Categories
мэдээ нийгэм

С.Баяр нарын гэм бурууг шүүх хурлыг энэ сарын 25-нд товлолоо

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаж дуусчээ.

Өнөөдөр буюу 2020-05-11-ний өдөр зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хурлыг 2020-05-25-ны 09 цагт хийхээр товлосон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад гурван сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, үйлдвэрлэл, нөөц бололцоонд түшиглэн явуулж буй учраас ажил саадгүй үргэлжилж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, ЗХЖШ-ийн дарга, хошууч генерал Д.Ганзориг болон бусад албаны хүмүүс дагалдан ажиллав.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлд 22.5 км дээд бүтцийн ажил хийгджээ

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг ЗХЖШ, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд газар шорооны ажлын 60 гаруй хувийг хийж дуусгажээ.

Мөн өнгөрсөн хугацаанд хиймэл байгууламжийн буюу гүүр, хоолой, гарам зэргийн ажилд шаардагдах бетон зуурмагийг үйлдвэрлэх найман үйлдвэр, дээд бүтцийн чулуу бутлуурын таван үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр төмөр замын барилгын ажилд шаардагдах бетон зуурмаг, балластыг дотоодоос бүрэн хангах боломжтой боллоо.

ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн мөн төмөр дагуух өртөө, зөрлөгийн ажлыг хариуцаж, эхнээс нь ашиглалтад оруулж эхэллээ. Зөрлөгийн болон ажилчдын орон сууцыг халуун хүйтэн ус, халаалттай барьж, байгуулсан нь дараа, дараагийн өртөө, зөрлөгийн жишиг болж байна.

Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа цэргүүд нь сард хоёр сая төгрөгийн цалин авч байгаа юм.

Харин Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын дээд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ ХНН-ийн ажилчид гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар Зүүнбаян өртөөнөөс эхлэн 22.5 км рейльс төмөр угсарч, үргэлжлүүлэн угсрахад шаардагдах бетон дэр, ган хийц зэрэг бэлдэцүүдээ бэлтгэжээ.

Бетон дэрний үйлдвэрлэлийг дотоодын “Улаанбаатар БҮК” ХК, “Дорнод ган хийц” ХХК, УБТЗ ХНН, “Монгол технологи бүтээмж” ХХК зэрэг аж ахуйн нэгж хариуцан хийж байна.

УБТЗ ХНН мөн төмөр зам дагуух агаарын шугамын ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн бөгөөд нийт 380 км урт агаарын шугам барьж байгуулахаар төлөвлөж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын рейльс төмрийг угсрахад бэлтгэж байна

Засгийн газрын шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн нутагт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг хариуцан ажиллах “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан билээ.

Тус чиглэлийн төмөр замын ажлыг өнгөрсөн оноос эрчимжүүлсэн бөгөөд доод бүтцийн ажлыг ирэх сард, нийт ажлыг 28 сарын дотор дуусгахаар төлөвлөжээ. Энэ чиглэлд мөн 100 хувь дотоодын компаниуд ажиллаж байгаа юм.

Мөн Монголд анх удаагаа төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг авто замаар тээвэрлэн авчирсан байна. Ингэснээр дээд бүтцийн ажлыг эхлүүлэх боломжтой болж байгаа бөгөөд энэ жилдээ багтаан 100 км төмөр зам барьж, байгуулж дуусгах юм байна.

Цар тахлын үед ажлын байрыг хадгалж байна

Төмөр замын бүтээн байгуулалтын дээрх төслүүд дээр ажилчин, алба хаагчид нийлсэн 6,000 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний хоол хүнс, хувцас, хэрэгсэл гээд шаардлагатай бүх зүйлсийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлж байгаа юм. Энэ нь цар тахлын хямралын үед өрхийн орлогын эх үүсвэрийг хадгалж буй сайн жишээ болж байна.

Мөн энэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгагдсан шинээр барих төмөр замуудыг саадгүй барих боловсон хүчин, техник хэрэгсэл, үйлдвэр зэрэг бааз суурьтай болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын трассын дагуу ажиллах үеэрээ туслан гүйцэтгэгчээр оролцож буй аж ахуйн нэгжүүд, Зэвсэгт хүчний ангиудын алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндэд нь анхаарах, гүйцэтгэлийн түвшинг жигдрүүлэх зэрэг асуудалд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Categories
гадаад мэдээ нийгэм

Сургуулийг нээх болоогүй гэсэн дүгнэлтийг судлаачид гаргажээ

Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хаагдсан сургуулиудыг дахин нээх хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа улс орнууд коронавирусийн халдварын тархалтын хоёр дахь давлагаанд өртөх эрсдэл бий гэсэн судлаачдын байр суурийг СNN онцолжээ.

Судалгаагаар ихэнх хүүхдүүд хөнгөн хэлбэрийн КОВИД-19-аар халдварлаж байгаа хэдий ч бие биедээ болон сул биетэй насанд хүрэгчдэд вирусийг дамжуулдаг бөгөөд сургуулийг хааснаар халдварын тархалтыг зогсоох магадлал өндөр гэдгийг тодорхойлжээ.

Хятадад хийсэн нэгэн судалгааны үр дүнг Шинжлэх ухаан сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн байна. Уг судалгаагаар сургуулийг хааснаар халдварын тохиолдлын тоо буурч, цар тахлын тархалтыг удаашруулсан байж болзошгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Дээрх судалгааг Хятад, Америк, Италийн судлаачид хамтран коронавирус анх илэрсэн Ухань болон Хятадын томоохон хотуудын төлөөлөл Шанхайд хотод хийсэн байна. Судалгааны дүнгээр 14 хүртэлх насны хүүхдүүдийн сургуулийн орчинд үүсэх харилцааг бүрэн зогсоосноор нэг өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо 42 орчим хувиар буурч байгааг батлаад сурагчдын улирлын амралтын үеэр шинээр илрэх тохиолдлын тоо 64 хувиар бага байсан тооцоо гарчээ.

Уг судалгааны дүгнэлтэд “Сургууль хаах арга хэмжээ нь КОВИД-19 халдварын тархалтаас бүрэн урьдчилан сэргийлэхгүй ч өвчний динамик өсөлтийг сааруулахад мэдэгдэхүйц нөлөөлнө” гэсэн байна.

Мөн уг судалгаагаар 0-14 насны хүүхдүүдийн гуравны нэг нь насанд хүрэгсэдтэй адил вирусээр халдварласан байх талтай гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа ч дээрх судалгаа СNN-д хангалттай өгөгдөл цуглуулж чадаагүй тул судалгааны үр дүнг дахин баталгаажуулах шаардлага бий гэжээ.

Их Британийн Рийдинг их сургуулийн эсийн микробиологийн дэд профессор Саймон Кларкийн хэлснээр судалгаа нь зөвхөн халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдлын мэдээлэлд суурилж, ямар ч шинж тэмдэг илрээгүй тохиолдлыг судалгаанд тооцоогүйг, мөн судалгааг халдвар тархахад бусад хүчин зүйл нөлөөлсөн Хятадын тодорхой нэг хэсэгт хийснийг онцлон тэмдэглэсэн байна.

Хятадын зүүн өмнөд хэсгийн Лансет сэтгүүлд 4 дүгээр сард нийтлэгдсэн судалгаанаас харахад хүүхдүүд бусадтай адил коронавирусийн халдвар авах эрсдэлтэй ч хүнд хэлбэрийн халдвар авах тохиолдол бага гэж тогтоосон байна.

Хүүхдүүд Ковид-19-д өртөх магадлал бага байгаа гэсэн нэгэн таамаглалыг Германы Зоонозын халдварт өвчин судлалын сүлжээний сэтгүүлд 4 дүгээр сард нийтэлсэн байна. Гэвч бусад шинжээчид СNN-д судалгаа нь халдвар авах хэмжээг тодорхой тогтоогоогүй, бусад судлаачдын хөндлөнгийн дүгнэлтийг тусгаагүй, судалгааны өгөгдөл цуглуулах арга зүйн боловсруулалт хангалтгүй байна гэж мэдэгджээ.

Дээр дурдсан судалгааны үр дүн баттай биш байгаа хэдий ч, улс орнууд сургуулиа нээх шийдвэрийг болгоомжтой гаргах ёстой гэж Профессор Саймон Кларк анхааруулжээ.

Хятад, Тайван, Нидерланд, Израиль зэрэг орнууд сургуулиудаа нээж эхлээд байгаа бөгөөд бусад улсууд ч мөн нээх төлөвтэй байна. Тухайлбал, Их Британи 6 дугаар сарын 1-ний өдрөөс бага ангийн хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Их Британийн сургуулиа нээх шийдвэр хэт эртэдсэн гэж үзэж байгаагаа Профессор Саймон Кларк илэрхийлээд, энэ нь халдварын хоёр дахь давлагааг эхлүүлэх хөшүүрэг болох талтай хэмээн онцолсон байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-05-11-ны байдлаар

Categories
мэдээ нийгэм

Арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламж, шугам сүлжээнд хамтарсан хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй Ноос, ноолуур, арьс ширний 56 үйлдвэрийн цэвэрлэх байгууламж, шугам сүлжээний ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулах улмаар Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг багасгах, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор Дэд бүтэц, Байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчид төлөвлөгөт бус хамтарсан хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар гэрээний хугацаа дууссан, хангагч, хэрэглэгч гэрээгүй, үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанаас гарч буй хаягдал усны шугам сүлжээнд тоолуургүй, хаягдал усны чанар байдалд лабораторийн шинжилгээ хийдэггүй, үйлдвэрийн зориулалт, хүчин чадалд нийцсэн ариутгах татуургын шугам сүлжээний зураг төсөлгүй, үйлдвэрийн доторхи эмх цэгц тааруу, бохир ус зайлуулах суваг ил угсарснаас эвгүй үнэртэй зэрэг дутагдлуудыг илрүүлж, 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудад улсын /ахлах/ байцаагчийн 145 заалт бүхий хамтарсан албан шаардлагыг хүргүүлж, биелэлтийг хангуулан ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д оршин сууж байгаа монгол иргэдийн анхааралд

Мэдээ.МН

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков тушаал гаргаж энэ оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар яамныхаа харьяа их, дээд сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээний бүхий л үйл ажиллагааг зайн хэлбэрээр үргэлжлүүлэх, улирлын болон төгсөлтийн шалгалтуудыг онлайн горимоор авахаар шийдвэрлэжээ. Харин бусад яам, газрын харьяаны сургуулиудад эдгээр зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна.

Их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагаа зайн хэлбэрээр үргэлжилж, улмаар улирлын болон төгсөлтийн шалгалтууд онлайн горимоор явагдах болсонтой холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам оюутан залуучууд Та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд,

  • Уг тушаалыг үндэслэн гаргах сургуулийнхаа албан ёсны шийдвэртэй сайтар танилцаж, сургалтын алба, холбогдох багш, ажилтнуудаас нарийвчилсан удирдамж, зөвлөмж авах,
  • Мөн тушаалаар суралцагчдыг оюутны дотуур байраас бусад сургуулийн барилга байгууламжид нэвтрэхийг хориглож байгаа тул сургалтын хөтөлбөрөө дүүргэж байгаа буюу хэлний бэлтгэл, сургууль төгсөгчид сургуультайгаа хэрхэн тооцоо хийх, бичиг баримтаа хэрхэн бүрдүүлж өгөх, түүнчлэн хувийн хэрэг, сертификат (бэлтгэл анги төгсөгчид), дипломоо хэрхэн гардан авах асуудлыг сургуультайгаа нухацтай тохирох,
  • Монгол Улсын Онцгой комиссоос ОХУ-д суралцаж буй оюутнуудыг эх оронд нь татан авах хуваарь, тов гармагц сургуульдаа мэдэгдэж, явах бэлтгэлээ сайтар хангах,
  • Оршин сууж буй хот, суралцаж байгаа сургуулийнхаа захиргаанаас тогтоосон дэглэмийг ОХУ-д байх хугацаандаа чанд мөрдөж, эрүүл мэнд, аюулгүй байдалдаа онцгойлон анхаарахыг тус тус зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм

О.Ариунтуяа: Беларусь, Казахстан, ОХУ, Украинд өнгөрсөн долоо хоногт өвчлөл нэмэгдсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийв. Мэдээллийн хурлаар ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа шинэ коронавирусийн халдвар, нас баралтын хувь болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “Дөрөвдүгээр сарын 12-ноос хойш 4 долоо хоногийн турш Европын орнуудад халдвар тохиолдлын тоо буурах хандлагатай байгаа ч бүсийн зүүн хэсэг болон Беларусь, Казахстан, ОХУ, Украинд өнгөрсөн долоо хоногт өвчлөл нэмэгдсэн.

Сүүлийн 24 цагт өвчлөл

  • АНУ, Итали, Испанид 0.5-1 хувиар,
  • Англи улсад гурван хувиар
  • ОХУ-д зургаан хувиар нэмэгдлээ.
Дэлхийн хэмжээнд нас баралт одоогоор долоон хувь байгаа бол Франц улсад 19 хувь, Англид 15 хувь байна.

ДЭМБ-ын Европын бүсэд 1.6 сая халдвар авсан тохиолдол, 150 мянга гаруй хүн эндсэн нь нийт тохиолдлын 45, нас баралтын 60 хувийг эзэлж байгаа юм. Эдгээрээс 43 орон хэсэгчилсэн болон бүтэн хөл хорио тогтоож, иргэд нь гэрийн хорионд байна” гэв.

COVID-19-тэй холбоотойгоор Бельги, Болгар, Франц, Ирланд, ОХУ, Испани, Англи зэрэг олон оронд гэр бүлийн дундах болон хүүхдийн хүчирхийлэл нэмэгджээ. Энэ оны эхний дөрвөн сард өнгөрсөн жилтэй харьцуулахад хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 60 хувиар өсөж, нээлттэй утасны дуудлага тав дахин нэмэгдсэн талаар тэрбээр мөн мэдээллээ.

Үүнтэй холбоотойгоор

  • Итали улсад утас залгахгүйгээр тусламж хүсэх аппликэйшн гаргасан
  • Бельги, Франц улсад зочид буудлаа хамгаалах байр болгож, архи, согтууруулах ундааны худалдааг хязгаарлах арга хэмжээг авч байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн гурван сарын туршлагадаа үндэслэн төлөвлөгөөгөө шинэчлэн баталж, таван зорилтын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ. Тодруулбал,

  1. Салбарууд болон хүн амын оролцоог ханган дайчлах
  2. Тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарлах замаар алаг цоог тохиолдол болон голомтыг шуурхай хязгаарлах
  3. Халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хөдөлгөөн хорих замаар хүн амын дундах халдварын тархалтыг багасгах
  4. Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж нас баралтыг бууруулах
  5. Аюулгүй вакцин, эм хэрэгслийг боловсруулах зэрэг үндсэн таван чиглэлээр улс орнуудын нөхцөлд тохирсон арга зүйн болон ложистик тусламж үзүүлэхээр болсон байна.
Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Маргааш зарим нутгаар нойтон цас орно - Өдрийн Тойм

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 12-13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 14-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Фи Си Вай” ХХК-ийн ноолуур, нэхмэлийн үйлдвэрийн хашаанд манаач Д-ийн 4 ханатай гэр, тус компанийн Ниссан загварын, Приус-20 загварын автомашин тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:41 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /63 настай, эрэгтэй/-ийн толгойн хэсэг, Ц-ийн /49 настай, эмэгтэй/-ийн толгойн хэсэг, 2 гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Соёмбо”-ын 32 дугаар гудамжны баруун талд ил задгай газар автомашины сэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 11:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:48 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баян цагааны 3 дугаар гудамжинд иргэн Б-ийн 7х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:53 цагт очиж 17 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Нарангийн голын 75 дугаар гудамжинд иргэн Б-ийн 11х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 13:29 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 13:40 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн 19 дүгээр гудамжинд иргэн У-ын 5х8 метрийн хэмжээтэй гарааш, 15 боодол өвс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:43 цагт очиж 54 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Тосгон”-ны 1 дүгээр гудамжинд иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:41 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монелийн задгайд “Анх Ундрах” ХХК-ийн хашаанд иргэн Д-ийн 5 ханатай гэр бүрэн, 6х8 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшингийн 2 дугаар давхар, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 01:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 01:17 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга 2-р багийн Ганцын даваа гэдэг газар Хилийн 616 дугаар баганаас 500 метр зайтай /сумын төвөөс зүүн зүгт 70 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км/ Ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Түшиг суманд ой, хээрийн түймрийн хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0243 дугаар анги, Түшиг сумын Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, Нэмэлтээр: Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 36-р ангийн алба хаагчид 01:48 цагт ангийн байрлалаас, Түшиг сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Уранчимэгээр ахлуулсан иргэд 01:45 цагт сумын төвөөс, Хилийн цэргийн 0243-р ангиас хошууч М.Алмазаар ахлуулсан алба хаагчид 01:50 цагт ангийн байрлалаас тус тус гарсан түймрийн голомтод ажиллаж байна.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Улаан хад” гэдэг газар /сумаас зүүн зүгт 31 км 43.55N 103.88E/ 05.11-ний өдрийн 06:29 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с мөн өдрийн 06:49 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Л.Батбаатараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн “Баруун сайхан”-ны 23 дугаар гудамжинд иргэн Б /7 настай, эрэгтэй/ 05.10-ны өдрийн 14:00 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 02:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 21 дүгээр ангийн алба хаагид, ар гэрийнхэн 05.10-ны өдрийн 20:00 цагаас эхлэн 05.11-ний өдрийн 02:50 цагт хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж иргэн Ж-д байхад нь эсэн мэнд олсон.

6.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Жаргалантын зайврын цагаан нүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс зүүн урагшаа зүгт 9 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Орон нутгаас тус сумын Засаг дарга Л.Батсайханаар ахлуулсан иргэд ажиллаж 16:01 цагт цурманд оруулж 18:10 цагт түймрийг бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар гал түймэрт 1 га газар өртөж шатсан.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/ малчин Б-ийн 11х4 метрийн хэмжээтэй адууны жүчээ шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 21:36 цагт хүлээн авсан. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын цагдаа, дэд ахлагч Б.Тогтуунаар ахлуулсан иргэд ажиллаж 22:40 цагт бүрэн унтраасан.

Categories
мэдээ нийгэм

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал 15-ныг хүртэл хойшлогджээ

Б.Махбалын үйлдсэн гэх хүн амины хэрэг мартагдах вий дээ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр болсон. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулсан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Таны тээврийн хэрэгслийн улсын дугаар 5, 0-ээр төгссөн бол энэ сард татвараа төлнө үү

Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

1.Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

2.Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/

3.Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00

Бямба, Ням : Амарна

4.Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30

Бямба, Ням: 09:00 – 19:00

5.Да хүрээ худалдааны төв

Мягмар ~ Ням: 08:30 – 17:30

Даваа : Амарна