Categories
мэдээ нийгэм

Мансууруулах бодис хил давуулах оролдлого жилд 10 гаруй бүртгэгддэг

Сүүлийн 10 жилийн статистик мэдээллээс үзвэл мансууруулах төрлийн бодис хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр буй. Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор хөнөөлийг хүүхэд, залууст ойлгуулах, тэднийг соён гэгээрүүлэх ажил эхлүүлсэн.

Мөн тус зөвлөл 2019 оноос ГЕГ-ын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газартай хамтран хар тамхи, мансууруулах төрлийн бодис, эм бэлдмэлийг Монгол Улс руу нэвтрүүлэхгүй байх чиглэлээр ажиллаж байна. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас 2018, 2019 онд хар тамхи нэвтрүүлэхийг завдсан 24 хэргийг илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хилээр мансууруулах бодис оруулахыг завдах оролдлого жилд 10 гаруй бүртгэгддэг гэсэн үг.

Энэ хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гаалийн байгууллагын техник хэрэгслийг сайжруулах, хилээр нэвтрүүлж буй ачааг шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж эхэллээ. Хар тамхи, мансууруулах бодисыг мэдрэх, илрүүлэх өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжийг эхний ээлжинд нийлүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн (2020.05.08) чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Байнгын хорооны энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг сонсож, гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэн. Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэх байсан ч хэлэлцүүлгийн явцад төслийн талаарх зарим томьёоллыг ажлын хэсэг эргэн харж дахин нягтлах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм.

Иймээс Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсний дараа “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу 21 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг “Бүрэлдэхүүнээрээ огцорсон Засгийн газрын гишүүнийг дахин томилж болно” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугаацанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэж тус тус өөрчлөхөөр болов.

Түүнчлэн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг буюу 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж буй асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэж, төслийн мөн зүйлийн 4 дэх хэсгийг “Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоол баталсан бол энэ хуулийн 26.2-т заасан асуудлыг дэмжсэнд тооцно” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтлоо.

Хуулийн төслийн 6 дугаар зүйлийг өөрчлөн найруулахтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар гишүүдийн асуултад хариулт тайлбар өгсөн юм. Ингээд хуулийг 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Дараа нь Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.

Монгол Улсад хотжих үйл явц өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст хурдацтай өрнөж өнөөгийн байдлаар хот, суурин газарт амьдарч байгаа хүн амын эзлэх хувь өссөөр байна. Үндэсний статистикийн хорооны 2018 оны мэдээллээр нийт 3,2 сая хүн амын 2,2 сая хүн ам буюу 67 хувь нь хот, суурин газарт амьдарч байгаагаас 1,4 сая хүн ам буюу Монгол Улсын нийт хүн амын 45 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан нь 1990 онд нийт хүн амын 55.8 хувь нь хот, суурин газарт амьдарч байсантай харьцуулахад нэмэгджээ.

Монгол Улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 39.7 хувь нь хот, суурин газарт төвлөрсөн байгаа бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршин дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Үүнээс үүдэлтэйгээр томоохон хотуудын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийн улмаас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний даац хэтэрч, хүртээмж нь хүрэлцэхгүй болж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудлыг бий болгож байна. Нийслэл Улаанбаатар хотод манай улсын их, дээд сургуулиудын дийлэнх нь буюу 88.5 хувь нь байршиж, тэдгээрт нийт оюутан сурагчдын 95.3 хувь нь суралцаж байна.

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотуудыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс Аэросити, Майдар хотыг шинээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Шинэ хотууд байгуулагдсанаар тэдгээрт суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болж, Улаанбаатар хот уруу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Аэросити хотын хувьд олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулагдахаар төлөвлөгдсөн. Мөн уг хотод шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн төрөл бүрийн үйлчилгээний газрууд, ажилчдын орон сууцны хороолол, ачаа тээвэр, логистикийн сүлжээний байгууламжууд зэргийг байгуулснаар Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв болж, Улаанбаатар хотод төвлөрөөд байсан гадаад худалдааны ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн ихэнх нь энэ хот руу шилжиж, Улаанбаатар хотын авто замын ачаалал буурах ач холбогдолтой.

Харин Майдар хотод “Их Майдар” бурхны хөшөөт цогцолбор, кино үйлдвэрийн цогцолбор, түунийг дагасан зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламжууд байгуулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд аялал жуулчлалын шинэ урсгал бий болохоос гадна зарим их, дээд сургуулийг уг хотод нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж Засгийн газар үзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, О.Баасанхүү нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн төв хэсгийн замыг хаана

Налайх дүүргийн төвийн авто замыг шинэчлэх ажлын хүрээнд өнөөдрөөс буюу 2020 оны 05-р сарын 08-наас 2020 оны 06-р сарын 25-ны хооронд бүрэн хааж байна. Уг ажлын хүрээнд 2 эгнээтэй 2 урсгал бүхий авто замыг 4 эгнээ бүхий 2 урсгалтай болгон шинэчилж, авто замын тэмдэг тэмдэглэлийг шинэчлэх юм.

Тиймээс Налайх дүүргийн иргэд, жолооч, зорчигчид та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Нэг настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

Тавдугаар сарын 4-8-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 597-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 36 хүн гэмтэж, таван хүн амиа алджээ.

Энэ нь өмнөх долоо хоногийн мөн үеэс бүртгэгдсэн зам тээврийн осол 7.8 хувиар, гэмтсэн хүн 36.1 хувиар тус тус өссөн бол хүний амь нас хохирсон осол 12.5 хувиар буурсан үзүүлэлт юм.

Түүнчлэн зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүмүүсийн хоёр нь, амиа алдсан хүмүүсийн нэг нь хүүхэд байжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.05.03-ны өдрийн 21:30 цагийн орчимд Төв аймгийн Баянжаргалан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Б жолоочтой Hyundai Porter маркийн автомашин нь явган зорчигч 41 настай, эмэгтэй Ү-г мөргөж амь насыг нь хохироосон,
  • 2020.05.04-ний өдрийн 17:30 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 1-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Б жолоочтой Hyundai Porter маркийн автомашин нь хөдөлгөөн эхлэх үедээ 1 настай, эрэгтэй Ө-г мөргөж амь насыг нь хохироосон,
  • 2020.05.04-ний шөнийн 22:00 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 1-р багийн нутаг дэвсгэр, шороон замд Ц жолоочтой Kia Bongo маркийн автомашины тэвшнээс зорчигч 45 настай, эрэгтэй Ч унаж, автомашинд дайруулж амь нас нь хохирсон,
  • 2020.05.05-ны шөнийн 01:50 цагийн орчимд Хан-уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн зам, “MТ” ШТС-ын урд асфальтан замд Н жолоочтой Toyota Prius маркийн автомашин явган зорчигч 27 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг хохироосон,
  • 2020.05.06-ны өдрийн 16:30 цагийн орчимд Налайх дүүргийн 5-р хорооны нутаг “Цонжин болдог”-оос баруун зүгт 2 км-т асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, жолооч 61 настай Б-гийн амь нас хохирсон,
  • 2020.05.06-ны шөнийн 22:30 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Н жолоочтой Toyota Corolla маркийн автомашин нь явган зорчигч 64 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон,
  • 2020.05.07-ны өдрийн 17:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Дэлгэрхааан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 59 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Иймд иргэд мотоцикл, мопед, унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Дадлага сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна

“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль гуравдахь өдрөө штабын дадлага сургуулиар үргэлжилж байна.

Штабын сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын алба, Нэгдсэн Үндэстний байгууллагын 12 кластер, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Онцгой комисс, нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, томоохон аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлчилгээний төвийн томилгоот дирдах албан тушаалтнууд оролцож байна.

Мөн 21 аймгийн Онцгой комиссын гишүүд, төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд цахимаар тус дадлагад оролцож байгаа юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Давтлага тавдугаар сарын 11-нээс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ

Засгийн газрын хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад давтлага өгөх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлж байна.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир: “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-д бэлтгэх зорилгоор сургууль дээр нь давтлага өгөхийг зөвшөөрсөн.

Давтлага тавдугаар сарын 11-нээс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

Үүнтэй холбогдуулж, ямар заавраар зохион байгуулах тухай зааврыг БСШУСЯ-наас гаргаад байна. Улсын хэмжээнд 596 сургууль дээр давтлага хичээлийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн.

Нэг ангид 10-15 хүүхэд давтлага хичээлд хамрагдана. Хүүхдийн суудал хоорондын зайг 1.5 метр байлгах гэх зэргээр мэргэжлийн байгууллагаас гаргасан эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахина. Сурагчдын орох, гарах урсгалыг мөн тооцоолсон.

Түүнчлэн давтлага хичээлийг зохион байгуулах хуваарийг гаргаж, ерөнхий боловсролын сургуульд хүргүүллээ.

Хүүхдүүд зөвхөн хуваарилагдсан суудалдаа сууж, давтлага хичээлээ авна.

Энэ онд 31 мянга орчим хүүхэд ЭЕШ өгнө. Нэг хүүхэд дунджаар гурван хичээлээр шалгалт өгөх тооцоолол байна. Тиймээс гурваас дээш тооны хичээлээр шалгалт өгөх бол сонголтоор 3 хичээлийн давтлаганд суух боломжтой.

Давтлага хичээлд сурагчдыг заавал хамрагдахыг шаардахгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт тохиолдлын тал нь буюу 92 мянга гаруй нь Москва хот орчим бүртгэгдсэн

Дэлхийн улс орнуудын шинэ коронавирусийн тархалтын эсрэг авч буй арга хэмжээ болон халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

ОХУ-д

Өчигдөр тус улсад 11 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 177 мянгад хүрчээ.

Бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоогоор ОХУ дэлхийд тавдугаарт, ДЭМБ-ын мэдээлж буйгаар Европын бүс нутагт Испани, Итали, Их Британи улсын дараа буюу дөрөвдүгээрт жагсах болжээ.

Нийт тохиолдлын тал нь буюу 92 мянга гаруй нь Москва хот орчим бүртгэгдсэн.

Шинжилгээний хүчин чадал болон илрүүлэг хязгаарлагдмал байгаагаас бодит байдал дээр энэ тоо 300 мянгад хүрсэн байх магадлалтайг Москва хотын дарга мэдээлжээ.

Мөн халдварын тархалтыг тогтоох зорилгоор хэрэгжүүлж буй хөл хориог Москва хотод тавдугаар сарыг дуустал үргэлжлүүлэх шинжтэй байна.

Бразил

Халдвар эрчтэй тархаж буй тус улсад өчигдөр 10 мянга гаруй шинэ тохиолдол нэмэгдэж, 125 мянга гаруй болжээ.

Мөн тус улсад 615 нас баралт шинээр бүртгэгдэж нийт эндэгдлийн тоо 8,500 гаруй болжээ. Халдвар ийнхүү хурдан тархаж байгаа ч Бразил улсын эрх баригчдаас хөл хорионы арга хэмжээгээ цуцлах санал гаргасаар байна.

Тус улс нь Өмнөд Америк тивд халдвар хамгийн өндөртэй улсад тооцогдож байгаа юм.

Сингапур

Сингапурт өнгөрсөн 24 цагийн дотор шинэ тохиолдол 741 бүртгэгдсэн нь нийт тохиолдлын тоог 21 мянгад хүргэжээ.

Япон

Тус улсад үндэсний хэмжээнд өчигдөр 95 шинэ тохиолдол, 13 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 23 нь Токио хотод бүртгэгдсэн нь сүүлийн өдрүүдийн хамгийн бага үзүүлэлт болсон.

Тус улсын нийт халдварын тохиолдлын тоо 15,500 гаруй байгаа бол 5,700 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар Япон улсын хэмжээнд 300 гаруй өвчтөн хүнд явцтай байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлжээ.

АНУ-ын Gilead Sciences компанийн вирусийн эсрэг үйлдэлтэй “Remdesivir” эмийг Япон улсад түргэвчилсэн горимоор бүртгэжээ. COVID-19 халдварын эсрэг үр дүнтэй, ямар нэг эмчилгээ байхгүй байгаа энэ үед тус эмийг эмчилгээнд хэрэглэх нь чухал алхам болж байгааг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.

Тус эмийг зөвхөн хүндэрсэн өвчтөнүүддээ хэрэглэхээр төлөвлөж байгаа юм байна.

ХБНГУ болон БНСУ

ХБНГУ болон БНСУ зэрэг халдварын тархалтын харьцангуй амжилттай хязгаарлаж чадсан улс орнуудын зүгээс COVID-19 халдварын хоёр дахь давлагаа гарч болзошгүй талаар анхааруулжээ.

ХБНГУ-д шинэ халдварын тоо буурсаар байгаа ч халдвар дахин давалгаалж болзошгүйг анхааруулсан.

Харин БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс вакцин эсвэл үр дүнтэй эм гараагүй цагт энэ өвчний тархалтыг бүрэн хянах боломжгүй тул хоёр дахь давлагаа гарах нь цаг хугацааны асуудал юм гэж олон нийтэд анхааруулжээ.

Мөн ДЭМБ-аас хийсэн шинэ тооцооллоор Африкийн улс орнууд халдварын тархалтыг хязгаарлах тогтоон барих чиглэлээр ямар нэг арга хэмжээ авахгүй бол цар тахлын эхний жилд 29-44 сая хүн халдвар авч, 83-190 мянган хүн нас барах эрсдэлтэйг анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Гэндэнгийн уулзварын хойноос зүүн гар тийш эргэхгүй

Замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор тээврийн хэрэгслийн тооллого, авто замын эгнээний тоо, бусад уулзвар, замуудын ачааллыг үндэслэн Гэндэнгийн уулзвар буюу Шангрилагийн зүүн хойд уулзварын хойноос зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэх боломжтой байхаар хөдөлгөөн зохион байгуулалтын өөрчлөлт хийгээд байна. Харин тус уулзвараар хойноос зүүн гар тийш эргэж Элчингийн гудамж руу явдаг байсан тээврийн хэрэгслүүд Энхтайваны өргөн чөлөөгөөр ороод С.Зоригийн гудамж буюу 1 дүгээр эмнэлгийн баруун зам, Г.Чагдаржавын гудамж буюу 103-н баруун замуудаар зорчих боломжтой юм.

-Уг өөрчлөлтийг хийснээр Гадаад харилцааны яамны баруун хойд уулзвараас урагшаа Гэндэнгийн уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэх ба үүнийг дагаад Их сургуулийн гудамжнаас урагшаа чиглэсэн хөдөлгөөн, Энхтайваны өргөн чөлөөнөөс Олимпийн гудамж руу зүүн болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар сайжирна. Мөн Гэндэнгийн уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирснаар шинэ гүүрний /Олимпийн гүүр/ хойшоо чиглэсэн хөдөлгөөний нэвтрүүлэлт сайжрах, түүгээр зорчих зорчилт нэмэгдсэнээр Энхтайваны гүүрний ачаалал багасах давуу талуудтай юм.

-Замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн очих чиглэлээ урьдаас тооцоолон замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцоорой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан М.Энхсайханы шоронгоос бичсэн тэмдэглэлийг хүргэж байна

Ерөнхий сайд асан М.Энхсайханы шүүх хурал өчигдөр дууслаа. Түүнийг шүүх хурал болохоос өмнө буюу дөрөвдүгээр сарын 23-наас 461 дүгээр хорих ангид цагдан хориод байсан билээ. Тэрбээр хоригдож байхдаа бичсэн тэмдэглэлээ манай сонинд илгээснийг нийтэллээ.

461: ТЭМДЭГЛЭЛ

2020.04.23

Шүүхийн шийдвэрээр хоригдохоор боллоо. Шийдвэр бичиг цаас болтлоо уддаг бололтой. Умгар нэгэн өрөөнд 8-9 хоригдолтой бараг 10 цаг болов. Энэ хооронд тэдэнтэй танилцаж юу эс ярихав. Ганц нэгээс бусад нь 20-30 насны залуус.

Сонсоод байх нь ээ тэд алджээ. Харамсалтай нь, хохирогч нь гомдолгүй гээд байхад яллачихдаг бололтой юм. Хүмүүсийг эвлэрэлдье гэхээр нь хагаралдуулчихдаг хуулийн заалтууд байгаа бололтой дог.

l l l

Харанхуй бүрий боллоо. 461 рүү авч явахаар болов. Бүсэлхийгээр гинжилж, гарт хэлхээтэй даавуун бээлий углаж гавлав. Тээр нэгэн жил Хойт Солонгос, Хятадын хилийн хот руу оргон зугтаасан гэмт хэрэгтнүүдээ өөрсдөө авъя гэсээр авч явахдаа бүгдийнх нь гарыг төмөр утсаар сүлбээд авч явснаас дипломат будлиан үүсч байсан явдал санаанд буув. Тэрэнтэй харьцуулбал Монгол маань хамаагүй ардчилсан юм аа. Журам юм чинь журмаараа л байг. Машинд суулгах зуур гадаа олон цагаар хүлээсэн эхнэр маань шүүхэд ирэхдээ өмссөн бажаанкийг пүүзээр сольж өгөв. Хармаа руу шүдний оо хийв. Түүнийг нь шалга гэсний дагуу цагдаа нэг үзсэн болоод хармаа руу шургуулав.

l l l

461-т биднийг авчирлаа. Шинэчлэгдсэн зүйл гэвэл хашааны хаалганаас шорон хүртэлх явган замын хоёр талаар өргөст төмөр тор татжээ.

Эмчийн үзлэгт оров. Даралт бага зэрэг өсчээ. Зүгээр ээ л гэлээ. Нэгэн камерт оруулсан нь өмнөхөөсөө ялгаатай нь хана туурга дээр бичсэн бичвэрүүдийг будаж янзалжээ.

Даралт бууруулах эм өгөв. Өөрт байнга авч явдаг өвдөлт намдаах эмтэй цуг зооглож давсанд явлаа.

2020.04.24

Охидууд маань цочролд орчихоогүй байгаа гэсэн бодолтой сэрэв. Хэд хоногийн өмнө аавыг чинь шоронд хийх гээд байгаа гэж палхийтэл нь хэлсэн юм. Өөрөөр яаж хэлэлтэй билээ. Эхлээд цочоод дараа нь дуугаа хураагаад, шөнө дөлөөр интернэтээс шорон гэж юу байдаг тухай үзээд ээждээ ярьсан байна лээ. Маргааш нь надаас “Яагаад” гэж асуусан. Сайн, муу хүн гэж байдаг юм аа. Тэд л тэмцэлдэж байгаа юм гэсэн товч хариу л өгсөн. Одоо ойлголт нь бүр сайн болоо байлгүй.

l l l

Өчигдөр урьдчилан хорих байранд байхад англи хэл дээр гурван ном ирлээ. Хоёр номыг нь хоёр хоригдол гарын үсэг зуруулаад авчихдаг байгаа. Нас тогтсон хоёр хоригдолд орчуулбаас “Хүн ба Бурхад” утгачилбал, “Хараал хэлэхгүйгээр амьдралаа өөрчлөх ид шид” гэсэн номоо өгөв. Нэгийг нь уншсан, нөгөөг нь уншаагүй юм байв. Хэл усгүй ч номын гарчиг харчихаад ямар гоё ном бэ, заавал уншина аа, орчуулж уншсанаа танд явуулна аа гэв. Бусдад хэрэгтэй ном бол болж л байна гэж бодов.

l l l

Нэг хоригдол хашгирч байна. Тойргийн утгыг яаж олдог юм бэ? Юуг юутай харьцуулдаг юм бэ сда гээд тэвдээд байгаа бололтой. Хэн юу гэж хариулах нь надад сонин байлаа. Ихэнх нь энэ асуултад бүдэрч байгаа сонсогдоно. Гэтэл нэг хоригдол 2-ыг радиусаар нь тэгээд “п”-ээр үржүүл гэлээ. Сда “п” гэж юу юм бэ гэв. 3,14 гэснээр яриа өндөрлөв. Би эхлээд бүтэлгүй хариу сонсоод инээж байснаа зөв гаргалгаа олсонд нь битүүхэндээ баярлав.

l l l

Ура, хоол өгч байна. Өчигдрөөс хойш юм идээгүй надад бөөн таашаал. Надад үлдсэн ном нь “The Stress Test” нэртэй. Өөр ном байхгүй тул уншиж эхлэв. Хорвоо эргэлдэхэд яагаад зарим хүмүүс гутарч, дуугаа хурааж чимээгүйд живдэг, харин зарим хүмүүс улам хүчирхэг болдог тухай юм. Ницше гэдэг алдартны “Намайг алахаас бусад зовлон намайг хурцалдаг” гэсэн үгнээс эхлээд судалгаа хийжээ.

2020.04.25-26

Хүйтэн камерт даарсхийн хоноглов. Бусдаар бол зүгээр ээ. Эмч ирж даралт үзэв. Төмөр хаалганы нүхээр гараа гаргаж даралтаа хэмжүүллээ. Бусдаар бол зүгээр ээ.

l l l

Хоригдлууд коронавирусээр төдөн хүн өвдсөн гээд тоо уралдуулж байна. Гадаад орчноос таслагдсан бидэнд мэдэх юм алга. Дэмий л санаа зовох юм. Хүйтэн орон дээр удаан сууж бичлээ. Нуруу хөших шинжтэй. Энэ зуур торны завсраар болжмор орж гарч байгаа харагдана. Тэднийг хооллочихоод хөнжил дотроо хэвтэхээс …

l l l

Шоронд хагас, бүтэн сайн өдрүүдээр хаалгыг нь харуулууд ч онгойлгох эрхгүйгээр блоколдог юм байна. Эмч төмөр хаалганы нүхээр даралт хэмжээд байсны учир тайлагдав. Жиндүүлээд нуруу гацаж магадгүй байна. Доороосоо зузаалах гудас байвал зүгээр байна гэсэн хүсэлт тавилаа. Төдий удалгүй гудас авчирч төмөр хаалганы жижиг нүхээр өгч авалцав.

Гэрээс уншиж амжихгүй яваад байсан хоёр ном иржээ. Японы иргэн Акира Оно (монгол нэр нь Огонуус Цогту)-гийн бичсэн “Монгол хүн ба Соёлын хувьсгал”, “Төвөдөд эргүүлсэн япон сэлэм” номыг амтархан уншлаа. Японы гадаад бодлогод нөлөө үзүүлсэн Японы судлаачид, улстөрчдийн анхааралд ихээхэн орсон судлаачийн бүтээл аж. Их Монгол Улс байгуулж, дэлхийг эзэлж явсан монголчууд Юань гүрэн задарснаас хойш өөр хоорондоо нэгдэж үзээгүй явсаар хэрхэн коммунист Орос, коммунист Хятадын колоничлолд орсон гунигт түүхийг баримттайгаар бичжээ. Болоод өнгөрсөн явдал гэж бодох хэрэггүй. Түүх их багаар давтагддаг жамтай. Өөрийгөө улстөрч гэж үздэг хүн бүрт энэ номыг уншихыг зөвлөж байна.

l l l

Хагас, бүтэн сайнд хөл хөдөлгөөнгүй учир чангаар хоёр цаг орчим зохиолын дуу тавив. Хоригдлуудад үзүүлж буй төрийн үйлчилгээ л юм уу даа. Ямар ч байсан социализмын үеийн шорон биш. Гэхдээ энд диско сонсдог газар биш шүү, залуус аа.

l l l

“The Stress Test” номоос: “Австралид газар хөдөлжээ. Олон хүн хүний нэр мартах, барьсан тавьснаа санахгүй, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан” гэнэ. Айдас хүнийг ингэтэл нь стресст оруулдаг аж.

Хувь хүний эрх, эрх чөлөө тухайн хүнд өгөгдсөн анхдагч өгөгдөхүүн. Тэр тусмаа монгол хүн тэнгэрээс эрх чөлөөтэй төрдөг цор ганц үндэстэн. Түүнтэй нэгэн адил айдас бол тэр хүний өөрийх нь өмч. Айдсаа бусдад эзэмшүүлбэл эрх чөлөөгөө алдахтай агаар нэгэн болой.

2020.04.28

Өнөөдөр өмгөөлөгч Пүрэвдулам, мөн Шинэбаяр нар ирэв. Пүрэвдуламыг орж, шилний цаанаас утсаар ярихыг зөвшөөрчээ. Шинээ гадаа үлдэж. Баригдаад 10 гаруй цаг болж байж ачигдсан юм. Тэр үед эхнэрийн маань дэргэд дэнс бүсгүй маань зогсож харагдсан. Сэтгэлийн дэм өгсөн дайчин бүсгүйдээ баярлаж байгаа шүү.

Пүрэвдулам: Болж байгаа үйл явдал зөвхөн таны асуудал биш боллоо. Үндсэн хуулиар өөрийгөө өмгөөлөх эрх танд байдаг. Эрхэд тань халдсан байна гэж байна. Өөр олон мэдээлэл хуваалцав. Монголчууд маань мэдэх мэдэхгүй асуудлаар хоорондоо талцан хуваалцаж, харь орны бодлогын золиос болж байна гэдэг бодол маань бэхэжлээ гэж хариу хэлэв.

l l l

Сэтгэл сэргэж камертаа ирээд хогоо шүүрдэж, шүүр, хутгуур өгөөч гэсэн хүсэлт тавив. Хэсэг хугацааны дараа ишийг нь сугалж авч үлдсэн шүүр, хутгуур өглөө. Аюулгүй талаас бодож ишийг нь авч үлдсэн байх. Шүүрийн иш бариад би яав л гэж дээ. Өрөөгөө мөлхөж шүүрдлээ. Ноосорсон хог гардаг байна шдээ.

2020.04.29

Өглөө босоод өрөөндөө нойтон цэвэрлэгээ хийе, шалны алчуур мод өгнө үү гэлээ.

Гэтэл хажуу камерт хоригдож байгаа нэг залуу намайг өрөөндөө авчих, би өдөрт гурван цаг цэвэрлэе гэнэ. Тийм бага уу гэтэл 6-7 цэвэрлэе, массаж хийж өгье, бухимдвал зодуулъя гэж инээдэм тарив. Залуус хараал үг хэлэвч цайлган гэдэг нь мэдрэгдээд байх юм. Шоронд байгаа нь харамсалтай юм.

2020.04.30

Хэвтжээ байтал төмөр хаалга тачигнав. Онлайн шүүхэд дуудаж байна гэлээ. Хэд хоногийн өмнө Эрдэнэбат өмгөөлөгч маань цагдан хорьсон шүүгчийн шийдвэрийг өөрчлүүлэхээр гомдол гаргасан. 24 цагийн дотор хэлэлцдэг гэж байсан нь санаанд орлоо. Тэрнээс хойш хэд хоночихож. Шүүх нь хуралдаад “цагдан хорь” гэсэн юм байлгүй гэж бодож байлаа. Гэтэл үгүй аж.

Онлайн хурал гэдэгт нь орлоо, тавьсан гомдлыг олон хоног хоцруулж хэлэлцэж байгааг ойлгов. Шүүхийн танхимд хэн юу ярьж байгаа нь юу ч ойлгогдсонгүй. Бөөн шуугиантай, дуу нь тасалдсан, орж гарсан юм л болж байх юм. Яллагдагч онлайнаар шүүхийн ажиллагаанд оролцсон гэсэн үзүүлэлт л хэрэгтэй байдаг бололтой юм. Надаас шүүгч санал бодлоо хэлнэ үү гэв. Би “Та хэдийн юу ярьсныг сонсож чадсангүй” гээд шүүхээр хэргийг шударга шийдье гэвэл прокурор, өмгөөлөгч, яллагдагч ижилхэн түвшинд баймаар байна. Шоронд яллагдагч нь суучихаад хэргийн материалаа ахин дахин нягтлах бололцоогүй, дээр нь бодлоо төвлөрүүлж чадахгүй байдал бий болж байна. Өмгөөлөгчийн минь саналыг авч хэлэлцэнэ үү гэсэн утгатай хүсэлт тавив.

Шүүх зөвлөлдөхөөр юм боллоо. Төд удалгүй “Энхсайханы өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэв.

Би ч хэвтэж байсан бол дээр байж дээ гэсэншүү камертаа орж орон дээрээ хэвтлээ.

2020.05.01

Майн 1-нийг шоронд угтдаг хувь тавилантай юм байна, би гэдэг хүн. Майн 1-ний мэнд хүргэе гэж чанга хэллээ. Залуус тэр чинь юун өдөр билээ гэж асууцгааж байна. Шинэ үе томорсны шинж юм уу даа.

l l l

Ерөнхий прокурорын газраас нэгэн хэлтсийн дарга шалгалтаар ирж, товчхон уулзав. Ярианы өнгөнөөс нь харахад сошиалаар гарсан элдэв мэдээллээр явж байгаа юм байна. Түүнд дараахь саналуудыг сонордуулав.

1. Хуулийн алдаа мадаг, буруу хэрэглээнээс шорон залуусаар дүүрэн байна. Анхаарна уу гэлээ.

2. Шоронд хүний эрх чөлөөг хязгаарласан болохоос хүн байх эрхийг нь хязгаарлаагүй. Хүн хүн байхын тулд мэдээлэл авдаг байх ёстой. Үүний тулд ном, сонин, хэвлэлээр хангах хэрэгтэй байна гэв. Гэрээс нь оруулж байгаа биз дээ гэж асууж байна. Сонин, хэвлэл авах чадалтай нэгэн байхад чадал хүрэхгүй нэгэн байгаа. 461 дүгээр ангиас нь энэ ажлыг зохион байгуулдаг болгомоор байна гэлээ.

3.Өчигдөр онлайн шүүх гэгч хуралд оролцлоо. Шүүхийн танхимд юу болж байгаа нь сонсогдохгүй, яллагдагч хуралд байлцсан нэр хэмээдэг гэв.

Техникийн алдаа байсан юм болов уу гэж асууж байна. Техникийн биш ээ, хүний хувь заяаг шийддэг хурлыг ингэж хийдэг баймааргүй байна гэлээ. Прокурор анхааръя гэлээ.

4. Таныг 10 цаг хөл дээр нь зогсоосон, залхаасан гэж УИХ дээр хүртэл яригдлаа гэж прокурор хэлэв.

Шүүхийн дор подвальд цонхгүй жижиг өрөөнд 8-9 хоригдол байсан. Миний шийдвэр гарахгүй 10 цаг болсон доо. Надаас болоод баахан хоригдол олон цаг саатах шиг санагдаад тэднээс уучлал гуйсан гэдгээ хэллээ. (Тэд бид шорон руугаа яараад ч яах юм билээ гэж байсан шүү)

Прокурор хоол, унд өгсөн үү гэж асууж байна. Өгөөгүй гэлээ. (За энэ том асуудал биш л дээ)

Хүн хэлмэгдүүлчихвий гэж санаа зовоод тэнд байсан цагдаа нар ажлаа сайн хийж байсан шүү л гэсэн үг дайв.

5. Прокурор, эмч үзэж байгаа юу, биеийн байдал ямар байна гэж асуусан. Бие сайн, өвдөж зовж байснаа тоочвол “цэцгийн баглаа” шиг болчихно оо гэв.

Анхааръя, санал хүсэлт байвал хэлээрэй гэснээр бидний ажил хэрэгч уулзалт өндөрлөв өө.

l l l

Хонгилоор явж байсан хоригдол “Ах аа, зөвлөгөө өгөөч” гээд шүүхэд гаргах гомдлоо торон завсраар өгөв. Нэр чинь хэн билээ гээд асууж амжив. Өгсөн материалыг нь уншчихаад торны завсраар нэрийг нь дуудтал хариу өгч байна. Чангаар зөвлөгөө өгөв.

Өөрөө өмгөөлөгч авчихсан хуулийн зөвлөгөө авч ажиллаж байгаа мөртлөө шоронд бусдад хуулийн зөвлөгөө өгдөг өдөр байлаа.

2020.05.02

Хагас сайн өдөр болжээ. Хөгжим эгшиглүүлж байна. Хоёр хоногийн дараа шүүх хурал болох гэж байдаг. АТГ-ын “зохиол”-ыг ахин дахин нягталж үзмээр, өөрийнхөө хэлэх үг, олон нийтэд хүргэх мессэж дээр суумаар байдаг. Шоронд бодол санаа энд тэнд тэнээд байдаг.

Миний байж байгаа царай гэж өөрийгөө хараасан ч энэ нь Монголын маань царай болчихвий гэж санаа зовов.

l l l

Гэрээс сахлын машиныг дөхүүлжээ. Нэлээд удаж байж камертаа биш, нэгэн бяцхан даргын өрөөнд сахлаа хусах бололцоо олдлоо. Толинд харлаа. Цав цагаан сахал. Шүүх нь шударга ч бай, шударга бус ч бай Монголынх учир царай алдаж очоод яахав гэсэн бодолтойгоор сахлаа хусч орхив.

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы хорих ангиас охиддоо бичсэн зурвасыг хүргэе.

Сайн уу, охидууд аа!

Аав нь энд сайн байна. Хоол нь дажгүй. Хичээлээ сайн хийгээрэй. Өрөөндөө ганцаараа. Ээжийнх нь явуулсан ном, бүх юмыг авсан. Номуудыг бүгдийг уншаад дуусгачихсан. Санаа зовох хэрэггүй ээ. Хичээлээ сайн хийнэ шүү.

Аав нь зөв юм хийж байснаа сайн мэддэг. Буруу ойлгодог хүмүүс байж л байдаг. Том болохоороо бүр их сайн ойлгодог болох байх аа. Охидууддаа их хайртай шүү.

2020.04.26

Categories
мэдээ нийгэм

Хяналт шалгалтаар 3204 зөрчил, дутагдлыг илрүүллээ

Онцгой байдлын байгууллагаас “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Хяналт шалгалтад нийт 615 газрын тосны бүтээгдэхүүн олборлодог, худалдан борлуулж, хадгалдаг аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 3204 зөрчил дутагдал илрүүлж, хяналт шалгалтын явцад 1341 зөрчлийг арилгуулсан. Бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 392, мэдэгдэл 140, танилцуулга 55 бичиж албан тушаалтанд хүргүүлээд байна.

Мөн гал түймрийн аюултай нөхцөл бий болсон 17 аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу түр зогсоож, галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативыг зөрчсөн 53 аж ахуйн нэгж байгууллага, 9 иргэнд нийт 39.7 сая төгрөгний шийтгэлийн арга хэмжээ авч ажиллалаа.

Шалгалтаар галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй, галын аюулгүй байдлын дүрэм, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулаагүй, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн албан тушаалтан, иргэн үйл ажиллагаандаа удирдлага болгон дагаж мөрдөөгүй, гал унтраах автомат систем суурилуулаагүй, ослын үеийн гэрэлтүүлэг төлөвлөөгүй.

Галын аюулгүй байдлыг хангах зорилгоор зам гарцыг чөлөөтэй байлгах, гадна талбайн гэрэлтүүлэг хангалтгүй, Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг хадгалж буй газарт тамхи татах, ил гал хэрэглэх, оч баригчгүй тээврийн хэрэгсэл явахыг хориглосон санамж, зурагт хуудас байрлуулаагүй, газрын тосны бүтээгдэхүүний агуулахын галын тоног төхөөрөмж, усан сангийн дэргэд холбогдох стандартын дагуу тэмдэглэгээг байрлуулаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрлээ.

Түүнчлэн өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулсан төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал энэхүү гүйцэтгэлийн хяналт шалгалтаар дахин зөрчил заагдаж, зөрчлөө арилгаагүй байсан тул хяналтын байцаагчид 17 газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаа түр зогсоож, 53 хуулийн этгээд, 9 хүнд Прокурорын байгууллагын зөвшөөрлөөр зөрчлийн хэрэг нээж, хянуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу 39.7 сая төгрөгний шийтгэлийн арга хэмжээ авч ажиллалаа.