Categories
мэдээ цаг-үе

Б.Гүнболд: Шинэ Зуунмод, Майдар хотын бүтээн байгуулалт 30 жил өрнөнө

БХБЯ-ны Хот байгуулалт газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболдтой ярилцлаа.


-Манай улсад төдийгүй дэлхий дахинд хүн амын төвлөрөл хот руугаа чиглэн эрчимтэй нэмэгдсээр байна. Тэр хүрээнд манай улс ч нийслэл хотоо дагуулсан дагуул хотууд барих талаар яригдаад удаж байгаа. Саяхан чуулганы хуралдаанаар “Шинэ Зуун мод” хот, “Майдар” хот байгуулах тогтоол батлагдсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсад хотжих үйл явц хурдацтай өрнөж хот, суурин газарт амьдарч байгаа хүн амын эзлэх хувь өссөөр байгаатай санал нэг байна. нийслэл болон хоёрдагч хот болох дархан, Эрдэнэтэд нийт хүн амын 70 орчим хувь нь амьдарч байна. Энэ үзүүлэлтийг дэлхий дахины дундажтай харьцуулахад 2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 хувь хот суурин газар амьдарна гэсэн тооцоо судалгаа бий. Үүнээс харахад эрчимтэй хотжилт Монгол Улсад явагджээ. Хотжилт эерэг, сөрөг үр дагавартай байна л даа. Сөрөг үр дагаврын тухайд бид маш хурцаар ярьдаг. Жишээ нь, агаар хөрсний бохирдол, авто замын түгжрэл зэргийг дурдаж болно. Нөгөө талаас сайн үр дагавар нь нягтрал төвлөрлөөс үүдэлтэй эдийн засаг өсч, ажлын байр бий болдог. энэ бүх асуудлыг хэрхэн зохистой шийдэх нь манай улсын хот байгуулалтын тулгамдсан асуудал болчихлоо. иймээс үндэсний хэмжээний бодлого буюу монгол Улсын хүн амын нягтаршил суурьшлын ерөнхий төслийг барилга хот байгуулалтын яамнаас боловсруулж байна. Түүнчлэн бүс нутаг, аймгийн төвүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөө 20:40-ийг боловсруулах ажил өрнөж байна.

Манай улсын хүн амын тэн хагас нь нийслэл хотын нутаг дэвсгэрт төвлөрчихлөө. Энэхүү төвлөрлөөс үүдэлтэй өнөөдөр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд хэд хэдэн ажил хийгдэж байна. Нэгдүгээрт, нэг төвтэй байсан нийслэл хотыг олон төвтэй болгохоор шийдсэн. Улаанбаатар хотыг даган хөгжиж байгаа дагуул хот тосгодуудыг хөгжүүлэхээр боллоо. Хот байгуулах процесс урт хугацааны маш том хөрөнгө оруулалт байдаг. Маш олон салбарын уялдаа шаардагдана. Эрчим хүч, ус, олон нийтийн үйлчилгээ зэргийг дурдаж болно. Эхний ээлжинд бид Засгийн газартаа ярьж байгаад ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ажлын хэсэг маань салбар хоорондын уялдааг хангаж өгнө. Ин-гэснээр төлөвлөгөөнийхөө дагуу шийдвэрүүд гаргахаас гадна эрх зүйн талаас олон шийдвэрийг үе шаттай гаргах юм. Мөн эдийн засгийн агуулгыг нь харж энэхүү хот тосгодыг төрөлжүүлнэ. Шинэ зуун мод хот, Майдар хот маань Их хурлын тогтоолоор бие даасан орон нутгийн зэрэглэлтэй хот байхаар батлагдлаа.

-Энэ хоёр хот аль аль газар нутгийг хамрахаар байгаа вэ. Хүн амын хувьд төлөвлөгөөнд хэрхэн тусгагдав?

-Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд байршиж байгаа. Тэгэхээр энэ бүс нутгийн хөгжлийг хооронд нь уялдаатай байлгахыг зорьж байгаа юм. Энэ бүс нутагт Шинэ Зуунмод хотоос гадна Төв аймгийн Зуунмод хот, Сэргэлэн сумын төв багтаж байгаа. Шинэ Зуунмод хот 34 мянган хүн амтай, архитектор-орон зайн төлөвлөлтийн хувьд Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аялагчдын сонирхлыг татсан эдийн засгийн чөлөөт бүс бүхий хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн нэгдсэн зангилаа, мэдээлэл технологи, био технологи, нано технологиийн чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн, өндөр технологийн инновацийн кластерын бүсийг байгуулсан, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжиж, ухаалаг тээврийн сүлжээг нэвтрүүлсэн ухаалаг хот байхаар төлөвлөгдсөн. Харин “Майдар” хот нь орчин үеийн техник, техологид тулгуурласан төлөвлөлтийн шийдэл бүхий ухаалаг инженерийн дэд бүтэц бүхий манай орны соёл, ёс заншлыг бүрэн шингээсэн аялал жуулчлалын хөгжлийг дэмжсэн, их дээд сургуулиудыг нэг дор цогцолбор байдлаар төлөвлөсөн, төлөвлөтийн хугацаанд 200 гаруй мянган хүн амтай, байгаль орчинд ээлтэй, нөөц баялагт хэм-нэлттэй, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулсан ногоон хөгжлийн зарчимд тулгуурласан эко хот байхаар төлөвлөгдсөн. Мөн “Их Майдар” бурхны хөшөөт цогцолбор, кино үйлдвэрийн цогцолбор, түүнийг даган зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламжуудыг байгуулах, түүнтэй холбогдуулан аялал жуулчлалын шинэ урсгал бий болгох концепцитэй байхаар төлөвлөгдөж байгаа. “Шинэ Зуунмод” /Аэросити/ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу эхний ээлжийн арга хэмжээний хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, “Майдар” хотын хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх ажилтай холбогдуулан Засгийн газрын 2019 оны 390 дүгээр тогтоолоор санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэн холбогдох ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. “Шинэ Зуунмод”, “Майдар” хотууд байгуулагдсанаар тухайн хотод суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болж эхлэх бөгөөд Улаанбаатар хотруу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарах бөгөөд хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирч ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл бий болно гэж үзэж байгаа юм. Төв аймгийн төв Зуунмод хот нь Аэросити хот, “Майдар хот” төсөлтэй уялдсан Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Богдхаан төмөр зам, АНЗ олон улсын хурдны авто замыг түшиглэн шинэ эх газрын боомт, холимог тээврийн логистик төв бүхий бизнес зангилаа буюу хөдөө аж ахуйд тулгуурласан, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл болон барилгын материалын үйлдвэрлэлд тулгуурласан үйлдвэрлэлийн парк бүхий Төвийн бүсийн тулгуур төв хот байхаар төлөвлөгдсөн. Энэ хотууд шинээр байгуулагдсанаар нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө буурч, эдийн засгийн тодорхой салбарууд тогтвортой хөгжих бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн, хүн ам эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангасан, агаарын тээвэр, аялал жуулчлал, шинжлэх ухааны цогцолбор төв бүхий суурин газрууд шинээр бий болно гэж үзэж байгаа юм.

-Ямарваа нэгэн хот усаа дагаж байгуулагддаг. Майдар хотын хувьд усны нөөц тулгамдсан асуудал шүү дээ. Энэ хотын усыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Томоохон суурьшлын бүс бий болоход нэн тэргүүнд хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийгдэх ёстой. Үүний дагуу хөрөнгийг нь шийдвэрлэж усны нөөц хайгуулыг нэмж тогтоох асуудал бий. Эдгээр төслүүдэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэх юм. Ингэснээр хот тосгодыг ялангуяа Майдар хотын асуудлыг Герман улсын мастер план концепцийг энэ бүс нутагт хэрхэн хэрэгжүүлэх нарийвчилсан судалгаанууд дээр үндэслэсэн ТЭЗҮ гарч ирэх юм. Одоо байгаа бүс нутагт тогтоосон усны нөөцийг “Шинэ Зуунмод” хот болон одоогийн Зуунмод нийлээд 100 орчим мянган хүн амд хангалттай гэж үзсэн. Майдарын хувьд шинээр усны нөөц тогтоох судалгааны ажлыг эхлүүлсэн. Байгаль орчны яам үүн дээр голлон ажиллаж байна. 300 мянган хүн амыг хангах усны нөөц байгаа эсэхийг нарийвчилсан судалгаагаар тодорхойлно. Үүнээс гадна шинээр төлөвлөж байгаа хот байгуулалтын ажил, бүтээн байгуулалтын төлөвлөгөөнүүдийг аль болох ухаалаг технологи ашиглах, усны хэмнэлтийг тооцдог дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэхээр зорьж байна.

-Хот байгуулах ажил гэдэг олон сар, жил үргэлжлэх нүсэр бүтээн байгуулалт. Хоёр хотын бүтээн байгуулалтын ажил хэдэн үе шаттай хэрэгжих бол. Эхний ээлжинд ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна?

-Хот байгуулах хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу урьдчилсан байдлаар энэхүү хоёр хотыг 30 жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалт гэж харж байгаа. Бид дөрвөн үе шатанд хувааж авч үзсэн. Эхний үе шатанд хот байгуулах шийдвэр гарснаар бид хотын бүрдүүлэгч элементүүдийг хангах шаардлагатай. Дэд бүтэц, ажлын байрыг бий болгох, аж үйлдвэрийн хөгжил, газар нутаг засаг захиргааны нэгжүүдийг бий болгох зэрэг асуудлыг хангах юм. Эхний үе шатаа 5-10 жил гэж тооцоолсон. Энэ хугацаанд дэд бүтцийг барьж байгуулна. Шинэ Зуунмод хотын хувьд батлагдсан хөгжлийн төлөвлөгөөний дагуу 32 их наяд төгрөгийг 30 жилийн хугацаанд төсөвлөсөн. Үүнээс эхний үе шатанд дэд бүтцэд шаардлагатай төрийн зүгээс хийх хөрөнгө оруулалт 1.7 их наяд төгрөг зарцуулагдана.

-Цаг үетэй холбогдуулж асуухад дэлхий нийтэд үүсээд байгаа цар тахлаас шалтгаалсан нөхцөл байдлаас барилгын салбар царцах эрсдэл үүсэхээр байна уу. Одоогоор цементийн нийлүүлэлт багасч байгаа тухай яригдаад эхэллээ…

-Барилгын салбарт цар тахалтай холбоотойгоор ойрын хугацаанд цементний үнийг хөөрөгдөх асуудал яригдаж байна. Энэ бол түр зуурын үзэгдэл гэж бид харж байгаа. Монгол Улсын цемент үйлдвэрлэх хүчин чадал нь өөрийн хэрэглээнээсээ давсан. Үйлдвэрүүдэд ажиллах горимууд байдаг. Тодорхой хэмжээний цемент үйлдвэрлэх, үйлдвэр ажиллахад эрчим хүч шаардлагатай. Одоо ажиллаж байгаа хүчин чадалтай цементний үйлдвэр 100 хувь ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Жишээ нь, гадны хөрөнгө оруулалттай цементний үйлдвэрийн ажиллах хүчин орж ирээгүй зэрэг шалтгаануудыг харахад түр зуурын хомсдол үүссэн гэж харж байгаа юм.

-Барилгын салбарт урд урдынхаас илүү их хөрөнгө оруулалтыг төсөвт суулгасан. Царцах эрсдэл үүсэх эсэхийг үгүйсгэхгүй юм…

-Төсөвт барилгын салбарт чиглэсэн ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт тавигдсан. Энэ утгаараа барилгын салбарт орох хөрөнгө оруулалтын ажлууд хэвийн үйлчилнэ гэж харж байгаа. Урт хугацаандаа барилгын салбарын бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжлэх байх гэсэн хүлээлт ч байна. Барилгын талбай дээр ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй шинээр үүссэн цар тахлаас сэргийлэх арга хэмжээнүүдийг илүү зохион байгуулалттай авч үзэх нь зүйтэй. Барилгын салбарын гол бүтээгдэхүүний нэг орон сууцны салбар байдаг. Ипотекийн зээлээс гадна байраа түрээслээд өмчлөх орон сууцны шинэ хувилбарууд, арга хэрэгслийг бий болгох тал дээр Барилгын яам, Сангийн яам, Монголбанк шинэ бодлогууд боловсруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МОНГОЛ ДЕЛО (9)

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Отгоны дело (хэрэг) 1980. МАХН-ын намын боловсон хүчнийг бэлддэг МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургууль гэж байсан. Тэнд намын боловсон хүчин бэлдэж сургадаг ч ихэнх суралцагчид нь намын доод шатны байгууллагын дарга, ажилтан, албан хаагч байдаг, Хоёр сараас нэг жил хүртэл мэргэжил дээшлүүлэх курс дамжаанд явдаг байлаа. Мөн ихэнх суралцагсад хөдөө орон нутгаас ирнэ. Тус сургуулийн бүх хичээл орос хэлээр орно. Хичээлийн танхимд багшийн амнаас ганц ч монгол үг гарч болохгүй гэж сургуулийн захиргаанаас шаардана. Гэтэл нас нэлээд хэлбийсэн, урьд нь дээд сургуулиар явж байгаагүй, ихэнх нь хөдөөнөөс ирсэн хүмүүсийн дунд орос хэлтэй нь өдрийн од шиг. Тус сургуулийн эдийн засгийн багш Отгон хурал дээр энэ асуудлыг тавиад эдгээр суралцагсад хичээл огт ойлгодоггүй болохоор ярилцах асуух юм ер гардаггүй, тэгээд ч нас нь явчихсан болохоор цоо шинээр орос хэл суралцах бололцоо байхгүй байна гэж шүүмжилжээ.

Үгийнхээ төгсгөлд “эд хөдөөнөө эргэж очоод хонь малтайгаа оросоор ярилцах юм уу!” гээд аваад хаяж. Энэ нь томоохон асуудал болж намын бодлогыг эсэргүүцсэн хэрэгт оров. Отгон багшийг намаас нь хөөж, ажлаас нь халсан төдийгүй оюуны хөдөлмөр хийх бололцоог нь бүрмөсөн хаажээ. Өөрөөр хэлбэл боломжийн цалинтай ажилд орох бололцоог нь хаасан гэсэн үг.

Гочоогийн дело (хэрэг) 1981. Хөдөө аж ахуйн яамны харьяа ургамлын хортон шавьжтай тэмцэх газарт Гочоо хэмээх нэлээд зальжин сүйхээтэй эр ажилладаг байжээ. Түүний хариуцсан ажил нь хортон шавьж устгахын тулд хордуулсан тариа будааг тариалангийн талбайд цацах. Тиймээс ч хөдөө их явна. Хотоос гарахдаа машиныхаа номерыг дарга нарын улаан номероор сольж чухал том даргын дүрд хувилна. Ажил нь амархан бүтэхээс гадна хаа явсан газраа хүндлэл хүлээж дайлж цайлуулахын тулд. Сайдынхаа машиныг унаад алга болчихсон тохиолдол ч бий, гэхдээ зальдаад аргалаад өнгөрөөнө. Дээдэс дарга нарын нэр барина. Гадаад эхнэртэй, тэр нь уран эмэгтэй бололтой гэртээ хувцас оёж зарна, хувиараа аж ахуй хөтлөх нь хориотой боловч огт сэжиг төрүүлэхгүй, баригдахгүй. Нэг үгэндээ Монголын Остап Бендер. Үнэндээ хуулийн үүднээс авч үзвэл гэмт хэрэг хийсэн явдал үгүй. Гэтэл нэг удаа хөдөө томилолтоор явахдаа ачиж явсан хордуулсан будаагаа эзгүй газар булж нуужээ. Залхуурсан юм болов уу. Энэ нь баригдлаа. Түүнийг шүүхээр оруулж 12 жилийн ял өгсөн. Энэ бол хүн амины хэрэгт өгдөг онцгой ял. Захиалга эсвэл даалгавар, магадгүй тушаал! Мэдээж зальтай нөхөрт дургүй дарга нарын зүгээс. Хашрааж байгаа юм болов уу?

Акимын дело (хэрэг) 1996. “Ил товчоо” сонины эрхлэгч Готовын Аким сониндоо бичсэн нэгэн өгүүлэлдээ “Махан овоо цусан далай бий болгосон Монгол ардын хувьсгалт нам” гэсэн өгүүлбэр оруулжээ. Үүний төлөө МАХН шүүхэд хандан түүнээс 80 сая төгрөг нэхэмжлэв. Прокурор асуудлыг шүүрэн авч шүүхэд шилжүүлсэн төдийгүй “Ил товчоо” сонинд улсын нууцтай асуудал хэвлэгдсэн гэдэг өөр нэг гомдолтой нийлүүлэн гурван жилийн хорих ял төлөвлөжээ. Аким шүүх хуралд МАХН-ын өөрийнх нь хэвлүүлсэн түүхийн ном, сурах бичгийг үзүүлж “ийм олон хүн алахаар цус гарах уу, тос гарах уу?” гэсэн асуулт тавьсан нь шүүгчдийг мохоосон төдийгүй тэд бүгдээрээ инээлдэж байв. Улсын нууц задруулсан асуудлыг үүрэг хүлээсэн тодорхой хүмүүс хариуцлага хүлээх болохоос шинэ иргэн болгон улсын нууц хадгалах үүрэг хариуцлага хүлээхгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг баримтлан авч хэлэлцээгүй. Акимыг шүүх цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Энхсайханы дело (хэрэг) 1996. Дөнгөж Ерөнхий сайд болоод байсан Мэндсайханы Энхсайхан, гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороон дарга С.Зориг нар зөрчилджээ. Шалтгаан нь Тагнуулын газрын даргыг хэнээр тавих тухай. Аль алинд нь энэ хэрэгт оролцох, саналаа үгээ хэлэх эрх бий. Ерөнхий сайд өөртөө хамаарах Тагнуулын газрын даргаар генерал Баатарыг дэвшүүлж албанд нь дөнгөж тавьсан байв. Харин Аюулгүй байдлын хороон дарга энэ албанд Баатар тэнцэхгүй гэж үзжээ. Гол нь Тагнуулын даргыг тавихдаа Аюулгүй байдлын хороотой зөвшилцсөнгүй гэдэгт уурласан.

Ийм маргаан болсныг гишүүн Ц.Нямдорж олоод сонсчихжээ. Баатар нь Ерөнхий сайд Бямбасүрэнгийн үед Тагнуулын газрыг толгойлж байхдаа Нямдоржийг Хятадын тусгай албадтай холбогдож байсан баримтыг олж түүнийг мөрдөх ажиллагаа зохиосон гэдэг. Иймээс Нямдоржийн ясны дайсан, тэгээд ч Баатар дахин тэр албандаа эргэж орвол Нямдоржийн тухай улам их юм ухах болно.

Иймээс Аюулгүй байдлын байнгын хороон даргыг гуйн Тагнуулын албанд шалгалт оруулъя гэж шалсан гэдэг. Шалтгааныг түүнд тайлбарлахдаа Ерөнхий сайд Энхсайхан гишүүдийг мөрдөж, утсыг нь сэм чагнаад байна, энэ талаар тагнуулын шударга ажилтнууд надад дуулгалаа гэжээ. Удтал шалсны эцэст Аюулгүй байдлын хороон дарга зөвшөөрч комисс байгуулан шалгасан. Баатар дөнгөж шинэ албаа хүлээж авангуутаа Ерөнхий сайд асан Жасрайг мөрдөж, утсыг нь байнга чагнаж байсан гэсэн дүгнэлт тэндээс гаргуулсан. Энэ бол худал дүгнэлт байсан, учир нь тэр үед дөнгөж зах зээлд нэвтэрч эхэлж байсан гар утсыг тагнах, сонсох төхөөрөмж Тагнуулын газарт байгаагүй. Юутай ч Нямдорж үүнийгээ түмэн янзаар тайлбарлан зүтгэсэн учир Энхсайханыг сая төгрөгөөр торгох шийдвэр шүүхээр гаргуулж дөнгөсөн. Хамгийн гол нь Баатарыг Тагнуулын ерөнхий газрын даргаас нь халуулах шийдвэрийг УИХ-аас гаргуулж чадсан. Тагнуулын даргаар төдөлгүй Энхнасан томилогдсон.

Үргэлжлэл. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртэлх түүхийг дараагийн дугааруудад хэлхье.

2020.5.17

Categories
мэдээ цаг-үе

Б.Тунгалагтуяа: Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл тухайн хүүхдийг тусгай өрөөнд байршуулан шалгалт авна

Энэ жилийн ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. ЭЕШ-тай холбоотой цаг үеийн асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Б.Тунгалагтуяатай ярилцлаа.


-Энэ жил ЭЕШ-ыг хэчнээн шалгалт авах байранд зохион байгуулах бэ?

-ЭЕШ-ын бүртгэлд хамрагдсан нийт шалгуулагчдыг улсын хэмжээнд 85 шалгалтын байранд зохион байгуулахаар тооцож хичээл тус бүрээр нь суудлын хуваарилалт хийсэн.

Зургадугаар сарын 1 гэхэд шалгуулагчдын суудлын хуваарийг бҮт-ийн вэб сайтад байршуулна. энэ оны төгсөгчид бүртгэлийн хуудсан дээрээ сургуулийнхаа захирлаар тамга даруулж баталгаажуулж байж тухайн бүртгэлийн хуудас хүчинтэй болно.

-Нэг ангид хэчнээн хүүхдийг байршуулах вэ?

-Өмнөх жилүүдэд 50 шалгалтын байранд эЕШ-ыг зохион байгуулдаг байсан бол энэ жил “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг ангид 12-оос дээш тооны хүүхэд байрлуулахгүй байхаар тооцож 85 шалгалт авах байрыг тодорхой болгоод, тухайн сургуулиудтай нь гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж байна.

Анги тус бүрийг 30 метр квадратаас илүүгүй хэмжээтэй байхаар тооцож байгаа. Тэгэхээр нэг ангид 12 хүүхэд хоорондоо 1.5 метрийн зайтай сууж шалгалтаа өгнө. Харин 30 метр квадратаас бага хэмжээтэй ангид 10 хүүхэд шалгалт өгөхөөр тооцсон. Улаанбаатар хотын хэмжээнд 43 шалгалтын байр, харин хөдөө орон нутагт 42 шалгалтын байранд ЭЕШ-ыг зохион байгуулахаар болсон.

-ЭЕШ-ыг зохион байгуулах журамд “Ковид-19” цар тахалтай холбоотой ямар өөрчлөлт нэмэлтээр оруулж байгаа вэ?

-Зохион байгуулалтын хувьд өмнөх жилүүдийн журам үйлчилнэ. Хүүхдүүд шалгалт авах байранд нэвтрэхдээ гурван хяналтын дамжлагаар шалгуулах юм. Өмнөх жилүүдэд шалгуулагч тухайн шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалт авах байрандаа ирдэг байсан. Харин энэ жил хүүхэд тус бүрийн шалгалт авах байранд ирэх хугацааг нарийвчлан зааж өгч байгаа. Ингэснээр бөөгнөрөл үүсгэхгүй байх боломжтой. Шалгалт авах байр болгонд эмч, ариутгал хийх үйлчлэгч нар ажиллана.

-Хүүхдүүдийг шалгалтын байранд нэвтрэхэд халууныг ньхэмжинэ гэсэн. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрэв сэжигтэй шинж тэмдэг илэрвэл тухайн хүүхдийг тусгай өрөөнд байршуулан шалгалтыг авна. Шалгалт авах байр болгонд тусгаарлах байрыг давхар бэлтгэж байгаа. Тухайн хүүхэд өндөр халуунтай байх ч юм уу, өөр ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд тусгай өрөөнд шалгалтаа өгнө.

-Өнөө жил шалгалт авах байруудын тоо нэмэгдэж байгаа. Тэгэхээр шууд засалтын машин хүрэлцээтэй байгаа юу?

-Хангалттай хүрэлцээтэй байгаа. Өнөө жилийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил шууд засалтын машинаар шалгана. Харин дүнг мэдээлэхдээ хүүхдүүдийг цугларлуулж, бөөгнөрөл үүсгэхгүй лайв хэлбэрээр зарлана.Аймаг тус бүрт нэг шууд засалтын машин ашиглахаар тооцож байгаа.

-Хүүхдүүд ЭЕШ-д ирэхдээ цагаасаа хоцорсон тохиолдол гарвал хэрхэх вэ?

-Ирэх цагаасаа ерөөсөө хоцорч болохгүй. Бас цагаасаа эрт ирж болохгүйг анхааруулж байна.

-Хоцорчих вий хэмээн болгоомжлоод цагаасаа эрт шалгалт авах байранд ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Тухайн бүсээс явуулах арга хэмжээг авна. Бөөгнөрөл үүсгэхгүйн тулд цагийг нарийн зааж өгч буй учраас хэрэв хүүхэд цагаасаа эрт ирэх л юм бол шалгалт эхлэх хугацаа хүртэл буцаана гэсэн үг.

-Энэ жил монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлүүдийн сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг ЭЕШ-д оруулахгүй байхаар болсон. Ямар учраас ийм шийдвэрийг гаргах болов?

-Шалгалт авах байртай холбоотойгоор ийм зохицуулалт хийсэн. Өмнөх жилүүдэд бүх шалгалт авах байранд хяналтын камер болон сонсгох төхөөрөмж байршуулсан байдаг. Харин энэ жил шалгалт авах танхимуудын тоо нэмэгдсэн учраас төдий тооны олон ангид сонсгох төхөөрөмж байрлуулах боломж байхгүй. Тийм учраас энэ жил монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлүүдийн сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг ЭЕШ-д оруулахгүй байх зохицуулалтыг хийсэн.

-Гадаадын улс орнууд руу сургуульд явах төлөвлөөтэй байсан ч “Ковид-19” цар тахлаас шалтгаалан явж чадахаааргүй болж ЭЕШ-ын бүртгэлээс хоцорсон хүүхдүүд нэлээн байх шиг. Ер нь энэ төрлийн гомдлууд хэр ирж байна вэ?

-Бүртгэлээс хоцорсон гэх асуудлаар олон хүүхэд хандаж байна. Тэтгэлэг авчихсан гадаадын улс орнуудад суралцахаар болоод байсан ч “Ковид-19” цар тахлаас шалтгаалаад цуцлагдсан учраас Монголд суралцах хүсэлтэй хүүхдүүд Боловсролын үнэлгээний төвд нэлээн хандаж байгаа. Ийм төрлийн асуудлаар өчигдрийг хүртэлх хугацаанд ирсэн бүх өргөдлийг шийдвэрлэсэн. Өчигдөр суудлын хуваарилалтыг бүрэн хийж дууссан учраас үүнээс хойших хугацаанд ийм төрлийн ямар ч гомдлыг авч хэлэлцэхгүй.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Л.Баясалмаа: Хүн йог хийж эхэлсэн цагаасаа тэр насандаа гацчихдаг гэдэг үнэний хувьтай

Виньяаса йогийн багш Л.Баясалмаатай ярилцлаа.


-Йог бол зөвхөн дасгал хөдөлгөөн гэж ойлгох нь бий. Нөгөөтэйгүүр өөрийгөө танин мэдэх үйл явц ч гэдэг?

-Йог гэдэг өөрөө их өргөн ойлголт л доо. Энэ талаар ярих болбол үүх түүхтэй нь ярих шаардлага үүснэ. Ер нь өөрийгөө таньж мэдэх үйл явц гэдэг ойлголт илүү дөхөм. Өөртэйгөө нүүр тулж, өөрийгөө ямар чадамжтай, ямар хүн бэ гэдгийг ойлгож авахын тулд бид йог хийдэг гэж ойлгож болно. Йог гэдэгт дасгал хөдөлгөөн, бясалгал цогцоороо багтдаг. Зөвхөн махан биеийн дасгалаа хийгээд тархины дасгал болох бясалгалаа орхигдуулбал йогийн мөн чанар алдагдана. Тиймээс үр дүн ярих гэж байгаа бол йогийг угаас нь эхэлж зөв суурьтай сурах хэрэгтэй болдог. Өнөөгийн бидний энэ их завгүй амьдралын хэв маяг орчин үеийн хүний бие болоод сэтгэл зүйг ихээр эвдэж байна. Асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ амьдралын хэмнэлийн завсарт түр зуур ч болов амсхийгээд өөртэйгөө нүүр тулаад үзвэл бид юунд зориод, яаж амьдраад байгаа утга учраа ойлгоно. Үүнийг л йогоор ойлгож авах юм уу даа. Йог бол тоолж, дурдаж баршгүй их ашиг тустай. Үүнийг залуу байхаасаа л эхлүүлэх хэрэгтэй. Тухайн хүн йог хийж эхэлсэн цагаасаа тэр насандаа гацчихдаг гэж хошигнож хэлдэг ч үнэний хувьтай. Учир нь йог хийснээр эд эсийн түвшинд эрүүлжиж байгаа нь дотоод биед ч гадна төрхөнд ч илтэд мэдэгдэж эхэлдэг. Үүнийг хүн өөрөө хийснээр л ойлгож эхэлнэ.

-Йог нь дотроо олон төрөлтэй боловч бүгд нэг л зорилготой гэдэг. Энэ зорилгын талаар ярихгүй юу?

-Ер нь йог, энэ олон шашин бүгд эцсийн нэг цэг дээр очиж зогсдог. Хүн төрөлхтөн өөрийгөө судлах, эрж хайх, таних ажлыг хийсээр ирсэн. Үүнийг бүх шашин болоод йог бясалгал ойлгуулах гэж хичээдэг. Йогийн хувьд ярихад Монголд анх Хатха йог ихэд дэлгэрсэн. Одоо бол төрөл бүрийн йог дэлгэрч байна. Хүмүүст энэ нь илүү, тэр нь сайн гэж хэлэх аргагүй. Тухайн хүн сонирхлоороо өөрийн хүссэн йогийн төрлөөр хичээллэж болно. Би анх “Нараа” йогийн төв дээр Нараа багш дээрээ Хатха йог сурч эхэлж байсан. Харин багш болоод виньяаса йогийн багш болсноор энэ йогийн төрлийг түлхүү заадаг болсон. Энэ бол амьсгалыг тасралтгүй хөдөлгөөнтэй хослуулан урсгах төрөл. Виняьаса йогд амьсгал, төвлөрөл, хөдөлгөөн гурав нэгдэж нэгэн цогц болдог. Ингэхээр хүмүүс йог чинь уйтгартай юм байна гэж бодож эхэлдэг. Гэтэл нөгөө эрүүл амьдрах хэв маяг чинь йогт байгаа гэдгийг ойлгоод авчихвал йогд хүмүүс дурладаг. Йогийн олон төрөл байгаа учраас та алийг нь ч сонгож болно. Би зөвхөн виньяаса гэхгүй бусад йогийн төрлүүдийг ч заадаг. Мөн сүүлийн дөрвөн жил випашяна бясалгалаар өөрийгөө дадлагажуулж байгаа болохоор бясалгалаа давхар хүмүүст зааж байгаа. Өвчин гарснаас хойш дөрвөн йогчин маань нийлээд цахим сургалт явуулж эхэлсэн.

-Цахим сургалтаараа чухам юуг онцолж зааж байна. Ер нь хүмүүс хаана хаанаас сургалтад хамрагдаж байна вэ?

-Энэ ажлаараа хүмүүст йогийн талаар зөв мэдлэг олгох, анхан шатны хичээлийг зөв суурьтай заах тал дээр ихэд анхаарч ажиллаж байгаа. Гадаадад байгаа монголчууд ихээр хамрагдсан. Тэдний маань сэтгэгдэл маш өндөр байгаа. Өдөр болгон бидэнтэй холбогдож баярлаж талархаж байгаагаа хэлж байна. Дөрвөн багш зааж байгаа учраас биднээс суралцах үр өгөөж нь арвин байна гэдгээ ч дурдаж байна. Бидний зорилго биелж байна гэж харж байна. Хүмүүсийг йогийг мэдрээсэй гэж хүсч байсан хүсэл бага багаар ахиж л байна. Бид газрын йог заахаас гадна агаарын йог ч заадаг. Энэ ч утгаараа йогийг цогцоор нь хүмүүст хүргэх гэж ажиллаж байна.

– Хөл хорионы үеэр хүмүүс гэртээ удаан байж, нийгмийн харилцаанаас тусгаарлагдах үед бие болон сэтгэл санааны хувьд тогтворгүй болж эхэлж байгаа нь ажиглагдах боллоо. Ийм үед йогийг интернэтээр бие даан сурвал хэр үр дүнтэй бол?

-Хүн гэдэг нийгмийн амьтан учраас энэ бол бидний хувьд том сорилт болж байна. Тиймээс гэртээ байх хугацаагаа үр ашигтай, зөв зүйтэй өнгөрүүлэхийг чухалчлаарай гэж зөвлөх байна. Энэ цаг хугацаанд шинэ зүйл сурах, биеэ хөгжүүлэх бүрэн боломж бидэнд гарч ирж байгаа. Мөн сэтгэл санааны тэнцвэрээ хадгалах нь чухал болоод байна. Тиймээс йог бясалгал танд тусална. Онлайнаар йог хийхэд зөв буруу хийж байгаагаа мэдэхгүй байх гэж хүмүүс санаа зовдог. Энэ бас л багшийн ур чадвар болон шавийн уйгагүй хичээл зүтгэлээс шалтгаалах асуудал юм. Сайн багш ямар ч хүнд юм сургах чадвартай байдаг бол сайн сурагч аливаа зүйлд мэрийлттэй, зорилготой байвал онлайнаар сурахад асуудал, хүндрэл гарахгүй. Сурах чигийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно гэж үг байдаг даа. /инээв/

-Хүүхдийн, ахмадын, жирэмсний гээд йогийн олон ангиллууд бий. Ер нь Монголд ихэвчлэн хэдээс хэдэн насныхан сонирхож хичээллэж байна вэ?

-Сүүлийн үед Монголд йогоор бүх насныхан хичээллэдэг болж байгаа. Энэ нь ч сайшаалтай хэрэг. Одоо хүмүүс илүү эрүүл мэнддээ анхаарч, зөв зүйтэй зүйлдээ мөнгө зарцуулж чаддаг болсон. Тиймээс йогоор хэдэн ч настай хүн хичээллэж болох учраас гагцхүү өөрийгөө гэсэн хүн бүхэнд нээлттэй.

-Сүүлийн үед судлаачид дасгал хөдөлгөөн хийх нь дархлааг дэмжихээс гадна сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг талаар дурдаад байгаа. Ер нь йогоор хичээллээд өвчнөөсөө салсан тохиолдол Монголд бий юү?

-Дасгал хийхэд хүний хөлсөөр стресс ядаргаа ч мөн арилдаг. Өвчнөөсөө салсан тохиолдол маш олон. Зөвхөн биеийн өвчин гэлтгүй сэтгэлийн өвчин гэж зүйл бий. Йог бол эрүүл зөв амьдрах арга ухаан учраас хэн нэгэн сэтгэлийг дарамт, айдас түгшүүрээс салах нь олонтаа. Тэгэхээр дасгал хийж байгаа боловч та биеэ эрүүлжүүлж, эмчилж байгаа. Олон хүн нурууны өвчтэй, ходоод гэдэсний хямралтай гээд йогоор хичээллээд эдгэрсэн тухайгаа ярьдаг. Тийм учраас йог бол зөв амьдрах арга ухаан бас зөв байх оюуны ухаан.

-Хүмүүст йогийн хичээл заахдаа зөвхөн бие,сэтгэлийн дасгал бус хажуугаар нь зөв хооллолтын хэв маягт нь анхаардаг уу?

-Яг энэ асуудал монголчуудын нэн түрүүнд анхаарах ёстой асуудал болоод байна. Бидний уламжлал эвдэгдэж, суурин амьдралтай болсон цагаас хоол хүнсэндээ анхаарахаа больсон гэж хэлж болно. Өмнө нь монголчууд ийм замбараагүй, хяналтгүй, зохисгүй хооллолтгүй байсан талаар ном сударт ч бичсэн байдаг. Өвөө эмээ нар маань ч хэлж ярьдаг. Гэтэл орчин үед хүмүүс суугаа ажилтай, машин барьдаг болчихоод дээрээс нь буруу хооллолтой болсон. Америкт анх очоод маш их тарган хүмүүс байгааг хараад гайхаж байсан. Гэтэл бид өөрсдөө тийм болсноо анзаарч харахгүй байна. Илүүдэл жин, чихрийн шижин, даралт ихсэх, ходоодны шарх гээд төрөл бүрийн өвчинд нэрвэгджээ. Энэ бол амьдралын хэв маягтай л холбоотой. Зөв хооллолт гэхээр хоолоо учиргүй сойгоод эхэлдэг. Хоол сойх бол зөв хооллолт биш юм. Зөв хооллолт гэдэг нь тухайн газар нутагтаа тохирсон, өөрийн махбодод таарсан, цаг уураасаа шалтгаалж хооллохыг хэлж байгаа юм. Жишээ нь, бид өвлийн цагт будаа, халуун ногоо гэх мэтийг их иддэг. Манай уур амьсгалд, бидний биед энэ нь өвөл зохих уу гэдгийг сайн мэдэхгүйгээс болж хоолны сонголт буруу болдог. Хавар юу идэх вэ, намар юу идэх вэ гэх мэтээр улиралдаа тааруулж хоол хүнсээ сонгохоос гадна хий шар бадганадаа тохируулж хоол хүнсээ, дасгал хөдөлгөөнөө сонгох нь чухал юм. Хий шар бадгана гэдэг бол орчин үеийн анагаах ухаанаар тайлбарлавал цусны бүлэгтээ тохируулж хоол хүнсээ сонгохтой ижил гэж ойлгож болно. Энэ мэтчилэн хоол хүнсний талаар яривал олон зүйл байдаг. Зөв зохистой хооллоод дасгалаа хийж эхэлбэл хоолоо сойгоод байх шаардлага үүсэхгүй.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 12-14 градус дулаан бага зэргийн бороо орно

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус, бусад хэсгээр 3-5 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Монгол-Алтай, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраах, аврах 74 дүгээр ангид шуурхай албаны фургон машиныг хүлээлгэн өглөө

Өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 74 дүгээр ангид шуурхай албаны фургон машиныг хүлээлгэн өглөө. Энэ үеэр “Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Тамгын газрын хамт олон дүүргийнхээ Онцгой байдлын хэлтсийн аливаа гамшгийн үед ажиллах бэлэн байдлыг хангах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалахад нь зориулж байнгын хөрөнгө оруулалт хийж ажилладаг. Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид өнгөрсөн жил дүүргийн төсвийн 200 гаруй сая төгрөгөөр иж бүрэн компьютер, оффисын болон сургалтын ширээ сандал, аврах ажиллагаанд шаардагдах холбооны, бусад багаж хэрэгсэл зэргийг шийдвэрлэсэн. Энэ удаа мөн дүүргийн төсвийн 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шуурхай албаны фургон машиныг авч өгч байна. Энэ бол онцгой байдлын албаны гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, аврах ажиллагааны чадавхийг дээшлүүлэх, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж байгаа томоохон хөрөнгө оруулалтын нэг” гэдгийг Засаг даргын орлогч тодотгов. Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги нь Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт гал түймэр, гамшиг ослын дуудлагаар гарч ажиллаж байна.

23

25

Categories
мэдээ нийгэм

Баянгол, Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй барьсан хашаа, хаалтуудыг цэгцлэх ажил маш сайн хийгдэж байна

Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаа, хаалтуудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Засаг даргын орлогч нар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад үүрэг болгосон юм.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Хотын дарга С.Амарсайхан нийслэлээс томилогдсон ажлын хэсгүүд өөрийн хариуцсан Баянгол, Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнгө үзэмжгүй хашаа, хаалтуудыг цэгцлэх ажлыг хуваарийн дагуу холбогдох алба, хэлтэс газруудтай нягт уялдаа холбоотой сайн ажиллаж байгааг онцлоод энэ тал дээр ажил нь олигтой явахгүй байгаа Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийг хариуцсан орлогч нар, удирдлагуудыг ажлаа хийхийг санууллаа.

Мөн хотын даргын зүгээс нийслэл хотод иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангахын тулд харьяа алба хэлтсийн удирдлагууд биечлэн анхаарч ажиллахыг анхаарууллаа. Дашрамд дүүргийн удирдлагууд сонгууль гээд ажлаа огт хийхгүй байгаа тал дээр шүүмжиллээ.

Дашрамд дурдахад дээрх үүрэг чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж, нийтийн зэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан, олон жил хогондоо дарагдсан хашаа, хаалтууд цэгцлэх, чөлөөлөх ажлыг эрчимжүүлэн зургаадуугаар сарын 01-ээс өмнө дуусгахаар ажиллаж байгаа аж. Зөвшөөрөлтэй мөртлөө хогондоо дарагдсан олон жил барилгын суурь ухаад орхисон аж ахуйн нэгжүүдэд анхааруулга, шаардах бичиг хүргүүлэн яаралтай цэгцлэх, арга хэмжээ авахуулах тал дээр ажиллаж байгаа хэмээн мэдээллээ.

Түүнчлэн НЗД-ын захирамжийн хүрээнд долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлийг илрүүлэн, арилгуулсан байна.

Arslan.mn

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв.

Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1311 арга хэмжээг төлөвлөж, 100 хувиар биелүүлэн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Хот нийтийн аж ахуй, инженерийн хангамжийн байгууллагуудад өдөр тутамд удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

2019-2020 оны өвөлжилтийн болон халаалтын улиралд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 15957 аж ахуйн нэгж, 224690 айл өрхийн хэрэглэгчдийг 7,382.0 мян.Гкал ачаалал бүхий дулааны эрчим хүчээр найдвартай ханган ажилласан байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 98 нам даралтын халаалтын зуух, 133 барилга байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбожээ. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, арчлалтын ажлын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, нийт 20 байршилд 24410 м3 лаг хагшаасыг цэвэрлэх, гаргалгаа хоолойн хэвийн ажиллагааг хангасан гэх зэрэг чиглэл бүрт олон ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэсэн гэдгээ Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Түүнчлэн нийслэлийн 2020-2021 оны өвөл инженерийн шугам сүлжээнд хүндрэл гарч болзошгүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нутгийн захиргааны барилгын судалгааг дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газраас гаргуулан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны инженерийн шугам сүлжээнд үзлэг хийсэн. Үүнээс инженерийн шугам сүлжээнд гэмтэл гарч өвөлжилт хүндэрч болзошгүй зарим сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гадна дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, дээврийн засварт шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг ерөнхий менежер Т.Гантөмөр зөвлөлийн гишүүдэд уламжлав.

Мөн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжийн хэрэгжилтийн тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Тэрбээр “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 100 кВт/ц-аас дээш хүчин чадалтай 177 халаалтын зуухнаас 30 аж ахуйн нэгжийн 47 халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд, 12 аж ахуйн нэгжийн 12 зуухыг цахилгаанд, 15 аж ахуйн нэгжийн 26 зуухыг хийн халаалтад, таван аж ахуйн нэгжийн 9 зуухыг Сэлбэ дэд төвийн дулааны станцад, 46 аж ахуйн нэгжийн 71 зуухыг сайжруулсан түлш, уур үйлдвэрлэгч 69 аж ахуйн нэгжийн 81 зуухыг мидлинг хэрэглүүлэх техникийн шийдлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэлээ. Мөн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлээр 8 заалт бүхий үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгсөний дагуу хийж хэрэгжүүлсан ажлын биелэлтийг танилцуулсан юм.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, танилцуулгатай холбоотой асууж тодруулах зүйлийг холбогдох албаны хүмүүсээс асуув. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Холбогдох бүх байгууллагууд цаашид Засгийн газрын 62 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Монфилтер” нэрийн 18 төрлийн 50 ширхэг агаар шүүгч хандивлав

Үндэсний үйлдвэрлэгч “Батжинбат-Индастри” ХХК-аас 18 төрлийн 50 ширхэг агаар шүүгчийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Тус компани нь “Монфилтер” нэрийн агаар шүүгчийн үйлдвэр, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж 10 сая төгрөгийг өмнө нь хандивлаж байсан юм.

Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян энэ үеэр илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Яаралтай УДШ-ийн Ерөнхий шүүгчийг өргөн мэдүүлэхийг чиглэл болгов

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр дээд шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулав.

Улмаар Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасны дагуу хамгийн олон жил ажилласан шүүгч Ч.Тунгалагт Дээд шүүхийн тамгыг үлдээлээ.

Цаг үеийн байдалтай холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг чиглэл болголоо.