Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ё.Отгонбаяр: Агаарын тээврийн хэлэлцээгүй ч нислэг үйлдүүлж байгаа нь хоёр орны харилцаа өөр түвшинд гарсны илрэл

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа.


-АНУ-аас иргэдээ авчрах анхны тусгай үүргийн онгоц энэ сарын 21-нд хөөрлөө. АНУ-ын зүгээс манай улсын иргэдээ авах саналд ямар байр суурьтай байсан бэ?

-Монголын МИАТ компани энэ сарын 21-нд АНУ руу анх удаа нислэг хийлээ. Энэ нь хоёр орны хоорондох зорчигч тээврийн анхны шууд нислэг. Энэ утгаараа түүхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж бодож байна. Мэдээж АНУ манай улсыг иргэдээ буцаан татан авахад тусламж, дэмжлэг үзүүлэх байр суурьтай байсан. Гол бэрхшээл нь манай улсын иргэний агаарын тээврийн компани АНУ-ын Нислэгийг удирдах газрын нэгдүгээр категорийн жагсаалтад багтдаггүй. Өөрөөр хэлбэл, аюулгүй байдлын баталгаагаа хангаж чадаагүй учраас шууд нислэг хийхэд багагүй бэрхшээл учирсан. Харин АНУ-ын Төрийн департамент, Тээврийн яам, Холбооны нислэгийг удирдах газар гэх мэт олон байгууллага хамтарч байж энэ нислэгийг хийх боломжтой болсон. Ямартаа ч АНУ-д онц байдал зарласан гуравдугаар сараас эхлээд энэ асуудал яригдсаны эцэст зургадугаар сард нислэг бодитоор хэрэгжих бололцоо олдсонд баяртай байна.

-Таны хувьд энэ асуудлыг эерэгээр шийдэгдэхэд багагүй хүчин чармайлт гаргасан. Энэ талаараа тодруулаач?

-Нислэгийг зохион байгуулахад манай Улсын онцгой комисс, түүний дотор Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад харилцааны Консулын газрынхан ихээхэн хүчин чармайлт гаргасан. АНУ-ын талаас Төрийн департамент нь энэ асуудлыг шахаж, түлхэж өглөө. Хэвийн нөхцөлөөр нисэхэд их төвөгтэй байдалтай байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ нислэгийг хийх үед бид нэг зүйлийг сургамж болгож авах нь зүйтэй юм байна гэж бодсон. Хоёр орны хооронд агаарын тээврийн хэлэлцээ байхгүй. Тиймээс МИАТ компани цаашдаа Холбооны нислэгийг удирдах газрын нэгдүгээр категорит орох тал дээр идэвх санаачилгатай ажиллах шаардлага байна. Нислэг хийсэн нь энэ асуудал цаашид эерэгээр шийдэгдэх боломжгүй бус боломжтой гэдгийг харуулсан. Энэ талаарх арга хэмжээг манай холбогдох байгууллагууд авч чадвал цаашдаа тогтмол нислэг хийх боломж байна гэдэг нь эндээс харагдаж байна.

-Энэхүү нислэгээр Монгол Улсын АНУ-д үзүүлж буй нэг сая ам.долларын тусламжийн барааг хүргэсэн. Эмнэлгийн ажилчдын хамгаалах хувцас, хэрэгсэл зэргийг хүргэж байгааг АНУ-ын тал хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газраас АНУ-ийн Ковид-19-ийн эсрэг хийж байгаа тэмцэлд нэг сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон. Монголын “Мөнхийн тун”, “Эксклүсив” компанийн үйлдвэрлэсэн эмнэлгийн ажилчдын хамгаалах хувцас, хэрэгслийг АНУ-д авчраад байна. Үүнийг америкчууд маш талархалтайгаар хүлээн авч байгаа. АНУ-ын Онцгой байдлын Ерөнхий газрын аравдугаар бүс буюу баруун эргээ хариуцсан бүсийн удирдлага нь ирж энэхүү тусламжийг хүлээн авсан.

Аризона, Невада гэсэн хоёр мужид энэ тусламжийг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ бол стратегийн түншлэл тогтоосон хоёр орны бие биедээ тусламж, дэмжлэг үзүүлж байгаа улс төрийн чухал алхам гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр манай улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн анх удаа АНУ-ын Эф Ти Э-гийн зөвшөөрөл авлаа. Энэ зөвшөөрөл авсан нь үндсэндээ өрнөдийн орнуудад шууд экспортлох боломж нээгдэж байгаа хэрэг юм. Миний хувьд экспортын барааны шинэ төрөл үүслээ гэж бодож байна. АНУ-ын Төрийн департамент, Онцгой байдлын ерөнхий газраас нислэгийн тухай мэдээллийг өөрсдийнхөө цахим хаягаараа цацаж байна лээ. Үүгээрээ дэмжлэг ямар байгаа нь харагдаж байгаа юм.

-Тус нислэгээр 250 иргэн эх орондоо ирнэ. Үүний цаана ирэх хүсэлтэй олон мянган иргэн байгаа байх. Нислэгүүд цааш үргэлжлэх үү?

-АНУ-аас эх орондоо буцах хүсэлт илэрхийлсэн 2567 иргэн бий. Энэхүү Сиатлын нислэгийг оролцуулаад одоогийн байдлаар 604 хүнийг эрх оронд нь буцаах ажлыг зохион байгууллаа. Цаана нь ч хүнд нөхцөл байдалтай олон иргэн бий. Тийм учраас бид АНУ-ын талд энэ нислэг амжилттай болбол нислэгийг цааш үргэлжлүүлнэ шүү гэдэг хүсэлтийг илэрхийлж байгаа. Мэдээж нислэг хэзээ зохион байгуулагдах вэ гэдэг нь Улаанбаатар хотод байгаа тусгаарлах байрны хүчин чадал, боловсон хүчний олдоц гээд олон зүйлээс хамаарах байх. Улсын онцгой комиссоос тэр үед энэ нислэгийн хийе гэсэн чиглэл өгвөл бид уг асуудлаа АНУ-ын талд тавьж хөөцөлдөнө.

-АНУ-д коронавирусийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-АНУ-д өнөөдрийн байдлаар хоёр сая 300 мянга орчим хүн коронавирусийн халдвар авсан, 122 мянган хүн нас барсан байдалтай байна. Нэг үеэ бодоход коронавирусийн тархалтын тоо буурч байсан ч хөл хорионы арга хэмжээнүүдийг зогсоосон, сүүлийн үед жагсаал, цуглаан өргөнөөр зохион байгуулагдсантай холбоотойгоор халдвар тархалтын тоо эргэн нэмэгдэж байна. Гэхдээ өдөрт гурван мянгаараа нас барж байсан бол одоо нэг мянгаас доош орсон. Өвчин туссан хүмүүсийг эмчлэх бололцоо нь сайжирч байна гэж харж байгаа.

-Цар тахлаас шалтгаалж эдийн засагт нь хүндрэл учирч байгаа нь мэдээж. Америкчууд энэхүү нөхцөл байдлыг хэрхэн даван туулах төлөвтэй байна вэ?

-Коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засаг нь томоохон цохилтод орж байгаа. АНУ-ийн эдийн засагчид 1929 оны их хямралаас хойш бараг анх удаа ийм томоохон эдийн засгийн хямралд орж байна гэж үзэж байгаа. Энэ жилийн нэг, хоёрдугаар улирлын хувьд эдийн засаг нь уналттай гарах байх. Хамгийн гол нь ажилгүйдлийн тоо эрс өсч, энэ хугацаанд 40 гаруй сая хүн ажилгүй болсон. Энэ нь мөн л 1929 оны их хямралаас хойшхи анх удаа тохиолдож байгаа өндөр үзүүлэлт болж байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ийн засаг, захиргаанаас Конгресст хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьж, баталсан. Иргэдэд нэг удаагийн буцалтгүй тусламж болох 1200 ам.долларыг олгож, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, ажлын байраа хадгалж буй компаниудын ажилчдынх нь цалинг нөхөн олговор байдлаар олгох гэх мэт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүнд АНУ-д байнга оршин сууж байгаа монголчууд маань ч хамрагдаж байгаа юм билээ. Үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахын тулд АНУ-ийн засаг захиргаа одоогийн байдлаар гурван триллион ам.доллар зарцуулаад байна.

-АНУ-д амьдардаг монголчууд ямархуу байдалтай байгаа вэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж хэр байгаа бол?

-АНУ-д байнга оршин сууж байгаа монголчуудын хувьд байдал харьцангуй гайгүй байна гэж бид үзэж байгаа. Түр суралцахаар, эмчлүүлэхээр ирсэн олон монгол хүн энд гацчихсан. Заримынх нь эрүүл мэндийн байдал багагүй хүндрэлтэй, эмнэлгийн тусламж авч чадахгүй байдалтай байна. Орон байргүй болж байгаа гэх зэрэг бэрхшээлүүдтэй хүмүүс ч бий. Энэ бүхнийг Элчин сайдын яам мэдэж байгаа. АНУ-д байгаа монголчуудын Төрийн бус байгууллагуудтай хамтраад огт орон байргүй болчихсон өвчинтэй, зовлонтой хүмүүст нь байр олж өгөх, заримд нь хүнсний тусламж үзүүлэх гэх мэт арга хэмжээг зохион байгуулж байна. Одоогоор 10-аад мянган ам.долларын тусламж иргэдэд үзүүлсэн.

Эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа иргэдтэй холбоотойгоор Монгол, Ард гэсэн хоёр даатгалын компанитай холбогдож Монголд байгаа ах, дүү нар нь даатгалын төлбөрийг нь төлбөл энд байгаа хүнд эмнэлгийн даатгалд хамрагдах боломжийг нь нээсэн. Ковидын халдвар авсан тохиолдолд ихэнх мужуудад оношилгоо, эмчилгээ нь үнэгүй хийгдэж байна. Гэхдээ тухайн мужуудын хуулиас хамаарна. Бусад төрлийн эмчилгээнд дээрх байдлаар даатгалд хамруулах арга хэмжээ авч байна. Мөн АНУ-д байгаа монгол эмч нарын холбоо бидэнд маш их тус дэм болж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Өнгөрсөн онд Монгол Улс, АНУ-ын харилцаа шинэ түвшинд гарч, стратегийн түншлэлтэй болсон. Энэ талаар та өөрийн байр сууриа илэрхийлээч?

-Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчлах үеэр хоёр орон стратегийн түншлэлийн тухай тунхаг бичигт гарын үсэг зурсан. Харилцаа цоо шинэ түвшинд гарч, стратегийн түншлэлтэй болсон нь шат шатандаа харагдаж байгаа. АНУ манай талд итгэмжилсэн байдлаар олон асуудал дээр тусалж байна. Хамгийн сүүлийн жишээг дурьдахад АНУ-ын тал манайд ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах асуудал дээр техникийн туслалцаа үзүүлсэн. Бүр манай мэргэжилтнүүдийг бэлдэж, Сангийн яамнаасаа тусгайлан мэргэжилтэн томилон Монголд ажил-луулсан. Тэрээр ФАТФ-ын тавьж байгаа шаардлагыг биелүүлэхэд манай талд зөвлөгөө өгч ажилласан юм. Энэ нь хоёр орны харилцан итгэлцсэн стратегийн хамтын ажиллагааны илрэл гэж үзэж байгаа. Өнөөдрийн нислэг ч мөн ялгаагүй. Агаарын тээврийн хэлэлцээгүй байхад манай талд зөвшөөрөл олгож нислэгийг үйлдүүлж байна гэдэг хоёр орны харилцаа өөр түвшинд гарсны илрэл юм.

-“Гуравдагч хөршийн худалдааны хууль” ямар шатандаа яваа бол. Ойрын хугацаанд батлагдаж чадах уу?

-Гуравдагч хөршийн худалдааны хууль АНУ-ын Конгрессын доод танхимд 100 гаруй гишүүний дэмжлэг авсан. Дөрвөн гишүүн тутмын нэг нь дэмжсэн гэсэн үг. Сенат буюу дээд танхимд нь 15 синатра дэмжээд гарын үсэг зурчихсан. Мэдээж хэрэг Ковид-19-ийн халдвар тархсантай холбогдуулаад Конгрессын үйл ажиллагаа тасалдсан байдалтай байна. Цугласан тохиолдолд ковидтой тэмцэх асуудал, түүнд үзүүлэх эдийн засгийн дэмжлэгийн хуулиудыг хэлэлцэж, өөр хууль хэлэлцэхгүй нөхцөл байдалтай байна. Конгрессын үйл ажиллагаа хэвийн байдалдаа ороод эхлэхэд Гуравдагч хөршийн худалдааны хууль хэлэлцэгдэхэд бэлэн.

-Саяхан АНУ-д болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр монгол хүний ажиллуулдаг үсчний газар эвдэрч сүйдсэн гэдэг нь үнэн үү. Бодит нөхцөл байдал ямар байсан бэ?

-АНУ-ын 100 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон. Жагсаал цуглааны эхэн үед орой үдшийн цагаар эмх замбараагүй байдал үүсч, дэлгүүр хоршоог тонон дээрэмдэх явдал ч гарсан. Үүнд зарим монгол иргэдийн байгууллага хохирсон гэх мэдээлэл бидэнд байгаа. Одоогоор нөхцөл байдал хэвийн, энд тэнд жагсаал цуглаан болж байгаа ч гэсэн эмх замбараагүй байдал үүсэх нь харьцангуй буурсан. АНУ-д ажиллаж, амьдарч, сурч байгаа монгол иргэддээ хандаж хэлэхэд аюулгүй байдал болоод цар тахлын нөхцөл байдлыг бодсон ч жагсаал цуглаан болж байгаа хотуудад очихгүй байх нь зүйтэй гэж зөвлөмөөр байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр мянга дөрвөн оны сонгууль

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Хоёр мянган оны сонгуулиар МАХН нийт сонгогчдын яг тавин хувийн санал авсан боловч АН-д ганцхан суудал үлдээлээ. Үнэндээ энэ бол мажоритар сонгуулийн гажгийн хамгийн тод илрэл нь байлаа. За ингээд дураараа дургихыг үзүүлж өгсөн дөө. Төрийн албыг зүгээр л дуудлага худалдаагаар зарж орхино. Сөрөг хүчнийхээ 15 мянган мэргэшсэн ажилтныг нэг амьсгаагаар гудамжинд хөөж гаргав. Авлига бол гэрэлт шар нарны доор ил тод явагддаг энгийн тод наймаа. Мэдээллийн хэрэгслэл нэг айлын гарт орж нэг хүнийг л магтдаг ганц ажилтай боллоо. Ард түмний төлөөлөгчид тарган цатгалан амьдарч байгаагаа байн байна гайхна. Өөр юм ярьсан хэд хэдэн сэтгүүлч шоронгийн хаалга татав. Ган зуд жил дараалан тохиож ДНБ уналтанд орон улс орон улам ядуурч байсан ч манай эрэлхэг ард түмэн сэтгэл дүүрэн жаргалтай амьдарч байсан юм! Цадах өлсөх нь суртал нэвтрүүлгээс хамаардаг болохоор аргагүй ч байх.

Сөрөг хүчин гэх юм парламентад байтугай гудамжинд ч байсангүй. АН дөрвөн жилийн турш даргаа хэнийг болгох вэ гэсэн хэрүүл хийв. УИХ-д хэрүүл хийж үймүүлдэг нь ганцхан Гүндалай. Гудамжинд эсэргүүцлээ илэрхийлдэг нь ганцхан Бат-Үүл. Сонин хэвлэлд шүүмжилдэг ганц нь би л байсан. Бат-Үүлийг шоронд суулгасан, Гүндалайг баривчилсан, намайг цагдаад дуудсан. Иймэрхүү л байсан юм даа, одоо цөмөөрөө мартсан байх. Чангалаад өгөхөөр номондоо ордог ард түмэн юм билээ дээ. Өнөө олон иргэний хөдөлгөөнүүд болон хөдөлгөөнчингүүд, шударга үнэний төлөө амиа золиослоход бэлнээ харуулагчид, за тэгээд уул уурхайн ланжгар дарамтлагчид, зэвсэг агссан эх орончид чинь бүүр хожим, дөрвөн оны сонгуулийн дараа л борооны дараах мөөг шиг багшралдацгаах болсон юм шүү дээ.

Гээд хүмүүс дотроо шатаад явдаг байсан бололтой. Энд тэнд хийсэн судалгаагаар АН дөрвөн оны сонгуулиар ялах нь тодорхой болоод ирлээ. Гэвч үүнийгээ нийтэд зарлаж чаддаггүй байв. АН-ын даргын төлөөх тэмцэл ч сонгууль ойртчихоод байхад дуусдаггүй. Гадаад дотоодгүй Монголдоо ганц судалгааны баг гэгдэх Сантмарал болохоор АН-ыг дахиад л ганц хоёр суудалтай үлдэнэ гэж мэргэлэн сурталчилж байв. Дарамт гэдэг үнэнээс ч хүчтэй л дээ! 2000 оны сонгуулиар МАХН-ын захиалгаар өндөр үнээр ирж сонгууль зохион байгуулсан Оросын баг энэ удаа дахин уригдаж баахан судалгаа хийв. Путин Орост бурхан болсон шиг Монголд Энхбаяр баастай бурхан болж гэсэн дүгнэлт гаргаад энэ тахин шүтлэгийг улам дэврээвэл “всё будеть хорошо!” гэжээ. Ингээд гудамжаар нэг Энхбаярын зургийг шахцалдуулан дүүжлэв. “Самбарын Энхбаяр” гэдэг хоч эндээс гарсан. Гадаадын мэргэжилтэн үүгээр дууссангүй. Америкаас нэг сайхан гар шааж ирлээ. Зурагтын бүх сувгаар тэрээр парламентад ганц нам байвал ажил сайн явдаг, сөрөг хүчин УИХ-д орвол танай орон нэг мөсөн сөнөнө гэсэн ухуулга хийж гардаг байгаа. 100 орчим мянган доллар өгсөн юм билээ л дээ, тэр хөөрхийд. Оросын баг тэнэг мэргэнийхээ төлөө сая доллар авсан. Мэдээж улсын төсвөөс шүү дээ.

Сонгууль дөхөх тусам АН-ын рейтинг өсөөд байгаа нь сохор хүнд ч мэдрэгдээд ирлээ. Дангаараа УИХ-д байдаг болохоор махнистууд хуулиа ч дураараа, дагах журмыг ч дураараа гаргах учир сонгуулийн хороог өөрийн хүмүүсээр дүүргэв. Нам бус гэдгүүд нь өөрсдийнх нь. Туслан зохион байгуулагчид нь ч өөрсдийнх нь. Төрийн ажил тэр чигээрээ зогсож бүх ажиллагсад нь сурталчилгаанд мордов. Ардчилсан намын албан ёсны ажиглагчдыг ч энд тэндгүй худалдаж авлаа. Энэ нь цаашид уламжлал болон ханш нь өсч одоо ч ийм “туслан гүйцэтгэгчид” зөндөө байсаар. Энд тэндгүй амьгүй хүмүүс байтугай байхгүй хороо хориныг олноор нь буй болголоо. Одоо ч энэ байдал нь хадгалагдаад Хан Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт эзгүй газарт цаасан дээр буй болгосон хороод оршсоор байна. Нэр устай, хашааны дугаартай, ам бүлтэйгээ байгаа. Очоод үзэхээр хов хоосон газар. Түүнээс гадна “задгайгийнхан” гэж сайхан задгай газар хэдэн мянган хүн чихэхээр бэлджээ.

Сонгууль болдог шөнө бүхэл бүтэн драм болсон. Тагнуулын хэсэг ажилтныг нууц хадгалах гарын үсэг зуруулж байгаад шөнө нь улсын хэмжээгээр тог таслах, утасны сүлжээг ажилгүй болгох ажиллагаа зохиов. Энэ харанхуйд саналын хайрцаг руу цаас чихэх, хайрцгаар нь солих бантанг хутгасан юм даа. Хэдэн жилийн дараа жишээ нь Хэнтий аймгийн захиргааны зоориноос жинхэнэ санал бүхий хайрцаг олноороо олдсон. Сонгууль өгөх процесс ч гоё болсон. Санал өгөх хэсгийг тойрч дахин дахин санал өгөгчид ил тод автобусаар зөөгдөж байв. Урьд нь иргэний үнэмлэхийг үй олноор нь шинээр хуурамчаар үйлдвэрлэж тараасны илрэл энэ аж. Мөн хаясан гээгдүүлсэн үнэмлэхийг бөөнөөр нь худалдан авч шинэ хаяг наажээ. Дүн гарахаас өмнө саналын хайрцгийг улаан цагаангүй дээрэмдэн авч зугтаах явдал ч хэд хэд гарлаа. Ер нь улайм цайм дээрэм луйврыг дэлгэрэнгүй тоочвол олон боть хавтаст хэрэг болох байх.

Ингээд ингээд дүн гарахад МАХН ялагдаж орхив. Тэгэнгүүт нь тав, зургаан тойрогт маргаан үүсгэн хүчингүй болгох нь тэр. Ингээд тойрогтоо ялагчидтай наймаалцаж гарав. Санахаас Гүррагчааг ялсан нөхөрт гадаадад албан тушаал өгч наймаалцсан. Намын дарга өөрөө ялагдчих нь тэр. Хажуу тойргийн Бямбадоржийнхоо сонгогчдыг автобус автобусаар нь зөөж байж бараг тэнцэв. Ингээд АН-ын бараг ялагчийг мөнгө цаасаар хууран гомдолгүй болгож авах нь тэр. Өвөрхангайн тойргийн маргаан дуусдаггүй. АН-ын дэвшигч нь гүргэр эр байж. Ингэнгүүт МАХН-ын нарийн бичгийн дарга энэ сонгуулийн дүнг МАХН зөвшөөрөхгүй гэж мэдэгдэх нь тэр. Мэдэгдэх ч юу байхав дээ, хөөрхий тэрүүгээр хэлүүлэхгүй юү даа. Ингээд л тэнцсэн гэгдэх хоёр намын хооронд бүтэн сар наймаа явагдсан даа. Уул нь сонгууль будилуулсан хэргээр өчиггүй шорон явах байсан хүн маань АН-ын амбицтангуудыг хооронд нь хошгируулж муудалцуулсаар өөрөө УИХ-ын даргын суудалд суусан юм.

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний жинхэнэ эх сурвалж энэхүү дөрвөн оны сонгууль байсан юм. АН-ын төлөө саналаа өгөөд өгөөд байхад дүн эсрэгээрээ гарсанд хүмүүс бухимдсан. Дөрвөн оны сонгуулийн луйвар бүхний нүдэн дээр ил байсан болохоор хүмүүс жинхэнэ учир шалтгааныг мэдэж байсан.

Энэ жилийн сонгуулийн хууль харьцангуй хамжааргатай гарсан шүү. Үгүйдээ л сонгуулийн булхайг өндөр торгууль, шорон оронгоор хязгаарлажээ. Амьхандаа төр, нам хоёрыг нэлээд зааглаж өгсөн шинжтэй. Гэхдээ л балчир жаахан Нансалмаа Балганы руканаас гарахгүй ээ хө. Сонгуулийн яг урьдын урьд өдрөөс 202 тэрбум төгрөгийг ард түмэндээ тараан өгч тэднийгээ худалдан авах болно. Гэхдээ нууцаар биш илээр, Засгийн газрын тогтоолоор. Ганцхан сарын өмнө Засгийн газар ард түмэндээ 21 мянгыгаа өгч барахаа болилоо гэж байсан. Яагаад гэвэл Хүний хөгжлийн сангийн мөнгө ёроолоо шавхсан. Сонгууль хүртэл үлдсэн хугацаанд зөвхөн 21 мянгыгаа өгөхөд дахиад 59 тэрбум төгрөг хэрэгтэй. Мөнөөх 202 тэрбумтайгаа нийлээд 260 тэрбум хэрэгтэй. Заавал ялахын тулд энэ мөнгө одоохон хэрэгтэй. Энийг олохын тулд ямар нэг юм зарах хэрэгтэй. Зарагдаж болох юм бол Монгол орон. Ялж л байвал Монгол ч яамай л байна.

Монголын нүүрсийг Хятадын талаас гол сонирхож байгаа компани нь Шинхуа байлаа. Гэтэл өнгөрсөн жил Эрдэнэс компани Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны том компани Чалкогоос 200 сая долларын зээл авч үүнийгээ хожим нүүрсээр төлөхөөр тохиролцжээ. Чалко нь нүүрсний талаар ямар ч туршлага байхгүй. Гэвч Монголын өмнө талын бүх боомтыг атгасан Винслэй компанийг худалдаад авчихжээ. Дараа нь тэд Соуз Гоби компанийн хувьцааны ихэнхийг худалдан авав.Ингээд Чалко Монголын нүүрсний аж үйлдвэрт үнэмлэхүй хяналт тавьж чадлаа. Уг нь УИХ-ын 40 дүгээр тогтоолоор уул уурхайн аль ч салбарт нэг орны давамгайлал тогтоохыг хориглосон байгаа. Мөн стратегийн орд газарт гадаадын төрийн өмчит компанийн оролцоог хязгаарласан юм. Иймээс ч Чалко компани нь Сауз Гобигийн хувьцааг худалдан авсны дараа УИХ энэ талаар хэлэлцэн шинэ хууль гаргасан билээ. Гэвч сонгууль гэдэг хуулиас ч илүү хүчтэй. Юу гэвэл Засгийн газар сая Чалкогоос дахиад 300 сая доллар зээлээд авчихлаа. Худлаа гэвэл үүнийг хариуцаж байгаа дарга Долгоржаваас асуу л даа. Яагаад авч байгаа юм, хэзээ юугаар төлөх юм, УИХ-ын тогтоол хамаагүй болсон уу, сонгуульд зориулаад та нар улсаа зарчиж байгаа юм биш үү энэ тэр гээд асуу л даа. Дээрээс нь Эрдэнэтийн ноогдол ашиг 140 тэрбум төгрөгийг одоохон гаргаж өг гэж Ганзоригийг шахан алангаа алдаж байна. Сонгуулийн дараа амьдрал үргэлжлэхгүй юм шиг. Ингээд одоо МАН-ыг сонговол сая төгрөгөө авна, сонгохгүй бол хоосон хоцорно гэдэг сонгууль болж байна. Улс орноо зарж олж ирж буй мөнгө рүү манай ард түмэн хошууран дайрах болно. Маргааш ямар хамаатай юм бэ! Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги… биш ээ өнөөдрийн өөх дээр. Маргааш тэгж байгаад учир нь олдох байлгүй! Сүх далайтал үхэр амар. Ямар үхэр биш, далайвал далайж л байна биз. Цохиод унагатал хаа ч байсан юм!

2012-06-18

Categories
мэдээ цаг-үе

Х.Алтанзагас: Дуу цахилгаантай борооны үеэр модны доор орохоос зайлсхийх хэрэгтэй

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Алтанзагастай ярилцлаа.


-Ойрын өдрүүдэд усархаг бороотой, үер усны аюултай гээд сэрэмжлүүлээд байгаа. Ер нь ийм үед иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Иргэд хамгийн түрүүнд Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг сайтар сонсдог байх хэрэгтэй. Сүүлийн мэдээллээр үер усны аюулаас болж таван том хүн, дөрвөн хүүхэд амь эрсэдсэн харамсалтай явдал боллоо. Ер нь газар хөдлөлтөөс бусад байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Иргэд олноороо амралт зугаалгаар явдаг энэ үед бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээх, гол усанд ойртуулах явдал их гардаг. Харин томчууд архидан согтуурах нь элбэг учир маш хариуцлагатай л байх хэрэгтэй. Мэдээж үер нам дор газар бууна. Тиймээс иргэд маань аль болох өндөрлөг газар амьдарч, гэр орон сууцаа барих хэрэгтэй.

-Өндөрлөг газар байх хэрэгтэй гэлээ. гэтэл өндөрлөг газар бараадах, мод бутаас доор суух нь аянганд цохиулах эрсдэлтэй гэж ярьдаг талтай…?

-Дуу чимээ, аянга цахилгаантай бороо орох үед зайлшгүй мэдэх хэрэгтэй хэд хэдэн зүйл байдаг. Хотод амьдарч буй иргэд хамгийн түрүүнд нөмөр газар олж хорогдох нь чухал байдаг. Харин хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд аль ч нөхцөлд модны доор орж нуугдахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь мод цахилгаан татах аюултай. Харин энэ үед хүн газарт биеэ хүргэлгүйгээр хоёр хөлөө ойртуулж, толгойгоо аль болох тонгойлгох хэрэгтэй. Учир нь аянга буувал ойр хавийн газарт цахилгаан тардаг учир биеэ газарт хүргэж болохгүй. Харин төв суурингийн иргэдийн хувьд гар утсаа дуу цахилгаантай бороотой үед унтрааж байх хэрэгтэй.

-Замд явж байх үед гэнэт маш хүчтэй дуу цахилгаантай бороо орвол эрсдлээс энгийн байдлаар хэрхэн биеэ хамгаалах талаар зөвлөхгүй юү?

-Иргэд хамгийн эхэнд метал эд зүйлсэд хүрэхгүй, долгион дамжуулах шугамын утас, шонгуудаас хол байх хэрэгтэй. Мөн тухайн хүн автомашинтай явж байх үед дуу цахилгаантай бороо орвол машинаа замаас гарган, хөдөлгүүрийг унтраах хэрэгтэй. АНУын эрдэмтдийн гаргасан нэгэн сонирхолтой судалгаа бий. Аянга цахилгаанаас автомашины дугуй бус метал кузов нь зорчигчийг цахилгаанаас хамгаалдаг. Аянга машин дээр буусан тохиолдолд кузов дээр бүрхүүл үүсч, цахилгаан цэнэг нь дугуйгаар дамжин газар луу дамждаг. Өөрөөр хэлбэл дугуй нь тусгаарлах бус дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ ийм үед жолооч машины ямар нэг метал эд ангид хүрч болохгүй.

-Өвлийн улиралд жолооч нар наад зах нь хүрзтэй явах ёстой байдаг. Үүнтэй адилаар зуны цагт аялал зугаалгаар замд гарах бол жолоочид хувийн хэрэгслээ хэрхэн хангавал зохих вэ?

-Юуны өмнө ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг сайтар мэдэж байх хэрэгтэй. Дан ганц жолооч гэлтгүй иргэн бүр дулаан хувцас, хувийн бэлтгэлээ сайтар хангасан байх хэрэгтэй. Болзошгүй аюулаас сэргийлж хүрз, гэрэлтүүлэх хэрэгсэл, хамгийн чухал нь шатахуун, хоол хүнсний нөөцтэй байх хэрэгтэй.

-Үер болохын өмнө ямар нэгэн төлөв шинж ажиллагддаг уу?

-Монголчуудын эртнээс уламжилж ирсэн аргууд байдаг. Тэнгэрийн байдал, үүл салхины чиглэл, мал амьтны ааш, хөдөлгөөнийг ажиглах гэх мэт.

-Ямар нэг байдлаар үер усны аюултай учирвал тэр үед яах ёстой вэ. Ялангуяа хөдөө орон нутгийн айлууд?

-Хөдөө орон нутгийн иргэд үерийн үед гэрийн хаяагаа шууж, тогоогоо хөмрөх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл тогоогоо хөмөрснөөр ширүүн ирж буй их усыг зүсэж зайлуулдаг давуу талтай. Гал түймэр гарахад ч энэ аргыг хэрэглэдэг. Нэг жишээ дурдъя л даа. Нэг гэрийн эзэгтэй цай хоолоо хийчихээд, тогоогоо гэрийнхээ хаяанд гаргаад хөмөрсний дараагаар маш хурдан ирсэн талын түймэр тогоонд хүрч тойроод гэрээс нь хэдхэн метрийн зайд зөрж аврагдсан байдаг. Энэ мэтчилэн монгол арга ухааныг иргэд маань мэддэг, хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, тусгай хэрэгцээт хүмүүсийг хамгаалах, цахилгаан бараа хэрэгслүүдээ салгах, гэр хорооллын айлууд үерийн усны аманд буухгүй байх шаардлагатай. Сүхбаатар дүүргийн хувьд үерийн зам дээр зөвшөөрөлгүй буусан 400 гаруй айл бий. Энэ нь сүүлдээ иргэдэд өөрсдөд нь л аюултай болохоор нэн даруй нүүх бас хашаа гэрээ тойруулж далан, зурвас татах шаардлагатай байна.

-Тэгвэл өөрийгөө эрсдэлд оруулахгүйгээр үерт өртсөн нэгнийг хэрхэн аварч болох бол?

-Үерт автсан хүнийг 10 минутын дотор бүрэн аврах боломжтой. Тухайн хүн өөрөө сайн сэлж чаддаг, анхны тусламжийн талаар мэдэгдэхүүнтэй байх нь чухал. Судалгаанаас харахад усанд амь насаа алдсан хүмүүсийн 90 хувь нь сэлж чаддаг хүмүүс байдаг. Тэгсэн хэрнээ амь насаа алддаг нь сэтгэл хөөрлөөс үүддэг. “Би сайн сэлдэг, чаддаг” гэсэн бодлоос болж өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулдаг. Тиймээс сайн сэлдэггүй, анхны тусламж үзүүлэх чадвар дутмаг бол өөр хүнээс тусламж хүсч, мэргэжилтнүүдийг дуудах шаардлагатай. Нөгөөтэйгүүр усанд амиа алдаж буй хүмүүсийн тодорхой хувийг согтууруулах ундаа хэрэглэсэн хүн эзэлдэг. Яагаад гэвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох үед хүний хөлийн шөрмөс татдаг. Тиймээс аль ч үед эрсдэлтэй учир усанд ам гарч болохгүй.

-Үерийн улмаас нэгэнт хохирол амсч, гамшигт өртөсний дараа энэ байдлаас хурдан гарахын тулд ямар арга хэмжээг авч ажиллах ёстой вэ?

-Юун түрүүнд тухайн хүмүүст ойр хавийнхан нь тусалж, сэтгэл санаагаар дэмжиж аюулгүй газар очих. Үер болсны дараа хөрсний бохирдол маш ихээр үүсдэг. Үүнийг дагаад халдварт өвчин тархдаг. Иймээс усыг сайтар буцалгаж хэрэглэх, тухайн үед байсан хоол хүнсийг устгаж, сав суулгыг ариутгаж цэвэрлэх хэрэгтэй. Хамгийн том асуудал гэр хороололд амьдарч буй иргэд ихэвчлэн үерийн аюулд өртдөг учир муу усны нүх, бие засах газрыг нэн түрүүнд холбогдох байгууллагын хүмүүстэй хамтарч сайтар ариутгах шаардлагатай. Дашрамд дурдахад СБД, БЗД-ийн завьт болон хөдөлгөөнт эргүүлийнхэн жил бүрийн зургадугаар сарын 15наас есдүгээр сарын 15н хүртэл сэрэмжлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Иймээс ард иргэдийг нийслэл, дүүргийнхээ Засаг даргын захирамжийг биелүүлж, амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдийг хараа хяналттай байлгаж, болзошгүй үер усны аюулаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна.

М.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Наадмын түрүү бөх харцага цолтнуудаас тодрох магадлал өндөр байна

Дэлгэр Монголын наадам дэргэд ирээд айлсчээ. Бөхчүүд тус тусын галдаа гарч наадмын бэлтгэлээ базаагаад эхэлсэн байна.

Энэ жил бугын сангийн аж ахуйд Дорноговь аймгийн бөхчүүд бэлтгэлд гарчээ. Дорнын говийн хүчтэнүүдийг өнөө жил аймгийн хурц арслан Ёндонгийн Эрдэнэжаргал ахалсан байна. бид бага үдийн алдад тус галаар ороход 20 орчим бөх барилдааны бэлтгэлээ базааж байв. Тэд өглөө кроссонд гүйж, өдөр барилдааны бэлтгэл базааж байгаа талаар тус галын ахлах, аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал хэлж байна. Тэрбээр “Хутагтын хүчтэн дэвжээний бөхчүүд наадмын сэргээлтийн бэлтгэлд гараад удаагүй байна. Манайхан хөл хорионы үед гол төлөв хүчний бэлтгэл хийжээ. Барилдааны арга техник талаас нь түлхүү анхаарч ажиллаж байна. Өнөө жилийн наадмаар сайн барилдаж улсын цолд хүрэх боломжтой хэд хэдэн залуу аймгийн арслан манай галд бий” гэв.

“Хутагтын хүчтэн” дэвжээнд бэлтгэл базааж буй аймгийн арслан Мөнхжаргалын бямбадоржийн бэлтгэл энэ жил сайн байна. Түүний хувьд өнгөрсөн жилийн наадмаар сайн барилдаж гурав давсан ч оноолтын даваанд улсын харцага О.Хангайтай нугарч өвдөг шороодсон.

“Хутагтын хүчтэн” дэвжээний бөхчүүд бэлтгэлийн Чулуунгэрэл

Дорноговь аймгийнхан өнөө жилийн наадмаар М.бямбадоржийг улсын цол хүртэнэ хэмээн итгэл хүлээлгэж байна.

Б.Бат-Өлзий, О.Хангай гээд өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг бөхчүүдийг өвдөг шороодуулж байсан Б.Бямбадоржийг бөх сонирхогчид том цолд хүрнэ гэж таамаглаж байгаа юм.

Мөн энэ галд Б.Баатархүү, Б.Батзориг, Т.Буянжаргал нарын аймгийн арслангууд цолоо ахиулахаар бэлтгэлээ базааж байна. Үүнээс гадна үндэсний бөхийн өсвөр үе залуучуудын улсын таван удаагийн аварга аймгийн заан Б.Бат-Эрдэнэ энд бэлтгэлээ базааж байна. Түүний хувьд өнгөрсөн жил аймгийнхаа үзүүрлэсэн амжилтаа ахиулах зорилготой байгаа гэнэ. Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга аймгийн харцага Баасандоржийн Бадралаас авахуулаад Дорнын говио дуурсгах ирээдүйн сайн бөхчүүд энэ галд олон байна. Улсын харцага А.Цацабширээс хойш улсын цолтой бөх Дорноговиос төрөөгүй байгаа. Галаасаа улсын цолтон төрүүлэхээр хичээж буйгаа дасгалжуулагч Ё.Эрдэнэжаргал хэлж байлаа.

Аймгийн арслан Т.Чулуунгэрэл

Бугын сангийн аж ахуйн урдхан талд Баруун дэлгэрийн аманд Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүд бэлтгэлээ базааж байна. Улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Б.Бадам-Очир нараар ахлуулсан 20 орчим бөх тэнд бэлтгэлд гарчээ. Даваабаатар харцагын тухайд анх удаагаа аймгийн бөхчүүдээ ахалж галд гарч буй нь энэ гэнэ. Биднийг очиход бөхчүүд өдрийн хоолондоо орж байсан юм.

Улсын заан Б.Батмөнх, улсын өсөх идэр начин Б.Батчулуун нарын шилдгүүд энэ галд бэлтгэлээ базааж байна. Бөхийн хорхойтнууд энэ галаас улсын начин Галсан-Очирын Ганжадыг цолоо ахиулна хэмээн таамаг дэвшүүлжээ. Түүний хувьд өнгөрсөн улирлын заалны барилдаануудад тогтмол шөвгөрч амжилттай барилдсан юм. Ч.Санжаадамбыг аварга цолтой зодоглосон анхны наадамд нь өвдөг шороодуулж улсын цолны босгоор алхаж байсан Г.Ганжад начин өнөө жилийн наадмаар шөвгийн даваанд гарч барилдах л болов уу. Бэлтгэл нь ч жигдэрч өнгө зассан байна лээ.

Мөн энэ галд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн гишүүн, олон улсын хэмжээний мастер, аймгийн арслан Доржхандын Хүдэрбулга бэлтгэлээ базааж байна. Хүдэрбулга арслан өнгөрсөн жил Налайх дүүрэг болон, Төв аймгийн баяр наадмуудад амжилттай барилдаж үзүүрлэсэн юм. Ө.Даваабаатар харцага Хүдэрбулга арсландаа том итгэл хүлээлгэж байгаагаа энэ үеэр дуулгаж байлаа. Түүний бэлтгэлийг анхааралтай ажиглаж алдаа оноог нь тухай бүрт нь сануулж гардаж ажиллаж байсан юм.

Мөн Баянчандмань сумын харьяат аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр гэж арал бяртай залуугийн баяр наадмын бэлтгэл жигдэрчээ. Өнгөрсөн өвөл улс аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлсэн Ууганбаярыг улсын начин цолоор тогтохгүй том цолд хүрэх нөөц бололцоотойг багш нар нь онцолж байлаа. Тэр жил П.Бүрэнтөгс гэж аймгийн цолтой залуу улсын наадамд түрүүлсэн түүх энэ удаа давтагдаж Ууганбаяр гэж улсын арслантай болж ч магадгүй юм. Аварга арслангуудыг ч айлгадаг Ууганаа арслан улсын цолны даваанд шилдэг харцага, начингуудтай тунаж барилдах магадлалтайг галынх нь бөхчүүд ярьж байлаа.

Мөн Угтаалцайдам сумын харьяат аймгийн хурц арслан Ганболдын Өсөхбаярын бэртэл илааршиж наадмын бэлтгэлээ базааж байна. Уран, мэдрэмжтэй барилддаг арслан улсын цол хүртэхэд ойрхон байгааг бөхийн хүрээнийхэн хэлж байна.

Дархан аварга Ж.Мөнхбатын удмын бөх аймгийн харцага Идэрийн Мандах удмаа дуурсгаж улсын цол авах зорилго өвөртөлж бэлтгэлээ чамбайруулж байлаа. Эхний ээлжинд аймгийн наадамдаа түрүүлчихмээр байна гэж Мандах харцага хэлж байна.

Аймгийн арслан П.Эрхэмжаргал, аймгийн заан М.Тэгшбаяр,аймгийн харцага НДашдаваа нарын өсөх ирээдүйтэй залуу бөхчүүд “Дүнжингарав” дэвжээнд бэлтгэлээ базааж байна. Хадбаатар аваргын хүү аймгийн начин Мягмарсүрэн “Дүнжингарав” дэвжээнд бэлтгэл сургуулилт хийж байсан юм. Харин дархан аварга А.Сүхбатын хүү Хангай наадмын бэлтгэлд гараагүй байна.

“Дүнжингарав” дэвжээний бөхчүүд хорио цээрийн үед бөхчүүдийн эрх ашгийг хамгаалж баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулж байгаад талархаж буйгаа дуулгаж байлаа.

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд жил бүр Бугын сангийн аж ахуйд бэлтгэлээ базаадаг байсан бол өнөө жил буурь сэлгэжээ. Тэд Төв аймгийн Батсүмбэр сум Сөгнөгөрийн голд баяр наадмын бэлтгэлд гарчээ. Өнгөрсөн жил тааруу наадсан “Их Монголын хүчтэн” дэвжээний зөвлөхөөр дэлхийн хошой аварга хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов гуай ажиллаж байгаа юм байна.

Энэ галаас улсын шинэ залуу начин Баянзулын Цэдэнсодномыг дээгүүр даваанд гарч барилдах боломжтой хэмээн багш дасгалжуулагчид нь онцолж байлаа. Мөн Нарийнтээл сумын харьяат аймгийн арслан Батжаргалын Лхагвадоржийг наанадаж начин цолд хүртэнэ хэмээн улсын арслан Бандийн Ганбаатар багш хэлж байна. Улсын дархан аварга А.Сүхбатын гараас Ирээдүйн аварга шагналыг хүртэж байсан бөхчүүдийн олонх нь улсын цолд хүрсэн байдаг. Өнгөрсөн жил Б.Лхагвадорж Ирээдүйн аварга шагнал хүртэж байсан билээ.

“Их Монголын хүчтэнүүд” дэвжээнээс аймгийн арслан О.Наранбаатар, Ж.Наранбаатар, Т.Ядамсүрэн нарын шилдэг бөхчүүд улсын наадамд барилдана. Нэг биш нэлээн хэдэн бөх улсын цол хүртэх бололцоотойг дасгалжуулагчид онцолж байлаа.

Монгол Улсын арслан Цэдэвийн Содномдорж баяр наадмын бэлтгэлээ “Чингисийн хүрээ” амралтын газарт базааж байна. Энд улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр, аймгийн арслан Ц.Сандагдорж нарын шилдэг бөхчүүд Содномдорж арслангийн хамтаар бэлтгэлд гарчээ. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэрийг бөхийн хүрээнийхэн өнөө жилийн наадмын түрүү бөхөөр нэрлэж буй. Түүний хувьд өнгөрсөн жилийн заалны барилдаануудад амжилттай барилдаж гурван удаа түрүүлсэн юм. Содномдорж арслангийн өвдөгний бэртэл нь бүрэн илааршжээ. Өнгөрсөн жил их шөвгийн даваанд боссон Содномдорж арслан өнөө жил түрүүлж аварга цол хүртэх зорилготой бэлтгэлээ базааж байна. Мөн өнгөрсөн наадмаар улсын арслан Р.Пүрэвдагваар дөрөв давж улсын цолны босгонд тулж очсон аймгийн арслан Ц.Сандагдорж дутуугаа гүйцээхээр шаргуу хөдөлмөрлөж байгаа гэнэ. Тэрбээр улсын наадмын тавын даваанд улсын начин Б.Орхонбаяртай тунаж барилдаад өвдөг шороодсон билээ.

Улсын наадмын түрүү бөх тодордог “Увс нуур” дэвжээний бөхчүүд уламжлал ёсоор Харзтайд бэлтгэлдээ гарчээ. Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс нар гал ахалж байгаа юм байна. Харин дасгалжуулагчаар нь улсын заан О.Одгэрэл ажиллаж байгаа аж. Энэ галын аймгийн цолтнууд сонгуульдаа оролцохоор нутаг руугаа явжээ. Улсын наадамд барилдах цөөхөн бөхчүүд бэлтгэл базааж байгаа юм байна. Увс нуур галд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр нарын түрүү бөхийн тааварт нэрлэгдэх шилдэг азлуу хүчтэнүүд бэлтгэлээ базаадаг. Гэхдээ гарьд, заан хоёр наадмын бэлтгэлдээ гарч амжаагүй байгаа ажээ.

Мөн улсын харцага Баасанхүү, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нарын хүчтэнүүдийг цолоо ахиулна хэмээн итгэл хүлээлгэж буйгаа Одгэрэл заан онцолж байлаа. Эднийхтэй айлсаж Баян-Өлгий аймгийн бөхчүүд бэлтгэлээ базааж байгаа юм байна.

Төрхурхын аманд “Сүлд” спорт хорооны бөхчүүд бэлтгэлдээ гарчээ. Улсын аварга Г.Эрхэмбаяр нутагтаа сонгуулийн ажилтай байгааг галынх нь бөхчүүд хэлж байв. Энд Ховд аймгийн харьяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий бэлтгэлээ базааж байна. Тэрбээр “Наадмын өмнө нутагтаа очиж уул овоондоо гараад ирсэн. Бэлтгэлдээ гараад удаагүй байна. Ачаалалтай бэлтгэлдээ орж хараахан амжаагүй байгаа. Энэ жил урд жилүүдийнх шиг өндөр формтой наадамд зодоглож чадахгүй нь шиг байна. Хөл хорио тогтоосон үед барилдааны бэлтгэл хийж чадсангүй. Гэхдээ ийм үед бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийг хүндэлж наадам зохион байгуулж байгаад талархаж байна” гэсэн юм.

УЛСЫН АВАРГА, АРСЛАНГУУДЫН ЗАРИМ НЬ БЭЛТГЭЛД ГАРЧ АМЖААГҮЙ БАЙНА

Хүчтэний өлгий Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөхчүүд Сүүж уулын ойролцоо бэлтгэлдээ гарчээ. Гэхдээ улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва нар бэлтгэлдээ гарч амжаагүй байгаа гэнэ. Аварга Санжаадамба Өмнөговьд, Пүрэвдагва арслан Дархан-Уул аймагт сонгуулийн ажилтай явж байгаа аж. Аварга арслангуудын эзгүйд галыг улсын харцага Мягмарын Бадарч ахалж байгаа юм байна. Мөн Ховд аймгийн харьяат улсын заан Б.Пүрэвсайхан наадмын бэлтгэлд хараахан гарч амжаагүй байгаа гэнэ.

Бөхчүүд хаана ямар галд гарсан талаарх мэдээллийг багцлахад ийм байна. Бөхийн хүрээнийхэн өнөө жилийн баяр наадмын түрүү бөх харцага цолтнуудаас тодрох магадлалтайг хэлж байна. Тэр дундаа Б.Бат-Өлзий, О.Хангай нарын бөхчүүд цол ахиж төрийн наадмын түрүү, үзүүрт гарч барилдах цаг болсныг дуулгаж байсан юм. Мөн аварга арслангуудтай хүчтэй өрсөлдөөн үзүүлэх бөхөөр Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын харцага Д.Анарыг нэрлэж байна. Үүнээс гадна улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр нар түрүүлэх магадлал өндөртэй байгааг багш дасгалжуулагчид онцолж байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосон үед баяр наадмыг өнжилгүй зохион байгуулж байгаад бөхчүүд талархалтай хандаж байлаа. Мөн залуу бөхчүүд аймгуудын баяр наадмыг улсын наадамтай нэг өдөр тэмдэглэхээр болсныг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Улсын том цолтой бөхчүүд аймгийн наадам хэсч найраа хийдэг буруу тогтолцоог зогсоосон зөв алхам болсныг аймгийн цолтнууд хэлж байв.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Эрдэнэ: Сонгогчдын итгэлийг авч чадаагүйдээ уучлал хүсч байна

УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар АН-аас өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж буйгаа мэдээлсэн юм. Тэрээр “Сонгуулийн явцад олон маргаан зөрчил гарсан. Тэрийг сонгуулийн эрх бүхий байгууллага болох хууль, цагдаагийн байгууллагууд шалгаж, тогтоох байх. АН энэ сонгуульд төлөвлөж байсан хэмжээндээ амжилт үзүүлж чадсангүй. Тиймээс АН-ын үндсэн дүрмийн хүрээнд намын даргын хувьд би хариуцлага хүлээж, огцрох өргөдлөө өгсөн. Энэ талаараа үндсэн дүрэмд заасны дагуу холбогдох газарт нь өргөдлөө шилжүүлсэн байгаа. Сонгуулийн дүн Сонгуулийн хуулийг улам боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгааг харууллаа. МАН нийт сонгогчдын 44.9 хувийн санал авч, 62 суудал авсан. 50 хувь хүрээгүй. Өмнөх 2016 оны сонгуульд ч гэсэн 40 гаруй хувийн саналаар 65 суудал авч байсан. Сонгуулийн маань шууд төлөөллийн зарчим хангагдахгүй байна гэж үзэж байгаа. АН 24.5 хувийн саналаар 11 суудал авсан бол бусад нам эвсэл, бие даагчид 30.6 хувийн саналаар гурван суудал авсан. Энэ нь ардчиллын төлөөллийн зарчим хангагдахгүй байгааг харуулж байна. Цаашид ардчиллын төлөөх намууд нэгдэж, нэг нам, нэг бодлогын хэмжээний улс төрийн хүчин болж, сонгуульд оролцох шаардлагатайг харуулж байна. Ардчиллын төлөөх намууд цаашид нэгдэж, нягтарч, эвслээс илүү нэг нам болж, үзэл баримтлалаараа нэгдэх хэрэгтэй. АН-ыг тэргүүлж сонгуульд оролцсоны хувьд надад алдаа оноо олон байсан. АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хэл амаа олж, нэг баг болж ажиллаж чадаагүй. Энэ нь сонгуулийн маш том боломжийг алдсан гэж харж байгаа. Монголын нийгэм эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, идэвхтэй сөрөг хүчний байр суурийг хангаж ажиллаж чадаагүй. Сонгогчдын итгэлийг авч чадаагүйд уучлал хүсэж байна.

Цаашид АН 200 мянга гаруй сонгогчийн итгэлийг хүлээж, үндэсний хэмжээний эрх баригч нам болохын тулд хичээл зүтгэл гаргах болно. Ардчилсан хүчний намууд нийлээд 55-56 хувийн санал авах боломжтой байсан.

Цаашид АН-ын удирдлагууд энэ тал дээр анхаарч, ажиллаж чадна гэж итгэж байна.

АН-ын Үндсэн дүрмийн хүрээнд тамга, дүрмийг АН-ын дэд дарга Ц.Туваанд түр шилжүүлж байна. Үндсэн дүрмийн дагуу дотоод сонгууль, сунгааг амжилттай зохион байгуулна гэдэгт эргэлзэхгүй байна. 200 мянган гишүүнээс нэгдмэл удирдлагаар хангаж чадаагүйд хүлцэл өчье” гэв.

Тэрээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


шударга болж чадав уу?

-Хяналтын шатанд ноцтой зөрчил гараагүй байна. Ер нь хар машины тооллогод мэргэжлийн түвшинд хяналт тавих шаардлагатай гэж харж байгаа.

Энэ тал дээр эргэлзэж, тээнэгэлзсэн сонгогчид олон байна.

-Сонгогдсон нэр дэвшигчдээс хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа хүн байгаа юу. Шүүхийн шийдвэрээр АН суудал нэмэх боломж бий юү?

-Сонгуулийн явцад прокурор цагдаагийн түвшинд шалгагдаад шүүх рүү шилжсэн тохиолдлууд бий.

Өвөрхангай аймаг, Чингэлтэй дүүрэгт асуудал гарсан. Хууль хяналтын байгууллагын шийдвэр гараагүй учраас бид хэлэх боломжгүй. Хууль шүүхийн байгууллага тогтоосны дараа асуудал яригдах байх.

-Ардчилсан нам шинэчлэл хийж чадаагүй нь сонгуульд ялагдсан гэж үзэх хүмүүс байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?

-Манай намд шинэчлэл хийгдэж байгаа. Үр дүн нь яваандаа мэдрэгдэх байх. Олон үзэл баримтлалыг нэг туган дор нэгтгэх нь хичээл зүтгэл шаардсан ажил байлаа.

-АН-ын даргыг хэзээ сонгох вэ?

-АН-ын даргын сунгаа гурван сарын хугацаанд үргэлжилнэ гэлээ.

Б.АМАР

Categories
мэдээ нийгэм

“Жи тайм”-ын хэргийн шүүх хурал ирэх сарын 2-нд болно

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан (Залилах) гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан байна.

Шүүхээс “Жи тайм”-ын сүлжээний хэргийн гэм буруугийн хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагт хийхээр товложээ.

Хохирогчдын нэрийн жагсаалтыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн facebоok хуудас болон бусад сайтуудаар мэдээлж байна.

Мөн шүүх хуралдааныг ямар хэлбэрээр хохирогчдод хүргэх талаарх мэдээллийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэнэ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хүнсний дэлгүүрүүд шөнийн 00:00 цаг хүртэл ажиллана

Чингэлтэйд 8 нэрийн хүнсний дэлгүүр зарна

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/616 дугаар захирамжид өөрчлөлт орж байгаа тухай зарим эх сурвалж мэдээлжээ. 07:00-22:00 цаг хүртэл ажиллаж байгаа ААН-ийн цагийн хуваарийг энэ сарын 26-наас эхлэн 00:00 цаг болгон сунгаж өмнө нь ажиллаж байсан ердийн цагийн хуваарьт оруулахаар болжээ. Уг шийдвэр гарснаар хүнсний дэлгүүрүүд шөнийн 00:00 цаг хүртэл ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм спорт

NBA-ийн гурван тоглогчид коронавирусын халдвар авчээ

NBA ирэх долдугаар сард эргэн ирэх эсэх нь эргэлзээтэй байна. Өнөөдөр Индиана Пэйсерс багийн Малколм Брогдон болон Сакраменто Кингс багийн хослол болох Жабари Паркер, Бадди Хилд нар халдвар авсан тогтоогджээ. Мөн зургаадугаар сарын 24-нд Денвер Наггетс багийн од тоглогч Никола Йокич болон өрнөд бүсийн плэй-оффын байрлалын төлөө өрсөлдөж буй багуудын дөрвөн тоглогч шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна.

Энэ тухай Малколм Брогдон “Би саяхан covid вирусийн халдвар авснаа мэдлээ. Одоогоор тусгаарлалтанд байна. Би эмчилгээгээ хийлгэж, сайн байгаа. Ирэх долдугаар сард багтайгаа Орландо хотод эргэн нэгдэхээр төлөвлөж байна” хэмээжээ. Харин Жабари Паркер “Хэд хоногийн өмнө би covid-19 өвчний халдвар авчээ. Халдвартай гэдгээ мэдсэн даруйдаа л Чикаго хотод тусгаарлалтад орсон. Эмчилгээгээ хийлгэж, бие маань сайжирч байна. NBA-ийн улирал үргэлжлэх үед Орландогийн талбай дээр багийнхантайгаа нэгдэх болно” гэлээ. Харин Бадди Хилдийн талаар албан ёсны мэдэгдэл гараагүй байна. Мөн саяхан Лос Анжелес Лэйкерс багийн гол тоглогчдын нэг Эвери Брэдли энэ улиралд дахин тоглохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр өөрийн хүүхдүүд болон ойр дотныхоо хүмүүст халдвар тараахгүй байхыг хүссэн байна.

NBA үргэлжлэн явагдах АНУ-ын Флорида муж шинэ коронавирусийн халдвар авсан тоогоороо улсдаа дээгүүр байр эзэлж байна. Нийт 106 мянга гаруй оршин суугч халдвар авсан гэсэн үзүүлэлттэй байгаа аж.

Б.МӨНХДУЛАМ

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

2020 онд цахим орчинд аюул учруулж болзошгүй голлох заналхийлэл

“Ransomware”

“Ransom” гэдэг нь “барьцаа” гэсэн үгнээс гаралтай нэгэн төрлийн хортой код юм. Компьютерт нэвтэрсэн тохиолдолд бусдын мэдээллийг тусгай аргаар шифрлэн цоожилж /encrypt/, шаардсан төлбөрийг төлсөн тохиолдолд цоожийг гаргадаг /decrypt/. Шаардсан төлбөрийг нь төлж цоожийг гаргасан ч тухайн файл бүрэн дүүрэн сэргэх баталгаагүй байдаг. “Ransomware”-ийг вирусын эсрэг програмууд бүрэн дүүрэн илрүүлэн, устгаж чаддаггүй. Энэхүү хортой код e-mail, веб сайт болон бусад зөөврийн төхөөрөмжөөр дамждаг бөгөөд сүүлийн жилүүдэд идэвхжиж, ажиллах чавдар нь улам сайжирч байна. Өнгөрөгч 2019 онд 1100 гаруй төрлийн “Ransomware” хортой кодыг илрүүлсэн. Эдгээрээс хамгийн их аюул учруулсан нь Bad Rabbit, Cerber, Dharma, GandCrab, Jigsaw, Katyusha, LockerGoga, PewCrypt, Ryuk, SamSam хэмээх хортой кодууд юм. Зөвхөн АНУ-д гэхэд 2019 онд төрийн 948 байгууллагад халдаж 7.5 тэрбум ам.долларын шууд хохирол учруулсан бөгөөд халдлагыг илрүүлэх, сүлжээгээ сэргээх, мэдээллээ нөөцлөх, болзошгүй халдлагаас сэргийлэх зэрэгт 176 сая ам.доллар зарцуулсан гэсэн судалгаа байна.

Эдгээрийн дийлэнх нь боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудын салбарт үйлдэгдсэн. Олон улсын хэмжээнд 2019 онд нийт 75 тэрбум гаруй ам.долларын хохирол учруулснаас зөвхөн эрүүл мэндийн салбарт тус хортой кодоос шалтгаалан 40 орчим тэрбум ам.долларын шууд болон шууд бус хохирол учирсан гэсэн судалгаа байна. Өнгөрөгч 2019 онд 14 секунд тутам “Ransomware” хортой кодын халдлага гарч байсан бол 2021 онд 11 секунд болох таамаг байгаа бөгөөд 2020 оноос тухайн кодын учруулсан хохирлын хэмжээ 100 тэрбум ам.доллар давах төлөвтэй байна.

“Инсайдер”

Инсайдер – Нийтэд хаалттай буюу цөөн хүрээнд яригдсан, эсхүл төрийн нууц мэдээлэлтэй танилцах эрхтэй этгээд, эсхүл нарийн мэдлэг бүхий мэргэжилтэн./

Сноуден, Мэннинг зэрэг мэргэжилтний үйл ажиллагаанаас бид инсайдерууд тодорхой байгууллага, үндэстэн, магадгүй олон улсын аюулгүй байдалд ямар их сөрөг нөлөө үзүүлж болохыг ойлгож эхлээд байна. Эдгээр хүмүүс ёс зүйн хувьд хийж байсан ажлаа, эсхүл олж мэдсэн мэдээллээ нийтэд дэлгэж байсан. Тэгвэл гадаадын тусгай алба, магадгүй террорист байгууллага, этгээдийн гарт энэ мэт мэдээлэл очсон бол ямар их аюул учруулахыг төсөөлөхөд бэрх. Үүний нэг жишээ нь Парисийн цагдаагийн ажилтан Майкл Харпон гэгчид холбогдох хэрэг явдал. Тэрээр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 4 ажилтны амийг хороож, 6 ажилтанд гэмтэл учруулсан юм. Хэргийг шалгах явцад тэрээр 16 жилийн өмнөөс цэргийн маш нууц зэрэглэлийн мэдээлэлтэй танилцах, шалгах эрх бүхий албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд нэлээд олон жил, маш нууц зэрэглэлийн мэдээллийг зөөврийн флаш дискээр бусдад дамжуулж байсан нь илэрчээ. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрх бүхий албан хаагчид нь аль түвшний, ямар мэдээлэл, хэнд задруулсан, энэ нь үндэсний аюулгүй байдалд ямар хэмжээний хор хохирол учруулж болохыг өнөөг хүртэл бүрэн тогтоож чадаагүй байгаа аж.

Иймд үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй цахим орчин дахь “хулгай” 2020 онд томоохон сорилт болох төлөвтэй байна.

Disinformation – Хуурамч мэдээлэл

Өрсөлдөгч хүчний зүгээс тогтворгүй байдал үүсгэх зорилгоор их хэмжээний хуурамч мэдээллийг зохион байгуулалттайгаар нийтэд түгээдэг бөгөөд ялангуяа тухайн улс оронд сонгууль явагдах жилд илүү их тохиолддог.

Энэ жил дэлхий болон бүс нутгийн томоохон тоглогч орнуудад сонгууль явагдах тул цахим орчны аюулгүй байдалд томоохон эрсдлийг үүсгэж болзошгүй. Тухайлбал, 2020 онд АНУ, Австрали, ИБУИНВУ, БНЭУ, БНСУ, Хонконг, Тайвань, Сингапур, Франц, Венесуэль, Бразил, Иран, Израйль, Кувейт, Сири, Төв Африк, Судан, Египет, Иордан, Индонез, Киргиз, Тажикистан, Гүрж, Грек, Польш, Перу болон Монгол Улсад мөн Ерөнхийлөгчийн, Парламентын болон орон нутгийн сонгууль явагдана.

Хуурамч мэдээллийг зохион байгуулалттай тараахаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсооход хэдэн сая мэдээлэлд дүн шинжилгээ хийх шаардлагатай болдог тул маш их цаг хугацаа, хөрөнгө санхүүжилт, тусгай техник технологи шаардсан нүсэр ажиллагаа явуулах хэрэгтэй болдог. Мөн энэ үед төрөл бүрийн санаа зорилго бүхий нууцлаг байсан “инсайдер”-ууд ил болж, шинэ “инсайдер”-уудыг бий болгодог байна.

Нууцлал

Мэдээллийн нууцлалын тухай ойлголт хүний өвчний түүх, иргэний баримт бичиг, банкны мэдээлэл зэрэг хүрээнд яригддаг байсан бол өнөө үед биометр, бие даасан тээврийн хэрэгсэл, ухаалаг системтэй байр /оффис/, “23&Me” гэх мэт маш өргөн хүрээг хамрах болжээ.

23&Me /Хүний генетикийн мэдээлэлд үндэслэн биотехнологийн аргыг ашиглан шинжилгээ хийдэг АНУ-ын хувийн компани. Аливаа хүний багахан хэмжээний генийн мэдээллийг авсны үндсэн дээр ирээдүйд өвдөж болзошгүй өвчнийг урьдчилан тооцоолж, сэргийлэх, төрөл садан, удам угсааг нь олж тогтоох зэрэг үйлчилгээ үзүүлдэг. 2018 оны 2 сарын байдлаар 3 сая гаруй хүний генетикийн мэдээлэлд үндэслэн шинжилгээ хийсэн гэсэн судалгаа байдаг./

Сүүлийн жилүүдэд хувь хүний мэдээлэл төрийн болон хувийн байгууллагад хадгалагдах нь их болсон. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагад ДНК болон өвчний түүх, гудамж талбай, ажлын байран дахь ухаалаг хяналтын камерт бидний царай төрх, биеийн хэлбэр дүрс, худалдаа үйлчилгээний байгууллагад санхүүгийн зэрэг мэдээлэл хадгалагдан, ингэхдээ цахим орчинд сан үүсгэн үлдэж байдаг.

Тэгвэл 2020 онд өндөр зохион байгуулалттайгаар хувь хүний нууц мэдээлэлд нэвтрэхэд чиглэсэн халдлага мөн нэг төрлийн цахим заналын нэг болохоор байна.

Фишинг /phishing/-ээс смишинг /Smishing/, мессэжинг /Messaging/

hishing – Тухайн хэрэглэгчийн e-mail хаяг руу ямар нэг байгууллагын нэр ашиглан хортой код бүхий “өгөөш” цахим шуудан явуулах замаар интернетийн нууц үг, санхүүгийн болон бусад мэдээллийг нь авч хувийн зорилгодоо, мөнгө олоход ашиглах үйлдэл.

Smishing – “Phishing”-ийн шинэ төрөл буюу SMS (үүрэн телефоны мессеж) илгээх замаар хуурамч сайтад хандуулж, тухайн хэрэглэгчийн мэдээллийг авдаг.

Messaging – Сүүлийн үед их хэрэглэгдэх болсон мессенжерийн платформ (facebook messenger, iMessage, WhatsApp гэх мэт) ашиглан хортой код бүхий хуурамч мэдээлэл дамжуулан хэрэглэгчийн мэдээллийг олж авч ашиглах луйвар.

Өмнө нь e-mail ашиглан фишинг /phishing/ луйвар үйлддэг байсан бол сүүлийн үед Facebook, Slack, Signal, WhatsApp, LinkedIn зэрэг мессеж зурвас солилцох зориулттай хэдэн зуун платформыг ашиглан халдлага, луйвар хийх болсон. Хэрэглэгчид e-mail ашиглах нь багасаж, мессеж платформ ашигладаг болсон өнөө үед дээрх төрлийн халдлагууд нь маш их хохирол учруулахаар байна.

5G

5G технологийн “маш өндөр хурд”-ыг дагаад илүү олон боломж бидэнд нээгдэж байгаа ч үүнийг дагаад аюулгүй байдлын асуудал хурцаар яригдаж эхлээд байна. Иймээс 2020 оноос нийтийн хэрэглээнд гарахаар яригдаж байгаа 5G технологи нь цахим орчны аюулгүй байдалд томоохон эрсдэлийг дагуулах магадлалтай байна.

“IoT”

“IoT” – “internet of things” – Юмсын буюу эд зүйлсийн интернет. Өөртөө электроник, програм хангамж, мэдрэгч, сүлжээний төхөөрөмж зэргийг багтаасан бүх төрлийн тээврийн болон цахилгаан хэрэгсэл гэх мэт эд зүйлс. Эдгээр төхөөрөмж нь сүлжээгээр дамжин хоорондоо холбогдож, өгөгдөл солилцож, алсаас удирдах, өөрөө тооцоолон бодох чадвартай байдаг.

Шинжээчдийн судалгаагаар 2020 он гэхэд 30 тэрбум гаруй обьект “эд зүйлсийн интернет”-д хамаарна гэсэн тооцоо байна. Техник технологийн хөгжлийг дагаад “IoT” гэх ойлголт нь бидний өдөр тутмын хэрэглээнд буюу орон байр, төрөл бүрийн электрон бараа, тээврийн хэрэгсэл, бизнест нэвтэрч байгаа нь энэ салбарын аюулгүй байдалд улам их аюулыг учруулж болзошгүй байна.

Нийлүүлэлтийн сүлжээ

Технологийн дэвшлийг дагаад аливаа эд зүйлийг захиалагчид хүргэх ажиллагаа цахим орчинд явагдах болсон нь цаг хугацаа, зардал хэмнэсэн давуу талтай боловч түүнийг дагаад гэмт этгээдийн халдлагад өртөх явдал маш их болсон. Цахим орчинд явагдаж буй худалдан авалт, тээвэр ложистик, контейнер, карго, тэдгээрийн баримт бичгийн бүрдүүлэлт бүрийг хянаж, шалгах боломж хомс байгаа нь гэмт этгээдүүд хууль бус үйлдлээ явуулах таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, террорист этгээд халдлага үйлдэхэд шаардлагатай зэвсэг, галт хэрэгсэл, хими, биологийн бодис олж авах, хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан авах, хулгайн эд зүйлийг бусдад худалдах боломжийг олгож байна. Ингэхдээ BitCoin зэрэг цахим мөнгө ашиглаж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд улам бүр хүндрэл учруулж байна.

Иймд бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн цахим сүлжээний аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлага тулгарч байна.

Компьютерын процессорын алдаа

Meltdown, PortSmash, Specter зэрэг микропроцессорын чип дэх техникийн шинжтэй алдаанууд нь гадны халдлагад өртөх, мэдээлэл алдагдах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Программ хангамж, аливаа цахим халдлагаас гадна техникийн буюу материаллаг шалтгаантай энэ мэт “эмзэг цэг” цаашид ч гэсэн цахим аюулгүй байдалд аюул дагуулсаар байх төлөвтэй байна.

Аюулгүй байдлын арга хэрэгсэл

Цахим орчны аюулгүй байдалд хамгийн том аюул учруулах зүйл нь ямар нэгэн халдлага гэхээс илүү тухайн байгууллага аюулгүй байдлаа хангахад чиглэсэн ямар нэгэн арга хэмжээ авахгүй, техник технологио шинэчлэхгүй, энэ талын мэдлэг, мэдээлэл, бэлтгэлгүй байх явдал юм.

Байгууллага бүр хурдацтай өөрчлөгдөж буй технологийн хөгжлийг дагаад мэдлэг, мэдээлэлтэй байж түүнд тохирсон урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлж байх хэрэгтэй. Гэхдээ аливаа халдлага, аюулаас найдвартай урьдчилан сэргийлнэ гэсэн сурталчилгаа болгонд итгэх хэрэггүй бөгөөд найдваргүй бүтээгдэхүүн нь эргээд түүнээсээ их хор хохирол учруулдаг гэдгийг санах хэрэгтэй.

ТЕГ

Categories
мэдээ улс-төр

АН-ын залуучууд нэгдэж, намаа шинэчлэх шаардлагыг АН-ын төв байранд хүргүүллээ

Өнөөдөр АН-ын зарим гишүүд мэдэгдэл хийлээ. АН-ын залуучууд нэгдэж, намаа шинэчлэх шаардлагыг АН-ын төв байранд хүргүүллээ. Мөн 100 гаруй залуучууд нэгдэж, есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулжээ.

АН-ын гишүүн В.Ган-Эрдэнэ “УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр АН парламентэд 11 суудал авч, хоёр сонгуульд дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ АН-ын олон жилийн турш дэмжиж, Ардчилалд итгэж ирсэн олон нийтийн итгэлийг алдсан хариуцлагагүй үйл явдал боллоо. АН-ын гишүүд бид энэ байдлыг хараад зүгээр суух эрхгүй болжээ. Намыг ялагдалд хүргэсэн одоогийн удирдлага дүрмийн дагуу хариуцлага хүлээж, шинэчилсэн зохион байгуулалтыг шуурхай хийж чадах эсэх, дотоод ардчиллыг гишүүдийн оролцоотой хангаж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Иймд цаашдын өрнөлд хяналт тавих, шинэчлэлийг сууриар нь зөв зохион байгуулах нь намын төдийгүй Монголын ардчилалд чухал ач холбогдолтой гэж бид үзэн АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулснаа үүгээр зарлаж байна. Түр хороо дараах ажлыг хийхээр зохион байгуулсан болно. Үүнд:

  • АН-ын үндсэн дүрмийн дагуу АН-ын дарга, дэд дарга нар, ерөнхий нарийн бичгийн даргыг 2020 оны зургаадугаар сарын 24-ны орой огцорсныг ажлын таван хоногт буюу 2020 оны долдугаар сарын 1-нд багтаан албажуулах ажлыг АН-ын үндсэн дүрмийн хороо хийж чадах эсэхийг хянах
  • Намын Үндэсний бодлогынхорооны хурлыг 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардах
  • АН-ын дүрмийн хэрэгжилт дотоод ардчиллыг хангуулах бусад ажлыг зохион байгуулах гэх ажлуудыг хийхээ мэдэгдэж байна.

Мөн АН-ын үндсэн дүрэмд нам сонгуульд олонхийн санал аваагүй тохиолдолд намын дарга болон дэд дарга огцрох ёстой гэж заасан. Үүн дагуу АН-ын Үндэсний бодлогын хороо нэн даруй хуралдаж намын даргыг огцруулах тогтоолыг гаргахыг шаардаж байна. АН бол дотоод дүрэмтэй нам бөгөөд хэрвээ дүрмээ биелүүлээгүй тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авна” хэмээн мэдэгдлээ.

Б.МӨНХДУЛАМ