Categories
мэдээ нийгэм

Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг албадан буулгалаа

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 сарын 15-ны өдрийн 12 дугаар хурлаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа газар болон барилга угсралтын талбайн хашаануудад хяналт тавьж засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын тамгын газраас хамтран дээрх чиглэлээр хяналт шалгалтыг газар дээр нь зохион байгуулав.

Өнөөдөр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаварын хүрээнд Баянзүрх дүүргийн 5, 19 хороодод авто зам хаасан, барилгын зөвшөөрөлгүй газар барилга барьсан, орчны аюултай байдал үүсгэсэн 2 барилгын хашааг албадан буулгалаа.

Нийслэлийн хэмжээнд энэхүү чиглэлээр газар дээр нь үзлэг шалгалт хийж 150 байршилд 420 обьектэд зөрчил илрүүлэн мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүний дагуу зөрчлөө арилгаагүй иргэн, ААНБ-ын барилга, газрын хашааг албадан буулгах ажил үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

СЕХ: Бие даан нэр дэвших 56 хүн материалаа ирүүллээ

СЕХ 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажил үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар 56 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өгчээ. Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа тавдугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох юм. Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд тавдугаар сарын 20, 21-ний өдөр нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлнэ. Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг “КОВИД-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу зохион байгуулж байгаа юм гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны төв байгууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгууллаа.

Тус төв нь УИХ, ЗГ, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэгтэй.

Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах, бие даан иргэний эрх зүйн харилцаанд ордог аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянбүрдийн тойргоос Эх нялхасын уулзвар хүртэлх авто зам шинэчлэлтийн ажил 45 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон шинэчлэлтийн ажлын нэг болох “Баянбүрдийн тойргоос Эх Нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил /Аюулгүйн тойргийн хамт/” -ыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс гүйцэтгэж байгаа юм.

Баянбүрдийн тойргийн авто зам нь 1988-1989 онд баригдаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт замын уртад бүрэн шинэчлэлт хийгдэж байгаагүй.

Шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, инженерийн шугам сүлжээ, асфальтбетон хучилтыг авч дуусч, үргэлжлүүлэн тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэж байна.

Авто замын ажил бүрэн дууссаны дараа үе шаттайгаар Баянбүрдийн тойргийн шинэчлэлтийн ажлыг эхлүүлнэ. Тухайн авто зам нь 1988-1989 онд баригдаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт замын уртад бүрэн шинэчлэлт хийгдэж байгаагүй гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль, эрх зүйн зөвлөгөө ҮНЭГҮЙ өгч байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулдаг.

Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор нэг дор олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Я.Санжмятав АН-ын сонгуулийн штабыг удирдана

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баатархүү: АН-ын Үндсэн бодлогы хорооноос намаасаа мандат авсан 76 нэр дэвшигчээ хуулийн хугацаанд ард түмэндээ танилцуулсан. Өнөөдөр АН-ын сонгуулийн штабаа албан ёсоор байгуулж байгаагаа мэдэгдэж байна. АН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилсон. АН хуулийн хүрээнд улс төрийн намуудтайгаа шударга, нээлттэй зарчмаар өрсөлдөнө.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: 2020 оны Их хурлын сонгууль нэлээд хүч тэнцвэргүй нөхцөл байдалд эхэлж байна. Ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн ч итгэл алдарсан. МАН мөрийн хөтөлбөрөө 80-90 хувьтай хэрэгжүүлсэн гэж байгаа. УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа 76 хүн дотроос хууль боловсруулах чадамж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмрийг нь тооцож үзээд 25 эрхзүйч, 35 эдийн засагчийг оруулж байна.

Сонгуулийн бэлтгэл ажилдаа орж байгаа энэ цаг үеэс АН-аас дайрах дайралтууд эхэлсэн байна. Төр барьж байгаа МАН асар их хөрөнгө зарж, харлуулах, заримыг нь шоронд хийх, АН-ыг ялагдуулах бодлого барьж байна. Хүмүүсээ нэр дэвшүүлсэн намууд болон бие даан нэр дэвшигчдээ хандан хар пиар хийхгүй байхыг уриалж байна.

Дээрх мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-АН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийн 10 гаруй нь шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

-13 хүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байна гэсэн гүтгэлэг эхэлж байгаа. Магадгүй сонгууль дуусахад 76 хүн дээр намайг нэмээд 77 хүнийг шоронд хийж магадгүй нөхцөлтэй байна. Энэ бол гүтгэлэг гэдгийг хэлье. Шүүхээр асуудал нь эцэслэн шийдэгдээгүй нөхцөлд гэмт хэрэгтэн болгож болохгүй.

Би аль нэг намыг гүтгэхгүй. Гэхдээ МАН 60 тэрбумын сүлжээгээр гарсан 65 гишүүнээсээ нэр дэвшүүлсэн. Энэ мэтчилэн яриад байвал ярина. Гэхдээ бодитой мэдээллийн дор соёлтой өрсөлдьё гэж байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​М.Ганцацрал: Орчуулга хийх нь математикийн хүнд бодлого бодохтой адилхан

“Монсудар” хэвлэлийн газрын орчуулагч, редактор М.Ганцацралтай ярилцлаа.


-Жумпа Лахиригийн “Эмгэг зовуурийн хэлмэрч” түүвэр “Монсудар” хэвлэлийн газрын Утга зохиол цувралын 29 дүгээр дэвтэр болж таны орчуулгаар уншигчдын хүртээл болсон. Жумпа Лахиригийн бичлэгийн онцлог юу вэ?

-Жумпа Лахири энэ өгүүллэгийн түүврээ 1999 онд хэвлүүлээд, 2000 онд уг номоороо Пулицерийн шагнал хүртсэн. Энэхүү номд Америкт ирж суурьшсан энэтхэг хүмүүсийн амьдралыг бүхий л талаас нь харуулснаараа онцлогтой. Жумпа Лахириг “Энэтхэг цагаачдын эмгэг зовуурийн хэлмэрч” гэж нэрлэдэг. Түүний бичлэгийн онцлог нь уран яруу, уян тансаг хэрнээ, үзэл бодлоо хүчээр тулгадаггүй. Би уг түүврийг сар гаруй хугацаанд орчуулсан.

-“Эмгэг зовуурийн хэлмэрч” түүврийг уншихад Жумпа Лахири өгүүллэгийнхээ үйл явдалд ямар нэгэн дүгнэлт хийдэггүй, харин уншигчдад өөрсдөд нь бодох орон зай үлдээдэг юм шиг санагдсан?

-Уг түүвэрт багтсан “Түр зуурын асуудал” өгүүллэгийг уншсан хүмүүсээс “Энэ өгүүллэг ер нь яаж төгссөн бэ. Аз жаргалтайгаар уу эсвэл гунигтайгаар уу” гэж асуухад бүх хүн өөрөөр хариулдаг. Жишээ нь, би уг өгүүллэгийг анх уншчихаад гунигтайгаар төгсчихлөө гэж бодсон. Гэвч дахиад уншсаныхаа дараа өгүүллэгийн гол дүр болох хосууд түр зуурын асуудлаа шийдэж аз жаргалтайгаар төгсөж буй мэт санагдсан даа. Жумпа Лахири уншигчдад дүгнэлтийг үлдээдэг.

-Таныг “Эмгэг зовуурийн хэлмэрч” түүврийг орчуулж байхдаа гурван өдөр сэтгэл хөндүүрлэж явсан гэж сонссон. Жумпа Лахиригийн ямар өгүүллэг нь таны сэтгэлийг өвтгөв?

-“Гурав дахь буюу сүүлчийн тив”, “Жинхэнэ жижүүр” гэсэн хоёр өгүүллэгийг орчуулж байхдаа сэтгэл ихэд хөдөлж, зүрх шимширсэн. “Жинхэнэ жижүүр” өгүүллэгт эх нутгаасаа хөөгдөн, харийн хотод зовж байгаа эмгэний талаар өгүүлж буй учраас их өрөвдөлтэй. Харин “Гурав дахь буюу сүүлчийн тив” өгүүллэгт нөхөр нь нас барснаас хойш ухаан санаа нь самуурч, өөрийгөө хянах чадваргүй болсон ээжийнхээ талаар эргэн дурсдаг хэсэг байдаг. Уг номыг орчуулж байхдаа яг тэр хэсгийг нь гурван өдрийн туршид бодож, шаналж явсан.

-Уг түүвэрт багтсан “Тачаангуй” өгүүллэг өмнө нь манайд “Дур булаам” гэх нэрээр орчуулагдсан байдаг. Таны хувьд уг өгүүллэгийн нэрийг яагаад “Тачаангүй” хэмээн орчуулах болов?

-“Sexy”гэдэг үг хайр сэтгэлийг татдаг бус харин хүний хүсэл тачаалыг хөдөлгөж буй эмэгтэйг илэрхийлж байгаа. Уг өгүүллэгт эхнэртэй хүнтэй харилцаа үүсгэж буй эмэгтэйн тухай гардаг. Тэр эрэгтэй эхнэрээсээ гадуур харилцаа үүсгэсэн эмэгтэйгээ “Sexy” гэж дуудаж буй учраас тэр эмэгтэйг хайрласандаа тэгж дуудаагүй гэсэн үг болов уу. Энэхүү харилцаа нь түр зуурын хүсэл тачаалд захирагддаг учраас “Тачаангуй” хэмээн орчуулах нь оновчтой мэт надад санагдсан.

Image may contain: 1 person, text

-Та өөртөө нээсэн Жумпа Лахириг тодорхойлж хэлээч?

-Би Жумпа Лахиригийн өгүүллэг бичих болсон тухайгаа ярьсан ярилцлагыг нь уншиж байсан. Тэрээр “Ихэнх зохиолчид өгүүллэгийг роман бичихийнхээ өмнө дадлыг хэвшүүлэх маягаар бичдэг. Харин зарим зохиолчид өгүүллэгт чин зүрхнээсээ дурладаг болохоор бичдэг. Би үнэхээр л дурладаг болохоор өгүүллэг бичихийг сонгосон” хэмээн ярилцлагадаа хэлсэн байсан. Би Жумпа Лахириг өгүүллэг бичихээр төрсөн авьяастай хүн юм байна л гэж дүгнэсэн дээ.

-Жумпа Лахиригийн намтрыг уншихад өөрийн дадсан хэлээрээ уран зохиол бичих дургүй юм билээ?

-Тэрээр англи хэлээр номоо бичдэг байснаа сүүлд өгсөн ярилцлагадаа “Надад итали хэл маш их таалагдсан. Би итали хэлийг уран зохиол, өгүүллэг бичихэд тохирсон хэл гэж боддог” гэх утгатай зүйлийг ярьсан байсан. Жумпа Лахири Энэтхэг-Бенгал гаралтай. Анх Лондон хотноо төрөөд АНУ руу нүүсэн байдаг. Лахири өөрийгөө “хоёр нийгмийн дунд өссөн хүн” гэж тодорхойлсон. Олон нийгмийн дунд өссөн хүн ямар ч хэлийг эзэмших, түүгээрээ уран зохиол туурвих чадвартай байдаг байх. Тиймээс өөрийнхөө хэлэхийг хүссэн зүйлээ хамгийн сайн илэрхийлж чадах хэлээ хайдаг ч байж магадгүй.

-“Эмгэг зовуурийн хэлмэрч” өгүүллэгт “Өвчтөнүүд эмгэг зовуурийг нь хэрхэн хэлмэрчлэхээс шалтгаалж танаас бүрэн хамааралтай юм байна. Зарим талаараа эмчээс ч илүүтэйгээр танаас хамааралтай гэж хэлж болох юм” гэсэн өгүүлбэр байдаг. Тэгэхээр уншигчид хэрхэн орчуулахаас тань шалтгаалж танаас бүрэн хамааралтай болох байх. Зарим талаараа Жумпа Лахиригаас ч илүүтэйгээр танаас хамааралтай гэж хэлж болох юм?

-Тийм ээ. Үүнтэй санал нэг байна. Жумпа Лахириг хүмүүс Америк дахь энэтхэгчүүдийн зовуурь шаналлыг хэлмэрчилдэг хэлмэрч гэдэг. Харин Лахиригийн хүргэхийг зорьсон санааг Монголын уншигчдад хүргэх хүн нь би. Орчуулагч нь уншигч, зохиолч хоёрын дундах гүүр болдог. Тиймээс тухайн зохиолыг нэмж хасахгүйгээр, Монголын уншигчдад ойр дотно буухаар оновчтой орчуулах нь л хамгийн чухал. Би зохиолчийн илэрхийлэх гэсэн санааг байгаагаар нь уншигчдад хүргэхийг зорьдог. Англи хэлэнд монгол руу хөрвүүлэхэд хэцүү үгс олон бий. Тэр болгонд аль болох оновчтой үгийг сонгож, хэрэглэхийг хичээдэг дээ.

-“Эмгэг зовуурийн хэлмэрч” түүвэр бол таны орчуулсан хоёр дахь бүтээл. Өмнө нь орчуулсан Филип Рийвийн “Үхлийн хөдөлгүүр” номныхоо талаар яриач?

-Өмнө нь “Монсудар” хэвлэлийн газрын Жангар редакциас өсвөр үеийнхэнд зориулан гаргасан Филип Рийвийн “Үхлийн хөдөлгүүр” хэмээх уран зөгнөлт, адал явдалт номны тэргүүн дэвтрийг орчуулсан. Уг номоор хийгдсэн кино нь Монголын кино театруудаар гарч байсан болохоор хүмүүс сайн мэдэж байгаа байх. Энэхүү ном нь өсвөр үеийнхэнд зориулагдсан учраас энгийн үг хэллэгтэй байсан. Тиймээс орчуулах явцад төдийлөн бэрхшээл гараагүй ээ.

-Та Оэ Кензабүрогийн “Хувийн асуудал” номын редактораар ажилласан байх аа?

-Би “Эмгэг зовуурийн хэлмэрч” түүврийг орчуулсныхаа дараа Нобелийн шагналт зохиолч Оэ Кензабүрогийн “Хувийн асуудал” хэмээх номны редактораар ажилласан. Тэгэхдээ зохиолчийн санааг тухайн орчуулагч байгаагаар нь оновчтой буулгаж чадсан байна уу гэдгийг нь л харсан даа. Уг номыг орчуулагч нь япон хэлнээс хөрвүүлсэн. Харин би турк, англи хэлнээс давхар хянаж, орчуулгыг нь тулгасан. Ер нь редакторын үүрэг ч орчуулагчийнхтай төстэй.

-Ойрын хугацаанд ямар ном орчуулж байна вэ?

-“Монсудар” хэвлэлийн газрын утга зохиол цувралаар гарах Италийн зохиолч Алессандро Бариккогийн “Торго” гэдэг номыг орчуулж байгаа. Түүнчлэн хамгийн сүүлд Казүо Ишигүрогийн “Бидний өнчин нас“ номыг орчуулсан. Би энэхүү номоо хурдан л уншигчдын гарт очоосой гэж тэсэн ядан хүлээж байна. Надад Казүо Ишигүрогийн бичлэгийн арга барил нь таалагддаг. Тэрээр итгэж үл болох хүүрнэгчийн арга барилаар бичдэг юм.

-Ер нь орчуулагчийн ажил хөнгөн хөдөлмөр үү, эсвэл хүнд хөдөлмөр юм болов уу?

-Би орчуулагчийн ажлыг амархан мэтээр боддог байлаа. Яг өөрөө ажиллаж үзээд ямар хэцүү, хүнд хөдөлмөр юм бэ гэдгийг нь мэдэрсэн. Миний хувьд, орчуулга хийхийг математикийн хүнд бодлого бодохтой адилтгаж болохоор санагддаг. Аливаа зохиолыг эх хэл рүүгээ оновчтой бүрэн орчуулсны дараа маш хүнд бодлогын зөв хариуг гаргасан мэт тааламжтай мэдрэмж төрдөг.

-Таны хамгийн дуртай зохиолч хэн бэ?

-Миний хувьд, Достоевский, Кафка, Монтэнь, Вольтер нарыг унших дуртай. Миний ширээний ном гэвэл, Монтэний “Сонгомол эсээнүүд” болон Вольтерийн “Жамаараа яваа ертөнц” юм.

-Та ер нь зохиол бичдэг үү?

-Ер нь бичих гэж оролддог. Ном уншсанаараа олж авсан ур чадвар маань нөлөөлсөн байх. Ирээдүйд Монтэний эсээнүүд шиг философилог, уншууртай, хүнд ямар нэгэн шинэ зүйл өгч байх ном бичихийг мөрөөддөг.

-Та эрх зүйч мэргэжилтэй мөртөө яагаад орчуулагчаар ажиллах болов?

-Би англи, турк хэлтэй. Орчуулга хийхдээ энэ хоёр хэлнээс хоёулангаас нь харьцуулж хараад орчуулдаг. Турк хэлийг Монголд арван жилдээ халтихан үзээд, Туркэд очсон хойноо хэлний бэлтгэлд сурсан. Туркэд хэлний бэлтгэлтэйгээ нийлээд зургаан жил сурсан л даа. Би Туркийн Kayseri хотын Erciyes их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Гэхдээ залуу хүн болохоор хүсэл сонирхлынхоо дагуу өөрийнхөө дуртай зүйлийг хийе гээд 2018 оноос хойш “Монсудар” хэвлэлийн газарт орчуулагчаар ажиллаж байгаа. Залуу насандаа алдлаа ч хүмүүс илүү ойлгож хүлээж авдаг. Түүнчлэн залуу насны маань алдаанууд намайг илүү хөгжүүлж л өгнө. Тиймээс бага залуудаа эрсдэл үүрээд, хийхийг хүссэн зүйлдээ өөрийгөө сориод үзэхэд буруудахгүй байх гэж бодсон юм. Тэгээд л сонирхлынхоо дагуу орчуулагчаар ажиллаж эхэлсэн дээ. Багаасаа л номонд дуртай байсан учраас номтой холбоотой ажил хийхийг мөрөөддөг байлаа.

-Танд эрх зүйч мэргэжлээрээ ажиллах төлөвлөгөө бий юү?

-Энэхүү мэргэжлээ өөрийн дуртай зүйлтэйгээ уялдуулж ажиллая гэх бодол бий. Жишээлбэл, Монголын эрх зүйн салбарт тулгамдаад байгаа асуудлаар ном бичиж болно байх. Гэхдээ одоохондоо өөрийн дуртай зүйлээ хийгээд өөрийгөө хөгжүүлээд явж байна. Би “Монсудар” хэвлэлийн газарт ажиллаж эхлэхээсээ өмнө гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн фермд ажиллаж байсан. Тэр үед хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сэтгэл зүйг судлах судалгааны ажилд оролцдог байсан юм. Монголд хүчирхийлэлд өртсөн хүүхдийг “тэр хүүхдийн өөрийнх нь буруу” мэтээр хүлээж авах хандлагатай байдаг. Энэхүү хандлагыг өөрчлөхийн тулд зохиол бичиж болох юм байна гэх санаа тухайн үед төрж байсан.

-Танд уран зохиолоос өөр дуртай зүйл байдаг уу?

-Орчуулгын ажил хийхээр чөлөөт цаг бага гардаг. Би дуурь үзэх дуртай. Хамгийн дуртай дуурь маань Пушкины “Евгений Онегин”. Уг дуурийн гол дүр болох Татьяна надтай төстэй санагддаг.

-Таныхаар ном гэж юу вэ?

-Ээж маань монгол хэл, уран зохиолын багш. Тиймээс би ухаан орсон цагаасаа л номон дунд өссөн. Таван настайдаа цагаан толгойн үсгээ бүгдийг нь сурчихаад зургаан настайдаа сургуульд орж байлаа. Тэр үед унших бичгийн номныхоо бүх л эх, үлгэрүүдийг нь уншиж дуусаад ээжээсээ үлгэрийн ном нэхэхэд ээж маань надад “Үлгэрийн ертөнц” сонинг захиалж өгч байлаа. Тэгж л миний номд дурлах суурь тавигдсан байх гэж боддог. Номыг би өөр хэн нэгний дотоод ертөнцөөр аялах шидэт түлхүүр байх гэж боддог. Ном хүнийг цаг хугацаа, орон зайгаар аялуулдаг.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ улс-төр

Улсын онцгой комисс өргөтгөсөн хуралдаан хийнэ

УОК ирэх долоо хоногийн даваа гаригт өргөтгөсөн хуралдаан хийхээр болжээ. Төрийн ордны “Б” танхимд болох УОК-ын хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох юм. Өргөтгөсөн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдал хэрэгжүүлсэн ажлууд, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Газрын зөрчил маргааныг хянан шийдвэрлэж байна

Чингэлтэй дүүргийн хэмжээнд газрын зөрчил, маргаантай асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн Засаг дарга “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл”-ийг байгуулжээ. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Амартайван, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат нар газрын зөрчил маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг цахимаар хүргэлээ.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл хуралдаж иргэдээс ирүүлсэн газартай холбоотой зөрчил маргааныг Газрын тухай хууль болон бусад холбогдох хуулиудтай уялдуулан хянан шийдвэрлэж байна. Иргэдээс ирээд шийдвэрлэгдээгүй удсан газартай холбоотой 942 өргөдөл гомдлыг Байнгын зөвлөл хэлэлцээд 533 өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн. Дүүргийн Засаг дарга дан ганцаараа газар эзэмших, ашиглах асуудлыг шийдвэрлэхгүй. “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл”-ийг байгуулснаар газартай холбоотой бүх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой болсон” гэдгийг онцолж хэллээ.

Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил маргаантай болон дур мэдэн эзэмшил газраа сунгасан болон зөвшөөрөлгүй хашаануудын судалгааг гаргаж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байна. Чингэлтэй дүүргийн зургаан хорооны 21 байршилд 70 объектыг чөлөөлөхөөр болжээ. Мөн тус дүүргийн хоёрдугаар хороонд зөвшөөрөлгүй 15 гражийг буулгаж Жишиг өрхийн эмнэлэг баригдахаар барилгын ажлыг эхлүүлжээ. Зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй хашаа татсан, орц гарц хааж эзэмшил газраа тэлсэн асуудлыг шийдвэрлэсэн талаар Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Амартайван мэдээллээ.

Хууль бусаар олгогдсон газруудыг чөлөөлөх хяналт шалгалтын хүрээнд эрх хэмжээг хэтрүүлэн ашигласан, газар эзэмших эрхийг хууль бусаар олгосон, үндэслэлгүй шийдвэр гаргасан нь тогтоогдсон захирамжуудыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хүчингүй болгох захирамж гаргасан байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол “Дүүргийн Засаг дарга Байнгын зөвлөлийн оролцоотойгоор газрын маргаантай асуудлыг хурдан шуурхай хуулийн хүрээнд шийдвэрлэж байна. 2007 оноос хойш шийдвэрлэгдээгүй дарагдсан 940 гаруй өргөдөлд тодорхой шийдвэр гаргасан. Цаашид 14 хоног тутас “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл” хуралдаж газрын маргааныг хянан шийдвэрлэнэ. Дүүргийн хэмжээнд дан ганц иргэдээс ирүүлсэн газрын зөрчил маргаан шийдвэрлэхээс гадна зөвшөөрөлгүй тавигдсан ТҮЦ-үүд, эзэмшил газраа дур мэдэн сунгасан хашаануудыг буулгаж цэгцэлж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдын баримтлах зөвлөмж

Эрүүл мэндийн яамнаас Цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад өгөх зөвлөмжийг гаргасан байна.

Цэргийн анги, нэгтгэлд:
• Нийт бие бүрэлдэхүүний халууныг өглөө, оройд үзэх
• Жагсаал, дасгал сургуулилтын үед 1-1.5 метрийн зай барих
• Хоолны ширээ, орыг 1-1,5 метр зайтай байрлуулах
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Хичээл, сургалтын танхимын 50%-г ашиглахаар ширээ, сандал байрлуулах
• Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
• Ар гэрийн эргэлтийг хязгаарлах
• Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах
• Цэрэг, бие бүрэлдэхүүнд хэт ачаалал өгөхгүй, 22 цагт амраах
• Зэвсэг, хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Гудас, хөнжил зэрэг зөөлөн эдлэлийг өдөр бүр наранд тавих
• Хатуу гадаргуу, ариун цэврийн өрөө, усанд орох газар зэргийг тогтмол цэвэрлэх, 1л усанд 0,25мл белизна хийж халдваргүйжүүлэх
• Анги нэгтгэлийн эмч, эмнэлгийн ажилтан халдвараас сэргийлэх, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг бие бүрэлдэхүүнд тогтмол өгөх
• Зөвлөмж, сэрэмжлүүлгийг ил байршуулах
• Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх
Цэргийн алба хаагчдад:
• Амны хаалт зүүх
• Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй байх
• Хүн хоорондын зай барих
• Хоол унд хувааж идэхгүй байх
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
• Өглөө, оройд сод, давсны уусмалаар хоолойг ээлжлэн зайлах
• Тамхи дамжуулж татахгүй байх
• Хувцас хунараа сольж өмсөхгүй байх
• Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
• Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх
• 1л усанд 0,25мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх