Categories
мэдээ нийгэм

Сонгуульд нэр дэвшигчдийн анхааралд

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрийн 24:00 цаг хүртэлх хугацаанд явагдах юм.

Сонгуульд нэр дэвшигчдэд зориулан хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахим системд хэрхэн мэдүүлэх, анхаарах асуудлын талаар гарын авлага зөвлөмж, брошур болон дэлгэрэнгүй видео зааварчилгаа зэргийг боловсруулж тус газрын www.iaac.mn цахим хуудсанд байршуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна.

Нэр дэвшигчдэд 70112484, 70112485, 70112469, 70110252, 70112427 дугаарын утсаар болон тус газрын цахим шуудангаар заавар, зөвлөмжийг өгч ажиллахаас гадна амралтын өдрүүд болох 2020 оны 5 дугаар сарын 16-ны Бямба, 2020 оны 5 дугаар сарын 17-ны Ням гараг, 2020 оны 5 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд уртасгасан цагаар ажиллана.

Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид дээрх хугацаанд тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нэвтэрч мэдүүлгээ бүртгүүлж, улмаар цахим системд мэдүүлгээ үнэн зөв мэдүүлснийг баталгаажуулах “Баталгааны маягт”-ыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар мэдүүлэх хуулийн хугацаа 2020 оны 5 дугаар сарын 19-20-ны өдөр шилжих шөнийн 00.00 цагт дуусгавар болж цахим систем автоматаар хаагдахыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Шүүгдэгч Б.Махбалд 13 жилийн ял оноолоо

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон. Шүүхээс түүнд 18 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.

Эргэн сануулахад Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн 2018 наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн. Ийнхүү нэг жил 9 сарын дараа гэм буруутай этгээдэд шүүхээс 13 жилийн ял оноолоо.

Categories
мэдээ нийгэм

Хуурайшилт ихтэй тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 15-17-ны өдрүүдэд ихэнх нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Мөн монгол орны нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Он гарсаар өнөөдрийн /2020.05.15/ байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 14 аймгийн 56 суманд нийт 73 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 4524 га ой, 95.941 га хээрийн талбай өртөж, 2 гэр, 4 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж нийт 1.3 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 8.5 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 34.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Иймд иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад:

  • Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
  • Ил задгай гал түлэхгүй байх,
  • Асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах,
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Цар тахлын улмаас эдийн засагт учирч буй сөрөг нөлөөг бууруулах бодлогоо танилцуулав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол дахь Австралийн Худалдааны танхимаас зохион байгуулсан цахим хуралд оролцож, “COVID-19 цар тахлын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад үзүүлж буй нөлөө” сэдвээр ярилцлаа.

Онлайн уулзалтад Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Восен, Монгол дахь Австралийн Худалдааны танхимын Ерөнхийлөгч Майкл Маршалл болон тус танхимын гишүүн 40 орчим гишүүн оролцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар цар тахлын улмаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад худалдаанд учирч буй сөрөг үр дагаврыг бууруулах, эдийн засгийг сэргээх чиглэлээр УИХ, Засгийн газраас болон ГХЯ-ны хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тэрбээр цар тахлын үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх үүднээс “Эмнэлгийн шуурхай хариу арга хэмжээний нэгж” байгуулах саналыг бүс нутгийн орнуудад дэвшүүлэн ажиллаж буй болон худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааг аль болох хэвийн явуулахын тулд хөл хорионы шинэ тогтолцоог бий болгох, тухайлбал “Хөдөлгөөнт карантин” гэсэн ойлголтыг нэвтрүүлэх санал гаргаснаа танилцуулав.

Австралийн Элчин сайд Дэйв Восен, Монгол дахь Австралийн Худалдааны танхимын Ерөнхийлөгч Майкл Маршалл нар Монгол Улсын төр, засгийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйгаа тэмдэглэж, цаашид бизнесийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулахын төлөө Монголын талтай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Зүүн чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байна

Хүчтэй салхи, шуурга болох цаг агаарын аюултай үзэгдлийн болзошгүй эрсдэлээс сэргийлж зүүн чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймгийн Онцгой комисс хуралдаж аймгийн Засаг даргын захирамж гарч зүүн чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлан цагдаагийн байгууллагаас хяналт тавин ажиллаж байна.

Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсэж хүчтэй шороон шуурга, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 15-нд болох үйл явдлын тойм

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Улсын II төв эмнэлэгт Харвалт, диализийн тасгийн нээлт болно. Утас: 99179899, 86885060

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чуулганаар 6 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаан 10.00 цагт эхэлж, 6 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна.

Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт:

1.“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

2.“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан/;

3.Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

4.Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

5.Баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулгыг сонсоно;

6.“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбат: Энэ удаагийн сонгуулиар мафижсан систем нь хэвээр үлдвэл Монгол Улс 2024 оны сонгуулийг үзэж чадахгүй

– БАЙШИН ҮЙЛДВЭРЛЭХ КОМБИНАТЫН АЖИЛ ГАЦАЖ БАЙГАА НЬ МИНИЙ НАМЫН ХАРЬЯАЛАЛ ТААРАХГҮЙ БАЙГААТАЙ Л ХОЛБООТОЙ –

“Эрэл групп”-ийн ерөнхийлөгчБ.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Байшин үйлдвэрлэх комбинатыг 2017 онд шинэчлэгдэж нээлтээ хийснийх нь дараа их бүтээн байгуулалт өрнүүлж, гэр хороолол асуудлаа шийдэн, утаа униараас салах нь гэж харж байлаа. Өнөөдрийг хүртэл ийм нам гүм байгаа нь ямар учиртай юм бэ?

-Улс төр талаасаа л саад болж байна. Монгол хүн эх орондоо ажиллах боломжоор хавчигдаж, үндэсний үйлдвэрлэл нь технологио шинэчиллээ ч үүд хаалгаа хаах байдалд хүрч байгаа нь харамсалтай. Манай үйлдвэрийн нээлт 2017 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр болсон. Түүнээс хойш хоёр жил өнгөрөхөд нэг ч сургууль, цэцэрлэгийн захиалга байхгүй. Уг нь нээлтэн дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Барилга, хот байгуулалтын сайд ирж, үйл ажиллагаатай танилцсан л юм. Нам дагасан барилгачдынх нь ажил яваад, барилга нь хэдэн арван давхраар сүндэрлээд байх ч улирал хамаарахгүйгээр хот, тосгоноор нь барих хүчин чадалтай манай үйлдвэрийн ажил явдаггүй. Манайх шиг том үйлдвэр төрийн дэмжлэггүйгээр явах ямар ч боломжгүй юм. Угтаа ач холбогдлоороо Засгийн газар болоод УИХ-ын стратегийн тэргүүлэх ач холбогдолтой төсөл шүү дээ. Гэр хорооллыг утаа, жорлонгоос салгах, хөрсний бохирдолгүй болгох, цэнгэг усаа хамгаалах, хүрээлэн байгаа орчиндоо ээлтэй ийм зориулалтын тэргүүлэх эко, ногоон төсөл юм. Өвөл, зунгүй 24 цагийн турш ажилладаг энэ үйлдвэр гэр хорооллын асуудлыг шийдэх төгс шийдэл мөнөөс мөн.

Агаар, орчны бохирдлыг шийдэх хамгийн гол шийдэл нь барилгажуулалт болохоос утаагүй түлш түлээд хөрс, агаарын бохирдлыг бууруулна гэж байхгүй. Утаагүй зуух хэрэглээд ч үр дүнгүй гэдгийг бид хангалттай харлаа. Сүүлийн 10 гаруй жилд манай улс агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн тулд нэг их наяд төгрөг салхинд хийсгэлээ шүү дээ. Гэсэн хэдий ч ямар ч үр дүн алга.

-Та төрийн өндөрлөгүүдэд хаяглаж томоохон бүтээн байгуулалтуудад хамтрах хүсэлт илгээсэн. Ямар хариу ирсэн бэ?

-Ерөнхий сайд ирж үйлдвэртээ танилцахдаа Ганданд барьсан 140 ламын байрыг үзсэн юм.

Тэрээр “Айлын эзэмшил газрыг авч, олон давхар барилга барихгүй. Энэ Засгийн газар айл бүрийн газрыг өмчлөлөөр өгч, тэнд нь амины орон сууц бариулъя” гэсэн. Улмаар Барилга, хот байгуулалтын яамаар дамжуулж манайд 34, 50, 62, 74 м.кв-тай таван янзын байшин бариулах захиалга ирүүлсэн юм. Гэсэн ч эдгээр амины орон сууцуудыг барих тодорхой байршлуудыг зааж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Бид өөрсдийн хашаандаа загварын байрыг барьсан л даа. Энэ байшинг 12:00 цагт барьж эхлээд орой 18:00 цаг гэхэд л бариад дууссан. Хурдан хугацаанд барилаа гээд чанарт ямар ч өөрлөлт байхгүй, орчин үеийн халаалт, цахилгаантай, цэвэр дулаанд холбогдоостой юм. Энэ маягаар айл болгон 0.7 га газартаа аминыхаа орон сууцыг барьж, хажууд нь хүнсний ногооны хүлэмж хийж болох юм. Эсвэл таван айл нийлж таун хаус бариулаад үлдсэн талбай дээрээ үйлчилгээний төв, хүнсний ногооны хүлэмж ч хийж болно. Манайх зочид буудал, үйлчилгээний газар, эмнэлэг, сургууль цэцэрлэг, орон сууц, зам талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хүлэмж гээд бүгдийг нь иж бүрнээр нь барьдаг. 24 цагаар бүтэн жил ажиллалаа гэхэд 150-250 мянган м.кв ашигтай талбай үйлдвэрлэх хүчин чадалтай комбинат юм шүү дээ. Бид 24 цагт нэмэх, хасах нэг градус л алдах дулаалгатай гадна ханыг үйлдвэрлэдэг юм. Эрчим хүчинд хэмнэлттэй, цонх, хаалгаараа ч дулаан алдахгүй битүүмжлэлтэй хийц эдлэлийг бид хийж байгаа. Тийм хийц, эдлэлтэйг нотлох ногоон гэрчилгээгээ ч авчихсан. Ингээд үзэхээр дулаан, цахилгааны зардалд харьцангуй бага мөнгө үрнэ. Бүтэн жил төлдөг байсан дулаан, цахилгааныхаа мөнгөөр хоёр, гурван жилийнхийгээ ч төлдөг болно гэсэн үг. Хамгийн гол нь газар хөдлөлтийн 8-9 баллд тэсвэртэй. Гадна, дотно тал нь хиймэл чулуу учир галын аюул бага. Хүнээс хамаарах алдаа байхгүй, лав л одоо баригдаж байгаа орон сууцуудаас хоёроос гурав дахин хямд. Тийм хэрнээ хэдэн зуун жилийн настай барилга юм. Бид Оюуны өмчийн гэрчилгээгээ авсан, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр оруулж бүх батламж, альбом зургуудаа баталгаажуулсан, улс орны хэмжээнд мөрдөх хууль тогтоомжуудаа Хууль зүйн яамаар бүртгүүлсэн, одоо дутуу гэж хэлэх зүйл нэгээхэн ч байхгүй.

Ингээд л бид хийе гээд төр, засгийн бүх шатанд төслөө танилцуулаад байдаг. Тэр нь ажил хэрэг болдоггүй.Монгол Улсын Засгийн газар, УИХ гаргасан тогтоол шийдвэрийнхээ дагуу эргэж буцалгүй тууштай бодлогоор ийм барилгаа л тэргүүн ээлжинд бариулмаар байгаа юм. Ер нь бүх л тусгаар улсууд орчин үеийн үйлдвэрээр сургууль, цэцэрлэг, үл хөдлөх хөрөнгөө бариулж байна. Ирээдүй болсон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг тэгж л хангаж байгаа хэрэг.

-Намынхаа нөхдүүдийн бизнесийг хамгаалах үүднээс нийтийн эрх ашигт нөлөөлж байна гэж харж болох уу. Уг нь хямд төсөр өртгөөр, чанартай бүтээн байгуулалт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодлогыг дэмжих нь төрийн үүрэг биз дээ?

-“Эрэл” ХХК, Эрдэнэбат гэдэг хүн үүнтэй холбогд-соноороо хамт олон маань ч дагаад хохирч байна. Ойлгож тайлбарлахад хэцүү зүйл юм л даа. Би энэ үйлдвэрээ төмрийн хогонд ачуулалгүй, ажилчдаа гудамжинд гаргахгүйн тулд технологийг нь шинэчлээд 30 жилийн турш зүтгэж байна. Хэрэв би хувийн ашиг сонирхлоо бодож, мөнгөний хойноос явсан бол үүний оронд нүүрс ачиж гадагшаа гаргаж, шатахуун оруулж ирж зарж байгаа. Эсвэл хүнсний бараа оруулж ирэн худалдаалах байсан. Энэ жишгээр архи, спирт, тамхи зарж, ард түмнээ хордуулан байж бизнесээ өргүүлж байгаа нь ч бий шүү дээ. Гэхдээ тэгэлгүйгээр барилгын материалын үйлдвэрийн энэ хүнд салбар дээрээ л зүтгэж байна. Тэгэхэд төр засгаас дэмжих нь битгий хэл прокурорт шилжүүлнэ, банкин дахь өрөө төлсөнгүй шорон, гянданд хийнэ гэх зэргээр дайрч байх жишээтэй. Ийм том үйлдвэрийг бид зээл авч хөдөлгөхгүйгээр өөрөөр яах билээ. Энэ эх оронч үзэл юм аа.

Улс орных нь ч зээлжих зэрэглэл олон улсад уначихсан, санхүү эдийн засаг нь хямарчихсан байна шүү дээ. Ийм үед эх орноо монгол хүн л аварна. Гэтэл Монголоо гэсэн сэтгэлтэй, улс орныхоо хөгжил, үндэсний эрх ашиг, нийгэм, нийтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг цөөхөн компаниудынхаа урмыг улам л хугалаад байх юм. Монголчууд бид “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэдэгсэн. Ер нь ёс зүйдээ хөтлөгдөж шударга явсан хүн хэлмэгддэг, үгүй бол шорон гянданд ордог болж. Энэ бол үндэстэн мөхөж байгаагийн шинж л дээ. Тиймдээ ч хүмүүс шоронд орж байхаар гээд үр хүүхдээ аваад гадны улсыг зорьж, эх орноо бараг орхиж байна. Уг нь хөдөлмөрийн насны хүн бүр эх орныхоо төлөө юу чаддагаа хийх түүхэн цаг үе ирчихээд байгаа юм. Цаашид нэг ч алдаж болохгүй улаан шугаман дээр бид зогсож байна. Гашуун ч гэсэн үнэн зүйлийг л чи бид хоёр хүүрнэж байна шүү.

-Нөгөө талаар таныг дааж давшгүй их үнээр байшин барилгаа зарчих нь гэж болгоомжлоод байгаа юм болов уу?

-Би энэ бүтээн байгуулалтаас хэдэн арван тэрбумаар нь ашиг олж бусад шиг хөрөнгөжихийг хүсээд байгаа зүйл огт байхгүй. Бид Барилга, хот байгуулалтын яам, Засгийн газарт “Бид энэ чанартай технологиороо барилгаа барья. Харин энэ үйлдвэрийн санхүү эдийн засгийг Монголын төр өөрөө шийд. Барилга, байшингийн хийц эдлэлийн өөрийн өртгийг, борлуулалтынхаа үнийг ч тогтоо. Утаагүй зуух, түлшнийхээ хөнгөлөлтийг барилгын м.кв бүрээс нь хямдруулаад ард түмэндээ өг” гэж хүртэл албан тоот өгсөн. Тийм хувийн компани ховор байх. Агаарын бохирдлыг бууруулна гэж салхинд хийсгэж байгаа мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийчих юм бол иргэдэд барилгын 1 м.кв-ыг 200, 300-хан мянган төгрөгөөр худалдан авах боломж бүрдэнэ. Дээд хэмжээнд хямдруулаад барих боломжтой юм.

-Та цар тахал гарсантай холбоотойгоор 1000 ортой эмнэлэг барьж өгье гэх санал гаргасан юм билээ. Энэ саналыг тань хүлээж авсан уу?

-ҮАБЗ-ийн гишүүд, Барилга, хот байгуулалт, Эрүүл мэндийн яам, Хотын дарга, Улсын онцгой комиссын даргад ч энэ хүсэлтээ илэрхийлсэн. УОК-оос Эрүүл мэндийн яаманд хандаж, энэ асуудлыг судалж үзээч гэсэн бичиг явуулсан байна лээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас холбогдох байгууллагад нь уламжиллаа л гэсэн.

Ийнхүү гацаж байгаа шалтгаан нь энэ компанийг тэргүүлж байгаа хүний намын харьяалал таарахгүй байгаатай л холбоотой. Хоёрдугаарт, намд байгаа хүмүүс, тэдний цүнхийг барьж байгаа нөхдүүд л энэ ажлыг хийх юм шиг байна. Гэхдээ стандартын бус, мэргэжлийн бус, чанаргүй материалаар л хийнэ гэсэн үг. Ийм хуульгүй байдалд улс орон орно гэдэг мөхөл рүү явж байгаа л хэрэг. ОХУ 500 ортой эмнэлгийг 28 хоногт барилаа. Тэгэхэд бидэнд ийм хэмжээний хүчин чадалтай орчин үеийн үйлдвэртэй хэрнээ огт ашигладаггүй. Уг нь бид нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдөдөө ямар ч ашиг хонжоо харахгүйгээр бариад өгье гэсэн уриалга хүргүүлсэн шүү дээ.

-Ер нь таныхаар хувь, хувьсгалын эрх ашгийг хойш тавьж, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг тэр цаг үе хэдийд ирэх вэ?

-Цаг хугацааг нь хэлэхэд маш хэцүү байна. Ийм байдлыг үзнэ гэж би төсөөлж байгаагүй. Залуу байхдаа маш өөдрөг үзэлтэй байж, эцэс төгсгөлгүй бүтээн байгуулалт хийж, эх орныхоо төлөө монгол хүн юу хийж чаддагаа харуулах болно гэсэн сэтгэлтэй байлаа. Бараг л хязгааргүй настай юм шиг зүтгэж байсан. 30 жилийн дараа харахад 30 тэрбум ам.долларын өрөнд орчихсон байна. Бүгд л эх орноо зөөж худалдаж идэж амьдарцгааж байна. Уул уурхайн түүхий эдийн үнэ унахад л төсөв нь бүрдэхээ больсон цаг үе ирж. Эх орондоо халуун дулаан аж төрөх хот, тосгоноо барьж сууж чадахаа байчихаж. Гэсэн хэрнээ бүх ажлаа гадныхнаар хийлгэдэг болчихсон. Яармагийн гүүр, Хөшигтийн хөндий, Налайхын зам, Замын цагдаагийн урд талын гүүр, Дархан-Улаанбаатарын зам гээд бүх л бүтээн байгуулалтыг гадныхан хийж байна. Гадныхан л тендерт ялдаг, монголчууд тэнд оролцоод ч нэмэргүй болж. Өртэй бол тендерт оролцох ямар ч боломжгүй байх жишээтэй. Монголд өргүй компани битгий хэл хувь хүн ч байхгүй биз дээ. Хууль эрх зүйн орчин нь ч монгол хүндээ ээлгүй, гадныханд зориулсан байгаагийн жишээ энэ. Гэсэн ч өөдрөгөөр л бодож байна. 30-50 насны ажил, амьдралын тодорхой туршлага хуримтлуучихсан, монгол хүн болж хүмүүжсэн, ахмад үеэ хүндэлж хайрладаг, өөрийнхөө эрхэлсэн мэргэжилд үнэнч үе гарч ирж байж л Монгол орныг аварна гэж найдаж байна.

-Энэ удаагийн сонгуулийн дүнгээс өөрчлөлт харагдах болов уу?

-Өнгөрсөн 30 жилд хоёр том нам ээлжлээд л улс орныг авч явлаа. Өнөөдөр нам гээч зүйл гэмт хэргийг хаацайлдаг байгууллага болж хувирчээ. УИХ дээр хоёр том намын удирдлагууд ч “Нам харгалзахгүй, эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй зөв хүмүүс хэрэгтэй байна. Нам дотор гэмт хэрэгтнүүд бугшжээ, тэднийг цэвэрлэх хэрэгтэй” гэж хүн болгон ярьсан шүү дээ. Хүн амины, хүчингийн хэрэг гарлаа, ЖДҮХС-гийн мөнгийг өөрсдөдөө тараасан гээд тоочоод барамгүй хууль бус үйлдлүүд бий нь үнэн. Бизнесийн салбарт жилийн гурван хувийн хүүтэй зээлийг авч байсан түүх байхгүй юм аа. Гэтэл өөрсдөө тэр зээлээ аваад, хадгаламж зээлийн хоршоогоор оруулаад мөнгө угаасан. Зарим нь бүр хоёр гурван жил дараалж авсан байгаа юм. Энэ чинь гамшиг “COVID-19” биз дээ. Тийм хэрнээ дахин УИХ-д нэр дэвшинэ, сонгогдоно гээд яриад явж байх юм. Гэхдээ намын дарга нар нь ийм хүмүүсийг намаасаа хөөнө, намаа цэвэршүүлнэ гэсэн учир одоо бид харах л үлдлээ.

Хэрэв болдогсон бол сонгогчид энэ удаагийн сонгуулиар эх орныхоо төлөө л зөв хүнд л саналаа өгмөөр байна. Өмнөх шиг эдийн засаг, өр авлага гэсэн жижиг асуудал энэ удаагийн сонголтоор хөндөгдөхгүй, тэр бүр ард хоцорсон, бид алдсан. Хамгийн гол нь энэ удаад бид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө сонголтоо зөв хийх хэрэгтэй. Эдийн засгаараа дамжиж нэг орны хараат болчихгүйн тулд хүн болгон саналаа өгөх ёстой.

Хувь хүн, бүлэглэлийн эрх ашгаа улс орны эрх ашгаас дээгүүр тавьж ирсэн, үл бүтэх нөхдүүд өмнөх 30 жил шиг мөнгө тарааж доромжлох л байх. Тэд монгол хүнээ боолын ажилд экспортолж, ард түмний ходоодыг хоосолж, ажилгүй, архинд донтуулчихсаны дараа нэг удаагийн гарын мөнгөөр дөрвөн жилийнх нь хувь заяаг худалдаж авахад амархан байх л даа. Ард түмэн мөнгийг нь авч болно, гэхдээ тэр олон нэр дэвшигчдээс эх оронч, зөвийг нь олоод л дугуйлчих. Бүгдийг нь биш юм аа гэхэд тэн хагаст нь зөв хүн УИХ-д сонгочихсон байхад өөрчлөлт гарна гэж би итгэж байна. Хэрвээ энэ удаагийн УИХ-ын сонгуулиар дахиад л итгэл даахгүй, иддэг уудаг, хуваадаг, завшдаг нөхдүүд гарч, нөгөө л олигархи, мафижсан систем нь үлдвэл Монгол Улс 2024 оны сонгуулийг үзэж чадахгүй. Миний хувьд бол маш их итгэл алдарч байна. Тун эмгэнэлтэй хувь заяа л нүдэнд харагдаж байна.

-Та энэ удаагийн сонгуульд нэр дэвших үү?

Манай Эх-Орон нам сонгуульд оролцохоор бүртгүүлчихсэн. Би Эх-Орон намыг төрд шударга зөв тогтолцоог бий болгож чадахуйц хүмүүсийн дамжих гүүр болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа. Манай намын нэр дээрээс ард түмний итгэлийг даах, биеэ засаад гэрээ зассан, төрөө засахыг зорьсон хүн дэвших бүрэн боломжтой. Түүнээс заавал манай намын гишүүн байхыг шаардахгүй. Элдэв хөрөнгө мөнгө өгөхийг бүр ч цээрлэнэ. Гагцхүү энэ түүхэн онцгой цаг үед хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний л хүн байх ёстой. Ямар нэгэн бохир заваан зүйлд хутгалдаагүй, цүнх барьж гүйн элдэв тендер, концесст орооцолдоогүй, жинхэнэ монгол хүн болж төлөвшсөн, шударга, ёс зүйтэй тийм л залуусыг нэр дэвшүүлэхэд манай нам бүрэн нээлттэй. Үүнийг монгол хүн бүрийн хүсэн хүлээж байгаа зүйл мөн байх гэж бодож байна. Харин миний хувьд нэр дэвших сонирхол алга. Монгол түмний минь сонголт, заяа төөрөг дээшээ байх болтугай.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнхцэцэг: Томсгосон тойргийн сонгууль намуудын дотоод эв нэгдлийг сорьсон том шалгуур болно

Стратеги академийн захирал, доктор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Энэ жилийн УИХ-ын сонгууль томсгосон мажоритар системээр явуулахаар болсон. Энэ тогтолцоо манай хөрсөнд хэр буух вэ?

-Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш нийт долоон удаагийн УИХ-ын сонгууль явуулсны дөрвийг нь нэг мандаттай 76 тойргоор явуулсан байдаг. Энэ систем нь сонгогч ба сонгогдсон УИХ-ын гишүүн хоёрыг байнгын холбоо харилцаатай байлгаж, сонгогчдынхоо эрэлт хэрэгцээг УИХ дээр мэдээлж, төрийн бодлогод тусгах бололцоо олгодог давуу талтай. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад жижиг тойргийн явцуу сонирхлыг түлхүүд тавих, төсвийн нэгдсэн бодлогыг алдагдуулах явдал ямагт гарч ирсэн. Тийм учраас тойргийг томсгох, болж өгвөл Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу баруун, зүүн, төв, хангайн, Улаанбаатарын гэж бүсчилсэн тойргуудад хувааж, сонгууль явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг.Ингэж байж улс орны хөгжлийг макро түвшинд зангидаж явах боломж нээгдэнэ. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд бүсчилсэн тойргийн системийг хуулинд тусган нэвтрүүлэхэд зохион байгуулалтын болон бусад бэлтгэл ажил хийж амжихгүй учраас гишүүд маань энэ удаа томсгосон тойргийн тогтолцоог сонгож авсан болов уу гэж харж байна. Энэхүү томсгосон систем нь 2008 онд хэрэглэж байсан бөгөөд сонгогчид хэд хэдэн хүнд саналаа өгөх боломжтой хувилбар юм. Хүн амын тооноос хамааруулан энэ удаа улсын хэмжээнд хоёр ба гурван мандаттай тойргуудыг байгуулсан байна.

-Энэ тогтолцооны давуу тал болон сул талыг дурдвал?

-Сонгуулийн систем бүр давуу ба сул талтай. Томсгосон системийн гол давуу тал бол өмнө дурдсанаар тойргийн явцуу ашиг сонирхлыг даван туулах хөгжлийн нэгдсэн бодлогыг түлхүү тавих боломжийг олгодог явдал. Хоёрдугаарт, давуу тал нь сонгогчдод сонголт хийх боломж олгодог систем юм. Өөрөөр хэлбэл, жижиг 76 тойргийн үед сонгогч ганцхан л сонголт хийдэг бол олон мандаттай системийн үед сонгогч зөвхөн аль нэг нам, нэр дэвшигчийн төдийгүй өөр нам, нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх боломжийг нээдэг. Томсгосон системийг хэрэглэж буй бусад улсын туршлагаас харахад олон мандаттай томсгосон системийн үед сонгогчдын оролцоо хамгийн өндөр түвшинд байдаг аж. Учир нь энэ системийн үед сонгуулийн бүх үйл явц энгийн иргэдэд ойлгомжтой байдаг учраас сонгогчдын сонголтыг их хялбар болгодог ажээ. Судлаачдын онцолдог дараагийн нэг давуу тал бол томсгосон систем болон пропорциональ системийн үед эмэгтэй нэр дэвшигчдийн сонгогдох боломж нэмэгддэг явдал. НҮБ, Олон улсын ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх байгууллага (IDEA) зэрэг олон улсын байгууллагууд эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд том тойрог юмуу пропорциональ тогтолцоог санал болгодог. Жишээ нь, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад хийсэн судалгаанаас үзэхэд олон мандаттай тойрог бүхий сонгуулийн системтэй улсад эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох боломж өндөр байсан. Хэдий тийм боловч мажоратори систем улс оронд хүчний төвлөрлийг бий болгодог. Улс төрийн намуудын зөвшилцлийн үйл явцыг нэмэгдүүлдэг. Хэт туйлшрамтгай, үндсэрхэг намуудыг хязгаарладаг. Мөн сонгогч саналаа өгөхөд амар хялбар байдаг. Хүнийг нь харж сонгоно гэдэг Монголын сонгогчдын сэтгэл зүйн онцлогтой таардаг систем юм. Мөн намууд олон мандаттай тойрогт нэр дэвшигчдээ уралдуулахдаа нийгмийн төлөөллийг тэгш оролцуулах тал дээр анхаардаг явдал юм. Харин нэг мандаттай жижиг мажоритар системийн хувьд нам тухайн тойрогт л ялалт байгуулж мандатаа авах хүнийг нэр дэвшүүлэхээс биш нийгмийн төлөөллийг хангахыг эрмэлздэггүй. Олон мандаттай томсгосон систем нь нэг нам парламентын суудлын үнэмлэхүй олонхыг авч тогтвортой Засгийн газар бүрдүүлэх боломж өгдөг. Энэ мэт давуу талтай ч мөн сул талууд бий.

-Нөгөө мөнгөний сонгууль гэх зүйл нь багасах уу?

-Тойргийн хэмжээ томорч байгаа тул тэр хэмжээгээр нэр дэвшигчдээс мэргэжлийн өндөр түвшинд, олон сонгогчдыг хамарсан сонгуулийн кампанит ажил явуулахыг шаардана. Тухайн тойрогт нэг намаас нэр дэвшигчид сонгуулийн зардлаа хамтдаа бүрдүүлдэг тул нэг нэр дэвшигчээс гарах зардлыг бууруулж эцсийн дүндээ сонгуулийн зардлыг бууруулахад эерэг нөлөөтэй. Томсгосон тойргийн сонгууль намуудын дотоод эв нэгдлийг сорьсон том шалгуур болно. Хэрэвзээ тухайн тойрог дээр намын нэгдсэн сурталчилгаа хийх боломжгүй юмуу нам нь дотроо эв нэгдэлгүй байгаа үед нэр дэвшигчээс гарах хүч чармайлт, санхүү ихээхэн шаардана. Улс төрийн намуудаас дотоод зохион байгуулалт, эв нэгдэл, хамтын ажиллагааг шаардаж, ингэж чадаагүй намд ихээхэн бэрхшээл учруулах байх.

-Нам дотроо өрсөлдөх, нөгөө намын нэр дэвшигчтэй үгсэн хуйвалдах гээд сөрөг зүйлс дуулдаж байдаг…

-Энэ бол яах аргагүй өнгөрсөн жилүүдийн, тухайлбал 2008 оны болон 2012 оны УИХ-ын сонгуулиудын үеэр бүх л намд гарч байсан сул тал. Нам дотроо хуваагдах, өрсөлдөгч намын нэр дэвшигчтэй хуйвалдах зэрэг явдал гарч байсан. Энэ байдлыг хязгаарлах үүднээс 2020 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйл дээр намаас нэр дэвшигчид тусдаа штабтай байхыг хориглож нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага л нэгдсэн байдлаар намын сонгуулийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаар хуульчилсан юм. Өөрөөр хэлбэл, намын нэгдсэн штаб тухайн тойрог дээр байгуулагдаж ажиллахаас бус нэр дэвшигч тусдаа штаб байгуулан ажиллах боломжгүй болсон.

-Түүнчлэн олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулсан тохиолдолд сонгогчдын тэгш эрх зөрчигддөг гэх зүйл яригддаг…

-Ерөөс мажоритар системийн гол сул тал нь, хүчний харьцааг бодитоор тусгадаггүй, сонгогчдын саналыг гээдэг явдал. Харьцангуй бага саналын зөрүүгээр сонгуульд үнэмлэхүй олонхын санал авах боломж гардаг. Бас нэг асуудал нь төлөөллийн зарчимтай холбоотой. Парламент хүн амын төлөөлөл байх уу, газар нутгийн төлөөлөл байх уу гэдэг асуудал юм. Парламент сонгогчдыг хэрхэн төлөөлөх вэ гэдэг асуудал нь нэлээд ярвигтай. Ганц Монголд өнөөдөр тулгамдаад байгаа ч юм биш, бусад улс орнууд нэгэн цагт энэ асуудлаар мөн адил маргаан мэтгэлцээн өрнүүлж байсан асуудал билээ.Парламентын төлөөллийн зарчим нь парламент хүн амын төлөөлөл байх ёстой юу, тойрог буюу газар нутгийн төлөөлөл байх ёстой юу гэдэг маргаантай хоёр байр суурийн алин дээр нь тухайн улс сонголт хийснээс хамаарч парламентын бүтэц өөр өөрөөр бүрддэг онцлогтой. Анхны бөгөөд сонгодог утгаар бол парламент иргэдийн төлөөлөл байх ёстой юм. Парламентын мөн чанар нь нүсэр биш аппараттай, гэхдээ ард түмнийг төлөөлөх чадвартай байх нь зүйтэй гэж засаглал хуваарилах онолыг анхлан сэдэж хэрэгжүүлсэн сэтгэгчид үзэж байлаа. Энэхүү сонгодог онолын дагуу парламентын төлөөлөлд тэгш байдлын буюу хувь тэнцүүлэх зарчим үйлчилнэ. Тэгш байдлын зарчим гэдэг нь улс орны хүн амын тоонд дүйцүүлэн парламентын гишүүдийн тоог тогтоох, парламентын гишүүн бүр тэгш тооны сонгогчийг төлөөлөх явдал юм. Парламентын гишүүн бүр тэнцүү тооны иргэдийг төлөөлнө гэдгийг сонгогчдын байр сууринаас авч үзвэл сонгогч бүр эрх ашгаа хамгаалуулах, төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэхийн тулд өөрийг нь төлөөлсөн парламентын гишүүдтэй байна гэсэн утга илэрхийлнэ. Энэ зарчмын дагуу тухайн сонгогч том хотод уу, алслагдсан бүс нутагт амьдарч байна уу гэдгээс үл хамааран хууль тогтоох байгууллагад тэгш төлөөлөлтэй байна. Нөгөө талаас сонгогч бүрийн санал төрийн бодлогод адил жин дарж байх ёстой. Гэвч улс орнуудын газар нутгийн онцлог, үндэстэн угсаатны бүтэц, хүн амын тархан суурьшсан байдлаас хамаараад парламентын гишүүн бүр ижил тооны сонгогчийг төлөөлөх боломж харилцан адилгүй байж ирсэн юм. Парламент зөвхөн хүн ам, нийгмийн бүтцийг тусгаад зогсохгүй улс орны газар нутгийг төлөөлөх ёстой гэсэн хоёр дахь байр суурь парламент үүсэн хөгжсөн хоёр, гурван зуугаад жилийн турш л хүчтэй байж ирсэн. Ялангуяа АНУ гэх мэт түүхэн уламжлалын хувьд холбооны байгууламжтай, бүс нутаг, мужуудын хооронд ихээхэн ялгаатай байдаг улсуудад энэ хандлага улс төрийн тогтолцоонд хэрэгжиж ирсэн байдаг. Хууль тогтоох байгууллагад газар нутгийн тэгш төлөөллийг хангах гол механизм бол хоёр танхимтай парламент юмуу мажоритар систем байдаг. Парламентын доод танхим нь сонгогчдын тэгш төлөөлөл, нийгмийн бүтцийг хангах зорилготой байдаг бол дээд танхим нь газар нутгийн буюу муж улсуудын төлөөллийг хангах байдлаар бүрэлддэг юм. 2015 оны байдлаар парламент бүхий дэлхийн улс орнуудын бараг тэн хагас нь хоёр танхимтай парламенттай байна. Харин Монгол улсын хувьд нэг танхимтай парламенттай учраас газар нутгийн төлөөллийг хангахын тулд мажоритар системийг сонгон авсан. Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг, тэр дундаа сүүлийн жилүүдэд хязгаар нутгийн ард иргэд төв суурин газар руу шилжин суурьших хөдөлгөөн ихэд нэмэгдэж байгаа нь хил хязгаарын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж хүн ам зүйн, эдийн засгийн сөрөг үр дагавруудыг бий болгож байна. Тийм учраас бид хөдөө орон нутаг, алслагдсан хүн багатай сум, суурингуудыг төрийн бодлогоор дэмжиж тойргуудын мандатыг цөөлөхгүй байхаас өөр аргагүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жийргэвч орны зовлон

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


1912 оны Орос-Монголын гэрээ, 1915 оны Гурван улсын гэрээнээс эхлээд Гадаад Монгол нь Орос Хятадыг заагалсан вакумжсан жийргэвч бүс болсон юм. Энэ бүс 1921 оноос зөвхөн СССР-ийн мэдлийн колони улс болон тогтжээ. Газар нутаг нь цэрэг дайны бэлтгэл полигон, аж ахуй нь цэргийн хүнс хангах бааз. Энэхүү газар зүйн полигондоо Зөвлөлтийн улаан арми гурван удаа ирж байрласан (1921-1924, 1936-1945, 1967-1990). Энэ хооронд цэргээ оруулж тооцоод нийтдээ нэг сая орчим зөвлөлтүүд Монголд урт богино хугацаагаар амьдарч байв гэсэн барагцаа тоо бий.

Гадаад Монгол нь юутай ч албан ёсоор Хятадын бүгд найрамдах улсад хамаардгийнх нь хувьд большевикүүд эхэндээ Хятадад хувьсгалын түймэр тавих чүдэнзний хэмжээнд монголчуудыг авч үзэж байлаа. Ялангуяа Хятадын иргэний дайны үед тэдний тодорхой хэсгийг дэмжихэд ашиглах хэрэглэгдэхүүн, зэвсэг техник нийлүүлэх гарц. Гэвч Хятадын төрийг албан ёсоор барьж байгаа гоминданчууд 1927 онд СССР-ийн эсрэг эргэсэн учир Дорнын их хувьсгалыг үүтгэх оч цучлын онол хойш тавигдсан юм. Ингээд нүүдэлчдийн дунд коммунизм байгуулж болох эсэх туршилтыг 1927-1932 онд Коминтерний удирдлагаар хийжээ. “Ердөө 800 мянган хүн амтай бүдүүлэг нүүдэлчдийн хүн нь гэхээсээ газар нутаг нь илүү ач холбогдолтой юм. Малчдын энэ орныг капиталист бус замаар хөтлөнө” гэж Шмераль Москва руу бичиж байв. Балмад туршилт таван жил үргэлжилсний эцэст Монголын ард түмэн энэ туршилтын эсрэг босч, иргэний дайн дэгджээ.

Элдэв үзэл сурталгүйгээр Монголыг ердөө л СССР-ийн цэргийн полигон, цэргийн хоол хүнсний нөөц бааз гэж харсан хүн бол Сталин. Сталин бол үзэл сурталч гэхээсээ хатуу прагматик хүн. Тэрээр Монголын асуудлыг өөрийн гарт төвлөрүүлж энэ орны талаарх бүхий л шийдвэрийг ганц биеэрээ гаргах болов. 1932-1953 оны хооронд Сталиний Монголд явуулсан бүхий л бодлого нь Япон болоод Хятадын эсрэг хандсан цэрэг дайны зориулалттай байлаа. Чухам ийм зорилгын үүднээс л Монголд их хядлага зохион байгуулж, цаашид Монголыг өөрийн нөлөөний цэргийн полигоноор үлдээхээр тэмцсэн. Хаант Орос болон СССР нь 1912, 1915, 1924, 1936 онуудад Гадаад Монголыг Хятадын бүгд найрамдах улсын салшгүй сюзэрэн гэдгийг үргэлж хүлээн зөвшөөрч гэрээ тунхаглалаар баталгаажуулж байв. Дэлхийн II дайны гол ялагч гүрний хувьд Сталин өөрийнх нь бүрэн мэдэлд байдаг Гадаад Монголын одоо байгаа статус квог цаашид хадгалан үлдээхийг АНУ, Их Британиар хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. Америкчуудын тусламжаар хятадуудыг ятган зөвшөөрүүлж, дөнгөж дайны дараа БНМАУ-ыг тусгаар тогтносон улс болгон тунхагласан. Хоёр аварга хөрш дундаа асар том жийргэвч бүстэй боллоо. Эндээс хамгийн их хожсон нь үнэн хэрэгтээ хоёр хөрш гэхээсээ монголчууд юм. Жийргэвч бүс бол хэн нь эзэрхэх, эсвэл хэн нь ч үл халдах гэх мэт маргаантай бүс. Харин БНМАУ нь юутай ч өөрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлж чадсан nation-state!

Хятадын төрийг Мао авснаар БНМАУ гадаад орчиндоо нэн тааламжтай нөхцөлтэй болов. Чухам энэ үед СССР нь Монголд эдийн засаг, аж ахуйн анхны тусламжаа үзүүлж эхэлсэн юм. Учир нь урьдын бүх “тусламж” нь цэрэг дайны болоод цэргийн хүнс болох мал аж ахуйн чиглэлтэй байв. Соёл, гэгээрэл, эрүүл мэндийн тусламж нь ердөө л хавсарга шинжтэй. Коммунист Хятад ч дундын жийргэвч бүсдээ байдгаараа туслан СССР-ээс дутахгүйг хичээж байв.

1960-аад онд коммунист ертөнцийг хэн нь толгойлох вэ гэсэн “онолын” маргаанаас үүдсэн зөрчил нь СССР, БНХАУ хоёрыг биенээ үзэшгүй дайсан болгов. Зөвлөлтийн цэргийн гол хүчин НАТО-гийн гэхээсээ Хятадын эсрэг хуралдав. Жоу Эньлай Бээжинд Цэдэнбалтай уулзахдаа Монгол Улс Зөвлөлт, Хятадын зөрчилд үл оролцон төвийг сахиж аль аль талаас нь эдийн засгийн тусламж авч байхыг санал болгоод үүнийгээ Хойд Солонгостой жишээлэв. Гэвч Цэдэнбал ямар ч эргэлзээгүйгээр СССР-ийг сонгож Хятадыг зөвлөлтүүдийн нэгэн адил өөрийн гол дайснаар зарлалаа. Энэ нь тодорхой байсан, тэрээр эхнээсээ Москвагийн тавиул нэгэн.

Зөвлөлтийн 80-100 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй том арми 1967 онд Монгол орж ирэн байрласнаар Монголын эдийн засгийн амьдралд анх удаа томоохон өөрчлөлт гарлаа. 1971 оноос эхлээд таван жил тутамд СССР-ээс БНМАУ гурван тэрбум шилжих рублийн зээл олгох боллоо. Энэ нь хуралдсаар 1990 он гэхэд 9,8 тэрбум шилжих рубль болжээ. Энэ бол асар их мөнгө!. Үүгээр Монгол Улсын нүүр царай ихээхэн өөрчлөгдсөн юм. 1960-1990 оны хооронд СССР-т 16 мянган дээд мэргэжилтэн бэлджээ. Улаанбаатарт орон сууцны асар олон байр байшин ашиглалтад орсон. Эрдэнэтийн зэсийн баяжуулах үйлдвэр хавсарга хотынхоо хамт боссон. Гэвч тэр их зээлийн 60 гаруй хувь нь Монголын нүүдлийн хагас зэрлэг мал аж ахуйг додомдоход зориулагдсан нь энэ улс орон ард түмнийг СССР-ийн цэргийн хүнсний бэлтгэл хангамжийн газар гэж харж байсантай холбоотой. Брежнев намын их хуралд тавьсан илтгэлдээ СССР нь эдийн засгийн хувьд Өрнөдийн орнуудаас хамааралгүй, маш бага худалдаа хийдэг, гол солилцоогоо ах дүү социалист орнуудтай наймаалцдаг гээд үүндээ Монголыг махны импортын гол түнш гэж зарлаж байсан. Гэвч гол түншээсээ авдаг мах нь Зөвлөлтийн ард түмэнд хэзээ ч очиж байгаагүй, энэ бол зөвхөн цэргийн хүнсэнд зориулагддаг байлаа. Ихэнх нь консервлогдон хадгалагдана. Монголд байрлах Зөвлөлтийн цэргийн хэрэгцээний махыг Улаанбаатарын Мах комбинатаас авдаг. Монголд өөр Мах комбинат байгуулахыг дэмжихгүй. Иймээс Монголыг тойрсон дөрвөн Мах комбинат руу амьд мал тууварлан өөрснөө боловсруулж консервлодог. Чухам иймээс л Монголын нүүдлийн мал аж ахуйн өвс тэжээл, мал эмнэлэг, хашаа саравч, өвөлжөө, худаг усанд онцгой анхааран зээлийн мөнгийг тийш нь урсгадаг байв. Нүүдлийн мал дулаан байранд хүчит тэжээлээр хооллож, өвсөө зөөлгөж иддэггүй учир тэр их мөнгөөр буй болгосон тэжээлийн үйлдвэрүүд, буруу барьсан хашаа саравч, гол дагуулж ухсан үй олон худийг хувийн мал аж ахуй эрхлээд эхэлсэн малчдад хэрэг болохгүй учир огт ашиглаагүй. Элэгдээд тоногдоод дууссан даа.

Монголд байрласан Зөвлөлтийн олон арван мянган цэргийг дагаад маш олон офицер, цэргийн болон байгууламжийн мэргэжилтнүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд ирж суурьшсан. Тэдний хангалтын систем асар том байх нь ойлгомжтой. Тэднийг ажил төрөлтэй байлгахын тулд олон байгууламж объект баригдсан. Эдгээр байгууламжийн дийлэнх нь нээлттэй зах зээлийн тогтолцоонд огт хэрэгцээгүй болж дампуурчээ. “Зөвлөлтийн зээл тусламжаар баригдаж байгаа Шувуун фабрик нь тасралтгүй үр дүнтэй ажиллалаа гэхэд 220 жилийн дараагаас үр ашгаа өгч эхлэхээр байна” хэмээн тухайн үед Гадаадтай эдийн засгаар харилцах улсын хороон дарга асан хожмын Ерөнхийлөгч П.Очирбат хэвлэлээр дамжуулан мэдэгдэж байсан. Зөвлөлтийн армийн үлдээж бэлэглэсэн гэх цэргийн ангийн барилга байгууламж Монгол орны энд тэндгүй хог болон хөглөрнө. Эзгүй хээр очиж амьдрах хүн олдохгүй, тэгээд ч амьдардаг юм гэхэд өртөг нь дийлдэхгүй. Монгол голчлон түүхийн эдийн хавсарга орон хэвээр үлдсэн. БНМАУ-ын аж үйлдвэрийн эдийн засгийн үр ашиг бүхэлдээ доогуур байсан. Аж үйлдвэрийн буй болсон хүчин чадлыг олигтой бүрэн, үр ашигтай ашиглахгүй байсан. Олон үйлдвэрийн газрын бүтээгдэхүүний чанар муу байсан… Үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн сахилгыг зөрчих, аж ахуйч биш ажиллах явдал өч төчнөөнөөрөө гарч байсан энэ тэрийг бүр Зөвлөлтийн судлаачид ч хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, социализм байгуулсан 70 жил, Зөвлөлтийн “тусламж”, ЭЗХТЗ дэх Монголын гишүүнчлэл энэ тэр нь энэ орныг хоцрогдлоос гаргасангүй.[i]

1980-аад онд Монголд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүд цайлган сэтгэлээр гайхацгааж байсан: энэ оронд 60 жилийн өмнө хувьсгал болсон юм бол яагаад ийм хоцрогдмол байна? Тухайн үеийн дундач зөвлөлт хүний ойлголтоор аль ч улс орон социализм байгуулаад л унавал үсрэнгүй хөгждөг гэж боддог байсан болохоор ингэтлээ гайхдаг нь аргагүй юм. Үнэхээр ч, Монгол 60 жилийн социалист байгуулалтын дараа хөгжлийн түвшнээрээ ч, амьдралын түвшнээрээ ч манай гаригийн Чад, Мали, Хаити зэрэг хамгийн хоцрогдсон улсаас ялигүй дээр, жишээ нь, Свазиленд, Парагвай, улигт Хондурас энэ тэрээс доогуур байв.[ii]

Оросын түүхч Е.Трифанов ХХ зууны Монголын тухай Монголия: Нелюбимая колония (монгол орчуулга нь “Аз жаргалтай улсын” адармаатай замнал) бүтээлдээ Монголыг СССР-ийн шоовдор колони байсан гээд бичсэн нь:

Монгол нь Зөвлөлтийн колони байсан тухайд эргэлзээ байх ёсгүй: СССР-ийн энэ орны тухайд явуулсан нийгэм, эдийн засаг, цэрэг, дипломат, соёлын бүх бодлого Их Британи, Франц, Бельги, Голланд энэ тэрийн колони орондоо явуулж байсан бодлогоос ялгарах юм тун бага. Гэхдээ нэг ялгаа, зүгээр ч үгүй маш чухал ялгаа байсан: колони орнуудынхаа үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний дарамт, эзэн орнууд дахь колонийн эсрэг хүчний өсөн нэмэгдэж ирсэн нөлөө, колони орнуудад ажиллаж байсан компаниудын эдийн засгийн өөрчлөгдсөн сонирхол энэ тэрийн улмаас Европын гүрнүүдийн колонийн дарлал байнга суларч ирсэн. СССР-ийн колони орнуудынхаа хувьд– тэдгээрт Монголын зэрэгцээ БНАГУ, Польш, Чехословак, Унгар, Болгар багтана-явуулдаг нийгэм, эдийн засгийн бодлого туйлаас тогтвортой хөшингө, хэдэн арван жилийн туршид огт өөрчлөгдөөгүй. СССР-ийн бусад колонитой харьцуулбал Монгол хамгийн шоовдор, хамгийн тоогддоггүй колони нь байсан: “энэ улс маниас холдоод хаа хүрэх юм бэ?” гэх маягтай. Жишээ нь, Их Британи өөрийн колони Сомалитай тэгж харилцаж байсан. Энэтхэг юм уу Өмнөд Африк хайртай колони нь байсан бол Сомали нь хамгийн шоовдор колони нь. Эсвэл Франц Чад-даа тэгж хандана. Бодлого нь “энэ улс онцын хэрэг байхгүй, гэвч үүнийг хааш нь хийлтэй нь билээ?!”[iii]

Эрдэнэтийн зэс молибдиний баяжуулах үйлдвэр ашиглалтад орохоор Монголын баялаг гурав дахин нэмэгдэнэ гэж сурталчилж байсан боловч яг ашиглалтад оронгуут Монгол нэмж өрөнд орж эхэлсэн. Уг үйлдвэрийг нэг тэрбум шилжих рублийн өртгөөр босгосны 500 саяыг нь Монголын тал хожим бүтээгдэхүүнээрээ төлөхөөр тохирчээ. Гэтэл байгаль ус болон ашиглалтын татвар огт төлдөггүйн дээр бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин багаар СССР худалдан авдгаас болж Монгол Улс нэмж өрөнд орон, улсын төсвөөс жилд 4050 сая төгрөг алдангид төлөх болжээ. Энэ байдал 1991 он хүртэл үргэлжилсэн.

Монгол Улсыг СССРээс гадуур худалдаа хийхийг зөвлөлтүүд зөвшөөрдөггүй байлаа. Нийт гадаад худалдааны 92 хувь нь СССРт, 6 хувь нь ах дүү гэгдэх бусад коммунист орнуудад ногдоно. Тун багаар коммунист бус оронтой хааяа хийх худалдаа нь бөөн драм болдог байв. Баруун Германтай хийх бугын эврийн наймаа, Австритай хийх өлөн гэдэсний наймаа зэрэг нь тун өчүүхэн чөлөөт валютын нөөц бүрдүүлнэ.

Ерөөсөө Монголын гадаад оронтой тогтоох худалдаа байтугай дипломат харилцааг Кремль таашаадаггүй байлаа. Никсон Хятадад айлчилсны дараа Японы ерөнхий сайд Танака Азид идэвхижсэний хүчинд Япон улстай, Брандтын “Оштполитик”ийн хүчээр Холбооны Германтай дипломат харилцаа тогтоож чадсан нь азтай учрал юм. АНУ-тай дипломат харилцаа тогтоох гэж монголчууд 1947 оноос хөөцөлдсөн боловч Кремль зөвшөөрөхгүй явсаар дөнгөж 1988 онд мөрөөдлөө биелүүлжээ. Цэдэнбал Монголын төрийг 32 жил толгойлохдоо коммунист биш Энэтхэг, Иран хоёрт тус бүр нэг удаа айлчилж дөнгөжээ. Өөр газар очих бололцоог түүнд зөвшөөрдөггүй байсан байх. Харин хөрөнгөтний коммунист намууд болон Ази Африкийн “дэвшилтэт” намуудтай харилцаа тогтоохыг зөвшөөрч Москвагаас жилд 400 мянган америк доллар шилжүүлдэг байлаа. Энэ мөнгөөр Франц, Италийн коммунист намын хандив цуглуулах наадамд төлөөлөгчдөө явуулан бэлэг сэлт өгөх, МАХНын их хуралд Ази Африкийн “социалист баримжаатай” намуудын төлөөлөгчдийг урьж зардлыг нь даах зэрэг арга хэмжээ авдаг байсаан. Харин харилцан худалдааны хувьд зөвлөлтүүд маш хатуу. Зээлдүүлсэн мөнгөөрөө өөрснөө оролцон барьж буй барилга байгууламжийн тооцооны үнэ хаана ч байхгүй өндөр. Энэ талаар маш их тоо баримт үлджээ. Модон жорлонгийн өртөг 6 мянган төгрөгөөр тооцогдон бичигддэг байсан нь багшийн жилийн цалинтай тэнцэж байна гэсэн үг. СССРт нийлүүлдэг Монголын экспортын барааг бууруулсан үнээр авч, Зөвлөлтийн экспортыг өсгөсөн үнээр худалдана. Жишээ нь, Улаанбаатар ноолуураа зөвхөн хорин хувийг бусад оронд экспортлох эрхтэй, 80%ийг нь СССРт нийлүүлэх ёстой байв. “Монгол нэг тонн ноолуурын үнэнд СССР-ээс 17000 рубль, Унгараас 36000 рубль, Японоос 85000 доллар авдаг байсан бол Англи 90000 доллар төлөхөд бэлэн байжээ.[iv] Зөвлөлтийн байгууллагуудын Монголд худалдаж авдаг махны үнэ (энэ нь Монголын экспортын үндэс байсан) СССР дэх махны үнээс гурав дахин доогуур байсан. Тухайн үед монгол сэхээтний дунд “монгол хонь хойд хилээр майлсаар хөлөөрөө гараад удаж удаж хаймран хонь болоод эргэж ирдэг” гэсэн шог яриа тархсан байв. 1991 он хүртэл Монгол, СССР хоёрын худалдааны тэнцлээр Монгол алдагдалтай байсан нь Зөвлөлтийн талын тулгасан худалдааны тэгш бус нөхцөлөөс үүдэлтэй.

2020.5.10