Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-05-18-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Эдийн засгийн өсөлт ард иргэддээ очиж чадаагүй дөрвөн жил болсон

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна. УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн мэдээлж байгаа юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-УИХ дахь АН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд санаачлагатай оролцсон.

Эдийн засгийн өсөлт ард иргэддээ очиж чадаагүй дөрвөн жил болсон. Төрийн байгууллага хууль зөрчсөн, ард нийтэд ашиггүй хууль санаачилсан, үнэмлэхүй олонхиоороо өөрсдөдөө ашигтай хууль баталсан дөрвөн жил байлаа. Эрх баригчдын дотоод хагарал туйлдаа хүрсэн дөрвөн жил байлаа.

Ирэх дөрвөн жил эдийн засгийн маш хүнд нөхцөл рүү тулж очиж байна. Тийм учраас ирэх дөрвөн жил хамгийн хариуцлагатай дөрвөн жил болно хэмээн мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​“Фантастик” продакшны уран бүтээлчид хандивын аянд нэгдэж, Улсын онцгой комисст найман сая төгрөгийг өнөөдөр гардуулан өгчээ

“Фантастик” продакшны уран бүтээлчид хандивын аянд нэгдэж, Улсын онцгой комисст найман сая төгрөгийг өнөөдөр гардуулан өгчээ.

Тус продакшны уран бүтээлчид “Zura” шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд шоунд ялалт байгуулсан жүжигчин М.Баярбат шагналынхаа мөнгийг ийнхүү ард иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд зогсож байгаа нийт ажилтан, алба хаагчдад хандивлах шийдвэр гаргасан байна.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн үйлчилгээг цахимаар авах олон боломжууд нээгдлээ

Иргэн Та үйлчилгээ авах гэж төрийн байгууллагууд руу заавал биечлэн очихоос илүү мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимаар олон хувилбараар авах боломжтой болжээ.

Тухайлбал, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хэрхэн авах талаарх зөвлөмж, мэдээллийг “Хотын дарга сонсож байна 1800-1200” лавлагаа, мэдээлийн утсаар ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авч болохоос гадна дээрх тусгай дугаарын утсаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

Үүнээс гадна “Check my service” гар утасны аппликэйшныг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлтийнхээ холбогдох зураг, баримт материалыг хавсарган хэзээ ч, хаанаас ч илгээн богино хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой. Гаргасан өргөдөл, гомдлыг зохих ёсны байгууллагууд шийдвэрлэсний дараа тухай иргэнд утасны дугаараар нь холбогдож хариуг өгөх юм.

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ систем ашиглан автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн үйлчилгээг ухаалаг утасны “Smartcar” аппликейшн болон Татварын ерөнхий газрын https://e-tax.mta.mn/, https://itax.mta.mn/ цахим хуудас ашиглан авч болно.

Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн https://eservice.ulaanbaatar.mn/ порталаар нийслэлийн 7 байгууллагын 51 үйлчилгээг цахим хэлбэрээр авч болохоос гадна өргөдөл гомдол гаргах, үйлчилгээний төлбөрийг цахимаар төлөх, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, санал хүсэлт өгөхөд үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багатай зэрэг олон давуу талтай.

Categories
мэдээ нийгэм

“Жи Тайм” сүлжээний хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох 201701000037 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Монголын улаан загалмай нийгэмлэгээр гүйцэтгүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагааны гэрээг сунгалаа

Хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмай нийгэмлэгээр гүйцэтгүүлэх гэрээг сунгалаа.

Гэрээнд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монголын Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд нар гарын үсэг зурав.

Монгол Улсын Их Хурал 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, “Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө нэмэлт хүч болж ажиллах үндэсний хүмүүнлэгийн байгууллага мөн” гэж хуульчилсан билээ.

Монгол Улсын Засгийн Газар 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 234 дүгээр тогтоол гаргаж, хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн Газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмай нийгэмлэгээр гүйцэтгүүлэх зорилгоор тус нийгэмлэгтэй гэрээ байгуулан ажилласан. Энэ хугацаанд Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө нэмэлт хүч болж ажиллах үүргээ сайн биелүүлсэн хэмээн үзэж гэрээг сунгав. Монголын улаан загалмай нийгэмлэг Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулан ажиллаж байна.

Тус нийгэмлэг 2016-2020 онд зудад нэрвэгдсэн 18500 өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц, өвс, хүнсний багц зэрэг нийт 9,2 тэрбум төгрөгийг тусламж үзүүлсэн байна. Мөн үерт өртсөн 905 өрхөд нийт 705 сая төгрөгийн бэлэн мөнгө, гал тогоо, ариун цэврийн багцын тусламж үзүүлжээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Дөрвөн хүний шинжилгээний хариу эерэг гарч, нийт тохиолдол 140 боллоо

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.018/ хийлээ.

Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Өнөөдөр ХӨСҮТ-ээс гурван хүн эдгэрч, дараагийн шатруу шилжлээ. Ор хоногийн хувьд 30, 34, 45 хоног эмчлэгдсэн хүмүүс эдгэрч байна. Нийт лабораториудад 87 хүний шинжилгээ хийлээ. Давтан шинжилгээгээр дөрвөн хүн коронавирусийн халдвартай нь тогтоогдлоо. ХӨСҮТ-д давтан шинжилгээгээр 45 хүнд давтан шинжилгээ хийхэд 34 хүнд илрээгүй. Нийт 140 тохиолдол боллоо.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
АНУ, ОХУ, Их Британи улсууд халдвар авсан хүмүүсийн тоогоор дээгүүрт жагсаж байна. Энэтхэгт 95 мянган хүн халдвар аваад байгааа ба одоогоор 58 мянган хүн идэвхтэй байна. Тус улсад хөл хориог дахин 14 хоногоор сунгахаар болсон ба сургууль цэцэрлэг, сүм хийд гээд хүн олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг хаасан. Мөн БНСУ-д шөнийн клубийн голомтоос үүдэлтэй халдвартай хүний тоо 9-өөр нэмэгдэж, нэг хүн нас баржээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:
Насанд хүрэгчдийн 4 хувь нь, хүүхдийн 80 хувь нь идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байна. Үүнийг тус бүр 15 хувиар нэмэгдүүлэх үүднээс ДЭМБ нь Олимпын хороотой хамтран идэвхтэй хөдөлгөөнд уриалах ажлуудыг хийхээр болсон байна.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
Манай улстай хил залгаа Хөвсгөл, Сэлэнгэ аймгийнхан сэрэмжтэй байхыг анхааруулъя. Улсын хэмжээнд яг одоо тусгаарлалтад 1747 хүн байна. Үүнд архаг хууч өвчтэй 133 иргэн байна. Өчигдөр 4471 хүнд тандалт хийсэн ба сэжигтэй тохиолдол илрээгүй. Шуурхай албаны 119 дугаарт 166 иргэн хандаж зөвлөгөө авсан ба БНСУ 1, ОХУ 1, Бельги улсаас 1 иргэн тус тус холбогдсон гэв.

Categories
мэдээ нийгэм

Инфографик: “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” конвенцын тухай

Улсын Их Хурлын 2019
оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх
танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ
удаа Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн
тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн
хамт хүргэж байна.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, соёрхон баталлаа.

Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолын дагуу Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон баталснаар барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахтай холбогдсон стандарт, норм, дүрэм, журмыг боловсронгуй болгох, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх болон үндэсний бүтээн байгуулалтын чадавхыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод хөрөнгө оруулалт, бизнесийн тогтвортой, таатай орчин нөхцөл бүрдэнэ.

Олон улсын Хөдөлмөрийн хэм хэмжээ нь Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнуудын Засгийн газар, ажил олгогч, ажилтнууд хамтаараа батлан гаргадаг эрх зүйн баримт бичиг бөгөөд хувь хүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой үндсэн зарчмуудыг тогтоож өгдөг.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орны хувьд Монгол Улс тус байгууллагын 15 конвенцыг соёрхон баталсан бөгөөд “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон баталснаар гишүүнчлэлийн татварт жил бүр 1071 еврогоор төлбөр төлөх үүрэг хүлээнэ.

Конвенц соёрхон баталснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, норм нормативын баримт бичиг, стандарт, дүрэм журмын уялдаа холбоог сайжруулж, барилгын үйлдвэрлэлийн талбайд хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлж буй сайн туршлагыг түгээх, барилгын салбарт мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэх, салбарын нэгдсэн бодлогын системийг бий болгох зэрэг үр нөлөө гарна гэж үзэж байна.

Конвенц нь 5 бүлэг, 44 зүйлээс бүрдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарт цахим сургалт зохион байгуулав

Нийслэлийн Онцгой байдлын газраас Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нарын цахим сургалтыг зохион байгууллаа.

Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх, арга хэлбэрийг боловсронгуй болгох, байцаагч нарын эрх зүйн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, удирдахуйн арга барилд суралцуулах зорилгоор тус сургалтыг явуулсан юм.

Сургалтаар Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, гал түймрийн улсын хяналт шалгалтад гарч буй алдаа дутагдал сайжруулах арга хэмжээ, гал түймрийн улсын хяналт шалгалтын өнөөгийн байдал, ололт, дутагдал, ажлын үр дүнг дээшлүүлэх арга зам зэрэг сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн заавар, зөвлөмжийг өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

12 настай хүүхэд мотоциклийн ослоор нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.05.16,17-ны өдрүүдэд нийт 408 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 282-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэн, үүнээс 2 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүүхдийн амь насыг хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4
  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Онхолдох хэлбэрээр-2
  • Унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.05.17-ны өдрийн 11 цаг 30 минутын орчим Архангай аймгийн Чулуут сум Зуун мод багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Sunny маркийн мотоцикл онхолдож, жолооч 12 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргийг шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10,7 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4,9 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 66,7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.