Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Байгаагаа бараг дуусах нь, цаашдаа яах вэ Ерөнхий сайд аа

Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос хөл хорио тогтоож 100 гаруй хонож байна. Энэ хугацаанд сургууль цэцэрлэг, үзвэр үйлчилгээ, худалдаа наймаа, нийтийн хоол, аялал жуулчлал, тээвэр, зочид буудал, барилга, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мах, ноолуур, банк… гээд эдийн засгийн эрчмийг тодорхойлох бүх салбар ажилтнаа цөөлөх, нэгжүүдээ хаах болсноо мэдэгдэж эхлэв. Өнгөрсөн 100 хоногт 46 мянган хүн ажилгүй болж, энэ хэвээр цааш үргэлжилбэл 260 мянган ажлын байр устах аюул нүүрлэв. Сая МҮХАҮТ-аас хувийн хэвшлийн 1500 компанийн дунд түүвэр судалгаа явуулахад тэд ойрын хугацаанд 9000 орчим хүнийг нэмж цомхотгохоос өөр аргагүйд хүрснээ мэдэгдлээ.

Манай улс жижиг, авсаархан учраас вирусээс тусгаарлаад байх боломжтой юм шиг байна. Ганц ширхэг олон улсын онгоцны буудалтай, цөөн хэдэн хилийн боомттой. Эмнэлэг хийгээд, төрийн хяналт бас чиг муугүй нь батлагдлаа. Ийм болохоор энэхүү хөл хорио тогтоох стратегиа эргэж харвал ямар вэ. Цуцал, бид өвчин тусахгүй юм байна гэж хийрхэж байгаа юм биш. Ер нь хөл хорио чинь урт хугацаандаа муу үр дагавартай байж мэдэх нь. Монголын нийгэм-эдийн засгийн амьдрал сонгуулийн санал авах өдөр хүртэл тэсэх үү. Сонгуулиас цааш хэдий болтол энэ байдлаар явна гэж тооцож байгаа юм бол. Ирэх наймдугаар сарын 15 гэхэд бидний “бензин” дуусах юм биш үү. Ийм нэг эмзэглэл байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс байнга асууж байх шаардлага гарч ирлээ. Ганц би биш, өнөөдрөөс эхлэн хүн бүр түүнээс үүнийг асуух цаг болсон.

Өнөөдрийн эрх баригчдын зүгээс “Бүх аймшиг урд л байна” гэж айлгасаар өнөөдрийг хүрлээ. “Аймшигт өвчин, эдийн засгийн хямрал хоёроор далимдуулж л дэлхийн дарангуйлагчид гарч ирсэн түүх байдаг юм” гэж хааяа хашгирмаар л байна… Энэ нэг “Аймшиг яг бидний өмнө байна” гэх айдсаас болж өнөөдөр нийгмийн сэтгэл зүйд юу юу өөрчлөгдөв, ард түмний оюун санаанд ямар хандлага тогтов. Банкийг л лав үзэн яддаг боллоо. Жаахан дөгөөгөөд, нийгмийн эмх замбараагүй байдал гарвал хамгийн түрүүнд хэдэн банк руугаа дайрч түйвээхээр боллоо. Хүмүүсийн зан төлөв нийгмийн сүлжээнд лав солиорлын шинэ шатанд гарав. Цөөн хэдэн хүнийг бишрэн шүтэж, ардчиллын үнэт зүйлс, тэднийг хамгаалагчдыг газар доогуур хийх аян хүчээ авав. Энэ хэвийн бус хандлага хэдүй болтол үргэлжлэх, ямар үр дагавар дагуулахыг өнөөдөр таашгүй. Бүгд зохион байгуулалттай ч юм шиг…

Энэ бүгдийг түр орхиод эдийн засаг дээрээ тогтож хэдэн үг хэлье. Байгаа жаахан нөөцөө мөнхийн юм шиг бодон өнөөдрийг хүртэл санаа амар явж байна, бид. Наадам хүртэл наргих жаахан юм бидэнд бий байх. Тэгээд ч сонгууль болох учраас муу муухай, болж бүтэхгүйн шалтгааныг нийгэмд хүргэхгүй байх бүх аргыг төрөөс, Ерөнхий сайдын зүгээс авч байгаа нь тодорхой. Сонгуульд эрх баригчид ялдаг юм байж, тэгээд маргаашаас нь эхлээд эрх баригчид яг яах гээд байгаа юм бэ. Энэ жилийн төсөв ард түмэнд биш, сонгуульд зориулсан төсөв. Сонгуульд дахин нэр дэвших УИХ-ын гишүүд өөрт нь ажиллах компаниудад зориулж бүтээн байгуулалт нэртэй үр ашиггүй хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Ямар ч үр ашиггүй 2-3 их наядын хөрөнгө оруулалтаа танаач. Танаж чадвал татвар төлөгчдөд нэмэлт дарамт учруулахгүй гэсэн үг. Хөл хориотой холбоотойгоор орлого сулраад ирэхэд нь НӨАТ, НДШ-ийг чөлөөлж болох хувилбаруудыг ярьсаар байгаа. ЖДҮ-ийг НДШ, НӨАТ-аас урт хугацаанд чөлөөлөх цаг нэгэнт болсон. Гэтэл нөгөө Засгийн газрын гоё гоё амлалтууд хэрэгжихдээ дунд шатандаа асар их бэрхшээлтэй байна. Асар том хүнд сурталтай ААН-үүд тулгарч байна. Заавал нэг татварын байцаагчаас зөвшөөрөл авч, үнэлгээ гаргуулах гээд. Ингэж л цаг авсаар сонгуулийн санал өгөх өдөр дээр очих юм байна. Тэр үед нь бас нэг заль хэрэглээд бүгдийг чөлөөлж, хөнгөлж, харж үзэж байгаа шийдвэр гаргасан дүр эсгэж, санал авч ялсныхаа маргаашаас төрийн эрхэнд үлдэгсэд төмөр нүүрээ харуулна даа. Тийм болохоор өнөөдөр аж ахуйн нэгж, ард түмэн бүгдээр хууртмааргүй л байна.

Өнөөдрийн төр засгийн удирдагчид “Мөнгө хэзээ ч унтдаггүй” гэсэн дэлхийн зарчмыг мэддэггүй бололтой. Ийм үзэл баримтлалтай удирдагчидтай улс орон хямрал бүрээс ашиг олж байдаг. Дэлхий тэр чигээрээ коронавирусийн дарамтанд орчихсон байгаа ч энэ дотор эдийн засгаа өөд татах ухааныг бусад орон эрэлхийлсээр байгаа. Дэлхийгээр нэг мөнгөө хааш нь яаж хөрөнгө оруулалт болгох вэ гэсэн тэрбумтнууд хэвээрээ байгаа. Ганцхан Монгол Улсын байж байгаа царай л тэднийг болгоомжлуулж байгаа болохоос биш. Вирусийг дотроо огтхон ч алдаагүй дэлхийн ганц улс Монгол орон дэлхийн хоёрдугаар дайны үеийн Швейцарь лугаа яагаад байж болохгүй гэж. Дэлхийн хоёрдугаар дайны үед баячуул энэ улсад итгэж мөнгөө аваачиж хадгалуулсан нь өнөөдрийн Швейцарь шүү дээ. Өнөөдөр дэлхийн хөрөнгөтнүүд мөнгөө банкинд байршуулах нь ашиггүй байгаа учраас шинэ бизнес хайж байна. Ийм цаг үед эрсдэлд дуртай хөрөнгө оруулагчид маш их болдог судалгаа ч байна. Үүнийг л Монголд татах боломжийг төрийн удирдагчид эрэлхийлж, бодлого боловсруулж, коронагаар олж авч буй нэр хүндээ ашиглаач дээ. Аялал жуулчлал хог дээрээ гарлаа л гээд халаглаад байх юм, хамгийн ихээр аялаж ирдэг хятадууд чинь өнөөдөр коронагүй Монголыг улам ч их сонирхож, тэр нэг банштай цайг нь очиж идэх юмсан гэж сошиалдаа шаагилдаж, шуугилдсаар байна. Үүнд Монгол төрийн ухаалга зохицуулалт л хэрэгтэй. Тэрнээс сонгуульд зориулсан хориглолтоо үргэлжлүүлсээр, ирэх намрын орон нутгийн сонгууль хүртэл гүрийх юм бол ч мэдэхгүй ээ, Монголын эдийн засаг сүйрлээ л дээ.

Монгол Улсын төсвийн орлогын ихэнх хувийг сүүлийн хэдэн жилд гурван зүйл л бүрдүүлж байгаа. “Оюу толгой”, Нүүрсний үнэ, НӨАТ гурав. “Оюу толгой”-н далд уурхай вирустэй холбоотойгоор зогсонги байдалд орчихлоо. Нүүрс бас зогсонги, лав л өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар нүүрсний экспортоос зөвхөн Гашуунсухайт боомтоор гэхэд өдөрт 27.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Өнөөдөр ч нүүрсний үнэ нь тодорхой бус байна. Гурав дахь эх үүсвэр болсон НӨАТ бас нам зогсох нь. Яагаад гэхээр НӨАТ голлон төлдөг нөгөө жижиг дунд аж ахуйн нэгж чинь царцаж байна. Энэ байдлаас харахад төсвийн орлого ихээр тасарна. 2020 оны төсөв угаасаа хоёр их наядын алдагдалтай. У.Хүрэлсүхийн амласан Цар тахлын эсрэг авах арга хэмжээнд зарцуулагдах таван их наяд нэмэгдэхээр нийт долоон их наяд төгрөгийн орлогыг хаанаас олох юм. Сар гаруйн дараа болох сонгуульд л ялж байвал бусад нь яахав гэсэн харалган бодлоороо дайрсаар байх юм уу. Эрх баригчдын сэтгэхүйд сонгуулиас өөр бодох юм алга. Улстөрчдийн бэртэгчин, амиа бодсон, дахин сонгогдох гэсэн эрх мэдлийн төлөөх шуналаас болж хүнд байдалд орвол урьдынх шиг туслах улс орон энэ дэлхийд олдохгүй. Бүх улс орнууд асуудлаа шийдэж чадахгүй, өөрсдийгөө яая гэж байхад юун Монголд туслах. Дээр нь Хятадын эдийн засгийн өсөлтөд найдалтгүй болсон. Энэ бүгдээс харахад ирээдүйд ард түмнээ яаж хоолтой байлгах тухай бодож байгаа эрх баригч, улстөрчид байхгүй нь тодорхой боллоо. Эрх баригчид сонгуульд ялахын тулд байгаа жаахан валют, төсвийн нөөцөө цөлмөж хаяад маш хүнд эдийн засагтай л ирэх наадмаар уулзацгаах нь.

Тийм болохоор Монголын өрх нэг бүр, аж ахуйн нэгж бүхэн, дор бүрдээ нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж, нөөц боломжоо зөв хуваарилж, хямралыг хэрхэн даван туулах стратегиа боловсруулахгүй бол Монголын төр засаг сонгуулийн өдөр хүртэл сайхан царайлж, итгэл найдвар төрүүлж байгаад сонгогдсоныхоо маргаашаас эхлэн “Та нарын хохь” гээд сууж байх нь тодорхой боллоо шүү.

Categories
мэдээ цаг-үе

Энди: Би метал хүн

“Аясын салхи” хамтлагийн ахлагч Д.Энхтэгш буюу Эндитэй ярилцлаа.


-Танай хамтлагийн ой энэ сард тохиож байна?

-Тийм ээ.

-Хэдэн жилийн ой вэ?

-2020-оос 1984-ийг хасаарай. 36 жилийн ой маань дөрөвдүгээр сарын 16-нд тохиосон.

-Баяр хүргэе?

-Баярлалаа.

-1984 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Монголын анхны метал хамтлаг болох “Аясын салхи” байгуулагдаж байжээ?

-Тэр өдөр манай хамтлаг байгуулагдаж, гарын үсгээ зурцгаасан. Бид социализмын үед хүмүүсийн ойлголтоор буруу юм тоглох гэж байсан учраас намын нууц бүлгэм шиг, намын эрмэлзэх арван зүйл гэдэг шиг эрмэлзэх зүйлүүдээ бичээд тангаргаа өргөж байсан.

-Ямар тангараг вэ. Ёс бус юм дуулахгүй, намын эсрэг юм дуулахгүй гэсэн утгатай тангараг уу?

-Үгүй. Тийм биш. Бид энэ намын үзэл бодолд таарахгүй, харш юм тоглоно. Бид метал гэдэг барууны хөгжим тоглож байгаа. Тийм учраас бид дарагдана, хаагдана, аягүйтнэ. Маш хэцүү зүйл тулгарна. Тиймээс хэдүүлээ зорилгоосоо няцахгүй гэж тангараглая гэсэн. Шантрахгүйгээр явна шүү гэж тангараг өргөсөн.

-Тэр өдөр хэдэн хүн тангараг өргөсөн бэ?

-Тэр өдөр гурван хүн байсан. Бид гурав тангараг өргөсөн.

-Хамтлагийн нэрний тухайд. Метал хамтлагийн нэр гэхэд их аядуу сонсогддог шүү?

-“Аясын салхи” гэдэг нэрийг хамтлагаа байгуулаагүй байхдаа ийм нэртэй хамтлагтай болно гэж бодчихсон байсан. Метал хамтлагууд аймаар нэртэй байдаг байхгүй юу. Чамайг ална, будаа болгоно гэсэн. Чиний “Чамаар гоёно” гэдэг триллер шүлэг шиг чинь. Тийм аймаар нэртэй байдаг байхгүй юу. Тэгэхээр “Чамайг ална”, “Чамайг ингэнэ, тэгнэ” гэсэн нэрийг хамтлагтаа өгнө гэхээр болохгүй шүү дээ. Тийм учраас “Аясын салхи” гэж маш гоё нэр өгсөн. Зөөлхөн, уянгын нэр өгсөн.


-36 жил гэдэг бол урт хугацаа. Ялангуяа хамтлагуудын түүхэнд. Монголд гарч ирээд л алга болсон хамтлаг өчнөөнөөрөө бий?

-Нэг хүчтэй гарч ирэнгүүтээ байхгүй болчихоод арван жилийн дараа гэнэт гарч ирээд “Манай ой болж байна” гээд тэмдэглээд явчихдаг. Тэр маш буруу. Манай хамтлаг байнга байсан.

-Танай хамтлагийг сонсъё, харъя гэвэл амьд хөгжмийн наадмууд дээр очих хэрэг гарна. Өөр бусад цагт танайхыг сонсъё гэвэл хаана очиж болох вэ. Хаагуур тоглодог вэ?

-Playtime наадам гэж бий. Тэр наадамд манайх нэлээд хэдэн жил тоглосон. Дөрвөн жилийн өмнө би албан ёсоор “Playtime” бол метал наадам биш. Дахиж энэ наадамд тоглохгүй” гэж хэлсэн. Манай хамтлагийн фенүүд гэдэг чинь айхавтар хүмүүс байдаг шүү дээ. Өмссөн зүүснээсээ эхлүүлээд. Одоо харин тэр наадам ягаан, цэнхэр, ногоон өнгөтэй бүх хүмүүс очдог болсон шүү дээ.

-Цаг үеэ дагаж хүмүүсийн сонирхдог урлаг, сонсдог хөгжим өөрчлөгдөж байгаа ч метал хөгжмийн үнэ цэнэ хэвээрээ байдаг?

-Яг зөв. Брек мрек гээд төрөл гарч ирээд нэг жил шахуу хүмүүсийг хуйлруулж байгаад л тэгээд унтарчихдаг. Гэтэл метал хэзээ ч унтардаггүй. Дандаа хөгжөөд явж байдаг. Маш хэрэгтэй. Хэрэггүй нь унтраад байхгүй болдог.

-40 жилийн ойгоо дөрвөн жилийн дараа угтах нь?

-(Инээв). Би тоо ярих дургүй л дээ. Хүмүүс 30, 40 жил гэхээр айхавтар хөгшин, хуучных гэж бодоод байдаг. Метал, рок урлагт нас хамаардаггүй. Дал гарчихсан рокууд будаа болгоод л тоглоод явж байна. Попыг залуу, гоё байхдаа хийдэг. Хөгшрөнгүүт нь хэн ч тоохоо больдог. Гэтэл манай урлагт тийм зүйл үгүй. Тэр нь сайхан.

-Танай тоглолтыг үзье гэвэл хаана очиж болох вэ?

-Наад асуултыг чинь олон хүн асуудаг юм. Танайх тийм том хамтлаг юм бол яагаад тоглолт хийдэггүй, яагаад зурагтаар гардаггүй юм, яагаад та нарыг хүн болгон мэддэггүй юм гээд байдаг. Манай метал урлаг бол un­derground урлаг байхгүй юу. Энэ үгийг махчилж орчуулбал газар доор гэсэн утгатай үг шүү дээ.

Энэ бол хэдхэн хүнд, тусдаа зориулагдсан урлаг байхгүй юу. Яг металуудад зориулагдсан урлаг. Бид Монголын тайзан дээр гараад бүх хүнд тоглоод байх ямар ч шаардлага байхгүй. Зөвхөн өөрийнхөө хүмүүст тоглож байх нь бидний жаргал, тэдний жаргал. Ийм учраас under­ground гэж ярьдаг юм.

-Аливаа уран бүтээлчийг туурвисан уран бүтээлийнх нь үйл явдалтай холбож ойлгоод байдаг. Таныг метал тоглодог, метал дуулдаг гэхээр хүмүүс бас тэр мэтээр ойлгодог байх?

-Тэгнэ тэгнэ (Инээв). Метал чинь тусдаа урлаг болчихсон. Намайг рок гэвэл би маш их гомдоно. Яагаад вэ гэвэл би рок биш. Би метал хүн. Өөр ертөнц байхгүй юу. Рок зөндөө олон урсгалтай. 1969 оноос хойш өдийг хүртэл явж л байна. “Нисванис” гэхэд л гранд рок хамтлаг. Би бол метал. Энэ бол тусдаа гарчихсан урлаг. Бид өөрсдийгөө “Өөр гаригийнхан” гэж онгирдог.

-Метал хөгжим аль улсаас үүдэлтэй юм?

-Англиас үүссэн. Led Zep­pelin гэж хамтлаг бий. Тэр бол хард рок тоглодог. 1960-аад оны сүүл,1971-аад оны эхээр хард рок тоглож байсан ч гэлээ хөгжимд нь жаахан өөр үнэр байгаад байсан байхгүй юу. Жинхэнэ метал тоглож эхэлсэн хамтлаг бол бас л Английн хамтлагууд. Тэр нь Ju­das Priest, Motorhead. Эндээс жинхэнэ heavy метал гэдэг юм үүссэн. Энэ бол манай анхны юм байсан. Дараа нь Америкаас готик, блэк метал гээд үүсээд явчихсан. Хамгийн анхны үүсэл нь Англи. Хөгжсөн нь Америкаас гарсан.

-Танай хамтлаг байгуулагдаад тодорхой хугацааны дараа арав, хорин хүн цуглуулаад анхны тоглолтоо хийсэн байж таараа. Яаж хүлээж авсан бэ?

-Нээрэн л арав хорин хүн үзсэн л дээ. Үзэж байгаа нь яг сонирхож байсан хүмүүс байсан. Нэг хамтлаг тоглож байна гэсэн гээд гаднаа орж ирсэн хүмүүс “Ойлгохгүй юм байна, ямар сонин юм тоглодог юм бэ” гээд буцаад гараад явчихаж билээ. Тиймэрхүү л янзтай байдаг байлаа. “Аясын салхи”-ийн нэг том гавьяа бий. Дэлхийн ийм том хөгжим Монголд байх ёстой гэдгийг л харуулж байна.

-Металгүй орон байдаг уу?

-Лалын улсууд чинь элдэв зүйл хорьдог. Гэтэл тэнд метал хөгжчихөөд байна. Манайх шиг жижигхэн хүрээнд хөгжчихөөд байж байна. Яагаад вэ гэвэл метал хөгжмийг хэн ч дарж чадахгүй. Метал юунд ч захирагддаггүй. Мөнгөнд, улс төрд, намд захирагдахгүй. Баян, ядуу хамаагүй. Тийм гоё хөгжим болохоор лалын улсуудад хөгжөөд байна.

“Аясын салхи”-д насаараа үнэнч явсан, хэзээ ч замаасаа ухраагүй хүний хувьд Монголын метал үрс маш олон болох болтугай гэж хэлье.


Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Байгалийн хийн хоолой барих төслийн хүрээнд маршрут болон боловсон хүчин бэлтгэх асуудлаар санал солилцов

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов болон гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын гол сэдэв Монголын Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн талаар байв. Уулзалтаар байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааны хүрээнд маршрут болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар хоёр тал санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, “Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруй жил яригдсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийн албан ёсны эхлэлийг тавьсан.

Улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн юм. ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойг 2019 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан. Хийн хоолой татах хоёр дахь төсөл нь ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дайруулан жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолой төслийн ажил юм.

Ташрамд дурдахад, ОХУ-ын экспортын хамгийн гол бүтээгдэхүүн нь нэгдүгээрт нефть, хоёрдугаарт байгалийн хий ордог байна. Экспортынхоо дийлэнхийг нь Европын орнууд руу гаргадаг юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонслоо

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.05) нэгдсэн хуралдаанаар батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулгыг сонсов. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг уншиж танилцууллаа. Үүнд, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон дагалдан гарсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгатай холбогдуулан саналтай гишүүн байгаагүй юм.

Мөн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдан гарсан Төрийн аудитын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга уншиж танилцуулсан бөгөөд хуулиудын эцсийн найруулгатай холбоотой санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн найруулга болон дагалдан гарсан Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн бус байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг уншиж танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүд хуулиудын эцсийн найруулгатай холбоотой санал гараагүй юм.

Дараа нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонссон бөгөөд санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд тус хуулийг дагалдан гарсан Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.

Хуралдааны төгсгөлд Оюуны өмчийн тухай хууль, тус хуулийг дагалдан гарсан Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонсов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Батлан хамгаалах салбарын хоёр хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр өөрийн санаачлан боловсруулсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

онгол Улсын Их Хурлаас 1997 онд Газрын төлбөрийн тухай хуулийг баталсан байна. Улмаар Монгол Улсын Засгийн газраас 1997 онд “Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”, 2015 онд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоол баталж, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоожээ.

Мөн 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоол гаргасны дагуу 2018, 2019 онуудад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын суурь үнэлгээ, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоож байгаа юм.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардагдах тусгай хэрэгцээний газартай байна” гэж, “Газрын төлбөрийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлд “…Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж тус тус заасны дагуу батлан хамгаалах зориулалт бүхий тусгай хэрэгцээний газрын төлбөрийг жил бүр батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусган санхүүжүүлж ирсэн.

Гэвч аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас 2018, 2019 онуудад газрын суурь үнэлгээ, төлбөрийн хувь хэмжээг нэмсэнтэй холбогдуулан төсвөөс олгосон санхүүжилтээс 2 дахин их төлбөрийг газрын албанд төлөх нөхцөл байдал үүсчээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг шинэчилсэнтэй холбоотойгоор Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүрэг, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Увс аймгийн ИТХ-ын тогтоолоор газрын төлбөрийн хувь хэмжээг нэмсэнтэй холбоотойгоор 2018, 2019, 2020 онд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалын харьяа анги салбаруудын тусгай хэрэгцээний газрын төлбөрт төсөвлөсөн мөнгөнөөс гадна 1.3 тэрбум төгрөгийн өр үүссэн байна.

Батлан хамгаалах яамнаас 2019 онд Төсвийн тухай хуулийн дагуу 2020 оны батлан хамгаалахын төсвийн багцад газрын төлбөрт 1.6 тэрбум төгрөгийг төсөвлөн Сангийн яаманд хүргүүлсэн боловч Батлан хамгаалахын сайдын багц дахь газрын төлбөрийн санхүүжилтийг 2020 онд 339.5 сая төгрөгөөр тогтоожээ. Иймд улсын төсвөөс санхүүждэг цэргийн анги, байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл боломжийг хангах хүрээнд улсыг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон тусгай хэрэгцээний газрыг газрын төлбөрөөс нэг мөр чөлөөлөх, ингэхдээ Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, хуулийн төслийг боловсруулжээ.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

УИХ-аас 2016 онд Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус баталсан. Дээрх хуулиуд батлагдаад удаагүй байхад 2017 онд Монгол Улсын төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулах арга хэмжээний хүрээнд ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдах нөхцөл, шаардлагын дагуу Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан юм. Хуульд өөрчлөлт оруулахдаа 2 хуулийн зохицуулалтад өөрчлөлт оруулж, 3 зохицуулалтыг хүчингүй болгосон байна. Тодруулбал,

-цэргийн анги, байгууллага офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийг орон сууцаар хангаагүй бол орон сууц, гэр, байшин хөлслөх тухайн орон нутгийн түрээсийн төлбөрийг 12 ам дөрвөлжин метрээр тооцож цэргийн анги, байгууллага олгох;

-улсын хил болон алслагдсанд тооцох анги, байгууллагад таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн застав болон түүнтэй адилтгах салбарт 50 хувь, суурин бус газар байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 35 хувь, нийслэл, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 25 хувиар бодож нэгтгэн, таван жил тутамд олгох;

-цэргийн тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицерт урьд эрхэлж байсан албан тушаалын цэргийн цолны цалинг харьяалсан үндсэн байгууллага сар бүр олгох гэсэн 3 заалтыг хүчингүй болгосон.

Мөн 7 дугаар зүйлийн 7.1.10-т Гадаадын цэргийн сургуульд суралцагч офицер, ахлагчийн суралцах хугацааны цалин хөлсийг төр хариуцахаар тусгасныг “сургалтын тэтгэлэг” гэж, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан “Дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, сурагчийн цалин хөлсний хэмжээ, нэмэгдэл олгох журмыг батлан хамгаалах, хил хамгаалалтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэснийг “Гадаадын цэргийн сургууль, академи, дамжаанд суралцагчийг сонгон шалгаруулах, сургалтын тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг олгох журмыг Засгийн газар батална” гэж тус тус өөрчилсөн юм.

Энэхүү эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, хүчингүй болгох асуудлаар УИХ-ын АБГББХ дээр өмнө нь хэлэлцэж, улс орны эдийн засгийн байдал сайжран, ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр дуусахад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хүчингүй болгосон заалтуудыг эргүүлэн тусгах, өөрчлөлт оруулсан заалтыг хуучин хүчин төгөлдөр үйлчилж байсан хэвээр хуульчлан баталгаажуулах, цэргийн алба хаагчдын эрх зүйн баталгааг хангах төрийн үүргийг ханган ажиллах нь зүйтэй гэж үзжээ.

Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь батлан хамгаалах болон зэвсэгт хүчний зарчим, цэргийн алба хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг дээшлүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг сайжруулах зорилтын хүрээнд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиас дордуулахгүй байх чиглэлтэй нийцэх тул Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын баталгаа сайжирч, улс орныг батлан хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Орон сууцанд үйлдвэрлэл эрхэлсэн ААН-ийн үйл ажиллагааг зогсоов

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 5-р хороо, 80 дугаар байрны зоорийн давхарт байрлах модон эдлэлийн цех, сийлбэрийн урлангийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.

Шалгалтаар нийтийн зориулалттай орон сууцанд 40 дБА-иас их хэмжээний дуу чимээ гаргаж, үйлдвэрлэл эрхэлж байсан тул зөрчил гаргасан иргэнд /Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар/ зөрчлийн хэрэг үүсгэж, шийтгэлийн арга хэмжээ авчээ. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйл ажиллагаа ашиглалтыг зогсоох Прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.


Categories
мэдээ нийгэм

“Ковид-19″ цар тахлаас сэргийлэх дадлага сургууль маргааш эхэлнэ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цартахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 06-нд эхэлнэ.

Дадлага сургуулийн бодлогын дагуу штабын сургууль ОБЕГ-т байрлаж байгаа Улсын онцгой комиссын Шуурхай штабд зохион байгуулагдах юм.

Тус штабын сургуульд Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, БСШУСЯ, ХӨААХҮЯ, ЗТХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, Гамшгаас хамгаалах улсын албад болон МУЗН, НҮБ-ын Суурин зохицуулагч, салбар кластерууд оролцож, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, коронавируст цар тахлын халдварын үеийн иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагын үүрэг, хариуцлага, оролцоог тодорхойлно гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ-ын Засгийн газраас 30 мянган түргэвчилсэн оношлуур хандивлав

БНСУ-ын Засгийн газраас COVID-19 халдварын түргэвчилсэн оношлуурыг хүмүүнлэгийн тусламж болгон хандивлав. Хандивыг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё-Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, коронавирусийн халдвар дэлхийн 215 улс орон, нутаг дэвсгэрийг хамран 3.6 сая хүн өвчилж, 251 мянган хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Мөн өдөрт 70-100 мянган хүн шинээр халдвар авч байгааг мэдээлэв.

Үүний зэрэгцээ коронавируст халдварын тархалтыг тогтоох, яаралтай болон тандалт судалгааны зорилгоор ашиглахад нэн шаардлагатай БНСУ-ын “SD Biosensor” үйлдвэрлэгчийн түргэвчилсэн оношлуурыг Монгол Улсад хүлээлгэн өгч байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаад талархал илэрхийллээ. Элчин сайд Ли Ё-Хун, “БНСУ-ын Засгийн газраас нийт 250,000 ам.долларын өртөг бүхий оношлуурыг Монгол Улсын Засгийн газарт олгох бөгөөд эхний ээлжид 30,000 удаагийн түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өгч байгаа.

Энэ нь дэлхий нийтэд хурдацтай тархаж буй COVID-19 халдварыг хамтдаа туулах Солонгосын ард иргэдийн сэтгэл шингэсэн дэмжлэг туслалцаа” гэсэн юм.

Мөн тэрбээр энэ онд Монгол, Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа.

Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр эрчимтэй хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн халдварын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд нь үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэлээ.

Хандив хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд олон улсын хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн судалгаанаас үзэхэд 2017 онд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 77.1, 2018 онд 76.6 хувь нь 15-40 хүртэлх насны залуучууд байна. Түүнчлэн 2018 онд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 45.7 хувь нь бүрэн дунд боловсролтой, 17.5 хувь нь дээд боловсролтой иргэд байгаа юм.

Эндээс залуучууд их, дээд, тусгай дунд сургууль төгсөж оюуны өндөр боловсрол эээмшиж байгаа боловч зан харилцаа, мөс чанар, ёс жудаг, хүмүүжил, хүндлэл, тэвчээр зэрэг хүний зан үйлийн сайн чанаруудыг эзэмшихэд чиглэсэн сургалт, боловсрол олгох үйл ажиллагаа хангалтгүй байгаагаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал их байна гэсэн дүгнэлт гарч байгаа юм.

Иймд энэ байдлыг арилгах, иргэдийн хүнлэг чанар, дотоод сэтгэлийн боловсрол, төлөвшлийг сайжруулах зорилгын үүднээс Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хувь хүний суурь зан чанарууд болох хүнлэг, хүндэтгэлтэй, шударга, хариуцлагатай байх байдал алдагдахаар мөс чанаргүй хүмүүс олширч, хүчирхийлэл ихэсдэг. Энэ байдлыг таслан зогсоохын тулд төрөөс иргэдийн хүмүүнлэг боловсролыг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг системтэй, тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Монголчуудын оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудал үндсэндээ орхигдсон учраас энэ асуудлыг төрийн бодлого болгон бүх шатны сургалтын хөтөлбөрт хуульчлан тусгах шаардлагатай байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд юуны түрүүн хүн байхын ухаан суулгах, цаашлаад бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүнлэг чанар, сэтгэлийн боповсролыг төлөвшүүлэхэд чиглэсэн хичээлийг оруулах хэрэгтэй нь эрдэмтэн мэргэдийн судалгаа, шинжилгээгээр нотлогдсон байна.

Эрдэмтэд хүн болох үе шатыг 1-3 насыг би өөрөө үе, 4-6 насыг даган дуурайх үе, 7-11 насыг өөрийгөө эрж хайх үе, 11-16 насыг өөрийгөө бий болгох үе, 16-18 насыг өөрийгөө илэрхийлэх үе, 18-25 насыг иргэн болох эхний үе гэж тодорхойлсон байдаг.

Хүүхдийг эх орон, ээж аав, элгэн саднаа хайрлах, дээдлэх учир утгыг ёсчлон сахиулж сургах, хүний жудагтай, хайр энэрэлтэй, найз нөхрөө эрхэмлэдэг, тэсвэр тэвчээртэй, аливаа атаа жөтөө хийрхлээс ангид, ямагт өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, алдахгүй байхыг хичээдэг зан төлөвт сургах, хувь хүний унаган төрөлх шинж, зан төлөвийг бага наснаас нь тандан илрүүлж, хойшид баттай суулгах нөхцөлийг бий болгоход энэхүү хуулийн төсөл чиглэгдэх юм.

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хууль нь хувь хүн хүүхэд наснаас ахмад буурай болтол зан төлөв, ёс зүй, бие бялдраа хөгжүүлэх, энэ чиглэлээр гэр бүл, сургууль, цэцэрлэг, төрийн захиргааны бүх шатны байгууллага, нийгмийн үүсгэл санаачилгын нийт байгууллагын хүлээх үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 99 зүйлтэй. Төсөлд:

-Хүмүүнлэг боловсролын зорилго, хүмүүнлэг боловсролыг дэмжих үндсэн зарчмууд;

-Хүмүүнлэг боловсрол олгох үйл ажиллагаа, хүмүүнлэг боловсролын үндсэн чиглэл, агуулга, хүмүүнлэг боловсрол олгох хөтөлбөр, хүмүүжлийн чиг үүрэг бүхий нийгмийн институцийг хөгжүүлэх, хүүхдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, гэр бүлийн хүмүүжлийг дэмжих, эцэг эхийн нийгмийн харилцааны сурган хүмүүжүүлэх мэдлэгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохицуулах;

-Хүмүүнлэг боловсрол олгох чиглэлээр төрийн захиргааны болон сургалтын байгууллагын эрх үүрэг, Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл эрх үүрэг, байгууллага, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, хүмүүнлэг боловсрол

олгох сургалтын дэмжлэг зэрэг асуудлуудыг зохицуулахаар боловсруулсан байна.

Хууль батлагдсанаар хүүхэд, залуучууд ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй зан чанартай болж төлөвшсөнөөр эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь эрс багасна.

Хүүхэд, залуучууд ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй зан чанартай болж төлөвшин, бага наснаасаа хөдөлмөр эрхлэх арга зүйд суралцсанаар нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүтээлчээр хөдөлмөрлөн баялгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болно.

Хууль хэрэгжсэнээр хүн хүнээ хайрлах, хүндэтгэх, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах зан чанар төлөвшиж, бие бялдрын хөгжилтэй, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдийн тоо нэмэгдэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас үүсч буй хохирол багасах, байгаль хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон үргүй зардал буурах, иргэдийн нийгмийн хариуцлага сайжрах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг олон үр дагавар гарах болно.

Categories
мэдээ нийгэм

Гарал үүсэл нь тодорхойгүй 600 кг сүүн крем, 80 кг бялуу чимэглэгчийг хураав

Замын-Үүд боомтоор энэ сарын 4-ний өдөр иргэн А экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй сүүн крем, бялуу чимэглэгч өнгө оруулагчийг өөр төрлийн бараа бүтээгдэхүүнээр нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

600 кг сүүн крем, 80 кг бялуу чимэглэгч өнгө оруулагчийг мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар илрүүлж, бүтээгдэхүүнүүдийг хураан авсан байна.