Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгчдийн ар гэрийнхнийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах боломжтой гэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва болон албаны хүмүүсийн хамтаар уулзлаа. Уулзалтаар хэлмэгдэгчдийг цагаатгах ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөн ярилцсан байна.

Энэ үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга М.Халтар “2018 онд Цагаатгалын хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор хамрагдаж чадахгүй байгаа иргэд ихэвчлэн хандаж байна. Тэд лавлагаа мэдээллээ авах, тусламж дэмжлэг, тэр дундаа орон сууцны тусламж дэмжлэг хүсэж байгаа асуудал нэлээн байгаа. Бид Нийслэлийн орон сууц корпорацтай цагаатгалын ажлын шугамаар гэж ярилцаад шилжүүлсэн. Энэ хүрээнд гурван хүний орон сууцны асуудлыг шийдвэрлээд байна. Мөн Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс маань дүүргүүдийнхээ салбар комиссуудтай хамтран ажиллаж байна. Улсын комисс дээр цагаатгах ажлын хүрээнд нөхөх олговор олгох ажлыг хийдэг бол Нийслэлийн комисс маань тусламж дэмжлэг, орон сууцны асуудлыг шийдвэрлэж байгаа. Харин манай дүүргүүдийн салбар комисс хэлмэгдэгчдийн төрөл төрөгсдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх, хүлээн авах, тэднийг нийгмийн үйлчилгээнд хамруулах зэрэг ажлыг хариуцан ажилладаг” хэмээн Нийслэлийн ажлын явцыг танилцуулсан. Харин Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Р.Дагва цаашид хэлмэгдэгчдийн төрөл төрөгсдөд орон сууцны дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд НОСК-аас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт квот гарган, хамруулах боломжтой хэмээх саналыг хэлж байв.

Мөн уулзалтын үеэр Цагаатгах ажлыг зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож буй тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд түүхэнд хэзээ ч мартаж үл болох хар мөр үлдээсэн их хэлмэгдүүлэлтийн үнэн түүхийг залуу хойч үедээ сургамж болгон үлдээх ажлууд хийх ёстойг онцоллоо. Мөн хэлмэгдэгчдийн музей байгуулах саналыг Манба Дацан МУЭСТ-ийн Тэргүүн, Хамба лам Д.Нацагдорж гаргасныг дэмжсэн юм.

Дашрамд дуулгахад, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хууль анх 1998 онд батлагдаж байв. Түүнээс хойш хорин жилийн хугацаанд 32 мянга орчим иргэнийг цагаатгаж, дийлэнх хэсэгт нь нөхөх олговор олгосон байдаг. Тэгвэл 2018 оны нэгдүгээр сард тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тухайн үед хилс хэргээр цаазлуулсан болон шоронд хоригдож байсан хэлмэгдэгчдэд 40-80 сая төгрөг олгохоор шийдвэрлэн, ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Зогсоол дээрээс автомашин хулгайлж арлын дугаарыг нь өөрчлөн зарахыг завджээ

Автомашин зогсоол дээрээс хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ. Өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 1-р байрны хойд талын ил зогсоол дээрээс 2719 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашин хулгайд алдсан гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Мэдээллийн дагуу тус дүүргийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжлан 2719 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашиныг тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 905 дугаарын хашааны үүднээс олжээ.

Тээврийн хэрэгслийг хулгайлсан этгээдүүд нь гэр бүлийн харилцаатай 27, настай,эрэгтэй Н.Ч , 32 настай, эмэгтэй Э.У нар нь бүлэглэн үйлдэж уг автомашины арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах зорилготой байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

Мөн хэргийн үзлэгээр эзэмшигч нь тодорхойгүй 97-82 УНД, 73-85 УНО, 07-21 УБӨ, 24-47 УНЗ , 50-93 УНЛ 25-28 УНЛ, 98-09 УНТ улсын дугаарууд хураагдсан ба эдгээр номерууд нь хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл байж магадгүй байх тул холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хурал боллоо

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хурал боллоо

Терроризмтой тэмцэх зөвлөл улирал тутамд хуралдаж дээрх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг гишүүдэд тайлагнадаг. Мөн цаг үеийн болон болзошгүй терроризмын аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлуудыг хэлэлцдэг уламжлалтай. Тодруулбал, тус зөвлөлийг Тагнуулын ерөнхий газрын дарга тэргүүлж, бүрэлдэхүүнд төрийн 19 байгууллагын удирдлагууд багтдаг.
Өнөөдөр тус зөвлөлийн 2020 оны хоёрдугаар улирлын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар гурван асуудлаар танилцуулга хийж, дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, тагнуулын байгууллагаас зэвсэг дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээр хийсэн ажлын тайлан, “Терроризмтой байгууллагын санхүүжилт”, түүний эх үүсвэр, тэмцэх асуудал, “Террорист этгээдийн харилцаа холбоонд гарч буй өөрчлөлт, чиг хандлага” зэрэг сэдвээр мэдээлэл танилцуулга хийсэн байна. Одоогоор манай улсад терроризмтой холбоотой зөрчил гараагүй хэдий ч зөвлөлийн үйл ажиллагаа нь ирээдүйд учирч болох эрсдэл, эмзэг сул байдлыг олж тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү ажиллаж байгааг Терроризмтой тэмцэх зөвлөлийн Нарийн бичгийн дарга Л.Энхбаяр онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

​ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ГАНБОЛД ТАНАА

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ГАНБОЛД ТАНАА

2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

Мэдэгдэл хүргүүлэх тухай

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулсны дагуу Монголын өдөр тутмын сонин “Өдрийн сонин” үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын Их хурлаас 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Авилгалын эсрэг НҮБ-ын Конвенцийг соёрхон баталснаар Конвенцид нэгдэн орсон бөгөөд Авлигын эсрэг тухай хууль 2006 онд баталсан болно.

Авилгалыг устгах нь бүх улсын хариуцлага байдаг бөгөөд иргэний нийгэм, төрийн албанд үл хамаарах хувь хүн, байгууллагын дэмжлэг оролцоотойгоор Ард түмний мөнгийг өөрийн болгож байгаа албан тушаалтнуудтай Монгол Улс тэмцэж байна.

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд ч Авлигатай тэмцэхэд тэргүүн эгнээнд явж байгаа гэдгийг Монголын иргэд өнөөдөр ойлгодог болсон бөгөөд “Өдрийн сонин” ч хувь нэмрээ оруулан тэмцэж байгааг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе.

Авлигатай тэмцэхэд нийгмийн идэвхитэй оролцоо нэн шаардлагатай бөгөөд авилгал оршиж байгаа, түүний үүсэх шалтгаан, цар хүрээ, учруулж аюул, хор уршигийг олон нийтэд ойлгуулан олон нийт, уншигчдаа мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх нь Өдрийн сонины нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гэж үзэж байна.

Авилгалтай холбоотой мэдээлэл эрэх, авах, хэвлэн нийтлэх эрхийн хүрээнд “Өдрийн сонин” 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг авлига, хээл хахуулийн хэрэгт АТГ-аас шалгаж эхэлжээ.” мэдээллийг нийтэлсэн бөгөөд Таны тус сонинд ирүүлсэн хүсэлтэд хариу өгөх зорилгоор “Батжин ундрах” компанийн захирал Ө.Батцэнгэлтэй ярилцлагыг хийж нийтэлсэн түүнийгээ аудио бичлэгээр хуулийн дагуу баталгаажуулсан гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

“Өдрийн сонин” Авлигатай тэмцэх нийгмийн оролцоог хангах, уншигчдаа аливаа худал, мэдээллийг нийтлээгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэе.

“Өдрийн сонин”-г аливаа худал мэдээлэл тараасан мэтээр, хууль шүүхийн бус журмаар аливаа цахим хэлбэрээр мэдээлэл тарааж байгааг бид анхааралтай ажиглаж байгаа бөгөөд энэ байдлаа өнөөдөр таслан зогсоогүй бол “Өдрийн сонин” өөрөө хууль, шүүхийн байгуулагад хандаж үнэн зөвийг тогтоолгох болно.

Хувийг: “Батжин ундрах” компанийн захирал Ө.Батцэнгэлд

МОНГОЛЫН ӨДӨР ТУТМЫН СОНИН-ӨДРИЙН СОНИН

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Улсын Их Хурлын 2020 хаврын ээлжит чуулган завсарлалаа

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулж, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар үг хэлэв.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа эхэлж, коронавирусийн цар тахал дэлхий дахиныг, түүний дотор бидний эх орон, ард түмнийг түгшээсэн онцгой нөхцөлд цахим технологи ашиглан хуралдлаа.

Дэлхийн 210 гаруй оронд тархаж, 4.0 сая гаруй хүнийг халдварлуулсан аюулт тахлаас ард иргэдээ сэргийлэн хамгаалах чиглэлээр Монгол Улсын төр, засаг онцгой хүч чармайлт гарган ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүд санаачлан “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” нэг удаагийн хууль болон “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” хууль, “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.

Эдгээр хууль тогтоомжуудын хүрээнд 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100.000 төгрөг олгохоор боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ирээдүй хойч болсон 1.1 сая хүүхэд хамрагдаж байна. Өнчин хүүхдүүдийн тэтгэмжийг 100.000 төгрөгөөр нэмж, 288 мянган төгрөг болгосноос гадна өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдийн тэтгэмжийг мөн 100.000 төгрөгөөр нэмж, 288 мянган төгрөг болгох шийдвэр гарч, хэрэгжиж эхэлснийг онцлов.

Түүнчлэн нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдийн хүнсний талоны мөнгийг 2 дахин нэмэгдүүлсэн. Нийгмийн халамжийн тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдсэн. Тухайлбал, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг байсан бол 288 мянган төгрөг авахаар болсон. Хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдэд олгодог тэтгэмж 100,000 төгрөгөөр нэмэгдсэн. Малчдын орлого болон ноолуурын салбарын худалдан авалт, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчин өрх, мал бүхий этгээдэд ноолуурын кг тутамд 20.000 төгрөгийн урамшуулал олгохоор болсныг дурдав.

Эдгээр арга хэмжээ болон нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, албан татвараас чөлөөлөх, үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох, зээл, зээлийн хүүг бууруулах, хойшлуулах зэрэг шийдвэр нь иргэнээ дээдэлсэн төр оршин байхын утга учрыг харуулсан сайн жишиг гэж бодож байна. Цаашид хямралаас сэргийлэх, уналт уруудалтыг тогтоон барих, багасгах, үйлдвэрлэл үйлчилгээг хөрөнгө оруулалт, хөнгөлөлт, зээлээр дэмжих замаар эдийн засгаа тэлэх, иргэдийнхээ амьжиргаа, айл өрхийн хэрэглээ хангамжийг хямралд нэрвүүлэхгүй байх чиглэлээр авсан эдгээр арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь нэн чухал гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан 71 удаа, Түр хороо 2 удаа хуралдаж, 124 хууль тогтоомж хэлэлцэн баталсан байна. Хорио цээр, хязгаарлалтын нөхцөлд дунджаар 66 хувийн ирцтэйгээр хуралдаандаа оролцож, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажилласныг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв. Түүнчлэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” чиглэлээр Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Төрийн аудитын тухай хуулиуд болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа-2050” хөтөлбөр зэрэг томоохон хууль, тогтоол баталсныг онцлон нэрлэлээ.

Улмаар 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 7 дахь удаагийн парламент хууль тогтоох, хянан шалгах хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн 4 жилд ээлжит болон ээлжит бус 11 чуулган чуулж, нийт 1400 шахам хууль тогтоомж батлав. Энэ удаагийн Улсын Их Хурал батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, бүтээлч парламент байлаа хэмээн Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Европын сонгодог хөгжмийн виртуал концерт анх удаа болох гэж байна

“Европын өдөр”-ийн хүрээнд цахим ертөнцөд олон арга хэмжээ болж буй. Цуврал арга хэмжээний нэг нь Шуманы тунхаглалын 70 жилийн ой, Людвиг ван Бетховены 250 жилийн ойд зориулсан Европын сонгодог хөгжмийн виртуал концерт болох гэж байна. Монголд анх удаа дижитал орчинд өрнөх уг тоглолтод өмнө нь Монголд эгшиглэж байгаагүй Европын есөн орны төлөөлөл болсон эрт эдүүгээгийн алдарт хөгжмийн зохиолчдын есөн бүтээлийг Монголын нэрт уран бүтээлчид, Морин хуурын чуулгын дөрвөл, Prima Chamber Orchestra амилуулан хүргэх юм. Тус арга хэмжээг зохион байгуулагчид “Хүчирхэг симфони, гайхамшигт вальс, сэтгэл хөдлөм сюитууд, өрнүүн удиртгал, уянгалаг аяз хөгжим хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйл болсон эрх чөлөө, энхтайван, эв нэгдлийн төлөө эгшиглэж монголчуудад хүрэх болно” хэмээн онцоллоо. Монгол улсын төрийн дууллаар эхлэх сонгодог хөгжмийн тоглолт Европын холбооны төрийн дууллаар үргэлжлэх нь. Европын Холбооны бэлгэдлийн аялгуу нь Людвиг ван Бетховены 1823 онд зохиосон есдүгээр симфонийн

Categories
мэдээ нийгэм

Хотын стандартын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа

Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт’’ зорилтот жил болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын ажлыг эрчимжүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газартай хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг 2 ангилалаар зохион байгуулсан юм. Үүнд:

Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдах түвшний 107 албан хаагчдад 04 -р сарын 27-оос 05-р сарын 01-ны өдрүүдэд зохион байгуулсан мэргэжил, арга зүйн зөвлөгөөнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Хотын стандартын баримт бичгийг мөрдүүлэх тухай” А/456 дугаар захирамжаар батлагдсан 14 төрлийн хотын стандарт, техник зохицуулалтын баримт бичгийн агуулга, ач холбогдол, түүнийг худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд хэрхэн ашиглах, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хот тохижилт, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээний чанар, стандартыг хангуулах талаар цогц ойлголт өгч ажиллалаа. Дараагийн ангилалд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа 31 байгууллагын 85 хэлтсийн дарга, удирдах албан хаагчдад 2020 оны 05 сарын 12, 13-ны өдрүүдэд 4 ээлжээр хэсэгчилэн сургалт, арга зүйгээр хангах арга хэмжээг Улаанбаатар инновацийн төвд зохион байгууллаа. Энэхүү сургалт нь дараах агуулгын дагуу явагдав.

  • Чанарын удирдлагын тогтолцоо- ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ач холбогдол
  • Хотын стандартын баримт бичгийн тогтолцоо
  • Цахим системд /www.manaikhoroo.mn/ оруулж буй зөрчлийн мэдээлэл, түүний шийдвэрлэлт
  • Хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн ашиглалт, хэрэглээ
  • “Зорилтот жилийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний биелэлтийг үнэлэх талаар” сэдвүүдээр илтгэл, харилцан яриа асуулт хариулт, туршлага солилцох хэлбэрээр үргэлжилсэн юм.

Сургалтад оролцогчдод нэг удаагийн бээлий, амны хаалт, гар ариутгагч зэргээр үйлчилж Шинэ коронавирус (Covid-19)-ын халдвараас сэргийлэх аюулгүй байдлыг хангаж ажиллав.

Categories
мэдээ нийгэм

Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй хашааг буулгахыг холбогдох албаныханд даалгалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Их Тэнгэрийн амнаас зүүн зүгт байрлах Туул голын хойд хэсэг дагуух нурж орхигдсон хашаатай газруудаар явж ажиллалаа.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан толгойн зүүн хэсэгт туслах зам дагуух явган хүний замыг сүйтгэж, хашаа татсан барилгын хашааг буулгаж цэгцлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Газар зохион байгуулалтын алба болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг өглөө.

Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Нийтийн эзэмшлийн гудамж талбайг сүйтгэж барилгын хашаа татсан асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй. Салхи шуурганд хийсч улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй хашаануудыг буулгаж, холбогдох эзэдтэй нь холбогдож стандартын дагуу аюулгүй байдлыг хангасан хашаа татах ажлыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хариуцаж ажилла. Цаг агаарын аюултай үзэгдэл болохыг сануулж байхад иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Зайсангийн туслах зам дагуух нурсан, далийсан, өнгө үзэмжгүй хотын стандарт хангаагүй эдгээр олон хашаануудыг аж ахуйн нэгжүүдтэй нь холбогдож яаралтай буулгаж стандартын шаардлагад нийцсэн хашаа хороо татах ажлыг яаралтай эхлүүл. Нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэж хашаа татсан аж ахуйн нэгжүүдийг явган хүний зам талбайг нөхөн сэргээх, тохижилтын ажлыг яаралтай хийлгэхийг үүрэг болго. Барилга барих нэрийдлээр явган хүний зам талбайг эвдэлж болохгүй” гэдгийг санууллаа.

Мөн барилгын ажлыг эхлүүлэхдээ норм стандартыг дагаж мөрдөөгүй аж ахуйн нэгжүүдэд стандартын дагуу хамгаалалтын хашааг татаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг нөхөн сэргээж тохижуулах хугацаат үүрэг өгч ажиллахыг Захирагчийн Ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга нарт даалгаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

“Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” уриан дор гэр бүлийн өдрийг тэмдэглэж байна

1993 онд Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаснаар энэхүү өдрийг анх 1994 оны тавдугаар сарын 15-нд тэмдэглэж эхэлсэн.

Олон улсын гэр бүлийн өдөр нь дэлхийн хүн ам зүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм эдийн засаг дахь гэр бүлийн оролцоог олон нийтэд сурталчилдаг ач холбогдолтой өдөр юм.

Монгол Улс 17 дахь жилдээ энэхүү өдрийг тэмдэглэж байна. Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” уриа дор дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Үүнд:

  • Монголчуудын үндэсний өв соёл болсон угийн бичгийг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуус хойч үедээ өвлүүлэх, хөтлүүлэх замаар хүн амын удмын санд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг арилгах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор угийн бичгийн тухай, түүнийг хэрхэн хөтлөх, угийн бичгийн талаарх өөрийн мэдлэгийг сорих асуулга, зөвлөмжийг боловсруулан олон нийтэд түгээн ажиллаж байна.
  • 9 дүүргийн хэмжээд Угийн бичиг хөтөлдөг, хүүхэд залуус, хойч үедээ өвлүүлэх, хөтлүүлэхэд зааж сургахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа шилдэг 27 гэр бүлийг шалгаруулан урамшуулж байна.
  • Удам судраа мэдэж Угийн бичгээ хөтөлцгөөе уриалгыг өрнүүлж 9 дүүргийн ГБХЗХХ-ээр дамжуулан цахим давлагааг үүсгээд байна.
  • Ковид 19 цар тахлын үед гэр бүлд зориулсан мэдээ мэдээллийг хүргэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Гэр бүлийн зөвлөгөө боловсрол онол аргазүйн төвөөс Олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн багш нартай хамтран Олон нийтийн гэр бүлийн боловсролд зориулсан 24 удаагийн цахим хичээлийг хүргэхээр бэлтгээд байна. Гэр бүлд тулгардаг асуудал бүрийг энгийнээр шийдвэрлэх талаар болон гэр бүлийн боловсролд тань мэдлэг нэмэхээр мэргэжлийн багш нар та бүхэнд зөвлөх юм.
  • Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ХХI-р зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хурлыг цахим байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 05 дугаар сарын 15-ны 13:00 цагаас энэхүү эрдэм шинжилгээний хурлын мэдээллийг Гэр бүлийн зөвлөгөө боловсрол, онол арга зүйн төвөөс шууд хүргэх юм.

Нийслэл хотынхоо 380,000 өрх гэр бүлд Олон улсын гэр бүлийн өдрийн мэнд хүргэе.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.15) хуралдаан 10 цаг 06 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд “Короновируст халдвар (КОВИД-19) цах тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан.

“Короновируст халдвар (КОВИД-19) цах тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2020 оны 05 сарын 06- ны өдрийн хуралдаанаас тогтоол гаргаж малчин өрхөд 2019 оны мал тооллогын малчны А дансны мэдээллийг үндэслзн ноолуурын хэмжээг “Монгол ямааны үүлдэр, омог, Ерөнхий шаардлага” (MNS 0550:2011) стандартын дагуу тооцож, нэг килограмм тутамд 20000 (хорин мянга) төгрөгийн урамшууллыг малчны дансанд шилжүүлэхээр тусгаж урамшуулалд шаардагдах 200.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлээд байгаа юм байна.

Улсын хэмжээгээр 2019 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 71.0 сая толгой мал, үүнээс 330 сум. нийслэлийн 6 дүүрэгт нийт 29.3 сая ямаа тоологдсон. Статистикийн мэдээгээр нийт 233.317 малтай өрх, үүнээс 171.610 малчин өрх, 61,707 мал бүхий этгээд байх ба мал бүхий этгээдэд 2.9 сая ямаа тоологдсон байна. Үндэсний статистикийн хорооноос малчин, мал бүхий этгээдэд А дансыг тус тусад нь хөтепж байгаатай нийцүүлэн мал бүхий этгээд уг тогтоолын дагуу олгогдох урамшуулалд хамрагдахгүй үлдэж, тэгш бус байдал үүсэхээс сэргийлэх зорилгоор Улсын Их Хурлын 2020 онь, 32 дугаар тогтоолын 3 дахь заалтын 3-т малчин өрх гэснийг Малын генетик нөөцийн тухай хуульд заасан “малчин, мал бүхий этгээд” гэж өөрчлах шаардлагатай хэмээн үзжээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа Малын генетик нөөцийн тухай, Мал, амтны эрүүл мэндийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудад тодорхойлсон нэр томъёог хэрэглэсэн ба Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгохоор, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.6-д “мал бүхий этгээд” гэж малчин өрхөөс бусад мал өмчилж байгаа хувь хүнийг ойлгохоор тус тус заасныг үндэслэсэн гэлээ.

Төсөл санаачлагчлийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, ноолуур худалдан авахад зориулах санхүүжилтийн эх үүсвэр буюу Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөгийг хэзээ шийдвэрлэх талаар тодруулав. Ч.Улаан сайд хариулт өгөхдөө, Хөгжлийн банктай гэрээ хийгдсэн, ирэх долоо хоногт санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдэнэ хэмээн төлөвлөж байгааг мэдээллээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 12 гишүүний 91.7 хувь нь “Короновируст халдвар (КОВИД-19) цах тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хуралд ирүүлсэн юм. Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Улсын Их Хурлаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн талаар тусгасан байна. Уг дүгнэлтийг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөд шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулж, зөрчил арилгах чиглэлээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5-д “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасны дагуу Эдийн засгийн байнгын хорооноос эл тогтоолын төслийг боловсруулжээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Д.Дамба-Очир нар асуулт асууж, Зам, тээврийн хөгжлийн сайдаас хариулт авлаа. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам 1520 мм-ийн царигтай, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 1435 мм-ийн царигтай байхаар төлөвлөгдсөн. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 4.1.2-т “Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтолцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байна” хэмээн заасан байдгийг дурдав. Тиймээс Зүүнбаян-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь нэг сүлжээ гэдгийг тайлбарласан. Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам өргөн царигаар тавигдана гэдгийг Б.Энх-Амгалан сайд хэллээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, салбарын сайдаас хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.