Categories
мэдээ цаг-үе

Т.Энэрэл: Сайн жүжигчин болохын тулд хичээгээд, хөдөлмөрлөөд, хүсч мөрөөдөөд л амьдарч байна даа

Жүжигчин Т.Энэрэлтэй ярилцлаа.


-Та Д.Бямбасүрэн найруулагчийн “Алтан судал” уран сайхны кинонд тоглож, уг бүтээлээрээ Берлиний кино наадамд оролцсон. Өөрийнхөө дүрийн талаар тодотгож яриач?

-“Алтан судал” кинонд маш олон уран бүтээлч ажилласан. Түүн дотор миний хүндэлж, хайрлаж явдаг уран бүтээлч ч олон байлаа. Уг киноны гол дүр болох арван настай хүүгийн дүрд Дундговь аймагт сурдаг Б.Бат-Ирээдүй гэх авьяаслаг хүүхэд тоглосон. Би түүний ээжийнх нь дүрд тоглосон юм. Герман, Монголын хамтарсан уран бүтээл, Д.Бямбасүрэн найруулагчийн кино гэх утгаараа энэ дүр дээр ажиллахад маш их хариуцлага оногдсон. Хамтарч ажилласан хүмүүс маань маш сайн уран бүтээлчид байсан учраас тэднээс дутчихгүй юм сан, алдчихгүй байх юм сан гэж бодож, үзэгдэл болгон дээр хичээж ажилласан.

-“Алтан судал” киноны трейлерийг үзэхэд герман хэлтэй байх шиг байсан. Та уг кинонд тоглохдоо германаар ярьсан юм уу?

-Берлиний кино наадамд зориулж зөвхөн трейлерийг нь герман хэлээр хийсэн юм. Харин кино маань энэхүү наадмын үеэр гарахдаа монгол хэлээр үзэгчдэд хүрсэн. Би уг кинонд тоглохдоо эх хэлээрээ л ярьсан.

-Берлиний кино наадам таны уран бүтээлээ сойсон олон улсын хэд дэх кино наадам байсан бэ?

-Би азтай хүн шүү. 2018 онд Азийн хамгийн том кино наадам болох XXI удаагийн Шанхайн олон улсын кино наадамд Монгол, Швейцарийн хамтарсан “Out of paradise” киногоороо оролцож уг наадмын дээд шагнал болох “Best feature film” шагналыг хүртэж байлаа. Энэ жил 70 дахь удаагийн Берлиний кино наадамд Герман, Монголын хамтарсан “Алтан судал” киногоороо амжилттай оролцлоо. Сэтгэл өндөр байна.

-“Алтан судал” кино Монголын кино театруудаар хэзээнээс гарч эхлэх вэ?

-Уг нь ирэх намраас гарна гэсэн төлөвлөгөө байсан. Гэхдээ цаг үеийн байдлаас шалтгаалан хэзээ гарах нь тодорхойгүй байгаа.

-Та дуучин Э.Чинбаярын “Хайр амталсан өдрүүд” болон Болорцом, А.Хишигдалай нарын “Хайрын далавч” дууны клипэнд нөхрийнхөө хамт гэгээлэг дүр бүтээсэн. Та хоёрт хамтдаа кинонд тоглох төлөвлөгөө бий юү?

-Одоохондоо тийм төлөвлөгөө байхгүй л байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд хэрхэхийг мэдэхгүй. Ер нь нөхөртэйгөө хамт тоглосон клипүүддээ дуртай.

-Анхны уран бүтээл болох “Амилсан хайр” кинонд тоглохдоо хэрхэн догдолж байв, таныг алдартай жүжигчний ач охин болохоор найруулагч өндөр шаардлага тавьж байсан байх?

-“Амилсан хайр” киноны зураг авалтыг 2009 оны зун хийсэн санагдаж байна. Миний хамгийн анхны тоглосон кино, хамгийн анх цалин авч үзэж байсан. Ер нь анхны гэсэн олон дурсамж маань “Амилсан хайр” кинотой холбоотой байдаг болохоор тэр кинондоо хайртай. “Амилсан хайр” кинонд тоглох үед найруулагчдаа “Манай өвөө жүжигчин Б.Дашдаваа” гэж хэлээгүй байсан. СУИС-д орохдоо би тэр хүний ач охин гэж хэлэхээсээ ичдэг байлаа. Өөрийн гэсэн амжилтад хүрчихээд, хүмүүс намайг харах тодорхой өнцөгтэй болсны дараа л “Миний өвөө бол жүжигчин Б.Дашдаваа” гэж бахархалтайгаар хэлэхийг хүсдэг байсан.

-“Амилсан хайр” кинонд тоглосноос тань хойш арваннэгэн жил өнгөрчээ. Энэ хугацаанд жүжигчний ур чадварын хувьд хэр өсөж дэвжсэн бэ?

-Ур чадварын хувьд хэр өсөж дэвжсэнээ хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ хааяа тоглосон киногоо найман жилийн өмнөх кинотойгоо харьцуулахад арай дээр байсан ч юм шиг сэтгэгдэл төрөх тохиолдол байдаг л юм. Ер нь ур чадвар өссөн гэхээсээ илүү туршлага нэмэгдсэн гэх нь зөв байх.

-Хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөнөөс хойших хугацаанд уран бүтээлд тоглохдоо алдаа гаргах эрхгүй байдаг байх. Одоо уран бүтээлд тоглохдоо би алдаа гаргачих болов уу гэх айдастай байдаг уу?

-Би өөрийгөө хүмүүст яг хүлээн зөвшөөрөгдчихсөн жүжигчин гэж хэлж чадахгүй байх аа. Ямарваа нэгэн уран бүтээлд тоглохдоо би алдах эрхгүй шүү гэж айхаасаа илүүтэй тухайн дүрээ чин сэтгэлээсээ гаргахыг л хүсдэг. Хүн ямар ч ажлыг сэтгэл зүрхнээсээ хийж чадах юм бол хүний сэтгэл зүрхэнд хүрнэ гэсэн зарчмыг л баримталж ажилладаг даа.

-Та олны танил байхын дарамтыг хэр мэдэрдэг вэ?

-Би нэг их мэдрээгүй ээ. Ер нь хүмүүс намайг гадуур явж байхад “жүжигчин Энэрэл байна” гэж танихаасаа илүү би энэ хүнийг хаана харлаа, хүүе ээ чи чинь тэрний охин бил үү, эсвэл энэ хүнтэй өмнө нь хаана таарч байлаа гэж бодлогошроод, гайхаад л өнгөрөх нь элбэг байдаг. Будчихсан, гангалчихсан явж байвал “Өө энэ жүжигчин Энэрэл байна” гэж таньдаг л юм шиг байгаа юм. Хүмүүс хаа нэгтээ явж байхад маань таних юм бол эерэгээр л ханддаг даа.

-Анх жүжигчнээр сурч байхдаа “сайн жүжигчин” болно гэж боддог байсан уу?

-Би СУИС-д суралцаж, төгссөн.“Хүүхдүүд жүжигчний мэргэжлээр суралцахаар нэгдүгээр курст орж ирэхдээ Ардын жүжигчин байдаг, хоёрдугаар курстээ гавьяат жүжигчин, гуравдугаар курстээ Соёлын тэргүүний ажилтан болж, дөрөвдүгээр курстээ энгийн жүжигчин, төгсөхдөө чөлөөт уран бүтээлч болоод төгсдөг” гэж манай сургуулийнхан ярьдаг юм. Жүжигчний мэргэжил хөндлөнгөөс харахад амархан мэт санагдаж магадгүй. Гэхдээ энэ мэргэжлийг ойлгоод, мэдрээд, энэ мэргэжлээр ажиллахад маш хэцүү санагддаг. Би одоо ч сайн жүжигчин болохын тулд хичээгээд, хөдөлмөрлөөд, хүсч мөрөөдөөд л амьдарч байна даа.

-Та “Монгол туургатан” театрт ажиллаж байхдаа “Гэгээн Муза” шагналыг гардаж байсан?

-СУИС-ийг хамт төгссөн найзуудтайгаа 2010 оны зургадугаар сарын 15-нд “Монгол туургатан” театрт жүжигчнээр ажилд орж байлаа. “Гэгээн Муза” шагналыг авах үедээ сургуулиа төгсөөд удаагүй байсан болохоор маш их баяртай байсан.

-Танд тоглохыг мөрөөддөг драмын жүжгийн дүр байдаг уу?

-Төв аймгийн “Монгол туургатан” театрт ажиллаж байхдаа хэд хэдэн драмын жүжигт тоглосон. Би өөрт оногдсон дүрдээ маш сайн ажиллахыг л хичээдэг. Мөрөөдөж явдаг драмын жүжгийн дүр байхгүй ээ. Ихэнх жүжигчид “Ромео, Жульетта” жүжигт тоглохыг мөрөөддөг гэж ярьдаг. Би 2012 онд УГЗ Ч.Ганхуягийн найруулгаар тавьсан “Ромео, Жульетта” жүжигт Жульеттагийн дүрд тоглож байсан.

-Та ихэвчлэн гэгээн цайлган, эгэл даруухан, хайр татам дүрүүдэд тоглодог. Танд ассан, дүрэлзсэн, хэт задгай, эротик, муу охины дүрд тоглох санал ирдэг үү?

-Царай төрх, биеийн байдлаас болоод ч тэр үү надад дандаа эерэг дүр оногддог. Драмын жүжигт хэд хэдэн удаа эсрэг дүрд тоглож байсан. Харин дэлгэцийн уран бүтээлд эсрэг дүрийн ганц л санал ирж байсан. Тэр бол “Admin Z” кино юм. Тухайн үед эсрэг дүрд тоглохыг маш их хүсч байсан болохоор уг киноны саналыг дуртай хүлээж авсан. Энэ жил “Admin Z” киноны маань хоёрдугаар анги хийгдсэн. Удахгүй цаг сайхан болохоор кино театруудаар гарах байх аа.

-Танд хэр олон хөвгүүнээс хайрын захиа ирдэг байв?

-Хөвгүүдээс хайрын захиа авч байгаагүй ээ. Би арван жилдээ ч, их сургуульдаа ч даруухан хүүхдүүдийн тоонд ордог байсан.

-Хүүхдүүд тань хэр том болж байна даа, хүүхдүүдийнхээ өсөж, том болж буйг харахаар ямар мэдрэмж төрдөг вэ?

-Би хоёр хүүтэй. Том хүү маань дөрвөн настай. Харин бага хүү маань арван сартай. Ер нь ээж байна гэдэг хамгийн хариуцлагатай, хамгийн ачаалалтай, хамгийн жаргалтай, хамгийн хүнд хэцүү. Ер нь хамгийн хамгийн л ажил байх. Би сайн ээж байхыг л хичээдэг. Аль болох хүүхдүүддээ цаг гаргахыг илүүд үздэг. Хүүхдүүд маань нүдэн дээр хурдан том болж байгааг харахаар “хөгширч байна даа” гэсэн мэдрэмж төрдөг шүү (инээв).

-Та уран бүтээлд тоглохынхоо өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Уран бүтээлд сонгогдсоныхоо дараа хамгийн түрүүнд ар гэрийнхээ асуудлыг зохицуулдаг. Тэгээд ар гэр, үр хүүхдүүддээ санаа зовохооргүй болсныхоо дараа дүр дээрээ ажиллаж, сэтгэл зүйгээ бэлтгэн, тайван ажиллахыг илүүд үздэг.

-Өөрийнхөө зан чанарыг тодорхойлж хэлээч?

-Шартай. Хүний аманд багтах дургүй учраас оногдсон ажлыг төгс төгөлдөр хийхийг хүсдэг. Сул тал маань өвчин даах чадваргүй. Бас их салан. Нэрээ их хичээдэг. Энэрэл гэх нэртэй болохоор ч тэр юм уу, бусдад сайхан сэтгэлээр хандах юмсан, тус хүргэчих юмсан гэх эрмэлзлээр дүүрэн амьдардаг даа.

-Та айлын дундах хүүхэд бил үү, бага нас тань хэрхэн өнгөрсөн бэ?

-Тийм ээ, айлын дундах хүүхэд. Нэг эгчтэй, нэг эрэгтэй дүүтэй. Миний бага нас аав ээжийнхээ хайранд өлгийдүүлж, зун нь лагерь гарч, өвөл нь хотдоо амьдарч гачигдсан дутагдсан зүйлгүй, энгийн, аз жаргалтайгаар өнгөрсөн.

-Ингэхэд та ер нь хэр эрх хүүхэд байсан бэ?

-Би өөрийгөө эрх гэж боддоггүй. Гэхдээ есөн жил айлын бага байхдаа эрхэлсэн л байх. Олон хүн надаас “чи эрх үү” гэж асуудаг. Би хэлгий юм шиг байгаа юм. Тийм болохоор л хүмүүс тэгж асуугаад байдаг байх гэж боддог.

-Дараагийн уран бүтээлийн тань төлөвлөгөө юу байгаа вэ?

-Одоогоор төлөвлөсөн уран бүтээл байхгүй. Яг одоо хамгийн том ажил маань бага хүүгээ хоёр нас хүртэл нь өөрийн гараар эрүүл саруул өсгөх л байна даа.

-Жүжигчин хүний үнэ цэнэ яг юу вэ?

-Би ур чадвар, царай зүс, стиль имиж гэж хэлэхгүй. Миний бодлоор жүжигчний хамгийн том үнэ цэнэ нь энэ мэргэжилдээ үнэнч, тууштай байх сэтгэл, урлагийн төлөө зүтгэх чин эрмэлзэл л юм болов уу гэж боддог. Хэчнээн авьяастай, ур чадвартай, хөөрхөн, стиль имижтэй байсан ч хэсэгхэн хугацаанд л энэ мэргэжлээр ажиллаж байгаад хаях юм бол дараа нь хэн ч биш болно.

-Таны бага насны мөрөөдөл юу байсан бэ. Тэрхүү мөрөөдлөө биелүүлж амжсан уу?

-Багаасаа л мөрөөдсөөр ирсэн. 17 настай байхдаа мөрөөдлөө бичдэг дэвтэртэй байлаа. Зарим нэгийг нь биелүүлсэн, зарим нь угаас хүүхдийн мөрөөдөл байсан учраас хэзээ ч биелэхгүй. Одоо ч би мөрөөдөхөө болиогүй л байгаа. Хэт дэврүүн зүйлсийг мөрөөддөг болохоор хүмүүст хэлэхээс ч ичдэг. Гэхдээ байнга мөрөөдлөө дотроо санаж, бодож тэндээ хүрэхийн тулд тэмүүлсээр л яваа.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 11-13 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 1-3 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө Монгол-Алтайн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.06) хуралдаан 15 цаг 08 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Н.Учрал гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураалт явууллаа. Тогтоолын төсөлд “2.4.21 Оюуны өмчийн хараат бус кодлогдсон технологийн дагуу бүртгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлж, оюуны өмчийн зуучлан зөвлөх үйлчилгээ, арилжааг хөгжүүлнэ” гэж нэмэх, “2.4.9 Үндэсний иновацийн тогтолцоог хөгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны парк, иновацийн татваргүй бүсийг хамтын оффист түшиглэн байгуулна”, “5.2.14 гэрээгээр гүйцэтгүүлж болох бүх төрлийн чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх тогтолцоог нэвтрүүлнэ” хэмээн тус тус өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжсэн юм. Харин төслийн “3.1.4 хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын нэвтрүүлж, төрийн болон хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийг дэмжинэ” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй. Ингээд Улсын Их Хурлыг тогтоолын дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Дараа нь Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулсан юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсийг тус тус үндэслэн ажлын хэсгийг дараах есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар төсөлд тусгажээ. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллахаар төсөлд тусгасан байна. Тус ажлын хэсэгт сонгон шалгаруулалтын ажлыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулахыг даалгажээ.

Байнгын хорооны дарга хуульд заасан есөн байгууллагаас ирүүлсэн нэрсээр ажлын хэсгийг байгуулж буйгаа танилцуулсан. Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хүлээн авах сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулж, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн томилуулахаар төлөвлөн ажиллаж байгааг дурдсан.

Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжснээр Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоол батлагдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

ЦАХИМ ОРЧНЫ “ЦАР ТАХАЛ”

Дэлхий олон улс оронд тархсан “Covid-19” цар тахлын тархалттай мөр зэрэгцэн цахим орчинд цахим халдлага, залилан, хортой кодын тархалт нэмэгдэж байгаа бөгөөд мэргэжилтнүүд үүнийг хөл хорионы дэглэмийн үед мэдээллийн технологийн хэрэглээ огцом өссөнтэй холбон тайлбарлаж байна.

Манай орны хувьд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хэрэглэгч рүү чиглэсэн “Ransomware” төрлийн хортой кодын тархалт “Соvid-19” цар тахлын тархалт дэгдсэнээс хойш эрс нэмэгдсэн.

“Ransomware” төрлийн хортой код нь хэрэглэгчийн мэдээлэл боловсруулах төхөөрөмжийн үйлдлийн систем, түүн дээр хадгалагдаж буй мэдээллийг “АЕ8” шифрлэлтийн технологи ашиглан түгжих замаар хэрэглэгчийг чухал ач холбогдолтой мэдээллийн систем, мэдээлэлдээ хандах боломжгүй болгож, улмаар барьцаа нэхэх замаар хууль бус ашиг хонжоо олох зорилготой.

Сүүлийн үед дэлхий дахинд “DoppelPaymer”, “Coronavirus дэлгэц түгжигч”, “МеdusaLоскег”, “New ISO Phobos”, Sodinokibi”, “LockBit”, “SТОР Djvu” зэрэг “Ransomware” төрлийн хортой код хүчтэй тархаж буй бөгөөд манай орны хувьд “SТОР Djvu” хортой код ашигласан халдлагад өртөх явдал гарч байна.

Уг хорт код нь чухал шаардлагатай бүх файлуудыг түгжиж, файлын хавтас бүрт барьцааг хэрхэн төлөх зааврыг үлдээдэг. Барьцааны мөнгийг цахим мөнгөн хэлбэрээр хүлээн авдаг тул хортой код эзэмшигчийг олж тогтоох боломж хязгаарлагдмал, түгжигдсэн файл код эзэмшигчээс өгөх түлхүүргүйгээр тайлагдах боломжгүй байдаг.

Гэсэн хэдий ч цахим халдагчид мөнгө төлөх нь цахим халдлагыг өөгшүүлэх, нэмэгдүүлэх шалтгаан болохоос гадна цахим халдлагыг санхүүжүүлж байгаа нэг хэлбэр тул халдлагад нэгэнт өртсөн тохиолдолд гэмт этгээдэд мөнгө төлөхгүй байхыг салбарын мэргэжилтнүүд болон Европын холбооны цагдаагийн “Европол” байгууллагаас уриалж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна:

Урьдчилан сэргийлэхийн тулд:

  • чухал шаардлагатай файлуудаа тусдаа төхөөрөмжид хадгалах,
  • сэжигтэй цахим шуудан, холбоосыг нээж үзэхгүй байх,
  • программ хангамжийн бүтээгдэхүүнийг зөвхөн баталгаатай эх сурвалжаас татан авах,
  • албан ёсны программ хангамж, бүтээгдэхүүн ашиглах,
  • ашиглаж буй программ хангамжийн шинэчлэлийг тогтмол хийх,
  • интернэт орчинд ажиллахдаа сонор сэрэмжтэй байх,
  • чухал ач холбогдолтой, өндөр эрхтэй хэрэглэгчийн нэвтрэх эрхийг тогтмол ашиглахаас аль болох зайлсхийх.

“Ransomware” төрлийн халдлагад өртсөн тохиолдолд:

  • түгжигдсэн мэдээллийг сэргээх зорилгоор барьцаа төлөхөөс зайлсхийх;
  • түгжигдсэн мэдээллээ устгалгүйгээр хадгалж авч үлдэх;
  • www.nomoreransom.org цахим хуудсанд хандаж, таны файлын түгжээг тайлах түлхүүр санд нэмэгдсэн эсэхийг шалгах;

ТЕГ

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурлаа

“Эрдэнэс Монгол”-ын охин компани болох “Эрдэнэс Метан” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсвэр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой төслийг Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна. 2019 оны тавдугаар сард талууд төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд нэг жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордод нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэжээ.Нийт 5,205 тууш метр буюу 500-900 метр гүн бүхий найман цооног өрөмдөж, хийн илэрцийг баталгаажуулан холбогдох судалгааг хийн хүлээлгэж өгсөн байна. Харин Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр “Эрдэнэс Метан” компанид Тавантолгойн бүлэг ордод Нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг олгосон. Ингэснээр цаашид метан хийн хайгуулын ажлыг эхлүүлж, нөөцийг тогтоон, ТЭЗҮ боловсруулах ажлыг гүйцэтгэх эхлэл тавигдаж байна.

нөөдөр (2020.05.06) Тавантолгойн XXXIII хайгуулын талбайд метан хийн хайгуул ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх Бүтээгдэхүүн худалдан авах гэрээг байгуулж, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, “Эрдэнэс метан” ХХК-ийн захирал Д.Амар нар гарын үсэг зурав.

Тавантолгойн XXXIII хайгуулын талбай нь урьдчилсан тооцооллоор нийт 100 гаруй тэрбум тоннын нүүрсний нөөцтэй бөгөөд тухайн ордоос метан хийн илэрц гарсан. Тиймээс бодит хүлээлт үүсч, эдийн засагт хувь нэмэр оруулж, агаарын бохирдлыг бууруулахад чухал шийдэл бий болно гэдэгт итгэж буйгаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү тодотгосон. Өмнө нь “Коргаз” болон “Голден Хорд” компанитай хамтарч метан хийн нөөц тогтоох судалгааны ажлууд хийж байсан ч, тодорхой үр дүнд хүрээгүй.

Харин 2019 онд хөрөнгө оруулагч “Жейд метан” компани төслийн эхэн үед гарч болзошгүй эрсдэлийг дангаараа үүрч, Монгол Улсын төсвөөс нэг ч төгрөгийн зардал гаргалгүйгээр Тавантолгойн нүүрсний бүлэг ордын гүн дэх метан хийн эрлийн ажлыг гүйцэтгэсэн гэдгийг дурдав. Метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг анх удаа төрийн өмчит компанид олгосон нь “Эрдэнэс Метан” ХХК аж. Мөн шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын дэгдэлттэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч компанийн инженер техникийн ажилтнуудыг хил, гаалиар нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт үүсч буй ч, төсөл хэвийн үргэлжилнэ гэдгийг талууд онцолсон.

Дашрамд дурдахад, метан хийн нөөцийг судалж тогтоосноор өндөр хөгжсөн орнуудын метан хий ашиглах технологийг Монголд нутагшуулж, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх томоохон алхмууд тавигдана гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2019 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, мөн 2020 оны төлөвлөгөөг батлах асуудлаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж байгаагийн үр дүнд дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварыг одоогийн түвшинд барьж байгааг онцолж, цаашдаа цар тахлаас үүдсэн хямралын сөрөг үр нөлөөг бууруулах, тухайлбал, хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов.

Categories
мэдээ нийгэм

Шангри-Лагийн уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хориглолоо

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Олимпын гүүр шинээр ашиглалтад орсноор Олимпын гудамж хойноос урагш чиглэсэн хөдөлгөөний эрчим нэмэгдсэн. Үүнээс үүдэн Энхтайваны өргөн чөлөөнд хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан Шангри-Ла буюу Япон ЭСЯ-ны уулзварт хойноос зүүн гар тийш Элчингийн гудамж руу эргэхийг хориглож, чиглэлийг өөрчиллөө. Иймд иргэд та бүхэн Элчингийн гудамж руу нэвтрэхийн тулд Буянгийн зам, Зоригийн зам зэргийг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ДАДЛАГА СУРГУУЛИЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалын дагуу COVID-19-ийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилалт өнөөдрөөс эхэлж байна. Тус сургуулилт нь 2020 оны 05-рсарын 06-08-ны хооронд 3 хоног үргэлжилнэ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны бие бүрэлдэхүүн, шуурхай хариу арга хэмжээний баг зарлан мэдээлэх дохиогоор 20 минутын дотор цугларч COVID-19 халдварт цар тахлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Дадлага сургуулилалттай холбоотой асууж тодруулах зүйл байвал 70007105 утсанд холбогдоорой

Дадлага сургуулилалттай холбоотой асууж тодруулах зүйл байвал 70007105 утсанд холбогдоорой

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт тус дүүргийн Шуурхай штабт болж байна.

Улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт Захиргаа санхүүгийн баг, Мэдээллийн аюулгүй байдлын баг, Төлөвлөлтийн баг, Хангалтын баг, Үйл ажиллагааны багууд цагийн байдал дээр ажиллаж байна. Энэ үеэр тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал хүсэлт болон асууж тодруулах зүйлийг 7000-7105 шууд утсаар хүлээж авч хариулт өгч байна. Уг шууд утас нь тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд 08:00-21:00 цагийн хооронд иргэдэд мэдээ, мэдээллийг хүргэнэ. Өнөөдрийн байдлаар өдрийн 11:00 цаг хүртэл 30 иргэн шууд утсанд хандаж мэдээлэл авчээ. Иргэдээс иргэн мэдээллийг 12:00, 14:00, 17:00, 21:00 цагуудад төв штаб руу мэдээлж байгаа бол утсаар 1 цаг тутамд мэдээлэл өгч байгаа аж. нэ талаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан М.Бямбазаяа “Тавдугаар сарын 6-8-ны хооронд өглөөний 8 цагаас оройн 21 цаг хүртэл шуурхай мэдээллийг хүргэж ажиллана. Өнөөдөр өглөөнөөс хойш бидэнтэй 30 иргэн холбогдож мэдээ, мэдээлэл авлаа. Үүний дийлэнх нь маргааш Чингэлтэй дүүрэгт зам хаахтай холбоотой асуудлаар хандаж, мэдээлэл авч байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“ШУУРХАЙ 119” МОБАЙЛ АППЛИКЭЙШНИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ

Image may contain: phone and text

“COVID-19” халдварын зөвлөгөө, мэдээлэл өгөх #119 лавлах утас 24 цагийн турш ажиллаж байна. Тэгвэл өнөөдрөөс гадаадад байгаа иргэдэд зориулсан “Shuurkhai 119” мобайл аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлж байна. Та дэлхийн хаанаас ч 24 цагийн турш #119 утсанд үнэ төлбөргүй холбогдож мэдээлэл аваарай. Гар утсандаа татаж авах холбоос: http://onelink.to/49gcuj