Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг 80 хувиар бууруулна

Агаарын бохирдлыг 80 хувиар бууруулна

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын инженерийн дэд бүтцийг сайжруулах, шинэ дэд төвүүд байгуулах ажлыг үе шаттай зохион байгуулж буй. Тодруулбал, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал төслүүдийн ажлын явцын талаар Нийслэлийн ИТХ-ын XXXIII хуралдаанд танилцуулсан юм.
Танилцуулгыг хүргэе.
“Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалт 70 хувьтай үргэлжилж байна

Төслийн нэгдүгээр үе шат буюу “Баянхошуу, Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд “Баянхошуу” дэд төвд барьж буй нийгмийн барилга, байгууламжийн ажлуудыг ирэх намар дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэснээр тухайн орчмын иргэд жил 10 гаруй мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсныг зогсоох юм.
Харин “Сэлбэ” дэд төвийн дулаан хангамжийн ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, 26.6 МВт хүчин чадалтай дулааны станцын бүтээн байгуулалт 65, 9.97 метр урт дулааны шугамын ажил 69, ус дулаан дамжуулах 14 төвийн бүтээн байгуулалт 62, 12.8 км урт бохир усны шугамын ажил 77, 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил 74, 320 суудалтай МСҮТ-ийн бүтээн байгуулалт 70, үерийн хамгаалалтын сувгийн ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна.
“Дамбадаржаа” дэд төвийн бүтээн байгуулалт 74 хувьд хүрчээ
Төслийн хоёрдугаар үе шат буюу “Дэнжийн мянга, Дамбадаржаа” дэд төвийн бүтээн байгуулалтыг 2022 онд дуусгах төлөвлөгөөтэй. “Дамбадаржаа” дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны 70 га талбайг хамарсан бүтээн байгуулалт өрнүүлнэ. Харин “Дэнжийн мянга” дэд төвийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10,11,12, 13 дугаар хорооны 131 га талбайг хамарсан төлөвлөлт хийх юм.
“Дэнжийн мянга” дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд 1135 метр урт хоёр эгнээ бүхий авто зам, 20 гаруй км урт шугам сүлжээ барих төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор ажлын явц 20 гаруй хувьтай байна. “Дамбадаржаа” дэд төвийн бүтээн байгуулалтын явц 74 хувьтай байна. Төслийн гуравдугаар үе шат буюу “Шархад, Толгойт” дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг 2023 онд дуусгах төлөвлөгөөтэй юм.
Дэд төвүүдийн бүтээн байгуулалтаас гадна Гандантэгчилэн хийд орчмын гэр хорооллын Орхон хэсгийг төвлөрсөн шугам сүлжээнд холбох төлөвлөгөөт ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр тухайн орчимд инженерийн бүрэн хангамжтай амины 100 гаруй орон сууцны хороолол бий болох юм. Эдгээр ажлын үр дүнд 2025 он гэхэд агаарын бохирдол 80 хувиар буурна гэж тооцоолж буй.
Categories
мэдээ нийгэм

“Баянбуурал” амралтанд 129 иргэнийг тусгаарлажээ

УОК-ын шийдвэрээр өнгөрсөн 2 өдөр ОХУ-аас монгол иргэдээ Алтанбулаг боомтоор татан авав. Тус боомтоор өчигдөр 205 иргэн эх орондоо иржээ. Тэдний эрүүл мэндийн байдалд тандалт хийж, биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авснаар:

  • 2 иргэнийг сэжигтэй тохиолдлоор Сэлэнгэ аймагт,
  • 13 иргэнийг сэжигтэй тохиолдлоор Дархан-Уул аймагт,
  • ажиглалтад 129 иргэнийг “Баянбуурал” амралтад,
  • 61 иргэнийг Орхон аймагт тус тус тусгаарлаад байгааг Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлэв. УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байр, тээврийн хэрэгслийн нөөц боломжоос хамааран ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй оюутан, иргэдийг 5 дугаар сарын 14-15-ны 08:00-21:00 цагт 2 өдөр дараалан хилээр нэвтрүүлж байгаа юм. Оюутнууд болон иргэдийг тусгай автобусаар хил дээр хүргэж өгчээ.
Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдоржийг хилээр гарахыг хязгаарлаж, бусад хэргийн 13 яллагдагчтай уулзахыг хориглолоо

МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж | News.MN

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Элбэгдоржид таслан сэргийлэх арга хэмжээ авжээ. Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, эрүүгийн хэргийн яллагдагч нар болох нэр бүхий 14 хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянажээ.

Улмаар яллагдагч Ц.Элбэгдоржид нэр бүхий 13 яллагдагч нартай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж гаргав.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Categories
мэдээ нийгэм

“Аюулгүй хот” төслийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд телекамерын ухаалаг системд түшиглэн нийслэл хотын иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах “Аюулгүй хот” төслийн танилцуулгыг нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хүргэлээ.

Тэрбээр “Аюулгүй хот төсөл нь холбогдох чиг үүргийн олон оролцогч талтай, нийслэлийг телехяналтын нэгдсэн цогц системтэй болгохыг зорьж байгаа томоохон төслийн нэг юм. Оролцогч талууд болох Замын хөдөлгөөний удирдлагын төв, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Тээврийн Цагдаагийн алба, Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар зэрэг байгууллагуудтай бодлогыг нэгтгэн төслийн хүрээнд хэв журмын телехяналтын систем болон замын хөдөлгөөний удирдлагын төвийн систем гэсэн хоёр дэд бүлгийн ажлууд хэрэгжинэ. Бид 1700 гаруй байршлаар нэг бүрчлэн судалгаа хийж одоо байгаа Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвийн телехяналтын 36 систем, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 5 систем, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн систем гэх мэт тус тусдаа хоорондын уялдаа төлөвлөлтгүй, нэгдсэн бодлого, хяналт сул, гэмтэл гарсан тохиолдолд хариуцсан байгууллага үйлчилгээ менежмент байхгүй, гэмт хэрэг, зөрчил гарсан даруйд видео дүрс харах нотлох баримт дутмаг зэрэг нь энэхүү төслийг хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл шалтгаан болж байна. Иймд “Аюулгүй хот” төслийн эхний шатанд Улаанбаатар хотын авто замын 30 уулзвар, хот хоорондын хатуу хучилттай авто зам дагуу байрлах хяналтын 7 постуудыг камержуулахаар төлөвлөөд байна. Мөн энэ тусдаа системүүдийг дахин загварчилж, ухаалаг нэгдсэн удирдлага хяналтын цогц систем бий болгоно” гэсэн мэдээллийг өглөө.

“Аюулгүй хот” төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг гурван үе шатанд хуваасан ба нэгдүгээр шатыг 2020-2021 онд хэрэгжүүлэх бөгөөд нэгдүгээр шатны ажлын хүрээнд замын хөдөлгөөний хяналтын 600 орчим камер, хэв журмын 1500 орчим камер суурилуулна гэж төлөвлөн “Нэг тархи нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх аж. Хоёрдугаар үе шат нь 2021-2022 он, гуравдугаар үе шат нь 2022-2023 онуудад тус тус хэрэгжих юм байна.

Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Д.Ядамдорж “Дэвшилтэт хот болгоход хамгийн чухал нөлөө үзүүлэх юм нь камержуулалт. Телекамерын системийг нэмэгдүүлэх нь маш зүйтэй. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад энэ нь чухал нөлөөтэй” гэсэн саналыг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Сүүлийн нэг жилийн хугацаанд мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллан тооцоо судалгаагаа боловсрууллаа. Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвд хянагддаг 3689 камераас 2100 буюу 57 хувь нь хэвийн ажиллаж, 1589 буюу 43 хувь нь цахилгаан тэжээлийн найдваргүй холболт болон шилэн кабел, тоног төхөөрөмжийн гэмтэлтэй байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын ажлыг хөнгөвчлөх зорилгоор үйл ажиллагааг нь бэхжүүлэх үүднээс хотод нэг тархи нэгдсэн системийг бий болгохыг зорьж ажиллаж байгаа. Энэ төсөл гурван үе шаттай хэрэгжинэ. Гурван жилийн хугацаанд нийслэлийг бүхэлд нь камерын хяналтад авах боломжтой болно. Аюулгүй хотын нэгдсэн системд шилжих боломж бүрдэнэ гэж харж байна. Хариуцсан албан тушаалтнууд камерын стандарт аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Бид хүн бүрийн оролцоотойгоор иргэдийнхээ аюулгүй байдлыг хангасан хот болж чадна” хэмээв.

Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, аюулгүй хот төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хууль эрх зүйн орчны судалгаа хийх, шаардлагатай журам стандарт боловсруулах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах. Мөн хэрэгжүүлэх энэ төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тэмдэглэлээр үүрэг болгосон юм.

Сүргийн түвшинд авч үзвэл бруцеллёзын халдварлалт 0.7 хувьтай байна

өн хуралдаанд нийслэлийн нутаг дэвсгэрт бруцеллёз өвчнөөр тайван үхрийн аж ахуй, нэгж, суурийг тодорхойлж, баталгаажуулах, сүрьеэ өвчний тандарт шинжилгээ хийсэн ажлынхаа мэдээллийг нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа танилцууллаа. Тэрбээр “Бруцеллёз нь бүх төрлийн мал, амьтан цаашлаад хүнийг өвчлүүлдэг зооноз халдварт өвчин. Улаанбаатар хотод анх удаа 34048 үхрийг бүрэн ээмэгжүүлж, бүртгэлжүүлж мэдээллийн сан бүрдүүлсэн. 16 аж ахуйн нэгжийн 537 толгой, 2661 өрхийн 33511 толгой, бүгд 34048 толгой үхэрт баталгаажуулах шинжилгээ хийхэд 33800 дээж сөрөг, 248 дээж эерэг үр дүн тус тус үзүүлэв. Сүргийн түвшинд авч үзвэл бруцеллёзын халдварлалт 0.7 хувьтай байна. Өрхийн түвшинд авч үзвэл 131 өрхийн 248 дээж эерэг урвалтай гарсан нь нийт шинжилгээнд хамрагдсан өрхийн 4.9 хувийг эзэлж байна” гэв.

Түүнчлэн нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Хөдөө аж ахуйн газартай хамтран “Үхрийн бруцеллёзтой тэмцэх дэд хөтөлбөр” боловсруулж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах, нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн үхрийг ээмэглэж, /шинэ төл/ бүртгэн мэдээллийн санд оруулах, бруцеллёзын шинжилгээг жил бүр хийх зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэхээр өнөөдрийн зөвлөлийн хуралдаанд танилцуулж байгаа гэдгээ онцолж хэллээ.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, дараагийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болов. Ингэхдээ холбогдох албаныханд танилцуулсан мэдээллийнхээ судалгаа тооцоог дахин нягтлан гаргаж ирэхийг үүрэг болгосон юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

​Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Дараа нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийг тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа “Их засаг” танхимаас танилцуулав.

Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж хууль зүйн техникийн талаас нь хянаж, зохих засвар, өөрчлөлтийг хийж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Мөн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолол бэлтгэснийг санал хурааж дэмжжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжиж, хуулийн төсөл эцэслэн батлагдав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг хүн амын тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ, бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцүүлэн сааруулах, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор эмнэлгийн нэн шаардлагатай үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламжийг нэгдсэн эмнэлэгт үзүүлэх, Их сургуулийн эмнэлэг, уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн эрх зүйн орчныг тодорхой болгох, эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийг үндэсний хэмжээнд нэвтрүүлж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн боломж нээгдэж байгаа аж.

Үүний дараа Улсын Их Хурлаас баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулгыг сонсов.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас өргөн барьсан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Мөнхбат, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны горимын саналыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 100 хувийн саналаар тогтоолын төслийг бүхэлд нь батлав.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Олон улсын гэрээнд цахим харилцаа ашиглах конвенцыг соёрхон батлав

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.15) нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд өөрчлөлт оруудах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулав.

Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” 32 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолоор малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, малчдын орлого болон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр 1 кг тутамд 20 000 төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрд олгохоор заасан.

Энэ үндсэн дээр Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тогтоол гаргаж, малчин өрхийн 2019 оны мал тооллогын “А” дансанд үндэслэн 1 кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгохоор тооцож, нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. 2019 оны эцсийн мал тооллогоор улсын хэмжээнд нийт 70,9 сая толгой мал тоологдсоноос 330 сум, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 29.3 сая ямаа тоологджээ.

Харин Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолд зөвхөн “малчин өрх” гэж заасан учраас мал бүхий 60 гаруй мянган этгээд хамаарагдахгүй үлдэхээр байгаа учраас тогтоолд “мал бүхий этгээд”-ийг нэмж хамруулах шаардлага үүссэнийг хууль санаачлагч илтгэлдээ дурдав. Ингэснээр уг тогтоолд нийт 203 мянга гаруй малчин өрх, мал бүхий этгээд хамрагдаж, ноолуурын урамшуулал авах юм байна.

Мөн Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдаж, уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, М.Билэгт, Л.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад хариулахдаа, ноолуурын урамшуулал 2019 оны жилийн эцсийн мал тооллогын “А” дансанд ямаа тоолуулсан өрх бүрд олгогдоно. Ингэхдээ монгол ямааны дундаж стандартыг хэрэглэж, ямаа тоолуулсан малчин өрх, мал бүхий этгээдэд бүсийн ялгаагүйгээр олгоно гэсэн хариулт өгөв.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 54 гишүүний 45 нь буюу 83.5 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Дараа нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтээр 2014 онд Улсын Их Хурлаас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг Улсын Их Хурал батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн байна гэж үзсэнийг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөр шийдвэрлэж, тогтоол баталсан.

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан дээрх тогтоолын төслийг боловсруулсан талаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав. Байнгын хороо тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдав.

Олон улсын гэрээнд цахим харилцаа ашиглах конвенцыг соёрхон батлав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. Мөн уг төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа “Их засаг” танхимаас танилцуулсан юм. Мөн Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцээд соёрхон батлахыг дэмжсэн тухай санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2005 онд 60/21 дүгээр тогтоолоор баталсан Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенц нь дэлхий нийтийн худалдаа, хамтын ажиллагааны цахим орчны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, оролцогч талуудын шууд болон шууд бус зардлыг бууруулах, хил дамнасан цахим харилцаа, экспорт, импорт, олон улсын худалдааг дэмжихэд чиглэсэн эрх зүйн бичиг баримт юм. Өнөөгийн байдлаар уг конвенцыг соёрхон батлах, нэгдэн орох, гарын үсэг зурах байдлаар нийт 24 улс хүлээн зөвшөөрөөд байгаагийн дотор манай олон талт хамтын ажиллагаатай улс орнууд болох ОХУ, БНХАУ, БНСУ багтаж байгаа бөгөөд 10 орчим улс нэгдэн орохоор ажиллаж байгаа аж.

Иймээс Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулахаар заасны дагуу уг хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улс энэхүү конвенцыг соёрхон баталснаар дээр дурдсан цахим харилцааны давуу талыг манай улсад олгохоос гадна цахим болон цаасан суурьтай мэдээллийн хэрэгслийн эрх зүйн ижил тэнцүү чадамжтай байдал, цахим гарын үсэг болон ердийн гарын үсгийн ижил тэнцүү нөхцөлийг тогтоох, цахим харилцааны баримт бичгийг илгээх, хүлээн авах, хадгалах, автоматжуулсан мэдээллийн системийг ашиглах нөхцөл боломж бүрдэх юм байна. Манай улс уг конвенцод нэгдсэнээр гишүүнчлэлийн татвар төлөхгүй, санхүүгийн ямар нэг үүрэг хүлээхгүй, конвенцыг төлөөлөх байгууллагыг дотооддоо байгуулах, түүнчлэн хэрэгжилтийн талаарх ямар нэг тайлан, илтгэл гаргах шаардлага тавигдахгүй гэдгийг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.2 хувийн саналаар Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенцыг соёрхон баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаанд дэмжлэг тухай асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат танилцууллаа.

Тэрбээр “Паркт төлөвлөсөн бусад үйлдвэрүүдийг байршуулж үйл ажиллагааг нь эхлүүлснээр 2020 он гэхэд 50 гаруй үйлдвэрийг шинээр байршуулан 1500 ажлын байрыг бий болгох боломж бүрдэх юм. Эхний ээлжинд 120 га талбайд төлөвлөгдсөн бөгөөд бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулахад улсын хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл 1.78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэх боломжтой. Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан ачаа тээврийн байршлын онцлог, давуу тал, ажлын хэсгийн санал зэргийг тус тус үндэслэн “Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв” болон “Налайх олон улсын ачаа тээврийн парк” байгуулах шаардлагатай байна” гэв.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтооно

Дараа нь хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож баталгаажуулах тухай асуудлыг хэлэлцэв. “Орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм, холбогдох стандартад заасан дээд хязгаарын хэмжээгээр тогтооход 723 нэгж талбарт 1173.2 га газарт өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон байна. Нийт 723 нэгж талбарыг газар ашиглалтын төрлөөр авч үзвэл 184 өмчлөгч, 521 эзэмшигч, 18 ашиглагч эрхтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна. Ажлын хэсгээс цэвэрлэх байгууламжийн хамгаалалтын бүсийн хэмжээг тодорхой хэмжээнд өөрчлөх саналыг оруулж байна. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламж болон алслагдсан дүүрэг, хороодод байрлах цэвэрлэх байгууламжийн эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг барилгын норм стандарт заасан дээд хязгаараар 150-500 метраас тус тус тогтоож, нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, баталгаажуулах саналыг оруулж байна” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Хотын Захирагчийн зүгээс орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийн газрыг баталгаажуулах тухай танилцуулгын төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган газрын нөхөн олговрыг тооцож, нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, газрыг баталгаажуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн шинээр төлөвлөн ашиглалтад орох цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын насос станцын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг холбогдох хууль, норм дүрмийн дагуу тогтоон төлөвлөж байхыг Хот байгуулалт, хөгжлийн газарт үүрэг болгосон юм.

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулахгүйг мэдэгдлээ

Монгол Улсад гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014 оноос эхлэн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг жил бүрийн 05 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлал тогтсон. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд хамрагдах гүйгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гүйлт сонирхогч олон мянган иргэдийн хүсэн хүлээдэг нэр хүндтэй томоохон арга хэмжээний нэг болоод байгаа билээ.

Өнгөрсөн жилийн хувьд “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 32000 гаруй гүйгчид оролцсоноос 400 гүйгчид нь гадаадын 30 орноос оролцсон байна.Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ коронавирус /КОВИД-19/ халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан 2020 онд 05-р сард зохион байгуулах “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг хорио цээрийн дэглэм дуусах хүртэл хойшлуулж байгаа талаар “Улаанбаатар марафон”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа мэдэгдэл гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

ХСҮТ-ийн зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөсөн барилгыг албадан буулгаж орц гарц нээв

Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц, гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хандсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт очиж ажиллах үеэрээ эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлж болохуйц байршлуудыг газар дээр нь үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр болон эмнэлгийн ажилчдын орон сууц хоорондох замыг чөлөөлж орц, гарц нээх үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Автозамын хөгжлийн газарт өгч байв.

Хотын Захирагчийн өгсөн үүргийн дагуу Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн баруун хойд талд таван автомашины гражийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Тухайн хэсэгт метрийн өргөнтэй явган хүний гарц, 7 метрийн өргөнтэй хоёр урсгалтай авто замыг нийслэлийн Автозамын хөгжлийн газраас тавьж тохижуулжээ. Мөн эмнэлгийн баруун урд хэсэгт зөвхөн яаралтай түргэн тусламжийн автомашин орж гарах газрыг чөлөөлж тохижуулж эхэлсэн байна.

Өнөөдөр ХСҮТ-ын зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөсөн цайны газрыг албадан буулгаж орц гарц нээж байна. Тус хэсэгт өргөтгөсөн цайны газар нь барилгыг өргөтгөх газрын зөвшөөрөлгүй, зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй аж.

Тус цайны газрыг өргөтгөсөн аж ахуйн нэгжид газрыг чөлөөлж өгөхийг удаа дараалан тавьж байсан ч хувийн өмчид халдах эрхгүй гэх хуулийн заалтаар хаацайлуулан амжилт олоогүй талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү тайлбарлаж байлаа. Тэрбээр хэлэхдээ “Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа иргэд автобусны зогсоолын хэсгээр л орж гардаг ганцхан гарцтайн улмаас яаралтай тусламжийн автомашин хүртэл орж гарахад хүндрэлтэй, цаг хугацаа алддаг. Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд хугацаат үүрэг даалгавар өгсний үндсэн дээр таван байршилд газар чөлөөлөлт хийгдэж, орц гарцыг нэмэгдүүлж байгаад эмнэлгийнхний зүгээс болон өвчтөнүүдийн ар гэрийнхний өмнөөс гүнээ талархаж байна. Олон нийтийн эрх ашиг, иргэдийн эрүүл мэндтэй холбоотой чухал асуудлыг шийдэж өгсөн хотын Захирагч С.Амарсайханд баярлалаа” гэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн таван байршилд орц гарцыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд хувийн эзэмшлээ дур мэдэн өргөтгөдөг байдлыг таслан зогсоож, зөвхөн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн автомашин нэвтрэх нэг урсгалтай замыг нээсэн. Өнөөдрийн хувьд хувийн эзэмшлээ дур мэдэн өргөтгөсөн аж ахуйн нэгжид замыг чөлөөлөх талаар мэдээлэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн зүйл хийгээгүй тул ийнхүү албадан буулгаж байна хэмээлээ.

Ийнхүү газар чөлөөлт хийгдсэний дараагаар нийслэлийн Автозамын газраас тохжилтын ажлыг гүйцэтгэх юм байна. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн баруун урд хойд болон зүүн хэсэгт 3 хэсэгт орц гарцыг нээгээд байна.

Categories
мэдээ улс-төр

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ МАН-аас РЕЙТИНГ ӨНДӨРТЭЙ УЛС ТӨРЧИД ХҮЧ ҮЗЭХ НЬ

УИХ-ын 2020 оны сонгуулийг угтаж намууд нэр дэвшигчдээ маргааш эцсийн байдлаар зарлана.

Эхнээсээ намуудаас нэр дэвшигч нар тодроод байгаа дүр зургууд гарч эхэллээ. Хотын томоохон дүүргүүдийн нэг болох Банзүрхийн дүүргийг зураглалыг харвал дараах нэр дэвшигч нар хүч үзэхээр болжээ. Тухайн дүүрэг хүн ам олонтой 28 хороотой учир хоёр тойрог болгож сонгуулийн 22 дугаар тойрогт 2, 23 дугаар тойрогт 3 мандаттай байхаар зохион байгуулсан.

Ингээд 2020 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт хүч үзэх МАН, АН-аас нэр дэвшигчдийн нэрсийг урьдчилсан байдлаар танилцуулья. Эрх баригч МАН-аас туршлагатай, хууль санаачлан батлуулах ажлаараа тэргүүлж буй УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, бие даах сураг гарч байсан ч намаасаа дэвшихээр болж буй ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаяр, тойрогтоо дахин нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Сангийн Дэд сайд Д.Булгантуяа, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн нарыг сойж буй аж.

АН-аас БЗД-ийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа, “Бридж”-ийн Д.Ганхуяг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдэгржийн хүү Э.Эрдэнэ, Жүжигчин Ж.Баясгалан, ЭМ-ийн дэд сайд асан Ж.Амарсанаа, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нар хүч үзэхээр яригдаж байна.

Дээрх намуудын нэр дэвшигч нарыг тольдвол:

МАН-аас залуу нэр дэшигч нартаа дэм болох, туршлагатай, дүүрэгт нүүр тахлах хийсэн бүтээсэн ажилтай хэмээн үзэж УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор манлайлуулж залуучуудаа дөрөө хашуулахаар болжээ. Мэдээж хийж бүтээж яваа аливаа улс төрчийг олны хэл ам дагадаг хэдий ч тэрээр төрд ажиллах хугацаандаа уул уурхай, ЖДҮ, концесс зэрэг иргэдийнхээ боломжийг хулгайлсан бизнес хийж байгаагүйгээрээ онцлог эрхэм. Тэрээр оюуны бизнесээс гараагаа эхэлснийг олон түмэн андахгүй. Боловсролын салбарт тууштай чадварлаг хүний нөөц бэлтгэдэгээрээ “Отгонтэнгэр” их сургууль хэдийн байр сууриа олсон. Олны дунд түүний эсрэг унтдаг, зурган дээр нүдээ аньсан гардаг гэсэн зорилттой акцуудыг явуулдаг нууц эзэд болох УИХ-ын хоёр гишүүн өөрсдөө уучлалт гуйж, хэрхэн санхүүжүүлснээ хүлээн зөвшөөрсөн болохоор би энэ асуудлыг орхисон хэмээн эрхэм гишүүн нэгэн тодруулгадаа хэлсэн байдаг.

Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэнгийн хувьд чадварлаг, манлайлагч эмч гэдгээрээ олны хүндэтгэлийг хүлээдэг. Тэрээр “хавдаргүй Монгол” хөтөлбөрийг санаачлан зүтгэж буй бөгөөд Монгол хүний эрүүл мэндийн төлөө бодлогын түвшинд дуу хоолойгоо өргөхөөр эрх баригч намаас квот аваад буй.

ХЗДХ-ийн Дэд сайд асан Б.Энхбаярын хувьд намынхаа бодлогыг шүүмжилж, Дэд сайдынхаа албан тушаалыг өгөх хүртэл арга хэмжээ авч байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд бие даан Дорнод аймгаас нэр дэвшинэ хэмээн яригдаж байсан. Гэвч Дорнод аймаг усалгаа, хөлийн сүлжээ, нутгийн ард түмнийхээ итгэлийг даах зэрэг шалгуур өндөртэй тул масс руу чиглэсэн акц дээрээ тулгуурланхотын томоохон дүүргийн нэг Банзүрхээс дэвшихээр болоод буй. Намын удирдлагуудаасаа уучлалт гуйн, намын зорилго, бодлого дор явна гэдгээ амлан квотоо авч буй.

УИХ-ын Б.Саранчимэгийн хувьд удаа дараа улиран сонгогдож буй эрхэм. Тэрээр цэцэрлэгт хүрээлэнг хариуцан ажиллаж байсан гэдгээрээ тодотгойлтой ч өнгөрсөн хугацаанд мэдээлэлд ойр боломжоо ашиглан ЖДҮ-аас зээл авсан гэдгээрээ танигдаад буй. МАН-ын дарга ЖДҮ, ХЭДС, Концесстой холбогдсон гишүүдээ дэвшүүлэхгүй хэмээн ам гарч байсан ч энэ удаад хэлсэн ярьснаасаа буцах болж байх шиг байна.

Сангийн сайд Д.Булгантуяагийн хувьд боловсролтой, намынхаа бодлогоор зөөлөн аядуу явдаг гишүүдийн нэг. Тэрээр энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүдийн квотод багтан тус дүүргээснэр дэвшихээр яригдаад буй.

Харин АН-аас хүч үзэх БЗД-ийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа нь муу нэр, зан авир, хийсэн ажлаараа шүүмжлүүлж хамгийн дуулиантай Засаг ноён байсан. Харин Ерөнхийлөгчид зөвлөх болсноосоо хойш ерөнхийдөө нам гүм болсон. Сураг алдарсан тэрээр өнгөрсөн хугацаанд сонгуульд нэр дэвшихээр зэхэж, улмаар тойрон хүрээлэгчдийнхээ дэмжлэгээр төр түшилцэх их ажлыг эхлүүлсэн сурагтай.

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн хувьд удаа дараа сонгогдож буй улс төрч. УУХҮ-ийн сайдыг албыг хүртэл хашиж байсан туршлагатай нэгэн. Харин түүний хүүхдүүд элдэв хэрэг төвөгт орооцолдож аавынхаа чихийг халууцуулан хэвлэлээр шуугисан нь бий. Намынхаа санхүүжүүлэгчдийн нэг тэрээр энэ удаад квотоо авсан бололтой.

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн хувьд сүүлд л гэхэд муу эр дайнд хөөрнө гэж Коронагаар шоу хийгээд авсан. Тэрээр эрүүүл мэндийн салбарт ажиллах хугацаандаа ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн шүүмжлүүлж байсан. Төрийн жинхэнэ хүн гэхээсээ олонд таалагдах өнцөгийг хайдаг нэгэн болсон гэж түүнийг цаххим орчинд ярих нь бий.

Хамгийн сонирхолтой хувилбар бол ЕТГ-ын даргын албан тушаалаа өгсөн улс төрч З.Энхболд. БЗД түүний энэ удаагийн сонголт уу, баянзүрхчүүдийн сонголт З.Энхболд уу гэдгийг цаг хугацаа харуулна. Хот түүнд халгаатай гэдэг. Өмнөх сонгуулиар Баянголчууд түүнийг унагааж байсан удаатай. Гэтэл сар гаруйн өмнө тэрбээр “Би энэ удаад Баянгол дүүргээс биш Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж, МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой үзнэ” гэж мэдэгдэж байсан бол одоо Баянзүрхийг онилсон нь хачирхалтай гэмээр. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Дархан руу хүч үзэхээр яригдаж буй.

Сонирхуулахад өмнөх 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргээс 6 гишүүн тодорсноос МАН-аас нэр дэвшсэн Ж.Энхбаяр, Б.Батзориг, Д.Оюунхорол, Б.Саранчимэг нар АН-аас Ж.Батзандан, бие даагч С.Жавхлан нар сонгогдсон билээ.