Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 15-17-нд ихэнх нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

Мэдээ.МН

Энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16,17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 26-28 метр хүртэл ширүүсэж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

-Тавдугаар сарын 13-14-ний өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Их төлөв баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Өдөртөө Монгол-Алтайн нуруу, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 23-25 градус дулаан байх төлөвтэй байна.

V сарын 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи 15-нд ихэнх нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 26-28 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байхаар байна.

Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-наас ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Англи, орос, монгол хэлний сонсох чадварын даалгаврыг хасчээ

ЭЕШ-ийн хариу задрах боломжгүй гэв

Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл дууссан ба нийт 30890 шалгуулагч бүртгүүлснээс 2500 орчим нь өмнөх оны төгсөгчид аж. Шалгалт долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж ЭЕШ-ын журамд ямар өөрчлөлт оржээ. Суудлын хуваарийг хэвлэх, технологийн хувьд бага зэргийн өөрчлөлт орсон. Сурагчдын тухайн шалгалтын байранд ирэх цагийг тодорхой зааж өгч байгаа аж. Учир нь шалгалтын байранд ирээд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах гурван хэсгийн аль хэсгээр нь нэвтрэхийг тухайн суудлын хуваарь дээр тодорхой зааж өгсөн гэнэ.

Мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг анги, танхимд 12 шалгуулагч сууж шалгалт өгөх болсон. Иймээс шалгалтын байрыг 80-аар нэмэх шаардлага гарсан. Харин 50 шалгалтын байранд сонсох чадварын шалгалтыг даалгаврыг гүйцэтгэх төхөөрөмжийг байршуулсан учраас энэ жил англи хэл, орос хэл, монгол хэлний хичээлийн сонсох чадвар сорьсон даалгаврыг шалгалтын агуулгаас хасах шийдвэрийг гаргажээ.

Түүнчлэн шилэн технологи буюу шалгалтын хариуг засагч машины тоо хүрэлцэхгүй байгаа учраас шалгалтын дүнг өдөр өдөрт нь гаргадаг энэ системээ ашиглах гэнэ. ЭЕШ-ын эцсийн дүнг VII сарын 6-нд Боловсролын үнэлгээний төвөөс зарлаж 7,8-ны өдрүүдэд их, дээд сургуулиудын элсэлт онлайнаар зохион байгуулагдана. Тухайн сарын 9,10-ны өдрүүдэд БҮТ болон төгссөн сургуулиудаасаа ЭЕШ -ын батламжаа гардуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! БАРИЛГЫН КОМПАНИ, АЖИЛЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

IDFI

Барилгын компанид:

• Ажилчдын биеийн халууныг үзэх
• Хувцас солих өрөөтэй байх
• Гараа угаах нөхцлийг бүрдүүлэх
• Спиртэн суурьтай гар ариутгагчийг ариун цэврийн өрөө, хоолны газарт байршуулах
• Ажилчдыг ээлжээр, цөөн тоогоор хооллох
• Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах
• Ажлын байр, хоолны газар, ажилчдын автобус, багаж төхөөрөмжийг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
• 1л усанд 0,25мл белизна хийж шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих
• Ажлын ачааллыг зохицуулах
• Бие засах газрыг тогтмол халдваргүйжүүлж цэвэрлэх
• Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг ил байршуулах

Ажилчдад:

• Амны хаалт зүүх
• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй байх
• Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч авч явах
• Хүн хоорондын зай барих (хоол идэх, уулзах зэрэг бүх үед)
• Ажлын бээлий хэрэглэх
• Хэрэглэсэн амны хаалт, бээлийг ил задгай хаяхгүй
байх
• Хувийн хамгаалах хэрэгслээ бусадтай солихгүй байх
• Агаар сэлгэлт байнга хийх
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
• Тамхи, ус, хоол ундаа хувааж хэрэглэхгүй байх
• Сайн унтаж амрах

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдэд аравдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан болж гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдэд 2020 оны аравдугаар сарын 1-н хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гаргажээ. Улсын хэмжээнд хүсэлт гаргасан хүүхэд бүрд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаа билээ. 2020 оны дөрөвдүгээр сарын дүнгээр 1,122,400 гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Цар тахлын тархалтын үед Засгийн газраас Нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд аравдугаар сарын 1-нийг хүртэл хүүхэд бүрд 100,000 төгрөг олгохоор болсонтой холбогдуулан Хүүхдийн мөнгөн тэтгэмжид шинээр хамрагдах хүсэлт гаргасан хүүхдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна.

Мөн гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтүүд хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олноор иржээ.

Иймд Коронавируст халдварын цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэний хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100,000 төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэсэн байна.

Одоогоор 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27,000 хүүхдээс 12,000 нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авдаг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.05.13) Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, З.Нарантуяа, Б.Саранчимэг нар өргөн барив.

Нийгмийн даатгалын багц хуулийг 1994 онд баталж 1995 оноос мөрдөж эхэлжснээр хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалын харилцаанд шимтгэл төлж оролцох, үүнд ажил олгогч, төр тодорхой хэмжээгээр хамтран шимтгэл төлөх харилцааг зохицуулсан. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуульд 23, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх шимтгэл ногдуулах болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тодорхойлох эрх зүйн орчныг бүрдүүлэх, тэтгэвэр бодох жишиг цалинг тогтоох, тэтгэвэр тогтоолгоход баримталсан хөдөлмөрийн хөлснийг нэг удаа өөрчлөх боломжийг тэтгэвэр авагчид олгох зэрэг ажил олгогч, тэтгэвэр авагч, даатгуулагчийн эрх ашигт нийцсэн олон арга хэмжээг хуульчлан хэрэгжүүлсэн боловч тогтолцооны хувьд дорвитой шинэчлэл болоогүй байна.

Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсч 2018 оны эцэст 418 мянгад хүрсний 311 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч байна. Хэдийгээр нийгмийн даатгалын хамралт жил тутамд өсч 2018 оны эцсийн байдлаар 1.2 сая даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэврийн даатгалын сангийн орлого жил бүр нэмэгдэж байгаа ч хүн амын насжилт нийт хүн амд эзлэх ахмад настны хувийн жингийн өсөлттэй холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн зардал орлогоос хурдацтайгаар өсч байна.

Хүн амын дундаж наслалт 2015 оны байдлаар 69.9 (эрэгтэй 66.02, эмэгтэй 75.8)-д хүрч, 2006 оны түвшинтэй харьцуулахад 4 насаар нэмэгджээ. Нийт хүн амд ахмад настны эзлэх хувийн жин 2016 оны байдлаар 8.2 байгаа бол 2040 онд энэ үзүүлэлт 20 орчим хувьд хүрэхээр байна. Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4 хүн, 2020 он гэхэд 5 хүн, 2040 онд 8 хүн болох урьдчилсан тооцоололтой байна.

Монгол Улсын дундаж цалингийн хэмжээ 2016 оны эцсийн байдлаар 942.02 мянган төгрөг байсан бол өндөр насны бүрэн тэтгэврийн дундаж хэмжээ 325 мянган төгрөг байгаа нь дээрх цалингийн хэмжээтэй харьцуулахад 34.5 хувь болж байна. Энэ үзүүлэлт хамгийн багадаа 40 хувиас багагүй байх ёстой ба энэ хэмжээнд хүргэх санхүүгийн нөхцөл эдийн засгийн боломж бүрдэхгүй байгаа аж.

Тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг харуулсан дээрх тоо баримт, үндэслэлүүдээс харахад нэг талаас дан ганц улсын нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврээр даатгуулагч ирээдүйн амьжиргааны зардлаа бүрэн хангах боломжгүй, нөгөө талаас насжилт хурдсах үед төр дангаараа тэтгэврийн сангийн алдагдлыг бүрэн хариуцахад хүндрэлтэй байхаар байна.

Иймд даатгуулагчийн олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Олон улсын түвшинд ихэнх улс орон хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог улсын тэтгэврийн тогтолцооны нэмэлт байдлаар нэвтрүүлсэн байдаг ба хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь хувийн тэтгэврийн сангууд, даатгалын компаниуд байдаг байна. Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаагаар хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог амжилттай хэрэгжүүлсэн 7 улсын туршлагыг нарийвчлан судалж үзэхэд хувийн тэтгэврийн нэмэлт хуримтлал бүрдүүлэх асуудлыг төрийн зүгээс дэмжих нь оновчтой шийдэл болдог аж.

Манай улсад хувийн тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй ч, зарим байгууллага хувийн тэтгэврийн сан байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа ч эрх зүйн зохицуулалтгүйн улмаас хувийн тэтгэврийн санд мөнгө төлсөн даатгуулагч, ажилтны эрх ашиг зөрчигдөх, улмаар тухайн сан дампуурах тохиолдолд хэрхэх, эсхүл эрсдэлд орохоос хэрхэн сэргийлэх арга зам тодорхойгүй байгааг төслийн танилцуулгад дурджээ. Эдгээр санд холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл олгоогүй, тогтмол хяналт шалгалт хийдэггүй, засаглалын зохистой байдлыг хангасан эсэх нь тодорхой бус, үйл ажиллагаа санхүүгийн тайлан мэдээлэл нь гишүүд, олон нийтэд ил тод бус зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байгаа юм байна. Эдгээр харилцааг одоогийн нийгмийн даатгалын багц хуулиар зохицуулах боломжгүй тул тусдаа хууль тогтоомжоор зохицуулах шаардлагатайтай хэмээн үзжээ.

Дээр дурдсан практик шаардлага, олон улсын туршлагад үндэслэн 10 бүлэг, 39 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд Монгол Улсад тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн бус өмчид тулгуурлан албан журмын болон сайн дурын тэтгэврийн тогтолцооны эрх зүйн үндсийг тогтоож, хувийн тэтгэврийн санг бий болгох, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан байна. Түүнчлэн хувийн тэтгэврийн хуримтлал бүрдүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хувийн тэтгэврийн сан болон төрийн захиргааны байгууллагын эрх, үүргийг тодорхойлох, тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын удирдлагыг тогтоох, тэтгэвэр олгох харилцааг зохицуулна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн хувийн тэтгэврийн хуримтлал бүрдүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төлбөрийн чадварыг хангах эрх зүйн зохицуулалттай болох юм. Иргэн ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, орлогын хангалттай эх үүсвэртэй болох боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх урт хугацааны сан бий болох, хувийн тэтгэврийн сангууд бий болсноор санхүүгийн салбарт шинээр ажлын байр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д суралцаж байсан 347 сонсогч эх орондоо ирлээ

GJ1A9583.jpg

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай өнгөрсөн долоо хоногт цахим уулзалт хийх үеэрээ тус улсын БХЯ-ны харьяа их дээд сургуулиудад суралцаж буй монгол сонсогчдыг Оросын цэргийн тусгай онгоцоор эх оронд нь авчрах хүсэлт тавьсан билээ.

Энэ дагуу өнөөдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирж байна. Эхний онгоц 13:25 цагт Улаанбаатар хотноо газардлаа. Дараагийн онгоцууд 15:10, 15:15 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буулаа.

Тухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарлах бөгөөд “Covid-19” халдвар өндөр тархсан бүс нутгаас ирж байгаа учир өнөө шөнөдөө багтан бүх оюутнаас шинжилгээ авна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХДХВ/ДОХ-ын халдвартай хүний тоо өнгөрсөн сард 4-өөр нэмэгджээ

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний дөрвөн сард 12 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2,125-аар буюу 15 хувиар буурчээ.

  • Салхин цэцгээр өвчлөгчид 60.6 хувиар,
  • Цусан суулгаар өвчлөгчид 57.7 хувиар,
  • Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 67.2 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 2.4 дахин, тэмбүүгээр өвчлөгчид 38.8 дахин, трихомониазаар өвчлөгчид 25 хувиар, гонококкт халдвараар өвчлөгчид 14.2 хувиар тус тус нэмэгджээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд, дөрөвдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,613 болж, өмнөх сараас 2.6 хувиар, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 441 болж, 12.3 хувиар буурсан байна.

Харин цусаар дамжих халдварын тохиолдол 42 болж, 20 хувиар, гэдэсний халдварт өвчин 141 болж,46.9 хуюиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

Түүнчлэн Улаанбаатар хотод 2020 оны дөрөвдүгээр сард ХДХВ/ДОХ-ын дөрвөн тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 292 болсон байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Мөн Манай улсад өнгөрсөн сард COVID-19 халдварын 26 тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар нийт 42 тохиолдол болж, нэмэгдээд байгаа билээ.
Categories
мэдээ нийгэм

Манай улсын экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллар буюу 45.3%-аар буурчээ

Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард нийт 125 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт гурван тэрбум ам.доллар болсныг Үндэсний статистикийн газраас мэдээллээ.

  • Экспорт 1.4 тэрбум америк доллар
  • Импорт 1.6 тэрбум америк доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (30.8%) тэрбум америк доллароор буюу экспорт 1.1 (45.3%) тэрбум америк доллароор, импорт 179.9 (10.2%) сая америк доллароор тус тус буурчээ.

Экспорт өмнөх оны мөн үеэс дээрх байдлаар буурахад,

  • алтны экспорт 115.6 сая америк доллар,
  • зэсийн баяжмалын экспорт 215.2 сая америк доллар,
  • нүүрсний экспорт 629.0 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин дөрөвдүгээр сард өмнөх сард экспорт 337.8 сая америк доллар болж 72.7 сая америк доллароор, импорт 424.8 сая америк доллар болж 13.2 сая америк доллароорр тус тус өссөн байгаа юм.

Зураг 1.

Экспорт, импорт, тэнцэл, сараар, сая америк доллар

Гадаад худалдааны тэнцлийн хувьд 2019 оны эхний дөрвөн сард 745.8 сая америк долларын ашигтай гарч байсан билээ.

Тэгвэл энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 958.5 сая америк доллароор буурч, 212.7 сая америк долларын алдагдалтай гарсныг мөн мэдээлэв.

Учир нь манай хоёр хөрш улс нь гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг эзэлсэн ба БНХАУ-тай 1.7 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 58.5 хувийг эзэлж буй хэрэг аж.

Үндсэндээ БНХАУ-д хийсэн экспорт нь манай улсын нийт экспортын дүнгийн 89.5 хувийг бүрдүүлж байна. Тодруулбал,

  • 26.3 хувийг чулуун нүүрс
  • 39.6 хувийг зэсийн баяжмал эзэлж байна.

Мөн Их Британи улсад экспортолсон барааны 83.2 хувийг алт, ОХУ-д экспортолсон барааны 92.1 хувийг жоншны экспорт, Итали улсад экспортолсон барааны 57.8 хувийг мал амьтны самнасан үс, хялгас тус тус эзэлжээ.

Түүнчлэн ОХУ-аас импортоор оруулсан барааны 52.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 61.2 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 8.2 хувийг цахилгаан эрчим хүч, 3.7 хувийг ачааны тэрэг, 88.1 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлжээ.

Импорт өмнөх оны мөн үеэс 179.9 сая америк доллароор буурахад автобензины импорт 19.8 сая америк доллар, дизелийн түлшний импорт 58.6 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн аж.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.9 хувийг эзэлж байгаа бол импортын 66.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын дугаар нь 5,0-ээр төгссөн жолооч энэ сард татвараа төлнө

Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-05-13-ны байдлаар

No photo description available.