Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 25-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Улиастай, Сэлбэ, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Сэлбэ, Хурх, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-50 см, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Орхон гол Сүхбаатар хот орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 5-50 см нэмэгджээ. Харин өнөдөр буюу 26-нд Туул гол Улаанбаатар хот, Хэрлэн гол Багануур дүүрэг, Онон гол Дадал орчимд усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
  • Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл: Үндсэн хуулийг зөрчиж, сонгууль хийсэн, Хууль зөрчин нэр дэвшигчийг хорьсон тул эдгээр тойргийн саналыг хүчингүй болгох ёстой

Э.Бат-Үүл:“Сонгууль ид явагдаж байх үед буюу зургадугаар сарын 18-нд Да.Ганболд нар тэргүүтэй АН-ын нэр дэвшигчдийг цагдан хорьсон. Тэднийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр шууд шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Да.Ганболдын өмгөөлөгчийн хэлснээр энэ нь шүүхийн зүгээс Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон. Шүүхээс зургадугаар сарын 15-ны өдөр Да.Ганболдын өмгөөлөгчтэй холбогдсон байдаг. Ингэхдээ Да.Ганболд хаана байна вэ гэж асуухад өмгөөлөгч нь сонгуулийнхаа ажлаар явж байгаа гэж хэлээд дуудах ёстой юу гэтэл дуудах шаардлагагүй гэж шүүхийн зүгээс хэлсэн байгаа юм. Гэтэл ингэж хэлчихээд шүүхээс зургадугаар сарын 15-ны өдөр 10 тэрбум төгрөгийн барьцааг байршуулах ёстой гэдэг шийдвэр гаргасан.Д.Ганболд тэргүүтэй зургаан хүнийг цагдан хорьсоор байгаад сонгуулийн санал хураалт боллоо. Шүүх сонгуульд нөлөөллөө. Тухайн үед би СЕХ-нд асуулга тавихад эдгээр нэр дэвшигчдийг цагдан хориход СЕХ-д мэдэгдээгүй гэсэн. Тухайн нэр дэвшигчдийг цагдан хорьсноор сонгогчид санал өгч болох эсэхэд эргэлзээ үүссэн. Тиймээс сонгуулийн дүнд нөлөөлсөн. Тиймээс энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхдээ үүнийг заавал хэлэлцэх ёстой. Сонгуулийн дүн хуульд нийцэж явуулсан байх ёстой. Сонгуулийн хуулийг зөрчиж, сонгуулийг явуулсан бол эдгээр тойргийг шууд хүчингүй болгох ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг чандлан барих ёстой байтал тэгсэнгүй. Шүүхээс хүний эрхийг дураараа зөрчиж байгаа энэ үйлдлээ зогсоохгүй бол дарангуйлал тогтож, сонгууль болмогц нэр дэвшигчдийг цагдан хорьдог жишиг тогтоно” гэв. Тэрбээр нэр дэвшигчдийг цагдан хорьсон асуудлыг мэдсэн даруйдаа Хэнтий аймагт сонгуулийн сурталчилгаа хийж байсан ч эсэргүүцэж мэдэгдэл хийсэн гэдгээ хэллээ. Энэ асуудлаар албан ёсоор СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд албан ёсоор шаардлага хүргүүлсэн байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд осол гарч, хоёр хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.06.22-26-ны өдрүүдэд нийт 1107 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 677 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтсэн. Хүүхэд гэмтээгүй байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -8
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Мотоциклтой мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.06.23-ны өдрийн 14 цаг 00 минутын орчимд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5-р багийн нутаг дэвсгэр шороон замд Мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон,

2020.06.24-ны өдрийн 09 цаг 16 минутын орчимд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвд ерөнхий боловсролын сургуулийн автомашины зогсоолд /шороон зогсоолд/ Toyota Succeed маркийн Г жолоочтой автомашин нь явган зорчигч 78 настай, эмэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 1301 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 16,4 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4,7 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 42,8 хувиар, ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 60 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

​“Хүрээ цам 2020” шашин соёлын үйл ажиллагаа энэ сарын 29-нд болно

Өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн цамын даамал С. Ишцог болон хэвлэл мэдээлэл, ОНХА-ы дарга Ж.Одьгарьд нар “Хүрээ Цам 2020” шашин соёлын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. “Хүрээ Цам 2020” ёслолыг зургаадугаар сарын 29-ний өдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганы өмнөх талбайд зохион байгуулна. Уг шашиг соёлын үйл ажиллагааг Ковид-19 цар тахал, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хэвлэл мэдээллийн сувгуудаар шууд дамжуулна.

Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, ОНХА-ы дарга Ж.Одьгарьд “Гандантэгчэнлин хийдээс энэ жил уг ёслолыг тасалдуулахгүй явуулахын тулд “Хүрээ цам 2020”-ыг зохион байгуулна. Олон нийтийг хамарсан морь уралдах, бөх барилдах, сур харвах тэргүүтэй олон үйл ажиллагаа энэ жил болохгүй болсныг мэдэгдье. Харин “Хүрээ цам 2020” шашин соёлын үйл ажиллагаа төмөр хулгана жилийн зуны дунд сарын шинийн есний өдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болно. Мөн олон нийт Гандантэгчилэн хийдэд цуглах боломжгүй болсон. Харин гол шашны төлөөллүүд оролцож, ариутгал хамгаалалт халдваргүйжүүлэлт дор үйл ажиллагааг зохион байгуулна” гэлээ.

Гандантэгчэнлин хийдийн цамын даамал С.Ишцог “Зургаадугаар 27-ны өглөө 07:00 цагаас хурал номын үйл ажиллагаа эхэлнэ. 28, 29-ний өдөр дэг жаягийн дагуу хурал ном хурна. Зөвхөн цамын үйл ажиллагааг зохион байгуулж, телевиз болон бусад боломжит бүх хувилбараар олон нийтэд хүргэнэ. Тиймээс нийт сүсэгтэн олон та бүхэн телевиз болон цахимаар үзэх боломжтой.” гэв.

Дашрамд дурдахад Их Хүрээ цамд Монгол түмнийг даан болгоогч хүч чадлын эзэн Очирваань бурханы дүр болон уран хошин, инээдэмт Цагаан өвгөний дүрээс гадна Улаанбаатарчуудын шүтээн болсон дөрвөн дагшин уулын эзэд болох Хангарьд, Гахай, Нохой, Хөх өвгөн нарын дүрүүд гардагаараа ихэд онцлогтой. Мөн цам нь Нууц тарнийн ёс буюу Очирт хөлгөний ёсны анхааран авлагын амарлингуй, дэлгэрэнгүй, эрхэндээ хураагч, хатуу үйл хэмээх дөрвөн үйлээс хатуу үйлд нь хамаардаг. Тиймээс цам нь буяныг эрхэмлэгчийн сүсгийг арвитгаж, нүгэль нугуудын зүрхийг шимшрүүлдэг үйл мөн.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Автомашин дотор байсан хэрэглээний газ дэлбэрч, хоёр хүн түлэгдэж бэртжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва хороолол”-ын автомашины зогсоолд суудлын автомашинд байсан газ дэлбэрчээ.

Энэ тухай мэдээллийг зургаадугаар сарын 25-ны өдрийн 20:05 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Т.Цогтсайхан 21:00 цагт очиход иргэн А-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савлагаатай газ дэлбэрч автомашин дотор байсан иргэн 20 настай, эрэгтэй Н, иргэн 18 настай, эрэгтэй М нар түлэгдэж бэртсэнийг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвөөс ГССҮТ рүү авч явжээ.

Тухайн автомашиныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Эрдэнэ-Очирт хүлээлгэн өгсөн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Москва-УБ-ын онгоцоор өчигдөр ирсэн гурван хүнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий даяар коронавирус нь 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 9679000 хүн өвчилж, 488000 хүн нас барсан байна. 8.2 сая хүн эдгэрч, 3 сая гаруй хүн эмчилгээ хийлгэж байгаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Зургадугаар сарын 26-ны өдөр 171 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 168 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Зургаадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21-23 насны, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутнуудад вирус илэрлээ. Өнөөдөр 19 настай цэргийн сургуулийн оюутан эдгэрэн гарч байна. Нийт батлагдсан тохиолдол 219 болсон бол үүнээс 170 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан” гэв.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагт 150 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа. АНУ-д өнгөрсөн 24 цагт 37 мянга гаруй хүн шинээр халдвар авсан нь халдвар хамгийн их тархсан өдөр гэж бүртгэгджээ. АНУ-д ирэх долоо хоногт коронавирусийн халдварын оргил үе ирэх байх гэж эрдэмтэд анхааруулж байна. Хөл хорионы дэглэмийг сулруулсан Европын орнуудад халдвар нэмэгдэж байна. ОХУ-д 7113 хүн шинээр халдвар авч, 92 хүн нас барлаа. Манай улсын хувьд өчигдөр 126 хүн шинээр ажиглалтад орж, 17 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоо ажиглалтад 2,566 хүн байгаа. 1-5 насны 130 хүүхэд, 53 жирэмсэн эх байна. Халдвар авсан өвчтөнүүдэд 188 сувилагч, 12 асрагч ээлжээр эмнэлгийн тусламж үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 93 хүн байгаа. Үүнээс 52 хүн нь архаг хууч өвчтэй, 6 хүн эрчимт эмчилгээний тасагт байна.

ЭМЯ-ны ШУ, технологийн зөвлөлийн дарга Оюунсүрэн: Дэлхийн хэмжээнд коронавирусийн вакцин бүтээх 141 судалгаа хийж байна. Коронавирусийн халдвар авсан хүмүүс чихрийн шижингээр өвчлөх эрсдэлтэйг тогтоожээ. Коронавирус Цельсийн 4 градуст хамгийн тэсвэртэй, температур нэмэгдэх тусам вирусийн тэсвэр муудна гэж үзэж байна. Вакцин гарахаас нааш халдварын гурав, дөрөв дэх дэгдэлт гарах тул иргэд хөл хорионд байх нь зүйтэй гэж эрдэмтэд зөвлөж байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын анхдугаар чуулганыг Х.Баделхан даргална

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, сонгогчдоос хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчид Даваа гаригт УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгох шийдвэр гаргаад байна.

2020 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудлыг авлаа. Ингэснээр Засгийн газрыг дангаараа байгуулах бололцоо бүрдээд байна.

Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, УИХ-ын анхдугаар чуулганыг товыг зарлах ёстой. УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай УИХ-ын гишүүн нь удирдаж, шинэ гишүүд тангаргаа өргөснөөр өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах юм. Шинэ парламентын хамгийн өндөр настай гишүүн болох Х.Баделхан анхдугаар чуулганыг удирдах юм байна. Тэрбээр 66 настай.

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын анхдугаар чуулганыг 2016 оны долдугаар сарын 1-нд хуралдуулах зарлигийг гаргаж байжээ. Анхдугаар чуулганы дараа УИХ дахь намын бүлгүүд байгуулагддаг.

Categories
мэдээ нийгэм

Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хуралдаан эхэллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Тавдугаар сарын 28-ны өдөр Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, “…мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол цагдан хорих шийдвэрийг гаргасан билээ.

Энэ сарын 17-ны өдөр шүүх хуралдаан болж, шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа Дорноговь аймагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр шүүх хуралдаан давхацсан гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй.

Шүүгдэгч Д.Ган-Эрдэнэ шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Шүүгдэгч Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Categories
мэдээ нийгэм

​“The Hu” хамтлагийн хандивын тоглолт ням гарагт болно

“The Hu” хамтлаг Улсын онцгой комисст хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 28-нд 22.00 цагаас “White Rock Center”-т хийхээр болжээ. Тэд хандивын тоглолтоо энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас түр хойшлуулаад байсан юм.

Онлайн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Хүрээ энтертайнмент” компани ажиллаж, МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх аж. Тоглолт бүтэн хоёр цагийн турш үргэлжлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Ялалтын баярын парадад жагссан алба хаагчдыг Багабаян энхийн цогцолборт 21 хоног тусгаарлана

Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд оролцсон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнөөдөр 08:33 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны ИЛ-76 цэргийн онгоцоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Зэвсэгт хүчний 75 алба хаагч эх орондоо ирлээ. Алба хаагчдыг Багабаян энхийн цогцолборт 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.