Categories
мэдээ нийгэм улс-төр

ҮХЦ хуралдана

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрт гомдол гаргаж, эрх бүхий байгууллагаас уг гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерт оролцогчоос ирүүлсэн 20 сая төгрөг хүртэлх тендерийн баталгааг улсын орлого болгохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 12, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн байна.

Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг өмнө нь Цэц хянан хэлэлцэхээр товлосон боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсан билээ.

Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хийхээр товлоод байна гэж ҮХЦ-ийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Хурц нарыг шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцэхээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.05.20/ 09.00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд Б.Хурц нарын нэр бүхий 9 хүнийг гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, эрүү шүүлт тулгах зэрэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх гэм буруугийн асуудлыг хэлэлцэх байсан ч шүүх хуралдаан хойшиллоо.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 20-нд болох үйл явдлын тойм

10.00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын 2020 оны эхний 4 сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг 1212.mn болон фейсбүүкийн “Үндэсний Статистикийн хороо” хуудсаар танилцуулна.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

10.30 цагт Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2019 оны ТОП-100 ААН-ийг тодруулах ёслолыг “Блүүмберг ТВ Монголиа” сувгаар шууд дамжуулна.

12.00 цагт “Пума” зочид буудалд Архангай аймгийн Цэнхэр сумын малчид малын хулгайн гэмт хэргийн талаар мэдээлнэ. Утас: 98000307, 90107107

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Эрүүгийн тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Орон сууц хувьчлах тухай /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлах/

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

2.

“Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв/

Н.ЦЭРЭНБАТ

3.

“Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

Н.ЦЭРЭНБАТ

4.

“Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

Ч.ХҮРЭЛБААТАР

5.

Эрүүгийн тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Ц.НЯМДОРЖ

6.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан “Гадаад улсад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

Ц.НЯМДОРЖ

7.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт*

Ц.НЯМДОРЖ

8.

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /“Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол, “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн

тогтоох тухай” Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоол /

С.ЧИНЗОРИГ

9.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

10.

“Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотгол”-ын хэрэгжилтийн талаар /2019 оны жилийн эцсийн байдлаар/

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

11.

Төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн явцад 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

12.

Үндэсний хөтөлбөрүүдийн 2019 оны хэрэгжилтийн тайланд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

13.

Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Зохиолч, сэтгүүлчийн халуун голомтод төрснөөрөө бахархдаг Хархүүгийн Мандахбаяр

“Та чинь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн албаа өгчихлөө” гэх асуултаар бид хоёрын яриа эхэлсэн. Миний бие сэтгүүлчдийн байгууллагын тэргүүнийд өнжлөө гэх маягаар явчих санаатай асуусан нь тэр юм. Ингээд “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Хархүүгийн Мандахбаярынд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Гэрт нь очиход “Монгол коммент”-ын Билгээ тэр хоёрын “80 дугаар микрофон” нэвтрүүлэг телевизээр гарч байна. Манай хүн уг нэвтрүүлгээ үзэж сууснаа “За дүү ч алаад хаячихлаа шүү. Намайг сайн яриулсан байна” гэх шиг сэтгэл хангалуун байгаа нь илт. Сэтгүүл зүйн өвөрмөц өнгө, нэр нүүр нь болсон мань хоёрын “80 дугаар микрофон” ч “галзуу” болно лээ. “Ерөнхий сайдын шийдвэрийг урж базаад ард түмний нүүр рүү шидэх гэж байна” хэмээх гарчиг бүхий сонины ярилцлагууд гээд сүүлийн үеийн хэвлэл мэдээлэл, цахим ертөнцийн шуугиан болж ард түмний нүдэн дээр ил байгаа түүнтэй ярилцана гэдэг надад амаргүй санагдсан. Үндсэндээ хэвлэлээр баахан “нүдчихсэн” эрхмийг дахиад шинээр нээнэ гэдэг хэцүүхэн даваа байдаг л даа.

Мандахбаяр сэтгүүлчийн хувьд Монголын нэртэй найрагчдын нэг “Халуун говийн Хархүү” гэж алдаршсан Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Эрэнжидийн Хархүүгийн хүү юм. Хархүү ах Монголын их утга зохиол, бичиг соёлын ертөнцөд нэгэн жарны туршид өмнийн говио төлөөлж буй ганц ноён нуруу нь. Тэртээ жараад оны сүүлээр Сономын Удвал гуай “Уран үгсийн чуулган”-ыг анх санаачлахдаа бага балчир насаа үдсэн өмнийн говиос эхлүүлсэн байдаг. Тийн явахдаа их Явуу, Сэнгийн Эрдэнэ, Дэндэвийн Пүрэвдорж гээд аваргуудаа дагуулж очсон. Энэ үеэр ёстой нөгөө говийнхоо тааныг ханхлуулж, гоёоны дарс шигээ ааг омогтой шүлгүүдээ уншиж найрагчдын эгнээнд шууд элссэн хүн бол Эрэнжидийн Хархүү байдаг. Тэрээр “Монголын утга зохиолд би говь хангай хоёроор хоёр талаасаа түшүүлсэн хувьтай хүн” гэдэг нь Дэндэвийн Пүрэвдорж, “Говийн өндөр” Сормууниршийн Дашдооров хоёр багшийгаа хэлж буй. Ийм л хувь заяаны эзэн Хархүү найрагчийнд дээрээ нэг эгчтэй, дороо гурван дүүтэй айлын том хүү болж төрсөн нэгэн бол Мандахбаяр юм. Тэрээр Цогт-Овоо суманд эхээс мэндэлсэн байдаг. Аав нь Ханхонгор, ээж нь Баяндалай гээд бодохоор халуун говийн олончиг сумыг дамнан орших тавилан оногджээ гэж болохоор. “Би чинь Адьяа тайжийн гуч хүү, Жанцан тойны ач хүү” гэж удам угсаагаа тодотгосон. Яагаад ингэж тодотгов гэж анзаартал мань хүнийг нөгөө айхавтар Тосон бумбын тэмцлээр явж байхад нэр хүндийг нь гутаах гэсэн олон дайралт дунд хэнд ч гэмгүй, зөвхөн ном эрдмийн төлөө, ардын хүүхдийг сургах ажилд гуч гаруй жилээ зарцуулж ирсэн найрагч аавыг нь “Хятадын эрлийз” болгон дайрсан юм билээ. “Байгаль эх хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгээр Ханхонгор суманд очиход Хархүү ахыгаа хужаа гэж хэлүүлсэндээ ясных нь дургүй хүрсэн авга эгч Сайнтуяа нь “Адъяа тайжийн гуч хүү, Жанцан тойны ач хүү Хархүүгийн Мандахбаяр” хэмээн тайж гаралтай, найрагч аавын минь хүүг та нар хужаа гээд үз л дээ гэсэн шиг шазууртай нь аргагүй олон түмэнд зарлажээ. “Би Цогт-Овоод төрөөд гурван нас хүртлээ амьдарчээ. Аав минь хичээлийн эрхлэгч, ээж цэцэрлэгийн эрхлэгч. Хоёулаа өглөө эртээ ажилдаа гарна. Би бас ялгаагүй ажилдаа гарна” гээд багынхаа төрхийг яриад инээд алдаж сууна. Чармай нүцгэн жаал аав ээжийнхээ адил өглөө айл хэсэх албандаа гарч говийнхоо алтан шаргал элсэн дундуур манаргаж явдаг гэж байгаа. Ойр тойрны айлууд нь өхөөрдөөд цодгор түүнийг ирэх үед хаалгаа түгжчихнэ. Хэн бэ гэхээр “Мандаа нь байнаа, хаалгаа онгойлгоорой” гэж хээв нэг том хүн шиг хэвлүүхэн нь аргагүй хэлэхийг нь сонсох гэж тэгдэг байж л дээ. Эл бүгдийг ярьж инээд наргиан болж байтал “Хүний амьдрал гэдэг жаргал зовлон ээлжилдэг, алаг тавилан юм. Миний бага насанд хамгийн тод үлдсэн зүйл гэвэл хоёр дүүгээ хэл орчихоосой гэж горьдон мөн ч их залбирдаг байсан” гээд наргиантай төрх нь бодлогошролоор хоромхон зуурт солигдсон. “Аав ээж хоёрт минь яваагүй газар, уулзаагүй эмч гэж ховор. Ёстой л арга цөхрөхдөө анагаахын шинжлэх ухаанаас бариач эмч домч хүртлээ явсан” гэв. Энэ болзоогүй зовлонт байдал Хархүү найрагч, багш, сурган хүмүүжүүлэгчийг говиос нь Улаанбаатар руу хөтөлсөн байна. Хоёрын хоёр эгдүүтэй үрээ хэл орчихно гэж горьдсон ижий аав аргагүйн эрхэнд хувь заяатайгаа эвлэрч 1989 онд хаа байгаа Ханбогд галбын говиос ЗИЛ-130 дээр гэр бараагаа ачиж хоёр хоног явж байж хотын бараа харжээ. “Багахангайд хичээлийн эрхлэгчийн орон тоо бий” гэсний дагуу Багахангайн айл болж том эгч нь хоёр дүүгээ хотод харж 29 дүгээр тусгай сургуульд сургасан байна. Ухаан санаа сэргэлэн, шатар нүүгээд гэрийнхнийгээ гаргаадаггүй хоёр дүү нь өдгөө нэг нь таван хүүхэд, нэг нь гурван хүүхэдтэй сайхан айл болж, тэгш дүүрэн амьдарч яваа гэнэ. Төрсөн хүүхдүүд нь бүгд хэл ярианы ямар нэгэн асуудалгүй гэхийг сонсоод сэтгэлд баяр төрж л суулаа.


Математикийн хичээлд дуртай, тоо сайн боддог Мандахбаяр 1996 онд аравдугаар ангиа төгсөөд IQ-гийн Цэрэнгийн Дэмбэрэл докторын “Хан-Уул” дээд сургуульд хэрэглээний математикч, бизнесийн эдийн засагч гэсэн хос мэргэжлээр суралцжээ. Монгол Улсын их сургуулийн төлбөр 110 мянга байсан бол “Хан-Уул”-ийнх бараг гурав дахин их буюу 290 мянга байсан гэдэг. Гэвч эдийн засагч болгоно гэсэн ээж аав, математикч болно гэж зүтгэсэн өөрийнх нь хүсэл биелсэн учир дуртайяа орсон байна. Ерөнхий сайд Бямбасүрэн гуай, анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай гээд дандаа луугарууд багшилж байж. Эхний хоёр жил онц дүнтэй суралцаж, багш нарынхаа хүндэтгэл хүлээсэн оюутан байсан аж. Харин хоёрдугаар курсээ төгсөөд байх тэр жил хувь заяа түүнийг хэвлэлийн салбар руу эргэлт буцалтгүй оруулжээ. “Би чинь эрт аав болсон хүн. Том охин Оюунболор маань мэс заслын мундаг эмч болно гэж зорилго тавьсан анагаахын гуравдугаар курсийн онц сурлагатай оюутан бий. Юм гэдэг сонин шүү. Охиноо нялх байхад хүүхдийн сүү авах гэж Бөмбөгөрийн тэнд гүйж яваад азын сугалаатай таарлаа. Тогдгор Галсантогтох гавьяат “гурван ширхэг сонин 1000” гээд хонжвортой сугалааны эрх өгч байна. Хартал угаалгын машин нүдэнд тусдаг юм, хүүхдийн даавуу угаадаг хүнд чинь шууд л машин хожчих юм шиг санагдлаа. Тэгтэл “Хувийн амьдрал” сониныг бүтэн улирал үнэгүй захиалах эрх хожлоо. Сугалааны сонингоо үзэж байтал сурвалжлагч ажилд авна гэж байна. Оюутан хүүхэд ажилд авдаг болов уу гэж сонирхтол, авьяастай чадалтай бол мэдээ материал бичиж өгөөд шагналаа аваад явчихаж болно оо гэв. Нэг мэдээг таван зуугаас таван мянгаар үнэлнэ гэдэг юм. Хорхой хүрээд нүд сэргээд явчихлаа. Хүүхэд нялх, дээр нь шалдан оюутанд мөнгө л хэрэгтэй нь мэдээж. Ингээд мэдээ олох ажилдаа гарсан даа” гэлээ. “Эрхэт Монгол медиа групп” гэж бас нэг том хэвлэлийн “вант улс”-ыг бий болгосон түүний зам мөр ингэж мэдээгээр эхэлжээ. Гэхдээ бас инээдтэй. Алиалагч Батсүхийг дам мэддэгийн хувьд ганц шил юм аваад түүнээс урлаг соёлынхны холбоотой мэдээ олж дуулахаар очжээ. Батсүх гавьяат байдгаа ярьсан байдаг. Ёстой кино шиг, хошин шогийн тоглолт шиг л юм яриа биз. Түүнийг нь дэвтэр дүүрэн бичиж аваад “Хувийн амьдрал” сонинд бүтэн хоёр нүүр дүүрэн гаргаж, анхны шагнал болох 26 мянган төгрөг халааслаад хөл нь газар хүрэхгүй амьтан гэртээ очжээ. “Үржингийн Хүрэлбаатар шавийнхаа “Улаанбаатар” сонинд 36 мянган төгрөгийн цалинтай аав нь анхны шагналаа аваад ирж байгаа хүүдээ баярлахаас яахав. “Нүднийх нь нулимс цийлэгнээд баярлаад байсан” гэж хүү нь хэлнэ билээ. Өнөө онц сурлагатан чинь сургуулиасаа жилийн чөлөө авч сонины ажилд эргэлт буцалтгүй шуударчээ. Нойр хоолыг умартаж зүтгэсэн байна. Намуудын байр, төрийн ордон гээд орохгүй газаргүй. Сарын цалин 400, 500 мянгаас бууна гэж байхгүй. Өдөр бүр сонины хадаас хийж хяргаж байжээ. “Та тэр олон “хадаасууд” дундаасаа гуравханыг жишээ болгон онцлохгүй юу” гэж хатгалаа. Тэгтэл юу ярьсан гэж бодно. Кино шиг л юм ярьж хоёулаа инээхдээ инээж, хуучин дурсамжуудыг нь сөхөн миний бие бахдан баярлаж, сэтгэлийн таашаал эдэлсэн.

Ингээд Мандахбаяр сэтгүүлчийн гурван “хадаас”-ыг цагаан түүхээр эхэлье гэв. 2004 онд Намбарын Энхбаярыг хаан байхад түүний өөдөөс дуугарч чаддаг цөөхөн хүн байсны нэг нь Нацагийн Багабанди байв. Багабанди Ерөнхийлөгч хэвлэлээр ярилцлага өгөөгүй нэлээд удсан үед 2004 оны Их хурлын сонгуулийн өмнө Багбанди Ерөнхийлөгчөөс ярилцлага авчээ. Тус ярилцлага Улс төрийн хүрээнд ялангуяа тухайн үеийн МАН дотор томоохон шуугиан дэгдээж байсан юм. Хоёр дахь “хадаас” гэвэл казиногийн гурав байна. Би бүгдээс нь ярилцлага авсан. Эхлээд Байгаль гуайг Ганц худагт тоосгон дээр байхад нь яриа авсан. Тэгээд Баттулгаас авлаа. Хууль зүйн сайд байсан Батчулуун гуайгаас шоронгоос гарчихсан бие нь тааруу байхад авч байсан. Энхбаатар нь үлдчихдэг юм. Түүнтэй утсаар холбогдоод л үй зайгүй залгаад, мессэж бичээд байлаа. Тахир соёотын наахна уулан дээр антен манадаг юм байна. “Чи тийм хоншоортой юм бол уулан дээр гараад ир, тэгвэл би чамд яриа өгье” гэдэг юм. Т.Амардаваа эрхлэгчээс 80 мянган төгрөг цохуулж аваад тээврийн товчоон дээрээс “жаран ес” хөлсөлж дөрвөн дугуйнд нь гинж хийж аваад хөдөлсөн. Ингэж өвлийн жавар тачигнаж байхад уулыг хэрж явсаар орой дээр нь гарлаа. “Чи ёстой овоо гар юм даа” гээд буриад нөхөр чинь инээгээд зогсож байсан. Би ганц шил вискигээ задлахад юун миний тэр вискиг тоох манатай, “Байгаль” гэдэг цэвэр усыг авдар авдраар нь битүү өрчихсөн, цонхон дээгүүр нь том том виски дүүрчихсэн, хоёр туслахдаа үүрэг өгөөд өөхтэй мах чанаад сууж байлаа. Их хурлын гишүүн байсан, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшиж байсан хүн шоронд тийм л байсан. Мань эр хэргээ задална аа гээд л, ардчиллын томчуудыг бүгдийг нь нэр устай нь хусаад, ёстой цус гарсан ярилцлага болсон. Казино Энхбаатартай тэр дугаар цөм авсан, гурван ч удаа хэвлэгдсэн санагдана. Хэвлэгдээд л зарагдаж дуусаад л дахин хэвлэгдээд Монголын нийгмийг тухайн үед шуугиулсан. Энэ яриа миний сэтгүүлчийн карьерыг үнэхээр өсгөсөн” гээд инээд алдаж сууна. Цус амтагдсан яриаг ингэж хийсэн түүний гурав дахь шуугиан нь Сүхбат Өсөхбаярыг тийрдэг тэр жилийн наадамтай холбоотой юм билээ. Наадмын сурвалжлагад явахдаа хариуцлага алдаж, хадаас яриагүй тууж иртэл бусад сонинууд дээр Бат-Эрдэнэ аваргын яриа, “тийрдэг” Өсөхөө аваргын яриа гараад иржээ. Амраа эрхлэгчдээ зайл гэж хөөгдөхдөө А.Сүхбатаас авна гээд амлачихаж. Пагмажавын Даваасүрэн найзтайгаа хоёул Сүхбатын сургийг тавьтал Тэрэлжийн Шивэртийн аманд Баянаа аваргын зуслан дээр байна гэнэ. Наян жилийн ойн наадмын түрүү бөхөд баяр хүргэх гэж байгаа хүн болоод туугаад очжээ. Даваасүрэн нь Увсын нөхөр учир Баянаа аваргатай дороо л хэл амаа ололцож нэг мэдэх нь ээ гэрийнх нь хоймор эгээтэй л гарчихалгүй суув гэнэ. Хүмүүс аваргад боодол боодол мөнгө өгөөд л, хөөрөг ч бэлэглэж байх шиг, тэр бүгдийг тэмдэглээд байгаа. Баахан дайлуулж цадталаа хоол идэж, ганц нэг татаад бүр сайхан яриа орчихсон байж байтал хэрэг бишдэх нь тэр. Сүхбат аваргын гэргий Баянаа аваргын охин Баясгалан орж ирээд “Энэ хоёр сурвалжлагч юу хийж яваа юм” гэтэл Баянаа аварга “Өө сурвалжлагч байсан юм уу, гар та хоёр, хэн ир гэсийн” гээд баахан дайлсныхаа дараа хөөв гэнэ. Сүхбат аварга өнөө хоёрыг чинь чихдээд “Яаж байгаан та нар, айлыг ингэж болдог юм уу” гээд гаргачихаж. “Ах аа уучлаарай, танаас яриа авъя гэж зөндөө залгаад утсаа аваагүй, аргагүйн эрхэнд ингээд ирлээ” гэхэд “Та хоёрт би ярилцлага өгөхгүй. Айлд ирээд хөгшин настай хүнийг ч хүндлэхгүй, ямар хаашаа нөхөд вэ” гээд гэрийн гадаа суув гэнэ. Энэ зуурт “Өсөхөө аваргыг тийрэхэд аймаар өвдсөн үү” гээд асуугаад авчээ. “Өвдөхгүй яахын тэр чинь, нүд харанхуйлаад л явчихаж байгаа. Өөрийн эрхгүй эвхрээд уначихаж байгааг та нар хараа биз дээ” гэж хэлчихээд бас л яриа өгөхгүй гэдгээ өчжээ. Бас дуугүй явчихалгүй “Таныг ам мэх хийсэн гээд байгаа” хэмээхэд “Ам мэхсээд байх юу байхав, барилдаж л байгаа юм чинь” гэв. Гэр дотор нь Баянаа аварга наадмын өндөр даваанд ам мэхэнд унаж байгаа бол бөх биш л дээ” гэдэг үгийг аваргаас асуусан нь тэр. Үүнийг лавшруулах маягтай асуутал “Тийн ш дээ, давахын төлөө бүх юм аа л хийнэ ш дээ” гэснээ мөн л яриа өгөхгүй гээд хөөж туусан байна. “Намайг баашилсан гээд байгаа хүмүүс Өсөхөөгийн тэмээн тавхай шиг хөлөөр өшиглүүлээд нэг үзэхгүй юу, ямар байх нь уу” гэх утга бүхий нөгөө сенсаци үгийг тэгэхэд л Сүхбат аваргын амнаас гаргаж чадсан байдаг. Сонин дээр Баянаа аваргынд болсон үйл явдал хэн хэн боодолтой мөнгө, хөөрөг өгсөн зэргийг нэг бүрчлэн бичээд Сүхбат аваргатай ярилцсан биш хөөрөлдсөн болгож гаргаснаа хэлж, хоёул элгээ хөштөл инээж суув. Бас болоогүй сурвалжлагынхаа төгсгөлд аврагдаа олон жил дараалан түрүүлэхийг ерөөгөөд үнэнхүү шүтэн бишрэгчийн хувиар үзсэн дуулснаа таны фанатуутай хуваалцахгүй байж чадсангүй хэмээн аргадсан гэж байгаа.

Хархүүгийн Мандахбаярынд өнжсөн маань ийм л нэг инээд наргиантай яриа хөөрөөгөөр үргэлжилсэн юм. “Хан-Уул” сургуульдаа зургаан жил сурч байж төгссөнөө, хоёр жил болоод зургаан сонины ерөнхий редакторын албатай болж сардаа хоёр сая төгрөгийн цалин авдаг байснаа, 2002 онд “Зиндаа” сониныг “Кёкүшюзан хөгжил сан”-гийн байрны подвальд эхлүүлж байснаа гээд мөн олон зүйлийн талаар ярилцсан. “Зиндаа” сонин хүчээ авч 2004 оны нэгдүгээр сар гэхэд 48 мянган захиалагчтай болж “Зиндаагийн Мандахбаяр” гэдэг нэр домог болж, Солонгосын киноны Ким Духаныг дуурайсан хар драпан пальто, цагаан ороолт, хар шлаяпитай залуу 9911-тэй дугаар барьчихсан ганган хар форд, нүдэн бенц гээд хоёр машин зэрэг унадаг, өнөөх солонгос киноныхоо од шиг мандаж явжээ. “Хар сарнай”-гийн Амараа, Маадай, “Камертон”-ы Болд, Ганаа, дуучин Минжинсор нартай найзалдаг, тэднээсээ ганган, үеийнхэндээ бол тэднээсээ дутахааргүй од нөхөр явсан байна. 2005 он гээд 17 компани, хэвлэл мэдээллээ оруулаад 21 аж ахуйн нэгжтэй босс манаргаж байж. Тэрхүү яриа дундуур нь “Гэнэт баяжих хэцүү биз” гээд асуучихлаа. Шуудхан “Гэнэт баяжих л хэцүү дээ” гээд үнэнээсээ инээж байна. Хадгаламж зээлийн хоршоо байгуулж бүр их мөнгөтэй болсон хүн чинь 2006 оны сүүлээр дампуурч 1200 хүнд 2.7 тэрбум төгрөгийн өртэй үлдсэн гэдэг. “Яг арван жил ах нь өр төлж амьдарсан” гэж үнэнээ өчсөн юм. Эхний зургаан жил бол өр төлөхийн төлөө амьдарсан. Сүүлийн дөрвөн жил бизнесээ босгохын зэрэгцээ өрөө төлөөд л явсан даа гэв. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын үеэр шоронд орчихоогүй боловч оюун санааны хувьд шоронд байсан гэж нэгэнтээ хэлснийг ойлгож байв. “Хүн чинь унаж байж л юмыг мэдэрдэг юм билээ” гэсэн нь хий нь арилсан бөх гэдэг шиг санаа сэтгэлд буусан. “Ах нь дахиад хэвлэлээрээ босч ирсэн хүн шүү” гэж хэлсэн нь аргагүй л цусанд нь байдаг юм байна даа гэж бодогдсон. “Зиндаа” гэх овог нь, алтан титэм нь болсон эл үгэнд л учир байх шиг. Тэрээр 10 жил өр төлж бүр хасахын хасахаас бүхнийг эхэлснийхээ дараа хөл дээрээ тогтох нэг хөшүүрэг нь “Зиндаа.мн” сайт болсон гэдэг. Мөн “залуу.ком” сайтыг хаагдаад байхад нь босгож ирээд нэр бүхий хүнд 51 хувийг нь 800 саяар, 41 хувийг 350 саяар зарж өөр бусад бизнес рүү орсон гээд “дахин сэргэлт”-ийнх нь түүх эхэлнэ. 2017 онд Өмнөговь аймгийнхаа МАН-ын хорооны дэд даргын албыг аваад бүх сумаа бүтэн гурав тойрсон байдаг. Тэгж явахдаа нөгөө цуутай Тосонбумбын тэмцлээ эхэлсэн юм билээ. “Энэ салбарт хайртай, энэ салбарт дуртайн хувьд би өөрийгөө олж авсан. Олон түмэн намайг тэмцэгч гэж харж байна, бид энэ тэмцлийг сэтгүүлчийн буянд олж авсан. Салбарын ажлаа хаяад уул уурхайтай тэмцээд явчихлаа гэж сэтгүүлчид хэлдэг, би тэмцэх ёстой ш дээ. Эх нутгаа хамгаалах гээд энэ тэмцэлд орсон. Микрофоноо бариад Тосонбумба руу явсан. Тэр үед телевизээр цацах боломжгүй байлаа. Ингээд л “Тосонбумбын нулимс” гурван цувралаа сошиалаар цацаж шуугиан болгосон. Тагнуулынхан Ганц худагт гурав хоног хорьсон, ямар ч асуудалгүй зүйл дээр шалгагдаад гарсан. Энэ намайг хурцалсан, улам хэрсүү байх хэрэгтэйгээ ойлгосон. Зохион байгуулалтад орох ёстой, шийдлийг олох ёстой юм байна гэдгийг ойлгож иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарсан. Энэ тэмцлийн төлөө явж байгаа хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах менежмэнтийг хийсэн. Энэ бол ялалтын үндэс суурь нь болсон гэж боддог. Хамгийн том мөнгө эргэлддэг уул уурхайн салбарыг авлига, ашиг сонирхлоос ангид, ил тод болгохгүйгээр Монгол Улс хөгжил ярих боломжгүй” гэж хэлсэн.

Арван жилийн хугацаанд өрөө яс төлж дахин бизнесээ эхлүүлэн, эх нутаг байгаль дэлхийнхээ төлөө амь хайрлахгүй эрмэг зоримог тэмцэж буй түүнээс “Өрийг төлж дуусгадаг болохоос өрнөөс зугтаж,өрийг луйвардаж дуусгадаггүй. Эцсийн зоосоо өгч байж л өрийг дарна. Үүнийг уул уурхай руу увайгүйгээр улайран дайрч байгаа нөхдүүд бодох ёстой. Та нар уулыг ухаад, усыг эргүүлээд, рашаанаар алт угаачихсан ш дээ, энэ байгаль ээжийн өрцийг нь цоолоод элгийг нь эмтлээд алтыг нь аваад идчихсэн ш дээ. Түүнээс үр хүүхэд, удам судар чинь идэж байгаа ш дээ. Энэ өр заавал төлөгдөнө гэдгийг бүү мартаарай” гэж хэний ч сэтгэл сэрдхийхээр хэлсэн айхтар үгийнх нь талаар асуухад, “Байгалийнхуулийгхэн ч сөрж чадахгүй. Тиймээс уул уурхайг хариуцлагатай, байгальдаа ээлтэй, хүн арддаа өгөөжтэй хэлбэрээр эрхлэн явуулах ёстой. Үүний төлөө л бид тэмцээд байгаа юм” хэмээн тодорхой хариулсан юм. Түүнчлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Алтан ууланд хууль бус үйл ажиллагаа явуулж, Торомхоны нүдний рашааныг ширгээн, уулын сайрыг хусч алт угаасан, малчдыг өвөлжөөнөөс нь хөөсөн БНСУ-ын100 хувийн хөрөнгө оруулалттай “АГМ майнинг” ХХК-ийн талаарх мэдээлэл, шаардлагыг БНСУ-ын элчин сайд Ли Ё Хунд өөрийн биеэр гардуулж өгснийг, мөн 2022 онд болох Дэлхийн сэтгүүлчдийн XXXI Их хурлыг хүлээн авах шалгаруулалтад 20 гаруй оноос Монгол Улс сүүлийн гуравт тунаж үлдээд буй тухай, Монголын сэтгүүл зүй, монгол сэтгүүлч тэгж л дэлхийн тавцанд тодорно гэдгийг түүний сэтгүүлчдийн байгууллагыг толгойлж ажиллахдаа том зорилтынх нь нэг байсан зэргийн талаар ярилцлаа. МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр ажилласан байгаль хамгаалахын төлөөх тэмцэл хөдөлгөөнд оролцсон дээрх хугацаанд хатуу итгэл үнэмшил олж авсан нь сэтгүүл зүйг хараат бус болгох. Монголын сэтгүүл зүйн хараат бус байдал алдагдсан гэж тэрээр шуудхан хэлдэг. Тиймээс “Хариуцлагатай уул уурхай, хараат бус сэтгүүл зүйн төлөө зүтгэнэ” гэж олны өмнө бардам зарласан нэгэн. “Би багаасаа аавынхаа уран тансаг шүлгүүдийг уншиж, цээжилж хөдөөгийн агь ганга, таана хөмүүл ханхалсан монгол найргийг амталж өссөн. Миний мах цус эд эс, оюун бодолд үндсэрхэг чанар байгаа. Аавын тэр уран тансаг зүйрлэлтэй шүлэг, үг өгүүлбэрүүд миний эд эс бүхэнд шингэсэн. Тэрхүү шүлгийн амь амьсгалаар дамжаад бага балчраасаа нутагтайгаа, халуун говьтойгоо сүлжигдэж нэгэн цул болсон” гэж хэлсэн түүнд говийнхоо уул ус, ургамал, амьтдыг хамгаалах бүр нэг зүрхнийх нь тангараг байдаг гэлтэй.

Ер нь тэгээд эх оронч гэдэг ойлголт хүмүүн гэгчид шүлэг найргаар, ном бүтээлээр оюун санаанд нь хадагдаж дархлагддаг юм байна гэдгийг Мандахбаяр сэтгүүлчтэй уулзаж суухдаа бодож байсан. Ердөө хоёрдугаар ангийн сурагч байхдаа хамгийн олон ном уншсан хүүхдээр тодорч, аймагтаа аваргалж, “Хорвоотой танилцсан түүхээс”-ээс авахуулаад “Зөвлөлтийн зохиолчдын шилдэг туужис”, “Цаазын тавцан”, “Цагаан бээлий” гээд дэлхийн сонгодгуудыг уншсан тэрээр зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, багшийн гэр бүлд төрж, номыг дээдэлж өссөнөөрөө юунаас ч илүү бахархдаг.

“Танай гэр тэр чигээрээ монгол ханхалсан айл байна даа” гэхүйд “Миний дүү аавын минь “Тос даасан монгол айл”, “Амгалан цэнхэр хөдөө”, “Хайрын дулаан хорвоо” гээд олон номыг нь мэднэ дээ, тийм ном бүтээсэн найрагчийн голомтод өссөн хүн ийм болдог юм билээ” хэмээн хэлэв. Тиймийн учир өнөө сүр дуулиантай, монгол ахуйг жинхэнэ утгаар нь гаргасан хуримынх нь тухай ч сонирхохыг хүссэнгүй. “Унаган төрхөөрөө хадгалагдаж үлдсэн байгаль эх л Монгол Улсыг дэлхийд хамгийн үнэтэй болгоно, нүүдлийн соёл иргэншил, нүүдлийн мал аж ахуйгаа энэ хэвээр нь хадгалж үлдэх хэрэгтэй” гээд савлхийвэл хэлээд байдаг нь ийм учиртай байх нь. Монголын нийгэмд, цахим орчинд багагүй шуугиан тарьж, олны нүдэнд ил байгаа Хархүүгийн Мандахбаярынд өнжсөн тэмдэглэлээ цухасхан хүргэхэд ийм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр: “Та бидний эвсэл” ардчиллыг сэргээж шударга ёсыг тогтоох их үйл хэргийг бүтээнэ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ярилцлаа.


-УИХ-ын Сонгуулийн хуулийн дагуу нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж зарлалаа. Танай нам ямар шалгуураар нэр дэвшигчдээ сонгов?

-Хуулийн хугацаанд багтаж 76 нэр дэвшигчээ тодрууллаа. “Та бидний Эвсэл”-ийн хувьд МАХН, ИЗНН, МУНН гэсэн намууд тус тусдаа тухайн намд ногдсон квотын дагуу нэр дэвшигчдээ тодруулж “Та бидний Эвсэл”-ийн удирдах зөвлөл өнгөрсөн бямба гаригийн шөнийн 24 цагаас өмнө нэр дэвшигчдээ эцэслэн баталлаа. Нэр дэвших боломжийн олон хүн судаллаа. Улс төрд хүч үзэх шинэ залуу хүмүүс, улс төрд өмнө нь ч зүтгэж байсан, одоо ч зүтгэж, идэвхтэй ажиллаж байгаа хүмүүсээс бүрдсэн хүчирхэг баг нэр дэвшлээ. Ард түмэн маань МАН, АН-ын аль нь ч хэрэггүй гэдгийг ойлгосон. Одоо тэдний оронд гарч ирээд хоног хугацаа алдалгүй шууд ажилдаа эзэн болоод аваад явах чадвартай баг нэр дэвшлээ. Хамгийн гол нь ард түмэнтэйгээ хамт МАН, АН-ыг ялаад амласнаа хэрэгжүүлж чадах, хэлсэндээ хүрэх багийг бүрдүүллээ. Манай багт итгэж болно.

-Таны хувьд хэдэн сонгууль өнжсөний эцэст Баянгол дүүрэгт нэр дэвшихээр боллоо. Сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна?

-Намайг 12 жилийн турш нэр дэвшихийг хааж боолоо. Ард түмэн МАНАН-г үнэхээр үзэн ядаж байгаа. МАНАН-гийн нэр хүнд унасан учир МАН, АН-ынхан МАНАН-тай тэмцэж байгаа юм шиг жүжиглэж сонгогчдыг төөрөгдүүлдэг муу аргатай болсон. Үнэн хэрэгтээ МАНАН хэвээрээ байгаа. МАНАН бол Монголын улс төрийн коронавирус мөн. Одоо МАН ба АН-ын нэр дээр хэн ч нэр дэвшсэн сонговол манай улс төрийн коронавирус арилахгүй улам олон хүнд халдварлана. Монголын улс төрийн систем эрүүл саруул болохгүй. МАН ба АН хоёр урьдчилан тохироод энэ сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулна гээд тохирчихсон гэх яриа ч дуулдаж байна лээ.

-Энэ удаагийн УИХ-ын сонгууль дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Илүү хянамгай,зохион байгуулалт сайтай байж сонгуулиа явуулах байх. Сонгуулийг цаг хугацаанд нь явуулах нь зөв гэж бодож байна уу?

-Угтаа шударга сонгууль явуулъя гэвэл сонгуулийг хойшлуулах ёстой. Ард түмнийхээ эрүүл мэндийг бодож байгаа бол сонгууль хойшлуулахаас өөр аргагүй. Одоо бараг 100-гаад хүн өвдчихсөн байна шүү дээ. Жижиг дунд бизнесийнхэн хямралыг харьцангуй бага гарз хохиролтой давж туулахад нь тусалъя гэвэл сонгуулийг хойшлуулах ёстой. Гэхдээ МАН-ынханд ард түмнээ гэсэн сэтгэл байхгүй болоод удаж байгаа. Одоо МАН-ынхан коронавирусээр далимдуулж бүх хөдөлгөөнийг хориглож хяналтандаа авчихлаа. Жишээ нь, саяхан СЕХ-нд “Та бидний эвсэл”-ийн бичиг баримтыг хүлээлгэн өгчихөөд, гадаа нь сонгуульд оролцох болсон тухайгаа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлж ярилцлага өгч байтал МАН-ынхан цагдаа хүмүүсийг энгийн хувцас өмсүүлж бидэн рүү дайруулсан. Цагдаа өмдтэй, дээгүүрээ энгийн хувцастай хүмүүсийг явуулж тэд нар нь бид нар гээд арав хүрэхтэй үгүйтэй хүмүүс нэг нэгнээсээ зайтай зогсож байхад “Хөл хорьсон байхад нэг газар олуулаа цугларсан байна, баривчилна, саатуулна” ч гэх шиг, ийм байдлаар санаатайгаар өдөөн хатгаж хэрүүл маргаан үүсгэсэн. Нийгмийг айдаст автуулж, хэнтэй ч уулзаж болохгүй хэмээн хориглож байгаад өөрсдөө болохоор зузаан зузаан тайлан тарааж байна. Луйвардаж идсэн мөнгөөрөө хэвлэсэн ажлын тайлан нэртэй асар үнэтэй зузаан зузаан сэтгүүл тарааж байгаа юм. Тайлангийнх нь нийт үнийг бодвол бараг зуу зуун ажлын байр бий болгох хэмжээний мөнгөөр тогложээ. МАН 2016 оны сонгуулиар амласнаа хэрэгжүүлээгүй гэж ард түмний олонх нь үзэж байгаа учир худлаа тайланг унших хэрэггүй нь. Хогийн сав руу чулуудах хэрэгтэй. Нэр дэвшигчидтэй нь хамт. Харин та бид болохоор ямар ч бичиг цаас тарааж болохгүй юм гэнээ, тэгэх юм бол Сонгуулийн хууль зөрчинө гэнэ. Үнэн хэрэгтээ тэд ажлаа тайлагнаж байгаа нэртэй улайм цайм сурталчилгааны материал тарааж байна шүү дээ. Ийм шударга бус зүйл байж болох уу. Эдийн засаг хүнд байдалд орчихсон байхад төр засгийн байгууллага, албан тушаалтнууд арайчүү хөдлөхчөөн болж, бараг л хувийн халааснаасаа хүмүүст мөнгө гарган өгч гийж байгаа юм шиг аашилж байна. Ийм шударга бус сонгууль хийвэл мэдээж МАН-д ашигтай. МАН шударга сонгууль хийхээс үнхэлцгээ хагартал айж байна. МАН-ынхан энэ бүхнийг мэдэж байгаа, тийм учир өөртөө ашигтай байдал бий болгож сонгууль явуулахаар зүтгүүлж байна. Гэхдээ МАН-ынхан ингэж улайрах тусам ард түмэн маань нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа байх. Тэгээд МАН-ын хэн ч байсан МАН бол биш гэсэн ухаалаг сонголт хийх байх. Тухайн хүн нь сайн байж болно. Гэхдээ МАН гэдэг байгууллага өөрөө ялзарчээ. Хуучин торхонд сүү хийвэл гашилна. МАН-д орсон хүн эвдэрнэ. Энэ бол амьдралын олон жилээр батлагдсан үнэн. МАН ба АН-ын хүмүүсийг дахин дахин сонгохгүй байх ухаан, ухамсрыг үзүүлэх биз ээ.

-Өнгөрсөн хугацаанд МАН-ын толгойлсон парламентыг та хэрхэн дүгнэх вэ?

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН 60 тэрбум, ЖДҮ, хүчингийн хэрэг, хүн амины хэрэг, мөрийтэй тоглоом, байгалийн баялгийг явцуу ашиг сонирхолтой бүлэг хүмүүс хуйвалдан хувааж авсан зэрэг олныг бухимдуулсан олон хэргийн эзэн боллоо. Бараг өдөр бүр биш гэхэд сар бүр нэг муухай юм болж байна ш дээ. Одоо энэ бүхнийг таслан зогсоох цаг болсон. Ард түмэн МАН-ынханд хандан та нар энэ удаа өнж гэж хэлэх цаг болсон. Зөөлөн хэлбэл шүү дээ. Харин хатуу хэлнэ гэвэл луйварчид шүүхээр орж гэм буруутай эсэхээ тогтоолгох цаг ирсэн гэж хэлэх ёстой. Сонгууль шударга болох эсэх тухай яриагаа үргэлжлүүлбэл хэвлэл мэдээллээр гарч байгаагаас үзэхэд МАН зарим намыг санхүүжүүлж АН-ын эсрэг турхирч, эсхүл МАХН-ын тэргүүлсэн “Та бидний эвсэл”-ийн саналыг хагалах, хуваах зорилготой бохир үйл ажиллагаа явуулж байна.

-Таны хүү энэ сонгуулиар СХД-т нэр дэвшихээр болсон. 2016 оны сонгуулиар тэр тойрогт таны эхнэр нэр дэвшиж байсан байх аа…

-2016 онд МАНАН-гийнхан намайг нэр дэвшүүлээгүй. Тийм учир сонгогчдын са-налаар Цолмон маань Сонгинохайрханд нэр дэвшсэн. МАН-ынхан сонгууль луйвардаж “Капитал” банкны эмэгтэй сонгогдсон. Ийм буруу сонголтоос болж улс орон, ард иргэд, тэтгэврийнхэн маань олон зуун тэрбум төгрөгөөр шууд хохирлоо.

Сонгинохайрханыхан маань тэр үед саналаа луйвардуулснаа сайн ойлгосон. Тэд Ц.Цолмон, эсхүл Э.Батшугар хоёрын аль нэгийг нэрээ дэвшүүлээч гэсэн. Сонгогчдынхоо саналыг хүлээн авсан гэсэн үг. Хамтдаа энэ сонгуулийг шударга сонгууль болгоё гэж зорьж байгаа.

-Нэр дэвшигчдээс мөнгө авахгүй сонгууль зохион байгуулах боломжтой юу. Наанадаж л сурталчилгаандаа ажиллуулж байгаа хүмүүст мөнгө өгнө шүү дээ. Түүнчлэн машин унаа бензин гээд мөнгө төгрөг зарцуулагдана биз дээ. Танай эвсэл санхүүжилтээ хэрхэн босгож байгаа вэ?

-МАН сонгуульд нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй гэж байгаа нь худал. Цаагуураа хулгай хийж байна гэсэн үг. Ухуулагчдаа ядаж санхүүжүүлнэ ш дээ. Аудитын байгууллагаас тойрог бүрт зарцуулах мөнгөн дүн гарсан. Үнэн хэрэгтээ МАН энэ мөнгийг хэд нугалж зарцуулж байгаа нь тодорхой. АН нэр дэвшигчдээсээ тус бүр 100 сая төгрөг татаж байгаа нь зарчмын хувьд буруу. Гэхдээ АН, МАН-аас хэд дахин дутуу мөнгөтэй нь бас ойлгомжтой. Хэл ам татаад байгаа нь АН мөн ч үнэн хэрэгтээ хамгийн их хулгай хийж байгаа нь МАН.

-Сонгуулийн санхүүжилт, зардлыг ил болгох тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Ард түмэн төрд сонгосон хүмүүсээ шударгаар ажиллаасай гэж хүсдэг. Гэтэл нөгөө хүмүүс нь хувийн компанийн мөнгөөр сонгуульд орж, эргээд тэр компанидаа өөрт нь өгсөн мөнгийг хэд дахин нугалж өгөхийн тулд зүтгэдэг. Ард түмэнд 20, 30 мянган төгрөг өгч саналыг нь худалдан авдаг. Дараа нь 20, 30 тэрбумаар нь тэр хувийн компанитайгаа хуйвалдан хувааж иддэг. Энэ байдлыг засах шаардлагатай. Ард түмэн өөрийнхөө төлөөлөгчдийг сонгож байгаа юм бол өөрийнхөө татварын мөнгөөр сонгуулийг санхүүжүүлж шударга сонгууль явуулах ёстой. Эс тэгвээс төр засаг хувийн компанийн мөнгөөр байгуулагдаж эргээд тэр хувийн компанидаа үйлчилнэ. Шударга бус сонгууль хулгайчдыг төрүүлж байна. Сонгуулийн тогтолцоо нь өөрөө буруу юм. Ер нь өнөөдрийн тогтолцоо нь хулгай хийхэд зориулагдсан. Ямар сайндаа бизнес хийж байгаа хүмүүс амархан аргаар хагартлаа баяжиж болно гэж харчихаад, зарим нь бүр идэж уухын дон тусчихаад төр засагт шургалах гэж, эсхүл өөрийн хүнээ шургалуулах гэж, эсхүл төр засагт орсон хүнийг мөнгөөр худалдан авч өөртөө үйлчилдэг үнэнч гөлөг болгохын тулд ямар ч хамаагүй аргаар сонгуулийг өөртөө ашигтай болгох гэж улайран зүтгэж байна. Саяхан Т.Бадамжунай, О.Баасанхүү нарын ярианы бичлэг цацагдлаа. Үнэн юм хэзээ нэгэн цагт ил болдог. Наанаа шударга юм яриад цаанаа ийм л өрөвдөлтэй амьтад төр засгаар, намаар тоглоод явж байдгийн бас нэг жишээ. Бадамжунайтнуудын гар хөл болсон туршуул, тагнуул, хүүхэлдэйнүүд МАН, эсхүл АН-аас энэ сонгуульд нэр дэвшсэн байх шүү. Болгоомжтой байх хэрэгтэй. Ийм гаж тогтолцоог МАН, АН хоёулаа хадгалж улам өөгшүүлэн дэвэргэж байна. “Та бидний эвсэл” зөвхөн ард түмэндээ өртэй, ард түмэндээ үйлчилдэг, хээл хахуулиас ангид, шударга ёсонд захирагддаг төр засгийг байгуулъя гэсэн саналтай байгаа. Ийм тогтолцоо руу шилжээгүй цагт ард түмний амьдрал улам доройтоно.

-Энэ жилийн хувьд урьд урьдынхаас бие даагчид их нэр дэвшиж байна. Тэгэхдээ хэн нэгнийг онилж, тойрогт нь дэвшинэ гэх юм. Нэг талаар өс хонзонгийн сонгууль болох нь уу?

-Би тэр тойрогт очиж тэрийг амлаж авна гэх зүйл ярьж байгаа нь нэг талаас нь харвал шүүмжилмээр ч юм шиг. Нөгөө талаас нь харвал цаад хүн нь ямар ихээр хүмүүсийн дургүй хүргэсэн этгээд вэ гэж бодогдоно. Уг нь өс хонзон авахын тулд бус харин эрүүл саруул зүйл хийнэ, бүтээнэ гэдгээрээ уралдаасай гэж бодож байна. АН-аас бие даагч олон гарч байх шиг байна. Энэ нь МАН-д ашигтай. МАН цаанаас нь өөгшүүлж байгаа байх. МАН-аас бас бие даагч нар байна. МАН сурсан бохир аргаараа жижиг намууд, бие даагчдыг санхүүжүүлж АН, эсхүл “Та бидний эвсэл” рүү дайруулах ёс зүйгүй ажиллагаа явуулах вий гэж болгоомжилж байна. Энэ жилийн хувьд сонгогчдын ихэнх нь АН-д ч, МАН-д ч аль алинд нь санал өгөхгүй гэсэн байр суурьтай байх шиг. МАН-ынхан тэр санал МАХН, “Та бидний эвсэл”-д очиж магадгүй хэмээн үнхэлцгээ хагартал айж байгаа учраас бие даагчдыг олноор дэвшүүлж байж болох юм. Сонгогчид МАН, АН хэрэггүй гэж ярьж байгааг энэ хоёр нам бүх намууд хэрэггүй гэсэн яриа болгон хувиргах гэж оролдож байна. Хүнийг нь хараарай гэсэн яриа гаргаж байгаа. Үнэн хэрэгтээ тэр хүнийх нь цаанаа нөгөө МАН, АН хоёр л нуугдаж байгаа шдээ. Энэ хоёр нам нэг удаа өнжлөө гээд ард түмэн хохирохгүй. Хамгийн муугаар бодоход бүх зүйл хэвэндээ үлдэнэ. Сайнаар бодвол бүх зүйл сайн тал руугаа өөрчлөгдөнө. Харин энэ хоёр нам тус тусдаа, эсхүл хамтраад Засгийн газар байгуулбал сайнаар бодоход бүх юм хэвээрээ үлдэнэ. Муугаар бодоход бүр дордоно.

-Танаас улбаалаад Монголын төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс толгой дараалан хууль шүүхийн хаалга татаад эхэллээ. Шүүх эрх мэдэлд хэн нэгэн нөлөөлж байна уу. Та хэрхэн харж байна?

-Би тухайн үед Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарт аль алинд нь хэлж, хэлүүлж байсан. Өнөөдөр намайг хэлмэгдүүлнэ, маргааш өөрсдөө шоронгийн хаалга татна гэж. Би өс хонзон санаж байгаа юм биш. Та нар хууль, шүүхийнхэнд нөлөөлж, үүрэг даалгавар өгч байгаа нь буруу. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унана шүү. Харамсалтай нь тэд нарын хэн нь ч миний үгийг сонсоогүй. Тухайлбал, Ерөнхий прокуророор Дорлигжав ажиллаж байсан. Тэр Сэргэлэн гэдэг залууг ашиглаж миний эсрэг нэхэмжлэл гаргуулсан байдаг. Тэр залуу надад хүнээр дамжуулан хэлүүлсэн байна лээ. “Би өөрөө асуудалтай болсон байхад Дорлигжав прокурор намайг дуудаад “Чамд тусална, харин хариуд нь чи Энхбаярын эсрэг мэдүүлэг бичиж өг, мэдүүлгээсээ ухарч болохгүй шүү” гэсэн. Хууль, шүүхийнхэн хүний сул талыг барьж аваад дарамталдаг юм билээ. Та битгий гомдоорой” гэж хэлүүлсэн байна лээ. Ингэж Дорлигжав худлаа хэрэг үүсгэсэн, Ц.Элбэгдорж 600 цагдаа явуулж баривчилсан. Өнөөдрийн У.Хүрэлсүх, Х.Баттулга, Г.Занданшатар, Ц.Нямдорж гээд хууль, шүүхийн байгууллагыг удирдаад байгаа хүмүүст хэлмээр байгаа юм. “Хууль шүүхийн байгууллагаа ямар нэгэн гадны нөлөөгүй, даалгавар өгдөггүй байгууллага болгоё” гэж. “Шүүх хуулийн байгууллагын томилгоонд оролцохоо больё. Шүүгчдийг ард түмэн сонгох нь зүйтэй” гэж.

-Тэгэхээр шүүгчийг ард түмнээс сонгодог байх нь зөв юм уу?

-Ардчилал бүх зүйлд хамаатай. Ардчилсан ёс бол нэг ёсондоо шударга ёс гэсэн үг шүү дээ. Гэтэл Тэмүүжингийн хэлснээр ардчиллыг шүүхээс салгачих юм бол дарга нараас хараат шударга бус шүүхтэй болно. Шударга бусын хонгил үргэлжилсэн хэвээр байна. Тэмүүжин намайг хэлмэгдүүлэхэд оролцсон хүмүүсийн нэг учир би зориуд анхааруулж хэлж байгаа юм. Би өс хонзон санаагүй, гэхдээ ардчилал ба шүүх хоёрыг эсрэгцүүлсэн буруу ойлголтоосоо сал гэж. Тэгээгүй цагт ийм хүмүүс АН-аас нэр дэвших ч эрхгүй гэж бодож байна. “Албан тушаалтнуудаас хараат, шударга бус шүүхийн төлөө” гэсэн намаа байгуулаад тэрнийхээ өмнөөс нэр дэвшиж болно шүү дээ. Харин шүүх ардчилсан баймааж шударга байна. АНУ-д мужийн шүүгчдийн 85 хувь нь ард түмний сонгосон шүүгч нар байдаг. Хэн нэгний томилсон шүүгч биш, харин нийт ард түмнээс сонгогдсон шүүгч байдаг учир хэнээс ч айхгүй хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг. Тухайлбал, Вашингтон мужийн шүүгч Трамп ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан байдаг.

-Цэцийнхэн таны эсрэг шийдвэрээ хараат байдалд гаргасан гэх гээд байна уу?

-Тийм. Томилогдсон шүүгч аливаа зүйлийг шударга шийдэж чаддаггүй. Заавал томилсон хүнийхээ байр суурийг хардаг. Тэднээсээ захиалга авдаг. Хамгийн энгийн ганцхан жишээ. Сая хүртэл иргэний сонгох, сонгогдох эрхийн асуудал хэлэлцсэн Цэцийн хурал тавдугаар сарын 6-ны өдрийн 14 цаг 24 минутад завсарласан. Цэц ердөө нэг цаг гучин минутын дараа шийдвэрээ танилцуулахдаа бүтэн 16 хуудас материал уншсан. Би бичгийн машин, компьютер дээр текст шивнэ гэдгийг мэднэ. Их хурдан шивлээ гэхэд нэг цаг 30 минутын дотор 16 хуудас материал шивж амжихгүй. Энэ бол зөвхөн шивэхийн тухай ярихад шүү дээ. Гэтэл тэр материалыг шивэхийн өмнө санаа бодлоо солилцож текстээ засах, редакторлах гээд цаг шаардсан их ажил хийнэ шүү дээ. Тэгэхээр яаж ч бодсон Цэцийнхэн нэг цаг гучин минутын дотор 16 хуудас материал боловсруулаад шивээд бэлэн болгосон байна гэж байхгүй. Харин та бидэнд ямар таамаг төрж байна гэхээр саарал ордноос дугтуйтай бичиг, бэлэн шийдвэрийг Цэц рүү ирүүлж, Цэцийн гишүүд тэр бичиг ирэхийг нь хүлээгээд сууж байсан гэсэн таамаг. Ингээд Цэцийнхээр бол хүн алсан, бага насны хүүхэд хүчиндсэн, эх орноосоо урвасан хүн нэр дэвшиж болох юм байна. Харин над шиг хэлмэгдсэн хүн ард түмнээрээ сонгогдох эрхээ бүх насаараа хасуулах нь л дээ.

-Сүүлийн үед ардчилал хэрэгтэй эсэх талаар хүмүүс их ярих боллоо. Ардчиллын тухайд та ямар байр суурьтай байна?

-Тийм шүү. Сүүлийн жилүүдэд Ардчилсан намын нүүр царай болж ирсэн олон хүн ардчиллыг устгах, хараат шүүхийг байгуулах ажлыг хийхэд гар бие оролцлоо. Оролцлоо ч гэж дээ. Бүр манлайллаа. Ард түмэн ч тэднийг хэн нь хэн бэ гэдгийг таньж хурцаар шүүмжилж байна. Ардчиллыг нэг нам, нэг хэсэг хүн өмчилсөн нь анхнаасаа буруу байсан. Одоо ардчиллыг тэд нараас аврах шаардлага бий болсон байна. Яагаад гэвэл ардчилал Монголд хэрэгтэй. Шударга ёс тогтооё гэвэл ард түмэндээ шүүхээ сонгох эрхийг өгөх хэрэгтэй. Ард түмэндээ шударга сонгуульд саналаа мөнгөөр биш, харин шударгаар өгдөг боломжийг олгох шаардлагатай. Ардчилал маш эмзэг. Дахин хэлэхэд сонгох, сонгогдох эрх бол ардчиллын амин сүнс. Шударга сонгууль ардчиллыг бэхжүүлнэ, луйврын сонгууль ардчиллыг устгана. Сүүлийн олон удаагийн сонгууль шударга бус болсон. Тэр болгоноор ардчилал хумигдсан, алдагдсан, устсан.

Ардчилал устахаар ард түмний дуу хоолой, санаа бодол хэрэггүй болно. Явсаар байгаад ард түмэн өөрөө хэрэггүй болно. Ард түмэн хэрэггүй болвол улс орон оршин тогтнох баталгаагүй болно. Гэхдээ шударга сонгууль болвол ардчилал сэргээд л ирнэ. Хогийн ургамлуудаасаа салбал ардчиллын мод бүр сайн ургана. 2020 оны сонгууль шударга сонгууль болж баймааж сая Монголд ардчилал дахин сэргэнэ, ард түмэн ч сэргэнэ, шударга ёс ч сэргэнэ. Ийм учиртай юм. Энэ их үйл хэргийн төлөө “Та бидний эвсэл”-ийн баг тууштай явна.

Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхбадрал: Зуунмод, Майдар сити, Аэроситийг эдийн засгийн хөнгөлөлттэй бүс болгох санал дэмжигдэж байгаа

Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Зуунмод хотын захирагч Г.Мөнхбадралтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Танай сумын хувьд энэ үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Улс орон төдийгүй дэлхий даяараа цар тахлын эсрэг арга хэмжээ авч байна. Дэлхий нийтээрээ ингэж хөл хорионд орж, эдийн засаг хүндэрч байгаа нь шинэ зүйл болж байна. Төрийн байгууллагуудын хувьд гамшиг ослын үед ажиллах төлөвлөгөө гэх мэт зүйл байдаг л даа. Тэр нь голдуу гал түймэр, газар хөдлөлт зэрэг гамшиг, осолтой холбоотой байдаг учир сургалтад сууж, иргэддээ сэрэмжлүүлэг өгөх журмаар ажилладаг байсан. Гэтэл энэ удаад орон нутагт нэлээд онцлогтой байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр аймагт Онцгой комисс байгуулагдсан. Сум болгонд Онцгой комисс байна. Сум бүр шуурхай штаб ажиллуулж байна. Шуурхай штаб нь 24 цагаар байнгын жижүүртэй байж, мэдээгээ авч байна.

Бид эрүүл мэнд, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг нэгдүгээрт тавьж ажиллаж байна. Амны хаалт зүүх, хүн хоорондын зайг баримтлах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийж байна. Манай хот 17 мянган хүн амтай, 5300 орчим өрхтэй учир халдваргүйжүүлэлтийн ажил хийхэд нэлээд хөрөнгө, зардал, цаг хугацаа орж байна. Өнгөрсөн долоо хоногт аймгийн Онцгой комиссоор хөрөнгө мөнгийг нь шийдүүлүүлээд нүхэн жорлонг ариутгах ажил хийлээ. Нийтдээ 2900 гаруй нүхэн жорлон байна. Эдгээр жорлонг ариутгах ажлыг бид долоо хоногт багтааж хийлээ. Аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газрын зөвлөмжтэйгөөр манай сум багуудтайгаа хамтраад энэ ажлыг гүйцэтгэлээ.

Аймгийн төвд тусгай зөвшөөрөлтэй, ариутгалын мэргэжлийн гурван байгууллага байна. 40 гаруй барилгын 90 орчим орцыг ариутгалаа. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг 7-10 хоногийн давтамжтай хийж байгаа.

Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх, таниулах сурталчилгааны ажлыг баг болгон дээр хийж байна. Цагаан хоолойгоор сэрэмжлүүлэг хүргэж байна. Амны хаалт зүүх, гараа тогтмол ариутгах, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг иргэддээ зөвлөж байна. Сумын Шуурхай штаб дээр багш нараас бүрдсэн эргүүлийн баг гаргалаа. Шуурхай штабынхан тоглоомын талбай, олон нийтийн газарт бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тараах арга хэмжээг авч байна. Хүүхдүүд гурав дөрвөөс дээш тоогоор цуглавал очоод анхааруулж сануулж, маск зүүхийг зөвлөж, тарааж байна. Гэх мэтчилэнгээр урьдчилан сэргийлэх ажлуудыг тасралтгүй хийж байгаа.

Зуунмод хот бол нийслэлтэй ойрхон, говиос чиглэлтэй их замын газар. Өмнөговь, Дундговь зэрэг аймгаас ирж байгаа хүмүүс Улаанбаатар хот руу орохоос өмнө Зуунмод хотод буудаллаж, үйлчилгээ авдаг. Энэ утгаараа манай хот хөлийн газар. Тийм ч болохоор урьдчилан сэргийлэх ажилд ихээхэн анхаарч байна. Үүнд ч нэлээд хөрөнгө гарч байна. Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг, тусламж ч ирж байна. Бас Аймгийн Засаг даргын Тамгын газрын нөөц боломжуудаа ашиглаад энэ бүхнийг хийж байна.

-“Ковид-19” халдвараас болоод улс орны эдийн засаг уруудаж, иргэдийн амьжиргаа муудаад байна. Төлөвлөсөн ажлууд ч зогсож, цаашид байдал улам хүндэрч мэдэхээр байна. Танай Зуунмод хотын энэ онд төлөвлөсөн ажлууд хэр явж байна вэ?

-2020 оны төлөвлөгөөгөө өнгөрсөн онд гаргаад ИТХ-аараа батлуулаад ажилдаа орсон. Одоогоор төрийн ажил саатсан юм алга. Энэ онд Сум хөгжүүлэх сан, аймаг, улсын хөрөнгөөр тус тус хийгдэх ажлуудын сонгон шалгаруулалт, тендер нь зарлагдаад бүгд ном журмаараа явж байна. Санхүүжилтийн хувьд оройтох, одоогоор орж ирээгүй тохиолдлууд байна л даа. Энэ нь Засгийн газраас тайлбарлаад байгаа, нүүрсний экспорт саатсантай холбоотой байх. Гэхдээ энэ нь засагдах байх гэж бид харж байгаа. Орон нутгийн хувьд урсгал зардал, тог цахилгааны төлбөр, албан хаагчдын цалингаас бусад зардлуудыг хаачихсан байгаа.

Гэсэн ч бид энэ жил орон нутагтаа бүтээн байгуулалтын олон ажил төлөвлөчихсөн байна. Манзушир хийд хүртэл засмал зам барих зам барилгын ажлын тендер сая зарлагдаад гүйцэтгэгч нь шалгарсан байна билээ. Аймгийн төв дэх “Мон суль” ШТС-ын уулзвараас Манзушир хийд хүртэлх засмал замын ажил одоо эхэлнэ.

Мөн хотын төвд авто замын хэсэгчилсэн зам засварын ажлуудын тендер зарлагдаад явж байна.

Энэ жил Төв аймаг “Чанартай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ”-ний жилийг зарлачихаад байгаа. Иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн, шуурхай хүргэхийн тулд онцгой анхаарч байна. Манай аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд ISO стандартыг хангасан. Сум маань энэ жил энэ стандартад шилжих гээд ажиллаж байна.

Төрийн албан хаагчдын хандлага, соёлоос эхлүүлээд төрийн үйлчилгээ авахаар орж ирсэн иргэн ямар үйлчилгээг хэрхэн хурдан шуурхай авах вэ гэдэгт нэлээд анхаарсан жил болж байна. Иргэн төрийн үйлчилгээг аваад сэтгэл ханамжтай гарах хүртэлх бүх үйл явц энэ стандартад хамаарагдаад байгаа юм. Иргэнийг хөтөч тосч авч уулзана. Жишээ нь, газрын тухай асууж лавлах зүйл байгаа бол сайтаас бүх мэдээллийг нь харуулаад газар авах хүсэлт гаргахад ямар материал бүрдүүлэх тухай мэдээллийг өөрийнхөө цахим шуудан руу илгээж болно. Эсвэл хэвлээд авчихаж болно. Энэ мэтээр шинэ шинэ ажил хийгээд байна.

-Хаврын тариалалтын тухайд. Зуунмод сум хүлэмж олонтой доо?

-Манай Зуунмод сум газар нутгийн хувьд бага, байршлын хувьд өндөрлөг. Хөрсний шимийн хувьд бусад сумдтай харьцуулахад бага л даа. Гэхдээ тариалалтын ажил эхэлсэн. Өрхийн тариалалт эхэлж, хүлэмжийн тоо нэмэгдээд байна. Хүлэмжийн тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Түүнтэй холбоотой худаг гаргах айлуудын тоо ч өслөө. Өөрийнхөө 0.7 га газартаа хэрэгцээний ногоо хурааж авч, илүүг нь борлуулж ашиг олдог өрхүүд нэмэгдэж байна. Энэ жил Зуунмод сум “Монгол ногоо” төсөлд хамрагдсан. V баг буюу Нацагдорж багийн нэг гудамжны арав гаруй айл бүхэлдээ энэ төсөлд хамрагдаад тариалалтаа эхлүүлж байна. Төслийн зохицуулагч, сургагч багш нар нь ирж иргэдэд сургалт хийгээд явж байгаа. Хүлэмжнээс эхлүүлээд багаж хэрэгсэл өгч, ногоо тарих арга техникийг бүхлээр нь зааж өгөх ийм төсөл. Бидний зүгээс айлуудаа зохион байгуулж, худаг усных нь асуудлыг шийдэж байгаа.

Хэдий манай сум жижиг газар нутагтай ч өрхийн хэрэгцээний ногоо тарих ажлыг ихэд дэмждэг. Жилээс жилд тариалалт, ургацын хэмжээ өсч байгаа.

Бүх нийтээрээ мод тарих ажлын хүрээнд орон нутгаараа хөдөлж байна. Сумын Засаг даргын албан даалгавар, захирамж гарч байгууллага, аж ахуйн нэгжүүдийн зураглалыг гаргасан. Зураглалд тухайн байгууллагын мод тарих боломжтой талбайг судалж, хичнээн мод таривал зохихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөн. Ингэхдээ аймгийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны албатай ярилцаад хотынхоо төвд 2300 гаруй суулгац тарихаар болж, тэдгээр суулгацуудаа байгууллагуудад үнэгүй тарааж, тариулна. Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, Хот тохижуулах газартайгаа хамтраад хоёр метр ба түүнээс дээш өндөртэй нарс модыг мэргэжлийн байгууллагатай нь гэрээлээд хотынхоо төв гудамжаар тарихаар тогоог нь ухаад бэлтгэл ажлыг хийж эхлээд байна. Мод тарихаас илүүтэй түүнийг арчилж ургуулах нь чухал байдаг. Бид усалгааны асуудлыг давхар шийднэ. Энэ жилийн цаг агаарын төлөв мэдээгээр нэлээд хуурайшилттай байхаар байна. Манай сум түймрийн эмзэг бүсэд ордог. Их хуурайшилттай. Богд ууланд зорчихыг түр хориглочихоод байгаа. Богд уул, Манзуширын хийд чинь Хан-Уул дүүргийн нутаг юм шүү дээ. Хотод нийслэлийн Засаг даргын захирамж гарахад энд Манзуширын хийд рүү болон бусад ам руу нь ороход тус захирамж үйлчилдэг гэсэн үг. Зургадугаар сарын нэгэн хүртэл ногоон бүс рүү орохыг хориглочихсон байгаа.

-Зуунмод хотын иргэд, оршин суугчдын зүгээс ямар хүсэлт, саналыг голчлон тавьдаг вэ?

-Дэлхийн банкнаас санхүүждэг Тогтвортой амьжиргаа төсөл гэж бий. Энэ төслийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ажлууд хийдэг. Монгол Улсын хэмжээнд хүн амын нягтаршил, газар зүйн байршлаасаа хамаарч хөрөнгө нь төсөвлөгдөхдөө харилцан адилгүй байдаг. Манайд жилд 40-50 сая төгрөг төсөвлөгддөг байсан бол энэ жил 109 сая төгрөг энэ сангаар дамжиж ирж байна. Мөн үүн дээр сумын давсан орлогоо нэмээд 200, 300 саяар ажил үйлчилгээ хийгддэг. Ингэхдээ иргэдээс санал авдаг. Дараа онд хийгдэх ажлыг тухайн оныхоо тавдугаар сард багтаан багийн Иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцээд гарсан саналуудыг эрэмбэлдэг. Оны эцсийн хуралд нийт багаас ирүүлсэн саналуудыг дахин эрэмбэлээд ирсэн хөрөнгөнд нь хуваарилаад тэгээд ажил хэрэг болгодог зарчимтай.

2020 онд нийтдээ 218 сая төгрөгөөр ажил хийнэ. Иргэдээс тоглоомын талбай, гэр хороололд худаг усны асуудал, ухаалаг худаг, гэрэлтүүлэг, явган хүний зам, үерийн далан шуудуу татуулах, зам, гүүр янзлуулах зэрэг санал ирсэн. Энэ ажлуудыг дээрх хөрөнгөндөө багтааж хийнэ. Сумын хурлаараа энэ асуудлыг хэлэлцэж, зургаан багтаа хувааж зарцуулна.

-“Майдар сити, Aэросити хөгжих суурь бааз нь Зуунмод хот байх болно” гэж та өмнөх ярилцлагадаа онцолж байсан. Тэр утгаараа танай хот анхаарлын төвд байгаа. Үүнтэй холбоотойгоор ялангуяа бизнесийн байгууллагууд Зуунмод хотыг сонирхож байгаа байх?

-Ер нь сонирхож байна. Зуунмод хот бол анхаарлын төвд байгаа. Нийслэлийг 2030, 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хамрагдаж орж явдаг. Нийслэлд Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Цаашид жил ирэх бүр хүн ам нь нэмэгдэнэ гэж үзвэл даац нь хэтэрнэ. Тэгэхээр дагуул хотыг хөгжүүлье гэж яриад байгаа юм. Нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гаргахаар дагуул хотуудыг хөгжүүлэх шаардлага тулгарна. Тэгвэл дагуул хотуудыг эдийн засгийн хөнгөлөлттэй бүс байлгавал ямар вэ гэдэг санал нэлээд дэмжигдээд байгаа. Засгийн газрын тогтоол дээр Зуунмод, Майдар сити, Аэроситийг эдийн засгийн хөнгөлөлттэй бүс болгох саналыг судалж оруулж ир гэж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотоос үйлдвэр, үйлчилгээгээ Зуунмод хотод салбарлуулаад татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Хэрвээ нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу дээрх санал дэмжигдээд энд аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрүүд байгуулагдахаар болвол хүн амьдрах таатай нөхцөл, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ хүрэлцээтэй байх ёстой болно. Үүнд ч төрийн бодлого, нийслэлийн бодлого чиглэх хэрэгтэй болж байгаа юм. Бид ч энэ төлөвлөгөөний дагуу өнгөрсөн дөрвөн жилд уг асуудалд анхаарал хандуулж, Зуунмод суманд дулааны цахилгаан станц барихаар болоод байна. Солонгосын Exim банкны хөрөнгөөр арван аймагт дулааны цахилгаан станц баригдаж байгаа. Ирэх 10 дугаар сард тендер нь задарна. Энэ станцыг шинэ суурьшлын бүсэд барина. Хотод шинээр баригдсан театр, авто вокзал, ЗХЖШ-ын байр энэ бүгд бол шинэ суурьшлын дэд төлөвлөгөөний дагуу баригдсан юм. Шинэ суурьшлын бүсийнхээ дулааны асуудлыг шийдчихэж ингэж байна. Хоёрдугаарт цэвэр усны нөөцийн сангийн байгууламжийн 6.7 км шугамыг солиод 4000 куб/метр болгож багтаамжийг нь нэг дахин өсгөчихөөд байна. Энэ нь цаашид Зуунмод суманд өндөр барилга барих боломжийг нь нээгээд өгчихөж байгаа юм.

Зуунмод хотод төрийн болон бизнесийн байгууллагууд орж ирснээр төсөвт маш их мөнгө өгч байна. Миний хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг учир үүнд анхаарал тавьж, судалдаг. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад ороогүй байгаа хэрнээ аймгийн төсөвт жилд 4.5 тэрбум төгрөгийн татвар төлчихөөд байх жишээний. Зуунмодын Хот тохижуулахын газрынхан маань тэднийхтэй гэрээ хийж, гаднах зам талбайн цэвэрлэгээг хариуцаад сард 2-3 сая төгрөгийн төлбөр авч байна. Ашиглалтад ороогүй байгаа газар жилд 4.5 тэрбум төгрөгийг татварт өгч байна гэдэг бол нэг аймгийн хэмжээнд бол том тоо шүү. Бүрэн утгаараа ажиллаад ирвэл энэ тоо улам нэмэгдээд ирэх болно. Энэ мэтээр ямар нэгэн хөрөнгө оруулалт орон нутагтаа өгөөжөө өгч байна. ЗХЖШ байгуулагдсанаар олон хүн ажлын байраар хангагдаж байна.

Налайх, Зуунмодны нутаг дэвсгэрийн зааг дээр сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэр байгуулагдахаар газар авчихлаа. Тэр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1500 хүн ажиллана. Одооноос манай аймгаас хэдэн хүн тэдэнд ажиллах вэ гээд судалгаа хийгээд явж байна. Үүнийг дагаад Зуунмод хот маань түүхий нүүрснээс татгалзаад сайжруулсан түлш хэрэглэх хэлбэр рүү шилжихээс өөр аргагүй болно. Иргэд ч багийн хурал дээрээ энэ асуудлыг хөндөж ярьж эхэлсэн.

Сүүлийн үед аймаг, орон нутагт төдийлөн байдаггүй үйлчилгээний газрууд ч нэмэгдэж байгаа.

-Жишээ нь?

-Сүлжээ дэлгүүр, фитнесс, бүжиг, йогийн сургалтууд нэвтэрч эхэлж байна. Манай хот түрээсийн хувьд таатай бололтой юм. Ингэхээр бид яалт ч үгүй дахин төлөвлөлт хийхээс аргагүй болж ирж байна. Дийлэнх барилгууд насжилт өндөртэй, хүн амьдрахад хүндрэлтэй, засвар хийгээд тордлогоо авахгүй болсон. Дахин төлөвлөлтийн ажлыг бид энэ жил эхлүүлж чадлаа. Хотын төвд байсан Үйлдвэрчний эвлэлийн нэг давхар барилгыг дахин төлөвлөлтөд оруулж, таван давхар болголоо. Хүнсний үйлдвэрийн гэх тодотголтой хуучны байшингуудыг дахин төлөвлөлтөд оруулаад явж байна. Энэ мэтээр дахин төлөвлөлт, ирээдүй рүүгээ харсан ажлуудыг хийж байна.

Categories
мэдээ цаг-үе

ОХУ-ын иргэн Георгий азаров эцэг нэгт монгол ахаа хайж “Өдрийн сонин”-д хандлаа


Георгий Азаров аавынхаа хамт. 2020 оны хоёрдугаар сар

ОХУ-ын иргэн Георгий Азаров “Өдрийн сонин”-д хандлаа. Тэрээр эцэг нэгтэй төрсөн ахыгаа хайж байгаа юм байна. Түүнтэй цахимаар ярилцлаа.


-Төрсөн ахыгаа хайсан шалтгааныг тань асуухаас өмнө яагаад манай сониныг онцолж хандах болов гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлье?

-Ахынхаа тухай олж авсан мэдээлэл маань маруухан учраас сониноор дамжуулж зар тавья гэж бодсон юм. Интернэтээр танай улсын хэвлэл мэдээллийн талаар судалж үзсэн л дээ. Тэгээд л танай сониныг Монголдоо хамгийн нэртэй тэргүүлэгч гэдгийг мэдсэн. Ийм учраас хандсан юм.

-Георгий таны манай сонинд гаргуулсан зар дээр ахынхаа ээж Долгорсүрэн гэх эмэгтэйн талаар дурдсан байсан. Үүнээс өөр тодорхой мэдээлэл бий юү?

-Би танай сонинд бичсэнчлэн эцэг нэгтэй ахыгаа хайж байгаа юм. Аав маань Вячеслав Азаров гэж хүн бий. 1960-аад онд хуучин ЗХУ-ын үед Монголд томилолтоор очиж ажиллаж байсан хүн л дээ. Улаанбаатарт авто засварын заводод ажиллаж байсан юм билээ. Тухайн үед Монголын залуу үеийнхэнд авто засварын талаар сургаж заадаг байсан гэсэн. Одоо аавын минь шавь гэх хүмүүс 70 орчим насныхан байгаа болов уу. Аав маань одоо 82 настай. Тухайн үедээ Долгорсүрэн гэдэг эмэгтэйтэй танилцсан гэж ярьдаг юм. Тэр эмэгтэй авто засварын газарт диспетчерээр ажиллаж байсан гэсэн. Насны хувьд ааваас арай эгч байсан гэсэн. Ойролцоогоор 1934 оных юм уу даа. Тэдний хооронд тийм оргилуун харилцаа үүсээгүй бололтой санагддаг. Тэр эмэгтэй үр хүүхэдгүй, хүүхэдтэй болохыг ихэд хүсч байсан гэсэн. Аавын ярьснаар тэр эмэгтэй нэлээд хангалуун амьдралтай айлаас гаралтай, дутагдах юмгүй боломжийн амьжиргаатай хүн байж. Долгорсүрэн гэх тэр эмэгтэй 1968 оны гуравдугаар сард аавын минь хүү буюу миний ахыг төрүүлсэн юм билээ.

-Аавд тань Долгорсүрэн болон тэр үетэй холбоотой зураг байдаг уу?

-Байхгүй.

-Ахтай гэдгээ анх хэзээ мэдсэн бэ?

-Ээж маань 2018 онд хорвоог орхисон юм. Тэрний дараа аав минь Монголд хүүтэй гэдгээ хэлсэн. Аав ээжийн сэтгэлд юм хийхийг хүсээгүй учраас бидэнд огт дурсдаггүй байсан юм билээ. Надад нэг эгч бий. Аав маань монгол хүүгээ огт харж байгаагүй. Учир нь тэд харилцаж байгаагүй юм байна лээ. Хүүгийнхээ нэрийг ч мэдэхгүй байгаа нь ийм учиртай.

-Таныхаар, тэр монгол залуу та нарыг мэдэх болов уу?

-Миний төрсөн ах намайг байдаг гэдгийг мэднэ гэдэгт тийм ч итгэлтэй биш байна. Магадгүй Долгорсүрэн гэж эмэгтэй аавын маань талаар ярьсан байж болох. Гэхдээ мэдэхгүй байна.

-Та ер нь олон нийтийн сүлжээгээр хайж олохыг оролдож үзсэн үү?

-Би Долгорсүрэн гэх эмэгтэйг интернэтээр хайж үзсэн. Түүнтэй адил нэг хүнийг олсон. Гэхдээ тэр гэхэд итгэхэд хэцүү. Миний олсон тэр эмэгтэй 2010 онд бурхан болсон юм байна лээ. Би Монгол дахь хүн ам зүйн судалгааг сонирхож үзсэн. Улаанбаатарт 1968 оны гуравдугаар сард төрсөн 400 орчим эрэгтэй байдаг юм байна лээ. Тэд өдгөө амьд байгаа бол 52 настай хүмүүс бий. Би ер нь нийтийн сүлжээ нэг их ашиглаад байдаггүй л дээ. Тийм болохоор амжилт олохгүй яваа байж мэдэх юм.

-Ахыгаа хаанаас олж болох талаар танд өөр хувилбар байна уу?

-Хоёр л шинжээр хайх болов уу даа. Төрсөн он, сар нь ойролцоогоор 1968 оны гуравдугаар сар. Нөгөө нь түүний ээж Долгорсүрэн. Хэрэв ах маань амьд сэрүүн бол энэ ярилцлагыг харах байх. Магад тэр хараад хэний тухай ярьж байгааг ойлгох болов уу.

-Танд энэ талаар өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Цус нэгтэй монгол ахтайгаа уулзахыг ихэд хүсч байна. Аавыгаа амьд сэрүүн байгаа дээр нь уулзуулахыг хүссэн юм. Аавын маань бие тааруу байгаа. Хүүгээ олох гэсэн хүслийг нь биелүүлэхийн тулд танай сонинд хандаад байна даа.

-Гэр бүлээ танилцуулаач, Оросын аль хотод амьдардаг вэ?

-Одоо би 50 настай, Москвад амьдарч байна, хоёр хүүхэдтэй. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг хууль эрх зүйн чиглэлээр дүүргэсэн. Өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Хашиж буй салбар маань олон улсын арбитр. Ажлынхаа онцлогоос шалтгаалаад гадагшаа явах нь их. Одоогийн нөхцөл байдал ямар байгааг та мэдэж байгаа байх. Тиймээс сүүлийн хоёр сарын хугацаанд гадагшаа явсангүй. Коронавирусийн тархалт өндөр байгаа болохоор эх орондоо л байна.

-Та Монголд ирж байсан уу?

-Ээжийнхээ хэвлийд зургаан сар хүртлээ Монголд байсныг эс тооцвол Монголд хэзээ ч очоогүй гэсэн үг. 1969 онд ээж маань Монголд байхдаа жирэмсэн болж, би 1970 оны хоёрдугаар сард төрсөн юм. Нутаг буцсан хойноо төрсөн гэсэн үг.

-Аав, ээжийнхээ тухай товч танилцуулаач?

-Ээж, аав маань хоёулаа орос. Хоёулаа Орёл хотоос гаралтай.

-Түрүүн коронавирусийн талаар цухас дурдаад өнгөрсөн. Одоо Орост нөхцөл байдал ямар байна вэ?

-Москвад “Ковид-19”-тэй холбоотой үүсээд буй нөхцөл байдал намжингуй тал руугаа орчихлоо. Халдвар авах хүний тоо өдрөөс өдөрт буурч байна. Орос даяар 280 мянга орчим халдварын тохиолдол бүртгэлтэй. Нэг статитистик хэлэхэд, нас баралт нэг хувиас бага байна. Москва хотод хүнсний дэлгүүр болон эмийн сангаас бусад бүх дэлгүүрийг хаасан. Мөн зоогийн газар, кафе, спорт клуб, сургуулиуд ажиллахгүй удаж байна. Хот доторх автомашины хувьд тусгай цахим үнэмлэх бөглөж байж хөдөлгөөнд хамрагдаж байна. Миний хувьд өмгөөлөгч учраас энэ тал дээр ямар нэг саад алга. Дэлгүүр, оффисын газрууд, метро гээд олон нийтийн газруудаар үйлчлүүлэхдээ маск, бээлийтэй байхыг шаардаж байгаа. Түргэвчилсэн горимоор шинэ өвчтөнүүдийг хүлээж авах халдварын больниц бүхий нэмэлт корпусыг ажиллуулж эхэлсэн. Сая Москва хот хоёр сарын хугацаанд өөрийгөө тусгаарлах горимд байлаа. Бүгд гэртээ сууж, хүмүүс боломжийнхоо хэрээр алсаас ажил үүргээ гүйцэтгэсээр өнөөг хүрсэн. Хөл хорио нэг талдаа давуу тал үүсгэж байна. Хувь хүмүүсийн тухайд өөрийгөө боловсруулж хөгжүүлэх, гэр бүлдээ анхаарах боломж олгосон. Мэдээж, сайны хажуугаар саар гэгчээр хөл хорионы үед архидаж, савангийн дуурь үзэж цагийг дэмий өнгөрөөж буй хүмүүс ч олон байгаа л даа. Үнэнийг хэлэхэд, хөл хорионы үеэр архины хэрэглээ нэлээд ихэссэн шүү. Нэг хөгжилтэй эерэг зүйл хэлэхэд, хөл хорионы үеэр хамгийн ихээр баярласан амьтан бол гэрийн тэжээвэр амьтад байх (инээв). Эзэд нь тэднийг өдөрт хэд хэдэн удаа салхиулах боломжтой болчихоор таатай байх нь тодорхой л доо.

Ярилцсан Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд Баабарын “Монгол Дело 9” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өнөө жил нийтдээ 495 мянган га талбайд хаврын тариалалт хийхээр төлөвлөөд байсан ч коронавирусын нөхцөл байдлын улмаас энэ тоог 15-20 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Энэ тухай өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрэнд хэвлэлээ.

БХБЯ-ны Хот байгуулалт газрын харилцааны бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Гүнболдтой ярилцсаныг нэг, хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.

Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэй Б.Тунгалагтуяатай энэ жилийн ЭЕШын тухай ярилцлаа. нэг, болон 13 дугаар нүүрнээс ярилцлагыг уншиж сонирхоорой.

Өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Баабарын “Монгол Дело 9” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын сонгуульд ШИНЭ эвслээс нэр дэвшигч Д.Баатаржавын ярилцлагыг тавдугаар нүүрэнд нийтэлллээ. Түүнийг паралимпийн олимпын аварга гэдгийг уншигчид сайн мэдэх билээ.

ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэй, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржтой хийсэн ярилцлагыг зургаадугаар нүүрнээсу уншаарай. Коровирустэй холбоотойгоор жолооны үнэмлэх хэвлэдэг үйлдвэрүүд ажиллахгүй байгаа аж.

эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг долоодугаар нүүрнээс уншиж сонирхоорой. өчигдрийн байдлаар нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрё эмнэлгээс гарсан хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн юм.

Виньяаса йогийн багш Л.Баясалмаатай өрнүүлсэн яриаг 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ