Categories
мэдээ улс-төр

Хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөв

Хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаан 16 цаг 28 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өнгөрсөн сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хорооны тогтоолоор хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулж ажиллуулжээ. Байнгын хорооны ажлын хэсэг төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналуудыг судалж нягтлан зарчмын зөрүүтэй саналын зарим томьёолол бэлтгэснийг ажлын хэсгийн ахлагч танилцуулав.

Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн 10.4-т заасны дагуу гарах аливаа шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд ямар ямар шаардлагыг нэг мөр хангасан байхыг агуулсан 10.9-10.11 дэх хэсгийг нэмэхээр тогтов. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 10 дугаар зүйлийн 10.4.13 дахь заалтыг “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн талаарх илт худал мэдээлэл нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ноцтой саад учруулахаар бол тухайн мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөл байдалд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авах” гэж, 10.4.17 дахь заалтыг “зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох мэдээллийг авах бөгөөд тухайн мэдээллийн нууцлалыг хадгалах, түүнчлэн гамшгаас хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахгүй байх” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжлээ. Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 17 дахь заалт буюу 26 дугаар зүйлийн 26.1.5 дахь заалтыг “гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар зарлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй, дэлгэрэнгүй мэдээлэх” гэж өөрчлөн найруулахаар болов.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хийлээ.

Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Иймээс Улсын Их Хурлын бүх Байнгын хороо хуралдаанаараа энэхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, гаргасан санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр бичгээр зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр танилцуулга хийлээ. Байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Конвенцыг соёрхон батлах нь зүйтэй гэж үзлээ

Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулав.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр монгол иргэд олноор зорчдог улсуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд болон ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлд Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарч иржээ. Одоогоор манай улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 12 гэрээ байгуулаад байгаа бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн 1983 оны конвенцид нэгдэж ороод байгаа аж.

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид Америкийн улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус нийт 21 улс нэгдэн орсон бөгөөд үүнд Монгол Улсын иргэд суралцах, бизнес болон аяллын зорилгоор зорчдог Америкийн Нэгдсэн Улс, Канад, Бразил, Мексик зэрэг улс багтдаг. Иймээс гадаадад хорих ял эдэлж байгаа иргэдийг эх орондоо ял эдлэх боломжоор хангах, гадаад орнуудтай ялтан шилжүүлэх ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүднээс Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид Монгол Улс нэгдэж орох нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.

Тус конвенц нь аливаа улс нэгдэн ороход нээлттэй бөгөөд Монгол Улс конвенцыг соёрхон баталж, батламж жуух бичгээ Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт хадгуулахаар хүргүүлсэн өдрөөс хойш 30 дахь өдөр хүчин төгөлдөр болох юм байна.

Конвенц нь 19 зүйлтэй бөгөөд ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхэд гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгажээ.

Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь конвенцыг соёрхон батлахыг дэмжлээ.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хаалттай горимоор хэлэлцэв.

Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилох саналыг дэмжлээ

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвшингийн Бадралыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Элчин сайдад нэр дэвшигчдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

Элчин сайдад нэр дэвшигч Т.Бадрал нь 1984-1988 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийг, 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, 1998-2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Бизнесийн уирдлагын магистр зэрэгтэй.

Тэрбээр 1994 оноос Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтэс, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, Голден Форчук ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005 оноос Онцгой байдлын ерөнхий газарт хэлтэс, газрын дарга, дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, хошууч генерал цолтой.

Харин нэр дэвшигч Н.Эрдэнэтуяа нь 1993 онд БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн, солонгос судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой.

1993 оноос Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, 1996 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Азийн газарт гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, яамны Олон талт хамтын ажилллагааны газар, Ази, Номхон далайн орнуудын газарт хэлтсийн даргаар ажиллажээ. Тэрбээр 2018 оноос Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөх, Хэргийг хамаарагчаар ажиллаж байгаа аж.

Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Энхбаяр нар Ерөнхийлөгчийн зөвлөх болон Гадаад харилцааны сайдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлээд томилогдсон улсдаа сурч, ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээг хүргэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд санаачлагатай, идэвхтэй бүтээлчээр ажиллахыг захилаа.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Н.Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөхийг дэмжив. Мөн Д.Ганхуяг, Б.Ганболд нарыг Элчин сайдаас эгүүлэн татах саналыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүрэгт зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ

Налайх дүүргийн доторх автозамд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэх болсонтой холбогдуулан 2020 оны тавдугаар сарын 06-н буюу өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн чиглэлд зарим өөрчлөлтийг хийхээр болжээ.

-ХО:5 “Налайх-Офицеруудын ордон”,

-ХО:3 “Городок-Налайх”,

-ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Офицеруудын ордон” чиглэлүүд Нарлагийн гудамж буюу Шинэ Налайх хорооллын урдуур шинээр тавигдсан авто замаар явж, Нийгмийн даатгалын хойд талбайд зогсон явах тул иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорилгоор төлөвлөж нийтийн тээврээр үйлчлүүлэхийг анхаарна уу.

Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалах салбарын хоёр хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр өөрийн санаачлан боловсруулсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр өргөн барив.

Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Их Хурлаас 1997 онд Газрын төлбөрийн тухай хуулийг баталсан байна. Улмаар Монгол Улсын Засгийн газраас 1997 онд “Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”, 2015 онд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоол баталж, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоожээ.

Мөн 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоол гаргасны дагуу 2018, 2019 онуудад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын суурь үнэлгээ, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоож байгаа юм.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардагдах тусгай хэрэгцээний газартай байна” гэж, “Газрын төлбөрийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлд “…Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж тус тус заасны дагуу батлан хамгаалах зориулалт бүхий тусгай хэрэгцээний газрын төлбөрийг жил бүр батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусган санхүүжүүлж ирсэн.

Гэвч аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас 2018, 2019 онуудад газрын суурь үнэлгээ, төлбөрийн хувь хэмжээг нэмсэнтэй холбогдуулан төсвөөс олгосон санхүүжилтээс 2 дахин их төлбөрийг газрын албанд төлөх нөхцөл байдал үүсжээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг шинэчилсэнтэй холбоотойгоор Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүрэг, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Увс аймгийн ИТХ-ын тогтоолоор газрын төлбөрийн хувь хэмжээг нэмсэнтэй холбоотойгоор 2018, 2019, 2020 онд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалын харьяа анги салбаруудын тусгай хэрэгцээний газрын төлбөрт төсөвлөсөн мөнгөнөөс гадна 1.3 тэрбум төгрөгийн өр үүссэн байна.

Батлан хамгаалах яамнаас 2019 онд Төсвийн тухай хуулийн дагуу 2020 оны батлан хамгаалахын төсвийн багцад газрын төлбөрт 1.6 тэрбум төгрөгийг төсөвлөн Сангийн яаманд хүргүүлсэн боловч Батлан хамгаалахын сайдын багц дахь газрын төлбөрийн санхүүжилтийг 2020 онд 339.5 сая төгрөгөөр тогтоожээ. Иймд улсын төсвөөс санхүүждэг цэргийн анги, байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл боломжийг хангах хүрээнд улсыг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон тусгай хэрэгцээний газрыг газрын төлбөрөөс нэг мөр чөлөөлөх, ингэхдээ Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, хуулийн төслийг боловсруулжээ.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

УИХ-аас 2016 онд Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус баталсан. Дээрх хуулиуд батлагдаад удаагүй байхад 2017 онд Монгол Улсын төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулах арга хэмжээний хүрээнд ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдах нөхцөл, шаардлагын дагуу Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан юм.

Хуульд өөрчлөлт оруулахдаа 2 хуулийн зохицуулалтад өөрчлөлт оруулж, 3 зохицуулалтыг хүчингүй болгосон байна. Тодруулбал,

  1. цэргийн анги, байгууллага офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийг орон сууцаар хангаагүй бол орон сууц, гэр, байшин хөлслөх тухайн орон нутгийн түрээсийн төлбөрийг 12 ам дөрвөлжин метрээр тооцож цэргийн анги, байгууллага олгох;
  2. улсын хил болон алслагдсанд тооцох анги, байгууллагад таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн застав болон түүнтэй адилтгах салбарт 50 хувь, суурин бус газар байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 35 хувь, нийслэл, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 25 хувиар бодож нэгтгэн, таван жил тутамд олгох;
  3. цэргийн тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицерт урьд эрхэлж байсан албан тушаалын цэргийн цолны цалинг харьяалсан үндсэн байгууллага сар бүр олгох гэсэн 3 заалтыг хүчингүй болгожээ.

Мөн 7 дугаар зүйлийн 7.1.10-т Гадаадын цэргийн сургуульд суралцагч офицер, ахлагчийн суралцах хугацааны цалин хөлсийг төр хариуцахаар тусгасныг “сургалтын тэтгэлэг” гэж, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан “Дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, сурагчийн цалин хөлсний хэмжээ, нэмэгдэл олгох журмыг батлан хамгаалах, хил хамгаалалтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэснийг “Гадаадын цэргийн сургууль, академи, дамжаанд суралцагчийг сонгон шалгаруулах, сургалтын тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг олгох журмыг Засгийн газар батална” гэж тус тус өөрчилсөн юм.

Энэхүү эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, хүчингүй болгох асуудлаар УИХ-ын АБГББХ дээр өмнө нь хэлэлцэж, улс орны эдийн засгийн байдал сайжран, ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр дуусахад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хүчингүй болгосон заалтуудыг эргүүлэн тусгах, өөрчлөлт оруулсан заалтыг хуучин хүчин төгөлдөр үйлчилж байсан хэвээр хуульчлан баталгаажуулах, цэргийн алба хаагчдын эрх зүйн баталгааг хангах төрийн үүргийг ханган ажиллах нь зүйтэй гэж үзжээ.

Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь батлан хамгаалах болон зэвсэгт хүчний зарчим, цэргийн алба хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг дээшлүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг сайжруулах зорилтын хүрээнд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиас дордуулахгүй байх чиглэлтэй нийцэх тул Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын баталгаа сайжирч, улс орныг батлан хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ зун дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь

Энэ зун дулаан хангамжийн шугамд засвар хийх ажлын график батлагдсан. Засварын үед хэрэглээний халуун усыг хязгаарлана гэж “УБДС” ТӨХК-аас мэдээллээ.

Засварын үеэр дулааны сүлжээнд “0” зогсолт хийгдэхгүй тул таслах хаалтуудыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан шөнийн бригад байгуулан ажиллаж, графикт хугацаанаас өмнө дуусгахаар төлөвлөжээ.

Засвар хийх хуваарь:

ЭХ ХУВЬ:

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруул Онцлох уран бүтээлч”-ээр шалгарлаа

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь 2019 онд салбар салбарын авьяаслаг залуу уран бүтээлчдийг дэмжих, хамтран ажиллах, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлах зорилгоор “Онцлох уран бүтээлч” төслийг санаачилсан билээ.

2019 онд МУЗ нь дүрслэх урлаг, хөгжим, бүжиг, яруу найраг, кино урлагийн салбарын авьяаслаг уран бүтээлч гоёл чимэглэлийн урлаач Э.Цагаанцоож, бүжигчин Ж.Номгонмаа, зохиолч, яруу найрагч Э.Үлэмжтөгс, “Зун” продакшн болон “No wonder”продакшны уран бүтээлчидтэй “Улаан гэр” бүтээлч орон зайд зураг авалт, сургалт, үзэсгэлэн, зохион байгуулах, уран бүтээл туурвих, олон улсын үзэсгэлэнд бүтээлээ танилцуулах, соёлын солилцоонд оролцох, олон улсын кино төсөлд хамтран ажиллах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг чиглэлээр амжилттай хамтын ажиллагаа өрнүүлсэн.

Харин 2020-2021 онд МУЗ нь график дизайнер Ц.Эрхбаяр, гэрэл зурагчин Б.Бат-Оргил, ятга хөгжимчин Ө.Ариунхишиг, урлаг судлаач Ц.Батсайхан, яруу найрагч Д.Гансаруул нартай хамтран ажиллахаар боллоо. “Онцлох уран бүтээлч”нь зөвлөлийн дэмжлэгтэйгээр өөрсдийн уран бүтээлээ олон нийтэд таниулах, шинэ санаачилга, төсөлд хамрагдах боломжоор хангагдах бөгөөд байгууллагын зохион байгуулж буй арга хэмжээнд уригдан оролцож, хамтын ажиллагаагаа тэлж, танилын хүрээгээ өргөжүүлнэ. Мөн МУЗ-ийн “Улаан Гэр” бүтээлч орон зайд өөрсдийн уран бүтээлээ туурвих, сургалт, арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллана. 2020-2021 онд хамтран ажиллах уран бүтээлчдийн танилцуулга болон төлөвлөгөөт ажлын мэдээллийг “Улаан Гэр” бүтээлч орон зайн https://www.face­book.com/RedGerArtGallery/ цахим хаяг, https://redger.org/ хаягаар авна уу.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: ШИНЭ эвслийг сонгуульд ялалт байгуулна гэж олон хүн айж байх шиг байна

УИХ-ын гишүүн, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-Улс төрийн 10 гаруй нам, 100 гаруй ТББ, иргэний нийгмийн байгууллагуудаас бүрдэж буй ШИНЭ эвсэл өнгөрсөн баасан гаригт СЕХ-ноос 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох батламжаа авлаа. ШИНЭ намын даргын тухайд эвсэл болж сонгуульд оролцох шийдвэрийг хэрхэн гаргав?

-Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд авлига, оффшор, хулгай дээрэмд автаж, баян хоосны ялгаа асар их болжээ. Эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр төрийн өндөр албан тушаалтнууд нийгмийн болон байгалийн хамаг баялгийг хувьдаа авч, эсвэл бусдад зарах болсноор төрөөс тэрбумтнууд төрөх болсон. Тэд насаараа шударгаар хөдөлмөрлөж, бизнес эрхэлж буй хүмүүсийн эдэлдэггүйг эдэлж, тэрбум тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөнд эзэн суучихсан байна. Тэгэхээр маш олон шударга иргэд нам харгалзахгүйгээр нэгдэн тэмцэж гэмээнэ МАНАН дэглэмийг нурааж, энэ 30 жилийн алдаа, завхралыг засаж, ирэх 30 жилд нийгмийн бүх салбарт шударга ёсыг тогтоож чадна шүү дээ. ШИНЭ эвсэл эх оронч иргэдтэйгээ хамтран 2020 оны УИХ-ын сонгуульд оролцож, төрөө бүлэглэлээс цэвэрлэж, баялгийн шударга хуваарилалтын тогтолцоог бий болгох зорилт тавьж, “Шинэ эргэлтийн 21 бодлого” хэмээх мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байгаа.

-ШИНЭ эвслийн гол суурь нь ШИНЭ нам гэж харагдаж байгаа. Энэ нам МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл тэмцлийн суурин дээр үүссэн гэж ойлгогддог. ШИНЭ намын бусад улс төрийн намаас ялгагдах онцлог, үзэл санаа нь юу вэ?

-ШИНЭ намын гол үзэл санаа нь шударга ёс хийгээд үндэсний эрх ашиг юм. Эх орноо, үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг хүмүүсийн нэгдэх газар. Мөн намчирхал, талцлыг сааруулахын тулд хатуу гишүүнчлэлээс татгалзсан цорын ганц нам. Тийм ч учраас намын харьяалал харгалзахгүй үндэсний эрх ашгаа дээдэлж, нэгдүгээрт тавьдаг иргэдийг УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхээр иргэд дэмжигчдээсээ санал авч байна.

-ШИНЭ эвслээс нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн жагсаалт бий гэсэн үү?

-Байлгүй яахав. ШИНЭ эвсэл оффшорчид, авлигачид, төрөөс төрсөн тэрбумтнууд, тэдний үр хүүхэд, төрөл садангуудыг аль ч шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн байр суурин дээр хатуу зогсож байгаа. Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахдаа тухайн орон нутагтаа нэр хүндтэй, амьдралын туршлага, мэдлэгтэй хүмүүсийг сонгоно.

-ШИНЭ нам хэдийгээр улс төрийн 34 дэх намаар бүртгэгдсэн ч парламентад суудалтай дөрвөн намын нэг болсон. Парламент дахь Зөвлөлөө ч байгуулаад авсан. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд танай зөвлөлөөс ямар ямар хуулийн төсөл санаачилж, өргөн барив?

-ШИНЭ намын зөвлөл байгуулагдсан Өнгөрсөн хугацаанд 30 удаа хуралдаан зохион байгуулж, нийт 60 орчим хууль, тогтоолын төсөл хэлэлцэж, санал боловсруулан холбогдох ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы хуралдаанд хүргүүлсэн байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан нийт 25 ажлын хэсэг томилон ажиллуулсан. Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 24 өргөдөл гомдлын дагуу төрийн байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий нийт 85 албан тушаалтныг зөвлөлийн хуралдаанд урин оролцуулж бодит мэдээлэл авч хамтран ажиллалаа.

Түүнчлэн улс орны эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлд зайлшгүй авах арга хэмжээний тухай нийт таван шаардлагыг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хүргүүлсэн. Зөвлөлөөс УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдээс дурдвал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ард түмний нийтлэг эрх ашгийг хангах зарим заалтыг тусгуулах тал дээр онцгой анхаарал тавьж ажиллалаа. Тухайлбал, монгол хүн баялагтаа эзэн болох, ашигт малтмалаас олох орлогын дийлэнх хувь ард түмэнд ногдох заалтыг тусгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Мөн хуульд хүн ам хэт их төвлөрсөн Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргийг шинээр зохион байгуулж, хотын статусаар хөгжүүлэх нь зүйтэй гэсэн санал оруулсан нь тусгагдсан.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдийн зарим эрхийг хязгаарлах тухай хуулийн төслийг санаачилж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Төслийн гол үзэл санаа нь төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдийн тодорхой хугацааны дотор гадаад орон руу зорчих, гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээд болон гадаадын хөрөнгө оруулалттай Монгол Улсын хуулийн этгээдэд хувьцаа эзэмших, ТУЗ, хяналтын зөвлөлд сонгогдох, гүйцэтгэх удирдлагын багт ажиллах зэрэг эрхийг хязгаарлахад чиглэж байгаа юм. Ийм хязгаарлалт байхгүйгээс өнөөдөр Дубайн гэрээгээр Монголын төрд ихээхэн хохирол учруулсан Ч.Сайханбилэг өнөөдрийг хүртэл гадаадад зугаалж, Монголын хуулийн өмнө хариуцлага хүлээхээс зайлсхийсээр байна. Ц.Элбэгдорж мөн зугаалж зугаалж, саяхан ирлээ.

Мөн коронавируст халдварын үед улс орны эдийн засгийг дэмжих, ард иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр “Иргэн, аж ахуйн нэгжүүдэд онцгой нөхцөлийн зээл олгох тухай” хуулийн төслийг санаачилсан. Энэ нь жилийн 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой, 250 хүртэлх иргэнийг ажлын байраар хангаж байгаа ААН-үүдэд урт хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэй зээл олгохоор заасан. Иргэдийн нэг сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг мөнгөжүүлэх тухай хуулийн төсөлд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу нэг сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаас эзэмшигч иргэдийн үнэт цаасыг 2020 оны хоёрдугаар улиралд багтаан худалдан авч бэлэн мөнгө олгох хуулийн төсөл мөн санаачилсан. “Цар тахлын үед гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийг дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай” хуулийн төсөл өргөн барьсан. Уг төсөлд гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн буцаж ирэх хүсэлт гаргасан тохиолдолд татан авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, өндөр настан, оюутан, жирэмсэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн татан авахад зардлыг хариуцах мөн гадаад улсад түр зорчсон Монгол Улсын иргэн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон бол санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг тусгаж өгсөн байгаа. Гэх мэтчилэн нэлээн хэдэн хуулийн төсөл санаачилж, өргөн барилаа. Эрх баригчид өргөн барьсан хуулиудаас өөрсдийн үзэмжээр сонгож, хэлэлцдэг. Цар тахалтай холбогдуулан өргөн барьсан хуулийн төслүүдийг намын эрх ашгаа хойш тавьж, яаралтай хэлэлцэх ёстой.

-Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо юу хийв?

-Дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчин болж ажиллалаа. Цөөнх байхад олонх нь дэмжиж өгдөггүй зовлон гэж байна. Төсвийн хууль, ер нь ямар ч хуулийг олонхын саналаар баталдаг шүү дээ. Гэсэн хэдий ч парламентад сууж, хууль тогтоох үндсэн ажлаа хийхээс гадна тойрогтоо хөрөнгө оруулалт шийдвэрлэж өгөх замаар багагүй бүтээн байгуулалт хийжээ.

-Та жил гаруйн өмнө эхэлсэн МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлд голлох үүрэгтэй оролцсон таван гишүүний нэг. Энэ тэмцэл дууссан уу, үргэлжилж байгаа юу. Ер нь энэ тэмцлээс монголчууд юу хожив?

-Хүмүүс та нар яриад л байх юм, тэмцээд л байх юм, тэгээд юунд хүрч байгаа юм бэ гэж асуудаг л даа. Бид ч энэ тухай сайн ярихгүй болохоор мэдэхгүй байх нь аргагүй биз. МАНАН дэглэмийн эсрэг тэмцлийг өрнүүлж эхэлснээс хойших жил гаруйн хугацаанд чамлахааргүй асуудлууд шийдэгдсэн. Тухайлбал, энэ бүлэглэлийн нэг гол толгойлогч болох УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулж, Авлигатай тэмцэх газар, Прокурорын удирдлагыг өөрчлөв. Томоохон гэмт хэргүүдийг шийдэлгүй, замхруулдаг хууль хяналтын байгууллагууд, тэдний удирдлагыг шинэчлэх нь энэ тэмцэл үр дүнд хүрэх эсэхэд шийдвэрлэх нөлөөтэй юм л даа. Тэгээд, харийнханд алдсан төв талбайгаа төрийнхөө мэдэлд эргүүлэн авлаа. Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, авлигын шинжтэй 30 гаруй томоохон хэрэг ямар ч байсан шүүхэд шилжсэн. Төмөртэйн ордын арбитрын маргаанд Засгийн газар ялалт байгуулав. Улсын Их Хурал, Засгийн газраас Эрдэнэт, Асгатын ордыг төрд буцаан авах шийдвэр гаргалаа. Нэр бүхий 17 шүүгч холбогдсон Салхитын мөнгөний ордыг төр буцаан авлаа. Орхон гол, Орхоны хөндийг сүйтгэсэн хариуцлагагүй уул уурхайн компаниудын лицензийг цуцлав. Багануурын ордыг “Алтайн гянт” компаниас хураан авах шийдвэрийг Улсын дээд шүүх гаргалаа. Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авав. “Сентерра гоулд Монголия” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазат газар болголоо. Стратегийн орд газрын жагсаалтыг шинэчлэх асуудал хөндөгдөж байна. Гэх мэтчилэн тодорхой үр дүнгүүд эхнээсээ гарч байна.

-Та С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж, ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр шалгагдаж буй ТЕГ-ын дарга асан, генераль Б.Хурц тэргүүтэй есөн хүний шүүх хурал гацаад удаж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Шийдэгдэхгүй байсаар сонгууль өнгөрөөчих юм биш үү?

-Цар тахалтай холбогдуулан хөл хорио тогтоосны улмаас Түр хорооны ажил хэсэг хугацаанд гацсан. Шүүх хурал ч удаа дараа хойшлогдлоо. Улсын дээд шүүх шийдвэрээ гаргаад Төв аймгийн анхан шатны шүүх рүү шилжүүлснээс хойш есөн сар өнгөрлөө. Тодруулбал, Улсын дээд шүүхээс мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, Төв аймгийн анхан шатны шүүх шийдвэрээ яаралтай гарга гэсэн. Гэтэл Төв аймгийн анхан шатны шүүх авлигад автаж, барьцаалагдчихаад, эрүүдэн шүүдэг хүмүүсээсээ айгаад, хурлаа хийсэнгүй. Хэрэв Төв аймгийн шүүх шийдвэрээ гаргасан бол есөн сарын өмнө Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг суллаж болох байсан. Харамсалтай нь Б.Хурц ба түүний нөхдийн өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд хандсаар байгаад хугацаа хожиж байна. Авлигад автсан шүүгчид ажлаа хийсээр байгаа учраас, шүүх засаглалд томоохон эргэлт хийгээгүй учраас тэд цаг хугацаа хожих тоглоомыг санаснаараа удирдаж байна. Үүнийг таслан зогсоохын төлөө Түр хороо эцсээ хүртэл явна. Энэ бол зөвхөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын асуудал биш шүү. Иймэрхүү байдлаар гэм зэмгүй атлаа эрүү шүүлтийг давалгүй, хилс хэрэг хүлээн, ял эдэлж буй хүмүүс цөөнгүй байдгийг иргэд ярьдаг, бидэнд ч мэдээлэл ирдэг. Тиймээс энэ хоёр хүний асуудлыг үнэн зөвөөр шийдсэн цагт эрүү шүүлтийг таслан зогсоох, олон хүнийг хэлмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх боломжтой болно.

-Хоёр сарын дараа эрх баригч нам тодорсон байна. Энэ удаагийн сонгуулийн өнгө ямар байх бол?

-ШИНЭ эвслийг сонгуульд ялалт байгуулна гэж олон хүн айж байх шиг байна. Бүлэглэл ард иргэдээс маш их баялаг, олон тэрбум төгрөг хулгайлж байна. Бидний авсан мэдээллээр “Э”-ээр эхэлсэн дарга нарын бүлэглэлийн цуглуулсан хөрөнгө 20 тэрбум төгрөг болсон байна. Энэ мөнгөөр ард түмний сонголтыг худалдан авна гэсэн төлөвлөгөө гаргажээ, тэд. Мөнгөтэй нь ялдаг юм уу, мөрөөдөлтэй нь ялдаг юм уу гэдгийг харуулъя. Миний ард түмэн агуу мөрөөдөлтэй. Монголын ард түмэн, залуу үеийнхээ мөрөөдлийн төлөө бид тэмцэх ёстой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малчид “Ноолуур үнэд хүрэхийг хүлээж, хадгалж байгаа” гэв

Түрүүч нь 090(6456) дугаарт

Энэ хавар ноолуур үнэгүйдэж нэг килограмм нь 20 мянган төгрөгийн ханштай байна. Төв аймгийн Баянцогт, Баянчандмань, Жаргалант сумдаар газар тариалангийн сурвалжлагаар явахдаа малчин айл өрхүүдээр орж, цаг үеийн байдалтай танилцлаа.

Баянцогт сумын нэгдүгээр багийн малчин Ч.Нацагдорж гуайнх Өгөөмрийн үзүүр гэх газарт ганц гэрээр хаваржиж байна. Мэнд ус мэдэлцээд сонины газраас явж байгаагаа дуулгавал Ч.Нацагдорж гуай гэртээ урьж “Сурвалжлагчдад яримаар юм их бий” гэлээ. Бидний яриа ноолуураар эхлэв.


-Өнөө жил ноолуур кг нь 20 мянган төгрөг болоод малчид маань хэцүүдэж байх шиг байна?

-Арай дэндлээ. Хэзээ байтлаа ноолуур 20 мянган төгрөг байсан юм бэ. Дээр нь юу гэнэ үү 20 мянган төгрөгийг кг тутамд нь өгнө үү гэнэ үү. Тийм юм дуулдаж байна.

-Ноолуур асууж сурч ирж байгаа хүн байна уу?

-Яг үнэндээ энэ хавар ноолуур асууж, ноолуурын тухай ярьж орж ирж байгаа хүмүүс гэвэл та нар л байна. Түүнээс биш жил жилийн өдийд ченжүүд машиныхаа хамрыг гэрийн үүдэнд тулгачихаад “Ах аа, эгч ээ” гээд инээд алдаж гүйж орж ирээд “Ноолуураа өгөөч” гэдэг байлаа. Гэтэл та хэдээс өөр ноолуур асууж байгаа хүн алга.

-Өдийд малчид маань хамгийн их бэлэн мөнгөтэй, худалдаа наймаа хийдэг хүмүүс юмсан?

-Өнгөрсөөн. Бид чинь бүтэн жил хөдөлмөрлөснийхөө үр шимийг өдийд л хүртдэг улс. Унаа уншаа сэлгэж, сольж авдаг байлаа. Дөрвөн улиралдаа өмсөх хувцсаа худалдан авна. Үгүй ядаж өмсөж байгаа энэ бакаалаа солино. Бас энэ хонинд өмсдөг гандаж хуучирсан дээлээ сольж, ирэх өвөл тугалаа нэмнэдэг. Гэтэл хуучин дээлээ ч сольж чадахгүй сууж байна.

Малчид энэ үед өр зээлээ дарж, хот орж Нарантуулаар явж, бүтэн жил хэрэг болох эд зүйлээсээ эхлүүлээд хамаг юмаа базааж авдаг. Гэтэл мөнгөний бараа харалгүй удлаа. Өмнө нь гурил, тамхи, бензиний мөнгө хэрэг болбол нэг кг ноолуураа барьж аваачаад зараад болгочихдог байлаа. Одоо тийм юм алга.

“Монгол коммент” нэвтрүүлгийг харж ноолуурын үнэ ханш нэмэгдэх нь үү гэж хүлээж суудаг боллоо. Тэрүүгээр ноолуурын тухай ярьдаг ч нэмэх тухай ярих нь ховор байна.

-Одоо тэгээд та нар яажшуу амьдрал ахуйгаа залгуулж байна. Хотод амьдрал бүр ч хэцүү байна. Хүмүүс ажил орлогогүй болж, өр зээлэндээ баригдацгаалаа?

-Хонь зарахаар хүний хэлсэн амаар л зарчихаж байна. Ноолуураа 20 мянган төгрөгөөр өгвөл бидэнд ямар ч ашиггүй. Ашиг байтугай зардлаа ч нөхөж чадахгүй хүнд байдалд орно. Ядаж 60-70 мянган төгрөг хүрчихээсэй гэж залбирах юм. Өнгөрсөн жил ноолуур 100-130 мянган төгрөгийн үнэтэй байсан. Бид хаврын энэ үед энд тэндээс хүн амьтан хүүхэдтэйгээ ирвэл хоосон гаргахгүй гээд 5000 төгрөг бэлэглээд сууж байдаг хүмүүс шүү дээ. Гэтэл одоо гар дээр бэлэн мөнгө алга.

-Танай энэ хавийн малчид одоо тэгээд яана гэнэ вэ. Юу ярьцгааж байна. Ноолуураа хураагаад хадгалцгааж байна уу?

-Ноолуураа орон доогуураа л хийчихсэн байна. Заръя аа зарж болохгүй хэцүү болохоор бүгд л орон доогуураа хийчихсэн хүлээлгийн байдалтай байна. Толгойгоо сэгсэрцгээгээд л яах вэ л гэсэн хүмүүс олон байна.

-ХӨСҮТ-өөс хотын иргэдийг хөдөө гарч хамаатнуудаа бараад гээд байгаа. Хүмүүс ч хөдөө хурдан гаръя. Шуудай будаа, гурил ачаад хамаатнуудаа зорьё гэцгээж байна?

-Энд нэг юм хэлье. Хүний өөрийн гэлтгүй нэг тийм дутагдал байна. Манай хүү, бэр хүүхдүүд ч ялгаагүй адилхан. Малчин бид чинь урин дулаан цагт өглөө 05 цагт босоод хэдэн малынхаа араас явдаг. Гэтэл хотоос ирсэн хүмүүс ганц өглөө эрт босоод малд явж өгөхгүй. Үд хүртэл унтаж байгаад босч ирээд эвшээж, суниагаад “Ямар сайхан юм бэ” гэж дуу алдаж байгаад л явчихдаг. Ганц өглөө ч болов үнээний дэлэн шувтраад өгдөггүй. Түүнээс биш гурил, будаа хоол унданд санаа зовох зүйлгүй. Тэр бол болно оо. Бидэнд ажилд тусалдаг ганц хүн байхад л их нэмэртэй шүү дээ. Ажилд тусалдаг хүн л их хэрэгтэй байх юм.

-Танайх хэчнээн малтай вэ?

-Цөөхөөн, 300-гаад тооны юм бий.

-Энэ хавьд усны асуудлаа яаж шийдэж байна?

-Гунын гол бий. Энд тэр голоос өөр задгай ус байдаггүй. Өнөө жил татарчихаад байна. Худгаар л ундны усны асуудлаа шийддэг дээ.

-Өглөө 11 цагийн мэдээ үздэг үү?

-Би үзэхгүй ээ. Хээр малынхаа бэлчээрт л явж таарна. Харин манай хүн л үздэг юм. Сурвалжлагч ирснийх бас нэг юм ярья. Газар тариалангийн бүс нутагт мал маллах хэцүү. Зөрчилдөөн их гардаг. Угтаа бол монголчууд чинь нүүдлийн мал аж ахуйгаар олон мянган жил явж ирсэн. Тариалангийн компаниуд хаа сайгүй тор татаж, хашаа хатгаад сүүлдээ мал маллахад хэцүү болж байна. Үүн дээр зохицуулалт хийх хэрэгтэй байна. Үүнээс болж тариаланч, малчин хоёрын хооронд маргаан гарах юм гэв.

Ч.Нацагдорж гуай “Ноолуур гэдэг чинь их л үнэтэй эд дээ” хэмээн байн байн халаглаж толгой сэгсэрч “Хөдөөний бидний амьдрал энэ жил бүр сүйрлээ. Дараа жил хүртэл яаж тэснэ дээ” гэж байлаа.

Баянцогт сумын төвд Гуна нэгдүгээр багийн малчин С.Зоригттой уулзлаа. Хүү нь цэрэгт явах нас нь болоод бүртгүүлэхээр иржээ. Хүүгээ сумын захиргааны байрны гадаа хүлээгээд зогсож байхад нь уулзлаа.

-Та ноолуураа зарсан уу?

-Үгүй ээ, үгүй. Орны хөндийд л байгаа. Хэрвээ зарвал урамшуулал өгөх юм гэнэ билээ гэсэн юм дуулдсан. Гэхдээ ченжид биш аж ахуйн нэгжид зарвал тэр урамшууллыг нь өгнө гэсэн байх шүү.

-Танай суман дээр ноолуур авч байгаа аж ахуйн нэгж бий юү?

-Хоршоонд өгчихдөг юм. Тэндээ ноолуураа тушаачихаад л бид чинь Нарантуул руу явдаг. Эсвэл хот руу оруулаад Эмээлтэд ноолуураа өгчихөөд цаашаа зах гардаг байлаа. Намар ямааны арьсаа зарсан айлууд л хожив бололтой.

-Тэд намар ямааны арьсаа хэдээр өгсөн юм бол?

-35 мянгаар зарцгаасан. Ямааны ноолуур нь арьснаасаа хямд байхыг анх удаа л харж байна. Бүх юм зогслоо.

-Одоо та бүхэн яая гэж бодож байна?

-Ноолуурын үнэ нэмэгдэхийг, ханш нь өсөхийг хүлээж байна гэлээ.

Баянцогт, Баянчандмань сумын зааг дээр малаа хариулж явсан малчин В.Түмээтэй уулзлаа. Тэрээр “Малчид ноолуураа зарахгүй байгаа. 20 мянган төгрөгийн урамшуулал өгнө гэдгийг сонсоод ганц хоёр хүн зарж борлуулсан байж магад. Гэхдээ би л лав ноолуураа зарчихлаа гэж ярих малчныг сонссонгүй. Хотод амьдрал хэцүү байна гэж зурагтаар ярьж байсан. Гэтэл хөдөөд ч амьдрал хүнд байна. Гар дээрээ бэлэн мөнгөтэй малчин алга. Хонь асууж сураглаж ирсэн хүний хэлсэн мөнгөн дүнд нь шууд л хонио өгч байгаа. Өөр орлого гэх юм алга. Хөлсний малчин авч ажиллуулах боломжтой айл ч алга. Хүүхдүүд ач зээ нар нь хотоос ирсэн болохоор мал хуйндаа явуулж байх шиг байна. Би ч гэсэн хотоос ирж малд явж тусалж байна” хэмээсэн юм.

Уулзсан малчдын хувьд ноолуур үнэгүйдэж буйд хэн нэгнийг буруутгасан юм ярьцгаасангүй. Айхавтар өвчин гарч, хөл хорио тогтоосноос хот хөдөөгүй амьдрал уруудаж байгаа ч удахгүй бүх юм зөв голдиролдоо орно гэж ярьж байлаа. Мөн малчны зээлээс эхлүүлээд зээл, өр ширээ төлж чадахгүй байгаагаа ч нуусангүй.

Гэрэл зургуудыг Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар: Сургалтын төвүүдийг нээх тухай УОК-ын тогтоолыг баталлаа

Нэгдүгээр анги (өгүүллэг)

Засгийн газрын хуралдаанаар сургалтын төвүүдийг нээх тухай УОК-ын тогтоолыг баталлаа. Уг тогтоол батлагдсанаар 1088 сургалтын төвийн үйл ажиллагааг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэн тодорхой үе шаттайгаар нээх юм.

-16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна.

-Төгсөх ангийн буюу 12 дугаар ангийн 30,000 орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгажээ. Нэг сургуульд 40-50 хүүхэд буюу ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо гэж Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Цагдаагийн домогт хурандаа, гавьяат хуульч Пүрэвдоржийн Лувсандорж

Зуун жилийн түүхтэй Монголын цагдаад 50 гаруй жил нэр төртэй ажиллаж, далан насны даваан дээр хэдийнэ гарсан ч төрийн буулганаас салаагүй яваа домогт хурандаагийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Эл эрхэм бол тэртээ жаран найман онд аравдугаар ангиа төгсөөд Монгол Улсад цагдан сэргийлэхийн хуульчдыг бэлтгэх анхны дээд боловсролыг эзэмшсэн анхдагчдын нэгэн Монгол Улсын гавьяат хуульч Пүрэвдоржийн Лувсандорж. Далаад оны эхээр гурван сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлсэн тэрээр гурван аймгийн цагдаагийн байгууллагыг 23 жил удирдаж, энгийн сонсогчоос энгэртээ гавьяатын тэмдэгтэй алдартан, дэслэгчээс хурандаа болтлоо дэвшсэн чухамхүү Монголын цагдаагийн он цагийн гэрч болж, Лу хурандаа хэмээн олноо нэршиж хүндлэгдэн иржээ. Буурал хурандаагийн унасан газар угаасан ус нь хуучин Сайн ноён хан аймгийн Хан хөгшин уулын хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг. Бага бүдүүн нэртэй ч их том хайрхны ар шилд төрсөн гэдэг. “Тавин оны гуравдугаар сарын 1-нд төрсөн гэж пастортаа анх авсан. Намын баяраар төржээ гэж зарим нь намайгаа дамшигладаг, намын хүн болох гэсэндээ ч биш, тэгж л таарсан юм. Гэхдээ нарийн яривал би чинь үхэр жилтэй дөчин есөн оны хүн. Ирэх онд 73-ны жил орох гэж байгаа ийм өвгөн” гэж инээд алдангаа төрсөн өдрийнхөө төөрөг зургаас сонирхуулсан. “Аав минь гаднаас нь харахад ширүүн дориун төрхтэй ч дотор хүн нь өрөвч нинжин. Эр хүний нулимс дотогшоогоо гэж ярьдаг. Харин эсрэгээрээ нулимс ойрхонтой хүн. Багаасаа өнчрөл зовлон үзсэн нь өр нимгэн, өрөвч зөөлөн, сайхан сэтгэлтэй болгосон болов уу. Сайхан сэтгэлийнхээ ачаар би өдий зэрэгтэй явна аа гэж өөрөө ч ярих дуртай” хэмээх үг охидынх нь амнаас ундраад байдаг нь учиртай. Төрсөн эцэг эх нь багад нь өнгөрч, мөн нэг сайхан ахаа алдаж ёстой өөрийнх нь хэлснээр “Үнсэнд хаягдсан шалз” шиг амьтныг Довдонгийн Пүрэвдорж, Зөөлөнгийн Балжинням гэх ачлалт хоёр бурхан өргөн авч үрээ болгож цаглашгүй их хайр халамжаа өгч өсгөжээ. “Би аавыгаа уул болоод ургачихсан, ээжийгээ ус болоод урсчихсан” гэж хурандаа нэгэнтээ хэлсэн. Тиймдээ ч Хан хөгшиний салбар уулс Жимстийн цэнхэр нурууг хараад аавыгаа, Тээлийн голын мяралзсан тунгалаг долгисыг хараад ачит ээжийгээ гэж боддог хэмээн өр зүрхнээсээ нулимстай хэлдэг байлгүй. Аав ээж маань үр намайгаа харж байгаа гэдэгт огтоос эргэлзэлгүйгээр амьдралын нугачаанд нуруу алдалгүй, шулуун шударга, бусдын төлөө гэх халуун сэтгэлээр дүүрэн явдаг нь ийм л учиртай байх нь.Жаран найман онд арваа төгсөөд тухайн үеийн Цэргийн ерөнхий дээд сургуулийн дэргэд цагдан сэргийлэхийн хуульчдыг дотооддоо бэлтгэх анхны ангийг дүүргэсэн гэдгээрээ бахархдаг юм билээ. Ингээд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайдын тушаалаар өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийн цагдан сэргийлэх ангид төлөөлөгчөөр томилогдож, мэргэжлийн дээд сургуулийн ромбо гялалзуулсан сүрхий амьтан толгой дээгүүр очоод сэргийлэхийнхээ даргад тас хөөгдөн гурван сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр “нутаг заагдсан” түүхтэй.

Лу хурандаа тэр тухайгаа ярих дуртай. Арга ч үгүй биз, гурван суманд тэлэгдсэн ганц төлөөлөгч байна гэдэг амаргүй. Тэнд л ёстой нэг хат сууж чилийсэн дөрвөн жилийг ардаа орхисон байна. Тэр гурван сум нь баргийн хүн алхуулдаггүй Өвөрхангайн зүүн талын Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл гэсэн лужир гурван сум. Ганц хэсгийн төлөөлөгчид хань болох цагдаа гэж байхгүй, унах унаа гэж байхгүй, өртөөний нормын мориор ажлаа амжуулна. Тэр бүс нутаг бол Булган, Төв, Дундговь, Архангай, Өвөрхангай гээд олон аймгийн нутаг дэвсгэрийн торгон зааг дээр байдаг, малын хулгай нүүрлэсэн амаргүй газар. “Хэсгийн төлөөлөгч гэдгээ бүдүүн тоймоор хэлбэл хулгайч нарыг хариуцсан хүн. Сэргийлэхийн бүх ажлыг ганцаар хийнэ. Дээрээс нь Аюулаас хамгаалах байгууллагын хоёр том чиглэл болох сэхээтний төөрөгдөл, мөн обьектын аюулгүй байдал, гадны нөлөөгөөр галдан шатаах гээд амаргүй давааны аман дээр сууж байгаа юм. Тэр үед хэсгийн төлөөлөгчийг хүний муу үздэг хүн гээд өөдтэй хүлээж авахгүй. Айлд ороход халуун цай хийгээд өгөх хүн ховор байлаа. Түргэний эмч, ялангуяа жолооч нартай найз болно. Есөнзүйлд Д.Норовжанцан гэж гавьяат өгчихмөөр мундаг эмч байсан сан. Жолооч нь Лхасүрэн гэж сайхан хүн, одоо ч сэрүүн тунгалаг байгаа гэнэ лээ. Лхасүрэн гуайдаа дуудлагаар хөдөө явбал намайг аваад явдаг юм шүү гэж захина. Эмчилгээ тэжээлийн 53 гэж машин байлаа, түүний жолоочтой бас найз болоод авна. Үхэр тэргээр хүртэл явж л байсан. Ингэж дөрвөн жилийг авсан. Тэр хугацаанд хоёр удаа аварга болж байлаа. Энэ ажил манай үеийнхнээр шувтарсан. Надаас хойш сум суманд хэсгийн төлөөлөгчтэй, давхар цагдаатай болоод бэхэжчихсэн. Гурван сумын хэсгийн төлөөлөгч хийсэн хүн Монголын цагдаад өнөөдөр ховор байх. Тэгэхээр би гэдэг хүн яалт ч үгүй он цагийн гэрч болжээ” хэмээн өгүүлэв. Далан зургаан онд эрүүгийн ахлах болоод аймагтаа ирж наян дөрвөн он хүртэл манаргажээ. Мэдээж аварга болоод мандалгүй хаачихав. Цаг өнгөрөх тусам дарга нарт “За энэ нөхөр ч гарцаа байхгүй аймгийн сэргийлэхийн дарга мөн дөө” гэх бодол төрөх нь дамжиггүй. Хоёр жил болоод л яамны шалгалт гэж мундаг даваатай нүүр тулна, аттестатчилал явагдана. Үндсэндээ хоёр жил болоод хүнээ дүгнэдэг тийм л хатуу зарчимтай цаг байсан.

“Сайдын шалгалт, аттестатчилал гэдгийг өнөөдөр ярьдаг хүн байхгүй болж. Нөхөр Лувсандоржийг ажилдаа дүүрэн тэнцэж байна гэж үзээд эрүүгийн ахлах болгосон. Дараагийн хоёр жилийн шалгалтаар дүүрэн тэнцвэл сэргийлэхийн даргын нөөцөд авна. Дэвшүүлнэ гээгүй, нөөцөд авна. Дараа нь сэргийлэхийн даргад дэвшүүлнэ. Ийм л ном журмаар явдаг байлаа” гэж яриан дундаа тодотгосон юм.Тэр алтан дүрмийн дагуу мань хүн 1984 онд Дорноговийн цагдаагийн даргаар томилогджээ. Тэгэхдээ юм гэдэг сонин, өнөөдөр Монголын төрийн амьд домог болсон Лувсангомбо генерал өөрийнхөө аймгийн цагдаагийн даргаар Өвөрхангайн хүүг томилсон нь бас л сонин хувь тавилан харагддаг.Лувсангомбо генерал НАХЯ-ны сайд байхдаа Өвөрхангайд намын бүгд хурал, чуулган удирдахаар очсон байна. Улс төрийн товчооны гишүүн, яамны сайд ирэхийг сонсоод аймаг даяараа хөдлөх нь мэдээж. Хэлтсийн дарга Ц.Жамбалсүрэн “Сайдыг ирэхэд чи рапорт өгч угтаж ав гэв. Лу хурандаа 33-тай ёстой нэг жавхалзсан амьтан сайдын өмнө хийморь сэргэтэл рапортаа өгч таараа. Харин сайд “Энэ хошууч яалт ч үгүй нэг сэргийлэхийн дарга байна даа” гэж дуу алдсан гэдэг. Үүнийг хэзээ хойно Лу хурандаад Ганбат гэж сайдын нарийн бичиг хэлсэн юм билээ. Лувсангомбо сайдыг явснаас хойш долоо хоногийн дараа НАХЯ-ны боловсон хүчний газрын дарга хурандаа Цэрэннадмид ирж Лувсандоржтой уулзжээ. НАХЯ-ны тэр том хурандаа өөртэй нь уулзах гэж ирэхэд айсан гэнэ. “За баларлаа, нэг нь л намайг матчихаж. Би ч буруу зөрүү юм хийгээгүй дээ, уул нь” гэж боджээ. Гэтэл байдал өөрөөр эргэв гэнэ, арга хэмжээ авахуулах биш, дэвшүүлэх маягтай болоод явчихлаа гэнэ. НАХЯ-ны тэр хурандаа бүтэн долоо хоног уулзсан байдаг. Ингэж Дорноговь аймгийн цагдаагийн даргаар томилогджээ.

“Дорноговьд очоод та ч манаргаж өгөө байлгүй” гэж хурандаагаас үг өдлөө. “Юуных нь манаргах. Пактлаад, намын “Үнэн” сонинд хүртэл бичүүлээд юм юм болсон. Би бол дотроо болоод байна л гэж бодоод байдаг. Юу болох, доогуур бүх юм задарчихсаныг нөхөр Лувсандорж гуай мэддэггүй. Шоронд хүн боож үхлээ л гэнэ. Хууль бус ан, хүчин, зодоон цохион гарахгүй хэрэг гэж байхгүй. Зүүнбаянгийн дивизэд байсан танхай нөхдүүд шорон дамжина. Тэр үеийн цэргийн ангийн офицер гэдэг чинь ар өврийн хаалгаар шорон дамжчихсан архагууд байдаг. Тэд нар шоронд байхдаа шоронгоо нүхэлж айлд очоод ирдэг байсныг мэддэггүй байж. Бас дээрээс нь манай албан хаагч надаас өмнө нэг нөхрийг хүн амины хэрэгт хилсээр тулгаж шоронд хийжээ. Худлаа мэдүүлэг зохиогоод, прокурор нь хянаад шүүх нь таслаад хэрэг хийгээгүй хүнийг явуулчихаж. Тэр нөхрийн хэрэг миний үе дээр задарч байгаа юм. Мөн сэргийлэхийн дэргэд байх дэлгүүрээс надаас бусад нь бараг мөнгө зээлдэг, архи зээлээр авдаг, амин хувийн холбоотой. Энэ бүгдээс болоод жигтэйхэн дуутай шуутай очсон амьтан чинь хоёр жил зургаан сарын дараа мултардаг юм байна. Ингэж Дорноговиос хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд хэдэн нялх нойтон хүүхдээ, муу шар авгайгаа дагуулаад Өвөрхангай руу буцаж байлаа” гэв. Дорноговьд байснаа луугар хурандаа нэг их задалж ярьсангүй. Хэрвээ тэрхүү хоёр жил, зургаан сарыг задлаад үзвэл зохиол шиг юм бичигдэж таарна. Ер нь ч тэгээд Лу хурандаагийн он жилүүд кино зохиол шиг санагдах нь бий. Мань эр Дорноговьд үнэндээ нэртэй цолтой, олонд хүндлэл хүлээгдсэн байсан нь түүнийг ажлаа өгөх үед хотын захиргаа, намын хороонд очсон 10 шахам өргөх бичигнээс уншигддаг. Хутагтын нутгийн учир мэдэх хүмүүс “Энэ залуу даргын асуудлыг ултай суурьтай авч үзнэ үү. Ц.Энэбиш, Г.Чимиддорж нарын шуурганд хамт орчихлоо” гэсэн бичиг олноороо ирсэн гэдэг.

“Нутагтаа буцаж очоод би нэг жаахан шар хөдөлсөн шүү” гэж тэрээр шазууртай хэлж байна. Ингэх ч гэж дээ хэмээн өөрийгөө зэмлээд, өөртөө дахин ташуур өгч ажлыг маналзуулжээ.Түүнийх нь үр дүн ч гарч 1988 онд ерөнхий газрын аварга, дараа жил нь ажил мэргэжлийн аварга болоод ерэн онд дэд даргаасаа буцаад дарга болсон байна. Харин ингэж манан татуулж явах үед өнчин өрөөсөн намайг өргөж авч хүний дайтай болгосон ачит эцэг минь өнгөрчихдөг юм гэж хоолой цахиртуулан хэлнэ билээ. Аав нь өнгөрөхийнхөө өмнө хүүдээ харцаараа, зүрхэнд нь хэлэх үгээ хэлснийг тэрээр үргэлжид боддог. Өөрөө ч мөн нүдээрээ үгээ хэлж хүүгийн ёсоор хариу барьсан байдаг. Аавдаа өчсөн зүрхний тангараг бол оногдсон ажлаа хэнээс дутахгүй хийж, нэр цэвэр, мөр бүтэн, шулуун шударга явна гэсэн ийм л тангараг. Тэр уг тангарагтаа хүрсэн нэгэн. Ерэн онд Өвөрхангайн цагдаагийн дарга болоод гурван жил ажиллаж байтал ерөнхий газрын тэргүүн дэд дарга байсан Н.Гаравсүрэн “Дундговийн Бумнанжид наашаа шилжинэ гээд байгаа. Чи тэнд очих уу, чамд тийм эр зориг байна уу” гэжээ. Түүний хэлснийг хөгшинтэйгөө зөвлөлдөөд Дундговь руу мордсон байна. 1993-2006 он хүртэл 13 жил Дундговь аймгийн цагдаагийн газрын даргаар ажилласан түүх ингэж эхэлдэг. Тэрээр нийтдээ гурван аймгийн цагдаагийн даргын хариуцлагатай, амаргүй албыг 23 жил хашсан аварга эр. “Монголын цагдаад 50 гаруй жилийн нүүрийг үзэхдээ цагдаагаас нэг өдөр байтугай нэг минут тасарсангүй. Бууж ч үзлээ, мандаж ч үзлээ. Өвөрхангай, Дорноговь, Дундговь аймгуудын цагдаагийн газрын үүдийг нь ч манасан, өрхийг нь ч татсан, хойморт нь ч заларсан, хатавчинд нь ч хэвтсэн ийм хүн байгаа юм” гээд сэтгэл нэн тааламжтай инээж сууна. Энэ зуурт бид хоёрын ярианд цагдаагийн нэртэй хурандаа нарын нэг, өдгөө төв аппаратынхаа олон генерал, хурандаа нарын арми ахмадын холбоог удирдаж буй Билгээ хурандаа орж ирж “Аймгийн цагдаагийн даргаар тавигдана гэдэг асар хүнд байсан. Нөөцөд орчихсон байна, тэгээд аймгийн захиргаа, намын хорооны зөвшөөрлийг авна. Дараа нь ЦЕГ-ын зөвлөлөөр ороод батлагдаж байж дарга болно. Өнөөдөр бол дуртай хүнээ тавьдаг, хэдэн ч удаа дарга солигдож, тухайн орон нутгийн ард түмний аюулгүй байдлыг бус хувь хүний улс төр, амин хувийн асуудал, нэр хүндийг чухалчлах болсон” гэж шулуун шударга хэлээд авав.

Хурандаагийнх зургаан охинтой. Тэрээр нэг удаа “Дандаа бүсгүй хүүхдүүдтэй болохоор ч тэр үү, манай гэр бүл тэр чигээрээ аядуу зөөлөн ертөнц” гэж хэлсэн. Охид нь бүгд “Оюун”-тай. Оюунгэрэл, Оюунмандах, Оюунбилэг, Оюунтунгалаг, Оюунтуяа гээд бүгд сайхан ижий нар, гэр бүл үр хүүхэдтэйгээ тус тусдаа сайн сайхан амьдарч явна. Харин бага охин Цэцэгдэмбэрэл нь элэгний өнөө айхавтар өвчнөөр бурхан болж ижий аав, хайрт эгч нарынхаа элгийг эмтэлжээ. “Болохгүй юм гэдэг болдоггүй л байдаг юм билээ” гэж гэрийн эзэн хүчирхэг сайхан хурандаа хоолой нь зангирч хэлсэн. Оюунтуяа, Оюунтунгалаг нар аавынхаа зам мөрийг залгамжилж цагдаагийн албанд зүтгэсэн байна. Оюунтуяа нь цагдаагийн дэд хурандаа, үндсэндээ хурандаа аавын хурандаа охин. Гэр бүлийнх нь хүн М.Батсайхан мөн хилийн цэргийн хурандаа, ийм л нэг хурандаагийн үүдтэй айл аж. Цэцэг шиг охидын элбэрэлт ижий, Лу хурандаагийн насны хань Цоодолын Пүрэвдагва. “Есдүгээр ангид байхдаа би долдугаар ангийнхаа шанз тоглодог, жигтэйхэн гоё хар нүдтэй охинд татагдсан юм. 1967 оноос хойш гээд бодохоор 53 жил хамтдаа явна. Би ер нь Пүрвээгийнхээ хүчинд л өдий зэрэгт хүрсэн” гэж гэрийн эзэн хэлсэн нь аргагүй л үнэндээ гэх бодлыг төрүүлж билээ. Пүрвээ эгч “Нас залуу байхад ханийгаа ажил төрлөө сайн хийг, амжилт гаргаг гэж бодоод гэр орны ажилд оролцуулдаггүй байв. Харин одоо бол өвгөнөө гар хөлийн үзүүрт зарж сууна. Амьдралын шаардлага ч гарах юм даа, хүүхдүүд бүгд гараад явчихлаа. Өвгөн маань гал тогооны ажилд сүрхий, бид хоёрыг ханилахад манай хадам аав “нэг гэрийн эр эм хоёрт чиний миний ажил гэж байдаггүй. Аль түрүүлж гэртээ ирсэн нь хоол ундаа хийдэг байх ёстой” гэж хэлж билээ. Одоо бол аавын хэлснээр л болж байна” хэмээн жаргалтай гэгч өгүүлж байна. Гэрийн эзэгтэй Өвөрхангайн Тарагтынх, ээжийнх нь төрсөн ах дүү нар нь улс, аймгийн цолтой бөхчүүд байж. Улсын начин Навааны Пансан, аймгийн заан Навааны Цоодол гээд. “Манайх хүүгүй, харин зээ нараас хэдэн сайхан харцуул байна. Тэднээс бөх төрнө” гэж битүүхэн горьддогоо хурандаа нуугаагүй.

“Дундговь намайг гавьяат болгох гэж долоон удаа тодорхойлсон” гэж яриан дундаа хэлсэн. 2012 онд Чингис хааныхаа төрсөн өдрийг анх удаа тэмдэглэсэн “Монгол бахархлын өдөр”-өөр хуулийн байгууллага дотроос ганц гавьяат хуульч төрсөн нь Лу хурандаа. Бас л бэлгэшээлтэй сайхан санагдав. Гавьяатаас улбаалаад бид хоёрын яриа Дундговь тийшээ хазайлаа. Эр дунд насны хавхгар сайхан эр хүмүүний амьдралын мөчлөг нэг үеийг Дундговьд үджээ. “Лу даргыг байхад наадмын зохион байгуулалт дэг журамтай, ёс төртэй гэдгийг мэдрүүлсэн хийморь сэргэмээр болдог сон” гэж тэр нутгийнхан хэлдэг. “Ер нь аймгийн цагдаагийн дарга жаахан эрхэмсэг байх ёстой юм. Ихэмсэг биш, эрхэмсэг. Энэ нь өөрөө төр эрхэмсэг оршихуйн утга учир нь юм” гэв. Ямар агуу дуулдсан гэж санана.Ер нь цагдаагийн дарга хүн нийтийг хамарсан айдас түгшүүрт явдал, онц ноцтой хэрэг, гэнэтийн аюул энэ бүгдэд өөрийн биеэр очиж, торгон ирэн дээр нь зогсож байх ёстой гэж тасхийтэл хэлсэн. Тэгээд Пүрэв генералаа жишээ болгосон юм.“Пүрэв даргыг байхад ерээд онд Жаргалант, Зүүнхараагийн дуулиан, шоронгоос, онцгойгоос оргосон хэргүүд гээд юу болов, тэр бүгдийг мэргэжлийн хувьд удирдсан. Пүрэв даргын үед Монголын цагдаа нэг цагдаа шиг байж үү дээ гэж боддог юм. Цагдааг байтугай Монголыг аваад явах хүн. Ажлын хувь заяа чинь сайн хамт олон байхаас гадна удирдаж байгаа хүндээ байдаг юм шүү. Ухаантай хүн чинь хэлж байгаа үгнээсээ мэдрэгддэг, үгнээс нь ухаан цацраад байдаг. Тийм хүний ажил хүн хийгээд өгчихсөн юм шиг аяндаа бүтдэг” гээд “Цагдаагийн дарга гэдэг бол ажил хийхийн утга болохоос хүн зарахын утга биш” гэсэн юм. Үг бүхэн нь ингэж философитой, зүгээр л афоризм. Яагаад ингэж аливааг углуургаар нь бодож ярьдаг байна даа гэтэл ном бүтээл, хувь хүнийх нь дотоод ертөнц гэдэг том юм байна. “Хан хөгшиний хараацай” гэж өөрийнхөө амьдралын тухай туульсын ном бичжээ. Цагдаа хүний амьдрал юм шиг боловч цаана нь Монголын нийгэм, цаг үеийн шуурга, хорвоогийн хар цагаан дэнс бичигдэж байгаа юм.

Уг номын эхээ Бавуугийн Лхагвасүрэн гуай дээр барьж очоод “Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм байвал галд шатаачихна биз” гэх маягийн үг хэлжээ. Лхагвасүрэн найрагч номынх нь өмнөтгөлд сайхан үг бичиж, зохиогчийн хэлснээр Лу хурандааг омойтуулсан гэдэг. Сүүлд “Өөрийгөө залж захирч амьдрахуй” гэсэн бодрол, ухаарлын ном бүтээсэн нь дотоод ертөнц рүүгээ сүрхий чимээлж, амьдралыг таньж яваа хүний үг ч мөн дөө гэх бодол төрсөн. “Та чинь хэд хэдэн шаггүй дуутай юм гээч, Бямбабаяр, Сэр-Од гээд хөгжмийн аваргууд ая данг нь тааруулжээ” гэхэд “Болор цом”-ын эзэн дүүгийн өөдөөс нэг зөнөсөн өвгөн “Би юм бичдэг гэж хэлэх нь үнэндээ зохимжгүй. Гэхдээ “та хэдийн ертөнц өөр, бидний ертөнц гэж нэг юм тэр дор чинь байна” гэж “Зуун эрхэм” нэвтрүүлгийн үеэр Баянаа аварга Лхагвасүрэн гуайд хэлсэн шиг бидний юм байнаа, байна” гээд инээвхийлж сууна. “Залуу байхад ч мэдрэмжийн хурд, сэтгэлгээний хурд байсан, одоо байхгүй болсон” гэхүйд “ухаарал, бодрол, бясалгалын хурд”-руу шилжсэн биз гэж эрхгүй бодогдсон. Ийм л таатай яриа хөөрөөн дунд “Сайн цагдаа цагийн найз гэдэг, энэ ер нь юу гэсэн үг вэ” гэж Лу хурандаагаа өдлөө. “Цагдаа бохирдохдоо амархан, цэвэршихдээ удаан. Нэг хүний буруутай үйл ажиллагаа, болчимгүй үйлдлээс болж нийтээрээ сэв суудаг. Уг байгууллага өөрөө гарын ая сайн даадаг юм шиг хэрнээ нэр хүндийн хувьд эмзэг. Тиймээс цагдаагийн нэр хүндийг эр бяр, хүч тэнхээгээр биш хүнлэг чанар, шударга зарчмаар бий болгох учиртай. Цагдаа хүнлэг байгаад шударга ажиллавал болох нь тэр. Цагдаагийн байгууллага үйлс нь ариун, буян нь арвин газар юм. Сэтгэл нь зөв, бие нь түвшин байж чадах юм бол идэж барахгүй хоол, эдэлж дуусахгүй нэр хүнд. Би ч Монголын цагдаагийн хоолыг хагас зуун жил гаруй хороож байна. Би ч гэж манайхан элэг бүлээрээ энэ айлын буяныг амсаж, хишгийг нь хүртэж байна. Тийм болохоор Монголын цагдаад хир халдаах дургүй л хүн. Харин шүүмжлэх юмаа бол хэнээс ч эмээхгүй хэлнэ. Цагдаагийн дарга гэдгийг сүр сүндэр уур уцаар, торгууль шийтгэлээр хийчихдэг ажил биш. Дарга болно гэж бодсоноор, эсвэл дарга болгоно гэж зүтгүүлснээр ч бас хийчихдэг ажил биш. Шинэ зууны залуучууд их юм бодож байгаа байлгүй. Цагдаагийн албаны ажилд ер нь шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Бид даанч тэгж чадахгүй байна. Нийгмийн шинжлэх ухааны цогц бүрдмэл асуудал бол цагдаагийн алба юм” гэж аргагүй л нэг буурал хурандаагийн буурь зангараг зааж хэлсэн дээ. 13 мянга орчим албан хаагчтай энэ армид ингээд нэг хэлчих хүн хэд бол гэж бодогдож л байлаа. Харин аварга хурандааг шууд тэтгэвэрт нь суулгаж гаргуунд нь гаргачихалгүй “үүц нөөц”-ийг нь Монголын цагдаа одоо хэр нь “идэж” суугаа нь талархууштай. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст цагдаа орон тоон дээр энгийнээр ажиллан хэдэн зуун хавтаст хэрэг уншихаас аваад залууст заавар зөвлөмж өгөх гээд бас л 10 гаруй жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд 1175 хэрэг уншиж шийдвэрлүүлсэн байна. Тэр дунд хулгай, танхайн болон хүчин, хүн амины ноцтой хэргүүд олонх нь байсан гэдэг. Мөрдөн байцаах, хэрэг бүртгэх шатанд мөн түдгэлзүүлээд байсан тэр олон хэргийн хувь заяаг шийднэ гэдэг асар их гавьяа зүтгэлтэй ажил. Үүнд нь Лу хурандаад олон ч хүн талархдаг юм билээ. Харин буурал хурандаа өөрт нь итгэл үзүүлж байх ёстой газар нь байлгаж, жинхэнэ мэргэжлийнх нь ажлыг хийлгэж буй Д.Батсайхан, Д.Батжаргал нарын хурандаа, дарга нар, өөрийн шавь нартаа баярладаг нь мэдээж.

Халхын их хүчтэн Дашдоржийн Цэрэнтогтох аваргатай Хан хөгшин хайрханы ивгээл ерөөлөө бодон ойр дотно байж, зүрхнийхээ үгийг хэлэлцэж явснаа, Гэндэнгийн Төмөрбаатар, Бугын Насанжаргал, Жавзмаагийн Ухнаа, Чимэдбалдирын Эрдэнэ-Очир гээд олонд түшигтэй, өөрт тустай явсан аймгийн дарга нар, жинхэнэ төрийн хар хүмүүсийг, мөн Цээвэлийн хүү Жамбалсүрэн даргаа сайн сайхнаар дурсаж явдгаа хэлсэн. “Би ер нь ааш авир муутай, хэлэх гэснээ шулуун шударга хэлчихдэг зантай. Цагдаагийн 100-гаад хурандаа дундаас ойртож нөхөрлөдөг минь ховор. Харин насаараа нөхөрлөж, хэдэн биедээ нөмөр нөөлөг, өмөг түшиг болж, ахан дүүс шиг болсон хэдэн сайхан хурандаа найз, дүү нар бий шүү” гэв. Алдарт Авхиа генералыг Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга байхад оюутан болж, Лувсангомбо генералын үед аймгийн сэргийлэхийн дарга болон мандаж байсан Монгол Улсын гавьяат хуульч, Монголын цагдаагийн домогт хурандаа түүний замнал үнэндээ барагдах юм биш.

“Буурал тэргүүн нь үүлстэй сүлэлдсэн

Будант бэлээрээ уулстай золголдсон

Ухаант өвгөдийн уугуул усан

Уулсад амилсан амгалан бурхан” хэмээн өөрийнх нь шүлэглэсэн “Хан хөгшин” хайрхан шигээ дүнжгэр нэгэн ажгуу.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 6-нд болох үйл явдлууд

08.30 цагт ОБЕГ-т “COVID-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулийн нээлт болно.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдан.

15.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.