Categories
мэдээ цаг-үе

Хар галуу саарал чонын үүрэг гүйцэтгэж загасны сүргийг эрүүл байлгадаг

Тураг гогой буюу “хар галуу” гэж нэрлэгддэг шувууны тухай сайн муу мэдээлэл жил бүрийн өдийд дэгддэг болоод удлаа. Энэ шувууны талаар Монголын шувуу хамгаалах төвөөс дараах албан ёсны мэдээлэл авлаа.

Тураг гогой нь 1758 онд анх шинжлэх ухаанд бүртгэгджээ. Хуучин ангилал зүйн хувьд Pel­icaniformes буюу Хотонтоны багт хамаардаг байснаа сүүлийн үеийн генетикийн судалгаагаар Suliformes ангилал руу оржээ. Одоогоор дэлхий дээр нийт 30 гаруй зүйл гогой бүртгэгдсэн бөгөөд тураг гогойн зургаан салбар зүйл ангилагдсан байна. Энэ багт бидний сайн мэдэх өрөвтас, пенгвин, гахууна гэх шувууд хамрагддаг. Гэхдээ хотонтой маш ойрын төрөл гэж судлаачид дүгнэсэн хэвээр бөгөөд магадгүй нэг өвгөөс гаралтай гэж үздэг аж. Тураг гогойн латин буюу шинжлэх ухааны нэрийг Phalacrocorax carbo гэдэг. Энэ нэр нь эртний грек үгнээс үүдэлтэй. Phala­cro гэдэг нь “халзан”, corax нь “хон хэрээ” гэсэн утгыг илэрхийлдэг.

Гогой бол дэлхийд өргөн тархалттай усны шувуудын нэг. Манай оронд анх 1881 онд судлаач Брезовский их нууруудын хотгорт анх тэмдэглэж Монгол орны шувууны жагсаалтад бүртгэгдсэн байдаг.

Монгол орноор 1913-1970 онуудад аялсан судлаачдын бүтээл, тэмдэглэлүүдийг үзэхэд нуурын мандлыг Тураг гогой хар хөшиг татсан мэт бүрхжээ гэсэн байдаг. Тиймээс энэ шувуу анх үүссэн цагаасаа буюу хэдэн сая жилийн өмнөөс бусад шувуудын адил байгалийн жамаараа өөрийн идэш тэжээлийн нөөц хүрэлцээг даган томоохон нууруудаар олноор сүрэглэн амьдарсаар ирсэн байна. Тэр ч бүү хэл Америкийн алдарт шувуу судлаач James Audubon гэх дэлхийн хамгийн анхны бөгөөд өнөөгийн хүчирхэг Шувууны нийгэмлэгийг үүсгэн байгуулсан хүн 1820 оны 12 дугаар сард Миссиппид хэдэн сая тооны давхар согсоот гогойг нүүдлийн үед нь тоолж баримтжуулж байсан аж. Дэлхий дээр дунджаар хоёр сая тураг гогой байдаг гэсэн үнэлгээ байгаа. Тураг гогойгоос гадна загасаар хооллодог өчнөөн зүйлийн хэдэн сая шувуу, махчин амьтад байдаг бөгөөд тэд олон зуун жил загасаа идсээр л ирсэн.

Тураг гогойны идэш тэжээлээ барьж идэх гайхалтай авьяаслаг ангууч зан төрхийг нь ашиглан Япон болон Хятад зэрэг улсууд гаршуулж сургасныг хүмүүс “Гогойг Хятадууд үржүүлж гаргаж авсан шувуу” гэж буруу ойлгох нь бий. Тураг гогой байгаль дээрээ зэрлэг загасны популяци, тоо толгойд сөргөөр нөлөөлсөн судалгааны үр дүн өнөөг хүртэл гараагүй. Бүр эсрэгээрээ Өмнөд Австралид шувуу судлалын байгууллагууд тураг гогойг хамгаалах шаардлагатай гэж үздэг. Учир нь тураг гогой тус тивийн toadfish болон leather­jacket гэх хоёр зүйл загасаар голдуу хооллож, тэдний тоо толгойг хянаж зохицуулж байдаг гэнэ.

Учир нь дээрх хоёр загас бусад бүх зүйл жижиг биетэй загаснуудынхаа түрсийг их хэмжээгэр иддэг хөнөөлтэй аж. Ер нь тураг гогой байгаль дээрээ загасны популяцид сөрөг нөлөө байдаггүй талаар олон судалгаа, олон докторын ажлууд байдаг.

Сүүлийн үед энэ шувууны эд эрхтэн хүний биед сайн гэх худал хуурмаг мэдээлэл явах болсон. Ийм худлаа мэдээлэл түгээж бусдыгаа хорлож болохгүй, тураг гогой бол ангаахай бойжуулдаг шувуу. Өөрөөр хэлбэл, махчин шувууд шиг үүр хэвтшээ удаан хугацаанд ашигладаг онцлогтой юм. Ийм төрлийн шувууд эндо болон экто празит ихтэй байдаг. Тиймээс ангаахай гаргадаг шувуудыг хүмүүс агнадаггүй ажээ.

Амьтан судлаач Г.Амарсанаа “Өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд ОХУ-ын Улаан-Үд хотноо Буриадын Засгийн газарт хар галуутай холбоотой хуралдаан болсон. Энэ хуралдаан дээр “Титан групп” компанийн захирал, “Байгаль” загасны үйлдвэрийн тэргүүн Вадим Бредный Оросын Загасны аж ахуй эрхэлсэн дарга Илья Шестаковт хандан хар галуунуудыг устгаж, омуль загасыг аврахыг уриалсан байна билээ. Түүний хэлснээр “ЗХУ-ын үед хар галууг байнга устгадаг байсан тул Байгаль нуурт энэ галуу байдаггүй байсан бөгөөд үүний ачаар Байгаль нуурын омуль загасны популяци маш их сэргэсэн. Дайны дараах жилүүдэд хар галуу бүрмөсөн устсан. Гэтэл одоогоос 15 жилийн өмнөөс Байгаль нуур хар галуутай болж тоо толгой нь өссөөр байгаа учир энэ шувууг яаралтай устгах хэрэгтэй байна. Би зун, өвлийн аль алинд нь загасчлахаар явдаг. Энэ үеэр энэ муухай шувуу гүехэн усанд ч гүнзгий усанд ч загасыг хэрхэн хайр найргүй устгаж байгааг байнга хардаг” гэсэн байна. Харин шувуу судлаач эрдэмтэн Виталий Рябцев “Хэн ч хар галууг устгаж байгаагүй, энэ бол Байгаль нуурын ердийн шувуу юм. Хар галууны тоо толгой маш их байхад омулийн тоо толгой ч их байсан. Хар галууны тоо толгой, колони маш их байсан тул дайны жилүүдэд фронтын хэрэгцээнд зориулж махаар нь консерв хийх хүртэл санал гарч байсан. Хар галуунаас болж омуль загас цөөрсөн юм биш. Хүмүүсээс болж цөөрсөн. Тороор хайр найргүй барьснаас болж омуль төдийгүй цурхай, алгана зэрэг бусад загасны тоо толгой ч эрс цөөрөөд байна” гэжээ. Бизнес эрхлэгч Вадим Бредный “Хэрэв шувуу судлаач эрдэмтдэд энэ шувуу тийм хэрэгтэй юм бол мянга, хоёр мянгыг нь үлдээе л дээ. Гэтэл одоо хар галуу хэдэн зуу биш юм гэхэд хэдэн арван мянга байна. Энэ бол амьдралын үнэн, амьдралын хатуу ширүүн үнэн” гэж хэлжээ. Харин шувуу судлаачид “Нэгдүгээрт, одоо байгаа хар галууны тоо толгой харин ч маш бага байна. Дайны өмнө маш их байсан. Хоёрдугаарт, амьтдыг байгальд хэр их үлдээхийг хүмүүс бид шийдэх ёсгүй. Харин байгаль өөрөө энэ асуудлыг биднээс илүү сайн мэдэж шийддэг ” гэжээ. Мөн шувуу судлаач эрдэмтэн Виталий Рябцев “Хар галуу загасчдын өмнө ямар ч буруугүй шүү” гэж хэлснээр энэхүү шувууг устгах санаархал цуцлагдсан байна билээ.

Үүнээс харахад хар галуу нуур, усанд саарал чонын үүрэг гүйцэтгэж загасны сүргийг эрүүл байлгадаг гэдэг нь тодорхой байна. Бид саарал чоноо устгаж чонын хоол болдог амьтдаа өвчинд нэрвүүлэн тоо толгойг нь эрс цөөрсний дараа чоно сэргээн нутагшуулсан баруун Европын туршлагыг нуур, усандаа давтах гээгүй л юм бол хар галууг ад үзэхээ болих хэрэгтэй байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын дарга Т.Бадрал Хэнтий аймагт ажиллалаа

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзлаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийлээ. Шинэ коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан.

Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр оруулж дэмжүүлээд байгаа юм. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай зохицуулалтуудыг тусгасан бөгөөд хууль батлагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болох юм гэж онцоллоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурдаад алба хаагчид ч ажиллах орчин нөхцөлөө сайжруулах, дотоод нөөц бололцоогоо ашиглан нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд идэвх санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын Захирагч С.Амарсайхан Багануур, Налайх дүүрэгт ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Багануур, Налайх дүүрэгт ажиллалаа.

Ажлаа Багануур дүүргээс эхэлсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар алслагдсан гурван дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвартай сайтай автомашины асуудлыг шийдвэрлэж өгч байгаа юм. Өмнө нь Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай автомашины асуудлыг шийдвэрлэж өгсөн бол энэ удаа Багануур дүүргийн Онцгой байдлынханд автомашиныг ийнхүү өгч байна. Ингэснээр тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн ажил үүргээ түргэн шуурхай гүйцэтгэх нөхцөл боломжоор хангагдаж байгаа юм.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс дүүргийнхээ 30 гаруй мянган хүн амд гамшгаас хамгаалах үйл ажиллагаа үзүүлэхээс гадна зэргэлдээ Хэнтий, Төв аймгийн сумдын дуудлагад хүрч ажилладаг. Одоогийн байдлаар гал унтраах, аврах ажиллагааны болон ой хээрийн түймэртэй тэмцэх автомашинаар үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга П.Батбаяр хэлж байлаа.

Мөн энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа техник тоног төхөөрөмжийн чадал өнгөрсөн оны судалгаагаар 55 хувьтай байна. Багануур дүүргийн хувьд хүчтэй салхи, малын гоц халдварт өвчин, ой хээрийн болон объектын түймэр, үер усны болон автын осол их гардаг. Ийнхүү тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст тулгамддаг автомашины асуудалд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан онцгой анхаарч, шийдвэрлэж өгсөнд удирдлагын зүгээс талархалтай байна” хэмээн онцлов.

Багануур дүүргийн 4 дүгээр хороо тэргүүний хороогоор шалгарлаа

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд дүүрэг, хороодын алба хаагч, хэсгийн ахлагч нарын оролцоог нэмэгдүүлэх, хотын стандарт, дүрмийг мөрдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх чиглэлээр болзолт уралдааныг зохион байгуулсан билээ. Харин Багануур дүүргийн 4 дүгээр хороо стандартын хэрэгжилтийг таниулах, мэдээллэх, сурталчлах, хийж хэрэгжүүлж байгаа ажилд стандартыг мөрдүүлэх, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудад бусдыгаа манлайлж ажилласан учир ийнхүү тэргүүний хороогоор шалгараад байна.

Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, идэвхи санаачилгатай ажилласанд тус хорооны ажилтнуудад баяр хүргэлээ. Цаашид ч хотын стандарт, нормыг мөрдүүлж, үлгэр жишээ ажиллахыг хүслээ.

100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэллээ

4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлж байгаа аж. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 25 жил гэр цэцэрлэг ажиллаж байсан энэ газар төвлөрсөн шугамд холбогдсон, тохь тухтай, стандартын шаардлага хангасан 100 хүүхдийн цэцэрлэгийн ажлыг эхлүүллээ. 132 дугаар цэцэрлэгт 4 бүлгийн 100-аад хүүхэд 8 гэрт сургуулийн өмнөх боловсролыг эзэмшдэг байсан юм. “Жил гаруйн өмнө 320 хүүхдийн суудалтай бага сургууль ашиглалтад орсон. Мөн гэр хороололд 194 дүгээр Канад цэцэрлэг бий. Ингэснээр гэр хорооллын хүүхдүүд сургууль, цэцэрлэг рүү хол замд явдаг байдал өөрчлөгдөж, дэргэдээ сургууль, цэцэрлэгтэй болж байна. Энэ бүгдийг шийдвэрлэж өгөхөд нийслэлийн Засаг дарга анхаарч ажилласанд Багануур дүүргийн иргэдийн өмнөөс талархалтай байна” хэмээн Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хэлсэн юм.

Харин хотын Захирагч С.Амарсайхан цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгч компанийнханд хандан барилгын ажлыг стандарт, нормын дагуу чанартай, цаг алдалгүй барих ёстойг сануулж байлаа. 100 хүүхдийн тус цэцэрлэгийг есдүгээр сарын 1 гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа юм.

1.2 км авто замын ажил хэвийн үргэлжилж байна

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ЖДҮД төвийн урд уулзвараас Шунхлай ШТС хүртэлх хатуу хучилтай 1.2 км авто замын ажлын явц хэвийн үргэлжилж байна. Авто замын ажлыг гэрээний дагуу долоодугаар сард хүлээлгэж өгөх ёстой ч зургаадугаар сард дуусган хүлээлгэн өгөх бүрэн боломжтойг гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэлж байв. Энэхүү авто замыг барьснаар авто замын сүлжээ бий болж, иргэдийн тав тухтай, аюулгүй байдал хангагдаж, улмаар Багануур дүүргийн төв замын хөдөлгөөний ачааллыг хуваарилах боломж бүрдэнэ. 1.2 км авто замын хоёр талд гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийх юм. Авто замын гүйцэтгэгч компаниудын ажил сайн байгааг хотын Захирагч хэлээд, цаашид чанар, стандартад улам анхаарч ажиллах ёстойг санууллаа.

Налайх дүүргийн удирдлагуудад тохижилтын ажилд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа

Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвар буюу налайхчуудын хэлж заншсан Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэл шинээр баригдаж байгаа 4.4 км авто замын ажлын явцыг шалгалаа. Тус ажлыг “ЗБИБ” ХХК, “Моторсервиз” ХХК хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд эхний ээлжийн 2.3 км авто замын зорчих хэсгийг ирэх сарын 15-нд нээхээр ажиллаж байна. Авто замын ажилтай холбогдуулан одоогоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулаад байгаа юм.

Хотын Захирагч Налайх дүүрэгт ажиллах үеэрээ 10 шар байрны шугам сүлжээний өргөтгөл, гаднах тохижилтын ажлыг шалгалаа. Гүйцэтгэгч компанийн хувьд шугам сүлжээний ажлыг хийх явцдаа байрны гаднах талбайд хог шороогоо овоолох, нүх ухсан иргэд, оршин суугчдын явах замд эрсдэл үүсгэж, саад учруулж болзошгүй мод, чулуу тавих зэрэг асуудлыг гаргаж байгааг хотын Захирагч шүүмжиллээ. Аливаа ажлыг хийхдээ иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байхад анхаарч ажиллах ёстойг сануулж, уг асуудлыг цэгцэлж, хяналт тавьж, ажиллах үүргийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон Налайх дүүргийн удирдлагуудад өглөө.

Нийт 1.5 км дулааны цэвэр, бохир усны шугам, төв дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийснээр 20 байрны 2000 гаруй оршин суугчид найдвартай дулаан хангамжид холбогдоно.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д 10,600 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын нийт тохиолдлын тоо 188 мянган орчим болжээ

Шинэ коронавирусийн тархалт дэлхий дахинд ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн тоогоор АНУ, Испани, Итали, Их Британи, ОХУ, Бразил зэрэг улс тэргүүлж байна. Өчигдөр ОХУ-д 10,600 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын нийт тохиолдлын тоо 188 мянган орчим болжээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “БНСУ-ын Сөүл хотын Итавон дүүргийн шөнийн клубээс голомтот халдвар гарсан байж болзошгүй талаар тус улс Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн байна.

COVID-19-ийн халдвартай хүн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байх үедээ тавдугаар сарын 2-ны өдөр Итавон дүүргийн шөнийн клубүүдээр үйлчлүүлжээ. Уг тохиолдлоос одоогоор 15 хүнд халдвар дамжсан нь тогтоогдсон.

Дөрвөн цагийн хугацаанд хоёр дэлгүүр, таван баар, клубээр үйлчлүүлсэн тухайн иргэний зам мөрийг гаргаж, олон нийтэд зарлан тэдгээр байгууллагаар үйлчлүүлсэн хүмүүсийг гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөмж болгосон.

Тухайн тохиолдлын үйлчлүүлсэн газруудад нийтдээ 1,500 гаруй хүн үйлчлүүлсэн бөгөөд төлбөр хийсэн карт хэрэгслээр нь хайн илрүүлэх ажиллагааг эрчимтэй хийгдэж байгаа юм.

Үүнээс улбаалан тус улсад үйл ажиллагаа явуулж буй баар, цэнгээний газруудыг нэг сарын хугацаанд зогсоохыг эрх баригчид зөвлөмж болгосон” гэлээ.

Судалгааны үр дүн:

Хонг Конгийн нэгэн судалгаа “Lancet” сэтгүүлд хэвлэгдсэнийг тэрбээр мөн мэдээлэв. Тодруулбал судалгааны үр дүнд вирусийн эсрэг үйлдэлтэй гурван эмийг дархлаа дэмжих эмтэй комбинаци болгон хэрэглэхэд эдгэрэлт түргэн байжээ.

Туршилтад ХДХВ-ийн эсрэг эм ритонавир, лопинавир эмийн комбинаци болон калетра эмийг хамтад хэрэглэсэн байна.
Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах дадлага сургуульд 20 мянган албан хаагч оролжээ

Монгол Улс “Covid-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний дадлага сургууль”-ийг энэ сарын 6-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Дадлага сургуульд 21 аймаг, нийслэл, сум, дүүрэг, гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентлаг, төрийн цэргийн байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, НҮБ, хүмүүнлэгийн багууллага, хуулийн этгээд зэрэг 60 гаруй салбар нэгжийн 20 гаруй мянган ажилтан, албан хаагч цахимаар оролцжээ.

Улсын хэмжээнд халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг 3 шат, 3 үетэйгээр зохион байгуулсан юм.

Дадлага сургуулиар Монгол улсад цар тахал дэгдсэн үеийн салбар дундын хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний тактик, төлөвлөлт, нөөц бүрдүүлэлт, эрсдэл болон чадамжаа үнэлэх зэрэг олон асуудлыг тодорхой болгон шийдвэрлэснээрээ ач холбогдолтой байлаа гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголбанк мэдэгдэл гаргав

Монгол Улс Европын Холбооны хар жагсаалтад орсон гэх асуудлаар Монголбанкнаас мэдэгдэл гаргав. Дээрх асуудлыг Европын Холбоо төслийн түвшинд хэлэлцэж байгаа бөгөөд албан ёсны шийдвэр гараагүй байгааг мэдэгдэлд дурджээ.

Мэдэгдэлд

“Европын Холбооны Комиссоос 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний талаар бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж байна. Энэ хүрээнд тус холбооноос “стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтад Монгол Улсыг оруулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлдээ Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орон”-ы жагсаалтад багтсан улсыг шууд Европын холбооны жагсаалтад оруулах зохицуулалтын төслийг боловсруулсан талаар дурдсан байна.

Европын холбооноос боловсруулж байгаа бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд Европын Парламент болон Зөвлөлөөр 1-2 сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох юм. Ийнхүү төслийг баталсан тохиолдолд Европын холбооны жагсаалт албан ёсны шийдвэр болж 2020 оны 10 дугаар сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг мэдэгдэлд дурдсан болно.

Монгол Улсад 2015 онд хийсэн Харилцан үнэлгээнд үндэслэн ФАТФ-ын мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр оруулснаас хойш өгөгдсөн үүрэг даалгаврын 50 хувийг амжилттай биелүүлсэн болохыг ФАТФ-ын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар баталгаажуулсан билээ. Одоогоор Монгол Улс 5 дугаар сард болох Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар үлдсэн ажлын тайлангаа хэлэлцүүлж, хамгаалахаар ажиллаж байгаа бөгөөд хурлаар үлдсэн ажлуудыг амжилттай хамгаалснаар 2020 оны 10 дугаар сард багтаан ФАТФ-ын стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах нөхцөл бүрдэнэ.

ФАТФ-ын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дүрэм, журам, бодлогын шийдвэр гаргах үйл явц болон хяналтын үйл ажиллагаа нь бие даасан, хараат бус байдаг. Өөрөөр хэлбэл Европын Холбооноос хамаардаггүй болохыг Монгол Улсад албан ёсоор мэдэгдсэн тул саарлаас хар жагсаалтад орсон, эдийн засаг болон санхүүгийн харилцаа зогсох мэтээр мэдээллийг гуйвуулан, олон нийтийг төөрөгдүүлэх зэргээр аливаа зүй бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

Цаашид Монголбанк мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, олон улсын байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны бүхий л мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллах болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн ii дайны ялалтын 75 жилийн ойд

Улаан армийн хэрэгцээнд зориулан морьд худалдаж, бэлэглэх нь монголчуудын тусламжийн томоохон хэсэг байлаа.

Дэлхийн хоёрдугаар дайн нь зөвхөн моторын дайн байсангүй, бас морьт цэргийн сүүлчийн том дайн байв. Иймээс Улаан армийн хэрэгцээнд зориулан агт худалдаж авах саналыг ЗХУ-ын зүгээс тавьсан бөгөөд ЗХУ-ын Улсыг Батлан хамгаалах Хорооны 1942 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1105 тоот тогтоолоос үзвэл “ …БНМАУ-аас 375000 морьд худалдан авах даалгавар”-ыг ГХАК-д өгчээ. Харин хоёр тал тохиролцсоноор худалдан авах морьдын тоог 94000 болгон багасгасан аж.( Российско-Монгольское военное сотрудничество. Часть II, с.254.) Эл зорилтыг амжилттай биелүүлэх хөрс дэвсгэр нь зөвлөлтийн Улаан армид хэрэгцээтэй бүхнээр нь туслах хэмээсэн монголын малчин ардын хүсэл эрмэлзэл байсан нөхцөлд 1942 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, Ардын СнЗ-ийн хамтарсан хурлаас малчин ардуудаас улсаас тогтоосон үнээр морьд худалдан авах тогтооолыг гаргажээ. Тогтоолд уг гүйцэтгэх арга хэлбэр, хариуцах байгууллага, морьдыг тэнцүүлэх шалгуур, худалдан авах үнэ зэрэг холбогдох бүхий л асуудлыг нарийн тодорхой заахын хамт уг ажил дээр албадаж хавчихгүй, завхрал нугалаа гаргахгүйгээр тус улсын хөдөлмөрчин ард түмний улс төрийн оргилсон идэвх хөдөлгөөнийг гаргуулан сайн дурын журмаар явуулахыг бүх аймаг, сумдын захиргаад, намын байгууллагад анхааруулсан байна.( МУҮТА. ТБТ.ф.1, д.3, хн.71, тал 155-158.) Эл ажил хэрхэн эхэлсэн тухай Хоршоодын Төв Холбоо, Агт бэлтгэх Төв комиссоос 1943 оны 1 дүгээр сарын 12-нд МАХН-ын Төв Хороо, СнЗ-д ирүүлсэн “1942 онд Улаан армид зориулан морьд бэлтгэсэн хийгээд бэлэглэлийн дүнгийн тухай” илтгэлд дэлгэрэнгүй дурдсанаас үзвэл: 1942 оны 7 дугаар сарын 15-наас эхлэн Дорнод, Хэнтий, Дорноговь, Жавхлантшарга, Төв аймагт морьд худалдан авах буудал 14-ийг байгуулж, тэдгээрийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд төсөв зардлыг тусгайлан гаргаж, орон сууц, агтны хашаа, уяа, ногт, пайз зэргийг дутагдал үгүй бэлтгэж, буудлын дарга нарт заавар өгч, шаардагдах гарын авлага, материалаар хангажээ Цаашид буудлуудыг шилжүүлэх, нэмж байгуулах зэргээр зохион байгуулан ажилласнаар морь малаар туслах хэмээсэн малчин ардын санаачлага зохион байгуулалтай хөдөлгөөн болон өргөжин дэлгэрчээ. 1942 онд улсын хэмжээнд 13 аймгийн 215 суманд морьд худалдан авах ажил хийгдэж, гэрээ ёсоор 94000 морьд бэлтгэхээс 104067 морьдыг тэнцүүлэн, төлөвлөгөөг 110,7 хувиар биелүүлжээ. Тэдгээрийн дотроос Сэлэнгэ, Увс, Дорнод, Ховд аймаг, нийт 51 сум төлөвлөгөөг давуулан биелүүлжээ. Худалдахын зэрэгцээгээр малчин ардууд өөрсдийн сайн дураар 6417 агт бэлэглэжээ.

Ард олноос морьд бэлэглэхийг хүссэн захидал хүсэлт, бэлэглэсэн морьдын талаархи илтгэл мэдээ хэдэн арваараа бий. Тухайлбал, 1942 оны тайланд Увс аймгийн Хяргас сумын ард 18 настай Бизьяа морь 50, гүү 14-ийг үзүүлж, тэнцсэн морь 30, гүү 2-ыг худалдаж, шилдэг сайн 3 морийг, Жавхлантшарга аймгийн Дархан сумын 2 дугаар багийн дарга Тарав 20 морийг худалдаж, 400-1000 төгрөгийн үнэтэй таван жороо морь, Завхан аймгийн Их-Уул сумын ард Гарьд 76, Говь-Алтай аймгийн малчин Ж.Бавуу 55, Ховд аймгийн Дарви сумын Ядам 50, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наваан 43 морийг тус тус бэлэглэснийг дурдсан бол 1943 оны мэдээнээс Завхан аймгийн Дөрвөлжин сумын ард Дорлиг 55, Булган аймгийн Булнай сумын ард Дашням 50, ард Хишигбазар 30, Увс аймгийн Тэс сумын ард Бардоо 49 морь бэлэглэсэн гэх зэргээр урт жагсаалт гаргаж болно.

Түүнчлэн дайн дуустал, жил дараалан морьд бэлэглэх санаачлагыг ч гаргаж байсан жишээ олон бий. Дайны сүүдэр өрх бүрт тусаж, монголчууд өөрсдөө дутагдах гачигдахын хүндийг амсаж байсан ч малчин ардууд агт морьдоо авчирч, үзлэгт тэнцсэнийг зах зээлийн ханшнаас үлэмж доогуур тогтоосон үнээр худалдаж, бэлэглэж байлаа. Сайн морьдоо бэлэгдэхдээ хэн ч гар татаж байгаагүй бөгөөд авчирсан морьд нь үзлэгт тэнцээгүй тохиолдолд бие мөнгөөр туслах нь элбэг байжээ. Энэ тухай “…ардууд морь худалдах, бэлэглэхдээ хувийн ашгийг бодсон явдал үгүй, тэд өөрсдийн сайн дураар эрүүл чийрэг, нас, хэмжээний хувьд таарч тэнцэх, цэргийн уналга ачлагад тохирох морьдоо авчирч худалдаж байна. Энд ямар нэгэн албадлага үгүй” хэмээн сонин хэвлэлд бичиж байв. Ард олон морьдоо худалдаж бэлэглээд зогсохгүй тэднийг тууварлан, дамжлага баазуудад хүргэх ажлыг ч мөн гүйцэтгэж байв.

Морьдыг улсаас тогтоосон үнээр худалдан авах(МУҮТА.ТБТ. ф.1, д.3. хн.156, тал 76-85,111), морь бэлэглэгсэд(МУҮТА.ТБТ. ф.1, д.3. хн.149, тал 65-68,) ба тууварчдыг(МУҮТА.ТБТ. ф.1, д.3. хн.148. тал 367-368.) шагнаж урамшуулах дүрэм журам удаа дараа гарч Төв Хороо, Засгийн газрын төлөөлөгчид орон нутагт томилогдон ажиллан(МУҮТА.ТБТ. ф.1, д.3. хн.149, тал 378-379.), төрийн захиргаа, нам, эвлэлийн байгууллагууд бүх шатандаа онцлон үзэж, ухуулга таниулгыг өргөн дэлгэр явуулж байсан нь ард олны урам зоригийг бадрааж, тэднээс морьдоо худалдах, бэлэглэх ажлыг өргөжүүлжээ. Үүний дүнд ЗХУ, Улаан армид зориулан морьд бэлтгэх гэрээт ажлыг монголын тал амжилттай биелүүлж байв.

1944 оны 1 дүгээр сарын 14-нд БНМАУ-ын элчин төлөөлөгч Ж.Самбуугаас ЗСБНХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссиаратад илгээсэн бичигт “…Улаан армид зориулан бэлтгэсэн агт 128.378, ард олноос бэлэглэсэн 9513, чөлөөлөгдсөн нутгуудад илгээсэн 5567 тооны морьд замд яваа”40-г мэдэгдсэн нь 1943 оны бэлтгэлийн дүн болох бөгөөд нийтдээ 183 сум бэлтгэлийн төлөвлөгөөг 100 хувь биелүүлжээ. 1944 онд 202 сум мөн адил ажилласан байна. Морьд бэлтгэж эхэлснээс хойш Монгол улс жил бүр 100 мянгаас доошгүй тооны морьдыг ЗХУ, Улаан армийн хэрэгцээнд нийлүүлж байжээ.

Монголоос ирсэн морьдыг цэргийн агтанд хэрэглэхээс гадна 1944 оноос эхлэн улс ардын аж ахуйн хэрэгцээнд, сангийн аж ахуй, хамтралуудад хувиарлаж байжээ.

Зөвлөлтийн Эх орны дайны үед БНМАУ-аас худалдсан ба бэлэглэсэн морьдын талаархи дүн мэдээ зөрөөтэй бөгөөд “Үнэн” сонины 1965 оны 5 дугаар сарын 19-ний дугаарт нийтлэгдсэн “…Зөвлөлтийн эх орны дайны үед БНМАУ 485.000 морьд худалдаж, 32,5 мянган агт бэлэглэсэн” гэсэн мэдээг үндэслэн хагас сая гаруй гэх тоог ихэнх ном бүтээлд дурдаж иржээ.

Харин Оросын талын баримтуудад өөр дүнг өгүүлдэг. Тухайлбал, ЗХУ-ын Элчин төлөөлөгч И.А.Ивановаас 1945 оны 3 дугаар сарын 14-нд ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотовт илгээсэн илтгэх хуудсанд “…БНМАУ нь ЗХУ-д 460000 хүртэлх тооны морьдыг илгээсэн”(Российско-Монгольское военное сотрудничество. Часть II, с. 258.) гэсэн бол ЗХУ-ын Зэвсэгт хүчний яамны Гадаад харилцааны хэлтсээс 1947 оны 5 дугаар сарын 30-нд бэлтгэсэн “Дэлхийн хоёрдугаар дайны үеийн ЗСБНХУ ба БНМАУ-ын харилцан туслалцааны тухай” хэмээх баримтад “…Эх орны дайны үед БНМАУ-ын Засгийн газар ЗХУ-д улсын үнээр (150-200 төгрөг) 437189 морьд худалдсан нь нийтдээ 88 сая төгрөг, мөн 20 орчим мянган морьдыг бэлэглэсэн нь 3.876.560 төгрөг болсон”(Российско-Монгольское военное сотрудничество. Часть II, с.262.)-ыг тэмдэглэжээ. Эдгээрээс үзвэл, Монголоос очсон морьдын тоо 460000 орчим болох аж.

Бэлэглэсэн морьдын тухайд, монголын талын сурвалжуудад буй 1942 онд 641743, 1943 онд 951344, 1944 онд 1085545 морьд бэлэглэсэн гэсэн мэдээг нэгтгэвэл 26785 болно. Харин ЗСБНХУ-ын ГХАК-ын Алс Дорнодын 3-р хэлтсийн ажилтан М.Ш.Бахитовын гаргасан мэдээгээр “1944 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар БНМАУ-ын ардууд 20976 морьд бэлэглэсэн”(Российско-монгольское военное сотрудничество. Часть II, с. 254.) гэжээ. Дээрхи мэдээнүүдэд 1945 он багтаагүй тул бүрэн тоо хэмээхэд учир дутагдалтай. Монгол, Оросын талын эх сурвалжийн мэдээний зөрүүг гаргах боломж судалгааны өнөөгийн төвшинд хүндрэлтэй бөгөөд цаашид хоёр орны архивуудад хадгалагдаж буй арвин их баримтыг харьцуулан судалж, нягтлах үед илүү тодорхой болно. Гэхдээ тооны зөрөө гол бус бөгөөд харин Монголоос очсон морьд байлдаж буй Улаан армийн агтыг сэлбэж, тэдний ялалтад хувь нэмрээ оруулсан нь чухал юм. Энэ тухай Улаан армийн морьт цэргийн нэрт дарга, генерал И.А.Плиев “…1941 оны өвөл Москвагийн дэргэд, морин цэргийн Гвардийн 3 дугаар дивизэд морьд маш их хэрэгтэй байсан цагт монголчууд дуртайяа тусалж, Монголын унамгай жижигхэн морьд танктай зэрэгцэн Берлин хүрсэн”(Ахан дүүсийн захидал.(Монголоос фронтод, фронтоос Монголд). УБ.,1985. тал 12.)-ийг бахархан бичиж, Морин цэргийн Гвардийн 1 дүгээр корпуст Монголоос бэлэглэсэн 1500 морьд агтныхаа ихэнхийг дайны тэргүүн фронтод алдсан тэдэнд асар их тус болсныг уг корпусыг командлагч маршал И.Баграмян онцлон тэмдэглэжээ.( БНМАУ-ын түүх. Гуравдугаар боть. УБ.,1969. тал 483.)

Монгол морьд тэсвэр шандсаараа улаан армийн дайчдыг бишрүүлж, хүнд техник туулахад бэрх намаг шавар, цасан хунгарыг гатлан зүтгэж, гал утаа, суман шуургыг сөрч, агаарын Берлин хүрсэн их давшилтын замд эзнээ явгалаагүйг ахмад дайчид олонтаа өгүүлж, хахир хүйтэн цагт цасан доороос ч өвс хоолоо олж иддэг, жүчээний адуунаас эрс өөр, унасан эзэндээ туйлын дасамгай монгол морьдынхоо ачаар амь өрссөн тулаанаас эсэн мэнд гарч байсан үнэн түүх бий. Зөвлөлтийн Эх орны дайны үед Улаан армийн агтанд байсан 5 морь тутмын нэг нь “монгол морь” байсан тухай Оросын өнөөгийн судлаачид бичиж, “Монголын морьдын лизинг” хэмээх өгүүлэл хэдэн жилийн өмнө олон нийтийн сүлжээнд тавигдаж, хүнд бэрх цагт хамт байсан Монгол орон, монголчуудын чин сэтгэл, тус дэмийг мэдэж авснаа илэрхийлсэн эерэг сайхан сэтгэгдлүүд ч гарчээ. Ийнхүү ялалтыг авчрахад хүн, хүчит техникийн зэрэгцээгээр морьд мөн зүтгэж байсны тоонд монгол морь багтаж, эх нутгийнхаа нэрээр “монголка” хэмээгдэн түүхнээ мөнхөрчээ.

Монголчууд цэргийн агтанд төдийгүй чөлөөлөгдсөн нутгуудад үржлийн морь малаар тусалж байлаа. МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 1943 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хамтарсан хурлаас “Германы фашист нарын түрэмгийлэн эзлэгчдээс хохирлыг хүлээсэн ЗХУ-ын районууд, ард түмэнд тусламжийг үзүүлэх тухай” тогтоолыг гаргаж, эл хэрэгт оролцогсдыг Улаан армид морьд бэлэглэсэнтэй адилд үзэж урамшуулахыг заажээ. Энэ дагуу 1943 онд зөвлөлтийн чөлөөлөгдсөн нутгийн хамтралуудад Увс, Өвөрхангай, Дорноговь аймгаас 3800; 1944 онд Белорусст 5597 морьдыг тус тус бэлэглэжээ. 1944 оны 10 дугаар сарын 16-наар өдөрлөсөн нэгэн баримтад БНМАУ чөлөөлөгдсөн нутгуудад 41334 толгой мал илгээсэн гэж тэмдэглэжээ. 1945 онд үржлийн үхэр 1211, хонь ямаа 40 гаруй мянгыг шилжүүлэн өгсөн гэж мэдээлжээ. Дайны дараа ч энэ хэлбэрийн тусламж үргэлжилж 5 сая төгрөг, олон мянган мал тусалсан тухай сонин хэвлэлд бичиж байв. (Ерөнхий редактор С.Чулуун, Эмхтгэгчид: Н.Хишигт, Ч.Дашдаваа, Ч.Болд, Ч.Баасанжаргал. Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө. 2015.УБ., )

Image may contain: one or more people, people walking, sky, hat, outdoor and natureImage may contain: people standingNo photo description available.

Categories
мэдээ нийгэм

Агнахыг хориглосон үед зөвшөөрөлгүйгээр 74 ширхэг Сазан загасыг худалджээ

Загас агнахыг хуулиар хориглосон үед худалдсан зөрчил гарчээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багт түр оршин суух эрхтэй БНХАУ-ын иргэн А нь 2020 оны тавдугаар сарын 1-ний өдөр буюу хориотой үед зохих зөвшөөрөлгүйгээр 74 ширхэг Сазан нэршилтэй загас худалдан авсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8 зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд буюу үржлийн үед нь загас агнахыг хориглохоор тусгасан байдаг.
Categories
мэдээ цаг-үе

Халдвартай хүн битүү орчинд найтаахад вирустэй дусал 7.9 метр хол цацагддагийг тогтоожээ

Хэрвээ Монгол Улсад коронавирусийн халдвар тархвал хүн амын 0.5-1 хувь буюу 15-30 мянган хүн энэ вирусээр халдварлагдана гэдэг тооцооллыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанаас гаргасан. Түүнчлэн 150 мянган хүн халдвар авлаа гэхэд нийт тохиолдлын 80 хувь нь хөнгөн, 15 хувь нь хүнд, үлдсэн таван хувь нь маш хүнд хэлбэрээр өвдөж, нас баралт өндөр болох аж.

Дэлхий нийтийг хамарсан иймэрхүү үзэгдлийн математик загварыг гаргаад тархалтын цар хүрээ, хурдыг тооцоолоход хялбар гэдгийг манай математикчид онцолсон. Уханьд гарсан халдварын тоон үзүүлэлтүүдэд суурилаад хялбар загварыг гаргахад, 1.4-ийн зэрэгтийн хурдаар тархдаг тооцоо байсан. Ямар нэг арга хэмжээ авч, хөл хорио тавихгүй бол нэг хүнээс эхлэх халдвар нэг сарын дотор 24 мянга гаруй болох юм.

Хэрвээ коронавирусээр өвчилсөн, эсхүл тээгч хүн олон нийтийн газарт найтаалаа гэхэд хариу арга хэмжээ даруй авахгүй бол зөвхөн тэр хүнээс болж сарын дотор 24 мянган хүн энэ вирусийн халдвар авна гэсэн үг.

Ханиах, найтаах үед вирус нь агаараар дамжина. Нэг найтаалтаар 40 мянгаас дээш дусал агаарт цацагддаг агаад ханиадны вирусүүд хэсэг хугацааны дараа үхдэг. Гэтэл коронавирус хэрхэн тархаж байгааг судлахад вирус цааш “аялж”, урьд өмнө мэдэгдэж байснаас илүү удаан хугацаанд агаарт тогтож байгааг тогтоожээ.

“Ковид-19” өвчнийг үүсгэж буй вирус ихэвчлэн ханиалгах, найтаах, ярих үед үүсдэг том дуслаар дамждаг юм байна. Иймээс амны хаалт зүүсэн бол харилцагч хүнээсээ багаар бодоход нэг метрийн зайнд зогсох ёстой.

ДЭМБ-аас нотолгоонд үндэслэн энэхүү вирус агаар дуслын замаар хурдацтай халдварлаж буйг сануулж, амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, олон нийтийн газраар явалгүй аль болох гэртээ байхыг сануулсаар байгаа билээ. Амьсгалын замын ямар нэгэн өвчний шинж тэмдэгтэй хүнд нэг метр буюу гурван футын зайтай ойртоход л халдвар авах эрсдэлтэй.

Тиймээс автобус, оффис, худалдааны төв, хоолны газар зэрэг хүн ихтэй, битүү орчинд хэн нэгэн хүн найтаавал даруй тэр газраас гарахыг зөвлөжээ. Учир нь вирус битүү орчны агаарт удаан тогтоно.

Доктор Буруибагийн судалгааны багийнхан найтаах, ханиах үйлдлийг олон жилийн турш судалж байгаа бөгөөд ханиалгах, найтаах, бүр ярихад жижиг хэмжээтэй, янз бүрийн дусал агаарт цацагддагийг тогтоожээ. Зөвхөн ханиалгах агшинд вирустэй дусал 19 фут буюу ойролцоогоор 5.8 метр хол зайд цацагддаг ажээ. Харин найтаах үед битүү орчин, оффис, галт тэрэг, нийтийн унаа, хүн олноор бөөгнөрсөн үйлчилгээний газруудад агаарын чийгшил, температур, агаарын урсгал зэргээс шалтгаалан 26 фут буюу 7.9 метр хүртэлх зайд вирустэй дусал цацагдах боломжтой юм байна. Тэгэхээр жижигхэн цайны газар, кафе, оффис, анги танхимд вирусийн халдвартай ганц л хүн найтаахад эргэн тойрны бүх хүнд халдвар тараах эрсдэлтэй.

Халдвартай хүн ганцаараа байхдаа найтаахад агаарт цацагдсан вирустэй дусал нь тавилга, хаалганы бариул, сандал гэх мэт эд зүйлсийн гадаргуу дээр бууж тогтдог нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Бусад нь уурших ч агаарт олон цагийн турш тогтох чадвартай ажээ. Агаар дахь вирустэй дуслууд нь өрөөний агааржуулалт, чийгшилээс хамаарч тархдаг гэж доктор Буруиба Америкийн анагаах ухааны хүрээлэнгийн сэтгүүлд ийн ярьжээ.

Өөр нэг судалгаагаар ханиадаар агаарт цацагдсан нийт дуслын 10 хувь 1.8 метр явсны дараа агаарт байж болох гэнэ. Торонтогийн их сургууль, Sunnybrook судалгааны хүрээлэнгийн судлаачдын баг эрүүл хүмүүс болон ханиадтай хүмүүсийг хаалттай өрөөнд оруулж тусгай камер, лазер ашиглан найтаалгаж хурдыг нь хэмжжээ.

Томуу нь амьсгалын замын том дуслаар дамждаг бөгөөд халдвар тээгч ханиаж, найтаахад вирустэй дусал 1.8 метрийн зайд байгаа хүмүүсийн ам, хамар руу орж болохыг туршилтаар нотолсон байна.

Жоржиа мужийн их сургуулийн тархвар судлаач Жерардо Човелл “1.8 метр бол таны бусдаас өөрийгөө тусгаарлах хамгийн доод хязгаар. Хүмүүстэй хамт агааржуулалтгүй орчинд байвал эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс эмнэлгийн эмч, ажилтнуудад хамгаалах хэрэгсэл маш чухал” гэж онцолжээ.

Судлаачид “Ковид-19”-өөр халдварлагдсан өвчтөнүүдийн байрлаж байсан өрөөнүүдийн зэргэлдээ өрөөнүүдийн агаараас дээж авахад коронавирусийн тоосонцрыг илрүүлжээ.

Халдвар авах, эсвэл тархах магадлалыг тодорхойлоход тухайн хүн хаалттай орон зайд байгаа эсэх, тухайн орон зайд хэчнээн хүн байгаа, тэр орон зай агааржуулалтын системтэй эсэхээс хамаардаг ажээ.

“Дэлхийн хүн амын 70 хувь нь коронавирусийн дархлаатай болвол энэ өвчин тархахаа болино” гэж Оросын ШУА-ийн профессор, математикийн шинжлэх ухааны доктор Карима Нигматулина ярьсан байна. Тэрээр “Хүн амын 20-30 хувь нь өвчин эмгэгийг ямар ч шинж тэмдэггүйгээр тэсвэрлэдэг. Халуурахгүй, толгой нь өвдөхгүй, ямар ч шинж тэмдэг биед нь илэрдэггүй учир эдгээр хүмүүс вирус тарааж байгаагаа мэддэггүй.

Жишээ нь, 8000 хүнд батлагдсан шинж тэмдэг илэрлээ гэж ярьж байгаа бол халдвар авсан хүн үнэндээ 11-12 мянга байна гэсэн үг.

Математик талаас нь харвал хоёроос дөрөвт, дөрвөөс 16-д халдаана.

Хэрвээ халдвартай хүн бусадтай харьцах харьцаагаа багасгавал түүнтэй нэг удаа хавьтахад халдвар авах магадлал 10-30 хувь болж буурна. Түүнчлэн өөрийгөө тусгаарлаж дэглэмээ нарийн баримталбал дээрх хувь 0.5 болж эрс багасна. Энэ хувийг тэг болгож байж халдвар сая бүрэн устана. Тэгэхгүй бол хүмүүсийг тусгаарлалаа ч халдвар тараах магадлал 0.5 хувь байгаа учир халдвартай 12 мянган хүнээс 6000 хүн халдвар авна гэдгийг сайтар анхаарч үзвэл зохистой” гэж ярьсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ирэх долоо хоногт буюу энэ сарын 11-15-нд байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 11-ний Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;

Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд.

ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

05 дугаар сарын 12-ны Мягмар гарагт:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Бусад.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих/;

Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны тайлан;

Бусад.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайлан;

““Төрийн аудитын байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

“Үндэсний аудитын газраас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

““Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаар батлах тухай” Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

Монгол Улсын Их Хурлын болон Төрийн аудитын байгууллагын 2021 оны төсвийн төсөл;

Бусад.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Бусад.

5.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Бусад.

6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Засаг” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2020.04.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Бусад.

05 дугаар сарын 13-ны Лхагва гарагт:

1.Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 14.00 цагаас “Их Засаг” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хаалттай.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Засаг” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Бусад.

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 14 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 13-ны Лхагва гарагт 10.00 цагаас:

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 03 дугаар дүгнэлт;

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2020.04.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих/;

Бусад.

05 дугаар сарын 14, 15-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 14 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Бусад;

Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулга сонсох;

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хичээл, багшийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж буй арга хэмжээний талаар.