Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг орууллаа.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд 11 бүлэг, 54 зүйл, 186 хэсэг, 258 заалтаас бүрдэж байгаа юм.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гамшгаас хамгаалах удирдлага, зохицуулалт, зохион байгуулалт, албан тушаалтны хэрэгжүүлэх эрх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүрэг хариуцлага, гамшгийн үед хүний эрхийг хязгаарлахтай холбоотой зохицуулалт, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрхзүйн байдлыг хангах, нэмэлт өөрчлөлт оруулж, хуульд давхардсан зарим хэсэг, заалтыг хүчингүй болгосон.

Тухайлбал,

  • Гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хуулийн хэрэгжилт, олон нийтийн ойлголтыг харгалзан зарим нэр томьёог өөрчлөн найруулж, зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмж оруулсан.
  • Гамшгаас хамгаалах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Улсын онцгой комиссын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмж, Улсын Их Хурал, Засгийн газрын гамшгаас хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх бүрэн эрхэд нэмэлт орууллаа.
  • Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, Засаг дарга нарын бүрэн эрх, улсын албад, хуулийн этгээд, албан тушаалтан, түүнчлэн иргэний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх хэсэг, заалтыг нэмж өгсөн.
  • Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлж, алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид томилогдон ажиллах алба хаагчдад нэмэгдэл олгох, албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан алба хаагчдад нөхөн олговор олгох эрхзүйн орчныг бүрдүүллээ.

Гамшгаас хамгаалах хуульд дээрх өөрчлөлтүүдийг оруулсанаар аливаа гамшгийн үеийн удирдлага зохицуулалт, салбар дундын нэгдсэн хамтын ажиллагаа, зохион байгуулалт сайжирч, аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, иргэний үүрэг хариуцлага нэмэгдэж, алба хаагчдын эрхзүйн байдал дээшлэх нөхцөл бүрдэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван С-г баримтлан коронавируст халдвараас сэргийлье

1-р С: Агааржуулалт муутай, битүү орчинд бүү бай !

2-р С: Олон хүн цугларсан газарт битгий оч !
3-р С: Бусадтай хэт ойр зайнаас бүү харьц !
Гурван C (Closed-in, Crowded, Conversation)-г мөрдөөгүйн улмаас коронавируст халдвар хүн амын дунд голомтлон гарч байгааг ДЭМБ анхааруулж байна.!!!
Categories
мэдээ нийгэм

Covid-19-ийн нөхцөл байдлын мэдээ

Categories
мэдээ нийгэм

Хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг зөв хэрэглэх талаар сургалт зохион байгууллаа

Халдварт өвчний голомтод үүрэг гүйцэтгэн ажиллах мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор ХӨСҮТ-ийн Биоаюулгүйн олон улсын сургагч багш, мэргэжилтнүүд өнөөдөр Улсын онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүнд хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг хэрхэн зөв хэрэглэх талаар сургалт зохион байгууллаа.

Хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг өмсөхөөс эхлээд тайлах хүртэлх дарааллыг зөв баримтлаагүйгээс болж тухайн ажилтан халдварт өртөж улмаар бусдад халдвар тараах эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд сургалтын үеэр анхааруулж байлаа.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/537 тоот тушаалын 7 дугаар хавсралт “Хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэх заавар”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны А/52 дугаар тушаалаар батлагдсан “Халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл өмсөх тайлах заавар” зэрэг холбогдох стандарт зааврууд мөрдөгдөж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эгчийнхээ гурван настай хүүг хороосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноов

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус Аймгийн прокурорын газраас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож алсан/, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад /гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Л-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаараа хянан хэлэлцэж шүүгдэгч Г.Л-д бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Л нь урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялаа биечлэн эдэлж байх хугацаандаа засарч хүмүүжсэн гэх үндэслэлээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 45 дугаартай захирамжаар 1 жил 3 сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж цагдаагийн байгууллагын хяналтанд байсан байна.

Улмаар шүүгдэгч Г.Л нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэж хянан харгалзсан хугацаанд, гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Р.Г-н хүү болох бага насны буюу 3 настай Г.Г-н эсрэг байнга буюу “томоотой суу, хоолоо идсэнгүй, тоглолоо” гэх шалтгаанаар Төв аймгийн Зуунмод суманд байх гэртээ 2019 оны 11 сарын 15-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус тус нуруун тус газарт нь гар утасны цэнэглэгчээр ороолгож, гар болон хөлөөрөө түүний гар, хөл, бие рүү нь цохиж, өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан бөгөөд уг гэр бүлийн хүчирхийлэл бусдаас нуугдмал байдалтай даамжирч үйлдэгдсээр 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Төв аймгийн Зуунмод суманд байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Р.Г-н хүү болох 3 нас 11 сар 21 хоногтой Г.Г-ийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж толгойн тус газарт нь гараараа зодож “тархины аалзан хальсан доорхи цус харвалт, цусан бүлэн, хуйханд цус хуралт, духанд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцралт, хүзүүнд зулгаралт, баруун ташаан толгой, баруун дунд чөмөгний толгойд цус хуралт, баруун гуянд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, баруун хөлөнд цус хуралт, баруун өвдгөнд цус хуралт, нурууны зүүн талд цус хуралт, зүүн ташаан толгойд цус хуралт, зүүн өгзгөнд цус хуралт, зүүн гуянд зүүн шилбэний гадна хэсэгт цус хуралт” бүхий олон тооны гэмтэл учруулж алсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзэж түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан болно.

Түүнчлэн талийгаач нь бага насны, хэл ярианы хөгжил муутай, биеэ хамгаалах чадваргүй, талийгаачийн ээж Р.Г нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, сэтгэцийн хүндэвтэр зэргийн хомсдолтой учраас хүүхдийнхээ эрхийг хамгаалах, хүүхдээ асран хамгаалах боломжгүй, өөрөө эх н.Р, хойд эцэг Ж.Г нарын асран хамгаалалтад байдаг, шүүгдэгч Г.Л-ын хамтран амьдрагч н.М нь 8 сартай өөрийн хүүхэд мөн талийгаачтай хамт амьдардаг боловч шүүгдэгчийн хатуу ширүүн, догшин зан авираас айж эмээн, цагдаагийн байгууллагад талийгаачийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар тухай бүрт нь мэдэгдээгүйгээс дээрх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

ТӨВ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

Categories
мэдээ нийгэм

Монголбанкнаас зорилтот бүлэгт чиглэсэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр Монголбанк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, банкууд Монголбанкнаас олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. Уг хөтөлбөрийг УИХ-аас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт оруулан, банкуудтай гэрээ байгуулснаар хэрэгжүүлэх гэж байна.

2020 оны 5 дугаар сараас 2020 оныг дуусталх хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийг Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 120 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгөөр санхүүжилнэ.

  • Монголбанкнаас ипотекийн зээлийг бага, дунд орлоготой зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөрийг оновчтой хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авлаа. Үүнд:
  • Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх;
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох;
  • Монголбанкны эх үүсвэрээр зөвхөн шинээр олгох зээлийг санхүүжүүлэх;
  • Монголбанкны эх үүсвэрийн 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад олгох;Үндсэн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломж олгов.

Монголбанкнаас 2020 оны 5 дугаар сараас эхлэн ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Төрийн, Хас, Улаанбаатар хотын, Богд, Тээвэр хөгжлийн, Кредит, Ариг, Капитрон банкуудад эх үүсвэр хуваарилсан бөгөөд иргэд эдгээр банкуудад хандан ипотекийн 8 хувийн зээл авах боломжтой боллоо.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг татвар төлөгч 20 аж ахуйн нэгж, 7 иргэнийг шалгарууллаа

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 21 дэх жилдээ “ЭРСДЭЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор “Татвар төлөгчдийн өдрүүд 2020”-ийг орон даяар цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Татварын газраас Нийслэлийн шилдэг татвар төлөгч 20 аж ахуйн нэгж, Нийслэлийн шилдэг татвар төлөгч 7 иргэнийг шалгаруулав.

Нийслэлийн шилдэг 20 татвар төлөгч аж ахуйн нэгж:

  • Ай Ди Эм Эн ХХК,
  • Анунгоо фарм,
  • Ар Ди Си Си ХХК,
  • Зэт Ти Ти Транс ХХК,
  • Медмонгол ХХК,
  • Монретранс ХХК,
  • Нарантээг ХХК,
  • Петровис ойл ХХК,
  • Пи Эс Си ХХК,
  • Сөүлсэниорс товер ХХК,
  • Түмэншувуут ХХК,
  • Ус сувгийн удирдах газар,
  • Хамтын зам ХХК,
  • Хуавейтехноложи ХХК,
  • Альфакварц ХХК,
  • Бетастар ХХК,
  • Таван богд фүүдс ХХК,
  • Эс Эл Эс беарингс Монголиа ХХК,
  • Агммайнинг ХХК,
  • Мэйдиргоби ХХК/

Нийслэлийн шилдэг татвар төлөгч 7 иргэн:

  • Бямбадорж.Уянга /Хан-Уул дүүрэг/
  • Хандсүрэн.Хатанбаатар /Хан-Уул дүүрэг/
  • Дэрэмчимэд.Одзаяа /Хан-Уул дүүрэг/
  • Төмөр.Ариунаа /Хан-Уул дүүрэг/
  • Дов.Хишигжаргал /Чингэлтэй дүүрэг/
  • Сэр-Од.Оюунчимэг, /Чингэлтэй дүүрэг/
  • Цэдэв.Рэгзэдмаа /Сүхбаатар дүүрэг/
Categories
мэдээ нийгэм

Автобусны буудлын сандал, хогийн сав, ТҮЦ-үүдийг угааж цэвэрлэж байна

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл хотод олон ажил өрнөж байна. Үүний нэг нь гудамж талбай, автобусны буудал, нийтийн тээврийг ариутган цэвэрлэх юм.

Автобусны буудлын сандал, хогийн сав, ТҮЦ-үүдийн өнцөг булан нэг бүрийг халдваргүйтгэлийн бодис, угаалгын хөөсөөр угааж цэвэрлэж буй талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар:

  • Чингисийн өргөн чөлөө,
  • Энхтайваны өргөн чөлөө,
  • Бага тойруу,
  • Их сургуулийн гудамжинд байрлах 26 автобусны буудал, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг 3 талбайг тус тус угааж, цэвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Өвчтөнүүдийн 87 хөнгөн, 27 хүндэвтэр​ байдалтай байна

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

Дэлхийн дахинд 4 сая 982 мянган хүн коронавирусийн халдвар авчээ. Сүүлийн 24 цагт 94000 хүн шинээр өвчилжээ. Мөн ОХУ-д 9200 тохиолдол нэмэгдэж, нийт 2800 хүн нас барсан. Буриад, Эрхүү, Тувад тохиолдлууд нэмэгдэж байна. Орон нутгийн гал тэргэнд 4000 гаруй хүнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.

264 дуудлага ирсэн ба өмнөх өдрөөс 80 гаруй дуудлагаар нэмэгдсэн. АНУ, Испани, Германи, ОХУ, Чех улсаас 17 хүн холбогдон зөвлөгөө авсан. Иргэд сайн дураар эргүүл хийж байгаа ба оройн цагаар залууст амны хаалтаа хийхийг шаардан ажилаж байгаа ахмад настан болох Баяндэлгэр, Оюунханд нартаа баярлалаа. ЗӨСҮТ-өөс Энэтхэгээс ирсэн 158 иргэний ачаа тээшийг ариутгасан.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

БНСУ-д өчигдөр шинээр 32 тохиолдол бүртгэгдсэн. Шөнийн клубээс эхтэй голомтот халдварыг хязгаарлаж чадсан ч Сөүлд халдварын шинэ голомт үүсч эмнэлгийн 4 сувилагч халдвартай болох нь тогтоогдон хавьтагч 600 гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ. Тус улсад 11110 тохиолдол бүртгэгдээд байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Өчигдөр ХӨСҮТ, Дарханд 247 шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарлаа. Нийт 140 тохиолдол бүртгэгдэж 26 эдгэрч, дараагийн хяналтад шилжсэн. Өвчтөнүүдийн 87 хөнгөн, 27 нь хүндэвтэр байдалтай байна.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.


– Энэтхэгээс ирсэн иргэдээс бүгдээс нь шинжилгээ авсан уу?

А.Амбасэлмаа: Энэтхэгээс 158 иргэн маань ирсэн. Бид шаардлагатай хүмүүсийнхээ шинжилгээг онгоцны буудал дээр аваад, хянаад, тусгаарлаад явсан. Ингээд өнөөдөр бүх хүний буюу 158 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Энэ бол эхний шинжилгээ.

– ОХУ-д байгаа халдвар авсан оюутнуудаа авах боломжтой юу?

Д.Нарангэрэл: Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу халдварт өвчтэй хүнийг тээвэрлэдэггүй. Халдвартай нь батлагдсан хүнийг ОХУ-ын тал ч явуулахгүй. Цэргийн сургуулийн оюутнуудыг авчрах үеэр халуурсан долоон оюутныг шинж тэмдэг илэрсэн гэж үзээд аваад үлдсэн. Энэ нь олон улсын эрүүл мэндийн дүрмийг мөрдөж байгаагаа илэрхийлж буй хэлбэр. Оюутнуудын биеийн байдлыг тус улсын эрүүл мэндийн байгууллага хянаж, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Франк Юнг: Найзууд “Танай Монголд ямар сайхан амгалан юм бэ. Очих юмсан” гэж ярьж байна

Манай улс гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ ээлж дараалан татаж авсаар байгаа. Харин манай улсаас нутаг буцах хүсэлтэй гадаадын иргэд бага байна. Энэ бол манай улсад итгэж найдаж байгаагийн нэг тод жишээ юм. Ингээд бид Монголд амьдарч буй гадаадын иргэд ямар бодол, сэтгэгдэлтэй явдаг талаар Герман улсын иргэн Франк Юнгтай ярилцсанаа хүргэж байна.


-Юуны өмнө танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе.

-Баярлалаа. Надад бас таатай байна. Монголын өдөр тутмын сонинд зочноор уригдана гэдэг нэр төрийн хэрэг гэж би талархлаа илэрхийлэх нь зүйтэй болов уу.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би герман хүн. Намайг Франк Юунк гэдэг. Би монгол эхнэртэй. Одоо гэр бүлийн хамт амьдарч байна.

-Монголд хэчнээн жил амьдарч байна вэ?

-Би Монголд амьдраад есөн жил болсон байна. Анх Монголд ирж байснаас хойш цаг хугацаа маш хурдан өнгөрсөн байна шүү.

-Та ямар ажил эрхэлдэг хүн бэ?

-Барилгын инженер мэргэжилтэй. Одоо бол тэтгэвэрт гарсан байна.

-Энэ олон жил Монголд амьдрахад юу таны сэтгэлийг хөдөлгөж, эх орноос тань дутахааргүй элгэмсэг, ойр дотно байлгаж чаддаг вэ?

-Байгаль их сайхантай. Үзэсгэлэнтэй. Өөрийнхөө дураар эрх чөлөөтэй, амгалан тайван амьдрах боломжийг Монгол л надад мэдрүүлдэг. Есөн жил намайг Монголд байхад надаас Та хэдэн настай вэ? гэж хэн ч асууж байгаагүй.

Харин Та юу хийж чаддаг вэ? гэж асуудаг. Энэ нь надад маш таатай санагддаг. Учир нь Европын орнуудад нас их чухалд тооцогддог. 55 наснаас дээш бол ажилд ороход бэрхшээлтэй. Бараг боломжгүй.

Гэтэл Монголын хэв маяг, ёс заншил их өөр. Харин ч нас нэмэх тусам эргэн тойрны хүмүүсийн хүндлэл нэмэгддэг нь анзаарагдсан. Настай хүмүүст их хүндлэлтэй харьцдаг нь их дулаан мэдрэмж төрүүлдэг. Европт зарим залуу үеийн бодлоор бол тэдэнд ямар нэг байдлаар хөгшин хүмүүс садаа болж байгаа юм шиг санагдах үе байна.

-Коронавирусийн халдвар дэлхийг бүхэлдээ бүрхээд буй энэ цаг үед хэн бүхэн л айдастай байна. Танд энэ үед нутаг руугаа буцах тухай бодол төрөв үү?

-Германд би ганцаараа. Хамаатан садан гээд байх хүн бараг байхгүй болсон. Харин Монголд бол миний эхнэр, хүүхэд, ач гуч гээд хамгийн том гэр бүл минь байгаа учраас хаана амьдрах вэ? гэсэн асуудал шууд шийдэгдчихэж байгаа юм. Тиймээс нутаг буцах юмсан гэсэн хүсэл нэг их төрөөд байдаггүй.

Монголд энэ өвчний талаар аль эрт ярьж, иргэдэд амны хаалт зүүхийг зөвлөж ирсэн. Тиймээс их тайван хүлээж авсан, Би нэгдүгээр сард төрсөн нутагтаа очиж найз нөхөдтэйгөө уулзаад ирсэн. Тухайн үед найзууд манай Монголд гудамжаар явж буй хүмүүс бүгд амны хаалттай явдаг.

Улс даяар тэмдэглэдэг Цагаан сарын баярыг хийхийг цуцалж, орон нутгийн замын хөдөлгөөнийг хориглосон гэж ярихад итгэдэггүй, тоглоом хийдэг байсан.

-Тухайн үед Европын орнуудад халдвар тархаагүй нь тэгж хүлээж авахад нөлөөлсөн байх. Тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Бүр итгэхгүй. Ямар сонин юм, арай сүртэй байна уу, асуудалд арай л сүртэй хандаж байна гэж хүлээж авдаг байлаа.

-Одоо Герман дахь найзуудын тань бодол, хандлага өөрчлөгдсөн байж таарах нь ээ?

-Байдал яг эсрэгээрээ болсон. Бид энд тайван алхаж байгаа бол Германд ч гэлтгүй Европууд айдас, түгшүүртэй, амны хаалттай явахыг зөвлөж байна. Мөн олон хүнтэй газраар явахыг хориглож байна шүү дээ. Найзууд маань “Танай Монголд ямар сайхан амар амгалан юм бэ. Болдогсон бол очих юмсан” гэж ярьж байна.

-Европын орнуудад халдвартай холбоотойгоор ази хүмүүсийг гадуурхах байдал газар авсан. Одоо бүр даамжраад аль ч улсад гадаад хүнийг гадуурхах тал ажиглагдах боллоо. Танд энэ байдал мэдрэгдэж байна уу?

-Гадаадын сувгуудаар энэ тухай мэдээ их гарч байхыг би үзсэн. Би өнөөдрийг хүртэл Монголд ямар нэг байдлаар гадуурхагдсан, над руу хүмүүс онцгүй харсан зүйл болоогүй. Хүүхдүүдтэйгээ дэлгүүр ороод гарахад хэн ч намайг гадаад хүн гэсэн нүдээр харж байхыг би хараагүй шүү.

Манай зарим гадаад найзууд ч энэ тухай ярьдаг. Тэд маш тайван байгаа. Монголчуудын энэ дотно, элгэмсэг байдал нь надад таалагддаг. Тэд хэнийг ч ялгадаггүй. Сүүлийн үед харин нэг зүйл ажиглагдах боллоо.

-Таны ажигласан зүйл юу болохыг мэдэж болох уу?

-Амны хаалтгүй хүмүүс их болсон байна. Хэдэн сарын турш амны хаалттай явсан иргэд халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байхад илүү хайнга болоод байх шиг санагдсан. Гадуур маш олон хүүхэд тоглож байна. Монгол Улс халдвартай маш сайн тэмцэж байгаа. Гэтэл ийм ялихгүй асуудлаас үүдэж хяналтаа битгий алдаасай л гэж бодож байна.