Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Сонгогдоод хууль боловсруулах, бодлого тодорхойлох ажилдаа шууд ордог төрд бэлтгэгдсэн хүн УИХ-ын гишүүн болох ёстой

АИХ-ын дэд дарга асан Ж.Гомбажав нэр дэвшигчдийн талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Монголын улстөр, нийгмийн нэртэй зүтгэлтэн түүний ярилцлагаас онцлох зүйл их байна. Тодруулбал:

-Энэ жил сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл, 208 бие даагч оролцоно гэж байна. Би үүнийг хоёр талаас нь харж байгаа.

-Нэгдүгээрт, одоогийн УИХ, Засгийн газар, төрийн алба хашиж байгаа хүмүүст ард түмний итгэх итгэл алдарсан юм байна. Нэг үгээр хэлэхэд тэднийг гол, чамлаж байна. Тиймээс олон нам, хүмүүс нэр дэвших саналаа илэрхийллээ.

-Хоёрдугаарт, Монгол Улс төрөө боловсронгуй болгож, улс орноо хөгжүүлэх шаардлагатай болжээ гэдгийг мэдэрсэн хүмүүсийн тоо ихээхэн нэмэгдсэн юм байна. Энэ нь их сайн үзүүлэлт.

-УИХ-д ямар хүн сонгогдох ёстой вэ гэдэг хэмжээгээ мэдэх хэрэгтэй.

-УИХ гэдэг дадлага хийх газар биш, дөрвөн жилийн хугацаатай мэдлэг боловсролоо дээшлүүлэх дамжаанд очиж байгаа хэрэг биш. УИХ-ын гишүүнээр сонгогдож төрийнхөө сүлд, далбаанд тангаргаа өргөөд л шууд хууль боловсруулах, бодлого тодорхойлох ажил руугаа ордог төрд бэлтгэгдсэн хүн байх ёстой юм.

-Тэр хүн боловсрол мэдлэг өндөр, алсын хараатай, Монголоо гэсэн сэтгэл, зүтгэл, зоригтой хүн байх учиртай.

Ж.Гомбожав гуай ингэж ярьжээ. Бодууштай, мэдүүштэй үг хэлжээ. Дахин тодруулж хэлэхэд “УИХ-ын гишүүнээр сонгогдож төрийнхөө сүлд, далбаанд тангаргаа өргөөд л шууд хууль боловсруулах, бодлого тодорхойлох ажил руугаа ордог төрд бэлтгэгдсэн хүн байх ёстой юм” гэсэн байна.

Тэгвэл 208 бие даагчид дотор ийм шалгуур хангасан хүний нэг нь Нямтайширийн Номтойбаяр юм. Тэрбээр УИХ-д хоёртонтоо сонгогдож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан туршлагатай хүн. Өөрөөр хэлбэл, УИХ-д сонгогдонгуутаа төрийн бодлого тодорхойлж, хууль боловсруулах чадвар, туршлага түүнд байна.

УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Ахмад настны тухай хууль, Ниймгийн халамжийн тухай хууль, Эх, олон хүүхэдэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай зэрэг нийгэмд чухал хэрэгтэй 10 гаруй хууль санаачилж, батлуулсан нь өдгөө амьдрал дээр хэрэгжээд, үр шимийг нь олон хүн хүртээд явж байна.

Н.Номтойбаярт бас нэг авууштай чанар нь төрд бугшсан авилга, албан тушаал, хүнд суртал гээд муу муухай бүхнийг мэддэг. Үүнийг илчилж, чанга дуугарсан нэгнийг яаж хэрэгт холбогдуулж, хэлмэгдүүлдгийг ч өөрийн биеэр туулж яваа хүн. Тиймээс амин хувийн ашгаас илүүтэй монголын төрийг төрөө боловсронгуй болгож, улс орноо хөгжүүлэх шаардлагатай болсон гэдгийг мэддэг, түүний төлөө ажиллана гэдгээ ч хэлдэг.

Төрд очоод баяжина гэж олон залуус боддог, мөрөөддөг. Н.Номтойбаярын өөр нэг тодотгох зүйл бол тэрээр хангалттай мөнгөтэй, эдийн засгийн хувьд хэнээс ч хараатбус хүн. Түүний ярианаас харахад Монголын залуучуудыг ажил хийгээд амьдралд нь хангалттай хүрэлцэх хэмжээний мөнгөтэй болгох тийм хөгжлийн төлөө, тийм боломжийн төлөө зүтгэж яваа бололтой.

Д.САЙХАН

Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон гэх иргэн эсэн мэнд иржээ

Намар - Өвөрхангай аймаг Зүүнбаян-Улаан сум | Facebook“Зүүнбаян-Улаан сумын Цахиурт багийн “Галуут” гэдэг газраас иргэн О сураггүй алга боллоо” гэх дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, шуурхай эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Уг дуудлага энэ сарын 9-ний өдөр ирсэн бөгөөд тус иргэн /35 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ сумын эмнэлэгт эмчлүүлж байгаад оргон гарсан байна. Тэрээр Арвайхээр сумын Өлзийт багт амьдардаг ахындаа эсэн мэнд ирсэн тул эрлийн ажиллагааг зогсоосон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ш.Анхмаа: Нийслэлийн бүх сургууль хоёр ээлжид бүрэн шилжлээ


НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаатай ярилцлаа.


-Нийслэл дэх сургууль, цэцэрлэгийн тоо хангалттай хэмжээнд хүрч чадсан болов уу?

-31 сургууль гурван ээлжээр хичээллэж байсныг хоёр ээлжид бүрэн шилжүүллээ. Нийслэл Улаанбаатар хотод 2016-2020 онд нийтдээ 135 цэцэрлэг, 67 сургууль, 16 бага сургуулийг барьжээ. Ингэснээр бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлж чадлаа. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт ирэх хичээлийн жилд дэлхийн жишигт нийцсэн 85 хувьд хүрэх болно. Үүний төлөө цэцэрлэгийн барилга барих, өргөтгөхөөс гадна байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулах ажлыг зохион байгуулж хэд хэдэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн цэцэрлэг нээн ажиллуулж байгаа.

Мөн нийслэлийн хэмжээнд хамгийн их дулааны алдагдалтай есөн сургууль, цэцэрлэгийг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран дулаалсан. Энэ жил ч гэсэн дулаалгын төсөл үргэлжлэх бөгөөд нийт 20 гаруй сургууль, цэцэрлэгийг дулаалахаар төлөвлөж байгаа. Ингэснээр тухайн сургууль, цэцэрлэг дулаан алдахгүй, дээрээс нь барилгын насжилт уртасдаг давуу талтай. Засвар дулаалга хийсэн тухайн сургуулиудад хүүхдийн өвчлөл 63 хувь, багш нарынх 80 хувиар буурсан гэх тооцоо судалгаа гарсан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмээд зогсохгүй хүүхдүүдийн сургалтын чанарыг зайлшгүй анхаарах ёстой. Мэдээж гурван ээлжийг хоёр ээлж болгосон нь хүүхдүүдийн сурлагын чанарт шууд нөлөөлөх нь дамжиггүй. Түүнчлэн чөлөөт цагаараа сургууль дээрээ давтлага, секц дугуйланд хамрагдах боломж нь нэмэгддэг. Эдгээр нь сурлагын чанар, хүүхэд хөгжлийн асуудалд асар их үүрэгтэй байдаг. Үүний сацуу бид хүүхдүүдийн сурлагын чанарыг сайжруулахын тулд сүүлийн гурван жилийн хугацаанд төгсөх ангийнхнаас “Амжилтын гараа” гэх шалгалтыг авдаг болсон. Энэ ажлын үр дүн гарч нийслэлийн хүүхдүүд ЭЕШ-ын дүнгээр улсын хэмжээнд 9 дүгээрт жагсаж байсан бол өнгөрсөн жилийн үзүүлэлтээр 4 дүгээр байранд эрэмбэлэгдсэн.

-“Сургуулийн автобус” үйлчилгээг нэвтрүүлсэн. Ирэх жилд сургуулийн автобусны тоог нэмэх үү?

-Сургуулийн автобусаар 33 чиглэлд нийтдээ 29 сургуулийн 7000 орчим хүүхэд үйлчлүүлсэн. Ингэснээр эцэг, эхчүүдийн цаг, мөнгийг хэмнэж, ажил хийх боломж олгож өрхийн орлогыг нь нэмэхэд тус дэм болсон гэж бодож байна. Хамгийн гол нь хүүхдүүд аюулгүй тээврээр зорчиж, энэ нь эргээд хотын замын түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдол үзүүлж байгаа юм. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ бугуйн дахь чипийн тусламжтайгаар хүүхдээ автобуснаас буусан эсэхийг ч мэдэх боломжийг бүрдүүллээ. Ийм цогц ажил болсон. Сургуулийн автобусны тоо ирэх жилүүдэд эрэлтийнхээ хэмжээгээр нэмэгдэх бүрэн боломжтой.

-Нийслэлээс хүний хөгжлийг юу гэж тодорхойлж, энэ чиглэлээр өнгөрсөн хугацаанд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ?

-Хүний хөгжил гэдэг өөрөө маш өргөн ойлголт. Хүн хөгжиж байж айл гэр хөгжинө. Гэр бүл хөгжиж гэмээнэ хот, улс орон хөгжинө. Тиймдээ ч хүний хөгжил нь улс орны тулгуур. Хүний хөгжилд эрүүл мэнд, боловсрол, орлого нөлөөлдөг. Иймд иргэдээ хэрхэн эрүүл байлгаж, урт удаан наслуулах вэ, яаж боловсрол эзэмшүүлж, орлоготой байлгах вэ гэдэг нь бидний ажлын зорилго юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд салбар тус бүрт тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсан. Эрүүл мэндийн салбарын тухайд иргэдэд хамгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлгүүдийн хүртээмжийг нэмсэн. Эдгээр жилүүдэд 17 эмнэлгийн барилгыг барьж, ашиглалтад оруулаад байна. Үүгээр ч зогсохгүй бид дүүргийн эмнэлгүүдийн чадавхыг сайжруулахаар мэс заслын, гэмтлийн, хавдрын өдрийн туяаны эмчилгээний тасгуудыг шинээр нээсэн. Энэ нь гуравдугаар шатлалын буюу улсын чанартай томоохон эмнэлгүүдийн ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төв, амаржих газар зэрэг улс, дүүргийн эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтыг шийдсэн. Урьд нь өвчтөнүүдэд эмнэлгээсээ гараад тухтай суух саравч, салхилах ногоон байгууламж, машины зогсоол байгаагүй юм. Энэ асуудлыг шийдсэн нь эмч, эмнэлгийн ажилчид болоод өвчтөнүүдийн таашаалд нийцсэнд бид бүхэн баяртай байгаа. Түүнчлэн эмч, ажилчдын иргэдтэй түргэн шуурхай, соёлч боловсон үйлчлэхэд чиглэсэн аянуудыг ч зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрээд байна.

-Эмнэлгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ямар ажлууд хийгдсэн бол?

-Хамгийн гол нь бид сүүлийн гурван жилийн хугацаанд эмнэлгүүдийг барьж, нийт 300 орчим хүүхдийн ор нэмлээ. Эмнэлгийн дотоод зохион байгуулалтыг өөрчилж орны тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Ханиад томуу ихтэй, өвлийн ид ачааллын үед хүүхдүүдийг оргүй, шалан дээр хэвтүүлэхгүй байхын тулд бид бүхий л боломжоороо ажилласны нэг жишээ нь энэ юм. Дээрээс нь энэ зургадугаар сард Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсын жишигт нийцсэн эмнэлэг байгуулагдана. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд олон улсын жишигт нийцсэн эмнэлгүүд барихаар гэрээ хэлцэл хийж байна. Ерөнхийдөө энэ жилүүдэд эмнэлгийн хүртээмж, чанар, тусламжийг иргэдэд хүргэж чадсан жилүүд болсон гэж харж байгаа.

-Манай улсын иргэдийн дундаж наслалт багад тооцогддог. Магадгүй нйислэлийн иргэдийн дундаж наслалт стресс, агаарын бохирдол зэргээс үүдэж илүү бага байгааг үгүйсгэх аргагүй. Нийслэлийн зүгээс энэ талаар судалж, хэрэгжүүлсэн зүйл бий юү?

-Монгол хүний дундаж наслалт олон улсын жишгээс бага байгаа. Үүнийг олон улсын жишигтэй нийцүүлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах нь хамгийн чухал. Гэтэл манай иргэдийн тэр дундаа эрэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах оролцоо тун хангалтгүй байдаг. Нийслэлийн хэмжээнд л гэхэд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 8.2-оор бага байгаа. Нас баралтын түвшнээр нь аваад үзвэл эрэгтэйчүүдийнх 61.1 хувьтай байгаа юм. Энэ асуудлыг шийдэх үүднээс бид “Эрүүл иргэн” аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Нийслэлийн бүх дүүргийн эрүүл мэндийн төвүүд өрхийн эрүүлд мэндийн төвүүдээр дамжуулан нийтдээ долоон төрлийн оношилгоо хийж байгаа юм. Үүнд нийслэлийн бүх иргэн хамрагдах бүрэн боломжтой. Долоон төрлийн шинжилгээнд рентген, эмэгтэйчүүд, хүүхдийн үзлэг, оношилгоо, хавдрын маркерын шинжилгээ, В,С вирусийн шинжилгээ зэрэг багтаж байна. Иргэд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж аливаа өвчнийг даамжирахаас нь өмнө оношлогдож, эмчлэгдэх боломж нээгдсэн. Энэхүү мэдээллийг авч үзлэг, оношилгоонд идэвхтэй оролцоосой гэж бодож байна. Энэ жил ч гэсэн энэ ажил үргэлжлэх болно.

-Нийслэлээс залуучууд руу чиглэсэн тодорхой арга хэмжээ хэрэгжүүлдэг үү?

-Тэгэлгүй яахав. Нийслэлийн залуучуудын эрүүл мэндэд анхаарч, мансууруулах бодистой холбоотой асуудлууд яригдах болсон тул соён гэгээрүүлэх ажлуудыг хийж байна. Залуучуудын гэр бүл төлөвлөлтийг ч анхаарч үздэг. Хүүхдүүдийн тухайд хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжил гэсэн хоёр чиглэлээр ажилладаг. Эрсдэлд орж болзошгүй хүүхдүүдийг урьдчилан хамгаалах ажлыг хүүхэд хамгааллын төвүүдээрээ дамжуулан хийж байна. Зорилтот бүлгийн эцэг, эхчүүдэд зориулсан сургалтуудыг явуулж байна. Хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг ярихын тулд эцэг, эхтэй нь зайлшгүй ажиллах шаардлага тулгардаг учир “Би хариуцлагатай аав, ээж” аяныг зохион байгуулж заншлаа. Энэ аяны хүрээнд эцэг, эхчүүд рүү чиглэсэн сургалтуудыг хийж байна.

-Жендерийн асуудлыг хөндөж хөтөлбөр хэрэгжүүлжээ. Бид жендер гэхээр эмэгтэйчүүдийн асуудлыг ярьж байна гэдэг бичигдээгүй ойлголттой болжээ. Үнэхээр эрэгтэйчүүд жендерийн тэгш бус байдалд өртдөггүй хэрэг үү?

-Нийслэлийн есөн дүүргээс жендерийн эрх тэгш байдлын дүн шинжилгээг гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн жендерийн дэд хөтөлбөрийг НИТХ-аар гаргууллаа. Дээр эрэгтэйчүүдийн нас баралтын тоо эмэгтэйчүүдийнхээс дариу хоёр дахин их байгааг дурдсан. Нас баралтын шалтгааныг аваад үзэхэд өвчлөлийн болон өвчлөлийн бус шинжтэй байна. Өвчлөлүүдэд нь зүрх судас, хавдар, хоол боловсруулах тогтолцооны эмгэгүүд бий. Өвчлөлийн бус гэдэгт амиа хорлолт, спиртэд хордсон гэх хүчин зүйлүүд багтаж байгаа. Амиа хорлолт, архидан согтуурах зэрэгт сэтгэл зүйн байдал чухал нөлөө үзүүлж байгааг үгүйсгэх аргагүй. Нөгөө л жендерийн хэвшмэл ойлголт энэ жишээгээр өөрчлөгдөх болсныг харуулж байна. Иймд бид дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт эрэгтэйчүүдийн тасгийг байгуулж, эрэгтэйчүүдийн эмч, сэтгэл зүйчийг ажиллуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Я.Буянжаргал: Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 982 иргэн байна


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ, бэлэн байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш нийт 6,235 иргэнийг бид тусгаарлан ажиглажээ. Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 982 иргэн байна.

Тэдгээр иргэний дунд тав хүртэлх насны 49-н хүүхэд, жирэмсэн 40 эмэгтэй, хорт хавдартай зургаан иргэн, зүрх судасны эмгэгтэй болоод чихрийн шижинтэй 50 гаруй иргэн байгаа юм. Мөн тэдний сахиур болох 12 хүн хамт тусгаарлагдсан байна.

Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт гурван хүн эмчлэгдэж буй. Тэднээс нэг нь хавдартай иргэн бол хоёр нь мэс заслын шархтай хүн байна. Одоогоор биеийн байдал нь тогтвортой байгаа.

Түүнчлэн улсын хэмжээнд тусгаарлалтад байгаа иргэдтэй нийт 141 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамт тусгаарлагдан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 450 иргэн гэртээ тусгаарлагдаж байгаа.

Улсын хэмжээнд эмнэлгийн бусад тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Тухайлбал, Түргэн тусламжийн төв улсын хэмжээнд хоногт 1,800 гаруй хүнд үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй.

COVID-19 халдвартай холбоотойгоор зохион байгуулалт болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, тархвар зүйн чиглэлээр гарсан тушаал, заавар, зөвлөмжийн 2,500 ширхэг эмхэтгэлийг бид хэвлүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хүргэсэн.

Мөн халдварын сэргийлэлттэй холбоотой гарын авлагыг хэвлэж, түгээсэн” гэв.

Үргэлжлүүлэн “Бид уушги, зүрх судас болон бусад мэргэжлийн чиглэлээр ажиллаж буй сувилагч нарыг эрчимт эмчилгээний чиглэлээр богино хугацаанд сургах ажлыг Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, бид эрчимт эмчилгээний сувилагчдын тоог нэмэгдүүлэх бүх бололцоот арга хэмжээг явуулж байгаа.

Мөн бүх сувилагчийг, тэр дундаа лабораторийн чиглэлээр ажилладаг сувилагч нарт сорьц авах арга барилд дадлагажуулах сургалтыг зохион байгуулж буй.

Аймгуудад Эрүүл мэндийн сайдын тушаалаар олгогдсон бүх тоног төхөөрөмжийг суурилуулан бэлэн байдлыг хангасан.

Цаашид гурван удаагийн нислэгээр ОХУ-д сурч буй сонсогчид болон Истанбул-Улаанбаатарын чиглэлээр Турк улсад байгаа иргэдээ авчрах үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон.

Дараа нь Энэтхэг улс болон Алтанбулагийн хилээр ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагааны бэлэн байдлыг эрүүл мэндийн байгууллагынхан хангасан.

Хэрэв COVID-19 халдвар хүн амын дунд тархсан тохиолдолд гарах хүндрэлүүдээс сэргийлэх чиглэлээр амьсгал дэмжих тоног төхөөрөмжүүд, эм, эмнэлгийн хэрэгслүүдийг ДЭМБ-аас гаргасан аргачлалаар тооцоолон нөөцөлсөн” гэдгийг хэллээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

COVID-19 халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоогоор АНУ, Испани, Их Британи, ОХУ, Итали, ХБНГУ, Бразил, Турк, Иран зэрэг улс эхний 10-т бичигдэж байна.

ОХУ

Даваа гарагт тус улсад нийт 11,600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 221,000 давсан бөгөөд 2,000 гаруй хүн нас бараад байна.

Сүүлийн өдрүүдэд ОХУ-д өдөрт дунджаар 10 мянга гаруй тохиолдол шинээр нэмэгдэж, халдвар тархсаар байгаа юм. Нийт халдварын тал орчим хувь нь Москва хот орчимд төвлөрч байна.

Тус улсын Ерөнхийлөгч В.Путин Мягмар гарагаас эхлэн хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж байгаагаа өчигдөр мэдээлжээ.

Халдварын нөхцөл байдал орон нутаг бүрт өөр байгаагаас үүдэн тухайн муж, орон нутгийн удирдлагууд холбогдох шийдвэрүүдээ өөрсдөө гаргах эрхтэй юм байна.

Харин Москва хотын хувьд нийтийн тээврээр зорчиход цахим үнэмлэх шаардах зэрэг бусад хязгаарлалтын арга хэмжээ хэвээр мөрдөгдөх аж.

Франц, Испани

ДЭМБ-ын Европын бүсийн Франц, Испани зэрэг улс хязгаарлалтын арга хэмжээнүүдээ шатлан сулруулж, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээж байна.

ХБНГУ

Тус улсад вирусийн халдвар тархалтын индекс өнгөрсөн Ням гарагт 1.13 байсан бол Даваа гарагт 1.07 хувь болж буурчээ.

Австрали, Шинэ Зеланд

Номхон далайн баруун бүсэд Шинэ Зеланд, Австрали зэрэг улс хөл хорионы дэглэмээ сулруулж эхэлжээ.

Тухайлбал, Шинэ Зеланд улсад Пүрэв гарагаас эхлэн ресторан, кафе, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг нээхээр болсон. Мөн тавдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хичээл сургуулийн үйл ажиллагааг нээхээр болжээ.

Австралийн холбооны улсын зарим муж улс хязгаарлалтын арга хэмжээгээ өөр өөр байдлаар сулруулах талаараа мэдээлж эхэлсэн байна. Тухайлбал, Виктория муж улсад Мягмар гарагаас эхлэн 10 хүртэлх, дотоод орчинд тав хүртэлх тооны хүн нэг дор цугларч болох талаар мэдээлжээ.

Мөн Шинэ Өмнөд Уэльс зэрэг муж улсад Даваа гарагаас эхлэн танхимд суралцах суралцагчийн тоог цөөрүүлэх болоод ариун цэврийн дэглэмийг мөрдүүлсний үндсэн дээр хичээл сургуулийг нээх болсон байна.

БНХАУ

Өчигдөр БНХАУ-д 17 шинэ тохиолдол бүртгэгдсэний тав нь Ухань хотод илэрсэн, дотоодын халдвар байна. Таван шинэ халдвар бүгд нэг дороос буюу орон сууцны нэг байрнаас гаралтай, голомтод халдвар байгаа юм.

Бусад тохиолдлын хувьд долоо нь гадаадаас ирсэн зорчигчдын дунд илэрсэн бол үлдсэн нь тус улсын Зүүн хойд мужид илэрсэн байна.

БНСУ

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 27 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 10,936 болсон байна.

Тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр Сөүл хотын шөнийн клубүүдээс үүссэн голомтод халдварын тухайд Даваа гарагийн үдээс хойших байдлаар нийт 94 хүнийг хамраад байгаа юм. Онош батлагдсан тохиолдлууд нь шөнийн клубээр үйлчлүүлсэн хүмүүс болон тэдгээрийн гэр бүл дэх ойрын хавьтлууд байжээ.

Шинэ голомтыг хяналтдаа авах үүднээс Сөүл хотод Лхагва гарагаас нээх ёстой байсан хичээл, сургуулийг дахин нэг долоо хоногоор сунгах болсноо зарлаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

​Б.Ариунболд: Н.Цэрэнбат сайд аа, аж ахуйн нэгж, иргэдийн халаасыг суйлахаа зогсоо

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан, Хан-Уул дүүргийн оршин суугч Б.Ариунболдтой ярилцлаа.

-Та өөрийн цахим хуудсандаа Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг нууцаар нэмэх гэж байгаа тухай мэдээлсэн байсан. Хэн татвар нэмэх гээд байгаа юм бэ?

-Би тийм мэдээлэл оруулсан нь үнэн. Татвар нэмэх гэж байгаа нь ч бас үнэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 07-нд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьжээ. Энэ талаар www.parliament.mnсайт руу ороод харж болно. Хамгийн хачирхалтай нь Засгийн газрын сайд Н.Цэрэнбат УИХ-ын гишүүнийхээ хувиар төслөө өргөн барьсан байгаа юм. Одоогийн эрх баригчид, У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг ч татвар нэмэхгүй, шинээр бий болгохгүй гэж ам тангараг өгсөн байтал нэг сайд нь гэнэт татвар нэмэх гээд далдуур гүйж явааг олон нийтэд ил болгох ёстой гэж үзсэн.

-Н.Цэрэнбат сайд татвар нэмэх хуулийн төслөө Ерөнхий сайдаасаа, Засгийн газраас нуусан гэж үү?

-Татвар нэмэхгүй гэж хошгируулсан МАН засгийн эрхэнд гараад 9 төрлийн татвар нэмсэн. Н.Цэрэнбат сайдын төслийг нэмж тооцвол 10 дахь татвараа нэмэх гэж байна. Гүйцэтгэх засаглалд танхимын зарчим гэж том соёл, ёс зүй байдаг. Давхар дээлтэй Н.Цэрэнбат сайд УИХ-ын гишүүнийхээ хувиар төслөө өргөн барьснаас харвал танхимын зарчмаа зөрчсөн, Засгийн газрынхаа ар хударгаар ийм алхам хийжээ гэж хардах үндэслэл харагдаад байгаа юм. Нуугаагүй гэж үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар амлалтаасаа ухарч, татвар нэмэхийг дэмжиж байна гэж ойлгохоос аргагүй.

-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ямар хэмжээгээр нэмэх гэж байгааг тодорхой хэлж болох уу?

-Хуулийн төсөлд бичсэнээр бол Богдхан уулын дархан цаазат газарт барьсан барилга, байгууламжийн өмчлөгч болон зориулалтаас үл хамааран нэмэлт татвар авахаар тусгажээ. Иргэнээс ам метр тутамд 1000, аж ахуйн нэгжээс 3000 төгрөгийн илүү татвар авахаар хуульчлах гэж байна. Дархан цаазат газрын хэмжээ 42 мянган га байдгаас нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүрэгт 39 мянган га нь харьяалагддаг. Нийслэлд хамаардаг энэ газарт 25 мянга гаруй хүн ам төвлөрч, суурьшлын томоохон бүс бий болсон байдаг. Нэг өрхийн цаана дөрвөн хүн бий гэж тооцвол 100 гаруй мянган хүн энэхүү татварт хамаарахаар байгаа юм. Дундаж төвшний нэг айл 80 ам метр орон сууцтай гэж үзвэл жил бүр 80 мянган төгрөгийн үл хөдлөхийн татвар шинээр төлөх болно.

-Хан-Уул, Баянзүрх дүүргийнхэнд зориулж татвар нэмэх гэж байна гэж ойлголоо. Татварыг ялгавартайгаар тогтоох тохиолдол байдаг ч яагаад зөвхөн энэ хоёр дүүргийг онцолж татвар нэмэх санаа төрсөн юм бол?

-Би энийг ялгаварлан гадуурхалт гэж харж байна. Дархан цаазат газраа хамгаалах зөв бодлогыг бол би иргэний хувьд тууштай дэмжинэ. Гэтэл Богдхан уулын амуудад бий болсон суурьшлын бүсэд дандаа баячууд, чинээлэг хүмүүс амьдардаг гэсэн маш гэнэн хандлагаар татвар нэмэх гэж нууцаар гэтэж байгааг яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй. Би Хан-Уул дүүрэгт 55 жил амьдарч байна. Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ганцхан Зайсан ордоггүй. Арцат, Нүхт, Яармаг, нисэх орчимд бага, дунд орлоготой олон хүн орон сууц зээлээр аваад амьдарч байна. Зарим нь шинээр барьж байгаа байранд захиалгаа өгөөд, ипотекийн зээлээ хөөцөлдөөд явж байгаа. Зайсан орчимд тансаг зэрэглэлийн орон сууцнууд байдаг боловч нөгөө баян, чинээлэг хүмүүс сууцаа зараад нүүцгээгээдэхэлчихсэн шүү дээ . Яагаад гэвэл инженерийн дэд бүтэц асуудалтай, бохир нь халих зэргээр асуудал үүссэн учраас тэд дайжсан. Одоо бол Богдхан уул орчимд бага, дунд орлоготой хүмүүс зонхилон амьдрах болсон.

Татварыг ялгавартай тогтоодог жишиг бол байдаг. А зэрэглэлийн бүсэд өндөр татвартай байна гэх зэргээр бүсчилж тогтоохыг үгүйсгэхгүй. Гэхдээ орлого, хөрөнгийн хэмжээнээс хамаарч татварын ялгавартай бодлого гаргадаг болохоос амьдарч байгаа байршилд нь зориулж татвар нэмдэггүй. Үүн шиг тэнэглэл байхгүй. Н.Цэрэнбат сайд Яармагийн замын урд хэсгээр яваад хүмүүсийн бодит амьдралыг ядаж нүдээр харах хэрэгтэй. Цар тахлын үед цалингаа арай ядан тавьж, хүмүүсийг ажил орлоготой байлгаж байгаа аж ахуйн нэгжүүд, хувийн сургууль, эмнэлэг, үйлчилгээний газруудтай уулзахгүйгээр, нөхцөл байдалд зөв дүгнэлт хийхгүйгээр шууд л татвар нэмнэ гэж ноён зан гаргаж нохойтож болохгүй. Эдийн засаг минут, секундээр доройтож байгаа энэ цаг үед 100 мянган хүнд зориулан татварыг нэмж орлого нөхөхоролдлого хийхийг хүлээн зөвшөөрөхгүй.

-Төслийн үзэл баримтлал дээр байгаль орчноо хамгаална, Богдхан уулаа аврахын тулд татвар нэмэх хэрэгцээ үүслээ гэсэн байна. Энэ хэр бодитой шалтгаан бэ. Татвар нэмснээр байгалиа хамгаалж чадна гэсэн баталгаа төслөөс олж харсан уу?

-Дахиад л хуурч, худал хэлж байна. Н.Цэрэнбат сайд Үл хөдлөх эд хөрөнгийн татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг тандан судлах нь гээд судалгааг оны эхээр хийлгэсэн байгаа юм. Тэрхүү судалгаан дотор “Улсын төсөвт нөлөө үзүүлэх эсэх” гэсэн саналд “Тийм”, татварын орлого нэмэгдэнэ гээд цагаан цаасан дээр хараар биччихсэн байна лээ. Улсын төсвийн алдагдлыг нөхөхийн тулд нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийн 100 мянга гаруй иргэнийхээ амьдрал, орлогыг үл харгалзан татварын ачаа үүрүүлэх гэж улайрч байна. “Эрдэнэс-Тавантолгойн хувьцааны ногдол ашиг хуваарилж байна гэж нэг халаасанд нь 94 мянган төгрөг хийгээд зөрүүлээд нөгөө халааснаас нь хамгийн багадаа 80-100 мянган төгрөгийн татвар авна. Нэг гараараа өгөөд зөрүүлээд нөгөө гараараа суйлж байгаа хэрэг шүү дээ. Энийг төрийн дээрэм гэдэг байхгүй юу. Ардын намын засаг 10 дахь татвараараа ардаа дээрэмдэх гэж байгаа хэрэг.

Яармагийн замын урд талд “Шинэ Монгол Харумафүжи зэрэг сургууль, “Гранд мед” зэрэг эмнэлэг цөөнгүй бий. Эдгээр эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын барилгын ам метр тутмаас 3000 төгрөгийн татвар авахаар тооцсон нь сургалтын төлбөр, үйлчилгээний хөлсөө нэмэхээс өөр аргагүй байдалд оруулна. Шинэ төрлийн корона вирус дэгдсэнээс болоод тэртээ тэргүй улсын эдийн засаг нүдэн дээр нуран унаж байхад аж ахуйн нэгж, иргэдээ татвараар дарамталж, ядарсан дээр нь нэмж өшиглөж болохгүй биз дээ.

-Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Үндсэн хуулийн цэц, Улаанбаатар хотын шинэ захиргааны байр бий. Төрийн байгууллагууд ч энэ татварыг адилхан төлөх үү?

-Иргэдээ ялгаварласан төрийн үнэн царай яаж гардгийг одоо хэлье. Н.Цэрэнбат сайдын санаачилсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд бичсэнээр “улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгөд энэхүү татвар хамаарахгүй” гэсэн байгаа юм. Орон сууц, нийтийн эзэмшлийн барилга байгууламж, үйлдвэрлэл технологийн паркийн барилга байгууламж, чөлөөт бүсэд баригдах барилга гээд бүгдээс нь татвар авахаар бичсэн хэрнээ төрийн байгууллагуудаа татвараас чөлөөлөхөөр заасан нь Үндсэн хууль зөрчсөн, ялгаварлан гадуурхлын дээд хэлбэр гэж харж байна. Ардчилал, тэгш байх зарчим, хүний эрхийг зүгээр л нулимах санаархал. Яахаараа төрийн байгууллага нь татвараас чөлөөлөгдөөд, бага, дунд орлоготой жирийн иргэд нь тэдний өмнөөс илүү татвар төлөх ёстой гэж. Ингэж ч дээрэлхүүлэхгүй шүү, Би Хан-Уул дүүрэгт өсөж төрсөн иргэний хувьд Н.Цэрэнбат сайдыг хуулийн төслөө эргүүлэн таттал Хан-Уул, Баянзүрх дүүргин оршин суугчид, аж ахуйн нэгжүүдээ уриалан тэмцэнэ.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан эдийн засгийн хүндрэлийг давах чиглэлээр Хүүхдийн мөнгийг нэмэх зэрэг олон алхам хийхээ зарласан. Засгийн газрынх нь нэг гишүүн сөрөөд татвар нэмэх гээд явж байгааг мэдсэн болов уу?

-Ерөөсөө одоогийн эрх баригчид нэг амаараа өгнө, дэмжинэ гэчихээд нөгөө амаараа татвар авна, хураана гэж дарамталдаг. Дандаа хүнд таалагдах юм ярина, сүр бадруулна. Ачир дээрээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэг сайд нь татвар нэмэх гээд төслөө өргөн барьчихсан байгааг би сая ярилаа. Хашаа байшингаа зараад Яармагийн замын урд талд нэг орон сууц авсан айл насан туршдаа өндөр татвар төлж амьдрах болж байна.

-Богдхан уулын дархан цаазат газарт үе үеийн Байгаль орчны сайд нар авлига авч газар олгосныг монголчууд бүгд мэддэг. Хуулиараа аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах ёстой боловч орон сууц олноор барьсан. Төр хууль зөрчиж байгааг мэдэж, харж байсан биз дээ?

-Хориод жилийн өмнөөс Байгаль орчны сайд нарт том авлига өгөөд газар авсан, наймаалцсан талаар хэвлэлийнхэн та бүхэн хангалттай бичсэн. Орон сууц бариад байгааг төр, засаг харж л байсан. Байшингийн суурь тавьж байхад нь очоод зогсоож болох л байсан шүү дээ. Нүдэн дээр нь хууль зөрчөөд байгааг харж байсан төр өнөөдөр гэнэтхэн татвар нэмээд байгалиа хамгаална гэдэг бол жүжиг, улстөрчийн ядмаг популизм. Төсвийнхөө алдагдлыг ардынхаа халаасыг сэгсэрч нөхөх гэсэн санаархал. Өөр юу ч биш.

-Танд ямар нэг сонирхлын зөрчил байгаа юу. Жишээ нь Та дархан цаазат газрын бүсэд амьдардаг юм биш биз?

-Нүдэн дээр ялгаварлан гадуурхаж, төр нь иргэдээ дээрэмдэх гэж байгааг мэдчихээд дуугүй суудаг бэртэгчин зан надад байхгүй. Миний амьдардаг газар дархан цаазат газарт ордоггүй.

-Тэгвэл дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдлыг яаж шийдвэл оновчтой вэ. Танд санал болгох ямар шийдэл байна?

-Цар тахлын үед эдийн засаг хүнд байна. Дэлхийн бүх улс орон иргэдийнхээ орлогыг тасалдуулахгүй байх арга хэмжээ авч дэмжиж байна. Аж ахуйн нэгжүүд үүдээ барих дээрээ тулж ирээд байхад эрх баригчид дэмждэггүй юм гэхэд татвар нэмж хорлохоо нэн даруй зогсоо. Татвар нэмэхгүй гэж амлачихаад хэдэн удаа хуурах гэсэн юм бэ. Тэнд зээл тавиад орон сууц авах гэж байгаа хүмүүсийн амьдралыг сүйрүүлэх гэж байна шүү дээ. Барилгуудыг нураахгүйгээс хойш дархан цаазат бүсээс гаргаж, суурьшлын бүс болгох асуудлыг иргэдтэйгээ ярилцаад, өргөн хэлэлцүүлэг өрнүүлээд, санаа бодлыг нь сонсоод нэг тийш шийдэх ёстой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гараад дараагийн шатны ажиглалт руу шилжлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг ...

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гараад дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн хүний тоо 15 боллоо. Ойрын хугацаанд дахин хоёр хүн эмнэлгээс дараагийн шатны ажиглалт руу шилжих дөхсөн. Тухайн иргэдээс таван төрлийн сорьц авч 2-3 хоног давтан шинжлээд халдвар илрэхгүй бол дараагийн шатны хяналт руу шилжүүлнэ.

Гурван лабораторид нийтдээ 80 хүнд шинжилгээ хийсэн байна. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Эдгээрийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 29 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 21 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 102 хүн ажиглалт, тусгаарлалт, тандалтад байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

ОБЕГ-ын удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо – Онцгой байдлын ...

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Төв болон говь, зүүн зүгийн нийт нутгаар шороон шуурга шуурч, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар зарим үед 13-15 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Халх голын хөндийгөөр 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с хүрч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 15-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 13:36 цагт очиж, иргэн М-ийн 5 ханатай гэр, 1 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамжинд хүлэмж шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 14:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:43 цагт очиж, иргэн Г-ийн 7х16 метрийн хэмжээтэй хүлэмж шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:09 цагт очиж, иргэн Д-ийн эзэмшлийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 51 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 16:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 17:01 цагт очиж, иргэн Б-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулийн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 02:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 02:28 цагт очиж, иргэн К-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Танк” хорооллын 1 дүгээр гудамжны задгай иргэн Э-ийн хашаа, малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 15:50 цагт очиж, малын бууц шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 15:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:05 цагт очиж, иргэн Ц-ийн эзэмшлийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн Дуушийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 21:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:45 цагт очиж, 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 02:46 цагт /хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 02:49 цагт очиж, иргэн Б-ийн 6 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүн туруун багийн Зүүн туруун гэдэг газар /сумаас зүүн хойд зүгт 21 км-т/ Иргэн Ү-ын амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 04:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 21 км замыг туулан 05:22 цагт очиж, 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн 23 дугаар гудамжинд иргэн Ц-ын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 05:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 05:56 цагт очиж, 2 метрийн урттай шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Обьектын гал түймрийн талаар: Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Говийн бууц” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ малчин Д-ийн 5 ханатай гэр 05.11-ний өдрийн 08:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 09:32 цагт тус сумын Засаг дарга Н.Мядагмаа аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус сумын Бумбат багийн Засаг дарга, О.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 05.11-ний өдөр тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцсан. Уг гал түймэрт иргэн П /84 настай, эрэгтэй/-ийн гар, нүүр хэсэг хайрагдсан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн “Эхэн халиун” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т/ тус сумын харьяат малчин Ц-ын 4 ханатай гэр 05.11-ний өдрийн 14:48 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Ханбогд сумын Жавхлант багт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-ийн Гэнэтийн осолд хариу арга хэмжээ үзүүлэх багийн алба хаагчид 13 км замыг туулан 15:23 цагт очиж, 4 ханатай гэр, малын бууц шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан тухай “Оюутолгой” ХХК-ийн Онцгой байдлын хяналтын багийн ахлагч Е.Ганбуд аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга багийн “Дөтлүүрийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 83 км-т/ Тус сумын харьяат малчин Г-ийн 5 ханатай 3 гэр, эд хогшил, 2 малын хашаа 05.11-ний өдрийн 15:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 15:43 цагт хүлээн авсан. Тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Ш.Гэрэлт-Одоор ахлуулсан орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:50 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт Булган аймгийн Рашаант сумын Өвөрхан багийн харьяат иргэн Т/43 настай, эрэгтэй/-ийн толгойн хэсэг түлэгдэж, 60 толгой бог мал өртөж хорогдсон.

3. Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ганцын даваа” гэдэг газар /Хилийн 616 дугаар баганаас 500 м, сумын төвөөс зүүн зүгт 70 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Хилийн 0243 дугаар ангийн алба хаагчид, Түшиг сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, “Суварга-Ургац” ХХК-ийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна. 05.11-ний өдрийн 23:00 цагийн байдлаар түймрийн баруун болон баруун хойд талын тархалтыг зогсоож, зүүн болон зүүн хойд талд 18 км-ийн урттай зурвас татан ажиллаж байна. Түймрийн голомтод салхи ихтэй байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Номт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 215 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 05.11-ний өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Байгаль орчны улсын байцаагч Г.Энхтүвшинөөөр ахлуулсан орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 17:00 цагт цурамд оруулж, 22:10 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 25 га талбай шатсан./

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багийн “Цагаан шувуут” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 64 км-т, Ө-50°29’24”, У-90°43’48”/ 05.12-ны өдрийн 00:25 цагт 4.0 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 00:40 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баянмөнхөөс тодруулахад тухайн газар нь хилийн ойролцоо бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад:Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85/А байрны 3 дугаар орцонд хаалга онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 05.11-ний өдрийн 23:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан 23:12 цагт очиход тус байрны 2 дугаар давхрын тагтнаас 1 хүн /40 орчим настай, эрэгтэй/ унаж бэртсэнийг НЯТТТ-д хүргэсэн байсан бөгөөд тус байрын оршин суугч иргэн Д /42 настай, эмэгтэй/, иргэн Г /39 настай, эрэгтэй/ нар согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, хаалгаа онгойлгохгүй байсныг тэлэгч багаж ашиглан 10 минут ажиллан хаалгыг онгойлгож, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Батзоригт хүлээлгэн өгсөн.

Categories
мэдээ нийгэм

​ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар 27 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Д.Нарангэрэл: Дэлхийн таван тивийн 48 орон

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Коронавируст халдвараар 4,250,000 хүн өвчилж, 286,000 хүн нас барсан байна. Мөн 1.5 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар 27 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Өчигдөр ЗӨСҮТ-ийн баг ачааны хоёр онгоцыг тээвэрлэн ирсэн ачаатай нь ариутгасан. 24 цагийн хугацаанд 119 дугаарт 241 дуудлага ирж, зөвлөгөө мэдээлэл авсан. Гадаадын 6 улсаас 37 дуудлага ирлээ. Тухайлбал, АНУ, ОХУ, Франц, БНТУ, БНСУ, БНЭУ-аас 10 хүн холбогдож мэдээлэл зөвлөгөө авсан байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-д бэлтгэх давтлага эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг өчигдрөөс эхлүүллээ.

ЭЕШ-д бэлтгэх давтлага зохион байгуулахад мөрдөх зааврыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/220 тоот тушаалын хавсралтаар баталж, нийслэл, дүүрэг орон нутгийн боловсролын байгууллагуудад хүргүүлсэн. Мөн “Цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж”-ийг баримтлан ажиллахыг дээрх тушаалаар үүрэг болгосон.

Энэ дагуу анги танхимын ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан зөвлөмжийг баримтлан багш сурагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчин нөхцөл бүрдүүлж, тогтоосон дэглэмийг баримтлан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж буй юм.

Энэ хичээлийн жилд нийт 28567 хүүхэд 12 дугаар ангид суралцаж байна. Өмнөх жилийн төгсөгчдийн хүсэлтийг оролцуулан 32 мянган хүүхэд ЭЕШ-д бүртгүүлжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Хашчулуун: Хар жагсаалтад орсноор Монголд хэрэгжих ямар ч төсөл Европын холбооноос санхүүжилт авч чадахгүй

Ч.Хашчулуун: Төв банкийг шахаж, хэрэгтэй хэрэггүй төслүүдэд мөнгө ...

-“МҮҮДИС” МАНАЙ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ БУУЛГАСАН НЬ ТОДОРХОЙ ШАЛТГААНТАЙ. МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХЫГ УРЬДЧИЛЖ САНУУЛСАН ХЭРЭГ-

Эдийн зaсагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Саарал жагсаалтад орлоо гэж баахан шуугьсан, гэтэл хар жагсаалтад орчихлоо. Тэгэхээр саарал жагсаалтаас гарах нь битгий хэл хэцүү зүйл болчихов уу?

-Тэглээ. Европын холбооны хар жагсаалт ФАТФ-ын саарал жагсаалтаас ялгаатай. Хоёр байгууллага хоорондоо тодорхой хэмжээгээр холбоотой ч ФАТФ нь сайн дурын олон улсын байгууллага.

Хориг тавих чадваргүй, зөвлөмж маягийн жагсаалт гаргадаг. Европын комиссын хувьд Европын холбооны дэргэдэх санхүүгийн хяналтын зөвлөл. Тэд тодорхой, шууд нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргадаг. АНУ, Япон улс Монголд хориг тавьж байгаагаас ялгаагүй гэсэн үг.

-Европ зүгийн хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаа асуудалтай болчихлоо гэсэн үг үү?

-Тийм. Дэлхий даяар ажилладаг компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийхдээ Европын холбооноос ямар ч санхүүжилт авч чадахгүй гэсэн үг. Европын холбооны шийдвэрийг харьцангуй гэнэтийн гэж хэлж болно.

-Герман улс саяхан Монголд хэрэгжүүлж буй зарим төслийнхөө санхүүжилтийг зогсоох мэдэгдэл хийлээ. Ийм шийдвэрүүд шил дараалаад байгаагийн цаад шалтгааныг хэрхэн харж байна?

-Европын холбооны санхүүгийн хяналтын зөвлөлийн баримтуудаас харахад энэ оны хоёрдугаар сарын 18-н хүртэл Монгол Улсын статус өөр байсан. Тодруулж хэлбэл, хамтран ажиллаж байна гэсэн статустай явсан. Яагаад ийм гэнэтийн шийдвэрүүд гараад байна вэ гэдэг асуултад хариулахад хэцүү.

Европын холбоо ганцхан Монголд биш, дэлхийн 92 орныг шалгаж дүнгээ тавьдаг. Хамтран ажиллахын тулд тодорхой шаардлагуудыг биелүүлэх ёстой гэсэн албан санал хүргэдэг.

Зарим улс тэр шаардлагыг нь хүлээж аваагүй бол зарим нь хүлээж авсан. Бидний сайн мэдэх Вьетнам гэхэд шаардлагыг нь хүлээж аваад биелүүлсэн. 2017 оны арванхоёрдугаар сард саналыг нь хүлээж аваад жилийн дотор шаардлагатай арга хэмжээнүүдийг авчих жишээний. Вьетнамыг сая хар жагсаалтаас бүрмөсөн гаргасан нь тийм учиртай. Турк том улс. Европын холбоотой хил залгаа гэсэн онцлог талтай.

Жишээ нь, Туркэд Европын комиссоос хар жагсаалтад орно шүү гээд мэдэгдчихсэн байгаа. Европын комисс жилд хоёр удаа үнэлгээ хийдэг. Хоёр дахь үнэлгээ нь ирэх намар болно. Тодорхой арга хэмжээ авахгүй бол Турк улс ирэх намраас хар жагсаалтад орно гэсэн үг.

-Европын хар жагсаалтад авлига хэр нөлөө үзүүлдэг вэ?

-Авлига тодорхой хэмжээнд яригдах ч гэлээ гол шаардлага нь татварын мэдээллийг автоматаар солилцдог байя гээд байгаа юм.

-Энэ шалгуурыг нь биелүүлэхийн тулд бид яах ёстой вэ?

-Манай хувьд энэ чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Ер нь бол энэ асуудлыг хуульчлах шаардлага бий. Хуулиндаа тусгах хүртэл одоогийн байдал хэвээр үргэлжлэх байх.

-Манай улстай холбоотой бас нэг таагүй мэдээлэл өнөөдөр (өчигдөр) цацагдлаа. Мүүдис манай зээлжих зэрэглэлийг сөрөг ангилал руу уруудуулаад буулгачихлаа. Яг ямар үндэслэл шалтгаанаар ийм шийдвэр гаргачихав?

-Мүүдис агентлагийн хувьд дэлхийн зах зээл дээр хөрөнгө босгож байгаа бүх улс орныг шалгаж, үнэлж тухайн улс орны төлбөрийн чадвар хэр явааг тогтоодог газар.

Ер нь дэлхий даяар бүх улс орны байдал муудаж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд байдал өөр л дөө. Валютын нөөц нь хүчтэй, мундаг технологи, аж үйлдвэртэй. Иймд давуу талуудтай учраас хямралаас гарчихна гэж бодож суугаа.

Харин манайх шиг харьцангуй сул, жижиг эдийн засагтай орнуудад хямрал хүндээр бууна. Хүндээр буухаар эргэн төлөх чадвар муудаж таарна. Тэр утгаараа эрсдэлтэй гэж хараад үнэлгээгээ буулгалаа гэж харж байна. Монголын эдийн засаг хямрах нь ээ гэдгийг урьдчилаад хэлж байна гэсэн үг.

-Коронавирусийн дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөө, манайд нөлөөлөх хугацаа, хүрээ царааг хэрхэн харж байна?

-Өмнө нь ийм том хямрал болсон түүх байхгүй. Испанийн ханиадтай зүйрлэж болох ч маш том ялгаатай. Одоогийн хямрал санхүүгийн ч биш аж үйлдвэрийн ч биш, тэс өөр шинэ төрлийн хямрал. Тийм учраас цар тахлаас үүдэх хямралын үр дагавар, цараа нөлөөг нь хэн ч тооцож чадахгүй байна.

Эдийн засгийн хувьд асар өндөр хохирол амсах нь тов тодорхой болчихлоо.

Бүхэл бүтэн салбаруудыг унагааж байна. Тухайн салбаруудад ажиллаж буй бүх хүнийг ажилгүй болгож байна. Хамгийн эрсдэлтэй нь яаж, хэр хугацаанд үргэлжлэх нь ойлгомжгүй байна л даа. Хэзээ дуусах вэ гэдгийг нь хэн ч мэдэх арга алга.

Европын холбоо ганцхан Монголд биш, дэлхийн 92 орныг шалгаж дүнгээ тавьдаг.

Цар тахлаас үүдсэн хямралын нөлөө манайх шиг жижиг улсад тэр дороо мэдрэгдэж байна. Оны эхээр нүүрсний экспорт зогссон, өнөө жил аялал жуулчлал гэж байхгүй нь тодорхой болсон, хүмүүсийн худалдан авалт эрс багассан, соёл спортын салбар тэр аяараа зогссон гэж ирээд яривал өчнөөн жишээ дурдаж болно.

Хямралын нөлөө энэ янзаараа хэр удаан үргэлжлэх вэ гэсэн асуултад хариулах аргагүй байгаа нь хамгийн том аюул. Европын холбоо хямралын нөлөөг зөөллөж, хямралын эсрэг бодлого гаргаж ажиллахыг хичээж байна.

Ганц зүйлийг онцлоход бидний мэддэг хорвоо өөрчлөгдсөн гэдэг нь л бодит үнэн болчихлоо. Дэлхий ертөнц эргээд хэвэндээ орно гэсэн ойлголт лав алга болсон.

-Цар тахлын үед Монголын хувьд макро эдийн засаг талаасаа ямар эрсдэлүүд ажиглагдаж байна вэ. Нөгөө талаас хямралыг боломж болгох гэдэг утгаараа ашиглаж болохоор давуу талууд гэвэл та юуг онцлох вэ?

-Давуу талаас нь эхэлье. Маш олон жилийн турш эдийн засгийн сөрөг тал, дутагдал гэж бодож явсан зүйлс маань одоо давуу тал болж хувирч байна.

Дэлхийн эдийн засаг сүүлийн тавин жилд маш хурдацтай өөрчлөгдсөн. Улс орнууд бие биетэйгээ үйлдвэрлэл, ложистик, худалдааны маш том сүлжээгээр холбогдсон. Өөрөөр хэлбэл дэлхийн аж үйлдвэрлэлд даяарчлал жинхэнэ утгаараа хэрэгжсэн.

Монголын тухайд өөрсдийгөө даяаршсан гэдэг ч сая онцолсон олон улсын үнэ цэнийн сүлжээнд бараг л ороогүй. Тэр утгаараа манайд дэлхийн том компаниудын үйлдвэрлэл бараг байхгүй. Гаднаас тоног төхөөрөмж авчраад их хэмжээний үйлдвэрлэл явуулж экспортолдог бараа бүтээгдэхүүн ер нь алга.

Товчхондоо үйлдвэрлэгч орон биш л дээ. Цөөн тооны экспортын бүтээгдэхүүнтэй, ихэнх зүйлсээ гаднаас авч хэрэглэдэг улс. Түрүүний хэлсэнчлэн олон улсын сүлжээнд орсон улсын хувьд маш хүчтэй хямарч байгаа. Хаа нэг газар, жишээ нь Азид ложистикийн асуудал үүсэхэд л үйлдвэрлэлийн сүлжээ тэр чигтээ зогсож байна.

Жишээлбэл, гар утасны үйлдвэрлэл гэхэд бүх л процесс нь ганц асуудлаас болоод хойшлогдоно гэсэн үг. Дэлхийн компьютерийн үйлдвэрлэл гацаанд орж байна. Сэлбэг, эд ангиуд нь олдохгүй байна. Засвараа хүртэл хийж чадахгүй асуудал ажиглагдаж эхэллээ. Америк, Европыг жишээлээд харъя.

Европын комиссын хувьд Европын холбооны дэргэдэх санхүүгийн хяналтын зөвлөл. Тэд тодорхой, шууд нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргадаг.

Уг нь биотехнологи хөгжсөн улсууд. Энгийн маск ч юм уу, эм үйлдвэрлэх гэхээр түүхий эдийн асуудалтай нүүр тулчих жишээний. Түүхий эдээ Хятадаас авдаг учраас үйлдвэрлэл нь гацаж байна л даа.

Харин Монгол Улс ийм сүлжээнд ороогүй болохоор дэлхийн улсуудыг бодвол байдгаараа байгаа гэсэн үг. Дэлхийн зах зээлтэй шууд холбогдох салбар гэвэл аялал жуулчлал л байна.

Монголын экспортын гол салбар гэгдэх уул уурхай дэлхийн зах зээлтэй холбоотой боловч бүтээгдэхүүнийхээ ихэнхийг ганц улс руу гаргадаг онцлогтой. Хятадад байдал дажгүй бол уул уурхайн бүтээгдэхүүнээ яаж ийгээд борлуулаад аж төрөөд явна.

Эдийн засгийн голлох хоёр дахь салбар бол хөдөө аж ахуй. Корона байсан ч байгаагүй ч мал нь үржээд өсөөд байх давуу талтай.

Ямар эрсдэл байна вэ гээд харахаар тэгтлээ гутранги өнцөг бол алга. Манайх шиг хүн ам цөөн, тархмал суурьшилтай улсад корона дэгдлээ гэхэд тархац нь удаан байх магадлалтай. Харин жирийн хүмүүст гадагш явах, хуралд суух, сургалт судалгаанд оролцох гэх мэтээр хувь хүний хувьд дэлхийтэй харилцахад хэцүү болчихлоо.

-Хөрөнгө оруулалт тасарчихлаа. Оюу толгойгоос өөр гялайх төсөлгүй гучин жил боллоо гэчихэд хэтрүүлсэн болохгүй байх. Хөрөнгө оруулалт тасарсан гол шалтгаан нь улс төрийн тогтворгүй байдал. Ирэх сонгуулиар аль ч нам ялсан улс төрийн тогтворгүй байдал Монголын сул тал хэвээр үргэлжилнэ гэсэн таамаг, төсөөлөл бий. Энэ том эрсдэл биш үү?

-Оюу толгойгоос өмнө манай улсад гадаадын хөрөнгө оруулалт гэж ер нь байгаагүй.

Оюу толгой ганц том хөрөнгө оруулалт гэдэг үнэн л дээ. Улс төрийн тогтворгүй байдлын нөлөөгөөр энэ том төсөл зогсвол эргээд гадаадын ямар ч хөрөнгө оруулалтгүй гэсэн хэцүү байдал руугаа орно.

Энэ утгаараа улс төрийн тогтворгүй байдлаас болж гадаадын хөрөнгө оруулалтгүй орон болчихвол маш том эрсдэл.

Улс төрийн хүчнүүд Оюу толгойг шүүмжилдэг ч гэлээ бодит байдлыг ойлгодог байх гэж найдаж байна. Гэрээ хэлэлцээрийн үед янз бүрийн асуудал яригддаг боловч төсөл үргэлжлээд яваа онцлог бий.

-Өнгөрсөн гучин жил ганцхан том төсөлтэй явсаар өнөөг хүрлээ. Сая Таван толгой дээр IPO хийнэ гэж байснаа засаг ухралт хийчихлээ. Энэ янзаараа бол том төслүүд явахааргүй зураг харагдаж байна. Том төслүүдээ урагшлуулах бодитой гарц гэвэл танд санаа шийдэл байна уу?

-Том төслүүдийн тухайд маш олон яам тал талаасаа оролцдог. Ийм оролцоо байх нь зөв ч хоорондынх нь уялдааг сайжруулж зангидахгүй бол ажил урагшлахгүй. Уялдааг хангах гарц нээгдсэн.

Тавдугаар сарын 20-ноос хойш Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам гэж байгуулагдах ёстой. Үндсэн хуулиар ийм боломж нээгдэж байгаа. Энэ яамны хувьд харьцангуй том төслүүдийг хариуцах болов уу гэж харж байна.

Манай улсад яам нь нэг талаасаа салбарын бодлого тодорхойлж хэрэгжүүлдэг байгууллага юм шиг, нөгөө талаасаа улс төрийн нөлөөнд ажилладаг юм шиг харагддаг.

Тэр утгаараа нэг том төсөл дээр гэхэд л маш олон төрлийн улс төр, бизнесийн сонирхлууд холилдоод байдаг. Өнөөдүүл нь хэл амаа ололцохгүй бол төсөл урагшилдаггүй. Тэгэхээр аль нэг шатанд энэ сонирхлуудыг нэгтгэх, зохицуулах, аль нэгийг нь зөвшөөрөхгүй байх хатуу гар хэрэгтэй болчихоод байгаа юм.

-Хөгжилд нөлөөлөхүйц төслүүдийг хариуцсан намаас үл хамаарсан бүтэц бий болгох хэрэгтэй гэх мэт санаа оноо дуулддаг. Таныхаар ийм боломж бий юү?

-Байхгүй. Сүүлийн үед зөвхөн Монголд биш дэлхий даяар мега төслүүд хэцүү болсон л доо. Хэвлэл мэдээлэл, сошиалын хөгжлөө дагаад олон ашиг сонирхлууд ил тод гараад ирчихсэн. Өмнө нь ийм зүйлийг хүчээр дардаг, эсвэл мэддэггүй гэх мэт асуудал байсан.

-Аль аль талын ашиг сонирхлыг хангах гэсэн том асуудалтай нүүр тулсан гэж үү?

-Тэгж ойлгож болно. Сүүлийн үед мега төслийг хэрэгжүүлэхийн тулд бүх талын ашиг сонирхлыг нэгтгэх нь чухал гэж ярьдаг болсон.

-Сүүлийн асуулт. Саарал, хар жагсаалтаас гарах хугацааг хэзээ гэж харж байна вэ?

-Сонгуулиас өмнө бол амжихгүй.

Шинээр бүрдсэн УИХ тодорхой хуулиудад зохих өөрчлөлтийг оруулбал энэ жилдээ аль аль жагсаалтаас нь гарах боломж техникийн хувьд бололцоотой. Хар жагсаалтын тухайд гэхэд Европын комиссоос наймдугаар сарын 31-н гэхэд шийдвэрээ гаргаарай гэж мэдэгдсэн байна лээ. Тэгэхээр энэ хугацаанд нь амжиж шийдвэрээ гаргавал боломж байгаа гэсэн үг.