Categories
мэдээ нийгэм

ЭЕШ: ШАЛГУУЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Image may contain: text

Шалгуулагч та даалгавраа амжилттай гүйцэтгэхэд туслах зорилгоор дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

1. Шалгуулагч та ширээн дээр буй гэрээний хуудсыг уншиж, танилцаад гарын үсгээ зурна. Хэрэв зураг, регистрийн дугаар, овог, нэр буруу зөрөх гэх мэт зөрчил байвал гэрээний хуудсан дээр засах буюу зааланд буй хянагч багшид мэдэгдэж протоколд тэмдэглүүлээрэй.

2. Шалгалтын материалын хуудасны бүрэн бүтэн байдал болон хэвлэлийн алдаатай эсэхийг сайтар нягтлаарай.

3. Хонх дуугарч шалгалтын товлосон цаг эхэлснээс хойш математик, хими, физикийн хичээлүүдийн шалгалтыг 100 минутад монгол хэл, англи хэл, орос хэл, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг, газар зүй, биологийн хичээлүүдийн шалгалтыг 80 минутад багтаж даалгавраа гүйцэтгэн, хариултын хуудсыг бөглөнө. Шалгалтын заасан хугацаа дуусаж, хонх дуугармагц та бүхний гүйцэтгэсэн даалгаврыг баганан код наалган хурааж авна.

4. Шалгалт эхлэх хонх дуугарснаас хойш шалгуулагчид хянагч багшаас шалгалтын сэдэвтэй холбоотой ямарваа нэгэн асуулт асууж, тайлбар авахгүй.

5. Хариултын хуудсыг БҮТ-өөс тарааж өгсөн балын харандаагаар бөглөнө. Зөвхөн хариултын хуудсан дээр хэрхэн хийсэн байдлаар шалгалтын үнэлгээг өгөх учраас нямбай ажиллаарай. Хэрэв та хариултын хуудсан дээр зааснаас өөр тэмдэглэгээ хийх, нэг мөрөнд давхар тэмдэглэгээ хийсэн тохиолдолд тухайн даалгаврын хариулт хүчингүй болно.

6. Шалгалтын заал, танхимд цүнх, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас зэрэг зүйл авч орсон бол хураалгаарай.

7. Шалгуулагчид нь даалгавар гүйцэтгэж байх үедээ хоорондоо ярих, эргэж харах, харандаа дамжуулах, дохио зангаа хэрэглэх зэрэг үйлдэл гаргаж бусаддаа саад болохыг хориглоно. Хэрэв та дээрх үйлдлүүдийг хийвэл таныг шалгалтын заалнаас гаргах болно гэдгийг анхаараарай.

8. Шалгалтын материал тарааснаас хойш шалгалтын танхимд хүн орж, гарч болохгүй. Биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын танхимаас гарсан шалгуулагчийн гарах хүртлээ гүйцэтгэсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

9. Шалгалтын дэвтэр болон хариултын хуудсан дээрх хувилбараа тулган шалгуулагч бүр өөрийн гараар гэрээний хуудасны хувилбар тавих зайд гаргацтай, үнэн зөв, тод бичээрэй.

10. Шалгалтын хугацаа дуусахад та дугтуйнаас гарсан хос баганан кодын нэг хувийг нь хариултын хуудсан дээрх баганан код наах хэсэгт, нөгөө хувийг нь гэрээний хуудасны баганан код наах хэсэгт наана.

11. Хос баганан код дээрх бүртгэлийн дугаар таны гэрээний хуудасны бүртгэлийн дугаартай таарч байгаа эсэхийг нягтлан хараарай.

12. Шалгалт өгөх үедээ хариултын хуудасны санамж зааврыг маш уншиж танилцах, цагаа төлөвлөх, хариултаа бөглөхдөө тоот мөр алгасаж зөрүүлэхгүй байх

13. Хянагч багшийн талаар шалгуулагчдаас гомдол санал байвал та бүхэн шалгалтын комиссын ахлагчид бичгээр уламжилж шийдвэрлүүлэх эрхтэй.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт гарсан зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос ...
Энэ долоо хоногт зам тээврийн ноцтой ослын улмаас орон нутагт хоёр хүн амь насаа алдаж, 12 хүн бэртжээ. Баянхонгор аймгийн Баацагаан сумын тавдугаар багийн нутагт энэ сарын 23-ны өдрийн 14:00 цагийн орчимд Мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй Д амь насаа алджээ. Мөн энэ сарын 24-ний өдрийн 09:16 цагийн орчимд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвд ерөнхий боловсролын сургуулийн автомашины зогсоолд Toyota Succeed маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 78 настай, эмэгтэй Б-г мөргөж, амь насыг нь хохироожээ.

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 22-ноос 26-ны өдөр нийт 1107 дуудлага бүртгэгдсэнээс 677 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байсан аж. Цагдаагийн алба хаагчид явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 1301 жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван жолоочид хариуцлага тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

Дуу цахилгаантай бороо орохыг анхааруулж байна

Мэдээ.МН

Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 27-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 градус, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

2020 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 28-НААС ДОЛДУГААР САРЫН 02-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 28-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07 сарын 01-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи зургадугаар сарын 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Энэ сарын 29-нд ихэнх нутгаар, 30-нд говийн бүс нутгийн зүүн хэсгээр хална.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Дараах байршилд халуун ус хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ

Энэ зун халуун ус хязгаарлах хуваарь

Дулаан хангамжийн шугам тоноглолд энэ зун хийх засварын ажлын хуваарийг баталжээ. Засварын ажлыг тавдугаар сарын 17-нд эхлүүлж, хуваарийн дагуу хэрэглээний халуун ус хязгаарлаж буй юм. Зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 9-ний өдрүүдэд дараах байршилд 14 хоног халуун ус хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ. Үүнд:

  • Эрэл ДДТ орчмын хэрэглэгчид
  • Хотын төв буюу 40,50 мянгат
  • Баруун дөрвөн зам Нарантуул зочид буудал
  • V хороолол
  • Хонхорын 7 байрууд
  • Гоёо ХХК
  • Эрчим хүчний яам
  • Хос өргөө, Тэлмүүнлхам хотхон
  • Автобус-1 УБДС ХК
  • Цагдаагийн авто бааз
  • Алтай хотхон
  • Нарны хороолол
  • Хуучнаар Тээврийн товчоо ДДТ-80 орчим
  • Төв усан бассейн орчим
  • ШУТИС, 64-р дэлгүүр
  • БНХАУ-ын Элчин сайдын яам орчмын хэрэглэгчид тус тус багтжээ.
Categories
мэдээ нийгэм

Коронавирист халдвар (Covid-19)-ийн нөхцөл байдлын мэдээлэл

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлт 80 хувьтай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлтийн ажлын явцыг шалгаж, холбогдох албаны хүмүүст зарим үүрэг чиглэлийг өглөө.

Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөгдсөн. Энэ дагуу 160 айлын газрыг чөлөөлж байна. Хууль дүрмийн дагуу нөхөн олговрыг олгож, газар чөлөөлөлт хийгдсэн. Одоогийн байдлаар 82 айл газраа чөлөөлсөн, 8 айлтай орон сууцаар газрыг нь сольсон. Нийтдээ 90 айл газраа бүрэн чөлөөллөө. Одоо 20 айл газраа чөлөөлөхөд бэлэн болсон зөвшилцөх шатанд явж байна. Үлдсэн 50 айлтай зөвшилцөх ажлыг хуулийн дагуу хийнэ. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 80 хувьтай байна” гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хотын Захирагчид танилцуулав. Мөн энэ орчмын иргэд, оршин суугчдын зүгээс газар чөлөөлөх ажилд идэвх санаачлагатай дэмжин оролцож, хурдан хугацаанд газраа чөлөөлж өгч байгаа гэдгийг онцолж хэлж байлаа.

Энэ үеэр 9, 11 дүгээр хорооны оршин суугчдын зүгээс газар чөлөөлөлтөд хамрагдаж, оршин сууж байсан газраа Үндэсний урлагийн их театр барих талбайд өгч байгаадаа баяртай байгаа. Эхнээсээ газар чөлөөлөлт хийгдсэн байршилд энэ орчимд барилгын ажил хийж байгаа компаниуд шөнө, оройн цагаар хогоо ил задгай хаяж байна. Энэ асуудалд анхаарч өгөөрэй. Мөн газар чөлөөлөлтийн нөхөн олговрыг шийдэж өгвөл бид хурдан нүүх хүсэлтэй байна. Та бүхний хийхээр зорьж байгаа бүтээн байгуулалтын ажилд амжилт хүсье. Бид дэмжиж, газраа чөлөөлж өгч байгаа шүү гэдгээ хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд илэрхийлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Засгийн газар, Нийслэл бодлого шийдвэрээ гаргаж, Үндэсний урлагийн их театр барих 10 га газрыг Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороонд чөлөөлж байна. Энэ газарт Үндэсний урлагийн театраа барьж байгаа нь цаашдаа үүнийг дагаад гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц татах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм” гээд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үлдсэн айлуудтай яаралтай зөвшилцөлд хүрч газраа бүрэн чөлөөлж, чөлөөлсөн газартаа цэвэрлэгээ, тохижилтын ажлаа хийхийг үүрэг болголоо.

Түүнчлэн Төр, засгийнхаа бодлого шийдвэрийг хүндэтгэн богино хугацаанд газраа чөлөөлж өгч байгаа иргэд, оршин суугчдад талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Монгол эрдэмтдийн бүтээсэн “Ковид 19” вирусын оношлуурын санхүүжилтийг Эмя-нд ард иргэдээс өгсөн хандиваар хийхээр болсон


Монгол эрдэмтэд коронавирусын оношлуур гарган авчээ. Энэ талаар тус судалгааны багийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Д.Ганзоригтой ярилцлаа.

-Монгол эрдэмтэд коронавирусын оношлуур гарган авсан тухай сайхан мэдээ дууллаа. Ажлын хэсэгт хичнээн эрдэмтэн мэргэжилтэн ажиллаж байна?

-Дэлхий дахинд тархсан коронавирусын халдвар өдрөөс өдөрт хурдацтайгаар нэмэгдэж байна. Өнөө өглөө авсан мэдээгээр дэлхий дахинд долоо хоногт нэг сая тохиолдол шинээр нэмж бүртгэгдсэн байна. Халдвартай байна уу, үгүй юү гэдгийг оношлуураар л мэдэж байгаа учраас манай улсад төдийгүй дэлхий дахинд оношлуур маш эрэлт хэрэгцээтэй байгаа юм. Ажлын хэсгийнхэн энэ оны нэгдүгээр сараас эхлэн судалгааныхаа ажлуудыг эхлүүлсэн. Гол хүн нь Германд Мюнхений их сургуулийн анагаахын сургуульд яг коронавирусын оношлуурын төсөл дээр ажиллаж байгаа Д.Нямбаяр гээд монгол эрдэмтэн хүн бий. Энэ хүн өөрөө манайхтай холбогдоод би энэ чиглэлээр ажилладаг, эх орондоо тусалмаар байна, эндээс заавар зааварчилгаагаа өгөөд ажиллая гээд надтай холбогдсон. Тэгээд хоёр сарын хугацаанд ямар боломж байна, яаж бүтээх үү гэдэг судалгаагаа гаргаад, төслөө бичээд өнгөрсөн гуравдугаар сарын дундуур Эрүүл мэндийн сайдад танилцуулсан. Сайд зөвшөөрч, ер нь энэ чиглэлээр гадаадад ажилладаг эрдэмтэн залуучуудаа хайгаад хүч нэмэх санал тавь гэдэг үүрэг өгсөн. Тэгээд манай Нямбаяр “Миний хувьд яг энэ коронавирусын оношлуур дээр судалгаа хийж ажиллаж байна. Өөрт байгаа бүх мэддэг зүйлүүдээ дайчилна” гэсэн. Тэртэй тэргүй олон улсад ковидтой холбоотой бүх технологийн мэдээллүүд чөлөөтэй цацагдаж байгаа учир ямар, технологийн нууц алдагдсан гэдэг зүйл гарахгүй. Мал эмнэлгийн хүрээлэнгийн вирусологийн лабораторийн эрхлэгч Б.Болдбаатар гэдэг залууг Монгол талын төслийг удирдуулж ажиллахаар болсон. ХӨСҮТ-ийн лаборатори их ачаалалтай байгаа учраас тэнд туршилт хийж ажиллах боломж байхгүй байна. Мал эмнэлгийн хүрээлэнгийн лаборатори илүү аюулгүйн зэрэг өндөртэй лаборатори, хоёрдугаарт вирусологич нь бас манайдаа дээгүүр ордог доктор хүн учраас эндээ ажиллая гээд тогтсон. ХӨСҮТ тэндээ ажиллаж л байг, бид эндээ ажиллаад явж байна. Үндсэн хоёр эрдэмтэн нь гол ажлыг базаж байна.

-Оношлуурыг бүтээсэн процесс их сонин байна?

-Монголд лабораториудын түвшин ямар байна гэдгийг эхний ээлжинд үнэллээ. Дараа нь бүх төрлийн машинд таардаг оношлуур хэрэгтэй юм байна. Учир нь туршилтаар бидний ашиглах оношлуур манайд байгаа зарим машинд таарч байхад нөгөөд нь таардахгүй янз бүрийн бэрхшээлүүд гарч ирсэн. Тиймээс бүх төрлийн машинд таардаг оношлуур хэрэгтэй юм байна гээд хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Японд үйлдвэрлэсэн машинд ч таардаг, Хятадаас орж ирсэн машинд ч таардаг ийм нэг төрлийн оношлуур хийх хэрэгтэй юм байна гэдэг шаардлагад нийлүүлэхээр ажилласан. Хоёрдугаарт, хямдхан байх ёстой. Гуравдугаарт, тухайн цаг үедээ хамгийн сайн, мэдрэх чадвар өндөртэй байх хэрэгтэй гэсэн гурван гол зорилго тавьсан. Туршилт амжилттай болсон.

ДЭМБ-ийн албан ёсны вэб сайтад улс орнууд өөрсдийн гаргасан оношлууруудын талаар нээлттэй мэдээллээ тавьсан байгаа. Энэ мэдээллүүдийг тооцож үзээд ямар давуу болон сул тал байна гэдгийг судалж тэр дундаас хамгийн сүүлд гарсан АНУ-ын оношлуурын загварыг сонгоод судалж туршсан. Энэ оношлуурын код нь нээлттэй байгаа учраас дэлхийн бусад улс орнууд авч ашиглах бүрэн боломж нь нээлттэй. Гэхдээ Монголд тэр кодоор үйлдвэрлэх боломжгүй. Маш өндөр үйлдвэрлэлийн орчин шаардсан лаборатори шаардлагатай учраас тэр. Манайд ийм лабаротори байхгүй учраас Германы нэгэн биотехнологийн жижиг үйлдвэрт загвараа өгөөд үйлдвэрлүүлсэн байгаа. Тодруулбал, Рибонуклейн хүчин (РНХ) ялгах цомгийг дотооддоо хийх боломжгүй учир зардлаа бодсон ч загвараа өгөөд захиалаад үйлдвэрлүүлсэн нь дээр. Оношлуур маань үндсэндээ таван бүрдэл хэсэгтэй. Үүнээс хоёрыг нь худалдаж аваад, гурвыг нь өөрсдөө хийчихэж байна гэсэн. Вирус тээвэрлэх шингэнээ бид өөрсдөө Монголдоо 100 хувь хийж байна. Бас нөгөө нэг зүйл нь улс орнуудад үйлдвэрлэсэн оношлуурууд нь бүх төрлийн вирусын коронаг танидаг байгаад байна. Сарс, мэрсийн коронаг таньдаг байгаа нь алдах эсрдэл өндөр болгоод байгаа. Манайд бол хамгийн гол нь зөвхөн ковид 19 вирусын коронаг таньдаг оношлуур байх нь чухал гээд тийм бэлдцийг хийж байна. Германд ажиллаж байгаа залуугийнхаа хийсэн бэлдцийг нь Монгол руу авчраад байна. Тавдугаар сарын 23-ны өдөр ХБНГУ-аас захиалан авчирсан оношлуурын бүрдэл хэсгүүдийн эхний шатны баталгаажилтыг хийсэн. Уг баталгаажилтаар бэлдэц тээвэрлэлтийн явцад чанараа алдсан эсэх, ПГУ гээд машин дээр ажиллаж байгаа эсэх, таньж байгаа эсэхийг шалгаж баталгаажуулсан. Оношлуурын хоёр дахь шатны баталгаажилтыг зургадугаар сарын 04-ний өдөр Мал эмнэлгийн хүрээлэн дээр хийж амжилттай үр дүнг сонслоо.

-Хүн дээр туршсан уу?

-Хүн дээр турших гэхээр ХӨСҮТ рүү орж байж хийх болоод байна. ХӨҮСТ одоо хамгаалалт гарчихаад хүн нэвтрүүлэхгүй байгаа.Тэгэхээд албан бичиг өгөөд, маш өндөр вирустэй гарсан өвчтөний эерэг сорьц, дунд зэрэг агуулсан, бага зэрэг агуулсан сорьц, дээр нь вирус байхгүй, эрүүл гурван сорьц гээд нийтдээ зургаан сорьц дээр Мал эмнэлгийн хүрээлэн дээр туршилт хийхэд таньж байна. Гэхдээ ХӨСҮТ-өөс гарч байгаа сорьц ямар ч аюулгүй болсон, халдвар тарахгүй тийм сорьцууд байгаа учраас алдагдлаа гэж ойлгож болохгүй.

-Одоо дутуу юм байна уу?

-Одоо баталгаажилтын явцад хүнээс ковид-19 өвчний шинжилгээний сорьц авах стандарт арга зүй, заавар удирдамж боловсрон гарах юм. Одоо мөрдөж байгаа тогтсон аргуудаас гадна дэлхий нийтэд танигдсан шинэ аргуудыг (тухайлбал, хоолойн арчдас биш шүлснээс сорьц авах гэх мэт) нэвтрүүлэх боломжийг судална. Дараа нь ДЭМБ-ын вэб сайтад манай протокол тавигдана. Хэдийгээр Америкийн праймер пробын загвараар хийгдсэн ч Монголынх бусад орныхоос ялгаатай учир тавигдах боломжтой.

-Гаднаас оношлуур шууд худалдаад авчихвал өртөг өндөр байгаад байна уу?

-Бид өөр улсаас хандив тусламж гуйгаад, жишээ нь Хятадаас нэг оношлуур орж ирлээ гэхэд машиндаа тааруулах гэж заавал нэг нэмэлт зүйл хэрэг болно. Дахиад өөр орноос оношлуур авах гэхээр өмнөхөө салгах хэрэг гарна. Тиймээс эргээд Хятадаасаа л авна. Хандив өгч байгаа ч дараагийн удаад өөрийнхөө юмыг худалдах бодлого явж байдаг. Эрүүл мэндийн сайд ч энэ талаар их ярьсан. Дараагийн нэг асуудал нь санхүү, мөнгө их шаардлагатай байгаа.

Манай судалгаа шинжилгээний ажлын төсөв хамаагүй хямд өртөгтэй гэж дээр хэлсэн. Манай санхүүжилт уг нь Шинжлэх ухаан технологийн сан эсвэл улсын төсвөөс гарах ёстой. Бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд хугацаа алдана. Шинжлэх ухаан технологийн сангаас бид санхүүжилт авахаар хөөцөлдөх хугацаа байхгүй байна. Тэгээд ЭМЯ-нд хүмүүсийн өгсөн хандиваар энэхүү оношлуурыг хийхээр боллоо. Дэлхийн зах зээлтэй харьцуулахад маш бага зардлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүн дээр бас оношлуурын түүхий эдүүдийн үнэ нэмэгдэх, ховордох гэх мэт олон асуудал гарч байгаа. Хэвлэлд байгаа мэдээгээр нэг хүнийг оношлох зардал манай улсад 110 000-165 000₮-ийн өртөгтэй байна. Шинээр бүтээсэн оношлуурын зардал энэ үнээс хоёр дахин хямд байх боломжтой.

-Оношлуурыг хэдэн ширхэг үйлдвэрлэхээр тооцоолсон байгаа вэ?

-Одоогоор 1200 орчим хүнийхийг захиалаад аваад ирсэн байгаа. ХӨСҮТ дээр стандарт арга зүйн ажил хийхдээ бид тэндээ 100 орчмыг нь зарцуулна. Үлдсэн 1000 орчмыг Дарханы лабораторид аваачиж өгнө. Тэнд сургалтыг нь давхар хийнэ. Одоогоор хамгийн эгзэгтэй цэг нь Дархан, Дорнод хоёр байгаа. Манай улс хамгаалалт, тусгаарлалт сайн хийж байгаа ч нэг хариуцлагагүй ажилтны улмаас ч юм уу, ямар нэг байдлаар вирус алдагдвал нэг хүн ойролцоогоор 12.5 хүнд халдвар тараана, тэрнээс 2.5 нь яг вирусээр өвдөнө гэсэн судалгаа байгаа. Хэрвээ муугаар бодоход вирусыг дотроо алдлаа гэхэд хүн бүрийг шинжилгээнд оруулах шаардлагатай болно. Оншлуур маш их хэрэгтэй болно. Монголд одоо ашиглаж байгаа оношлуур 6-7 ширхэг л байгаа. Сая Баян-Өлгий аймагт нэг сэжигтэй тохиолдол гарсан. Тэндээс сорьц явуулахад үнэндээ гурав хонож байж ирсэн. Энэ явцад сорьцонд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Тээвэрлэгдэн ирэх явцдаа эерэг байсан сорьц задарч сөрөг болох эрсдэлтэй учраас алслагдсан орон нутагт оношлуур байх нь зайлшгүй шаардлагатай байна.

Дэлхий дахинд, ялангуяа, сүүлийн үед Европын Холбоо, АНУ, Энэтхэг, ОХУ зэрэг хүн ам олонтой, хүчирхэг эдийн засагтай орнуудад уг вирусын халдвар эрчимтэй тархаж байгаа учир улс болгон оношлуурын нөөцөө бүрдүүлэх зорилгоор хэдийнэ өрсөлдөж эхэлсэн.Үүнээс үүдсэн оношлуурын хомсдол бий болж байна. Вирусын оношлуур хийхэд чухал хэрэгцээтэй РНХ ялгах цомог үйлдвэрлэдэг германы QIAGEN компанийг АНУ-ын Thermo Fisher Scientific компани худалдаж авсан бөгөөд өнөөдрийн байдлаар үйлдвэрүүд нь гурван ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа боловч АНУ-д болон дэлхийд үүсээд байгаа эрэлт хэрэгцээг хангаж чадахгүйгээр барахгүй, дотоодын буюу ХБНГУ-ын хэрэгцээнд уг цомгоо нийлүүлэх боломжгүй байдалд хүрсэн байна. Шинээр бүтээсэн оношлуур нь “Хуурамч сөрөг” хариу гарахаас сэргийлэхэд чиглэсэн бүрдлүүдтэй учир шинжилгээг олон давтан хийх шаардлага гарахгүй юм. Бас богино хугацаанд хариу нь гарна. Манай улсад одоо ашиглаж байгаа оношлуурын хариу гарах хугацаа дунджаар таван цаг байгаа бол шинээр бүтээсэн оношлуурт нийтдээ хоёр цаг зарцуулна. Манай улсад ашиглаж байгаа бүх төрлийн ПГУ төхөөрөмжинд тохирно. Манай улсад Герман, Япон, Хятад улсын ПГУ төхөөрөмжүүд байна. Оношлуурын праймер проб болон урвалжууд эдгээрт өөр өөр байдаг. Шинээр бүтээсэн оношлуурыг нэмэлт тохиргоо шаардахгүйгээр эдгээрт бүгдэд нь ашиглах боломжтой гээд олон талаараа давуу байгаа.

М.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Сошиал “одод”-д өгөх зөвлөгөө

Инстаграм, фэйсбүүкт олон мянган дагагчтай эрхмүүд бол хүүхэд, залуусын хувьд үлгэр дуурайл авдаг, дагадаг гол хүмүүс нь. Сошиал “одод” гоё сайхан хувцас, гоолиг бие, тансаг орчин, амтат зоог, аз жаргалтай мөчөө харуулсан зураг голдуу нийтэлж хүний анхаарлын төвд байдаг. Хүүхэд залуус тэдний хувцаслалт, биеэ авч яваа байдал зэргээс нь эхлүүлээд олон зүйлийг нь шууд ба шууд бусаар дуурайдаг аж. Гэвч энэ нь өсвөр насны хүүхдүүдэд зарим талаараа сөргөөр буудаг юм байна. Өөрийнхөө байгаа байдал, амьдрал ахуй, зүс царай, бие хаа, идэж буй хоол хүнсээ харьцуулснаар өөртөө итгэлгүй болох, хэн нэгнийг үзэн ядах, атаархах сэтгэл үүсгэж, энэ нь даамжирсаар дутуугийн мэдрэмж өгдгийг тогтоожээ. “Тэр хүн шиг болохсон”, “Тийм л болох юмсан” гэсэн хүсэл нь эцэстээ юу ч хийлгэж мэдэхээр болно гэсэн үг. Тиймээс сошиалд олон мянган дагагчтай, нөлөө бүхий хүмүүсийг хааяа ч гэсэн бодит амьдралаа харуулсан зураг, бичлэг хийж, бусадтай л адил нэгэн гэдгээ харуулж байхыг сэтгэлзүйч Г.Отгонцэцэг зөвлөжээ.

Мөн нийгэмд тулгамдсан хог хаягдал, ядуурал, боловсрол зэрэг асуудалд хааяа ч болов анхаарал хандуулж, тухайн сэдвээр өсвөр үе, залуустай санал бодлоо харилцан солилцож байх нь эргээд нийгэмд, хойч үеийнхний сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэдгийг олон дагагчтай “од” хүмүүст хэлье.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Нэр дэвшигчдийн хүсэлтийг үндэслэн, маргаантай байгаа хэсэгт тооллого явуулах нь зөв гэж үзлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа.

Учир нь, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлж, саналын дүнг будлиантуулсан байж болзошгүй зэрэг гомдол Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсээр байгаа юм.

Тиймээс өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх асуудлыг хөндөж, хуулийн хүрээнд гараар хяналтын тооллого явуулах замаар маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой гэлээ.

Мөн хяналтын буюу гар тооллого явуулахдаа тагнуул, цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, гомдол, хүсэлт өгч байгаа нэр дэвшигчдийг өөрсдийг нь байлцуулан энэ сарын 27-28-ны өдрүүдэд багтаан ил тод зохион байгуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн зөвхөн санамсаргүй аргаар бус нэр дэвшигчдийн хүсэлтийг үндэслэн, маргаантай байгаа хэсэгт тооллого явуулах нь зөв гэж үзлээ.

СЕХ-ны гишүүд гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр мөн энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргүүлсэн юм.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны гишүүн, Бригадын генерал С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Д.Гэрэл нар оролцов.

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюунжаргал: Бороошилт энэ долоо хоногт үргэлжлэх төлөвтэй байна

Ус, цаг уур орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалтай ярилцлаа.


-Энэ жил нийт нутгаар гандуу байх шиг байна. Цаашид цаг агаарын байдал ямар төлөвтэй байна вэ?

-Зургадугаар сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороо хур харьцангуй их орсон. Ялангуяа Булганы хойд хэсэг, Сэлэнгэ аймгуудын нутгаар бороо хур ихтэй байлаа. Хоёрдугаар арван хоногт харьцангуй хуурай байсан. Энэ сарын 18-наас эхлээд ихэнх нутгаар нэлээд халж эхэлсэнтэй холбоотойгоор 19, 20-нд нутгийн зүүн хагас, ялангуяа нутгийн зүүн өмнөд хэсгээр халж, зарим газарт 34-39 градус хүрч халлаа. Одоогоор буюу гуравдугаар арван хоногийн эхээр ихэнх нутгаар бороошиж эхэлж байна. Энэ борооноос өмнө ихэнх нутгаар халчихсан болохоор газар дулааны энергийг өөртөө шингээчихсэн. Тийм учраас усархаг, аадар бороо орох нөхцөл бүрдээд байгаа юм. Өнгөрсөн тав дахь өдрөөс эхлээд Төвийн нутгуудаар, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудаар усархаг аадар бороо орсон. Үүнээс болоод Төв аймгийн Зуунмод, Сэргэлэнт сумын орчимд нэлээд хэмжээний хохирол учирлаа. Эдийн засгийн хохирол, хүний амь эрсэдсэн гэх мэдээллийг Онцгой байдлын газраас мэдэгдэж байгаа. Мөн Говьсүмбэр, Чойр чиглэлд хүчтэй, усархаг, аадар 13-19мм бороо орсон гэж тогтоосон. Зөвхөн хэмжилттэй газруудад л хэмжилт хийлээ. Хэмжилтгүй газруудаар үүнээс их орсон байх магадлал өндөр. Үүний улмаас төмөр замд нэлээд хэмжээний хохирол учирсан. Ийм нөхцөл байдал хаа сайгүй ажиглагдах төлөвтэй байна.

-Цаашид бороо хур хэр орохоор байна вэ?

-Өнөөдрөөс /өчигдрөөс/ эхлэн баруун аймгийн нутгуудаар бороошиж байна. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороошино. Уулархаг нутгуудаар, Хангай, Хөвсгөлийн нуруудаар нойтон цас орох магадлал өндөр байна. 21-ны шөнө Монгол Алтайн уулсаар нойтон цас орсон. Үүнээс шалтгаалж шөнөдөө хүйтэн хонож байгаа.

Ялангуяа Загастайн даваа зэрэг газруудад хамгийн түрүүнд орчихдог учраас их халтиргаа, гулгаа үүсэж болзошгүй байна гэдгийг анхааруулъя. Зарим газраар аянга цахилгаантай аадар бороо орж, үер болж цаг агаарын байдал их хувьсамтгай байгаа учраас бидэнд ч хүндрэлтэй байна. Өчигдөр баруун аймгуудын нутгийн зүүн, Төв болон Говь, Зүүн аймгуудын нутгийнхаа зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүссэн. Салхины хурд хэр их дулаарсан, хэр их хүйтэн агаар ирж байна гэдгээс хамаарч 28-30 м/сек хүрэх магадлалтай. Хэрвээ дэвсгэр гадарга нь хуурай байх юм бол шороон шуурга болоод, шороон хана босох нөхцөл хуурай газруудад үүсэх боломжтой. Агаарын температурын хувьд өчигдөр шөнөөс Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар хасах температур луу орж эхэлсэн. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Тэрэлж голын хөндийгөөр -1 градусаас +4 градусын дулаантай хонож байна. Нутгийн зүүн хэсгээр 17-22 градус байна. Бусад нутгаар 8-10 градус дулаан хонож байгаа юм. Өдөртөө Говь-Алтайн нуруу, Говь-Алтай Баянхонгорын зааг, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо их орсон учраас нэлээд сэрүүхэн байна.

Говийн бүс нутгийн баруун хэсэг, Дарь-Гангын талаар 23-28 градус хүртэл хална. Говийн бүс нутгийн зүүн хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 19-20 градус дулаан байна.

-Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдал ямар байгаа бол?

-Долдугаар сарын урьдчилсан мэдээ энэ сарын 25-наас хойш тодорхой гарна. Хараахан дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Харин сонгууль болох өдөр буюу энэ сарын 24-ний өдөр бороо хур элбэгтэй байна. 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд ерөнхийдөө Монгол орны нутгуудаар бороо орно. 27-нд баруун болон төвийн аймгийн нутгуудаар бороо орно.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр нэлээд хуурай, халуун байсан бол сүүлээр нь бороошиж эхэлсэн. Энэ бороошилт энэ долоо хоногт үргэлжлэх төлөвтэй байгаа.

-Улсын их баяр наадмыг нийтээрээ тэмдэглэхийг хориглосонтой холбогдуулан хөдөө аялал, зугаалгаар явж буй хүмүүст анхааруулах зүйлс бий юү?

-Аялал зугаалгаар явж буй хүмүүст анхааруулах зүйлс их байна. Голын эрэг, хонхор хотгор газраар хонож болохгүй. Аянга цахилгаантай аадар орох үед хонхор газар майхнаа барьж болохгүй.

Аль болох өндөрлөг газар л майхнаа барих хэрэгтэй. Замд явж байхад хүчтэй, аадар бороо орвол өндөрлөг газар гарч зогсоод бороогоо өнгөрөөж байж явах хэрэгтэй. Морьтой ч, машинтай ч адил. Хонхор, хотгор газар луу бороо орж байх үед орчихвол үерт автах, урсах эрсдэлтэй. Мөн байгалийн гамшигт үзэгдэл тохиолдвол, үер мөндөр орж байх үед өөрийгөө хэрхэн хамгаалах талаар анхан шатны мэдлэгтэй болох нь зүйтэй. Манай сайт руу ч орж мэдээлэл авах боломжтой шүү дээ. Аялал зугаалгад гарахаас өмнө цаг агаарын нөхцөл байдлыг сайн судалж, сурч аваарай гэж зөвлөе.

-Одоогоор үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулж байгаа юу?

-Бороо хур элбэг болчихсон учраас энэ үйл ажиллагаа ерөнхийдөө татарчихсан.

-Бэлчээрийн ургамлын ургалт өнөө жил ямар хэмжээнд хүрэв?

-Бэлчээрийн ургамлын ургалт зургадугаар сарын 20-ны байдлаар 40 орчим хувьд Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сүхбаатарын зарим сумдын нутгаар сайн, 20 гаруй хувьд Дундговийн нийт, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу ургалт удаашралтай байна.

МАА-н үйлдвэрлэлд хөөвөр хялгас авах, ноос хяргах ажил хийгдэж байгаа бол газар тариалан бүхий газраар усалгаа хийх, бордоо цацах, уринш боловсруулах зэрэг ажил хийгдсэн мэдээтэй байна. Тариалан бүхий ихэнх нутгаар улаан буудай гурав дахь навчлалтаас бутлалтын үе шатанд яваа бол төмс цухуйлтаас хажуугийн нахиа үүсэх үе шатандаа явж байна. Улаан буудайн өндөр 11-24 см байна.

-Гантай газар өнөө жил хэр их байна вэ?

-Монголд дор хаяж жилдээ 50 хувь нь гантай байдаг. Энэ бол олон жилийн судалгаагаар гарсан зүйл. Ган Монголд байж л байдаг гэсэн үг. Өнгөрсөн жил 60-70 хувьд зуншлага хэвийн болсон. Энэ сарын 22-ны өдрийн байдлаар зургадугаар сар гарсаар Төв, Өвөрхангай, Говийн аймгууд, Өмнөговь, Дундговь хүндхэн байна. Олигтой бороо орсонгүй. Энэ хэдэн өдрүүдээр бороо орсон ч нэг хэсэг газрууд хэвээрээ үлдэж байна. Халалтаас шалтгаалж хөрс рүү чийгээ сайн өгөхгүй байна.

Өнгөрсөн жил зургадугаар сарын хорьд хүртэл бороо ороогүй. Энэ жилийн хувьд сайшаалтай нь газар тариаланг чийглээд тавдугаар сараас бороо орж эхэлсэн. Зүүн аймгууд Сэлэнгэ, Булган, баруун талын аймгуудад зуншлага сайхан болж байгаа.

Б.ГЭРЭЛМАА