Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

БНСВУ-аас цагаан будаа импортлоно

Монгол Улсын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа нь 100 хувь импортоос хамааралтай. Манай улс жилд дунджаар 50 000 тонн цагаан будааг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд үүний 50 орчим хувийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас импортолдог. Гэвч Ковид – 19 цар тахлын нөлөөгөөр улс, орнууд эдийн засгийн онцлогтоо тохируулан зарим хүнсний бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах арга хэмжээг авч эхэлсэн. Тухайлбал БНСВУ-ын Засгийн газраас энэ оны 06 дугаар сарыг дуустал цагаан будааны экспортод хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч Монгол Улсад цагаан будааны хомстол бий болж цаашлаад зах зээлд үнэ өсөх бодит эрсдэл үүсээд байсан юм.

Энэ асуудлаар ХХААХҮ-ийн сайд бөгөөд Монгол, Вьетнамын ЗГХК-ын монголын хэсгийн дарга Ч.Улаан, БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайдтай харилцан Вьетнам Улсаас импортлох цагаан будааны нийлүүлэлтийг тогтвортой байлгах хүсэлтийг уламжилж, импортлогч ААН-үүдтэй хамтран ажилласан юм. Үүний үр дүнд худалдааны Гэрээний дагуу цагаан будааг Монгол Улсад нийлүүлэх асуудал шийдэгдэж, экспортын хязгаарлалтын арга хэмжээнд орохгүй болсон тухай тус улсын Элчин сайд, хадагтай Доан Тхи Хыөнг өнөөдөр мэдэгдэж, Вьетнамын ХААХХ-ийн сайд Нгуен Суан Гыөнг-өөс хаягласан албан захидлыг гардуулав.

ХХААХҮЯ-наас цаашид Ковид-19 цар тахлын үеэр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхэд шуурхай анхаарч ажиллах болно.

Мөн БНСВУ руу экспортлох дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспортын зөвлөмж боловсруулах, гүн хөлдөөсөн махны олон улсын мал эмнэлгийн Гэрчилгээг цахим хэлбэрээр тохирохоор харилцан тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Теле хичээлийн хуваарь: V сарын 11-16















Categories
мэдээ нийгэм

Хар шорооноос татгалзахыг уриаллаа

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оноос эхлэн 3 жилийн хугацаатайгаар хориглосон.Хар шороо нь нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч маш удаан хугацаанд нөхөгдөж бүрэлдэн бий болдог онцлогтой байгалийн үнэт баялаг бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан байдаг.

Сүүлийн жилүүдэд шинэлэг технологийн дагуу цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжид ашиглах бордоог хүнсний хаягдал, үртэс, сангас, бууц, малын яс, лагаас гарган авах технологи амжилттай нутагшиж байгаа бөгөөд нийслэлийн Засаг даргын хар шороо олборлохыг хориглосон шийдвэр нь хаягдлыг баялаг болгож эдийн засгийн эргэлтэд оруулах, орчны бохирдол үүсгэж буй эх үүсвэрийг доройтол бууруулах арга технологи болгон хувиргах, хэрэглэгчид хар шорооны ашиглалтаас татгалзаж байгалийн гаралтай бордоонд шилжихэд түлхэц үзүүлэх зорилготой. Иймд мод тарих, ойжуулалт хийх байгалийн нөхцөл бүрдсэн энэ цаг хугацаанд хар шороо ашигладаг уламжлалт арга хэлбэрээс бүрэн татгалзаж органик бордоо хэрэглэхийг зөвлөн анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь 2020.05.11-05.15

Элчин сайд нарыг томилохыг дэмжин, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020.05.08-ны өдрийн хурлаар батлав.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 05 ДУГААР САРЫН 11-НЭЭС 15-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 11-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд.

ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

05 дугаар сарын 12-ны Мягмар гарагт:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:


Хэлэлцэх асуудал:

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:


Хэлэлцэх асуудал:

  • Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайлан;
  • ““Төрийн аудитын байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • “Үндэсний аудитын газраас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • ““Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаар батлах тухай” Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Монгол Улсын Их Хурлын болон Төрийн аудитын байгууллагын 2021 оны төсвийн төсөл;
  • Бусад.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:


Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

5.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:


Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Засаг” танхимд:


Хэлэлцэх асуудал:

05 дугаар сарын 13-ны Лхагва гарагт:

1.Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 14.00 цагаас “Их Засаг” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хаалттай.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Засаг” танхимд:


Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 13-ны Лхагва гарагт 10.00 цагаас:

05 дугаар сарын 14, 15-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
мэдээ цаг-үе

Л.Наранбаатар: Ногдол ашиг олгох болсон нь түүхэн үйл явдал болж байна

“Эрдэнэс Таван толгой” компанийн 1072 хувьцаа эзэмшигчид өнөөдрөөс ногдол ашгаа өөрсдийн хувьцааны нэрийн дансаар дамжуулан авч эхэлнэ. Үүнтэй холбогдуулан “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.


-Иргэд ногдол ашгаа авч эхлэх гэж байна. Тэгэхээр жилийн өмнөөс эхэлсэн та бүхний хөдөлгөөн бодитой үр дүнд хүрлээ гэж ойлгож болох нь. Үүнээс ярилцлагаа эхэлье?

-Иргэд өнөөдрөөс ногдол ашгаа бэлэн мөнгөөр авч эхэлж байна. 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны зүгээс үүнд баяртай байна. Монголын ард түмэн анх удаа байгалийн баялгийнхаа өгөөжийг ногдол ашгаар хүртэж байгаа нь түүхэн үйл явдал. Энэ шийдвэрийг гаргасан “Эрдэнэс Таван толгой” компани, Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныханд хувьцаа эзэмшигчийн хувиар баярлалаа гэж хэлье. Иргэд маань ч үүнд баяртай байна. Ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн брокерын дансаар нь дамжуулж өгч байгаа нь манай холбооны зорьж, тэмцэж байсан бас нэг зүйл юм. Энэ нь цаанаа иргэд хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар илүү мэдлэг, мэдээлэлтэй болох, жинхэнэ баялгийн эзэд, компанийн эзэд гэдгээ үүгээр мэдрэх, Компанийн тухай хуульд заасан ногдол ашгаа хүртэх энэ эрхээ эдэлж байгаа хэрэг.

Цаашдаа жил болгон ногдол ашгийг өгүүлэхийн төлөө холбоо ажиллана. Хийж хэрэгжүүлэх олон ажил байна. Манай холбооны зүгээс 2019 оны “Эрдэнэс Таван толгой” компанийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөн дээр нэлээд сайн анализ хийж, шүүмж өгч байсан. Үүний хүчинд 480 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас 400 тэрбум төгрөгийг хасуулж чадаж байсан. 400 тэрбум төгрөгийг 2.5 сая хувьцаа эзэмшигчид хуваах юм бол нэг хувьцаа эзэмшигч иргэнд 160 орчим мянган төгрөг ногдохуйц хэмжээний зардлын хэмнэлт гарч байсан. Энэ мэтчилэн холбоо 2019 онд нэлээн үр дүнтэй ажиллалаа. Манай хувьцаа эзэмшигч иргэд бас биднийг ойлгож, дэмжлээ. Холбооны хийж хэрэгжүүлж байсан ажилд хувьцаа эзэмшигч 300 гаруй иргэн 1000, 2000 гэлтгүй төгрөгийн хандив өгч байсан. 1072 хувьцаа фэйсбүүк группийн 350 мянган иргэд холбооны үйл ажиллагааг дэмжиж, хамт байсан. Тэр хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйн төлөө ажилласан. Үр дүнд ч хүрлээ. Тэдгээр хувьцаа эзэмшигчдэдээ баярлаж талархсанаа үүгээр илэрхийлье.

-Зарим хүмүүс та бүхнийг улстөржлөө, хувийн ашиг сонирхлын үүднээс “Эрдэнэс Таван толгой” компани руу дайрлаа, давшлаа, хийсэн ажлыг нь үгүйсгэлээ гэж хүртэл хэлж, бичиж байсан…

-Бидний үндсэн зорилго компанийг ил тод, нээлттэй, үйл ажиллагаа нь шилэн байлгах, улмаар иргэд хувьцааныхаа үр ашгийг бодитоор хүртээсэй гэж зорьсон. Олон удаа шаардлага тавьж, асуудалд мэргэжлийн тооцоо судалгаатай хандаж, иргэдийн хүсэлт, гарын үсгийг цахимаар цуглуулж, заримд үед жагсах, тэмцэхэд хүртэл хүрсэн. Засгийн газар бидний хүсэлтийг ойлгож хүлээж аваад УИХ-ын гишүүд, Засгийн газрын түвшинд асуудлыг шийдэж байгаад баяртай байна. Холбооны залуучууд буруу зүйлийн төлөө тэмцэнэ. Зөв зүйлийг дэмжээд явна. Тэгэхээр Засгийн газар болон “Эрдэнэс Таван толгой” компаниас гаргасан анхны ногдол ашиг гэдгээрээ түүхэн үйл явдал болж байгаа юм. Яахав, зарим иргэн ногдол ашгаа бага байна гэх шүүмжлэл бол гарна. Гэхдээ чамлахаар чанга атга гэж, ямар ч байсан эхний үр дүн гарч байна. Цаашдаа холбооны зүгээс “Эрдэнэс Таван толгой” компанийн төсөвт хөндлөнгийн хяналт тавих, зардлыг бууруулах чиглэл рүү шүүмжээ бодитой өгөөд явна.

-“Эрдэнэс Таван толгой”-н Үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байсан, “өөрийгөө шатаадаг” гэдгээр нь хүмүүс илүү мэдэх болсон Эрдэнэ гэж хүн таныг ногдол ашгийн төлөө тэмцэж байх үед компаниас мөнгө авах гэж шантаажилж байна гэх зэргээр хэлж байсан. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ?

-С.Эрдэнэ гэж З.Энхболдын найз энэ хүн ногдол ашиг өгүүлэх жагсаалыг эсэргүүцэж, намайг “Эрдэнэс Таван толгой” компанийг шантаажилж, 20 мянган ам.доллар авсан гэж гүтгэсэн. Үнэнд гүйцэгдэнэ гэгчээр шүүхийн шийдвэр гарч, С.Эрдэнэ гүтгэлэг тараасан хэлбэрээрээ хэвлэлийн хурал зарлаж, надаас уучлалт гуйхаар болсон. Хувьцаа эзэмшигчдийн эв нэгдэл, зорилго, тэмцлийг ингэж няцаах оролдлого энэ мэтчилэн зөндөө гарч байсан.

-Тэгэхээр ногдол ашгийг өсгөх чиглэлээр ажиллаад явна гэж ойлгож болох уу. Одоо 96 мянган төгрөг авч байгаа бол дараа жил тэрнээс илүүг авах магадлал байх нь, тийм үү?

-“COVID-19” цар тахлын нөхцөл байдал нүүрсний салбарт хүнд цохилт авчирч байгаа. Тэгэхээр мэдээж “Эрдэнэс Таван толгой” гэлтгүй нүүрсний бүх компани нэлээд хүндрэлтэй нүүр тулж эхэллээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт буурах нь тодорхой болж байна. Тиймээс ирэх жилийн тухайд хүнд байх болов уу гэж харж байна. Гэхдээ холбоо “Эрдэнэс Таван толгой”-н зардлыг бууруулах, нүүрсний үнийг өсгөх чиглэлд хөндлөнгийн хяналтаа тавих замаар ногдол ашгийг илүү олгуулах, гарц боломжийг нь үргэлж хайсаар байх болно оо.

-Найман жилийн турш хүлээсний эцэст өнөөдөр ногдол ашиг авна гэдэг нь их, багадаа биш, үүнийг авч болдог юм байна шүү, үр дүнд хүрч чаддаг юм байна гэдгийг иргэд олоод харчихлаа. Тэгэхээр бусад компаниудад шинэ жишиг боллоо. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Цар тахлын хөл хорионы нөлөөгөөр хүмүүс бэлэн мөнгөгүй болчихсон, эдийн засаг унаж байгаа энэ үед ногдол ашиг тарааж байгаа нь эргээд иргэдийн худалдан авалтаар дамжаад эдийн засагт, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт богино хугацаанд ч гэсэн тодорхой хэмжээний бодитой нөлөө үзүүлэх байх гэж бодож байна.

-Хүмүүс бэлэн мөнгө тараахаар инфляци, долларын ханш өснө гэдэг зүйл ярьж байна. Тэгэхээр ногдол ашиг авах, бэлэн мөнгө тараах хоёр тусдаа ойлголт гэдгийг хүмүүс тайлбарлах хэрэгтэй болов уу?

-Бэлэн мөнгөөр ногдол ашиг тараахыг зарим иргэн, зарим нэг улстөрчид эсэргүүцээд байдаг байсан. Ялангуяа, сөрөг хүчин буюу АН-ын зүгээс УИХ-ын нэр бүхий гишүүд бэлэн мөнгөөр тараах нь буруу гэж ярьж байсан. Үнэн хэрэгтээ энэ бол экспортын орлого буюу ам.доллараар баталгаажсан ашгаа л хуваарилж байгаа юм. Монголбанкнаас бэлэн мөнгө хэвлээд нийлүүлэх юм бол тэр бол ханшийг өсгөнө. Гэтэл энэ төгрөг маань өөрөө ам.доллараар баталгаажсан ашиг байсан учраас валютын ханшид нөлөөлөхгүй гэж харж байгаа. Хоёрдугаарт, цар тахлын энэ үед иргэдийн орлого хумигдчихсан, байрны зээл, түрээсээ төлж чадахгүй, тэтгэврийнхэн ямар хүнд байдалд байгаа билээ. Ийм хүнд үед иргэдэд ногдол ашиг олгож байгаа нь иргэдийнхээ амьжиргааг дэмжсэн, цаг үеэ олсон, Засгийн газар зөв шийдвэр гэж харж байна.

-Сая Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл гаргаад 1072 хувьцаа авна, зарна гэх мэт мэдээлэл явсан нь худал мэдээлэл гэж сэрэмжлүүлж байсан. Иргэдэд энэ талаар юу гэж хэлэх вэ?

-Энэ бол худал мэдээлэл шүү. 1072 хувьцааг 5 сая, 10 сая төгрөгөөр авна гэдэг ч юм уу. Ийм зарууд яваад байгаа нь цаанаа ямар зорилго агуулж байгааг мэдэхгүй юм. Ямар ч байсан хувьцаа бол арилжаалах ямар ч боломжгүй. Манай холбооны зүгээс ойрын хугацаанд хийх нэг ажил бол 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвлүүлэх, өмчлүүлэх эрхийг нь нээхийн төлөө ажиллана. Ингэхийн тулд “Эрдэнэс Таван толгой” компани дотоодын бирж дээр нээлттэй хувьцаат компани болох ёстой. Гэхдээ цар тахлын үед, хөрөнгийн биржүүд дээр хувьцааны индекс гадаад, дотоодгүй унаж байгаа одоогийн энэ нөхцөл байдалтай уялдуулаад харахад тохиромжтой цаг хугацаа нь биш юм уу гэж хараад байгаа. Ирэх жилээс цар тахлын хүндрэл арилаад, нүүрсний зах зээл сэргэх үед нээлттэй компани болбол хүмүүсийн хувьцааны үнэ илүү өсөх боломжтой.

-Ерөнхийдөө иргэд дансаа нээлгэж байна. Зарим нь хувьцааныхаа дансаа баталгаажуулаагүй байна гэсэн мэдээллийг “ЭТТ” өгсөн. Нөгөө талаар, орон нутагт болон гадаадад байгаа хүмүүсийн хувьд би хоцорч байгаа юм болов уу, энэ удаа хамрагдаж чадахгүй юм болов уу гэсэн асуудал байгаа юу?

-Байхгүй. Монгол Улсын иргэн брокерын данстай бол шууд данс руу нь мөнгө нь орно. Брокерын 60 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэндээс хараад сонголтоо хийж болно. Ер нь 2.5 сая иргэний 2 сая гаруй нь дансаа нээлгэчихсэн. Энэ бол өндөр үзүүлэлт л дээ. Иргэдийн дансыг нээж, мэдээллээр хангахад “ЭТТ” мэдээллийн төв байгуулж, шуурхай ажилласан нь сайн зүйл болсон гэж харж байна. Уурхайчид даа, тээвэрчид дээ баярлалаа гэж хэлье.

П.БАЯР

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн дүүргүүдэд “Төгсөгчдийн төгөл” байгуулж, үйл ажиллагааг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр” 2020 оны тавдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд тохиож байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргалын санаачлагаар байгуулагдсан мод, модлог ургамлын үрсэлгээны сургалт, судалгааны төв нээлтээ хийж, дүүрэг бүрт төгөл байгуулах газрын гэрчилгээг гардууллаа.

Улаанбаатар хотын ногоон бүсийн ой бүхий талбайг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон төгөл байгуулах зорилгоор Нийслэлийн есөн дүүрэгт Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд зориулан “Төгсөгчдийн төгөл” байгуулах санаачлагыг эхлүүлж, дүүрэг бүрийн Боловсролын хэлтэст төгсөгчдийн нэрэмжит ойн төгөл байгуулах зориулалтаар 3 га газрыг олгож, газрын гэрчилгээг гардуулах арга хэмжээ өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Минж нутагшуулах төвд боллоо. Тус арга хэмжээнд нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Д.Мөнхжаргал, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон есөн дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар оролцлоо.

Мөн “Минж нутагшуулах төв”-ийг түшиглэн агаар, орчны бохирдлыг хамгийн сайн шингээгч мод, модлог ургамлын үрсэлгээ хийх сургалт, судалгааны төвийг байгуулж, нээлтийг хийлээ. Энэхүү төвд хүүхэд залуучууд модны суулгац, модлог ургамлын үрсэлгээг хийх сургалт, дадлага сургуулалтыг хийж, ургуулсан суулгацаараа “Төгсөгчдийн төгөл байгуулах” хотын ногоон байгууламж, ногоон бүсийн ойжуулалтыг хийх бөгөөд ойн аж ахуй эрхлэх, хашаа, эзэмшил газартаа мод тарих хүсэлтэй иргэдэд зориулсан үнэ төлбөргүй сургалтууд тогтмол явагдах аж.

Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргал “Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Байгаль орчны газар хамтран Гачуурт дахь нийслэлчүүдийн ундны усны хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн 100 га талбайд навчит болон шилмүүст мод тарьж, усны ундрагыг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрийг хангаж, хөрсний доройтлоос сэргийлэх арга хэмжээг авсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 2 хорооны Жаргалантын аманд Хогийн цэг байсан талбайд “Мөрөөдлийн ой” төслийг эхлүүлэн Улаанбаатар хотын хоёр дахь томоохон цэцэрлэгт хүрээлэн буюу 100 га талбайг 2018-2027 оны хооронд жил бүр 10 га талбайг ойжуулах ажлыг Улаанбаатар хот, БНСУ-ын Инчеон хотын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна. Энэ жилийн хувьд хүүхэд залуучуудад зориулсан мод үрсэлгээний Ботаникийн цэцэрлэг байгуулж, 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 9 дүүргийн Боловсролын хэлтэст зориулан “Төгсөгчдийн төгөл” байгуулах газар олгож, үйл ажиллагааг эхлүүлж байгаагаараа онцлог юм” хэмээлээ.

ийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгоно гэдэг хамгийн чухал боловсрол. Цаашид байгаль дэлхийтэйгээ хэрхэн зөв харьцах талаар болон ногоон хөгжлийг Монгол Улсдаа хөгжүүлэх суурийг сурагч байхад нь олгох ёстой. Хүүхэд, залуучууд маань энэ газарт ирж танхимийн сургалтуудад хамрагдаж, байгаль хамгаалах экологийн боловсролыг олж аваасай гэж хүсч байна” гэв.

Түүнчлэн өнөөдөр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан биологийн олон янз байдлыг хамгаалах “Минж нутагшуулах төв”-д холбогдох албаны хүмүүс 200 гаруй улиас, шар хуайс суулгасан юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан байдлаар мод тарих арга хэмжээг зохион байгуулахгүй байгаа тул иргэд та бүхэн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, дэглэмийг чанд сахихыг энэ үеэр албаны хүмүүс онцлон хэлж байв.

ил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан бөгөөд энэ өдөр мод тарихад тохиромжтой байгалийн нөхцөл бүрдсэн байдаг учир 5 дугаар сард өрх бүр хашаандаа, амьдардаг орчиндоо мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн орчны бохирдлыг бууруулахад гар бие оролцон ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид уриалж байна.

ийслэлийн есөн дүүрэгт хортонд идэгдсэн, түймэрт өртсөн, мод тарих боломжтой газрын байршлыг урьдчилан төлөвлөж /1884 га/, өөрсдийн хөрөнгөөр дээрх газруудад мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулах замаар таримал ойг улсын санд хүлээн авах шинэ менежментийг нэвтрүүлсэн бөгөөд өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийх, хөв цөөрөм байгуулах, орон нутгийн хамгаалалттай газар байгаль хамгааллын ажил хэрэгжүүлэх сонирхолтой байгууллагууд нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэст хандах боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Чинжаалын нууц

ӨГҮҮЛЛЭГ-ТУУРЬ

Хутганы хүйтэн мөр хүзүүн дээгүүр нь хайрахад өвгөн давхийн сэрэв. Хүйтэн цуст хар эрээн могой хүзүүг нь даган гулсаж зүрхэн тушаа нь очсоноо цээж рүү нь огцомхон хатгаад орчихлоо гэж зүүдэлснийг хэлэх үү зүрх нь пил пил цохилно. Унтаа, сэрүүнээ ч үл ялгах өвгөн хүндэрсэн зовхио дааж ядан нээвэл хүргэн Байбулат нь хүзүүнд нь хутга тулган зогсжээ.

Өвгөн хутганы ирнээс эмээсэнгүй. Мөрнөөс нь ч айсангүй. Харин хар эрээн могойн арьсаар бүрсэн ишийг нь харуут ухаан алдан орон дээрээсээ ойчиж, чулуун шалан дээр түгхийн унав. Байбулат амандаа “Бааштай муу төгцөг вэ” гэж хасгаар хараан, өвгөнийг өндийлгөн орон дээр тавихдаа хятад таавчигтай хөлөөрөө Монголын газрын зураг, төрийн далбааг сөөлжүүлэн шахсан шалны пялтааг пад падхийлгэн дэвслэх аж.

Үүрийн харанхуйгаар ухаан алдсан өвгөн морин цагийн үед сэхээ оров. Тэр болтол хөдөлгөөнгүй хэвтсэн бие нь хөшиж, хөдлөхөөс ч дургүй хүрмээр хөндүүр оргино. Өвгөн тохилог цэмцгэр байшингийн хойморт гүнгэрваанд залсан хөгшнийхөө хөрөг, шинэхэн хадаг нөмрүүлэн тавьсан охиныхоо зураг хоёроос уучлал гуйх мэт дальдрангуй ширтлээ. Охиных нь гэрэлт хар нүд амьдын цогоор мишилзэх шиг болсноо хацрыг нь даган эрихин бөөрөн чинээ хар нулимс урсах шиг санагдлаа.

Өвгөн хөндүүрлэн буй гүрээгээ хуруугаараа илж үзэв. Жаахан цус шүүрээд хатсаны ором татан гүвдрүүтжээ. Байбулат гаднаас орж ирэн ор руу нь дөхсөнөө дэрэн дээр нь тавьсан нөгөө могойн арьсаар бүрсэн иштэй чинжаалыг аваад үзүүрийг хоолойд нь тулгаж:

-Муу жилчиг чиний охины дөчин ес хоног дууссан. Маргааш чамайг Батсүмбэрийн асрамж руу ачуулна. Мэдэв үү чи гэж хоолойгоо шахан цахиртуулснаа:

-Өвөг дээдсийн минь үнсийг хийсгэсэн нүглээ наминчлаад тэнд наян насныхаа найрыг нижгэр сайхан тэмдэглээрэй чи! гэж дуугаа өндөрсгөн заналтай хэлэв…

Өвгөн хүргэнийхээ зангасан хутгыг хэлгүй мэт таг дуугүй ширтэн, гал цоггүй нүдэнд нь дүүрэн нулимс мэлтэгнэх ажээ. Хадам, хүргэн хоёрыг ийнхүү эв түнжин хагараад байх үеэр үүдний гишгүүр пижигнүүлсээр гаднаас гурван хөвүүн гүйлдэн орж ирэв. Өвгөний цийлгэр мэлмийн аяганаа мэлтэгнэн байсан нулимс сул асгарах сувд шиг өөрийн мэдэлгүй бөмбөрөн хацар шанааг нь даган урслаа. Байбулатын зэрлэг балмад байдлыг харсан гурван хүү том өрөө рүү дамждаг гал тогооны хаалган дээр зогтусан эзгүй хээр талын хүн чулууд адил нэгэн хэвд цутгагдсан мэт хөшжээ.

Байбулат хүүхдүүдээ хүйтэн харцаар хянгардан хадуурдах мэт ширвэсхийн хараад:

-Үхэр халхын зулбасга та нар юугаан гөлрөн ширтээв. Үхэж буй өвөөгөө бас өмөөрөх санаатай юу. Та нар миний хасаг хэлээр ганц ч үг ганхийдэггүй биз дээ. Санаа муутай үхэр Монголын тугалууд аа! гэж бахардан хашгичих нь солио галзуу, согтуу балай нэгэн гэлтэй. Тэрээр архи дарс амссан нь үгүй, харин ч эрүүлээс эрүүл, саруулаас саруул байгаа нь тэр ажгу. Байбулат могойн арьсан бүрүүлт иш бүхий ган чинжаалаар хүүхдүүдээ занган чичилж:

-Үхсэн эхийнхээ зовлогыг зулгаахдаа таарсан зулбасгууд хэмээн заналхийлэхэд арван гурваных нь агт араа л дөнгөж ургасан ууган хүү нь мэлмэртэл уйлан:

-Аав аа гээд Монгол орны газрын зураг, төрийн сүлдтэй чулуун шалыг өвдгөөрөө түгхийтэл цохилон сөхрөөд өгөв.Наймтай, тавтай дүү нар нь ч ахынхаа мөрийг түшин гашуун хар нулимсыг зовлонгийн эрээн дээс мэт мушгируулан томж уйлав аа. Байбулат сүүлийн нэг сарын хугацаанд энэ муу ёрлосон шалыг Налайхын тоосгоны үйлдвэрийн хятад ажилчинтай орой үдшийн цагаар хамсран шахаж, өвгөнийг хэрдээ нүд үзүүрлэн харь этгээдтэй үг нэгсгэн шивэр авир гэх болсон билээ. Байбулат цээжиндээ бадрах уур омгийн хар утаат улаан галыг амаараа маналзуулж:

-Үхэр монголчуудын гал голомт үүрд тасраг, үнсээр хийсэг гэж хахир муухай дуугаар хашгиран ухасхийж гүнгэрваан дотор мишилзэн тормойх гэрэлт-эхийн жаазтай зургийг гарган ирж сийчиж гарав.

Өдий болтол үхсэн мэт хөнжил дотроо хөшиж хэвтсэн өтөл буурай өвгөн хэрзгэр цээжээ хэржигнүүлэн өндийж:

-Хүү минь бурхныг бодож тайвшир. Миний хүү сэтгэлээ барь. Нүгэлт муу аавыгаа өршөө. Цөс шиг гашуун хувь тавилангийн өмнө аав нь гагц буруутай болохоос миний хүү, миний хүүгийн хөвүүдийн хэн нь ч буруугүй гэж хөгшин сөнгө банхрынх шиг хоолойгоор дуугаа сөөнгөтүүлэн егрүүлвэй. Жилийгаач эхнэрийнхээ зургийг зомгол мэт үйслэн залтасласан Байбулат хэргийн эзэн хутгыг өвгөний хөлд шидэн амнаасаа цагаан хөөс цахруулж:

-Би чам шиг улаан алуурчны хүү байлаа юу. Чи миний хадам ч байтугай эцэг биш. эцгийг минь хөнөөсөн бузар алуурчин чамайг би ухаан орсон цагаасаа өдий болтол үзэн ядаж, уушгинд улаан гал маналзавч утааг нь хамраараа гаргахгүй гэж тэвчиж ирлээ. Чамайг хөнөөж, цусан өшөөгөө авах гэж зориглож ирсэн ч цэвдэг хүйтэн чамаас биш цэцгээс бодилсон мэт охины чинь энгүй сайхан, ижилгүй зөөлөнд татагдаж эцгийн өшийг авах байтал элдүүр ханасан нэхий шиг зөөлөрч идэгдлээ. Одоо би тэвчиж чадахгүй. Чамайг улаан гараараа багалзуурдахаас өмнө үхлээ тэсэж ядан хүлээх асрамжийн газраа бараад, зөнөг минь. Үхсэнээс үлдсэн хасаг, халхын энэ хэдэн эрлийзийг би хүний зэрэгт хүргэж л таараа. Усгал зөөлөн, уяхан халуун ижийн минь ч аминд хүрсэн энэ хүйтэн мэсээ аваад орон гэрээс минь даруйхан зайлаад өг. Нүднээс минь л далдарч байвал газрын гаваар орсон ч яахав. Ээ, Аллах тэнгэр минь! гэж толгойн үсээ үгтээн үгтээн, шүдээ хажигнатал хавиран хавирсаар байв л.

Өвгөн удтал дуугүй суув. Цээжинд нь уй гунигийн өтгөн манан хүүшилжээ. Хүний амьдрал гэж энэ хүйтэн чинжаалын иш шиг алаг булагхан ажээ. Хэндээн гэж гуньж, хэндээ ч гэж туних вэ. Өвгөний хөлд хэвтэх энэ хүйтэн мэс хүний хэл мэддэг сэн бол хэчнээн гунигт түүх өгүүлэх байсан бол оо?Өвгөн хутгыг тонгойн авч харцаараа хуйг нь хайхад ууган ач Жанибек нь хуучин мэлхий ширээн дээрээс дөхүүлж өгөв. Эрхбилэгт үргэлж мөнхөд өнөөдрийнх шиг үлгэн салган өвгөн ч явсангүй. Өнөөдрийн эл эх мадаггүй хэрүүл тэмцэл, хэл амны бай болох учир шалтгаан могойн арьсан бүрүүлт чинжаалтай яах аргагүй холбоотой юм. Алив амьтан хийгээд хүмүүний амин насны утсан чинээ судсан булгийг энэ л хутга тасалж байсан гэвэл өс, өшийн цусан бэхээр өчнөөн гунигт түүх бичигдээ биз ээ. Могойн арьсан бүрүүлтийг Бадам торгууд дээлтэй төрсөн дүү Эрхбилэгтэд тэртээ нэгэн цагт өгөхдөө хив торго шиг зөөлөн самбай хадаг дээр тавин, үзүүр ирийг нь малын цагаан сүүгээр ариулан, ган тулганд дүрэлзэх галын дээгүүр хурайлан гардаж билээ. Тэр үед энэ хутганд хүний санаа сэтгэл ширвээдүүлэм хар эрээн могойн арьсан бүрүүл ч үгүй байсан ажаам.

Хар багаас өнчин өссөн Эрхбилэгт хүүг Налайхын уурхайд хятад, торгууд, хасаг, монгол ажилчидтай мөр зэрэгцэн нүхээр гэр болгож, хүрзээр хань хийж явахад Бадам хэмээх нүдэнд дулаахан хүдэр чийрэг хүрэн бор эр сэтгэл татан ахан дүүгийн ёсоор найрсаг тахимдуу хандах болсон сон. Анх таван жингийн хүрзээ даахгүй шахам байсан хүүтэй нэг гарын атгасан хурууд шигхамтран ажиллаж, гэрээр бичиг үсэг хэлтлүүлсний хойно эр бяр, ухаан жигдрэх насанд нь танил хурандаадаа захин Хязгаарын цэргийн сургуульд хилчин дарга болгохоор суулгасан нь хүмүүний нэгэн насны аж төрлийн харгуйг тэгшилж өгсөн ариун явдал байлаа.

Бадам Шинжаан буюу Чин сэтгэлт шинэ торгуудуудын Ачит бэйсийн хошуунд утаат дулаан монгол гэрт эхийн хэвлийгээс унаж, уураг халуун ангир юуг нь хөхөж хүмүүн болсон гэнэм. Толгойгоо цагаан цууямбуугаар шаламлан ороосон торгууд Бадам хувь заяаны эрхээр дүү нь болж учирсан Эрхбилэгтэд өөрийн аж төрлийн алаг булагхан намтар цэдигийг хааяадаа хуучлах. Нүүрэндээ ов тов бор сэвхтэйгээс ч болсон уу олонд Цоохор хэмээгдсэн Бадам “Манайх мал малын захтай ч олноос онцгой баян ч байсангүй, сэгсрээд өмсөх дээлтэй, сэлгээд унах дэлттэй борог бүрэгдүү аж төрөлтэй айл байлаа. Шар нохой жил (1898 он) ор орлож, огтоно сүүллэхэд богтос шаантын бор шөлөнд угааж өлгийдөхдөө аав минь “ам бөх бол амь бөх” байхыг ч билгэдсэн үү “Бат-Ам” гэж зүүн чихэнд минь шивнэсэн гэж муу эжий минь хуучилдаг сан. Шинжаанд сургуульд ороход хятад багш нэрийг минь дуудаж чадахгүй “Бадам” гэснээр Баясгалангийн хүү нэрээ олсон. Аав “эрдэмтэй хүний дуудсан нэрээр дуудуулж яв” гэсэн. Бадамлянхуа цэцэг гэдэг чинь үндсэндээ нангиад, цаст Түвд, монгол гурван хэлээр цэцэг гэсэн үг юм билээ. Миний нэр чинь бас хасгаар гүль болчихно. Аавын өгсөн нэр ингэж л “цэцэглээд” байгаа юм даа” гэж дэнгийн гэрэлд хүүрнэсэн сэн. Бадам ер нь адал сонин амьдралтай хүн. Хятадын Гоминданы армид гурван жил алба хаахдаа маузерь, винтовоор мэргэн буудагч үнэмлэхээр шагнуулж, бас ч үгүй хасаг, хятадаар ярихдаа гаргууд тул цээжиндээ гэгээтэй, цэцэндээ мэлмийтэй гэгдэн шагшигдаж явсан ч гэх. Халхын голын дайны утаа замхарсан жил торгууд Бадам төрсөн дүү Очироо дагуулан ирж Бүгд найрамдах Монгол Ард Улсын иргэн болж, Налайхын уурхайд хөлс хүчээ нэмж явахдаа дээлтэй төрсөн дүү эрхбилэгтээ олж авсан ажгу. Ямартаа ч тэр унасан хүлэгтээ дөрөө зөөлөн, ханилсан хүндээ өр нимгэн нэг байж дээ.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн БАТЦЭНГЭЛ

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Нийт лабораториудад 397 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Түрүүлж мэдээлэх гэж уралдах хэрэггүй ...

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Өчигдөр нийт лабораториудад 397 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. ЭМЯ-аас тандалтын зорилгоор цуглуулсан таван сорьцоос коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 49, ажиглах байранд тусгаарлагдсан 282, Өмнөговь аймагт тусгаарлагдсан долоо, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Мөн энэ тоонд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн зорчигчдын давтан шинжилгээ орсон. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор ачаа тээврийн 36 жолоочийн сорьцод коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 107 хүн тандалт, ажиглалт, эмчилгээ хийлгэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд зам хаана

Амралтын өдрүүдэд зам хаанаДулааны шугам угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Москва хорооллын хойд талын авто замыг амралтын өдрүүдээр хаахаар болжээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын хойд талын авто замыг 2020 оны тавдугаар сарын 9-ний 23:00 цагаас тавдугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэх юм.

Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарыг энэ үеэр замын ачааллаа тооцож хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: 42 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс 14 хүн эдгэрч, 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Д.Нарангэрэл: Дэлхийн таван тивийн 48 орон "COVID 19" бүртгэгдсэн

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг хийлээ. ЭМЯ-ны олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 215 улсад 2.1 сая хүн өвчилж 280 гаруй мянга хүн нас барж 1.4 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Манай улсад 42 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс 14 хүн эдгэрч дараагийн шатанд шилжсэн бол 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар ажиглалтад 991 хүн байна. Орон нутгийн 11 чиглэлийн гал тэргэнд 371 эмнэлгийн ажилтан, 4350 зорчигчдод коронавирусийн халдвар илрүүлэх тандалт судалгаа хийхэд одоогоор халдвар илрээгүй. 24 цагийн байдлаар 119 дугаарт 156 дуудлага ирсэн” гэв.