Categories
мэдээ нийгэм

Энэтхэгээс маргааш 170 гаруй монгол иргэн ирнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 09:15 цагт хөөрлөө. Тус онгоцоор 170 гаруй иргэн эх орондоо ирнэ.

Онгоц маргааш буюу 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр 07:30 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2020 оны тавдугаар сарын 18-22-ны Теле хичээлийн хуваарийг танилцууллаа.

  • Сургуулийн өмнөх боловсрол
  • Ерөнхий боловсролын 1-12 дугаар анги
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан
  • Насан туршийн боловсролд зориулсан
  • Тусгай хэрэгцээт боловсролд зориулсан теле хичээлээ дараах хуваарийн дагуу хүлээн авч үзээрэй. Теле хичээлдээ идэвхтэй хамрагдаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Худалдаа, хөгжлийн банк 500 сая ам.долларын бондоо 100 хувь өөрийн эх үүсвэрээр төллөө

Худалдаа, хөгжлийн банк нь 2007 оноос хойш олон улсын зах зээлд нийт 1.14 тэрбум ам.доллартой тэнцэхүйц 5-н удаагийн бондыг амжилттай арилжаалсан Монголын хамгийн анхны аж ахуй нэгж төдийгүй, цорын ганц арилжааны банк билээ.

Монгол Улсын эдийн засаг уналттай байсан 2015 онд Худалдаа, хөгжлийн банк нь өөрийн эзэмшлийн Засгийн газрын дотоод үнэт цаасаар баталгаажсан, 5 жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бондыг амжилттай гаргаж байсан нь улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг тогтворжуулахад чухал ач холбогдолтой үйл явдал болж байсан юм. Тэгвэл өнөөдөр энэхүү бондоо 100 хувь өөрийн эх үүсвэрээр төлж, банкныхаа болоод Монгол Улсын нэр хүндийг олон улсын зах зээлд бататгалаа.

Худалдаа, хөгжлийн банк ямар ч гэрээ, хэлэлцээрт өөрийн хүлээсэн үүргээ үргэлж хариуцлагатайгаар биелүүлсээр ирсэн төдийгүй, өнөөг хүртэл харилцагчид, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдалгүй, олон улсад хамгийн өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 80 гаруй хувийг дангаар гүйцэтгэж байна.

Өнөөдрийг хүртэл хугацаанд Худалдаа, хөгжлийн банк нь дараах бондуудыг олон улсын зах зээлд амжилттай гарган, тухай бүр цаг хугацаанд нь эргэн төлөөд байна.

  • 2007 онд – 75 сая ам.долларын бонд
  • 2010 онд – 150 сая ам.долларын бонд
  • 2012 онд – 300 сая ам.долларын бонд
  • 2014 онд – 700 сая юанийн бонд
  • 2015 онд – 500 сая ам.долларын бонд

2015 онд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тодорхой бус, макро орчны төлөв байдал таатай бус буюу экспортын гол эрдэс түүхий эдүүдийн үнэ нам дор, эдийн засгийн өсөлт өмнөх оноосоо даруй 5.6 нэгж хувиар саарч, 2.3 хувьд хүрсэн, ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн, төсвийн алдагдал 1163.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5 хувьд хүрсэн, гадаад валютын улсын нөөц 1,323.2 сая ам.долларт хүрч 20 орчим хувь буюу 326.8 сая ам.доллароор буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт ердөө 64 сая ам.доллар болж оргил үеэсээ 70 дахин буурсан үзүүлэлттэй байсан.

Эдийн засгийн энэхүү таагүй орчинд Худалдаа, хөгжлийн банкны гаргасан бондын захиалгын дүн 2.3 тэрбум ам.долларт хүрч, 231 хөрөнгө оруулагчдаас захиалга ирж байсан нь тус банкны 2007 оноос хойш Европын дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөрийн хүрээнд гаргаж байсан бондуудын захиалгаас хойших хамгийн өндөр эрэлттэй захиалга болж Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн томоохон ач холбогдолтой бонд болж байсан юм.

Энэхүү бондыг гарган, төлбөр хүлээн авсан даруйдаа 500 сая ам.долларыг Монголбанканд своп хэлцлээр худалдсанаар улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг тогтворжуулахад дэмжлэг болсноос гадна төгрөгийн эх үүсвэрээр хөрөнгө оруулалт шаардлагатай салбар бүрд тогтвортой санхүүжилт олгож, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулсан юм.

Дэлхий дахинд шинэ төрлийн корона вирусийн халдвар тархаж, улс орон болгоны гадаад худалдаа, эдийн засгийн байдал хүндэрсэн энэ цаг үед Худалдаа, хөгжлийн банк 5 дахь удаагийн бондоо амжилттай төлсөн нь олон улсын зах зээлд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн үйл явдал боллоо. Мөн энэхүү бондыг төлсний дараа ч банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар банкны системийн дундаж төвшнөөс өндөр байгааг дуулгахад таатай байна.

30-н жилийн хугацаанд үргэлж бидэнд итгэл хүлээлгэсээр ирсэн, хөгжил дэвшил өөд хамтдаа тэмүүлсэн хүндэт харилцагчид, бизнесийн түнш байгууллагууд, олон улсын харилцаатай хамтрагч банкнууд, эрхэм ажилтнууд Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Таныг дэлхийтэй холбох санхүүгийн гүүр

Худалдаа, хөгжлийн банк

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Батсүх: Миний хувьд малчдынхаа ахуй амьдралын гүн рүү орсон асуудалд л гол анхаарлаа хандуулна

– А.СҮХБАТ БИД ХОЁР ӨӨР ӨӨРИЙН ЧИГ ЗАМ, ҮЗЭЛ БОДОЛ, ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭР Л ЯВЖ БАЙНА –

Монгол Улсын Тод манлай уяач, ШИНЭ намын гишүүн А.Батсүхтэй ярилцлаа.

-Хүмүүс таныг Монгол Улсын Тод манлай уяач, А.Сүхбат аваргын ах гэдгээр нь сайн мэднэ. Тэр ч утгаараа улс төрд орж байгааг тань, тэр дундаа өөр намаас нэр дэвшиж байгааг нь сонирхон хүлээж авч байна л даа.

-Хүмүүс намайг А.Сүхбат аваргын ах гэсэн тодотголоор ярьж хэлэх нь байдаг. Энэ нь нэг талаасаа аргагүй юм. Зулай зулайгаа гишгээд төрчихсөн учраас ингэж холбогддог байх. Гэвч бид чинь одоо 50 хүрсэн эрчүүд. Хэдий ах, дүү ч гэлээ хэт хамааралтай амьдарна гэж юу байхав. “Тавь хүрсэн эрийг сургаж болохгүй, таван нохойг тууж болдоггүй” гэдэг шиг одоо цаг үеэрээ л өөр, өөрсдийнхөө амьдралаар, хүний жамаар амьдарч байна. Энэ хүний бусдыг харах өнцөг, үзэл бодол нь өөр. Хэдий би ах нь ч түүнийг нь өөрчлөх боломжгүй, өдий насанд бол бүр боломжгүй. Тийм учраас намайг энэ хүний бүхий л үйл ажиллагаанд холбож, тодотгож ярьдгийг бодолцох зүйл гэж харж байгаа.

-Та бол төрийн наадамд морьдоо сойж түүнийхээ үр шимийг хүртсээр яваа туршлагатай уяач. Энэ чаддаг, дуртай ажлаа хийгээд явах бус улс төрд орохоор шийдсэн нь сонин байна. Улс төрд орох болсон шалтгаан тань юу вэ?

-Би сэтгэл хөөрлөөрөө улс төр лүү ороод ирж байгаа юм биш л дээ. Би морио уяад, адууныхаа бэлчээрт сэтгэл тэнүүн, ямар ч хэл ам, хэрүүл тэмцэл, стрессгүй амьдрахыг мэдээж хүсч байна. Бүр маш их хүсдэг. Хэдий тийм ч улс оронд юу болоод, яагаад байна вэ гэдгийг харж байгаа учраас зүгээр суухыг хүссэнгүй. Долоон удаагийн сонгуульд сайхан цаг ирнэ гэсэн горьдлого тээгээд өөрийн итгэл үнэмшлээрээ саналаа өгч оролцлоо. Гэтэл сонгосон хүмүүс маань энэ улс орныг юу болгочихов, яачихав. Өнөөдөр манай улсын газар нутаг байгалийн баялагтайгаа лиценз нэрийн дор харийнханд эзлэгдчихлээ. Гадна улсын зөөлөн хүчний бодлого ч явж байна. Ийм хэмжээнд хүртэл нь бид газар нутгаа харийнханд дээрэмдүүлж болохгүй юм. Хойч үеийнхэн маань эх орондоо бууж, суухаа гадныхнаар заалгадаг болох нь. Тиймдээ ч миний хувьд насныхаа танагтай дээр үр хүүхэд, Монголын ирээдүйн төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн юм. Тэр ч утгаараа өөрийн үзэл бодол нийлсэн хүмүүстэйгээ нэгдэн нийлэхээс өөр аргагүй болсон минь энэ. Би өөрийн үзэл бодлоороо ШИНЭ намыг байгуулагдахад нь ирж нэгдэн, анхны гишүүдийн нэг болсон. Өнгөрсөн хугацаанд олон ч аймаг, сумдаар явж, малчид, хөдөлмөрчид, уяачидтайгаа уулзлаа. Одоогоор Төв аймагтаа ШИНЭ намынхаа үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Би Харвард тэргүүтэй дэлхийн томоохон сургуульд сураагүй нь үнэн. Олон сургуулийн диплом гаргаж ирж чадахгүй, байх ч үгүй. Гэхдээ надад эх орон, ирээдүй хойч үе, Монголоо эзэнтэй байлгаж чадаж байгаа малчдынхаа төлөө гэх сэтгэл байна. Би яагаад энэ бүхний төлөө үгээ хэлж болохгүй гэж. Би намаасаа Монголын малчид, уяачдын төлөөлөл болж нэр дэвшиж байгаа. Төв аймгийн 14 дүгээр тойргоос нэр дэвших юм.

-Та УИХ-ын гишүүн болоод яг юуг өөрчилж, шийдэх юм бэ?

-Миний хувьд малчдынхаа ахуй амьдралын гүн рүү орсон асуудалд л гол анхаарлаа хандуулна. Хөдөө малаа маллаад амьдарч байгаа хүний хувьд тэнд юу нь болж байгаа, болохгүй байгааг сайн мэдэж байна. Өнөөгийн улстөрчид үнэхээр хөдөө өсөөгүй л бол тэнд байгаа нөхцөл байдлыг яв цав мэдээд хууль батална гэдэг учир дутагдалтай.

Баталлаа ч байгаа онохгүй байгаа юм. Миний хувьд дөрвөн чиглэлийг онцлон анхаарна. Нэгдүгээрт, малын түүхий эдийг үнэд хүргэнэ. Өнөөдөр арьс, шир, ноос бүгд үнэгүйдчихсэн. Малчид жалга, гуунд булахаас аргагүй байдалд хүрчихлээ шүү дээ. Хоёрдугаарт, махны асуудлыг авч үзнэ. Малчид махаа зах зээлийн ханшнаас харьцангуй хямд худалдаалж, ченжүүдэд зуучилсан нөхдүүд нь илүү ашиг хүртэж байна. Үүнд төрийн бодлого дутагдаж байна. Гуравдугаарт, малчид орон нутагтаа сайхан амьдармаар байна. Энэ боломж нөхцөлийг бүрдүүлэх шаардлага хэдийнэ бий болчихлоо. Ганц үхрээ муулаад л ачаад ирдэг, ченжүүд нь үнэгүйдүүлсээр хүссэн үнээрээ авдаг байдал хэдий хүртэл даамжрах ёстой вэ. Угтаа 21 аймаг тус бүртээ махны үйлдвэртээ болмоор байна. Одоо ажиллаж байгаа махны үйлдвэрүүд нь дандаа хятад эзэнтэй, тэд ченжүүдээсээ ч дор байна. Зах зээлийн ханшаараа нэг сая 500 мянган төгрөгт хүрэх үхрийг 500 мянган төгрөгөөр л авна гэдэг. Үүнд ямар ч ахиц харагдахгүй, малчдын амьдрал улам унаж байна. Энэ махны үйлдвэрийг ямар бодлогоор хийсэн болохыг би ойлгохгүй байгаа. Малчдаа дэмжээд зогсохгүй, түүхий эдийг нь боловсруулах боломжийг энэ чиглэлийн үйлдвэрт олгож байх учиртай юм. Ийм боломжийг нь нээж өгч малчид сэтгэл дундуур буцдаг асуудлыг л цэгцэлмээр байгаа юм. Малчдыг дэмжсэн бодлого байх зайлшгүй шаардлагатай. Мал үл хөдлөх хөрөнгө шиг баталгаатай хөрөнгө биш шүү дээ. Зуд зурхан, салхи шуурга гээд байгалийн давагдашгүй хүчин зүйлд мал, малчид хоёулаа эрсдэлд ордог. Гэлээ ч тэд энэ бүхнийг үл ажран нийслэлчүүдээ эрүүл эко бүтээгдэхүүнээр хангахын төлөө зүтгэж байна. Одоо төр засаг анхаарах цаг болсон. Дөрөвдүгээрт, бэлчээрийн асуудалд анхаарах хэрэгтэй байна. Төр засгаас зохицуулалт хийж байгаа нь энэ гээд бэлчээрийг нь хувьчилж болохгүй. Жилийн дөрвөн улирал өнөөх алга дарам газартаа л суурьшиж байна гэдэг малын ашиг шимд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг бодож үзэх ёстой. Нүүдлийн мал аж ахуйн арга барил, өв уламжлалыг алдагдуулчих л юм бол бэлчээрийн мал аж ахуй биш болчих нь. Төвийнхөнд авчирч өгдөг эрүүл хүнс үгүй болно. Хэрэв би сонгогдоод гараад ирвэл ийм дөрвөн асуудлыг хөндөнө, олон асуудал руу үсчиж сарнихгүй. Энэ асуудлуудыг зөв голдиролд нь оруулчих юм бол надад тэнд суугаад байх шаардлага ч байхгүй. Эдгээрийг шийдчихвэл би алтан тууртынхаа бэлчээр дээр адууны тургианаа сонсоод суухыг илүүд үзнэ. Би угаас тэр монгол ахуйдаа хайртай юм.

-Бөх, дуучид, уяачид УИХ-ын гишүүд болоод ажил хийдэггүй гэж шүүмжлэгддэг. Таныг ч гэсэн энэ шүүмжлэл дагаж байгаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Хүмүүс өөр өөрийнхөө өнцгөөс л харж байгаа байх. Ах, дүүсээрээ нийлж төр засгаас идэж, уух нь гэж ярих нь ч байна. Би буянт малынхаа хүчинд өөрийнхөө амьдралыг аваад явчихаж байна. Хүнээс илүү гарсан зүйл алга, дутаж хоосон хоносон ч юм алга. Малчин хүний жишгээр л амьдарч байгаа.

А.Сүхбат гишүүн болж ажиллалаа. Манай удмаас төр түшилцэж байсан хүн миний мэдэхийн байхгүй юм. Харин жанжин, армийн томоохон генералууд байсан. Ээжийн талынхан номын хүмүүс юм. Дээр хэлсэнчлэн А.Сүхбат бид хоёр өөр өөрийн чиг зам, үзэл бодол, итгэл үнэмшлээр л явж байна. Тэр хүний амьдрал, хувь заяа, зам жим тусдаа. Харин тэр хүний ажил, амьдралтай намайг уях нь бодох ёстой асуудал. Ямар ч монгол хүн үүнийг ойлгоно шүү дээ.

-Түүнтэй адил бусад уяач, бөх, дуучидтай ч холбож тайлбарлах хэрэггүй гэж хэлэх гээд байна уу?

-Тийм. Нөгөөтэйгүүр би малчдын төлөөлөл болж гарснаар бусад салбарын төлөөллийг хаасан зүйл байхгүй. Би монгол ахуйгаа хадгалсан, Монголыг Монголоор үлдээх малчдынхаа төлөөлөл болж оръё гэж бодож байгаа юм. Зорилго нь энэ. Түүнээс биш надад бусад хүмүүсийг “Чи ийм мэргэжилтэй байж боль, Харин чи яв” гэх ухамсар байхгүй. Яах вэ дээ. Хүн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэг. Ард түмэн сонголтоо хийг л дээ. Намайг сонгохгүй байсан ч болно шүү дээ. Би гомдохгүй. Харин би үзэл бодлынхоо төлөө дуугарч, явж чадсан. Намынхантайгаа хамтарч шударга үнэнийг бий болгоё, малчдынхаа амьдралыг сайжруулъя л гэж байгаа юм. Малчид бол үнэхээр эмзэг салбарт ажилладаг хүмүүс. “Баатар хүн нэг суманд, баян хүн нэг зуданд” гэдэг үг бий. Ийм л эмзэг салбарт ажилладаг хүмүүс нь малчид. Нэг зуд, ган болоход л малчид малгүй болно. Зуданд нэрвэгдсэн малчид хотод ирж, тэрэг түрж, бүр ядрахдаа хог түүж байна шүү дээ. Би үүнийг л хэлээд байгаа хэрэг. Малчин ард түмний тогоонд хамт яваа хүн нь би шүү дээ.

-А.Сүхбат гишүүнд малчдын бодит нөхцөл байдлыг хэлж, хууль эрх зүйн талаас нь анхаарах хэрэгтэй талаар ярилцаж байв уу?

-Нэг ч удаа хэлж байгаагүй. Тухайн хүн өөрийнхөө үзэл бодлоор өөрийгөө аваад явчих хуулийн этгээд. Алдаж, оноход нь ч тэр энэ гээд байдаггүй. Амьдралын шаталбар ийм цаг үе дээрээ л явж байна. Бид тус тусын үзэл бодолдоо хатуу байдаг юм. Өдий насны хүмүүсийг хэн сургах юм, хэн нь хэндээ юу гэж хэлэх юм. Өөрийнхөө ертөнцөөр амьдарч байгаа хүнд миний ертөнцөөр амьдар гэх нь утгагүй шүү дээ. Бие биеэ л дааж амьдарна. Мэдээж багад нь ахын хувьд хэлж ярьж байсан нь бий. Гэлээ гээд одоо тэрэн дээр дэмжээд, туслаад өгөөч, УИХ-ын гишүүн юм чинь энэ асуудлыг шийдээч гэдэггүй. Ингэж хандсан нэг ч удаа байхгүй.

-Та хоёр нэг тойрогт өрсөлдөх нөхцөл бүрдэх нь. Энэ ч бас асуудал биш үү?

-Харж байгаа биз дээ. Ямар нэгэн зүйл дээр санал бодлоо хуваалцаж, нягтардаггүй болохоор л өөр, өөрсдийнхөө замаар явж байна. Тиймдээ ч нэг тойрогт өрсөлдөх нь байна. Үнэн нь ерөөсөө энэ. Энэ хүнд ард түмэн дүнг нь тавина. Надад ямар ч дүн тавьж болно. Би чадаж ч болно, чадахгүй байж ч мэднэ. Гэхдээ би өөрийнхөө үзэл бодлын төлөө явна. Тэгээд л боллоо. Нутаг орныхонтойгоо уулзаж, ярилцлаа. Намынхаа үзэл баримтлалыг танилцууллаа. Нутаг орныхон маань надаас хүлээлттэй болчихлоо.

Би шударга ёсыг тогтоох, Монголын ард түмэн газрын баялагтаа эзэн болох ёстой гэдэг үзэл бодолд нэгдсэн. Энэ зарчмаасаа би ухрахгүй. Хамаатан саднаараа улс төрд орох нь гэж ярьцгааж л байг. Энэ надад хамаагүй. Би өөрийнхөө үзэл бодол, чиг шугамаас хазайхгүй явна. Хүн болж төрснийх, малчин ард түмний дунд амьдардаг хүний хувьд тулгарч буй асуудлыг нь шийдвэрлэчих юмсан л гэж хүсч байна.

Categories
мэдээ цаг-үе

Г.Батбаяр: Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдааныг хурдан дуусгаж, ял оногдуулах хүсэл сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс байна

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын хүмүүст холбогдох анхан шатны шүүх хурал Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр энэ сарын 20-нд болно. Дээрх хүмүүсийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэмээн буруутгаж буй юм. Үүнтэй холбоотойгоор Б.Хурц нарын өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.


-ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болох гэж байна. Өмгөөлөгчдийн зүгээс ямар байр суурьтай оролцохоор төлөвлөж байна вэ?

-Шүүгчдэгч нарын өмгөөлөгч нар энэ хэргийг хэрэгсэхгүй болоод бүгд цагаадаасай л гэх хүсэлтэй, байр суурьтай л оролцож байна. Тийм ч учраас Улсын Дээд шүүх хүртэл яг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг барьж тэнд заагдсан ямар хүсэлт, гомдол гаргадаг юм энэ бүх эрхийнхээ хүрээнд маргалдаж мэтгэлцэж явж ирсэн. Тэрнээс биш ямар нэг байдлаар шүүгч нь дураараа хугацаа хожоод байлгаад, шалтгаангүйгээр түдгэлзүүлээд, эсвэл шалтгаангүйгээр удаашруулсан зүйл бол байхгүй. Нийгэмд гараад эрүү шүүлт тулгасан, хүн зодсон гэх мэт буруу зөрүү ойлголтууд гараад байгаа. Харин энэ асуудал бол хэсэг улстөрчдийн хүсэл зорилгын хүрээнд, тэдний захиалгаар явж буй захиалгат нэвтрүүлэг, бичвэрүүдээс болж ард түмний дунд буруу ойлголт төрөөд байна л даа.Тэгэхээр энэ буруу ойлголтуудыг хүссэн хүсээгүй үнэн бодит зүйлд нийцүүлэхийн тулд шүүгдэгч нарын өмгөөлөгч бид хуулийн хүрээнд зохих байр сууриа илэрхийлж байна.

-Танай үйлчлүүлэгчид шүүх хуралд бүгд ирнэ биз дээ?

-Ирнэ.Шүүх хэн нэгний хүсэл зорилгоор явагдаад байгаа юм бол байхгүй. Хуулийн дагуу л бүх юм явагдаж байна. Харин хурлыг бол хурдтай хийх, ямар нэг байдлаар ял оногдуулах хүсэл зорилго зарим хүмүүст байна.

-Тухайлбал ямар хүмүүс?

-Би тэр, энэ гэж нэрлээд яахав. Нэгэнт л олон нийтэд ил тод байгаагаас хойш. С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсэг УИХ-д байгуулагдсан. Тэр ажлын хэсэг энэ шүүх хурлыг хурдан шийдээд, хэлмэгдсэн гэж үзээд байгаа хүмүүсээ гаргах хүсэл сонирхолтой байгаа. Шүүгдэгч нар хэлмэгдээгүй л гэж үзэж байгаа.

-Өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг удаа дараа тавьж байгаа. Хүсэлтийг хүлээн авахгүй байгаагийн цаана ямар шалтгаан байна гэж харж байна вэ?

-Төрийн нууцтай холбоотой янз бүрийн юм хурал дээр яригдана гээд байгаа боловч хэргийн маргааны гол зүйл болсон 26 минутын бичлэгийг олон нийтэд ил гаргаад тавьчихсан. Тэгээд нууц гээд байдаг. Тэгэхээр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зарим хэсгийг хаалттай хуралдуулаад, олон нийтэд ил болчихсон үйл явдлын талаарх баримтын мэтгэлцээнийг нээлттэй явуулчих л гээд байгаа. Тэгвэл бидний худал гэж үзээд байгаа, ард түмний эргэлзэж, тээнэгэлзээд байгаа зүйлүүд тодорхой болно шүү дээ.Нууц гээд байгаа зүйлийнхээ ихэнх хэсгийг олон нийтэд дэлгээд хаячихсан. Хүн болгон тэр дэлгэчихсэн баримтуудаас өөртөө ашигтай, өөрийнхөө хүсэл зорилгод нийцсэн байдлаар тайлбарлаад болохгүй байна. Тиймээс шүүх хуралдааныг нээлттэй болгоод өгөөч гэсэн хүсэлтийг өмгөөлөгч Б.Мэргэнээс авахуулаад өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандсан. Хэвлэлийн бага хурал хийсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бид хүргүүлсэн. Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т зааснаар шүүх хуралдааныг нээлттэй явуулах уу, үгүй юү гэдгийг Шүүх өөрөө шийддэг. Үүний дагуу шүүх хуралдааныг нээлттэй явуулаад өгөөч ээ гэсэн хүсэлтийг бидний зүгээс байнга тавьсан. Зарим УИХ-ын гишүүд хүртэл шүүх хуралдааныг нээлттэй явуулаад өгөхийг хүсч, оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч тухайн гишүүдэд нэгэнт хаалттай хурал учраас энэ боломжгүй гэсэн хариу өгч хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгосон.

-Гол баримт нь олон нийтэд ил болчихсон юм бол одоо яг юуг нууц гэж үзээд байна вэ?

-Шүүх хуралдааны ажиллагаа болон гүйцэтгэх ажиллагааны шугамаар авагдсан мэдээ сэлт, эдгээр баримтуудыг нууцын зэрэглэлтэй гэж үзээд байгаа. Мэдээж хэрэг төрийн нууцтай холбоотой зүйлүүд бол байгаа. Тэдгээр хэсгийг нь хаалттай хуралдаад бусад зүйлсийг нээлттэй явуулчих нь зүйтэй. Тэгэх юм бол төрийн нууц гэсэн хүнд дарамтаас шүүгдэгчид гарах гээд байна л даа. Нууцтай холбоотой, энэ нууц шүү гэсэн зүйлийн цаана заавал хууль бус ажиллагаа явагдана гэж бид үзээд байгаа юм. Зарим улстөрчид ч гэсэн яриад байгаа “нууц” гэдэг юмны цаана жинхэнэ хууль бус ажиллагаа явагддаг. Та нар “нууц” гэдгээр С.Зориг агсны хэргийг буруу, зөрүү шүүсэн гээд хэлээд байгаа ш дээ. Энэ зүйл дахиад давтагдах вий дээ л гээд байгаа юм.

-Шүүх хуралдааныг нээлттэй явуулаад, хүсэлт гаргасан УИХ-ын нэр бүхий гишүүдийг оролцуулбал нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж үзэж байна уу?

-Арай өөр нөхцөл байдал үүснэ. Тэгэхгүй бол 2019 оны наймдугаар сард явагдсан шүүх хуралдаан шиг учир битүүлэг, үл ойлголцол ихтэй, ард түмний дунд маргаан мэтгэлцээн ихтэй болох талтай. Наймдугаар сарын хурлаас хойш шүүхийн шийдвэр гараагүй байхад шүүгдэгчдэд “яргачид” гэдэг нэр зүүлгэчихээд байгаа ш дээ.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1-т Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохыг хориглоно гэсэн заалт байдаг. Энэ заалт зөрчигдөөд байгаа юм. “Нууц” гэдэг нэрийн дор бусдын нэр хүнд гутаан доромжлогдоод байна. Тиймээс үүнийг болиулаад өгөөч. Шүүхийн шийтгэх тогтоол гарснаар л хүнийг гэм буруутай гэж үзнэ. Гэтэл шийтгэх тогтоол нь гараагүй, шүүх хурлын хянан шийдвэрлэх ажиллагаа дөнгөж явагдаж байхад л шүүгдэгчдийг “яргачид” гэж нэр зүүгээд аль хэдийнэ ял оноочихоод байна. Энэ буруу. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буруу тогтолцоогоор явагдаад байгаагийн илрэл юм. Наад зах нь ял авчихсан хүнийг ялтан чи, ийм тийм гэж доромжлохыг хориглодог ш дээ.

-Нэгэнт гурван шатны шүүхээр шийдэгдчихсэн хэргийг дахиад Б.Хурц нартай холбогдох хүмүүст авчирч наагаад буцаагаад задалчихлаа. Энэ нь өөрөө Монголын Шүүх ийм ялзарлын хэмжээнд хүрчихсний илрэл гэж шүүмжлэх хүмүүс ч байна?

-Ер нь бол шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан тэр журмаар явж байгаа. Тэрнээс биш цаг хугацааны хувьд удаашраад зүйл байхгүй. Энэ байдлаар Шүүхийг ялзралд хүрсэн мэт буруу ойлголт өгөөд байгаа хэсэг хүмүүс бий. Тийм юм бол байхгүй. Яг л ном журмын дагуу явж байна. Цаг хугацаа нь болоод л шийдвэрлэж байна, зарим тохиолдолд хурал хойшилж байна. Хурал хойшлуулах болгонд л шүүх ялзарчихсан мэт харж болохгүй. Хэргийн оролцогч нарын тэгш эрхийг хангахын тулд заримдаа хурал хойшлох зүйл байна, хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдлууд гарна, тэрийг хянах цаг хугацаа орно. Өнөөдөр хүсэлт гаргангуут орой нь шийдчихдэг зүйл гэж байхгүй ш дээ. Хууль өөрөө цаг хугацаа, дэс дараалалтай. Б.Хурц нарт холбогдох хэрэг анхан шатны шүүх дээр байсан, дунд шатны шүүхэд очсон, дээд шүүхэд очсон. Одоо эргээд анхан шатны шүүх дээр ирлээ. Үүнд хууль зөрчигдсөн зүйл үгүй. Харин шүүх ялзарчихсан байна, цаг хугацаа хожиж байна гэж буруу тайлбарлаад байгаа хүмүүс шүүхэд нөлөөлөөд байна. Шүүхэд нөлөөлөхгүй байх нөлөөллийн мэдүүлэг дээр хохирогч ч тэр, шүүгдэгчид ч тэр бүгд шүүхэд нөлөөлөхгүй гэх гарын үсэг зурдаг.Үндсэн хуульд зааснаар шүүгч хэнээс ч хараат бус байж зөвхөн хууль дээдлэх зарчмаар шүүн таслах ажиллагааг явуулна гээд заагаад өгчихсөн байдаг.

-Шүүхээс шүүгдэгчдийг буруутай гэж үзэн ял шийтгэл оноож энэ хэрэг эцэслэвэл С.Зориг агсны хэрэг хаагдах гээд байна гэдэг зүйлийг та дурдаж байсан. Энэ тухайд?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.12-т Эрүү шүүлт тулгах замаар нотлох баримт цуглуулсан байвал тухайн хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох, тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхгүй байх. Нотлох баримтаас хасах нөхцөл байдал үүсдэг. Тийм учраас 2015 онд илрүүлээд 2017 онд эцсийн шүүх таслах ажиллагаа явагдсан гээд байгаа хэрэг бүхэлдээ хүчингүй болох нөхцөл байдал үүсэх гээд байгаа юм. Тэгэх юм бол нөгөө захиалагч гэх мэт ойлголт байхгүй болоод. Дараа ямар нэг байдлаар хэн нэгэн энэ хэргийг үйлдсэн байна гээд гаргаад ирэх юм бол хүн хэлмэгдүүлж байна гэдэг ойлголт бий болно. Хууль сахиулагчдад, шүүхэд итгэх ард түмний итгэл үнэмшил хөсөр хаягдана. Тийм учраас бүхэл бүтэн хэргийн ял завшуулахгүй байх, гэм буруутай этгээдүүдэд шударга ёсны шийтгэл оноох хэм хэмжээ бүгд алдагдах учраас энэ эрүүдэн шүүсэн гээд байгаа хэргийг олон нийтэд ил тод нээлттэй явуулаач ээ, хэн нэгний нөлөөнд авталгүйгээр явуулаад өгөөч ээ гээд байгаа юм.

-Танай үйлчлүүлэгч нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүх ажлыг захиалаагүй, оролцоогүй гэдэг үндэслэл, нотолгоо хангалттай байгаа юу?

-Үндэслэл хангалттай байгаа. Яг тэр хэсгүүдийг нээлттэй явуулчих. Үнэхээр буруугүй гэсэн үндэслэл байгааг ард түмэн хараг, мэдэг. Өнөөдөр хамаг муу муухайгаар цоллууд байгаа энэ хүмүүс чинь ямар ч холбоогүй, захиалагч биш юм байна. Энэ хэрэг бол ялтан хоорондын асуудал гэдгийг ойлгох болно.Хоригдлууд бие биенийхээ эсрэг зодолдож нэгийгээ бэртээсэн байх юм бол Эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээрээ зүйлчлэгдэнэ. Бас сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн аль заалтыг зөрчсөн юм түүгээрээ л шийдэгдэх асуудал. Тэрнээс биш хүн зод гэхээр очиж зодчихоод түүндээ ямарч хариуцлага хүлээдэггүй. Тэгсэн хэрнээ тагнуулынхан тушаал өгсөн гэдэг зүйл байх уу. Дараа нь яах юм хүн алчихаад тагнуулынхан ал гэсэн гээд бас сууж байх уу. Ийм зүйл гэж байхгүй биз дээ. Энэ чинь өөрөө хэлмэгдүүлэлтийг дахин бий болгож болзошгүй. Өөрсдөө шүүх ажиллагаанд оролцоогүй, хэрэгт цуглуулсан баримт нотолгоонуудыг мэдэхгүй байж гаднаас нь энийг хурдан шийдээд өг, шүүх удаад байна гэдэг зүйл яриад байж болохгүй л дээ.

-Тэгэхээр манайд олны анхаарлыг татсан томоохон хэрэгт шалгагдаж байгаа хүн дээр дахиад өөр хэрэг нэмээд шалгаад явах үзэгдэл ажиглагдах болсон. Танай үйлчлүүлэгчидийг ч гэсэн өөр хэрэгт холбогдуулан татсан гэх мэдээлэл байна. Үнэн үү?

-Тэгдэг. Нийлмэл гэмт хэргийг гаргаад ирдэг байхгүй юу. За одоо энэ хүмүүс ингэсэн юм байна. Өө энд бас мөнгө идсэн юм байна. Энд нэг эмэгтэйг зодож байсан юм байна гээд баахан юм самраад гаргаад ирдэг. Манай үйлчлүүлэгчдийн тухайд тийм зүйл одоохондоо байхгүй байна. Магадгүй явцын дунд бас шүүхийн тогтоол гарсны дараа ч юм уу янз бүрийн байдлаар үйлчлүүлэгчдийг маань мөрдөн шалгах гэсэн, өөр зүйлд холбогдуулах гэсэн зүйл гаргаад ирэхийг мэдэхгүй ш дээ.

-Б.Хурцыг цагдан хоригдож байгаад амиа алдсан Д.Энхбатын үхэлд буруутгаад байсан. Тэр юу болсон бэ?

-Хүмүүс тэгж яриад л байдаг. Тэр хэрэг ямар ч холбогдолгүй. Буруутгаад, шалгаад, хянан цагдсан юм болоогүй.

-Та болон танай багийн өмгөөлөгчид үйлчлүүлэгчидтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Үйлчлүүлэгчдийн хувьд сэтгэл санаа ямаршуухан байгаа вэ?

-Бид уулзаж ярилцаж байгаа. Гэм буруугүй байхад нийгэмд эрүүдэн шүүсэн яргачин гээд ойлгуулчихаар ямар л сайн байхав.Манай ард түмний дунд нэг муу тал бий. Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад нэг өндөр албан тушаалтай хүн гарч ирээд ямар ч баримт нотолгоогүй юм яриад “Энэ муусайн буруутай. Ял өгчих” хариуцлагатайгаар мэдэгдэж байна гээд хэлчихвэл итгэчихдэг. Үнэн гээд ойлгочихдог. Энэ байдал үйлчлүүлэгчдээс гадна шүүгч нарыг бас хүнд байдалд оруулдаг. Манай үйлчлүүлэгчид бүгд л сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалтай жил гаруй явж байна. Тэр хүмүүсийн чинь цаана гэр бүлийнхэн нь бий. Давхар давхар дарамтад оруулж байгаа байхгүй. Үүнээс гадна өмгөөлөгч бидэн рүү ч гэсэн маш их дайралт, сэтгэл зүйн асар их дарамт ирж байна. Ямартаа ч өмгөөлөгч хүнд би сэтгэл зүйн хувьд дарамттай, асуудалтай байна үйлчлүүлэгчээ орхих эрх байхгүй шүү дээ.Ийм л байна.

-Энэ удаагийн хурлаар хэрэг эцэслэн шийдэгдэх болов уу?

-Ер нь эцэслэн шийдэгдэх байх гэж найдаж байна. Үйлчлүүлэгчид маань гэм буруугүй нь тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүлдний тухай “Хатуу анхааруулга”

-ФЕЛЬЕТОН-

(Нэмэлт бүхий Үндсэн хууль мөрдөгдөж эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Харин шинэ Үндсэн хуулийг анх батлахад хамгийн их маргаан дагуулсан сэдэв бол төрийн сүлд, далбааны асуудал байв. Ажлын хэсгээс Чингисийн үеийн сүлд болох цагаан шонхортой төсөл оруулж ирсэн ч депутатууд хүлээж аваагүй. Харин тэр сүлд өнөөгийн манай цагдаагийн бэлгэдэл болсон билээ. Гучаад жилийн тэртээх маргаанд нэмж асан хошигнолоо сэргээн хуваалцъя)

Та(депутат) нарыгаа зурагтаар гарахыг хараад их өрөвдөж байна. Үндсэн хуулийн төсөл дээр сонгогч биднийхээ хэл гэснийг л хэлээд өөрийхөө санааг ч илэрхийлж чадахгүй бусдад боорлуулан зогсохыг хараад туйлаас өрөвдөв. Дараагийн сонгуульд энэрэнгүй үзлийн үүднээс хандаж, хэн нэгийг өөрсдийнхөө өмнөөс тарчлаахаа болихоор шийдлээ. Даанч хүнлэг бус юм… Төр солигдсоныг хүүхэд, нохой хүртэл мэдээд байхад, биднийхээ өмнөөс “Төрийн сүлдийг ямар учраас солих гээд байна” хэмээн хөлсөө асгаруулан, гүрийн зогсохыг чинь харах туйлын хүнд байнам. Иймээс, дараагийн сонгуульд бид депутатаар хүн биш, харин сайн магнитофон сонгох болно. Хорооны хөдөлмөрчдийн бүх хүслийг бичүүлээд тэрийг их хуралд сонсгоод л болоо биш үү?

Та нарыг маань “нэг муу махчин шувуутай сүлд батал” гэж тулгаад байгаа дуулдана. Махчин амьтан сүлдэнд байж яаж болох вэ? Та нарын эсэргүүцээд байгаа нь зөв. Харин тэр сүлдэнд хүн оруулавзай. Хүн золиг чинь шонхор шувуунаас хамаагүй их мах иддэг амтан гэж судлаачид хэлдэг.

Шонхор шувууг та нар эвэр хошуутай, сүүгүй амьтан гэж эсэргүүцдэг чинь ч түмэн зөв. Тэгэхдээ, шувууны хошуунд эвэрнийхээс арай өөр хэд хэд элемент байдгийг эрдэмтэд тогтоосон гэдэг шүү, дотроо саначихаарай.

Төрийн сүлдэнд чинь сүүтэй амьтан оролгүй яах вэ? Болж өгвөл симменталь үүлдрийн үнээ оруулахыг бодоорой.

Бүүр болохгүй бол хуучин байсан морийг гүү болгохыг хичээгээрэй. За тэгээд цаашлаад ирвэл таван хошуу малаа цөмийг, манай туслах аж ахуйд үлэмж хувь нэмэр оруулж байгаа гахай, тахиа, зөгий мөн тарвагыг оруулсан ч болмоор байна.

Хойшоо явж байгаа залуус,

-Сүлдэнд мөнхөрсөн тарвага эрдэнэ ээ хө…гэж дуулаад гитардаж сууна. Догь биз?

Таван хошуу малыг дүрслэхдээ, хуучин 1940-өөд оны сүлдэн дэх шиг толгойг нь тасалж дүрслэх нь буруу. Ядуу бидэнд шууд л цувдай толгой төсөөлөгдөөд болохгүй байна.

Тэгэхээр, тэдгээр мал амьтнаа хүнд үр тусаа өгч байгаагаар дүрсэлсмээр байгаа юм. Хургалж байгаа хонь, ботголж бүхий ингэ байж яагаад болохгүй гэж?

-Сүлдэн дээр улаан нар байгаа явдал бол улаан коммунизмыг зорьж яваа хэрэг биш, хорвоод ганц л улаан нар байгаа тэр зүг рүү явж байгаа хэрэг гэж та нар маань мэтгэх юм. “Нарлуу хамаагүй давхиж байж Икар шиг шатаж үхэх нь үү” гэж цаадуул чинь ам таглаж мэднэ шүү. Хариуд нь “тэр бол монгол домог биш” гээрэй. Гэвч нэг “но” бас байна.

Цаад, хорвоогийн ганц нарыг чинь япончууд аваад тугандаа наачихсан юм шүү. Тэгэхээр өнөө гүү унаад явж байгаа хүн чинь Япон орохоор болчих вий гэж. Үүнээс зайлсхийхийн тулд нарыг тас хараар хийх саналтай байна.

Дээр үеийн ойлголтоор бол сүлдэн дэх морьтон мандах коммунизмыг зорьж явсан байдаг. Харин одоо ардчилж, өөрчлөн байгуулж байгаагаар дүрслэгдэх нигууртай. Ингээд би шинэ сүлдийг өөрийн санаанд бууж байгаагаар дүрсэлье.

Сэрийсэн хөхтэй, сүү нь дусалсан гүү унасан, лам (веган) хүн тас хар өнгөтэй нарыг зорин давхина. Тэрээр баруун гараа санал өгч байгаа маягтай өргөжээ. Энэ нь ардчиллын бэлгэдэл болно. Харин зүүн гараараа гүүнийхээ дэлийг засаж байгаа нь өөрчлөн байгуулалтыг илэрхийлнэ.

Төллөж байгаа дөрвөн эх мал нэг дор байна. Тэр хэдийн цаана үхсэн чоно харагдана. Энэ нь нэг талаасаа малын дайсан чоныг устгасан гэсэн санаа. Нөгөө талаасаа эзэн Чингисийн үеийн сүлд шонхорыг сүлдээ болгохгүйгээс хойш, удам гарлынх нь эх болох Бөртө чоныг үхсэн байдлаар зурах нь зөв.

Харин тарвагыг дүрслэхдээ ангийн байцаагчийн хурааж аваад гээчихсэн, Эрхүүгийн арьсны чээнж оюутны үнэмлэхийг ноохойдоо зөөж байгаагаар хийх ба энэ нь тарваганд учрах гол аюул ариллаа гэсэн үг.

Сүлдийн эч этгээдэд Эзэн Чингисийн үеийн сүлд цагаан шонхор шувууны эвэр хошууг полиэтилениэр солихын зэрэгцээ хөх ургуулах мэс засал хийж байгаа мал эмнэлгийн хүрээлэнгийн нэгэн лабораторийг дүрслэх нь зөв. Энэ нь хожим хойдод эзэн дээсийн сүлд эргэж ирж магадгүй гэсэн санааг агуулах юм. За, бусад амьтдыг та бүхэн үзэмжээрээ болгооно биз.Төрийн далбаанд бол хэлэх юм алга, өөрсдөө мэд дээ.

…Улсын нэрийг бол өөрчлөх хэрэгтэй. Ардын бүгд найрамдах, Ардын ардчилсан, Монгол ардын Ардчилсан улс буюу АБНААМААУ гэж нэрлэх бодолтой байгаа.

Тэр, Үндсэн хуулийн нэрийг “Их цааз” гэж яаж болох вэ? Цаазаар аваад байна л гэсэн үг шүү дээ. Иймд хүнлэг ардчилсан зарчимд нийцүүлэн “Их өршөөл” болго.

За, тэр гадаадынханд газар түрээслэхгүй гэдэг чинь зөв. Газрын зураг дээрээс алга болсон олон улс цагаачлалын хууль баталж, газраа түрээслүүлснээс болсон юм. Бүгд найрамдах Цыган улс (БНЦУ) цагаачлалын хуультай болсноос хойш яаж үйлээ үзэж байна вэ?

Еврей нар 2000 жилийн өмнө гадаадын иргэнд газар түрээслэх хууль баталснаас болоод хичнээн жил эх оронгүй зовов доо.

…Америкийн эрх чөлөөний шүтээн болсон Манхаттен арлыг, Холливуд уултай нь япончууд худалдаад авчихсан дуулдах юм. Ирэх хавар Атлантын далайн хайлж, усан пароход явахтай болохоор япончууд худалдаж газраа зөөнө гэнэ. Арван жилийн дараа АНУ алга болж, тэнд Америкийн тэнгис цэлэлзэх бололтой. Аймаар байгаа биз!

Та нар “газар түрээслүүлж болно” гээд хуулиндаа оруулмагц гадаадынхан ирнэ, газар авна гэж бодож байгаа биз, тийм биш ээ. Цаадуул чинь муу санаатай улс, Улаанбаатарт байгаа гадаадын элчингүүд байрласан газраа аль хэдийнэ худалдан авчихсан гээд бодчих. Америкийн элчин нүүлээ гэхэд Сэлбэ голын баруун эргийг огтолж аваад нисэх нь байна.

…Миний энэ бүх саналыг шинэ үндсэн хуулинд тусахгүй бол улс төрийн архидалт, эсэргүүцлийн хууль зөрчилт, тэмцлийн хулгай хийлт зэрэг тайван тэмцлийн бүхий л аргыг хэрэглэнэ гэдгээ хатуу сануулахын зэрэгцээ, надаас өөр сонгогчийн хүсэлтийг хүлээн авахгүй байхыг хатуу анхааруулъя.

1991(Үг)

Categories
мэдээ цаг-үе

Д.Доржпагма: Уран зургийн галерейд сурагчдынхаа бүтээлээр үзэсгэлэн гаргаж байлаа

Боловсролын салбарт 40 шахам жил ажилласан ахмад багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Доржпагматай ярилцсанаа хүргэе.


-Та бол эх хэлнийхээ дархлааг манаж хөдөөдөө суугаа ахмад багш нарын нэг. Багшийн мэргэжлийг яагаад сонгох болов гэдгээс яриагаа эхлэх үү?

-Багшийн мэргэжлийг сонгох болсон минь миний бага ангийн багштай холбоотой. Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуульд 1 дүгээр ангид ороход Лувсандоржийн Жавзмаа гэдэг давхраатай алаг нүдтэй залуухан багш инээмсэглэн угтаж авсан юм. Дугуй хээтэй хүрэн ягаан тэрлэг өмсөж, нарийхан индүүдсэн ногоон дурдан бүсийг цэмбийтэл бүсэлж дөлгөөхөн багшийн минь хичээлээ зааж байгаа нь одоо ч надад тодхон санагддаг юм. Дунд ангийн багш Бямбажавын Гэсэр гэж хатуу чанд шаардлагатай зарчимч хүн байсан. Багш маань маш олон төрлийн чээж бичиг, найруулан бичлэг,зохион бичлэг бичүүлж,дүрмийн алдааг тохиолдол бүрээр нь тайлбарлан, давтан бичүүлж, утга найруулгын алдааг дор бүр нь нь засуулдаг,сурагчдын дэвтрийг солилцуулан өөрсдөөр нь засуулж, зөв зассан сурагчдыг урамшуулдаг байсан нь намайг эх хэлтэй багш болоход их нөлөөлсөн гэж би боддог доо. Багш маань ганцхан удаа наймдугаар анги дааж төгсгөчихөөд хичээлийн эрхлэгч, захирал болоод дэвшчихсэн. Намайг мэргэжлийг минь өвлөсөн ганц шавь минь чи сайн багш болох ёстой гэдэг байсан. Ховдын багшийн дээд сургуульд суралцаж байхад Монгол Улсын гавьяат багш, утга зохиолын нэртэй шүүмжлэгч Д.Галбаатар, утга судлалын доктор Д.Бадамдорж, зохиолч эрдэмтэн Р.Батаахүү, тууль судлаач Б.Катуу, гадаад хэл, утга зохиолын багш А.Одгэрэл зэрэг Монголын сор болсон сайн эрдэмтэн багш нар хичээл заадаг байв. Одоо бүгд эрдэмтэн докторууд болсон.

-Тухайн үеийн сургалтын онцлогийн тухай юу хэлэх вэ?

-Тэр үеийн сурах бичиг тогтвортой, олон хувилбаргүй. Онолд тулгуурласан академик сургалт байсан ч хүүхэд бүрийг тэгш сургадаг.Сурлагын хоцрогдол нөхөх давтлага хийж, хичээлээ гүйцэд ойлгоход нь тусалдаг, шаардлага хангахгүй бол анги улируулдаг байв. Багш нар хичээлээ ахуй амьдралтай нь холбож заахыг хичээдэг, хичээлээс гадуур түлээ хөрөөдөх, ногоо хураах, зуны амралтаар өвс хадлан бэлтгэх, хонь хяргах, ямаа саах,цагаан идээ боловсруулах, хонь мал хариулах, хөвгүүд нь даага сургах зэрэг олон ажил хөдөлмөрийн чадвар эзэмшдэг байсан. Сурлагаас гадна хүмүүжил төлөвшилд их анхаардаг байв. Тэр үеийн багш нар хүүхдэд их ойр, гэр орноор очиж, эцэг эхтэй нь холбоотой, хүүхдээ нарийн судалж гурвалсан холбоотой ажилладаг байв. Тухайн үеийн Монголын шилдэг багш нарын болон Зөвлөлтийн новатор багш нарын арга туршлагаас суралцаж эзэмшихэд их анхаардаг.

-Таны багшийн гараа хаанаас эхлэв. Анхны хичээл, анхны шавь нар гээд эргээд бодоход сонин сайхан байх.

-Би багшийн ажлын гараагаа Төмөрбулаг найман жилийн сургуулиас эхэлсэн. Хичээлдээ нэлээд сайн бэлтгэсэн, хичээл яаж зааснаа, аль ангид орсноо ч санахгүй юм. Заах зохиолоо уншиж, шүлэг яруу найргийг цээжилж , өөрөө үлгэрлэхийг хичээж байсан санагдана. Одоо шавь нар маань олон сайхан мэргэжил эзэмшиж, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа. Багш хүн ажлаа хийж байхдаа л илүү жаргалтай. Хамгийн гэгээлэг хүмүүстэй, тэдний сурах мэдэхийн баясалд умбахаас өөр ямар жаргал байх вэ дээ. Бид эх орныхоо ирээдүйг бэлтгэж байгаа учраас үнэхээр хариуцлагатай мэргэжил. Өөрийн төрөлх Тариалан сумандаа ажиллаж байхад нэг хөгтэй явдал тохиолдсон юм. Байрны хүүхдүүд гэр рүүгээ их оргоно.Тэр болгонд мориор, мотоциклоор араас нь явна.Нэг удаа миний даасан 6а ангийн сурагч Д.Баттулга оргож, би авахаар очлоо. Түүний аав Дашзэвэг гуай надад ингэж хэллээ. Би чамд хүүгээ хүргээд л өгсөн. Хэдэн толгой бүрэн бүтэн байлгах нь миний үүрэг, хэдэн хүүхдээ бүрэн бүтэн байлгах нь чиний үүрэг гэж эгэл жирийн малчин хүн намайг өөрийн ажилдаа эзэн байхад сургаж байж билээ. Сургуулийн зүгээс багш нартай хатуу шаардлага тавьж, сурагч нэг бүрийг амжилттай сургах хариуцлага ногдуулж, хичээлийн бэлтгэл шалгах, хичээлд нь сууж зөвлөгөө өгөх, залуу багш нарыг ахмад багш нар нь дагуулан сургаж халамжлан хүмүүжүүлж ажлын үзүүлэлтийг нарийн тооцдог, эцэг эх, багш, сурагчдын гурвалсан холбоотой ажиллаж, улирал бүрийн дүнг эцэг эхийнх нь албан газарт хүргүүлдэг байлаа.

-Шавь нараас тань сэтгэлд үргэлж холбоотой хүн хэн байна. Мөн олонд нэр алдраа цуурайтуулсан нь хэн байна?

-Даасан ангийн сурагчид, уралдаан олимпиадад бэлтгэсэн шавь нар, уран бичлэгийн дугуйлангийн шавь нар маань холбоотой байдаг. Монголын үндэсний телевизэд сэтгүүлч редактор Б.Мөнхзул, хараа зүйч А.Буянхишиг, хүний их эмч Д.Хандмаа, “Ургамлын далай” компанийн захирал Ц.Түмэнбаяр гээд олон сайхан шавь нар бий.

-Та бол Идэрийн эх хэлний олимпиадын эрдэнийн титэмт аварга багш. Таныг түрүүлэхэд зохиолч, найрагчид, эрдэмтэн докторууд их л баярлаж билээ. Аргагүй нэг буурь зааж, аварга гэдгээ харууллаа гээд л, тэр тухайгаа дурсахгүй юу?

-Би 2013 онд Эх хэлний боловсрол соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Завхан аймгийн Идэр сумын ахмад багш Лутын Лхагважавын нэрэмжит эх хэлний олимпиадын аварга болж, “Багш дор мөргөмү” эрдэнийн тэмдэг, өргөмжлөл, 2 сая төгрөгөөр, мөн манай сургуулийн баг тэргүүн байр эзэлж, цом 1 сая төгрөгөөр шагнуулсандаа үнэхээр их баяртай байдаг. Би өмнө нь ийм өндөр үнэлэмжтэй, 100 сая төгрөгийн шагналын сантай, аймаг бүрээс зорин ирсэн 40 баг оролцсон, ийм олон оюунлаг хүмүүс нэг дор цуглуулсан оюуны наадмыг үзэж сонсож байсангүй. Гагцхүү тэнд л үзэж, мэлмий баясаж, сэтгэл татагдсан юм. Ардын уран зохиолч Д.Урианхай, Д.Цоодол, Т.Галсан, Ц.Бавуудорж, Х.Чилаавжав, доктор Д.Галбаатар, Д.Баттогтох, Ө.Оюунхүү нарын олон зохиолч эрдэмтэд очиж, шүлэг яруу найргаа уншиж, бид бүхэнтэй ярилцаж, хүүхэд залуучуудад үлгэр болж байсан. Энэ үед “Яруу сэтгэе” яруу найргийн уралдааныг сурагчдын дунд зохиож, хожмоо яруу найрагч болох олон хүүхдүүдийг урамшуулж авьяасыг нээж байлаа. Зохиолч яруу найрагчдын яруу шүлэг, яриаг сонсоод хүүхдүүд маань энэ зохиолчид шиг болно гэж хөөрөн дэвэрч байсан байх гэж бодно. Энэ олон түмнийг урин дуудсан эгэлхэн хүн Лхагважав багш маань шавьтай хүн гэж ийм л байдаг. Би сайхан шавийнхаа буянаар эх хэлдээ ээлтэй олон багш, сэргэлэн олон хүүхдүүдийг цуглуулахад, тэднийгээ урамшуулан баясгаад сууж байна. Шавийн эрдэмт багшаас гэдэг дээ. Миний сургаж хүмүүжүүлсэн шавь нарын минь л нэг энэ Төрбаяр байгаа гэсэн шиг шандаст хоймор баярлаж, яриа хөөрөө хийж сууна. “Шинэ Ази” группийн захирал Төрбаяртай хамт олонд нь баярлаж байгаагаа илэрхийлье! Энэ наадмын 1-3 дугаар байр эзэлсэн багш нарыг шинэ жилдээ урин оролцуулсанд маш их баярлалаа. Энэ наадмын амжилт өгөөжөөр Хөвсгөл аймгийн Эх хэлний түшиц сургууль болгож, бодлогоор дэмжсэн. Энэхүү олимпиадын өмнө бид “Эх хэл бидний бахархал” үндэсний бичиг үсгийн наадмыг аймаг даяар өргөн тэмдэглэж эхэлсэн.

-Таны багшлах ур чадвар, өөрийн гэх дэг сургуулийг сонирхмоор байна. Хөвсгөлийн Доржпагма гэдгээрээ та нэршиж алдаршсан хүн. Монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлээр сурагчдын олон талт авьяасыг нээж хөгжүүлсэн байдлаараа өөрийн аргатай болсон гэж боддог?

-2001 онд сурагчдыг бичлэгийн олон тиг хэлбэрт сургах зорилгоор “Унаган бичгээ урлаг болгоно. Уран Занабазарын авьяасыг өвлөнө” уриатайгаар аймагтаа “Бичиг-урлаг” нэртэй уран бичлэгийн анхны дугуйланг хичээллүүлж, 2002 онд 8б ангийн сурагч Ж.Нацагдорж хичээнгүй бичиг болон “Далийн цэцэг ягаарсан дархад нутгийн үзэмж” угалзан эвхмэл сийлбэрээр улсад түрүүлж 2003 онд Монгол бичгийн нийгэмлэгийн шагнал хүртсэнээр уг уралдаанд шавь бэлтгэж, өөрөө ч дагаж хөгжсөн сайхан үе эхэлсэн юм.2005 онд Б.Алимаа, 2007 онд Д.Отгонбаяр, 2011онд Ж.Баянжаргал, 2012 онд Д.Дуламсүрэн нарын 20 гаруй сурагчид улсын уралдаанд амжилттай оролцож улсын зардлаар МУИС, МУБИС, ХИДС-д суралцаж төгсөөд бүгд мэргэжлийн дагуу багшилдаг. “Монголын сайхан бичигтэн” Д.Дуламсүрэн Монголын хүүхдийн ордонд уран бичлэгийн багш хийдэг. Дугуйлан бямба гаригт 2-4 цаг ордог. “Монголын сайхан бичигтэн” уралдаан, үндэсний бичиг үсгийн баярт зориулан сургууль, аймагтаа сурагчдынхаа бүтээлээр үзэсгэлэн гаргадаг байв. Сурагчид маань хичээнгүй гүйлгэн тиг, монгол бичгийн үсэг тоогоор янз бүрийн амьтан ургамал зурж, тэдний сэтгэлгээ тэлж байгаад их л баяртай байж билээ. Энэ бүтээлүүд эргээд дүү нарынх нь хичээлийн үзүүлэн таниулах болж тэдэн шиг зурж бичих хүсэл тэмүүллийг төрүүлдэг байлаа. 2004 онд би “Монгол төрийн бичгийн 800 жилийн ой”-д төлөөлөгчөөр оролцохдоо уран зургийн галерейд сурагчдынхаа бүтээлээр үзэсгэлэн гаргаж байсан. 2003 онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бичиг үсгийн баяр” тэмдэглэх болсноос хойш сургууль дээрээ тэмдэглэж багш, ажилчдын дунд хичээнгүй бичлэг, уран бичлэг, түргэн уншлагын тэмцээн явуулдаг байв. 2013 онд манай сургуулийн хамт олон Хөвсгөл аймгийн хэмжээнд “Үндэсний бичиг үсгийн өдөр”-ийг угтаж “Эх хэл бидний бахархал” сэдэвт өдөрлөг явуулж МУГБагш Батсуурийн нэрэмжит монгол хэл, бичгийн олимпиад, Миний нэрэмжит “Бичиг урлаг” уран бичлэг, хичээнгүй бичлэгийн уралдаан, мэргэжлийн багш нарын дунд “Монгол бичгийн хичээлийг заахад тулгамдаж буй асуудал” сэдвээр онол практикийн бага хурал хийв. Аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав, Боловсролын газрын дарга Н.Баатар-Очир, сургуулиудын захирал, ахмад багш нар, мөн аймгийн төвийн найман сургууль, хөдөөгийн гурван сургуулийн 36 багш, 693 сурагч нийт 729 хүн оролцож байлаа.

-Та залуу багш нартаа хандаж юу хэлэх вэ. Багш нарын ур чадвар муудлаа л гэх юм. Үүнд ямар бодолтой байдаг. Мөн багшийн үнэлэмж өнөөдөр манайд ямар түвшинд байна вэ?

-Ажлын сайнаар амьдрал өөдөлдөг учраас ажилдаа сэтгэлээ зориулж, ажил амьдралаа зохицуулж ажиллабал зүгээр юм.Сургуульдаа хайртай, шавь нартай ээлтэй, хамт олонтойгоо эвтэй,бие биеэсээ суралцаж, нэгнээ хурцалж, урамшуулдаг байх хэрэгтэй. Залуу багш нар ахмад үеэ үгүйсгэж болохгүй.Ахмад багш нар залуустаа ажлын туршлагаасаа хуваалцах, тэднээс харилцан суралцдаг бол сайн. Багшийн үнэлэмж тааруу гэдэгтэй санал нийлнэ.

Монгол хэл, бичиг бол миний эрхэмлэн дээдэлж явдаг амьдралын минь салшгүй нэг хэсэг билээ. Монгол хэл, бичгээ зааж сургаж өвлүүлэн эзэмшүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломж олдсонд талархаж явдаг. Ийм учраас сурагч байхаас минь өдий хүртэл зааж сургаж хүмүүжүүлсэн багш нартаа үнэхээр их баярлаж явдаг. Та нар минь надад туслаагүй байсан бол одоогийн би байхгүй байсан. Миний амжилтын нууц бол зүрх сэтгэлд минь хоногштол хичээлээ зааж чадсан эрдэмтэн багш нарын минь гавьяа билээ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном: Тэвчиж болох зардал, хөрөнгө оруулалтыг тодорхойлоод, тэдгээр ажлыг эхлүүлэх, санхүүжүүлэлт хийхийг хүлээзнэвэл зүйтэй

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой ярилцлаа.


-Та Монгол Улсын Ерөнхий сайд байсан. Өнөөдөр манай улс урьд өмнө байгаагүй цар тахлын аюул, шинэ сорилттой тулгарч байна. Ийм үед төр засгийн зүгээс ямар арга хэмжээ авбал зохилтой бэ?

-Урьд өмнө, тэр дунд намайг Ерөнхий сайд байх үед дэлхийн бүх улсыг хамарсан цар тахал гэгч халдварт өвчин гарч байгаагүйг та хэллээ. Тэмцлийн туршлага гэж мэдэх юм надад алга. Шинэ сорилтыг давахын тулд дэлхийн бүх улс одоогоор хилээ хааж, хөл хорио тогтоож халдварыг багасгах, зогсоохыг хичээж байна. Энэ өвчний дархлааг бий болгох, эмчлэх аргыг олоход жил хагасын хугацаа хэрэгтэй гэж ярих юм. Хөл хорионд удаан амьдрах бололтой. Манай Засгийн газар энэ аюулт өвчний халдвар гаднаас орж ирэхээс сэргийлэх, илрүүлэх, эмчлэх ажлыг сайн зохион байгуулж байна. Дархлаа бий болгох вакцин гэгчийг бий болгож хэрэглэж эхлэх хүртэл хүн бүхэн халдвараас сэргийлэх дэг журмыг хатуу сахиж амьдрахаас өөр аргагүй. Миний бодлоор хүн амын бараг тал хувь төвлөрөөд байгаа нийслэлдээ халдвар дэлгэрэхээс сэргийлсэн хатуу дэг журам тогтоож мөрдөхөд онц анхаарах нь зүйтэй. Сахилга дэг журмыг эрхэмлэж хэвших явдал энэ бэрхшээлийг давахад төдийгүй, улс орны цаашдын хөгжилд ч ач холбогдолтой байх болно. Ер нь Улаанбаатар хотод нүүж ирэхийг хязгаарлах, орон нутагт ажлын байр бий болгох, бүсийн төв болох аймгуудад их дээд сургууль, шинэ үйлдвэрүүд байгуулах, дэд бүтцийн болон үйлчилгээний үнэ тарифыг орон нутагт хямдруулах зэрэг замаар төвлөрлийг багасгах доривтой арга хэмжээг ойрын жилүүдэд хэрэгжүүлэх шаардлага байгааг энэ тахал анхааруулж байна. Миний бичээд байдаг Бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, Сумдыг мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдтэй болгох, Орон нутагт арьс шир ноос боловсруулах үйлдвэр байгуулах, Ямааны ноолуур тэмээний ноос, сарлагийн хөөврийн бүх нөөцийг ээрмэл утас болгох үйлдвэрлэлийн хүч чадлыг бий болгох зэрэг саналыг анхаарч хэрэгжүүлбэл төвлөрлийг сааруулах, мал аж ахуй эрхлэгчдийг олшруулах, хөдөөд ажлын байр бий болгоход тус болно. Улсынхаа өргөн уудам нутаг дэвсгэрт тархан байрлаж ажил орлоготой, элдэв өвчин халдвараас хол, тайван амьдралын нөхцөл бүрдүүлэх бодлого ирээдүйтэй.

-Ер нь энэ цар тахлын аюул бодит эдийн засагт яаж мэдрэгдэх бол. Өнөөдөр хүмүүс идэх хоолтой, өмсөх хувцас, дутагдах зүйлгүй өнөө л хэрүүл заргаа хийгээд хэвээрээ л байна. Ингэхэд манай хүнсний болоод эдийн засгийн нөөц боломж бололцоо хэр байдаг бол. Айхавтар аюултай хэзээ нүүр тулах бол. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

-Цар тахал эдийн засагт хэзээний нөлөөлж аюул нь мэдрэгдэж эхэлсэн. Том үйлдвэр уурхайнуудын ажил доголдож бүтээгдэхүүний гаргалт борлуулалт багаслаа, жижиг дунд үйлдвэр үйлчилгээний газрууд хаалгаа барьж, олон хүн ажилгүй орлогогүй болж эхэллээ. Учрах бэрхшээлийн зөвхөн эхлэл. Цар тахлын сөрөг үр дагаврыг арилгах, ажил амьдралын дотоод гадаад зохистой нөхцөлийг сэргээхэд урт хугацаа, хэдэн жил ч шаардагдах байх. Засгийн газар 5 тэрбум гаруй төгрөгийн эх үүсвэрийг гаргаж иргэдийг орлогожуулах, ажлын байрыг хадгалахад чиглэсэн зарим арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Хангалттай биш. Энэ оны улсын төсөвт тодотгол хийх шаардлага гарна. Тэвчиж болох зардал, хөрөнгө оруулалтыг тодорхойлоод, тэдгээр ажлыг эхлүүлэх, санхүүжүүлэлт хийхийг хүлээзнэвэл зүйтэй гэж бодож байна. Дараа жилүүдийн төсөв төлөвлөгөөнд тусгах шаардлагатай шинэ асуудлууд гарах нь эргэлзээгүй.

Цар тахлын харгайгаар дэлхийг хамарсан хүндрэл бэрхшээл гарна, улс хоорондын харилцаа болон улс бүрийн улс төр эдийн засгийг доргиосон нөлөө нь удаан үргэлжилнэ гэж гадаадын улстөрчид ярьж бичиж байна. Бүр эмх замбараагүй байдал үүсгэх үр дагавартай өргөн цар хүрээтэй хямрал дэгдэж болзошгүй гэсэн яриа сонсогдож байна. Засгийн газар болзошгүй ийм аюулаас сэргийлж, муу үр дагаврыг сааруулах, тогтворт байдлыг сэргээх чадвартай байхыг чухал гэж ярьж байна. Монгол Улсын Засгийн газар цар тахлын нөлөөгөөр улс нийгэмд тохиох бэрхшээлийг хохирол багатай давах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх ажлыг голлож хариуцах яам тусгай газраа томилж ажиллуулахыг зөвлөмөөр байна. Энэ ажил Засгийн газрыг алсыг харж үр дүнтэй ажиллах чадвартай, нийгмийн итгэлийг хүлээсэн байхад хэрэг болно. Цар тахлыг хөнөөл багатай, үр дагаврын бэрхшээлийг хохиролгүй давах боломж манай улсад бий. Уудам нутагтаа тархаж амьдардаг малчид бэлчээрийн малаа өсгөж, тариаланчид хэрэгцээт буудай төмс хүнсний ногоог үйлдвэрлэхэд энэ тахал саад болох хэмжээнд хүрэхгүй. Өөрсдөө хичээвэл өвчин, өлсгөлөнгийн айхавтар аюултай нүүр тулна гэж санаа зовмооргүй байна. Хойд хөршөөс бензин шатахууныг авч, урд хөршид зэс, нүүрс,төмрийн хүдэр гаргаж зайлшгүй зүйлээ импортлоод, валютын нөөцөө багаар боловч өсгөж байхад онц бэрхшээл гарахгүй. Бололцоо гаргаж бензин шатахуун авч нөөцлөх юмсан.Тансаглах биш даруухан, өлсөхийн зовлонгүй амьдрахад дутах юмгүй байх болно. Ер нь коронавирусийн дараа гадаад улсуудад ч манай улсад ч зохистой хэрэглээ хэвших, хүнснийхээ гол хэрэгцээг дотоод эх үүсвэрээр хангах бодлого явагдах байх. Халдвараас сэргийлэх ажлын явцад нийгмийн амьдралд ач тустай өөрчлөлтүүд гарч байгааг хүмүүс ажиглаж байна. Ач тустай юу ажиглагдаж байгааг манай Энхээ гэдэг залуу гярхай харж бичсэнийг уншлаа. “Хямрал хүмүүсийг хүнлэг байхад тулгаж, албадан сургаж байна. Өвчин үхлийн өмнө бүгд адил гэдгийг сануулж байна. Ухаалаг, тэвчээртэй байх,зовлонг хуваалцах, хүн ёсны сайн чанар гаргахыг шаардлаа. Хар амиа бодохын хөнөөлийг дэлгэн харуулж, зоргоор авирлахыг хязгаарлаж байна. Бардам занг номхотгож, төлөв даруу байхад сургаж байна. Энэ бүхэн үнэлж баршгүй туршлага суулгаж байна” гэж бичжээ. Монгол зан заншлыг, Монголоо алдахгүй байхад алзахгүйг сануулж байна.

-Таныг Сайд нарын Зөвлөлийг толгойлж байх үед эдийн засгийн ямар хүнд сорилтууд тулгарч байв. Улс төрийн тухайд бол мэдээж нийгмийн шилжилтийн өмнөх цаг үе байсан?

-Би Сайд нарын Зөвлөлийн даргад 1984 оны арванхоёрдугаар сард томилогдоод 1990 оны гуравдугаар сард огцорсон. Ерөнхий сайдын албанд таван жил гурван сар ажилласан. Үндэсний орлогын жилийн дундаж өсөлт 1976-1980 онд 4,42хувь, 1981-1985 онд 6,1 хувь байсан бол 1986-1990 онд 7,78 хувь гэсэн статистик мэдээ байдаг. Эдийн засгийн хөгжлийн хурд нэмэгдэж байсан хэрэг. Гэвч илүү хурдаар өсөх боломжийг ашиглаагүй гэж шүүмжилдэг. Үнэн тал бий. Тэр үед эдийн засагт тулгарч байсан сорилт – бэрхшээл бол үр ашигтай үйлдвэрлэлийг өргөтгөж байх орчин нөхцөл муу, сонирхол үгүйлэгдэж байсан. Тэр нь нэгдүгээрт өмчийн нэг хэлбэр буюу төрийн өмч давамгайлж байсан, хоёр дугаарт чөлөөт үнийн тогтолцоо байгаагүйтэй холбоотой. Өөрийн биш, өрөөлийн өмч ашиглаж байгаа хүнд алтан уул амлаад ч сэтгэл гардаггүй юм билээ. Барааг нэрээр нь биш үнээр нь нэрлэхэд хүргэж байсан хатуу үнийн систем байхад шинийг санаачлах, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа бүтэлгүйтдэг юм билээ. Өмчийн олон хэлбэр бий болгох буюу хувийн өмчийг зөвшөөрөх, үнийг чөлөөтэй болгож үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлж байх нөхцөл бүрдүүлэх асуудлыг социализмын үеийн бид шийдэж чадахгүй цаг хугацаа алдаж байсан. Системийн өөрчлөлттэй холбогдож байсан эдгээр бэрхшээл 1990 оны ардчилсан хувьсгалын дараа гайгүй болсон.

Нэгэнт сонгосон Улс төрийн ардчилсан тогтолцоо, Зах зээлийн эдийн засгаа боловсронгуй болгож, гажуудалгүй зөв авч явхад хэрэг болно гэж бодож явдаг зүйл буюу одоо бидэнд тулгараад байгаа шинэ сорилтын талаар зарим санаа хэлье. Сүүлийн жилүүдэд хувийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг гадуурхах, чи хэт баяжиж байна гэсэн атаархлаар үйлдвэрлэл хөгжүүлж байгаа бизнесмэнүүдийн үйл ажиллагаанд нь саад хийх оролдлого ажиглагдаж байна. Зарим нэг улс төрч Монголд гай болж байгаа гучин гэр бүл байгаа юм шиг үлгэр ярьдаг болсныг таслан зогсоох хэрэгтэй байна. Баялаг бүтээж, улсын төсвийн орлогыг бүрдүүлж, эдийн засаг нийгмийн хөгжилд бодитой хувь нөмөр оруулж байдаг Монголынхоо цөөхөн компанийг үзэн яддаг биш, дэмждэг орчин нөхцөлтэй байхыг эрхэмлэдэг болмоор байна. Тэгэхгүй бол өнгөрсөн зууны эхэнд цөөхөн монголчуудын баян гэж байсан хэсгийн хөрөнгийг нийгэмчилж сүйтгээд, эздийг нь хэлмэгдүүлсэн гашуун түүх давтагдах аюултай. Нийгмийн чадваргүй хэсгийг турхирч баялаг бүтээх чадвартай хүмүүсийг хөрөнгөтэй нь устгах бодлого хэрэгжсэн гэдэг.

Манай улсад өнөөдөр эрх мэдэлтэнгүүд хууль зөрчиж төр нийгмийн хөрөнгө завшдаг, хөдөлмөрлөж биш хулгайлах мэхлэх аргаар хөрөнгөждөг, авлига авдаг, албан тушаалыг буруу ашигладаг гэмт хэргийг таслан зогсооно гэсэн амлалт үүргээ биелүүлж чадахаа төр засгийн удирдлага, хууль хяналтын байгууллагын нөхөд батлан харуулах цаг нь болсон байна. Ийм үүрэг нь хэрэгжихгүй удахаар шийдэх чадваргүй байна уу, эсвэл хүсэхгүй байна уу гэж асуухад хүрч байгаа.Энэ бол онц анхаарах асуудал. Төрийн тогтолцоог боловсронгуй болгох санал байгаа. Хууль тогтоох засаглал буюу УИХ, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, мөн Шүүх засаглалд ард түмний хяналтыг бий болгох, энэ зорилгоор парламентыг хоёр танхимтай, Дээд танхим буюу Ардын Их Хурлыг бий болгох зайлшгүй шаардлага бий гэж боддог. Энэ саналаа би гучаад жил хэлж бичиж байгаа боловч Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөд тусгуулж чаддаггүй. Харамсалтай. Ойрын ирээдүйд амьдралын шаардлагаар шийдэгдэнэ гэж найдаж байгаа.

-Та бид хоёр өмнө нь “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Ер нь одоогийн төр засгийн удирдлагуудын шийдвэр, бодлогыг та хэрхэн харж дүгнэж байна?

-Төр засгийн удирдлагуудын шийдвэр бодлого, ард иргэдийн хүчин зүтгэлийн ачаар Монгол Улс хөгжиж байна, дэлхийд танигдаж үнэлэгдэж байна.Үүнийг би харж, дүгнэж байна. Монгол Төрөө хүндэтгэж ханддаг. Гарч байгаа хууль, шийдэж байгаа асуудлаарх мэдээллийг сонирхож, зөв байгаасай, алдаа бүү гараасай гэж санаа зовж байдаг. Бурууг бол засах арга, төвөгтэй асуудлаар бол хуулийн дагуу шийдэх гарцаар зөвлөмж өгөхийг хичээдэг. Саяхан “сонгууль ба хөгжлийн үзэл баримтлал” гэсэн товч нийтлэл бичиж танай сонинд өгсөн. Түүнд УИХ 2015 онд баталсан Төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар заалтын дагуу “Алсын хараа 2050“ хөгжлийн үзэл баримтлалын 2025 оны ямар гол зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байх ёстойг анхааруулсан. Монгол Улсыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөртэй улс төрийн нам сонгуульд оролцох эрхтэй байх хуулиа биелүүлээсэй гэсэн санаа илэрхийлсэн. Энэ бол миний төр засгийн удирдлагад санаа бодлоо илэрхийлэхийг оролддог нэг жишээ.

-“Ерөнхий сайд байсан хүн Сангийн сайдынхаа үгэнд л орж болдоггүй юм билээ” гэж Намбарын Энхбаяр хэлж байсан. Сангийн сайдын үгэнд орсноор эдийн засгийн хувьд алдаа хийдэг, ард түмний амьдралд нэмэр болдоггүй гэж хэлж байсан. Үүнтэй санал нийлэх үү. Таныг Ерөнхий сайд байхад Сангийн сайд хэн байлаа, хэрхэн хамтарч ажилласан тухай сонирхуулахгүй юу?

-Н.Энхбаярын хэлсэн үгийг би харсан, танил нөхдөөсөө асуухад бараг бүгд уншсан байна билээ. Н.Энхбаяр Ерөнхий сайдын ажил хийж байхдаа сангийн сайдынхаа үгэнд орж алдаа хийж байсан, ард түмний амьдралыг хохироож байсан, харамсаж байгаа гэсэн ойлголт өгөх зүйл ярьжээ, ямар шалтгаан зорилгоор одоо ийм юм ярьдаг юм бол, гайхмаар гэцгээж байна. Би хувьдаа түүний үгэнд итгэж, санал нийлж чадахгүй байна. Намайг Ерөнхий сайд байхад Сангийн сайдаар Д.Моломжамц ажилласан. Би бүх сайд нартаа бүрэн итгэдэг, Засгийн газрын гишүүд чин сэтгэлээр хамтарч ажиллаж байсан. Өөрөөр засаг ажиллах нөхцөлгүй. Миний удирдсан Засгийн газрын гишүүдээс тэр жилүүдийн үйл ажиллагааны хамтын хариуцлагаас зайлсхийх, бусдыгаа золиослох мэт санаа илэрхийлж байсан хүн өнгөрсөн гучин жилийн хугацаанд нэг ч гараагүй.

-Өнөө жил сонгуулийн жил байгаа. Сонгууль болох эсэхийг Ерөнхийлөгч ч, УИХ ч мэдэхгүй. Гагцхүү Коронавирус л мэднэ гэж манай сонин бичсэн. Ер нь сонгууль болох уу. Сонгууль тойрсон асуудлаар таны бодлыг хуваалцъя?

-Сонгуулийг хойшлуулсан нь дээр байх гэсэн санааг би бичсэн удаа бий. Гэвч сонгуулиа 6 дугаар сардаа хийх бололтой. Аюулт өвчний халдвар тараахгүй, ард иргэдийг эрсдэлд оруулахгүй байх нь чухал. Сонгуулиас ард иргэд дараахь гол зүйлийг хүсч хүлээж байгаа:

-Мөнгө амлаж хуурдаг биш, Монгол Улсын нийгэм эдийн засгийг ухаалаг бодлогоор хөгжүүлэх мөрийн хөтөлбөртэй, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай улс төрийн нам УИХ, Засгийн газрыг бүрдүүлээсэй,

-Мөнгөний хүчээр санал цуглуулсан хүмүүс биш мэдлэг боловсролтой, улс нийгмийг хөгжүүлэх сэтгэл чадвартай, шударга залуучууд төрийн эрх барих албанд ихэнх болж сонгогдоосой,

-УИХ, Засгийн газар, Шүүх засалалд ард түмний хяналт бодитой байгаасай.

-Цаашид ер нь Монголын эдийн засаг хөгжил дэвшлийг та хэрхэн төсөөлж байна. Наад зах нь манайх нефтийн үйлдвэрээ ашиглалтад оруулах уу гээд л олон зүйл байна…?

-Улс тооцоо судалгаанд үндэслэж боловсруулсан хөгжлийн бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээний төлөвлөгөөтэй байх ёстой. Засаг төр Алсыг харсан хөгжлийн бодлогоо байнга боловсронгуй болгож, техник эдийн засгийн үндэслэлээр өндөр үр ашиг өгөх нь баталгаажсан төслийг сонгож эхний ээлжинд ажил болгодог, хууль санаачилдаг, гаргасан хууль журмаа биелүүлдэг байвал улс амжилттай хөгжинө. Иргэд, айл өрх бүр амьдралаа төлөвлөж авч явахыг хичээдэг. Төр ба иргэдийн хүсэл хүчин чармайлт нэг чиглэлд зүглэж байвал улс нийгэм амжилттай хөгжих нөхцөл бүрддэг. Одоогийн Засгийн газрын боловсруулж байгаа “Алсын хараа 2050” хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан хөгжлийн түвшний зорилтууд урьдынхаас илүү үндэслэл тооцоотой санагдсан.Дэвшүүлсэн зорилтоо ямар төсөл арга хэмжээгээр биелүүлэхийг нарийн төлөвлөж, сахилга хариуцлагаа дээшлүүлж ажиллавал манай улс ойрын гучин жилд хөгжлөөрөө өндөр хөгжилтэй улсуудад дөхөх нь эргэлзээгүй. Өнгөрсөн гучин жилд Анх боловсруулсан хөгжлийн үзэл баримтлалаар нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2020 онд 15 мянган долларт хүргэхээр, Хоёр дахь үзэл баримтлалаар 2030 онд 17 мянган долларт хүрэхээр эдийн засгийг өсгөх зорилт дэвшүүлж байсан боловч хэрэгжээгүй. Энэ үзүүлэлт 2019 оны гүйцэтгэлээр 4200 орчим доллар байгаа. Одоогийн үзэл баримтлалаар 2050 онд 15 мянган долларт хүргэх зорилго дэвшүүлж байна. Өнгөрсөн гучин жилд Монголд улс нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан яам байсангүй. Тогтвортой зохих хурдаар хөгжөөгүй, үзэл баримтлал байвч хэрэгжиж байгаагүй нь хариуцсан эзэнгүй байсантай холбоотой. Одоо энэ чухал асуудлыг хариуцах яамаа байгуулахаар шийдэж байгаа нь сайн. “Алсын хараа 2050“ хөгжлийн үзэл баримтлалын боловсруулалтын чанар, түүнийг хэрэгжүүлэх ажилд бас л урьдын дутагдал давтагдах эрсдэл байгаа. Тийм учраас би дараахь хоёр үндсэн саналыг УИХ, Засгийн газрын удирдлагад бичиж өгсөн:

1. Үзэл баримтлалын одоогийн төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийг хариуцах яамаа бий болгож, тэнд нарийвчилж боловсруулсны дараа батлах.

2. Үзэл баримтлалын шинэ төсөлд тусгагдсан 2025 оны үндсэн зорилтууд, тухайлбал ДНБ, Ажиллагсад, Дундаж цалин, Экспортын 2025 онд хүрсэн байх үзүүлэлтийг батлаад УИХ-ын энэ оны сонгуульд оролцох улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тэдгээр зорилтыг биелүүлэх арга хэмжээг тусгасан байхыг шаардах. Ийм хоёр тодорхой шаардлагыг хэрэгжүүлбэл улс орны хөгжил дэвшлийг зөв төсөөлж, амжилттай хэрэгжүүлэхэд ахиц гарна гэж бодож дээрх саналыг хүргүүлсэн.

-Ерэн оноос хойш Монголд нэг үйлдвэр бараг босоогүй. Энэ жил бид яг юу хийв ээ. Улс төрийн хэрүүл хийгээд, намчирхаж талцсаар байгаад таарах шиг боллоо. Ер нь Монголыг үйлдвэрлэлгүй байлгах, ядуу гуйлгачин байлгах гадны бодлого мөнх оршсоор байх шиг…?

-Үйлдвэр хөгжүүлэхэд анхаарахгүй байгаа явдал хоцрогдол хүндрэлийн үндсэн шалтгаан гэдэгтэй би санал нэг байна. Жаргалтай амьдрахад ӨВЧИНГҮЙ, ӨРГҮЙ, СЭТГЭЛ ариун ТАЙВАН байхаас өөр юуч хэрэггүй гэсэн үг байдаг. Бодоод байхад үнэхээр өвчингүй эрүүл хүн, ариун сэтгэлээр тайван хөдөлмөрлөж өр тавихгүй бол жаргалтай амьдарна. Энэ нь улсад ч иргэнд ч хамаарна. Эдгээр гурван нөхцөлөөс өвчингүй, ариун сэтгэлтэй байх бол үндсэндээ санааных, харин улс ба иргэдээ өрнөөс салгах асуудлыг шийдэхэд одоо анхаарал төвлөрөхгүй бол болохгүй. Манай улсын гадаад өр 30 шахам тэрбум доллар, үүнээс Засгийн газрын өр гуравны нэг орчим нь бололтой. Энэ өрийг дарахын тулд валют олох, валют олохын тулд экспортоо нэмэгдүүлэх, экспортоо нэмэгдүүлэхийн тулд үйлдвэр хөгжүүлэхээс өөр арга байхгүй. Манай улсын экспортын хэмжээ 2019 оны дүнгээр 7,6 тэрбум доллар, урьд оноос дөнгөж 607 сая доллараар өссөн байгаа нь тун хангалтгүй. Одоогийн бүх өрийг дарах хэмжээний валют олъё гэвэл экспортыг 4 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Валютын ийм хуримтлалыг бүрдүүлхэд хугацаа хэрэгтэй. Монгол Улсын 2016-2030 оны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд хуримтлал үүсгэх замаар Засгийн газрын төлөх өрийг 2017-2024 онд буюу 7 жилийн хугацаанд барагдуулна гэсэн зорилго дэвшүүлж байсан. Гэвч экспортын бүтээгдэхүүн гаргах үйлдвэр хөгжүүлэхэд хөрөнгө оруулах ажлаа орхигдуулснаас хэрэгжээгүй. Миний баримжаа тооцоогоор зөвхөн малын гаралтай түүхий эдийг боловсруулах их биш хөрөнгө оруулалт шаардах үйлдвэрүүд байгуулах замаар экспортын орлогыг 2-3 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бий. Боловсруулсан тооцоо саналаа ХХААХҮЯ-нд өгсөн байгаа. “Алсын хараа 2050” хөгжлийн үзэл баримтлалд Экспортыг 2030 онд 25,6 тэрбум долларт хүргэх тооцоо байгаа гэж бичсэн боловч 2024, 2025 он буюу ирэх сонгуулийн жилүүдийн эцэст экспортыг ямар хэмжээнд хүргэх, гадаад өрийг барагдуулахад ямар ахиц гаргасан байх, ямар үйлдвэрүүд байгуулах нь тодорхойгүй байгаа. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Ард иргэд 2050 онд буюу 30 жилийн дараа хүрнэ гэж байгаа зорилтыг сонсоно. Харин ойрын таван жилийн зорилтыг сонирхох төдийгүй, хэрэгжих боломжийг нь ойлгуулбал засаг төрд итгэж үйл ажлыг нь дэмжинэ. Ийм ач холбогдолтой учраас хөгжлийн үзэл баримтлалын 2025, 2030 оны гол зорилтууд, энэ хугацаанд ямар үйлдвэрүүд байгуулах, тэдгээрийн эдийн засгийн үр ашгийн үзүүлэлтүүдийг тодорхой болгохыг хүсээд байгаа юм. Үйлдвэр хөгжүүлж, валютын эх үүсвэр бий болгож, улсын өрийг багасгах бодлого төлөвлөгөө боловсруулсан улс төрийн намд УИХ-ын энэ оны сонгуульд оролцохыг зөвшөөрөх хэрэгтэйг хэлээд байгаа юм. Монгол Улс хөгжилтэй байх эсэхийг монголчууд бид шийднэ. Монголд үйлдвэр хөгжүүлэх, Монголыг өрөнд унагахгүй байх хүч ухаан гадаадад биш дотоодод байгаа. Манай залуучууд чадна. Боломж олгоё, итгэе, зөвлөе.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д 2020 оны УИХ-ын сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн тоймыг нийтэллээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Х.Мандахбаярынхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Тэрээр УИХ-д нэр дэвшин өрсөлдөхөөр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүний ажлаа хүлээлгэж өгөөд удаагүй байгаа билээ.

2020 оны УИХ-ын сонгуульд нам,
эвслээс нэр дэвшигчдийн тухай тоймлон бэлтгэлээ. Нэг, гурав, 12 дугаар нүүрнээс уншиж танилцаарай.

Ерөнхийлөгч асан
Н.Энхбаяртай хийсэн ярилцлагыг улс төрийн хоёр, тавдугаар нүүрнүүдээс унших боломжтой.

МАН-ын олонхиос бүрдсэн парламентын чуулган өнгөрөгч баасан гаригт отгон чуулганаа хийсэн юм. Чуулганы хуралдааны тэмдэглэлийг зургаадугаар нүүрэнд хэвлэлээ.

Төрөөс иргэдэд өгч буй тусламж, халамжийн мөнгийг даган архидалт хавтгайрах үзэгдэл нийгэмд газар хөл хорионы дэглэмтэй холбоотой ахуйн хүрээний архидалт нэмэгдэн, гэр бүлийн хүчирхийлэл ихсэх болсон. Төмөр замын цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрнаас сурвалжлага бэлтгэж, архидалт хэр нэмэгдээд буйг харж, мэдэхийг зорьсон юм. Сурвалжлагыг долоодугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Төв аймгийн Зуунмод
сумын Засаг дарга бөгөөд
Зуунмод хотын захирагч
Г.Мөнхбадралтай цаг үеийн
сэдвээр ярилцлаа, дүгээр нүүрнээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорноговь аймагт хүчтэй шороон шуурга шуурчээ

Дорноговь аймагт хүчтэй шороон шуурганы улмаас 1-2 км газарт үзэгдэх орчин муудсан байна. Тус аймгийн бүс нутагт тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө салхи секундэд 20-24 метр хүрч ширүүсчээ. Хүчтэй шороон шуурганы улмаас гамшиг, осол бүртгэгдээгүй гэдгийг аймгийн Онцгой байдлын албанаас мэдээллээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр тавдугаар 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна гэдгийг анхааруулсан. Мөн энэ сарын 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Өнөөдөр нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь сонсож, хөдөө, орон нутагт зайлшгүй зорчих шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байгаа юм.