Categories
мэдээ нийгэм

“Олон улсын сувилагчдын өдөр” өнөөдөр тохиож байна

Өнөөдөр буюу жил бүрийн тавдугаар сарын 12-нд “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай.

Монгол Улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон байна. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчилах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсад 11 мянган сувилагч мэргэжил эзэмшсэн хүн байна.

Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Тэрбээр, 1850-аад оны Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн шинжлэх ухааны мөн чанарыг дэлхий дахинд таниулсан гавьяатан билээ.

Ташрамд сонирхуулахад, Сувилахуй гэдэг нь энэрэх, халамжлах гэсэн үгнээс үүссэн бөгөөд сувилгааны үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх, оношлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, дүгнэх гэсэн таван шатлалаас бүрдэнэ. Сувилагч хүний мэдлэгийг зайлшгүй байх мэдлэг, хэрэгтэй мэдлэг, мэдэхэд илүүдэхгүй мэдлэг, чадварыг гардан хийх чадвар, шийдвэр гаргах, харилцах, хамтран ажиллах чадвар гэж, хандлагыг туслах чин эрмэлзлэл, энэрэнгүй сэтгэл, чин сэтгэлээсээ хандах хандлага гэж ангилдаг байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын зургаан байнгын хороо хуралдана

УИХ-ын 6 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Бусад.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих/;

Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны тайлан;

Бусад.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайлан;

““Төрийн аудитын байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

“Үндэсний аудитын газраас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

““Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаар батлах тухай” Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

Монгол Улсын Их Хурлын болон Төрийн аудитын байгууллагын 2021 оны төсвийн төсөл;

Бусад.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Бусад.

5.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Бусад.

6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Засаг” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2020.04.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Бусад.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өгөв

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын хэлтэс нь 30 гаруй мянган хүн амд гамшгаас хамгаалах үйл ажиллагаа үзүүлэхээс гадна зэргэлдээ Хэнтий, Төв аймгийн сумдын дуудлагад хүрч ажилладаг. Багануур дүүргийн хувьд хүчтэй салхи, малын гоц халдварт өвчин, ой хээрийн болон объектын түймэр, үер усны болон автын осол зонхилон тохиолддог байна.

Шуурхай албаны автомашинтай болсноор гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байна.


Categories
мэдээ цаг-үе

Х.Баделхан: Хүний амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэх хот гэдэг зөвхөн орон сууц барих төдийгөөр хязгаарлагдахгүй

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө “Газрын харилцааны ажилтны өдөр” болж өнгөрлөө. Энэ жил Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Газар зохион байгуулалтын алба үүсч хөгжсөний 66 жилийн ой тохиож байна. Энэхүү салбарын эрх зүйн орчин, үйл ажиллагааг боловсронгуй болгоход хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Газрын харилцааны салбар бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, хот байгуулалт, орон зайн мэдээллийн менежмэнтийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх эрхийг зохицуулдаг суурь салбар.

Барилга, хот байгуулалтын яам “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д салбарын чиглэлээр тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид газрын харилцааны салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Газрын тухай хууль, Газрын кадастрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хууль, Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай анхдагч хуулийн төсөл, мөн Төрөөс газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна.

-Олны анхаарлыг таатаад байгаа Аэро сити, Майдар хотын төслийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Дагуул хот байгуулснаар ямар ач холбогдолтой вэ?

-Бид 1990 оноос хойш маш олон шилжилтийн үеийг нэгэн зэрэг, нэг цаг хугацаанд даван туулахаар дор бүрдээ л хичээн ажиллаж байгаа.

Социализмаас ардчилсан нийгэмд, нүүдлийн соёл иргэншлээс суурин амьдралд, төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлд гээд л. Үүнтэй зэрэгцээд бидний амьдралын хэв маяг асар хурдтай өөрчлөгдөж, хүн амын тоо ихэсч, хотод амьдрах иргэдийн тоо нэмэгдсэн. Гэсэн хэдий ч сүүлийн 30 жил хот сууринг шинээр бий болгож байгаагүй юм байна. Нэгэнт энэ цагийн иргэдийн эрэлт, шаардлагад нийцсэн орчин цагийн хотыг барьж байгуулах нийгмийн шаардлага, хэрэгцээ үүсээд удаж байгаа болохоор нэн тэргүүнд Улаанбаатарын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд томоохон алхам болох үүднээс дагуул хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд явж байна. Цаашдаа алслагдсан хөдөө орон нутгуудаа хөгжүүлэх бодлогыг ч бид хажуугаар нь боловсруулаад явж байгаа.

-Дагуул хот байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

-Хотуудын тухайд гэвэл шинээр баригдсан Хөшгийн хөндийн олон улсын онгоцны буудал, төмөр зам, хурдны зам болон Улаанбаатар хоттой ойрхон тул байршлын давуу талтай. Энэ нь ирээдүйд оршин суух иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа явуулахад нь логистикийн асуудлаа шийдэхэд дөхөм мөн эдийн засгийн үр өгөөжтэй ажиллах гол хүчин зүйл болж байгаа. Хүний амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэх хот гэдэг зөвхөн хэдэн айлын орон сууц барих төдийгөөр хязгаарлагдахгүй шүү дээ. Хамгийн гол нь иргэдийн амьжиргаа, орлогыг бүрдүүлэх тал дээр эхлээд анхаарах ёстой. Дараагийн нэг хүчин зүйл бол боловсрол, соёлын байгууламж мөн эмнэлэг, түргэн тусламж гэх мэт нийгмийн дэд бүтцийн асуудлууд байдаг. Эдгээрийг бүрэн дүүрэн шийдсэн цагт хэн ч гэсэн эрүүл орчинд амьдрахыг хүсэх болно. Мөн Улаанбаатар хотоос 50 км зайтай тул бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх боловсон хүчин, хүний нөөцийн асуудлууд бага тулгарна. Үүнтэй зэрэгцээд ажлын байрууд тэнд бий болохын хэрээр Улаанбаатар хотын ачаалал хөнгөрөх нийгэм эдийн засгийн давуу талууд байгаа.

-Орон сууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн баригдсан. Хаврын чуулганы хэлэлцэх асуудалд ороогүй. Уг хуультай холбоотой СӨХ болон нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн асуудал гэх мэт олон асуудлууд байна?

-Орон сууцын дундын өмчлөлийн асуудал ихээхэн шүүмжлэл дагуулдаг. ШӨХТГ-ын мэдээллийн төвд иргэдээс ирүүлсэн гомдлын 1/4 нь дээрх асуудалтай холбоотой байна. Холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, амьдралд нийцүүлэх санал хүсэлтүүд яаманд ч байнга ирж байдаг. Ажлын хэсэг, зөвлөх баг гарган холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах бодит хэрэгцээ шаардлага, энэ салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байгааг судлуулсан. Гарсан санал дүгнэлтийн дагуу Орон сууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгож, өнгөрсөн онд өргөн мэдүүлсэн. Энэхүү өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмэнтийг аймаг, нийслэлийн Засаг даргад, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, инженерийн хангамжийн үйлчилгээг мэргэжлийн нэг байгууллагад гэрээгээр хариуцуулах, орон сууцын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээнд зориулж оршин суугчаас болон тухайн орон сууцанд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төвлөрүүлэх хураамжийн хэмжээг тогтоох аргачлал, орон сууцанд хийх засвар, үйлчилгээний жишиг тариф, үндсэн хөрөнгөнд элэгдэл тооцох ажлыг журмаар зохицуулж байх, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцын фонд (сан) бүрдүүлэх, түүнийг эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан заалтууд тусгагдсан байгаа. Шинээр байгуулсан орон сууцын хорооллууд СӨХ байгуулан иргэдээс хураамж төлбөр авч бизнес хийн, ашиг олж байна. СӨХ харуул хамгаалалт, тохижилт цэвэрлэгээг гэрээгээр гүйцэтгэнэ. Одоо ажиллаж байгаа ажилчид нь цалин хөлсөө аваад хэвээрээ ажиллана. Сууц өмчлөгчдийн төлбөрийг зохицуулах зөвлөлийн тарифаар авах учир төлбөрийн хэмжээ багасна. Удирдлагын болон үргүй зардал буурна. Манай орон сууцын тухай хууль дээр тооцоо судалгаа хийж, иргэдээс санал авч, олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын туршлагыг судалж, хоёр жилийн хугацаанд нягтлан боловсруулж, хуулийн төслийг бэлтгэсэн.

-Энэ онд салбар яаманд улсын төсвийн хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан бэ?

-2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын салбарт нийт 691 төсөл арга хэмжээнд 1,459,9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Саарал жагсаалтаас гарах нь байтугай хар жагсаалтад орох нь

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF өнгөрсөн онд манай улсыг Саарал жагсаалтад орсон тухай зарласан. Учир нь манай улс ФАТФ-аас өгсөн зөвлөмжүүдийн дөрөвт нь бүдэрсэн юм. Товчхондоо, ФАТФ манай улсыг мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлд хойрго, хяналт шалгалт хийлээ ч шүүх нь шийдвэр гаргаж, хөрөнгийг нь хураадаггүй гэж дүгнэсэн. Энэ талаарх зохицуулалтуудыг холбогдох салбарын хууль тогтоомждоо бат нот суулгаж гэмээнэ саарал жагсаалтаас мултарна гэдгийг хэлсэн хэрэг.

Эрх баригчид сандралдаж хоёрхон сарын хугацаанд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гээд хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Харамсалтай нь ингэж сүржигнэсний ч хэрэг гарсангүй. Биднийг саарал жагсаалтаасаа ч гарч чадаагүй байтал Европын холбоо мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй, мөнгө угаалттай тэмцдэггүй орнуудын хар жагсаалтдаа оруулахаар зэхэж байна. Уг хар жагсаалтад орсон улс орнууд Европын Холбооны гишүүн орнуудын банк, санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй, тиймээс хяналтаа сайжруулах ёстой талаар ч холбогдох баримт бичигтээ тусгаад амжиж. Тэд биднийг найдваргүй түнш гэж хэдийнэ үзэх болсон нь ийнхүү ил боллоо.

Дэлхий биднийг ингэж л харах болж. Бид яагаад ийм хөөрхийлөлтэй байдалд орчихов, энэ хэмжээнд хүртэл нэр хүндээ алдахад юу нөлөөлөв гэдгийг бид бодох цаг болжээ. Бид тарчиг ядуудаа ийм байдалд хүрчихлээ гэвэл хамгийн өрөөсгөл дүгнэлт болно л доо. Хамгийн гол нь ардчиллын зарчмаа алдсанд л энэ бүхнийг шалтгаан бий. Энэ цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бүхнийг шийддэг болсон. Хэвлэлийн эрх чөлөө өдрөөс өдөрт хумигдаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг шахах бодлого гаарч байгаа. Ганц том төсөл болох Оюу толгойтойгоо зарга үүсгэсэн. Банкны салбарын хараат бус байдал өдрөөс өдөр алдагдаж, эрх мэдэлтнүүд банкийг нийгэмчилж өөрсдөө юм уу өөрсдийнхөө хүмүүст хувааж өгөх хууль хэлэлцэнэ гэж сүрдүүлэх боллоо. Эрх барьж буй бүлэглэлүүд банкинд хувь хүртэх гэж хөөцөлдөх нь нэмэгдлээ. Энэ бүгд л Монголыг Европын холбооны хар жагсаалтад оруулахад хүргэв бололтой. Бид дэлхийд ийм л хар юм уу их сайндаа саарал үнэлгээтэй орон болж хувирчээ.

Саарал жагсаалтад орсноос болж Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга огцорч байв. Тэгвэл одоо эрх баригчдын хэн нь хариуцлага хүлээх вэ. Хууль дүрмийг нь хэлэлцүүлж өгөөгүй УИХ-ын дарга хариуцлага хүлээх үү, Ерөнхий сайд хариуцлага хүлээх үү. Ямар ч л байсан банкны удирдлагуудад хариуцлага хүлээлгээд нэмэр болсонгүй. Сахил хүртээд шал дордов гэгчээр саарал жагсаалтад орсон гээд сайн ажиллаад байгаа гээд байсан бүүр нэмээд хар жагсаалтад орохоор болчихоод сууж байна.

Угтаа хэн нэгэнд бурууг үүрүүлэх гэж тэвдэхийн оронд саарал жагсаалтаас гарах арга хэмжээгээ тууштай хэрэгжүүлсэн бол зөв байх байлаа. Өнгөрсөн долоон сарын хугацаанд амжиж саарал жагсаалтаас мултарсан бол өдийд Европын холбоо ийм дүн тавих байсан уу үгүй юү, бодох л асуудал. Нөхцөл байдал улам дордсон нь төр засгаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй, тэр нь үр дүнд хүрээгүйг харуулж байна. Магадгүй эрх барьж байгаа бүлэглэлүүдийн эрх ашиг зөрчилдсөн учир шуурхайлаагүй биз. Зөвхөн эрх барьж байгаа бүлэглэлийн эрх ашгийн төлөө л Монгол Улсыг золионд гаргаж байгаа нь харамсалтай юм. Холбогдох албан тушаалтнууд нь энэ цаг үед саарал жагсаалтаас төд удалгүй гарчих нь, хар жагсаалтад орохгүй гэж иргэдийг тайвшруулахаас өөрийг хийж чадахгүй байгаа нь ч илт байна.

Хар жагсаалтад нэгэнт орчихсон тохиолдолд саарал жагсаалтаас гарна гэдэг юу л бол. Хэрэв энэ хоёр давхацвал өнөөдрийн хүнд эдийн засаг элгээрээ хэвтэх нь мэдээж. Саарал жагсаалтад бүртгэгдсэн өдрөөс л валютын ханш савлаж, зарим банк валютын хязгаарлалт хийж байв. Үүнтэй адил хар жагсаалтад орсноор эдийн засагт ил болон далдаар сөрөг нөлөө үүсэх нь гарцаагүй юм.

Хар жагсаалтад орсноор Европын холбооноос Монгол Улсад үзүүлэх санхүүгийн дэмжлэгт саад тотгор үүснэ. Тус холбоонд элссэн манай гуравдагч хөршүүд болох АНУ, Япон тэр бүү хэл БНХАУ ч биднийг дэмжих эсэхтээ эргэлзэхийг үгүйсгэх аргагүй. Европын Холбооны банкууд, бусад санхүү, татварын байгууллагууд хар жагсаалтад багтсан улстай харьцдаг үйлчлүүлэгчдээ илүү нарийвчлан судлах үүрэг хүлээх болно. Бидний Европын санхүүгийн зах зээлд хандах эрх хумигдаж, банкуудтай хийгдэх төлбөр тооцоонд хүндрэл үүснэ. Хяналт нь улам чангарах учраас тэр. Төр засаг ингэж л ядарсан ард түмэн, өөрийнхөө чадлаар яваа бизнес эрхлэгч, ажил олгогчдоо хөлдөө чирж байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Очирбат: Энэ сардаа багтаагаад эхний ээлжинд адууны махаа экспортолно

Махны экспортын талаар Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбаттайярилцлаа.


– “COVID-19” цар тахлаас болж, дэлхий дахин эдийн засгийн хямралд ороод байна. Энэ хямрал махны экспортод хэр нөлөөлж байна вэ?

-“Ковид-19” цар тахал гарснаар махны салбар, тэр дундаа махны экспорт зогсонги байлаа. Улсын онцгой комисс, Монгол Улсын Засгийн газар болон бусад холбогдох газрууд хэлэлцэж, тавдугаар сард багтаагаад намар бэлдсэн адууны махыг эхний ээлжинд хорио цээрийн журмыг баримталж экспортлох чиглэлтэй байна. Өнгөрсөн баасан гаригт ХХААХҮЯ-наас ажлын хэсэг цуглаад махны квотыг БНХАУ болон эрх авсан бүх компаниудад хуваарилсан. Ирэх долоо хоногоос махаа ачих, хил давуулах төрөл горимыг судлаад түүнийг хэрэгжүүлэх бололцоотой компаниуд гаргаж эхлэх байх.

-Монгол Улс жилд хэчнээн тонн мах эскпортолдог юм бэ. Энэ жил хэчнээн тонныг гаргахаар төлөвлөж байна?

-Ер нь 2017 оноос хойш тасралтгүй их хэмжээгээр экспортолж эхэлсэн шүү дээ. Тэрнээс өмнө арайбага байсан. Жилд 2000-3000 тонн мах л экпортолдог байлаа. Харин одоо байдал өөрчлөгдсөн. 2018 онд гэхэд 72 гаруй мянган тонн мах, 2019 онд 50 гаруй мянган тонн мах экспортлосон байна. Энэ жил 60-70 мянган тонн мах экпортолно гэсэн төлөвлөгөөтэйбайсан. Гэтэл давагдашгүй хүчин зүйл буюу цар тахал өвчин гараад бүх зүйл хоригдлоо. Ингээд мах экспортолт бүрэн зогсчихсон байсан. Одоо л хөдөлгөөнд орох гэж байна.

-Хөлдүү махнаас өөрөөр хэрхэн ангилж гаргаж байгаа вэ?

-Ер нь ангилалтаас хамаарч махны экспорт сүүлийн жилүүдэд нэлээн нэмэгдсэн. Урьд нь зөвхөн хөлдүү мах л гаргаж байсан бол одоо олон төрлийн боловсруулалт хийж гаргаж байгаа. Яснаас нь шулаад хайрцаглах, ангилах, чанах зэрэг янз бүрийн байдлаар гаргаж байна. Уг нь өвчингүй бол Монголын мах нилээн танигдаж урд хойд хөршүүд булангийн орон гэх Иран, Кувет улсууд нэлээн авах төлөвтэйбайгаа л даа.

-Монгол махны чанар хэр вэ?

-Монгол махны чанар олон улсад гологдохгүй. Гологдох нэг шалтгаан бол малын өвчин. Тэр дундаа шүлхий. Сүүлийн гурван жил халдварт шүлхий гарсангүй. Шүлхий гоц халдварт өвчин учраас өвчтэй малын махыг дэлхий нийтээрээ ихэд хориглодог шүү дээ. 2016 оноос хойш шүлхий өвчин манайд гарсангүй. Тиймээс монгол мах дэлхийн шаардлагыг хангах болсон. Хоёрдугаарт, дээхнэ үед үйлдвэрүүдийн хүчин чадал, боловсруулах нарийн технологи нэвтрээгүйбайсан. Ер нь бол 2015 оноос өмнө бод малыг нядлаад дөрөв хөрөөдөөд л яс үстэйнь вагонд ачаад Орос руу гаргадаг байсан. Одоо бол цээжин тал, бөгсөн талын мах гэх зэргээр янз бүрээр ангилаад нэмүү өртөг бийболгоод гаргадаг болсон. Тэгэхээр манай махны үйлдвэрүүд нэлээн хөгжиж дэлхийнийтийн тавьж байгаа шаардлагад дөхөж очиж байна. Дэлхийн улс орнууд монгол махыг сүүлийн үед их сонирхож байна. Манай Монголын мах уураг, шим тэжээлийн хувьд ч тэр, олон төрлийн эмийн ургамал иддэг гэх зэрэг давуу талтай. Ганцхан шүлхийөвчнийулмаас хорио цээртэй байсан. Одоо бол энэ салбар их ирээдүйтэй, хөгжих бололцоотойболсон. Ер нь бид уул уурхайгаас илүү МАА-н салбар руу түлхүү анхаарах цаг болсон. Эргэж нөхөгдөж бий болдог баялаг шүү дээ. Энэ жил арван сая мал бэлтгэлээ гэхэд дараа жил нь хорин сая төл авна. Мал аж ахуй бол дундаршгүй баялаг. Үүнийгээ л Монгол Улсын засгийн газар, малчид, махны үйлдвэрийнхэн ойлгоод махаа экспртолбол дэлхийд үнэ цэнээ алдахгүй. Ер нь Монголчуудыг тэжээх гол эх үүсвэр нь мал аж ахуй.

-Энэ жил ямар улсуудтаймах экспортлох тохироо хийсэн бэ?

-Мах экспортлохоор Хятадтай гэрээ хийсэн. Оросын холбооны улстайбага хэмжээний адууны мах экспортлох, мөн булангийн орнууд болох Иран, Кувет зэрэг улсуудтайгэрээтэйбайна. Ер нь экпортлох тийм ч олон орон хэрэггүй шүү дээ. Бид яг үнэндээ Хятадын Бээжин хотын нэг жилийн махны хэрэгцээг ч бэлдэж чадахгүй л улс. Тэгэхээр ойрын хоёр хөрш, булангийн орнууд руу экспортолно. Мөн Япон, Солонгост багахан хэмжээгээр туршилтын журмаар гаргаж байна. Махны чанар сайжраад боловсруулалт дээшлээд мал өвчингүй байгаад байвал Хятад улс руу л экспортлоод байхад хангалттайболчихож байгаа юм л даа.

-Ер нь манайх эрчимжсэн мал аж ахуйгаа хэр хөгжүүлж байна вэ?

-Энэ бол хөндөх ёстой том асуудал шүү. Монгол мал, тэр дундаа бэлчээрийн мал аж ахуй л хамгийн сайн нь гээд байвал энэ улс оронд ашиг бага өгнө шүү дээ. Ухаандаа гадаадад бярууны гулууз амьдын жин нь 300-400 кг байдаг. Гэтэл манайд өчнөөн жил маллаж, нас бие гүйцсэн шар үхэр 300-400 кг жинтэй. Тэгэхээр эрчимжсэн мал аж ахуй, махны үйлдвэрлэлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Яахав, нүүдлийн мал аж ахуй буюу бэлчээрийн мал аж ахуйгаа монголчууд өөрсдөө хэрэглэж л байг. Харин гадагшаа экспортлохдоо махны чиглэлийн мал үйлдвэрлэх зайлшгүй хэрэгтэй болж байгаа юм л даа. Хоёр үхрийн махнаас гаргаж байгаа гулуузыг нэг үхрээс гаргадаг болохын тулд л зүтгэж ажиллах хэрэгтэйюм. Үүн дээр хамгийн гол нь материаллаг бааз болох өвс тэжээлийн асуудал чухал. Ингэснээрээ махаа жилийн дөрвөн улиралд экспортлох бололцоотой. Одоогийн байдлаар манайх намар, өвөл нядлаад л экспортолж байна. Түүнээс хойш мал тарга автал экспорт хийж чадахгүй байна шүү дээ. Ер нь махны чиглэлийн малыг тодорхой хэмжээгээр өсгөж экспортынхоо хэрэглээг хангах явдал бол манайд тулгамдсан асуудал болоод байна.

-Танай махны холбоог гадныхантай биш Ч.Улаан сайдтай тохироо хийгээд байна гэж гадуур яриад байна. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

-Бид тэрийг сайн мэдэхгүй. Компаниуд гадныхантайөөрсдөө гэрээгээ хийнэ шүү дээ. Социализмын үед л улсууд хоорондоо гэрээ хийдэг байсан. Одоо бол дурын гадны компанитайгэрээ хийнэ. Улсын хооронд гэрээ хийхгүй болоод олон жил болж байна.

Жишээлбэл, “Мах-Импекс” гэхэд Хятадын компанитайгэрээ хийгээд тэр гэрээ нь шаардлага хангавал хоорондоо наймаагаа хийж байна. Түүнд ерөөсөө Махны холбоо, ХХААХҮ яам оролцох үндэслэл байхгүй. Зөвхөн компаниуд хоорондоо шууд гэрээгээ хийж байгаа. Дэлхий нийтийн жишиг нь ийм. Харин энэ яриа бол зах зээл ойлгодоггүй, махны наймаа мэддэггүй хүмүүсийн л яриа байх.

Махны холбооны үүрэг юу вэ гэхээр Хятадаас мах авах хүмүүс ирнэ. Махны компаниудтай бид холбож өгнө. Ингээд манай улсад энэ улсын махыг авч болох уу, үгүй юү гэдгийг шалгахаар хяналтын болон хорио цээрийн байгууллага нь ирж шалгана.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

О.Зоригт: Оны эхний дөрвөн сарын гэмт хэргийн статистик мэдээ эерэг гарч, гэмт хэрэг буурсан

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа О.Зоригттой ярилцлаа.


-Гэмт хэрэг, зөрчлийн 2020 оны эхний дөрвөн сарын статистик мэдээ гараад удаагүй байна. Мэдээний тоймыг танилцуулна уу?

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай анги 20 бүлэг 214 зүйл, 553 хэсэгтэй. 2020 оны эхний дөрвөн сарын өссөн дүнгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 бүлэгт заасан гэмт хэргүүд 5.8-76.2 хувиар буурсан бол хоёр бүлэгт заасан гэмт хэрэг өсч, мөн хоёр бүлэгт заасан гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

Энэ хугацаанд нийт 10130 гэмт хэрэг бүртгэгдсэний 65.8 хувь буюу 6663 нь нийслэл Улаанбаатар хотод, 34.1 хувь буюу 3452 нь аймгуудад үйлдэгдсэн байна. 2019 оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 2802 буюу 21.7 хувиар, нийслэлд бүртгэгдсэн гэмт хэрэг 2110 буюу 24.1 хувиар, орон нутагт бүртгэгдсэн гэмт хэрэг 665 буюу 16.2 хувиар тус тус буурсан.

Засаг захиргааны нэгжээр нь авч үзвэл гэмт хэрэг 16 аймаг, нийслэлийн 8 дүүрэгт буурч, таван аймаг, нэг дүүрэгт өссөн байна.

Тодорхой төрлөөр нь авч үзвэл хүний амь хөнөөх гэмт хэрэг 8.2 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 30.4 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 80.4 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50.0 хувиар, хулгайлах гэмт хэрэг 20.2 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 43.2 хувиар, залилах гэмт хэрэг 19.7 хувиар, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 39.2 хувиар гэх мэтээр манай улсын гэмт хэргийн бүтцэд зонхилдог бараг бүх төрлийн гэмт хэргүүд буурсан үзүүлэлт гарсан.

Гэмт хэргийн улмаас хохирсон нийт хүний тоо өнгөрсөн оны мөн үеэс 2628-аар буюу 21.0 хувиар, нас барсан хүний тоо 167-оор буюу 35.2 хувиар, гэмтсэн хүний тоо 333-аар буюу 11.2 хувиар, учирсан материаллаг хохирлын хэмжээ 14.6 тэрбум төгрөгөөр буюу 22.2 хувиар тус тус буурчээ.

Энэ буурсан үзүүлэлт бүрийн ард бүтэн бүлээн амьдрал, гэр бүл, эрхээ хамгаалуулж чадсан иргэн хүн бий гэж ойлгох учиртай.

Зөрчлийн хувьд энэ хугацаанд 772.324 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 81.971 буюу 11.9 хувиар, 769.683 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 82.674 буюу 12.0 хувиар тус тус өссөн бөгөөд нийт зөрчлийн 91.3 хувь буюу 705115 нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих” зөрчил эзэлж байна.

Архи согтууруулах ундаа хэрэглэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 35288 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 22888 буюу 6.1 хувиар өссөн бөгөөд нийт эрүүлжүүлэгдсэн хүний 26429 буюу 74.9 хувь нь Улаанбаатар хотод, 8859 буюу 25.1 хувь нь орон нутагт эрүүлжүүлэгдсэн.

-Гэмт хэргийн илрүүлэлт хэр байна вэ?

-Бид гэмт хэргийн илрүүлэлтийн хувийг нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргүүдээс тооцдог аргачлалыг ашигладаг. 2020 оны эхний дөрвөн сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 48.6 хувь нууц далд аргаар үйлдэгдсэн бөгөөд гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 35.9 хувь, нийслэлд 32.7 хувь, орон нутагт 42.8 хувь байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал улсын хэмжээнд 10.9, Нийслэлд 13.1, орон нутагт 4.7 нэгжээр тус тус өссөн байгаа.

-Өссөн гэмт хэргийн тухайд?

-Хүрээлэн байгаа орчны эсрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн хоёр бүлэг гэмт хэргүүд өмнөх оны мөн үеэс өссөн байна. Тухайлбал, Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг” гэмт хэрэг өнгөрсөн оны дөрвөн сард 20 бүртгэгдэж байсан бол энэ жил 41 болсон, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 162 байсан бол 274 болж өссөн. Ер нь гэмт хэрэг өөрөө нийгмийн үзэгдэл гэдэг утгаараа нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинтэй байнга уялдаж явдаг зүйл. Сүүлийн жилүүдэд манай улсад хүрээлэн байгаа орчны эсрэг болон цахим мэдээллийн аюугүй байдлын эсрэг гэмт хэргүүд тооны хувьд төдийлөн их биш ч өсөх хандлагатай байгаа.

Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны А/09 дүгээр тушаалаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Экологийн цагдаагийн алба”-ыг ЦЕГ-ын бүтцэд байгуулсан.

-Манай улсад ер нь ямар гэмт хэргүүд ихэвчлэн үйлдэгддэг юм бэ?

-Криминологийн шинжлэх ухаанд “тодорхой нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэргийн бүтэц” гэж ойлголт байдаг. Манай улсын гэмт хэргийн бүтцэд “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн хоёр бүлэг гэмт хэрэг сүүлийн 30-аад жил зонхилсоор ирсэн. Энгийнээр нэг дэх бүлэг нь хулгай, дээрэм, залилан гэх мэт өмч хөрөнгө эзэмших эрхэд халдсан хэргүүд, хоёр дахь нь зодоон цохионы хэргүүд гэж ойлгож болно. Сүүлийн 10 жилийн дунджаар өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нийт гэмт хэргийн 60-63 орчим хувийг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 22-25 орчим хувийг эзэлж ирсэн статистик бий.

Энэ хоёр бүлэг гэмт хэрэг нийлбэрээрээ нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг тогтмол эзэлдэг. 2020 оны эхний дөвөн сарын байдлаар 85.5 хувийг эзэлж байна. Гуравдугаарт, нийт гэмт хэргийн гурав орчим хувийг эзэлдэг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг ордог. Үлдэж буй 10 гаруй хувийг бусад төрлийн хэрэг эзэлдэг.

Гэмт хэргийн ангиллаар нь авч үзвэл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 81.4 хувь нь хөнгөн ангиллын, 18.6 хувь нь хүнд ангиллын гэмт хэрэг байна.

-хэргийн статистик мэдээний гол гол үзүүлэлтүүд эерэг гарсан нь юутай холбоотой гэж та үзэж байна вэ?

-Гэмт хэргийн тоо, түүний улмаас учирсан хохирол мэдэгдэхүйц хувиар буурч байгаа нь төр засаг иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, амар тайван нөхцөлд ажиллаж амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч, тэдний өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаагийн нэг илэрхийлэл юм.

Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үйл ажиллагааныхаа үндсэн бөгөөд тэргүүлэх чиглэл болгож, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ судалгаа, дүн шинжилгээний ажлын үр дүнд үндэслэх, техник, технологийн дэвшил, боломжийг ашиглах, иргэд, олон нийттэй хамтын ажиллагаагаа бүх хэлбэрээр өргөжүүлэх, тэдний дэмжлэг оролцоонд тулгуурлах бодлого чиглэл тууштай баримталж, энэ бодлогынхоо хүрээнд гэмт хэргийн бүлэг төрөл бүрт чиглэсэн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг шат дараатай төлөвлөн амжилттай хэрэгжүүлж ирсний үр дүн гарч байна гэж хэлж болно.

Аливаа ажлыг эцсийн дүндээ хүн л хийдэг учраас өнөөдрийн энэ эерэг үр дүн манай цагдаагийн байгууллагын бүх шатны алба нэгж, удирдах ажилтнуудын ажлын зөв зохион байгуулалт, ажилтан, алба хаагчдын идэвх санаачилга, цаг наргүй нөр их хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой. Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагын орон тоо хүн хүч Засгийн газрын 153 дугаар тогтоолоор тогтоосон норм нормативаас доогуур, ялангуяа нийслэл хотод хүрэлцээ муутай, алба хаагчдын ажлын ачаалал хэтийдсэн гэмээр их байгаа ч манай алба хаагчид ард олныхоо амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, тодорхой үр дүнд хүрч байна.

Мөн Монгол Улсын Засгийн газар, харьяа яам, нутгийн захиргааны байгууллагуудаас цагдаагийн байгууллагын бодлого үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх, амьдрах нөхцөл бололцоог сайжруулах чиглэлээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа явдал ч гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр дүнд эерэгээр нөлөөлж байгаа нь дамжиггүй.

Энэ дашрамд манай улсад сүүлийн 2-3 жил гэмт хэргийн статистик үзүүлэлтүүд тогтмол эерэг буюу бууралттай гарч байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 19-21 градус дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Халх голын хөндийгөөр 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөхөгчин туулай өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 12, Ангараг гариг. Билгийн тооллын 20, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Эл өдөр архи уух, тамхи татах сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гаригийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

“Жи тайм” сүлжээний хэргийг шүүхэд шилжүүлжээ

Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн М болон Монгол Улсын иргэн О нарт холбогдох “Жи тайм” сүлжээний гэх тодотголтой хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаад энэ оны тавдугаар сарын 8-нд яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

“Жи тайм” сүлжээний гэх тодотголтой уг хэрэг нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хориглосон “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох” үйл ажиллагаа эрхлэн 11 398 иргэнийг хохироосон байдаг. Ингэхдээ иргэдээс элсүүлэх замаар бэлэн мөнгө авч залилж, нийт 25,801,303,770 төгрөгийн хохирол учруулсан байна.