Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногийн теле хичээлийн хуваарь

Теле хичээлийн ирэх 7 хоногийн хуваарийг хүргэж байна. 2020 оны тавдугаар сарын 25-29-ний хуваарь:

Categories
мэдээ нийгэм

Э.Оюунболдын шүүх хурал өнөөдөр болно

Үндэсний бөхийн түүхэн дэх магадгүй хамгийн ил тод, эзэн холбогдогч нь тодорхой допингийн хэргийн шүүх хурал өнөөдөр 14:00 цагт товлогдсон аж.

Үйл явдлыг эргэн сануулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн зүгээс “Баяр Наадмын зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 8-р тогтоол, сэргээшийн маргаан шийдвэрлэсэн Э.Оюунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах явцад хариуцагч талаас нэр бүхий Э.Оюулболдод унасан найман бөхийн (Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б. Цэдэнсодном, Улсын харцага Д. Анар, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын аварга Н.Батсуурь) эрх нь зөрчигдсөн учир тэдгээрийг татан оролцуулах мөн Э.Оюунболдын наадмын галд допингийн эсрэг төвөөс допингийн сурталчилгаа хийсэн эсэхийг тогтоож өгөөч” гэсэн хүсэлт ирүүлсэн тухай мэдэгдсэн.

Эдгээр хүсэлтийг нь шүүх байгууллага хянан, хэлэлцээд, актын биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуустал түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Баяр наадмын зохион байгуулах хорооны тогтоолтой холбоотойгоор гаргасан маргааныг түр хойшлуулсан юм. Харин өнөөдөр энэхүү допингийн хэргийн шүүх хурал болно.

Үндэсний бөхийн салбар хорооноос Э.Оюунболдоос авсан шээсний шинжилгээнд WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг зарласан юм. Тэрбээр тухайн үед “Б” сорьцын шинжилгээ өгөхөөс татгалзаж байсан бол одоо шинжилгээ дахин өгөх хүсэлтээ өгчээ. Угтаа бол бөхчүүд, тамирчид “А” сорьцын шинжилгээ гарснаас хойш 10 хоногийн дотор “Б” сорьцын шинжилгээгээ өгөх ёстой.

Categories
мэдээ нийгэм

Газраа бэлэн орон сууцаар сольсон 10 айл түлхүүрээ гардан авлаа

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн.

Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдолыг бууруулах ажилд бодитойгоор түлхэц үзүүлж буйгаараа онцлог юм.

Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин өмчилж буй газраа орон сууцаар сольж буй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэдэд байрных нь түлхүүрийг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар гардууллаа.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз орчмын 79 өрх айл нэгдэн өмчилж буй газраа орон сууцаар солих хүсэлт гаргасны дагуу үнэлгээний ажил хийгдэн өнөөдөр эхний 10 өрх ийнхүү шинэ байрны түлхүүрээ гардан авлаа. Тухайн хэсэгт 4.3 га газар чөлөөлөгдөж 270 гаруй иргэд орон сууцанд хамрагдаж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр иргэд хохирох явдал цөөнгүй гарсан. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд хотын удирдлагууд иргэдийг орон сууцжуулахад онцгой анхаарч ажиллаж байна.

Орон сууцжуулах боломжтой бүх боломж хувилбаруудыг судалж , иргэдийг хохироохгүйгээр түргэн шуурхай орон сууцтай болгох ажлуудыг санаачилан хэрэгжүүлж байна. Өмчилж байгаа газраа зах зээл дээр бэлэн орон сууцаар солих боломжийг нээж өгснөөр иргэдийн талархалтай хандаж байгаа. Цаашид түрээслээд өмчлөх болон орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцанд хамрагдаж чадаагүй хохирсон иргэдийг эдгээр төслүүдэд хамруулах болно” хэмээв.

Орон сууцны түлхүүрээ гардан авсан өндөр настан О.Цагаан “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 26 жил амьдарсан. Өөрийн мэдлийн газраа 3 өрөө байраар сольж байгаад баярлаж байна.Олон жил орон сууцанд орох бодолтой явсан ч боломж бүрддэгүй байлаа.

Өнөөдөр ингээд шинэ байрны түлхүүр гардаад сууж байхдаа гар минь чичирж баярын нулимс гарч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт гээд олон хүн ирж уулзаж байсан. Тэгээд л таг чиг болчихно. Хотын дарга газраа байраар сольж болох төсөл хэрэгжүүллээ гээд хотын албаныхан ирж уулзаад л төд удалгүй түлхүүрээ гардаад авчихлаа шүү дээ.

Төрийн минь буян дэлгэрч байг ээ. Ингээд гэр хороолол руугаа түлхүү анхаараад орон сууцаар газрын солиод эхэлбэл агаар хөрсний бохирдол хурдан буурна. Баярлалаа та бүхэндээ “ хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“НОСК” ХК-ийн зүгээс газрыг орон сууцаар солих ажлыг зохион байгуулахдаа инженерийн дэд бүтцээр хангагдах боломжтой гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй талбайд, газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлж байгаа юм.

Учир нь дахин төлөвлөлт нэрээр 4-5 айлын газрыг чөлөөлөөд 2 блок 200 гаруй айлын өндөр давхарын орон сууц барих бус чөлөөлсөн талбай дээр олон улсын стандартын дагуу нэг хүнд ноогдох ногоон байгууламж, автомашины зогсоол нь хүртээмжтэй, нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр зэргийг бүрэн шийдвэрлэсэн Орлогод нийцсэн ногоон орон сууцны хорооллыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хумхаа өвчний эсрэг эмүүд COIVD-19-өөс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй эсэхийг тогтоох судалгаа эхэлжээ

Эрүүл мэндийн яамнаас Баасан гараг бүрт дэлхий дахинд хийгдэж буй судалгаа, шинжилгээний тоймыг танилцуулж байгаа.

Өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн оролцож, тоймыг танилцууллаа.

Тэрбээр “Дэлхий дахинаа коронавируст халдвартай холбоотой судалгаа, шинжилгээний ажлууд эрчимтэй хийгдсээр байна. ДЭМБ-ын мэдээлсэнчлэн тавдугаар сарын 20-ны байдлаар коронавирусийн халдвартай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны нийт 20,275 өгүүлэл хэвлэгджээ. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд эрдэм шинжилгээний 120 гаруй байгууллага хамтарсан судалгаа, вакцин бүтээх туршилт, 1,621 эмнэл зүйн туршилт судалгааны ажил явагдаж байна.

ДЭМБ-аас вакцин бүтээх 120 гаруй ажлыг таван шалгуураар эрэмбэлэн дүгнэнэ гэдгээ илэрхийлсэн” гэлээ.

Судалгааны үр дүнгээс тоймлон хүргэвэл,

  • Их Британи, АНУ, Итали улсын эрдэмтэд 7-17 насны хүүхдүүдийн дунд коронавирусийн халдвартай холбоотой олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж илэрсэн талаар мэдээлсэн. Эдгээр хүүхдэд биеэр битүү тууралт гарах, хүзүү болон хоолойн булчирхай цочих, халуурах шинж тэмдгүүд илэрчээ. Энэ нь коронавирусийн халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа илэрч буй удааширсан хариу илрэл байж болно гэж эрдэмтэд үзсэн байна.
  • Коронавирусийн халдвар авсан 114 жирэмсэн эмэгтэйг оролцуулан 18 судалгааны ажил хийгдсэн байна. Халдварын улмаас эдгээр эмэгтэйн 91 хувь нь кесар хагалгаагаар төрсөн, 21.3 хувь нь хугацаанаасаа өмнө төрсөн боловч ураг эсэн мэнд төрсөн байна. Коронавирус эхээс урагт халдварласан тохиолдол бүртгэгдээгүй боловч төрсний дараах халдвараас сэргийлэх үүднээс нярайг эхээс тусгаарлахыг эрдэмтэд зөвлөж байна.
  • БНХАУ-ын Ланзоу их сургуулийн судлаачид коронавирусийн халдвар авсан 1,576 иргэний дунд хийгдсэн долоон төрлийн судалгаанд дүн шинжилгээ хийхэд өвчтөнүүдийн 21.6 хувь нь цусны даралт ихсэх, 9.7 хувь нь чихрийн шижин, 5.4 хувь нь зүрх судасны өвчин, 1.5 хувь нь амьсгалын архаг өвчтэй байсан байна. Коронавирусийн халдвар авсан иргэдийн биеийн байдал хүндрэх магадлал цусны даралт ихсэлттэй хүмүүсийн дунд 2.4 дахин, амьсгалын архаг хууч өвчтэй хүмүүст 2.5 дахин, зүрх судасны өвчтэй хүмүүст 3.4 дахин их байгааг тогтоожээ.
  • Ирак улсад коронавирусийн тархалттай үед нийгмийн сүлжээ иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Ингээд ард иргэдийн дунд сэтгэл түгшилт үүсгэж байсан нийгмийн сүлжээ нь фэйсбүүк хэмээжээ. Нийгмийн сүлжээ ашиглах цаг нэмэгдэх тутамд сэтгэл түгших хам шинж өндөр магадлалтай байгааг эрдэмтэд тогтоосон байна.

Дэлхийн улс орнууд коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Тэрбээр дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол өндөрт тооцогдож буй орнуудад ОХУ, Америк, Бразил, Итали, Испани, Герман, Турк улс багтсаныг мэдээллийн эхэнд онцлов.

Улс орнуудын халдварын тохиолдлыг харвал:

АНУ

Өчигдөр 22,000 гаруй шинэ тохиолдол, 1,400 шахам нас баралт нэмж бүртгэгдсэн.

ОХУ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8,800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэн, нийт батлагдсан халдвартай хүний тоо 317,000 гаруй болсон.

Бразил

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 18,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэн, нийт тохиолдлын тоо 310 мянга гаруй болсон. Мөн өдөр 118 нас баралт нэмэгдэж, нийт нас баралтын тоо 20 мянгыг давлаа.

Испани, Итали, Франц улсад шинэ халдварын тоо болон нас баралт өдрөөс өдөрт буурч байна.

Испани

Өчигдөр 48 нас баралт шинээр бүртгэгдсэн.

Итали

Өчигдөр 105 нас баралт бүртгэгдсэн. Тус улсад өдөрт шинээр бүртгэгдэж буй халдварын тоо 600 гаруй байгаа ба одоогийн байдлаар 60 мянга гаруй хүн коронавирусийн идэвхтэй халдвартай байгааг Иргэнийг хамгаалах газраас нь мэдээлсэн.

Франц

Өчигдөр 83 нас баралт бүртгэгдсэн. Эрчимт эмчилгээнд 1,745 хүн байгааг мэдээлсэн.

Япон

Тус улсын гурван мужид онц байдлыг цуцалсан. Учир нь 100 мянган хүн амд ногдох шинэ халдварын тохиолдол 0.5 хувиас бага болж буурсан, нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээний хангамж бүрдсэн гэж үзжээ. Таван муж улсад онц байдал нь хэвээр үлдсэн.

Сингапурт

Өчигдөр 448 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт 29,800 гаруй тохиолдол болов.

БНСУ

Өчигдөр 20 тохиолдол шинээр нэмж бүртгэгдсэн.

Categories
мэдээ нийгэм

СЕХ-нд 13 нам, дөрвөн эвсэл, 137 бие даагч баримт бичгээ хүргүүлжээ

Их Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчдын баримт бичгийг хүлээн авч дууссанаа Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг тавдугдугаар сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авч дуусжээ.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 13 нам, 4 эвслээс нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг, түүнчлэн 137 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш таван хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг КОВИД-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу зохион байгуулжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч 141 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр дөрвөн лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Халдвар илэрсэн хүн нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан.

Тавдугаар сарын 13-нд ирсэн оюутнуудын дундаас анх 55 тохиолдол илэрч байсан бол давтан шинжилгээнүүдээр нэмэгдэж, 57 тохиолдол болж байна.

Тандалтын зорилгоор 13 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт нийт 47 шинжилгээ хийгдсэний 27 нь Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч бол бусад нь аймгийн нэгдсэн эмнэлгэд тусгаарлагдаж байгаа иргэдийн давтан шинжилгээ юм.

Сайн мэдээ байна. Өнөөдөр дахин хоёр иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ. Хүмүүсийн эмчлэгдэж байгаа дундаж хугацаа 30-40 хоног байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдлээ

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Коронавируст халдвараар 5,181,000 хүн өвчилж 333,000 хүн нас барлаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд өвчлөл 103,000, нас баралт 4,000-аар нэмэгджээ.

ОХУ-д өвчлөл нэмэгдсээр байгаа учраас Увс, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэд онцгой анхаарлтай байж, амны хаалтаа тогтмол зүүн, гараа савандаж угаах, хүн хоорондын зайг 1.5-2 метр байхаар баримтлахыгзөвлөж байна. Мөн онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар битгий яваарай.

Сүүлийн 24 цагт шинээр гурван хүн ажиглалтад орж, 314 хүн тусгаарлах байрнаас гарнаар тугаарлах байруудад нийт 1,651 хүн байна.

ЗӨСҮТ өчигдөр хоёр зочид буудалд ариутгал халдваргүйтгэл хийсэн.

Өчигдөр найман байгууллага хамтран эрсдлийн үнэлгээг 8 дахь удаагаа хийж, хүн амын дунд халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

119 дугаар 224 дуудлага ирж, мэдээлэл зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнд гадаадын улсуудаас 10 иргэн холбогдлоо. Иргэдийн зүгээс бэлэн мөнгөний машин/АТМ/-уудыг ариутгах талаар санал ихээр хэлж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтаар өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт муу гарчээ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хийсэн хяналт шалгалтаар өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт муу байгаа цөөнгүй зөрчил илэрчээ.

Тодруулбал, тус газрын дансанд бүртгэлтэй 28 тээврийн хэрэгслээс 11-ийнх нь ашиглалтын хугацаа нь дууссан. Мөн хугацаа дуусаагүй зарим тээврийн хэрэгсэл нь 2016, 2017, 2018 оноос хойш эвдэрч, ашиглагдаагүй байна. Нэг ёсондоо хөрөнгийн ашиглалтыг сайжруулах менежментийн талаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас юу ч хийж ажиллаагүй байна гэсэн дүн гарчээ.

Энэ талаар өчигдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба танилцуулсан юм. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар тэрээр мэдээлсэн юм.

Хөрөнгийн ашиглалт, хамгаалалт муу байгаагаас гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүнсний худалдаа, үйлчилгээ явуулдаг түргэн үйлчилгээний цэгүүдэд цаг хэтрүүлэн ажиллах, дуу чимээ их, эрүүл ахуйн шаардлага, ариун цэвэр хангаагүй, зөвшөөрөлгүй зэрэг зөрчил дутагдал нийтлэг илэрчээ. Түүнчлэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойрон дахь орон сууцны тохижилт болон газартай холбоотой хэд хэдэн зөрчил дутагдал илэрчээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ Тяньжинь-Улаанбаатар ачааны шинэ чиглэл нээжээ

Тавдугаар сарын 20-ны өдөр Хятадын Тяньжинь боомтоос автомашин, аксессуар, хувцас, хүнсний бүтээгдэхүүн ачсан ачааны галт тэрэг Монгол улсын нийслэл Улаанбаатар хот руу хөдөлсөн талаар Синхуа агентлаг мэдээлжээ.

Энэ галт тэрэг нь Тяньжиньд 2015 онд Чөлөөт худалдааны бүс байгуулагдсанаас хойших Хятад-Европ чиглэлд тээвэрлэлт хийж байгаа анхны гал тэрэг болж байгаа юм байна.

Синхуа агентлагийн дамжуулснаар галт тэрэг 1583 км замыг таван өдрийн хугацаанд туулах аж.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн хоёр суманд ойн түймэр гарчээ

Архангай Жаргалант болон Булган сумын нутагт өчигдөр ойн түймэр гарсан байна. Тодруулбал,

  • Жаргалант сумын төвөөс баруун зүгт 50 км-т Асайт багийн “Өвөр чингэстэйн салхи муут” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 21-ний өдрийн 14:25 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
  • Булган сумын төвөөс зүүн зүгт 70 км-т Баянцагаан багийн “Олон нүүр” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 21-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Он гарснаас хойш тавдугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 14 аймгийн 56 суманд нийт 73 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн.

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 4,524 га ой, 95.941 га хээрийн талбай өртөж, 2 гэр, 4 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж нийт 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 8.5 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 34.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Иймд иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад:

  • Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
  • Ил задгай гал түлэхгүй байх,
  • Асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах,
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.