Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Чуулган: Засгийн газрын тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай, Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн баталлаа. Засгийн газрын гишүүний тангараг өргөх тухай төслийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсний дараа “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж нэмэхээр тогтжээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ямар нэг нэмэлт зардал шаардагдахгүй юм.

Хуулийг 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болох зохицуулалтыг, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг УИХ тогтоохоор, Ерөнхий сайд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах зохицуулалтыг, Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох талаарх зохицуулалтыг, Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцохоор, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох зохицуулалтыг тус тус нэмэхээр тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Инфографик: “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Олон улсын эдийн засаг, бизнесийн салбарт гарч буй өөрчлөлтүүдтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа эрчимжиж байгаагийн улмаас татвар төлөхөөс зугтах, татвараас зайлсхийх явдлууд нэмэгдэн, татварын ил тод байдлыг хангах, татварын асуудлаар улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага тулгарч байна.

Европын холбооноос татварын ил тод байдал, мэдээлэл солилцоо, улс орнуудын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч Монгол Улсыг татварын зорилгоор бусад улс орнуудтай мэдээлэл харилцан солилцдоггүй, татварын ил тод байдлыг хангаагүй, татвар төлөхөөс зайлсхийхийн эсрэг эрх зүйн орчин сул гэж үзэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-д оруулах шийдвэрийг гаргасан.

Энэхүү жагсаалтаас гарах, татварын ил тод байдал, мэдээлэл харилцан солилцоо, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан 350 дугаар тоот тогтоолын дагуу холбогдох арга хэмжээг авч, Европын холбооны өмнө 3 үүрэг хүлээсэн. Үүний дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны олон улсын форум”-д 2018 оны 01 дүгээр сард албан ёсны гишүүнээр элсэн орсон.

Улмаар Засгийн газраас боловсруулсан татварын багц хуулийн шинэчлэлд дээрх байгууллагуудаас тавигдаж буй мэдээлэл харилцан солилцох, ил тод байдлыг хангах, хамтран ажиллах, татвараас зайлсхийхийн эсрэг дүрэм, журмуудыг тусгасныг Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Ийнхүү дотоодын татварын хууль эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлсэн тул Европын холбооны өмнө хүлээсэн “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-д 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо гарын үсэг зурсан.

Энэхүү Конвенцид нэгдэн орсноор Европын холбооны өмнө хүлээсэн бүхий л үүргээ биелүүлэх бөгөөд татварын зорилгоор бусад улс орнуудтай мэдээлэл харилцан солилцох, хамтран ажиллах, захиргааны туслалцаа харилцан үзүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

“Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц” нь нийт 6 бүлэг, 32 заалтаас бүрдсэн бөгөөд дараах 3 төрлөөр захиргааны туслалцаа хамтран үзүүлнэ. Тухайлбал:

Татвар ногдуулах, хураах, нэхэмжилсэн татварын өр барагдуулах болон албадан гүйцэтгэх ажиллагаанд хамаарах мэдээллүүдийг тус конвенцын 130 гишүүн улстай хүсэлтийн дагуу, автоматаар болон сайн дурын үндсэн дээр харилцан солилцох боломж бүрдэнэ. Түүнчлэн, гишүүн улс орнууд хүсэлт гаргасны үндсэн дээр холбогдох сонирхол бүхий этгээдүүдэд нэгэн зэрэг тус тусын нутаг дэвсгэрт татварын хяналт шалгалт хийх мөн өөрсдийн төлөөлөгчдийг нөгөө талд хийгдэх татварын хяналт шалгалтад байлцуулах эрх зүйн боломжтой болно. Энэхүү туслалцааны хэлбэр нь конвенцын гишүүн орнуудын заавал дагаж мөрдөх үүрэг юм.

Конвенцын гишүүн улс орнууд өөр өөрийн дотоодын хууль тогтоомжийн дагуу үүссэн татварын өрийг барагдуулах, өр барагдуулахтай холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг битүүмжлэхэд бусад гишүүн орноос туслалцаа хүсэж болно. Энэ хэлбэрийн туслалцааг үзүүлэх эсэхээ конвенцын гишүүн сонгоно.

Конвенцын гишүүн улс орнуудын татвар төлөгчид хаягласан албан ёсны баримт бичгийг бусад гишүүн улс орнууд хүргүүлэх, гардуулахад тусламж үзүүлж болно. Энэ хэлбэрийн туслалцааг үзүүлэх эсэхээ конвенцын гишүүн сонгоно.

Конвенцод нэгдэн орсноор конвенцын гишүүн орнуудтай захиргааны туслалцаа харилцан үзүүлэн татварын ил тод байдлыг хангах, татварын зорилгоор дэлхийн 130 гаруй улс оронтой хүсэлтийн дагуу мэдээлэл солилцох, татвараас зайлсхийхийн эсрэг үр дүнтэй тэмцэх боломж бүрдэнэ. Түүнчлэн, энэхүү конвенцод элсэж орсноор манай улс Европын холбооноос тавигдаж буй татварын ил тод байдлын шаардлагыг бүрэн хангана.

Монгол Улс “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-д нэгдэн орсноор дараах үүрэг хүлээнэ:

Бусад улс орны хүсэлтийн дагуу Конвенцод хамаарах татвартай холбоотой мэдээлэл (үүнд татвар төлөгчийн банк, санхүүгийн байгууллагад хамаарах мэдээлэл орно)-ийг бусад улс оронд хүргүүлэх;

Конвенцын хүрээнд олж авсан мэдээллийг дотоодын болон мэдээлэл хүргүүлэгч талын хууль тогтоомжид заасны дагуу нууцлах, зөвхөн татварын зорилгоор ашиглах;

Манай улсаас бусад улс орны хүссэн туслалцааг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг хариуцах.

Конвенцын тайлбар

Конвенцын 30 дугаар зүйлд заасны дагуу гишүүн улс хэлэлцээрийн зарим хэсгийг хэрэгжүүлэхээс татгалзах буюу тодорхой заалтад тайлбар хийх боломжтой. Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасны дагуу дараахь тайлбартайгаар тус конвенцод нэгдэж орсон.

1.Монгол Улс нь Конвенцын 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.a-д заасныг үндэслэн тус конвенцын дагуу Монгол Улс 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.б-д заасан албан татвартай холбоотой ямар нэгэн хэлбэрээр тусламж үзүүлэхгүй байх эрхтэй. Үүнд:

i.аль нэг Талын засаг захиргааны онцгой бүс, орон нутгийн засаг захиргааны нэгжээс орлого, ашиг, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, болон хөрөнгөнд ногдуулах татвар;

ii.төв засгийн газрын байгууллага, эсхүл нийтийн эрх зүйн хүрээнд төрөөс байгуулагдсан нийгмийн даатгалын байгууллагад төлөх албан журмын нийгмийн даатгалын шимтгэл;

iii.аль нэг Талын ногдуулах гаалийн татвараас бусад доор дурдсан татварууд:

а.эдлэн газар, өв залгамжлал, бэлэглэлийн татвар;

б. үл хѳдлѳх эд хѳрѳнгийн татвар;

в.нэмэгдсэн ѳртгийн албан татвар, худалдааны татвар зэрэг хэрэглээний татварууд;

г.онцгой албан татвар зэрэг тусгай бараа, ажил үйлчилгээнд ногдуулах татварууд;

д.автотээвэр болон өөрөө явагч хэрэгсэл ашигласан, эзэмшсэний татвар;

е.автотээвэр болон өөрөө явагч хэрэгслээс бусад хѳдлѳх эд хѳрѳнгийг ашигласан, эзэмшсэний татвар;

ё.бусад татвар;

2. Монгол Улс нь энэ конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх ангилалд заасан бүх татвар, эсхүл нэг буюу түүнээс дээш татварын төрлөөр нэхэмжилсэн татварын өр барагдуулах, эсхүл торгууль төлүүлэх асуудлаар захиргааны туслалцаа үзүүлэхгүй байх эрхтэй.

3.Монгол Улс нь энэ конвенцын 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.в-д заасныг үндэслэн өөр Талын хувьд конвенц хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдөр, эсхүл дээр дурдсан “а”, “б”-д заасан татварын ангилалд хамаарах тайлбараа буцаан татсан өдөр хүчин төгөлдөр байгаагүй татварын өрийг барагдуулах туслалцаа үзүүлэхгүй байх эрхтэй.

4.Монгол Улс нь энэ конвенцын 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.г-д заасныг үндэслэн бүх татварын төрөлд баримт бичиг хүргүүлэх үйлчилгээ үзүүлэхгүй байх эрхтэй.

5.Монгол Улс нь энэ конвенцын 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.д-д заасныг үндэслэн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан баримт бичгийн хүргэх үйлчилгээг шуудангаар хийхийг зөвшөөрөхгүй байх эрхтэй.

6.Монгол Улс нь энэ конвенцын 28 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэхдээ 2010 оны Протоколын нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс 3 жилийн өмнөх жилийн 01 дүгээр сарын эхний өдрөөс хойших татварын тайлангийн хугацаанд, эсхүл татвар ногдуулах хугацаа байхгүй тохиолдолд 2010 оны Протоколын нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс 3 жилийн өмнөх жилийн 01 дүгээр сарын эхний өдрийн дараагийн татварын ногдол үүссэн өдрөөс хойш хугацаанд хамаарах асуудлаар захиргааны туслалцаа үзүүлэхгүй байх эрхтэй.

Эдгээр тайлбарыг Конвенцын гишүүн бусад улс орнуудын жишиг, тайлбар хийсэн байдал, дотоодын хэрэгцээ шаардлага, хууль тогтоомж, захиргааны туслалцаа үзүүлэхтэй холбоотой манай улсад ирэх ачаалал зэргийг харгалзан үзсэн.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Айлын өвөлжөө шатжээ

Өчигдөр, Чингэлтэй дүүргийн иргэн Б-ын 4×8 метрийн хэмжээтэй байшингийн хойд талын хана, иргэн А-ын 5 метр хашаа тус тус шатаж байсныг унтраажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 10 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн албан ажиллаж унтраасан байна.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсгийн долдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж унтраажээ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын зургаадугаар багт айлын өвөлжөө шатсан байна. Тиймээс иргэд та бүхэн шар өвсний гал түймэр, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байна уу.

Categories
мэдээ нийгэм

УНТЭ COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Arslan.mn

Коронавирусийн цар тахлын халдвар дэлхий нийтийг нөмөрсөн энэ өдрүүдэд эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тэгвэл УНТЭ-ийн хамт олон 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг гаргаж, долоо хоногт хоёр удаа, шаардлагатай үед шуурхай хурлыг тогтмол зохион байгуулж ажиллаж байна. Мөн шуурхай удирлагын баг томуугийн халдварын талаарх мэдээллийг найман цаг тутамд цуглуулж, 24 цагийн мэдээг эмнэлгийн удирдлага, тасаг төвийн эрхлэгч нарт мэдээлж ажиллаж байна. Цаашид халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийхийг зорьж ажиллаж байна хэмээн албаныхан хэлж байлаа.

COVID-19 халдвараас сэргийлэх зорилгоор

– Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед бэлэн байдлыг хангаж ажиллах тухай
– Covid-19 болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах тухай
– УНТЭ-ийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллах тухай
– Болзошгүй аюул ослоос сэргийлж бэлэн байдлыг хангах тухай
– Тусламж үйлчилгээг зохион байгуулах тухай
– Тусламж үйлчилгээг шилжүүлэн авч ажиллах тухай зэрэг зургаан удаагийн тушаал батлан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо буурахгүй байгаа бөгөөд үйлчлүүлж байгаа иргэд, ажилчдад энэ төрлийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг зарлан мэдээлэх системээр хүргэж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвтэн эмчлүүлэгчдийн эргэлтийг зогсоож, угтан чиглүүлэх зорилгоор гурван цэгт хяналтын пост ажиллуулах, эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг хэмжиж, гар ариутгах нөхцлөөр хангаж ажиллаж байна.

Мөн эрсдэл өндөртэй Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг, Амбулаторын хэсгийг өдөр бүр агаарын болон гадаргуугын ариутгал хийж бусад тасаг, төвийг дөрвөн удаа ариутгах ажлыг хийж байна.

Байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл тусгаарлах 45 ор, нөөц 13 ор, хүний нөөц, тоног төхөөрөмжийг бүрдүүлэн бэлэн байдлыг хангах ажлыг бүрэн хийгээд байгаа аж. Хавсарсан эмгэгтэй, амьсгал болон бөөрний дутагдалтай өвчтөнгийг эмчлэх эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагааг нэмэгдүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Ганболдын шантаажилж авлига авч байгаа бичлэг бий

“Батжин-Ундрах” компанийн захирал Ө.Батцэнгэлтэй ярилцлаа.

-Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын 120 сая төгрөгийн авлигын талаарх мэдээлэл сонин дээр гарсан. Энэ талаарх мэдээллийг тодруулж байна?

-Энэ хэрэг одоо АТГ-д шалгагдаж байгаа хэрэг. Би дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Та энэ тухай асуудлаар АТГ-т өөрөө мэдээлэл гаргаж шалгуулсан юм уу?

-Тийм. Хөвсгөл аймгийн Ханх сумын Тамгын газрын 1,2 тэрбум төгрөгийн барилгын тендерт манай “Батжин ундрах” компани оролцоод шалгарахтай холбоотой асуудал юм. Энэ асуудал дээр Л.Ганболдын авлига авсан мэдээлэл баримтыг АТГ-т би өөрөө түрүүлж гаргаж өгсөн.

-Яагаад АТГ-т өгөх болсон билээ. Хэдэн сарын хэдний өдөр 120 сая төгрөг өгсөн юм бэ?

-Намайг шантаажилсан л байхгүй юу даа. Яг тэдний өдөр гэдгийг нь хэлчихээр би өөрөө хэргийн материалыг задалсан болчих гээд байна ш дээ.

-Тэгээд хэн нь түрүүлж 120 сая төгрөг авах, өгөх тухай ярьсан юм бэ.Тодорхой ярихгүй юу?

-Засаг дарга Л.Ганболд өөрөө манай компанийг тендерийн үйл ажиллагаатай холбогдуулан хясан боогдуулж, шантаажилсан нь тодорхой гэдгийг хэлье. Гэрээ хийхгүй, гэрээгээ батлахгүй гэж дарамталсаар мөнгө авсан гэсэн үг. Түүнээс биш би өөрөө дуртайдаа “май” гээд өгөөгүй нь ойлгомжтой ш дээ.

-Л.Ганболд яг юу гэсэн юм?

-Тодорхой хэмжээний авлига өгөхгүй бол гэрээ баталгаажуулж, тамга дарж өгөхгүй гэсэн. Тэр чинь тэгээд л шантаажилж, авлига нэхэж байгаа хэрэг мөн биз дээ. Хуулийн байгууллагаар шалгуулж үнэн мөнийг нь тогтоолгохоор явж байна.

-Танд бичлэг нь байгаа гэсэн. Тэр бичлэгийг үзүүлж болох уу?

-Засаг дарга Л.Ганболдын шантаажилж авлига авч байгаа бичлэг бий. Тэр бичлэгийг одоогоор өгч болохгүй. Яагаад гэвэл АТГ-т шалгагдаж байгаа болохоор шалгалтын явцад бичлэг өгч болохгүй гэсэн. Миний утсан дээр байгаа бичлэг, өөр бусад материалуудыг ил болгож болохгүй гэж манай өмгөөлөгч болон байцаагч хэлсэн. Гэхдээ энэ хэрэгтэй холбоотой бүх баримт надад болон хуулийн байгууллагад байгаа. Энэ бүхэн баримттай. Би баримтгүй юман дээр хүн гүтгэхгүй.

-Танай компанид ямар хохирол учраад байгаа юм бэ?

-Хууль бусаар шантаажилж авлига авахаас гадна барилга барьж байсан компанийн гэрээг үндэслэлгүй цуцалж манай компанийг хохироогоод байна. Үндэслэлгүйгээр тендер цуцлагдсанаас болж 200 гаруй сая төгрөгний хохирол учирчихаад байна. Энэ асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн хууль бус үйл ажиллагаа хийж, хуурамч бичиг баримт бүрдүүлээд байгаа Хөвсгөлийн газрын албаны дарга, Тамгын газрын дарга, Өмчийн албаны дарга гээд хэрэгт холбоотой бусад хүмүүсийг АТГ-т өгөх гэж байна.

-Ер нь танай компани хэр зэрэг туршлагатай компани вэ?

-Манай компани 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс хойш дандаа барилгын ажил хийж байна. Барилга барих чадваргүй компани байсан бол юу гээд л тендерт оролцоод явж байхав дээ. Чадвартай гэдэг нь анхнаасаа шалгарчихсан шүү дээ. 21 аймагт барилга барьж байсан. 100 гаруй барилга барьсан туршлагатай компани. Хүний нөөцийн хувьд инженер техникийн хангалттай олон ажилтантай. Бүх ажилчид дээр нийгмийн даатгал төлөгддөг. Хууль журмынхаа дагуу явдаг. Татварын газарт ямар ч өр ширгүй. Манайх ийм л компани.

-Орон нутгийн эрх мэдэлтнүүдийн сүлжээтэй заргалдаад үр дүнд хүрнэ гэж үзэж байна уу?

-Хууль, шударга ёс гэж байгаа бол энэ хэрэг үнэн зөвөөрөө шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Янз бүрийн авлига авсан талаарх мэдээлэл байнга л гардаг. Орон нутгийн эрх мэдэлтнүүдийн дарамт шахалт их байдаг талаар бизнес эрхлэгч болгон хэлнэ дээ. Манай компанийг дарамтлан авлига авсан ийм барим тавим баримттай хэрэг шийдэгдэнэ гэж найдаж байна. Ер нь бизнес эрхлэгчид маань иймэрхүү хууль бус шантаажлагчидтай ил гарч тэмцэхгүй бол болохгүй юм байна гэж бодож би энэ хэргийг сөхөж тавьсан.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.05.13-ны 10.00 цагт хэлэлцэхээр товлосон.

Шүүх хуралдаанд шүүгдэгчээр Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Ё.Гэрэлчулуун, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Б.Мөнхтөр нар оролцож байгаа. Шүүгдэгч А.Гантулгын өмгөөлөгч П.Баасанжав эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020.06.08-ны 10.00 цаг хүртэл хойшлуулав.

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 263 дугаар зүйлийн 263.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3, 22.1-2, 22.5-1, 22.12-1 дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Хот байгуулалттай холбоотой асуудал тухай тухайн үедээ шийдэгдээд явах байх

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, чөлөөлөх төслийг хэлэлцэх эсэхийн шийдлээ. Гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Дараагаар нь Хот байгуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Аэросити хот байгуулах тухай уг тогтоолын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Шинэ хот нь олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байгуулагдах юм.

Аэросити болон Майдар хот Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулах М.Энхболд гишүүний саналыг гишүүдийн олонх дэмжив. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан төсөлд тусгагдсан “Аэросити” гэсэн нэршлийг “Тулуй” гэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд “Шинэ Зуунмод” гэж өөрчлөх санал гаргасан ч дэмжигдээгүй юм. Гэхдээ орон нутгийн удирдлага болон иргэдийн саналыг авсны дараа нь байнгын хороогоор нэрийг эцсийн байдлаар өгөх чиглэл өгөхийг УИХ-ын даргаас хүслээ. УИХ-ын дарга Аэросити хотын нэрийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ байнгын хороо анхаарах чиглэлийг өглөө. Дараагаар нь Аэросити гэснийг Тулуй хот болгох саналыг байнгын хороо дэмжээгүйг дэмжих санал хураалт явуулав. Гишүүд энэ асуудалд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Энэ санал байнгын хороогоор дэмжигдээгүй. “Шинэ Зуунмод” гэж өөрчлөх саналыг орон нутгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, иргэдээс бичиг ирсэн. Уг саналд хотын нэршлийг “Шинэ Зуунмод” гэж өөрчлөх санал гаргасан тул уг хүсэлтийг нь эцсийн хэлэлцүүлэг дээр гишүүд дэмжиж, анхаарч өгнө үү. Хот байгуулалттай холбоотой асуудал тухай тухайн үедээ шийдэгдээд явах байх.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Төрийн эрх барих дээд байгууллага энэ асуудлыг шийдээд явах ёстой. Байгуулагдаад явчихсан байхад асуудал яригдана. Нэр усыг төрийн эрх барих дээд байгууллага өгөх ёстой. Бид өчигдөр үндэслэлүүдээ ярьсан. Төвийн бүсийн гол татах хүч болох ёстой. “Аэросити” гэсэн нэршлийг “Тулуй” гэж өөрчлөх саналаа мөн илэрхийлж иргэдээс санал авахгүйгээр байнгын хороо дээр нэршлийг эцсийн байдлаар шийдвэрлэх нь зөв. Түүх уламжлалаа бодсон нэр өгөх нь чухал. Би энэ нэрийг дэмжих болов уу гэж бодож байна. 16.00 цаг хүртэл гүйцээн боловсруулах чиглэл өгч байна.

Ийнхүү байнгын хороогоор дэмжээгүй саналаар санал хураалт явуулахгүй гээд “УИХ, Засгийн газрын чиг үүрэгт хамаарах хотуудын нэрийг боловсруулж, танилцуулах асуудлаар мэтгэлцээн явуулах нь зохимжгүй. Үндсэн хуулийн зарчим, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох шаардлагад нийцүүлэн “Аэросити” буюу олон улсын нисэх буудлыг түшиглэн байгуулж буй хотын оноосон нэршлийг орон нутгийн санал санаачилгаар боловсруулж үе шаттай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан. Нэршлүүдийг судлаад шийдвэр гаргах асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэхийг чиглэл болгож байна хэмээн спикер онцлов.

Ийнхүү “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг холбогдох байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Дараагаар нь “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих тогтоолыг батлав.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ачаа тээврийн 12 жолоочид шинжилгээ авахад халдвар илрээгүй

ХӨСҮТ болон ажиглах байруудад тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү зарлалаа.

Тэрбээр “Тавдугаар сарын 12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 266 хүний шинжилгээ хийлээ. Ингэхэд бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй.

Тодруулбал,

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор 5 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Тандалтын зорилгоор Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс тус тус сорьц авсан.

Мөн Дархан-Уул аймгийн Вирус судлалын лабораторид ачаа тээврийн 12 жолоочид шинжилгээ авахад халдвар илрээгүй.

Бид ОХУ-аас оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулж байна. Голомтот газраас ирж байгаа тул онцгой анхааран ажиллана” гэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ удаагийн онгоцоор халдварын хавьтал болсон хүүхдүүд ирж байгаа гэх судалгаа байна

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:

ОХУ-аас гурван онгоцоор Цэргийн сургуулийн 346 оюутан өнөөдөр эх орондоо ирнэ. Одоо эхний онгоц Монгол руу хөөрч байгаа болов уу. Эдгээр оюутнаа бид хүлээн авахдаа ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Бага баян” амралтын газар, “Тоёоко инн” зочид буудалд авахаар бэлдэж байна. ОХУ-д цар тахлын халдвар өндөр байгаа. Энэ удаагийн онгоцоор халдварын хавьтал болсон хүүхдүүд ирж байгаа гэх судалгаа байна. Өвдөөд эдгэрсэн хүүхдүүд ч бий. Бүгдийг нь тусгаарлаж авна. Мөн шинэ коронавирусийн халдвар ямар нэгэн шинж тэмдэггүй явж байгаад халдвар илэрч байгаа учраас өнөө шөнөдөө багтаж, 346 оюутнаасаа шинжилгээ авна. Шинжилгээг очиж авах лаборантуудыг бэлдэж байна. Шуурхай хариу арга хэмжээний дөрвөн баг ажиллана. Маргааш бол халдвартай, халдваргүйгээр нь ялгах ажлыг зохион байгуулна.

Номхон далайн баруун бүсийн орнуудад COVID-19 халдварын тархалт ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тавдугаар сарын 12-ны өдрийн мэдээллээр АНУ, ОХУ, Испани, Их Британи, Итали, Бразил зэрэг улс дэлхийд хамгийн өндөр тархалттай улсаар нэрлэгдэж байна.

  • ОХУ-д 11 мянга гаруй тохиолдол шинээр илэрснээр нийт халдварын тоо 232 мянга гаруй болж, АНУ-ын ард бичигдэж байна.
  • Бразилд 9,200 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэнээр халдварын тохиолдлын тоогоор ХБНГУ-ын өмнө орсон.
  • Сингапурт 880 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Нийт 24,600 гаруй болсон. Ингэснээр Номхон далайн баруун бүсэд БНХАУ-ын дараа бичигдэж байна.
  • Япон улсад өчигдөр шинэ тохиолдол 81, нас баралт 21 бүртгэгдсэн.
  • БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 26 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Сөүл хотын шөнийн клубээс эх уурхайтай голомтот халдварын нийт тоо 102 боллоо. Үүний 73 нь Итэвон дүүргийн шөнийн клубүүдээр үйлчлүүлсэн иргэд бол тэднээс хоёрдогч байдлаар халдвар авсан хүний тоо 29 болсон хэмээн ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

Номхон далайн баруун бүсийн орнуудаас COVID-19 хамгийн их тархсан улс орнууд:

Шинэ коронавирусээр өвчилсөн тохиолдол

  1. БНХАУ-д 82,000 гаруй
  2. Сингапурт 24,600 гаруй
  3. Японд 16,000 гаруй
  4. Филиппинд – 11,000 гаруй
  5. БНСУ-д 10,962 бүртгэгдээд байна.
Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.013/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцож байна.