Categories
мэдээ нийгэм улс-төр

“Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийг батлав

Элчин сайд нарыг томилохыг дэмжин, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.08) нэгдсэн хуралдаан11 цаг 09 цагт эхэлж Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Л.Болд нар ажилласан байна.

Байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, кибер орон зайгаар дамжин үйлдэгдэх гадны кибер халдлага, түрэмгийллээс Монгол Улсын тусгаар тоггнол, халдашгүй дархан байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах үүргийг Зэвсэгт хүчинд хүлээлгэх, Зэвсэгт хүчний тусгай томилолтын анги салбаруудыг өргөжүүлэх замаар хосолмол, уламжлалт бус аюул, заналын нөхцөлд бага хүчээр давуу хүчний эсрэг үр дүнтэй тэмцэл явуулах үүрэг бүхий тусгайлан бэлтгэсэн чадварлаг цэргийн хүчнийг байгуулах нь зүйтэй гэж үзэж хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед асуулт асуух, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүд гараагүй байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авлаа.

Төмөр замын томоохон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байгаагийн гол ачааг зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд үүрч байгааг Ж.Энхбаяр гишүүн хэлсэн. Жилд 80-90 орчим мянган залуус цэргийн алба хаах насанд хүрдэг бөгөөд эдгээрийн 3 хувь нь л алба хаах боломж, нөхцөл байдаг аж. Харин хэлэлцэж буй төсөл батлагдсанаар барилга-инженерийн цэргийг бие даасан төрлийн цэрэг болгон хөгжүүлэх, ингэснээр олон мянган залуусыг эх орны бүтээн байгуулалтад оролцуулах, цэргийн үндсэн бэлтгэл, сургуулилтаа дүүргэсний дараа үргэлжлүүлэн гэрээт цэргийн алба хаах, цалин хөлс нь аж ахуйн нэгжийн хэмжээнд олгогдох, хуримтлал бий болгох, нөгөө талаар мэргэжил, эх оронч хүмүүжил олгох гэх зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг гишүүдийн асуултад хариулах үеэрээ Ж.Энхбаяр гишүүн хэлж тайлбарлаж байлаа. Хэлэлцэж буй төслөөр эдгээр нөхцөлийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх ач холбогдолтой юм байна. Гэрээт цэргийн албан хаагчид сүүлийн жилүүдэд өргөжин, залуус цэргийн алба хаах сонирхол, эрмэлзэл өсч байгаа гэв. Урт хугацаанд үргэлжлэх бүтээн байгуулалтын ажлууд дээр нэг жилийн хугацаатай алба хааж буй цэргүүд ажиллах нь хэр тохиромжтойг Д.Эрдэнэбат гишүүн хэлээд, барилга-инженерийн анги нэгтгэлд алба хаах хугацааг хоёр жил, цаашлаад нийтэд нь цэргийн алба хаах хугацааг хоёр жил болгох боломжийн талаар тодруулж, хариулт авсан. Өнөөдрийн нөхцөлд цэргийн үндсэн бэлтгэл, сургуулилтыг нэг жилийн хугацаанд хийгээд, үргэлжлүүлэн алба хаах сонирхолтой залуус нь гэрээт цэргийн алба хаах байдлаар зохион байгуулж байгааг хэллээ.

Дараа нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын хоёр томъёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу 6 дугаар зүйлийн 6.2.12 дахь заалтыг “6.2.12.гадны кибер халдлага, түрэмгийллээс хамгаалах.” хэмээн өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 3 дугаар зүйлд заасан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “хуурай замын цэрэг, агаарын цэргээс” гэснийг “хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг болон тусгай хүчний цэргээс” гэж өөрчлөхийг мөн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээг чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, М.Энхболд нар үг хэлж саналаа илэрхийлсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төслийг дагаж мөрдөх хугацаатай холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргасан боловч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.19-т заасны дагуу ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн тул уг саналаар санал хураалт явуулаагүй гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Оюундарь, Д.Эрдэнэбат, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Улс орны хөгжлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр ямар асуудлыг тусгасан, эрх өгөхийн зэрэгцээ хариуцлага хүлээлгэх хэлбэрээр өөрчлөлт орсон эсэхийг Б.Баттөмөр гишүүн асуулаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх болсон нэг шалтгаан нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл ачаагаа үүрсэн ч үүнтэй тэнцэх эрх эдэлж, хариуцлага хүлээдэг байх өөрчлөлтийг хийх байсан талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн. Сүүлийн 28 жилийн хугацаанд ердөө хоёр Засгийн газар л бүрэн эрхийн хугацаандаа ажилласан, энэ хугацаанд Улсын Их Хурал долоон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Бусад 10 хэдэн Засгийн газар огцорсон бөгөөд нэг Засгийн газрын ажилласан хугацаа дунджаар 1.6 жил байсан нь төрийн болон бодлогын тогтворгүй байдлыг үүсгэн, хэт их улс төржилт явагдсан. Улмаар Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс эрх мэдлийг тэнцвэржүүлэх зорилгоор Үндсэн хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Улсын Их Хурлын гишүүдийн эрх мэдлийг хязгаарлан, Засгийн газрыг аль болох тогтвортой ажиллуулах бололцоог бүрдүүлэх чиглэлээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан гэлээ. Хариуцлагын тогтолцоог хэр бэхжүүлсэн талаар, орон нутгийн удирдлагууддаа эрх, боломж олгосон эсэхийг Н.Оюундарь гишүүн тодрууллаа. Засгийн газрын зарим шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд хянадаг байх зохицуулалтыг төсөлд тусгасан хэмээн С.Бямбацогт гишүүн хариулт өгсөн. Эрх мэдлийг орон нутагт тодорхой хэлбэрээр шилүүлэх асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тусгасан тул холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зохицуулагдах бололцоо бий, эдгээрийг энэ ондоо багтаан хэлэлцэх боломжтой гэдгийг тэрбээр тайлбарласан. Ингээд Байнгын хорооны хэлэлцэн шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсний дараа “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 нь дэмжсэн. Төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу 21 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг “Бүрэлдэхүүнээрээ огцорсон Засгийн газрын гишүүнийг дахин томилж болно” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугаацанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэж тус тус өөрчлөх зарчмын зөрүүтэй саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Түүнчлэн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг буюу 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж буй асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэж, төслийн мөн зүйлийн 4 дэх хэсгийг “Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоол баталсан бол энэ хуулийн 26.2-т заасан асуудлыг дэмжсэнд тооцно” гэж тус тус өөрчлөн найруулахаар боллоо. Төслийн 6 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс дагаж мөрдөнө” хэмээн өөрчлөн найруулахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 35 нь буюу 72.9 хувийн саналаар дэмжлээ.

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Конвенцыг соёрхон батлах тухай хуулийг батлав

Дараа нь Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан.

Ялтан шилжүүлэх асуудал нь олон улсын хоёр талт болон олон талт гэрээний үндсэн дээр үр дүнтэй хэрэгждэг практик олон улсад тогтсон байдаг. Манай улс Орос, Турк, Польш, Куба, Канад, Солонгос, Энэтхэг, Хятад, Казахстан, БНХАУ-ын ЗЗОБ Хонконг, БНХАУ-ын ЗЗОБ Макао, Вьетнам зэрэг 12 оронтой ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт гэрээ байгуулаад байна. Мөн Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн 1983 оны конвенцид манай улс нэгдэн орсон. Монгол Улс Ялтан шилжүүлэх тухай 1983 оны Страсбургийн конвенцид 2015 онд нэгдэж орсон бөгөөд одоогийн байдлаар тус конвенцид Европын Холбооны 46 гишүүн улсаас гадна уг холбооны гишүүн бус 20 улс нэгдэж орсон байна. Уг конвенцийн хүрээнд ОХУ-аас 1, Япон Улсаас 1 Монгол Улсын иргэнийг тус тус шилжүүлэн авах ажиллагааг хийж, БНСловак Улсаас 1 иргэнийг шилжүүлэн авсан.

Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулаагүй аливаа улстай ялтан шилжүүлэх асуудлыг харилцан адил байх зарчимд үндэслэн дипломат шугамаар дамжуулан тухай бүр харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд зарим улс ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулаагүй тохиолдолд ялтан шилжүүлэхээс татгалздаг (тухайлбал: Америкийн Нэгдсэн Улс). Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид Америкийн улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус нийт 21 улс нэгдэн орсон бөгөөд үүнд Монгол Улсын иргэд суралцах, бизнес болон аяллын зорилгоор зорчдог Америкийн Нэгдсэн Улс, Канад, Бразил, Мексик зэрэг улсууд багтсан байна. Тус конвенц 19 зүйлтэй бөгөөд ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхэд гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгасан байна.

Иймд энэхүү конвенцийн гишүүн улсуудтай гадаадад хорих ял эдэлж буй иргэдийг эх орондоо ял эдлэх боломжоор хангах, гадаад орнуудтай ялтан шилжүүлэх ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүднээс Монгол Улс Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид нэгдэн орох шаардлагатай хэмээн үзжээ. Тус конвенцид аливаа улс нэгдэн ороход нээлттэй. Монгол Улс энэхүү конвенцыг соёрхон баталж, батламж жуух бичгээ Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт хадгалуулахаар хүргүүлсэн өдрөөс хойш 30 дахь өдөр хүчин төгөлдөр болно.

Энэхүү конвенцид нэгдэн орсноор Монгол Улс бусад улстай байгуулсан хоёр талт болон бусад олон талт гэрээ, хэлэлцээрийн үйлчлэл түүнчлэн шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй гэдгийг Ц.Нямдорж сайд төслийн танилцуулгын үеэр дурдав. Төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуусан бөгөөд Байнгын хорооны гишүүд төслийг соёрхон батлахыг дэмжсэн байна.

Хуулийн төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь энэхүү конвенцид нэгдэн орсон 21 улсад манай улсын хэчнээн иргэн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа, ял эдлэх магадлалтай байгааг тодруулсан. Мөн эдгээр улс орноос манай улсад ял эдэлж буй хэчнээн иргэн байгаа талаарх мэдээллийг лавлав. Өнөөдрийн байдлаар Монгол Улс эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ, гэмт этгээдийг шилжүүлэн өгөх, ялтан шижлүүлэх тухай 36 улстай олон улсын гэрээ байгуулсан байдаг талаар ажлын хэсгээс хариуллаа. Эдгээр нь давхардсан тоогоор иргэний хэрэгт эрх зүйн харилцааг зохицуулсан 17 гэрээ, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцааг зохицуулсан 19 гэрээ, гэмт этгээд шилжүүлэх харилцааг зохицуулсан 7 гэрээ, ялтан шилжүүлэх харилцааг зохицуулсан 10 гэрээ байдаг байна. “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ид Америк, Латин-Америкийн 16 улс, түүнчлэн Энэтхэг, Казахстан, Саудын Араб, Чех, Словак зэрэг улс нэгдэн орсон байдаг. Энэхүү конвенцид нэгдэн орсноор дээрх 21 улсад ял эдэлж буй иргэдээ хүлээн авч, үлдсэн ялыг нь Монгол Улсад эдлүүлэх, манай улсад ял эдэлж буй эдгээр улсын иргэдийг төрөлх эх оронд нь шилүүлэн өгч үлдсэн ялыг нь эдлүүлэх боломжтой болно. 2020 оны эхний улирлын байдлаар дээрх улсуудад Монгол Улсын 3 иргэн АНУ-д, 6 иргэн БНКУ-д, 1 иргэн БНЧУ-д хорих ял эдэлж байгаа бол манай улсын 15 иргэн АНУ-д, 2 иргэн БНЧУ-д гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байна. Харин АНУ-ын 1 иргэн Монгол Улсад хорих ял эдэлж байгаа бол тус улсын 1, Канад Улсын 1, БНКУ-ын 1 иргэн Монгол Улсад гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа талаар ажлын хэсгээс мэдээлэл өглөө. Монгол Улсын 165 иргэн гадаад улс орнуудад хорих ял эдэлж байгаа бөгөөд 108 нь БНХАУ-д байгаа талаар мэдээлсэн. Гэмт хэргийн төрлийн талаар тодруулбал хулгай, хар тамхины хэргээр ял эдэлж байгаа талаарх мэдээллийг өгсөн. Төсөлтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 70.9 хувь нь дэмжснээр “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийг батлав. Иймд Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав хуулийн эцсийн найруулгыг уншиж, танилцууллаа.

“Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү танилцууллаа.

Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 17, 12 дугаар зөвлөмжид нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө, агаар хөрсний бохирдлыг бууруулах, эдийн засгийн тодорхой салбаруудын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн хөгжүүлэх, хүн амыг эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дагуул, хаяа хот байгуулах асуудлыг шийдвэрлэхээр тусгагдсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т хот байгуулах тухай асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэхээр хуульчилсны дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Аэросити, Майдар хотуудыг байгуулахтай холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хэрэгцээ, шаардлагагыг тандан судалж дээрх тогтоолын төслийг боловсруулснаа танилцуулж буйгаа дурдав. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлээд, хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Д.Лүндээжанцан, А.Ундраа, Ц.Гарамжав нар асуулт асууж, хариулт авлаа. Шинээр байгуулагдах хотын иргэд төрийн үйлчилгээг өөр сумаас очиж авахгүй, хот нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргүүдийг өөртөө шингээсэн байдлаар хөгжинө хэмээн төлөвлөж байгаа бөгөөд эдгээр шийдвэрийг хэзээ гаргах талаар Х.Нямбаатар гишүүн тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. Одоогоор төлөвлөгөө, ТЭЗҮ болон холбогдох судалгаанууд хийгдэж байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Аэросити гэдэг нэршлийг монгол болгох асуудлаар Д.Лүндээжанцан гишүүн байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа эдгээр хотын төлөвлөлтийг хийхдээ, хэдэн жилийн өмнө Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос АНУ-ын Хойд Каролина муж дахь “Research triangle park” технологийн төвийн судалгааг хийж байсныг ашиглах боломж байгааг хэллээ. Түүнчлэн эрчим хүч болон усны судалгаа, нийслэлтэй төмөр замаар холбох асуудал, их дээд сургуулиудын нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой тодруулгыг хийж, хариулт авав. Хот байгуулах ажил бол маш урт хугацаанд, цогц төлөвлөлтийн үр дүнд хийгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажлыг 4 үе шатад хуваагаад байгаагаа дэлгэрэнгүй танилцууллаа. Богд хан төмөр замтай холбоотой ажил “бүтээн байгуулалт 2” үе шат буюу 2028-2031 онд хийгдэхээр төлөвлөгдсөн гэлээ. Тус төлөвлөгөөнд өндөр технологийн төвүүдийг байгуулах асуудлыг тусгасан байна. Их сургуулиудын кампус байгуулан, нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж байгаа гэв.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Энхболд нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив. Иймд “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Улаанбаатар хотын хоёр чиглэлд дүүжин замын тээвэр нэвтрүүлэх хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2020.05.08) үдээс хойш хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хороонд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ талаар хийсэн танилцуулгадаа, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл нэвтрүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц Улсын “Пома” компанитай хамтран “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны 04 дүгээр сараас ажиллаж байгаа. Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байх юм гэдгийг дурдав.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үндсэн хоёр чиглэлд дүүжин зам барьж ашиглалтад оруулах юм байна. Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон эхний чиглэл нь 4.9 км урт, 3 зогсоолтой шугам байх бол хоёр дахь чиглэл нь Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, 3 зогсоолтой байх аж.

Төслийн гол зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгахад чиглэжээ.

Мөн уг Санхүүгийн хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн байна.

Төслийн талаарх танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Коронавирусийн халдвартай хүний тоо нэг хоногийн дотор 3062-оор ...

• Ажилчдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх

• Ажлын малгай, хувцас, гутал, улавч өмсөх
• Маск, тусгай амны хаалт зүүх
• Хүнтэй 1.5-2 метрийн зайнаас харьцах
• Хүнс, хоол үйлдвэрлэх, худалдах зэрэг шат дамжлага бүрт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулж хэрэглэх
• Нэг удаагийн бээлий хэрэглэж тайлах бүрт гараа заавал савандаж угаах
• Хоол бэлтгэх өрөө, талбай, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
• Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар угаах
• Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах
• Хүргэлтийн үйлчилгээний ажилтан амны хаалт зүүж, бээлий өмсөх
• Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
• Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах
• Хоол хүнс бэлтгэх, хадгалах өрөөг шавьж мэрэгчээс хамгаалах

Categories
мэдээ нийгэм улс-төр

ТБХ: Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.08) хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Сангийн Дэд сайд Х.Булгантуяа Санхүүгийн хэлэлцээрийн талаар танилцуулав.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах зорилгоор нийслэлийн хоёр чиглэлд дүүжин зам барьж, ашиглалтад оруулах төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх зээлийг олгох боломжтойгоо мэдэгдээд байгаа аж. Нийт 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл бөгөөд 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь 0.0076 хувь юм байна.

Эхнийх чиглэл нь Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, 3 зогсоолтой шугам бөгөөд өртөг нь 35.4 сая евро аж. Мөн Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км шугам бүхий 3 зогсоолтой шугам барихаар төлөвлөсөн бөгөөд тус хоёр дахь шугамын холбогдох тооцоолол бүрэн хараахан дуусаагүй, төслийн хүрээнд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах аж. Нийт өртөг 25.3 сая евро байхаар төлөвлөжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр зээлийг өөр зориулалтаар ашиглаж болох, нийтийн тээврийн дүүжин зам нь нийслэлийн хөрөнгө оруулалтын эрэмбэд нэн шаардлагатайд тооцогдох эсэхийг тодруулав.

Бүгд Найрамдах Франц улсын нэн хөнгөлөлттэй 60.7 сая еврогийн зээлийг зөвхөн нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замыг нэвтрүүлэх төслийн хүрээнд байгуулсан гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх тодотгоод газар зүйн байрлалын хувьд Улаанбаатар дөрвөн уулын дунд оршдог учир нийтийн тээвэр хүрч чадахгүй олон чиглэл байгаа учраас агаарын дүүжин замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх нь оновчтой гэдгийг Монгол Францын эрдэмтэд шийдсэн. Дэнжийн мянга, Дарь эх, Хайлааст, Баянхошуу гээд уулын энгэрээр амьдардаг гэр хорооллын иргэдийг нийтийн тээврийн магистраль шугамд холбох шаардлагатай гэв.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​(COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 10

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

1. АНУ-ын Жон Хопкинсын их сургуулийн судлаачид Ухань хотын COVID-19 тохиолдлын халдварлалтын индексийг тогтоожээ. Улирлын томуугийн үед 1 хүн дунджаар 1.4-1.7 хүнд, COVID-19-тэй 1 өвчтөн 3-4 хүнд халдвар тараадаг гэж үзжээ. Ухань хотод хатуу хөл хорио тогтоосноор халдварлалтын индексийг 1-ээс бууруулсан байна. Иймд үр дүнтэй вакцин гартал хөдөлгөөнийг хязгаарлах, хөл хорио тогтоох, амны хаалт зүүх, зай барих зэрэг арга хэмжээ нь халдварт өртөх хүний тоог бууруулна гэдгийг тогтоожээ.

2. АНУ-ын “Sinai mount” эмнэлгийн эмч нар коронавирус хүний судасны дотор ханын эс (эндотел)-ийг гэмтээж, үйл ажиллагааг алдагдуулан цус харвалт үүсгэдгийг тогтоожээ.

3. БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн судлаачид Гуанжоу хотын ресторанд зэргэлдээ ширээнд сууж үйлчлүүлсэн хүмүүст судалгаа хийжээ. Тэдгээр нь 3 гэр бүлийн 10 хүн байсан бөгөөд бүгд COVID-19-өөр өвчилсөн байна. Уг ресторан нь агааржуулалтын системтэй ч цонхгүй байсан нь халдвар тархах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тиймээс ресторан, хоолны газар хүн хоорондын зайг 1.5-2 метр байлгах, цонхоор агаар сэлгэлт хийх нь COVID-19-ийн халдвар тархахаас сэргийлнэ гэж үзжээ.

4. Английн Кентийн их сургуулийн судлаачид COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн 36%-д коронавирус мэдрэлийн эсүүдийг гэмтээн, булчингийн сулрал, саажилт зэрэг мэдрэлийн өвчин үүсгэдгийг тогтоожээ. Ялангуяа залуу хүмүүст зарим тохиолдолд Гиллен-Баррын хам шинж(нүүр, гар, хөлний саажилт), энцефалит (тархины үрэвсэл) хүндэрдэг байна. Үүний улмаас альцхаймер, паркинсоны өвчин зэрэг хожмын үр дагавар гарч болзошгүй гэжээ.

5. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв Вашингтон мужийн ахмад настны асрамжийн газарт гарсан COVID-19-ийн дэгдэлтэд судалгаа хийхэд 56 хувь нь шинж тэмдэггүй балархай хэлбэрээр өвчилсөн байжээ. Асрамжийн газар, цэргийн хуаран, нийтийн байр зэрэг олон хүн байдаг газар шинж тэмдэггүй хэлбэрээр өвчлөл тархах эрсдэлтэй гэж үзжээ.

6. Их Британийн эмч нар Европын 20 оронд судалгаа хийж Д аминдэмийн дутагдал COVID-19-ийн халдвараар өвчлөх, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ. Иймд COVID-19 халдвараас сэргийлэх зорилгоор Д аминдэмийг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-05-08-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Д.ОЮУНХОРОЛ: “Алдарт эх”-ийн одонгийн босгыг бууруулснаар жилд дунджаар 4500 ээж шинээр одон авч байна

Д.Оюунхорол: Цалин тэтгэврийг нэмэх боломжтой

Алдарт эхийн одонгийн босгыг намсгаж дөрөв ба зургаан хүүхэдтэй эхчүүд алдарт эхийн одон авдаг болсон нь төрөөс төрөлт, хүн амын өсөлтийг дэмжсэн том алхам болсон. Энэ бол зүгээр нэг одон медаль, урамшуулап төдий зүйл биш цаана нь айл өрхийн амьдрал, өнөөгийн нийгэмд дутагдаад байсан хууль байсан юм. Тэгвэл энэхүү хуулийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол 2010 онд санаачлан батлуулсан байдаг.

Яагаад ?

Тав болон найман хүүхэдтэй эхчүүд авдаг байсан Алдарт эхийн одонгийн босгыг намсгаж, дөрөв ба зургаан хүүхэдтэй эхчүүд авдаг болсон нь төрөөс төрөлт, хүн амын өсөлтийг дэмжсэн том алхам болсон. Харин энэ хуулийг санаачлан, батлуулсан хүн нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш Алдарт эхийн I, II-р одон шинээр авах эхчүүдийн тоо жилд дунджаар 4,500 орчим хүнээр нэмэгдэж байгаа аж.

Эх үрсийн баяраар шинэхэн дээлээ одонгоороо чимсэн олон залуу ээжүүд Алдарт эхийн эгнээнд шилжиж, ах дүү, амраг садангаараа хүрээлүүлэн баярлаж байгааг харах үнэхээр сайхан. Хэрэв энэ босго өөрчлөгдөөгүй байсан бол өнөөдөр залуу гэр бүл гурван хүүхэдтэй л байх байсан болов уу. “Дөрвөн хүүхэдтэй одон авдаг болохоор тэр лүү л тэмүүлээд байдаг болсон” гэх залуу ээж ярихыг сонсоод урам авах хүн олон байх. Манай улсын хамгийн тулгамдсан асуудлын нэг болох хүн амын тоог нэмэгдүүлэхэд энэ хууль яах аргагүй чухал нөлөө үзүүлж байна.

“Алдарт эх” одонгийн түүхээс

Одоогоос 62 жилийн өмнө буюу 1957 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр “Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулиар Алдарт эх I, II одонг анх бий болгосон байна.

Энэ хуулийн дагуу найм ба түүнээс дээш хүүхэд төрүүлэн өсгөсөн эхэд Алдарт эх I одон, 5-8 хүртэл хүүхдэд төрүүлж өсгөсөн бол Алдарт эх II одонг, шагнал /100-200 төгрөг/-ын хамт олгож байхаар тогтоож, хүүхдийн тоо, наснаас хамааруулан тэдгээр эхчүүдэд улирал тутам 300-800 төгрөгийн тэтгэвэр олгодог байсан.

1990 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарлигаар “БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм”-ийг батлан, уг дүрмийн 3.17-д Алдарт эхийн I, II одонгоор шагнагдсан эхчүүдэд дагалдах мөнгөн шагнал олгож байсан. Энэ мөнгөн шагналын хэмжээг УИХ-ын 1996 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Алдарт эхийн I одон 40,000 төгрөг, Алдарт эхийн II одон 20,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлж байсан байна.

Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэвлэлд өгсөн ярилцлагандаа “…Жил бүрийн зургадугаар сарын 1-нд маш олон залуу гэр бүлүүд алдарт эхийн одонгоо аваад баярлаж байгааг харах үнэхээр сайхан. Хэрвээ хуучин шигээ таван хүүхэдтэй одон авдаг бол өнөөдөр залуу гэр бүл гурван хүүхэдтэй л байх байсан. Дөрвөн хүүхэдтэй одон авдаг болохоор тэр лүү л тэмүүлээд байдаг болсон гэж залуу ээж ярихыг сонсоод их л урамшиж байлаа. Энэ хууль бол яах аргагүй хүн амаа өсгөхийг бодлогоор оруулж өгч байгаа хэрэг. Нэг үе төрөлт багасч алдарт эхийн одон авах эхчүүдийн тоо мэдэгдэхүйц буурсан. Олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа эхчүүдийг дэмжих, урамшуулах, алдаршуулахыг хуулиар баталгаажуулж өгсөн нь ирээдүй хойчдоо оруулж буй хувь нэмэр юм” хэмээн онцолжээ.

Дашрамд дурдахад Д.Оюунхорол нь эмэгтэй гишүүнийхээ хувьд нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж нийгмийн хамгаалал, халамжийн цэгцтэй бодлого боловсруулахад гар бие оролцож, нийгмийн оршин тогтнох, хөгжих язгуур үндэс болсон гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалах, нийгэм, эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө 20 орчим жилийг зориулан ажиллаж байгаа нэр цэвэр, туршлагатай улстөрчийн нэг юм.

Categories
мэдээ нийгэм

Өнжмөл өвс шатаж, 80 настай иргэн түймэрт өртөж түлэгджээ

“Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 16 дугаар гудамжны задгай гэр шатаж байна” гэсэн дуудлагыг 2020.05.08-ны өдрийн 01:37 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 01:55 цагт очиж, иргэн Д-ын эзэмшлийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Гал түймэрт иргэн Д/56 настай, эрэгтэй/-ын гарын шуу, нуруу хэсгээрээ түлэгдсэнийг НТТТ-д хүлээлгэн өгчээ.

Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын-Амны задгайд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлага 202005.07-ны өдрийн 16:28 цагт ирж тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 16:30 цагт очиж, 0.7 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн А /80 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ түлэгдсэнийг НТТТөв-д шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөв

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж хуульчлан заасны дагуу өнөөдөр /2020.05.08/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгууллаа.

Улсын Их Хурал 2020 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүдийг томилсон тогтоолыг баталсан.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал Сайннямбуугийн Баатаржав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Барсүрэнгийн Баасандорж нарыг шинээр томилоод байгаа юм.

Эдгээр гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулж, ёслолыг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт удирдав.

Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.

Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөсөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдэд баяр хүргэе. Сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо ба гишүүд нь Үндсэн хуулиар баталгаажуулсан “…Иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох…” эрхийг гардан хэрэгжүүлэгч билээ.

Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэж байна.

Ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.

Ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, гишүүн Д.Баяндүүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөх Б.Хатантуул болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэг улс руу ирэх долоо хоногт захиалгат нислэг үйлдэхээр боллоо

Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр дээрх захиалгат нислэгийн талаар санал солилцсон юм.

Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд юм байна.


Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид болж өгвөл хамгийн том суудлын багтаамжтай онгоцоор нислэг үйлдэхийг судалж байна. Бидэнд тулгарч байгаа бэрхшээл нь Энэтхэг улсын өнцөг булан бүрт, олон хотод манай улсын иргэд тархан байршсан байна.

Тиймээс аль хэсэгт хамгийн ихээр хүн олноор төвлөрсөн байна, аль хот руу нислэг үйлдэх вэ зэрэг судалгаан дээр манай улсын улсын Улсын Онцгой комиссын Шуурхай Штаб, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яам ажиллаж байна. Энэ амралтын өдрүүдээр ирэх долоо хоногт захиалгат нислэгийн хугацааг товлон тодорхой болгох үүргийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабт өгсөн. Түүнчлэн, нислэгээр ирэх бүх иргэдийг шинжилгээнд хамруулах боломж нөхцөлийг ноён Элчин сайд таныг анхааралдаа авахыг хүсье” хэмээн онцоллоо.

Элчин Сайд М.П.Сингх “Ковид-19 халдварын цар тахлын талаар Монгол Улс үнэхээр сайн ажиллаж байгаа талаар ДЭМБ-ын мэдээллийг хараад баяртай байна. Энэ бол таны удирдлага болон танай хамт олны ач тус юм. Манай улс 41 хоногийн турш нэг тэрбум 300 хүнийг тусгаарласан. Бид Монгол Улс иргэнээ татан авах асуудлыг бүрэн дэмжиж байна” гэлээ.

Ташрамд дурдахад, БНЭУ-аас манай улсад 200 гаруй Энэтхэг иргэн ажиллаж амьдардаг байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.