарахад МАН, АН буруутай. Тэд сонгогчдод сонголт хийх бололцоо олгодоггүй бүгдээрээ л ардчилсан дүртэй ялгахад хэцүү. Ардчилсан нийгэмд зүсэн зүйлийн үзэлд хүлцэнгүй ханддаг. Гэхдээ эрх чөлөө, зах зээлд дайсагнах хэн нэгнийг төрд ойртуулахгүй байх анхны “шүүлтүүр” нь улс төрийн нам байж чадсан газарт ардчилал найдвартай, хөгжил тогтвортой байдаг. Монголд МАН, АН төрийн босгыг дордуулсаар анхдагч “шүүлтүүр”-ийн үүрэг ролийг орхигдуулсаар иржээ.

Нэгэнт сонгогчдод өөрсдөд нь эрх чөлөө, зах зээл, өмчөө хамгаалах үүргийг ноогдуулж буй үед нэр дэвшигчдэд хэнд нь санал өгөх вэ гэдэг улс төрийн сонголт хийх шаардлага байгаа нь мэдээж. Тэр тусмаа бүгд гоё ярина, амлалтаараа уралдана. Сонголтоо зөв хийхийн тулд дараах дөрвөн шалгуурыг хэрэглэж үзэхийг санал болгосон байдаг. Хэрвээ эдгээр шалгуурыг даахгүй бол нэр дэвшигчид санал өгөхгүй байх нь үр хүүхдүүдийн чинь ирээдүйд өлзийтэй.

ШАЛГУУрУУД:

1. Ардчилалд дургүй хандлагатай эсэх (Үндсэн хуулийг үл ойшоодог, өөрөөр засаглахыг хүсэмжилдэг, сонгуулийн дүнг үл зөвшөөрөх)

2. Өрсөлдөгчийнхөө хууль ёсны эрхийг үл хүндэтгэх хандлагатай эсэх (Өрсөлдөгчөө дайсан гэж хардаг, гэмт хэрэгтэн, тагнуул гэж цоллодог)

3. Иргэний эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халддаг эсэх (Авторитар дэглэм, Орос Хятадыг үлгэрлэх өнгөтэй, хуулийн байгууллагыг улс төрд ашигладаг, сэтгүүлчдийг үл ойшоодог,)

4. Хүчирхийлэх хандлагатай эсэх (Хүчирхийлэлд уриалдаг байгууллагыг дэмждэг эсэх, хүчирхийллийг буруушаахаас зугтаадаг, өмгөөлж хамгаалдаг)

Энэхүү шалгуурууд нь дарангуйлагч дэглэмийн зовлон бэрхшээлийг биеэрээ туулсан улс төр судлаачдын зөвлөгөө ажээ. Сонгогч Та сонголтоо хийчихсэн байгаа гэсэн хэдий ч сонголт маань зөв эсэхэд энэ зөвлөгөөг хэрэглээд үзэхэд буруутахгүй. Ардчилал Таны сонгох эрхийг чинь авчирсан. Харин ямар төртэй байх нь Таны сонголтын асуудал. Эрх мэдлийг шүүрч аваад тэндээ бүгших санаархлыг эсэргүүцэн дуугарч чаддаг зоригтой улс төрч энэ цаг үед их л хэрэгтэй санагдаж байна. Монгол эрх чөлөө, өмч хөрөнгө, зах зээлээ хамгаалан байж эдийн засгийн хямралыг зөөллөж, ардчиллын эрүүл мэндийг сайжруулан ирээдүйгээ бүтээнэ гэдэгт итгэж байна.

Таны сонголт мэргэн байх болтугай.

М.ЭНХСАЙХАН

2020.06.22

Шоронгийн эмнэлэгт бичив.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-д бэлтгэж буй сурагчдын мэдлэгийн түвшин доогуур байна гэв

– ЭНЭ НЬ ХӨЛ ХОРИОТОЙ ХОЛБООТОЙ ГЭЖ БАГШ НАР ҮЗЭЖ БАЙНА –

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд 30882 шалгуулагч хамрагдсанаас 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль төгсөх 28001 шалгуулагч, өмнөх оны төгсөгч 2881 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулсан байна.Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны долдугаар сарын 02-05-ны хооронд зохион байгуулна. Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан заавар, зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2.0 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ сандалд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдэж байна.

“Ковид-19” цар тахал гарч, хөл хорио тогтоосноос болж сурагчдын хичээлийг теле байдлаар зааж, улмаар зохих ёстой мэдлэгээ сурагчид бүрэн гүйцэт судалж чадаагүй. Улсын хэмжээнд 30 гаруй мянган хүүхэд энэ жил ЭЕШ өгнө. Ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалт энэ сарын 11-нд дууссан бөгөөд сурагчид төлбөртэй сургалтын төвүүдэд явж, ЭЕШ-даа бэлдэж байна. Сургалтын төвүүдийн багш нарын ярьж байгаагаар цар тахалтай холбогдуулан сурагчдын мэдлэгийн түвшин өмнөх жилүүдээс доогуур байгааг онцолж байлаа.

О.Энхчимэг: ХҮҮХДҮҮД
ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТАД ЯВАХ НЬ ЭЛБЭГ БАЙНА

Бид Монголын цогц сургалт хөгжлийн академи руу очлоо. Нэг ангид 10-15 хүүхэд давтлага хичээлд хамрагдаж, суудал хоорондын зайг 1.5 метрээр стандартын дагуу байршуулсан харагдана. Сурагчид зөвхөн хуваарьт суудалдаа сууж, ангийн байршлаас хамааран оноогдсон орох, гарах урсгалын дагуу зорчих гэх мэтээр мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөгөө, зааврыг баримтлан зохион байгуулж байгаа нь харахад илт. Тус академийн ахлах менежер О.Энхчимэгээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр “Манай академи богино хугацаанд хичээллэхэд оноо амладаггүй. Урт хугацаанд бэлдсэн бол оноо амладгаараа бусад сургалтын төвүүдээс онцлогтой. Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын хоёрноос эхэлж байгаатай холбоотойгоор сүүлийн нэг сарын хугацаанд манай академи ачаалал ихтэй байна. Анги танхимын сургалт түвшин нь хичээллээд талдаа явж байгаа болохоор зарим хүүхдүүд нь ганцаарчилсан сургалтанд явах нь элбэг байна. Энэ жил хичээл тасалдсантай холбоотойгоор хүүхдүүдийн түвшин ч муу байгаа нь ажиглагдлаа. Тухайн ангид орох ёстой боловч түвшин нь таарахгүй доогуур байгаа болохоор ганцаарчилсан сургалтад ихэнх нь хамрагдаж байна. Сургалтад түлхүү математик, англи хэл, нийгэм, физик гэсэн хичээлүүд явагдаж байгаа. Харин ЕБС-иудын танхимын сургалтад хүүхдүүд хамрагдсан тухайгаа ярьж л байна. Гэхдээ богино хугацаанд хичээллэсэн учраас төдийлөн хангалттай бэлдэж чадаагүй болов уу. Одоо хугацаа богинохон байгаа учраас түвшин тогтоох шалгалт авч байгаад ямар түвшинд байна тэр түвшнээс нь үргэлжлүүлэн сургадаг л даа. Үнэхээр ангийн сургалтаа ойлгохгүй зарим хичээл дээрээ хоцрогдоод байгаа тохиолдолд давтлага өгдөг” гэсэн юм.

СУРАГЧИД УНШИЖ СУДЛААГҮЙ ДААЛГАВРУУД ЭЕШ-Т ОРЖ ИРЭХ ВИЙ ГЭДГЭЭС САНАА ЗОВЖ БАЙНА

ЭЕШ-даа бэлдэж буй төгсөх ангийн сурагчдаас тодруулга авлаа. Сурагчид ЭЕШ-даа бэлдэхэд хүндрэлтэй зүйлс олон байна гэдгийг онцолж байлаа.

Шавь цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Цэрэнханд

“Би аялал жуулчлал зочид буудлын чиглэлээр мэргэжлээ сонгоод ЭЕШ-аа хоёр гурван сарын өмнөөс бэлдсэн. Нэг сарын хугацаанд танхимын сургалт хичээллэж байгаад зургадугаар сарын 11-нд хаасан. Хүндрэлтэй зүйлүүд их байлаа. Тухайлбал, сонгосон хичээлээрээ давтлага авахаар долоо хоногт нэг удаа хичээллэдэг. Энэ хугацаанд багш нар элсэлтийн ерөнхий шалгалтын материал жишиг даалгавар өмнөх оны материалуудаас ажлуулсан. Нэг хичээлийг долоо хоногт ганцхан удаа хоёр цаг орж байгаа болохоор сайн ойлгож чадаагүй. Математик, англи хэл, нийгэм, физик гэсэн хичээлүүдээр шалгалт өгөх болохоор яг биеэ даагаад бэлдэх үнэхээр хэцүү байна. Хичээл сургуульдаа санаа зовж байгаа хүүхдүүд давтлага сургалтанд явж байна. Зарим нь ч санаа зовж байгаа зүйлгүй ажил хийгээд явж байна. Энэ хэцүү цагт өөрөө л хичээхгүй бол ирээдүйд ямар хүн болж төлөвших эсэх нь мэдэгдэхгүй л байна. Багш нараасаа танхимын давтлага дуусахаар үргэлжлүүлээд давтлага авч болохгүй юу гэхээр хууль санаачлаад гаргачихсан болохоор болохгүй өөрсдөө биеэ даагаад бэлд гэх юм.

Шавь цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Хулан: -Цар тахлаас болоод сайн бэлдэж чадаагүй. Хоёр, гурван сарын өмнөөс л бэлдэж эхэлж байна. Танхимын сургалт богинохон хугацаанд байсан ч гэсэн мэдэхгүй зүйлээ мэдэж авсан гэрээр бэлдэхээс илүүтэйгээр танхимын сургалт их зүйл заасан хими, биологи, англи хэл гэсэн хичээлүүдээр ЭЕШ өгөх гээд бэлдэж байгаа. Одоогоор химийн сургалтанд л сууж байгаа. Үзээгүй, хичээллээгүй зүйлүүд ороод ирэх болов уу л гэж айж байна гэв.

М.Болдсайхан: ХАГАС ЖИЛИЙН
ТУРШ ХИЧЭЭЛ ЗАВСАРДСАН УЧРААС СУРАГЧДЫН СУДЛААГҮЙ АГУУЛГЫГ ХАМРУУЛАХГҮЙГЭЭР
ЗОХИЦУУЛСАН

Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтан М.Болдсайханаас энэ талаар тодруулга авахад “Зөвхөн шалгалт зохион байгуулалтаас гадна шалгалтын сэдэв, даалгаварт коронавирус нөлөөлж өөрчлөлт гарсан. Учир нь хичээл, сургалтын үйл ажиллагаа үндсэндээ хоёрдугаар сарын 20-ноос хойш хагас жилийн турш завсардсан. Тиймээс энэ жилийн шалгалтын сэдэв, даалгавар дээр бид сурагчдын 10, 11 дүгээр ангийн агуулгыг бүтнээр нь хамруулах, 12 дугаар ангийнх нь судлаагүй агуулгыг хамруулахгүйгээр зохицуулсан. Мөн энэ жилийн англи, орос, монгол хэлний хичээлүүдийн сонсоод ойлгох даалгаврууд хасагдана. Мөн монгол хэл, бичгийн шалгалтыг хассан. Монгол хэл, бичгийн шалгалт нь задгай даалгавартай учир машинаар засах боломжгүй, заавал багш нар гараар засдаг тул цаг их орох байсан. Гэтэл ЭЕШ долдугаар сарын 5-нд дуусаад их, дээд сургуулиуд 8-9-ний өдрүүдэд элсэлтээ зохион байгуулах урьдчилсан товтой байсан тул цуцлах нь гарцаагүй байсан. Бидний хувьд долоо хоног бүрийн лхагва гаригт бүртгэлд хамрагдсан хүүхэд болгоныхоо и-мэйл хаяг руу нь захидал бичиж байгаа. Энэ нь ЭЕШ-д хэрхэн бэлдэх зөвлөмжүүд, видео хичээлүүд, онлайн давтлагууд, сүүлийн 2017, 2018, 2019 оны сэдэв даалгавруудыг зөв хариу, бодолтынх нь хамт явуулж байгаа юм. Долоо хоногийн гурав дахь өдөр болгон хүүхдүүдэд зөвлөмж, туслах арга хэмжээнүүд байнга явагдаж байна. Түүнээс гадна help.eec.mn шинэ цахим хаягийг нээж ЭЕШ-тай холбоотой бүх мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн байгаа. Мөн тухайн сайт руу хүүхдүүд дата ашиглалгүй орох боломжтой” гэлээ.

2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоосон. Элсэлтийн шалгалтын босго оноог Үндэсний хэмжээнд тогтоосон босго онооноос доошгүй байхаар тогтоож Удирдах зөвлөлөөр батлуулан, оюутан суралцагчдын хяналтын тоондоо багтаан нээлттэй ил тод, цахим хэлбэрээр элсэлтийг зохион байгуулахыг их, дээд сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгожээ.

С.ЛХАМСҮРЭН

О.ЦЭГМИД

Categories
мэдээ цаг-үе

Дархан хотоор овоглосон цагдаагийн хурандаа Цэрэнгийн Даваадорж

Монголын цагдаад дуудах нэртэй, дугуйлах бууцтай, чухамхүү цагдаагийн алдрыг нэр төртэй өргөж ирсэн хэдэн луугар хурандаа байдгийн нэг нь Цэрэнгийн Даваадорж юм. 100 жилийн түүхтэй Цагдаагийн вант улсын “Ахмадын хороо” хэмээх цагдаагийн байгууллагын зүрх, тархи нь болсон генералууд, олон аварга хурандааг нэгтгэсэн сүр хүчит айлын эзэн хурандаа Лхамчигийн Билгээ энэхүү эрхэмсэг хурандаагийн ажил амьдралынх нь алтан замналаас хуваалцахыг санал болгосныг зориуд тодотгох нь зүйтэй болов уу. Цэрэнгийн Даваадорж бол Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор, Дархан-Уул гээд дөрвөн лут аймгийн цагдаагийн даргаар ажилласан нэгэн. Монголын цагдаад түүн шиг дөрвөн аймгийн даргаар 30 шахам жил тасралтгүй ажиллаж, цагдаагийн албатай хувь заяагаа холбосноос хойш эдүгээ хагас зууныг элээсэн буурал хурандаа тийм ч олонгүй. Тэр бүхний алтан титэмд Ц.Даваадорж гуайн нэр зүй ёсоор бичигдэнэ. Үндсэндээ дөрвөн аймагт өөрийнхөө нэр алдрыг тамгалж, тухайн аймгаар овоглогдож явна гэдэг сайхан. “Дарханы Даваадорж” гэдэг ч юм уу очсон газар усаараа олонд нэрлэгддэг нь ийм л учиртай байх нь.

Тэрээр далан дөрвөн оны долдугаар сард Цэргийн ерөнхий дээд сургуулийн хуулийн ангийг төгсөж тухайн үеийн НАХЯ-ны сайдын тушаалаар Өвөрхангайн цагдан сэргийлэх ангид “Тоо бүртгэл-хүүхдийн төлөөлөгч”-ийн албанд томилогджээ. Хурандаагийн хэлснээр нэг ч хүн танихгүй, сэргийлэх нь хаана байдгийг ч мэдэхгүй чемодан барьсан залуу сэргийлэхийг нь хүнээр заалгаад очиж байсан түүхтэй. Улмаар Өвөрхангай аймагтаа өмчийн ахлах төлөөлөгч, НАХ хэлтсийн орлогч, цагдан сэргийлэх ангийн даргаар дэвшин томилогдож тус аймагт 10 жил ажиллажээ. Домогт Арвай хээрийн тал, өврийн хангай нутаг түүнд өглөг буянаа өгч, амьдралынхаа ханьтай тэнд учирч, гал голомтоо бадраасан байна. Өөрийг нь удирдан ажиллаж асан Ишдоржийн Доржсүрэн, Цээвэлийн Жамбалсүрэн, цагдан сэргийлэх ангийн дарга Норовсамбуугийн Дугарсүрэн, мөн хамтран зүтгэж байсан эрүүгийн төлөөлөгч эдүгээгийн гавьяат хуульч Пүрэвдоржийн Лувсандорж, өмчийн ахлах төлөөлөгч, үйлчилгээний гавьяат Ёндонгийн Ядамсүрэн, ахлах мөрдөн байцаагч, сүүлд хурандаа болсон Чулуунтогтохын Бат-Очир гээд олон чиг нөхдийнх нь туршлага, арга барил, хүнтэй ажиллах эв дүй, ёс суртахуун тэнд ажиллаж байх хугацааны мөнхийн луужин болсныг хэлдэг юм.

Хурандаагийн унаган нутаг Өвөрхангайтай залгаа Баянхонгор. Ээжээрээ яривал Галуут, ааваараа яривал Бөмбөгөр, өөрөө болохоор Бөмбөгөр суманд төржээ. Ээжийнх нь өвөө аав хуучнаар Сайн ноён хан аймгийн Дашдоо гүний хошууны ноёны туслагч Богд хаант Монгол Улсын төрийн уртын их дууч цолтой үе залгамжилсан тайж Ц.Дандардорж гэж хүн байсан гэдэг. Тэгэхээр төрийн үүд хаалгатай л айл байх нь. Аав нь санхүүгийн хүн, хонгор нутгийнхаа бараг бүх суманд нягтлан бодогчоор ажиллажээ. Цэрэг цагдаатай холбогдсон тухайд нь асуухад их сонин дүр зураг гараад ирсэн. “Би чинь өөрийгөө цагдаа цэргийн хүн болно гэж боддоггүй байлаа. Юм гэдэг сонин байдаг юм билээ. Сүүлд би Цагдаагийн ерөнхий газар ажиллаж байхдаа өөрийнхөө хувийн хэргийг авч үзсэн юм. Тэгтэл манай Бөмбөгөрийн гаралтай тухайн үед Баянхонгорын аюулаас хамгаалахын хэлтсийн ахлах төлөөлөгч Мижгээ хошууч гэж байлаа л даа. Тэр хүн намайг наймдугаар ангид байхаас судалжээ. Ес, аравдугаар анги дамнуулж бараг хоёр, гурван жил судалсан байна. Элсэлтийн шалгалт энээ тэрээ болоод иртэл сургуулийн захиргаа Цэргийн ерөнхий дээд сургуулийн хуулийн ангид намайг авна гэв. Ингэж л эртнээс нарийн нягт судалсан байгаа юм” гээд инээвхийлж сууна. Үнэхээр Монголын цагдаад тэр бага балчраасаа судлагдаж, шигшигдэж, танигдаж, чухамхүү хувь заяагаар иржээ. Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдаар 10 жил тасралтгүй ажилласан Монголын улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал Бугын Дэжид гуайн алтан он жилүүдэд Даваадорж хурандаагийн ажил алба өрнөдөг юм. Эрхэм хурандааг Өвөрхангайн цагдан сэргийлэхэд очоод удаагүй байхад буюу 1975 оны нэгдүгээр сард НАХЯ-ны сайд Дэжид албан ажлаар очих үедээ түүнд найрсгаар зөвлөгөө өгч амжилт хүсээд мөрөн дээр нь гараа тавьж хүндэтгэсэн удаатай. Хүн бүхний айдсыг төрүүлж байсан тэр лут сайд аймгийн сэргийлэхэд ирээд удаагүй байгаа залууд зориуд хандаж “Өөрөө өөрийгөө цэнэглээд явахад л амжилтад хүрдэг юм шүү” хэмээн зүрхнийхээ үгийг хэлсэн нь эрхэм хурандаад хэчнээн итгэл хүлээлгэж байсан нь тодорхой. “Дэжид сайд, Пүрэв генерал, боловсон хүчний дарга байсан Жамъян гээд л нар ямар зангарагтай, хүний таньц сайтай, хүнийг нэвт харж чаддаг, хэнийг ямар албан тушаалд хаана дэвшүүлэн томилохоо мэддэг агуу хүмүүс байгаа вэ” гэж дурсан яриад нэг жишээ сонирхуулсан.

“Дэжид сайд 1979 онд баруун аймгуудаар ажлаар яваад буцахдаа Өвөрхангайд цаг гаруйхан хугацаанд саатаж сэргийлэхийнхэн сайддаа богино хэмжээний урлагийн номер үзүүлсэн юм. Цагдаа Ө.Базарбат дуулж байгааг хараад “Хөөе Норсонжав аа (урлагийн гавьяат зүтгэлтэн) чи энэ хүүг ансамбальдаа ав. Ирээдүйтэй нөхөр байна” гэснээр Базарбат удалгүй Хилийн цэргийн ансамбаль руу сайдын урилгаар очиж гарамгай уртын дууч болж, Монгол Улсын гавьяат жүжигчин болсон түүхтэй. Чухамдаа хүнийг танина гэж энэ дээ” хэмээн өгүүлэв. Наян хоёр онд Жамбалсүрэн даргад нь Дэжид гуайгаас хувийн захиа ирсэн гэдэг. Тэр нь Даваадоржийг ажилдаа хэр дасч дадлагажиж байгаа тухай асуугаад хариу өгөхийг хүссэн захидал. Ийн асууж сураглаж судалсны үндсэн дээр наян хоёр онд Өвөрхангай аймгийн сэргийлэхийн даргаар томилсон байдаг. “Энэ тухай би яагаад ярих дуртай байдаг гэхээр боловсон хүчнээ судална, сонгоно, нөөцөлнө, дэвшүүлнэ гэдэг бол шат дараалсан их том ажил. Бараг л шинжлэх ухааны гэмээр ажил. Түүнээс зүгээр нэг тааралдсан юм уу, ойшоосон хүнээ тавьчихдаггүй бололтой” гэсэн нь үнэн сонсогдсон. Өвөрхангайн сэргийлэхийн даргын албыг аваад гурван жил орчим ажиллаж байтал Лувсангомбо сайдын нэгдүгээр орлогч Думбарай сайд шалгалтын групп ахлаад Хөвсгөл аймагт байгаа гэнэ, Хөвсгөл аймгийн сэргийлэхийн даргаар ажиллаж байсан Цогт-Очирыг өөрчилж түүний оронд Эрдэнэт хотод ахлах мөрдөн байцаагч байсан Цэндсүрэнг томилох нь гэсэн яриа дуулдах нь тэр. Тухайн үед Хөвсгөлд эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал маш хүнд байсан, аймгийн намын хорооны АДХГЗ-ны дарга, аюулаас хамгаалах хэлтсийн дарга, аймгийн прокурор зэрэг олон дарга нар “элдэв матаас” гэгчээс болж солигдсон ард олны дунд хэрүүл тэмцэл, элдэв янзын матаас ихтэй ширүүхэн байжээ. Гэтэл Лувсангомбо сайд “Хөвсгөлд шинэ хүн тавьж болохгүй байгаа бол Өвөрхангайн Даваадоржийг тавья” гэж хэлээд НАХЯ-ны коллегийн хурлаар оруулаад баталчихсан байна. “Хүн танихгүй, зан заншлыг нь мэдэхгүй, ярих зөвлөх дотно хүн байхгүй айдсаар толгойгоо цэнэглүүлсэн надад амаргүй даваа байлаа” гээд Хөвсгөлд очихдоо жигтэйхэн айснаа хурандаа нуугаагүй. Ямар сайндаа явахынхаа өмнө одоо сэрүүн тунгалаг, 90 насыг зооглож байгаа Дэжид эгчийгээ дагуулаад ламдсан байна. “Тэр үед чинь лам гэж ярих юм бол намаасаа, ажил албанаасаа хөөгдөнө. Бараг хулгайгаар нууцаар явж одоогийн Баянхошууны тийшээ Агаа гэдэг лам хөгшнийд очлоо. Агаа маань шал согтуу байж байна. “Би Хөвсгөл явахаар боллоо Агаа, та үзэж харж өгнө үү” гээд нэг шил юм барилаа. “Агаа, аа за за. Ногоон малгайтыг тийш нь явуулж байна уу. За болох байлгүй” гээд олигтой ч юм хэлсэнгүй” гэж сонирхуулсан. Хуучин нийгмийн үед нууж хаадаг л байснаас Бал даргаас аваад Улс төрийн товчооныхон бүгд ламдаж байсан тухай яригддаг. Мөн тийнхүү тэвдэж явахад нь Доржжанцан гэж Баянхонгорын Эрдэнэцогтын лам өвгөн Ленинградын гурван тулгатай сувинер шүншиглэж өгөөд бурхан тахилдаа тавихыг захижээ. Одоо ч хурандаагийн хоймрын шүүгээнд байж л байна. Ийм л паянтай, айдас хүйдэс, лам харгуйдаа тулаад Хөвсгөлийн их уулсыг зорив гэнэ. Долоо хоногийн дараа шуудангаар Агаа ламаас нь “Хөвсгөл аймаг гарт нь орноо, алтан Москва харагдаж байна, алтан Москва явна” гэсэн захиа ирсэн гэдэг. Үнэхээр ч Ах ламынхаа хэлснээр алтан Москвад хөл тавьж 1989-1991 оны хооронд хуучнаар ЗХУ-ын нийгэм задарч байх түүхэн он цагийг Дотоод явдлын яамны академид хоёр жил суралцах хугацаандаа нүдээр харсан азтай тохиол учирсан байдаг. Хөвсгөлд ажиллах хугацаанд аймгийн удирдлагууд, байгууллагын дарга нар, хуулийн нөхөдтэйгөө нэгэн зорилго сэтгэлээр нягтарсан уур амьсгалыг бүрдүүлж чадсан. Энэхүү амжилтыг бий болгоход сэргийлэн хамгаалах байцаагч Гомбожавын Нанчинбум, эрүүгийн ахлах чөлөөлөгч хүндэт чекист Нацагдоржийн Барням, Мандширын Хишигсайхан, өмчийн ахлах төлөөлөгч Майдарын Амгалан, ахлах мөрдөн байцаагч С.Ширэндэв нарын олон нөхдийн дэмжлэг байсныг бахдан хэлсэн. Ер нь тэрээр аль чиг аймагт очсон ажлын чиг шугамаа айхтар гаргуун тодорхойлж, юуны түрүүн эхлээд хүн ардын сэтгэл зүй, нийгмийнх нь сэтгэл зүйг уншдаг байж.

“Би шинээр томилогдож очсон газрынхаа музейг үзэх, ард иргэдийн зан заншил онцлог байдал, хүмүүсийн зан харилцааг судлах, хамт ажилладаг хүмүүсийн талаар тодорхой ойлголттой болохоос л ажлаа эхэлдэг байлаа. Орон нутгийн удирдлагатай анх уулзахдаа өөрийгөө таниулах талаар сайтар боддог, тэр хүнтэй юу ярих, юуг сонирхоод байгааг мэдэх, тэр хүний ажлын арга барилыг урьдчилан сонсч мэдээд өөрөө хэрхэн яаж хандаж, ямар зарчим барьж ажиллахаа төлөвлөнө. Нутгийн иргэдийн онцлог, сэтгэл зүйг хэр хэмжээндээ судалж түүндээ түшиглэдэг байсан минь нэг газарт тогтвортой олон жил ажиллах үндэс суурь болдог” гэж хэлдэг нь учиртай л үг. Монголын хоймор нутагт нэр төртэй ажиллаж, дөрвөн аймгийн арван хэдэн сумын 60 айлын малыг хулгайлсан 32 бүлэглэсэн хулгайч нарыг илрүүлэхээс аваад Улаан-Уулын төвд ганц биеэр амьдрах хэлгүй, дүлий Хажид гэгч эмгэний амь насыг хохироосон ноцтой хэргийг илрүүлэх ажлыг өөрөө биечлэн удирдаж Барням, Ширэндэв нарт үүрэг өгч илрүүлж Барням нь “Хүндэт чекист” цолоор шагнуулсан зэрэг олон баримтыг сонирхуулсан.“Би чинь Дархадын ёсонд үнэхээр суралцсан. Тэдний хэлдэг нутгийн онцлогтой үг хэллэг, ерөөлийг нь сурсан. Өлийн халзан давааны орой дээр дархад айлд очиж өөрсдийнх нь уудаг цайг ч хүртэл ууж л явлаа. Цайг нь эхлээд балгахад хэл ээдэрдэг гээд бодохгүй юу. Сүүлдээ дасчихдаг, тийм тусгай жортой. Аймгийн дарга У.Заяат гэж хүн “Өлийн халзан давааны орой дээр хүн хараад зугтаадаг малтай, мал хуй нь тэгж зэрлэгшсэн хоёр хөгшин бий, чи очоод ир” гээд явуулж байлаа. Малын ноосыг нь ч авдаггүй, хонины гэдэсний ноос 27 сантиметр, нурууных нь 50 сантиметр, ноос нь газраар чирэгдчихсэн хонь гэхэд бяруу шиг айл угтаж билээ. Ингэж л Хөвсгөлийнхөнд шингэсэн дээ. Эхлээд надаас цэрвэдэг байснаа сүүлдээ дагаж хамтарч ажилладаг болсон” гэж бага залуу насандаа ихэд жийрхэж очсон Хөвсгөлийнхөө таван жилийг хуваалцсан юм. Наян есөн оны наймдугаар сард Москвад ДЯЯ-ны академийн дээд курст явжээ. Хөдөөнөөс Москваг зорьж байгаа анхны хүн. Аймгийн сэргийлэхийн дарга нарыг явуулдаггүй, төвөөс ганц нэг тоотой хүн явдаг байсан тэрхүү бичигдээгүй хуулийг зөрчиж Москва морджээ. “Миний өмнө Сандаг-Очир генерал, Давааням хурандаа, Арслан хурандаа, Алтангэрэл хурандаа (Зоригийн хэрэг дээр тодордог), Сангарагчаа (Авлигатай тэмцэх газрын дарга асан) энэ хэд явсан” гэж дуулгасан нь бас л амаргүй нөхдийг төрүүлсэн сургууль гэдэг нь тодорхой. 1991 онд Москвагаас ирээд Баянхонгороо бараадсан гэнэ. Жамъянсэнгээдээ “Би төв газар суухгүй ээ. Намайг хөдөө томилоорой, тэр тусмаа төрсөн нутаг Баянхонгорт минь томилоорой. Нас 40 хүрлээ. Ээжийгээ ч нутагт нь нэг аваачъя” гээд нутагтаа очсон байдаг.

Монголын цагдааг “бүгд найрамдах вант улс”болгож тунхаглаж өгсөн алдарт Пүрэв генерал Даваадорж хурандаа хоёр элэг сэтгэл ойр явсан хүмүүс. Пүрэв генерал түүнийг төрсөн нутагт нь томилоод зогсохгүй дараа нь Дархан-Уул аймагт суулгаж, “Дарханы Даваадорж” хэмээн нэрших алдрыг нь өгч хувь заяаг нь хөтөлсөн байдаг. “Ерэн гурван оны намрын сүүл сард Дарханд очсон. Би чинь дандаа хөдөө аймгуудад ажилласан нэг талаасаа хөдөөний хүн очиж байгаа. Дархан бол олон газрын төвлөрөл хотожсон аймаг байлаа. Аймгийн дарга нь одоо Эрхүүд байгаа ерөнхий консул Л.Амарсанаа Хөвсгөлийн хүн. Орлогч нь Шадар сайд Ө.Энхтүвшингийн ах Жигжидсүрэн бас Хөвсгөлийнх. Тэр хоёр намайг Хөвсгөлийнх гэж бодож байсан. Баянхонгор нутаг минь болохоос Өвөрхангай гээд олон аймгаар овоглосон хүн юм. Дархан-Уул аймагт цагдаагийн даргаар 13 жил ажиллаад ерөнхий газарт ирж хяналт шалгалтын хэлтэст дөрвөн жил болоод тэтгэвэртээ гартал Дархан маань дахиад дуудлаа. “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компанийн цагдаагийн хэсгийн даргаар дөрвөн жил, аймгийн Биеийн тамир спортын хороонд менежерээр бас дөрвөн жил болсон. Мөн Дарханы цагдаагийн газрын даргын зөвлөх болоод түүнийгээ хийж байгаад хотод ирж Хан-Уулын цагдаагийн хоёрдугаар хэлтэст зөвлөхөөр ажиллаж байна. Монголын цагдаад хагас зууныг элээсэн ч өнөө мөн ялгаагүй буулганаасаа салалгүй хэрэг уншаад, ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ болоод сууж байна”хэмээн итгэл төгс хэлнэ билээ. Аргагүй л үг бүрээс нь луугар хурандаагийн зангараг, Монголын цагдаагийн амьд архив гэдэг нь мэдрэгддэг. ЦЕГ-ын дарга Баатаржаваас аваад бүх удирдлагууд нь Даваадорж хурандаагийн цэргүүд. Тэрээр Монголын цагдаад тасгийн даргаас дээш албан тушаалд 40 гаруй хүнийг бэлтгэн, сурган хүмүүжүүлж дарга болгосон гавьяатай. Үнэндээ Дархан хот бол цагдаагийн дарга нарыг төрүүлсэн уурхай болсон газар. Ер нь тэгээд цагдаад хэн хэнийг бэлдэж өгсөн гэдгээр нь тухайн хүнийг дүгнэдэг, хамгийн бодит үнэлгээ. Үүнд Даваадорж хурандаагийн үнэ цэнэ, сүр сүлд нь оршдог ажгуу.

“Хурандаагийн гэргий нь Раднаагийн Цэрэнбямбаа гэж нийтийн хоолонд ажиллаж байсан, ундтай устай сайхан хүн. “Найзууд маань “Чи азтай шүү, хурандаатай суугаад” гэдэг. “Би ханийгаа хув чихтэй хурандаа байхад нь суугаагүй, дэрчгэр чихтэй дэслэгч байхад нь суусан, харин хурандаа болгосон” гэж яриан завсраа инээд наргиан болгосон нь “Тэр ч үнэн байх шүү” гэх бодлыг төрүүлсэн. Тэднийх дөрвөн хүүхэдтэй. Том хүү Бямбадорж мөн л цагдаагийн албан хаагч. Одоо Булганы Хутаг-Өндөр сумыг хариуцсан тасгийн дарга, цагдаагийн ахмад. Харин дараагийн хүү Пүрэвдорж нь Утай гүмбүмд шашны сургууль төгссөн, Японд буддын шашин судлалаар докторын зэрэг хамгаалсан. Токиод гэр бүлээрээ амьдарч байна. Нэг хэсэг Дамбажав хамбын нарийн бичгээр ажиллаж байсан тэрээр Ажаа гэгээний шавь, эрдэм төгс нэгэн. Даваадорж хурандаа лам хүүгийнхээ Ажаа гэгээнтэй авахуулсан зураг сэлтийг бурхан тахилынхаа шүүгээнд хүндэтгэн байрлуулсан байна лээ. “Миний хүү чинь өөрөө түвд ном бичиг сурч, аавыгаа Москвад байхад “Би лам болно” гэж захиа бичээд шашны хүн болж, хувь заяагаа өөрөө л шийдсэн” гэв. Хурандаагийн энгэрийн зүүлт болсон ганц охин нь Эрдэнэбулган, эдүгээ нийслэлийн цагдаад ажилладаг басхүү дэд хурандаа. Бага хүү Эрдэнэмөнх нь Замын-Үүдийн тагнуулын даргаар ажиллаж байна. Энд нэг зүйлийг зориуд тодотгоход аав нь дөрвөн аймгийн цагдаагийн дарга хийж, цэргийн тушаалаар аймаг аймагт томилогдох хугацаанд хүүхдүүд нь хэчнээн олон сургууль, багшийн гар дамжсан нь барагцаалахын аргагүй. Нэг сургуульд, нэг багшийн гарт зүгширч байтал дахиад л өөр тийшээ явах болно, хичээл ном нь тэр чигтээ хаягдана. Гэвчиг бүгд онц сурч өндөр боловсрол эзэмшиж өдгөө нэртэй зүстэй яваа нь Цэрэнбямбаа эгчийн гавьяа гэж эрхгүй бодогдсон.

Хурандаагийнх аль ч аймагт байсан гэр нь зочдоор дүүрч, олны хүрээлэл дунд явж иржээ. Энэ нь Даваадорж ахын цагдаагийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, удирдаж явсан нөхдөө үргэлжид элгэн халуунаар дурсч, амьдарч асан газрынхаа ард түмнээр бахархдаг жудагт чанарт нь оршдог болов уу гэж санана. Тэрээр алдар суутнуудын хэлж ярьж, бичиж үлдээсэн ном туурвил, нийтлэлийг нарийн нягт уншиж, өөрийнхөөрөө боловсруулж, ажил албандаа тусган, хамт олондоо ярьж зөвлөдөг байсан нь өнөөгийн өндөрлөгт хүрэх бас нэг хөрс суурь нь болсон байх. Чухамхүү хоёр нийгмийн зааг он цагт НАХЯ болон Цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын бүхий л ажлыг толгойгоороо хариуцаж, дөрвөн аймгийн 40 гаруй суманд Монголын цагдааг төв хөдөөтэй холбох гүүр нь болж ирсэн нь том гавьяа юм. “Үнэндээ дөрвөн аймгийн ажлыг шалгана гэдэг төв газрын бидэнд амаргүй, боломжгүй мэт санагддаг. Гэтэл дөрвөн аймгийн цагдан сэргийлэх хууль хүчний ажлыг амьдралынхаа туршид жигд сайн авч ирнэ түүхэн гавьяа гэхээс өөр яахав. Энэ хүн нийгмийн амаргүй нөхцөлд хүнлэг чанараараа Монголын цагдаад нэрээ дуурсгасан” гэж буурал хурандаа Билгээ нь бахдан хэлнэ билээ.

“Манай Даваадорж жудаг ёс, хүнлэг чанар, ноён нурууны хувьд яриа байхгүй сайхан. Тэртээ далан гурван онд сургууль төгсөөд Өвөрхангайд очихоос нь хойш өнөөг хүртэл ах дүү, анд нөхөд шиг явж ирлээ. Монголын цагдаад шалгарсан дарга гэдгээ туулсан амьдралаараа бататгаж ирсэн түүнд гавьяат хуульчийг нь өгчихөж болдоггүй л юм байх даа” гэж цагдаад 30 шахам жил ажиллаад тэтгэвэртээ суусан үйлчилгээний гавьяат Ё.Ядамсүрэн гуай хэлсэн бол эрхэм хурандаагийн удирдлагад явж ирсэн цагдаагийн бэлтгэл хошууч Гарамжилын Ганбат “Би цагдаад насаараа зүтгэхдээ олон даргын нүүр үзсэн. Гэхдээ Даваадорж хурандаа шиг удирдлагад байгаа хүмүүстэйгээ харцаараа ойлголцож чаддаг хүнийг үзээгүй. Хурандаагийн зааварчилгаагаар1990-1993 онд Баянхонгорт бүх эзэнгүй хэргүүдийг илрүүлж байлаа. Ялангуяа аймгийн музейг тонон дээрэмдэж улсын хэмжээнд хоёрхон байдаг их гарын шүрэн толгойтой, шүрэн сийлбэртэй, алтан нуухтай хөөрөг болоод үе дамжиж ирсэн үнэт эдлэлүүдийг хулгайлсан хэргийг илрүүлж байлаа. Манай гэрийн хүн Доржпалам хурандааг ихэд хүндэтгэн дээдэлнэ. Намайг Баянхонгорт алба ажилтай байхад хурандаа хот руу ажлаар явах замдаа Архангайгаар дайрч гэр бүлийг маань эргэж, ахуй амьдралтай минь танилцаж байсан. Ингэж л хүний хүндлэлийг хүлээсэн, дандаа бусдын төлөө явдаг хүн. Тиймдээ ч үйлс заяа нь өндөр байдаг байх” гэв. Дарханыхан хурандаадаа ямархан хүндэтгэлтэй ханддагийнх нь илэрхийлэл “Махын Дэлэг” гэж алдаршсан “Мах импэкс”-ийн захирал Дэлэг гуайн хүү Амарбаярын үгнээс мэдрэгддэг. “Даваадорж хурандаа аавтай минь нэг нутаг усны Баянхонгорын хүмүүс. Дархан хотод хонгор нутгийнхаа ард түмнийг төлөөлдөг байлаа. Ламын гэгээний ой зэрэг олон баярт хурандаа маань тэргүүлээд бусдыгаа удирдана. Аавын минь оронд аав минь болсон хан уул. Ер нь Дарханы хүн бүгд хурандаагаа тэгж хэлнэ дээ” гэсэн. Энэ мэт олон дурсамж дурдатгалыг шигтгэх байна.

Тэр жил дарга нарын цугларалт дээр Пүрэв генерал “Орон нутгуудын даргаар би Даваадоржоо томилмоор байна” гэж шулуухан хэлжээ. Домогт генералыг “Монголын цагдаагийн загалмайлсан эцэг” гэдэг. Харин “дарга нарын дарга” гэх хүндэтгэл Даваадорж гуайд байдаг нь өнөө л өвгөн генералынх нь хайрласан өндөрлөг байх нь. 1996 онд түүнд хурандаа цолыг нь өгсөн байна. Орон нутгийн дарга нарт өгөхгүй байж байгаад анх Лувсандорж, Саадэлэг тэр гуравт өгсөн түүхтэй. Тухайн үед Даваадорж дарга эмнэлэгт байж таарчээ. “Төвийн цагдаагаас Пүрэв гэж хүн ярья гэхээр нь генералыг байна гэж мэдээд шархандаа жаахан түүртсэн амьтан утас автал “Нөхөр хурандаагийн амрыг ирье. Та чинь олгойнд дээрэлхүүлээд эмнэлэгт байгаа сураг дуулдав уу. Таныг хурандаа цолоор шагнаснаа би ёс журмынх нь дагуу илтгэж байнаа” гэхэд нь хэлэх үггүй, хоёр нүдний нулимс асгарч байлаа. Дараа нь Дарханы Амарсанаа дарга эргэж ирэхэд энэ тухайгаа сэтгэл хөдлөн ярьж байлаа. Хурандаа гэдэг ийм л хүндтэй цол байсан даа” гэх үгээр энэхүү тэмдэглэлээ өндөрлөе. Түүний тухай өгүүлнэ гэдэг зуун жилийн түүхтэй Монголын цагдаагийн хагас зууны түүх бичигдэнэ. Сонины нэг нүүрт байтугай бүхэл бүтэн номын хэмжээ яригдах нь дамжиггүй. Арга байхгүй, Монголын цагдаагийн тамгатай хурандаа юм аа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Хоёр мянга дөрвөн оны сонгууль” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа. Тэрээр Агаарын тээврийн хэлэлцээгүй ч нислэг үйлдүүлж байгаа нь хоёр орны харилцаа өөр түвшинд гарсны илрэл” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайхан өмгөөлөгчөөрөө дамжуулж, манай сонины редакцид хаяглан захидал илгээжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Өдрийн сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч “Баримт үзэл бодол”ын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабар “Хоёр мянга дөрвөн оны сонгууль” хэмээлээ.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Алтанзагастай ярилцлаа. Тэрээр “Дуу цахилгаантай борооны үеэр модны доор орохоос зайлсхийх хэрэгтэй” гэлээ.

Өдрийн сонины лхагва гаригын дугаарт уламжлал болгон гардаг “Дэлхийн хүн” булан таны гарт хүрч байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө сэрүүсэж 17-19 градус дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө сэрүүсэж 17-19 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Үндэсний геологийн албыг байгуулав

УУХҮЯ-ны харьяанд Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг Үндэсний геологийн албыг байгуулахаар УИХ-аас 2020 оны 01 дүгээр сард шийдвэрлэсний дагуу Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргалаа.

Үндэсний геологийн алба нь 6 хэлтэстэй 68 хүний орон тоотой байна. Түүний бүтцэд Ашигт малтмал газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтэс болон Эрдэс баялаг Геологийн судалгааны төв нь нэгж хэлбэрээр Геологийн судалгааны төв ТӨҮГ болон Геологийн төв лаборатори ТӨҮГ нь харьяа байгуулагууд болж нэгтгэгдэх юм. Ингэснээр гадаад нэгж болох Геологийн судалгааны төв нь /УТҮГ-ын хэлбэрээр/ Геологийн төв лабораторийг /ААТҮГ хэлбэрээр/геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах үйлччлэх, үйл ажиллагаг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах байдлаар ажилллах аж.

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын хэвлийн геологийн тогтоц, бүтцийг судалж, ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлснээр уул уурхайн салбарын тогтвортой үйлдвэрлэлтийг түүхий эдээр хангах, хот суурин, бүс нутгийн хэмжээнд геоэкологи, гидрогеологийн судалгааг гүйцэтгэх, газар хөдлөл, газрын гулсалттай холбоотой нутаг дэвсгэрт нэгдсэн тайлал хийж, дүн шинжилгээ өгөх нь тус Үндэсний геологийн албаны зорилго байх юм. Улсын хэмжээний эрдэс баялагийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, нууцын зэрэглэлээс бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх нь тус албаны зорилт байх юм.

Түүнчлэн нэг талбайд ашигт малтмалын нэр төрлөөр нь ижил төстэй геологийн судалгаанууд хийгдэж, давхар үргүй зардал гаргаж байгааг зогсооно. Салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг тогтвортой ажлын байраар хангаснаар ажлын чанар сайжирч, томоохон ордуудыг улсын төсвийн хөрөнгөөр шинээр нээх, дагалдах хот суурингуудыг байгуулах боломжтой болно. Геологийн салбар нь ашигт малтмалын нөөц тогтоохоос гадна маш олон төрлийн судалгаа хийдэг. Судалгааны дүнг бүхий л салбарт ашигладаг онцлогтой. Иймд бие даасан агентлаг байгуулснаар тус байгууллагын гүйцэтгэх үүрэг улам өргөжих юм.

Хаврын тариалалтыг 15-20 хувиар нэмэгдүүлжээ

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 10.6 хувиар, төмснийх 18.1 хувиар, хүнсний ногоо 26.5 хувиар тус тус ахиу байна.

Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 05 дугаар сарын 09-нөөс эхлүүлж, урьдчилсан байдлаар нийтдээ 490.2 мянган га-д тариалалт хийжээ.

Үр тариа 375.1 мянган га-д тариалснаас 358.3 мянган га-д улаанбуудай, төмс 17.4 мянган га-д, хүнсний ногоо 8.5 мянган га-д, тосны ургамал 56.1 мянган га-д, тэжээлийн ургамал 28.8 мянган га-д, жимс, жимсгэнэ 3.5 мянган га-д тариалаад байна. Тариалалтад зүтгэх хүчний трактор 4533, үр тарианы үрлүүр 2200, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 547 ажиллаж тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэжээ.

Энэ оны 6 дугаар сарын 19-ны байдлаар гурилын үйлдвэрүүдийн агуулахад 16.3 мянган тонн гурил, 51.1 мянган тонн буюу 38.3 мянган тонн гурил үйлдвэрлэх хэмжээний улаанбуудайн нөөц байгаа бөгөөд шинэ ургац хүртэл шаардагдах 54.0 мянган тонн гурилын хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой гэсэн тооцоо гаргажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Сонгуулийн тухай хуулийн 9.3 дахь хэсэгт ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт маргааш буюу лхагва гарагт орон даяар Улаанбаатарын цагаар 07:00 цагт эхэлж, 22:00 цагт дуусна.

Бүх нийтийн амралтын өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журмын дагуу маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг явж эхэллээ

Энэ сарын 21-нд Төв, Говьсүмбэр аймгийн зааг Баян, Баянтал сумын нутгаар 17:15-18:00 цагийн хооронд орсон аадар борооны улмаас үер бууж Агуйт, Наран-Элгэн зөрлөг орчим 572-592 дугаар км-т төмөр зам үерийн усанд угаагдаж, галт тэрэг явах боломжгүй болоод байсан билээ.

Тэгвэл Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн төмөр замын ажил хийгдэж дуусаж, өнөөдөр буюу 23-наас эхлэн хэвийн ажиллаж эхэлжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

​АСЕАН-ы ээлжит чуулган онлайн хэлбэрээр явагдана

АСЕАН-ы 36 дахь дээд хэмжээний чуулга уулзалт зургадугаар
сарын 26-нд онлайнаар явагдана. Энэ удаагийн хурлыг зохион
байгуулагч орон нь Вьетнам. Тус улсын ерөнхий сайд Нгуен Суан
Фука даваа гаригт теле уулзалт хэлбэрээр зохион байгуулах
болсноо мэдэгджээ.

Төлөвлөгөө ёсоор Зүүн өмнөд Азийн орнуудын
хамтын ажиллагааны нийгэмлэг буюу ACEAН-ы ээлжит чуулган
өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-9-ний хооронд болох байв. Гэвч
коронавирусийн цар тахлаас үүдэн хойшлогдоод буй. Энэ удаагийн
чуулга уулзалтын хүрээнд бүс нутгийн маргааныг шийдэхэд АСЕАН-ы
үүргийг бэхжүүлэх, мөн бүс нутгийн хэмжээнд цахилгаан, хүнсний
аюулгүй байдлыг хангах, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахад
хамтрах, үндэстэн хоорондын болон үндэстэн дамнасан гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зэрэг өргөн асуудлыг хөндөх
аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР