Categories
гадаад мэдээ

ХБНГУ-д зарим ангийн хичээлийг 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн байна

ХБНГУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдварын тархалтыг зогсоох чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж буй талаар тус улсад суугаа манай ЭСЯ-наас мэдээлэл ирүүлсэн байна.

ХБНГУ-д коронавирусийн тархалтын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс зогсоосон. Сурагчид гэрийн даалгавар, цахим хичээл хийж, сургалтын хөтөлбөрийн дагуу гэртээ суралцаж байна.

Холбооны Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сард нэн шаардлагатай сурагчдын хичээлийг үе шаттайгаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, дунд сургуулийн ахлах 10-р ангийн сурагчид 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс төгсөлтийн шалгалт өгөхөөр хичээлдээ орсон бол 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 6, 9 ба 12-р ангиуд (гимназийн 11 анги) -ын хичээл эхэлжээ.

Холбооны Канцлер ба муж улсын Ерөнхий сайд нар 5 дугаар сарын 7-ны өдөр коронавирусийн цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор хэрэгжүүлж буй хөл хориог 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл сунгахаар тогтсон. Гэвч КОВИД-19 тахлын тархалт удааширсантай холбогдуулан хөл хорионы зарим арга хэмжээг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс сулруулахаар шийдвэрлэсний хүрээнд бага, дунд сургуулийн зарим ангийн хичээлийг эхлүүлэхээр болоод байна.

Дээрх шийдвэрийн дагуу бага, дунд сургуулийн 1, 5 ба 7 дугаар ангийн сургалтыг богиносгосон цагаар эхлүүлж, мөн урлагийн сургуулиудад ганцаарчилсан эсвэл жижиг бүлгийн сургалт явуулахыг зөвшөөрчээ. Түүнчлэн гэрийн нөхцөлд сурах боломжгүй сурагчдад анги харгалзахгүйгээр 5 дугаар сарын 11-ний өдрөөс сургуульд явах боломжийг олгосон. Тухайлбал, гэрийн даалгавар хийх техник, төхөөрөмжийн боломжгүй, гэр бүлийн хүндрэлтэй нөхцөл байдалтай, хэлний дутмаг мэдлэгтэй, эсвэл тусгай сургалт шаардлагатай сурагчид танхимын сургалтыг эхлүүлж болох эсэхийг сургуулийн удирдлага, багш нар дор бүрнээ шийдвэрлэх боломжтой юм байна.

Уг шийдвэрийг гаргахдаа бага сургуулийн 1 дүгээр ангийн сурагчид суурь мэдлэг авах шаардлагатайг харгалзан үзжээ. ХБНГУ-ын бага сургууль 1-6 ангитай бөгөөд сурагч 6 ангиа төгсөхөд авсан дүнгээс шалтгаалан энгийн дунд сургууль эсхүл гимназид (гүнзгийрүүлсэн сургалттай гимназийн төгсөгчид ихэнхдээ их, дээд сургуульд суралцдаг бол энгийн сургуулийн төгсөгчид мэргэжлийн боловсрол эзэмшдэг) суралцах эрх авдаг. Учир иймд, энэ удаагийн шийдвэрээр сурагчдын ирээдүйг тодорхойлох 6 дугаар ангид амжилттай суралцах боломжоор хангах үүднээс 5 дугаар ангийн хичээлийг эхлүүлэх шийдвэр гаргасан байна.

Бага сургуулиас гимназид суралцах эрх авсан сурагчдын хувьд 7 дугаар анги нь туршилтын жил гэж үздэг бөгөөд амжилттай суралцсан тохиолдолд гимназид үргэлжлүүлэн суралцдаг. Иймд, дунд сургуульд дасан зохицох, туршилтын жилдээ амжилттай суралцах боломжийг олгох үүднээс ийнхүү шийдвэрлэсэн байна.

Сургууль тус бүр коронавирусийн тархалтыг зогсоох зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний дагуу гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тодруулбал, сургууль нь өөрийн нөөц, бололцоо, сурагчдын тоо зэргийг харгалзан, дээрх арга хэмжээнд тохирсон төлөвлөгөө боловсруулна. Ихэнх сургуулиуд нэг ангийг 2 бүлэгт хувааж, бүлгүүд долоо хоногоор ээлжлэн, мөн өглөөний болон үдээс хойш ээлжээр сургуульд явж байна. Мөн бүлгүүдийн хичээл, завсарлага эхлэх цагийг зөрүүлж, сургуулийн барилга дотор бөөгнөрөл үүсгэхгүй байхаас гадна зарим тохиолдолд зөвхөн тоо, герман хэл болон бусад хичээлийг заах арга хэмжээ авч байна.

Сургуулиудад 1, 5, 7 дугаар ангиас бусад анги, бүлгийн хичээлийг 5 дугаар сарын 11-ний өдрөөс нэмэлтээр эхлүүлэх эсэх шийдвэрийг гаргах эрхийг олгосон. Тухайлбал, Панков дүүргийн Хазенгрунд бага сургуулийн удирдлага, багш нарын зөвлөлийн шийдвэрээр 2 дугаар ангийн хичээлийг эхлүүлжээ. Харин Лихтенберг дүүргийн нэгэн сургууль 7 дугаар ангийн хичээлийг 11-ний өдрөөс эхлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам

Categories
мэдээ нийгэм

(COVID-19)-ын эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-11

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

1. Шинэ Зеланд улсад Ковид-19-ийн анхны тохиолдол 3-р сарын 23-нд гарснаас хойш нэг сарын дотор 1500 болж, 20 хүн нас баржээ. Отагогийн их сургуулийн профессор Майкл Бэйкерийн үзэж байгаагаар энэ цагаас хойш шуурхай хариу арга хэмжээ авсны үр дүнд 2 сарын хугацаанд 102 тохиолдол нэмэгдсэн ч дахин нас баралт гараагүй байна. Тус улс нь сургууль, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг хаах, хөл хорио яаралтай тогтоох, аялал жуулчлалын хатуу хязгаарлалт тавих, хил хаах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж богино хугацаанд тархалтыг хяналтандаа авч чадсан байна. 5 сая хүн амтай улсын 150.000 гаруй эрсдэлт бүлгийн хүн амыг шинжилгээнд хамруулжээ. Түүнчлэн, иргэдэд бодит мэдээлэл өгч, нөхцөл байдлыг зөв үнэлж олон нийтийн итгэлийг хүлээсэн нь үйл ажиллагааны үр дүнд нөлөөлсөн байна. Шинэ Зеланд улс халдварын тархалтыг хяналтандаа авсан ч энэ нь коронавирусыг ялан дийлсэн гэсэн үг биш. Зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна. Тиймээс тусгаарлах, ажиглах арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Тус улс хязгаарлалтаа сулруулах явцад зарим худалдаа үйлчилгээний байгууллага хүний бөөгнөрөл үүсгэх зэрэг зөрчил гаргаж байгаа тул албаныхан сонор сэрэмжтэй байхыг сануулжээ.

“Бид хэдэн долоо хоногийн турш амжилттай байна. Халдварыг ялан дийлэхэд ч ойрхон байна. Гэсэн хэдий ч барианд хүрэх болоогүй байна” гэж Окландын их сургуулийн микробиологич Уайлс мэдэгджээ.

2. Лондонгийн Эвелина хүүхдийн эмнэлэгт 4-р сарын дундуур өмнө нь тохиолдож байгаагүй шинж тэмдэг бүхий 8 хүүхэд яаралтай тусламж авчээ. Эдгээр хүүхдүүдэд Кавасаки өвчинтэй төстэй шокын хам шинж, 38-40 хэм халуурах, хувьсах тууралт, нүдний салст улайх, хавагнах, ходоод, гэдэс хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрч байжээ. Бүх хүүхдэд Ковид-19 илрээгүй боловч 4-6 өдрийн дараа 2 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тус эмнэлэгт 7 хоногийн дараа 20 гаруй дээрх шинж тэмдэг бүхий хүүхэд ирсэн бөгөөд 10 хүүхдэд Ковид-19-ийн эсрэг бие илэрчээ.

3. Нью-Йорк хотод Ковид-19-ийн улмаас амьсгалын аппарат шаардлагатай хүмүүсийн 40%, Францад өвчтнүүдийн 90% нь хэт таргалалттай байсан байна. Цээж, ходоодны хэсгийн их хэмжээний өөхлөлт амьсгалахад хүндрэл учруулж, хүчилтөрөгчийн хэрэгцээг нэмэгдүүлдгээс илүүдэл жинтэй хүн коронавируст халдвараар нас барах магадлал өндөр байгааг тодорхойлжээ.

4. Нью-Йорк хотын Синай эмнэлгийн зүрх судасны тасгийн ерөнхий эмч Дэвид Рейч коронавирус нь зүрх судсыг гэмтээн, зүрхний булчинг сулруулснаар хэм алдалт үүсгэж, зүрхний дутагдалд оруулж байгааг ажиглажээ. Түүнчлэн биеийн бүх хэсгийн судсыг үрэвсүүлж, цусны бүлэгнэл үүсгэж байгаа талаар дурьджээ. Уг хүндрэл ахмад настнуудад илүү тохиолдоно гэж байсан ч 73 хүүхдэд зүрхний шигдээс илэрч, 3 хүүхэд нас баржээ.

5. Бээжингийн их сургуулийн судлаачид Ковид-19-ийн эдгэрсэн өвчтний 5-15 хувьд нь вирус дахин илрүүлжээ. Эерэг гарсан ихэнх тохиолдолдуудад шинж тэмдэг илрээгүй бөгөөд шалтгааныг нарийвчлан тодруулах нэмэлт судалгаа хийж байна.

6. Коронавирус хүний биед орохдоо ACE2 ба TMPRSS2 уургуудын тусламжтай эсэд нэвтэрч улмаар судасны ханыг (эндотел) нэвтлэн цусаар дамжин биеийн бүх эрхтэнд хүрдэг. Энэ нь Ковид-19 зөвхөн амьсгалын замаар тогтохгүй олон эрхтэнд нөлөөлдөг болохыг баталж байна. Вирус бүдүүн гэдэс, уушги гэмтээж байсан бол Цюрихийн их сургуулийн судлаачдийн хийсэн судалгаагаар зүрх, давсаг, нойр булчирхай, бөөр, хамар, нүд, тархийг өвчлүүлж байгааг тодорхойлжээ.
Мөн Луизиана мужийн Шревепорт их сургуулийн вирус судлаач Ковид-19-ийн улмаас нас барсан өвчтнүүдийн эд эсийн дээжээс вирусийн уураг илрүүлж аль эрхтэн анх халдвар авсан болох, вирус хаанаас хаашаа чиглэж байгааг тодорхойлох боломжтой гэжээ.

7. Ковид-19 өвчний тархалтад цаг агаарын болон газарзүйн байршил хамааралгүй болохыг БНХАУ-ын эрдэмтэд мөн тогтоосон байна. Уг өвчин жилийн дөрвөн улиралд цаг агаарын халуун хүйтэн нөхцөлөөс үл хамааран хаана ч тархах боломжтой бөгөөд дэлхийн 144 улс, бүс нутагт Ковид-19-өөр өвдсөн 370 мянган хүнийг хамруулсан судалгаанд үндэслэн энэ дүгнэлтийг хийсэн байна. Харин хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт нь үр дүнтэй нөлөө үзүүлж байгааг онцолжээ.

8. БНХАУ-ын Ухань хотын 2 эмнэлгийн агаарын чанарын үзүүлэлтэд хийсэн судалгаагаар коронавирус эмнэлгийн дотоод орчны агаарт хадгалагдах эрсдэл өндөр гэдгийг тогтоож, дараах үр дүн гарсан байна:
a. Хамгаалалтын хувцас тайлах өрөө – Маш өндөр
b. Ариун цэврийн өрөө – Өндөр
c. Эмнэлгийн задгай хэсэг – Дунд
d. Өвчтөний өрөөнд – Бага
Судлаачид халдваргүйжүүлэлтийг тухай бүр чанартай хийх, хамгаалалтын хувцас тайлах өрөөнд халдваргүйжүүлэлтийг зохион байгуулах шаардлагатай гэж дүгнэжээ.

Categories
мэдээ нийгэм

ЦУОШГ: Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна

Өнөөдөр зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна » Darkhannews.mn

14-15-нд шилжих шөнө нийт нутгаар салхины хурд 18-20 м/сек, зарим үед 24 м/сек хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөө шөнө, маргааш төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 16,17-нд нутгийн зүүн хагаст цас хайлмагтан орж, ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 26-28 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулав.

Энэ сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 26-28 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдлээ

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай 02-01/66 тоот удирдамжийн дагуу шалгагдахаар зарлагдсан хүнсний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 14 аж ахуйн нэгжид холбогдох чиглэлийн хяналтын улсын байцаагч нартай хамтран хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар 1.11 кодтой Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар 9 аж ахуйн нэгж дунд эрсдэлтэй, 5 аж ахуйн нэгж бага эрсдэлтэй үнэлэгдэж, 35 зөрчил илрүүлэн 11 буюу 31.4 хувийг газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийг үндэслэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 4 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сургуулиудын төгсөлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баянзүрх дүүргийн зарим дээд боловсролын сургалтын байгууллагуудын эчнээ, орой хэлбэрийн сургалтын төгсөлтийн үйл ажиллагаанд Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна.

Шалгалтад хамрагдсан их, дээд сургуулиудын эчнээ, орой хэлбэрийн сургалтын төгсөлтийн үйл ажиллагааг удирдамжид тусгагдсаны дагуу сургууль тус бүрт байгууллагад мөрдөж буй дүрэм, журам, тушаал, шийдвэр, бүртгэл, баримтуудыг судлан, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хавсралтад тусгагдсан нөхцөл шаардлагын мөрдөлт, төгсөгчдийн баримт бичиг болон багц цагийн гүйцэтгэлд хяналт шалгалт хийж байна. Шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Цар тахлын нөхцөл байдал, сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг сонслоо

Цар тахлын нөхцөл байдал, сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг сонслоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Шинэ төрлийн коронавурист халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг сонсож, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх товтой.
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийж Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 18-аар нэмэгдсэн талаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 215 оронд тархаж дөрвөн сая гаруй хүн өвчилснөөс 1.5 сая хүн эдгэрч, 300 мянга орчим хүн нас барсан мэдээлэл бий. Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлууд зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд цар тахлыг дотооддоо алдаагүй цөөн улсын тоонд Монгол багтаж байгаа юм.
Нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагууд Улаанбаатар хотын эрсдэлийн үнэлгээ хийж, төлөвлөгөөт арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулав. Танилцуулгад дурдсанаар, нийслэлийн есөн товчоонд “Эрүүл мэндийн хяналтын цэг” ажиллуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хот руу орж, гарч буй хөдөлгөөнийг бүрэн хяналтдаа авчээ. Тус цэгт эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагын ажилтнууд 24 цагийн хяналт тавьж байгаа аж. Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийг шийдэж, мэргэжил, арга зүйн зааварчилгаа, сургалтыг тогтмол орж байгаа аж. Түүнчлэн Нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-иуд цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд есөн дүүргийн 8200 км авто зам, 900 мянга гаруй км талбай, нүхэн жорлон болон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид хатгалгаа өвчнөөр нас барах тохиодлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг тодруулав. Мөн цар тахалтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, төсвийн орлого тасарсан, эсэхийг лавласан юм.
Болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, бэлэн байдлыг хангах хүрээнд Яармаг дахь эмнэлгийн байгууламжийг ашиглалтад оруулж, өвчтөн хүлээн авах боломжийг хангасан талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хэллээ. Мөн хатгалгаа өвчнийг оношлох, ӨЭМТ-ийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд тодорхой санхүүжилтийг шийдвэрлэн, дэмжлэг үзүүлж байгаа талаар онцлов.
Нийслэлийн төсвийн татварын болон өмч хувьчлалын орлого өнгөрсөн сарын 30-ны байдлаар тасарсан хэдий ч зардалд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэдгийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хэлэв. Цар тахалтай холбоотойгоор нийслэлийн орлого тасарсан хэдий ч иргэд, аж ахуйн нэгжийг дарамтад оруулахгүй байх чиглэлээр арга хэмжээ авна гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тодотгосон.
Сонсголын төлөөлөгчид хороодод ажиллаж буй албан хаагчдыг биеийн халуун хэмжигчээр хангах, хатгалгаа өвчнийг бууруулахад анхаарал хандуулж ажиллах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нэн түрүүнд дэмжиж ажиллах хэрэгтэй зэрэг санал хэллээ.
Хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-аас Улсын болон Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, эрчимжүүлэх, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад өгч буй давтлага хичээлийг сайтар зохион байгуулах болон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх болон дотоод дахь хяналтаа сайжруулахыг тэмдэглэлээр холбогдох албанд үүрэг болгов. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Урин дулаан цаг ирж буй учраас хүүхэд багачууд гадуур явж, иргэдийн анхаарал сулрах байдал ажиглагдаж байна. Тиймээс иргэдийг сонор, сэрэмжээ бууруулахгүй байхыг уриалъя. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг дэмжих чиглэлээр шийдвэр гаргасан. Тиймээс нийслэлийн иргэдээ аюулт өвчнөөс хамгаалахад идэвхтэй оролцоорой” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Амралтын өдрүүдээр цаг агаарын аюулт үзэгдэл тохиож болзошгүй ...

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн нуруу, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст 18-20 м/с, зарим үед 26-28 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Хан Түшээ” хотхонд Мон Жанхар” ХХК-ийн 16х17 метрийн хэмжээтэй сэндвичэн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 18:34 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Төмөр замын Баянтүмэн тасгийн хэрлэн өртөөний хашаанд гүүрэн өөрөө өргөгч машины бүхээгний хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 04:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 04:13 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны “Их наран”-гийн 14 дүгээр гудамжинд иргэн Г-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр, 4 метр урт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 08:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 08:55 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 75 дугаар гудамжинд иргэн Ц-ын хашаанд шар өвс, 1 метр урт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 10:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:45 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багийн “Шинэст” хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн М-ын 3х10 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 16:36 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Баяннуур хорооллын 9 дүгээр гудамжинд иргэн С-ын 10х25 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 22:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 22:14 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн 19 дүгээр гудамжинд иргэн Т-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 22:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 22:53 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Ар гүнт”-ийн “Задгай”-д иргэн Ц-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 01:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 72.5 км зам туулан 03:29 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн 5 дугаар гудамжинд иргэн Б-ын хашаанд малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 14 км зам туулан 23:31 цагт очиж 23 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ганцын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Хилийн 0243 дугаар анги, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж 05.13-ны өдрийн 10:40 цагт унтраасан. Уг гал түймэрт 2100 га ойн талбай шатсан.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Морин дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.03-ны өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 17:50 цагт унтраасан. Уг гал түймэрт 0.5 га ойн талбай шатсан.

Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн “Мэнэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 23:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 05.14-ний өдрийн 03:00 цагт унтраасан.

4.Зам тээврийн осол:

Автозамын осол: Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн “Цагаан хаалга” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ хот хоорондын зорчигч тээврийн автобус, суудлын автомашинтай мөргөлдөж 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой бадлын газрын алба хаагчид 30 км зам туулан 16:15 цагт очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой зорчиж явсан “Дэлгэр буян-Ар” ХХК-ийн “Юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун рашаан”-ы чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан “Пит” загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн О /54 настай, эмэгтэй/, О/39 настай, эмэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Б /56 настай, эрэгтэй/ Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн тул тус аймгийн Онцгой газар 04.27-ны өдрөөс 05.06-ны өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон бөгөөд тухайн иргэний цогцос тус багийн “Сүмийн булан” гэдэг газар /осолдсон газраас зүүн зүгт 4 км-т/ усны мандал дээр гарч ирсэн тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 17:23 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

Бусад: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны “Задгай”-д дулааны шугамын худагт 1 эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 10:43 цагт очиж, иргэн С/37 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны “Дивизын гарам” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 15.5 км-т/ Хэрлэн голд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 19:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 15.5 км зам туулан 20:30 цагт очиход Багануур дүүргээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн О-ын эзэмшлийн “Эдван” загварын суудлын автомашин Хэрлэн голын усанд суусан байсныг татан гаргасан.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дахин 7 хоногоор сунгав

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны эрэлт өндөр байгаа тул 5 дугаар сарын 24-нийг дуустал сунгах шийдвэрийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас гаргав.

Нөөцийн махны нийлүүлэлтийн асуудлаар Ажлын хэсгийн ээлжит хурлаар бэлтгэн нийлүүлэгч 16 аж ахуйн нэгж, Бодлогын гэрээний нөөцийн мах нийлүүлж буй 22 аж ахуйн нэгжийн өнгөрсөн хугацаанд нийлүүлсэн махны тоо хэмжээ болон бусад асуудалтай танилцлаа.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 6 дүүргийн 24 байршилд 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн зохион байгуулж нийт 1368 тонн мах борлуулаад байна. Ажлын хэсэг тооцоо судалгаа, иргэдээс ирсэн саналыг хэлэлцээд өргөтгөсөн худалдааг дахин 7 хоног буюу 05 сарын 24-нийг дуустал хугацаагаар сунгаж байна. Мөн бодлогын гэрээний үүргээ биелүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шинэ байршил нэмж өргөтгөсөн худалдаанд гаргахаар шийдвэрлэв.

Холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн ажиллах, аж ахуйн нэгжүүд мах борлуулалтын цэгээ нэмэгдүүлж борлуулалтаа өсгөх боломж байгааг онцолсон юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчид

Нийслэлийн Хан-Уул дүүргээс 2016 оны сонгуулиар УИХ-д Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, Л.Болд нар сонгогдон ажиллаж байна. Өдгөө томсгосон тойргоор тус дүүргээс 3 гишүүн УИХ-д сонгогдох бөгөөд урьдчилсан байдлаар нэр дэвшигчдийн нэрс тодорсоор байна. Нэрсийг тоймолбол:

МАН-аас Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан.

АН-аас АН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Байгальмаа, Засаг дарга асан Ж.Ганхуяг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал асан Б.Ариунболд

ШИНЭН-аас Д.Болд

Зөв хүн электорат эвсэлээс Т.Доржханд гэсэн хувилбар гарчээ. Энэ бол нэг их сонин нэрс биш. Олны танил, сайн муугаа хангалттай харуулсан хүмүүс. Харин Хан-Уул дүүргийг олны анхааралд аваачаад байгаа хүмүүс бол УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчид юм.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Ц.Нямдоржийн дэвших тойрогт нэрээ дэвшүүлэхээ зарласан бөгөөд өдгөө сонгогчдоосоо хэдийнэ гарын үсгээ цуглуулаад авчихсан. Дүүргийнхэн нь түүнийг дэмжихээ илэрхийлсээр байгаа нь бусад нэр дэвшигчдэд нэгийг бодогдуулж буй биз ээ. УИХ-д хоёр удаа сонгогдож, сайд, дэд сайдын алба хашиж, 20 гаруй хууль санаачилж батлуулсан гээд түүнд ажлын туршлага чамгүй их бий. Өнгөрсөн 8 жилд тэр Монголын улстөрд тод өнгөөр гэрэлтэж байв. МАН-ын идэвхтэй гишүүн, сайд хүртэл болж явсан тэрбээр өдгөө нам бус, бие даагч болчихсон яваа. Тэрбээр Монголын төрд хаана юу нь болохгүй, бүтэхгүй байгааг өөрийн биеэр мэдэрсэн хүн. Н.Номтойбаярын эрх баригчдын эсрэг зоригтой дуугарч чаддаг зан чанар нь хүмүүст тун таалагддаг гээд бусдаасаа давуу тал ихтэй. Түүнтэй өрсөлдөх нь бусад нэр дэвшигчдэд хатуу санагдах нь лавтай.

Хуульч Ж.Эрхэмбаатар, Т.Бат-Оргил, Ц.Цолмон, Д.Басандорж гээд залуус мөн энэ дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Ж.Эрхэмбаатар, Т.Бат-Оргил нарыг сайн хуульч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог гэдгээр нь хүмүүс таних байх. Т.Бат-Оргилыг дуучин, төрийн шагналт Н.Сувдын хүү гэдгээр нь мөн хүмүүс мэднэ. Д.Басандоржийн хувьд Байгаль орчин, иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд “усны” гэдгээр нь хүмүүс мэддэг. Ц.Цолмон мөн л сайн хуульч, түүнийг УИХ-ын Тамгын даргаар ажиллах үеэр нь аливаад төв, голчтой ханддаг гэж олон хүн дүгнэж байв.

Үүнээс харахад намуудын нэр дэвшигчдээс гадна хүчтэй бие даагчид өрсөлдөх Хан-Уул дүүрэг олны анхаарлыг татах нь аргагүй юм.

Д.САЙХАН

Categories
мэдээ нийгэм

Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ой хээрийн түймрийн дуудлага буурчээ

Цаг үеийн асуудлаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд 32 байгаль хамгаалагч, 32 морин эргүүл тогтмол эргүүл хийж ажиллаж байна. Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албад хамтран нийслэлийн хэмжээнд 5 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж ой хээрийн болон өнжмөл өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа юм. Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлснээр өнгөрсөн сарын мөн энэ үетэй харьцуулахад ой хээрийн түймэр эрс буурсан үзүүлэлт гарчээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа хэлэхдээ “Байгаль хамгаалагчид энэ сарын 01-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн ногоон бүсэд ил задгай гал түлсэн 9 тохиолдол, өнжмөл шар өвсөө шатааж байсан 15 тохиолдол, хог шатааж байсан 2, гагнуур хийсэн 26 тохиолдлыг илэрүүлж гал түймрийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан. Ногоон бүсэд амралт зугаалга хийж байсан 1900 орчим иргэн, 1130 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж уулнаас буулгасан. Хаврын хуурайшилтын хугацаа ирэх сарын 10-ны хүртэл үргэлжилдэг учраас иргэд олон нийтэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хүрээнд ногоон бүсэд аялж зугаалах өнжмөл өвс болон хогоо шатаахгүй байхыг хүсч байна”гэв.

Хуурайшилтын үед ой хээрийн түймрээс сэргийлэх хүрээнд нийслэлийн Байгаль орчны газраас цаг уурт зориудаар нөлөөлж үүл буудах хүсэлт явуулжээ. Мөн байгаль хамгаалагчид иргэн бүрт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй агаарын чанарыг харьцуулахад PM10 тоосонцорын хэмжээ 15 хувиар, PM2.5 тоосонцорын хэмжээ 46 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Түүхийн нүүрсийг хэрэглээнээс халж сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарт эерэг үзүүлэлт гарч эхэлсэн. Сайжруулсан шахмал түлшний түгээлт нийлүүлэлтийн хувьд зуны улиралд 94 борлуулалтын цэг ажиллах юм байна. Харин түлшний хоёр дахь үйлдвэр Налайх дүүрэгт баригдаж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад орно гэдгийг Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал хэллээ.

Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа хүргэсэн юм. Сүүлийн 24 цагийн байдлаар энэ төрлийн халдвараар АНУ, Итали, Испани, Герман, Франц, Их Британи, Турк, ОХУ, Бразил зэрэг улс орнуудад хамгийн их өвчлөл бүртгэгдээд байна. Монгол Улсын хувьд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдээд буй. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 949 иргэн байгаа бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төв болон Яаралтай түргэн тусламжийн 103 хариуцан ажиглаж байгаа аж.

Хаврын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулан автозамын засвар үйлчилгээ хийгдэж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Хотын Захирагч С.Амарсайхан автозамын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд стандартын дагуу маш богино хугацаанд иргэдэд хүндрэл учруулахгүй хийж гүйцэтгэх чиглэлийг холбогдох газруудад өгсөн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцоллоо. Мөн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн ч цаг хугацаандаа гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангахгүй удаашралтай явагдаж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг иргэд нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж мэдээллэж болох юм байна.