Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Коронавирусийн халдварын сэжигтэй ...

ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ. Мэдээлийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Өчигдөр гурван лабораторид нийт 44 хүнд шинжилгээ хийгдсэн. Үүнээс хоёр нь сэжигтэй тохиолдол байсан. Өмнөговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй. Харин V сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол манай улсын хэмжээнд 42 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 13, эмчлэгдэж байгаа 29 тохиолдол байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвэндээ, тогтвортой байгаа. Тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй” гэв.

Categories
мэдээ спорт

Бундеслиг тавдугаар сарын 16-наас тоглолтоо хийнэ

Германы хөлбөмбөгийн Бундеслигийн 2019-2020 оны улирлын тоглолт ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 16-нд үзэгчгүйгээр үргэлжлэх боллоо. Германы хөлбөмбөгийн дээд лиг цар тахлын улмаас гуравдугаар сарын 13-нээс тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм.

Харин багууд дөрөвдүгээр сарын дундаас бэлтгэлдээ эргэн ирж, цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ хангаж эхэлсэн билээ. Лиг өндөрлөхөд 9 тойрог үлдсэн бөгөөд 25 тойргийн дараах байдлаар хүснэгтийг “Бавари Мюнхен” 55 оноогоор тэргүүлж яваа бол “Боруссиа Дортмунд” 51, “Лайпциг” 50 оноогоор удаалж явна. Германы хөлбөмбөгийн холбоо (DFB) улирлын тоглолтыг эрүүл ахуйн маш чанга хяналтын дор, үзэгчгүйгээр, тоглогчдыг сovid-19-ийн шинжилгээнд бүрэн хамруулсны дараа явуулахаа мэдэгдээд байна. Лигийн нэг тоглолтод хөлбөмбөгчид, багийн дасгалжуулагчид, ажилтнууд, шүүгч, туслах ажилтнууд зэрэг ердөө 300 орчим хүнийг оруулахаар төлөвлөжээ. Германы хөлбөмбөгийн лигийн гүйцэтгэх захирал Кристиан Зайферт энэ тухайд “Хоосон цэнгэлдэх, хатуу шаардлагатай ч тоглолтыг сэргээх нь маш чухал” хэмээн хэлэв.

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар 5 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 5 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. Чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.

1.Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

2.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

3.“Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

4.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

5.“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тогтохсүрэн: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцлагажуулах үүднээс тараадаг болгоно

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-Орон нутгийн тулгамдаж буй асуудал, холбогдох хууль тогтоомжинд хамгийн тулгатай хариултыг өгөх хүн нь та. Учир нь ИТХ-ын төлөөлөгчөөс эхлээд аймгийн дарга хүртлээ орон нутагт хангалттай ажилласан улстөрч шүү дээ. Тэр ч утгаараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг та санаачилсан. Их хуралд орж ирж буй энэ хууль орон нутагт ямар реформ, шинэчлэлийг авч ирэх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд батлагдсан. Үүнийг дагаж нийт 40 гаруй хуулинд өөрчлөлт орох ёстой юм. Энэ хуулийн нэг суурь органик хууль нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль юм. Үндсэн хуулиа дагаж гарсан журмын тухай хууль дээр Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хууль, хот тосгоны хууль хоёрыг боловсруулсны үндсэн дээр хот тосгодын асуудлыг яаралтай шийдвэрлэх тогтоолтой. Үүний дагуу би энэ хавар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хууль, хот тосгоны хууль хоёр дээр дөрвөн сарын хугацаанд суулаа. Засаг захиргааны хуулийг бэлэн болгоод өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Хот тосгоны тухай хуульд Засгийн газраас санал авахаар өгчихөөд хүлээгээд байж байна.

-Энэ хуульд олон онцлог зохицуулалтууд байгаа байх. Сүүлийн 30 жил орон нутгийнхны ярьж байгаа асуудал бол орон нутгийн эрх мэдлийг нэмэх шүү дээ. Энд хэр анхаарал тавьсан бэ?

-Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарал тавьсан. Орон нутгийнхны зүгээс эрх мэдлийг нэмж өгөөч ээ гэж нэлээд ярьдаг. Энэ хүрээнд орон нутгийн төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, боловсон хүчний эрх мэдлийг нэмэгдүүлэх, тодорхой чиг үүргийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал тавьсан. Өмнөх хуулиасаа арай өөр болсон гэж бодож байна.

Нэлээд том шинэчлэлийн асуудал тусгагдсан. Түүнчлэн нэгжүүдийн чиг үүргийг тодорхой болгосон. Нэгжийн удирдлагуудын чиг үүргийн давхацлыг арилгаж тодорхой болгосон. Тухайлбал, өмнө нь аймаг сумын даргын үүрэг ижил, нийслэл дүүргийн Засаг даргын үүрэг ижил байсан. Одоо орж ирж байгаа хуулиар Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны дарга бүгд өөр чиг үүрэгтэй болсон. Чиг үүрэг нь хамгийн ойр байгаа нэгждээ өгөхөөр тусгасан байгаа. Чиг үүргийг дагаад эрх мэдэл, хөрөнгө мөнгө явж байдаг.

-Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Засаг даргаа сонгож чадалгүй дөрвөн жилийн нүүр үзсэн. Тиймээс Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцлагажуулах асуудал бий?

-Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцлагажуулах чиглэлд анхаарсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг тараадаг болгосон. Баянзүрх дүүргийн иргэдийн хурал гээд бараг Засаг даргаа сонгож чадахгүй дөрвөн жил болсон. Тиймээс 50 хоногийн дотор Засаг даргаа нэр дэвшүүлж чадахгүй, анхдугаар хурлаа хийж чадахгүй бол шууд тараах зохицуулалтыг оруулсан. Иргэдийн хурлын тэргүүлэгчид гээд шийдвэр гаргадаг байгууллага байсныг байхгүй болгосон. Мөн иргэдийн хурлын төлөөлөгчдийн эргүүлэн татдаг болгож байгаа. Дүүргийн хурлаас нийслэлийн хурлыг сонгодог болгож байгаа. Иргэдийнхээ хурлыг хариуцлагажуулах, санаачилгатай ажиллах чиглэлд шинэчлэл хийгдэж чадсан гэж бодож байна.

-Орон нутагт улстөржилт газар аваад байна. Үүнд чиглэсэн ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Улстөржилтийг орон нутагт байхгүй болгох үүднээс сумын иргэдийн төлөөлөгчид нэр дэвшиж байгаа хүн улс төрийн намаас нэр дэвшихгүй болгосон. Аймаг нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дотор намын бүлэгтэй байхыг хориглосон. Бүлгээр дамжиж үйл ажиллагаа явуулахгүй гэсэн үг. Мөн бүх шатны Засаг даргыг томилох томилгоо дээр өөрчлөлт гаргахыг хичээсэн. Монгол Улс нэгдмэл улс. Засаг дарга гэдэг хүн төрийн төлөөлөгч. Иргэдийн хурал гэдэг нутгийн төлөөлөл. Энэ хоёр тухайн нэгж би биенээ нөхөж, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна гэдэг асуудал нь хэрэгждэг. Энэ агуулгаар нь төрийн төлөөлөгчийн хувьд Засаг даргын томилгоонд дээд шатны засаг дарга буюу Ерөнхий сайдын оролцдог оролцоог нэмэгдүүлж өгсөн. Ингэхгүй бол хариуцлагагүй байдал их гараад байгаа учраас энэ чиглэл рүү өөрчлөлт хийгдсэн.

-Таны хувьд орон нутагт хангалттай олон жил ажиллачихсан хүн. Орон нутагт тулгамдсан асуудлыг энэ хууль шийдвэрлэж чадах уу. Зөрчилдөж байгаа асуудал байна уу?

-Одоо байгаа манай орон нутагт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн хууль болж чадсан. Бүгдийг шийднэ гэж байхгүй. Зөрчилдөж байгаа хоёр асуудал бий. Орон нутаг аль болох эрх мэдэлтэй байхыг хичээдэг. Гэтэл Монгол Улс нэгдмэл улс. Тиймээс төрийн бодлого бүх түвшинд хэрэгжих ёстой. Энэ агуулгаар нь төрийн удирдлага, орон нутгийн удирдлага хоёр байнга хоорондоо хосолж байх зарчимтай. Энэ зарчмынхаа дагуу явж байгаа юм. Энэ хууль батлагдаад гарсны дараа дагаж гарах нэлээн олон хуулиуд байгаа. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гарна. Энэ хууль бол орон нутагт санаачилгатай ажиллах, идэвхтэй байх, улстөрчид байхгүй байх, бизнес хөгжих нөхцөлийн бүрдүүлэх чиглэлд анхаарсан хууль юм. Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар энэ хуулийнхаа хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Дараа дараагийн долоо хоногуудаас энэ асуудал үргэлжлээд хэлэлцээд явах байх.

-Энэ оны орон нутгийн сонгууль хэрхэн явагдахаар байна?

-УИХ Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль гэж хоёрдугаар сарын 1-нээс өмнө батлагдсан өөрийнхөө хуулиар явагдана. Энэ хууль хэрэгжиж эхлээд явж байна. Тойрог, мандатаа байгуулахаас эхлээд ажлууд хийгдээд явж байгаа. Иргэдийн хурлын сонгууль мажоритар буюу томсгосон тойрогтой системээр явна. Аймгийн иргэдийн хурлын сонгуульд гэхэд том нэг тойрог, аймгийн төвийн баг нэг тойрог байна. Сумандаа бол сумын баг нь сонгуулийн нэг тойрог болж, томсгосон тойрогтой, олон мандаттай системээр явна. Аравдугаар сарын 15-нд сонгууль явагдахаар Их хурал товлон зарласан. Нийт зарцуулах хөрөнгө, ашиглагдах техник хэрэгслийн асуудлуудыг хуулиар шийдвэрлэчихсэн байгаа.

-МАН-ын бүлгийн хувьд УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдалд УИХ-ын сонгуулийг хойшлуулах шаардлага байна уу, үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Өнөөдөр Монгол Улс “COVID-19” цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газар үнэхээр сайн ажиллаж байгаа. Дотооддоо алдчихаагүй байна. Гадаадаас ирж байгаа иргэд дунд өвчлөлтэй иргэд бий. Тэдгээр иргэдээ эмчилээд явж байна. Өнөөдрийн дэлхийн нөхцөл байдлыг харахаар Монголд сонгуулийг хойшлуулах нөхцөл одоогоор бүрдээгүй байгаа. Ер нь бид боломж, бололцоо нь байгаа бол сонгуулийг аль болох хойшлуулж хэрэггүй. Монгол Улсын Үндсэн хуулинд иргэдийн улс төрийн хамгийн том эрх бол сонгууль гэж заасан. Тиймээс Монгол Улс сонгуулийг хойшлуулж, урагшлуулахгүйгээр хугацаанд нь явуулж чадаг орон болох хэрэгтэй. Тэрнээс дуртай цагтаа урагшлуулж, хойшлуулдаг болчихвол сонгуулийг тодорхой хүчинд юм уу, нөхцөл байдалд тохируулж, сонгуулиа явуулдаг улс болчихож магадгүй байгаа. Сая БНСУ парламентын сонгуулиа ирц сайтай явууллаа. Өнөөдрийн хязгаарлалтын нөхцөлд сонгууль явуулахад хүндрэлтэй зүйл бий. Энэ хүндрэлүүдийг бид нар аль болох арилгаад, зохицуулаад сонгуулиа явуулчих боломжтой гэж харж байна. Гэхдээ сонгууль болтол хугацаа байна. Нөхцөл байдлыг хэлэх арга байхгүй.

-Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ. Малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох заалт орлоо?

-Ноолуур бол монголчуудын хувьд стратегийн ач холбогдолтой чухал бүтээгдэхүүний нэг мөн. Ялангуяа манай малчдын хувьд хавар цагийн санхүүгийн эх үүсвэрээ ноолуураас олдог. Малчид жилийн хоёр орлоготой хүмүүс. Хавар ноолуураасаа, намар махнаасаа орлого олдог ийм л ард түмэн. Гэтэл ноолуур нь үнэд хүрэхгүй учраас хүндрэл учирч байгаа. 250 мянган малчин өрхөөс гадна ноолуураар амьдардаг их олон хүн бий. Аймаг сумын нийтийн тээвэр, дэлгүүр хоршоо, ресторанаас эхлээд ноолуур үнэд орохоор худалдаа наймаа нь эргэлтэд ордог. Ингэхээр 400-500 мянган хүний амьдралтай холбоотой асуудал.

-Ч.Улаан сайд ноолуурыг 100 мянган төгрөг болгоно гэж мэдэгдэсэн нь нэлээд маргаан дагууллаа?

-Ч.Улаан сайд эхлээд ноолуурыг 100 мянган төгрөгөөс буулгахгүй гэдэг шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргаж байх үед нөхцөл байдал арай өөр байсан. Өмнөх жилийн ноолуур үнэтэй байсан. “COVID-19” цар тахал ингэж хүчтэй тархаагүй байсан. Манай үндэсний үйлдвэрүүд ноолуурыг 100 мянган төгрөгөөс буулгахгүй авах боломж байна гэж ярьж байсан. Энэ мэдэгдлдийг хийсэн гуравдугаар сарын 10-дийн үеийн нөхцөл байдал одоо үеийн нөхцөл байдлаас өөр байсан. Өнөөдөр бол өөр. Англи, Франц, Итали, АНУ гэх ноолуурын зах зээлийн гол зах зээл болох улсууд ноолуурын түүхий эдийг авах аа больчихсон. Амь наана, там цаана байна шүү дээ. Тиймээс ноолуур өөрөө дэлхийн зах зээлд эрс буучихаж байгаа юм. Тэгэхээр 100 мянга гэдэг боломжгүй болчихож байна. Тиймээс УИХ, Засгийн газар дөрвөн шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, үндэсний үйлдвэрлэгчиддээ зориулж гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг хөгжлийн банкнаас дамжуулж шийдэж байгаа. Хоёрдугаарт, гадагшаа хилийн боомтуудаар түүхий ноолуур гаргахыг зөвшөөрч байгаа. Үнээ тогтвортой барих гээд байна шүү дээ. Гуравдугаарт, гаднаас худалдан авагч орж ирэх юм бол оруулах чиглэлд анхаарах боллоо. Дөрөвдүгээрт, ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн дэмжлэг өгье гэсэн ийм дөрвөн шийдвэрийг гаргасан. Ирэх долоо хоногоос Засгийн газраас 20 мянган төгрөгтэй холбоотой асуудлаар тусгайлсан журам гаргана. Энэ хэрэгжээд явна. Ноолуурын дундаж үнэ зах зээл дээр 50-60 мянган төгрөг байна. Энэ үнээрээ худалдаад дээрээс нь 20 мянган төгрөгийн дэмжлэгээ авчих юм бол 70-80 мянган төгрөгт ноолуураа өгчих бололцоо бүрдэж байгаа. Энэ бол бололцооны дэмжлэг. Үүнээс илүүгээр төр засаг дэмжиж чадахгүй болчихоод байгаа юм.

-Үндсэн хуульд нийцүүлж гаргах ямар ямар хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх вэ?

-Үндсэн хуульд нийцүүлж гаргах олон хууль бий. Нийтдээ 42 хууль. Энэ парламентаар таван хуулийн асуудлыг шийдвэрлэнэ. Нэгдүгээрт, Их хурлын тухай хууль. Шинэ Их хурал бүрдэхэд хууль нь бэлэн байх ёстой. Хоёрдугаарт, Их хурлын чуулганы тухай хууль. Шинэ Их хурал бүрдээд анхны хуралдаанаасаа эхлээд шинэ дэгээр явна. Тэр дэгийн хууль нь бэлэн болох ёстой. Гуравдугаарт, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл байгаа. Үүнийг хэлэлцэж батлах ёстой. Шинэ Засгийн газар бүрдэхэд Үндсэн хуулийн дагуу шинэ хуулиараа бүрдэх ёстой. Сайд нарыг УИХ биш Ерөнхий сайд томилно гээд л эхэлнэ шүү дээ. Дөрөвдүгээрт, Аудитын тухай хууль, тавдугаарт хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль орж ирнэ. Энэ таван хуулийг л энэ хаврын чуулганаар хэлэлцэж, батлаад дуусах бодолтой байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг амжвал хэлэлцэж дуусгана. Ийм л төлөвлөгөөтэй байна.

-Тавдугаар сарын 25-нд Үндсэн хууль хэрэгжээд эхлэхээр Засгийн газар тарна, тарахгүй гээд л олон янзын тайлбарыг хүмүүс хэлж байна. Үүнд тодорхой хариулт өгөхгүй юү?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа түүнийг дагаж гарах журмын тухай хууль гэж баталсан. Энэ хууль яг үндсэн хуультайгаа адилхан 57 гишүүний дэмжлэгтэйгээр батлагдсан хууль. Энд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт орсон асуудлаар одоогийн мөрдөж байгаа хуулиудыг шинэчлэн баталж, хуультай нийцүүлж явна гэсэн үг. Тиймээс Засгийн газрын тухай хууль дээр хугацааг нь тавиад явахад болно.

-Өвөрхангай аймагт нөхцөл байдал хэр байгаа вэ?

-Энэ жил Өвөрхангай аймагт өвөлжилт гайгүй байсан. Хаваржилт бол хүнд байна. Өнгөрсөн жил ургац муу гарсан. Малчид олон аймаг суманд өвөлжиж, хаваржиж байгаа. Өнөөдрийн байдлаар гадны аймаг сумын нутагт Өвөрхангай аймгийн 1500 орчим өрх өвөлжөөд, хаваржаад байж байна. Ер нь Өвөрхангайн нутагт өвс муутай, шороотой нөхцөл байдал хүндрэлтэй байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тусгаар тогтносон харынхан ба шарынхан

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Монгол түүх номын 4 дэх шинэчилсэн хувилбарыг бичиж найруулан дуусч байна. Уул бүтээлийн анхны хэвлэлт 1996, Хоёр дахь шинэчилсэн хэвлэлт 2006, Гурав дахь шинэчилсэн хэвлэлт 2016 онд бичигдэн дуусч тус бүр олон дахин хэвлэгдсэн билээ. Шинэ дөрөв дэх хэвлэлтэд нэмэлт маш олон материал орж байна. Б.Цэнддоогийн саяхан хэвлэгдсэн “Гончигжанцангйн Бадамдорж” бүтээл урьд огт эшлэгдэж байгаагүй түүхийн олон баримтыг олж шинжлэх ухааны эргэлтэд оруулсан юм. Тэндээс бараг л тэр чигээор нь эшлэн хуулж өөрийн номдоо оруулсан энэ хэсэг нь Гурван улсын гэрээний дараах Гадаад Монгол дахь харынхан ба шарынхны хоорондын тэмцлийг баримттайгаар илэрхий үзүүлсэн байна.

Монголчууд тусгаар тогтнолоо сэргээхдээ оюун санааны удирдагчаа тойрон хүрээлж, Жавзандамба хутагтыг хаанаар өргөмжилсөн нь хаан ширээний төлөөх хан нарын хоорондын тэмцлийг тойрч гарсан ухаалаг алхам байлаа. Гэвч ухаалаг алхмын араас ухаалаг гишгэдэл дагалдсангүй. Ерөөсөө улс байгуулсныхаа маргааш л Орос, Хятадын нүдэн дээр булайгаа хутгаад эхэлсэн нь Хүрээний цахилгаан мэдээний газрын дарга Гү Баовань төвдөө явуулсан тайландаа “Хүрээ тусгаар зарласан хэдий ч Гадаад Монголын хоёр гурван ван, гүн Жавзандамбад өширхөн хар буруу санажээ”i хэмээн мэдээлснээс харагдана. Монголын ноёлогч ангийн дотоод хямрал, зөрчилдөөн, үзэн ядалтыг ажигласан хятадууд “Эд нар лам нараа шарынхан гэж нэрлэдэг… хар шарынхан хоорондоо тэс ондоо. Хард элссэн хүн шарынхантай ойртоно гэж саналтгүй” ii хэмээн тэмдэглэж байж.

Богд Жавзандамба нь Чингисийн удмынхны гэр бүлд Занабазарт хувилан анх мэндэлж, цаашдаа сүнс шилжиж, эргэн төрөх байдлаар найман үе дамжижээ. Хэдийгээр төвд цустай боловч ламаизмын утгаараа “алтан ургийн сүнс”-тэн ажгуу. Дээр нь Жавзандамба болон бусад хутагтын хойд дүрийг язгууртны гэрээс тодруулахгүй байхаар журамласан Манжийн хааны зарлиг ёсоор “харц гаралтан, хар ястан” болж таарч байв.

Харин эзэн Чингис хааны алтан ургийн хан нар бол тэнгэрээс заяат эрх баригч нар аж. Гэтэл тэдэнд төрийн тэргүүний ч, Ерөнхий сайдын ч суудал эхэндээ ногдсонгүй. Алтан ургийнхан төр барих амбицтай төдийгүй, сайн угсааны тэтгэлэг мялаалгад амташсан бүлэг болчихсон байв.iii

Манжууд Гадаад Монголыг тогтоон барихдаа үлдээсэн хорлонт өв бол дээрх “эрхийн тэнэг” хүүхэд шиг болчихсон дээд ангийнхан байсан бололтой. Тэдний нэлэнхүй хэсэг нь цалин пүнлүүгээ хүртээд зүгээр хэвтэж явсан “Чингийн үеийн сайхан байдал” юугаа ил далдаар мөрөөдөгсөд. Тийм дээ, Халхын дөрвөн ханы өмнөөс 1911 онд Оросын хаанд илгээсэн захидалд сүүлийн хэдэн жил цалин өгөөгүй Бээжинд гомдлоо илэрхийлж байх билээ. Улмаар, Дилов хутагт Жамсранжавын дурсснаар бол Автономийн үед зөвхөн төрийн яамдад алба хашсан язгууртнуудад цалин өгөөд бусдыг нь орхисонд маш гомдож “Автономийг байгуулснаас яамны албан хаагч бус ноёдын цалин тасалдсан зэргээс… таарамжгүй” үлдэж автономийг устгахад харамсахааргүй болж дээ.

Богдоор удирдуулсан шарын шашны бүлэглэлийг зөвхөн эрх мэдэлд дурласан хуврагуудын нийтлэг байдлаар харах нь учир дутагдалтай. Тэдний ихэнх нь жирийн ардын дундаас хичээл зүтгэл, шашны боловсролынхоо чадвараар дэвшин өөдөө гарсан хүмүүс байлаа. Шашны зүтгэлтнүүд нь хувь заяаны буянаар язгууртны гэрт төрөөд эрхлэн ямбалж өссөн, өөрийгөө төрөлхийн дээд зиндааных гэж үнэмшсэн алтан ургийн салаа мөчрүүдээс эрс ялгаатай. Да лам Цэрэнчимэд Эрдэнэ шанзавын яамны бичээчээс эхлэн дэвшсэн бол Бадамдорж шанзав ч ядуу ардын гэр бүлээс өөрийн эрдэм чадлаар өндөрлөгт гарсан нэгэн аж. Язгууртны гэр бүлд төрөөд эрх танхи өссөн, удам угсаандаа найдан өсч өндийсөн ван, гүнгүүдийг бодвол ламын намынхан өөрөө өөрийгөө хүмүүжүүлж босгосон учир бардамнах үндэстэй.

Ийнхүү Монголын “шашны нам” болон тусгаар тогтнолын хэрэгт оролцсон элит лам нар өөртөө нэн итгэлтэй төдийгүй, “эрхэндээ хатсан” алтан ургийнхнаас ч илүү Монголын оюун санааны удирдагчид болсон гэдэгтээ эргэлзэхгүй байсан бололтой. Анх шарын шашныг залахдаа, хаан ширээний төлөөх алтан ургийнхны дуусашгүй тэмцлийг цэглэх, улмаар нийт монгол үндэстний үнэт зүйлийн нийтлэг үүсгэхийг зорьж байсан гээд бодохоор тэднийг бас буруутгах аргагүй юм. Анхдугаар дүрийн Богд Өндөр гэгээнээс хойш наймдугаар Богдыг хүртэлх шашны тэргүүнүүд хаана, хэний гэрт төрснөөсөө үл хамааран Гадаад Монголын оюуны удирдагч байж ирсэн түүх ч тэднийг зоригжуулсан байх.

Түүнийгээ ажил хэргээр ч баталгаажуулж, зөвхөн хан нарт олддог байсан цолуудыг харц гаралтай лам нартаа олгох болов. Ван гүнгүүд буюу алтан ургийнхан багтдаг эгнээг лам нараар тэлж, Да лам Цэрэнчимэдэд Чин ван, Да лам Дашзэвэгт гүн цол гэхчлэнгээр эхэллээ.

Олон улсын хууль эрх зүй ба Орос-Японы нууц тохиролцооны талаар ямар ч ойлголтгүй, хоёр том хөрштэйгөө тусгаар тогтнолын хөзөр тоглох гээд харин ч өөрөө тэдний тэдний тоглоомын хөзөр болчихсон үед ламын талынхны хурц ухаан, логик дүгнэлтүүд онцгой ялгарч байв. 1911 оны сүүлчээр Оросын бодлого империализмын шинжтэй байгааг анх олж харж, яриа үүсгэсэн төдийгүй Хааны элчин Коростовичийн эгдүүг хөдөлгөсөн этгээд бол Да лам Цэрэнчимид байлаа. Тэрээр, Хаант Орос улс Гадаад ба Дотоод Монголыг нийлүүлэн Монгол Улс байгуулахын эсрэг төдийгүй, Халхыг ч дангаар нь тусгаар тогтнуулах сонирхолгүй болохыг анхлан олж харсан юм.

Улмаар, юмыг логикоор нь хөөж ойлгох гээд байдаг Да лам улс төрийн тавцангаас зайлуулагдан баруун хязгаарт томилолтоор явж байгаад учир битүүлгээр нас барсан юм. Энэ явдал, Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг татан буулгаж, Хятадын автономи болгосон 1915 оны “Гурван этгээдийн гэрээ”-ний өмнөхөн болжээ. Лам нарын төлөөлөл болох Да лам Дашжав ч “Гурван этгээдийн гэрээ”-нд Монголын талыг тэргүүлэн оролцож эхэлсэн боловч Орос-Хятадын ашиг сонирхлын нэгдлийг хэтэрхий анзаарч байснаас болоод эргүүлэн татагджээ.

Хаант Оросын дипломатчид ч гэсэн ухаалаг хэрсүү лам нартай зууралдахын оронд арай гэнэн цайлган ван гүнгүүдтэй харилцахыг дээрд тооцсон бололтой. Энэ талаарх тайлангаа консул Любагаас Гадаад яамандаа илгээхдээ: “Миний бие засаг төрийн төвд ард иргэдэд ойр байгаа Халхын ван гүнг тавимаар байна гэсэн манай улсын Засгийн газрын хүсэл эрмэлзлийг хутагтад уламжилж, хутагт нь түүнийг зөвшөөрснөө илэрхийлэв”iv.

Эрмэлзээд зогсохгүй ламын талын төлөөлөл оролцсон бол цаашдаа яриа хэлцээ хийхгүй гэдгээ ойлгуулах болжээ. Японы эрдэмтэн Тачибана Макатогийн үзснээр: Монголчуудтай шууд хэлэлцээнд орохын өмнө Да ламын оронд “Оросын итгэл найдварыг хүлээх ван гүн бэлтгэж” хэлэлцээрийг үр ашигтай явуулах бэлтгэлийг хангаж байсан хэмээн таамаглагдахаар байна”v.

Сүүлдээ лам нар ба ван гүнгүүдийн энэ ялгарал нь Монголын хамгийн сул цэг болохыг хол ойргүй анзаарсан бололтой. Хятадууд төдийгүй Нармай Монголыг байгуулагсад хүртэл энэ зөрчил ялгаан дээр тоглолт хийхийг санаархах аж. Хүрээнд сууж байсан Хятадын төлөөлөгч Чэнь И-гээс төвдөө явуулсан мэдээлэлд “Семеновчууд хар, шар феодалуудын дотоод зөрчлийг ашиглан Богд гэгээнийг түлхэн унагаад засгийн эрхийг ван гүнгүүдэд шилжүүлэх өгөх санаа”vi-тай байгааг дурдсан байдаг.

Чэнь И энэхүү зөрчлийг илүү тодорхойгоор тайлбарласан цахилгааныг ДУИ-ын 8 дугаар оны наймдугаар сарын 14-нд Бээжинд илгээсэн байдаг.

Урьд Чин гүрний үед ван гүнгүүд төрийн хэргээ, лам нар шашны хэргээ хамаарч, тэдний зааг ялгаа тодорхой байв. Гадаад Монгол автономи эрхтэй болсноос хойш Богд хааныг тэргүүнээрээ залж, шарынхан түшмэл болж төрд зүтгэх болжээ. Богд ухаалаг сэтгэлгээтэй ч нас дээр гарч, хараагүй болсон тул төрийн хэрэгт тэр бүр оролцоод байдаггүй. Иймээс шарынхан эрх мэдлийг гартаа авч, шавийн эрх ашгийг хамгаалах болов. Энэ зөрчил хурцадвал, дөрвөн аймаг ба шавьд тэгш бус байдал үүснэ.

Засгийн зардлыг {Халх} дөрвөн аймгаас гадна, хошуудаас татдаг. Гэтэл лам нар Богдын ордны зардал, мод зэргийг л гаргадаг бөгөөд үүнд засгаас хяналт тавьдаггүй. Гэтэл шавийн яамнаас {Халх} дөрвөн аймагт зардал гаргах тушаал буулгадаг. Ойрмогхон хааны ордны хашааг засахад 100 гаруй мянган зоос гаргасан боловч засварын ажил дуусаагүй байгаад ван гүнгүүд маш их хилэгнэж сууна” vii.

Шарын талынхан ч өөрсдийгөө бэхжүүлэхэд хэтэрхий анхаарч ирсэн нь Монголын төрийг удирдах ангийн дотор үүссэн ангалыг уламж өргөсгөжээ. Тэд татвар төлөгч энгийн ардууд, тайж нараас ялангуяа чинээлэг баян этгээдүүдийг хэтэрхий олноор нь, бүр дургүй хүрмээр ихээр нь шавьд элсүүлэн авчээ. Жирийн ардуудын хувьд харьцангуй хүнлэг ханддаг лам эзний дор амьдрах, бас татвараас чөлөөтэй аж төрөх, улмаар хувийн хөрөнгө 50 богоос бага бол тэтгэлэгт хамрагддаг байдал нь маш чухал байв. Ийм хэдэн шалтгаанаар шавийн хүрээ томорчээ.

Засгийн газар байгуулсан өдрөөс л шарын төлөөлөгч Да лам Цэрэнчимэд, харын төлөөлөгч Чин ван Ханддорж нар биенээ үзэхээ больсон. Богд хаан Цэрэнчимэдэд илүү талтай авч зөрчил хэт хурцдаад ирэхээр тэнцвэр тогтоохын тулд Бүгд хэргийг ерөнхийлөн шийтгэх яам байгуулан Ерөнхий сайдаар Чингисийн шууд угсааны Сайнноён хан Намнансүрэнг томилжээ. Цэрэнчимэд ч, Ханддорж ч тэгсхийгээд үл мэдэгдэх шалтгаанаар дараалан үхсэн ба Хайсан, Удай зэрэг өвөр монголчуудыг хавчин хөөж явуулснаар түр намжмал байдал үүсчээ. 1918 онд Ерөнхий сайд Намнансүрэн үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт нас барж, оронд нь Да лам Бадамдорж хэмээх шарын төлөөлөгч томилогдов.

Богд хааны дэмжлэгтэйгээр шарынхан төрийн эрх авснаар ноёд, ван, гүн нарыг хавчин татварыг нэмэгдүүлэх мөртөө хутагт хувилгаадыг дэмжин Их шавь болон бусад шавийг алба гувчуураас чөлөөлөх төдийгүй шавь руу зугтаасан харц ард нарыг өмгөөлөх болов. Иймэрхүү гадуурхал нь ноёдын хилэнг хөдөлгөж, тэд шарынхны эсрэг нэгдэж эхэллээ. Л.Дэндэвийн бичсэнээр “Их Шавьд алба гаргуулахыг үүрд хэрэгсэхгүй болгосноор дөрвөн аймгийн тэргүүлэгчдийн гомдол хорсол улмаар нэмэгдсэн”viii. Чингис хааны шууд угсааныхны хүч нөлөө маш их тул тэдний “хорсол” аймшигтай үр дагавартай байж таарна.

Засгийн газрын бүтцийг өөрчилж Бүгд ерөнхийлөн захирах Яам байгуулж Ерөнхий сайд нь түүнийг тэргүүлэхээр болжээ. Гадна талаас нь харвал гүйцэтгэх засаглалын эрхийг алтан ургийнханд найр тавьсан мэт харагдавч хэрэг дээрээ огт өөр шийдлийг Богдын намынхан гаргасан байна.

“…Бүгд ерөнхийлөн шийтгэх яамтай бараг нэгэн зэрэг, өөрөөр хэлбэл Олноо өргөгдсний хоёрдугаар оны намрын сүүл сарын 10-н буюу ерөнхийлэн захирах сайд Т.Намнансүрэн тамгаа нээн хэрэглэхээс нэг хоногийн өмнө Шашин төрд туслах сайдын Яамыг байгуулж, уг сайдын албан тушаалд Эрдэнэ шанзудба Бадамдоржийг томилуулах тухай зарлиг гаргуулан улмаар Олноо өргөгдсний хоёрдугаар оны намрын сүүл сарын 24 буюу 1912 оны арваннэгдүгээр сарын 3-нд Шашин төрд туслах сайдын тамгыг нээн хэрэглүүлсэн байна” ix

Яамын үүрэг, функцийг “шашин төрийн хэрэгт чухам эрхэмлэн айлгаваас зохихуйг шууд айлтгаж явах”x хэмээн тодорхойлсон нь шашны хэрэгт ч оролцож болох, бас төрийн асуудалд ч үзэмжээрээ хутгалдан орох боломж нээсэн ажгуу. Монголын улс төрийн амьдралд Шанзав Бадамдорж ийнхүү ил тод эргэн ирэв. Тэрээр өөрийгээ бүтээн босгосон элит ангийн төлөөлөл гэж ойлгодог, тэр хэрээрээ үүргээ ухамсарласан нэгэн. Энэ байдлаараа ван гүн нарт дээрэлхэнгүй хардаг, тэднийг үйл ажиллагааг аль болох хязгаарлахыг эрмэлзэж ирсэн бололтой. Түүнийхээр бол шавийг бэхжүүлэх замаар алтан ургийнхыг төрөөс аажмаар шахах, үгүйдээ л сүр хүчийг бууруулан нэрийн төдий байдалтай болгох явдал байсан болов уу?xi

Гэвч суурь боловсрол багатай, эрх ямбандаа цатгалдсан, бодит байдлаасаа хэтийдсэн амбицтай хар феодалуудыг хазаарлах түүний оролдлого санаснаас нь өөр үр дүнд хүрсэн байна. Улмаар, ван гүнгүүдийн намыг сөргүүлэн шавийг бэхжүүлэх бодлого нь наад захын шударга ёсыг эвдэхдээ тулжээ. Хожмоо, ард түмний дайсан гэж хэлэгдэх муу нэрийг тэрээр анхлан ноёдын дундаас олсон бололтой.

Бадамдоржийн тэргүүлсэн Шашин төрд туслах яам нь нэг талаасаа засгийн газрын өдөр тутмын ажилд хутгалдан орохгүй, гагцхүү элдэв төрлийн санал гомдлыг хаанд мэдүүлдэг төдий газар мэт. Магадгүй, энэ талаас нь алтан ургийнханд тайлбарлан ойлгуулсан байх талтай. Харин нөгөө талаасаа харвал Засгийн газар, Ерөнхий сайдаасаа ч давсан бүтэц зохион байгуулалт мэт. Шашин төрд туслах яам нь өөрийн санал, дэвшүүлсэн саналыг Засгийн газраараа хэлэлцүүлэхийн оронд шууд Хаанд айлтган шийдвэр гаргуулах онцгой эрхтэй тул ямар ч асуудлыг Ерөнхий сайдыг алгасан шийдвэрлүүлээд явж байх төрийн хянан шалгах аппарат байсан бололтой.

Шашин төрд туслах яамны санаачилгаар Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, Ерөнхий сайдыг түр хамаарагч Сэцэн хан Навааннэрэн, Гадаад яамны сайд Чин ван Ханддорж нарыг шийтгэн цалинг хасч, Дотоод яамны дэд сайд Гомбосүрэнг ажлаас нь халж байжээ. Ийм учраас яалт ч үгүй Улсын хамгийн том хүн нь Бадамдорж болоод түүний яам нь Засгийн газар дахь ноёдын үйл ажиллагааг хянахад чиглэж байсан”xii бололтой.

Ёс төдий засгийн эрхийг барьж байгаа алтан ургийнхныг бүүр ч гомдоомоор байдал цаашаа үргэлжилжээ. Ламын намынхан ШТТ Яамаараа дамжуулан алтан ургийн хан нарыг дур үзэмжээрээ шийтгэх болсон төдийгүй өөрсдийгөө хамгаалсан дархлаа тогтоож эхлэв.

Намнансүрэн, Ханддорж нараас эхлээд алтан ургийн олон зүтгэлтнүүд улс үндэстнийхээ язгуур эх ашгийг тэргүүнд тавьж, хувийн гомдол, “анги намын эрх ашиг”-ийг хойш тавин зүтгэж явсан байдаг. Гэхдээ хааны намынхан буюу Хутагтын талынхан “ялсан намын сүр хүч”-нд хэтэрхий эрдэж явсан нь тэртэй тэргүй дэлхийн шинэ хуваагдал, Орос-Япон, Орос-Хятадын тохиролцооноос хамааран автономи болон буурч, сүүлдээ устгагдсан тусгаар тогтнолоо нэрмэлцсэн байх талтай юм.

Categories
мэдээ цаг-үе

Л.Бямбажаргал: Намууд ямар улс орон хүлээж авах гэж байгаагаа огт бодохгүй байна

– ЭРХ БАРИГЧИД ЯМААНД Ч БОЛОВ МӨНГӨ ӨГЧ БАЙГААД СОНГУУЛЬ ХҮРГЭЧИХЬЕ ГЭЖ БАЙНА –

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, физикч Л.Бямбажаргалтай ярилцлаа.


-Энэ удаагийн сонгууль хугацаандаа болж чадах болов уу?

-Сонгуулийг бол явуулах юм шиг байна. Хэрэв сонгууль явуулахгүй байсан бол улсын төсөвт тодотгол хийх, зарим хэрэгцээгүй ажлыг хойшлуулах зэрэг араа бодсон ажил хийх байв. Гэтэл ямаанд ч болов мөнгө өгч байгаад зургадугаар сарын 25 хүргэчихье, сонгуульд ялбал дөрвөн жилийн хугацаанд болж л таараа, ялагдчих юм бол дараагийн хүн нь мэднэ биз гэсэн хандлага одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс харагдаж байна. Зарим арга хэмжээг долдугаар сарын 1-н хүртэл, мөн хэсэг арга хэмжээг аравдугаар сарын 1-н хүртэл буюу орон нутгийн сонгууль өнгөртөл гэх байдлаар авч хэрэгжүүлж байна л даа. Өнөөдрийн нөхцөл байдлын үр дүн нэгээс хоёр жилийн дараа гарах боловч түүнд зориулсан арга хэмжээ хараахан алга. Сонгуультай холбоотойгоор эрх баригчид ийм л бодолтой байх шиг. Ер нь намуудыг харахад ямар улс орон хүлээж авах гэж байгаагаа, ажил хийх хугацаа хэдэн жил билээ гэдгээ бодохгүй байна.

-Дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрүүд нь урт хугацаанд хэрэгжихээр харагдаад байгаа л даа.

-Эрх баригч нам нь 2050 он хүртэлх хөтөлбөр, 400 сая жуулчин гэж ярьж байгаа юм чинь бусад нь яаж хоцрох вэ дээ. (инээв) Хүлээж байгаа эдийн засагтаа зориулсан алхам хийе гэж байгаа нам харагдахгүй байна. Улс орны эдийн засаг хүндрэлээс гадаад дахь нөхцөл байдлын хүнд үед битгий хэл энгийн үед ч амархан гарчихдаг зүйл биш. Тиймээс одоо байгуулагдах Засгийн газар хүссэн хүсээгүй хямралтай нүүр тулна.

-Бүрэн эрхийн хугацаанд ч бус ер нь хэзээ биелэх нь мэдэгдэхгүй мөрөөдлийн зүйл амлаад байгаа нь иргэд, сонгогчдыг тохуурхаж байгаа хэрэг биш үү?

-Бид нар ярьж л байдаг, эд нар итгэчихдэг гэж ойлгоод байх шиг байна л даа. Ард түмэн хэрсүү болсон. Мэдээж ирээдүйг харсан зүйл хийж болно. Гэхдээ 2050 он арай алсдана. Учир нь хүн төрөлхтний шинжлэх ухаан, технологийн мэдлэг асар хурдацтай хөгжиж байна шүү дээ. Бидний энерги, мэдээлэл харилцаа, дэд бүтцийн тухай төсөөлөл үндсээрээ өөрчлөгдөж болно. 30 жил гэдэг их хугацаа. Яахав тав, арван жилээр төсөөлж болох юм. Энэ төсөөллийг хийхдээ төр өөрийнхөө нуруун дээрээс ямар ачааг авч хаях вэ гэдэг тал руу явах ёстой. Өнөөдөр энэ олон хүн улс төрд орох гээд байгаа шалтгаан нь Монголын төр данхайсантай холбоотой. Монгол Улсад эргэлдэж байгаа мөнгөний ихэнх нь төрийн мөнгө болчихсон. Тиймдээ ч тэнд ашиг бий гэж хараад байгаа юм. Өөрийн данхайсан их ачааг тараагаад, буцаагаад аваад байх нь төрийн зорилго ердөө биш. Тиймээс илүүдсэн ачаагаа нуруун дээрээсээ авах хэрэгтэй.

-Тухайлбал, ямар шийдвэрүүдийг гаргаж байж төр ачаанаасаа салах вэ?

-Ачаанаасаа салах том шийдвэрүүдийг хийчихвэл сонгогчдоосоо салчих гээд байгаа юм. Үнэхээр хийхээр шийдсэн бол хамгийн түрүүнд тэтгэвэрийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл тэтгэвэр авагч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хоёрын тооны харилцаа эерэг байгаа. Учир нь олон хүүхэдтэй байх үеийн буюу 1980-аад оныхон өнөөдөр ажиллаж байна. Харин 1980-аад оныхны тэтгэврийг төлөх болоход дараа үеийнхэн нь дийлж чадахгүй. Төр энэ асуудлыг эртхэн зарлаад тодорхой хугацаанд хэрэгжүүлэх зохих шийдлийг гаргах ёстой. Мөн цалингийн системийг сараар бус цагаар тооцдог болгож өөрчлөх, тодорхой зүйлүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхийг хориглох ёстой. Жишээ нь, ЖДҮ-ийг төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжих шаардлагагүй. Үүнд мянгаадхан хүн хамрагдаж, үлдсэн жижиг, дунд бизнес эрхлэгчид энэ салбараас арчигддаг. Нэг нь гурван хувь, нөгөө нь 36 хувийн хүүтэй зээл аваад нэг гараанаас хөдлөхөөр шударга бус байх нь ойлгомжтой шүү дээ.

-Энэ удаагийн сонгуульд түүхэнд байгаагүй их бие даагчид өрсөлдөхөөр байна. Та үүний шалтгааныг юутай холбож тайлбарлах вэ?

-Тэд сонгуулийнхаа хуулийг ойлгохгүй байх шиг байна. Энэ сонгуулийн хуулийн агуулга нь илүү багийн, намын шинж чанартай юм. Ард түмэн хоёр намд дургүй болчихлоо, эдгээрийг муулаад байвал гараад ирэх юм байна гэж бодох нь өрөөсгөл. Бодвол шинэ УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлээд эхлэх байх. Миний ойлгож байгаагаар УИХ-ын үйл ажиллагаа гацах хэмжээнд хүрч магадгүй. Учир нь манай хууль цаасан дээр, хэрэгжүүлэхдээ өөр, өөрөөр тайлбарладаг шүү дээ. Яагаад УИХ-ын үйл ажиллагаа гацах вэ гэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр аливаа хууль УИХ-ын гишүүдийн олонхоор буюу 39 гишүүн дэмжиж байж батлагддаг болох юм. Энэ бол өндөр босго. Ирц хүрлээ ч илэрхий 39-өөс дээш гишүүн дэмжинэ гэдэг түвэгтэй юм. Хэрэв нэг нам нь хүчтэй олонх болж чадахгүй бол УИХ-ын үйл ажиллагаа хямралд орох байдал руу орохыг үгүйсгэх аргагүй.

-Сонгогчдын боловсрол муу байгаа учир нийгэмд идэвхтэй байгаа залуучуудыг сонгуулиа өгч, сонголтоо зөв хийх нь чухал гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Сонгогчдыг огт мэдээлэлгүй гэж ойлгож болохгүй л дээ. Тэд аль хэдийнэ сонголтоо хийчихсэн, үгүй юм аа гэхэд нэр дэвшигчдээр нэг их заалгаад байхгүй шиг саналаа өгчихөж чадна. Ер нь тэр мөнгөөр саналаа худалддаг, ухуулгад автчихдаг гэдэг чинь худлаа зүйл шүү дээ. Тэр бол ялагдсанаа бухах тийм л асуудал. Манай сонгуулийн тогтолцоо өөрөө мажоритар учраас маш бага саналын зөрүүгээр л хоёр нам руу савлачихдаг юм.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ард түмний амьдрал сайжирч чадсан уу. Та юу гэж дүгнэх бол?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг 2016 онтой харьцуулаад үзэхэд дундаж давхаргынханд илүү их дарамт ирсэн байна. Цалин хөлс 30-40 хувь буурч 10-15 хувь нэмэгдэж. Эрх баригчид нэмэгдсэнээ л яриад байгаа болохоос биш, ам.долларын ханш 1000 төгрөгөөр нэмэгдсэн тухай хөндөхгүй байна. Бусад өртөг, зардлууд сэмхэн сэмхэнээр нэмэгдчихээд л байгаа. ойрын жишээ дурдахад манай цахилгааны үнэ гэхэд 25 хувиар нэмэгдсэн.

Энэ үед хамгийн их маргаан дагуулж байгаа нь ноолуурын асуудал байна л даа. Угтаа энэ үед ноолуурын үнэ унах ч ёстой юм. Ноолуур ажлын байр бүтээдэг бүтээгдэхүүн биш. Гэтэл төрөөс үүнд хагас их наяд төгрөг зарцуулах гэж байдаг. Зам, гүүр, засвар тохижилтын ажлууд үр дүнгээ өгдөггүй мэт харагддаг боловч олон хүний ажлын байр шингэдэг гэдэг утгаараа мөнгө эргэлтэд ордог юм. Энэ цаг үед эдийн засагт хамгийн бага өртөж байгаа хэсэг бол малчид юм. Тэнд хөл хорио алга, хамгийн их зардал гаргадаг Цагаан сарыг нь хориглочихсон, хөгшчүүлийнх нь тэтгэврийг тэглэчихсэн, төлөө авдгаараа л авчихсан. Дээрээс нь эмзэг бүлгийнхэн, ахмадууд энэ хямралд төдийлөн өртөөгүй. Төрөөс авдаг халамж, үйлчилгээгээ урьдын адил аваад л явж байгаа. Гагцхүү өөрсдийнхөө мөнчгөрөөр амьдралаа авч явдаг хүмүүс л хамгийн хүнд байдалд орж байна. Тэдний талаар улстөрчид хэзээ ч ярьдаггүй. Яахав, улстөрчдөд малчид, хөгшид, эмзэг бүлгийнхнийг л ярихгүй бол болохгүй, ингэж байж би дахин сонгогдож чадна гэсэн итгэл үнэмшил, жишиг тогтчихож л дээ.

-Ер нь та ирэх сонгуулийн өнгийг хэрхэн харж байна вэ?

-Манай Ардчилсан намд загнуулаад сурчихсан нэг дутагдал байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН дангаараа Засгийн эрхийг бүрэн хэрэгжүүлсэн жил байхгүй дээ. Тийм хэрнээ энэ 30 жилийн бүх мууг өөр дээрээ үүрдэг. Баабар улс орныг сүйрүүлчихлээ л гэдэг. Үнэн хэрэг дээрээ зургаахан сар л Сангийн сайд хийж үзсэн хүн шүү дээ. Тийм хүн яаж улс орныг балласан байхав. Гэтэл МАН-д 20 жил нэг яамны сайд хийсэн хүн байна. Тэр ямар ч буруугүй байх л даа.

Баалуулдаг нөхдүүдийн нэрс Д.Ганболд, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан гээд цувна л даа. Үүнд нь манай намынхан бүр дасчихсан. АН айлын хамаг хар ажлыг хийдэг хэрнээ загнуулаад сууж байдаг хүүхэд шиг л байхад МАН-д хамгийн сайн сайхан бүхэн нь хамаатай байгаа юм. Магадгүй энэ нь хуучин коммунист намд байдаг үзэл суртлын технологи гээч зүйл байх. Ардчилсан нам бол хуучин үзэл суртал байх ёсгүй гэж үздэг учраас өөрсдөд нь тийм уламжлал алга.

Яахав, МАН шинэ хүн гаргаж ирээд байгаа юм. Гэтэл манайд өмнөхүүд нь харагдаад байдаг. 2000 оны үед байна уу даа залхсан юм байлгүй бүгдээрээ улс төр хийхээ байя гэж нэг ярьж байсан юм. Гэсэн ч өнөөдөр хэвээрээ байгаа нь ялж үзээгүй учраас ялчих юмсан гэсэн тэр эрмэллэл байх шиг. одоо АН залуучуудаа дэмжиж, нэр дэвших квот зэргээ харамгүй өгөх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Д:Амартүвшин: Хүмүүсийн олж хараагүйг огт өөр өнцгөөс харах л хамгийн сайн инээдэм болдог


“Comedy Lab” stand up comedy клубийн комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.


-Таны хөтлөн явуулдаг Морин цагийн шоу хандалт өндөртэй контент болж чаджээ. Энэ шоуг ямар зорилготой эхлүүлсэн бэ?

-Гол зорилго нь ерөөсөө хүн инээлгэх. Мөн “New spaced comedy”-ийн төрлийг Монголд оруулж ирье гэсэн зорилготойгоор энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Энэ төрлийн комеди Монголд хараахан хийгдэж байгаагүй. Ихэвчлэн Америкт гадаадын орнуудад их хийгддэг. Түүнээс биш хүмүүсийг гэгээрүүлэх, улс төрийн мэдлэг олгох зорилго байхгүй. Долоо хоногийн сенсацитай мэдээнүүд дээр суурилуулаад инээлгэх л зорилготой. Миний хувьд улс төр, эдийн засаг сонирхдог болохоор энэ талаар нэвтрүүлгээ хийхэд илүү ойрхон байгаа. Ер нь улс төр, эдийн засгийн мэдлэг нь байгаа учраас дүгнэлтээ гайгүй гаргаад байна гэж бодоод байна шүү. (инээв)

-Комеди клуб боксын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан. Яагаад ийм контент гаргах болсон бэ?

-Энэ тэмцээний гол зорилго бол хүмүүсийн стрессийг тайлах. Ер нь стресстэй том хотууд чинь “UFC”, боксын тэмцээнүүд их зохиодог. Хүнд стрессээ тайлах шаардлагатай байдаг юм байна. Одоогийн байдлаар цуглараад спорт үзчихэж болохгүй, стрессээ тайлах зүйл бага байна. Энэ нэвтрүүлэгт бид нар яг жинхнээсээ боксдож байгаа шүү дээ. Би чинь бүр цусаа гоожуулаад, өөрийгөө үзэхээс ичсэн.(инээв) Амьдралдаа бокс тоглож үзээгүй. Ингээд ядаж бид нар стрессээ тайлаад хажуу хавиргынхаа хүнээ цохиж зодчихгүй байвал болох гээд байна.

-Танай клубийн цаашдын зорилго юу вэ?

-Өнгөрсөн цаг үе нөхцөл байдлаас болоод дөрвөн сар сул зогсчихлоо. Азаар тус тусдаа ажилтай байсан тулдаа эдийн засгийн хямралыг гайгүй даваад байна. Бид “Roast Battle” гээд комедигийн төрлөөр контент хийх гээд бэлдэж байна. Ер нь хүмүүс чинь гэртээ суухаараа их стресстдэг юм байна шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэл ихэссэн талаар статистик мэдээллүүд байна. Тэгэхээр тэр стрессийг арилгах тал дээр л бодож контентоо бэлтгэж байна. Түүнээс гадна төлөвлөж буй ажлууд олон байна. Бүтэх бүтэхгүйтэй байх учир тэр энэ гээд хэлэхэд хэцүү байна.

-Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр танай клубээс “Gem stage” шоуг зохион байгуулсан. Үзэгчгүй комеди хийх хэцүү байв уу?

-Ер нь бол комедиг үзэгчгүй хийнэ гэдэг үнэхээр хэцүү байсан. Комеди урлаг бол зрительтэй урлаг шүү дээ. Яг тэр өдөр манай хошин урлагийнхан мөн тоглолт хийсэн. Бидний хувьд хүмүүсийн инээд баясал дээр суурилаад дараа дараагийн тоглолтууд маань явагддаг. Гэтэл тийм зүйл байхгүй. Гэхдээ үүнийг нэгэн том өөрчлөлт болоод л дууслаа гэж ойлгосон.


-Шинэ комедиан төрөл гаргах гэдэг хэцүү ажил байх. Ер сайн комедиан болохын тулд юун дээр илүү анхаарах ёстой вэ?

-Сайн комедиан байхын тулд сайн хошин яриануудтай байх ёстой. Би сүүлд хоёр гурван ном уншлаа. Тэндээс юу ойлгосон гэхээр бидний өдөр тутам тааралддаг, хажууд байдаг энгийн зүйлийг арай өөр талаас нь буюу хэний ч олж хараагүй тэр өнцгийг олж харсан хүн хамгийн сайн комедиан болдог. Тэр л хамгийн сайн инээд үүсгэдэг юм байна. Гэхдээ хүний хараагүй өнцгийг харна гэдэг хэцүү. Бид нар чинь амьдралынхаа дунд ороод л тийм зүйл бодох ч сөхөөгүй амьдрах нь бий. Харин тэр амьдралаас өөрийгөө гаргаад энгийн орон зайгаа ажиглаад тэндээс хэний ч олж хараагүй зүйлийг сугалж гаргаж ярина гэдэг бол авьяас. Хамгийн гол нь амьдралаас олсон тэр асуудалдаа дүгнэлт хийж ярих чадвартай байх л хэрэгтэй. Дараа нь мэдээж үзэгчиддээ сайн хүргэх, сандрахгүй байхаас эхлээд олон зүйл бий. Эдгээр зүйлс бол дадлага туршлагаар бий болдог.

-Та бүхний бичлэг үнэ төлбөргүй контент хэлбэрээр интернэтэд тавигддаг. Тэр хэрээрээ хандалт их авч, амжилттай явдаг байх. Ер нь интернэтэд тавигдаагүй нэлээд бичлэг байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Бидэнд бичлэгүүд их бий. Зарим нь техникийн шаардлага хангаагүйгээс болоод цацагдах боломжгүй. Гэхдээ үүнээс чухал нэг зүйл бол комедиан хүн өөрийн жоорны ярих жөөк буюу хошин яриатай байх ёстой. Нэг яриагаа хүмүүст хүргэсэн л бол тэр яриаг дахиж олон нийтэд ярих боломжгүй болно. Тэгэхээр олон удаа яригдаад, туршигдаад боловсроод гүйцчихсэн хошин яриануудыг л олон нийтэд цацдаг. Ер нь хошин яриа гэдэг ганцхан удаа яриад л болчихдог зүйл биш. Үргэлж боловсрогддог зүйл. Үүний үр дүнд 10-20 секундын хооронд хүн инээлгэдэг. Үнэхээр тэрийгээ боловсорч дууссан жимс гэж үзэх юм бол олон нийтэд контент хэлбэрээр хүргэдэг дээ.

-Та бүхний дараагийн таван жилийн бүтээлч ажил юу байна вэ?

-Бид олон жилээр төлөвлөөгүй. Ер нь манай комеди лаб платформ болох зорилготой байгаа. Айхавтар том клубтэй болохоосоо илүүтэйгээр санаан дээр суурилсан платформ болох буюу шинэ станд ап комедиануудыг гаргана гэсэн үг. Энэ зорилго маань ирээдүйд өөрчлөгдөх эсэхийг сайн мэдэхгүй байна.

-Улс төр, эдийн засаг сонирхдог учраас цаг үеийн асуулт асууя гэж бодлоо. Засгийн газраас гаргаж байгаа эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүдийг хэрхэн харж байна вэ?

-Коронавирус гарснаас хойш Монгол гэлтгүй дэлхийн улс орнууд шоконд орчихсон байдалтай байна. Хэн ч ийм зүйл болно гэж бодоогүй шүү дээ. Хаа хаанаа барьц алдаж байна. Шийдвэрүүдийг их хурдан гаргаж байна. Цаг хугацааны хувьд хурдан гарч байгаа шийдвэр алдаа дутагдалтай л байгаа. Ер нь цаашлаад эдийн засаг нэлээн эвгүйтэх шинжтэй байна. Үүнээс гадна нэг зүйлийг хэлэхэд төр биш, чи л өөрөө өөрийгөө аварна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Төр л ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гээд байна. Төрөөс гаргаж байгаа арга хэмжээнүүд чиний амьдралд бодитойгоор хүрээ ч үү, үгүй ч үү. Тэгэхээр иргэн та өөрөө л бэлтгэлтэй байх ёстой. Дор бүрнээ эдийн засгийн хямралд бэлдэж хамтдаа даваад туулах хэрэгтэй.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 13-15 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй хур тунадас, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэс, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Завхан голын эх, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дарьгангын тал нутгаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндий, говийн бүсийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Цагаагчин гахай өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 8, Сугар гариг. Билгийн тооллын 16, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хараал жатгыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Онон голын гүүрийг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт баригдсан Онон голын 150 метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь зургаан сарын өмнө дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Онон голын төмөр бетон гүүрийн ажлын гүйцэтгэгчээр “Гангүүр” ХХК шалгарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай 2019 оны 4-р сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, мөн оны 5 дугаар сард барилгын ажлаа эхлүүлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар 2019 оны 5 дугаар сард Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус гүүрийн барилгын ажлын нээлтэд оролцсон бөгөөд Засгийн газрын тэргүүн болон Засгийн газрын гишүүдийн зүгээс энэхүү гүүр баригдсанаар нутгийн иргэд, аялал жуулчлалын чиглэлээр зорин очсон хүмүүсийн хувьд цаг хугацаа, зардал хэмнэх олон талын ашигтайг онцолж байсан юм.

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэдийн 40 гаруй хувь нь Онон голын хойд талд жилийн 4 улиралд уламжлалт мал ахуйгаа маллаж, зун, намрын улиралд голын урсацаас хамааран холбоо тогтоох болон зорчиход ихээхэн хүндрэл үүсдэг байна. Тээврийн хөдөлгөөнийг бирваазаар нэвтрүүлж, Дадал сумын нутгаар дамжин зорчдог тул эдийн засаг, цаг хугацааны хувьд ч ихээхэн хор уршигтай байдаг аж.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Онон голын гүүрийн барилгын ажлын нээлт дээр хэлсэн үгэндээ Баян-Адарга суманд гүүр барих асуудал Хэнтийчүүдийн олон жил хүсэн хүлээж, сүүлийн 30-аад жилийн турш орон нутгийн иргэдээс үе үеийн Засгийн газарт хүсэлт илгээж байсан ч ажил хэрэг бололгүй удсаныг дурдаад, Баян-Адарга сум нь байгалийн үзэсгэлэнтэйгээс гадна их хатдын өлгий нутаг болохыг онцолж, энэхүү гүүр баригдсанаар аялал жуулчлалын томоохон урсгал бий болохыг тэмдэглэсэн.

Түүнчлэн гүүрийн барилгын ажлыг чанартай гүйцэтгэж, гэрээт хугацаанд багтаан ашиглалтад оруулахыг “Гангүүр” ХХК-ийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон нь ийнхүү үр дүнгээ өгч Онон голын гүүрийг төлөвлөгөөт хугацаанаас өмнө бүрэн дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Цаашид тус аймгийн Биндэр суманд Онон голын 209 метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.