Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Ипотекийн корпорацийг байгуулж, түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулна

Нийслэлийн Ипотекийн корпорацийг байгуулж, түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулна

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдрийн мэдээллийн цагаараа Улаанбаатар хотод анх удаа бонд гаргаж иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа талаар онцоллоо.

Нийслэлд хөрөнгөөр баталгаажсан бондыг гаргах замаар зах зээлд борлуулагдахгүй бэлэн байгаа орон сууцыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч улмаар түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын хэлснээр уг хөтөлбөрийг УИХ, Засгийн газарт танилцуулж, тогтоол шийдвэр нь гараад байгаа аж. Мөн Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох газрууд нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран Ипотекийн корпорацийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжих явцад хохирсон иргэд бишгүй байсан. Харин иргэдийг хохиролгүй байлгах үүднээс нийслэлийн зүгээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн түрээслээд өмчлөх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ ажлын үр дүнд нийт 3000 орчим айл өрх орон сууцанд хамрагджээ. Дахин төлөвлөх ажлын хүрээнд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр иргэдийг эхний ээлжинд орон сууцанд оруулсны дараагаар газрыг нь чөлөөлөх байдлаар зохион байгуулж байгаа юм.

Иргэдийн хувьд санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцтай болох хэрэгцээ шаардлага бий. Харин энэ шаардлагын дагуу нийслэлийн Ипотекийн корпорацийг байгуулж, өргөн хүрээнд, богино хугацаанд олон айл өрхийг орон сууцжуулах ажил бодитойгоор хэрэгжиж эхэлж буйг хотын Захирагч хэллээ. Нөгөөтэйгүүр барилгын компаниудын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж дуусаад захиалга авч буй нийт 17788 орон сууц байгаа бол ашиглалтад орсон 4078 орон сууц бий. Иргэдийн эрэлт хэрэгцээ байгаа ч санхүүгийн хүндрэл бэрхшээлээс болж орон сууц худалдаж авч чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Харин үүнээс үүдэн барилгын компаниудын хөрөнгө царцсан байдлыг ийнхүү шийдвэрлэн энэхүү ажлыг эхлүүлж буйг хотын Захирагч онцолж байлаа.

Гэр хорооллын 220 гаруй мянган айл өрхийг богино хугацаанд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Нийслэл хотын иргэн бүр тодорхой шалгуурын дагуу түрээслээд өмчлөх энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт 35 мянган иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Нэг дор бүх иргэдийг орон сууцжуулах боломжгүй учир үе шат, дарааллаар нь хөтөлбөрт хамруулаад явах юм. 50 метр квадрат орон сууцанд сар бүр 394 000 төгрөг, 60 метр квадрат бол сар бүр 490 000 төгрөг, 70 метр квадратад 690 000 төгрөгийг төлөөд түрээслээд өмчлөх байдлаар орон сууцтай болох боломж бий. Тухайн иргэн сар бүр илүү төлөлт хийж, орон сууцаа богино хугацаанд өмчлөх эрх нь ч нээлттэй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ГХ-ны сайд Д.Цогтбаатар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2020.05.11/ өргөн барилаа.

Дэлхийн улсуудад аливаа шударга бус явдлын эсрэг, хүний эрх, эрх чөлөөг бодитойгоор эдлүүлэхийн төлөө тэмцэж буй хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагаа явуулах орон зай, эрх чөлөө нь хязгаарлагдаж, заналхийлэл, дарамт шахалтад орж буйг анхаарч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1998 оны A/RES/53/144 тогтоолоор “Нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих хувь хүн, нийгмийн нэгж, байгууллагын эрх, үүргийн тухай тунхаглал” (Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглал) -ыг батлан гаргаж, энэ чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авахыг улс орнуудад уриалсан билээ.

Хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа, хамгаалалтыг хууль тогтоомжоор дэмжих зорилгоор дэлхийн 40 гаруй улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг баталсан байна.

Манай улсад хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлах, дарамт шахалтад өртөх явдал цөөнгүй гарч байгаа ч хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байна.

Иймд “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоог байгуулах үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа Хүний эрхийн төлөө олон улсын байгууллагаас (ISHR) гаргасан “Хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах тухай” загвар хуульд тулгуурлан Хүний эрхийн Үндэсний Комиссын “Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” болон “Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа” судалгаа болон “Хүний эрхийн төлөө олон улсын байгууллага”-аас дэлхийн 40 гаруй улс орнуудын хууль тогтоомжид хийсэн судалгаа, НҮБ-ын тусгай илтгэгчийн зөвлөмж, НҮБ-ын ХЭДКГ-аас хуулийн төсөлд өгсөн санал, 2019 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ХЭҮК, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад оролцсон талуудын илэрхийлсэн санал зэрэг холбогдох материалыг ашиглажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг тодорхойлох, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих, хараат бус ажиллах, эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг хүний эрхийн түгээмэл соёл төлөвших нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байна.

Хуулийн төсөл нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль,Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуультай харилцан уялдаатай боловсруулагджээ.

Categories
мэдээ нийгэм

Мал эмнэлгийн хяналтын явуулын пост гардуулан өглөө

ХХААХҮЯ, МЭЕГ-аас мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад дутагдалтай байсан Мал эмнэлгийн явуулын хяналтын пост, сумдын тасагт иж бүрэн компьютерийг өнөөдөр гардуулан өглөө. Эдгээр мал эмнэлгийн явуулын постыг Өлзийтийн уулзвар, Тавантолгой, Шар хөтөлд байрлуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү постуудыг малын халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд лабораторийн зориулалтаар ашиглах боломжтой юм.

Ийнхүү ХХААХҮЯ, МЭЕГ-аас Дэлхий нийтэд тархаад байгаа Корона (COVID-19) вирусын болзошгүй аюулаас сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын үед орон нутагт мал эмнэлгийн мэргэжилтнийг ажиллах нөхцөлөөр хангахад онцгой анхаарч ажиллаж байна.

ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан “Жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой Мал эмнэлгийн иж бүрэн хяналтын явуулын постыг гардуулан өгч байна. Энэ төхөөрөмжийг ашиглаад нийслэлийнхээ хүн амын хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт хийхэд онцгой анхааран ажиллах нь зүйтэй юм. Өнгөрсөн жилийн “Малын эмч нарын анхдугаар хурал”-ын шийдвэрийн хүрээнд ХХААХҮЯ, МЭЕГ-аас төсвийг шийдвэрлэж, дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Нэр дэвшүүлэх ажиллагааны үеэр “CoVid19” халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Нэр дэвшүүлэх ажиллагааны үеэр CoVid19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Энэ сарын 10-16-ныг дуустал нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах бол бие даан нэр дэвшигчид энэ хугацаанд тухайн тойргийн 801 хүний гарын үсэг цуглуулан өрсөлдөх эрхтэй болох юм. Тэгвэл УОК-оос нэр дэвшүүлэх ажиллагааны үеэр “CoVid19” халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулан СЕХ-нд хүргүүлсэн байна. Зөвлөмжид бие даан нэр дэвшигч сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа өөр хоорондоо 1-1.5 метрийн зайтай, бөөгнөрөл үүсгэхгүй, айл өрхөөр явж гарын үсэг зуруулахгүй байх зэргийг тусгажээ. Харин нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулахдаа цахимаар болон олон танхимд бөөгнөрөл үүсгэхгүй хуралдах, хүн бүр маск зүүх, халуун хэмжих зэргээр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөсөн байна.

Нэр дэвшүүлэх ажиллагааны үеэр CoVid19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Нэр дэвшүүлэх ажиллагааны үеэр CoVid19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын удирдлагууд орон нутагт ажиллаж байна

97266183_241264480314702_2780254552585142272_n.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг нараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Баян-Адарга, Дорнод аймгийн Баян-Уул, Халх гол суманд ажиллалаа.

Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор байгуулагдсан Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, 2016 оны 183 дугаар тогтоолоор байгуулагдсан Дорнод аймгийн Халх гол суман дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийн, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.

Харин алба хаагчдад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийж, мэдээлэл өглөө.

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр оруулж дэмжүүлээд байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Өнөөдрийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэж 425 мянган иргэн арилжааны банкны дансаа холбожээ

ТАНИЛЦ: 1072 хувьцаагаа шалгах боломжууд

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ээлжит мэдээллээ хүргэж, тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өгөв. Тэрээр, “Ногдол ашгийг V сарын 1-нээс олгохоор компанийн ТУЗ шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байгаа ч 425 мянган иргэн арилжааны банкны дансаа холбосон байна. Тэдгээр иргэдийн болон дансаа нээлгэсэн ч ҮЦТХТ-д мэдээлэл нь хараахан ирээгүй байгаа 193 мянган иргэн зэрэг 1 сая орчим иргэний ногдол ашгийг өнгөрсөн долоо хоногт ҮЦТХТ-ийн дансанд байршуулсан. Нийт хувьцаа эзэмшигч 2 сая 512 мянган хүний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил хугацаа шаардаж байна. Ногдол ашиг тараах ажлыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас гадна хэд хэдэн байгууллага хамтран зохион байгуулж байгаа учир холбогдох байгууллагууд иргэдийн мэдээлэлд тулгалт хийж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хилээр мансууруулах бодис оруулах оролдлогыг таслан зогсооно

Хилээр мансууруулах бодис оруулах оролдлогыг таслан зогсооно

Сүүлийн 10 жилийн статистик мэдээллээс үзвэл мансууруулах төрлийн бодис хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр буй. Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор хөнөөлийг хүүхэд, залууст ойлгуулах, тэднийг соён гэгээрүүлэх ажил эхлүүлсэн.

Мөн тус зөвлөл 2019 оноос ГЕГ-ын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газартай хамтран хар тамхи, мансууруулах төрлийн бодис, эм бэлдмэлийг Монгол Улс руу нэвтрүүлэхгүй байх чиглэлээр ажиллаж байна. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас 2018, 2019 онд хар тамхи нэвтрүүлэхийг завдсан 24 хэргийг илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хилээр мансууруулах бодис оруулахыг завдах оролдлого жилд 10 гаруй бүртгэгддэг гэсэн үг.

Энэ хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гаалийн байгууллагын техник хэрэгслийг сайжруулах, хилээр нэвтрүүлж буй ачааг шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж эхэллээ. Хар тамхи, мансууруулах бодисыг мэдрэх, илрүүлэх өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжийг эхний ээлжинд нийлүүлэхээр ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бие даан нэр дэвшигчид гарын үсгээ цуглуулж эхэллээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчид өнөөдрөөс тойргийнхоо сонгогч, дэмжигчдээс гарын үсэг цугуулж эхэллээ. Өнөө жил бие даан нэр дэвшихээр 208 хүн Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нь урд өмнө байгаагүй үнэмлэхгүй их тоо байв. Харин өнөөдрийн байдлаар тэдгээр 208 хүний нэлээд хэсэг нь намаасаа нэр дэвшихээр болсон байна.

Бие даан нэр дэвшигчдийн дотор олны танил хүмүүс цөөнгүй байгаагийн нэр нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр. Тэрбээр энэ жил Хан-Уул дүүргээс нэр дэвшихээ зарлаад байгаа бөгөөд тойргийнхоо дэмжигч сонгогчдоосоо гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлснээ өөрийн цахим хуудсандаа бичжээ.

“Эрч хүч илэрхийлсэн морин цагийн мэнд ээ! Өнөөдөр УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүргээс бие даан нэр дэвшигч Нямтайширын Номтойбаяр миний бие хуульд зааснаар дэмжигч сонгогчдын гарын үсэг цуглуулах аяныг эхлүүллээ. Хүүгээ дэмжиж ХАН-УУЛ дүүргийн 11-р хорооны сонгогч, ээж маань эхний дэмжигч болж гарын үсгээ зурлаа. Монгол төр болон эрхэм ээждээ хүндэтгэл үзүүлж монгол цэргийн хувцсаа өмслөө. Хүмүүн бид эхийнхээ ач тусын талаарх сэтгэгдэл, мэдрэмжийг илэрхийлэх үг, шүлэг, дуу, ном зохиол ихээр бичдэг. Тэгсэн хэдий ч бидний хэрэглээний эрхэм дээд тансаг үгс сэтгэл, дотоод мэдрэмжээ илэрхийлэхэд хангалтгүй, дутаад байгаа мэт санагддаг” гэж анхы постоо оруулсны дараа түүнийг дэмжинэ гэдгээ олон хүн илэрхийлжээ. Өнөөдөр Н.Номтойбаяр үндэсний үйлдвэрлэгч “Евровүүд”, болон“Ариун” брэндийн үйлдвэрээр орж өөрийг нь дэмжих хүмүүсийн гарын үсгийг авсан тухайгаа мөн мэдээлжээ.

Сонгуулийн тухай хуулинд зааснаар “Бие даагчид нийт 801-ээс дээш дэмжсэн хүний гарын үсэг цуглуулах ёстой” бөгөөд дэмжигчдийнхээ гарын үсгийг өгсөн дарааллаараа нэрс нь эрэмбэлэгдэх юм байна.

Мөн дуучин Нара, Тордойн Ганболд зэрэг олны танил хүмүүс дэмжигчдийнхээ гарын үсгийг хэрхэн цугуулж байгаа талаараа өөрийн цахим хуудсаараа мэдээлсээр байна.


Categories
мэдээ нийгэм

НОСК-ийн харьяа охин компани байгуулж, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг орон сууцанд оруулна

НОСК-ийн харьяа охин компани байгуулж, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг орон сууцанд оруулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Ковид-19 халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй 6409 төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тус төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн харьяа охин компани байгуулан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай аж. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаснаар Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ковид-19 шинэ коронавирусний халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр ажиллаж буй 1300-1500 орчим төрийн албан хаагчдыг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах боломж бүрдэх юм. Иймд тусгай зориулалтын компани байгуулан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Тус хөтөлбөрт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албаны ажилтан, албан хаагч, цагдаагийн албан хаагч, хорио цээр, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн албан хаагч гэх мэт 1300 төрийн албан хаагчийг хамруулна.

Тус хөтөлбөрийн хувьд урьдчилгаа төлбөрийн уян хатан нөхцөлтэй тул хуримтлалгүй иргэд хамрагдах боломжтой, хүүгийн төвшин, ашгийн зөрүү хамгийн бага байх тул иргэдэд очих дарамт бага, “Буянт-Ухаа 972” түрээсийн орон сууцны бүртгэлд хамрагдсан 35058 иргэний 87,8 хувь түрээсэлж өмчлөх хэлбэрийг сонгож бүртгүүлсэн. Мөн зах зээл дээр борлогдоогүй орон сууцыг эргэлтэд оруулах, цаг хугацааны хувьд хурдан хэрэгжих боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой төсөл юм. Төслийг хэрэгжүүлэхдээ зах зээл дээрх бэлэн 55 м2-аас дээшгүй хэмжээтэй орон сууцуудаас худалдан авахаар төлөвлөжээ. Ингэхдээ эхний ээлжид Монгол банкнаас НОСК-ийн өмчид байгаа орон сууцуудыг барьцаалан 100 тэрбум төгрөг зээлэх юм байна. Харин хоёрдугаар ээлжид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган хөрөнгөө босгохоор төлөвлөж байгаа аж. Цаашлаад зах зээл дээрх бэлэн орон сууц худалдаж авснаар Ковид-19 халдвараас үүдэн үйл ажиллагаа нь доголдоод байгаа барилгын компаниудад дэмжлэг болж буй давуу талтай юм.

Асуудлыг хэлэлцэх үеэр НОСК-ийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын Төлөөлөгч Ц.Сүхбаатар Ипотекийн зээлийн дараах төслийг Нийслэл өөрөө хэрэгжүүлж байгаа гэдгийг онцолж байсан бол Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Төрхүү квотыг нэмэгдүүлэх санал хэлж байлаа. Мөн Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “100 тэрбум төгрөг зээлж, зах зээл дээрх орон сууцыг худалдаж авч байхаар хувийн хэвшлийнхэнтэйгээ зөвшилцөөд 50:50 хувийн төлөлтөөр худалдан аваад, харин 100 тэрбум төгрөгөөрөө илүү олон орон сууц худалдан авч, төсөлд хамрагдах боломжийг илүү тэлэх боломж харагдаж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр менежментээ хийх боломжийг судалсан уу? Монгол банкнаас зээлсэн 100 тэрбумаар 1000 орон сууц бус 2000 орон сууц худалдан авах боломж харагдаж байна” гэлээ. Харин Тэргүүлэгч П.Батчимэг төрийн албан хаагчдын цалингийн шатлалаас хамаарч уг хөтөлбөрт доод албан тушаалтнууд хамрагдах боломж хомс харагдаж байгааг хэлж байсан бол Тэргүүлэгч Ц.Сандаг-Очир Ковид-19 халдварын үеэр хэсгийн ахлагч нар нэлээд ачаалалтай ажиллаж байгаа тул дараагийн ээлжид эдгээр иргэдийг хамруулах тал дээр анхаарч ажиллахыг, мөн орон сууцны төсөл хэрэгжүүлэхдээ алслагдсан дүүргүүдээ үргэлж орхигдуулж ирснийг хэлээд цаашдаа анхаарах ёстойг хэлж байсан юм. Харин Тэргүүлэгч Д.Баттулгын зүгээс түрээсийн орон сууц хэрэгжүүлэх бодлого зөв, гэхдээ хэрэгжүүлэх механизмаа зөв хийх хэрэгтэй байна гэв. Харин НОСК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” -ыг баталсан, энэ журмын дагуу төслийг хэрэгжүүлнэ гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Коронавирусийн үед эдийн засагтай холбоотой хэрэгжүүлэх ажлыг дүгнэх ажлын хэсэг байгуулав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2020-05-11/ хуралдлаа.

Нэгдүгээрт: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хааж буйтай холбогдуулан хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэн ярилцав. Мөн Эдийн засгийн нөхцөл байдал болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн тухай сонслоо. Үнийн өсөлт нь зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр огцом нэмэгдэж байна. Ялангуяа барилгын материалын үнийн хөөрөгдөл их байгаа тухай албаныхан мэдэгдэв. Цаашид үнийн өсөлттэй холбогдуулан анхаарч мэдээлэл өгөх нь зүйтэй гэв.

Хоёрдугаарт: Коронавируст халдварын цар тахлын улмаас иргэдийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах тулгамдсан асуудлыг хууль эрх зүйн хүрээнд, зөв зохистой арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал атал эрх баригчдын сонгуульд зориулсан худал амлалт, үр дүнгүй үйл ажиллагаа нь цаашид улсын эдийн засгийн нөхцөл хэрхэн нөлөөлөх тухай хэлэлцэв. Эрх баригчид коронавируст халдварын үеэр бодит амьдралд хэрэгжих ажил хийгээгүй бөгөөд эдийн засгийн нөхцөл улам бүр хүндэрч байгаа нь мэдэгдэж байна. Тиймээс коронавурист цар тахлын үеэр эдийн засгийн байдалтай холбоотой авч хэрэгжүүлж буй эрхбаригчдын ажилд үнэлэлт өгөх, урьдчилан сэргийлэх, ажлын хэсгийг байгуулан ажиллахаар болов.