Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Ш.Ихбаяр: “Алтан өргөө” кино наадамд 70 орны 558 уран бүтээл бүртгүүлсэн

Монголын кино институтийн дэд тэргүүн, “Алтан өргөө” олон улсын кино наадмын захирал Ш.Ихбаяртай ярилцлаа.


-“Алтан өргөө” кино наадмын олон улсын бүртгэл дууссан. Энэ хэсэгт хэчнээн бүтээл ирсэн бэ?

-Монголын кино институтийн зохиодог “Алтан өргөө” олон улсын кино наадмын олон улсын бүртгэл энэ сарын 1-нд дууссан. Бид хүүрнэлт, баримтат, хүүхэлдэйн, эксперименталь гэсэн үндсэн дөрвөн төрлөөр богино кино хүлээн авсан. Эдгээр төрлүүдэд нийт 70 орны 558 уран бүтээл бүртгүүлсэн нь урьд жилийнхээс 100 гаруй бүтээлээр их тоо юм. Энэ жилээс кино наадмын нэрийг өөрчилж “Алтан өргөө” буюу “Golden Ger” болгосон нь олон улсын уран бүтээлчдэд илүү тогтооход дөхөм болсонтой үүнийг холбож үзэж байна. Өмнөх долоон жилд бүртгүүлж байсан олон улсын уран бүтээлчид олон байснаас цөөнгүй нь уралдаант хэсэгт сонгогдох болно.

-Монгол уралдаант хэсгийн бүртгэлийн хугацааг энэ сарын 20 хүртэл сунгасан. Бүртгэлийн хугацааг яагаад сунгахаар болов?

-Монгол залуу уран бүтээлчид энэ жил кино хийхэд илүү бэрхшээлтэй тулгарч байгаа гэж үзэн бүртгэлийн хугацааг цөөн хоногоор сунгасан байгаа.

-Энэ жил Монгол уралдаант хэсэгт ямар ямар төрлийн кинонуудыг хүлээн авч байгаа вэ?

-Монгол уралдаант хэсэгт хүүрнэлт, баримтат, хүүхэлдэйн, эксперименталь гэсэн үндсэн дөрвөн төрлөөс гадна Milky Way гэдэг төрлийг нэмсэн. Монгол уралдаант хэсгийн хувьд хэчнээн кино бүртгүүлснийг бид зөвхөн уралдаант хэсгээ зарлахдаа мэдэгддэг уламжлалтай.

-Milky Way хэмээх төрлийн талаар… ?

-Milky Way кино наадам нь бие даан зохион байгуулагддаг байж байгаад энэ жилээс бидэнтэй нэгдэн манай кино наадмын нэг төрөл болж байгаа. Milky Way нь Ротаракт Найрамдал клубын санаачилсан хүүхдийн хүчирхийллийн эсрэг сэдэвтэй кино бүтээх төрөл юм.

-Уралдаанд ирүүлсэн кинонуудыг үзэгчдэд хэрхэн үзүүлэх вэ?

-Манай кино наадам уралдаант хэсгийн болон бүрэн хэмжээний кинонуудаа онлайн платформ дээр байршуулан зургадугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд үзэгчдэд үнэгүй үзүүлэхээр зорьж байна.

-Ямар ямар кинонуудыг үзэгчдэд үзүүлэх вэ?

-Бүрэн хэмжээний киноны хөтөлбөрт Машбатын Бишрэлийн “Сахиусан тэнгэрийн оронд орхигдогсод” (АНУ, 2019) болон Такаши Нишихарагийн “Эмэгтэйчүүд”(Япон, 2019) гэсэн бүтээлүүдийг гаргахаар зарласан байгаа. Удахгүй бүрэн хэмжээний кино үзвэрийг нэмж зарлах болно.

-Энэ жил кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?

-Монголын кино институтийн тэргүүн Г.Жигжидсүрэн ахлан гурван хүний бүрэлдэхүүнтэй ажиллах болно. Уралдаант хэсгийн бүртгэл дууссаны дараа бид шүүгчдийнхээ нэрсийг зарлах болно.Шүүгч нар маань уралдаант хэсэгт шалгарсан монгол бүтээлүүдийг үзэж хэлэлцэн шалгаруулна.

-“Алтан өргөө” кино наадам энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс ямар онцлогтой болж байгаа вэ?

-Энэ жил анх удаа онлайн хэлбэрээр зохиох гэж байна. Онлайн үзвэрүүд маань уламжлалт театрт үзүүлснээс илүү олон хүнд хүрнэ гэж бодож байгаа.

-“Алтан өргөө” кино наадмын үеэр Канадын Монгол угсаат уран бүтээлч Алс Тэлэнгүдийн “Дөрвөн тэнгэр” киноны дэлхийн нээлтийг хийх гэж байгаа гэж дуулсан. Уран бүтээлчийн талаар?

-Алс Тэлэнгүдийн гэр бүл Өвөр Монголын Шилийн голоос Канад руу цагаачилсан юм. Тиймээс түүний Монгол угсаатны түүх болон гүн ухааны талаарх сэдвийг хөндөх хүүхэлдэйн кинонууд дээр гарах эмэг эхийнх нь үгсийг монголчууд төвөггүй ойлгох болно. Алс Тэлэнгүд нь хэдий залуу ч өөрийн нөр их хөдөлмөрийн хүчээр бүтээлүүд нь Америкийн кино институтын кино наадмын шилдэг хүүхэлдэйн кино төрөлд нэр дэвшсэн, Торонто, Энн Арбор, Сандэнсийн зэрэг Хойд Америкийн хамгийн нэр хүндтэй кино наадмуудад албан ёсоор сонгогдож байсан юм.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

БНЭУ-аас 158 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 158 иргэн эх орондоо ирээд байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жаргалан: АН эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэхэд онцгойлон анхаарна

АН-ын дэд дарга Б.Жаргалантай ярилцлаа.


-Таныг УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин гэдгээр олон нийт мэддэг. Саяхан АН-ын дэд даргаар сонгогдлоо. УИХ-ын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан маш хариуцлагатай ажиллах шаардлага үүсч байгаа болов уу. Дэд даргын хувьд эхний ээлжинд ямар ажлууд хийх вэ?

-Миний хувьд улс төрд эрт орж ирсэн. Өнгөрсөн хугацаанд бие даасан улс төрийн карьерээ эхлүүлээд явж байлаа. Ялангуяа эмэгтэйчүүдийн байгууллага, залуучуудын байгууллагад түлхүү ажилласан. Мэдээж аавын минь нэр надтай байнга хамт явна. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхийг зорино.

Дэд даргын хувьд эхний ээлжинд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт багтсан эмэгтэйчүүд, залуучуудын нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, мөн эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэх зорилтуудыг олон нийтэд таниулах чиглэлээр ажиллана. Бидний зүгээс залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд иргэний нийгмийнхэнтэй өргөн цар хүрээтэй аль хэдийнэ ажиллаад эхэлчихсэн явж байна. Залуучууд сонгуульд идэвхтэй оролцож, сонголтоо хийн саналаа өгөх хэрэгтэй. Улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой гэх өнцөг юм. Манай намын мөрийн хөтөлбөрийн уриа “Өсөлтийг өрх бүрт” гэж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улс эдийн засгийн өсөлтийг чухалчилж ирсэн. Энэ хугацаанд тодорхой хэмжээний гажуудлууд ч мөн гарлаа. Орлогын хуваарилалтын асуудал, эдийн засгийн өсөлт өрх бүртээ хүрч байна уу, ядуурал ямар хувь хэмжээтэй байна гэх зэргийг дурдаж болно. Тиймээс АН монгол өрх бүр хангалуун амьдрах боломжийг бий болгож, эдийн засгийн өсөлтийг хэрхэн өрх бүрт хамгийн ихээр оногдуулахад онцгойлон анхаарч байгаа гэсэн үг.

-Та сонгуульд нэр дэвших үү?

-АН-ын ҮБХ маргааш хуралдаж, сонгуульд нэр дэвшигчдийн албан ёсны мэдээлэл гарна. Тиймээс өмнө нь тайлбар өгөх боломжгүй байна.

-Та эдийн засагч хүн. Цаг үе нөхцөл байдалтай холбогдуулан асуухад коронавирус цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямрал манайд төдийгүй дэлхий нийтэд цар тахлаасаа илүү аюулын дохио болчихлоо. Манай улсын хувьд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухайд таны байр суурь ямар байна вэ?

-Манай улс коронавирусээс шалтгаалсан эдийн засгийн арга хэмжээний хувьд маш их хугацаа алдсан. Хожимдсон шийдвэрүүд гаргасан. Одоо хүртэл сүүлд авч хэрэгжүүлэх арга хэмжээнийх нь холбогдох дүрэм журам нь гараагүй байна. Байгаа онохгүй байна л даа. Яагаад байгаа онохгүй байна гэхээр цалин авч байгаа хүмүүсийн НДШ, ХАОАТ-ыг чөлөөлнө гэсэн.

Гэтэл тэрхүү хүмүүст ажил олгож байгаа байгууллага нь цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрчихсэн. Ажлын байрыг нь хадгалж чадахгүй хэмжээнд орлого нь буурчихаад байгаа нөхцөлд ямар арга хэмжээ авах юм. Үүнд ямар нэгэн бодит шийдвэр гаргаагүй. Бизнес эрхлэгчид, ЖДҮ-ийг дэмжих, ажлын байраа хадгалж байгаа байгууллагууддаа хүүгүй зээл олгох, урсгал зардлуудад нь хөнгөлөлт үзүүлэх зэргээр олон төрлийн хөшүүрэг хийх боломж байгаа. Гэтэл бизнес эрхлэгчдийг дэмжсэн нэг ч заалт гарсангүй. Сонгуультай холбоотойгоор хувь хүн рүү чиглэсэн шийдвэрүүд гараад байна л даа.

Түүнчлэн манайх ноолуурын салбараараа бүр тоглоод хаячихлаа. Дэлхийн ноолуурын зах зээлийн 40, 50 хувийг нь манайх дангаараа нийлүүлдэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ч ноолуурын салбартаа төрөөс тогтмол анхаарч ирсэн. Дэлхийд өрсөлдөх гол давуу тал, түүхий эд нь манайд байгаа юм. Ингэж анхаарч ирсэн салбараа нэг жилийн хямралаар үгүй хийж болохгүй. Өнгөрөгч нэгдүгээр сард манай улс хорио цээрийн дэглэм тогтоогоод эхэлчихсэн. Ноолуурын салбарын зах зээлийн гол тоглогчид коронавирусээс шалтгаалсан нөхцөл байдалд орчихсон, манайх хилээ хаачихсан байлаа шүү дээ. Энэ бүгдээс харахаар мэдээж Хятадаас ченжүүд орж ирэхгүй нь тодорхой болсон. 10 мянган тонн ноолуурын 7 мянган тонныг нь хэн авах вэ. Үндэсний үйлдвэрлэлийн ноолуурын компаниуд хүртэл өмнөх шигээ авах сонирхолгүй болчихож байгаа юм. Ингээд худалдан авагчгүй болчихоод байхад 100 мянган төгрөгөөр худалдаж авна гэж маш хариуцлагагүй дуугарсан.

Нэгэнт л нөхцөл байдлыг нэгдүгээр сард мэдсэнээс хойш Засгийн газар хоорондын түвшинд асуудлыг хэлэлцэж болох байсан юм. Ямар бодлого барих, яаж нийлүүлэлтээ хийх вэ гэдгээ ярих ёстой байсан л даа. Мөн дотоодын үйлдвэрлэгчидтэйгээ ч түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд төр яаж тусалж болох талаар ярилцаж шийдвэрт хүрч болох байсан. Ноолуур үнэтэй түүхий эд. Аливаа эдийн засаг сэргэхийн тулд хугацаа их шаарддаг. Эдийн засагчид эхэндээ хямралыг ганц хоёр улирлаар харж байсан бол одоо хоёр гурван жилийн урт үргэлжилсэн хямралд хэрхэх вэ гэж ярьж байна. Хамгийн гол нь эрх барьж байгаа нам сонгууль гэдэг ганцхан өнцгөөр бүгдийг хараад сонгуулийн дараа галав юүлсэн ч хамаа алга гэсэн байр суурьтай байх шиг. Манай улсын гол валютын нөөц бүрдүүлж байгаа зүйл бол экспортын түүхий эд. Дэлхий нийтээр эдийн засаг хямраад ирэхээр экспортолдог зүйлсийн маань эрэлт хэрэгцээ буураад эхэлнэ. Сүүлийн гурав дөрвөн сар худалдаа эрхлэгчдийн орлого төсвийн албан хаагчдын цалин мөнгөн дээр тогтож байна ш дээ. Хүмүүс аль болох хэмнэж эхэллээ. Бодит байдал өнөөдөр ийм л байна.

-Манай улс өнгөрөгч онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсон. Одоо тэгтэл хар жагсаалтад орчихлоо. Яг ямар шалтгаанаас эдийн засгийн хориг арга хэмжээнүүд дээр манайх хамгийн муу гэх ангилалд нь багтаад байна вэ?

-Саарал, хар жагсаалт гэдэг тусдаа ойлголт. ФАТФ бол Засгийн газар хоорондын олон улсын байгууллага. Гишүүн улс орнууд мөнгө угаах, терроризмтой тэмцэх зүйл дээр нэгдсэн байдлаар бодлого баримталж явах байр сууринаас ханддаг олон улсын байгууллага. Харин Европын холбоо бол нэгдмэл бүтэцтэй гэдэг утгаараа бодлогоо тодорхойлж шууд бодит эдийн засгийн хориг тавих боломжтой. Тийм газраас шууд хар жагсаалт гэдэг зүйл рүү манай улс орчихож байгаа юм. Европын холбооны эдийн засгийн эрсдэл бүхий улс орнуудын жагсаалт гэж байгаа юм. Утга нь хар жагсаалт. Хар жагсаалтад орно гэдэг Европын холбоо бидэнд эдийн засгийн хориг тавих бүрэн боломжтой болчихож байгаа юм. Европын сэргээн босголтын банк зэрэг том хөрөнгө оруулагчдын санхүүжилтийг зогсоох эрсдэлтэй болчихож байгаа юм. Шууд эрсдэл нь ийм. Хоёрдугаарт, Европын холбоо гээд маш том тоглогчоос Монгол Улс найдваргүй гэсэн дохиог олон улсад өгчихөж байна. Олон улсын зах зээл сигналиар ажиллана. Энэ дохио аль хэдийнэ явчихсан. Зах зээлд дохио маш үүрэгтэй.

ФАТФ болон Европын холбооны жагсаалт дээр ч тодорхой зөвлөмжүүд байгаа. Нэгдсэн стандарт мөрдүүлэх гээд байгаа юм. Тэр хүрээнд банк санхүү хууль эрх зүйн салбарт дагаж мөрдөх шаардлагыг хангаж ажиллах ёстой. Дагаж мөрдөх хууль эрх зүйн шинэчлэлтийг Их хуралд бүрэн эрх мэдэл нь байсан ч хийсэнгүй. Түүнчлэн төр нь, дипломат албан хаагчид нь хар тамхины хэрэгт холбогдож байхад дотооддоо хариуцлага тооцож чадахгүй байна. Бараг л дипломатчууд нь Монголдоо ирээд тушаал дэвшээд явж өглөө. Хар тамхины наймааг Монголын төр хийгээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд байгаа юм. Монгол Улс олон улсын тавцан дээр эерэг имиж бүрдүүлж, хөрөнгө оруулалт татна. Авлига хээл хахуулийн хэрэгт өнөөдөр бодитой шийдвэр, дорвитой арга хэмжээ авсан зүйл алга. Монголын төр хариуцлага тооцдоггүй юм байна гээд хар жагсаалтад оруулчихлаа. Нэгэнт л бид гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, олон улсын худалдаанд оролцож тоглоё гэж байгаа бол олон улсын дүрэм журмаар тоглож сурмаар байна. Дэлхийд бид найдваргүй түнш гэх ойлголт төрүүлчихлээ.

Европын холбооноос манай улсыг хар жагсаалтад оруулах шийдвэр гаргасантай холбогдуулан эдийн засгийн хямралыг даамжруулахгүйн үүднээс уг асуудалд онцгой анхаарч, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар Ардчилсан намаас хариуцлага тооцох хэрэгтэй гэх мэдэгдэл хүргүүлсэн. АН Засаг барьж байхад ФАТФ-ын саарал жагсаалтаас гарч байсан түүхтэй шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баатархүү: Фишинг сайт руу нэвтэрсэн бол нэн даруй нууц үгээ сольж хэвших хэрэгтэй

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүтэй ярилцлаа.


-Цар тахал дэгдээд буй энэ үед иргэд ихэнх цагийг гэртээ, цахим орчинд өнгөрүүлж байна. Үүн дээр дөрөөлж цахим залилангийн тохиолдол өсөх хандлагатай байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хөл хорио тогтоосон үед иргэдийн цахим хэрэглээ эрс нэмэгдсэн. Олон нийтийн цахим сүлжээг ашиглах нь хэрэгтэй мэдээллээ солилцох, шаардлагатай мэдээллээ шуурхай олж авах зэрэг олон сайн талуудтай. Үүний хажуугаар иргэдийг залилж хохироох, бусдын алдар нэрийг гутаах, худал мэдээлэл тараах зэрэг сөрөг үр дагаврууд гарч байна. Дан ганц Монгол Улсад тулгамдсан асуудал биш. Цахим орчин нэвтэрсэн бүхий л улсад энэ төрлийн хэрэг зөрчлүүд гарч байгаа.

Мөрдөн байцаах албанаас санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Ятгах тусам нягтал” арга хэмжээ зохион байгуулсан. Үүний үргэлжлэл болгож нягтлах тусам аюулгүй гэх арга хэмжээ зохион байгуулж байгаа. Үүнийг залилах төрлийн гэмт хэрэг, тэр дундаа цахим орчинд залилуулж байгаа иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байна.

-Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн арга хэлбэрийн талаар сэрэмжлүүлэхгүй юү?

-Олон нийтийн сүлжээнд “Таны мөнгийг богино хугацаанд өсгөж өгнө, танд сайн чанарын барааг хямдралтай үнээр худалдаална, цахим сургалтад хамруулна” гэх мэт хүний хэрэгцээнд тулгуурлаж шаардлагатай байгаа зүйлийг санал болгож залилах тохиолдлууд байна.

Иргэд цар тахлын үед аюулгүй байдлаа хангаж гадуур явахгүй байгаа. Ийм үед царайг нь хараагүй, биечлэн очиж шалгахгүйгээр цахимаар бичсэн зүйлд нь итгээд мөнгөө шилжүүлж хохирч байна. Залилагч нар таны мөнгийг авсныхаа дараа цахим мөрөө устгаад алга болдог. Иргэд ингээд цагдаагийн байгууллагад ханддаг. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд төвөгтэй.

-Шилжүүлсэн дансаар нь хөөгөөд илрүүлэхэд харин ч хялбар байдаг гэх ойлголт иргэдийн дунд байдаг.

-Дэлхий глобалчлагдаж байгаа. Интернэт сүлжээнд хил хязгаар гэж үгүй. Дэлхийн хаанаас ч таныг залилж магадгүй. Царайг нь ч хараагүй хаана байгааг нь мэдэхгүй байж дансны дугаар луу мөнгө шилжүүлчихдэг. Залилагч бусдын данс ашиглана, хуурамч данс ч ашиглана. Мөн гадаадын данс ч ашиглах эрсдэлтэй.

2020 он гарсаар цахим орчинд нийт 19 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 15 нь фэйсбүүк орчинд үйлдэгдсэн байна. Энд зөвхөн өндөр хохиролтой хэргүүдийн талаар ярьж байна. Үүний наана хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй хохиролтой олон хэргүүд Мөрдөн байцаах албан дээр шалгагдаж байна. 30-40 мянган төгрөг залилуулчихаад цагдаад хандалгүй орхидог тохиолдол бий.

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх энгийн арга хэлбэр нь юу вэ?

-Хэрэв танд гайхалтай боломж санал болгож байгаа бол сайн нягтлах нь зөв. Эдгээр хүмүүс таны хэрэгцээнд тулгуурлаж хууран мэхэлж байдаг гэдгийг дахин анхааруулъя. Юу ч хийхгүй сууж байгаад л мөнгөө хэд дахин ахиулаад авах боломж байна гэх мэтээр өгөөш бэлддэг. Манайхан ч цахим сүлжээний цаана хэнийг нь мэдэхгүй хүн рүү мөнгө шилжүүлчихдэг. Залилагч нар удаан хугацаанд харилцаа тогтоож таны итгэл төрүүлэхүйц бүхий л боломжуудыг ашиглаж эд хөрөнгийг тань авчихаад ул мөрөө устгаад зугтах эрсдэл хажууханд байна. Иргэд хэр сайн нягтална, төдий чинээ аюулгүй.

-Бусдын фэйсбүүкийн нууц үгийг хулгайлсан тохиолдол гарсан байна лээ. Хувийн мэдээллийг ямар арга хэлбэрээр хулгайлж байна вэ?

-Бид нар цахим орчинд өөрсдийнхөө найз нөхөрлөлийн хүрээнд мэдээлэл авч байдаг. Мэдээллүүдийн дунд төрөл бүрийн сонирхолтой мэдээлэл, сонжоонууд харагддаг. Эсвэл олны танил хүмүүсийг ноцтой үйлдэл гаргасан мэтээр худал гарчиг тавьсан тохиолдол байдаг шүү дээ. Хүмүүс түүнийг нь сонирхоод орчихдог. Энэ нь таныг хувийн мэдээллээ алдах эрсдэлд хүргэж байгаа юм. Та фишинг, хортой холбоос руу нэвтрэх юм бол нууц үг тань хулгайлагдах эрсдэлтэй. Фишинг сайтууд урд талдаа хандалт өндөртэй тэргүүлэх зэрэглэлийн сайтуудын нэр тавьчихсан байдаг. Гэхдээ төгсгөлийн домайн нэр нь өөр. Фишинг сайтуудын домайн info гэх зэрэг худлаа байх нь элбэг. Иргэд үүнийг анзаарахгүй нэвтэрснээр өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг.

Жишээ нь, фишинг холбоос руу нэвтрэхэд хэрэгтэй мэдээлэл нь гарч ирдэггүй. “Энэ дээр дарна уу” гэх холбоос байдаг. Энэ бүхэн таны нууц нэр хулгайлагдаж байна л гэсэн үг. Фэйсбүүкийнхээ нууц дугаарыг бусдад алдана гэдэг хувийн мэдээллээ бусдад алдаж байгаа юм. Ойр дотны хэн нэгэнтэй харилцсан мэдээлэл чинь тухайн хүний мэдэлд очно. Хэрэв сэжигтэй холбоос руу нэвтэрсэн бол нэн яаралтай нууц үгээ сольж хэвших хэрэгтэй.

Мөн цахим дахь хувийн мэдээллийг маань дураараа ашиглаж байна гэх гомдлыг иргэд гаргадаг. Та хувийн мэдээллээ цахимд нийтэлсэн бол таны хувийн мэдээлэл байхаа болино. Хэн нэгэн таны хувийн мэдээллийг хуулбарлаад авч байгаа. Иймээс пост оруулахдаа сайтар бодох хэрэгтэй. Өнөөдөр өөрийнхөө амьдралыг цахим орчинд хүүрнэдэг хүмүүс олон болсон. Тэр хүмүүс эрсдэлээ бодож л байгаа байх. Зарим нь санамсар болгоомжгүйгээс гэр бүл, ойр дотнынхон, орон байр, үнэт эдлэлийнхээ зургийг цахимд байршуулдаг. Гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд таныг халдлагын объектоороо сонгосон тохиолдолд таны цахим орчинд нийтэлсэн мэдээлэл олз болно гэсэн үг. Хувийн мэдээллээ байршуулах гэж байгаа бол эргэцүүлж бодохыг зөвлөж байна. Бусад хүн таны мэдээллийг хүлээж аваад таны эсрэг ямар ч байдлаар ашиглаж болно.

-Фэйсбүүкийнхээ нууц үг, хувийн мэдээллээ алдсан бол хаана хандах вэ?

-Харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад өргөдлөө өгч шалгуулна. Хувь хүн цахим орчинд халдлагад өртөхгүй байх бүрэн боломжтой. Та цахим орчинд хувийн сахилга бат, хувийн ариун цэврээ сайтар хангаж чадвал энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна. Хувийн ариун цэвэргүй замбараагүй, бохир байвал энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлтэй. Хувийн ариун цэвэр гэдэг маань мэдээллийн эх сурвалжаа нягтлах, танихгүй хүнтэй найз болохоос татгалзах зэргийг л хамаатуулж ойлгож болно. Та сахилга баттай байвал гэрэл гэгээтэй, сайн сайхан зүйлийг мэдрээд явах болно.

-Сүүлийн үед олны танил, улс төрд нэр нөлөөтэй эрхмүүд “Ц.Нямдоржийн цагдаа нар улстөрчийн заавар, захиалгаар ажиллаж байна” гэх ойлголтыг нийгэмд тараах боллоо. Цагдаагийн байгууллагын чиг үүргийн талаар тодруулахгүй юу. Үнэхээр Ц.Нямдорж сайд даалгавар өгч цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцох эрх зүйн зохицуулалт байдаг юм уу?

-Улс төрд нөлөө бүхий болон олон нийтэд танигдсан эрхмүүдийн зүгээс холбогдох хууль тогтоомжоо мэдсээр байж цагдаагийн байгууллагын хуульд нийцсэн үйл ажиллагааг мушгин гуйвуулах гэсэн мэдээллүүдийг цацаад байна. Цагдаагийн байгууллагыг салбарын сайдаар нь овоглож, тэрний цагдаа, энэний цагдаа гэсэн нэр хоч өгч улс төр хийх гэсэн хандлага гэж харж байгаа. Албан тушаалтантай холбоотой хэрэг шалгах, хууль зөрчин жагсаал цуглаан хийж байгаа асуудалд цагдаагийн байгууллагаас шаардлага тавихад өмнөөс “Та нар хэний даалгавраар явж байна” гэх байдлаар хандах тохиолдол байна. Монгол Улс хуультай улс, хууль зөрчсөн аливаа асуудлыг цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын чиг үүргийг хуулинд тодорхой зааж өгсөн байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд Цагдаагийн байгууллага нь “Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба” гэж заасан. Мөн цагдаагийн байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаанд хэн хэрхэн оролцохыг ч хууль тогтоомжоор тодорхой зааглаж өгчихсөн байдаг. Манай улсад өдөрт олон төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тэр бүрт олон нийт төдийлөн анхаараад байдаггүй. Өдөрт л 1000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Үүнийг цагдаагийн байгууллага хүлээн авч гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг. Тодотгон хэлбэл, цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд хараат бусаар явагддаг. Үүнд зөвхөн прокурорын байгууллага хяналт тавьдаг. Цагдаагийн байгууллага аливаа хэрэг зөрчлийг шалгахад хөндлөнгөөс хэн нэгэн улстөрч, албан тушаалтан нөлөөлөх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй, шалгаж байгаа хэргээ зөвхөн прокурорын байгууллагад танилцуулж прокуророос хяналт тавьж ажилладаг. Хууль зүй, дотоод хэргийн яам бол цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлаас бусад асуудлаар Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хяналт тавьдаг. Хэрэв мөрдөн шалгах ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох, мөрдөгч дур мэдэн аливаа үйл ажиллагаа явуулах юм бол хууль тогтоомж зөрчсөн асуудал болно. Цаашид хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг энэ мэтээр харлуулах, сулруулах гэсэн худал мэдээ, мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Хэвлэл, мэдээллийн байгууллага ч гэсэн энэ мэт худал мэдээллийг нийтэд мэдээлэхгүй байхыг уриалж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Европт терроризм санхүүжүүлэх байтугай гудамжны ТҮЦ-ээс тамхи авах мөнгөтөй хүн байна уу?

Европын комисс Монгол Улсыг хар жагсаалтад оруулчихлаа. Саарал жагсаалт тунхагийн, зөвлөмжийн шинжтэй бол хар жагсаалт бодит шийдвэр, Европ зүгийн хөрөнгө оруулалт, зээл тусламжид шууд нөлөөлнө гэж эдийн засагчид сэрэмжлүүлээд эхэллээ. Улстөрчид хар жагсаалтад орсон шалтгааныг “Терроризмыг санхүүжүүлэх эрсдэл, асуудалтай гэж үзсэн учраас” гэсэн тайлбараар аргацаагаад өнгөрөөх гэж байх шиг байна. Манайх шиг жижигхэн эдийн засагтай оронд хаанаас ямар мөнгө орж ирж, тэгээд Европт очиж терроризм санхүүжүүлэхэв дээ. Хэрэв энэ үнэн байдаг бол заан шумуулнаас айсан гэгч үлгэр л болох вий. Товчхондоо эрх баригчид хар жагсаалтад орсон шалтгааныг терроризмын санхүүжилт гэсэн хоёр үгээр халхавчлаад өнгөрчих санаатай аргаа барж явна. Энүүхэндээ хэлэхэд бид чинь терроризмыг санхүүжүүлэх нь байтугай ТҮЦ-ээс тамхи авах ч мөнгөгүй зүдрүүхэн өдрүүд үргэлжилж байна.

Хар жагсаалтад орсон шалтгааныг хайж олох гэж хөмсгөө атируулж, шанаагаа тулах шаардлагагүй. Эрх баригчдын буруу бодлогын үр дагавар эхлээд саарал жагсаалтад оруулж, дараа нь хар жагсаалт руу гулгуулчихлаа, Монгол Улсыг. Наад захын тод жишээ гэхэд л дипломатчдын зөөдөг хар тамхины бизнес байна. Эрх баригчдын тушаал томилгоогоор улсаа төлөөлөхөөр хилийн чинадыг зорьсон нөхдөөс нэлээд хэд нь хар тамхи зөөж яваад баригдсаныг өнгөрсөн дөрвөн жилийн мэдээллээс шүүгээд харчихаж болно. Хар тамхи тээвэрлэж яваад баригдсан цагаан захтнууд “Төр засгийн хар тамхийг зөөсөн” гэх маягийн тайлбар хийгээд байхаар тэнэг л биш бол хэнд ч эргэлзээ, хардлага төрнө.

Төр нь хувийн өмч рүү дайрсан удаа дараагийн үйлдэл, ардчиллаас ухарсан элдэв өнгийн шийдвэр, улс төрийн хонзогнолоор шил дарж буй шүүх хурлууд хар жагсаалтад багтах албан биш ч цаад шалтгаан болсон нь ойлгомжтой. Барууны улсуудыг төлөөлж манай улсад суугаа зарим Элчин сайд М.Энхсайханы шүүх хурлыг ажиглаж байна гэж зүгээр ч нэг мэдэгдээгүй. Ингэж мэдэгдээд байхад л “Ардчиллын автор”-уудын нэг, либерал үзэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайд байсан гэх мэт онцолж харахаас аргагүй олон том тодотголтой улстөрчийг “Албан хэрэгцээнд жип машин худалдаж авч улсаа хохироосон” гэсэн хэтэрхий гэнэн, мугуйд үндэслэлээр торны цаана суулгачихсан. Шүүх хурлыг ажигласан Элчин сайд нарт аятай сэтгэгдэл төрөөгүй нь тодорхой.

Дээрээс нь хар жагсаалтад ороход авлига, болон ардчиллаас буцсан хэргүүд тодорхой хэмжээнд яригдах ч гэлээ гол шаардлага нь татварын мэдээллийг автоматаар солилцох гэж эдийн засагчид онцолж байгаа. Татварын мэдээллийг солилцох санаачилгад нэгдэх хүсэлт Европ зүгээс анх 2017 онд манай улсад ирүүлж байж. Тухайн үед нь Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Үгүй” гэсэн хариу өгсөн нь хар жагсаалтад орох эхний шалтгаан болсон гэж учир мэдэх улс хэлж байна. Европын холбооноос 2018 онд ч нэлээд хэдэн удаа хандсан юм билээ. Шуудхан хэлэхэд эрх баригчдын хэнэггүй, хариуцлагагүй хандлага улсаа хар жагсаалтад оруулчихсаныг энэ фактуудаас харчихаж болно.

Эрх баригчид хар жагсаалт гэж хаана ч байхгүй гэж тайлбарлаж байгаа. Үнэн л дээ. Яг ийм нэршлээр хайж хөөвөл хаана ч байхгүй. Урт нэртэй хууль гэж ярьдаг ч “урт нэртэй хууль” гэсэн албаны нэршилтэй хууль байхгүй. Хэтэрхий урт нэртэй хууль учраас дээр, дооргүй урт нэртэй хууль гэж яриад заншчихсан, өнөө хууль нь үйлчилсээр яваа. Хар жагсаалт үүнтэй л ижил ойлголт. Шууд утгаар нь хар жагсаалт гэж нэрлээгүй ч тэр жагсаалтад орлоо л бол улс орнуудын эдийн засаг хэцүүдээд ирдэг. Сөрөг тал нь их учраас хар гэж тодотгосон хэрэг.

Хар жагсаалтад орсноор манай эдийн засаг яаж хэцүүдэх бол гэсэн асуултад хариу хайя. Сүүлийн арван жилд манай улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын 70 хувь нь Европ зүгийнх гэсэн статистик бий. Нийт зээл тусламжийн 55 хувь нь Европоос орж ирдэг гэсэн тоог ч онцолмоор байна. Ер нь өнгөрсөн 30 жилийн түүхээ эргээд харахаар Япон, Герман хоёр л Монголд тусалсан байдаг. Европын сэргээн босголт хөгжлийн банк гэхэд л Монголд хэрэгжиж буй том төслүүдэд хэдэн зуун сая ам.доллараар хэмжигдэх зээл, санхүүжилт өгсөн баримт бий.

Европын холбоо төслөө зогсоогоогүй гэж мэдэгдсэн гэх тайлбарыг улстөрчид хийж байгаа. Тийм л дээ, Европын холбоо төслөө зогсоогоогүй. Гэхдээ Европын холбооны Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн мөнгөн дүн тийм их хэмжээгээр яригддаггүй. Европын холбооны улсаас манайд хөрөнгө оруулалт хийдэг бизнес эрхлэгчдийн өгдөг мөнгө асар том мөнгөн дүнгээр яригддаг. Монгол Улс хар жагсаалтад орсны гол аюул энд байгаа. Европчууд манайд өмнөх шигээ хөрөнгө оруулаад явна гэвэл өндөр татвар төлөх асуудалтай нүүр тулахаар болчихлоо. Өндөр татвар төлж хөрөнгө оруулахыг хэн ч хүсэхгүй.

Эцэст нь хэлэхэд хар жагсаалтын сөрөг нөлөө хамгийн түрүүнд, хамгийн хүнд тусах хэсэг бол хувийн хэвшлийнхэн. Хувийн хэвшлийнхэн агшаад жижигрээд ирэхээр иргэд ажил, орлогоо алдана, ажилгүйдэл өсөхөөр гэмт хэргийн гаралт өсөхөөс эхлээд өчнөөн сөрөг тал ажиглагдана. Хар жагсаалтын гол аюул энэ л байна.

Хар жагсаалтад орсноор Ерөнхий сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайдад ямар ч хор хохиролгүй, тэд даргаа хийсээр байх биз. Харин жирийн монголчуудад ямар хор нөлөөтэй болохыг та дээрхээс харсан байх. Ард түмнээ ажилгүй болгочихоод элдэв дэмий террор гэх мэт үлгэр яриад биднээ хуурсаар явна, эрх баригчид. Ноёдын тавьсан өрийг ядуу ардууд төлөөд үгүйрч хоосорсон үлгэр ярьсаар өдий хүрсэн. Яг үүн шиг ноёдын тарьсан балгийг энгийн иргэд хэдий болтол үүрэх юм бэ.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Орхон голын хөвөөнд өссөн Орхон сумын 1995 оны төгсөлтийнхөн

“Нэг ангийнхан” буланд энэ удаа Сэлэнгэ аймгийн Орхон сумын арван жилийн 1995 оны төгсөлтийнхөн зочноор уригдан оролцлоо. Тус төгсөлтийнхөн “А”, “Б” бүлэг гэж хуваагдахаас илүүтэйгээр төгсөлтөөрөө нэгэн цул болж нэгдэж ирсэн амь нэгтэй ангийнхан гэдгээрээ онцлог юм. Н.Батбаяр, А.Энхболд, С.Мөнхчулуун гурав цэцэрлэгийн найзууд. 1985 онд найзууд сургуулийн босго алхахаар боллоо. Тэдний туйлын хүсэл нь нэг ангид орох.

Ингээд хүүхдүүдийг жагсаагаад нэг, хоёроор тоолуулж бүлэгт хуваахад гурван найз урдаа нэг нэг хүүхэд зогсоон тоолж багахан заль хэрэглэх аятай санасандаа хүрсэн байна. За тэгээд үүнээс хойш ангийн ч тэр, төгсөлтийнхний ч тэр дурсамж, паян энэ гурван найзаас салахгүй. Тухайн үед нэгдүгээр ангид 60 гаруй хүүхэд элсэн орж байсан ч нийгмийн шилжилтийн үе, амьдралын шаардлагаас хамаарч 10 дугаар ангиа 28 хүүхэд төгсчээ. Гэхдээ төгсөх ангийн хонхны баяр дээр 60 хүүхэд бүгд оролцож сургуулиа дүүргэж байсан нандин дурсамжтай аж. Цэцэрлэг, эцэг эхийн халамжаас сургуулийн ширээнд суусан бяцхан сурагч нарыг хөтлөн амьдралтай танилцуулж ирээдүйн гарааг нь тавьж өгсөн ачтан бол бага ангийн багш Доржжавын Уранжаргал юм.

Мөн О.Болдбаатар, Калара, Адъяасүрэн, Д.Бямбаа, Ё.Бямбасүрэн багш нар байна. Боловсролын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонт Д.Уранжаргал багш өдгөө Орхон аймагт багшилж байгаа аж. Ангийн хэсэг нөхөд багш руугаа утас цохив. “Байна уу. Сайн байна уу багшаа, би байна” гэх хариуд “Байна. За сайн уу. Сахилгагүй шар Батаа юу” хэмээн Д.Уранжаргал багш утсаа аван хэлж байна. Тэрээр “Та нар минь миний багш мэргэжлээр төгсөөд бие дааж авсан анхны анги учраас хэзээ ч мартдагддаггүй. Багш хүн олон мянган шавьтай болохоороо хооронд нь бишгүй л сольж холино. Гэхдээ та нарыг бол зүс царай, үйл хөдлөлөөр чинь андахгүй шүү дээ. Багш нь та нараараа бахархаж хайрлаж явдаг шүү. Нэг нэгэндээ их сайхан түшигтэй явдаг. Цаашдаа ч нэгэндээ дэм тустай, хань түшиг болж байгаарай” хэмээн багш сурагчдын холбоо өндөрлөв. Ангийнхан “Манай Уранжаргал багш биднийг сургуульд ч, амьдралд ч маш сайн чиглүүлж өгсөн” гэв. Үнэхээр ч уг төгсөлтийн С.Чулуунтуяа, Р.Энхтуяа, А.Энхболд, Б.Мэндбаяр, П.Баярмаа, С.Мөнхчулуун нар сурлагаараа сургуульдаа тэргүүлдэг тэргүүний сурагчид ихтэй анги байв. Харин спортоор ангиараа жигд манлайлагч байлаа. Учир нь дунд ангийн багшаар гар бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер, шигшээ багийн холбон тоглогч Ё.Бямбасүрэн ажиллаж байжээ. Тийм дээ ч спорт зааланд ихэнх чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Сургуулийн спорт, тэмцээн уралдаанд уг төгсөлтийнхөн ахлах ангийнхныгаа ч гаргаадаггүй чадварлаг байж. Урлагаар ч мөн тэргүүний сурагч их. Тухайлбал, Сангийн аж ахуйн дарга А.Энхболд хүү хоёр ч удаа сургуулийнхаа бүжгийн аварга болж байжээ.

Түүний ээж Б.Сармандах урлагийн хүн бөгөөд “Адуучин” бүжгийг өвөрмөц байдлаар дэглэж өгч байсантай холбоотой гэнэ. Харин Н.Батбаяр Өсвөрийн уртын дуу дуулаачдын улсын уралдаанд сум, цаашлаад аймгаас шалгарч оролцож “Найрамдал” зусланд 30 хоног амарч байсан удаатай. А.Энхболд өдгөө төрийн албан хаагч болж нэг хэсэг УТЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан бол Н.Батбаяр “ETV” телевизийн шилдэг зураглаачдын нэг болжээ. Мөн төгсөлтийнхнөөс Р.Энхтуяа БНСУ-д гэр бүлийн хамт амьдран суугаа бол А.Баянмөнх Улсын аварга малчин, Аймгийн аварга малчин Г.Мөнхтөмөр, Батбаатар, сумын аварга малчин С.Амарбаясгалан, нягтлан бодогч П.Баярмаа, хувиараа бизнес эрхлэгч Б.Хайдав зэрэг олон хүүхдийг энд онцлох байна. Уг төгсөлтийнхөн газар тариалан, мал аж ахуйн, бизнесийн салбарт ихэвчлэн ажиллаж буй. Өдгөө орон нутаг, улс эх орондоо өөр өөрсдийн ажил хөдөлмөр, мэдлэг оюунаараа хувь нэмрээ оруулж явна. Угаас Орхон сум олон жилийн өмнөөс газар тариалангийн үр шимээр Монголыг тэжээдэг байсан өгөөж баян нутаг билээ.

Манай зочдыг сурагч ахуйд Орхон сумын ард иргэд мал аж ахуй, газар тариалан түлхүү эрхэлдэг байсан болоод ч тэр үү намрын ургац хураалтад дайчлагдах, хонины ноос хяргаж тушаах, зурам агнаж арьс тушаах зэрэг ажилд гар бие оролцож явжээ. Ангийн охин П.Баярмаагийн өвөө Раш тухайн үед анх мах, ноосны чиглэлийн “Орхон хонь” үржүүлж Төрийн соёрхол хүртэж байсан түүхтэй юм байна. Ер нь сурагчдын амьдрал газар тариалан, Орхон голтой салшгүй холбоотой юм. Орхон голын хөвөөнд л өнжсөндөө бага нас минь гэж ангийн хүүхдүүд дуу нэгтэй дурсах аж. Нэг удаа Б.Хайдав дотуур өмдөө магтаж “Даалимбаар урласан дотуур өмд минь урагддаг ч үгүй, усанд урсдаг ч үгүй” хэмээн усан дээр тавьж нөхдөдөө маазарч зогсоод толгойгоо савандаад эргэхдээ савангаа дотуур өмдөн дээрээ тавьсан нь жин дааж усны ёроол руу алга болж.

Хамт байсан ангийнхан нь охид, хөвгүүдгүй шоолж хамаг хувцсыг нь аваад зугтчихжээ. Өдрийн гэгээнээр гол дагасан олон хүнээс ичээд мань хашир уснаас гарч чадахгүй тав, зургаан цаг голын усанд зогсож хөглөсөн түүхтэй. Устай холбоотой өөр нэг дурсамж гэвэл Н.Батбаяр 2015 онд Ламын гэгээний 375 жилийн ойгоор Баянхонгорт ажлаар явахдаа Түйн голд урссан хүүхдийг аварчээ. Энэ хүүхэд түүний уснаас аварсан тав дахь амь гэнэ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнагджээ. Ангийнхан нь түүнийг “Манай Батаа аргагүй л Орхон голын хөвөөнд өссөн хүүхэд мөн байгаа биз” хэмээн магтана.

А.Энхболд “Манай ангийнхан Орхон голын урсгал шиг дөлгөөн, тайван, сэтгэл сайхантай улс. Нутаг усныхаа аяыг нутгийн зон нь дуурайдаг гэж зүгээр ч нэг үг биш байх шүү” хэмээн ярив. Б.Хайдав “Манай төгсөлтийнхөн их хөдөлгөөнтэй. Юм юманд л авьяастай байсан. Бүх талаараа манлайлагч байсан. Тухайн үед шатсан уурын зууханд орж зодоон цохион хийнэ. Гарч ирээд шалбархай дээрээ шороо түрхчихээд л явна. Хэнд ч хэлэхгүй. Шороо нь ч эко байж. Одоо бол шороо түрхвэл халдвар орж бөөн юм болох байлгүй” хэмээн инээв. Харин П.Баярмаа “Манай ангийнхан манайд их цугларна. Захиа занаа их бичнэ. Би зуучлагч хийхийг яана. Хөвгүүд нэг захиагаа хуулж хэдэн янзаар бичээд л өгнө. Доторх үг нь адилхан. Осолдолгүй нэр нь өөр. Тэгээд хоорондоо хольж хутгалдаж бөөн бужигнаан үүсдэгсэн” хэмээн хөвгүүдээ цаашлуулж хөхөрнө.

Ийн хүүхэд ахуй насныхаа дурсамжийг хуваалцаж нэг нэгэн рүүгээ утас цохиж, хөгтэй явдлыг нь сануулж инээлдэнэ. Энэ мэтчилэн тэдний хөгтэй, хөгжилтэй сайхан дурсамжууд барамгүй. Өнөө жил тус төгсөлтийнхний 25 жилийн ой тохиож байгаа учир нэлээд ажил төлөвлөсөн бололтой.

Categories
мэдээ цаг-үе

С.Зоригт: Урлаг бол алалцааны салбар. Баригдмал, нэгэн хэвийн байгаад байвал цааш хөгжихгүй

Залуусыг уран бүтээлээрээ байлдан дагуулж буй дуучин, жүжигчин С.Зоригттой ярилцлаа.


-Таны хүүхэд наснаас яриагаа эхэлье. Ямар хүмүүжлээр өнөөгийн С.Зоригт гэдэг хүн бий болсон бэ?

-Хөдөө эмээ, өвөө дээрээ өссөн л дөө. Бусад хүүхдүүдийн адил даага сургаж, айл хотлын хүүхдүүдтэйгээ барилдаж, хонинд яваад л. Хүүхэд насаа дурсахаар үнэхээр сайхан санагддаг. Өглөө хашаагаа малтаж, хонио гаргаад, өдөр нарны халуунд хоёр цаг гэж орж ирээд жаахан унтаж байгаад л оройхон хониндоо гараад явдаг. Энэ л миний хүүхэд нас. Хөдөөний ажил ямар байдаг билээ. Яг л тэгж эко өнгөрсөн.

-Уул хадаар дуу аялан хонь хариулж явахдаа юу хүсч мөрөөдөж явсан бол?

-Хөдөөний найр наадам сайхан. Найрын дуу нь бүр ч сайхан. Эмээгээ дагаад л найр наадам хэсээд явдаг байж билээ(инээв). Эмээ минь солгой учраас өмнөөс нь би дуулна. Тэгээд л аягүй хөөрхөн дуулдаг гээд нутгийнхан ярина. Манай өвөө угаас урлагийн хүн. Цэргийн ансамбльд байсан. Өөрийгөө өвөөгийнхөө чадаагүйг хийж яваа гэж бодох үе бий. Ер нь урлагийн хүн болохыг мөрөөддөг байсан.

-Урлагийн салбарыг хэрхэн сонгож байв?

-Мэдрэмжээрээ гэх үү дээ. 10 жилээ төгсөөд гэрийнхээ гал тогоонд ямар сургуульд орох талаар хуралддаг байхгүй юу. Намайг гадагшаа сургуульд яв, эсвэл цэргийн сургуульд ор гэж байсан. Тэгээд би өөрөө урлагийн салбарыг сонгоно гээд л зүтгээд орж байлаа. Ээж минь надад “Хүн ямар ч явж болно. Сүүлд нь харамсахааргүй сонголтыг л хий” гээд шууд дэмжсэн. Ингээд л урлагийн хүн болсон байдаг юм.

-Таны өгсөн ярилцлагуудыг уншихад нэлээд хөдөлмөр үнэртсэн хүн шиг санагдсан. Өөрийнхөө үеийн залуусыг нийгэмдээ ямар нөлөөлөлтэй яваасай гэж боддог вэ?

-Би энгийн байх дуртай. Тэр утгаараа энгийнээр аливаа зүйлийг боддог. Үеийн залуусаа бусдад гай болохгүй, хүнээс аливаа нэг юм хүсэхгүй, хэн нэгэнд хэрэгтэй хүн байгаасай гэж боддог. Зорьсон зорилгодоо тууштай байх хэрэгтэй. Хүн тууштай зүтгээд ирэхээр өглөө оройтож босох хүртэл гэм юм шиг санагддаг юм билээ. “Юу билээ, яагаад байгаа билээ” гээд л өөртэйгөө яриад эхэлдэг, би лав. Өглөө босохоос л бүх зүйл эхэлдэг. Залуус минь хариуцлагатай байгаасай. Хотод амьдрах соёл гэдэг зүйл байна шүү дээ. Гудамжинд тамхины иш, нус цэрээ хаях, улаан гэрлээр гарахаас эхлээд юм бүхэнд хариуцлагатай хандах ёстой. Эрүүл хооллож, эрүүл амьдрах хэрэгтэй. Хүн өөрийгөө бодохоос эхлээд л нийгэмд нөлөөлж эхэлдэг.

-Олон хүнд хүрч чадахгүй бүтээл гэж бий. Та ч мөн уран бүтээлээ бусдад хүргэж чадахгүй үе байсан л байх. Харин эсрэгээрээ олон хүнд хүрсэн, бусдын сэтгэлд хоногшсон уран бүтээл хэрхэн төрдөг юм бэ?

-Онгодтой холбож их ярьдаг л даа. Яг үнэнийг хэлэхэд сайн уран бүтээл маш их хөдөлмөрлөсний үр дүнд төрдөг. Нэг уран бүтээл гаргаад л тэр нь шууд амжилтад хүрдэг тохиолдол бараг байхгүй. Би анхныхаа хит дууг гаргахын өмнө маш олон дуу бүтээсэн. Бүгд болохгүй байсан. Алдаа болсон. Тэрний цаана маш их хөдөлмөр, хичээл зүтгэл байсан шүү дээ. Тэгээд нэг хит дуу гаргаад дараа дараагийн дуунуудыг минь хүмүүс сонсож эхэлж байлаа. Уран бүтээл гэлтгүй бүх салбарт тийм байдаг. Ямар нэгэн амжилттай ажил боллоо гэхэд өмнөх алдаа болон сургамжаас эхтэй байдаг юм билээ. Маш олон алдаа дундаас нэг зүйлийг зулгааж авч чадсан нь амжилтад хүрдэг. Хоёрдугаарт, чин үнэнийг хэлэхэд мөнгө хүний онгодыг шууд оруулдаг. Үнэн шүү. Манай уран бүтээлчид ч мэдэж байгаа. Тухайлбал, дуу зохиодог хүнд мөнгийг нь өгөнгүүт шууд онгод нь ороод тархи нь ажиллаад эхэлдэг. Энэ бол үнэн юм.

-Сүүлийн үед дуу гаргахаар төлөвлөж байна уу. Уран бүтээлийн ажил хэр явж байна?

-Сүүлийн үед дууны уран бүтээл рүү ороогүй л байна. Ерөнхийдөө сүүлийн үед кино л хийж байна даа. “Анагаахын алдартнууд” гээд 10 ангит кино хийлээ. Энэний өмнө сошиал видео контент хийсэн. Мөн IPTV-гийн контент болох нэг ангит кино хийсэн. Одоо дахиад нэг кино руу орох гэж байна.

-“Франц үнсэлт” УСК-ноос таны жүжигчний карьер эхлэлтэй. Үүнээс хойш олон кинонд тоглолоо. Ер нь та өөрийгөө мэргэжлийн жүжигчний хэмжээнд очсон гэж боддог уу?

-Би өөрийгөө мэргэжлийн жүжигчин гэж бол хэлэхгүй. СУИС-ийн дуулаачийн ангийг МУГЖ Ч.Насантогтох багшийн удирдлага дор төгссөн. Жүжиглэх урлаг, тайзны яриа манайд ордог байсан. Би өөрөө драмын ангийнхантай л байж байдаг оюутан байлаа. Тэд нартайгаа аягүй найзууд байсан. Урлаг гэдэг чи дуучин бол заавал дуулах ёстой гэсэн юм байдаггүй. Урлаг бол алалцааны салбар. Ганцхан юманд баригдмал байвал энэ салбарт явдаггүй. Тал тал тийшээ өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Гэхдээ мэргэжлийн жүжигчид гэдэг цаанаа өөр. Би жишээ нь драмын жүжиг тоглож чадахгүй шүү дээ. Мэдрэмж дээрээ тулгуурласан жаахан камерны туршлагаараа тулгуурлаж л кинонд тоглодог. Одоо жүжиглэх тал дээр суралцаад явж байна.

-Драмын ангийн найзуудаас нь олны танил болсон ямар эрхмүүд бий вэ?

-Намайг анх 2007 онд СУИС-д ороход “Фантастик” продакшны ах нар төгсөж байсан. Яг миний үеийн гэвэл зөндөө жүжигчид бий л дээ. Жишээ нь, Чука, Дуулга, Дөлгөөн гээд л. “Бүтэн амьдралд” тоглодог Золоогоос эхлээд олон жүжигчид байгаа. Би заримыг нь мартсан байж магадгүй. Манай драмаас жил бүр л нэг эрэгтэй, нэг эмэгтэй галзуу авьяастай, мундаг жүжигчин төрдөг. Тэр жүжигчдээ дагаад араас нь олон сайн жүжигчин төрөн гардаг. Тийм уламжлалтай. Урлагийн олон найзууд бий. Гэвч урлагийн хүн мөртлөө урлагийнхантайгаа тийм ч дотно байдаггүй. Шал өөр хүн гэх үү дээ. Бизнес тал руугаа илүү хүн гэж өөрийгөө боддог. Тиймээс маркетинг, рекламын салбарынхантайгаа илүү ойр байдаг. Яагаад ч юм тийм байдаг. Ер нь урлаг соёлынхонтойгоо тайзны ард, киноны нээлтийн ард л уулздаг даа.

-“Анагаахын алдартнууд” кинонд дүр бүтээх урилгыг “Mesmerism”-ийнхэн тавьсан уу?

-Тийм. “Mesmerism” санал тавиад, бид нар хамтарсан. Үеийн залуустайгаа ажиллах сайхан байдаг. Нэг нэгнээсээ суралцаад л явдаг. Комедиан Содоогоос эхлээд тал бүрийн салбарынхан нэг зорилго дор нэгдээд энэ том төслийн ард гарлаа.

-Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байгаа вэ. Тоглолт хийх төлөвлөгөө байна уу?

-Тоглолт хийх бодол алга. 2016 онд анхны тоглолтоо А.Хишигдалайтай хийсэн. Дараа нь 2019 оны хоёрдугаар сарын 14-нд хоёр дахь тоглолтоо хийж байлаа. Сүүлд Европын холбооны улсуудаар аялан тоглолт хийчихээд ирлээ. Европын бараг бүх улсаар явсан. Хэтдээ бодож буй олон зүйл байна. Мэдээж уран бүтээлээ таслахгүй хийнэ. Гэхдээ одоо төвлөрч буй ажил бол контент, маркетинг, сурталчилгаа. Энэ ажлуудад л тархиа ашиглаж байна. Саяхан коронавирусийн эсрэг МУСГЗ Ц.Чулуунбат ахын хөгжим “Хайртай бүхнийхээ төлөө” гэдэг шинэ дуу хийсэн. Наагий, Баярцэцэг, Хишигдалай, Цоожоо бид тав дууллаа. Клип нь цацагдаж эхэлж байна. Дараа дараагийн дуунуудаа бодчихсон байгаа. Цаг тухай бүрт нь сонгсогчид маань хүлээж аваад явах байх аа.

-Коронавирус урлагийнханд их нөлөөлж байгаа байх?

-Маш их нөлөөлж байгаа. Манай Монгол маш олон баяртай. Бүх баяр дээр урлаг соёлынхны үүрэг роль байж байдаг. Санхүүгийн хувьд нэлээд өөрчлөлт гарч байгаа. Гэхдээ орчин үед урлаг гол орлогын эх үүсвэр биш. Манай нийгэм маш барьцгүй. Гэнэт л томоохон шийдвэрүүд гардаг. Тиймээс олон хувилбартай л амьдрах хэрэгтэй. Бүх салбарт асуудал их байна.

-Залуусыг уран бүтээлээрээ байлдан дагуулж буй “алтан хамтрагч” гэвэл дуучин А.Хишигдалай та хоёрыг хэлнэ. Ер нь хэчнээн дуун дээр та хоёр хамтарчихав?

-Бид хоёр бараг 20-иод дуу хамтарч дуулсан байна. Хоёр ч бүрэн хэмжээний тоглолт хийлээ. Одоо тус тусынхаа уран бүтээлийг хийж байгаа. Бид хоёр албан ёсны хамтлаг биш шүү дээ. Тиймээс цаашдаа уран бүтээл хамтарч хийх эсэхийг мэдэхгүй байна.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн байгууллагуудад суурин дижитал рентген аппарат хүлээлгэн өглөө

Коронавируст “Ковид-19” халдварын үед бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай суурин дижитал рентген аппаратуудыг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөр тус бүр нь 256.3 сая төгрөгийн өртөг бүхий нийт 1 тэрбум 794.5 сая төгрөгийн үнэтэй дижитал рентген аппаратыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгсөн байна.

Сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий энэхүү аппарат нь нарийн хэмжээст дүрслэл бүхий харалт хийх боломжтой бөгөөд флюороскопийн аппарат болон рентген аппаратыг нэгтгэсэн үзүүлэлтээрээ давуу ажээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Амарсайхан: Агаар хөрсний бохирдлыг бууруулах эрчимжүүлсэн ажлууд хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрсаг харилцаатай хотууд хооронд “Ковид-19” цар тахлын цаг үеийн асуудлаар 7 хоног бүр харилцан мэдээлэл солилцож байгаа талаар товч дурдаад, нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл өглөө.

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шат дараатай хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 12,750 аж ахуйн нэгжид ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийжээ. Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдийн модон жорлон, бохирын цооногын халдваргүйжүүлэлт үргэлжилж байна. Халдварт өвчнийг тархаахгүй байх, урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгийг сэргээх асуудлыг Засгийн газар болон нийслэлийн хэмжээнд ярьж байгаа гэдгийг хотын Захирагч мэдээллийнхээ үеэр хэллээ.

Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хянах цахим системд мэдээллийн баазыг бүрдүүлж байна

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хот анх удаа нийслэл хот руу орох, гарах хөдөлгөөнийг хянадаг цахим системд мэдээллийн бааз суурийг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэлийн товчоодод энэ ажлыг явуулж байгаа бөгөөд 120 гаруй алба хаагчид ажиллаж байгаа юм. Хэрэв халдвар тархсан тохиолдолд орж, гарсан иргэдийн мэдээлэл, байршил, хөдөлгөөнийг цаг алдалгүй тогтоож, шаардлагатай арга хэмжээ авах боломж бүрдэнэ. НЗДТГ-аас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд шалган нэвтрүүлэх 9 товчоодод асуумжын аргаар тандалт судалгааг эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоодоор 50204 иргэн, 15812 тээврийн хэрэгсэл хөдөлгөөн хийгдсэн хэмээн бүртгэгджээ.

Хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ойн хээрийн түймэр буурчээ

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын газрууд хамтран нийслэлийн ногоон бүс орчимд хөдөлгөөнд эргүүл хийж гүйцэтгэж байна. Хөдөлгөөнт эргүүлд нийт 1200 албан хаагч 350 техник хэрэгсэлтэйгээр 224 байршилд ажиллаж байгаа бөгөөд ирэх зургаадугаар сарын 10 хүртэл ажиллах юм. Нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхийг хориглож, өнжмөл өвс шатаахгүй байж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласнаар өнжмөл өвсний болон ой хээрийн түймэр өнгөрсөн жилийн мөн энэ үетэй харьцуулахад 54,9 хувиар буурсан байна.

Нам даралтын зуухны тоог бууруулна

Агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн удирдлагууд шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна.Энэ хүрээнд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 01-нээс эхлэн нам даралтын зууханд түүхий нүүрс түлэхийг хориглох аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 5000 гаруй нам даралтын зуух байдаг бөгөөд ирэх аравдугаар сараас өмнө цахилгаан дулаанд холбогдож, хийнд шилжих чиглэлийг хотын Захирагч өгчээ. Тус үүргийн хэрэгжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хангаж байна. Хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хотын Захирагч захирамж гаргаж урт болон богино хугацаанд хийгдэх ажлуудыг төлөвлөжээ.хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Улаанбаатар хотод хөрсний бохирдлоос үүдэлтэй гэдэсний савханцар өвчнөөс жилд 6000 гаруй иргэн өвчилж 400 гаруй хүүхэд энддэг судалгаа байна. Тиймээс агаар хөрсний бохирдлыг бууруулах эрчимжүүлсэн ажлууд хийгдэнэ. Нэн түрүүнд иргэдийг орон сууцжуулах төсөлд хамруулах, дэд төвүүдийг байгуулж, эрчим хүчний сервис цэнтрийг байгуулах ажлыг үргэлжлүүлнэ” гэсэн юм. Түүнчлэн хөрсний бохирдлыг бууруулахын тулд био бактерыг туршиж эхэлсэн талаараа мөн дуулгалаа.

Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, ажлын хэсэг байгуулсан байна. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг холбогдох албаныханд өгчээ. Харин зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг албадан буулгах, ачих, үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулж, нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулах ёстойг хотын Захирагч хэлж байлаа. Хаврын салхи шуургатай энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудад хяналт тавьж, стандартыг хангуулах ажлыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж дуусахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналт, Хот байгуулалт хөгжлийн газар болон Хотын стандарт орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газарт хотын Захирагч болгожээ.Хотын соёлд нийцсэн өнгө үзэмжтэй, стандартын дагуу нэгдсэн нэг хашаа хороотой байх шаардлагыг иргэн аж ахуйн нэгжүүдэд хүргэж байгаа бөгөөд энэхүү ажлыг дэмжиж хамтран ажиллахыг мөн уриаллаа.

Хотын Захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ төгсгөлд дунд болон доод шатны зарим албан тушаалтнууд хүнд суртал, авилгал хээль хахуулиас гадна хариуцлагагүй байдал гаргаж байгаа учраас ажлаас нь халсан талаар хэллээ. Тэрбээр төрийн ажлыг цалгардуулалгүй, иргэдийн эрх ашгийн төлөө өндөр хариуцлагатай ажиллахыг цохон тэмдэглээд иргэдэд төрийн ямар нэгэн үйлчилгээг авахад чирэгдэлгүй хурдан шуурхай өгч ажиллахыг хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Удирдах хорооны хурал болов

“Монгол Улсад НҮБ-аас 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн 2019 оны хэрэгжилтийг хянан хэлэлцэх Удирдах хорооны хурал 5 дугаар сарын 18-ны өдөр ГХЯ-нд болж, холбогдох яамд, агентлагийн төлөөлөгчид, Улаанбаатар дахь НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба болон НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудад талархал илэрхийлээд, Хөгжлийн тусламжийн хүрээнд тусгагдсан арга хэмжээнүүд Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ. НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр нь НҮБ-ын хөгжлийн системийг шинэчлэх шаардлагыг бий болгосон ба НҮБ-ын зүгээс шинэ үеийн хариуцлагатай, үр дүнтэй орны багийг бүрдүүлэх замаар гишүүн орнуудтай хэрэгжүүлэх хамтын ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхийг зорьж буйг тэмдэглэсэн.

Удирдах хорооны хурлаар НҮБ-аас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн 2019 оны тайланг хэлэлцэж, ололт амжилт, сорилт сургамж болон цаашид анхаарах асуудлын талаар санал солилцсон байна.

“НҮБ-аас 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ”-нд тусгагдсан 3 үндсэн чиглэлээр өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, боловсрол зэрэг гол салбарын стратегийг боловсруулж гаргах зэрэгт бодит дэмжлэг үзүүлж нийт 109 үйл ажиллагааг 66,49 сая ам.долларын санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, “Хөгжлийн хүртээмжтэй өсөлт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих” зорилтын чиглэлээр хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны дүнд баруун бүсийн аймгууд бодит үнэлгээнд тулгуурласан экосистемийн үйлчилгээ бүхий орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, 5,7 сая га газар улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх жишиг төслүүдийг хэрэгжүүлснээр 2019 онд хүлэмжийн хийн ялгарал 5220 тонноор буурсан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерешийн санаачлан хэрэгжүүлж буй хөгжлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Тотвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд улс орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын тусламжийн хүрээг Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ болгон өргөжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа ба энэ удаагийн хурлаар шилжилтийн замын зураглалыг танилцуулж, гишүүд санал солилцов.

НҮБ-аас одоо хийж буй COVID-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн дүн шинжилгээ нь Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг тодорхойлоход суурь үнэлгээ болох юм.