Categories
мэдээ нийгэм

“Фантастик продакшн” УОК-д найман сая төгрөг хандивлажээ

Өнөөдөр Фантастик Продакшны уран бүтээлчид найман сая төгрөгийн хандивыг Улсын Онцгой комисст гардуулан өглөө.

“Фантастик Продакшн”-ы ээлжит дэлгэцийн уран бүтээл “Зура” уран сайхны киноны нээлт энэ сарын 16-нд онлайнаар болж, үзэгчид ам сайтай байгаа билээ. Кино нээлтийн хажуугаар найман сая төгрөгийн шагналын сантай “Зура” шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгосон. Нэвтрүүлгийн ялагчийг цахим санал асуулгын дүнгээр тодруулсан бөгөөд ялагчаар жүжигчин М.Баярбат тодорсон. Жүжигчин залуус гашналын найман сая төгрөгөө ийнхүү Улсын Онцгой комисст хандивлалаа.

ФАНТАСТИК-ийн дараагийн төсөл ZURA | Урлаг.мн

Categories
мэдээ нийгэм

Жаргалант тосгоны Цагдаагийн тасагт бүрэн тоноглолтой авто машин гардууллаа

Нийслэлийн алслагдсан тосгодод мал бүхий иргэдийн малыг хулгайлах, байгаль орчин хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчил ихээхэн гардаг. Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу “Жаргалант” тосгоны Цагдаагийн тасагт иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай авто машиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва “Алслагдсан тосгодод ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан тэнд ажиллаж буй алба хаагч, цагдаагийн тасгийн техник, төхөөрөмжийг сайжруулах зайлшгүй үе тулгарч байгаа. Иймд Нийслэлийн ГХУСАЗЗ-өөс, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газартай хамтраад “Жаргалант” тосгоны цагдаагийн тасгийн тасгийн авто машины асуудлыг шийдвэрлэн өгч байгаа юм. Та бүхнээсээ иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллаарай гэж Нийслэлийн ИТХ болоод ГХУСАЗЗ-ийн нэрийн өмнөөс хүсье “ гэлээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав.

Хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлж, хэдийгээр урт хилээр хиллэдэг ч өнөөдрийг хүртэл COVID-19 цар тахлын хоёр улсын хооронд зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй байгаа нь олон улсад үлгэр жишээ хамтын ажиллагаа болж байгааг онцлов. Цаашид энэ амжилтыг бататгаж, сонор сэрэмжээ бууруулахгүй, үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг хоёр тал санал нэгтэй тэмдэглэлээ.

Дэд сайд Б.Батцэцэг хэлэхдээ, COVID-19-ийн үед Хятад улс оновчтой арга хэмжээг шуурхай авч, өндөр зохион байгуулалтын дор өвчний байдлыг хяналтандаа авсанд баяр хүргээд, энэхүү цар тахлыг дэлхийн улс орнууд эв санааны нэгдэлтэй, хамтын хүчээр давж гарах нь чухал гэдгийг онцлов. Мөн тэрээр цар тахлын онцгой үед хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр нягт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Чай Вэнруй хэлэхдээ, хоёр орны хамтын ажиллагаа худалдаа эдийн засгийн салбараас гадна хүмүүнлэгийн салбарт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ялангуяа COVID-19 цар тахлын үед бие биенээ дэмжих нь Монгол, Хятадын ард түмнийг улам ойртуулж, найрамдалт харилцаа улам бэхжиж байгааг дурдаад Хятадын төр засгаас Монгол Улстай харилцах найрсаг бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хяналтын байцаагч нарт цахим сургалт зохион байгуулав

Нийслэлийн Онцгой байдлын газраас Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нарын цахим сургалтыг зохион байгууллаа. Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх, арга хэлбэрийг боловсронгуй болгох, байцаагч нарын эрх зүйн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, удирдахуйн арга барилд суралцуулах зорилгоор тус сургалтыг явуулсан юм.

Сургалтаар Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, гал түймрийн улсын хяналт шалгалтад гарч буй алдаа дутагдал сайжруулах арга хэмжээ, гал түймрийн улсын хяналт шалгалтын өнөөгийн байдал, ололт, дутагдал, ажлын үр дүнг дээшлүүлэх арга зам зэрэг сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн заавар, зөвлөмжийг өгч ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт шөнийн хяналт шалгалт хийжээ

Нийслэлийн Засаг даргын 2020.05.04 өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай” А/616 дугаар захирамж, Хэлтэсийн даргын баталсан хуваарийн дагуу тус СонгиноХайрхан дүүргийн 1,2,12-18, 21, 29-р хороонд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйчлэх тусгай зөвшөөрөлтөй бүх төрлийн баарнаас бусад үйлчилгээний газрууд 07:00-22:00 цаг хүртэл ажиллаж байгаа эсэх, ариутгал халдваргүйжилт хийж буй эсэхэд шөнийн хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хууль тогтоомж зөрчсөн асуудал гараагүй. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, олон нийтийн газраар явахгүй байхыг анхаарууллаа

Сүүлийн өдрүүдэд хөрш зэргэлдээ ОХУ-д коронавирусний өвчлөл 9700-гаар, тэр дундаа Сэлэнгэ аймагтаа хил залгаа орших Буриадад өвчлөл 27-гоор нэмэгдэж нийтдээ 892 болжээ. Мөн манай улсын иргэдийн хамгийн ихээр зорчдог ОХУ-ын Эрхүү хотод 36 хүнээр нэмэгдэж 526, Тувад 17-гоор нэмэгдэж 269 хүн өвчлөөд байгаа аж. Түүнчлэн Өвөр байгалийн Читэд 154 хүн өвчилж, халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаа ажээ. Иймээс дээрх хотуудтай хил залгаа орших Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод, Увс, Хэнтий аймгийн иргэд бэлэн байдлаа ханган, сонор сэрэмжтэй байж, амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар савандаж угааж, олон нийтийн газраар явахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авахын тулд мөнгөн тэтгэмжинд хамрагдах хүсэлтээ өгч бүртгүүлнэ

Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авахын тулд та өөрийн харъяа аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум хорооны халамжийн мэргэжилтэнд хүүхдийн мөнгөн тэтгэмжинд хамрагдах хүсэлтээ өгч бүртгүүлнэ.

-Эцэг эх асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
-Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
-04 дүгээр сард хүсэлт гаргасан хүүхдүүдийн мөнгөн тэтгэмжийг 05 дугаар сард нөхөн олгоно.
-Сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогдоно.

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Улсын хэмжээнд гурван түймэр асаж, гурван түймрийг цурманд манаж байна

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгаар бага зэрэг бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар болон Халх голын саваар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, зарим газраар түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, голын хөндийгөөр 14-19 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 20, 21, 22-нд зарим газраар 13-15 м/с хүрч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 20-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Их-Уул багийн 36 дугаар гудамжинд иргэн Н-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 11:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 11:58 цагт очиж 12 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Арцат”-ын 15 дугаар гудамжинд иргэн Ж-ийн 5 ханатай 2 гэр, 1 метр урт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 20:19 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 38 дугаар гудамжинд иргэн Б-ын 10х4 метрийн хэмжээтэй граж шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 23:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 23:53 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Халтар-Ангархай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 55 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 05.17-ны өдрийн 19:00 цагт унтраасан. Уг гал түймэрт 2 га ойн талбай шатсан.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохиролоор 15 хүн гурван сая төгрөгийн азтан боллоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-30-ний хооронд худалдан авалтаар олгогдсон 45 сая баримтаас бүртгэгдсэн 28 сая баримтыг хамруулжээ.

Өнөөдрийн тохирлын дугаар: 04339857

  • 30 мянган төгрөгийн азтан 25,530
  • 100 мянган төгрөгийн азтан 2,520
  • Нэг сая төгрөгийн азтан 235
  • Гурван сая төгрөгийн азтан 15
  • Таван сая төгрөгийн азтан 4 шалгарсан бол 30 сая төгрөгийн азтан шалгарсангүй.

Супер шагналын тохирлын дугаар 77385917 бөгөөд энэ удаагийн тохирлоор супер азтан тодорсонгүй. Супер шагнал 40 сая төгрөг байв.

Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: Өвчлөл батлагдахын хэрээр халдвар тарах эрсдэл нэмэгдэнэ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцуулав.

Өчигдөр улсын хэмжээнд гурван лабораторид коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд дөрвөн тохиолдол илэрч, баталгаажсан байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 140 боллоо. Үүнээс 24 хүн эмчлэгдэн, дараагийн ажиглалт руу шилжсэн байна.

Түүнчлэн Монгол Улстай хиллэдэг ОХУ-ын хотуудад өвчний тархалт нэмэгдэж байгаа учир Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод, Увс, Хэнтий зэрэг хил залгаа аймгийн иргэдийг бэлэн байдлаа хангаж, амны хаалтаа тогтмол зүүх, олон нийтийн газраар явахгүй байх зэргийг онцгойлон анхааруулсан юм.

Мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хариулав.

-Гадаадад халдвар авсан иргэдийн биеийн байдал ямар байгаа вэ?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: -Гадаадад халдвар авсан 30 гаруй монгол хүн байгаа. Үүнээс Шдедэд байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд, сэхээн амьдруулах тасагт уушгины 80 гаруй хувь нь ажиллагаагүй болсон гэсэн мэдээлэлтэй байна. Бусад 10 гаруй хүний биеийн байдал хөнгөн байгаа учраас гэрийн тусгаарлалтад байгаа.

-Шинээр батлагдсан тохиолдлууд хэзээ, хаанаас ирсэн бэ?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: -Батлагдсан 140 тохиолдлыг тусгаарлан эмчилж байна. Эхний удаад ОХУ-аас татаж авсан 340 гаруй курсантад шинжилгээ хийхэд 57-оос нь халдвар илэрсэн.

Өчигдөр илэрсэн нэг тохиолдол нь ойр хавьтлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан.

Дараагаар нь ОХУ-аас 400 орчим оюутан, зорчигчийг татан оруулсан. Тэднээс

  • 119 хүнийг Орхон,
  • 135 хүнийг Дархан-Уул,
  • Сэлэнгэд 20-иод хүнийг
  • Төв аймагт 132 хүнийг тусгаарлаад байгаа.

Орхон аймагт тусгаарлагдсан 119 хүний шинжилгээг Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид хийхэд хоёр тохиолдол батлагдсан. Дархан-Уул аймагт мөн нэг тохиолдол батлагдлаа. Тэд гурвуулаа оюутан.

Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт байгаа хүмүүсийн шинжилгээг Дархан-Уулын салбар лабораторид хийж, хариуг нь ХӨСҮТ-ийн лабораторид баталгаажуулж байгаа юм.

Өмнө нь Төв аймагт илэрсэн 37 тохиолдлын 80 хувь нь оюутан. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас хойд хилээр орж ирсэн зорчигчдоос 40 хүнд нь коронавирусийн халдвар илэрсэн.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 116 хүн дээр 40 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.

Халдварын сэргийлэлт, хяналтын горимыг хатуу баримталж, халдвартай хүнийг өөр газруудад байлгахгүйгээр голомтыг цомхотгохын тулд зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг ХӨСҮТ-д тусгаарлан эмчлэх зорилтыг тавьсан. Иймд хоёр аймагт батлагдсан гурван тохиолдлоо ХӨСҮТ-д зөөвөрлөн авчирна.

Халдварын сэргийлэлт хяналт, эрүүл мэндийн ажилтныг халдвараас хамгаалах нь бидний эн тэргүүний зорилт болж байна.

Тасагт байгаа өвчтөнүүдийг эмчилж байгаа эмч, асрагч, сувилагч нар бие биедээ хяналт тавина. Хувцас хэрэглэлийг зөв, тайван өмсөж, тайлах хэрэгтэй. Үүнд камерын хяналтыг давхар тавьж байгаа.

Олон өвчтөнтэй уулзах тусам халдвар тархах эрсдэл нэмэгдэнэ. Өвчлөл батлагдахын хэрээр халдвар тарах эрсдэл нэмэгдэнэ. Энэ эрсдлийг гадагшаа алдахгүйн тулд ХӨСҮТ-д 250 орондоо багтсан арга хэмжээгээ авна.

Цаашид ХӨСҮТ-д бэлдсэн 250 орноос давбал хэрэглэх 1,000 ор бэлдсэн.

Өвчин зөөвөрлөгдөн орж ирсэн үед хэрхэн ажиллах, кластер хэлбэрээр голомтолж гарвал яаж ажиллах, мөн цар тахлын хэмжээнд гарвал яах вэ гэдэг төлөвлөлтийн хүрээнд ажиллаж байна. Энэ дагуу зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлыг ХӨСҮТ-д эмчилж байгаа юм.

Дэлхийн улс орнууд коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Тэрбээр дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ, Их Британи, Бразил улсууд тэргүүлж байгааг хэллээ.

АНУ-д

Нийт халдвар авсан хүний тоо 1.4 сая байгаагаас 89 мянга гаруй хүн нас барж, 280 мянган хүн эдгэрсэн. Одоогийн байдлаар тус улсад 1.1 сая хүн идэвхтэй халдвартай байна.

Халдварын тархалт Нью Жерси, Мессури, Айдоха мужид буурч байгаа бол Өмнөд Дакота, Арканзас, Мейнд халдвар өсөх хандлагатай байна. Халдварын тохиолдлын бодит тоо Нью-Йорк, Нью Жерси, Иллинойз, Массачусет, Калифорни муж улсуудад хамгийн өндөр байгаа.

Халдварын голомтын цөм Нью-Йорк мужид 350 мянган батлагдсан тохиолдол, 28 мянга гаруй нас баралт бүртгэгдсэн.

БНЭУ-д

Энэтхэгт нийт халдвар авсан хүний тоо 95,900 гаруй байгаагаас 3,000 гаруй хүн нас барж, 30 мянган хүн эдгэрсэн бөгөөд одоогийн байдлаар 58 мянган хүн идэвхтэй халдвартай байна. Үүнтэй холбогдуулан тус улсад хөл хориог дахин 14 хоногоор сунгаж байгаа.

Халдварын тархалт Момбай, Шинэ Дели, Чиннай зэрэг газар өндөр байгаа бөгөөд дотоодын зорчих хөдөлгөөнийг хориглосон хэвээр байна.

Сингапурт

Гадаад ажилчдын дотуур байрнаас голомттой халдварын шинэ тохиолдол 682-оор нэмэгдсэн байна.

БНСУ-д

БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээллээр шөнийн клубүүдээс гаралтай халдвар есөн шинэ тохиолдлоор нэмэгдэж, 170 болсон байна. Үүнээс гадна тус улсад зургаан тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тоо 11,065 болсон.

ХБНГУ-д

Өчигдөр 583 шинэ тохиолдол, 33 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Нийт халдвар авсан 174 мянга гаруй хүн байгаагаас 153 мянга гаруй хүн эдгэрч, 7,914 хүн нас барсан. Герман улсын халдварлалтын индекс долоо хоногийн дунджаар 0.87 байсан байна.

-ОХУ-аас курсантуудыг авчрах үед халдвартай эсэхийг шинжилсэн байна уу?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: -ОХУ-д халдвар цар тахлын хэмжээнд маш өндөр тархсан.

Өвчний нууц үед хөнгөн балархай хэлбэрээр байхад хүнд мэдэгдэхгүй. ОХУ-аас курсантуудыг тээвэрлэн ирэх үед эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн долоон хүүхдийг ирүүлээгүй, аваад үлдсэн байсан.

Монгол руу явуулсан оюутнуудад ямар нэг шинж тэмдэг илрээгүй байсан. Халдвар авсан нь мэдэгдээгүй үедээ энэ хүүхдүүд ирсэн гэсэн үг.

Ирсэн хойно нь шинжилгээ авахад илэрсэн.

-ХӨСҮТ-өөс бусад эмнэлэгт коронавирусийг эмчлэх үү?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: -Бусад эмнэлэгт коронавирусийг эмчилнэ. ЭМЯ-наас сургалт зохион байгуулж, бэлтгэлээ хангасан.

ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл: –ОХУ болон бусад орноос үүргийн онгоцоор ирж байгаа монгол хүмүүст тандалт судалгаа хийж, ХӨСҮТ-д тусгаарлахад хожуу үе дээрээ буюу гурав дах шинжилгээнээс халдвар илэрч байгаа.

ОХУ-д суралцдаг оюутнуудын ээж, аав нь ЭСЯ, УОК-оос мэдээлэл авч байна. Тэдний биеийн байдал хэвийн байгаа. Өдөрт сургуулиас нь гурван удаа хоол өгч, өглөө бүр эмч үзэж байгаа тул ар гэрийнхэн нь сандарч тэвдэлтгүй.

Мөн ОХУ-аас Монголдоо ирж байгаа оюутнуудыг буруутгах, өвчин авчрах гэж байна хэмээн олон нийтийн сүлжээнд муулах, доромжлох хандлага гарч байгаа юм байна.

Дэлхий дахинд цар тахал гарсан. Хэн ч өвдөх эрсдэлтэй байгаа тул хүний газар өвдсөн хүүхдүүдээ бүү доромжилж, гутаарай гэж хүсье.