Categories
мэдээ нийгэм

Боловсролын үнэлгээний төвийн нээлттэй даалгаврын санд 11,677 даалгавар нэмэгдлээ

Боловсролын үнэлгээний төв нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” MON3594 төслийн санхүүжилтээр 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Нээлттэй даалгаврын санг хөгжүүлэх” ажлыг гүйцэтгэжээ.

Нээлттэй даалгаврын санд байршсан даалгаврын нөөцийг үндэслэн шинээр боловсруулах шаардлагатай даалгаврын тоог судлагдахуун, агуулга, дэд агуулга, үнэлгээний зорилт, даалгаврын хэлбэр тус бүрээр тодорхойлж шинээр зохиох даалгавруудын агуулгын блюпринтийг боловсруулсан байна.

“Нээлттэй даалгаврын санг хөгжүүлэх” ажлын хүрээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд 45 даалгавар боловсруулагч нар 23 судлагдахууны 11,677 даалгаврыг боловсрууллаа. Нийт 26 эксперт эдгээр 11,677 даалгаварт шинжилгээ хийн даалгавар боловсруулагч нарт зөвлөмж өгч, засаж сайжруулан нээлттэй даалгаврын сангийн программд бүртгэн оруулах ажлыг зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн түвшинд ашиглахад бэлэн болгожээ.

Ингэснээр сурагчдын боловсролын түвшинг 5, 9, 12 дугаар ангиудад үнэлэхэд чиглэсэн хөндлөнгийн үнэлгээний найдвартай, бодитой систем бий болгох, хөгжүүлэхэд томоохон ахиц гарч байгаа юм гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан эхэллээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн хэлэлцэж эхэллээ. Шүүх хуралдаанд шүүгдэгчээр Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Ё.Гэрэлчулуун, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Б.Мөнхтөр нар оролцож байна.

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 263 дугаар зүйлийн 263.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3, 22.1-2, 22.5-1, 22.12-1 дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн.

Categories
мэдээ нийгэм

Истанбул руу тусгай үүргийн онгоц өнөөдөр хөөрнө

Туркийн Истанбул хотоос 170 орчим иргэнээ авчрахаар “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.05.13/ 09.30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Онгоц энэ сарын 14-нд буюу маргааш Улаанбаатар хотод газардана. Уг нислэгээр Европт ажиллаж, амьдарч байсан монгол иргэд голлон ирнэ.

Өмнө нь гуравдугаар сарын 18-ны өдөр “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Истанбул-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж нийт 252 иргэн эх орондоо ирсэн юм. Энэ удаад 170 орчим монгол иргэнээ татан авахаар болсон.

Харин дараагийн нислэгийг ОХУ-ын Улаан-Үд хот руу үйлдэж 05 дугаар сарын 14-нд 202 иргэнийг, 15-нд Эрхүү хотоос 200 орчим иргэнийг татан авах юм. Мөн 05 дугаар сарын 18-нд Энэтхэг улс руу тусгай үүргийг онгоц нислэг үйлдэнэ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10,836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар 2020 онд иргэдэд өмчлүүлэх нийт газрын хэмжээг тогтооно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлын жагсаалт:

1. Концессын нэмэлт гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай

2. Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн талаар зөвлөх төв байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох тухай

3. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл

4. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Яаралтай тусламжийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эрүүл мэндийн салбарын хөгжил төсөл 5-ийн нэмэлт санхүүжилт” болон “COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл

5. Журам батлах тухай

6. Иргэнд 2020 онд газар өмчлүүлэх нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай

7. Үндэсний хөтөлбөр батлах тухай

8. Жагсаалт батлах тухай

9. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

10. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

11. Жагсаалт батлах тухай

12. Бусад асуудал*

13. Шатахууны хяналт шалгалтын тухай танилцуулга

14. “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотгол”-ын хэрэгжилтийн тухай танилцуулга

15. Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн тухай танилцуулга

16. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн тухай танилцуулга

17. Эрчим хүчний салбарын 2019-2020 оны өвлийн их ачааллыг давсан байдал, цаашид авах арга хэмжээний тухай танилцуулга.

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосныг жагсаалтаар хүргэж байна.

1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

2.“Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

4.““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

5.“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

6.“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих/;

7.“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

8.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

9.Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

10.Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

11.Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

12.Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

Categories
мэдээ цаг-үе

Р.Гончигдорж: Зарим сайдыг УИХ-ын гишүүнээс чөлөөлүүлээд, заримыг нь шинээр томилоод явчихад асуудалгүй дээ

Монгол Улсын дэд Ерөнхийлөгч, Улсын бага хурал, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан эрх зүйн нөхцөл байдал ямар болох вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон энэ нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль 2019 оны арваннэгдүгээр сард батлагдан уг нэмэлт өөрчлөлт энэ сарын 25-нд дагаж мөрдөгдөх гэж байна. Үндсэн хуулийн дагуу УИХ-ын сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан байдаг. Хэдийгээр баталсан өдөр нь ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө боловч хэрэгжих хугацаа нь сонгуулиас нэг сарын өмнө байгаа нь дээр дурдсан Үндсэн хуулийн заалтын агуулгатай зөрчилдөж байна. Энэ байдлаас үүсмэл бэрхшээлгүй эрх зүйн зөрчлүүд энэ сарын 25-наас хойш гарах болно. 1999 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ээлжит сонгуулиар байгуулагдах УИХ-ын бүрэн эрх эхэлсэн өдрөөс дагаж мөрдөхөөр хийж байсан юм. Энэ нэмэлт өөрчлөлтийг хачирхалтайгаар ҮХЦ хүчингүй болгосон ч 2000 онд дараагийн УИХ-аар үг үсгийн зөрүүгүй дахин батлагдаж шууд мөрдөгдсөн түүх бий. 1992 оны Үндсэн хууль 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлт, саяны нэмэлт өөрчлөлт нийлээд Монгол Улсын Үндсэн хууль мөн. 1992 онд баталсан БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай Монгол Улсын хавсралт хууль, мөн саяны 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд батлагдаж 2019 оны арваннэгдүгээр сарын 26-наас дагаж мөрдөгдсөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль хоёр нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй. Гэтэл эдгээрийн хооронд зөрчилтэй заалтууд бий болчихлоо.

Үндсэн хуулийн хэмжээн дэх дотоод зөрчил үүслээ. Тавдугаар сарын 25-наас хойш энэ зөрчил гадагшилж хууль тогтоомж тодорхой бүрэн эрхүүдийн хүрээнд гарч ирэх болно. Хуулийн хийдлийг бий болгоно. Үндсэн хууль зөрчсөн гэх олон маргаан дагалдуулна.

-Ямар зөрчлүүд дагуулах бол. Тухайлбал?

-Хамгийн тодорхойгоос нь хэлье. Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1-д Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр… бүрнээ нийцсэн байвал зохино.

1992 оны дээр дурдсан хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 4-т Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн субьект, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно гэж заасан байдаг. Гэтэл 2019 оны дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө гэж заасан нь шууд зөрчил болж байна. Үүнээс үүдээд Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4-т Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгоно гэж өөрчлөлт оруулснаас үүдэн хуулийн зөрчил хийдэл болон зарим албан тушаалтны бүрэн эрхтэй холбоотой маргаан зөрчлүүд гарч ирнэ. Ер нь энэ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулиа 1992 оны хавсралт хууль шиг гарч болох зөрчил хийдлээс бүрэн ангид байхаар нарийвчлан хийх ёстой байсан юм.

-Энэ сарын 25-наас Засгийн газар эрх зүйн чадамжтай байх уу?

-Энэ бол хамгийн амархан эмчлэгдэх асуудал. Энэ сарын 25-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдуудаа УИХ, Ерөнхийлөгчид танилцуулж УИХ-д тангараг өргүүлээд өөрөө томилох эрхтэй болно. Мөн Сайд нар нь солигдсон ч Засгийн газар огцрохгүй. Хуучин тал нь нэгэн зэрэг огцроход Засгийн газар огцордог байсан. Тиймээс зарим сайдаа УИХ-ын гишүүнээс нь чөлөөлүүлэх заримыг нь сольж шинэ сайд томилоод л явчихад асуудалгүй. Дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүний албаа хавсарч гүйцэтгэх ёстой. Уг нь УИХ-ын гишүүн сайдын албыг хавсардаг болохоос сайд нь УИХ-ын гишүүний албыг хавсардаггүй юм шүү дээ. Мөн л үгийн агуулгын зөрчил. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэх л байсан юм. УИХ-ын гишүүн чинь аль нэг албаны хавсаргад явдаг биш, нийтэд ард түмний элч юм.

-Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн талаар та хоёр ч маргаан үүсгэсэн. Нэгийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц зөвшөөрсөн. Сонгуулийн хуулийн талаар таны бодол ямар байна вэ?

-Иргэн Э.Төмөрбаатартай хамт ҮХЦ-д сонгуулийн хуульд улс төрийн намын сонгуульд оролцох эрхийг байгуулагдсан хугацаагаар хязгаарласан, сонгогч мандатын тооноос дутуу санал өгснийг хүчингүйд тооцсон нь тус тус Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн мэдээлэл гаргасан юм. Цэцийн гишүүн Д.Солонго хоёр асуудлаар Үндсэн хуулийн зөрчлийн хэрэг үүсгэсэн. Гэтэл дунд суудлын хуралдаанаараа ҮХЦ эхний асуудлыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзээд тухайн заалтуудыг түдгэлзүүлсэн. Харин хоёр дахь асуудлын хувьд сонин юм болсон. Хуралдаан дээр Цэцийн гишүүн Туулхүү хэрэг үүсгэснийг эргэж хэлэлцэх горимын санал гаргаад Д.Солонго гишүүний үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анх удаа л ийм зүйл үзлээ. Хэрэв ингэж болдог юм бол яагаад их суудалд нь гомдол гаргаж хянуулж болдоггүй юм. Хэн ч бодсон сонгогч нэгийг нь дэмжээд нөгөөдүүлийг нь дэмжихгүй байж болно биз дээ. Гэтэл тэр дэмжсэн хүнд өгсөн саналаа хүчинтэй болгохын тулд санал өгөхгүй хоёр хүнд хүчээр санал өгөх ёстой гэж. Гурван мандаттай тойргийг жишээ авч үзье. Гурван мандаттай тойрогт А гэх нэр дэвшигч 74 хувийн дэмжлэгтэй байв. Харин Б намыг 26 хувь нь дэмждэг. А нэр дэвшигчээ дэмжигч 74 хувийн саналаа хүчинтэй болгохын тулд Б намын аль нэг хоёрт хүчээр санал өгнө. Ингэхээр нөгөө нам маань ялаад А маань ялагдана. Энэ сонгуулийн хууль мандатад тултал нь дэвшүүлж саналаа багцалдаг том намуудад ашигтай. Бие даагчид болон жижиг намууд энэ жишээнээс хараад тактикаа боловсруулах хэрэгтэй болж дээ. УИХ-ын бие төлөөлөгч ҮХЦ-д гаргасан тайлбар дотроо дутуу дугуйлсныг зөвшилцөх нь намын эв нэгдэлд хортой гэж үзсэнээ тэмдэглэсэн байсан. Энэ байдлыг хэлээд батлаад байх шиг.

-Ирэх сонгуулийг хойшлуулах эсэх тал дээр таны байр суурь ямар байна?

-Хоёр зүйлд л анхаарч байна. Нэгд, сонгууль болоход цар тахлын дэгдэлтийн эрсдэл их байсаар байна. Хоёрт, хорио цээрийн дэглэмийн үед сонгууль чөлөөтэй шударга болж чадах магадлал бага байна. Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулах тухай санал гаргаж байхад нэг хэсэг нь бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх гэсэн санаатай байна гэж шуугьсан даа. Энэ нь сонгуулийн хуулийн 9.4-д Монгол Улсын Үндсэн хуулийн 25дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно гэсэн заалттай холбоотой. Энд заасан хоёр онцгой нөхцөл нь онц байдал зарласан, дайны байдал зарласан гэсэн төвлөрсөн хатуу дэглэм тогтоогддог нөхцөл байдал юм. Гэтэл сонгуулийн хуулийн энэ зохицуулалт нь 22.1-д Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон… зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн заалтыг явцууруулсан Үндсэн хууль зөрчсөн заалт байгаа юм. Миний хувьд Үндсэн хуулийнхаа 22.1-ийг үндэслэн сонгуулийг хойшлуулмаар л байна даа. Нэр дэвшилт эхлэхээс өмнө. Баахан хувийн болон төсвийн мөнгө зарчихаад гэнэт хүнд онцгой нөхцөл байдалд орж сонгуулийг зогсоохоос аргагүй байдалд хүрэх вий дээ. Монгол Улсад маань анхны чөлөөт ардчилсан бүх нийтийн сонгууль болсны 30 жилийн ой энэ 7 дугаар сард тохиож болно. Сонгогчид бүрэн эрх чөлөөтэй баяр хөөртэй сонгуульдаа оролцож нэр дэвшигчид бүх талаар адил тэгш нөхцөл дор сонгуулийн сурталчилгаагаа явуулж байсныг тодхон санаж байна. Энэ удаагийн сонгууль тийм л тайван нөхцөлд шударга сонгууль болоосой гэсэндээ хэлж байгаа юм.

Харин энэ сунгасан хугацаандаа УИХ, Засгийн газар, Үндсэн хуулийн нэмэлттэйгээ холбоотой хуулиа цэгцлээд цар тахлын тархалтаас сэргийлэх, иргэд ААН эдийн засагтаа учирсан хохирлоо арилгах, сэргэлтийг хангахад чиглэсэн ажлаа хиймээр байна. Сонгууль хойшлохгүй байсан ч Үндсэн хуулийн нэмэлтээр 75 ажлын өдөр чуулган үргэлжлэх болохоор сонгуулийн үеэр ч завсарлах эрхгүй бөгөөд 39 гишүүн дэмжиж хууль батлах тул ирц өндөртэй байж энэ ажлуудаа амжуулах хэрэгтэй.

-АН-ын лидерүүд болох Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар бие дааж нэр дэвшихээ илэрхийллээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-АН-аас тэднийг нэр дэвшүүлэхгүй байна. Заримыг нь АН-аас хөөсөн, хассан байна. Өнөөдөр чадалтай шинэ залуучууд, туршлагажсан улстөрчид Ардчилсан намаас нэр дэвшиж чадахгүй байгаа нь түгээмэл байна. Нэг талаас 100 сая төгрөгтэй холбоотой байх. АН-ын тухай ярихад би өнөөдөр саналын эрхгүй гишүүн. АН-ын ихэнх гишүүд саналын эрхгүй. Дүрмээрээ тийм болгочихсон. Заавал татварт мөнгө төлж байж саналын эрхтэй болдог. Дээшээгээ нам дотроо заавал мөнгө төлж сонгуульд орно. Орсныхоо дараа их хэмжээний мөнгө төлж байж тэндээ байна. Мөнгөөр гишүүнийхээ эрхийг эдэлнэ, мөнгөөр удирдах эрх мэдлийг эдэлнэ. Мөнгөөр нэр дэвшин ийм байдал руу орж байгаа нь миний Ардчилсан нам биш. Миний нам гэж харагдахгүй байна.

-Тэрийг сонгуульд гаргахгүйн тулд би тэнд нь очиж нэр дэвшинэ гэж ярих боллоо. Улс төрийн хонзон уу. Энэ бүхэн улс төрийн ямар үр дагавар авчрах вэ?

-Энэ хүний дэвшсэн тойрогт би очиж дэвшинэ гэдэг УИХ-д гарч болохгүй хүн гэж үзсэн санаа юунаас болов гэдгийг харах ёстой. Өс хонзон болгож унагах гээд байгаа юм уу. Ийм хүн УИХ-д дахиж гарах нь монгол төрд хохиролтой гэж үзэж байна уу гэх зэрэг зүйл яригдах байх. Ямар ч үед төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байхдаа өс хонзонгоор битгий ашиглаасай гэж боддог. Өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь харлуулдагт би дургүй. Лидерүүд гээд хаяж болохгүй. Юмыг үгүйсгэж хэзээ ч гарч ирдэггүй юм. Авах гээхийн зарчим дээр түүнийг үргэлжлүүлж л гарч ирэх ёстой.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын таван байнгын хороо хуралдана

УИХ-ын 4 байнгын хороо, 1 түр хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.

1.Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 14.00 цагаас “Их Засаг” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хаалттай.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Засаг” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Бусад.

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 14 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

Categories
мэдээ цаг-үе

Шинэ цагийн сэхээтэн инженер Г.Мөнхбатынх

Бурхан хүнийг бүтээдэг, бусдыг нь инженер бүтээдэг гэх үг бий. Улс орны хөгжил дэвшлийг инженерүүдийнх нь эрдэм мэдлэгээр тодорхойлдог цаг ирээд байгаа. “Танайд өнжье” булан энэ удаагийн дугаартаа улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй залуу инженерийн гэр бүлийг онцоллоо.

Өнгөрсөн баасан гаригийн их үдийн алдад зочинтойгоо уулзахаар Багшийн дээдээс урагш Буянгийн замаар уруудаж Юнион Буйлдингийн харалдаа очоод утас цохиход монгол загвартай цамц өмсөж, нүдний шил зүүсэн өндөр залуу биднийг тоссон нь “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн мэдээллэл технологийн хэлтсийн ахлах инженер Г.Мөнхбат байв. Түүний ажил хараахан тарах болоогүй байгаа бололтой. Оффисстой нь танилцахаар орлоо.

Г.Мөнхбат инженерийн аав Л.Ганхуяг, ээж Д.Цэцэг нар Хэнтий аймгийн Биндэр сумынх. Одоо хэр нь хувийн бизнесээ эрхлээд сумандаа аж төрдөг аж. Хот хороо бараадахыг урьтал болгодоггүй, сумандаа сайхан амьдрахыг илүүд үздэг талаар зочин маань ярив.

Г.Мөнхбат инженер Биндэр сумандаа 10 жилийн сургуулиа төгсжээ. “Би хангай газрын хүүхэд. Уран зураг шиг үзэсгэлэнтэй, онгон дагшин байгальтай нутагт төрж өссөн. Сумын сургуулиа 2004 онд төгссөн. Сургууль маань тухайн үед хоёр ширхэг л компьютертэй байв. Мэдээлэл зүйн хичээл ороход нэг хүүхэд гурван минут л компьютер ашигладаг байлаа. Тэр үед ногоон дэлгэцэн дотор багширсан жижигхэн жижигхэн зүйлс харагдаж байсан санагддаг юм. Компьютертэй анх иймэрхүү байдлаар танилцаж байсан” гэж 10 жилийн дурсамжаа хуваалцлаа.

Тэрбээр дунд сургуулиа төгсөөд Их сургуульд орохоор нийслэл хотод ирэхдээ Зуун айл орчимд цүнхтэй хувцсаа үүрээд “Элба” дэлгүүрийн ойролцоо бууж байжээ.

Г.Мөнхбат инженерийн аавынх нь төрсөн дүү тосч дэлгүүр лүүгээ дагуулж ороход битүү өрөөстэй компьютерууд угтсан нь түүнийг алмайруулж орхижээ. Ингээд хамаатныхаа дэлгүүрт ажиллахаар болсон байна. Бүтэн жил хэртэй ажиллахдаа компьютерийн талаар өөрийнхөө хэмжээнд л зузаан мэдлэг хуримтлуулж асван гэнэ. Ер нь энэ компьютерийн талаар илүү нарийн детальчилж судлах эрмэлзэл тухайн үед төрсөн талаар Г.Мөнхбат инженер хэлж байлаа. Улмаар ШУТИС-ийн холбоо мэдээлэл технологийн сургуулийн мэдээлэл хэмжлийн электроник ба мэдээллийн технологийн ангид элсжээ.

Компьютер, түүний бүтцийн талаар мэдээлэл хэмжлийн электроникийн мэргэжлээс нарийн ойлголтыг авчээ. Энэ мэргэжил нь электроник тал руугаа илүү судалдаг гэнэ. Харин мэдээллийн технологийн ангиас программчлал, программчлалын хэл, вэбийн талаар дэлгэрэнгүй судалжээ. Энэ хоёр мэргэжлийг хосоор нь эзэмшсэн хүн ямар нэгэн биетийг эцсийн түвшинд нь хүртэл бүтээх чадамжтай мэргэжилтэн болж боловсордог юм байна.

Энэ бүхнийг ярилцаж суухад ажлын цаг нь өндөрлөх тийшээ хандлаа. Мөнхбат инженерийн гэрт очихоор Баянзүрх захын ойролцоох есөн давхар ногоон байрыг зорьсон юм.

30 орчим насны эмэгтэй хаалга тайлсан нь Г.Мөнхбат инженерийн гэргий Н.Золзаяа. Тэд ижилхэн инженер мэргэжилтэй. Г.Мөнхбат, Н.Золзаяа нар оюутан ахуйдаа танилцжээ. Эхнэр нь мэдээлэл технологийн чиглэлээр хувиараа бизнес эрхэлдэг аж. Том охин М.Сувдансондор нь долоон настай. Плехановын нэрэмжит сургуульд суралцдаг гэнэ. Харин бага хүү Г.Молор-Эрдэнэ нь өнгөрсөн жил сургуульд оржээ. Эдний гэр бүл хүүхдүүдийнхээ хөгжил төлөвшилд ажил мэргэжлээсээ ч илүү ач холбогдол өгдөг гэсэн. “Хүүхдүүд эцэг эхийн сонголтын золиос болох гээд байдаг. Тийм хүн болгоно гээд л хүчилдэг хандлага ажиглагддаг. Хүүхэд өөрийнхөө дурлаж сонгосон чиглэлээр явбал амжилтад хүрэх магадлал өндөр. Цаг гаргаж ярилцаж байх нь чухал. Миний хувьд хүүхдүүдээ 18 нас хүртэл бүх боломжоор нь хангаад гурван төрлийн хэлтэй болгоно. Эрүүл бие бялдартай байлгах үүдээс йогоор хичээллүүлдэг юм. Сонирхлынх нь дагуу хөгжмийн дугуйланд ч явуулж байгаа. Ингэж яваад л өөрийгөө олох байх. Сонирхсон мэргэжлээр нь л дэмжээд боловсрол эзэмшүүлнэ дээ. Оюун ухаан, бие бялдар, эрүүл мэндийн хувьд төгс бүтээгдэхүүн нийгэмд бэлтгэж гаргахын төлөө ажиллана” гэж гэрийн эзэн Г.Мөнхбат хэлж байлаа. Коронавирусийн тархалт аюул дэгдээгээд буй энэ үед хүүхдүүдээ хөдөө өвөө, эмээ рүү нь явуулжээ. Хүүхэд байгальтайгаа ойр байх нь эрүүл мэнд, өсөлт хөгжилд нь сайнаар нөлөөлдөг талаар Мөнхбат инженер хэлж байлаа.

Оюутны дөрвөн жилд Г.Мөнхбат инженер чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгджээ. Дөрөвдүгээр курсээ төгсөөд л аж ахуйн нэгж албан байгууллагуудад камержуулалт суурилуулаад эхэлсэн байна. Захиалгад ч дарагдаад ирж. Төрийн байгууллагуудаас хүртэл камержуулалт суурилуулах санал хэд хэд иржээ. Ингээд хувийн компани байгуулахаар сэтгэл шулуудсан гэнэ. Байгуулсан компаниа хөл дээр нь босгох гэж багагүй саад бэрхшээлийг туулсан талаараа хэлж байв.

Түүний байгуулсан “UMCS” компани өдгөө хөл дээрээ бат зогсчээ. Баянгол, Баянзүрх гэх томоохон дүүргүүдийн камержуулалтыг хариуцаж ажиллаж байгаа аж. Мөн барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлийн ажилд хүч хаяхаар төлөвлөгөө гаргаж төсөл боловсруулаад байгаа гэсэн.

Г.Мөнхбат “Инженер болсноор сэтгэлгээний цар хүрээ тэллэгддэг юм шиг санагдсан. Инженер хүний гаргаж байгаа шийдэл, төсөөлөн бодох чадвар нь бусдаас илүү хөгждөг. Хийсвэрээр сэтгээд бодит байдал хоёрын хооронд анализ хийхэд өөр өнцгөөс харж, өөр шийдлүүд гаргаж ирдэг юм билээ. Асуудлын голыг шуурхай олж хардаг нь инженер хүний давуу тал” хэмээн мэргэжлийнхээ талаар ярьж байсан юм.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ

Шинэхэн мэргэжилтэн Г.Мөнхбат тухайн үед байгуулагдаад удаагүй байсан “Эрдэнэс Таван толгой” компанид ажилд оржээ. Тэрбээр хувийн компанийнхаа үйл ажиллагааг авч явахаас гадна “Эрдэнэс Таван толгой” ХХК-д мэргэжлээрээ ажилладаг.

“2010-аад онд мэдээллийн технологийн салбарыг нэг их ойшоодоггүй байсан. Компанийн удирдлагууд ч ач холбогдлыг нь тэр бүр ойлгодоггүй байсан л даа. Компанийн хөгжлийн тулгуур мэдээллийн технологийн салбар нь доошоо уначихдаг, компанийн хөгжил дэвшил зогсонги байдалд орох үе ч байв.

Сүүлийн үед мэдээллийн технологийн ч холбогдлыг ойлгож энэ чиглэл рүү хүч хаяад эхэлж байна” гэж Эрдэнэс Таван толгой ХХК-ын мэдээллийн технологийн хэлтсийн ахлах инжер Г.Мөнхбат хэлж байлаа.

“Эрдэнэс Таван толгой” ХХК дөрвөн ээлжээр ажилладаг. Нэг ээлжинд нэг л мэдээлэл технологийн инженер ажилладаг юм байна. Интернэт сүлжээ, компьютер тоног төхөөрөмж, радио станц, камер зэргийг бүгийг нь хариуцдаг ажээ. Ганц хүн ийм өндөр ачаалал авахад их хугацаа авдаг талаар Г.Мөнхбат ярьж байв. Үүнээс шалтгаалж компанийн үндсэн бодлого, хөгжлийн стратегийн асуудлыг барьж авах боломж хомс байдаг аж.

“Мэдээллийн технологигүйгээр үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа явах боломжгүй болсон. Мэдээллийн технологи хөгжсөнөөр бүх зүйл цахим болж байна. Дэлхий нийтээр цахим болох шилжилтийн дөрөвдүгээр хувьсгал эхлээд байна. Үүнийг дагаад бүх зүйл цахим болоод ирэхээр мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлд анхаарах шаардлага тулгарч байгаа юм.

“Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн хувьд стратегийн томоохон орд газар. Улсын төсөв бүрдүүлэлтээр тэргүүлдэг компани. Энэ компани руу долоо хоногт л 700-800 удаагийн цахим халдлага ирдэг. Компанийн дотоод үйл ажиллагаа, бүтээгдэхүүний үнэлгээ, гэрээний аюулгүй байдал зэрэг дотоод нууцлалтай мэдээллийг алдах эрсдэлтэй байдаг” гэв. Ихэвчлэн цахим халдлагууд БНХАУ, ОХУ, Канад зэрэг орнуудаас ирдэг ажээ. “Эрдэнэс Таван толгой компани”-ийн тухайд орчин үеийн firewall төхөөрөмжүүдээр цахим халдлагаас хамгаалдаг аж. Компанийн серверт байгаа чухал файлуудыг нь түүдэг, мөн түгжчихдэг аюул байдаг юм байна. Тайлах гэхээр биткойн нэхдэг аж. Компани үйл ажиллагаагаа явуулахын тулд нэхсэн мөнгийг төлөхөөс аргагүй байдалд хүрдэг гэх мэт олон эрсдэл байдаг гэнэ.

Харин дотоодоос халдсан тохиолдолд хаанаас ямар хаягнаас халдаж байгааг тусгай программын тусламжтайгаар хянадаг гэсэн.

ХУВЬ ХҮН ЦАХИМ ХАЛДЛАГААС ХЭРХЭН ХАМГААЛАХВЭ

Сүүлийн үед иргэд хувийн мэдээллээ алдаж гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэл дунд амьдарч байгаа.

Мэдээлэл технологийн инженер Г.Мөнхбат “Хувь хүн компьютер ашиглахдаа ямар сайт руу хандаж болох вэ, ямар сайт руу хандаж болохгүй вэ гэдгийг мэддэг байх ёстой. Тухайн сайт сертификаттай байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Хакерууд ямар урхи бэлдэж хүмүүсийн мэдээллийг авдаг талаар ойлголттой байх нь чухал. Хүмүүс нууц үгээ алдан данснаасаа хамаг мөнгөө алдчих тохиолдол байдаг. Иргэд хакеруудын урхинд орчихож байна гэсэн үг. Хакерууд сонирхолтой сонжоо явуулдаг. Хүмүүс сонирхоод нэвтрэхэд нь цаана нь mirror(толь) байршуулаад мэдээллийг нь хуулаад авчихдаг. Гэх мэтчилэнгээр хүмүүс мэдээлэлгүйгээс болоод алдаж байна. Мэдээллээ алддаг өөр нэг шалтгаан нь хаанаас ч хамгаагүй флаш авч ирээд комьпютертоо залгачихдаг. Тухайн флаш ямар ч вирустэй байж болно шүү дээ. Таны мэдээлийг гадагш нь дамжуулаад байх эрсдэлтэй. Энэ тал дээр хянамгай байх хэрэгтэй” гэв. Энэ нь өдөр тутмын амьдралдаа анхаарч, хэрэгжүүлбэл зохимжтой талаар тэрбээр хэлж байсныг онцолъё.

Улс орны хөгжилд инженерүүдийн оролцоо чухал үүрэгтэй. Мэдээлэл технологийн инжерүүдийн залуу үеийн төлөөлөл Г.Мөнхбат энэ тал дээр толгойгоо гашилгаж явдаг.

“Төрийн үйлчилгээний 40 орчим хувь нь цахим хэлбэрт шилжсэн байна. Цахим мэдээллүүд нэг серверт байрлана. Үүний цаана манай улсын мэдээллийн аюулгүй байдал яригдаж байгаа юм. Бид нар бүх комьютер тоног төхөөрөмжөө гаднаас авч байна. Захын наймаачин л дураараа компьютер зөөгөөд өнөөхийг нь төрийн байгууллагууд хэдэн зуугаар нь авч хэрэглэж байгаа. Компьютер мэдээлэл дамжуулах боломжтой байдаг. Нэг чип нэмээд үйлдвэрлэхэд л манайхан мэдэх боломжгүй. ТЕГ-т хянадаг лаборатори бий. Хил гаалиар орж байгаа олон мянган компьютерт ямар ч хяналт байхгүй. Хүссэн үедээ мэдээллээ алдах эрсдэл манайханд байгаа. Манайхаас бусад оронд ач холбогдол өгч стандарт тогтоож, дээрээс нь шалгалтын ажиллагаа хийдэг.

Хяналтгүй нэвтэрч байгаа компьютеруудыг шалгах лаборатори зайлшгүй хэрэгтэй байгаа. Үүний цаана Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал яригдаж байна.

АНУ, Хятад зэрэг том гүрнүүд таарамж муу байдгийн нэг шалтгаан нь энэ. Шинэ санаа, томоохон төслүүдийг нь хакердаад хулгайлчихдаг. Шинэ санааг нь түрүүлээд хэрэгжүүлчихдэг. Энэ асуудал даамжираад гүрнүүдийг зөрчилд хүргэдэг.

Манайхны хувьд кибер аюулгүй байдал тал руугаа онцгой анхаарах цаг болсон. Тусгай байдалд дуртай газар нь халдах гээд байна. Аюулгүй байдлыг хянадаг лаборатори, стандарт нэвтрүүлэх хэрэгтэй. Тэр цагт тулгамдаад байгаа асуудлууд шийдвэрлэгдэнэ” гэж Г.Мөнхбат инженер хэлж байна.

Манайх хяналтгүй нэвтэрч байгаа компьютеруудад хянах лабратори нэн тэргүүнд харэгцээтэй байгааг онцолсон. Үүнээс гадна компьютеруудийг бодлогоор нэг газраас нийлүүлж байх нь учирч болох эрсдэлээс сэргийлэх талаар ярьж байлаа.

Бидний урд хөрш гэхэд л дотооддоо үйлдвэрлэсэн компьютерээ хэрэглэж импортын компьютеруудийг хэрэглээнээс шахах дөрвөн жилийн төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгааг Г.Мөнхбат инженер онцолж байв.

Тэрбээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Төсөл хөгжлийн төвийг ажиллуулдаг юм байна. Тус төв нь жижиг дунд үйлдвэрлэл нь тодорхой хугацаанд явж байгаад уналтад орсон, цааш яаж хөгжихөө мэдэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгч ажилладаг. Тэрбээр нийгмийн дунд давхаргыг дэмжиж хөгжүүлснээр улс орны эдийн засаг урагшлахад тустай гэв.

Сум болгон л өөрийн онцлогт тохирсон үйлдвэрлэлтэй, иргэд нь ажлын байртай байж хөгжинө гэж Мөнхбат инженер үздэг аж. Тэрбээр мал аж ахуйн орон Биндэр сумандаа махны үйлдвэр байгуулахаар судалгааны ажлаа эхлүүлжээ. Үүнийг дагаад малын арьс шир,яс ясан бүтээгдэхүүнийг нь боловсруулах цогц үйлдвэр байгуулахаар төлөвлөөд байгаа гэсэн.

Инженерийн сэтгэхүй улс орны хөгжилд ус агаар мэт хэрэгтэй байдаг. Унасан газар угаасан усныхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хийж бүтээж, залуу үеийн төлөөлөлд үлгэр дуурайл болж буй шинэ цагийн сэхээтэн инженерийн гэр бүлийг өнжин сурвалжлахад ийм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Загас”-аар тэжээх Ерөнхий сайд минь дараа нь “загас”-аа яаж барих билээ?

Загас өгөх биш, харин загас барих аргыг зааж өгөх нь чухал гэсэн үг бий. Үндсэндээ загас барих аргыг зааж өгөлгүйгээр загасыг нь шууд барьж өгөөд байна гэдэг нь тухайн хүндээ сайн санасан явдал гэхээсээ хорлож байгаа асар хор урхагтай үйлдэл болдог. Тэгвэл манай Ерөнхий сайд маниусыгаа “загас”-аар зай завсаргүй тэжээгээд сүйд болж байна. Сонгууль ч ойртсоныг хэлэх үү, ёстой нөгөө баян намсрай гэдэг шиг баруун солгойгүй цацаж байна. Ямаанд мөнгө өглөө л гэнэ, хүүхдэд мөнгө өглөө л гэнэ, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөллөө л гэнэ. Юу юу ч болов. Эдгээрийг жаахан дэлгэрүүлбэл, малчдын орлого болон ноолуурын салбарын дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчин өрхүүдэд ноолуурын килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Ингэж Монголын Засгийн газар ямаанд хайр зарладгаараа зарласан.

Дараа нь залгуулаад энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын нэгнийг хүртэлх хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100 мянган төгрөг олгохоор болсон. Үндсэндээ хүүхдэд олгож байсан 30 мянган төгрөгийг 70 мянгаар шууд нэмэгдүүлж 100 мянгыг өгөхөөр болсон. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой 122 мянган хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянга, хүүхдэд найман мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож хоёр дахин нэмэгдүүлсэн. Энэ сарын нэгнэээс нийгмийн халамжийн тэтгэврүүдийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх үүнд, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг өндөр настан, өнчин хүүхдүүд, өрх толгойлсон эцэг эхчүүдийн тэтгэмж, одой иргэдэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог тэтгэмж зэргийг сар бүр 100 мянгаар нэмэгдүүлж 288 мянган төгрөг олгохоор шийдвэрлээд байна. Эдгээр халамжид нийтдээ 793.6 тэрбум төгрөг зарцуулахаар болсон.

Засгийн газар ингэж “загас”-аар тэжээж байгаад ард түмэн дуртай байна. Төр засаг нь юм өгч байхад яалаа ч гэж дургүйлхэх билээ. “Өөрсдөө идэж байхаар бидэнтэйгээ хуваавал таарна” гэсэн монгол филосифиороо өөр хоорондоо сүрхий ярьцгааж байна. Хуваагаад хүртчихсэн бол хулгай хийсэн хүнээ хүртэл муу хэлдэггүй зантай ард түмэн шүү дээ, бид чинь. Шилийн сайн эр хулгайн адуун сүргээсээ ганц сарваа өгчихсөн байхад түүнийгээ муулдаггүй, бүр нэг хир халдаагүй явж ирсэн үүх түүх бий л дээ. Тиймээс тав арван төгрөг илүүчилж байгаа төр засагтаа яг энэ үед манайхан ам сайтай л байна. Хүрэлсүхийн Засгийн газар ээлжит бусаар өдөр шөнөгүй хуралдаад л хэдэн сайдууд нь зай завсаргүй мэдэгдэл хийж олон түмэнд юм амлаад байх шинжтэй. Цар тахал ч нүүрлэж, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа бариад хэцүүхэн байгаа нь жаахан юмаар хуурч байгаа засагт бол ихээхэн “коко” авахаар байна. Дээрээс нь сонгуулийн халуу шатсан өдрүүд эхэлж байгаа учир эрх баригч намын дарга, Ерөнхий сайд маань амандаа багтсан бүхнээ ард түмэнд өгнө гэж байх шиг байна. Ард түмнээ бодож алгаа тэнийж үзээгүй Сангийн сайд, өгнө авна гэдгээ ч ойлгодоггүй Ерөнхий сайд хоёрыг гар тэнийж уруул цорвойж байхыг харах сайхан байна. Сонгууль өнгөртөл, үндсэндээ ирэх аравдугаар сар хүртэл энэ төр засаг идэж уух юм бага сагаар тараагаад болоод явчих юм байна.

Харин “загас”-аа дуусахаар “загас”-аа хэрхэн яаж барих билээ, Ерөнхий сайд минь. Өгдөг юм хэмжээтэй нь мэдээж. Сонгууль болоод өнгөрөх нь бас мэдээж. Мөнхөд өгөөд байж чадахгүйгээс хойш загас хэрхэн яаж барих тал дээр бодож, санаж, төлөвлөсөн, ур ухаанаа уралдуулсан юм байна уу, ингэхэд. Дампуурлаа зарлах дээрээ тулаад, хаалга үүдээ барьсан аж ахуйн нэгжүүдээ төр засгаас хэрхэн дэмжиж, улс орны эдийн засгийн гол судасны эргэлт болсон хувийн хэвшлийнхнийг толгой дараалан сөхрүүлчихэлгүй яаж авч үлдэх гэж байна. Цаашид ажлын байрыг олноор нь яаж бий болгож, ковид гуайн өмнө сөхөрсөн ард түмнээ ажилтай, орлоготой болгох гэж байна. Хөдөө аж ахуй газар тариалангийн салбараа яаж дэмжих гэж байна. Тариалангийн компаниуд бүгд улсаас зээлтэй, амьхандаа тариагаа тарьж, ирэх намар ургац гайгүй хураан авч, улсад улаанбуудайгаа тушаагаад таван төгрөгийн ашиг орлого, эргэлтээ бодоод дор бүрнээ зүтгэж байгаа. Тэдэнд бодитойгоор ямар дэмжлэг үзүүлэх вэ. Уул нь зун, намрын цагт тариа ногооны талбарт жаахан ажлын байр гардаг. Гэвч гар дээрээ бэлэн мөнгө авчихсан, дор хаяад хүүхдийнхээ 100 мянгаар дургиж байгаа нөхөд ажиллахгүй байх. Ингээд загас барих аргыг нь зааж өгөх биш загасаар хооллож хорлоод байх юм. Уул уурхай дээр Монголын төр цаашид ямар дорвитой бодлого, мега төслүүд хэрэгжүүлж улс орны эдийн засгийг аврах юм бол. Уул уурхайг хааж боож, тухайн нутгийн цөөн иргэд, мөн тав арван малчдын талархлыг хүлээж, тэдэнд сайхан харагдах гэсэн поп амлалт, хууль журмууд гаргаж ард түмний баатар болохоос өөрөөр дорвитой амлалт, урт хугацааны стратеги, хөгжлийн бодлого гэж байна уу. Уул уурхай, хөдөө аж ахуй Монголын эдийн засагт бодит нөлөөгөө өгнө. Гэтэл энэ тал дээр Хүрэлсүх сайд танай Засгийн газар Монголын хувь заяаны эсрэг зогсох юм, ямар учиртай юм бэ. Оюу толгойн асуудал гэхэд одоо олон улсын арбитрын шүүх дээр байж байна.

Татварын ерөнхий газраас 2018 онд Оюу толгой компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнээс 4.8 сая ам.долларыг нь төлсөн ч үлдсэн дүн дээр нь талууд шийдэлд хүрээгүй. Ингээд Оюу толгой компани 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн заалтад тулгуурлан арбитрын шүүхэд хандсаныг хөрөнгө оруулагч “Туркойз хилл ресурс” албан ёсоор мэдэгдсэн. “Оюу толгойн татвартай холбоотой маргаан дээр Засгийн газар ямар нэгэн байдлаар зөвшилцөхгүй” гэж ЗГХЭГ-ын дарга нь хэлсэн. Бодит байдал үндсэндээ ийм л байгаа. Одоо Оюу толгой ажилчдаа бөөн бөөнөөр нь халаад эхэлж байна, өөр яалтай. Таван толгой ямар байгааг бид мэдэж байгаа. Цар тахлын улмаас хил хаагдаж, алдагдал хүлээсэн. Мөн ард түмний гол найдлага тавьж байсан IPO-г Ерөнхий сайд та зогсоочихсон. Засгийн газар ээлжит бусаар хуралдаад л “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Засгийн газар 2019 онд 296 дугаар тогтоол гаргаж “Эрдэнэс таван толгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс Таван толгой майнинг” ХХК-ийг үүсгэн байгуулахаар шийдвэр гаргасан. Тус охин компани нь нь Зүүн цанхийн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалж IPO босгох байсан юм. Гэвч Засгийн газар энэхүү тогтоолыг шууд хүчингүй болгосноор ард түмний горьдлого тасарсан. Дээрээс нь 2020 оны төсвийн орлогын гол найдвар, экспортын орлогын 30 хувийг бүрдүүлэх зэсийн уналт манай эдийн засгийг бүр сөхрөөлөө. Өнгөрөгч онд 6250 ам.долларт хүрч байсан зэсийн ханш он гарсаар 25 хувиар буугаад байна. Саарал жагсаалтад байсан манай улс Европын холбооны хар жагсаалтад орчихлоо. Энэ аюулаас гадна 2020 онд Монгол Улсын өр төлөлт гэж том юм байна.

Монголбанкны юанийн своп хэлцлээр авсан гурван хувийн хүүтэй 1.5 тэрбум ам.долларын зээлийг энэ онд эргүүлж төлнө. МИАТ төрийн өмчит хувьцаат компанийг 2013 онд 121.4 сая ам долларын 5, 7, 10 жилийн хугацаатай гурван дэд хэсгээс бүрдэх зээллэг хийхэд Засгийн газар баталгаа гаргасан. Уг мөнгөөр “Бойнг 767-300ER” агаарын хөлөг худалдаж авсны дэд зээлийн төлбөрт 10.7 сая ам.доллар буюу 28.6 тэрбумыг төлнө. Мөн “Самуурай” бондын хүүгийн төлбөрт 456 сая иен буюу 11.3 тэрбум төгрөг, Хятадын Хөгжлийн банкнаас зээлсэн 162 сая ам.долларын зээлэнд 27 сая ам.доллар буюу 72.1 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 4.5 сая ам.доллар буюу 12.1 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2016 онд авсан 35 сая ма.долларын зээлээс өнөө жил 0.1 сая ам.доллар буюу 0.3 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 0.2 сая ам.доллар буюу 0.6 тэрбум төгрөгийн хүү төлөх хуваарьтай. Худалдаа хөгжлийн банк 2015 онд 500 сая ам.долларын 9.375 хувийн хүүтэй таван жилийн хугацаатай үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тэгвэл энэхүү үнэт цаасны төлбөрийг 2020 оны тавдугаар сард төлж дуусах бөгөөд үндсэн төлбөрт 500 сая ам.доллар хүүгийн төлбөрт 23.4 сая ам доллар, нийт 523.4 сая ам.доллар буюу своп ханшаар тооцвол 1.034.4 тэрбум төгрөгийн төлбөр төлөх нь ээ. Энэ бүгдэд Ерөнхий сайд танд бодсон юм байна уу. Сонгуульд ялчих юм бол шийднэ гээд зүгээр хаяад байна уу. Ялагдчихвал маньд ямар хамаатай юм гэсхийгээд л гүйж байна уу. Сонгууль бодож ард иргэдээ “загас”-аар хуурч байтал улс орон чинь сүйрлээ. “Загас”-аар тэжээх Ерөнхий сайд минь дараа нь “загас”-аа яаж барих билээ гэх айхавтар асуултын өмнө ирснээ та мэдэж байна уу?


Categories
мэдээ цаг-үе

Д.Сосорбарам: Монголд ардчилал, эрх чөлөөг бий болгосон хүмүүст толгой дараалан сорчилж “дело” нээж байна

Маэстро Д.Сосорбарамтай ярилцлаа.


-Өнөөдрийн гол сэдэв бол ерөнхий сайд асан М.Энхсайханыг тойрсон асуудал болоод байна. Та бүгд бол ардчиллын 30 жилд хамт явсан нөхөд. Хамтран зүтгэгч нөхрөө хэрэгт холбогдож, ял авсан процессыг юу гэж харж сууна вэ?

-М.Энхсайхан Ерөнхий сайдын алба хашиж байсан хүн. Шведэд Элчин сайдаар явсан, тэндээсээ дуудагдаад ирсэн. Мань эрийг харахад хууль юу гэнэ, түүнд нь дуудлага авсан цэрэг шиг гозойж байсныг би мэднэ. Таван толгойн төслийг эргэлтэд оруулаад Монголд ашигтай гэрээ хэлцэл хийгээч гэж тухайн үеийн Засгийн газар түүнд үүрэг өгсөн. Түүнийг нь УИХ-аар хэлэлцээд тогтоол баталсан.

Энэ хүн төр засгийн өгсөн үүргийг хүлээж аваад ажилдаа орсон. Энэхүү төсөл ажил болоогүй. “Сумитомо корпораци”, “Шинхуа Энержи”, “Энержи ресурс” гэсэн Монгол, Хятад, Японы гурван компанийн оролцоотойгоор хэрэгжих байж. Энэ гурван компани гурвуулаа харилцан бие биедээ ашигтай, нэмээд төслөө өгч байгаа Монгол Улсад ашигтайгаар ажиллах л төсөл байсан. Гэтэл тэр үеийн УИХ-ын дарга нь “Монголд л ашигтай байвал болоо, цаад оронд ашиг хэрэггүй” ухааны юм яриад байгаа. Зах зээлийн зарчим, чөлөөт өрсөлдөөнд харилцан бие биендээ хожоотой, нэгнийгээ хохироохгүй явах ёстой.

Шүүх хурал гурван өдөр үргэлжиллээ. Шийдвэр гаргахдаа, ажил болоогүй, нөгөө гурван компани эргэлтэд ороогүй, хэн нэгэн хүн ашиг түрүүлээд авчихаагүй. Гэрээ хэлэлцээр эхлэх үү, болих уу гэдэг дэнсэн дээр л зогсчихсон асуудалд яагаад хүнд гэм буруу ногдуулж байгаа юм бэ. Тийм бол тухайн үед энэ төслийг дэмжиж байсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд бүгд адилхан дуудагдах буюу гэрчээр, бас давхар хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хам хэрэгтэн болох ёстой. Юманд бодитой, рациональ хандахгүй байгаагийн гай энд гарч ирж байгаа юм. Шүүх хурлаас харахад М.Энхсайханд хоёр зүйлийг нэгтгэж байсан. Гэрээний асуудлыг нэг, дээр нь унаа тэрэгний асуудал. Хорлон сүйтгэх гэдгийг тусгаарлачихлаа. Би үүнийг хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа. Түүнээс гадна Монголын түүхэнд өндөр дээд албаны 140 гаруй хүнийг буудаж алсан гашуун түүх байдаг. 100 жил тасралтгүй Монгол руу гар, хөлөө дүрж, Монголын төрийн оройд гарсан өндөрлөгүүдийг ээлжлэн цаламдаж, цулбуурдаж байдаг коммунист гүрний үлдэгдэл, түлхээс, нялхаас орлоо гэж харж байгаа.

-Цагдан хорьсон үндэслэл нь бас олон нийтийн анхаарлыг ихээр татсан. Олон нийтийн сүлжээнд хэргийн материал задрууллаа гэж?

-Их нарийн анзаарвал шүүх өөрөө гэмт үйлдэл хийсэн. Олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлсэн нь эрх чөлөөт нийгэмд нээлттэй байх асуудал. Шалтаг хайсан хэрэг. Хэн ч өөрийгөө өмгөөлөх хамгаалах эрх нь Үндсэн хуульд байгаа. Тиймээс энэ бол давхар Үндсэн хууль зөрчсөн гэмт хэрэг.

Үүнтэй уялдуулаад хахь хамаагүй юм шиг хэрнээ хамгийн хамаатай нэг зүйлийг ярья. Платон Аристотелийн философийг грек хэлээр, Цицероны цэц мэргэнийг латин хэлээр, Шарль Монтескьёг франц хэлээр нь, Сервантисийг испани хэлээр нь, Жон локкийг англи хэлээр нь уншиж, харьцуулж судалж, дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийн үзэл санааг задлан шинжилж дүгнэлт хийдэг мундаг эрдэмтэй хүн 1801-1809 он хүртэл АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан байдаг. Тэр бол АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч Томас Жэффэрсон гэж лут хүн. Энэ хүн ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хугацаанд аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн татварыг эрс бууруулж, заримыг нь тэглээд, Засгийн газрын зардлыг маш цомхон авсаархан болгож, цэргийн зардлыг хүртэл хумьж улс орныхоо эдийн засгийг өөд нь татахаас гадна Англи улсын хаанд нэгэн захидал бичсэн байдаг. “Америк хүн бүрийн эрхэд халдсан, америк ард түмний эсрэг явуулсан бодлогоо таслан зогсоо” гэж бичсэн. Ингэж тэрээр америк хүн бүрийг аварч хамгаалснаараа дэлхийн түүхэнд бичигдсэн. Манай Монголын Ерөнхийлөгч болсон хэн нь ч бай, Ерөнхий сайд болсон хэн нь ч бай, байгаа хэн нь ч бай, Их хурлын дарга хэн нь ч бай төрийн өндөр албанд байгаа Монгол Улсыг төлөөлдөг хүмүүс хойд, урд хөрштэйгөө дипломат, эдийн засгийн харилцан зөвшилцлийн аргаар харьцахдаа ямар нэгэн асуудлыг улс орондоо хожоотой байхын тулд, нөгөө улсад эрх ямбаа алдчихгүй, газрын баялгаа нэхсэн зоргоор нь өгчихгүйн тулд “Өршөөгөөрэй. Би дангаараа мэддэггүй юм. Монгол хүн бүр мэддэг. Монголын парламент мэддэг” гэж дуугарч чаддаг байгаасай гэж хүсч байна. Миний мэдэж байгаагаар төрийн өндөрт байсан гурван хүн шууд Монголын ард түмнээ, парламентынхаа нэрийг барьж хожиж үлдсэн жишиг байдаг. Тэд бол Намбарын Энхбаяр, Санжийн Баяр, Цахиагийн Элбэгдорж нар. Төрийн өндөр албанд байгаа хүн бүр бодож байх хэрэгтэй. Одоогийнх нь ч, дараагийнх нь ч тэр. Би үүнийг яагаад битүү хатуу сэжиг төрмөөр яриад байгаа юм бэ гэвэл саяхан сэтгүүлчдийг гүтгэлгийн шинжтэй сэдэлтэй бичсэн байвал эрүүгийн гэмт хэрэгт татна гэсэн хууль үйлчилж эхэллээ. Энэ хууль эхлээд Оросод гарсан. Удахгүй манайд батлагдсан. Өөр ч ийм тохиолдол бий. Нэг ёсондоо хойно чангахан дүлэхэд энд чимээ нь гарч байдаг болчихоод байна. Үүнийг би яриад байгаа учир нь Баабар “Дело” гэж бичээд байгаа шүү дээ. Энэ хавтаст хэрэг чинь өнөөдрөөр зогсохгүй. Энэ чигээрээ яваад байвал дараагийн ээлж дахиад хавтсанд орно. Ийм эргэлтэд Монгол Улс яваад байгаа юм. 1990-2000 оны хооронд Монгол Улс коммунист дэглэмийг халаад чөлөөт нийгэм рүү шилжсэн. Энэ 10 жилийн хугацаанд хүмүүс нь ч эвдрээгүй, шинэ соргог залуу толгойтой ч байж. Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар ардчиллын томоохон манлайлагч Да.Ганболдыг Тэргүүн шадар сайдаа, Д.Дорлигжавыг Шадар сайдаа болгоод ажилласан. Тэд ч чамлахааргүй ололттой ажилласан. Энэ олон өндөр шилэн байшин, хотдоо багтахааргүй олон машин тэр үед байсан юм шиг бодоод байгаа юм. Үгүй. Хов хоосон гэхэд болно. Асар их өөрчлөлтийг энэ 10 жилийн дотор хийсэн. Бодитой үнэ цэнэтэй зөв үйлдэл явсан учраас би ам бардам хэлж байна.Залгуулаад М.Энхсайханы толгойлж байсан Засгийн газар, Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, Ж.Наранцацралт гээд “Монголын ардчилсан холбоо” эвслийн Засгийн газар тэр агшинд төр барьж байхдаа өмч хувьчилсан. Малыг малчдад нь, орон сууцыг нь айлд нь, гадаад паспортыг хүн бүрт хувьчилж, суурь үнийг чөлөөлж, гаалийн татварыг тэглэж, банкны реформ хийж, шүтэх бишрэх, хэвлэн нийтлэх, хэлэх ярих бүх юм эрх чөлөөтэй болсон. 1996-2000 оны энэ том ололтын эрчим энерциэр бид өнөөдөр явж байгаа юм. 2000 оноос хойш эдүгээ хүртэл буцаад хагас социалист, хугас коммунист, тал фашист сурталтай явж байна. 2000 оноос хойш сөрөг хүчин буюу хяналт байхгүй болсон. 2000-2004 оны хооронд 72 гишүүнтэй дан социалист төр барилаа. 2004 оноос хойш их эвсэл ч гэнэ үү, зөвшилцлийн, шийдлийн, шинэчлэлийн Засгийн газар гээд нэрүүд нь дандаа зогсчихсон тэмдэг нэр, нэр үгээр нэрлэсэн байдаг. Үйл үгээр илэрхийлсэн Засгийн газар нэг ч байхгүй. Монголын ардчилал эрх чөлөөний эхний 10 жил том үнэ цэнэ байсан юм. Үүнийг бүтээсэн, бий болгосон хүмүүсийг толгой дараалан сорчилж өнөөдөр “дело” нээж байна. Э.Бат-Үүлд, Ц.Элбэгдоржид, М.Энхсайханд, Да.Ганболдод.

-М.Энхсайханы дараагийн хүн Да.Ганболд гэж улс төр, нийгмийн хүрээнд яригдах боллоо…

-Мэдээж, Да.Ганболд байхгүй юу. Шулуухан хэлэхэд зориудаар хийж байгаа дело. За яахав ийм дело хийдэг юм байж. 2021 оноос хойш дахиад энэ дело нээгдэнэ. Бодит үнэнийг хэлэхэд Монголын төрд өнөөдөр дээрэмчид орогносон гэж хэлж болно. Түүний наад захын жишээ ЖДҮ, цаад захын жишээ 60 тэрбум. Нэмээд хэлбэл, АН-ын 100 сая. Би үүнтэй эвлэрэхгүй. Би бол урьд, урьдын төрүүдээс өнөөдрийнх нь хэцүү төр. Ялангуяа гадныхны тоглоом, шоглоом болчихлоо гэж харамсаж байна.

-Аливаа зүйл хоёр талтай. Өнөөдөр М.Энхсайхан, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарыг хэлмэгдүүлсэн гэж үзэж байна. Гэхдээ Ц.Элбэгдорж засагласан найман жилдээ ямар ч өө сэвгүй ажилласан хэрэг үү. Э.Бат-Үүл ч тэр, Хотын дарга байхдаа хуулийн зөрчилгүй ажилласан гэж үү. Монгол Улсын хууль, шүүхийн байгууллага оргүй зүйл дээр хэрэг үүсгэж, ял оноох уу?

-Хорвоо дээр Элбэгдорж шиг муухай хүн бараг байхгүй болж. Тэр хүнийг бараг хүн дүрсээс нь гартал нь хэлж байна. Үнэн тэвчээртэй хүн юм. Бат-Үүл ч тэр. Энэ бол зөвхөн Монгол Улсад байдаг юм биш. Англи улсыг жинхэнэ капиталзм руу оруулсан Маргарет Тэтчерийг төмөр хатагтай гэж хараадаг байсан. Уинстон Черчиллийг хүртэл 92 наслаад үхэж дуусах хүртэл нь зүхэж байсан гашуун түүх байдаг. Америк гүрэнд дэлхийн хүйтэн дайныг зогсоосон, татварын таатай орчин бүрдүүлж, эдийн засгаа өөд нь татсан, тэр ажиллагаа нь дэлхийн эдийн засаг өндийхөд нөлөөлсөн Рейганийг буудаж байсан. Боолчлолыг халсан Линкольноо буудаад алчихсан. Тэгэхээр энэ зөвхөн Монголд байдаг үзэгдэл биш юм. Хүн төрөлхтний авир юм байна. Гэвч ийм буруу гажуу, буртагтай авир цөөхөн Монголд зохимжгүй харагдаж байна. Хүн жаахан муу явах, бүр хүн үхэхэд араас нь хараагаад суудаг болж. Ямар дотортой хүн бэ гэж гайхмаар. Ер нь аливаа зүйлийг муухайгаар хардаг, тэр нь өөрт нь таашаал авдаг нэг хэсэг бий болчихож. Өнөөдөр манайд хадан дээр сийлсэн тамга лугаа чанд, хуршгүй, эргэшгүй, зорьсондоо хүрч чаддаг рациональ хүн бараг байхгүй шахуу байна. Тийм учраас энэ дампуурал яваад байгаа юм. Түүний оронд усан дээрх зураг лугаа рерационалист, тэднийг тойрсон прагматикууд л байна. Бидний оюун санааны түвшин ний нуугүй хэлэхэд яг ийм галбир дээр байгаа.

Чи Ц.Элбэгдоррж, Э.Бат-Үүл гээд асуулаа. Би энэ нөхөдтэй 90 оны цагаан морин жилийн үйл хэрэгт жинхэнэ хүйтэнд нь хөрж халуунд халж, өлсөж цангаж, хүнд суртал, хүний эрхийг зөрчдөг, шууд буудчихдаг байсан коммунистуудыг халахын төлөө тэмцсэн. Би тэдэнтэй дэндүү дотно хэдий ч, ямар бузар юм бэ гэж хэлэх баримт надад алга. Баримттай бол миний найз байна уу, хэн байна зөвшөөрөхгүй. Товчхондоо би хэн нэгнийг өмөөрөөд байгаа юм шиг араншин байгаа ч цаанаа хүний эрхийг өмөөрч байгаа юм. Би хэн нэгэн албан тушаалтанд тал засч байгаа юм биш. Одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын туслах Түвшинжаргал гэж эмэгтэй шоронд орсон. Би тэр үед Бээжингээс иртэл нэг залуу жаахан хүүхэд тэвэрчихсэн “Бид амьдрах гэж байгаа залуу улс. Миний хүү урьд шөнө ээжийгээ хайгаад унтсангүй” гэж байхыг харсан. Тиймээс би түүнийг өмөөрөөд мэдэгдэл хийж байсан удаатай. Энэ бол хүний эрхийн аймшигтай зөрчил. Эх хүнийг, цаана нь нялх хүүхдийн эрхийг зөрчиж байсан. Мэдэгдэл хийхдээ “1000 эхийн баяр яасан бэ Ерөнхийлөгч өө, нялх биетэй эхийн сүү шоронгийн шалан дээр тусах ёсгүй шүү, Чингис ээ” гэж Ерөнхийлөгч Элбэгдорж, ЦЕГ-ын дарга Чингист хандаж хэлж байсан. Энэ бол намайг яаж явсныг уншигч түмэн ойлгоно биз. Муугаар бодоход миний нөхөд буруу үйлдэл хийсэн байг. Шоронд орлоо гэхэд би очиж эргэнэ шүү дээ. Хүн чанар гэдэг бурхныг гаднаас хайгаад байдаг. Хүний бурхан өөрийнх нь хүн чанар юм шүү дээ.

-Энэ үйл явдлуудыг базаад харахаар Монголын төрийн өндөрлөгт байсан хүмүүс толгой дараалан хэрэгт дуудагдаж шоронд ордог болчихлоо. Өмнөх нийгмийн үед ч ийм гашуун түүх бий. Ийм нэг үе давтагдаад байгааг та анзаарч байна уу?

-Яг зөв. Дараагийн хүмүүс ч энэ тээрэмд орно. Манай Улс их ваакум орчинд байгаа. Хойд, урд хоёр хөрш чинь хэн билээ. Ерөнхийдөө энэ үйл явц гадны савар. Шуудхан хэлэхэд Путин гэдэг хүний нэрийг их зоригтой тодорхой хэлж чадна, би. Намар яаж маяглав. Халхголын 80 жилийн ойд би ихээхэн эмзэглэсэн. Өөр хүмүүс баярласан байх. Бөөн танк Дорнодоор оруулж ирээд газар талхлаад л, Хүй долоон худагт онгоц нисгээд л. 21 дүгээр зуунд ийм үйл явдал шившиг. Монголд коммунизм амь бөхтэй хэвээр байгаа нь харагдсан. Гэтэл Японы буцалтгүй тусламжаар өнөөдөр Батоник орчимд том эмнэлэг баригдлаа. Нисэх онгоцны буудал баригдаж байна. Милитарист гээд байсан хүмүүс нь гар сунгаад туслаад байдаг. Гэтэл бид өнөө Зөвлөлтийн араншин хэвээрээ авирлаад, Путин Монголд хамаг цэрэг техникээ авчраад гуагалаад байдаг. Тэр талд нь Монгол Улсын Төрийн тэргүүн давхиад байдаг. Энэ бол гунигтай.

Ер нь хэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн байхаас үл хамаараад тогтолцоог өөрчлөхгүйгээр урагшлахгүй. Монголд капиталист тогтолцоо хэрэгтэй. Цомхон бүтэцтэй, чадварлаг, эрдэмтэй, хэлтэй ултай, сэтгэлгээний өргөн цар хүрээтэй, бие даасан, хэний ч халаасанд ордоггүй хараат бус хувь хүмүүсээр засаг төр бүрдэх учиртай. Барууны чиг баримжааг барьдаг баруун төвийн үзэлтэй нам хүчтэй гарч ирж байж баруун, зүүн хоёр өрсөлдөж байж чөтгөрийн цалам тайлагдана.

Энэ цаг үед боловсрол маш чухал. Чой.Лувсанжав гуайн ланжгар үг байдаг. “Хүн болоогүй хүнд эрдэм боловсрол эзэмшүүлэх юм бол босоо ороолонд алтан шүд хийгээд босгосонтой адил” гэж. Боловсрол хаанаас эхэлдэг юм бэ гэхээр гэрээс эхэлдэг. Хүүхдийг сургахаас түрүүлж хүн болгох нь чухал. Хөгшдийг тэжээхээс илүү асрах нь чухал. Тийм учраас хүүхдийг аль болох зоргоор нь, дураар нь байлга. Унаж байж босдог болог. Буруу үйлдэл хийгээд зөв болдог болог. Хүүхдэд өөрт нь ойлгогдохоор үйлдэл хийж зөв хүн болгох явц хамгийн чухал. Түүнд эцэг эхчүүд өөрсдөө л үлгэр дуурайл болох учиртай. Энэ ярианд дунд нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Сургуулийн 1-12 дугаар ангийн хичээлийн хуваарийг гуравдугаар сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл хичээллэдэг. Намар есдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-н хүртэл хичээллүүлдэг хуваарьтай болгох бодлогыг Боловсролын яам гэж байгаа бол хийх хэрэгтэй. Өвлийн улирал ямар билээ. Замын хөдөлгөөн ч тэр. Ингэх нь маш олон талын ач холбогдолтой. Дээр нь хавар, намрын хичээлийн хуваариар явахад өглөө нар гарсан хойно хүүхдийг хичээлд нь явуулдаг, нар жаргахаас өмнө тараадаг болох ёстой. Энэ бол хүүхдийн эрх. Японд ийм хувийн сургууль байдаг. Хүүхдийг нойрыг нь хангалттай авахуулсны дараа сэрээж хичээлд нь явуулдаг. Монголд бол эсрэгээрээ. Нойрмог хүүхдүүд юу тогтоох вэ. Эрх гэж ийм том үнэ цэнэ. Хүнд амьд байх эрх, эрх чөлөөтэй байх эрхээс өөр том үнэ цэнэ ерөөс байдаггүй.

-Сонгуультай холбоотой нэг зүйл асууя. Ардчиллынхан дундаас бараг танаас бусад нь бие дааж нэр дэвшихээ зарлалаа. Тэгэхдээ хэн нэгнийг онилж, тойрогт нь дэвшинэ гэлцэж байна. Нэг талаар өс хонзонгийн сонгууль болох бололтой. Сонгогчдын эрх, сонгуулийн үндсэн зорилго аравдугаар асуудал болоод явчихав уу даа?

-Н.Номтойбаяр, манай Э.Бат-Үүл, Н.Алтанхуягийг тэгж ярьж байгааг сонссон. Тэр бол тэр хүмүүсийн өөрсдийнх нь эрхийн асуудал. Тиймээс би болиоч гэвэл тэдний эрхээр хязгаарлагдана. Намайг ч бас сонгуульд дэвшинэ гэж зурагтаар ярьсан байна лээ. Надад бол олон удаа УИХ-ын сонгуульд нэр дэвших, албан тушаалд очих боломж байсан. Санал болгож байсан, би байнга татгалзаж ирсэн. Би УИХ-ын гишүүн болж доошоо орохгүй ёргиж хэлсэн. Гэхдээ надаас илүү мэдлэгтэй, амьдрал болоод улс төр, эдийн засаг бүх үйлдэлд туршигдсан хүмүүс төрд очоосой гэж хүсдэг. Миний бахархаж явдаг нэг бүсгүй бий. Монгол тулгатны зуун эрхмийг хөтөлж байсан, сүүлд “7076” нэвтрүүлэг хийж байгаа Анужин. Тэр охины нөөцийг Монгол Улс ашиглаасай гэж боддог. Япон, орос, англи унаган хэлтэй. Франц, хятад хэлтэй. Босоо монгол бичгээ уншина. Тийм зиндааны хүмүүс УИХ-д очоосой гэж боддог.

Яахав, ардчиллын хөгшчүүл зайл гэлцэж байна. Хатуу хэлэхэд 27 жил төрийн сэнтийд заларсан хүмүүс ёстой уучлаарай, ханачихжээ. Залуу үе чинь байна гээд явах хэрэгтэй. Харин улс төрд байх ёстой хөгшчүүл гэж бий. Жишээ нь, би Да. Ганболдыг, Э.Бат-Үүлийг, Ц.Элбэгдорж, М.Энхсайханыг байг гэж боддог.

-Ярилцлагын төгсгөлд “Ард” кино театрын хувьчлалтай холбоотой зүйлийг асууя гэж бодож байна. Энэ хувьчлалын асуудалд таны нэр ихээхэн шүүмжлэлтэй холбогддог. Чухам яаж, ямар замаар та “Ард” кино театрыг авсан юм бэ?

-“Ард” кино театрыг 2005 онд М.Энхболд дарга Хотын дарга байхад, Н.Энхбаяр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч дамжаад болоход би худалдаж авч байсан. Хүмүүс намайг 1996 оноос Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёроос авчихсан юм шиг хардаж сэрдэж ярьдаг. Үнэндээ МАХН дагнаж төр барьж байх үед Н.Энхбаяр, М.Энхболд хоёр “Д.Сосорбарам гуай ийм өмчтэй байлгүй яахав. Мөнгө төгрөгөө хугацаа номондоо төлөөрэй” гээд хувьчилж байсан. Би ч тэр ном дүрмийнх нь дагуу 97 сая төгрөгийн өмнөх өрийг төлж, нэмж 400 гаруй сая төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо “Ард” кино театрт кино гаргах боломжгүй. Зөндөө олон сайхан театр байна. Өмнө нь тэнд “Бинго” тоглоомын газар байсныг ажил хэрэгчээр ярилцаж гаргаад нэг хэсгийг нь “Хас” банкинд түрээслүүлж, нэг зааланд би өөрөө жүжгээ найруулж тоглодог. Заримдаа нийтийн бүжиг, бүжгийн тэмцээнүүд зохиож хичээллүүлдэг. Нэг хэсэгт нь үйлчилгээний газар байна.

Би анх тэнд дэлхийн стандарттай сайхан театр босгоё гээд хөрөнгө оруулагч хайж байгаад Швейцариас олж, Япондоо тавд ордог архитектурч олчихоод зураг төслийг нь гаргаад ажил маш урагштай явсан. Тэр ажилд маань Лу.Болдын дүү Л.Болдхуяг маш их тус болсон. Тэр үед Хотын дарга Б.Мөнхбаяр байсан. Хотын даргаас байшин барилгаа эхлүүлэх бүхий л зөвшөөрөл бичиг баримтаа аваад Э.Бат-Үүлийн үед яг эхлэх болсон. Найзыгаа шүүмжилж орхиё. Э.Бат-Үүл маань барилга байшин барихад ойролцоох айл өрх, хүмүүсээс асууна гээд журам гаргачихсан. Хотын иргэддээ таалагдах гэж. Түүнийх нь дагуу театрынхаа төслийг эргэн тойрных нь хүмүүст танилцуултал Гэрэлээ гэх эмэгтэй тэргүүтэй хүмүүс эсэргүүцээд шүүхэд өгчихсөн. Шүүхийн ажиллагаа ч маш удаан үргэлжилсэн. Тэр хооронд хөрөнгө оруулагч маань Швейцариас ирж ажлаа эхлүүлэхийг хүссэн. Мэдээж шүү дээ. Тэр төсөлд маань 60 сая ам.доллар босчихсон байсан юм шүү дээ. Гэтэл шүүхийн ажил дуусдаггүй. Хөрөнгө оруулагч маань ч буцсан. Сүүлдээ би өөрөө шүүх дээр очоод нэхэмжлэл гаргасан хүмүүст “Та нар Монголд ойрын 20 жил орж ирэхгүй дэлхийн хэмжээний театрын төслийг нураалаа шүү” гэж хэлээд гарсан. Гэхдээ хулчийгаагүй. Хэдэн монгол дүү нартайгаа нийлээд эргээд нөгөө япон архитектуртайгаа ярилцаад төслөө үргэлжлүүлэхээр болсон. Уг нь өнгөрсөн гуравдугаар сард эхлэх байтал цар тахал гээд хойшлогдчихоод байна. “Ард” кино театрын түүх ийм учир жанцантай юм.

Б.ЭНХЗАЯА