Categories
мэдээ нийгэм

IPTV-ийн зургаан компанид төлөвлөгөөт шалгалт хийжээ

Оюуны өмчийн газрын 2020 оны төлөвлөгөөт шалгалтын хуваарийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт телевизийн дахин дамжуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдэд Хяналтын хэлтсийн даргын баталсан 2020 оны гуравдугаар сарын 6-ний өдрийн 03 тоот удирдамжийн хүрээнд Зохиогчийн эрхэд хамаарах Олон улсын гэрээ, конвенц, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай”, “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн хэрэгжилт Зохиогчийн эрхийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөл болон гэрээгээр ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.

  1. “Юнивишн” ХХК
  2. ”ДДЭШ” ХХК
  3. ”Скай медиа корпораци” ХХК
  4. “Монсат Нэтворк” ХХК
  5. “Эн Би Си” ХХК
  6. “Сансар кабель” ХХК,- Шинэ сансар кабель ХХК-иудад удирдамжид заасны дагуу шалгалт явуулсан байна.

Төлөвлөгөөт шалгалтад Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, зохиогчийн эрхэд хамаарах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт хангалттай, холбогдох зохиогчийн эрхийн гэрээнүүд хийгдсэн байна гэж үзжээ.

Цаашдаа олон суваг дамжуулах үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүдээс сонгож, нарийвчилсан хяналт шалгалтыг тухайн объектод очиж контент борлуулагч хуулийн этгээдүүдтэй болон телевизүүдтэй байгуулсан зохиогчийн эрхийн холбогдолтой гэрээнүүдийг нэг бүрчлэн шалгах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах дадлага сургууль үргэлжилж байна

“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль штабын дадлага сургуулиар үргэлжилж байна.

Дадлага сургууль нь коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох зорилготой юм.

Тиймээс Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, Гамшгаас хамгаалах улсын албад болон МУЗН, НҮБ-ын Суурин зохицуулагч, салбар кластеруудын төлөөлөл коронавирусын тохиолдол илэрсэн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагуу ажиллаж байна.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын Онцгой комиссын бүрэлдэхүүн “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-өөр дамжуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар холбогдож, дадлага сургуульд оролцож байгаа юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Цогтбаатар ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг энэ сарын 5-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар, Элчин сайд Ё.Розенберг ХБНГУ-ын Засгийн газар хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны стратегидаа хийж буй өөрчлөлт, шинэчлэлийн явцын талаар мэдээлэл өгөв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зургаан сарын хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгох шийдвэр гаргалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-аас “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, өнөөдрөөс үйлчилж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, “Ковид-19” цар тахлын энэ үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эзмэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газраас хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний талаар хэлэлцэж, тогтоол баталжээ. Цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай тогтоол, Эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн халамжийг сайжруулах хоёрдугаар багц арга хэмжээний тухай хоёр тогтоолыг ийнхүү албан ёсоор гаргаж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Энэхүү багц арга хэмжээнд дараах дөрвөн асуудлыг тусгасан байна.

  1. 0-18 насны хүүхэд бүрт сар тутам олгодог 30 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олгоно. Ингэхдээ 4 дүгээр сарын хүүхдийн мөнгө болох үлдэгдэл 70 мянган төгрөгийг нөхөж олгох юм.
  2. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, бага орлоготой 122 мянган иргэн сар бүр 16 мянган төгрөг авдгийг 32 мянган төгрөг, 118 мянган хүүхэд сар бүр 8 мянган төгрөг авдгийг 16 мянган төгрөг болгон хоёр дахин нэмэгдүүлнэ. Үүнийг 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олгоно.
  3. Нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авдаг 3600 иргэн сар бүр 188 мянган төгрөг авдгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлнэ. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй 42500 орчим иргэн, одой 116 иргэн, тэжээгчээ алдсан 16500 орчим иргэн, өрх толгойлсон эцэг, эх сар бүр 188 мянган төгрөгийн тэтгэмж авдгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болгоно. Үүнийг 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олгох юм.
  4. Малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал болгож кг тутамд 20 мянган төгрөг нэмж олгоно.

Коронавирустай тэмцэх, эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц арга хэмжээг ийнхүү авч хэрэгжүүлж эхэллээ. Эдгээр дөрвөн арга хэмжээнд 793 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд төсвийн эх үүсвэрийг хөрөнгө оруулалт, урсгал зардлын болон цар тахлын үеийн хөл хөдөлгөөн хумигдсантай холбогдох хэмнэлтээс гаргаж байгаа болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийн биед халдсан үйлдэл тогтоогдоогүй

Цагдаагийн хурандаа Ч.Чинбат болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбаттай маргалдаж, цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийг зодлоо гэх мэдээлэл тарсан.

Үүнд албаны шалгалт явуулж, дүгнэлтээ гаргасан.

Дүгнэлтээр цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийн биед халдсан үйлдэл тогтоогдоогүй. Тухайн сэтгүүлч өөрийнх нь эрхлэн явуулдаг сайт дээр зөрчлийн хэрэг нээгдээд шалгагдах явцад хэргийг шалгаж байгаа байцаагч, мөрдөгчтэй уулзалгүйгээр хэлтсийн даргын өрөөнд орж, улмаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүнтэй хэрүүл маргаан өдөж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байна. Цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийг өрөөнөөс нь гарч, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, саад болохгүй байхыг хүссэн, шаардлага тавьсан. Гэвч удаа дараа тавьсан шаардлагыг хүлээн аваагүй тул эрх үүргийнхээ хүрээнд албадлага хэрэглэсэн.

Албадлага хэрэглэн өрөөнөөс гаргасан нь хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдоогүй. Мөн сэтгүүлчдийн биед халдсан, гар хүрсэн үйлдэл тогтоогдоогүй бөгөөд энэ нь камерын бичлэг, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэв.

Categories
мэдээ нийгэм

Манайд батлагдсан тохиолдлуудын 60 орчим хувь нь ОХУ-ын хилээр орж ирсэн хүмүүс

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа улсын хэмжээнд COVID-19 халдварыг илрүүлэхээр хийгдсэн тандалт судалгааны ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гуравдугаар сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсад COVID-19 халдварын 41 батлагдсан тохиолдол бүртгэгджээ.

Энэ хугацаанд бид тусгай үүргийн онгоцоор болон бусад хилийн боомтоор орж ирсэн 4,700 хүнийг тандалт судалгаа, шинжилгээнд хамруулсан байна.

Мөн энэ хугацаанд давхардсан тоогоор нийт 11,200 хүнд лабораторийн шинжилгээ хийгджээ” гэсэн юм.

Үргэлжлүүлэн “Бид батлагдсан тохиолдлуудыг 2-13 дахь хоног дээр нь дөрвөөс таван удаа шинжилгээ хийж байж илрүүлж байна.

Нийт батлагдсан тохиолдлуудын 60 орчим хувь нь ОХУ-аар орж ирсэн бол бусад нь 10 гаруй улс орноос транзит эсвэл шууд нислэгээр зөөвөрлөгдөн орж иржээ.

Батлагдсан тохиолдлын 80.4 хувь нь хөнгөн буюу дунд хэлбэрийн байгаа бол 14.6 хувь нь хүнд, хүндэвтэр, таван хувь нь маш хүнд гэсэн эмнэл зүйн шинж тэмдэгтэй байна.

Энэ нь ДЭМБ-ын өгч буй эмнэл зүйн шинж тэмдгийн мэдээлэлтэй ойролцоо хэмжээнд байгаа юм.

Уг өвчнөөр өвдсөн хүмүүсийн 19 нь эмэгтэй, 23 нь эрэгтэй бөгөөд өвчтөнүүдийн 10 орчим хувь нь уушгины хатгаагаар хүндэрсэн.

Одоогоор 13 нь эдгэрч эмнэлгээс гарсны дөрөв нь гадаадын иргэн бол хоёр нь маш хүнд гэсэн клиникийн явцтай байсан байна.

Түүнчлэн архаг хууч өвчтэй хүмүүс COVID-19 халдварт өртсөн байна.

Ялангуяа сүүлийн долоо хоногт хорт хавдартай, илүүдэл жинтэй, жирэмсэн хүмүүс энэ өвчнөөр өвчилж, ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-ийн тохиолдлын удирдлагын тогтолцоо идэвхжиж салбар хоорондын 170 гаруй хүн ажиллаж байна. Одоогоор нийт 140 гаруй хүн өвчтөн болон сэжигтэй тохиолдолтойгоо хамт тусгаарлагдаж, багт хуваагдан цаг наргүй ажиллажээ.

Тиймээс иргэд маань эмч, мэргэжилтнүүдийнхээ нөр их хөдөлмөрийг үнэлж, урам өгөөсэй гэж бодож байна.

Бид хамтарч байж энэ өвчинтэй тэмцэх болно” хэмээн хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахимаар авдаг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн Цагдаагийн алба, Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Мэдээлэл, технологийн газар, Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллага хамтран тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системээр дамжуулан Тээврийн хэрэгслийг ачиж журамлах үйл ажиллагааны мэдээллийг цахимаар үзүүлэх үйлчилгээг авах боломжтой болгожээ.

Хэрэв та зөрчил гарган өөрийн тээврийн хэрэгслийг ачиж журамлуулсан тохиолдолд Smartcar системд нэвтрэн орж тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхтэй холбоотой доорхи мэдээллийг харах боломжтой юм.

  • Шийдвэрийн төрөл
  • Ачиж журамлах зөвшөөрөл олгосон цагдаагийн албан хаагчын нэр
  • Зөрчлийн заалт
  • Ачилт хийсэн байршил
  • Ачиж журамлах аж ахуйн нэгжийн мэдээлэл
  • Ачиж журамлах машины мэдээлэл
  • Шилжүүлэх түр саатуулах байрны байршил
  • Шилжсэн огноо
  • Ачилт хийгдэх үед баримт болгон авсан тээврийн хэрэгслийн зураг зэрэг байна.

Цахимаар үзүүлдэг үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлснээр иргэд, тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд ачиж журамлахтай холбоотой мэдээллийг ил тод нээлттэй авах боломж бүрдэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод хуралдана

Өнөөдөр байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 14 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
– хорооны 2020 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг шалгалтын дүнг танилцуулах.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
-Бусад.

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
-Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдлээ

Д.Нямхүү: Транзит нислэгээр ирсэн нэг хүнээс коронавирус илэрч ...

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 57 хүний шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавирус илрээгүй. Мөн Сэлбэд халуурч, тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Хоёр хүн гэдэгт ойрын хавьтлын хүнийг шинжилгээнд хамруулсан.

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 20 сорьцод коронавирус илрээгүй.

Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Шинжилгээний сорьц Улаанбаатар руу авчирч байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Төгсөх ангийн сурагчдад танхимын давтлага өгч болно

Засгийн газрын ээлжит хурал болж байна. Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэх дотор сургалтын төвүүдийг нээх тогтоолыг батлах аж. Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээнэ.

16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна. Мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгав.

Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор болжээ.