Categories
мэдээ нийгэм

Шатахууны хангамж, үнэ тарифыг тогтворжуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдлаа

Шатахууны хангамж, үнэ тарифыг тогтворжуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдлаа.

Хуралд УУХҮ-ийн сайд бөгөөд зөвлөлийн дарга Д.Сумьяабазар, зөвлөлийн бүрэлдэхүүн болох МҮЭХ, МАОЭНХ, АМГТХЭГ, ШӨХТГ, ЗТЯ, ХЭАХН, Сангийн яам, ТЕГ, МХЕГ, ГЕГ, Шатахуун импортлогч компаниуд зэрэг байгууллагын төлөөлөл оролцож дараах шийдвэрүүдийг олонхын саналаар дэмжин зөвлөмж гаргалаа:

1. Шатахууны хангамж, үнэ тарифыг бууруулах, тогтворжуулах талаар дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралттай холбоотойгоор шатахууныг энэ сараас дахин бууруулах /ингэхдээ 100 орчим төгрөгөөр хямдлах/, цаашид 6 сарын хугацаанд дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөн ч жишиг үнийг тогтвортой барих;

2. 2014 оноос хойш шатахууны жижиглэнгийн үнийн тооцооллын жишиг буюу ААН-үүдын зардлын өртөгийг цалин хөлс, валютын ханшийн өсөлт зэргийг харгалзан литр тутамд дунджаар 5 хүртэл төгрөгөөр нэмэгдүүлэх;

3. Шатахууны үнийг дахин хямдлах болж байгаа тул үүнийг даган өссөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг бууруулах ажлын баг байгуулахаар боллоо.

Уг хуралд МҮЭХ-ноос суурь үнэ дэлхийн зах зээлийн үнэ тариф буурсантай холбогдуулан 300-400 төгрөгөөр хямдарсныг дахин бууруулах, стандарт бус гэж нэрлэж буй керосины төрлийн бүтээгдэхүүний наймааг таслан зогсоох, онцгой татвар ногдуулах шаардлагатай байгааг илэрхийлж, иргэд хөдөлмөрчдөөс автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой олон санал шүүмжлэл гарч байгааг онцгой анхааралдаа авахыг хүслээ. Мөн шатахууны үнэ тариф буурсантай холбоотой бусад төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн тооцооллыг гаргаж бууруулах талаар төрийн болон ТББ-ууд хамтран ажиллах саналыг тавилаа. Түүнчлэн энэхүү салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин хөлсийг зохих хэмжээнд нэмэх боломжийг олгох, нефть импортлогч компаниуд салбарынхаа хэлэлцээрээр цалинг тодорхой хэмжээнд нэмэх үүргийг биелүүлэх, цар тархалтын өндөр эрсдэлтэй ШТС-ын ажилчдын хөдөлмөр хамгаалал, цалин хөлсийг сайжруулж ажлын байрыг хамгаалах арга хэмжээ авах шаардлагатайг онцоллоо.

Дээрх асуудлыг зөвлөлийн дарга УУХҮ-ийн сайд Д. Сумьяабазар ААН-үүдад анхааруулж, цалин хөлс ажлын байрыг сайжруулах, хамгаалах арга хэмжээг авахад онцгой анхаарч ажиллах нөхцөлтэйгөөр жишиг зардлыг нэмэгдүүлж байгааг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёр дахь уралдааныг зарлаж байна

Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдааны удирдамж гарлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар түүний ивээл дор хоёрдахь удаа энэхүү уралдаан зохион байгуулагдах гэж байна. 300 орчим сая төгрөгийн санхүүжилт бүхий тус уралдааны гол зорилго нь Үндэсний их баяр наадмыг угтаж, Монгол үндэсний өв соёл, түүх уламжлал, ёс заншил, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн, ард иргэдэд эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн радио, телевизийн бүтээлийг арвижуулах, үндэсний бүтээлийг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

Уралдаанд оролцож байгаа үндэсний бүтээлийн агуулга, чанарыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, телевиз радиогийн хөтөлбөрт эзлэх үндэсний бүтээл, нэвтрүүлгийн чанар, хувь хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч дараах төрлөөр зарлаж байна.

1. Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй радио, телевиз тус бүрээр;

2. – Үндэсний шилдэг телевизийн бүтээл

– Үндэсний шилдэг радиогийн бүтээл

– Үндэсний шилдэг хүүхдийн бүтээл (радио,телевиз тус бүрээр)

– Орон нутгийн телевиз, радиогийн үндэсний шилдэг бүтээл

Уг уралдаанд арилжааны радио, телевиз болон студи, продакшн, уран бүтээлийн нэгдлүүд оролцож болно. Хугацааны хувьд Монголын Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2020 оны 07 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд радио, телевизээр нэвтрүүлсэн хөтөлбөрийг, бүтээлийн хувьд 2020 онд бүтээгдсэн бүтээлийг хамруулж үзэх юм. Уралдаанд оролцогчид, тэдний бүтээлийг 2020 оны 07 дугаар сарын 01-07-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэж, хүлээж авна. ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсээс бүртгэлийн талаар мэдээлэл авч, бүтээлээ бүртгүүлэх боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг яаралтай буулгана

Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад үүрэг болгосон юм. Тус үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогчид болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер, 9 дүүргийн Засаг дарга нар, нийслэл, дүүргийн Газрын албаны төлөөлөл, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын албаныхан хамтран хуралдаж ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсэг хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд орчны аюулгүй байдлыг хангах, стандартын шаардлага хангаагүй хашаа хайсыг цэгцлэх чиглэлийн хүрээнд иргэдийн амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулахуйц 194 байршилд хашааг шинэчлэхээр судалгаа гаргасан байна. Орчны аюулгүй байдлыг хангах, нурж эвдэрсэн хашаа цэгцлэх ажлыг ирэх сарын 01-нд дуусгах аж.

Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр нар цахимаар мэдээлэл хүргэлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм “хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүрэг бүрт ажлын хэсэг томилогдсон. Ажлын хэсэг орчны аюулгүй байдлыг хангах шаардлагатай газруудын мэдээлэл, стандартын бус нурж унах хүний эд хөрөнгөд хохирол учруулж болохуйц олон жил болж өгөршсөн хашаануудын судалгааг гаргасан. Энэ хүрээнд зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг нэгдсэн стандартын дагуу тохижуулах, явган хүний зам талбайг сүйтгэж барилгын ажил хийж байгаа компаниудад нийтийн эзэмшлийн гудамж талбайг нөхөн сэргээх ажлыг хийлгэж хяналт тавина.Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудын судалгааг гаргаад дүүрэг бүрт ажиллаж байна. Хашаа хайсны нэгдсэн стандарт мөн улс нийслэлийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын бүрэн бүтэн байдал, орчны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна” гэв.

Дүүргүүдийн Засаг дарга нараар удирдуулсан ажлын хэсэг нурж унах эрсдэлтэй хашаа хороо, орчны аюулгүй байдлыг хангах мэдэгдлийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд өгсөн бөгөөд хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд албадан буулгаж, тухайн зардлыг иргэн аж ахуйн нэгжээр төлүүлнэ гэдгийг нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр мэдээллээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Өнгөрсөн жилийн хувьд орчны аюулгүй байдлыг хангаагүй 379 барилгын түр хашааг шинэчлэх сайжруулах ажлыг хийсэн. Барилгын гадна орчны аюулгүй байдлыг хангуулах 14 баримт бичиг нийслэлийн Засаг даргын А/456 дугаар тоот захирамжаар гарсан. Түр хашаанаас авахуулаад стандарт хангаагүй барилгуудын судалгааг гаргаад стандартыг мөрдүүлэх баримт бичгийг аж ахуйн нэгжүүдэд хүргэж шаардлага тавьж байна.Мөн явган хүний болон дугуйн замд тавигдах стандартын хэрэгжилтыг хангуулж ажиллана. Энэ жил улс нийслэлийн хөрөнгөөр хийгдэж байгаа 429 бүтээн байгуулалтын ажил бий. Эдгээр ажлуудад орчны аюулгүй байдлыг хангуулах 14 баримт бичгээр хяналт тавина.Төрийн байгууллагууд стандартын баримт бичгийг мөрдөхөөс илүүтэй барилгын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд иргэд стандартыг мөрдөж байж иргэдийн аюулгүй байдлыг хангана гэдгийг ойлгох хэрэгтэй.Стандартыг мөрдүүлнэ гэдэг бол дан ганц төрийн байгууллагын ажил биш. Иргэдийн оролцоо чухал учраас manaikhoroo.mn цахим хуудаст чанаргүй гүйцэтгэж байгаа стандартгүй бүтээн байгуулалтын мэдээллийг өгч болно. Иргэдээс өгсөн мэдээллийн дагуу холбогдох албаныхан ажиллана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

БНЭУ руу дараагийн нислэг үйлдэнэ

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

-Нэгдүгээр сарын 28-аас хойш 130206 иргэн орж ирсэн байна. Нийт 8480 иргэнийг татан авсан байна. Төмөр зам авто зам, явганаар орж ирсэн нийт 5007 хүн байгаа. Сүүлийн долоо хоногийн татан авалт ОХУ, Турк, БНЭУ-аас нийт 1070 хүнийг татан авчээ.

Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээс ирүүлсэн байна. Үүний 1611 хүн бага насны хүүхэдтэй, Эрүүл мэндийн шалтгаантай 449 иргэн, Өндөр настан 869, Жирэмсэн эмэгтэй 152, богино хугацааны визтэй 337, байрлах газаргүй 158 иргэн 2818 оюутан, Санхүүгийн хүнд нөхцөлд орсон 1002 хүн, насанд хүрээгүй хүүхэд 358, бусад 3300 гаруй хүн байгаа. Татан авалтаар ирсэн хүмүүсийг 27 цэгт тусгаарлаж байгаа. БНЭУ-аас ирсэн иргэдийн тоог оруулж тооцвол 2029 хүн тусгаарлах байранд байна.

Ойрын хугацаанд ОХУ-аас оюутнуудаа үе шаттайгаар татан авах талаар ярилцаж байна. БНЭУ-руу дараагийн нислэг үйлдэнэ. БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон гардуулахгүй

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасны дагуу зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргадаг.

Энэ жил хуульд заасан нөхцөл, шалгуурын дагуу урьдчилсан байдлаар “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон хүртэх 745, хоёрдугаар зэргийн одон хүртэх 10160 гаруй ээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт материалаа ирүүлжээ.

Гэсэн ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын улмаас дотоодод Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул “Эхийн алдар” одонг засаг, захиргааны нэгжийн аль ч түвшинд биечлэн гардуулахгүй байхаар шийдвэрлэлээ.

“Одонгийн мөнгө” авахын тулд бичиг, баримт бүрдүүлэх шаардлагагүй

Энэ онд “Эхийн одон”-г гардуулахгүй ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд одон олгох зарлиг гаргана. Ингэснээр “одонгийн мөнгө” олгох явц хэвийн үргэлжлэх юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар холбогдох яамдтай санал солилцож, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасан “одонгийн мөнгө” авах шаардлагыг хөнгөвчилж байна.

Тухайлбал, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд “…үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх” гэж заасны дагуу Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 5 дугаар зүйлийг цахим тогтолцоонд шилжүүлэв.

Өөрөөр хэлбэл, одонгийн мөнгө авахыг хүссэн ээж “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгийн, эсхүл “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөнгөн тусламж авахыг хүссэн өргөдөл зэргийг бүрдүүлж дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага, эхсүл сумын нийгмийн ажилтанд өгдөг байсан бол энэ жил дээрх бичиг, баримтыг бүрдүүлэх шаардлагагүйгээр “одонгийн мөнгөө” авах боломжтой болж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Алт олборлолт 2.1 дахин өсч, нүүрсний экспорт нэмэгдээд байна

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний дөрвөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийнхтэй харьцуулбал 1.3 их наяд төгрөгөөр буураад байгаа юм. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.3 их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 65.1 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Өнгөрөгч сард Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоор өдөрт дунджаар 400 машин нүүрс экспортолж байсан бол тавдугаар сар гарснаас хойш нүүрсний экспорт нэмэгдээд байна. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоор өдөрт 700 гаруй машин нүүрс экспортолж байна.

Оны эхнээс тавдугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 4.6 сая тонн чулуун нүүрсийг 374.5 сая ам.доллараар экспортлоод байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 2.7 дахин бага, мөнгөн дүнгээр 2.8 дахин бага үзүүлэлт юм. Зөвхөн тавдугаар сар гарснаас хойш 482 мянган тонн чулуун нүүрс экспортолжээ.

БУРГАСТАЙ БООМТООР ЖИЛД ДУНДЖААР 1-1.16 САЯ ТОНН ТӨМРИЙН ХҮДЭР ЭКСПОРТОЛДОГ

Улсын Онцгой комиссоос гаргасан төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлтийг эхлүүлэх шийдвэрийн дагуу “Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах” тухай Засгийн газрын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, Бургастай-Лаоемяо боомтыг нээгээд байна.

“Алтайн хүдэр” ХХК-ийн уурхай сар бүр Говь-Алтай, Ховд аймгийн 38 иргэн, аж ахуйн нэгжүүдээс 8.6 тонн мах, 560 литр сүү, сүүн бүтээгдэхүүн, 11.7 тонн хүнсний ногоо зэрэг ахуйн хангамжийн бараа материалын худалдан авалт хийж, уурхайчдын хоол хүнсэнд ашигладаг байна. Мөн дээрх орон нутгийн ханган нийлүүлэгч жижиг, дунд үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд сард 152 сая төгрөгийн төлбөрийг шилжүүлдэг бөгөөд тус боомт нээгдсэнээр уурхай ажиллаж, улмаар экспорт сэргэн, орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх зэрэг ач холбогдол ихтэй.

Говь-Алтай аймгийн Цээл сум дахь Бургастай боомтоор “Алтайн хүдэр” ХХК жилд дунджаар 1-1.16 сая тонн төмрийн хүдэр экспортолж, Улсын төсөвт 15.7 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт нэг тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

МОНГОЛБАНКИНД ТУШААХ АЛТНЫ ХЭМЖЭЭ НЭМЭГДЖЭЭ

Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгдэхэд дараахь хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэж үзжээ. Нэгдүгээрт, коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор алтны үнэ дэлхийн зах зээл дээр өссөнөөс аж ахуйн нэгжүүд үнэ өсөхийг нь хүлээн хадгалж байсан алтаа тушааж эхэлсэн байна. Хоёрдугаарт, коронавирусийн нөлөөгөөр хилийн хорио цээрийн хяналт сайжирч, зорчих хөдөлгөөн буурсан зэрэг нь алтыг хууль бусаар хил гаргах боломжийг хязгаарласан нь Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлсэн байх талтай аж.

Улсын хэмжээнд оны эхний дөрвөн сард алт олборлолт өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өсөөд байна.

65 МЯНГАН ТОНН ГАЗРЫН ТОСОЛ БОРЛООД БАЙНА

Монгол Улсын хэмжээнд энэ онд 6.6 сая баррель буюу 890.000 тонн газрын тос олборлон экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Сүүлийн мэдээгээр улсын хэмжээнд 479311 баррель буюу 65463 тонн газрын тос олборлож, 359355 баррель буюу 46174 тонн газрын тос экспортолж 21.3 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулаад байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Өчигдөр дөрвөн лабораторид нийт 367 хүнд давтан шижилгээ хийхэд, бүх хариу сөрөг гарлаа

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр дөрвөн лабораторид 367 хүнд давтан шижилгээ хийхэд, бүх хариу сөрөг гарлаа. Үүнийг задалж хэлвэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 8, ажиглах байранд байгаа 315, тандалтын зорилгоор цуглуулсан 17, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн хяналт руу шилжиж байна.

Ингээд батлагдсан тохиолдол 140 байгаагаас эдгэрсэн нь 26 боллоо. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 182 хүн эмчилгээ болон хяналтад байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 4,885,000 хүн өвчлөн 319,000 хүн нас барсан байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Коронавируст халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 4,885,000 хүн өвчлөн 319,000 хүн нас барсан байна. 1.9 сая хүн эдгээр эмнэлгээс гарсан, 2.6 сая хүн эмчилгээ хийлгэж байгаагийн 44,000 хүнийх нь биеийн байдал маш хүнд байгаа юм. Сүүлийн 24 цагт 86,000 хүн шинээр халдвар авч, 3,300 хүн нас барсан нь өмнөх өдрөөс өвчилсөн хүний тоо 5,000-аар их боловч, нас барсан хүний тоо 300-аар бага байна.

ОХУ-д халдварын тохиолдол нэмэгдсээр байгаагийн дотор манай улсын хил залгаа бүсүүдэд халдварын тохиолдол 30-75-аар нэмэгдэж, өвчлөлийн хурд эрчимтэй явагдаж байна.

Өчигдөр ДЭМБ-ын 73 дугаар ассамблей цахимаар зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. Өнөө өглөө 08:00 цагт ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл тус хуралд илгэлт тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

COVID-19 халдвар ихэнх хүүхдүүдэд хөнгөн хэлбэрээр илэрч байгаа ч цөөн тохиолдолд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж илэрч, амь насанд эрсдэл учруулж байгаа юм.

24 цагийн хугацаанд 119 дугаарт 259 дуудлага ирж, мэдээлэл зөвлөгөө авсан. Гадаадын дөрвөн улсаас тодруулбал, БНСУ, Ирланд, Швед, АНУ-аас дөрвөн дуудлага ирлээ.

Манай иргэдийн хувьд худалдаа, үйлчилгээний газруудад хоорондын зай барихгүй байх тохиолдол түгээмэл байгааг мэдээлж байна.

Европын орнууд хөл хорионы дэглэмээ сулруулж, ингэхдээ үндсэн хоёр шаардлагыг тавьж байгаа. Эхнийх нь амны хаалтыг тогтмол зүүх бол дараагийнх нь иргэд хоорондын зай 1.5-2 метр байхыг онцгойлон анхааруулж байгаа” гэдгийг хэллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Оюундэлгэр: Эмэгтэйчүүд ч мөн бэлгийн дур хүслээ илэрхийлэх эрхтэй


Монгол Улсын Их сургуулийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Э.Оюундэлгэртэй жендерийн сэтгэл судлалын хүрээнд бэлгийн амьдрал, бэлгийн боловсролын талаар ярилцлаа.

-Сексологи судлалын талаар яриагаа эхэлье. Үүнийг судлах шаардлага, ач холбогдол нь чухам юунд байгаа юм бэ?

-Сексологи нь хүмүүсийн эрүүл бэлгийн харилцаа, нөхөн үржихүй, жендер, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, бэлгийн хэвийн бус зан үйлийг нас, хөгжлийн онцлогтой нь судалдаг л даа.

Сайн сайхан харилцаатай хүмүүс хамгийн аз жаргалтай байдаг гэсэн судалгаа бий. Тиймээс сексологи нь хүмүүсийн сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэнд, сайн сайхантай холбогдож байгаа юм. Үүний үр дүнд хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин зэрэг нийгмийн эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Мөн бэлгийн хүчин, дотно хамтрагчийн хүчирхийлэл зэрэг хүчирхийлэл үйлдэх, бусдад бие махбод, сэтгэцэд гэмтэл учруулахаас, үүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Нөгөөтэйгүүр нийгэмд гадуурхагдаж буй бэлгийн цөөнхийн эрх ашгийг хамгаалах ач холбогдол бий. Хүмүүс бие биеэ харилцан ойлгож, харилцаандаа сэтгэл ханамжтай байхад туслах боломжтой.

-Бэлгийн харилцаа гэдэг хүн бүхний мэддэг сэдэв шүү дээ. Ер нь үүнд баримтлах дүрэм, журам бий юү?

-Бэлгийн харилцааг бэлгийн хавьтлаар хязгаарлаж ойлгож болохгүй.

Тиймээс бэлгийн харилцаа нь хүмүүсийн өөрөө өөртэйгөө болон бусадтай тогтоосон эрүүл харилцаан дээр үндэслэнэ. Эрүүл харилцаа гэдэг нь харилцан итгэлцэл, хүндлэл, хариуцлага дээр суурилдаг.

Өөрөөр хэлбэл, хүн бэлгийн боловсролын талаарх мэдлэг мэдээлэлтэй байж, өөрийгөө болон бусдын эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Хүмүүс энэ талаар мэддэг гэдэг ч одоо болтол ЛГБТИК хүмүүсийг гаж гэж харсан хэвээрээ л байна. Гэтэл аль 1973 онд гомосексуал бэлгийн чиг баримжааг эмгэг гэж үзэхээ больчихсон.

Хэрэв эцэг эх нь энэ талаар ямар ч ойлголтгүй бол хүүхдээ зөвөөр ойлгож, хүлээн зөвшөөрч чадахгүй. Ер нь бэлгийн цөөнх өсвөр насны хүүхдийн амиа хорлох эрсдэл долоо дахин өндөр байдаг гэсэн судалгаа бий. Энэ нь ихэвчлэн эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс хүүхдээ зөвөөр ойлгож аваагүйтэй шууд холбоотой.

Сексийн хувьсгал нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, эмэгтэйчүүд секс объект биш, секс субъект гэдгийг ойлгуулах зорилготой байсан. Энэ одоо ч үргэлжилсээр байна.

Бэлгийн дарамт яагаад өнөөдөр хүртэл асуудал хэвээр байгаа нь үргэлжилсээр байх ёстойг харуулж байна.

-Ер нь монголчуудын бэлгийн чиг хандлага өөрчлөгдөөд байна уу. Хуучин эрэгтэй нь самбаачилдаг байсан бол одоо эмэгтэй нь илүү санаачилга гаргадаг ч юм уу?

-Өмнөх асуулттай утга санааны хувьд холбогдоно. Эмэгтэйчүүд ч мөн бэлгийн дур хүсэлтэй, тиймээс түүнийгээ илэрхийлэх эрхтэй. Эрэгтэй, эмэгтэй байхаас шалтгаалж нэг ижил зан үйлийг өөрөөр харж, шүүдэг.

Яг л өөрөө машин барьж явах гарцгүй газраар гүйж буй явган зорчигчдыг хараагаад, өөрөө явган явах үедээ гарцаар гүйдэгтэй адилхан. Жишээ нь, эмэгтэй хүн илүү санаачилгатай байвал явдалтай, хормой султай гэх мэтчилэн муу хэлдэг. Нөгөө талаас, эмэгтэйчүүдийн эрхийг хүндлээд ирэх үед эрэгтэй нь дандаа санаачилга гаргах ёстой гэсэн үзлээс салж байгаа нь харилцаа харилцан эрх тэгш болж буйг харуулж байна.

Гэхдээ нэмж хэлэхэд бэлгийн харилцаа гэхээр зөвхөн эр, эмийн хоорондын асуудал гэдэг ойлголтоосоо салах цаг болсон.

Бид нар хэрэглэдэг нэр томьёогоо өргөтгөж, илүү олон хүмүүсийг хамруулах хэрэгтэй. Гей хос, Лесбиян болон Күийр хүмүүсийн тухай ч ярих хэрэгтэй. Жишээ нь, аз жаргалтай гэр бүл гэхээр ганцхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсээр бид нар төсөөлсөн хэвээр байна.

-Хосуудын бэлгийн харилцаа хөндийрөх нь ямар үр дагавартай вэ?

-Бэлгийн харилцаа хөндийрөх нь харилцаанд ямар нэгэн асуудал байгаатай холбоотой байж болно. Ийм тохиолдолд нээлттэй ярилцах нь зүйтэй.

Эсвэл хосын аль нэг нь эсвэл хоёулаа ажил, сургууль гэх мэт хувийн болон бусад асуудлаасаа болоод стресстэй байж болно. Аль ч тохиолдолд энэ талаар нээлттэй ярилцах нь зүйтэй. Ер нь хүн бэлгийн харилцаанд заавал тогтмол орох ёстой гэсэн зүйл байхгүй.

Тухайн хүний онцлог, хэрэгцээнээс шалтгаална. Ялангуяа залуу хүмүүсийн дунд бэлгийн харилцаанд эрт орох ёстой, бэлгийн идэвхтэй байх ёстой, олон хамтрагчтай байх ёстой үгүй бол азгүй амьтан гэсэн ойлголт байдаг. Энэ тал дээр бие биедээ гайхуулах, эсвэл яарах шаардлага ерөөсөө байхгүй. Орохгүй байснаараа бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт, өөрийнхөө болон бусдын сэтгэлийг сэвтүүлэх гэх мэт олон эрсдэлээс зайлсхийх боломжтой.

Мэдээж хэрэгцээ байгаа ч нөхцөл байдлын улмаас боломжгүй тохиолдолд гар хангалга хийх боломжтой. Гар хангалга хийх нь хүн өөрийн бие махбодыг таньж авах, бие махбодтойгоо холбоо тогтооход тустай. Мэдээж насаараа гар хангалга хийнэ гэсэн үг бас биш.

Гол хэлэх гэсэн санаа нь хүн сэтгэл санааны хувьд ойлголцдог, сэтгэл татагддаг, итгэл, хүндлэл хүлээсэн хүнтэйгээ бэлгийн харилцаанд орох нь бэлгийн харилцааг илүү утга учиртай, сэтгэл ханамжтай болгоно. Үгүй бол хүн өөрийгөө ч, бусдыг ч нэг удаагийн амны хаалт шиг л үнэ цэнэгүй зүйл болгож орхино.

-Бэлгийн харилцаанд орохын давуу талын тухай ярихгүй юу?

-Бэлгийн харилцаанд тогтмол орох нь эндорфин болон окситоциныг ялгаруулдаг. Эдгээрийг аз жаргалын гормон гэж бас хэлдэг ба стресс тайлах, түгшүүрийг багасгахад тустай. Тогтмол бэлгийн харилцаа нь мөн дархлааг дэмждэг, зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэсэн судалгаа бий.

Хосуудын хувьд тогтмол бэлгийн харилцаанд орох нь бие биетэйгээ илүү ойр дотно болоход сайнаар нөлөөлдөг.

Бэлгийн харилцаанд орохгүй байх үеийн давуу талд нэмж хэлэхэд хүн өөрөө өөрийгөө илүү сайн таньж авах, өөртэйгөө эрүүл холбоо тогтооход тустай.

-Хуучин бэлгийн харилцаа гэдгийг ариун зүйл гэж ойлгож ярьдаг байсан. Одоо бол массаж хийхтэй л адилхан болчихоод байна УУ даа?

-Хуучин ариун байсан гэж шууд хэлэхэд ямар баримтан дээр үндэслэж буйгаас шалтгаална.

Өнөөдөр хүний эрхийн асуудлыг илүү сайн мэддэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хурдан тархдаг болсон учраас бид нар энэ асуудлаар илүү нээлттэй ярьж чаддаг болсон. Тиймээс өмнө нь бид нар хүчирхийлэл, бэлгийн замын өвчний талаар тодорхой мэдээлэл олж сонсож байгаагүй нь тус асуудал байхгүй байсан гэсэн үг биш.

-Сүүлийн үед япончууд цахим хэрэглээг чухалчлах болсноос үүдэн 30-40 насныхан сексээс уйдаж, гэрлэлт цөөрөх хандлагатай болсон. Гэтэл үр удмаа үлдээх нь байгалийн жам шүү дээ?

-Ганц Япон ч гэлтгүй залуучуудын гэрлэх нас оройтож байгаа, Америкт гэхэд л таван эмэгтэй тутмын нэг нь гэрлэхгүй гэсэн тооцоо байдаг. Хүмүүсийн сурах хугацаа уртассан, эмэгтэйчүүд карьер, эсвэл гэр бүл үү гэдгээ сонгох ёстой хэвээрээ байгаа.

Японы хувьд гэр бүлтэй болоод хүүхэд гаргасны дараа эмэгтэйчүүдийнх нь 70 хувь нь ажлаасаа гардаг. Ажлын байрны баталгаа муу болсон, хувь хүний эрх чөлөөг илүү дээдэлдэг болсон зэрэг олон шалтгаанаар хойшилж байгаа. Хэдийгээр үр удмаа үлдээх нь байгалийн жам боловч хүн бүхэн заавал үр удмаа үлдээх ёстой гэсэн хууль байхгүй.

-Биеэ үнэлэлт гэдэг нийгэмд байх ёстой зүйл гэж ихэнх либерал судлаачид үздэг. Энэ хэр ортой вэ. Ер нь тас хорих нь сөрөг нөлөөтэй юү?

-Эрэлт байж нийлүүлэлт байдаг гэдэг. Биеэ үнэлэгч гэж харааж зүхэх мөртлөө тэднээс үйлчилгээ авч буй хүмүүсийн талаар дуугүй өнгөрдөг. Мөн биеэ үнэлэлтийг хүний наймаа, эсвэл бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй хольж хутгаж ойлгодог.

Насанд хүрсэн хүмүүс харилцан зөвшилцсөн тохиолдолд яагаад болохгүй гэж. Тас хорих нь олон сөрөг нөлөөтэй. Биеэ үнэлж буй хүмүүс эрх нь зөрчигдөх үед тэд хэнд хандахаа мэддэггүй. Тиймээс тэд л хохирч үлддэг. Энэ эмзэг байдлыг нь ашиглан зуучилж мөнгө олдог хүмүүсийн эрхэнд байдаг учраас тэд ядуу, өвчтэй үлддэг.

Цаашилбал, БЗХӨ нь бусдад тархах мөн эрсдэлтэй.

Хэрэв эрхийг нь хамгаалж хуульчилж өгвөл эрүүл мэнд, амь насаа хамгаалуулах боломжтой. Дурлаж биеэ үнэлдэг хүн ховор. Үнэндээ тэднийг гэх хэн ч байдаггүй, хүний ёсоор харилцдаггүй, юм л бол дээрэлхэж баривчилж шийтгэдэг. Харин ч сэтгэл зүйн туслалцаа, сургалтад хамруулснаар арай өөрөөр амьдрах боломжтой болно. Барьж шийтгэснээр асуудлыг шийдэхгүй.

-Бэлгийн боловсролыг хэдэн наснаас өгөх ёстой вэ?

-Хүүхдийг цэцэрлэгт байхаас нь эхлэн зааж өгөх боломжтой. Хүүхэд цэцэрлэгээс эхлэн нийгмийн харилцаанд оролцдог. Бэлгийн боловсрол бие махбодоо танин мэдэхээс эхэлдэг.

-Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ бэлгийн боловсролын талаар ярих нь тун ховор байдаг шүү дээ. Ер нь бэлгийн боловсролыг хэрхэн системтэй олговол зүйтэй вэ?

-Цэцэрлэгийн наснаас өсвөр насыг дуустал системтэйгээр боловсролын хөтөлбөрт оруулах боломжтой.

-Бэлгийн зан үйлд цээрлэх ёсон бий. Гэтэл Ойрх Дорнод, Дундад Ази, Европчууд үеэлтэйгээ суудаг гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Бэлгийн зан үйлд цээрлэх ёсон гэж бий. Ингэж цээрлээгүйн улмаас оюуны хомсдолтой, эсвэл ямар нэг удамшлын өвчтэй хүүхэд төрдөг. Ер нь бол их хэмжээний эд хөрөнгөтэй байх, эсвэл ёс уламжлалаа хадгалах зэрэг зорилгоор хүмүүс хамаатан садан дотроо гэрлэх хандлагатай байдаг гэдэг юм байна лээ.

Хамаатан саднаа таньж мэдээгүйн улмаас санамсаргүй байдлаар хоорондоо гэрлэх, хүүхэдтэй болох тохиолдол манайд мөн байгаа. Оюуны хомсдол ба цус ойртолтын тухай судалгаа ч манайд хийгдсэн байна лээ.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар марафон” тодорхойгүй хугацаагаар хойшлуулав

Монгол Улсад гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014 оноос эхлэн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг жил бүрийн тавдугаар сарын гуравдахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлал тогтсон.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд хамрагдах гүйгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж ирсэн бөгөөд гүйлт сонирхогч олон мянган иргэдийн хүсэн хүлээдэг нэр хүндтэй томоохон арга хэмжээний нэг болоод байгаа билээ. Өнгөрсөн жилийн хувьд “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 32 мянга гаруй гүйгчид оролцсоны дунд гадаадын 30 орноос 400 гүйгч оролцсон байна.

Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ коронавируст халдвартай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан “Улаанбаатар марафон-2020” олон улсын гүйлтийг хорио цээрийн дэглэм дуусах хүртэл хойшлууллаа.