Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Зарим гол мөрний усны түвшин 50 хүртэл см нэмэгджээ

Усархаг борооны улмаас зарим гол мөрний усны түвшин нэмэгдээд байна. Зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Улиастай, Сэлбэ, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Сэлбэ, Хурх, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-50 см, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Орхон гол Сүхбаатар хот орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 5-50 см нэмэгдсэн байна. 6 дугаар сарын 26-ны өдөр Туул гол Улаанбаатар хот, Хэрлэн гол Багануур дүүрэг, Онон гол Дадал орчимд усны түвшин 10-20 см нэмэгдэнэ.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
  • Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хариу нэхээгүй тус” аяныг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд тус ангид 23 дах жилдээ ажиллаж байгаа амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч М.Ганзоригийн байшинг бүрэн засварласан бол аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч У.Ган-Эрдэнийн байшинд 4х5 хэмжээтэй залгааг шинээр барьж өглөө.

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тус ажил нь одоогийн байдлаар 30 хувьтай явагдаж байна.

Ангиас зохион байгуулсан засвар, тохижилтын ажилд идэвх санаачлагатай оролцсон аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Л.Гансүхийн байшингийн хуучин гурван цонхыг шинэ вакуум цонхоор сольж, засварын ажлын гол багаж болох компрессорыг бэлэглэлээ.

Түүнчлэн 18 жил үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Магнайбаярын нийгмийн асуудлыг аймгийн удирдлагуудад танилцуулж, иж бүрэн таван ханатай гэртэй болголоо гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ -25

Ковид-19 халдварын эргэн тойронд: тандалт, судалгааны тойм–15 ...

1. Швейцарийн судлаачид коронавируст халдварын гэр бүлийн доторх халдварлалтыг судлахаар 1339 өрхийн 2766 хүмүүсийг хамруулан судлахад эхний долоо хоногт гэр бүлийн гишүүдийн 4.8%, хоёр дахь долоо хоногт 8.5%, гурав дахь долоо хоногт 10.9%, дөрөв дэх долоо хоногт 6.6%, тав дахь долоо хоногт 10.8%-д COVID-19-ийн эсрэг бие илэрчээ.
2. Бельгийн төв эмнэлгийн 3056 ажилтанд коронавируст халдварын эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд 6.4%-д IgG эсрэг бие илэрчээ. Эсрэг бие илэрсэн ажилтнуудын 15%-д ямар ч шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгджээ.
3. Хятад, Итали, Япон, Сингапур, Канад, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудын тархвар судлалын мэдээлэлд үндэслэн COVID-19-ийн тархалт наснаас хамааралтай эсэхийг математик загварчлалаар судлахад 20-оос доош насны хүмүүсийн халдварын өртөмтгий байдал нь 20-оос дээш насны насныхнаас 2 дахин бага байсан бол 70-аас дээш насныхны 69% нь халдварт өртөмтгий байжээ.
4. Судлаачид Европ, Хойд Америк, Азийн зарим оронд коронавируст халдварын мэдэгдэхүйц бууралтыг хөл хорио, хөдөлгөөн хязгаарлалт болон сүргийн дархлаатай холбон тайлбарласан.
5. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвд бүртгэгдсэн коронавируст халдварын 1 406 098 тохиолдлын мэдээллийг судлахад нийт тохиолдлын 32% нь зүрх судасны эмгэг, 30% нь чихрийн шижин, 18% нь уушигны архаг өвчтэй байв. Эдгээр хүмүүс архаг хууч эмгэггүй хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт хэвтэх нь 6 дахин, нас баралт 12 дахин их байна.
6. Вашингтоны их сургуулийн эрдэмтэд хүн бүр амны хаалт зүүхгүй бол АНУ-д 10 сарын 1 гэхэд 180 000 орчим хүн эндэх эрсдэлтэй гэсэн тооцооллыг хийжээ. Хэрэв хүн амын 95% нь амны хаалт зүүвэл энэ тоо 146 000 орчим болж буурна гэжээ.
7. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв нь КОВИД-19 вирус болон томуугийн А, В хүрээний вирусийг зэрэг илрүүлдэг тест бүтээжээ. Коронавирусийг илрүүлэх шинжилгээний явцад томуугийн вирусийг илрүүлэх боломжтой ажээ. Энэ нь цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд нөөцийг хэмнэх чухал ач холбогдолтой, мөн зөв оношлох, эмчилгээг зөв хийхэд чухал гэжээ.

Categories
мэдээ спорт

Монголын хоёр тулаанч Солонгост өрсөлдөнө

БНСУ-ын холимог тулааны “ROAD FC” холбооны “ARC002” тэмцээн долдугаар сарын 18-нд болохоор тов гарчээ.

Энэхүү тэмцээнд сонирхогчдын боксын ОУХМ, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт М.Нандин-Эрдэнэ (зураг дээр) болон Н.Чингүүн гэсэн Монголын хоёр тулаанч өрсөлдөхөөр болов.

Өнгөрсөн тавдугаар сард холимог тулаанд 12 дахь ялалтаа байгуулсан М.Нандин-Эрдэнэ 75 кг-ийн жинд 19 дэх тулаанаа хийнэ. Тэгвэл Н.Чингүүн “ROAD FC” холбооны анхны тулаанаа 70 кг-ийн жинд ROAD-д гурван тулаанд ялалт байгуулаад буй Өмнөд Солонгосын 186 см өндөртэй тамирчин Пак Си Вонтой хийхээр болжээ.

Categories
гадаад мэдээ

Гадаадын хэвлэл мэдээллийнхэн Монголын сонгуулийн талаар юу гэв?

Монгол Улсад өчигдөр болж өндөрлөсөн УИХ-ын сонгуулийн талаар гадны хэвлэлүүдэд юу гэж онцолсныг товчлон хүргэе.


ВВС

-Дэлхий даяар коронавируст цар тахлын халдвар тархсан ч өнөөдөр Монгол Улсад шинэ парламентыг сонгох ээлжит сонгууль зохион байгуулагдаж байна. Ингэснээр тус улс нь БНСУ-ын дараа энэ онд сонгууль зохион байгуулж буй дэлхийн хоёр дахь улс орон болж байна.

-Сонгогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс сонгогчдын халууныг хэмжиж, санал авах байрыг халдваргүйжүүлэх, сонгогчдод нэг удаагийн бээлий тараах зэрэг арга хэмжээнүүдийг авсан байна.

-Монгол Улсад сонгуулийн сурталчилгааны үеэр томоохон цугларалтууд зохион байгуулахыг халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хориглоод байсан юм. Одоогоор засагладаг Монгол Ардын Нам нь парламентын 76 суудлын дийлэнхийг нь авч үлдэж чадна гэсэн найдвар байгаа аж.

Associated press

-Коронавирусээс шалтгаалсан эдийн засгийн олон хүндрэл дунд өрнөсөн сонгууль болж байна. Монгол Улс нь цар тахлын үед сонгуулиа зохион байгуулсан БНСУ-ын дараа орсон хоёр дахь улс. Монголчуудын хувьд ардчилсан үндсэн хууль батлагдсанаас хойш хийж буй найм дахь сонгууль.

-Энэ удаагийн сонгуульд 29 тойрогт 600 гаруй нэр дэвшигч өрсөлдсөн. Хүн амын дийлэнх нь оршин суудаг Улаанбаатар хотын нэг тойрогт дунджаар 28 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Эдийн засгийн гол төв гэдэг утгаараа Улаанбаатар хотод хоёр гаруй сая хүн оршин суудаг аж.

-Монгол Улсын нийт хүн амын 30-аас дээш хувь нь нэн ядуу ангилалд хамаардаг гэсэн судалгаа байдаг. Далайд гарцгүй улсын хувьд эдийн засгийн гол тулгуур нь уул уурхай, олборлох үйлдвэр. Монголд хэрэгжиж буй хамгийн том зэсийн төсөлд хөрөнгө оруулж буй Рио Тинтотой Засгийн газар нь маргаантай байгаа. Гаднын хөрөнгө оруулалтаар амь залгуулдаг энэ улс хөрөнгө оруулалтаа зогсоочихгүй, улам нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг. Гэсэн ч Рио Тинтотой үүсгэсэн маргаан хөрөнгө оруулагчдад “эсрэг” мэдээлэл юм. Тус улсын гадаад өр 23 тэрбум ам.доллар. Эдийн засгийнх нь чадамжаас даруй хоёр дахин илүү өртэй байгаа нь тус улсын хувьд хамгийн том сорилт юм.

-Монгол Улс коронавирусийн халдвараа дотооддоо алдахгүй барьж чадаж байгаа нь эрх баригч улс төрийн хүчин сонгуульд эерэгээр сурталчлах нэг үндэс болсон. Гэхдээ нэг зүйлийг дурдахгүй байхын аргагүй. Монгол Улсын эдийн засаг хүнд байдалд орчихсон. Түүхий эдийн үнэ хэлбэлзэлтэй, байрны хүрэлцээ муу зэрэг нь хоёр улс төрийн хүчний хэрүүлээс илүү шийдэх ёстой асуудал юм.

New York Times

-Өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай Монгол Улсад өнөөдөр парламентын сонгууль болж байна. АНУ-ын холбоотон тус улс нь авторитар засаглал бүхий БНХАУ, ОХУ-ын дунд оршдог юм. Монгол Улс коронавирусийн эсрэг амжилттай тэмцэж байгаа энэ үед сонгуулийн санал хураалт болж байна. Тус улсад “COVID-19” халдварын 215-хан тохиолдол бүртгэгджээ. Тэдгээр тохиолдол нь бүгд зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

-Далайд гарцгүй Монгол Улс нь байгалийн баялгийн арвин нөөцтэй боловч түүхий эдийн үнийн уналт, Засгийн газар болон “Rio Tinto” зэрэг томоохон хөрөнгө оруулагчдын хооронд олон нийтийн анхаарлыг татсан маргаан үүссэнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хүндрэл учирчээ. Монгол Улс халдварын эсрэг амжилттай тэмцэж байгаа хэдий ч цар тахлын улмаас эдийн засаг агших төлөвтэй байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна.

-Авлигын асуудал болон улсын өр 23 тэрбум орчим ам.долларт буюу жилийн эдийн засгийн гарцаас хоёр дахин өндөр хэмжээнд хүрсэн нь эдийн засагт тулгамдсан асуудал болжээ. Үүний улмаас Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувь нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байгаагаас гадна орлогын тэгш бус байдал, хээл хахууль зэрэг асуудлууд нь бусад намаас нэр дэвшигчдийн сонгогдох магадлалыг нэмэгдүүлэхэд нөлөөлж магадгүй байгаа юм.

-Монгол Улс коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд нэгдүгээр сараас хилүүдээ хаажээ. Халдвар илэрсэн хүмүүсийн дийлэнх нь ОХУ болон бусад орноос ирсэн монголчууд байгаа юм. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, халдвар авсан 158 хүн эдгэрсэн бол 57 хүн эмчлүүлэн тусгаарлагдаж байгаа ажээ.

Xinhua

БНХАУ-ын төрийн мэдлийн “Xinhua” агентлагын мэдээлснээр “2020 оны УИХ сонгууль цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа. Иргэд саналаа өгөхөөр санал хураах байранд ирэхдээ өөр хоорондоо 1.5 метрийн зай барьж, зөвхөн амны хаалт зүүсэн хүн халуунаа хэмжүүлж, гараа ариутгасны дараа нэг удаагийн бээлий өмсөж, санал өгч байна. Энэ удаагийн сонгууль орон даяар 2070 санал авах байранд 07:00 цагт нэгэн зэрэг албан ёсоор эхэлж, санал хураалт 15 цаг үргэлжилнэ” гэжээ.

The straits Times

Ази, номхон далайн бүс нутгийн улс төр, геополитикийн асуудлаар дагнан бичдэг Сингапурын “The Straits Times” сонинд “Иргэдийн дунд сонгуулийг хойшлуулах ёстой гэх шүүмжлэл, маргаан хүчтэй өрнөж байсан ч 2020 оны УИХ-ын сонгууль товлогдсон өдрөө буюу лхагва гаригт эхэллээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр нам, эвслүүд болон нэр дэвшигчид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг зөрчиж байгаа үйлдэл нэлээд ажиглагдсан юм.

Цар тахлын улмаас эх орондоо харьж чадалгүй гаднын орнуудад гацаад байгаа мянга мянган Монгол Улсын иргэн энэ удаагийн сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүй болсон. Өнөөдрийн байдлаар найман мянга орчим Монгол Улсын иргэн гаднын оронд гацсан байгаа” гэжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

үер усны аюул | News.MN

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи зүүн хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 26, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Үүдэн цахир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ иргэн Б-ийн дугаартай “Соната-6” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 22:33 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер – Усны үер: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн “Цагаан толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ тус сумын нутгаар 06.24-ний өдрийн 17:20 цагийн орчимд усархаг аадар бороо орсны улмаас иргэн Б-ийн “Марк-2” загварын суудлын автомашин үерт хөвсөн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 8 км зам туулан 18:05 цагт очиж, суудлын автомашинд зорчиж явсан 3 иргэнийг эсэн мэнд гаргаж, автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээсэн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Улаанбаатар хотод 06.24-ний өдрийн 14:00 цаг, 17:30 цагуудад усархаг бороо орж үер буусны улмаас “Тахилт”-ын автобусны 3 дугаар буудлын хажуугаас 1 том хүн, 1 хүүхэд үерийн усанд урссан тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 18:39 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид 25 км зам туулан 19:13 цагт очиход тус дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын 27 дугаар гудамжны “Задгай”-д оршин суугч иргэн Б/21 настай, эмэгтэй/, Т /11 настай, эрэгтэй нарыг иргэд үерийн уснаас татан гаргасан байсан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1, 2,3,4,5 дугаар багт тус суманд 06.24-ний өдрийн 18:55-20:50 цагийн хооронд аадар бороо /мөндөр/ орж үер болсны улмаас 06.25-ны өдрийн 01:00 цагийн байдлаар 99 айл өрхийн гэр хашаа /84 гэр, 15 байшин/, 13 аж ахуйн нэгж байгууллагын барилгын зоорийн давхар, 9 орон сууцны байрны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн зам талбайн 80 хувь нь усанд автсан тухай 121 дуудлага бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид зам арчлалтын “Харгуй” ХХК-ийн ажилтнууд сэргээн босгохоор ажиллаж байна. Үерт өртөж гэртээ амьдрах боломжгүй болсон 4 айл өрхийн 7 том хүн, 5 хүүхэд, нийт 12 хүнийг Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн дотуур байранд түр байрлуулж байгаа бөгөөд тус аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын 06.24-ний өдрийн 19:00 цагийн мэдээгээр 06.25-ны өдрийн 01:00 цагаас эхлэн усархаг аадар бороо орох тул ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр хүч нэмэгдүүлэн Үндэсний аврах бригад,Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 04.24-ний өдрийн 23:00 цагт явж, БНД-ийн ОБХ-ийн бүлэг 03:15 цагт, ҮАБ-ын бүлэг 05:40 цагт очсон.

Хүчтэй салхи, шуурга: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 40 дүгээр байр тус сумын нутгаар 06.24-ний өдрийн 17:00 цагийн орчимд салхины хурд 20 м/с хүрсний улмаас 5 давхар орон сууцны байрны төмөр дээвэр хууларч зогсоолд байсан “Приус-30” загварын суудлын автомашин дээр унасан тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км зам туулан 17:13 цагт очиж 7х28 метрийн хэмжээтэй төмөр дээврийг зайлуулж дарагдсан автомашиныг гаргасан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хёрхон” гэдэг голын эргээс таана, мангир түүхээр 06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон /Хёрхон голд живсэн байж болзошгүй/ тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 06.23-ны өдрийн 22:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.24-ний өдрийн 04:00 цагт мотоциклыг нь Хёрхон голын эргээс олсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 06.24-ний өдрийн 10:30 цагт Дадал сумын чиглэлд явж мөн өдрийн 17:50 цагт очиж хоносон. 06.25-ны өдрийн 04:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Усанд суусан: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Сөрдөгийн гарам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 35 км-т/ Төв аймгийн Мөнгөнморьт сумын тус багийн ‘’Тэнүүн’’ гэдэг газраас Мөнгөнморьт сумын төвийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан 2 ЗИЛ-131 загварын ачааны автомашин Хэрлэн голын усанд суусан тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар алба хаагчид 35 км зам туулан 23:20 цагт очиж нийслэлийн Багануур дүүргийн иргэн Б /45 настай, эрэгтэй/, мөн дүүргийн иргэн О /20 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гол гаталгаж, автомашиныг татан гаргах боломжгүй тул орхисон.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт багийн “Долоон худаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т, аймгийн баруун урд зүгт 150 км-т/ тус сумын нутгаар 06.24-ний өдрийн 01:00-03:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас тус багийн харьяат малчин Д-ийн 200 орчим бог мал үерт өртөж хорогдсон. Мэдээллийг тус сумын Засаг дарга Б.Эрдэнэбулган 06.24-ний өдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт багийн “Хараат-Уул” гэдэг газар тус сумын нутгаар 06.24-ний өдрийн 01:00-03:00 цагт аадар бороо орсны улмаас хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт шороо, чулуу овоорон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан. Булган ААЗА” ХХК-ийн ажилтнууд ажиллаж авто замын зорчих хэсэгт овоорсон шороо, чулууг цэвэрлэсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга Б.Эрдэнэбулган 06.24-ний өдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Булган аймгийн Рашаант сумын Хөгнөхаан багийн “Багахааны-Өвөр” гэдэг газар / сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ тус сумын нутгаар 06.24-ний өдрийн 02:00 цагт усархаг аадар бороо орсны улмаас Э-ын 71 бог, 3 бод, Х-ын 26 бод, Н-ын 38 бог, Х-ын 19 бог, 17 бод , нийт 128 бог, 57 бод мал, нийт 185 мал хорогдсон. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гончиг мөн өдрийн 17:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Categories
мэдээ нийгэм

​Элсэлтийн ерөнхий шалгалтын журмаас

No photo description available.

1. ЭЕШ-ын хуваарийг БСШУСЯ-тай зөвшилцөн БҮТ / http://www.eec.mn/article449/ зарласан бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.

2. Шалгуулагчид Та бүхэн шалгалтын байранд “Суудлын хуваарь”-т бичигдсэн хугацаанаас хоцрохгүй ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурьдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

3. Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

3.1 Бүртгэлийн хуудас / 2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна/;

3.2 Суудлын хуваарь;

3.3 Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавалгааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/;

3.4 Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг.

4. Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

5. ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

6. Хариултын хуудсыг санамжийн дагуу балын харандаагаар тод засваргүй бөглөнө.

7. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас /цаашид шалгалтын материал гэх/-ыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд зөвшөөрөгдсөн эрх бүхий хүнээс бусад хүн орж, гарахыг хориглоно.

8. Шалгуулагч эрүүл мэндийн байдлаас болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

9. Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэх явцад бусдаас дэмжлэг тусламж авах, бусдад тусалсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулбал шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.

10. Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноог хүчингүй болгоно.

11. Иргэн, хуулийн этгээд нь шалгуулагчийг хууль бус үйлдэл гаргахад дэмжлэг үзүүлсэн, үгсэн хуйвалдсан, нуун дарагдуулах, ЭЕШ-ын бэлтгэл болон явц, дүн оноотой холбоотой санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр худал мэдээлэл тарааж байгууллагын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

12. ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай болон шалгалтын дүн оноотой холбоотой бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

Categories
мэдээ нийгэм

О.Ариунтуяа: Дараагийн долоо хоногт нийт халдварын тоо 10 саяд хүрэх нь тодорхой

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа:

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын 9.1 сая гаруй тохиолдол, 470 мянган нас баралт бүртгэгдсэнийг ДЭМБ-д мэдээлэгджээ.

COVID-19 халдварын дэгдэлтийн эхний сард 10 мянга ч хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн сард дөрвөн сая гаруй тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Дараагийн долоо хоногт ч нийт халдварын тоо 10 саяд хүрэх нь тодорхой байна.

Вирусийн тархалтыг амжилттай зогсоосон улс, орнуудад халдвар дахин сэргэх тохиолдол гарч байна. Улс, орнуудад хүн амын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ нийгэм эдийн засгийн хохирлыг багасгах давхар шаардлага тулгарч буй.

ДЭМБын ерөнхий захирал хэвлэлийн хурлын үеэр улс, орнуудын засгийн газруудад хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахын хажуугаар амжиргааг нь хэвээр байлгах шинэлэг шийдэл олохыг уриалжээ.

COVID-19 эрүүл мэндийн тогтолцоо, боловсон хүчинд хөрөнгө оруулахын үнэ цэнэ болон эв нэгдэл, бэлэн байдлын чухлыг ойлгууллаа.

Өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс хоёр жил тэмцсэний эцэст Эбола халдварын дэгдэлтийг дууссаныг зарлах гэж байна. Эбола вирусийн эсрэг авсан арга хэмжээ буюу халдварыг эрт илрүүлж, шуурхай хариу арга хэмжээ авах нь COVID-19 халдварыг зогсооход мөн чухал байгаа юм.

ДЭМБаас эхийн сүүгээр дамжин коронавирус хүүхдэд халдварлах чадвартай эсэхэд үнэлгээ хийсэн.

СOVID-19 халдвар авсан нь батлагдсан 46 эхэд хийсэн тус судалгаагаар 43-ынх нь хөхний сүүнд вирус илрээгүй. Харин 3 эхэд эерэг хариу гарсан ч амьд вирус тодорхойлогдоогүй. Мөн 15 эхийн хөхний сүүний сорьцын 13-т нь дархлалын урвал үүссэн байжээ.

Тиймээс дээрх судалгаанд үндэслэн хөхөөр хооллохын ач тус нь халдвар дамжих эрсдлээс илүү гэж үзэн ДЭМБаас ээжүүдэд хүүхдээ хөхөөр хооллохыг зөвлөсөн.

Categories
мэдээ нийгэм

Таана, мангир түүхээр явсан хоёр иргэн сураггүй алга болжээ

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хёрхон” гэдэг голын эргээс таана, мангир түүхээр 2020.06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болжээ.

Иргэд голд живсэн байж болзошгүй гэдэг дуудлагыг 2020.06.24-ний өдрийн 06:40 цагт ирүүлсний дагуу Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 06.23-ны өдрийн 22:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.24-ний өдрийн 04:00 цагт мотоциклыг нь Хёрхон голын эргээс олжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 06.24-ний өдрийн 10:30 цагт Дадал сумын чиглэлд явж мөн өдрийн 17:50 цагт очиж 06.25-ны өдрийн 04:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Мах боловсруулах үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд өгөх ЗӨВЛӨГӨӨ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын үед мах боловсруулах үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөгөөг боловсруулсныг хүргэж байна.

Аж ахуйн нэгжид:

  • Биеийн халуун үзэх
  • Ам, нүүрний хаалт зүүх
  • Малгай, хормогч, бээлий өмсөх
  • Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
  • Махны мод, тавцан, хутга, хөрөө, махны машин зэргийг хэрэглэх бүртээ зориулалтын шингэнээр угааж цэвэрлэх
  • Бохирдсон хормогч, ханцуйвчийг зориулалтын шингэнээр тогтмол угааж цэвэрлэх
  • Сандал, хөргөгч, хаалганы бариул, хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 25мл белизна хийсэн уусмалаар өдөрт 2-оос доошгүй удаа халдваргүйжүүлэх
  • Сард 1 удаа мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх
  • Халдвар судлагч, хүнсний технологич, эрүүл ахуйчийн бүрэлдэхүүнтэй багийг урьдчилан томилон, халдвар эсэргүүцэх төлөвлөгөөтэй байх
  • Халдвар хамгааллын хяналт тавих хүн ажиллуулах
  • Хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Мах бэлтгэгч, худалдагч нарт:

  • Ам, нүүрний хаалт зүүх
  • Малгай, хормогч, бээлий өмсөх
  • Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
  • Гараа сайтар савандаж угаах
  • Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчтэй байх
  • Махны мод, хутга, ирлэгч зэргийг бусадтай сольж хэрэглэхгүй байх
  • Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
  • Бохир гараар ам, хамар, нүүрэндээ хүрэхгүй байх
  • Ажлын хувцсаа тогтмол угааж, цэвэрлэх, хоорондоо солихгүй байх
  • Ус,ундаа ам дамжуулан хэрэглэхгүй байх
  • Ковид-19-ийн талаарх мэдээлэлтэй байх

Үйлчлүүлэгчдэд :

  • Амны хаалт зүүх
  • Маханд гар хүрэхгүй байх
  • Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
  • Тахиа, загасны махыг угааж хэрэглэх
  • Далайн гаралтай бүтээгдэхүүн аль болох хэрэглэхгүй байх
  • Сав,баглаа, боодлыг чийгтэй алчуур, нойтон сальфетикаар арчих
  • Түүхий болон боловсруулсан бүтээгдэхүүнийг тус тусад нь байлгах