Categories
мэдээ улс-төр

МАН нэр дэвшигчдээ маргааш албан ёсоор зарлана

МАН сонгуульд нэр дэвшигчдээсээ хандив, дэнчингийн мөнгө авахгүй

МАН-ын Бага хурлын VI хуралдааныг нээж тус намын дарга У.Хүрэлсүх үг хэллээ. Тус хурлыг УИХ, Засгийн газрын гишүүн Ө.Энхтүвшин, дэд даргаар Д.Болормаа нар удирдан явуулна. Энэ удаагийн хурлаар зохион байгуулалт, нэр дэвшүүлэх, эрх шилжүүлэх гэсэн гурван асуудал хэлэлцэх болсныг Бага хурлын VI хуралдаан даргалагч Ө.Энхтүвшин танилцууллаа. МАН нэр дэвшигчдээ тодруулахаар хаалттай хуралдаж эхэллээ. Нэр дэвшигчдийг маргааш буюу 17-ны ням гаригийн 11:00 цагт албан ёсоор зарлах ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Бямбасүрэн: Хоёр ширхэг ECMO аппарат захиалсан. Хараахан ирээгүй байна

-ОДООГООР МАНАЙД НЭГ Ч ШИРХЭГ ECMO АППАРАТ АЛГА-

Манай улсад ECMO аппарат нэг ч байхгүй. Энэ аппарат бол амьсгал дутагдлын үед уушги орлох, зүрхний дутагдлын үед зүрх орлох чухал үүрэгтэй төхөөрөмж юм. Гэтэл дэлхий нийтийг айдаст автуулаад буй энэ цар тахлын үед хамгийн хэрэгтэй зүйл бол уг ECMO аппарат гээд байгаа. Манай Засгийн газраас бараг хоёр сарын өмнө энэхүү аппарат авах хөрөнгө мөнгийг нь шийдэж гаднаас захиалж авах үүргийг Эрүүл мэндийн яаманд өгөөд буй. Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээс тодруулсан юм.


-Цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас эрүүл мэндийн салбарт зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авч өгч байна. Ингэснээр тоног төхөөрөмжийн хувьд нэлээд чадавхижлаа гэж хэлж болох уу?

-Дэлхий нийтэд шинэ коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас нэлээдгүй арга хэмжээг авч байна. Үүнд Засгийн газрын нөөцөөс хөрөнгө мөнгийг нь шийдэж бидэнд хамгийн нэн тэргүүнд шаардлагатай байгаа амьсгалын аппаратуудыг авч байна. Яагаад гэвэл энэ өвчин ялангуяа уушгийг сонгомолоор гэмтээдэг учир уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэлтэй байгаа тул амьсгалын аппаратаар тухайн хүний амьсгалыг дэмжих шаардлагатай. Тэгэхээр энэ тал дээр Монгол Улсын Засгийн газраас эхний ээлжийн арга хэмжээнүүдийг аваад явж байна. Өнөөдөр Монгол Улсад 400 гаруй амьсгалын аппарат хэрэглэгдэж байна. Сая 72 аппаратыг шинээр авсан. Дахиад 400 гаруй аппарат авахаар төлөвлөсөн.

-ECМО буюу уушги орлуулах аппаратыг захиалаад авчихсан уу?

-ECМО аппаратыг бас хоёр ширхэгийг авахаар гэрээ хэлцэл нь хийгдээд нийлүүлэгдэхэд бэлэн болж байна.

-ECМО аппаратыг нэлээд дээр авахаар ярьж байсан. Тэрийгээ авчихаад дахиад авахаар ярьж байна уу. Одоо л авах гэж байна уу?

-Дэлхий дахинд амьсгалын аппарат болон ECМО аппаратын хомсдолд орчихсон байна. Хэрэгцээ, шаардлага нь өссөн учраас. Тэгэхээр тодорхой цаг хугацаа орж байна. Гэхдээ ямар ч байсан Монгол Улс амьсгалын аппарат нэмж авч байна. ECМО аппаратаар хангагдана гэсэн үг.

-ECМО аппарат яг одоогоор байхгүй юм байна. Тийм үү?

-Яг одоогоор байхгүй. Ирээгүй байна. Захиална, үйлдвэрлэнэ гээд порцедуртай байна.

Халдвар тархаад таван сарын нүүр үзэж байна. Гэтэл манай улс халдварын эмчилгээнд хамгийн чухал нөлөө үзүүлэх ECMO аппарат нэгийг ч оруулж ирж амжаагүй сууж байдаг.

Ямартаа ч албаны эх сурвалжаас авсан мэдээллээр бол уг аппарат ирэх долоо, наймдугаар сараас нааш ирэхгүй бололтой.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр сонгуульд оролцох нам, эвслүүдийн нэр дэвшигчид тодорно

2020 оны сонгуулийг томосгосон можаратор тогтолцоогоор явуулах ...

УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүдийн нэр дэвшигчдээ тодруулах хугацаа өнөөдөр дуусна. МАН-ын Бага хурал 11.00 цагаас, АН-ын Үндэсний бодлогын хороо 12.00 цагаас, МАХН-ын Бага чуулган 16.00 цагаас тус тус хуралдана.

УИХ-ын сонгуульд дараа 15 нам, дөрвөн эвсэл оролцохоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ нэрсийг өнөөдөр 00.00 цагаас өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх ёстой. Мөн өнөөдөр УИХ-ын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх хуулийн хугацаа дуусч байна. Бие даан нэрээ дэвшүүлсэн хүмүүс өнөөдөр СЕХ-нд холбогдох материалуудаа хүлээлгэн өгөх ёстой.

УИХ-ын сонгуульд оролцох намууд:

  1. Эх орончдын нэгдсэн нам
  2. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  3. Их эв нам
  4. Зон олны нам
  5. Дэлхийн монголчууд нам
  6. Ардчилсан нам
  7. Ард түмнээ хайрлая нам
  8. Ард түмний нам
  9. Хөгжлийн хөтөлбөр нам
  10. Монголын ногоон нам
  11. Монгол ардын нам
  12. Эх орон нам
  13. Ардчилал шинэчлэлт нам
  14. Ард түмний олонхийн засаглал нам
  15. Гэр хороолол хөгжлийн нам

УИХ-ын сонгуульд оролцох эвслүүд:

  1. “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл (Монгол консерватив нам, Монголын хүний төлөө нам)
  2. “Та бидний эвсэл” (Монгол ардын хувьсгалт нам, Иргэний зориг ногоон нам Монголын уламжлалын нэгдсэн нам)
  3. “Шинэ” эвсэл (Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв нам, Монгол үндэсний ардчилсан нам)
  4. “Зөв хүн электорат” эвсэл (Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй ёс нам)
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Шинэ коронавирусийн халдварын тохиолдол 135 боллоо

ЭМЯ-наас “COVID-19”-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлалаа. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ОХУ-аас тавдугаар сарын 14-нд ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрлээ. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 78 хүний 17 нь хүндэвтэр, 39 хүн дунд зэрэг, 22 хүн хөнгөн байна. Мөн эдгээр иргэний дунд хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн байна” гэлээ. Монгол Улсад батлагдсан шинэ коронавирусийн халдварын тохиолдол 135 боллоо.

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засагч Д.Батмөнх: Эрдэнэт хот руу Улаанбаатарын иргэд олноороо нүүх цаг ирж байна

Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх асан, Шинэ намын дэд дарга Д.Батмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хүмүүс төдийлөн анзаарахгүй байгаа нэг зүйлээс яриагаа эхэлье гэж бодлоо. Энэ сарын 25-наас эхлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Орхон аймаг хотын статустай болно. Та бол Эрдэнэтийн ирээдүйн хөгжлийн талаар тодорхой байр сууриа илэрхийлдэг хүн. Эдийн засагч хүний хувьд Эрдэнэт хотын статустай болсноор ирээдүй нь хэрхэн өөрчлөгдөх бол. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг эрдэнэтчүүд хэрхэн ашиглах ёстой вэ?

-Эрдэнэтчүүд үүнийг өөрсдөдөө маш том боломж нээгдлээ гэж харах ёстой. Гарааны цоо шинэ нөхцөл гэж ч болно. Монголчууд бид бие дааж хот байгуулаад явсан түүх хэзээнээс юм. Улаанбаатарын хувьд Өргөө хотоос эхлэлтэй гэхээр 360 жилийн өмнө үү? Үнэндээ яг хот шиг төлөвлөлт хийж, хөгжүүлж эхэлсэн нь гэвэл 1960 он шүү дээ. Улаанбаатар хотын төлөвлөлтийг Оросууд хийсэн. Цахилгааны эх үүсвэр, дулаан, цэвэр бохир усны сүлжээ, орон сууцны хороолол… гээд нарийн төлөвлөсөн. Ингээд 1960 оноос хүн амыг хүчээр төвлөрүүлсэн. Хотод ирж суурьшсан хөдөөнийхөн саяхан л “Хотод ёстой бүтэхгүй, эрх чөлөө алга, бүх юм нь үнэтэй, хар ус нь хүртэл үнэтэй шүү…” гэж ярьдаг байлаа. Ингэж явсаар ерэн онтой залгаж оросууд манайхаас гарсан. Тэрнээс хойш л монголчууд өөрсдөө бие дааж удирдлаа. Өнөөдөр хар даа, хот төлөвлөлт утгаа алдсаныг. Ямар ч төлөвлөлтгүй болсон. Улаанбаатар хотын өнөөдрийн төлөвлөлт дандаа иргэддээ тулгалт хийсэн байдалтай хийгдэж байна. Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр тулгалтад орж хүчээр шийдээд явчихсан. Ядах нь ээ гуч дөчин жилээр алсыг харж,ухаалгаар шийдсэн юм ерөөсөө байхгүй. Туул голын эх ширгээд, усны эхгүй болбол сая гаруй хүнтэй энэ хот яах вэ? Үе үеийн хотын удирдлагууд гэх хоёр намын хэсэг нөхөд нийслэлийн ИТХ-д талцаж орж ирээд, хотыг гишгүүр болгон Их хуралд дэвшдэг шат дамжлага болсон. Ер нь бол хотыг төрийн эрх мэдэлд хүрэх суурь л болгож ирсэн. Уг нь хотын захирагч гэдэг бол цэвэр аж ахуйн ажил шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотын энэ гашуун туршлагыг одоо хотын статустай болж байгаа эрдэнэтчүүд давтаж болохгүй. Эрдэнэт хотыг өнөөдрөөс эхлэн хот шиг хот болгон хөгжүүлэх хэрэгтэй.

-Ганц Улаанбаатараа хот шиг хот болгож чадаагүй байхад дараагийн хоёр хотын асуудал бослоо. Алдааг давтахгүй байхын тулд яг яаж төлөвлөх вэ. Монгол архитекторууд, инженерүүд, эдийн засагчид… бусад олон салбарын хүмүүс анх удаа бие даан, гардан энэ хоёр хотыг хөгжүүлэх цаг ирж байх шиг байна?

-Эхний асуудал бол хот төлөвлөлт анхнаасаа буруу хийвэл зардал өндөр гарна. Өндөр зардал хотыг босгохгүй, хөгжлийг удаашруулна. Хотын эдийн засаг гэдэг бол өөрийн татвараараа санхүүжээд, хотын иргэд өөрөө өөрийнхөө чадах юмаа хийж, орлого олж амьдралаа залгуулахыг хэлээд байгаа юм л даа. Эрдэнэтийг хот шиг хот болгохын тулд наад зах нь хүн амын тоо нь 250-300 мянга хүрэх ёстой. Монгол Улсын төсвийн 60-70 хувийг дангаараа үүрч ирсэн Эрдэнэт үйлдвэр нь одоо нарийвчилсан судалгаагаар дахиад 60 жилийн нөөцтэй нь батлагдсан. Жаран жилийн дараа Эрдэнэт үйлдвэрийн нөөц дууссан үед Эрдэнэт хот өөрөө өөрийгөө хангалттай аваад явж чаддаг болсон байх ёстой. Ингэж алсыг харж, бодлоготой, ухаалаг төлөвлөх нь хотын гэрэлт ирээдүй юм. Аль болохоор Эрдэнэт үйлдвэрийн үр өгөөжийг Эрдэнэт хотод үлдээж чадах юм бол үнэ цэнэтэй хот бий болно. Эрдэнэт үйлдвэр өөрөө асар олон бүтээгдэхүүнүүдийг худалдаж авдаг. Тусгай зориулалтын тоног төхөөрөмж, машин механизм, нефть, химийн бүтээгдэхүүн зэрэг дотоодоос нийлүүлэх боломжгүй зүйлс бий. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг импортоор аваад,бусад хэрэгцээт бараа материалуудыг Эрдэнэт хотын иргэд өөрсдөө жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх замаар үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой. 2019 онд Эрдэнэт үйлдвэр нэг их наядын ашигтай ажилласан байна. Эрдэнэт үйлдвэрийн ашгийн 20 хүртэл хувийг эрдэнэтчүүдэд үлдээнэ гэж тооцоолбол 200 орчим тэрбум төгрөг. Энэ хөрөнгөөр Эрдэнэт хотын гэр хорооллыг дэд бүтэцтэй холбох, үйлдвэр тойрсон жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтад зарцуулах хэрэгтэй. Цаашлаад хотын газар нутгийг хааш нь тэлэх үү гээд бодлогын олон асуудал, хөгжлийн олон төлөвлөгөө яригдана. Эрдэнэт хотынхон Эрдэнэт-Булганы цахилгаан түгээхээс цахилгаанаа авч байна. Дулаан, бохироо бол дотроо шийдсэн. Цэвэр усны асуудал байхгүй. Эрдэнэт үйлдвэрт 6500 шахам хүн ажиллаж, тэдний ар гэр гээд тооцоолбол хүн амынх нь 30 шахам хувь нь тус үйлдвэрээс амьдралаа залгуулж байгаа юм.

-Эрдэнэтчүүдийн хувьд дан ганц үйлдвэрээ хараад сууж болохгүй нь тодорхой. Эргэн тойронд нь эдийн засгийн маш их нөөц боломж байгааг та бас ярьдаг?

-Хүн амын тоогоо механикаар нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэдэг нь бас нэг хөгжлийн төлөвлөгөө. Эрдэнэт хотын ойр орчмын сумдыг хотын дүүрэг болгоод авч болно. Зэргэлдээ аймгууд байгаа шүү дээ, тэдгээрийн сумдаас. Жишээ нь, Жаргалантыг хотын үр тариа, хүнсний ногооны ханган нийлүүлэхээр зохион байгуулж болно.Өөр нэг сумаас дан махны нийлүүлэлтээ авах ч юмуу, энэ мэтчилэн төлөвлөчих юм бол Эрдэнэт хот нэг их зоволгүйгээр өөрөө хөгжөөд явчихна. Дархантай харьцуулахад Эрдэнэт хурдацтай хөгжих боломжтой. Тогтвортой үйл ажиллагаа явуулж буй дэлхийн хэмжээний үйлдвэртэй учраас. Зэргэлдээ байгаа Дархантай харьцуулахад эдийн засгийн чадамж асар их. Дарханы иргэдийн дэргэд эрдэнэтчүүдийн орлого нь хуримтлал үүсгэх хэмжээнд байгаа. Ийм боломж байгааг Дарханд орон сууц барьж байгаа захын нэг компанийн захирал батлан хэлдэг. Эрдэнэтийн иргэдийн худалдан авах чадвар Монголдоо дээгүүр орох хэмжээнд байгаа шүү дээ.

-Дэд бүтцийн хувьд Эрдэнэт эрт холбогдсон. Энэ нь бас л нэг том боломж юм даа?

-Мэдээж замын асуудал чухал. Төмөр зам бол асуудалгүй. Авто зам болохоор наана нь Дарханы зам гэж үйлтэй юм байна. Эрдэнэтээс сонгогдсон Их хурлын гишүүдийг гайхаад байдаг юм. Тийм сэтгэлгүй юмуу, эсвэл толгой нь ажилладаггүй юмуу, бүү мэд. Дашинчилэнгийн засмал замыг Булган аймгийн замтай холбоход ердөө 100-хан км замын асуудал байна. Тэр хүртэлх 100 км зайг холбочихооч дээ. Нөгөө нэг их наядын ашгаасаа 100 тэрбум төгрөг гаргаад шийдэх асуудал. Дарханы замын ОУ-ын транзитын ачаалал хөнгөрнө. Булган Эрдэнэт цаашлаад Хөвсгөл аймгийн замын асуудлыг шийднэ. Тээвэр хямдарна. 100 км-ийн тээвэр хямдрахаар бараа бүтээгдэхүүний үнэ хямдарна. Иргэдийн халааснаас гарч байгаа бензиний мөнгө хэмнэгдэнэ. Дэд бүтэц байгуулаад байгаагийн давуу тал энэ шүү дээ. Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд хоёр талаар явах засмал замтай болоход ердөө 100 км замын асуудал л байгаа юм. Үүнийг үе үеийн Их хуралд сонгогдсон гишүүд яагаад анхаарч ирээгүйг гайхаад байдаг юм. Дээрээс нь төмөр замтай. Ингээд дэд бүтэц дээр ямар ч асуудалгүй болж байгаа юм. Цааш нь сэтгээд ажил болговол Орос руу экспорт хийх үйлдвэрүүдыг Эрдэнэтийн бүсэд барьж эхлэх хэрэгтэй. Зэргэлдээ шахуу байгаа 7 сая хүнтэй Эрхүү муж руу бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломжтой. Үндсэндээ Эрхүү хавийн өргөн хэрэглээний барааг Москва хавиас хангахад Эрдэнэтээс нийлүүлснээс өртөг өндөр гарна. Тэдний хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Эрдэнэтээс шууд төмөр замаар хойшоо гаргана гээд төлөвлөлтөө эхнээс нь маш нягт нямбай хийгээд, дотоод эдийн засгийн чиглэлээ хараад, дараа нь экспортын чиглэлийн юмнуудаа нэмээд өгвөл Эрдэнэт хот болсныхоо хэргийг хийнэ, том хот болно. Хоржоонтойхон хэлбэл, Улаанбаатарын иргэд Эрдэнэт хот руу тэр чигээрээ нүүнэ.

-Эдийн засгийн энэ мэт өөдрөг хөшүүргүүдийг хийхийн тулд нэн тэргүүнд хууль эрх зүйн зохицуулалт маш чухал. Шинэ хуулиуд гарах хэрэгтэй болно?

-Тэгнэ. Үндсэн хуулийг дагаад засаг захиргааны нэгжийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд заавал өөрчлөлт орж таарна. Хамгийн том хэрүүл өнөө газрын үнэлгээ болно доо. Одоо энэ Улаанбаатарыг харахгүй юу. Газрыг маш бодлоготойгоор эхнээс нь хийхгүй бол хот гэдэг их айлд газар хамгийн том асуудал болохыг бид харж байна. Дэлхийн хотуудаас харж байна. Газрыг яаж үнэлэх юм бэ гэдгээс эхлээд хуулинд заавал тусгах ёстой асуудлууд гарч ирнэ. Хэдэн дүүрэгтэй болохоос эхлээд Хотын захирагчийн статус бүгд хуулиараа маш тодорхой байх ёстой. Улаанбаатарын хувьд харахад дүүрэг, хороо, хэсэг… гээд тэр чигээрээ улс төрийн намын дэд бүтцүүд бий болчихсон. Дандаа улс төрийн намаар донтчихсон, хоол олох хэрэгслээ болгочихсон хүмүүс байгааг та бид харж байна. Энэ бүх муу зүйлийг хуулиар хязгаарлах хэрэгтэй. Тэгэхээр цоо шинэ хувилбарыг Эрдэнэт дээр турших болж байгаа юм. Жишээ нь, эрдэнэтчүүд өнөөдөр оршин амьдарч буй 100 мянган хүн дотроосоо яг унаган Эрдэнэтэд төрж өссөн, хотынхоо амьдралыг арван хуруу шигээ мэддэг, чин сэтгэлээсээ санаа тавьдаг, аж ахуйн ажлаа сайн мэддэг хүнийг олж хотын даргаараа сонгодог тийм хуулийн зохицуулалттай болох ёстой юм. Тэгж байж тэр хотын захирагч аль нэг намын даргын нөлөөнд бус ажиллана. Яагаад гэвэл түүнийг намаас сонгоогүй, Эрдэнэт хотын иргэд сонгосон учраас тэр бүгдийг иргэдээсээ асууна, иргэддээ ажлаа тайлагнана, иргэд нь түүнд сайн, муу дүнгээ тавина. Орон нутгийн нэг онцлог нь нэгнийхээ сайн мууг алган дээрээ тавьсан юм шиг мэддэг нь сайхан. Энэ мэтээр Эрдэнэт хотын ирээдүйг харахад их тодорхой харагдаж байна.

-Эрдэнэт албан ёсоор хотын статустай болохоор хажууд нь байдаг Булган аймгийн хувь заяа улам л бүрхэг болох нь?

-Тэр бол булганчуудын асуудал. Шулуухан хэлэхэд Булган аймагт хөгжил ирэхгүй байгаа шалтгаан Эрдэнэт шүү дээ. Хажууд нь, 60 км зайд ийм том хот байхад Булганы иргэд том зах зээл рүүгээ шавна, том эдийн засгаа л дагаж амьдарна. Алдартай Сайханыхаа айргийг Эрдэнэт хотод аваачиж зарах нь илүү ашигтай байна биз дээ. Тийм болохоор тус аймгийн харьяанд байдаг, Эрдэнэт хотын ойр орчмын сумдыг Эрдэнэтэд нэгтгээд, нэг нэг дүүрэг болгоод явахыг ч үгүйсгэхгүй. Зах зээлийн өөрийнх нь зохицуулалт хар аяндаа хууль төрүүлдэг. Гэхдээ энэ бүхэн Эрдэнэт хотын ирээдүйн хөгжлийн талаарх зөвхөн миний концепци. Энэ бүх ажлууд хууль дүрмийн дагуу хийгдэж, эрдэнэтчүүд нийтээрээ нэг зүгт харан алхаж байж ирээдүйн Эрдэнэт хотыг Улаанбаатараас том хот болгож хөгжүүлнэ. Энэ нь гэхдээ нэг их хол, хэдэн арван жилийн дараахь асуудал биш юм. Хууль эрх зүйн зөв зохицуулалттай, зөв хандлагатай байх юм бол угаасаа ажилч хөдөлмөрч, олон газраас цуглаж, онцгой сайн генийн цуглуулга бүрдсэн эрдэнэтчүүд маань Монголдоо хөгжлийн түүчээ болох нь гарцаагүй л дээ.


Categories
мэдээ нийгэм

Гадаадад гацсан иргэдийн төлөөлөл Ерөнхийлөгчид хандан нэвтрэх тусгай зөвшөөрөл хүсчээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарыг зорилоо

Цар тахлын улмаас гадаад орнуудад гацсан иргэдийн төлөөлөл Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтэд:

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танаа

2020 оны 5-р сарын 16-ны өдөр

“Хилээр нэвтрэх тусгай зөвшөөрөл хүсэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай”

Монгол төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийн баталгаа болсон танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Дэлхий даяар тархсан халдварт цар тахлын улмаас дэлхийн улс орнууд өөрийн иргэдээ яаралтай эх орондоо ирэх хугацаатай үүрэг өгч, иргэдээ бүрэн татан авсан бөгөөд үүний дараа агаарын болон бусад хил гаалиа бүрэн хааж, хатуу хөл хорио тогтоон цар тахалтай тэмцэж байна.

Манай улсад бүртгэгдсэн анхны тохиолдолтой хамтатган Улсын онцгой комиссоос яаралтай бүх хилээ хаан, богино хугацаагаар гадаад улсад эмчилгээ, сувилгаа, сургалт, амралт, ажлын зорилготой явсан иргэдээ гадаадад 70-90 гаруй хоног байлгаж байгаа ба олон мянган иргэд, хүүхэд, хөгшид, хөгжлийн ялгаатай иргэд харь оронд орох оронгүй, ажлын байргүй, амьжиргааны зардалгүй, идэх хоолгүй өдөр хоногийг өнгөрөөж байна.

2020 оны 5-р сарын 15-ны өдрийн байдлаар эх орондоо буцах хүсэлтэй 10,900 орчим иргэн 57 улсаас хүсэлтээ илгээгээд байгаа. Гэвч иргэдийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож байгаа бөгөөд Улсын онцгой комиссоос гарч буй аливаа шийдвэр нь сонгуульд чиглэсэн, сонгуультай уялдсан байх талаар байнга ярьж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Сард 800 орчим иргэнээ татан авбал сүүлийн иргэд жилийн дараа эх орондоо ирэхээр харагдаж байгаа ба эх орон боломж бололцоогоороо хүнээ авч байна, тусгаарлах байргүй, эмнэлгийн хүрэлцээгүй гэх шалтгаанаар ямар ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаад туйлын их харамсаж, цөхөрч, туйлдаж байна.

Гадаад улсуудад удаан хугацаагаар өөрийгөө болон үр хүүхдээ аргацааж буй иргэдийн хувьд нислэг хэт өндөр үнэтэй, тусгаарлах байрны төлбөр үнэтэй зэргээр зарим хүний хувьд үнэхээр хүнд нөхцөл байдалд орж байна. Ганцхан жишээ дурдахад Унгар улсаас буцах хүсэлтээ Элчин сайдын яамаар дамжуулан өгсөн 190 гаруй иргэнээс 38 нь тавдугаар сарын 2-ны өдрийн УБ-Франкфурт-УБ чиглэлийн нислэгт багтах шаардлага хангасан боловч тэдний 25 нь хэтэрхий үнэтэй онгоцны тийзийн зардал, тусгаарлах байрны зардал зэргээс үүдэн хүсэлтээсээ татгалзахад хүрлээ.

Монгол Улс НҮБ-ын жинхэнэ гишүүн, олон улсын маш олон гэрээ конвенцод нэгдсэн бөгөөд уг гэрээ, үүргийнхээ дагуу өөрийн иргэнээ дайн тулаан ч бай, цар тахал ч бай авах ёстой. Иргэд бидэнд Монгол Улсын хил үргэлж нээлттэй байх ёстой. Энэ улсын иргэн болсон бид эх орондоо очих эрх нь азын сугалаа ч биш, арын хаалга ч биш, өндөр үнэтэй тасалбар ч байх ёсгүй ээ. Наян настай буурайг далан настай буурайгаар сольж нисгэх нь сонголт биш доромжлол гэдгийг эрхэм та юу эс андах билээ.

Бид монгол хүмүүс. Монголын төр дэндүү бүдүүлгээр бидний эрх ашгийг боож, дарангуйлж байна. Зөрчигдсөн эрхийнхээ төлөө тусгаар улсынхаа Элчин сайдын яаманд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийнхээ эрхийг бүдүүлгээр зөрчиж, хавчин, хяхаж байна. Японд, Европын холбооны улсуудад монголчууд байрлах байргүй, идэх хоолгүй болж, эхнээсээ гудамжинд гарч байна.

Уг вирусээс урьдчилан сэргийлэх вакцин гарах, үйлдвэрлэж, тарилга эхлүүлэх хугацааг 2021 оны зургаадугаар сараас гэж байгаа бөгөөд тэр хүртэл хүлээвэл гадаадад байгаа иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч, хэчнээн хүн өвчнөөр болон бусад зүйлсээр эндэхийг тааварлах аргагүй байна. Нөхцөл байдал цаашид улам хүнд болно. Жишээ нь, ОХУ-аас ирсэн 340 гаруй оюутнаас 55 нь халдвар авсан байгаа нь үүний тод илрэл билээ.

Иймд бидний зүгээс Танд дараах саналыг уламжилж байгаа бөгөөд таныг уг саналуудыг бодитойгоор тунгааж, эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг сэргээж өгнө гэдэгт бат итгэж байна. Үүнд:

  1. Монголын зочид буудлуудын холбоо ТББ-аас 2020 оны 5-р сарын 4-ний өдөр А-20/39 тоот албан бичгээрээ иргэд тусгаарлах байрны сонголтоо өөрөө хийх, үнийг чөлөөтэй байлгах боломж олговол тусгаарлагдах байрны нөөц хангалттай бий гэсэн бөгөөд тусгаарлагдах байрыг иргэдийн боломжоор сонголттой болгох, мөн урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан тусгаарлах байрыг нэмэгдүүлэх талаар судлах, улсаас тусгаарлах байрны төлбөрийн тодорхой хувийг даах
  2. БНСУ уг цар тахлыг амжилттай даван туулж байна. Иймд БНСУ-д байгаа иргэдээ чөлөөтэй авах. Уг иргэд нь транзит бус зөвхөн удаан хугацаагаар БНСУ-д байгаа, мөн шинжилгээнд хамрагдсан байх.
  3. Транзит нислэгийн давтамжийг нэгтгэж, вирусийн тархалт өндөртэй улсаас ирсэн болон тархалт багатай улсуудыг тус тусад нь тээвэрлэх
  4. Богино хугацаагаар гадаадад зорчсон иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  5. Удаан хугацаагаар хөл хорионд байсан иргэдийн нислэгийн тийз хэт өндөр үнэтэй байгаа тул иргэд газраар хил нэвтрэх зэрэг хүсэлтүүд гаргаж байна. Цар тахалтай холбоотойгоор газраар удаан хугацаанд зорчих нь вирусийн халдвар авах магадлалтай тул онгоцны тасалбарын тодорхой хувийг төрөөс даах

Бидний хүсэлтийг хүлээн авч яаралтай шийдвэрлэж өгнө үү.

Хүндэтгэсэн

Гадаадад гацсан, Монгол Улсын 10,900 орчим иргэн болон тэдний ар гэр болсон мянга мянган монголчуудын төлөөлөл гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Философийн ертөнцөөр аялагтун

Хүн төрөлхтний бүтээн бий болгосон олон үнэт зүйлсийн нэгийг философийн шинжлэх ухаан гэж боддог. Философи бол ухаант хүмүүний мэдлэг хийгээд сэтгэлгээний хамгийн эртний хэлбэр билээ. Энэ тухай дунд сургуулийн хичээл дээр та бүхэн үзсэн биз. Саяхан ШУА-ийн Философийн хүрээлэнгээс нэгэн сонирхолтой ном хэвлэгдэн гарсан нь “Философийн үндсэн мэдэгдэхүүн” гэх бүтээл байв. Уг номын зохиогч философийн ухааны доктор С.Соёлмаа номын өмнөх үгэндээ “Философи бол ХҮН хэмээх мөнх бус амьтны бурхнаас өгсөн цорын ганц эрх чөлөө юм. Философийг танин мэдэх нь бид өөрсдийгөө авч үзнэ гэсэн үг. Энэ нь бидний цорын ганц оршихуйн ул суурьтай үндэслэл юм” хэмээсэн нь уг шинжлэх ухааныг тэр чигт базаад цөөн үгээр хэлчихсэн гэлтэй.

Уг бүтээлд философийн үүсэл хөгжил, орчин үеийн урсгал чиглэлүүд, салбар ухаанууд болон Монголын философи сэтгэлгээний түүхэн тоймыг багтаажээ. Энэ ч утгаараа оюутан сурагчид болон сонирхон судалгаа хийдэг хүмүүст тун хэрэгцээтэй ном болжээ. Арвин баялаг мэдлэг, сан хөмрөг бүхий энэ агуу шинжлэх ухааныг нэгэн номонд багтаах бололцоогүй. Гэсэн ч философи бол үзэл бодлын чөлөөт орон зай билээ. Энэхүү бүтээлд дурдагдаж байгаа үндэслэл тайлбаруудыг уншваас ер нь тун хэрэгтэй мэдлэгүүдийг гарцаагүй олж авах ажгуу.

“Философийн үндсэн мэдэгдэхүүн” ном нь “Философийн үүсэл ба хөгжил”, “Философийн орчин үеийн урсгал чиглэлүүд”, “Философийн салбар ухаанууд”, “Монголчуудын философи сэтгэлгээний түүхэн тойм” гэх үндсэн дөрвөн бүлгээс бүрдэж байна. Зарим хүмүүс философи гэхээр л нэг их уйтгартай, “толгой гашилгасан” зүйл гэж боддог. Гэвч үнэндээ тийм биш. Ямар ч хүний өдөр тутмын амьдрал, бодож байгаа бодлууд өөрөө философи юм.

Зохиогч философийг оюутан сурагчдад тодорхой хэмжээнд заахгүй бол хүмүүнлэг боловсрол, хүнлэг байх шинжээ алдах тухай өгүүлсэн. Хүмүүнлэг боловсролыг гагц уран зохиол, шашны боловсрол, эсвэл сонирхлын түвшинд олгохгүй. Энэ боловсролыг философийн сургалтаар иргэдэд олгоно гэжээ. Жирийн уншигчийн хувьд уг санаатай санал нэгдэж байгаа юм. Ер нь энэ ном нь оршин ахуй, танин мэдэхүй, үнэн болоод худал, үнэлэмж, урлаг, соёл, бодит байдал гэх зэрэг туйлын өргөн хүрээний сэдвүүдийг философийн салбар ухаануудын хүрээнд, нэрт философичдын үзлүүд дээр тулгуурлан товч бөгөөд ойлгомжтой, тодорхой авч үзсэнээрээ жирийн уншигчдад ч ойлгомжтой бичсэн нь давуу тал болсон байх юм. Философи бол ойлголтын тусламжтайгаар танин мэдэх үйл явц бөгөөд Германы сонгодог их сэтгэгч И.Кант “Би юу мэдэж чадах вэ”, “Би юу хийх ёстой вэ”, “Би юунд найдаж болох вэ”, “Хүн гэж юу вэ” гэх асуудлуудыг дэвшүүлсэн байдаг. Эхний гурван асуулт нийлж дөрөв дэх асуултад хүрэх ба эдгээрийг шинжлэх ухаан, танин мэдэхүйн, ёс суртахуун, үнэлэмжийн, итгэл үнэмшил шашны чиг бүхий философид тус тусад нь нарийвчлан авч үздэг ажээ. Ерөөсөө тун товчхондоо философи нь ертөнц ба түүнд хүний эзлэх байр суурийг судалдаг аж. И.Кантынхаар бол мэдрэхүй нь ойлголтгүйгээр сохор, ойлголт нь мэдрэмжгүйгээр хоосон бөгөөд энэ хоёрыг нэгтгэх хэрэгтэй гэжээ. За, ямартаа ч уншигч та энэ бүтээлийг уншаад үзвэл илүү дэлгэрэнгүйгээр философийн үндсэн мэдэгдэхүүнийг авч чадна. Бичлэгийн хэлбэр ч тэр таныг огт уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь, Ж.П. Дэлла Мирандолагийн “Бид чамайг үхэшгүй мөнх байхаар бүтээгээгүй, харин сонголтын өмнө эрх чөлөөтэй, яг бүтээгч шиг бүтээсэн болохоор Та өөрийгөө ямар байхыг хүссэнээрээ бүтээж болно. Чи өөрийгөө амьдралын доод хэлбэр болох тэнэг болгож болно, эсвэл сэтгэлээрээ өөрийгөө шүүн тунгааж бурханлаг дээд хэлбэртэй болгож болох хүч чамд бий шүү” гэсэн алдартай үгээр энэ бичвэрээ төгсгөе. Та хэн байх, хэн болох нь мөн чанартаа философи ажгуу.

Categories
мэдээ цаг-үе

А.Гантулга: Ажил хийж бүтээснийхээ төлөө адлуулсан дөрвөн жил өнгөрлөө


ТОСК-ийн ерөнхий захирал асан А.Гантулгатай ярилцлаа.


-Та ажлаа өгснөөс хойш дөрвөн жил өнгөрчээ. Юу хийж байна вэ. Шуудхан хэлэхэд таны нэр холбогдоод байсан хууль, шүүхийн асуудлууд юу болсныг тодруулах гэсэн юм?

-ТОСК-ийн ерөнхий захирлын ажлыг 2012 оноос дөрвөн жил хийж гүйцэтгээд 2016 оны намар хүлээлгэн өгч байлаа. Тэр үед нэлээн хэл ам дагуулж, хуулийн байгууллагаар шалгуулж цагдуулж бөөн юм болсон. Өнөөдрийг хүртэл шалгаж, эцэслэж дуусаагүй л байна. Хууль хяналтын байгууллагаас Гантулга гэдэг хүн буруутай бол бурууг тогтоох, буруугүй бол тэрийгээ зарлах хангалттай хугацаа өнгөрлөө. Үүнээс болоод ажил ч хийж болдоггүй, гадагш дотогш ч зорчиж болохгүй байдалд амьдралынхаа хайран цаг мөчийг хулгайлууллаа. Гэхдээ цаг хугацаа өөрөө хамгийн шударга шүүгч юм. Намайг ажлаа өгснөөс хойш дахиад дөрвөн жил өнгөрч, ТОСК Ардчилсан намын засаглалын үед ямар бүтээн байгуулалт явуулж, нийгэмд ямар үр ашигтай төсөл хэрэгжүүлснийг цаг хугацаа өөрөө тодруулж байна. Миний бие захирлаар ажиллах хугацаандаа ТОСК нь нийслэл хот, аймаг орон нутагт нийтдээ 40 гаруй мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлсэн. Ипотекийн зээлээр нийт 98 мянган айл өрх шинээр орон сууцанд орсон. Намайг ажил авч байх үед 16 хувийн хүүтэй зээлээр л иргэд байр худалдан авдаг байсан. Одоо бол зээлийн эргэн төлөлтөөр хамгийн сайн нь ипотекийн зээл байна. Ардчилсан нам бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн бол ипотекийн зээлийн 8 хувийг 5 хувь болгох бололцоо байсан. Харин сүүлийн дөрвөн жилд ТОСК ямар ч шинэ барилга ашиглалтад оруулсангүй. Түрээсийн байрны орлогоороо ажилчдын цалин, зардлаа санхүүжүүлээд л явж байгаа юм билээ.

-Тодорхой албан тушаал хашиж байсан хүмүүст бүгдэд нь шахам нэг ийм зовлон байх болжээ. Хэрэг хийсэн юм шиг, үгүй ч юм шиг байдалд оруулаад хэвлэлээр зарлаад орхичихдог. Нэр хүнд ч гэж байхгүй…

-Бодлого тодорхойлж, хэрэгжүүлж байсан улс төрийн нам сонгуульд ялагдсаны дараа алдаа оноогоо шүүлгэх нь улс төрийн зарчим боловч үүнд хэлмэгдүүлэлт, тооцоо бодолт байж болохгүй. Учир нь ямар ч бодлого урьдчилаад үр дүн нь батлагдах боломжгүй. Явж үзээгүй замаар явж үзэж байж л хаа хүрэхийг нь мэдэж болохтой адилхан. Гэхдээ үүнд хариуцлага байх ёстой нь тодорхой, хуулийг хэрэгжүүлэх нь зайлшгүй гэдгийг үгүйсгэхгүй. Харин сүүлийн жилүүдэд албан тушаал хашиж байсан хүн бүрийн араас хэрэг хүлээлгэх гэдэг улс төрийн тооцоо бодолт хэрээс хэтэрч байх шиг. Иргэдийг орон сууцжуулах нь нийгмийн, Улаанбаатарын хамгийн том асуудал байсаар ирсэн бөгөөд үүнийг зүгээр зах зээлийн зарчимд нь найдаад орхих боломжгүй. Төр засаг заавал оролцох учиртай нийгмийн маш том асуудал. Тийм учраас 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Н.Алтанхуягийн Засгийн газар ТОСК-ийг Ерөнхий сайдын харьяанд татан авчирч, бодлогоор анхаарсан. Ардчилсан нам дотор дотоод сонгууль явуулах үед гадна талаас зохион байгуулалттайгаар Н.Алтанхуягийг буруутгах, нэр хүндийг нь муутгах зорилгоор ТОСК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан намайг хэрэгт татаж шалгасан, 461 дүгээр ангид саатуулсан. Тэгээд шалгаж байгаа хэрэг маань юу болсон нь мэдэгдэхгүй явж байснаа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Э.Бат-Үүлийг “намнах” зорилгод ашиглагдаад явчихсан. Эхлээд Н.Алтанхуягийн, дараа нь Э.Бат-Үүлийн “лай ланчгийг” нэмлээ. Одоо шүүхээр түргэн шийдүүлмээр байна. Шийдэгдэхгүй нэг ийм овоохой босгочихоод л улс төрийн шаардлага гарахаар муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг юм, юм нэмж чихэхээ болимоор байна.

-Нэг удаа шүүх хурал болсон байх аа?

-Би 2016 оны есдүгээр сарын 17-нд ажлаа өгсөн. Үүний дараагаас АТГ-аас намайг дуудсан. Эхлээд гэрчийн мэдүүлэг авч байснаа дараа нь хорьсон. Эхлээд гэрчээр дуудаж мэдээлэл цуглуулж байгаад дараа нь хариуцагчаар татдаг жишиг тогтсон юм билээ. Уг нь Үндсэн хуулиараа хүн өөрийнхөө эсрэг гэрчийн мэдүүлэг өгөх эрхтэй. Гэтэл та бол зөвхөн гэрч гэж баахан мэдээлэл цуглуулж авснаа дараа нь өөрийнх нь эсрэг үүнийг нь ашигладаг. Нэг удаа шүүх хурал болоод хэргийг прокурорт буцаах, мөрдөн байцаалтын явцыг дахин нягтлахаар шүүхээс шийдвэрлэсэн.

-Ардчилсан нам эрх барьсан дөрвөн жилд хамгийн амжилттай хэрэгжсэн хөтөлбөр нь орон сууцжуулалт байсан шүү дээ?

-ТОСК-ийг байгуулж байхад төр өөрөө барилга барьж бизнес хийлээ гэдэг байр сууринаас хандаж байсан. Дэлхийн хөгжилтэй улс орнуудын орон сууцны салбар өөрийн хуультай байдаг. Ерөнхийдөө төрөөс дэмжлэгтэй гэсэн үг. Иргэд маань тэр болгон бизнес хийгээд өндөр үнэтэй орон сууц авах боломж хомс байдаг. Намайг ТОСК-ийн ерөнхий захирлын ажил авах үед дунджаар 2.5 саяас 6-7 сая үнэтэй хөөсрөлтэй байсан. Буянт-Ухаа хорооллын орон сууцны нэг ам метр талбай 1.250 сая төгрөгөөр борлуулагдаж эхэлсэн нь шинэ жишиг тогтоосон. Залуу гэр бүлүүд ажил, орлого нь тогтворжоод ирэхээр тусгай өндөр зэрэглэлийн орон сууцанд аяндаа шилждэг. Нийтийн орон сууцны бодлогыг төр өөрөө зохицуулах ёстой гэж боддог.

ТОСК-ийн үйл ажиллагаа, төслийг дагаад нийгмийн бусад үр өгөөжүүд бий болсон. Тухайлбал, Солонгост ажиллаж байсан олон залуус эх орондоо эргэн ирж барилгын салбарт ажилласан. 2012-2016 онд хятад барилгын компани, барилгачид эрс цөөрсөн. Орон нутагт 1000 айлын орон сууцны бодлогыг дагаад орон нутагт үйлдвэрүүд бий болж, ажлын байр нэмэгдсэн. Барилгын бүхий л материалыг дотоодын үйлдвэрүүдээс авах бололцоог чухалчилж, дотоодын үйлдвэрлэл, боловсон хүчний чадварыг нэмэгдүүлсэн. Буянт-Ухаа хотхоны 3000 айлын ванныг гэхэд дотоодын “Монгол ванн” компаниас авч хангасан. Гэр бүлийн хоёр залуу Солонгост ажиллаж байсан ванны үйлдвэрийнхээ хуучин тоног төхөөрөмжийг Монгол дахь хоёр өрөө байраа зарж байгаад худалдаж аваад үйлдвэр оруулаад ирсэн байсан. Одоо энэ компани хөл дээрээ тогтоод үйлдвэрлэл нь амжилттай явааг харахад баяртай байдаг. Энэ мэт олон үйлдвэр барилгын салбарт ажил, үйлчилгээгээ нийлүүлж, нийгмийн өгөөж талаасаа олон хүн ашиг хүртсэн.

-Орон сууц бол Улаанбаатар хотын утааг шийдэх төдий асуудал биш. Хориннэгдүгээр зуунд хүний наад захын хэрэгцээ шүү дээ. Бид үүнийг шийдэж чадахгүй байгаа нь, энэ асуудлаа тойроод хэрэлдээд, улстөржөөд сууж байгаа нь шившиг юм даа?

-Тэгэлгүй яахав. Хүмүүстэй уулзаад явахад намайн настай балчраас наян настай буурал хүртэл сайхан орон сууцанд амьдрах сан гэдэг хүсэлтэй байдаг. Тийм учраас төр оролцож хийх ёстой гэдэгт хатуу итгэл үнэмшилтэй болсон.

-Хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байсан бэ?

-Улаанбаатар хотыг социалист нийгмийн үед хүмүүс Азийн цагаан дагина гэж ярьдаг л байсан. Тэр үед хот төлөвлөлт, архитектор сайн хийгддэг байсантай холбоотой. Сүүлийн хэдэн арван жилд шилжин суурьших хөдөлгөөнөө удирдаж чадаагүй, хот төлөвлөлт буруу, бараг төлөвлөлтгүй хөгжсөн бэрхшээл бий. Улаанбаатар хотыг 500-800 мянган оршин суугчтай байхаар анхнаас нь төлөвлөж дэд бүтцээ байгуулсан учир өнөөдөр хүчин чадалдаа баригдаад ерөөсөө тэлж хөгжиж чадахгүй байна. Үүний зэрэгцээ ашигтай талбайнуудыг худалдаж авч замбараагүй барилга барьсан. Хот гэдэг маш өргөн гудамжтай, цэлгэр, амьдрах аюулгүй орчныг сайн тооцоолсон байдаг. Гэтэл манай хотод явган хүн явах зам алга. Хуучин байрнуудын нэг давхар тэр чигтээ үйлчилгээ болж, ногоон байгууламжийг хаасан. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод улсын нийт хүн амын тал нь амьдарч байна. Том хотод тооцогдож байна. Маш жижиг дэд бүтэц дээр маш олон хүн амьдрахаар ямар байх вэ. Тэр зовлонгоо л шийдэх гэж явсаар өнөөдрийг хүрсэн нь энэ.

Өмнөх Засгийн газруудын үед маш гоё төлөвлөгөө цаасан дээр буусан байдаг. Яагаад хэрэгжээгүй юм бол. Өмнөх хүмүүс улс төрийн ямар ч хүчин байсан хамаагүй яагаад тэр бүхнийг үргэлжлүүлээд, авахыг нь аваад цаашаа явж болдоггүй юм бэ гэж боддог. Нэг л эх оронтой биз дээ бид? Ж.Эрдэнэбат Сангийн сайд, Д.Цогтбаатар Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн ажлыг маань дэмжиж байсан. Төлөвлөгдсөн том том төслүүд үлдээхэд үргэлжлүүлнэ гэхэд нь баярлаж байсан ч аль ч дэмжлэг нь яваагүй. У.Хүрэлсүх сайдын үед ч явсангүй. Ямар шалтгаантайг ч мэдсэнгүй.

-Төрийн бодлогоос, тэр дундаа улс төрөөс хамааралтай бизнест оролцсон хувийн аж ахуйн нэгжүүд эцэстээ хохироход, хэлмэгдэхэд ойрхон байдгийг олон зүйлээс харж байсан. Тухайлбал, гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх төсөлд ажиллаж байсан “Бэрэн” компани тантай болон Засаг дарга асан Э.Бат-Үүлтэй холбоотой асуудалд холбогдоод байгаа?

-Энэ төсөлд маш олон компани оролцсон. Бүгд сонгон шалгаруулалтаар оролцсон. Би тэр үед НИТХ-ын гишүүн байсан хүний хувьд НИТХ-ын дарга Д.Баттулгаар удирдуулсан тусгай ажлын хэсэг гарч ажиллаад ямар компаниар дахин төлөвлөлтийн ажлаа хийлгэхийг иргэд өөрсдөө сонгож байсныг сайн мэднэ. Миний хэрэг дангаараа шүүх дээр ирээд энэ хэрэг биш байна. Мөрдөн байцаалт дутуу байна гэсэн. Тэгээд буцаагаад мөрдөн байцаалт хийхдээ Бат-Үүл даргын хэргийг нэмээд оруулаад ирсэн. Тэрэн дээр “Бэрэн” компанийн асуудал орж ирдэг. “Бэрэн” компанийн хувьд 2008-2012 онд гэр хорооллыг дахин төлөвлөх төсөлд оролцоод явж байсан. Манай ТОСК-ийн өмнөх байгууллага Орон сууцны санхүүжилтийн корпораци мөн тэр долдугаар хорооллын төсөлд оролцож явсан. Энэ явцад гэр хорооллыг чөлөөлөх ажил хийгдсэн бөгөөд ОСК энэ хэсгийг чөлөөлөөрэй, “Бэрэн” үүнийг чөлөөлөөрэй гэсэн хуваарилалттай байсан. Гэвч ажлын явцад өөр өөрсдийн чөлөөлөх газрыг нарийн ялгаж, зааглаж чадаагүй. Аль алиныхаа талбай руу орж газар чөлөөлөлт хийсэн. Ямар ч ажил цаасан дээр зурсан шугам шиг шулуун дардан явна гэж байхгүй шүү дээ. Үүнээс болоод ОСК барилгын ажлаа эхлүүлж, сууриа цутгах гэхээр хүний талбай дээр ороод байсан. Иймээс би ТОСК-ийн захирал болсноосоо хойш асуудлыг шийдвэрлэж, “Бэрэн” компаниар өөрийн талбай дээр барилга бариулахаар болж, нэг ам метр талбайг нь 860 мянган төгрөгөөр бодоод 276 айлын таван орцтой есөн давхар байшинг 24 тэрбумын 860 мянган төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. “Бэрэн” өөрсдийн санхүүжилтийг гаргаад 10 гаруй тэрбум төгрөгөөр сууриа цутгаад манайд өгөх барилгын үйл ажиллагаагаа эхэлсэн. Манай ТОСК бол төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн байгууллага. Компанийн зарчмаар ашгийн төлөө ажилладаг байгууллага. А зэрэглэлийн бүсэд 860 мянган төгрөгийн үнэлгээтэй байшин бол боломжийн шийдэл. Эхний 9 тэрбум төгрөгөө шийдвэрлэхдээ эхлээд 5 тэрбум, дараа нь 4 тэрбум төгрөг гэж хуваан шилжүүлсэн. Энэ бол аж ахуйн нэгж байгууллагуудын хуваарьт төлбөр тооцооны л асуудал байсан. Одоо энэ асуудлаас үүдээд намайг буруутгаж байгаа нь шударга бус явдал. Тийм учраас би шүүхэд итгэж найдаж байгаа. Шүүх асуудлыг шударгаар шийдвэрлэж, буруутай бол буруутайг тогтоох, үгүй бол энэ бүх залхаан цээрлүүлэлтэд цэг тавьж өгөх ёстой.

Д.ГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица “COVID-19” цар тахлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

-Урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхгүй бол хүн амын дунд халдвар тархаж, бүх нийтийг хамарсан хатуу хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүргэх юм-

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица өнөөдөр /2020.05.15/ Төрийн ордонд “COVID-19” цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, болзошгүй эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Суурин төлөөлөгч Сергей Диордицаг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзах үеэрээ шинжлэх ухааны үндэслэлтэй зөв мэдээллийг Монголын ард түмэнд өгнө үү гэсэн хүсэлт тавьсны дагуу өнөөдөр хэвлэлийнхнээр дамжуулан мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд Та бүхэнд энэ өглөөний мэнд дэвшүүлье, Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд урьж оролцуулсан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Таньд талархал илэрхийлье гээд дараах мэдээллийг өглөө.

2019 оны 12 дугаар сард шинэ, тодорхойгүй өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Монгол Улсын Эрүүл мэндийн яам нь үндэсний болон олон улсын байгууллагуудын мэргэжилтнүүдтэй хамтран бэлэн байдал, хариу арга хэмжээ авах ажлыг удирдан, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж, нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээ хийж, хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтийг мэдээллээр ханган ажиллаж байна.

Монгол Улсын Онцгой комиссоос халдвараас сэргийлэх зорилгоор шаардлагатай шийдвэрийг шуурхай гаргаж, олон улсын аялал жуулчлалыг хязгаарлах, бүх шатны сургууль, цэцэрлэг, сургалтыг хаах, Монголын ард түмний уламжлалт сар шинийн баяр гэх зэрэг олон нийтийн арга хэмжээ, тэмдэглэлт өдрүүдийг цуцлах гэхчлэн үр дүнтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн.

Өнгөрсөн долоо хоногт буюу 2020 оны 05 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд үндэсний хэмжээнд бүрэн дасгал сургуулилалт зохион байгуулж, Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоон, аюулгүй байдлыг хангах зорилгоор тохиолдлын удирдлагын тогтолцоо болон шуурхай хариу арга хэмжээний багууд мөр зэрэгцэн ажиллалаа. Энэ үйл ажиллагаагаар Монгол Улсын өнгөрсөн жилүүдэд бэхжүүлсэн тогтолцоог шалгаад зогсохгүй “COVID-19” цар тахал нийт хүн амын дунд тархсан үед нийгэм, олон нийт бүхэлдээ хэрхэн бэлтгэгдэж чадсаныг харуулсан.

Монгол Улс эв нэгдлийг харуулж чадлаа. Засгийн газрын бүхий л шийдвэр, үйл ажиллагаа нэгдмэл байдлаар явагдаж, халдварын эсрэг хариу арга хэмжээнд эрүүл мэндийн салбараас гадна бусад салбарууд хамтран оролцож хувь хүн, олон нийтийн зүгээс эрүүл мэндийн ажилтнууд, хариу арга хэмжээний мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, зөвлөгөөг бүх нийтээр даган мөрдөж байна.

Одоо ирээдүйгээ бодож, бэлтгэх цаг. Дэлхийн хэмжээнд хөгжингүй болон хөгжиж буй 215 улс оронд 4 сая гаруй хүн “COVID-19”-ийн халдвар аваад байна. Энэ шинэ өвчний улмаас олон хүн харамсалтайгаар амиа алдаж байна. Гэсэн хэдий ч Номхон далайн баруун бүсэд БНХАУ, БНСУ, Вьетнам зэрэг улс орнууд цар тахлын эсрэг хариу арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.

Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй зөвлөгөөг дагаж мөрдсөнөөр өвчний цаашдын тархалтыг зогсоох, “COVID-19”-ийн халдвартай тэмцэхэд олон нийт, хувь хүмүүс амин чухал үүрэг гүйцэтгэнэ. Олон нийтийн дунд зай барих, халдвараас сэргийлэх хөдөлгөөн хязгаарлах гэх мэт үйл ажиллагааг урт хугацаанд хэрэгжүүлэх нь олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болохыг бид ойлгож байна.

Хүмүүс цар тахал гарахаас өмнө ямар байсан тэр байдалдаа эргэн очихыг хүсэж байгаа ч үр дүнтэй вакцин, эмчилгээний арга нэвтрэх болон цар тахал зогсох хүртэл бид бүхэн өнөөгийн “шинэ-хэвийн” нөхцөл байдалтай эвлэрэх хэрэгтэй. Хүн бүр гарын болон амьсгалын эрүүл ахуйн дэглэмийг сахиж, олон нийтийн газарт бусдаас зай барих гэх зэрэг хувийн хамгаалах арга хэмжээг сахих шаардлагатай. Үүнээс гадна нөхцөл байдлаас хамаарч олон нийтийн арга хэмжээ, цуглаан, хөдөлгөөн хязгаарлах, хөл хорих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Хүмүүсийн дунд цуурхал, буруу ойлголт нэмэгдсээр байгаа нь Засгийн газар, Эрүүл мэндийн яам, МХЕГ, үндэсний болон олон улсын байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлт, эрүүл мэндийн ажилтнуудын шаргуу хөдөлмөрийг үгүй хийж болзошгүй учраас би өнөөдөр энд байна.

Дархлалын тогтолцоо биднийг эрүүл байх, олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Гэвч энэ нь бид бүхэн бүрэн хамгаалагдсан, аюулгүй гэсэн үг биш. Одоо мэдэгдэж байгаагаар өмнө нь “COVID-19”-ээр өвдсөн хүн дахин өвчлөх эрсдэлтэй байна.

Бидний эрүүл мэнд, аюулгүй байдал маш олон хүчин зүйлээс, тухайлбал өөрсдийгөө хамгаалахын тулд хэрэгжүүлж буй үйлдэл, дадал, зуршлаас шалтгаална. Таны хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь зөвхөн таныг биш, таны гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад болон нийт хүн амын халдвар авах эрсдэлийг бууруулж, аюулгүй байхад хувь нэмэр оруулдаг.

Зун цаг ирж буй учраас та бүхнийг амарч, гадуур гарч, найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ уулзан цагаа өнгөрүүлэхийг хүсэж байгааг ойлгож байна. Гэвч цар тахал үргэлжилж байгаа, шинэ тохиолдлууд дахиж нэмэгдэх эрсдэлтэй энэ үед сонор сэрэмжээ бууруулж болохгүй.

Миний зүгээс хүн бүрийг “COVID-19”-ийн халдвартай тэмцэхэд хувь нэмрээ оруулан, эрүүл мэндийн ажилтнууд болон цар тахалтай тэмцэн ажиллаж буй хүмүүст дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

Та бүхэн сонор сэрэмжээ сулруулахгүй байж, гараа тогтмол савандаж угаах, ханиаж найтаахдаа ам, хамраа таглах, зөв эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, хоруу чанартай архи тамхи хэрэглэхээс зайлсхийх, бусад хүмүүсээс зай барих болон олон нийт цугласан газраар явахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлээрэй.

Монгол Улсад томуугийн дэгдэлт жил бүрийн 11 дүгээр сараас 12 дугаар сард гардаг бөгөөд “COVID-19”-ийн халдвар Монгол Улсад аль хэдийнэ дэгдээд өнгөрсөн тухай цуурхал гарч байгаа. Энэ нь цуурхал төдий бөгөөд шинжлэх ухаанд суурилсан нотолгоо баримт биш юм. Бидний мэдэж байгаагаар “COVID-19” шинээр нээгдсэн коронавирусээр үүсгэгддэг халдварт өвчин бөгөөд 2019 оны 12 дугаар сард анх бүртгэгдэж, бид мэдээлэлтэй болсон.

Цуурхал, ташаа мэдээлэл нь хүн амын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг эрсдэлд оруулах аюултай учраас Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ чиглэлээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Бид аль хэдийнэ буруу ташаа мэдээлэл ямар хор уршиг тарьж болохыг харсан. Зарим хүмүүс өөрсдийгөө дархлаатай гэж бодон өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ эрсдэлд оруулж байна.

Тиймээс та бүхэн баталгаат эх сурвалжаас мэдээллийг авч, цаашид “COVID-19” халдвартай адилхан хор уршиг авчирч болохуйц цуурхал, ташаа мэдээллийг түгээхгүй байх замаар “COVID-19”-тэй тэмцэхэд тусална уу.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 98 тохиолдол бүртгэгдээд байна. Хэрэв бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхгүй бол хүн амын дунд халдвар тархаж, бүх нийтийг хамарсан хатуу хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүргэх юм. Иймээс бид өндөр эрсдэлтэй хэвээр байна.

Халдвараас сэргийлэх вакцин, эмчилгээ гартал, одоогийн хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай байна. Энэ нөхцөл байдал бид бүгдэд хамааралтай бөгөөд бид зөвхөн ХАМТЫН ХҮЧЭЭР даван туулж чадна.

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Энхцэцэг Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Энхцэцэг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Сүүлийн жилүүдэд хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хөгжлийн шинэ үедээ орж урагшлан хөгжиж байгааг талууд харилцан тэмдэглэхийн хамт COVID-19 цар тахлын онцгой үед талуудын харилцаа, хамтын ажиллагаа бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйц байдлаар хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хоёр тал илэрхийлэв.

Дэлхий дахинд тархаад буй цар тахалтай тууштай тэмцэхэд улс орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд COVID-19-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны механизм байгуулж, анхны цахим хурлыг амжилттай зохион байгуулж, хамтын ажиллагааны олон чухал асуудлыг хэлэлцэн гарц шийдлийг эрэлхийж ярилцсан нь цаг үеэ олсон, чухал арга хэмжээ болсныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Энхцэцэг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн хоёр талын хооронд төлөвлөсөн бусад арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага гарч буйн улмаас ийм цахим хэлбэрээр зохион байгуулах боломжтойг дурдав.

Элчин сайд Чай Вэньруй хариу хэлэхдээ, COVID-19 цар тахлын энэ хүнд цаг үед мөнхийн хөршүүд болох Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулсаар байгааг онцлоод БНХАУ-д энэ өвчин дэгдэж, хүнд нөхцөлд байх үед Монгол Улс хамгийн түрүүнд тусламжийн гар сунгаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд хятадын ард түмэн дотно хүлээж авч, энэ нь хоёр орны ард иргэдийн итгэлцэл, найрамдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг дурдав.

Цар тахал намжиж, харилцаа хэвийн болох үед, магадгүй энэ оны хоёрдугаарт хагаст хоёр тал улам идэвхтэй хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх чиглэлээр ажиллаж ахиц гаргана гэдэгт найдаж байгаагаа Элчин сайд Чай Вэньруй илэрхийллээ.